Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сар, Ангараг дээр мөөгөн байшин босно DNN.mn

НАСА агентлаг сар, Ангараг гаригийн гадаргуу дээр амьдрах боломжтой бааз бий болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ нь дэлхийгээс барилгын материал эдгээр гарг руу аваачих шаардлагатай гэсэн үг юм. Энэ бол найдвартай сайн арга боловч их зардалтай бас төвөгтэй ажил билээ. Иймээс эрдэмтэд дэлхийн байгалийн хиймэл дагуул болох саран дээр байгаа нөөцийг барилгын материал болгон ашиглах санал тавьж байв. Гэсэн хэдий ч энэ нь бас зардал орох төвөгтэй ажил. Тэгвэл эрдэмтэд огт өөр хувилбарыг санал болгожээ.

Энэ нь НАСА-гийн эрдэмтэд сар, Ангараг гариг дээр мөөг ашиглан хүмүүс амьдрах байшин барихыг санал болгосон явдал юм. Энэ арга нь эдгээр гариг дээр орон сууц барих ажлыг илүү хялбар, хямд болгох гэнэ. Бидэнд хэрэгтэй зүйл бол мөөгийг хүссэн хэлбэрээр ургуулах бэлэн бэлдсэн хүрээ, мицели гэх мөөгний бие ба ус юм. Судлаачдын үзэж байгаагаар энэ сонголт нь мөөгний бие болох мицел буюу багц утас шиг гуурснуудаас бүтэх биеийг ашиглан хүмүүст зориулсан байшинг “ургуулах нь сансрын нисгэгчид болон хүрээлэн буй орчинд ямар ч сөрөг нөлөө, аюул учруулахгүй байх давуу талтай юм байна. Калифорнийн Цахиурын хөндий дэх Эймес судалгааны төвийн хэсэг судлаачид НАСА агентлагаас хоёр сая ам.доллар авч мөөгөн байшин ургуулах төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ. Мөөгний мицели нь нимгэн утас(hyphae)-наас бүрддэг мөөгний ургах бие юм. Энэ нь шим тэжээлийг шингээх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бас нөхөн үржихүйн үйл явцад оролцдог.

Эрдэмтдийн үзэж байгаагаар зөв нөхцөлд мөөг нь нарийн төвөгтэй бүтэцтэй болж, нэлээд нягт материал үүсгэж чаддаг. Ялангуяа ус хангалттай бол тэд урьдчилан бүтээсэн хүрээний дагуу ургаж, байшингийн “хана” үүсгэж чаддаг ажээ. Энэхүү мөөгөөр “барилга барих” аргын нэг давуу тал нь дотор амьдрах хүн болон хүрээлэн буй орчинд ямар ч аюулгүй байдал юм. Мөн сансрын мөөгөн орон сууцыг гурван давхаргатай барих юм байна. Дээд хэсэгт нь цацраг туяанаас хамгаалах мөс, дунд хэсэгт нь ус шингээж, мөөг, сансрын нисэгчдийг хүчилтөрөгчөөр хангах фотосинтезийн процесс явуулах цианобактер байрлуулах ажээ. Хамгийн гадна тал нь хиймэл “хүрээ”-ний дагуу урган бий болох маш хатуу давхарга байх гэнэ.

НАСА төслийн эхний шатыг 2020 онд хэрэгжүүлэхэд зориулж хөрөнгө хуваарилсан юм байна. Түүнээс хойш судлаачид мөөгөнцөрт суурилсан био нийлмэл материалуудын олон тооны хослолыг боловсруулж, анхны стандартуудыг гаргаж, эдгээр материалыг гаригийн дуураймал нөхцөл дээр туршиж, тэдгээрийн ашиг тусыг (цацрагийн хамгаалалтыг оролцуулан) үнэлж, саран дээр мөөгөнцөр байшин бий болгох нарийвчилсан загварыг боловсруулжээ.

Өөрөөр хэлбэл, мөөгөөр барилгын гол материал болох янз бүрийн хэмжээ, хэлбэртэй блокуудыг гарган авч чаджээ. НАСА “Энэ хөтөлбөрийн гурав дахь шатанд ажиллах судалгааны баг “Сансрын барилгын” материалын шинж чанарыг илүү тохиромжтой болгоно” гэж тайлбарлав. Ойрын ирээдүйд тэд мөн дэлхийн тойрог замд энэхүү технологийнхоо анхны туршилтыг хийх боломжтой болно гэж найдаж байна. Энэхүү санааг зохиогчид олж авсан үр дүн нь дэлхий дээр бас ашигтай байж болно гэж тэмдэглэжээ. Жишээлбэл, мицелийг ашиглан усыг шүүж цэвэр ус гарган авах, ашигт малтмал олборлоход гардаг бохир усыг цэвэршүүлэх системийг бий болгоход ашиглаж болох аж.

Эрдэмтэд өмнө нь ирээдүйд сарны суурь оршин суугчид хэр хэмжээний ус шаардагдахыг тооцоолж байсан билээ. Тэдний үзэж байгаагаар 100 хүний ая тухтай амьдралыг хангахад жилд 100 гаруй сая литр ус шаардлагатай юм байна. Мөн энд “амьд байшин” ургуулахад нарны гэрлээс гадна ус чухал хэрэгтэй. Судлаачид энэ нөөцийг дэлхийн байгалийн хиймэл дагуул болох сарны гадаргуу дээрх мөсний ордуудаас шууд гаргаж авахыг санал болгож байгаа ажээ. Дашрамд дурдахад, мөөг нь амьтан, ургамал гэж салахын өмнөх үеийн дэлхийн эртний амьд организм юм. Ургамал байгаагүй тэр үед хүчилтөрөгч бага, нарны цацраг туяанаас хамгаалах азоны давхарга гэж байгаагүй учир мөөгнүүд нь хорт цацраг туяанаас маш сайн хамгаалагдсан байдаг. Чухамхүү энэ чадвар нь сар болон Ангараг дээр хүмүүст хэрэг болох маш чухал шинж чанар юм.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш 21.485 зам тээврийн осол бүртгэгджээ DNN.mn

Энэ оны эхний 9 сарын байдлаар 21,485 зам тээврийн осол бүртгэгдсэнээс явган зорчигч холбогдсон 1525 осол бүртгэгдэж улмаар 83 хүний амь хохирч, 1445 хүн гэмтсэн байна.

Мөн унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн тохиолдол 172 бүртгэгдэж 2 хүний амь хохирч, 170 хүн гэмтсэн байна.

Иймд ТЦА-наас явган зорчигчдыг зам тээврийн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцогчдыг зөв үйлдэлд уриалах зорилгоор “Ногоон гэрэл цагаан шугам” нөлөөллийн арга хэмжээг 2024 оны 10-р сарын 21-ээс 11 дүгээр сарын 22-ний хооронд зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдлага Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ DNN.mn

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 385 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойгоор нийслэлийн үе үеийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуурыг цэнгүүллээ.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлчүүддээ ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Одоогоос 385 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн “Өргөө” байгуулснаар Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 21 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшсан. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийн ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон билээ. Нүүдэлчин соёл иргэншилтэй бидний хувьд хотжих үйл явц маш хурдацтай явагдаж байгаагийн нэг тод жишээ бол Улаанбаатар хот юм. Улаанбаатар хотын хүн ам 1919 онд 100 байсан бол өнөөдөр албан ёсоор 1.8 сая гаруй, ирж буй зочид, гийчид, хүмүүсийг оруулбал 2 сая орчим хүн амтай мега хот болжээ. Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг, хандлага, бодлогын зорилтуудыг мега хотын стандартад нийцүүлж шинэчлэх хэрэгтэй. Тиймээс бид энэ удаагийн нийслэлийн ойг баяр ёслолын байдалтай тэмдэглэхээс илүүтэй нийслэл хотын өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх Улаанбаатар хотын богино, дунд, урт хугацааны зорилт, бодлогыг шийдвэрлэж өнгөрүүлнэ. Их хотынхоо хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө хамтдаа зүтгэе гэдгийг та бүхэнд уриалж байна” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижууллаа DNN.mn

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам, талбайг засаж тохижуулах зорилгоор тохижилтын ажлуудыг үе шаттай хийж байна.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн эцсийн автобусны буудлын 903 ам.метр талбайд нийтийн эзэмшлийн зам талбай бий болгох, явган хүний зам талбайн шинэчлэлт сандал, сүүдрэвч, хогийн сав байрлуулах, гэрэлтүүлэг суурилуулах зэрэг ажлыг хийж дууслаа. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Нутгийн их үйлс” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.   

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолж, Ерөнхийлөгч К.Токаев Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч К.Токаев Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм.

Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурна.

Ерөнхийлөгч К.Токаевын энэ удаагийн төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа болж байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Мөн ондоо манай улс Алматы хотод, Казахстан Улс 1997 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. Манай улсын Элчин сайдын яам одоо Астана хотноо байрлаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“What3words” апплейкшныг гар утсандаа татаж суулган, ашиглахыг зөвлөж байна DNN.mn

Иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, техник хэрэгсэл болон хувийн бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангах нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Мөн болзошгүй аюул, эрсдэл тохиолдсон үед 3 үгт хаяг буюу what3word-аар дуудлага, мэдээлэл өгөх боломжтой бөгөөд энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглахыг зөвлөж байна.

Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн өөрийн байгаа газрынхаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “what3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоож, цаг алдалгүй шуурхай мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлдэг юм гэж ОБЕГ-аас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно.

2024 оны аравдугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.


2024 оны аравдугаар сарын 30-наас 2024 оны арвэннэгдүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 11-р сарын 01-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 31-нд Алтайн салбар уулсаар, 2-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн хойд хэсгээр, 11-р сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев энэ сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. 

Ерөнхийлөгч К.Токаевыг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Б.Койшибаев болон албаны бусад хүн угтаж авлаа.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм.

Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурна.

Ерөнхийлөгч К.Токаевын энэ удаагийн төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа болж байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр улаан бар өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 29, Ангараг гариг. Билгийн тооллын 27, Харцага одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 7:33 цагт мандаж 17:39 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 02-нд нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зүүн хэсгээр, 05, 06-нд Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 11 дүгээр сарын 05, 06-нд Алтайн уулархан нутаг болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -4….-9 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -9….-14 градус хүйтэн, өдөртөө 0…-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус дулаан, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан байна. 11 дүгээр сарын 04-06-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 28, 30-нд ялимгүй хур тунадас, 11 дүгээр 02-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, 30-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан байна. 04-нөөс өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.