Categories
мэдээ энтертаймент-ертөнц

БНСУ-ын жүжигчин Хо Сун Тэ манай улсад ирнэ DNN.mn

Өдгөө 47 настай Солонгосын алдарт жүжигчин Хо Сун Тэ Монголд ирэхээр болжээ.

Энэ тухайгаа Threads дээр “Казахстан улсаар аялсныхаа дараа Монголыг зорино” хэмээн бичжээ

Тэрбээр Пусангийн үндэсний их сургуульд орос хэлний мэргэжлээр суралцаж, LG компанийн Орос дахь салбарын борлуулалтын албанд ажиллаж байжээ. Дараа нь Дэү усан онгоцны үйлдвэрийн төлөвлөлт, зохицуулалтын хэлтэст ажиллаж байсан. Одоогоос 13 жилийн өмнө 2011 онд 34 насандаа жүжигчний карьераа эхлүүлэхээр шийдэж, SBS телевизийн “Гайхамшигт сонгон шалгаруулалт” нэвтрүүлэгт оролцсон нь түүний жүжигчний замналын эхлэл болсон. Мөн 2016 онд “Сүүдрийн эрин” кинонд Ха Ил Су дүрийг бүтээснээр олны анхаарлыг татаж, 2021 онд Netflix-ийн “Тоглоомын дүрэм” цувралд Жан Док Су /101 дугаар/ дүрээр олон улсын хэмжээнд алдаршсан юм.

Б.НОМТ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Тэнгэрийн хүү” жүжгийг энэ сарын 23-нд ганц удаа толилуулна DNN.mn

2011 онд УДЭТ-ын тайзнаа анх амилсан “Тэнгэрийн хүү” жүжиг шинэ жүжигчдийн бүрэлдэхүүн, шинэтгэсэн найруулгаар өнгөрсөн сард үзэгчдийн хүртээл болсон.

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан бүтээж байсан энэхүү жүжиг тухайн ондоо “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шилдэг жүжгийн зохиолч, шилдэг найруулагч, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг эрэгтэй жүжигчин тэргүүтэй зургаан номинацад шалгарч, гран при шагнал, оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг “Мөнгөн мод” ёслолын ажиллагааны шилдэг бүтээлийн цомыг хүртсэн юм.

Жүжгийн гол дүр Модун Шаньюйд жүжигчин Б.Шинэбаяр сонгогдсон бол Түмэн Шаньюйгийн дүрд жүжигчин М.Түвшинхүү, Могол хатны дүрд гавьяат жүжигчин Ж.Оюундарь зэрэг УДЭТ-ийн гурван үеийн уран бүтээлчид “Тэнгэрийн хүү” жүжигт оролцож байна.

Зохион байгуулагч: Улсын драмын эрдмийн театр

Зохиолч : МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэх

Найруулагч : Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар

Ерөнхий продюсер : УГЗ Д.Цэрэнсамбуу

Ерөнхий зураач : УГЗ Т.Ганхуяг

Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч : СТА Г.Ган-Очир

Жүжгийн дүрүүдэд :

• Модун Шаньюй – СТА Б.Шинэбаяр

• Түмэн Шаньюй – СТА М.Түвшинхүү

• Могол хатан – МУГЖ Ж.Оюундарь

• Шунхуй хатан – СТА Г.Отгонцэцэг

• Лүүсүү Ван – СТА О.Гэрэлсүх

• Их зайран – СТА Ж.Пүрэвдорж

• Арваадай хун тайж – СТА Т.Сэргэлэн

• Шагэ гүнж – СТА Т.Хулан

• Шива хатан – залуу жүжигчин А.Номин-Эрдэнэ

• Аргун баатар – залуу жүжигчин И.Дашнамжил

• Бүни гүнж – залуу жүжигчин Ц.Цэлмэг

• Олны хэсэгт – залуу уран бүтээлчид болон Соёл урлагийн их сургуулийн оюутнууд

Жүжгийн тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 40-180 мянган төгрөгийн үнэтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголыг зохион байгуулна DNN.mn

Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль, журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг parliament.mn цахим хуудсанд байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатны хүрээнд ажилласан.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж Улсын Их Хуралд санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан.

  1. С.Энхбаатар
  2. М.Алтан-Очир

Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 2 иргэнтэй хийх “ТОМИЛГООНЫ СОНСГОЛ”-ыг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын төлөөлөл “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17.00 цагаас өмнө galsanbatb@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Утас: 51-267155

Бүртгэлийн хуудсыг эндээс татаж авна уу

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ-ыг олон улсын шалгалтын оноогоор дүйцүүлэх боломжтой DNN.mn

Оноо дүйцүүлэх хүсэлтийг энэ сарын 25-ныг хүртэл хүлээн авна

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн мэдлэг, чадварын түвшин тогтоох элсэлтийн ерөнхий шалгалтыг  2022 оноос жилд хоёр удаа зохион байгуулж байна. Тодруулбал, 2024 оны өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 5-8-ны өдөр зохион байгуулагдах юм. Тэгвэл элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүйгээр их, дээд сургуульд элсэх боломжийг олон улсын дүйцүүлэх шалгалт мөн  олгодог билээ. Өөрөөр хэлбэл, БШУЯ-ны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 тоот тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын зургаадугаар бүлэгт заасны дагуу гадаадын улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуульд оюутан элсүүлэх “Элсэлтийн шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэхийг заажээ. Тэрхүү олон улсын шалгалтад Кембрижийн АS /advanced subsidiary/, A /advanced/, болон IB /international baccalaureate/ түвшний хөтөлбөр мөн IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foreign Language/, SAT /Scholastic Aptitude Test/ зэрэг нь багтах юм.

Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлэх ажээ. Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг тухайн жилийн ЭШ эхлэхээс хамгийн багадаа ажлын 15 хоногийн өмнө “Боловсролын үнэлгээний төв”-ийн www.eec.mn сайтад орж “Элсэлтийн шалгалт” цэсээс  “Дүйцүүлэх”  сонголтыг хийж, ЭШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч холбогдох мэдээлэл болон материалаа зааврын дагуу оруулан хүсэлтээ цахимаар ирүүлдэг. 2024 оны өвлийн элсэлтийн шалгалтад олон улсын шалгалтын дүн, оноо дүйцүүлэх хүсэлтийг арваннэгдүгээр сарын 25-ны 18:00 цаг хүртэл хүлээн авахыг “Боловсролын үнэлгээний төв”-өөс мэдэгдээд байна.

 

Дүйцүүлэх оноо нь гэрчилгээ авсан өдрөөс хойш хоёр жил хүчинтэй

 

Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт гаргаж буй оюутан, суралцагч нь ерөнхий боловсролын сургуулийг төгссөн эсвэл төгсөх ангид суралцаж буйг нотлох баримт бичигтэй байна. Олон улсын шалгалтад хамрагдаж, үнэлүүлсэн нь сертификатаар баталгаажуулна. Мөн энэхүү дүйцүүлсэн оноогоор зөвхөн Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцах эрхтэй юм.

Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын хэмжээст оноонд дүйцүүлэх ажлыг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага хариуцан гүйцэтгэнэ. Үнэлгээ дүйцүүлэх хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэж, үнэлгээг дүйцүүлсэн “Батламж хуудас”-ыг цахимаар олгодог.

Олон улсын шалгалтад авсан үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхдээ хэмжээст оноо /CEEB/, амжилтын чанарын индексээр тооцож гаргана. Тухайн жилийн хичээл тус бүрийн амжилтын чанарын индексийг тархалтын мужид шилжүүлэн тухайн харгалзах мужийн дээд хэмжээгээр нь тооцох юм. Элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэхдээ сүүлийн хоёр жилийн дотор олгогдсон олон улсын шалгалтын сертификат, дүнгийн хуудсыг үндэслэнэ. Мөн дүйцүүлсэн оноо нь олон улсын шалгалтад хамрагдаж, сертификат, гэрчилгээ авсан өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна.

 

Шалгалтын оноог хэрхэн дүйцүүлж, тооцох вэ

 

Дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн шалгалт нь бүрэн дунд боловсролын төгсөлтийн шалгалттай нэгдмэл авдаг гадаадын ахлах сургууль төгссөн болон энэ журмын 6.1-д зааснаас бусад олон улсад хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээтэй оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог элсэлтийн шалгалтын дүн, оноонд дүйцүүлэхэд дараах зарчмыг баримтална. Үүнд:

 

 

Элсэлтийн шалгалт A A- B B- C C-
Гүйцэтгэлийн хувиар дүйцүүлбэл 90-100% 80-89% 70-79% 60-69% 50-59% 40-49%

 

Элсэлтийн шалгалт A A- B B- C
Тоон үзүүлэлтээр

дүйцүүлбэл

5 4.5 4 3.5 3

 

 

Кембрижийн олон улсын шалгалт:

АS түвшин a /90-100/ a /80-89/ b c d
Элсэлтийн шалгалт A A- B B- C

 

А түвшин А* А B C D
Элсэлтийн шалгалт A A A- B B-

 

Олон улсын бакалавриат (IB) хөтөлбөрийн стандарт түвшин:

IB /SL-стандарт түвшин/ 7 6 5 4
Элсэлтийн шалгалт A- B B- C

 

Олон улсын бакалавриат (IB)  хөтөлбөрийн ахисан түвшин:

 

IB /HL-ахисан түвшин/ 7 6 5 4
Элсэлтийн шалгалт A А- B B-

 

TOEFL, IELTS болон PTE шалгалт /оноогоор/:

 

Элсэлтийн

шалгалт

A A- B B- C C-
TOEFL /IBT/ 102-120 94-101 79-93 60-78 46-59 35-45
IELTS 7.5-9 7 6.5 6 5.5 5
PTE 76-89 66 56 46 36 29

 

SAT шалгалт:

 

Элсэлтийн шалгалт A A- B B- C C-
SAT 800 750 700 650 600 550

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ: Нэг супер азтан шалгарлаа DNN.mn

НӨАТ-ын И-баримт сугалааны азтанууд тодорлоо.

2024 оны 10-р сарын 01-ээс 10-р сарын 31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримтуудаас азтанууд тодорлоо.

Хонжворын тохиролд 52454521 дугаар гарч ирсэн юм.

Сүүлийн 3 орон таарсан 42890 азтан
Дөрвөн орон таарсан 4294 азтан
Таван орон таарсан 441 азтан
Зургаан орон таарсан 38 азтан
Долоон орон таарсан 3 азтан
Бүх орон нь таарсан буюу НЭГ СУПЕР АЗТАН шалгарлаа.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн болон хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг арилгах технологийн шийдэл боловсруулах ажлын хэсэг хуралдав DNN.mn

Хуулийн болон хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг хиймэл оюун ухаан ашиглан арилгах шийдэл боловсруулж, нэвтрүүлэх ажлын хэсэг өнөөдөр (2024.11.20) албан ёсоор анх удаа хуралдаж, хууль тогтоомж, захиргааны акт, эрх зүйн баримт бичгийн сан бүрдүүлж ажилладаг байгууллагуудын мэдээллийг сонсож, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах чиглэлээр өмнө хийгдсэн ажлууд, цаашид авах арга хэмжээ, тэдгээрийн дараалал, төлөвлөлтийн талаар хэлэлцлээ. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Б.Энхбаяр нар ажиллаж байгаа бөгөөд албан бусаар олонтаа хуралдсан талаар ажлын хэсгийн ахлагч Ч.Анар хуралдааны эхэнд тайлбарласан юм.

Хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах ажил 1996 оноос эхэлсэн нь энэ талаарх шийдвэрүүдээр нотлогдож буйг ажлын хэсгийн ахлагч Ч.Анар танилцуулаад, гэвч олон суурь асуудлаас шалтгаалан бүрэн гүйцэт шийдвэрлэгдээгүй байна гэсэн юм. Түүний мэдээлснээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 924 хууль тогтоомж, Улсын Их Хурлын 3397 тогтоол, 3007 захиргааны хэм хэмжээний акт, 13173 эрх зүйн баримт бичиг байна. Хууль тогтоомжийн тухай хуульд Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн нэгдсэн санг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэх, хууль тогтоомжийг системчлэх ажлыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар, мөн хууль тогтоомжийн албан ёсны эхээс хуулбарласан хувийг холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар, хүргүүлсэн хувийг хүлээж авч хууль тогтоомжийн санг бүрдүүлэх ажлыг тухай төрийн байгууллага зохион байгуулахаар тус тус заасан байна. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Ч.Анар дурдаад, хуралдаанд хууль тогтоомжийн сан бүрдүүлэн ажиллаж байгаа голлох байгууллагууд болох Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний үндэсний хүрээлэнгийн төлөөлөл, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга, доктор Н.Нарангэрэл оролцож байгааг танилцуулав.

Улсын Их Хурлын Тамгын газарт хуулийн төсөл боловсруулах үе шатанд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудтай нийцэж байгаа эсэх, давхардал, хийдэл байгаа эсэх талаар эрх зүйн дүгнэлт гаргадаг бөгөөд батлагдсан хууль тогтоомжийн кодификацийг цаасан болон цахим хэлбэрээр хийж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх хяналтын самбар (dashboard) үүсгэж, мөн чатбот нэвтрүүлэн туршиж байжээ. Мөн Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд виртуаль ажилтан ажиллуулж, олон давтагддаг асуултуудад автоматаар хариулт өгөх туршилтыг явуулж байна.

Хуулийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам хүчин төгөлдөр хууль тогтоомжийн нэгдсэн сангийн хэвийн үйл ажиллагааг хариуцаж буй боловч зарим төрлийн эрх зүйн акт уг санд бүртгэгддэггүй байна. Хууль тогтоомжийн цахим сан болох www.legalinfo.mn санд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх болон дээрх байгууллагууд гэсэн нийт долоон байгууллага шийдвэрүүдээ оруулж байгаа ч нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосноос бусад актууд бүрэн орохгүй байгаа ажээ.

Хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлахаас долоо хоногийн өмнө Хэлний бодлогын Үндэсний зөвлөлд хянуулахаар ирүүлдэг нь ихээхэн ачаалал үүсгэж байгааг тус Зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл дурдаад, хууль тогтоомжийн нэр томьёоны дотор гадаад үг 10 хүртэлх хувийг эзэлж байгаа нь аюултай түвшин болохыг тэмдэглэлээ. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан Хуулийн хэлний салбар зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэж байгуулан ажиллуулах болсныг тэрбээр мэдээлсэн юм.

Хууль, хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг технологийн дэвшил ашиглан шийдвэрлэхийн тулд дата баазын болон бусад холбогдох судалгаа, мэдээллийг нэгтгэх, улмаар бодлогын үзэл баримтлал, аргачлал болон шийдлийг тодорхойлж ирэх онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэсэн цаглавартай байгааг ажлын хэсгийн ахлагч Ч.Анар танилцуулж, уг ажлыг хиймэл оюун ухаан ашиглан хэрэгжүүлэхийн тулд уг технологийг хэрэглэх цар хүрээ, хэм хэмжээ, ёс зүйн болон бусад хязгаарлалт гээд олон асуудлыг хуульчлан шийдвэрлэх шаардлага гарна гэдгийг онцолсон юм.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг ажлын хэсгийн эдгээр өргөн хүрээтэй ажлыг эмх цэгцтэйгээр авч үзэхийг тулд хуулийн болон хэл шинжлэл, мэдээллийн технологийн эрдэмтэн, судлаачдыг татан оролцуулах, дэд ажлын хэсгүүдийг байгуулж ажиллуулах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлэв.

Дээрх мэдээллүүдийг нэгтгэн дүгнээд ажлын хэсгийн ахлагч Ч.Анар технологи ашиглан хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгахтай холбоотой Хэлний бодлогын зөвлөлийн санал, чиглэлийг боловсруулж ирүүлэх, уг асуудалд холбогдох байгууллагууд тус тусын санал дүгнэлтийг ирүүлэхийг даалгавар болгов. Мөн хэлний зүйн болон хуулийн хэлний, кодификацын, эрх зүйн хэм хэмжээний дэд ажлын хэсгүүдийг байгуулах санал боловсруулахыг ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигт даалгалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сурагчдын I улирлын амралт ирэх сарын 23-наас эхэлнэ DNN.mn

Боловсролын сайдын 2024 оны долдугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан.

2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-V анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног тус тус хичээллэх юм. Тэгвэл сурагчдын  I улирлын амралт хэзээнээс эхлэх талаар мэдээллийг танилцуулахад,

I улирлын амралт: 

Нийслэл:

Бага I-II анги: 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал

Бага III-V анги: 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал

Дунд анги: 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал

Ахлах анги: 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал

 Орон нутаг:  

Бага I-II анги: 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг  дуустал

Бага III-V анги: 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг дуустал

Дунд анги: 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг дуустал

Ахлах анги: 2025 оны нэгдүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдийг дуустал үргэлжлэх юм.

Categories
мэдээ

Нарансэвстэйн боомтын асуудал улстөрчдийн мөн чанарыг харуулж байна DNN.mn

Говийн Их Дархан цаазат газарт Нарансэвстэйн боомтыг нээх гэж зарим улстөрчид ихээхэн улайрч байна. Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Нарансэвстэйн боомтыг сэргээнэ, нээнэ” гэсэн дөрөвхөн үгтэй заалт орж ирснийг АН-ынхны чигтэйгээс оруулж ирсэн гэсэн яриа бий. Үе, үеийн улстөрчид Говийн их дархан цаазат газарт, торгон хил дээр байх алтны нөөц рүү үргэлж санаархсаар ирсэн. Мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг гарч байж, үнэхээр боломжгүй ээ гээд зогсоож ирсэн ч, байж байгаад л энэ асуудал босч ирдэг. Хил дээр шахам байдаг Талын Мэлтэс алтны уурхайн ашиг сонирхол байнга байдаг гэж олон нийт харддаг. Наанаа тийм асуудал байхгүй гэж эхлээд тусгай хамгаалалтаас гаргаж байгаад дараагийн шатанд лиценз олгоод явчихдаг арга барилыг нь ард түмэн мэддэг учраас арга ч үгүй болов уу.

Улстөрчдөд нэг ийм арга байна. Бүр юу ч болоогүй мэт худлаа зүйлийг үнэн мэт яриад сурчихжээ. Эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагч нар баримт нь энэ байна аа гээд байхад тийм зүйл байхгүй ээ гээд жишим ч үгүй хэлээд сурчихаж.

Алт руу алхам ч орохгүй зөвхөн Говь-Алтай аймгийнхаа хөгжлийн төлөө энэ боомтыг нээх хэрэгтэй байна, хөгжлөөрөө бусад аймгуудаас хоцроод байна гэх О.Амгаланбаатар арван жил энэ аймгийг удирдаж байгаад сая УИХ-д орж ирсэн нэгэн. Хэрэв хөгжлөөрөө аймгуудаас ард давхиж байвал асуудал түүнд л байсан байна. Тэр сайн ажиллаагүй байна. Гэвч тэгж огт бодолгүй боомт нээгдээгүйгээс болж аймгийнх нь иргэд ядруу байна гэж тэр ярина. Бургастайн боомтоо хөгжүүлээд аваад явбал Алтай хотоос 660 км-ийн зайд цоо шинэ боомт нээнэ гэж явахаас 330 км-ийн зайд байгаа хуучин нь илүү хэрэгцээтэй л байх.

“Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулна” гэж хэвлэлийн хурал ордонд зарлаад Нарансэвстэйн боомтыг нээх хэрэгтэйг батлахаар сэтгүүлчдийг дагуулаад явья, үзүүлье гээд урилга өгөөд байсан тэрбээр 30-аад сэтгүүлч дагуулаад дархан цаазат газар руу явсан. Одоогоос хэдэн жилийн өмнө ч энэ аргаа хэрэглэж байсан. Хэвлэлийнхний зардлыг дааж, томилолт өгч авч явдаг аргатай. “Нутагтаа хайртай хүн надаас өөрийг олохгүй биз” гэдэг мөртлөө говийн хөрсөө Ангарагийн газар шиг арзайсан газар гэдэг хүн л дээ. Одоо ч урьдынхаа аргаар ургамал ургадаггүй хэсэгхэн газарт очиж сэтгүүлчдийг бууж суулгаад зураг дүрс авахуулах биз, гэтэл бүхэлдээ Алтайн өвөр говийн ургамал, заган ой, ховор ургамлууд нь Монголын төдийгүй дэлхийд ховор судлагдахуун гэдгийг эрдэмтэд онцлоод л байгаа юм. Угаасаа эрдэмтэн судлаачид Засгийн газрын энэ болчимгүй заалтын талаар сүүлийн хоёр сар амаа чилтэл ярьж байгаа ч чичирсэн улстөрчид юуг ч анзаарахгүй байна л даа. Гэхдээ их говийн амь, амьсгалтай холбоотой энэ асуудал улстөрчдийн мөн чанарыг их харуулж байна. Боомтын сайд Б.Тулга Монголын сайд юм уу, Хятадын сайд юм уу гэдэг нь мэдэгдэхээ байсан. Бургастайн боомт Шинжаан Уйгуртай хиллэдэг, Шивээхүрэнгийн боомт Өвөрмонголын өөртөө засах оронтой хиллэдэг. Хятадын дотоод мужтай хиллэхийн тулд Нарансэвстэйн боомтыг нээх хэрэгтэй гээд зогсч байгаа Монгол Улсын сайд байх юм аа бас. Дотоодын тээвэр, татвар хураамжаасаа зугатаж яг өөрийнхөө үүдэнд нүүрс аваачих гэж байгаа Ганьсу мужийн эрх ашиг Монголын эрх ашгаас давна гэхээр харамсалтай. Тэр дундаа байгаль орчны дэд сайдын албыг хашиж байсан хүн шүү дээ. Мазаалай, хавтгай бол асар үргэмтгий, гадны парк шиг амьтдаараа үзмэр хийх боломжгүй, говийн эмзэг экосистемийг мэдэхийн дээдээр мэддэг хүн байж, говийн сайхныг бүгдээрээ үзэх хэрэгтэй хэлж чадаж байгаа нь улстөрчдөд увай гээч зүйл алга болсныг харуулж байна.

Бас нэг нь Д.Пүрэвдорж гишүүн. Анх энэ боомтын талаар хөндөж, БНХАУ-ын элчин сайдтай уулзсан мэдээ нь МОНЦАМЭ-гийн хятад хэлээр гардаг сайт дээр мэдээлэгдэж, дараахан нь боомт нээх тогтоолын төсөл санаачилсан талаараа хэвлэлд ярилцлага өгч байсан.

АН-ын бүлгийн хэвлэлийн хурал дээр одоогийн байдлаар энэ тогтоолын төсөл дээр 17 гишүүн гарын үсгээ зурсан гэж тэр мэдэгдэж байсан бол зарим гишүүн нь тогтоолын төсөл биш харин боомт нээх судалгааны ажил хийлгэх тухайд Д.Пүрэвдорж гишүүн гарын үсэг зуруулсан. Байгаль орчинд халтай асуудлыг дэмжихгүй гээд эхнээсээ ухраад эхэлчихсэн.

Нарансэвстэйн боомтыг ирэх оны нэгдүгээр сараас эхлээд нээх тогтоолын төсөл УИХ-д оруулах гэж байгаа Д.Пүрэвдорж гишүүн сүүлдээ МАН-ын лидер, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ эрх ашгийн цаана байгаа гэж мэдэгдээд “хань” татчихсан байгаа. УИХ-ын дэд дарга Д.Пүрэвдорж “Гишүүд УИХ-ын тогтоолын төсөлд гарын үсэг зурсан. Судалгааны ажилд гэж хэлж гарын үсэг зуруулаагүй. Тэгэх шаардлага байхгүй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй 17 гишүүн гарын үсэг зурсан. Энэ ажилтай холбоотой бүх бичиг баримт УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд байгаа. Түүнээс дэлгэрэнгүй асуух нь зүйтэй” гээд УИХ-ын даргаа бариад өгчихсөн байгааг хэвлэлийн хуудаснаас харж болно.

Олон улсын гэрээ конвенциуд, дотоодын хүчин төгөлдөр хууль тогтоомжуудыг зөрчин байж, энэ боомтыг нээж, дэлхийн чухал өв болсон Говийн Их Дархан цаазат газрыг сүйдлэх гэж байгаагийн цаад учир юу вэ. Ганьсу мужийнханд өгсөн амлалт уу, Талын Мэлтсийн алт уу. Өөр учир шалтгаан байна уу.

Сум орон нутгийн иргэдээс боомт дэмжсэн гарын үсэг цуглуулж байж, аймгийн засаг даргаар батламжлуулж ажлаа хийх эрхээ олж авах зовлон саяхан сонгогдсон сумдын дарга нарт тулгараад байна. Уг нь иргэдийн өмнөөс төлөөлөн ажиллах ёстой энэ хүмүүс О.Амгаланбаатарын залгамжлагч аймгийн даргаар батламжуулах ёстой учраас хүссэн гарын үсгийг нь олохоор иргэдтэйгээ тулах л байх.

Уг нь хууль хэрэгждэг оронд бол нэгэнт гэрээ конвенц, хууль тогтоомж нь байхад санаа зовохгүй байж болох ч олон нийт олон мэдээлэл дундаас юу үнэнийг ялгах боломжгүй байгаа учраас худлыг ч нүдээ цавчихгүй ярьдаг улстөрчид худлааг ярьсаар хол явж чаддаг болжээ.

э.түвшин

 

Categories
мэдээ нийгэм

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина DNN.mn

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны долдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байна. Хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний хомсдолыг нөхөх зорилгоор гадаадын иргэдийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхэд уян хатан бодлого баримталж байна.
Тухайлбал, гадаадын ажилтан авах бодлогод эдийн засгийн үйл ажиллагааны бүтээмж өндөртэй уул уурхай, олборлолт, мэдээлэл холбоо, санхүү даатгал, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбаруудад гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаартай тогтоох, дотоодын ажиллах хүчнийг эдгээр салбарт түлхүү ажиллуулахыг дэмжих нь зүйтэй. Харин барилга, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын салбарт гадаад ажилтны тоо, хувь хэмжээ, ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг Засгийн газар тогтоож өгөх шаардлагатай гэж үзэж байна.
Мөн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд “Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш ажлын 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй.” гэж заасан. Хуульд заасан дээрх хугацаа нь улирлын чанартай бүтээн байгуулалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад гадаад ажилтан урих үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд хүндрэл учруулдаг асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар гадаад ажилтан авч ажиллуулах ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж  байгууллага, хөрөнгө оруулагчид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ажлын байрны төлбөрөөс хөнгөлүүлж, чөлөөлөгдөж, зардал хэмнэгдэх, ажиллах хүчний хомсдолоос богино хугацаанд гарах, бизнес эрхлэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЗГ: “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Монгол” нэгдлээс хэрэгжүүлсэн манлайлал, засаглал, нэгдлийн үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах тогтолцооны шинэчлэл, Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
“Эрдэнэс Монгол” нэгдэл засаглал, үйл ажиллагааны менежментээ сайжруулж тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2023 онд 599.6 мянган тонн зэсийн баяжмал, 35.1 сая тонн нүүрс олборлож, борлуулалтын орлого 14.9 их наяд, цэвэр ашиг 4.5 их наяд төгрөгт хүрч, улс болон орон нутгийн төсөвт 4.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Энэхүү амжилтын үр дүнд гадаад валютын албан нөөцийн 77 хувь буюу 3.6 тэрбум ам.долларыг Монгол банканд төвлөрүүлж, нэгдлийн толгой компани 200.0 тэрбум, нэгдлийн хэмжээнд 394.0 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулжээ.
Нэгдлийн үйл ажиллагаа сайжирч, санхүүгийн үзүүлэлт дээшилсэн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломжийг бүрдүүлж тус компанийн 2022, 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилсан.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хангах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх замаар иргэдэд тэгш, шударга хүртээх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх үзэл санааг хэрэгжүүлэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулсан нь Монгол хүн баялагтаа эзэн байх хууль эрх зүйн үндсийг бүрдүүлсэн төдийгүй “Эрдэнэс Монгол” нэгдлийн эрхзүйн байдал, тогтвортой үйл ажиллагааг явуулах эрхзүйн үндсийг бий болгосон юм. Хуулийн хэрэгжилтийн хангуулж 2024 онд “Эрдэнэс Монгол” нэгдэл 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлснээр 10,000 айл өрх орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлсэн. “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх дараагийн цогц шинэчлэлийн реформыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Танилцуулгатай холбогдуулан,
Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит уул уурхайн компанийн засаглал, үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах замаар хуримтлалын санд ногдох орлогыг нэмэгдүүлэх, эрдэс баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээхэд чиглэсэн цогц шинэчлэлийн реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллах,
“Ган үйлдвэрлэлийн цогцолбор”, “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор”, “Нүүрс-химийн цогцолбор”, “Жонш боловсруулах цогцолбор”, “Кокс-химийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг эрчимжүүлэх,
Үйлдвэрлэл технологийн паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэрэгжүүлэх үйлдвэрлэл технологийн зургаан паркийг оруулах зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.
Мөн экспортыг эрчимжүүлэх, гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” нэгдэлд Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн эзэмшлийн ачааны вагоны хуваарилалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.