Categories
мэдээ нийгэм

Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа DNN.mn

Санхүү, эдийн засгийн их сургуулийн 100 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, худалдаа, эдийн засаг, санхүүгийн салбарын хүний нөөцийг бэлтгэх болон дээд боловсролын салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж, тус сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Тэр бээр эрдэмтэн багш, судлаачид, ажилтан, албан хаагчид, оюутнууд болон үе үеийн төгсөгч нарт түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүллээ.

1991 онд Санхүү, эдийн засгийн техникумын суурин дээр байгуулагдсан Эдийн засгийн коллеж нь зах зээлийн эдийн засгийн боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэж, сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, оюутан, төгсөгчид нь Хөрөнгийн бирж, хоёр шатлалт банкны тогтолцоо, татвар, гааль,  даатгал бизнес зэрэг зах зээлийн эдийн засгийн суурь тогтолцоог хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.

Цаашид эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа ханган бэхжүүлэхэд үндэсний чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, шинжлэх ухаан,  технологи, инновацад суурилсан дээд боловсролыг хөгжүүлэхэд Санхүү, эдийн засгийн их сургууль манлайлж ажиллана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Санхүү, эдийн засгийн их сургууль нь дээд боловсролын салбарт түүчээлэгч байж, нийгмийн салбарын хувьчлалын үлгэр жишээ болон сайн засаглалыг бэхжүүлж, их сургуулийн хөгжлийн шинэлэг загварыг 30 гаруй жилийн турш хэвшүүлэн ажиллаж байна.

Мөн гадаадын их, дээд сургуулиудтай багш, оюутан солилцооны шинэлэг хэлбэрүүд нэвтрүүлэн, хамтарсан төсөл, судалгаа хийж, сургалтын хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлж, их сургуулиудын тогтвортой хөгжилд үзүүлж буй нөлөөллийн олон улсын эрэмбэлэлд орж чаджээ.

Тус сургууль анх 1924 онд хоёр багш, 40 суралцагчтай “Гаалийн түр сургууль” нэртэйгээр байгуулагдсан цагаас хойш худалдаа, эдийн засаг,  санхүүгийн салбарыг хөгжүүлэх, түүн дотроо үндэсний боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

1929 онд “Нягтлан бодохын жинхэнэ сургууль”, 1935 онд “Санхүүгийн техникум”, 1946 онд “Санхүү, эдийн засгийн техникум” болон өргөжиж, 1949 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байжээ.

Тус сургуулийг 55 мянга гаруй хүн, түүний дотор Ерөнхий сайд асан Цэнгэлтийн Жигжиджав, Юмжаагийн Цэдэнбал, Думаагийн Содном, Ринчиннямын Амаржаргал тэргүүтэй төр, нийгмийн олон арван зүтгэлтэн, гавьяатан, урлаг, соёл, утга зохиолын алтан үеийн алдартнууд, үндэсний болон олон улсын спортын дэвжээнд нэр алдраа дуурьсгасан олон аварга цолтон төгсөн гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Т.Гэрэлцэцэг: Урлагийн байгууллага хамтын оролцоотой хамтын хүч хөдөлмөрөөр босдог DNN.mn

Жил бүрийн аравдугаар сард Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын хамт олон улирлын нээлтээ нээдэг уламжлалтай. Уламжлал ёсоор 62 дахь нээлтээ П.И.Чайковский “Хунт нуур” балет, Ж.Верди “Риголетто” дууриар нээж үзэгчдэдээ тун саяхан бэлэг бариад удаагүй байтал залгуулаад Монгол Улсад орчин цагийн найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ой болох гэж байна. Ойн үеэр ‘Orchiestra Night II’ концерт болохтой холбогдуулан тус театрын СТА, удирдаач Т.Гэрэлцэцэгтэй уулзаж, шинэ уран бүтээл болон түүний ажил амьдралын талаар цөөн хором ярилцсанаа толилуулъя.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Туулайхүүгийн Гэрэлцэцэг гэдэг. 26 дахь жилдээ театртаа ажиллаж байна. Анх 17 настайгаасаа эхлэн балетын төгөлдөр хуурчаар ажлын гараагаа эхлээд хориод жил балетын төгөлдөр хуурчаар ажиллаж дэлхийн болон үндэсний гуч гаруй уран бүтээлд тогложээ. 2014-2018 оны хооронд СУИС-ийн удирдаачийн ангид суралцаж найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсөж удирдаачаар ажиллаж байна. Өнгөрсөн жил ОХУ-ын Улан Үдэ хотын дуурийн театрт хоёр ч удаа уригдаж “Дон Кихот” балетыг удирдсан.

-Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

-Бөмбөгөр ногоон театраас үндэсний шанз хөгжимчин эхлэлтэй миний эмээ Ц.Ханджав хийл хөгжимчнөөр дөчөөд жил ажиллаж тэтгэвэртээ гарсан ээж Ц.Дэлгэрмөрөн мөн хийл хөгжимчнөөр гучаад жил, аав Н.Туулайхүү ерөнхий удирдаачаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарч одоо СУИС-д багшаар ажиллаж байна. Нөхөр А.Өлзий-Орших балетын дасгалжуулагч багшаар, дүү Т.Оргилцэцэг флейт хөгжимчнөөр ажиллаж ингээд миний гэр бүл бүгд энэ театртай холбоотой. Дүү бид хоёр гурав дахь үе нь болж байна. Бага наснаасаа л аавынхаа дэргэд оркестрыг удирдаж байх үйл явцыг байнга харж суудаг байлаа.

Аав өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх шавь хайж байсан юм болов уу даа, надад удирдаачаар хичээллээд үзэх үү гэж анх санал тавихад нь чадах болов уу яадаг бол гэж их эргэлздэг л байлаа. Одоо бол эргэлт буцалтгүй удирдаач мэргэжилд татагдсан. Удам дамжсан урлагийн хүрээлэлд багаасаа өсөж урлагаар хүмүүжиж энэ мэргэжлийг сонгосон минь ийм учиртай. Бүх насаа сонгодог урлагт зориулсан эмээ, аав, ээжийнхээ үйлсийг залгуулаад өөрийн үр хүүхдүүдээ урлагаар хүмүүжүүлэх үйлсдээ шамдан ажиллаж явна.

-Удирдаач хүний ажил мэргэжлийн онцлогийн тухайд?

-Удирдаач мэргэжил бол хүнд мэргэжилд тооцогддог. Бүх талын мэдрэмж, анхаарал, сонсгол, биеийн хүлэмж, гарын хөдөлгөөн, хамт олныг удирдах гээд олон талын авьяас, биеийн эрүүл мэндийн хувьд чанга тэсвэр тэвчээрийг шаардана. Олон цагийн тоглолтыг зогсоогоороо удирддаг. Би голчлон балет удирдан тоглуулдаг. Дэлхийн болоод үндэсний хориод балет удирдан тоглуулсан байдаг юм. Театрын бүтэн жилийн тоглолтын 50 хувийг удирджээ. Ажлын ачаалал их. Нэг тоглолтоос нөгөө тоглолтын бэлтгэлд явсаар нэг мэдэхэд зун болж амралт эхэлдэг, намар нь дахиад л эхлэх ийм амьдралын тойргоор үргэлжилнэ.

Театр гэдэг ойлголт нэг хүний уран бүтээл биш, хамтын уран бүтээл юм.Урлагийн мэргэжил ганц хүн ажиллаж тоглодог биш, бие биеэсээ хамааралтай. Нэг л хөгжимчин дутуу байхад хөгжмийн дуугаралт доголдож сонсогдоно. Удирдаач хүн оркестрын бүх хөгжмийн дуугаралтыг мэдэрч чаддаг байхыг хэлнэ. Урлагийн хүмүүс бие биеэсээ хамааралтай. Урлагийн байгууллага хамтын оролцоотой, хамтын хүч хөдөлмөрөөр босдог. Удирдаач нь олон жилийн туршлага шаарддаг мэргэжил.

Тоглолтын турш ардаа 500 гаруй үзэгчтэй, урдаа оркестр гээд 50-70 гаруй хүнийг удирдан хоёр цаг гаруй хугацаанд зогсоогоор удирдана. Алдах, залхуурах эрхгүй ажил. Уран бүтээлдээ сэтгэл зүрхээ зориулдаг. Хөгжимчин нэг нотыг буруу тоглохыг андахгүй.Нотыг толгойндоо бүжигчид, дуучид хөгжимчдийг бүгдийг хянана гэсэн үг. Үүнээс үүдээд удирдаач гэж амаргүй ажил гэдэг нь ойлгогдоно. Монголын анхны эмэгтэй удирдаач гэхээр хүмүүс гайхдаг. Монголын хувьд анхдагч юм даа.

-Монгол Улсад орчин цагийн найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойн тоглолтын талаар тодруулахгүй юу?

-Энэ жил симфони найрал хөгжимд онцгой үйл явдал тохиож байна. Ойн хүрээнд арваннэгдүгээр сарын 2 -нд “Найрал хөгжмийн 100” хүндэтгэлийн концертод ахмад уран бүтээлчтэйгээ хамтарсан дэлхийн сонгодгоос тоглоно. Удирдаачаар Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх, Урлагийн гавьяат зүтгэлтэн ерөнхий удирдаач Н.Туулайхүү нар удирдана. Дараагийн өдөр орчин үеийн одоо байгаа бүрэлдхүүнээр “Orchiestra Night II” тоглолтоо хийнэ. Тоглолтын бэлтгэл ажил хангагдсан байгаа.

Манай театр 62 дахь улирлын нээлтээ “Хунт нуур”балет “Риголетта” дууриар хийлээ. “Учиртай гурван толгой” дуурь тоглоно. Дэлхийн сонгодог дууриудыг урьд нь монгол хэл дээр дуулдаг байсан бол одоо эх хэл дээр нь тоглож байгаа нь бас бидний ололт амжилт юм.

-Алтан үеийнхэнтэй хамт ажиллаж байсан уу?

-Алтан үеийнхэнтэй хамт ажилласандаа би өөрийгөө их азтай хүн гэж боддог.Тэднээсээ их ч зүйлийг сурсан. Ааваасаа ч их зүйл сурч явна даа. Аав маань 30 жил театрын удирдаачаар ажилласан.Театр маань миний амьдралын салшгүй хэсэг болсон. Театраасаа гэр бүлтэй болсон, балетын гоцлооч А.Өлзий-Орших гэж хүн бий. Одоо балетын дасгалжуулагч багшаар ажилладаг. Бид нэг хүү, хоёр охинтой. Том охин Монгол Улсын Консерваторын төгөлдөр хуурын ангийг төгссөн. Хүү балетын ангид суралцаж, бага охин одоо хоёр настай, бидний удмын дөрөв дэх үеийн залгамж халаа хөгжимчин, бүжигчин бэлтгэгдэж л байна. (инээв)

-Боловсон хүчний хувьд?

-Монгол Улсын Консерватори төгссөн залуус байдаг. Мэргэжилдээ сонирхолтой бүжигчид, дуучид, хөгжимчидтэй. Балетын бүжигчид их хурдтай, чадварлаг залуус бий. Зарим нь гадаад улс руу яваад эргэж ирэхгүй тохиолдол ч бий. Манай театрын боловсон хүчин нэг үеэ бодоход залуужсан гэхэд хилсдэхгүй. Бараг бүтэн үе солигджээ. Театрт маань дэлхийн бусад театруудад тоглогддог бүх л дуурь, балетууд тоглогдож байна. Залуу уран бүтээлч бид энэ олон жилийн нөр их хөдөлмөрөөр уламжлагдаж ирсэн бүтээлийг цааш нь хөгжүүлж хувь нэмрээ оруулж хичээн ажиллахыг бид зорьдог.

-Та юугаар бахархдаг вэ?

-Гэр бүл, эзэмшсэн мэргэжлээрээ маш их ба-хархдаг. Эмээгээс эхлээд бүгд л Монголдоо ганц сонгодог урлагийн анхдагч хамгийн ууган байгууллага болох дөрвөн давхар ягаан байшингаас ажил амьдралын гараагаа эхлүүлж байжээ. Эмээ, өвөө, аав, ээждээ намайг урлагаар хүмүүжүүлж ажил мэргэжлийг минь сонгож өгсөнд үнэхээр талархаад баршгүй. Миний үлгэр дуурайл бахархал болсон хүн аав, үнэнч зөвлөгч ээж, амьдралын багана түшиг тулгуур халамжит хань гээд театрынхаа алтан үе, уран бүтээлч хамт олноороо бахархдаг даа.

Ярилцсан сэтгүүлч Ц.Отгонсүрэн

 

Categories
мэдээ нийгэм

Томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна DNN.mn

Томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Томуу, томуу төст өвчний үед хоол хүнсээрээ дархлаагаа дэмжээрэй.

  • Та ус уух хэрэгтэй. Өглөө босоод 1-2 аяга бүлээн ус ууна. Чийгшсэн салст бүрхэвчийн вирусын эхний хамгаалалт болно. Өдөртөө 6-8 аяга ус уу.
  • Өглөөний цайгаа тогтмол уух
  • Халуун бүлээн шингэн зүйл сайн уух
  • Махан хоолоо тохируулж хэрэглэх. Аль болох олон төрлийн ногоотой, шөлтэй хоол идэх
  • Сүү, тараг, айраг, аарц, өрөм, зөөхий, шар тос, ааруул, ээзгий ээдэм аль болох түлхүү хэрэглэ
  • Хүүхдээ хангалттай хооллож буйд байнга хяналт тавиарай.
Categories
гадаад мэдээ

БНХАУ-д байгалийн гаралтай аюулт үзэгдлийн улмаас нийт 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ DNN.mn

БНХАУ-ын Онцгой байдлын яамнаас боловсруулсан тайланд 2024 оны эхний гурван улиралд тохиолдсон байгалийн гаралтай аюулт үзэгдэлд нийт 84 сая гаруй хүн өртөж, 836 хүн амь насаа алдсан буюу сураггүй алга болжээ.

Тус улсад тохиолдсон байгалийн гамшгийн улмаас нийт 323.2 тэрбум юанийн эдийн засгийн хохирол учирсан талаар өнгөрсөн даваа гарагт мэдээлсэн байна.

 

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: the watchers.news

Categories
мэдээ улс-төр

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.11.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 60.3 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Чуулганы 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн талаарх Төсвийн байнгын хороо, УИХ дахь АН-ын санал, дүгнэлт болон Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн дүн шинжилгээний дүгнэлттэй тус тус танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсэг, Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалтыг явуулсан.

Хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй 14 саналаар санал хураалтыг үргэлжлүүлэв.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Э.Одбаяр, Ж.Золжаргал, Б.Бейсен нар өмнө нь санал хураалгасан зарчмын зөрүүтэй саналыг хүчингүй болгох горимын санал гаргахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Мөн хуулийн төслийн талаарх Төсвийн байнгын хорооноос дэмжээгүй саналуудаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус Байнгын хорооны саналуудыг дэмжлээ.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгүүдийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзсэн тул Төсвийн болон Хууль зүйн байнгын хороонд буцаав.

Дараа нь Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Улсын Их Хурал 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг эхлүүлж, төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Иймд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд тус бүрээр санал хураалт явуулахад, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлого, Төсөв, Эдийн засгийн байнгын хороонд тус тус шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Төсвийн болон Хууль зүйн байгын хороо хуралдах болсон тул чуулганы нэгдсэн хуралдааныг цагийн хугацаатай түр завсарлууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн эмч нар үений гадаргуу мөгөөрсийг шилжүүлэх технологийг нэвтрүүллээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч нар дунд чөмөгний булуу шаант ясны тавцанд нэг моментоор үений гадаргуу мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээг анх удаа хийлээ. Тус тасгийн хамт 2020 оноос үений гадаргуу мөгөөрс шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд өдгөө эмчилгээний аргыг улам боловсронгуй болгон цогц байдлаар хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэ технологийг нэвтрүүлж байна. Энэхүү шинээр нэвтрүүлсэн мэс засал эмчилгээ нь үений мөгөөрсний элэгдэл /ОА II-IV зэрэгтэй/ болон үхжилт үүссэн хэсгийг авч, шилжүүлэн суулгах буюу тромбинатор /үений гадаргуу мөгөөрсийг хусаж аван үүдэл эстэй хольж, үений гадаргууг нөхөх/-ийг ашиглан сэргээснээрээ хиймэл үе суулгах мэс заслыг 5-10 жилээр хойшлуулах чухал ач холбогдолтой юм.

Мэс заслын баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч, ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн мэргэжилтэн, Төрийн соёрхолт эмч С.Сүхбат, мөн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Б.Оргил болон Мэдээгүйжүүлгийн эмч, Төрийн соёрхолт эмч Ж.Түмэн-Өлзий, мэдээгүйжүүлгийн сувилагч П.Хулан, мэс заслын сувилагч Ө.Оюунчимэг, Г.Баасанжаргал нар багтсан байна.

Categories
мэдээ нийгэм

Төрд учирсан 144.9 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр болжээ DNN.mn

Дорнод аймгийн прокурорын газраас энэ оны эхний арван сарын байдлаар  төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд 74 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, төр нийтийн ашиг сонирхолд учирсан 144.9 сая төгрөгийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллажээ.

Тодруулбал, тус аймгийн хэмжээнд Засгийн газрын тусгай сангуудаас олгосон 74.8 сая төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сан”- д учирсан 50.5 сая төгрөг, Гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 19.6 сая төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна.

Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласны үр дүнд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах төрийн байгууллагын хүсэлт нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 оны шалгалтын бүртгэл дуусахад ес хоног үлдлээ DNN.mn

2024 оны шалгалтын бүртгэл дуусахад 9 хоног үлдээ.

Та eyesh.eec.mn цахим хуудсаар Монгол хэл, бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтад бүртгүүлэх боломжтой.

Бүртгэл 2024 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18:00 цагт дуусах ба бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй.

Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжуулан шалгалт өгөх хичээлээ нэмж болно гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдрийн ирц DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 1-ний өдрийн ирцийн мэдээллийг хүргэж байна. 

Гадаад томилолттой 12 гишүүн,

Зураг Гишүүний нэр Ирсэн цаг Тайлбар Зураг Гишүүний нэр Ирсэн цаг Тайлбар
1 Ж.Алдаржавхлан 09:56 64 Г.Лувсанжамц 10:00
2 О.Алтангэрэл 09:38 65 С.Лүндэг
3 Н.Алтанхуяг 09:58 66 М.Мандхай 10:00
4 Н.Алтаншагай 67 Л.Мөнхбаатар 10:00
5 Д.Амарбаясгалан 10:00 68 Ц.Мөнхбат
6 С.Амарсайхан 09:59 69 Л.Мөнхбаясгалан 09:40
7 О.Амгаланбаатар 10:01 70 Т.Мөнхсайхан 10:01
8 Ч.Анар Эмнэлгийн чөлөөтэй 71 Б.Мөнхсоёл 09:10
9 А.Ариунзаяа 08:54 72 П.Мөнхтулга
10 Т.Аубакир Томилолт  /гадаадад/ 73 Ц.Мөнхтуяа 10:05
11 Х.Баасанжаргал 09:58 74 З.Мэндсайхан Эмнэлгийн чөлөөтэй
12 Ц.Баатархүү 09:50 75 Б.Найдалаа 09:52
13 М.Бадамсүрэн 09:58 76 Н.Наранбаатар Томилолт  /гадаадад/
14 Э.Бат-Амгалан Томилолт  /гадаадад/ 77 П.Наранбаяр 09:39
15 Б.Батбаатар 78 М.Нарантуяа-Нара 09:07
16 Д.Батбаяр 09:59 79 Ч.Номин 09:54
17 Р.Батболд 09:49 80 О.Номинчимэг 09:55
18 Ж.Батжаргал 09:54 81 Н.Номтойбаяр 10:01
19 Д.Батлут 09:56 82 Э.Одбаяр 09:49
20 О.Батнайрамдал 09:48 83 С.Одонтуяа Томилолт  /орон нутаг/
21 Ж.Батсуурь 09:56 84 У.Отгонбаяр 09:17
22 Н.Батсүмбэрэл 09:15 85 Г.Очирбат 09:59
23 Х.Баттулга 10:23 86 Л.Оюун-Эрдэнэ Чөлөөтэй
24 Б.Батцэцэг 87 Б.Пунсалмаа Эмнэлгийн чөлөөтэй
25 П.Батчимэг Томилолт  /гадаадад/ 88 Д.Пүрэвдаваа
26 Э.Батшугар Чөлөөтэй 89 Б.Пүрэвдорж 08:56
27 Ж.Бат-Эрдэнэ Томилолт  /орон нутаг/ 90 Д.Рэгдэл 09:58
28 Б.Бат-Эрдэнэ 08:46 91 П.Сайнзориг 09:32
29 Б.Баярбаатар 09:30 92 Ц.Сандаг-Очир 09:58
30 Ж.Баярмаа 09:57 93 О.Саранчулуун 09:53
31 Ж.Баясгалан 09:02 94 М.Сарнай 09:49
32 Б.Бейсен 10:02 95 Л.Соронзонболд 09:49
33 Э.Болормаа 10:05 96 Р.Сэддорж 09:34
34 Х.Болормаа Эмнэлгийн чөлөөтэй 97 Ц.Туваан Томилолт  /гадаадад/
35 Х.Булгантуяа 10:00 98 Б.Түвшин 09:54
36 Д.Бум-Очир 09:56 99 Б.Тулга 09:54
37 Ш.Бямбасүрэн 10:01 100 Х.Тэмүүжин
38 С.Бямбацогт 09:08 101 Г.Тэмүүлэн 09:40
39 Ж.Галбадрах 09:56 102 А.Ундраа 10:08
40 С.Ганбаатар 103 Ч.Ундрам 09:55
41 Г.Ганбаатар 10:08 104 Н.Учрал 10:01
42 Ж.Ганбаатар Эмнэлгийн чөлөөтэй 105 Б.Уянга Томилолт  /гадаадад/
43 А.Ганбаатар 10:04 106 Г.Уянгахишиг 10:01
44 Д.Ганбат 10:14 107 Д.Үүрийнтуяа Томилолт  /гадаадад/
45 П.Ганзориг 09:58 108 Г.Хосбаяр 09:57
46 Д.Ганмаа 09:57 109 Б.Хэрлэн 09:59
47 Л.Гантөмөр 10:24 110 Дав.Цогтбаатар 09:51
48 М.Ганхүлэг 09:20 111 Дам.Цогтбаатар 09:22
49 Х.Ганхуяг Томилолт  /гадаадад/ 112 О.Цогтгэрэл 09:41
50 Ц.Даваасүрэн 10:01 113 С.Цэнгүүн 08:58
51 Г.Дамдинням Томилолт  /гадаадад/ 114 Ж.Чинбүрэн 09:45
52 Т.Доржханд 09:14 115 Б.Чойжилсүрэн 10:01
53 Б.Дэлгэрсайхан 10:27 116 Ө.Шижир Томилолт  /гадаадад/
54 Б.Жавхлан 10:01 117 Л.Энх-Амгалан 10:13
55 Х.Жангабыл 10:01 118 Б.Энхбаяр Чөлөөтэй
56 Б.Жаргалан 10:06 119 Ж.Энхбаяр 10:05
57 Д.Жаргалсайхан Томилолт  /гадаадад/ 120 Л.Энхнасан 09:31
58 С.Замира 09:54 121 Д.Энхтүвшин 10:01
59 Б.Заяабал Томилолт  /гадаадад/ 122 Д.Энхтуяа 09:56
60 Ж.Золжаргал 10:07 123 М.Энхцэцэг 09:53
61 С.Зулпхар 09:52 124 С.Эрдэнэбат 09:23
62 Ц.Идэрбат 09:56 125 С.Эрдэнэболд 09:58
63 Ч.Лодойсамбуу 09:51 126 Р.Эрдэнэбүрэн  
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр: Цахим залилагчдын амлаад байгаа шиг амархан мөнгө олох арга хаана ч байхгүй DNN.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяртай ярилцлаа.


-Сүүлийн үед олонд танигдсан сүлжээ дэлгүүрийн лого, нэрийг ашигласан ажлын байрны хуурамч зар цахимаар их түгсэн байна. Дэлгүүрээс гадна ямар байгууллагын нэр, логог ашиглан ажлын байрны хуурамч зар тавьж иргэдийг залилаад байна вэ?

-Иргэдийн цахим хэрэглээ жилээс жилд нэмэгдэж, үүнийг дагаад цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт нэмэгдэж, хохирлын хэмжээ ихэсч байна. Сүүлийн үед гэмт этгээдүүд Фэйсбүүк, Инстаграм, Телеграм зэрэг цахим платформуудыг ашиглан иргэдийг хуурч мэхлэх, залилах гэмт хэрэг эрс нэмэгдсэн.

Ялангуяа Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, лого зэргийг ашиглан иргэдийг ажлын байранд зуучилна, гэрээсээ гаралгүй өндөр цалинтай ажил цахимаар хийгээрэй гэх мэтээр хуурч мэхлэх, дансыг нь ашиглаж иргэдээс залилсан мөнгөн гуйвуулгыг хийлгэх гэх мэтээр залилах асуудал их гарч байна. Үүний нэг жишээ нь “Е-mart” сүлжээ дэлгүүрийн нэр, логог ашиглан ажлын байрны хуурамч зар түгээж байгаа явдал юм. Ер нь иргэдийг хуурч болох бүхий л аргыг залилагч нар ашиглаж байна. Хамгийн гол нь иргэд цахим орчинд цензуртэй хандаж, хэрэглээний соёл хандлагадаа заавал өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

-Он гарснаас хойш хэдэн гомдол, мэдээлэл ирээд байна вэ. Энэ төрлийн залилан нийт цахим залилангийн хэдэн хувийг эзэлж, хэр хэмжээний хохирол учраад байна вэ?

-Цагдаагийн байгууллагад энэ оны эхний есөн сарын байдлаар телеграм сүлжээнд үйлдэгдсэн залилах 277 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 277 хохирогчид 3.9 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Сүүлийн таван жилийн хугацаанд иргэдэд 297 тэрбум 717 сая төгрөгийн хохирол учирсан. Сэжигтэй этгээдүүдээр 108 тэрбум 476 сая төгрөг буюу 36.4 хувийг нөхөн төлүүлж, 1 тэрбум 788 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Иргэд цахим орчинд ажилд зуучлуулж байна гэх нэрийдлээр танихгүй хүний данс руу мөнгөө шилжүүлж, хохирогч болоод буй нь хамгийн гол асуудал болоод байна.

-Иргэдийг ямар аргаар залилж байна вэ?

-Залилагч этгээдүүд бичиг баримт тулгаж, шалгахгүй гар утасны дугаар олгодог гадаад, дотоодын үүрэн холбооны оператор компаниудаас дугаар авах эсвэл, бусдын нэр дээрх болон бүртгэлгүй дугаарыг ченж нарын гар дээрээс худалдаж аваад Вайбер, Телеграм, Gmail, Facebook зэрэг платформд хуурамч бүртгэл үүсгэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байна. Улмаар гэмт этгээдүүд хуурамч хаягаа ашиглан иргэдийг цахимаар залилах, хар тамхи худалдан борлуулах, насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчлах, худал мэдээлэл тараах, тролл баг ажиллуулах зэргээр хувь хүн болоод нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх гэмт хэргүүд үйлдэж байна.

Хуурамч зар тавьж иргэдийг залилаад байгаа энэ хэргийн ард ямар хүн байдаг вэ. Тэдний сонирхол юу вэ?

-Ихэвчлэн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго бүхий бүлэг этгээдүүд байна. Саяхан гэхэд л 40 гаруй этгээд бүлэг зохион байгуулалтад орж цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдийг хохироосон томоохон хэргийг илрүүлэн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гэмт этгээдүүдийн дийлэнх нь залуучууд байгаад хувь хүний зүгээс сэтгэл эмзэглэдэг. Хүүхдийнхээ цахим орчин дахь хэрэглээнд багаас нь хяналт тавьж, ярилцаж байгаарай гэж эцэг эхчүүддээ энэ дашрамд зөвлөж байна.

-Ажлын байрны хуурамч зар тавьж иргэдээс урьдчилгаа авдаг гэж бодоход мөнгө нь ямар хүний данс руу шилждэг юм бол?

-Гэмт этгээдүүд хууль бус үйлдлээ далдлах, олсон мөнгөө бэлнээр гаргаж авах зорилгоор иргэдийн арилжааны банкны данс, интернэт банкны мэдээлэл, виртуал хөрөнгийн хэтэвч, зээлийн аппликэйшний мэдээллийг авч, олон тооны данс нээн төөрөгдөлд оруулах аргыг ихэвчлэн ашиглаж байна. Сүүлийн үед үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 98 орчим хувьд арилжааны банкны данс, виртуал хөрөнгө, үүрэн холбооны утасны дугаар болон олон нийтийн сүлжээний хуурамч хаяг ашиглаж байна.

Ер нь бүхий л банкны дансыг ямар нэгэн байдлаар ашиглаж, бусдаар дамжуулах зэрэг аргаар иргэдийн мөнгийг авч байна. Өөрийн дансаараа бусдын мөнгийг гүйлгээнд оруулахгүй байхад анхаарч байгаарай гэж иргэддээ хэлмээр байна. Ийм тохиолдолд та ч гэмт хэргийн холбогдогч болж болохыг анхаарах хэрэгтэй. Хэдий таны банкин дахь хувийн данс боловч хууль бус мөнгөн гүйлгээ дамжуулж өгснөөрөө хэн нэгнийг хохироож, гэмт этгээдийн хууль бус үйлдэлд нь дэмжлэг үзүүлж байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Залилсан этгээдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ. Хууль журмыг чангатгах шаардлага байгаа юу?

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол 450 мянган төгрөгөөс дөрвөн сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Харин энэ гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол арваас дөчин сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. Мөн энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилж өгсөн байдаг. Ял шийтгэлийн бодлогын хувьд одоогоор өөрчлөх талаар санал хэлэлцүүлэгдээгүй байна.

-Ажлын байрны хуурамч зарыг хэрхэн таних вэ. Энэ төрлийн залилангаас иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Ер нь хуурамч зах гэхээсээ илүү ямар цахим хаягнаас зар мэдээлэл орсон бэ, тухайн байгууллагын албан ёсны хаягнаас түгээгдэж байна уу гэдгийг иргэд, олон нийт маань сайн харж, тодруулах шаардлагатай. Хуурамч хаяг бол андашгүй дээ. Хуурамч хаягнууд нэг төрлийн зарыг олон удаа түгээсэн, цахимд найзгүй, хандалт муутай байдаг. Хамгийн чухал нь тухайн байгууллагын албан ёсны хаяг мөн эсэхийг л сайн тодруулж, холбоо барьж байх хэрэгтэй байгаа юм. Орчин үед цахимаар ажилд авчихдаг, анкет бөглүүлээд ажлын гэрээ хийдэггүй байгууллага гэж бараг байхгүй.

Гэтэл иргэд маань ажилд зуучлуулна гэдэгт итгээд мөнгө шилжүүлээд, хохироод байгаа нь харамсалтай. Цахим орчинд нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагын нэр хаягийг ашиглан гэрээсээ ажиллаад амархан мөнгө олоорой, өдрийн цалин өндөр шүү, цахимаар ажиллаад мөнгөтэй болоорой гэх агуулга бүхий зар мэдээллийг сайн нягталж, шалгаж байхыг иргэд олон нийтэд уриалж байна. Залилагчдын амлаад байгаа шиг амархан мөнгө олох арга дэлхийн хаана ч байхгүй гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Та энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон бол цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд яаралтай хандахыг зөвлөе.

Ө.АНХЗАЯА