Categories
мэдээ нийгэм

Шингэрүүлсэн шатдаг хий хадгалах сав нь ил байрладаг станцуудад шалгалт хийж байна DNN.mn

Автомашиныг хийгээр цэнэглэх ил савтай станцуудад нийслэлийн Хяналт шалгалтын газраас урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна. Нийслэлийн хэмжээнд 57 автомашин хийгээр цэнэглэх станц үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 33 нь буюу 57 хувийнх нь шингэрүүлсэн шатдаг хий хадгалах сав ил байрладаг байна. Тиймээс тухайн савыг далд байрлуулж, техникийн аюулгүй байдлыг бүрдүүлэхийг нийслэлийн Хяналт шалгалтын газраас зорьж байгаа юм. Энэ талаар НХШГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболдоос тодрууллаа.

Тэрбээр “Суурьшлын бүсэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх болон аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Дашваанжил”, “Горгаз”, “Юнигаз” гэсэн 3 компанийн автомашин хийгээр цэнэглэх станцын байршил, үйл ажиллагаа, савны ашиглалт, аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Өнөөдөр мөрдөж байгаа хий хангамжийн барилгын норм дүрмийн дагуу хот сууринд 20 метр хүртэлх газарт ил сав байрлуулахыг зөвшөөрсөн байдаг. Манай байгууллагын зүгээс энэ норм, дүрэмд өөрчлөлт оруулах саналыг холбогдох газруудад хүргүүлсэн.

Тодруулбал, суурьшлын бүсэд ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, олон нийтийн барилга байгууламж, орон сууцны хорооллын дэргэд шингэрүүлсэн шатдаг хий хадгалах ил савтай үйл ажиллагаа явуулж байгаа станцуудын савыг далд болгох саналыг оруулсан. Энэ санал батлагдсанаар одоо үйл ажиллагаа явуулж байгаа 33 хийгээр цэнэглэх станцын савны байршлыг өөрчилж, техникийн аюулгүй байдал сайжирч, иргэд ч гэсэн айдасгүй амар тайван байх боломж бүрдэнэ. Аж ахуйн нэгжүүдийн хувьд иргэдийн болон техникийн аюулгүй байдлыг хангах үүднээс норм дүрэмд өөрчлөлт орсон тохиолдолд зайлшгүй мөрдөх үүрэгтэй” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр маргааш буюу арваннэгдүгээр сарын 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Иймд: иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх

– Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар хөдөлгөөн үйлдэх,

-Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,

-Малаа ойрын бэлчээрт хариулах,

-Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглолоо DNN.mn

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь хүний тархины үйл ажиллагаанд урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж, сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэж буй нь тогтоогджээ. Ялангуяа өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхи, никотинд донтох эрсдэл эрс нэмэгддэг байна. Иймд Боловсролын сайдын 2024 оны “Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай” тушаал гарлаа.

Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг өмчийн хэлбэр үл харгалзан бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын эрхлэгч, захирал, ректор нарт үүрэг болгов. Үүнд:

  • Суралцагчийн өөрийн удирдлагын байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран электрон тамхины хор уршиг, эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөний талаар ойлголт, мэдээлэл өгөх сургалт, нөлөөллийн арга хэмжээг насны онцлогт тохируулан тогтмол зохион байгуулах;
  • Электрон тамхи хэрэглэдэг суралцагчтай ганцаарчилсан уулзалт зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд хамруулахад эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах;
  • Сургалтын байгууллагын дүрэм, дотоод хэм хэмжээнд сургуулийн орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглосон зохицуулалт тусгах.

Мөн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, электрон тамхины хор нөлөө, эрүүл мэндэд учрах эрсдэлийн талаар ярилцаж, ойлгуулахыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Засгийн газрын ордон руу явдаг автобусны чиглэлийг зогсоохоор болжээ DNN.mn

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Төрийн ордонд ажилладаг 1400 албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж АТ:1 “Засгийн газрын ордон-Гэрэлт хотхон-Зайсан”, АТ:2 “Засгийн газрын ордон-Ривер гарден-Хан хилсс”, АТ:3 “Засгийн газрын ордон-Энканто-Хүннү 2222 хороолол чиглэлд автобус үйлчилж байсан.

Өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Засгийн газрын ордон руу явах АТ:1, АТ:2, АТ:3 чиглэлийг маргаашнаас буюу энэ сарын 8-наас зогсоохоор шийдвэрлэв.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллана DNN.mn

БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ханжөү хотод байрладаг, дэлхийд нэр хүндтэй “Алибаба групп” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал, хатагтай Вэнь Жя Тан түүнийг угтан авч, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
“Алибаба групп” компани худалдаа, технологи, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том группийн нэг бөгөөд өдгөө дижитал медиа, үүлэн технологи, хиймэл оюун ухаан, энтертайнмент, тээвэр логистик, санхүүгийн үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпораци юм. Үүнээс гадна Ханжөү хотыг түгжрэлгүй, БНХАУ-ын ухаалаг, дэвшилтэт технологийн тэргүүлэх хот болон хөгжихөд тус компани чухал хувь нэмэр оруулжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж, төмөр зам, усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг хамтарч эхлүүлж байгаагаа дурдаад Шанхай, Ханжөү хотод зориуд зочилж, технологийн шилдэг компаниудын үйл ажиллагаатай танилцаж, шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үр дүнд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хурдтай хөгжлийн гурван шилжилтийг хийхэд тус компани манай улстай төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хүний нөөц чадавхжуулах, боомтуудын дижитал шилжилт, уул уурхайн ухаалаг тээврийн систем зэрэг хэд хэдэн чиглэлээр тус компанитай хамтран ажиллахаар болсныг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хэллээ.
Мөн “Алибаба групп” компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Вэнь Жя Тан Монгол Улстай цахим худалдааны платформ хөгжүүлэлт, ухаалаг хотын бүтээн байгуулалт, тус компанийн “Flipig” платформыг түшиглэж хоёр улсын аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлэх зэрэг олон талаар Монгол Улсын төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Ч.Баасанхүү начны нэрэмжит барилдааны цахим бүртгэл эхэллээ DNN.mn

Баянхонгор аймгийн Богд сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын улам нэмэх начин Чулууны Баасанхүүгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 9-нд 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд 10:00-17:00 цагт цахимаар бүртгэж байна.

Уг барилдаанд зодоглосон бөхчүүдээс азтан тодруулж улсын улам нэмэх начин Ч.Баасанхүү хурдан удмын адуугаар мялаах бол барилдааныг зохион байгуулагч Богд сумын ЗДТГ-аас тухайн барилдааныг үзэгчдээс хагас саятан үзэгч хоёрыг, атан тэмээний азтан нэгийг тодруулна гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас импортын автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй DNN.mn

2024 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөх буюу маргаашаас эхлэн импортоор оруулж ирсэн автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй байх шийдвэрийг гаргасан байдаг.

Нийслэлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах таван шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх
  2. Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх
  3. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх
  4. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх
  5. Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьж буй.

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно. Ингэхдээ

  • Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дэс дарааллын эхэнд байх
  • Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар
  • Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх
  • Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцээгүй буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө зүүн гар талдаа жолооны хүрдтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор нийслэл хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд дээрх шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно. Тодруулбал,

  • Мотоцикл
  • Механизм
  • Зүтгүүр
  • Чиргүүл
  • Цистерн
  • Тусгай зориулалтын автомашин
  • Автобус зэрэг тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгох юм.
Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа DNN.mn

БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус улсын Жөжян мужийн Ханжөү хотын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд болох Чяньтан мөрний хоёрдугаар гүүр буюу Пөнбү гүүр, Шиху нуурын дүүрэгт байрладаг Зыжы туннелийн байгууламжтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын 20 минутын хот Үндэсний хорооноос хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудын чухал хэсэг болох Туул гол дээгүүр тавигдах “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүр, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах зорилтын дагуу Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км автозам, гүүр, гүүрэн байгууламж барьж байгуулах төслүүдийг судлах хүрээнд Ерөнхий сайд, Засгийн газрын холбогдох гишүүд эдгээр байгууламжтай танилцсан юм.

Пөнбү гүүр нь хүчтэй урсгалтай мөрөн дээр баригдсан, авто зам, төмөр замыг тусгаарласан байдлаар хослуулан шийдсэн инженерийн бүтээл гэдгээрээ дэлхийд алдартай. Голын 40 км/ц хурдтай ширүүн урсгалыг тэсвэрлэхийн тулд Хятадад анх удаа ган татлагат аргыг тус гүүрэнд ашиглажээ. БНХАУ-ын Төмөр замын яамны Хятадын зүүн хэсгийг төвтэй холбох төсөлд тус гүүр багтдаг, төмөр замын үндсэн сүлжээний чухал хэсэгт тооцогддог аж. Төмөр зам, авто замын хоёр үндсэн хэсэгтэй. Төмөр замын хэсэг нь хоёр шугамтай, 11.4 метр өргөн, 2,8 км урт, 120 км/цаг хурдны хязгаартай бол авто замын хэсэг нь 19.5 метр өргөн, дөрвөн урсгалтай, 1,3 км урт, 100 км/цагийн хурдны хязгаартай зорчино.
Барилгын төлөвлөгөө батлагдсанаас хойш зургаан жилийн дараа буюу 1992 онд ашиглалтад орсон Пөнбү гүүр инженерийн онцгой шийдэлтэйгээс гадна бүс нутгийг холбодог, төвлөрлийг сааруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хөгжилд том хувь нэмэр оруулдаг гүүр ажээ.

Зыжы туннел нь Ханжөү хотын хурдны замын “Дөрвөн босоо, таван хэвтээ” төслийн чухал хэсэг. Тээврийн хөдөлгөөнийг хурдан, үр ашигтай болгох зорилготой. Энэхүү туннел үзэсгэлэнт Шиху нуурын доогуур хийгдсэн. Шиху нуур нь дэлхийн өвд бүртгэгдсэн, тус улсын түүхэн дурсгалт, тусгай хамгаалалттай газруудын нэг. Туннелийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр барьжээ. Туннел нь техникийн өндөр үзүүлэлттэйгээс гадна Ханжөү хотын авто замын ачаалал ялангуяа, Шиху нуурын үзэсгэлэнт газрын замын түгжрэлийг багасгахад чухал хувь нэмэр оруулдаг талаар тус хотын Барилгын хөгжлийн төв, Зам, гүүрийн группийн удирдлагууд танилцуулав. Туннелийн барилгын ажил 2013 онд эхэлж, 2016 онд ашиглалтад оржээ. Нийт 14.4 км урт, 21 метр өргөн уг туннел нь хоёр талдаа гурван урсгалтай авто зам бүхий томоохон бүтээн байгуулалт аж. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян бүтээн байгуулалтын энэ үед Жөжян мужийн даргаар ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар хэн, юу хэлэв DNN.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно. Уг шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарласан ба ар гэрийнхэн нь “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний урд суулт хийж байгаа билээ. Гэвч шүүх хурлыг бүхэлд нь хаалттай явуулахаар болсон ба энэ талаар дараахь хүмүүсийн байр суурийг хүргэж байна.


УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэрэг дээр хоёр зүйл харагдаж байна. Үндсэн хуулиар иргэнд олгогдсон хамгийн чухал эрх бол шударга шүүлгэх эрх. Шударга шүүхээр шүүлгэж байгаа гэдэг баталгаа хоёр зүйлээр хэмжигддэг. Нэгдүгээрт, шүүхийн шийдвэрийн үндэслэл. Хэр зэрэг үндэслэлтэй, хууль ёсны байна вэ гэдэг тайлбар нь олон нийтэд нээлттэй байснаар олон нийт “шударга шийдвэр гарчээ” гэж хэлнэ. Хоёрдугаарт, шүүх хуралдааны процесс. Үйл явц нь хэр шударга байна вэ гэдгийг процессоор хэмжинэ. Шүүх хуралдааныг хаалттай явуулахаар процессыг хэмжих боломжгүй болчихоод байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг, мэтгэлцээний байр сууриуд ямар байсныг олон нийт мэдэхгүй бол байнга хардалт үүснэ. Хардалтын ард авлига, улс төрийн захиа даалгавар, өс хонзон, хууль ажиллахгүй байна гэсэн хэдхэн зүйл байдаг. Шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй хийх боломжтой. Хамгийн гол нь шүүх хурлыг нээлттэй хийх хүсэл байна уу, үгүй юу гэдэг асуудал.

Шүүх хурлыг хаалттай хийлгэхгүй байгаагийн цаана магадгүй улс төрийн захиа даалгавар байхыг үгүйсгэхгүй. Монголд онилсон мөрдөн шалгах ажиллагаа явагдаад байна уу даа гэж харж байсан. одоо ялгаварласан шүүх ажиллагаа явагдаад байна уу гэж бодож байна. Шүүх хурал хаалттай явагдсан учраас харагдаж байгаа дүр төрхийг нь шүүмжилж хэлэхээс өөр арга байхгүй. Энэ шүүх хуралдаан хуулийн дагуу явагдаж байна уу гэсэн иргэдийн таамгийг арилгах нь шүүх хуралдааныг нээлттэй явуул гэж шаардаж байгаагийн гол үндэслэл. Энэ хардалтыг алга болгохын тулд шүүх хуралдаан нээлттэй явагдвал шүүхэд ашигтай. Ардчилсан засаглалтай улс оронд шүүхийн хийдэг нэгэн том ажил бол тухайн хэргийн мөн чанарыг олон нийтэд харуулах явдал.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт ял оногдуулсан зарим хэргүүд дээр маш том эргэлзээ байна. Тухайлбал, “хувь хүний эмзэг мэдээлэл задалсан” гэдэг хэрэгт хамгийн өндөр ял өгснийг би гайхаж байна. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хүний хийсэн гэмт хэргийн талаар хууль ёсны шүүхийн шийдвэрийг ил болгосныхоо төлөө сэтгүүлч яагаад ял авч байгаа юм. Гэхдээ хамгийн түрүүнд ил болгоогүй. Өмнө нь ил болгосон нэг бус сэтгүүлч болон сайтууд байсаар байхад тэднийг алгасаад зөвхөн Н.Өнөрцэцэгийг яллаж байгаа нь онилсон маягтай байна. Хоёрдугаарт, “төрийн нууцад хамаарах баримт, мэдээллийг хадгалсан” гэх гэмт хэрэг. Төрийн нууцыг задалсан албан тушаалтан нь УИХ-д эрх мэдэл бүхий албан тушаалтан байхад тэр нууцыг задлаагүй, хадгалж байсан сэтгүүлч яагаад ял авч байгааг ойлгохгүй байна. Хамгийн өндөр ял авах ёстой хүн бол хариуцаж, хамгаалж байх ёстой албан тушаалтан. Гэтэл тэр албан тушаалтан нь эрх чөлөөтэй явж байна. Гуравдугаарт, эрүүгийн хуулийн худал мэдээлэл тараах гэдэгт зорчих эрхийг хязгаарласан ял авч байх шиг байна лээ. 2015 оны эрүүгийн хуулийг бичихдээ би гүтгэх буюу доромжлох гэдэг хуулийг эрүүгийн хуулиас хасаж байсан. Дараа нь 2019 онд МАН олонх байхдаа энэ гэмт хэргийг эрүүгийн хуульд оруулж байсан. Ажлаа эргэлзээгүй хийж чаддаггүй хүмүүс шүүмжлэл, эргэлзээ хоёроос айдаг учраас Эрүүгийн хуулийн ард нуугдаж албан тушаалтайгаа үлдэх гэж оролддог. Улс төрийн харалган оролдлогын золиосонд нэг сэтгүүлч өртөж байна. Цаашид ч олон хүн өртөх байх. Үүнд харамсаж байна.

Хуульч, судлаач Л.Галбаатар:

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг таван хэргээр Анхан шатны шүүхээс ял авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэж бий. Энэ хуулиар мөрдөгч, прокурор, шүүгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг дээр яаж ажиллах бүх процессыг журамласан байдаг. Энэ хуулийн хоёр зүйл, заалтаар шүүх хуралдааныг нээлттэй , хаалттай хийх тухай асуудлыг зохицуулсан байдаг. Мөн Шүүхийн тухай хууль гэж бий. Энэ хоёр хуулиар шүүх ил тод, нээлттэй байна гэдгийг зохицуулж өгсөн. Холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүх хурал хамгийн дээд зэргээр ил тод, нээлттэй байх ёстой. Хуралдааныг хэсэгчлэн нээлттэй, хэсэгчлэн хаалттай хийх талаар зохицуулж өгсөн байдаг. онцгой тохиолдолд хаалттай хийнэ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн буруутгагдаж байгаа таван хэргийн нэг нь “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг. Төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хийнэ гэж заасан учраас энэ хэргийн шүүх хурлыг хаалттай хийх ёстой. Бусад хэргийнх нь шүүх хурлыг нээлттэй хийх боломж Анхан шатны шүүх хуралд байсан. Гэхдээ Анхан шатны шүүх хурал нь бүхэлдээ хаалттай болсон учраас шүүх хуралдаанаар хэлэлцсэн хавтаст хэрэг бүхэлдээ нууц болж байгаа юм. Давж заалдах шатны шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй хийж, шүүх хуралд оролцох иргэдэд танилцуулах, хэлэлцэх гэхээр хавтаст хэрэг нь нууц гэсэн дардастай учраас нээлттэй хэлэлцэх боломж нь хуулиар хязгаарлагдаж байгаа юм. Шүүхийнхэн Шүүхийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа барьж ажиллахаас гадна Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баримтлах үүрэгтэй болж байгаа юм.

Цаашид сэтгүүлчид холбогдох хэргийг хаалттай хуралдаанаар хэлэлцдэг болох аюул байна. Тухайн сэтгүүлч үнэхээр гэм буруутай байсан уу, юун дээр алдаж оносон бэ гэдэг талаар ар гэрийнхэн нь, сэтгүүлч нар шүүн тунгаах боломж хязгаарлагдмал болчихлоо. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэргийг шийдсэн процесс буруу жишиг болж тогтохгүй байгаасай гэж судлаачийн хувьд хүсч байна. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид холбогдох хэргийг хаалттай шүүдэг жишиг рүү битгий ороосой гэдэг хүлээлт байна. Энэ хэргээс ямар сургамж авч болох талаар ярья л даа. Шүүхийн ерөнхий зөвлөл хуульчдаас шүүгчийг шилж авах ажлыг хийдэг. Өмнө нь шүүхийн сургалтынхан энэ ажлыг хариуцдаг байсан. Шүүгчдийн сургалт Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академид харьяалагдаж байна. Шүүгч нар байнга суралцаж, хөгжиж байх ёстой. Маш нарийн хэргүүдийг шийдэхийн тулд мэргэжлийн байх ёстой. Шүүгчид зориулсан сургалтаар дамжуулж, хүний эрхийн үзэл баримтлал, сэтгүүл зүйн үйл ажиллагааны онцлогийг танилцуулах, шүүх хуралдааныг нээлттэй явуулахын ач холбогдол зэргийг сургалтаар дамжуулж дараа дараагийн хэргийг хаалттай хийхээс сэргийлэх арга зам байна.

Давж заалдсан тохиолдолд ялыг хүндрүүлэхгүй байх гэдэг зарчим байдаг. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт өгсөн 4.9 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх, эсвэл анхан шатны шүүх рүү буцаах, зарим зүйл заалтыг нь солих боломжтой. Давж заалдсан тохиолдолд зөвхөн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын хүрээнд шийдвэрлэхгүй. Бүхэлд нь хэлэлцэж хянана гэсэн хуулийн зохицуулалттай. Өнөөдөр шүүх хурал дуусахгүй байж магадгүй. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг анхан шатны шүүх рүү буцаад, анхан шатны шүүх дахиж хуралдаан хийхдээ шүүх хурлаа нээлттэй хийгээсэй гэдэг хүлээлт байна. Хаалттай хаалганы цаана шүүх хурал битий болоосой. Хэрэв хэрэг Анхан шатны шүүх рүү буцвал заавал сайн гэсэн үг биш. Энэ тал дээр хоёр хувилбар бий. Анхан шатны шүүхээс өгсөн ял шийтгэл хүндрэх бус хөнгөрөх боломж байгаа. Гэмт хэрэг ял шийтгэл хоёр тохирч байх ёстой.

Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн сэтгүүл зүйн сургагч багш Ц.Чимэддондог:

 

Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанаас үүдсэн алдааг эрүүгийн бусад хэрэгтэй нэгтгэн бүрхэг болгож байна. Энэ нь алсдаа их хортой. Мэргэжлийн алдааг далдалснаараа шүүх засаглал хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байдлыг тодорхойлох, засаглалын бусад хэлбэрт буй бодлогыг мэдрэхээс эхлээд энэ үйл явдалтай холбоотой байр сууриа илэрхийлэх хэнийг ч ийм боломжгүй болгож байна. Өөрөөр хэлбэл, нэг сэтгүүлчийн хэргийг шийдэхдээ нийт салбар, цаашлаад өргөн утгаараа энэ нийгмийн ардчилсан зарчмыг хэрэгжүүлэх боломжгүй болгож байна.

Худал мэдээлэл түгээсэн гэсэн үндэслэл байна. олон нийтэд хүрч буй худал мэдээллийн 5 хүрэхгүй хувийг хэвлэл мэдээлэл түгээсэн тоо баримт байдаг. Нөгөө талаар баримтыг нягтлан шалгахтай холбоотой мэргэжлийн алдаанаас худал мэдээлэл үүддэг. Гэхдээ санамсаргүй алдаа байх нь олонтаа. Мэргэжлийн санамсаргүй алдаа байсан бол яагаад бусад эрүүгийн хэрэгтэй нэгтгэж хүндрүүлж байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Ардчилсан Үндсэн хуультай оронд байж болохгүй зарчим энэ юм.

Ардчилсан Үндсэн хуультай оронд сэтгүүлчид шүүхийн үйл ажиллагаанаас хэвлэлийн эрх чөлөөний чиг хандлагыг ажиглаж, мэргэжлийн ажилдаа шийдвэр гаргаж явдаг. Хэрвээ Н.Өнөрцэцэгт тохиолдсон шиг ийм түүх давтагдвал сэтгүүлчдэд өөрийн цензур үүснэ. Энэ хамгийн хортой. олны сонирхол татсан хамгийн чухал сэдэв, нийгмийн тогтолцооны зөрчилтэй баримтууд олдсон ч тэд амаа хамхих болно.

Сэтгүүлчид амаа хамхиад эхэлбэл авлигаас эхлээд хууль бус зөрчил нийгэмд нэлэнхүйдээ ихэснэ. Манай шүүх засаглал авлигад их нэр холбогддог. Магадгүй сэтгүүлчдийн амыг хамхих нь тэдний ашиг сонирхолд нийцэж байна гэж олон нийт үзэхэд хүрвэл яах вэ? Нөгөө шүүх засаглалыг ил тод, шударга болгоно гээд тунхаглаад байгаа нь хаана байна вэ? Тиймээс сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой алдааг эрүүгийн хүнд гэмт хэргүүдийн шүүхийн мэтгэлцээнд нэгтгэлгүйгээр, тусад нь авч үзэх, тухайн хэргийг шүүхдээ олон нийтэд ил тод байлгах нь чухал юм.

 

Ө.Анхзаяа, Б.Баярмаа

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Айганым: Сошиал орчинд өдөрт хэр удаан идэвхтэй байх вэ гэдгээ шийдэх нь чухал DNN.mn

Нийгмийн сэтгэл судлаач Ж.Айганымтай ярилцлаа.


Сайн байна уу. Эхлээд өөрийгөө товч танилцуулаач?

-Сайн байна уу, намайг Ж.Айганым гэдэг. МУИС-ийг 2013 онд сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн. Одоо МУИС-даа сэтгэл судлалын докторын түвшинд суралцдаг. Улс төр болон нийгмийн сэтгэл судлалаар мэргэшсэн. Итали улсад нийгмийн сэтгэл судлалаар мэргэжил дээшлүүлсэн. Мөн итали хэлний орчуулагчаар суралцаж төгссөн. Одоо сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна сэтгэл судлалын багшаар ажиллаж байна.

Нийгмийн сэтгэл зүй гэж юу вэ?

-Хүн нийгмээс ангид гадуур орших боломжгүй. Хувь хүн нийгмийн харилцаанд орж хөгжиж бие хүн болон төлөвшдөг. Тэгэхээр тухайн нийгмийн орчин хувь хүний сэтгэл зүйд нөлөөтэй байхаас гадна эргээд хүн, бүлэг, хамт олны зан үйл нь нийгмээ нөхцөлдүүлж, бүрэлдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл, нэг зоосны хоёр тал юм.

Өнөөгийн Монголын нийгмийн сэтгэл зүй залуучуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

-Өнөөгийн Монголын нийгэм хөгжил шинэчлэлийн явц дундаа ардчилсан засаглалтай улс орон болсноос хойш нийгмийн бүлгүүдэд маш их өөрчлөлтийг авчирсан

Тэр нь сайн болон сөрөг талтай байгаа. Нийгмийн бүлэг гэхээр их, бага, бичил бүлгүүд гээд яригдаад явна. Их бүлэг нь угсаатны бүлэг, шашны бүлэг гэх мэт байдаг. Бага бүлэгт байгууллага, хамт олон гэх зэрэг орно. Ардчилсан нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсээс хамаарч ард түмний амьдралын хэв маяг, гэр бүлийн хүмүүжил, үнэт зүйл гээд олон зүйлсэд маш олон өөрчлөлтүүд гарч ирсэн. Том зургаар нь аваад үзвэл шашин шүтэх эрх чөлөөтэй холбогдож өмнөх үетэй харьцуулахад Христийн шашин, тэнгэр шүтлэг, мэдээж Монголын нийт иргэдийн дийлэнх хувь нь Буддын шашинтай байгаа. Ингээд нийт үндэстний итгэл үнэмшилд нэг талаас өөрчлөлт орж ирсэн. Нөгөө талаас эдийн засаг, санхүүгийн хэрэгцээнд тулгуурлаж 90-ээд оны үед дийлэнх гэр бүлүүд хүүхдүүддээ анхаарах халамж тавих нь суларсан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн үед эцэг эхийн хүмүүжлийн хэв маяг хатуу чанга байсан. Бид хатуу гараар, зөнгөөрөө өсөж хүмүүжсэн гэж үзэж тайлбарлаж байгаа ид залуу насныхан буюу 28-45 насныхан одоогийн нийгмийн сэтгэл зүйн ерөнхий дүр зургийг гаргаж ирж байгаа юм. Гэхдээ зөвхөн ид залуу насныхан Монголын нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлнэ гэж хэлбэл учир дутагдалтай болно. Нас, насны үеийнхний өсөж хүмүүжсэн гэр бүлийн хүмүүжил, амьдралыг үзэх үзэл, мэдэрч туулсан туршлага өөр байдаг учир бид нийгмийн харилцаанд орох явцад зөрчилдөөн үүсэх шалтгаан болдог. Өнөөдөр 45-аас дээш насныхан одоогийн залуус нялцгай, үг дааж сураагүй, ачаалал даадаггүй гэж ярих хандлага их байгаад байна. Нөгөө талаас 1995-2010 онд төрсөн Z үеийнхэн гэж нэрлэгдээд байгаа залуус маань үзэл бодлоо чөлөөтэй нээлттэй илэрхийлдэг, болохгүй бол болохгүй, чадахгүй бол чадахгүй гээд хэлчихдэг. Өөрийн орон зай, хил хязгаараа хамгаалаад сурчихсан байгаа нь ажил, нийгмийн харилцаанд орж ирээд асуудал болоод байгаа мэт болчихоод байна. Уг нь бол бид орчин үеийн хөгжил дэвшил, шинжлэх ухаан, техник технологийн хөгжил дэвшлээ дагаад шинийг суралцах хүсэл тэмүүлэлтэй, хувь хүний болоод нийгмийн тодорхой бүлгүүдийн ялгаатай байдлыг ойлгож таньж мэддэг болоод байгаа. Улс төрийн талаар яримааргүй байвч одоогийн залуу үе ялангуяа оюутан, залуучууд, гэр бүл болоод удаагүй байгаа хосууд гадагшаа гарч амьдармаар байна гэх үзэл хандлага их байгаа шалтгаан нь бид дан ганц Монгол Улсынхаа хүрээнд л харж сэтгэж, суралцаж хөгжих биш Ази, Америк гээд тив улсынхаа хэмжээний хөгжил, дэвшил, нийгмийн боломжийг хардаг, мэдэрдэг болсонтой холбоотой. Одоо хэлд орж байгаа хүүхдүүд хүртэл хоёр хэлээр ярьдаг болсон цаг үе. Тэгэхээр хэл ярианы чадвар бол өөрөө хүний оюун ухаан, ухамсар, сэтгэлгээний хэв маягийг илэрхийлэх үндсэн хүчин зүйл болдог учир өнөөгийн залуус Монголын одоогийн нийгмийн хөгжил, дийлэнх олонхын массын сэтгэл зүйд сэтгэл хангалуун бус байгаа. Хувь хүний талаас эерэг, аз жаргалтай байгаа хэдий ч, нийгмийн нөхцөл байдлаа харахаар сөрөг мэдрэмжтэй байгаад байна.

Залуучууд нийгмийн асуудлуудад яаж хандаж байна вэ?

-Улс төр болон нийгмийн асуудалд хандаж байгаа хандлагаар нь залуу үеийн дийлэнх олонх нь сул идэвхгүй хэв шинжтэй байгаа. Өөрөөр хэлбэл, идэвхгүй буюу хувь тавиландаа итгэх байдалтай байна. Ийм хэв шинжийн хүмүүс нийгэмд болж байгаа үйл явдалд оролцох сонирхол багатай байдаг. Яагаад сул идэвхгүй гэж тодорхойлж байна гэхээр саяхан болж өнгөрсөн нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн ирцээс харж болно. 18-29 насны сонгогчдын ирц 30 гаруй хувьтай, 45-аас дээш насныхны 50 хувь, 65-аас дээш насныхны 70 хувь нь саналаа өгсөн байсан.

Монголын хувь заяаг одоогийн залуучууд 10 жилийн дараа гэхэд салбар бүрд авч явна. Тэдний сэтгэл зүйн чадамж ямар байх ёстой гэж харж байна. Одоо ер нь хэр төлөвшиж байна вэ?

-Одоо цагт залуучуудын ихэнх нь өөрсдийн эзэмшсэн мэргэжлээс гадна хувь хүний хөгжил талдаа сурах, хөгжих, сонирхох, идэвх сайтай болсон. Сэтгэл судлалын шинжлэх ухааныг ч ихээхэн сонирхож подкаст, ном зэргийг их хардаг, уншдаг болсон байна. Залуучуудын сэтгэл зүйн чадамж талаас EQ буюу сэтгэл хөдлөлийн чадамж хамгийн чухал. Өөрийнхөө сэтгэл зүйн онцлогийг сайн мэддэг буюу би ямар үед бухимдаж тавгүйтдэг вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Яавал сэтгэл зүйгээ тогтвортой байлгах вэ. Цаашлаад бусадтай харилцах харилцаанд ч өөр хэн нэгнийг сайн ойлгож харилцах нь чухал юм.

Залуучуудын өдөр тутмын амьдралын хэв маягт сошиал орчинд өнгөрүүлэх цаг хугацаа тодорхой хувийг эзлэх боллоо. Энэ нь залуучуудын нийгмийн сэтгэл зүй бүрэлдэн тогтоход ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Бид сошиал орчинд их цаг хугацаа өнгөрүүлж байгаа нь бидний сэтгэл зүйн тогтвортой байдалд нөлөөлөх шалтгаан болж байгаа. Нойргүйдэл, биеийн эрүүл мэндэд хамгийн түрүүнд сошиал хэрэглээ сөрөг нөлөөтэй байна. Дээрээс нь амьд бодит харилцааг багасгаж байна. Гэртээ ирсэн хойноо эцэг эх нь ч, хүүхдүүд нь ч утаснаасаа зүүгдээтэй байгаа нь том аюул. Бид энэ асуудлыг сайн мэддэг ч бодит арга хэмжээ авдаггүй. Яг л тамхи татдаг хүмүүс тамхины хор хөнөөлийг сайн мэддэг ч үл тоодогтой ижил юм.

-Эерэг болон сөрөг нөлөө нь юу вэ?

-Эерэг нөлөөний хувьд байнга уулзаад холбогдоод байж чадахгүй байгаа хүмүүс хялбар байдлаар бие биетэйгээ харилцаж байна. Сошиал хэрэглээ өөрөө орчин цагт мэдээлэл х арилцааны үндсэн хэрэглүүр болсон. Сөрөг талаас цензургүйгээр аливаа мэдээллийг үнэн мэт шууд хүлээж авах, нийгэмд таагүй сөрөг мессэжүүдийг хүргэх шалтгаан болсон. Гэр бүл, эцэг эхчүүд насанд хүрээгүй ялангуяа бага болон дунд ангийн хүүхдүүдийн гар утасны хэрэглээг сайтар хянах шаардлагатай гэж харж байна.

Сошиал орчныг ашиглахдаа сэтгэл зүйгээ яаж авч явбал зохилтой вэ?

-Тухайн хувь хүн өөрөө цагийн менежменттэй байх буюу өдөрт хэр удаан сошиал орчинд идэвхтэй байх вэ гэдгээ шийдэх нь чухал.

-Сошиал орчин инфлүүнсэр гэх шинэ ажлын байрыг бий болголоо. Тэдгээр хүмүүсийн зарим нь зорилготойгоор сошиал орчинд хэт нэг талыг барьсан, эсхүл сөрөг мэдээллүүдийг тарааж байгаа нь харагдах болсон. Үүнд залуу үеийнхэн яаж хандвал зохилтой вэ?

 

-Инфлүүнсэр хүмүүсийн хувьд тэдний нөлөөлөх нөлөөлөлд автахгүй байхад тухайн хувь хүн өөрөө цензуртэй, аливаа хүлээж авч байгаа мэдээллээ эргээд хянадаг, судалдаг байх нь чухал. Гэхдээ залуучуудын инфлүүнсэр гэж үнэлж харж байгаа хүмүүст тавих ерөнхий шаардлага өндөрссөн. Яагаад гэхээр өмнө нь хөөрхөн, сайхан гэх мэт гадаад байдалд татагдаж олон дагагчтай байдаг байсан бол сүүлийн жилүүдэд тухайн хүний үзэл бодол, амьдралын хэв маяг нь үнэхээр амьдралтай ойр байна уу гэдэг талаас сэтгэл хөдлөлөөр биш илүү логик, рациональ талаас харж дагадаг болсон байна.

Нийгмийн сэтгэл зүйд сэтгүүл зүйн салбар хамгийн их нөлөө үзүүлдэг байх. Энэхүү салбар сошиал орчинд хэрхэн ажиллавал зохилтой вэ?

-Хамгийн зөв сэдвийг хөндлөө гэж бодож байна. Сэтгүүл зүй өөрөө ёс зүйн зарчмаа баримталдаг байх нь чухал. Бусдыг гүтгэх, гутаахгүй байх, бичсэн мэдээ мэдээллийнхээ хариуцлагыг хүлээдэг. Буруу ташаа мэдээлэл хүргэсэн бол эргээд засаж залруулдаг байх нь чухал. Хүний ухамсар сэтгэл зүй өөрөө эерэг гэхээс илүү сөрөг зүйлд амархан автдаг. Жишээ нь, дөрвөн хүн чамайг магтаад сайхан үг хэлээд ганцхан хүн чамд сөрөг зүйл хэлбэл тухайн хүн эерэг мэдээлэлд нь биш, сөрөг шүүмжид илүү анхаарч тухайн асуудлыг илүү удаан бодох хандлагатай байдаг. Тэгэхээр нийгэмд хүргэж байгаа эерэг сайн, сайхан мэдээллээс илүү сөрөг утга агуулгатай мэдээллүүд яагаад олон хүнд илүү амархан хүрдэг шалтгаан энэ юм. Тиймээс болохгүй бүтэхгүй байгаа зүйлсээ дурдах хэдий ч нийгмийн сайн сайхан, гэрэлтэй гэгээтэй тал руу ард түмний сэтгэл зүйг хөтөлж чиглүүлэх нь сэтгүүл зүйн салбарын нэг үүрэг юм.

 

Б.Баярмаа