Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй DNN.mn

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоолыг баталсан. Маргааш буюу арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх уг тогтоол хэрэгжиж эхэлнэ. Мөн улсын дугаар шинээр олгох ажлыг АТҮТ хариуцдаг байсан бол маргаашаас Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцахаар болжээ.

Нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах найман шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  2. Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5 заасан төлбөрөө барагдуулсан байх;
  3. Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх;
  4. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу даатгуулсан байх;
  5. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь  “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
  6. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх.  /2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс/
  7. Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;
  8. Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх. /2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс/

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно.

  • Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;
  • Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
  • Зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  • Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө нь байх.
  • Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх;
  • Шалгуур үзүүлэлтийн дагуу эхний сар улсын дугаар авч чадаагүй жагсаалтад байгаа иргэн, хуулийн этгээдийн дараалал нь дараа сарын хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн өмнө байх.

Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарыг дараах аргачлалаар олгоно.

4.1. Иргэн, хуулийн этгээд Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан /хуучнаар/ “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар авах хүсэлт гаргана.

4.2. Энэ шалгуур үзүүлэлтийн 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авч, сар бүрийн 1-ний өдөр шинээр эрэмбэлэн, дараалал тогтоон, дарааллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Булгамаа: Хэзээ нэгэн цагт энэ асуудал нууцаас гарч Н.Өнөрцэцэг үнэнийг хэлэх өдөр ирнэ DNN.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурлыг өчигдөр хаалттай хэлэлцэж, 4.9 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг сонссоны дараа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ.


Өмгөөлөгч Д.Оросоо: -Өмгөөлөгч нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сайн ажилласан гэж үзэж байгаа. Гэтэл Монгол Улсад шүүхийн байгууллага цаашид хүний эрхийг хэрхэн дээдлэх вэ гэдэг асуудал тавигдлаа. Өмгөөлөгч нар хүний эрхийг дээдэлсэн төрт ёсонд итгэж буй. Бидэнд одоо хяналтын зарчмаар гомдол гаргах нэг эрх бий. Н.Өнөрцэцэг сэтгэл санаа тайван байгаа. Найман өмгөөлөгч оролцож, мэтгэлцэхэд Н.Өнөрцэцэг өөрөө хэргийн талаар тодорхой ойлголттой боллоо. Өөрөө ч өмгөөлөгч нартаа тодорхой талархал илэрхийлсэн. Хуулийн хүрээнд боломжит бүх арга хэмжээг шат шатанд нь аваад явна гэдгийг хэлье.

Өмгөөлөгч Р.Булгамаа: -Энэ шүүхийн шийдвэрийг ард түмэн чих тавин хүлээж байлаа. УИХ-аас батлан гарсан, хүний эрхийг хамгаалах хууль амьдралд хэрхэн бууж байна гэдгийг илэрхийлэх түүхэн шийдвэр юм.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ гэлээ. Хуульч хүний хувьд, үүнийг хууль зүйн шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадахгүй юм байна. Хүний эрх зөрчсөн маш олон үйл ажиллагаа явагдсаныг бас өнөөдөр олж мэдлээ. Хүн тодорхой гэмт хэрэгт шалгагдсан ч хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд эрхийг нь эдлүүлэхгүй байгаа асуудлууд байна. Хоёр улсын яллагчаас тодруулж асуухад бодитой хариулт өгч чадахгүй байсан. Иймд нааштай шийдвэр гарна гэж итгэсэн. Олон улсын гэрээ конвенц Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилдэг. Олон үндэслэл гаргаж тавьсан. Харамсалтай нь ийм шийдвэр гарлаа. Дахин хэлэхэд, хэзээ нэгэн цагт энэ асуудал нууцаас гарч Н.Өнөрцэцэг үнэнийг хэлэх өдөр ирнэ.

Өмгөөлөгч З.Хүрэлсүх: -Нээлттэй явуулах боломж байсан. Нууц задруулах хэсгээ хаалттай, үлдсэн хэсгийг нээлттэй хэлэлцье гэсэн. Гэтэл бүхэлд нь хаалттай явуулна гэж шийдсэн. Дараа нь, Давж заалдах шатны шүүх өөрөө онцлогтой, хялбаршуулсан байдлаар явагддаг. Бидний хувьд байж болох, одоо мөрдөгдөж буй хуулийн хүрээнд зөрчигдсөн, хүний эрхийг дордуулсан асуудлыг гаргаж тавьсан. Эдгээр нь яагаад ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй үндэслэлүүд. Хэрвээ Монгол Улс шүүхтэй бол Дээд шүүх энэ хэргийг заавал хэлэлцэх ёстой. Түүнчлэн төрийн нууцтай холбоотой ийм төрлийн хэргийг цаашид яаж хэлэлцэх вэ гэдэг кейс бол энэ байсан. Нууц гээд хаалттай шалгадаг ийм хэм хэмжээ манай хуульд байхгүй. Бусад яамдаас санал авч байгаа, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ч хангалтгүй санагдаж байна. Шүүхийн шийдвэр өөрөө учир битүүлэг. Олон жилийн өмнөөс л шүүхийн шинэтгэл гэж ярьсан, урагшаа ахиагүй байна гэж харж байна. Олон өмгөөлөгч мөр зэрэгцэн зургаан цаг ажилласны хувьд үүнийг хэлж буй юм. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд сонсгох ёстой. Өөрсдөө сая шууд дамжуулсан. Хаалттай хэлэлцсэн учраас үндэслэлээ дурдсангүй. Бид баталгаа гаргаж, хэргийн нууц гэх бүх баримттай танилцсан. Танилцсан учраас ийм үндэслэлүүдийг итгэл төгс гаргаж тавилаа шүү дээ.

Хэрэв Улсын Дээд шүүх хэргийг хэлэлцэхгүй гэвэл процесс ингээд дуусна. Хэлэлцвэл эцсийн байдлаар нэг талд нь гаргана гэсэн үг. Процессын хэм хэмжээний дутагдалд л ихээхэн нөлөөллөө. Шүүхийн тогтоолыг гар дээр өгөхгүй гэлээ. Н.Өнөрцэцэгийг гэрийн хорионд оруулсан. Хоёрдугаарт, долдугаар сарын 1-нээс долдугаар сарын 18-ны хооронд хорооноосоо гарахыг хязгаарласан. Иргэний халдашгүй байдалд халдсан энэ нөхцөл байдлыг бид цаашид ярих ёстой. ХЭҮК очиж уулзаад өнгөрөх асуудал биш. Н.Өнөрцэцэгээс гадна олон хүн зорчих эрхээ хязгаарлуулдаг. Үндэслэл нь ойлгомжгүй. Яагаад Н.Өнөрцэцэгийн 161 хоног эрх хязгаарлуулсныг шүүхийн шийдвэрт оруулж болохгүй юм бэ гэж маргасан.

Г.Балгармаа

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Чимэддорж: Хэмнэлтийн хуулиа хүчингүй болгохоос ирэх жилийн төсвийн зарцуулалт эхэлнэ DNN.mn

Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ 2025 оны төсөв хэлэлцээд дуусах шатандаа явж байна. Нэлээд хэл ам дагуулж буй ирэх жилийн төсвийн онцлог юу байв?

-Ирэх жилийн төсвийн онцлог нь зорилгогүй. Төсөв батлах бол санхүүгийн нөөцийг хуваарилах төдий зүйл биш. Төсөв бол улс орны хөгжлийн тодорхой бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хязгаарлагдмал санхүүгийн нөөцийг үр ашигтайгаар хуваарилах үйл явц юм. Дэлхий тэгж ойлгодог, улс орнууд тэгж төсвөө баталдаг. Энэ жилийн төсвийн тухайд хэлбэл, эхлээд мөнгөө юунд зарцуулахаа УИХ-д өргөн барьчихаад дараа нь 2025 оны хөгжлийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Мөнгөө хувааж авчихаад дараа нь зөвтгөх юмаа ярья гэж байгаатай агаар нэг. Тийм учраас онцлог нь зорилгогүй төсөв гэж байгаа юм. Шуудхан хэлэхэд, татвар төлөгчдийн мөнгийг хувааж авчихаад дараа нь ард түмэндээ юу гэж тайлбарлах вэ гэцгээж байна. Цаашдаа ийм байх юм бол нам байгуулж, улс төр гэж тоглосон бүлэг хүмүүс татварын мөнгийг хувааж аваад ард түмэндээ нэг юм тайлбарладаг болно.

-Маш өндөр зардалтай, алдагдалтай төсөв орж ирж байна гэсэн шүүмжлэл байна. Зарим гишүүд төсөв буцаахаар гарын үсэг цуглуулаад эхэллээ. Хэрэв төсөв задарвал дахиад шинээр хэлэлцэж амжих болов уу. Ер нь төсөв баталж чадахгүй хойшилбол УИХ тарах уу?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагууд бий. Тэр нь энгийнээр хэлбэл, хөнжлийнхөө хэрээр хөлөө жий л гэдэг агуулгатай юм. Эрх баригч МАН энэ шаардлагыг тойрох, бултах аргаа олон жил хэрэглэж бүр дадчихсан. Улс орны эдийн засаг хөгжөөд байгаа юм алга, нүүрс ухдаг эксковаторын шанага томорч, нүүрс зөөдөг машины тоо нэмэгдсэнээс өөр гавьсан юмгүй. Нүүрс, зэсийн үнэ өндөр байгаа үед орж ирсэн орлогоо үрэн таран хийж байна, орж ирээгүй орлогыг өндрөөр төсөөлж өр тавьж байна.

 

Энэ талаар төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Дэлхийн банкнаас эхлээд дотоод гадаадын олон байгууллага, эдийн засагчид олон тайлан, зөвлөмж өгсөн. Нэгэнт байгаа хугацаагаа ашиглаад цемент цутгаад, юм хийсэн болж харагдаад өнгөрье гэсэн харь элэгтэй хүмүүст бол ёстой нөгөө илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг болдог гэдгийг харцгааж байна. Гишүүд гарын үсэг цугуулж эхлээд явж байна. Гэсэн ч хүч түрээд батлаад явах биз. Ер нь эрх баригчид УИХ-ын бүрэн эрхэд удаа дараа халдаж, зарим талаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүсгэж дураараа авирлацгааж байгаа. Яваандаа нийгмийн эсэргүүцлийг нэмж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэнэ.

-Төсвийн бодлогын алдааны үр дагавар юу байж болох вэ?

-Төсөвт бодлого байхгүй гэдгийг дээрх хоёр жишээ харуулж байгаа биш үү. Зорилго алга, хязгаар алга. Тэгэхээр бодлого байгаа бол улс орноо сүйрүүлэх л бодлого байгаа юм байна гэж хэлэх ёстой байх. Үр дагавар нь тодорхой шүү дээ. Улстөрчид төсвийн зардал, төрийн өмчийн компаниудаар дамжуулж нийт эдийн засгийг удирддаг боллоо. Дарга нарын ойр тойрныхны компаниуд хамгийн шилдэг үйлдвэрлэгчид, ЖДҮ эрхлэгчид болж төрөөс татаас дэмжлэг авна. Зарим салбарт төртэй хамтардаггүй, цэвэр бизнесийнхнээ шахна. Төр хүмүүсийн эрх чөлөөг, тусгаар тогтнолоо хамгаалдаг институци байхаа больж нүд нь улаан хүмүүсийн очихыг мөрөөддөг газар болж хувирна. Улс орныхоо хөгжил дэвшлийг олон жилээр хойш татаж, чөлөөт нийгмийг устгаж байгаа л үйл явцын нэг хэсэг.

-Эрчим хүчний реформ хийж байна, цахилгааны үнэ нэмэх нь зайлшгүй гэсэн зүйл их яригдах боллоо. Энэ асуудалд АН-ын бүлгийн зөвлөхийн хувьд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Дэлхийн эрчим хүчний шилжилтийн эрин үе ид дундаа явж байна. Эрчим хүчний шилжилт гэдэг нь нэгдүгээрт цахилгааны хэрэглээ рүү явж байна. Уул уурхай, тээвэр, барилгын хүчирхэг техникүүд цахилгаанаар ажилладаг болж байна. Өгөгдөл хадгалдаг, боловсруулдаг аварга байгууламжууд, гега үйлдвэрүүдийн роботууд бүгд цахилгаан хэрэглэж байна. Аж үйлдвэрийн салбар, түүний нийлүүлэлтийн хэлхээ тэр чигээрээ цахилгаан дээр суурилж байна. Айл өрхийн ахуй орчинд цахилгаанаар тэжээгддэг юмс улам олон болж байна. Хоёрдугаарт, цахилгаанаа цэвэр сурвалжаас үйлдвэрлэдэг болж байна. Нар, салхи, ус, ногоон устөрөгч гээд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн нөөцийн ашиглалт нэмэгдэж байна. Гуравдугаарт, цахилгаан хангамж хил хязгааргүй болж байна. Эрчим хүчний нөөц, хэрэглээ хоёрыг холбодог шугамны технологи сайжирсан. Үүнийг эрчим хүчний шилжилт гээд байгаа юм. Гэтэл манайд нүүрсний станц нэмж бариад, сэргээгдэх эрчим хүчний салбараа орхиж байна. Хэлж байгаа тунхагаас нь үзвэл дотоодын хэрэгцээгээ нүүрсний станцаар хангахын тулд цахилгааны үнэ нэмэхийг эрчим хүчний реформ гэж нэрлэж байгаа юм байна. Би нэг тоо хэлье 770 МВт чадалтай “ДЦС-IV” нэг КВт/ц цахилгааныг хоёр центээр төвийн эрчим хүчний системд нийлүүлдэг. Шинээр баригдаж буй 600 МВт-ын Бөөрөлжүүтийн станцын гэрээ нь бараг есөн цент, саяхан шав тавиад байгаа Баян суман дахь 600 МВт -ын нүүрсний станц мөн есөн цент гэнэ. Энэ хоёр станцын цахилгаан нийлүүлэх гэрээ нь 25 жилээс урт. Дээр нь ашиглалтад орсон нар салхины станцууд бий. Үнэ нь нүүрснээсээ үнэтэй. Арван жилийн дараахь эрчим хүчний хувьд тусгаар тогтносон Монгол Улсыг төсөөлцгөөе. 1КВт/ц цахилгааны бөөнөөр нийлүүлэх үнэ нь найман центээс буухгүй нь. Энэ үнэ өнөөдөр Хятадад дөрвөн цент, АНУ-д дунджаар таван цент. Цахилгаан бол үйлдвэрлэл, үйлчилгээ гээд ер нь амьдралд хэрэгтэй бүхний өртөгт ордог, аж үйлдвэрийн салбарын суурь зардал болдог бүтээгдэхүүн. Бид ийм үнэтэй цахилгаантайгаар ямар ч бүтээгдэхүүнээр өрсөлдөж чадахгүй. Аж үйлдвэрийн салбар хөгжихгүй. Тиймээс би хөгжил дэвшлээ цахилгааны үнээр боомилох лоббиг эрчим хүчний реформ гэж нэрлэж болохгүй гээд байгаа юм.

-Тэгвэл эрчим хүчний салбартаа бид юу хийх ёстой вэ?

-Бид аварга том зах зээлийн дэргэд байгаа эрчим хүчний далай шиг нөөц дээр сууж байгаа ядуу ард түмэн. Өнөөдөр зарж байгаа нүүрснийхээ орлого дээр овоорч, улс төр болж тоглож, хоорондоо хэмлэлдэж, хуйвалдах бол бодлого биш. Ядуу ч гэсэн ухаантай байх хэрэгтэй. Эрчим хүчний салбарын технологи хөгжиж, үнээрээ нүүрстэй өрсөлдөх түвшинд ирлээ. Дэргэд нь зах зээл, ашгийг нь олоод харчихсан бизнес, хөрөнгө оруулагчид байна. Эрчим хүчний шинэ эрин рүү дэлхий нүүж байна. Улс орныхоо аюулгүй байдал, урт хугацааны тогтвортой хөгжлөө бодоод эрчим хүчний салбарын өсч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт нүүрсний станц шиг урт хугацаа шаарддаггүй. Орчин нөхцөл нь тодорхой, Засгийн газар нь амласнаа биелүүлэх итгэл үнэмшил төрүүлж байвал 2-3 жилийн дотор бүтээн байгуулалтаа хийчихнэ. Бид дотроо хэмлэлдэх биш, гадагшаа гарах хэрэгтэй байна. Алсын зорилгогүй бол ойрын бэрхшээлдээ түүртэхээс цааш гарахгүй.

-Улс төрийн намын тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн мөрдөгдөх ёстой. Танай нам бэлтгэл ажлаа хэр хангаж байна вэ?

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар намын дүрэм, хөтөлбөр, зохион байгуулалтыг хуульд нийцүүлэхээр заасан. Энэ хуулийг батлагдах үед нь сонгуулийн дараа хэрэгжүүлэх нь зөв гэж үзээд дагаж мөрдөх журмын тухай хууль гаргасан. Хуулийн хугацаандаа багтаж шинэчлэл өөрчлөлтөө хийх ёстой. Одоо хоёрхон сарын хугацаа үлдээд байна. Улс төрийн намууд хөрөнгө мөнгөний нөлөөнөөс ангид, дотоод ардчилалтай институци болох энэ чухал өөрчлөлтөө яаралтай хийх ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жилийн өмнө улс төрийн намын тухай хууль бол авлигаас ангижрах, төр цэвэрших чухал өөрлөлтийг цаг алдалгүй хийлээ гэж мэдэгдэж байсан. Үүнээсээ ухрахгүй гэж найдаж байна.

-Ковидын үеэр түр хугацаатай батлагдсан Төрийн хэмнэлтийн хууль яагаад өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байна вэ. Ингэхэд энэ хуулийг цуцлах болоогүй юу. Хэрэв цуцлахгүй бол дэд сайдуудаа тавьж чадахгүй биз дээ. Тэгээд ч төсөв тэлж байгаа нь хэмнэлтийн хуулиа зөрчиж байгаа юм биш үү?

-Өмнө нь батлагдсан төрийн хэмнэлтийн хууль гэдэг нь ч өөрөө утга агуулга муутай. Засгийн газар ерөөсөө л аль болох хэмнэж байх ёстой. Нийслэл таван дэд даргатай, төрийн өмчийн компаниуд таван дэд захиралтай, агентлагуудын дарга нар орлогчтой, хоёр жил тутамд төмөр хүлгээ сольж, таван жил тутамд оффисстоо засвар хийгээд байж болохгүй. Энэ бол Засгийн газрын үйл ажиллагааны суурь зарчим. Ингэж чадахгүй, албан тушаалтнууд нь дураараа дургиад байгаа учраас түр хууль гаргаж хязгаарласан санаатай. Төрийн үрэлгэн байдлаа засч залруулаагүй, төсвийн төлөвлөлтөө сайжруулаагүй байж Төрийн хэмнэлтийн хуулиа хүчингүй болгоё гэж байгаа бол одоо тарган төсөвтэй, гар татах шаардлагагүй боллоо гэж үзэж байгаа хэрэг. Хэлэлцэж буй төсвөөс үзвэл эрх баригчид хэмнэх талаар огт бодохгүй байгаа нь илэрхий. Харин ч үрэн таран хийе гэсэн төсөв баталж байгаа улс хэмнэлтийн хуулиа цуцалъя гэх биз. Цаана нь дэд сайд, төрийн өмчийн компаниудын дэд даргыг томилох, томилогдсон дарга нарын өрөө тасалгааг тохижуулж, унаа машинтай болгох их хэрэгцээ ундарч байгаа нь тодорхой. УИХ-ын зарим гишүүний шогшроод байгаа урсгал зардлын өсөлтөөс харахад хэмнэлтийн хуулиа хүчингүй болгохоос ирэх жилийн төсвийн зарцуулалт эхэлнэ.

-Хэмнэлтийн хууль сонин хэвлэлд хамгийн их нөлөөлж байгаа. Энэ хууль батлагдсанаас хойш төрийн түшээд сонин захиалж уншихаа байсан. Сонин уншихгүй улс яаж хууль гаргах юм бэ?

-Сонин захиалах мөнгө хэмнээд хэмнэлт болно гэж үү. Ёстой тэрэг ноосонд нэг хялгас гэдэг шиг сонсогдож байна. Хэмнэлтийн хууль хэрэгжиж байхад 1.7 тэрбум төгрөгөөр хоршоолох хөдөлгөөнийг сурталчилна гээд хэдхэн телевиз, сайтад хуваагаад өгчихсөн байна билээ. Энэ чинь бүтэн телевиз байгуулах мөнгө биз дээ. Өнөөгийн эрх баригчид чөлөөт хэвлэлд халтай, өөрийгөө магтдаг хэдэн хэвлэлтэй болохыг л мөрөөддөг, тэрнийгээ л санхүүжүүлдэг болчихсон. Харин өдөр тутам бодит мэдээллийг хүргэж байдаг, төр засгаас ил тод байдлыг нь нэхэж байдаг, алдаа дутагдлыг нь шүүмжилсэн дуу хоолойг дамжуулж байдаг чөлөөт хэвлэл, хүчирхэг редакц бол ардчиллын, чөлөөт нийгмийн бат тулгуур. Тийм учраас өдөр тутмын хэвлэлээ захиалж уншдаг, болж буй үйл явдлын талаар мэдээлэл авдаг байх хэрэгтэй. Төр, хувь гэлгүй нийтийн сүлжээний сенсаци дагаж хуйларцгаагаад байвал цаг ороо бусгаа, тогтсон шийдвэргүй, олсон гарцгүй дороо мунгинасаар л байх болно. Унших хэрэгтэй, ялангуяа “Өдрийн сонин” шиг хэвлэлийг захиалж уншиж байх хэрэгтэй.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр улаан хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 8, Сугар гариг. Билгийн тооллын 7, Яруу эгшигт одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 07:48 цагт мандаж 17:24 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна DNN.mn

Цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9…-14 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 0…-5 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10…-12 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -9…-11 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Хандгай агнахаар явсан “анчид” туулай хөөгөөд төөрчих юм даа” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай ярилцлаа. Тэрбээр “Анх удаа 32 эмэгтэй гишүүнтэй парламент бүрдлээ” Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурлыг өчигдөр хаалттай хэлэлцэж, 4.9 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг сонссоны дараа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хандгай агнахаар явсан “анчид” туулай хөөгөөд төөрчих юм даа” хэмээн өгүүллээ.

Олон улс судлаач, философийн шинжлэх ухааны доктор Д.Дашпүрэв “П.Трампын ялалт Орос, Украины дайны дэлхийг хамрах хүрээг багасгана” хэмээв.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Хотын дугаар шинээр олгохгүй болсонтой холбогдуулан “Да хүрээ” захаас сурвалжиллаа

Байгаль орчны гавьяат ажилтан Д.Нэргүй “Ойн салбарт 50 гаруй жил зүтгэхдээ 60 сая мод тарьж ургуулаад байна” гэлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Эрдэмтдийн хийсэн бас нэгэн
шинэ нээлт

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Фрэнк Херберт “Манханы хүүхдүүд”


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Оршин суух үнэмлэхийг ямар тохиолдол дахин олгох вэ DNN.mn

Оршин суух үнэмлэхийг ямар тохиолдол дахин олгох вэ?

  • Оршин суух үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн зөрчлийг арилгасан
  • дүр төрхийн өөрчлөлт орсон
  • иргэний харьяалал, овог, нэр, төрсөн огноо, хүйс өөрчлөгдсөн бол оршин суух үнэмлэх дахин авах хүсэлт гаргана.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

  • Оршин суух үнэмлэх дахин авах тухай байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүсэлт
  • Паспорт, паспортыг орлох баримт бичиг
  • Оршин суух үнэмлэхний цээж зураг /
  • Тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Галлагааны улиралд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлээрэй DNN.mn

Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Б.Угтахбаяр “Галлагааны улиралд айл, өрхийн угаарын хий мэдрэгч тоног төхөөрөмжийн ажиллагаа хэвийн бус, зуухны галлагааны горим болон бүрэн бүтэн байдал алдагдах зэрэг нөхцөлөөс үүдэн угаарын хийд хордох эрсдэл нэмэгддэг.

Иймд, иргэд угаар мэдрэгч тоног төхөөрөмжийн ажиллагаа, зай, сигнал, зуухны бүрэн байдлыг тогтмол шалгаж байх ёстой. Мөн зуухны завсраар угаар болон бусад төрлийн хий ялгарч байгаа эсэхийг шалгаж хэвшсэнээр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх боломжтой” гэв.

Categories
мэдээ спорт

С.Чинзориг жүдо бөхийн “Мастерс”-ын дэлхийн аварга боллоо DNN.mn

АНУ-ын Лас Вегас хотноо жүдо бөхийн гранд мастерс буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд болж байна. Тэгвэл уг тэмцээний “М-3” ангиллын 40-44 насны 66 кг-ын жинд Сономдагвын Чинзориг алтан медаль хүртлээ.

Энэхүү тэмцээний эхний өдөр “М-6”, “М-7”, “М-8”, “М-9” ангиллын тамирчид өрсөлдсөнөөс “М-6” буюу 55-59 насны 60 кг-ын жинд Х.Нямдорж алтан медаль, “М-6” буюу 55-59 насны 60 кг-ын жинд Орхон аймаг Эрдэнэт хот “Хангарьд” клубийн тамирчин Г. Баатарсүрэн мөнгөн медаль хүртэв. Мөн “М-9” буюу 70+ насны 66 кг-ын жинд Сэлэнгэ аймаг “Таван Хан” дэвжээний тамирчин Л. Зандан, “М-3” 40-44 насны ангиллын +100 кг-д А.Давааням хүрэл медаль тус тус хүртсэн талаар Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмэгтэйчүүд хоногт 4.5 цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байна DNN.mn

“Цаг ашиглалтын түүвэр судалгаа 2023” танилцуулах семинарыг Үндэсний статистикийн хороо, Жендэрийн Үндэсний хороо, Тунгаахуй өгөгдлийн урлан хамтран өчигдөр зохион байгууллаа.

Манай улсад эрэгтэй хүн хоногийн 24 цагийн 343 минутыг хөлстэй хөдөлмөрт зарцуулж байгаа бол эмэгтэйчүүд 220 минутыг зарцуулдаг байна. Харин хөлсгүй хөдөлмөрт эмэгтэйчүүд өдөрт 4.5 цаг, эрчүүд 2.2 цагийг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин их цагийг эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байна. Энэ талаар Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг “Бид жилийн хугацаанд улсын хэмжээнд 23.394 өрхөд судалгаа хийсэн. Ингэхдээ сар бүр тухайн өрх дээр мэдээллийн ажилтан очиж, мэдээллийг нь авч байсан. Судалгаагаар хоногийн 24 цагт ямар, зүйл хийж байгааг хүн тус бүрээр нь судалсан. Нас, хүйс, ажил эрхлэлтийн онцлогоос шалтгаалан өөр үр дүн гарсан. Хүйсээр нь авч үзвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөлстэй хөдөлмөрт зарцуулж байгаа цаг ялгаатай байна. Жишээлбэл, эрэгтэй хүн хоногийн 24 цагийн 343 минутыг хөлстэй хөдөлмөрт зарцуулж байгаа бол эмэгтэйчүүд 220 минутыг зарцуулж байна. Эсэргээр нь хөлсгүй хөдөлмөрийн хувьд эмэгтэйчүүд өдөрт 4.5 цаг, эрчүүд 2.2 цагийг зарцуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин их цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулдаг гэдэг үр дүн харагдаж байна. Мөн 12 болон түүнээс дээш насны хүмүүсийн боловсролд зарцуулах цагийг судалсан. 12-17 насны хүүхдүүд өдрийнхөө 263 минутыг боловсролд зарцуулж байна. Энэ насны хүүхдүүдийн хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт зарцуулж буй цаг  бага байгаа учир боловсролд зарцуулах цаг нь өндөр гарсан. Харин 227 минутыг чөлөөт цагтаа зарцуулж байна. 18-24 насны залуус 265 минутыг хөлстэй хөдөлмөрт зарцуудаг. Харин 185 минутыг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа бол боловсролд зарцуулах цаг нь огцом буурч 84 минут болсон байна. Ид хөдөлмөрийн насныхан буюу 25- 29 насны хүмүүсийн хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цаг нь өндөр болж боловсролд зарцуулах цаг нь буурч байна. Хүн насан туршдаа сурч боловсрох ёстой. Гэвч хөдөлмөрийн насны хүн амын боловсролд зарцуулж байгаа цаг хангалтгүй үзүүлэлттэй байна. 60-с дээш насны хүн амын хувьд чөлөөт цаг буюу хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цаг нь ихэсч, хөлстэй хөдөлмөрт зарцуулах цаг нь бага болно. Олон улс тэр дундаа манайхтай ойролцоо хөгжилтэй орнуудтай харьцуулбал хүн амынх нь хөлсгүй хөдөлмөрт зарцуулж буй зөрүү өндөр байна” гэсэн юм.

Мөн бүс нутгийн хувьд алслагдах тусам хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цаг их болж байгааг тус судлагаанд дурдаж байлаа. Энэ талаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр “Цаг ашиглалтын судалгааг монгол хүний амьдралын чанарыг тодорхойлох суурь судалгаа гэж харж болно. Судалгааны үр дүнг дүгнэн харахад 12-17 наснаас эхлэн хөвгүүд охидоос  1.8 дахин их цагийг  хөлстэй хөдөлмөрт зарцуулж байна. Харин охид 1.5 дахин их цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байна. Эмэгтэйчүүд орлоготой байх, эдийн засгийн хувьд хараат бус байх, хүчирхийллээс ангид байх, улс төрд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа нь үүнтэй холбоотой. Тиймээс цаашид салбар бүр дунд, урт хугацааны хөгжлийн бодлогоо жендерийн мэдрэмжтэй төлөвлөх шаардлагатай. Бүс нутгийн хувьд алслагдах тусам зөрүү өндөр гарч байгаа юм. Тухайлбал, хөлсгүй хөдөлмөр эрхлэлт хотод хоёр дахин өндөр байгаа бол алслагдах тусам энэ тоо 2.3 дахин өнсөж байна” хэмээн ярилаа. Нийслэлийн иргэдийн хувьд тодорхой хүчин зүйлсүүдээс болж цаг хугацаагаа үргүй өнгөрөөх нь бий. Тухайлбал, түгжрэлийг дурдаж болно. Тэгвэл нийслэлийн иргэд ажилдаа ирж, очих цаг өмнөх жилүүдээс илүү их болжээ. Энэ талаар Нийгмийн статистикийн хэлтсийн дарга Д.Даваажаргал “Улсын хэмжээнд 27 минутыг ажилдаа ирж очиход зарцуулж байна. Байршлаар нь авч үзвэл нийслэлд ажилдаа ирж очих хугацаа дунджаар 41 минут байдаг бол аймгийн төвийн иргэд хувьд 17 минутыг зарцуулж байна. Харин сумын төвийн иргэд 24 минутыг зарцуулж байна гэсэн үр дүн гарсан. Өмнөх судалгаануудтай харьцуулбал, нийслэлийн иргэдийн хувьд ажилдаа ирж, очих хугацаа бага зэрэг өссөн. Мөн олон улсад хүйсээр нь хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа хугацааг судалж, үр дүнг гаргасан. Тухайлбал, Мексик улсад эмэгтэйчүүд нь илүү их цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байна гэх үр дүн гарсан. Монгол Улсын хувьд энэ ялгаа нь Мексиктэй харьцуулахад бага ч гэсэн 0.33 функтээр л ялгаатай гарч байна. Гүрж, Япон, Мексик зэрэг улсуудад энэ ялгаа нь өндөр харагдаж байна. Мексикт эмэг­тэйчүүд нь 24 цагийн 27.8 хувийг хөлс­­гүй хөдөлмөрт зарцуулдаг бол эрэг­­тэй­чүүд нь ердөө 11.1 хувийг л хөлс­гүй хөдөлмөрт зарцуулдаг” гэсэн юм.

Сонирхуулахад, Манай улсын эмэгтэйчүүд 19 хувь, эрэгтэйчүүд 9.2 хувийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа нь судалгааны үр дүнгээр гарчээ. Тиймээс бид эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цагийг багасгах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолж байлаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин