Categories
мэдээ нийгэм

Эрдэмтдийн хийсэн бас нэгэн шинэ нээлт DNN.mn

Олон улсын судлаачдын багийн хийсэн шинжлэх ухааны нэгэн шинэ нээлт хөгшрөлтийг удаашруулж магадгүй байгаа аж. Эрдэмтдийн баг хүний биеийн үүдэл эсээс арьсны эсүүд хэрхэн үүсч буйг тогтоож, тэр ч байтугай лабораторийн нөхцөлд арьсны жижиг хэсгийг бий болгож чаджээ. Энэхүү судалгаа нь хүний биеийн бүх бүрэлдэхүүн хэсгүүд эсийн түвшинд хэрхэн үүсдэгийг судлах өргөн хүрээний хөтөлбөрийн нэг хэсэг юм байна. Судалгааны үр дүнг хүний хөгшрөлтийн явцыг удаашруулахаас гадна түлэгдсэн хэсэгт эрүүл арьс суулгах, элдэв сорви үүсэхээс урьдчилан сэргийлэхэд ашиглаж болох ажээ.

Хүний эд, эрхтэн эсийн түвшинд хэрхэн үүсч буйг тогтоох энэхүү төсөл нь биологийн салбарын хамгийн том судалгааны хөтөлбөрүүдийн нэг юм. Энэхүү төсөл нь олон улсын чанартай боловч төв нь Английн Сангерийн хүрээлэнд байдаг аж. Төслийн удирдагчдын нэг, профессор Музлифа Ханифа “Энэ судалгаа нь янз бүрийн өвчнийг илүү сайн эмчлэх аргыг нээхээс гадна хүний насыг уртасгах, магадгүй бүр залуу харагдах шинэ арга замыг олоход тусална. Учир нь бид арьсны үүсэл хөгжлийг хянаж, хөгшрөлтөөс сэргийлж чадвал үрчлээс бага байх болно. Цаашид хэрэв бид хүний эсүүд үүсч хөгжихөөс хөгшрөх хүртэл хэрхэн өөрчлөгддөгийг ойлгож чадвал бидний эрхтнүүдийг хэрхэн залуужуулах аргыг олох болно. Мэдээжийн хэрэг, энэ нь хол мэт санагдаж байгаа ч судлаачид хүний биеийн хөгжлийн эхний үе шат болох урагт арьсны эсүүд анх хэрхэн үүсдэгийг олж тогтоогоод байна. Анх өндгөн эсээс үр хөврөл үүсэх үед хүний бүх эс ижил байдаг. Гэвч гуравхан долоо хоногийн дараа үүдэл эсийн доторх тодорхой генүүд ажиллаж, бидний биеийн өөр өөр үүрэг бүхий янз бүрийн хэсгүүдийг бий болгож эхэлдэг. Судлаачид хүний хамгийн их хэмжээтэй арьсыг бий болгодог ямар ген, аль цаг үед, яаж ажиллаж байгааг олж тогтоож чадсан. Тусгай урвалжаар будаж микроскопоор харахад эдгээр генүүд нь үлгэрийн бяцхан гэрэл мэт харагддаг.

Улбар шар өнгийн эдгээр генүүд нь арьсны гадаргууг бүрдүүлдэг. Шар өнгөтэй нь үс ургуулахаас гадна хөлрөх, гадны элдэв нөлөөллөөс хамгаалах арьсны бүтцийг бий болгодог гэх мэт бусад олон зүйлийг бид мэддэг болсон. Үндсэндээ манай эрдэмтэд хүний арьс хэрхэн бүтдэг явцыг нээж “Nature” сэтгүүлд нийтлүүлсэн. Хэрэв та үүнийг уншиж ойлгож чадвал гайхалтай боломжууд танд нээгдэх болно. Эрдэмтдийн өөр нэг чухал нээлт бол дархлааны эсүүд арьсны судас үүсэхэд хэрхэн чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг нээж чадсан явдал. Энэ бүхний эцэст бид лабораторид генийн зааврыг хуулбарлаж хиймэл арьс гарган авч чадсан юм. Гэхдээ одоогоор эрдэмтэд үс бүхий арьсны жижиг хэсгүүдийг л гаргаж авсан. Хүний арьс хэрхэн бүтээгдэж буйг мэдсэнээр бид үүнийг түлэгдэлттэй өвчтөнүүдэд шинэ арьс шилжүүлэн суулгахад ашиглах болно. Өөр нэг жишээ гэхэд хэрэв та үсний уутанцар үүсгэж чадвал халзан хүмүүс бүгд үстэй болно. Лабораторид ургуулсан хүний арьсыг төрөлхийн арьсны өвчнийг судлах, эдгээр өвчний шинэ эмчилгээг туршиж үзэхэд ашиглаж болно. Бидний генийн заавар нь төрсний дараа болон насанд хүрсэн үед бидний бүх эд эс, эрхтэнийг хэрхэн ажиллуулж байгааг ойлгох нь маш чухал ач холбогдолтой судалгаа юм” гэж хэлжээ.

Эрдэмтэд энэхүү “Хүний эсийн атлас” төслийн хүрээнд найман жилийн хугацаанд хүний биеийн янз бүрийн хэсгийн 100 сая эсийг шинжлэн судалжээ. Үүний үр дүнд тархи, уушги хэрхэн үүсч буйг олж тогтоосон бөгөөд эдүгээ эрдэмтэд бөөр, элэг, зүрх хэрхэн үүсч буйг үргэлжлүүлэн судалж байна. Уг төслийг үүсгэн байгуулагч, удирдагчдын нэг болох Кембрижийн их сургуулийн профессор Сара Тейчманы хэлснээр дараагийн шатанд хүний бүх биеийн эсийн атласуудыг нэгтгэн гаргах ёстой гэнэ.Тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа “Энэ үнэхээр сэтгэл хөдөлгөм үйл явдал. Учир нь хүний физиологи, анатомийг шинээр харж, хүнийг шинэ байдлаар ойлгох боломжийг бидэнд олгох болно. Энэ нь бидний тухай, бидний эд, эрхтнүүд, тэдгээр нь хэрхэн үүсч, яаж ажилладаг тухай сурах бичгүүдийг дахин бичихэд хүргэнэ. Бид ирэх саруудад хүний биеийн бусад хэсгүүд хэрхэн бий болдог тухай “генетикийн заавар”-ыг нийтлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь эцсийн дүндээ хүн хэрхэн бүтээгддэг тухай илүү бүрэн дүүрэн зургийг бидэнд гаргаж өгөх болно гэжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлахыг дэмжлээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.08) хуралдаан 09 цаг 46 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж, 2025 оны 01 дүгээр сард багтаан Улсын Их Хуралд танилцуулах, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2025 оны 01 дүгээр улиралд багтаан Монгол Улсын Хуралд өргөн мэдүүлэх, төсвийн төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал тогтоолын төслийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагуудыг тогтвортой хангахад хэрхэн нөлөөлж буй эсэхэд үнэлгээ хийж, энэ талаарх дүгнэлт болон авч хэрэгжүүлэх саналаа 2025 оны 01 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй гэсэн бол, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг тогтоолын төслийг  баталбал төрийн болон хөрөнгө оруулалттай холбоотой үйл ажиллагаа явуулах боломжгүй болох тул төсвийн төслийг Засгийн газарт буцаах саналтай байв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар төсвийн тодотголыг 2025 оны II  улиралд багтаан өргөн мэдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Т.Аубакир нар төсвийн тодотголыг 2024 онд багтаан Монгол Улсын Хуралд өргөн мэдүүлэхээр өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Ингээд гишүүдээс гаргасан тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаас тогтоолын төслийн Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2024 оны 12 дугаар сард багтаан хийж, Монгол Улсын Хуралд өргөн мэдүүлэх гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон 14 гишүүний 9 нь буюу 64.3 хувь нь дэмжлээ.

Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг  анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив.

Байнгын хорооноос дэмжсэн саналуудыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна DNN.mn

Энэ онд 87 байршилд авто замын засвар, шинэчлэл хийхээс өнөөдрийн байдлаар 63 байршилд авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтыг бүрэн хийж дууссан. Нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна.

Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн П.Бержанаас тодрууллаа. Тэрбээр “Инженерийн шугам сүлжээ болон авто замын хашлага суурилуулах явцад эвдэрсэн явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна. Хамгийн сүүлд гэхэд Улаанхуарангийн авто замын засвар шинэчлэлтийн хүрээнд явган замын засварыг хийж дууслаа. Гэсэн ч зарим байршилд шугам хоолой зэрэг засварын ажлаас шалтгаалж явган замын ажил бага зэрэг удаашралтай байна. Тухайлбал, Олимпийн гудамжийн 2А магистрал шугамын ажлыг хийж байгаа учраас явган замын нөхөн сэргээлт удааширсан” хэмээлээ.

Харин инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн хүрээнд хийж буй явган замын нөхөн сэргээлтийн талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, Ерөнхий инженер М.Балдандоржоос зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын 2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 18 дулааны магистрал шугамыг шинэчилсэн. Үүнээс гадна инженер хангамжийн байгууллагуудын шугам сүлжээний ажлууд хийгдсэн. Мөн иргэн, хуулийн итгээд буюу аж ахуйн нэгж байгууллагуудын барилгын гадна дэд бүтэц, шугам сүлжээний ажил зэрэг нийт 180 орчим цэг дээр нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбайг сэтлэх зөвшөөрөл авч хэрэгжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавьж, өнөөдрийн байдлаар 5 байршилд ажил хийгдэж байгаагаас энэ 7 хоногт гурван байршилд нөхөн сэргээлт дуусна.

Харин үлдсэн 2 байршил болох 2А магистрал дулааны шугамын нөхөн сэргээлтийн ажил, 11ГД шугамын нөхөн сэргээлтийн ажил үргэлжлээд дуусах шатандаа явж байна. Тодруулбал, 2А шугам дээр захиалагч байгууллага буюу Эрчим хүчний яаманд болон тодорхой хэмжээний тохижилт бүтээн байгуулалтын ажилд албан шаардлага өгч байна. Мөн шинэчилсэн явган замын хавтанг буцааж тавихдаа хагалж эвдсэн зөрчлүүд гарсан. Үүнийг иж бүрэн солиулах албан шаардлагыг захиалагч байгууллага болон төслийн нэгжүүдэд хүргүүлээд ажиллаж байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр: Хааж боосон төсвийг хэдхэн минутын дараа батлах гэж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр төсөв болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлав.

Тэрээр “Хааж боосон төсвийг хэдхэн минутын дараа батлах гэж байна. Үндэсний эвсэл анхнаасаа энэ төсвийг дэмжээгүй. Татвар шимтгэл өндөр байгаа тул ААН-үүдэд тэлэх, томрох боломж олгодоггүй. Төсөв хүнд байгаа тул татвар, шимтгэл бууруулах боломжгүй гэж Сангийн яам дандаа хариулдаг байв.

Урсгал зардал 20 их наяд төгрөг байсан бол одоо 30 их наяд төгрөг болсон.

Иргэдийн зүгээс УИХ-д итгэж байгаа зүйл ч байхгүй, хүлээлт ч байхгүй. Бид иргэдийнхээ итгэлийг олж авах хэрэгтэй, олж авах арга зам нь юу вэ гэхээр улсын төсөв дээр маш хариуцлагатайгаар улс орныхоо эдийн засгийн бааз суурийг тэлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, иргэд хувийн хэвшилд таатай боломжийг бий болгох хэрэгтэй.

Эдийн засгийн хараат байдлаас салаах зорилготой төсөв байх ёстой. Гэтэл маш хурдан хааж боосон байдлаар төсөв батлагдаад хэдхэн хормын дараа санал хураалт явагдах гэж байна” гэв.

Categories
мэдээ спорт

Н.Мөнхшүр оюуны олимпийн аварга болжээ DNN.mn

“ОЮУНЫ ОЛИМП”-ын эхний төрөл болох “Хурдны хөзөр” төрлийн дүн гарчээ.

Насанд хүрэгчдийн ангилал:
Н.Мөнхшүр 19.47 сек
Ц.Оюун-Эрдэнэ 20.62 сек
Ц.Номин-Эрдэнэ 22.05 сек

Бага насны ангилал:
О.Ирмүүн 37.8 сек

Ийнхүү ой тогтоолтын хоёр удаагийн Дэлхийн Аварга, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр хөзөр төрөл дээр медаль авч “ОЮУНЫ ОЛИМПЫН АВАРГА” боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МИАТ компанийн 2024 оны зорчигч нэг саяд хүрлээ DNN.mn

МИАТ компани /2024.11.08/ өнөөдөр өглөө нэг сая дахь зорчигчоо тодруулжээ. Тус компанийн нэг сая дахь зорчигч нь OM301 аяллын дугаартай Улаанбаатараас БНСУ-ын Инчон хот руу нисэх гэж байсан зорчигч, иргэн Б.Гандулам тодорчээ.

Ингээд МИАТ компанийн зүгээс нэг сая дахь зорчигчоо МИАТ компаниар хүссэн чиглэлдээ гэр бүлээрээ нэг удаа зорчих эрхээр урамшуулж, дурсгалын зүйл гардуулжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томиллоо DNN.mn

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг томилжээ.

Тэрбээр АН-ын гишүүн бөгөөд 2016-2020 онд Завхан аймгаас УИХ-д сонгогдож байсан юм.

З.Нарантуяа нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Ажилласан байдлыг дурдвал, Монгол банкны газрын орлогч захирал, “Монгол шуудан” банкны дэд захирал, “Хадгаламж” банкны гүйцэтгэх захирлын орлогч, “Парита энд Партнерс” компанийг үүсгэн байгуулж, УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, Завхан аймгийн Ардчилсан намын хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга гэх мэт албыг хашиж байжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна DNN.mn

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан хангамж болон бусад шаардлагатай гэсэн нийт 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, Ерөнхий инженер М.Балдандоржоос тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд дулаан хангамжийн чиглэлээр 18 байршилд 25.1 км шугам сүлжээ хийсэн. Үүнтэй холбоотойгоор нөхөн сэргээлт, бүтээн байгуулалтын ажлууд цаг хугацааны хувьд багахан хоцрогдолтой байсан хэдий ч өнөөдрийн байдлаар орон сууц, аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтыг бүрэн өгсөн. Мөн 2024-2025 оны өвлийн эрчим хүчний тасралтгүй байдлыг хангах хүрээнд Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг энэ сард төвийн эрчим хүчний системд холбох бэлтгэл ажлыг хангаж байна” гэв.

Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд 6100 тонн давс, 4405 тонн бодис нөөцөлсөн. Мөн нийт долоон дүүргийн 43 агуулахад 82,500 тонн сайжруулсан шахмал түлшийг бэлтгэж, гурван маршрутаар 27 аж ахуйн нэгж байгууллага түгээлт хийж байгаа бөгөөд шахмал түлш борлуулах 545 цэг ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх

-Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар хөдөлгөөн үйлдэх,

-Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,

-Малаа ойрын бэлчээрт хариулах,

-Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй DNN.mn

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоолыг баталсан. Маргааш буюу арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх уг тогтоол хэрэгжиж эхэлнэ. Мөн улсын дугаар шинээр олгох ажлыг АТҮТ хариуцдаг байсан бол маргаашаас Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцахаар болжээ.

Нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах найман шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  2. Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5 заасан төлбөрөө барагдуулсан байх;
  3. Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх;
  4. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу даатгуулсан байх;
  5. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь  “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
  6. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх.  /2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс/
  7. Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;
  8. Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх. /2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс/

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно.

  • Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;
  • Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
  • Зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  • Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө нь байх.
  • Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх;
  • Шалгуур үзүүлэлтийн дагуу эхний сар улсын дугаар авч чадаагүй жагсаалтад байгаа иргэн, хуулийн этгээдийн дараалал нь дараа сарын хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн өмнө байх.

Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарыг дараах аргачлалаар олгоно.

4.1. Иргэн, хуулийн этгээд Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан /хуучнаар/ “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар авах хүсэлт гаргана.

4.2. Энэ шалгуур үзүүлэлтийн 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авч, сар бүрийн 1-ний өдөр шинээр эрэмбэлэн, дараалал тогтоон, дарааллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно.