Categories
мэдээ эдийн-засаг

Энэ оны эхний 10 сард 9579.8 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ DNN.mn

Монгол Улс энэ оны эхний 10 сард ммпортоор 9579.8 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2020.2 сая ам.доллараар буюу 26.7 хувиар нэмэгдсэн байна. Импортын 18.6 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 9.5 хувийг суудлын автомашин, 6.4 хувийг ачааны автомашин, 2.6 хувийг бульдозер, авто хусуур, тэгшлэгч, хамагч, механик хүрз, эксковатор, зам индүүдэгч, үлдсэн хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байгааг Гаалийн ерөнхий газар мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хүний амь насыг хохироож, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоолоо DNN.mn

Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 7-ны шөнийн 01:20 цагийн орчимд “Яргайтын замд байрлах Зуслангийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зүүн замд машинд дайруулсан хүн байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явууллаа.

Шалгалтаар 44 настай, эрэгтэй “Э” нь “Toyota Land-200” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад 28 настай, эмэгтэй, “С”-ийг мөргөж, амь насыг нь хохироосон байна.

Уг этгээд нь ослын газрыг орхиж, зугтаан Сүхбаатар дүүрэгт жолоодож явсан тээврийн хэрэгслээ нуусан байсныг олж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нөхөн үзлэг хийж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т жолооч нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх үүрэгтэй гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний үед ямар дэглэм баримтлах вэ DNN.mn

Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх олон арга бий.

Тухайлбал, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулах, гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахих, илчлэг сайтай хоол хүнс болон витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэх нь тун чухал юм.

Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг.

Тиймээс өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй.

Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтой юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улс он гарсаар 104.742 ширхэг суудлын автомашин импортолжээ DNN.mn

Монгол Улс 2024 онд 104,742 ширхэг суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 71.7 хувиар өссөн байна.

 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Барааны  бүлгийн үнэ 6.4 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 9.2 хувиар өсчээ DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 10 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.0 хувь, өмнөх оны эцсээс 5.8 хувь, өмнөх сараас 0.5 хувиар өссөн байна.

2024 оны 10 дугаар сард Хангайн  бүсэдбарааны  бүлгийн  үнэ 7.5 хувь, Баруун  бүсэдүйлчилгээний бүлгийн үнэ 13.2 хувь, Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 9.2 хувь, Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 7.6 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна. 2024 оны 10 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 7.6 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ  6.8 хувиар, барааны  бүлгийн үнэ 6.4 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 9.2 хувиар өсчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг “Хаант засаглал”-ын хурал боллоо гэж харж байгаа DNN.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2024.11.07/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, түүний 4 жил 9 сарын хорих ялыг хэвээр үлдээсэн.

Тэгвэл уг асуудлуудтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр“Бид нэг зүйлийг томоор нь углуургаар нь хармаар байна. Энэ хаант засаглал шүү. Монгол Улс хэд хэдэн хаантай болчихсон юм байна. Үүнийг бид Н.Өнөрцэцэгийн шүүх хурал дээрээс харлаа. Энэ шүүх хурлыг би хаант засаглалын хурал боллоо гэж харж, дүгнэж байгаа. Нөгөө талд нь парламентыг аль болох амжилтгүй байлгах, сошиалд зориуд явуулж байгаа үйл явдлуудыг харахад зориуд муухай харагдуулж хэтийдүүлээд парламентын засаглал Монгол Улсад зохихгүй юм байна гэдэг юм рүү түлхэх гэж байгаа хаан болох хүсэлтэй хоёр гурван ах байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Ногоон карт“-ны сугалааны сонгон шалгаруулалт 2025 оны тавдугаар сард явагдана DNN.mn

Олон үндэстний цагаачлалын визийн 2026 оны хөтөлбөрийн (ногоон карт) бүртгэл хаагдсан байна. Дараагийн сонгон шалгаруулалт 2025 оны тавдугаар сард явагдана гэж АНУ-ын ЭСЯ-наас мэдээллээ.

Сануулахад, иргэн сонгогдсон эсэхээ зөвхөн dvprogram.state.gov/ESC цахим хуудаснаас шалгах боломжтой. Хэрэв хөтөлбөрт сонгогдлоо гэсэн и-мэйл ирсэн бол хуурамч, залилан болохыг анхаарна уу гэж ЭСЯ-наас анхааруулжээ. Мөн өөрийн бүртгэлийн баталгаажуулалтын дугаараа хадгалж авах ёстой бөгөөд 2025 оны тавдугаар сард зөвхөн энэ дугаараар өөрийгөө сонгогдсон эсэхийг dvprogram.state.gov/ESC цахим хуудаснаас шалгах боломжтой юм байна.

“Ногоон картын сугалаа” хэмээн Монголчуудын нэрлэдэг энэхүү хөтөлбөрөөс жил бүр 55,000 хүртэлх цагаачлалын визийг шаардлага хангасан хүмүүст олгодог.

Categories
мэдээ нийгэм

Эрдэмтдийн хийсэн бас нэгэн шинэ нээлт DNN.mn

Олон улсын судлаачдын багийн хийсэн шинжлэх ухааны нэгэн шинэ нээлт хөгшрөлтийг удаашруулж магадгүй байгаа аж. Эрдэмтдийн баг хүний биеийн үүдэл эсээс арьсны эсүүд хэрхэн үүсч буйг тогтоож, тэр ч байтугай лабораторийн нөхцөлд арьсны жижиг хэсгийг бий болгож чаджээ. Энэхүү судалгаа нь хүний биеийн бүх бүрэлдэхүүн хэсгүүд эсийн түвшинд хэрхэн үүсдэгийг судлах өргөн хүрээний хөтөлбөрийн нэг хэсэг юм байна. Судалгааны үр дүнг хүний хөгшрөлтийн явцыг удаашруулахаас гадна түлэгдсэн хэсэгт эрүүл арьс суулгах, элдэв сорви үүсэхээс урьдчилан сэргийлэхэд ашиглаж болох ажээ.

Хүний эд, эрхтэн эсийн түвшинд хэрхэн үүсч буйг тогтоох энэхүү төсөл нь биологийн салбарын хамгийн том судалгааны хөтөлбөрүүдийн нэг юм. Энэхүү төсөл нь олон улсын чанартай боловч төв нь Английн Сангерийн хүрээлэнд байдаг аж. Төслийн удирдагчдын нэг, профессор Музлифа Ханифа “Энэ судалгаа нь янз бүрийн өвчнийг илүү сайн эмчлэх аргыг нээхээс гадна хүний насыг уртасгах, магадгүй бүр залуу харагдах шинэ арга замыг олоход тусална. Учир нь бид арьсны үүсэл хөгжлийг хянаж, хөгшрөлтөөс сэргийлж чадвал үрчлээс бага байх болно. Цаашид хэрэв бид хүний эсүүд үүсч хөгжихөөс хөгшрөх хүртэл хэрхэн өөрчлөгддөгийг ойлгож чадвал бидний эрхтнүүдийг хэрхэн залуужуулах аргыг олох болно. Мэдээжийн хэрэг, энэ нь хол мэт санагдаж байгаа ч судлаачид хүний биеийн хөгжлийн эхний үе шат болох урагт арьсны эсүүд анх хэрхэн үүсдэгийг олж тогтоогоод байна. Анх өндгөн эсээс үр хөврөл үүсэх үед хүний бүх эс ижил байдаг. Гэвч гуравхан долоо хоногийн дараа үүдэл эсийн доторх тодорхой генүүд ажиллаж, бидний биеийн өөр өөр үүрэг бүхий янз бүрийн хэсгүүдийг бий болгож эхэлдэг. Судлаачид хүний хамгийн их хэмжээтэй арьсыг бий болгодог ямар ген, аль цаг үед, яаж ажиллаж байгааг олж тогтоож чадсан. Тусгай урвалжаар будаж микроскопоор харахад эдгээр генүүд нь үлгэрийн бяцхан гэрэл мэт харагддаг.

Улбар шар өнгийн эдгээр генүүд нь арьсны гадаргууг бүрдүүлдэг. Шар өнгөтэй нь үс ургуулахаас гадна хөлрөх, гадны элдэв нөлөөллөөс хамгаалах арьсны бүтцийг бий болгодог гэх мэт бусад олон зүйлийг бид мэддэг болсон. Үндсэндээ манай эрдэмтэд хүний арьс хэрхэн бүтдэг явцыг нээж “Nature” сэтгүүлд нийтлүүлсэн. Хэрэв та үүнийг уншиж ойлгож чадвал гайхалтай боломжууд танд нээгдэх болно. Эрдэмтдийн өөр нэг чухал нээлт бол дархлааны эсүүд арьсны судас үүсэхэд хэрхэн чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг нээж чадсан явдал. Энэ бүхний эцэст бид лабораторид генийн зааврыг хуулбарлаж хиймэл арьс гарган авч чадсан юм. Гэхдээ одоогоор эрдэмтэд үс бүхий арьсны жижиг хэсгүүдийг л гаргаж авсан. Хүний арьс хэрхэн бүтээгдэж буйг мэдсэнээр бид үүнийг түлэгдэлттэй өвчтөнүүдэд шинэ арьс шилжүүлэн суулгахад ашиглах болно. Өөр нэг жишээ гэхэд хэрэв та үсний уутанцар үүсгэж чадвал халзан хүмүүс бүгд үстэй болно. Лабораторид ургуулсан хүний арьсыг төрөлхийн арьсны өвчнийг судлах, эдгээр өвчний шинэ эмчилгээг туршиж үзэхэд ашиглаж болно. Бидний генийн заавар нь төрсний дараа болон насанд хүрсэн үед бидний бүх эд эс, эрхтэнийг хэрхэн ажиллуулж байгааг ойлгох нь маш чухал ач холбогдолтой судалгаа юм” гэж хэлжээ.

Эрдэмтэд энэхүү “Хүний эсийн атлас” төслийн хүрээнд найман жилийн хугацаанд хүний биеийн янз бүрийн хэсгийн 100 сая эсийг шинжлэн судалжээ. Үүний үр дүнд тархи, уушги хэрхэн үүсч буйг олж тогтоосон бөгөөд эдүгээ эрдэмтэд бөөр, элэг, зүрх хэрхэн үүсч буйг үргэлжлүүлэн судалж байна. Уг төслийг үүсгэн байгуулагч, удирдагчдын нэг болох Кембрижийн их сургуулийн профессор Сара Тейчманы хэлснээр дараагийн шатанд хүний бүх биеийн эсийн атласуудыг нэгтгэн гаргах ёстой гэнэ.Тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа “Энэ үнэхээр сэтгэл хөдөлгөм үйл явдал. Учир нь хүний физиологи, анатомийг шинээр харж, хүнийг шинэ байдлаар ойлгох боломжийг бидэнд олгох болно. Энэ нь бидний тухай, бидний эд, эрхтнүүд, тэдгээр нь хэрхэн үүсч, яаж ажилладаг тухай сурах бичгүүдийг дахин бичихэд хүргэнэ. Бид ирэх саруудад хүний биеийн бусад хэсгүүд хэрхэн бий болдог тухай “генетикийн заавар”-ыг нийтлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь эцсийн дүндээ хүн хэрхэн бүтээгддэг тухай илүү бүрэн дүүрэн зургийг бидэнд гаргаж өгөх болно гэжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлахыг дэмжлээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.08) хуралдаан 09 цаг 46 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж, 2025 оны 01 дүгээр сард багтаан Улсын Их Хуралд танилцуулах, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2025 оны 01 дүгээр улиралд багтаан Монгол Улсын Хуралд өргөн мэдүүлэх, төсвийн төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал тогтоолын төслийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагуудыг тогтвортой хангахад хэрхэн нөлөөлж буй эсэхэд үнэлгээ хийж, энэ талаарх дүгнэлт болон авч хэрэгжүүлэх саналаа 2025 оны 01 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй гэсэн бол, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг тогтоолын төслийг  баталбал төрийн болон хөрөнгө оруулалттай холбоотой үйл ажиллагаа явуулах боломжгүй болох тул төсвийн төслийг Засгийн газарт буцаах саналтай байв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар төсвийн тодотголыг 2025 оны II  улиралд багтаан өргөн мэдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Т.Аубакир нар төсвийн тодотголыг 2024 онд багтаан Монгол Улсын Хуралд өргөн мэдүүлэхээр өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Ингээд гишүүдээс гаргасан тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаас тогтоолын төслийн Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2024 оны 12 дугаар сард багтаан хийж, Монгол Улсын Хуралд өргөн мэдүүлэх гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон 14 гишүүний 9 нь буюу 64.3 хувь нь дэмжлээ.

Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг  анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив.

Байнгын хорооноос дэмжсэн саналуудыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна DNN.mn

Энэ онд 87 байршилд авто замын засвар, шинэчлэл хийхээс өнөөдрийн байдлаар 63 байршилд авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтыг бүрэн хийж дууссан. Нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна.

Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн П.Бержанаас тодрууллаа. Тэрбээр “Инженерийн шугам сүлжээ болон авто замын хашлага суурилуулах явцад эвдэрсэн явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна. Хамгийн сүүлд гэхэд Улаанхуарангийн авто замын засвар шинэчлэлтийн хүрээнд явган замын засварыг хийж дууслаа. Гэсэн ч зарим байршилд шугам хоолой зэрэг засварын ажлаас шалтгаалж явган замын ажил бага зэрэг удаашралтай байна. Тухайлбал, Олимпийн гудамжийн 2А магистрал шугамын ажлыг хийж байгаа учраас явган замын нөхөн сэргээлт удааширсан” хэмээлээ.

Харин инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн хүрээнд хийж буй явган замын нөхөн сэргээлтийн талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, Ерөнхий инженер М.Балдандоржоос зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын 2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 18 дулааны магистрал шугамыг шинэчилсэн. Үүнээс гадна инженер хангамжийн байгууллагуудын шугам сүлжээний ажлууд хийгдсэн. Мөн иргэн, хуулийн итгээд буюу аж ахуйн нэгж байгууллагуудын барилгын гадна дэд бүтэц, шугам сүлжээний ажил зэрэг нийт 180 орчим цэг дээр нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбайг сэтлэх зөвшөөрөл авч хэрэгжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавьж, өнөөдрийн байдлаар 5 байршилд ажил хийгдэж байгаагаас энэ 7 хоногт гурван байршилд нөхөн сэргээлт дуусна.

Харин үлдсэн 2 байршил болох 2А магистрал дулааны шугамын нөхөн сэргээлтийн ажил, 11ГД шугамын нөхөн сэргээлтийн ажил үргэлжлээд дуусах шатандаа явж байна. Тодруулбал, 2А шугам дээр захиалагч байгууллага буюу Эрчим хүчний яаманд болон тодорхой хэмжээний тохижилт бүтээн байгуулалтын ажилд албан шаардлага өгч байна. Мөн шинэчилсэн явган замын хавтанг буцааж тавихдаа хагалж эвдсэн зөрчлүүд гарсан. Үүнийг иж бүрэн солиулах албан шаардлагыг захиалагч байгууллага болон төслийн нэгжүүдэд хүргүүлээд ажиллаж байна” гэлээ.