Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын дугаар шинээр олгохгүй болсонтой холбогдуулан “Да хүрээ” захаас сурвалжиллаа DNN.mn

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоол баталсан. Өнөөдөр (2024.11.08)-өөс импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх уг тогтоол хэрэгжиж эхэлнэ. Мөн улсын дугаар шинээр олгох ажлыг АТҮТ хариуцдаг байсан бол өнөөдрөөс Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцах юм.

Бид “Да хүрээ” захыг зорьж, автомашины ченж, даатгалын ажилтан, иргэдтэй уулзлаа. Биднийг 14.00 цагийн үед очиход тэнд машинаа зарахаар зогсож байгаа хэдэн ченжээс өөр хүн алга. Харин АТҮТ-ийн тээврийн хэрэгсэл бүртгэх газар луу оронгуут хүний хөл хөдөлгөөн их, хүмүүс хоорондоо хэрэлдэж зодолдсон байдалтай байв.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяа өмнө нь “Арваннэгдүгээр сарын 8-наас дахин “У” серитэй автомашины шинэ дугаар олгохгүй, мөн дахин шинэ сери задлахгүй. Арваннэгдүгээр сарын 8-наас хойш АТҮТ-д шинэ автомашины дугаар олголт хийхгүй, зөвхөн орон нутгийн дугаар олголт хийгдэж, нэр шилжүүлнэ. Нийслэлийн А\1230 захирамжийн шаардлагад нийцсэн өмчлөгчид оноо өгч, 100 оноог бүрдүүлсэн хэрэглэгчийн дугаарын хүсэлтийг хүлээн авна. Тус хүсэлт нь 30 хоног /1 сар/ хүчинтэй байна. Харин гишүүн байгууллагуудад энэ сарын 8-ныг хүртэл боломжоороо дугаар авах эрх нь нээлттэй. Түүнээс хойш боломжгүй.

Цаашид шинэ сери задрахгүй тул албан ёсны дистрибьютер болон хэрэглэгчид дугаарын хүсэлтийг 30 хоногт шийдвэрлэх тул үйл ажиллагаандаа зохицуулалт хийх нь зүйтэй. Хэрэглэгч албан ёсны дистрибьютерээс автомашин худалдаж авахдаа өөрөө дугаартай ирэх, эсвэл дистрибьютерээс дугаараа худалдаж авах боломжтой.

Арилжааны банкууд болон Банк бус санхүүгийн байгууллагуудад энэхүү журамтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна” хэмээн мэдээлж байв.

Ингээд нөхцөл байдал ямар байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.

Н.Ганбаатар: Тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнөшинэ дугаартай болчихгээдоочерлож байна


-Маргааш (өнөөдөр)-аас мөрдөгдөх Нийслэлийн Засаг даргын тогтоолын талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Хэрэв ийм тогтоол гараагүй байсан бол ингэтлээ удаан оочерлохгүй байсан. Тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнө шинэ дугаартай болчих гээд оочерлож байна. Авто тээврийн үндэсний төв хэзээ ч ингэж их оочер дараалал үүсгэж байгаагүй. Хотын даргын тогтоолоос болж маш их оочер дараалал үүсч байна. Төр засаг иргэддээ ийм хүндрэл учруулж байгааг би огт ойлгохгүй байна. Дугаар хязгаарлалаа гээд түгжрэл багасахгүйг бүгд мэдэж байгаа. Тэр бүү хэл АТҮТ-ийг татан буулгана гэж ярьж байна. Улсын дугаарыг дамлаж эхэлж байна. Би нэг дугаарыг 700 гаруй мянган төгрөгөөр авсан. Ард иргэдээ бүх зүйлээр хааж боож байна. Цахилгаан дулааны үнэ нэмж байна. Одоо бүр өмчтэй байх эрхэд халдаж, дарамтлаад эхэллээ. Үүний үр дүнд ард түмэн босно. Түгжрэлийг бууруулах олон гаргалгаа байсан. Жишээ нь, хотод байгаа оюутнуудын ядаж тал хувь нь машинтай. Их сургуулиуд амрахад хотын түгжрэл эрс багасдаг. Хэрэв их сургуулиудыг аймгийн төв рүү шилжүүлчихвэл үүнийгээ дагаад хотын түгжрэл ч багасаж, аймаг сумууд хөгжих боломжтой. Гэтэл төр иргэдийн халаастай шууд ярьж байна. Ард түмнээ сонсдоггүй төрийн шийдвэр үнэхээр буруу байна.

Нийслэлийн Засаг даргын тогтоол автомашины дугаарыг үнэд оруулах гэсэн хэдхэн хүний бизнес байх вий гэсэн хардлага төрж байна. Тэд түгжрэлийг шийдэх нэрийн дор ард түмнээс мөнгө салгах ээлжит арга залиа хэрэгжүүлэх нь. Энэ шийдвэрээс болж олон мянган хүн ажилгүй болж, ард түмэн хохирч байна. Ингэлээ гээд түгжрэл шийдэгдэхгүй. Тухайн тогтоол дээр байгаа шаардлагуудад нийцсэн машиныг жирийн иргэд худалдан авч чадахгүй. 10-20 саяын үнэтэй машин банк бусаар авдаг иргэд дахиад нэг нугалсан үнэтэй машин худалдаж авч чадахгүй. Ард түмнийг эд хөрөнгөөр нь ялгасан бодлого хийчихээд, ард иргэдээ тогтоолыг дага гээд сүрдүүлж байна.

Иргэн Э.Хангай: Автомашины үнэ цаашидч өснө

-Тогтоолтой холбоотойгоор автомашины үнэ нэмэгдэж байна уу?

-Автомашины үнэ өсөж байна, цаашдаа өссөөр ч байх болно. Ялангуяа Хятадаас орж ирсэн автомашинуудын үнэ өснө. Импортын автомашин худалдаж авлаа гэхэд дор хаяж 2 сая төгрөг нэмэгдэнэ. Дугаартай хуучин машин авсан ч үнийг нь нэмж зарна. Эцсийн эцэст автомашин худалдан авч байгаа иргэдийн нуруунд бүх ачаалал ирнэ.

Үүний цаана нэг нугалаа байна. Магадгүй тэр нугалаа нь хятад автомашинуудыг Монгол руу оруулж ирж зарах байж болзошгүй. Хятад машиныг монголчууд авч унахгүй. Учир нь, тэдгээр машинууд Монголын замд таарахгүй. Дээр нь сэлбэгийн үнэ өндөр. Харин япон машинууд эвдэрч гэмтлээ гэхэд төмөр сайтай, засварын үнэ нь ч хямд. Хятад машин мөргөлдвөл төмөр муутай, сэхэл авахгүй.

Ченжүүд 60 гаруй саяар авсан хятад машинуудаа 30 саяар аваач гэхэд авах хүн олддоггүй, 20 саяар ч авдаггүй. Энэ нь хятад машиныг дэмжих бодлого барьж буй улстөрчдийн гаргасан шийдвэр. Тэд их хэмжээгээр машин оруулж ирээд, зөв рультэй гэж иргэдийн тархийг угааж, зарах гэж байна. Хятадын ямар ч үнэтэй машин Японы 150 Prada-г гүйцэхгүй. Их хурлын гишүүд энэ ажлаа Х.Нямбаатараар хийлгэж байгаа гэж бодож байна.

Даатгалын ажилтан Ч.Чимгээ: Импортынмашинддугаар олгохгүй гэвэл даатгуулахиргэнолдохгүй

Арваннэгдүгээр сарын 8-наас мөрдөгдөж эхлэх Нийслэлийн Засаг даргын тогтоолын талаар ямар байр суурьтай байна вэ. Даатгалын компаниудад хэрхэн нөлөөлж байна вэ?

-Банк бус, нотариат, дугаар хэвлэгчид, ченжүүд бүгд хоорондоо харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулдаг. Импортоор орж ирсэн машинуудад дугаар олгохгүй гэвэл даатгуулах иргэдийн тоо багасна. Тэгэхээр бүгдээрээ ажил орлогогүй болно.

-Энэ шийдвэр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан танай даатгалын компанид ямар нэгэн чиглэл өгсөн юм болов уу?

-Одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Хуучин машинууд зарагдах үед л даатгал хийлгэнэ гэсэн хүлээлттэй байна.

Автомашины ченж иргэн Л.Дорж: Жижигбизнес эрхлэгчдэдмаш иххүндтусч байна

-Маргаашаас (өнөөдөр) импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Эсрэг байр суурьтай байна. Жижиг бизнес эрхлэгчдэд маш хүнд тусч байна. Арваннэгдүгээр сарын 8-наас хойш импортоор орж ирж байгаа машинууд бүгд дугааргүй үлдэж байна. Тэдгээр машинуудыг худалдаалахад үнэхээр хүндрэлтэй нөхцөл үүсч байна.

-Та одоо зарагдах гэж байгаа машинууддаа улсын дугаар авч чадсан уу?

-Бүгдэд нь гэрчилгээ авчихсан. Худалдан авагч ирээд, хямд үнэ хэлж байна. Яагаад гэвэл шинээр оруулж ирсэн машин ч улсын дугаартай болохоор худалдан авагчдад хуучин машин байна гэсэн хардлага төрүүлж байна.

-Энэ шийдвэртэй холбогдуулан дугаар дамлаж зарах тохиолдол гарч байна уу. Үнэ ханш нь хэд байна вэ?

-Яах вэ ,хэлсэн үнээр нь л авч байна. Нэг дугаар 500 мянган төгрөгөөр авсан. Гэхдээ одоо үнэ нь талийж байгаа сурагтай байсан. Хамгийн доод үнэ нь 1 сая гарсан гэж сонссон.

-Хил дээр байгаа машинууд наашаа орж ирэх гэж нэлээд уддаг юм байна. Захиалсан машинууд чинь хэр удаж байж орж ирдэг вэ. Хил дээр таны хэчнээн машин байна вэ?

-Тээвэр зуучлагч болон худалдан авч байгаа ченжүүдээс шалтгаалдаг. Бид захиалсан барааныхаа мөнгийг төлөөд, тээвэр зуучлагч цаанаасаа хурдан явуулаад, таталтаа хийчихвэл нэг их уддаггүй. Гэхдээ ядаж л дөрвөн сар хүлээдэг.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙТӨВӨНӨӨДРӨӨСОРОН НУТГИЙН АВТОМАШИНУУДАД ДУГААРОЛГОНО

Авто тээврийн үндэсний төвийн ажилтан хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын тогтоол гарчихсан гээд байгаа ч Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнөөдөр бүртгэгдэж байгаа юм шиг байна лээ. Хэрэв бүртгэгдчихвэл маргаашаас (өнөөдөр) эхлээд манайх импортоор орж ирж байгаа машинуудад дугаар олгохгүй. Улаанбаатар хотод орж ирж байгаа машины дугаарыг Замын хөдөлгөөний удирдлагын төв өөрсдөө олгож эхэлнэ. Маргаашаас (өнөөдөр) эхлээд манайд хамаагүй болно.

Манайх орон нутгийн машинуудад дугаар олгоно. Ажил нь яг эхлээгүй байгаа болохоор нарийн ширийн зүйлийг бид өөрсдөө ч сайн мэдэхгүй байна” гэв.

Б.БАЯРМАА

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр улаагчин үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 9, Санчир гариг. Билгийн тооллын 8, Тооно одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 07:50 цагт мандаж 17:22 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

 

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар -2…+3 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +10…+15 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Categories
мэдээ нийгэм

“Автобусны камераар зөрчил илрүүлэх нь” сургалт зохион байгууллаа DNN.mn

Нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулсан хяналтын камерийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрмийн 11.10-д заасан “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглоно” гэж заасныг хэрэгжүүлэн, нийтийн тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор зөрчлүүдийг илрүүлж эхэлсэн.

Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ, ICT группын төсөл хариуцсан нэгжтэй хамтран “Автобусны камераар зөрчил илрүүлэх нь” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан инженер техникийн ажилтнууд нь сургалтаар авсан мэдээллийг жолооч нарт түгээж, зөрчлийн мэдээллийг чанаржуулснаар чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөтэй байлгах, зорчих хугацааг багасгах ач холбогдолтой гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ спорт

Жүдогийн ахмадын ДАШТ-ээс манай жүдочид 17 медаль авчээ DNN.mn

 АНУ-ын Лас Вегас хотноо жүдо бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээний сүүлийн буюу дөрөв дэх эрэгтэйчүүдийн М2, эмэгтэйчүүдийн F1-F9 хүртэлх ангиллын тэмцээн болов. Эрэгтэйчүүдийн 35-39 насны ангиллын 73 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Алтансүх алтан медаль хүртсэн бол Ч.Магнай мөнгө, +100 кг-д барилдсан Б.Жанчивдорж хүрэл медалиар энгэрээ мялаажээ.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 30-34 насны 63 кг-д олон улсын хэмжээний мастер Ц.Цэрэннадмид алт, -78 кг-д Б.Түмэнцэцэг мөнгө, 45-49 насны +78 кг-д гавьяат тамирчин Д.Цэрэнханд алт, 50-54 насны -78 кг-д Ж.Дорждулам хүрэл, 60-64 насны -78 кг-д Б.Алтансувд хүрэл, 65-69 насны 63 кг-д С.Оюунбилэг хүрэл медалиар энгэрээ мялаажээ.

Ингэснээр манай жүдочид 17 медальтай эх орондоо ирэхээр болж байна. Тодруулбал, таван алт, таван мөнгө, долоон хүрэл медаль хүртэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 оны өвлийн шалгалтын бүртгэл энэ сарын 10-ны 18:00 цагт дуусна DNN.mn

2024 оны өвлийн шалгалтын бүртгэл дуусахад 2 хоног үлдлээ.

Та eyesh.eec.mn цахим хуудсаар Монгол хэл бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтад бүртгүүлэх боломжтой.

Бүртгэл 2024 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18:00 цагт дуусах ба бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй.

Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар дамжуулан шалгалт өгөх хичээлээ нэмж болно.

Бүртгэл дуусахаас өмнө шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлснөөр таны бүртгэл баталгаажих болохыг анхаарна уу.

Шалгалтын суудлын хуваарь 2024 оны 11-р сарын 25-нд гарах тул шалгуулагчид заасан хугацаанаас хойш eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авахыг Боловсролын үнэлгээний төвөөс зөвлөж байна. 

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ оны эхний 10 сард 9579.8 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ DNN.mn

Монгол Улс энэ оны эхний 10 сард ммпортоор 9579.8 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2020.2 сая ам.доллараар буюу 26.7 хувиар нэмэгдсэн байна. Импортын 18.6 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 9.5 хувийг суудлын автомашин, 6.4 хувийг ачааны автомашин, 2.6 хувийг бульдозер, авто хусуур, тэгшлэгч, хамагч, механик хүрз, эксковатор, зам индүүдэгч, үлдсэн хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байгааг Гаалийн ерөнхий газар мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хүний амь насыг хохироож, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоолоо DNN.mn

Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 7-ны шөнийн 01:20 цагийн орчимд “Яргайтын замд байрлах Зуслангийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зүүн замд машинд дайруулсан хүн байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явууллаа.

Шалгалтаар 44 настай, эрэгтэй “Э” нь “Toyota Land-200” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад 28 настай, эмэгтэй, “С”-ийг мөргөж, амь насыг нь хохироосон байна.

Уг этгээд нь ослын газрыг орхиж, зугтаан Сүхбаатар дүүрэгт жолоодож явсан тээврийн хэрэгслээ нуусан байсныг олж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нөхөн үзлэг хийж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т жолооч нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх үүрэгтэй гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний үед ямар дэглэм баримтлах вэ DNN.mn

Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх олон арга бий.

Тухайлбал, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулах, гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахих, илчлэг сайтай хоол хүнс болон витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэх нь тун чухал юм.

Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг.

Тиймээс өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй.

Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтой юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улс он гарсаар 104.742 ширхэг суудлын автомашин импортолжээ DNN.mn

Монгол Улс 2024 онд 104,742 ширхэг суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 71.7 хувиар өссөн байна.