Categories
гадаад мэдээ

Оросын инфляци, стагфляци DNN.mn

Украины дайн сунжирсан тул ОХУ үйлдвэрлэлээ дайны байдалд шилжүүлж, эдийн засгийн тоймчид “Оросын эдийн засагт стагнаци улмаар стагфляцид автаж, инфляциа хүчрэхгүй болох нөхцөл бүрдэв” гэж бичиж байсан. Харин ОХУ үүнийг эрс үгүйсгэж, бүр манай ДНБ-ий өсөлт Германы урд гарсан гэж мэдэгдэж байв. Гэтэл сүүлийн үед Оросууд хаа сайгүй инфляци, стагфляцийн аюулын тухай ярих болов. Тухайлбал, бүр ОХУ-ын парламентын дээд танхим болох Холбооны Зөвлөлийн хуралдаан дээр Оросын цэргийн техникийн 80 хувийг үйдвэрлэдэг “Ростек” корпорацийн тэргүүн, Путины хамгийн ойрын хүн гэгддэг Сергей Чемезов “Төв банкны бодлогын хүү өндөр байгаа нь “Ростек” корпорацийн өндөр технологийн бүтээгдэхүүний экспортыг зогсооход хүргэж байна.

Манай корпораци өөрийн үйлдвэрлэлд зориулж банкны зээл авдаг. Энэ янзаараа байвал бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс олсон бүх ашиг зээлийн хүүгийн төлбөрт явна. Эцсийн дүндээ банкны зээлийн өндөр хүү эдийн засагт стагфляци бий болгож, манай олон аж ахуйн нэгжийг дампууралд хүргэнэ” гэж мэдэгдэв. Мөн Челябинск хотод энэ сарын 7-9-нд төр, засаг, бүс нутгийн эрх баригчид, бизнес эрхлэгчид, бизнесийн байгууллага, шинжээчдийн төлөөлөл бүхий 3000 гаруй хүн оролцсон “Оросын эдийн засгийн форум” болж янз бүрийн үйдвэрийн эзэд Сергей Чемезовын хэлсэнтэй яг адил зүйл ярьцгааж аюулын харанга “дэлдэцгээв”. Сонирхуулахад, Орост 1992 оны үеэр яг ийм явдал болж, үйлдвэрийн коммунист дарга нарт ерөнхий сайд Егор Тимурович Гайдарын засгийн газар ялагдан огцорч, үр дүнд нь эдийн засаг нь гиперинфляцид нэрвэгдэж, 1998 онд дефолт болсон билээ. Харин энэ удаа ОХУ чөлөөт зах зээлээс бүрэн татгалзаж, үйлдвэр, банкуудаа улсын болгож, иргэдээ хүнсний талонд буцаан оруулахаас өөр арга зам үлдсэнгүй. Энэ бүхэн үнэндээ Оросын төр, засагт байгаа авлигачдын “ач тус” юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Содномдорж: Эрх ашгийг нь хамгаалахгүй бол сэтгүүлчид мэдээллээ гаргаж чадахгүй, айдастай, түгшүүртэй болчихлоо DNN.mn

Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Шадар сайд С.Амарсайханы гаргасан гомдлоор сэтгүүлч А.Баярмаад холбогдох хэргийг өчигдөр хэлэлцэж, шүүх хурал ирэх сарын тавны өдөр хүртэл хойшиллоо. Сэтгүүлч А.Баярмаагийн өмгөөлөгч Д.Содномдоржтой Эрүүгийн хэргийн зүйл заалтаар сэтгүүлчийн эрхэд хэрхэн халдаж байгаа талаар ярилцлаа.


-Сүүлийн үед Эрүүгийн хуулийн зүйл заалтаар сэтгүүлчийг гэм буруутайд тооцож, зарим нь ял авч байгаа нөхцөл байдал үүсээд байгаа юм. Үүнийг өмгөөлөгч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Эрүүгийн хуулийн 13.14.1 хэсэгт зааснаар “Илт худал мэдээлэл тараах” гэсэн зүйл заалтаар сүүлийн үед олон сэтгүүлч гэм буруутай байдлаар шалгагдаж, зарим нэг нь ял авч байгаа нөхцөл байдал үүсч байна. Энэ бол хуульч хүний хувьд эмзэглэдэг асуудлуудын нэг болоод байна. Яагаад энэ заалтад сэтгүүлч нар холбоотой байна гэдэг нь ойлгомжгүй.

Сэтгүүлч эрэн сурвалжлах, өөрийн мэдлэг боловсролынхоо хүрээнд тухайн мэдээллийг олж авдаг. Эсвэл иргэд, эрх бүхий албан тушаалтнаас мэдээллийг өгдөг ч эцсийн буруутан нь сэтгүүлч болдог. Тухайн мэдээллийг “илт худал” гэдгийг тодорхойлоход хэцүү. Яагаад илт худал гэдгийг тодруулах боломжгүй вэ гэвэл тухайн мэдээллүүд нь үнэн бодит, баримттай тогтоогдох нөхцөл байдал нь ил харагддаг. Энэ нөхцөлд хэлмэгдэж байгаа нь сэтгүүлч болчихдог. НҮБын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар 2023 онд баталсан. Үүнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах чиглэлээр хоёр асуудлыг хөндсөн байдаг. Нэгдүгээрт, “Гүтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах зэрэг замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээхээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах” Хоёрдугаарт, сэтгүүлч хэвлэл, мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдсэн халдлагыг хараат бусаар мөрдөн шалгах нөхцөлийг баталгаажуулах, гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд шийтгэл хүлээлгэх” гэж уг хавсралтын 89,90 дээр заасан байдаг.

Үүнтэй холбоотойгоор “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл”-ийг боловсруулсан байх ёстой. 2023 онд гарсан төлөвлөгөөг өнөөдрийн байдлаар НҮБ-аас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар хэрэгжүүлээгүй байна. Ямар хуулийн төслийг, хэн өргөн боловсруулж барих, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар хариуцан хэрэгжүүлнэ гээд тусгасан байгаа. Энэ ерөнхий төлөвлөгөө хэрэгжихгүй, эрүүгийн хуулийн 13.14.1 дэх заалт огт өөрчлөгдөхгүй явсаар байгаад жилдээ 20-25 хүн шийтгүүлдэг байсан бол энэ тоо нэмэгдэж байна. Тийм учраас дөрөв дэх засаглал гэж нэрлээд байгаа хэвлэлийнхээ амыг барьж, үзэл бодлоо илэрхийлэхийг нь хорьж байгаа нь зөв үү, буруу юу гэдэг асуудал хөндөгдөж байна.

-Сэтгүүлчид эрүүгийн хэрэгт гэм буруутайд шалгагдаж байгаа нөхцөл байдалд маргаан үүсгэсэн үү?

-Үүнтэй холбоотой хувь хүн, сэтгүүлчид Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх заалт нь Үндсэн хуульд харшилж байна гэсэн нөхцөл байдлаар гомдол гаргаж, маргаан үүсгээд, шалгагдаад явж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлаар хуульчдын хувьд ойлгомжгүй байгаа зүйл нь “илт худал” гэдэг зүйлийг яаж тайлбарлах юм бэ гэдэг нь. Үүнтэй холбоотой 2023 оны зургадугаар сарын 18-ны өдөр УИХ-аас Улсын Дээд Шүүхийг хуульд тайлбар хийхийг түдгэлзүүлсэн тогтоол гарсан. Үүнээс болоод Эрүүгийн хуулийн 13.14.1-ийг мөрдөгч прокурор, шүүгч, өмгөөлөгч нар өөр, өөрөөр ойлгоод байгаа юм. Эцсийн байдлаар Улсын Дээд Шүүхийн тайлбар байвал, хэнд ял оногдуулах, хэнийг буруутгах, илт худал гэдэг нь тодорхой болно. Яг бодит байдал дээр Эрүүгийн хуулийн 13.14.1 зүйл заалт нь олон улсад хориотой байдаг. Олон улсын гэрээ конвенцыг Монгол Улс дагах үүрэгтэй. Гэвч бодит байдал дээр Эрүүгийн хуулийн 13.14.1-д заасан нь 2002-2017 онд хэрэгжиж байсан хуулийн “гүтгэх гэмт хэрэг”ийг хуулбарлаж байгаагаар оруулж ирсэн заалт болж байна. “Үг дуугарвал ял онооно” гэдэг шиг ийм зүйл болж байна.

-Сэтгүүлчийг эрүүгийн хэрэгт татаж, шалгаж байгаа нь сэтгүүлчийн амыг үдэх, айлгах арга техник болж байна уу?

-Энэ нь сэтгүүлч, нийгэмд олон дагагчтай хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд шууд халдаж байгаа юм. иргэний хуулийн 21 дүгээр зүйлд “иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах” гэсэн хуулийн заалт байгаа. Гэвч бодит байдал дээр энэ хуулийн заалтыг ашиглахаа байсан. иргэд “Миний нэр төрийг г утаан доромжилсон” гэдгээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргадаг. ийм нөхцөл байдлаар сэтгүүлчид миний нэр хүндэд халдсан гэдэг асуудлыг яриад байгаагаас биш бодит байдал дээр сэтгүүлч алдаад байгаа юу, сэтгүүлчид эх сурвалжийг аваачиж байгаа хүн алдаад байна уу гэдэг нь ойлгомжгүй болчихож байгаа юм. иргэний хууль дээр заасан зүйл заалт байхад заавал Эрүүгийн хуулиар “илт худал мэдээлэл” гэж 13.14.1-ээр оруулж байгаа нь буруу юм. Үүнийгээ зөвтгөөд, засаач ээ гээд НҮБ-аас удаа дараа зөвлөмж өгдөг. Зөвлөмжийн хүрээнд төлөвлөгөө боловсруулдаг ч хуулийн төслөө бариад сэтгүүлчидээ хамгаалж, ажиллаж байгаа гэдэг нь эргэлзээтэй байна. Үүнээс болоод өнөөдөр олон сэтгүүлч ял шийтгэл авч, шүүх дээр хэрэг нь очсон байдалтай байна.

-Сэтгүүлч А.Баярмааг Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх зүйл заалтаар шалгаж байгааг өмгөөлөгчийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Сэтгүүлч А.Баярмаагийн цацсан мэдээлэл илт худал мэдээлэл байсан уу гэдгийг мөрдөн байцаагч прокурорын хэрэг дээр шалгах нь зүйтэй байсан болов уу гэж хардаг. Энэ хуулийн заалтыг А.Баярмаа дээр хэрэглэх боломжтой эсэх дээр эргэлзэж байна. “илт худал” гэдэг нь юугаар тодорхойлогдож байна гэдгийг шүүх эцэслэн шийдэх байх. Өнөөдөр гэм буруутай эсэх нь шийдэгдээгүй явж байна. Бодит байдал дээр хэнээс мэдээлэл авсан юм, хэн буруутай юм гэдэг нөхцөл байдал байх ёстой. Нөгөө талаар Эрүүгийн хуульд цагаан дээр хараар бичсэн байгаа ч доторх заалт нь өөрөө тодорхой байх ёстой. 2023 оны зургадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын тогтоол гараагүй байсан бол Монгол Улсын Дээд Шүүх Эрүүгийн хуулийн 13.14.1 дээр тайлбар гарч асуудал өөр байх байсан. НҮБ-ын олон улсын гэрээ конвенцоор сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй бол сэтгүүлчид мэдээллээ гаргаж чадахгүй, айдастай, түгшүүртэй болчихлоо гэж харж байна. Сүүлдээ иргэд, сэтгүүлчдийн хооронд асуудал үүсч, иргэд сэтгүүлчдийнхээ мэдээлэлд итгэхээ байж байна. Шантааж, худал мэдээлэл зэрэг буруу ойлголт үүсээд байна.

-Хэрэгт холбогдсон хүмүүс хариуцлагаа хүлээхгүй, түүнийг мэдээлсэн сэтгүүлч буруутан болж байгаад цаашдаа хэрхэн анхаарах ёстой вэ?

-Хүн амьдарч байгаа нийгэмд үзэл бодлоо илэрхийлэхэд ямар хуулийн санкцтай байх вэ гэдэг дээр хууль санаачлагч болон тогтоогч нар ажиллах ёстой гэж хардаг. Чи намайг муулбал, чиний буруу гэдэг байдлаар хандаад байвал өнөөдөр нийгэм ямар байдалтай байх вэ. Хэрвээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд, бодит мэдээллийг цацсан тохиолдолд хэрэгт холбогдох гол хүмүүс хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Гэтэл үүнийг дамжуулсныхаа төлөө сэтгүүлч буруутан болж байна. Өнөөдөр ард иргэд хэнд итгэх вэ гэвэл хэвлэл мэдээлэлд л итгэнэ. Хуучин Эрүүгийн хуулийн 110.111-д заасан зүйл заалтаараа явах юм уу, эсвэл иргэний хуулиараа явах юм уу гэдгийг ойлгомжтой болгохгүй бол хүний эрх зөрчигдөөд байна. Энэ дотроо сэтгүүлчийн эрх зөрчигдөөд байна.

Г.Балгармаа

Categories
мэдээ улс-төр

УИХ хүндэтгэлийн чуулган хуралдуулна DNN.mn

УИХ-ын тухай хуулийн 20.1-т “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” гэж заажээ.

Үүний дагуу УИХ Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойд зориулан энэ сарын 26-нд хүндэтгэлийн чуулган хуралдуулна гэсэн мэдээлэл гарлаа. Одоогоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүндэтгэлийн чуулган хуралдуулах тухай захирамж гаргаагүй байна. УИХ-ын тухай хуулийн 20.2-т “УИХ-ын дарга хүндэтгэлийн хуралдаан хуралдуулах тухай захирамж гаргана” хэмээн заасан байдаг юм.

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх УИХ-ын тогтоолыг өнгөрсөн долдугаар сард баталсан юм.

Categories
мэдээ нийгэм

Богд уулын дархан цаазат газарт гал алдсан байсныг унтраажээ DNN.mn

Богдхан уулын дархан цаазат газрын Төр-хурахын амны хязгаарлалтын бүсэд хэсэг иргэд түр отоглох явцдаа гал алдсан байсныг Байгаль хамгаалагчид яаралтай арга хэмжээ авч унтрааж, болзошгүй эрсдлээс сэргийлж чаджээ.

Иймд иргэд, аялагчид та бүхэн намрын хуурайшилтын үед сонор сэрэмжтэй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд 162.7 тн мах худалдаалахаар оруулж иржээ DNN.mn

Нийслэл хотод Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын цэгээр нэвтэрсэн мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мэдээлэл 2024 оны арваннэгдүгээр сарын 11-ны байдлаар:

  • Худалдаалах мах 162,7 тн
  • Сүү 43,5 тн
  • Түүхий эд 7,7 тн
  • Арьс шир 6030 ш
  • Отроор 5 адуу
  • Үржлийн зориулалтаар 155 адуу тус тус хяналтын цэгээр нэвтэрсэн байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

2 метрийн гүн нүхэнд унасан 65 настай эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлжээ DNN.mn

Онцгой байдлын албан хаагчид өчигдөр нүхэнд унасан хүнийг гаргаж эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт “нүхэнд хүн унасан, гаргах боломжгүй байна” гэсэн дуудлага өчигдөр өдрийн 12:15 цагт онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу аймгийн аврах багийнхан очиход 65 настай эмэгтэй 2 метрийн гүнтэй нүхэнд унасан байсныг 13 минутад ажиллан гаргаж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Далай тэнгисийн сээр нуруугүйтэн” үзэсгэлэн гаргана DNN.mn

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Далай тэнгисийн сээр нуруугүйтэн” түр үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11:30 цагт үүдээ нээнэ.

Тус үзэсгэлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Байгалийн түүхийн музейн түр үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд далай тэнгисийн амьтдын төлөөлөл болох хясаа, дун, шүр, далайн од зэрэг 375 цуглуулгыг дэлгэн үзүүлнэ гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Тэгшбаяр: Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэгтэй” дээр цөөвөр чонос мэт цугларч, иргэдийг турхирч байна DNN.mn

Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.


-Монгол Улс газрын ховор элемент хэмээх эрдсийн баялгаараа дэлхийд эхний 15-д бичигдэж байна. Хоёулаа юуны өмнө газрын ховор элемент гэж юу вэ гэдгээс ярилцъя?

-Газрын ховор элемент гэж Мендлеевийн үелэх системийн 51-71 хүртэлх дугаарт байрлах лантоноидын бүлгийн 17 элементийг хамруулан авч үздэг. Зарим судлаачид дээрх элементүүдийг “газрын ховор шорооны элементүүд” гэж нэрлэх тохиолдол бий. Газрын ховор элемент агуулсан эрдсүүдийг 1778 оноос судалж эхэлсэн байдаг. Маш ховор тохиолддог байсан учраас ховор гэж байсан. Сүүлийн үеийн судалгаагаар ховор биш нь тодорхой болж байна. Ховор биш байлаа ч үүнийг бусад эрдсүүдээс ялгаж салгах маш түвэгтэй, маш их зардалтай, өндөр өртөгтэй. Ховор биш гэдгийг тодруулж хэлбэл, дэлхийн чулуулаг бүрхүүл дэх газрын ховор элементийн дундаж агуулга 9.2 гр/тн байдаг. Энэ нь зэс, никель, цайр, хар тугалга зэрэг металлуудтай ойролцоо тархалттай байгааг харуулж буй юм. Алттай харьцуулахад 100 дахин их тархалттай гэсэн үг. Жишээлбэл, Cerum (Ce) хамгийн өргөн тархалттай элементүүдийн нэг. Дэлхийн царцдас дахь түүний дундаж агуулга 43 гр/тонн байдаг. Газрын ховор элемент нь ерөнхиийдөө мөнгөлөг цагаан өнгөтэй, нягт нь 4.4-9.3 гр/м3. Хайлах температур нь Ce-гийн тухайд дунджаар 804 С-ийн градус байдаг бол Thulium 1500 орчим градуст хайлдаг, буцлах температур нь жишээлбэл, Europium 1700 градуст, Lantanum 4500 орчим С-ийн градуст буцалдаг байх жишээтэй.

-Улсын хэмжээнд газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тоннын нөөцтэй нийт зургаан орд илрүүлснээс дөрөв нь том, хоёр нь жижиг орд бий гэсэн мэдээлэл бий. Эдгээр ордыг бүрэн ашиглаж, цаашид боловсруулалтад шилжүүлэх шаардлагатай хэмээн шинжээчид үзэж байна. Газрын ховор элемент юунд хэрэгтэй талаар товч ойлголт өгөхгүй юү?

-Газрын ховор элемент олборлосны ачаар бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ухаалаг гар утас, компьютер, телевиз, чихэвч, цахилгаан машин, сөнөөгч онгоц, дрон, хиймэл дагуул, сэргээгдэх эрчим хүчний технологи гээд орчин үеийн бүхий л технологиудыг бүтээдэг.

Хятад улс газрын ховор элементийн дэлхийн зах зээлийн 85 хувийг дангаараа хангаж байна. Энэ нь Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн юм.

-Ховдын Мянгад сумын Засаг дарга М.Амарсанаа тус суманд байрлах газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслийг зогсоосон. Тэнд яг юу болоод байна вэ?

-“Халзан Бүрэгтэй”-г эсэргүүцэж байгаа хүмүүс Хятадын лобби бүлгийн гар, хөл болж байгаагаа анзаарууштай. Газрын ховор элемент бол гар утас, өндөр технологийн түүхий эд. Тиймээс “Халзан Бүрэгтэй”-г эсэргүүцэгчид гар утас барих эрхгүй. Хонины арьс нөмөрсөн чонос мэт эх орончийн дүртэй, улсаа хорлогчид Ховдод ялав. Газрын ховор бол гар утасны түүхий эд. “Өөх өгсөн хүнд өдөр, шөнөгүй өстэй” гэдэг шиг Монголыг уул уурхай тэжээж байгааг мэддэг болов уу? Монголыг сонирхох шалтгаан юу вэ? Үнэндээ Монголын түүх, уран, газрын ховроос өөр манайхыг тоох юм юу ч байхгүй. Монголын түүхээс өөр мөлжүүртэй юм бас байхгүй.

Босоо хөх Монгол тэргүүтэй хэсэг хүмүүс Халзан Бүрэгтэй-гээс уран олборлох нь, цацрагийн аюултай хэмээн сэрэмжлүүлжээ. Орон нутгийн иргэд, иргэний хөдөлгөөнийхний ярьсан шиг байгаль экологид эрсдэл учрах уу?

-Ухсан ч, эс ухсан ч хурын усаар угаагдаад, газрын ховор зэрэг эрдсүүд Хар ус нуур, Ховд гол руу урсаад орж байгаа. Ямар нэгэн уул уурхайн төсөл эхлэх болохоор элийрээд, эсэргүүцээд байдаг балай жишиг хэзээ зогсох юм бэ. Тэр байгалийн эрдэс, ашигт малтмал бол байгаль дээрээ саванд хийгээд тавьчихсан байдаггүй. Ил задгай л байдаг. Хорвоо дэлхий үүсэхэд байж байсан тэр ховор шороо ил задгай нь салхинд хийсч, газар доорх нь хур борооны усаар угаагдана л гэсэн үг. Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэгтэй”-н орд дээр цөөвөр чонос мэт цугларч, иргэдийг турхирч байна. Ийм зүйлд хөтлөгдөж, хөрөнгө оруулагчдын ажлыг зогсоох нь “Монгол хөрөнгө оруулагчдад эрсдэлтэй орон” гэсэн мессэж өгнө. Дорноговийн Франц-Монголын хамтарсан “Зөөвч овоо” ураны төсөл, Эрдэнэбүрэн усан цахилгаан станцыг эсэргүүцэж байсан нөхдүүд одоо “Халзан Бүрэгтэй” газрын ховор элементийн төслийг эсэргүүцэж байна. Төр нүдтэй бол эднийг шалгах цаг болсон.

Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ явагдаж байна. Та мэргэжлийн хүний хувьд төслийн ач холбогдлын талаар та юу хэлэх вэ?

-Энэ бол Франц-Монголын хамтарсан төсөл. Цаашлаад Ази-Европын хамтарсан, дэлхийн төсөл. Хамгийн жижгээр ярихад л энэ төсөл говийн бүс рүү дэлхийн хөрөнгө оруулалт чиглэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хөгжихөд өндөр хувь нэмэр оруулна. Нөгөө талаараа Франц улстай хамтарна гэдэг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улстай хамтрах тухай асуудал юм. Ингэснээр Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, тусгаар тогтнолоо дипломат яриа хэлэлцээний шугамаар хамгаалахад хөшүүрэг болох юм. Францын хөрөнгө оруулалт орж ирснээр Европын, цаашлаад дэлхийн хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэнэ. Үүнээс гадна Монгол Улс өөрийн гэсэн ураны уурхайтай болсноор атомын цахилгаан станцтай болоход нэг алхам ойртож, эрчим хүчний хараат байдлаас гарах зам нээгдэх гээд энэ төслийн ард маш олон талын ач холбогдол оршиж байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр амжилттай болж, төсөл удахгүй хэрэгжиж эхлэх эерэг хүлээлттэй байна.

-Энэхүү ордын үйлдвэр орчмын цацраг идэвхт хийг хэрхэн хэмждэг вэ?

-Бидний хамгийн их анхаарах ёстой зүйл нь байгалийн уран буюу шар нунтаг биш, үйлдвэрийн газрын гүнээс материалтай хамт гарч ирдэг радон буюу цацраг идэвхт хий. Радон хийгээс сэргийлэх нь маш чухал. Тийм учраас бид гадаад шарлагыг хэмждэг дозиметрээс гадна агаарт байгаа радоныг хэмждэг дотоод шарлагын дозиметрыг байнга ашиглан хянадаг. Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулиар цацрагтай орчинд ажиллаж байгаа хүний нэг жилд авах нийт шарлагын хэмжээг 20 мЗв/ж-ээр хязгаарладаг бол Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт дээр ажиллаж байгаа залуусаас өнгөрсөн жилийн хугацаанд хамгийн өндөр тун авсан нь 2.25 мЗв/ж буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс зургаа дахин бага байсан.

-Хүхрийн хүчилтэй ус газрын гүн рүү шахаж, бохирдуулж байна гэсэн мэдээлэл гарсан. Байгаа түүхий эдээ зохистой ашиглаад, үр шимийг нь хүртэх нь бидэнд чухал. Тиймээс танаас Зөөвч-Овоо төсөл хүн, мал, байгаль орчинд аюулгүй юу гэж асуумаар байна?

-Хүн төрөлхтөн, дэлхий үүсэхэд л уран байсан. Ухахаар л болохоо байчихдаг зүйл биш. Ухсан ч, ухаагүй ч урантай газар шүүрлээрээ цацраг байж л байгаа. Үүнийг бид хормойлж авчраад тарьчихаагүй. Химийн хувьд ч, цацрагийн хувьд ч хоруу чанартай зүйл. Тэр орчинд ус, сүү, хүхрийн уусмал хийсэн ч ялгаагүй л техникийн орчин болно. Газрын гүнд байгаа тэр ураныг уусгаж гаргаж авах гээд байгаагаас биш нэмээд хордуулж, бохирдуулах гээд байгаа юм биш. Бурхны авралаар өвөг дээдэс бидэнд далай шиг сайхан газар үлдээсэн. Тэр түүхий эдээ ашиглаад арабууд, Казахстан шиг эрчимтэй шинэ хөгжлийн шатанд очих, Хятад шиг өрсөлдөх чадвартай болох гээд байгаа хэрэг. Тиймээс иргэд шинжлэх ухаанч ойлголт авмаар байгаа юм. Манай улстай 30 жилийн өмнө яг ижил гараанаас гарсан Казахстан улс л гэхэд өнөөдөр ураны дэлхийн тэргүүлэгч том экспортлогч болчихлоо. Дөнгөж саяхан явуулсан ард нийтийн санал асуулгаар иргэдийнх нь 71 хувь цөмийн цахилгаан станцтай болохыг дэмжлээ. Яагаад гэвэл атомын цахилгаан станц бол эрчим хүчний ногоон эх үүсвэр бөгөөд энэ станцын тусламжтайгаар утаа, хүлэмжийн хийн ялгарлаас сална гэдгийг иргэд нь ойлгож байгаа хэрэг. Тиймээс мэргэжлийн хүний хувьд хэлэхэд, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжих Зөөвч-Овоо төсөл физикийн талаасаа ямар ч асуудалгүй. Харин эдийн засаг талаасаа харилцан ашигтай байх зарчим л чухал юм.

-Уран бусад нүүрс, зэс зэрэг байгалийн баялгаас юугаараа ялгаатай вэ?

-Уран гэхээр бидний ихэнх нь цацрагт идэвхт, байгаль дээр өргөн тархалттай металл гэхээсээ илүүтэй ховор, хор хөнөөл нь гамшгийн түвшинд хүргэх, онц чухал “стратегийн” түүхий эд гэсэн ойлголттой байдаг. Гэтэл үнэндээ уран бол байгаль дээр өргөн тархалттай металл, далай тэнгис, рашаан булаг, газрын доорх ус, нүүрс болон зарим чулуулагт тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг. Харин уран их хэмжээгээр илэрсэн газруудад ураны уурхай ажиллуулдаг. Мэдээж энд их хэмжээний ураны талаар ярьж байгаа учраас цацраг идэвхт яригддаг. Гэсэн ч дэлхий дахинд уран олборлолт мөн өндөр хөгжчихсөн учраас газрын гүнд нь хөрс усанд нь нөлөөлөхгүйгээр олборлоод шар нунтаг болгоод гаргаад ирдэг. Энэ шар нунтгийг экспортод гаргадаг. Ураны хэрэглээ зөвхөн цахилгаан үйлдвэрлэлээр хязгаарлагддаггүй. Уран болон бусад цөмийн материалыг сансар судлал, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг. Монгол Улсын хэмжээнд цацрагийг дараахь зургаан салбарт хэрэглэж байна. Үүнд, Эрүүл мэнд: Рентген зураг авахад цацрагийг хамгийн өргөн ашигладаг. Хүнс, хөдөө аж ахуйд: Вирус, нян устгах, хоол хүнсний савлагаа ариутгах, Геологи, уул уурхайд: Геологийн тогтоцуудын насжилтыг тогтоох, Боловсрол, шинжлэх ухаанд: Түүхийн дурсгалт зүйлсийн насжилт тогтоох, Байгаль орчинд: Ус, агаарын бохирдлын судалгаа, Үйлдвэрлэл: Бараа материалын чанарын хяналт, агаарт хуримтлагдсан төрөл бүрийн хийг илрүүлж байна.

-Ураныг газрын доор уусгаж олборлодог. Гүний усанд нөлөөлөхгүй юу?

-Мэдээж гол асуудал нь гүний усыг хамгаалах. Тиймээс гүний усыг дараах зарчмаар хамгаалдаг. Үүнд: Газрын дор уусган олборлох аргаар олборлолт хийхийн өмнө тухайн бүс нутгийн гүний усны тогтцыг нарийвчлан судлах, олборлолтын хугацаанд гүний усны урсгал, чанарыг хянах зорилгоор олборлолтын бүсийн дотор, гадна хяналтын цооногуудыг байрлуулсан. Нөхөн сэргээлт хийсний дараа уурхай хаагдсаны дараах гүний усны чанар нь олборлолт эхлэхийн өмнөх үеийнхтэй адил түвшинд байгаа эсэхийг байнга хянаж судалдаг. Ундны усны нөөцийг эрсдэлд оруулахгүйн тулд энэ судалгааг тасралтгүй байнга явуулдаг.

-Монгол Улс хэзээнээс уранаа экспортод гаргах бол?

-Нийт 93.291 тонн ураны нөөцтэй Зөөвч-Овоо орд сүүлийн 10 жилд дэлхийд олдсон хамгийн том ордод тооцогдож байна. Тус ордын нөөцийг 2013 онд бүртгүүлснээс хойш 10 орчим жил бэлтгэл ажлыг хангасны үр дүнд 2021 оны долдугаар сард үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлсэн. Өнөөдөр үйлдвэрлэлийн туршилтын талбайд Франц, Казахстаны хоёр мэргэжилтэн, 50 гаруй монгол ажилтан ажиллаж байна. Гэрээ кантрактын асуудал нэг мөр болбол жинхэнэ үйлдвэрлэл эхэлнэ. Энэ үед 1000 орчим ажлын байр бий болж, тус бүр нь 18 торлолтой олон олборлолтын блокоос уран олборлоно. Казахстан дахь ураны үйлдвэрийн загвар бүхий үйлдвэр босож, дэлхийн зах зээлд борлуулах түүхий эд хүртэл нь боловсруулж, хамгийн өндөр ураны агууламжтай хар нунтгийг гаргах зорилготой юм.

-Уран олборлох анхны төсөл учраас Цөмийн энергийн тухай хууль энэ төсөл урагшлах уу, гацах уу гэдэг индикатор болох нь. Засгийн газраас Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхээр болсноо мэдээлсэн. Энэ өөрчлөлтийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Хуульдаа ямар өөрчлөлт оруулж, яаж хэрэгжүүлэхээс энэ төслийг манай улс хэрэгжүүлэх сонирхолтой байна уу, үгүй юу гэдэг шууд харагдана. Монгол, Франц хоёр улсын өнгөрсөн онд хийсэн өндөр дээд түвшний айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч нар протоколд гарын үсэг зурсан. Тиймээс бидний зүгээс төслийг урагшлуулах шаардлагатай. Хуульдаа хөрөнгө оруулагчдад таатай байх, төслийг хөхиүлэн дэмжих заалт л оруулах учиртай юм. Тиймээс хөрөнгө оруулалтыг хяхан боогдуулсан заалт оруулахгүй байхыг парламентын гишүүдэд уриалмаар байна. Магадгүй хуулийн төслийг хэлэлцэхдээ парламент, намын бүлгүүд мэргэжлийн хүмүүсийг дуудаж ирж асуудаг байх хэрэгтэй болов уу. Ерөнхий сайд эрдэмтдэдээ тулгуурлаж энэ улсыг улс шиг хөгжүүлнэ гэж Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа танилцуулахдаа хэллээ. Үүнтэй адил ураны төсөл дээр эрдэмтдийн саналыг авах шаардлага парламентад зайлшгүй бий.

-Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлэх, засаж залруулмаар ямар нэг заалт бий юү?

-Нэг заалтыг яах аргагүй анхаарах шаардлагатай. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг энэ хуулийн 34.6-д заасан журмын дагуу тооцож, төрийн дансанд байршуулна гэсэн заалт туссан байсан. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжээд 30-40 жилийн дараа дуусахад тэр үед нөхөн сэргээлт хийж, үйлдвэрийг хаах хөрөнгийг өнөөдөр бэлэн мөнгөөр нь төрийн санд байршуулах шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч талд хуулийн дагуу тавих гэж байгаа гэсэн санаа. Бэлэн мөнгө төрийн тусгай санд байршуулах өөрчлөлтийг хийвэл дор хаяж 300 сая ам.долларыг байршуулах хэрэгтэй болно. Учир нь “Зөөвч-Овоо” ордын ТЭЗҮ-ээр нөхөн сэргээлтийн сан 300 гаруй сая ам.доллараар тооцогдсон. Ийм хэмжээний бэлэн мөнгө байршуулах нэмэлт шаардлага нь уг төслийн хэрэгжих хугацааг дахиад хойшлуулах эрсдэлтэй.

-Тодруулбал?

-Төслийн өртөг мөн энэ хэмжээгээр өсөж, зээлийн санхүүжилт авах, нэмэлт санхүүгийн дарамтад төсөл орж, өртөг хэт өсөх, олборлосон түүхий эдийн үнэ нэмэгдэх, цаашлаад төсөл хэрэгжих боломжгүй болох зэрэг эрсдэлт нөхцөлийг үүсгэнэ. Дөнгөж энэ оны гуравдугаар сард шинэчлэгдсэн Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулагчид жил бүр санхүүгийн хөрөнгө мөнгийг тусган тооцох, мөн итгэмжлэгдсэн санхүүгийн байгууллагаас банкны баталгаа авах үүрэгтэй талаар тусгасан. Зөөвч-Овоо ордын хувьд Францын тал энэ хөрөнгийн баталгааг олон улсын нэртэй банкаар гаргуулж, тусгай дансанд байршуулах саналаа гаргасан байдаг. Энэ нь ордын санхүүжилтэд ачаалал багатай бөгөөд төслийн өртгийг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийг бүрдүүлэх арга л даа. Гэтэл манайх шууд энэ мөнгийг бэлнээр дансанд байршуулна гэхээр зохисгүй болчихож байгаа юм.

-30-40 жилийн дараа уурхай хаагдах үед ашиглах зориулалттай нөхөн сэргээлтийн мөнгөн хөрөнгийг Төрийн сангийн дансанд байршуулах үүргийг хөрөнгө оруулагчдад хүлээлгэх нь Монголын төр засагт ч маш их дарамт болох байх?

-Тэгнэ. Учир нь, тус сангийн урт удаан хугацааны менежмент хийх үүрэг хариуцлага төрд шилжиж байгаагаас ялгаагүй. Нөхөн сэргээлтийн хариуцлагыг олборлогчоос авч, төрд шилжүүлбэл олборлогч компани байгаль орчны асуудалд хайхрамжгүй хандах эрсдэлтэйг тооцох хэрэгтэй. Бас нэг том эрсдэл бол 40 жилийн дараа энэ мөнгө байх уу, үгүй юу гэдэг асуудал. Өнөөдөр байршуулах 300 сая ам.долларын үнэ цэн 40 жилийн дараа 2.1 тэрбум доллар буюу ордын бүтээн байгуулалтын зардлаас ч давсан ийм хэмжээний хөрөнгөөр 40 жилийн хугацаанд төсвийн цоорхой нөхөөд явчихвал яах вэ. Ийм нөхцөл үүсвэл нөхөн сэргээлт хийгдэхгүй байх эрсдэлийг ч дагуулна. Тиймээс төсөл хэрэгжүүлж байгаа талд хариуцлага үүрүүлэхийг хүсч байвал олон улсын банкаар баталгаа гаргуулаад, тухайн банк болон төсөл хэрэгжүүлэгч хоёр хариуцлагаа үүрээд явах юм.

-Уран олборлодог улсуудад ирээдүйн нөхөн сэргээлтийн зардлыг тухайн улсын төрийн сангийн дансанд байршуулдаг практик байдаг уу?

-Байдаггүй. Олон улсын жишигт байдаггүй ийм үүргийг шинээр бий болгох нь Монголд хөрөнгө оруулах уул уурхайн шинэ хөрөнгө оруулагчдыг, тэр дундаа үндэсний хөрөнгө оруулагчдыг манай улсаас нүүр бууруулахад хүргэж, үргээж болзошгүй. Дэлхий дээр зөвхөн Нигери улс л 2022 оны төрийн эргэлтийнхээ дараа ийм шаардлагыг манай гараг дээр анх удаа гаргаж тавьсан. Гэтэл дэлхийд байхгүй, уул уурхай бус улс төрийн өнгө аястай ийм утгагүй шаардлагыг Монгол хоёр дахь улс нь болж тавих нь энэ төслийг хэрэгжүүлэх сонирхолгүй байгаа гэсэн санааг хөрөнгө оруулагчдад төрүүлж мэднэ. Ийм жишгийг бий болгох хоёр дахь улс нь Монгол байж болохгүй. Харин олон улсад төсөл хэрэгжүүлэгч компани томоохон банкаар дамжуулан баталгаа гаргадаг бөгөөд гэрээнийхээ үүргийг хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлж чадахгүй бол банк нь хариуцлага хүлээдэг зарчим хэрэгждэг. Иймд Монгол Улсын Засгийн газар, Монголын тал энэ төслийг үнэхээр хурдтай урагшлуулъя гэж хүсч байгаа бол одоогийн Ашигт малтмалын тухай хуулиа баримтлаад явахад болчих юм. Цөмийн энергийн тухай хуульд ийм заалт шинээр нэмэх нь хөрөнгө оруулагчдын хувьд маш буруу хандлага.

-Ураны эрэлт нэмэгдэж, цөмийн эрчим хүчний зах зээл тэлж байгаа энэ үед хуулийн энэ мэт өөрчлөлт үйлчилбэл ямар хохирол дагуулах вэ?

-Ямар ч том төсөл хойшлох тусам үр өгөөж нь багасдаг. Хуулийн төсөлд тусгаж байгаа шинэ заалт хэрэгжвэл “Зөөвч-Овоо” төслийн хэрэгжих хугацаа 2-3 жилээр хойшилно. Ураны зах зээл тогтмол өсөж байгаа энэ үед төслийг аль болох хурдан хэрэгжүүлэх нь манай улсад ашигтай.

-Монгол Улсын хувьд хамгийн оновчтой хувилбар нь нөхөн сэргээх зардлыг бэлнээр авах биш, банкны баталгаа гаргуулаад, төслийг аль болох хурдан эхлүүлэх юм байна, тийм үү?

-Тийм ээ. Хэрэв ийм шаардлага ураны салбарт тавиад эхэлбэл бусад салбарт ч тавигдах эрсдэл зайлшгүй үүснэ. Ашигт малтмалын тухай хуульд тусган оруулах тохиолдолд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг ашигт малтмалын бүх төрлийн уурхайгаас хөөн зайлуулах процесс үүсэх магадлалтай. Иймд банкны баталгаа, эсвэл тусгай санд нь хуулийн дагуу гадаад аудиторуудын жил бүр хийх санхүүгийн аудитын хүрээнд аудит шалгалт хийдэг байвал Монгол Улсын хувьд эрсдэлгүй болох болов уу.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр цагаан луу өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 12, Ангараг гариг. Билгийн тооллын 11, Шувуун хошуут одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 07:54 цагт мандаж 17:18 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: 11, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 11, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө      -23…-28 градус, өдөртөө -9…-14 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -17….-22 градус, өдөртөө -6….-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө          -9…-14 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.