Categories
мэдээ нийгэм

МҮОХ-ны гишүүдийн хурал 12 дугаар сарын 12-ны өдөр товлогдлоо DNN.mn

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж Гишүүдийн хурлыг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Ээлжит бус хурлаар “Парис 2024” Олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын тайлан, дүрмийн нэмэлт өөрчлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Мөн өнөөдрийн хурлаар “Харбин 2025” Азийн өвлийн наадамд оролцох баг тамирчдын зохион байгуулалт, хувцасны тухай санал солилцсон бөгөөд оны шилдгүүдээ шалгаруулах “Бөртэ Чоно 2024” Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг ирэх сарын 19-ний өдөр зохиохоор шийдвэрлэв.

Түүнчлэн зарим хүмүүсийг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагнахаар боллоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм

Өвлийн оргил ачааллын үед цахилгаан хангамж, шугам тоноглолыг найдвартай ажиллуулах үүрэг өглөө DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өмнөх зөвлөгөөний үүрэг, даалгаврын биелэлт 82 хувьтай байгааг хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга У.Баатар танилцууллаа. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарны зам болон Их хүрээний гудамжны нүхэн гарц гэсэн 4 байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээрээс Таван шарын нүхэн гарцыг өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулсан.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга У.Баатар “Геологийн төв лабораторийн уулзварын төмөр зам доогуур нүхэн гарцын барилга угсралтын ажлын хүрээнд D32 метр түр Ган дамнурууг төмөр зам дагуу шилжүүлэн бетон тулгуургүйгээр ажлыг гүйцэтгэсэн. Инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд ДЦС-4, Москва хорооллын чиглэлд 4.2 км урт 2ф800мм-ийн голчтой дулааны гол шугам шилжүүлэх, Ф150мм-ийн уурын шугам сүлжээ шилжүүлэх ажлуудыг тус тус хийсэн. “Хермес” төвийн төмөр замын зоорины үндсэн нүхэн гарцын барилга угсралтын ажил дууссан. 2025 оны хавраас төмөр зам доогуур байрлуулах ажлыг үргэлжлүүлнэ. Нарны зам болон Их хүрээний гудамжны нүхэн гарцыг барьснаар хөдөлгөөний ачаалал 7.3 хувиар буурах судалгаа байна. 2025 оны хавраас мөн барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх юм” гэдгийг танилцууллаа.

Нийслэлд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслүүд хэрэгжиж байгаа нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болгох зохицуулалт хийснээр түгжрэлийг тодорхой хувиар бууруулах зорилготой юм. Мөн нийслэлд хэрэгжиж байгаа явган замын нөхөн сэргээлтийн ажлууд болон нийслэлийн хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар холбогдох албаныхан танилцууллаа. Тухайлбал, нийслэлийн Засаг даргаас худалдан авах ажиллагааны эрх шилжин ирсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт 94.4 хувьтай байгааг танилцуулав. Нийслэлийн дүүргүүд өвөлжилтийн бэлтгэл ажил, давс, бодисын нөөцлөлт, хот нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллаж байгааг мөн үеэр онцоллоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.

Тодруулбал, нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлэг, кабель, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг тогтмол хийж, явган замыг стандартад нийцүүлэх,

Өвлийн оргил ачааллын үед цахилгаан хангамж, шугам тоноглолын найдвартай ажиллагааг хангах хүрээнд үзлэг шалгалтыг тогтмол хийж, их болон урсгал засварыг батлагдсан төлөвлөгөөт хугацаанд гүйцэтгэх,

Цахилгаан хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймгийн Баянжаргалан суман дахь Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нэгдүгээр блокийн 150 мВт, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 50мВт-ын хүчин чадалтай батарей станцыг цахилгаан эрчим хүчний системд холбох ажлыг эрчимжүүлэх,

Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын гадна зам талбай, зогсоол, шатахуун түгээх станцуудын орц, гарцын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, замын тэмдэг, тэмдэглэгээ тавих, эвдрэл гэмтлийг засах ажлыг эрчимжүүлж, дуусгах,

Теле камерын нэгдсэн төвийн техник, тоног төхөөрөмж, систем, программ хангамж төслийн ажлыг эрчимжүүлэх,

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх зорилгоор “Нисэхийн тойрог уулзвараас Сансарын аюулгүйн тойрог уулзвар хүртэлх авто замын дагуу тусгай замын автобус зорчих хэсгийн инженерийн дэд бүтцийн урьдчилсан судалгаа”-г боловсруулах ажлын явцыг танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Арваннэгдүгээр сарын 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, хүйтрэхийг анхааруулж байна.


2024 оны 11-р сарын 12-ны 20 цагаас 11-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 18-23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 хэмийн хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.


2024 оны 11-р сарын 14-нөөс 2024 оны 11-р сарын 18-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 17-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. 14-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 11-16 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн

Categories
мэдээ цаг-үе

Улсын заан Д.Бумбаярын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийнхний УАШТ болно DNN.mn

Багануур дүүргийн “Уурхайчин” спорт цогцолборт ОХУ-ын Тува улсын гавьяат дасгалжуулагч, чөлөөт бөхийн ОУХМ, улсын заан Дамирангийн Бумбаярын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд болно.

2008 онд Увс аймгийн Дархан цэцэрлэгийн 60 жилийн ойн хүрээнд анхдугаар тэмцээнийг зохион байгуулахад 64 цэцэрлэгийн хүүхэд багачууд өрсөлдөж байсан бол өдгөө тав дахь удаагийн тэмцээнийг 6-7, 8-9, 10-11, 12-13, 14-15 гэсэн таван насны ангилалд зохион байгуулах аж.

Улсын заан Д.Бумбаяр нь 1992 онд аймгийн заан, 1993 онд улсын начин, 2001 онд улсын заан цол хүртсэн бөх юм.

Түүний бэлтгэн гаргасан алдар цуутай бөхчүүдийг дурдвал, улсын заан Н.Жаргалбаяр, Д.Хүдэрбулга, улсын харцага Т.Баасанхүү, Ц.Мөнхбаяр, улсын начин Х.Оргиболд, О.Түмэн, Л.Энхсаруул нар байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  

Categories
мэдээ эдийн-засаг

“Хубилай хааны усан флот” дурсгалын зоос худалдаанд гарлаа DNN.mn

Япон улсын Мацүра хотын Такашима арлын далайн гүнээс илрүүлсэн Монголын Эзэнт гүрний үед холбогдох Хубилай хааны усан флотын цэргийн армийн хөлөг онгоцны дурсгал болон түүхэн үйл явдлын 750 жилийн ойг тохиолдуулан соёлын өвүүдийг сурталчлах, олон нийтэд таниулах зорилгоор Соёлын өвийн үндэсний төвийн захиалгаар “Хубилай хааны усан флот” дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа.

Япон улсын Фүкүока хотын Кюүшюү их сургууль дээр зохион байгуулагдсан “Хубилай хааны Япон руу хийсэн довтолгооны дараах 750 жилийн түүхийн олон улсын симпозиум” арга хэмжээний үеэр  тус дурсгалын зоосыг олон нийтэд танилцуулав.

Зоосны нүүрэн талд далайн ёроол хэсэгт усны археологийн малтлагаар илэрсэн тухайн үед живсэн хөлөг онгоцны модон суурины ёроол хэсэг болон далайд хөвж буй Хубилай хааны хөлөг онгоцны компьютер график ашиглан сэргээсэн загварыг дүрсэлсэн. Мөн зоосны дээд хэсэгт “Хубилай хааны усан Флот” гэж, доод хэсэгт энэхүү олдворын илэрсэн газар болох “Такашима” арлын нэрийг бичжээ. Такашима нь “Шонхрын арал” гэсэн утгатай бөгөөд хөлөг онгоцны дээр шонхор шувууг нисэж буйгаар дүрсэлсэн.

“Хубилай хааны усан флот” дурсгалын зоосны үзүүлэлт: 

  1. Жин: 50 грамм
  2. Он: 2024
  3. Нэрлэсэн үнэ: 750 төгрөг
  4. Металл: Зэс (Алтаар бүрсэн)
  5. Диаметр: 38.61 мм
  6. Чанар: Proof
  7. Технологи: Smartminting, Ultra High Relief
Categories
мэдээ спорт

Монголын бодибилдингийн тамирчид ДАШТ-ээс 21 медаль хүртжээ DNN.mn

15 дахь удаагийн бодибилдингийн ДАШТ-ээс Мальдив улсын Адда хотын Канарийф ресортод болж, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны тамирчид 21 медаль хүртлээ.

Тодруулбал, алтан медель 5, мөнгөн медаль 7, хүрэл медаль 4, тусгай дөрөвдүгээр байр 2, тусгай тавдугаар байр 3 нийт 21 медаль хүртэж, эмэгтэй баг тамирчид багийн оноогоороо II байр эзэлж, мөнгөн медалийн эзэн боллоо.

Categories
мэдээ нийгэм

Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна DNN.mn

Яармагт зарим орон сууцны хорооллын цэвэр усны шугамаас зэвтэй ус гарч байгаа талаар иргэд мэдээлсэн. Тиймээс Улаанбаатар хотын удирдлага уг асуудлыг шийдэхийг үүрэг болгож, Яармаг орчимд буюу Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж байгаа билээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 4.6 км шугамыг угсарч, шинэчлээд байна. Энэ талаар Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Д.Мөнхзулаас тодрууллаа.

Тэрбээр “Яармагийн оршин суугчдаас зэвтэй ус гарч байна гэх гомдол ирүүлсний дагуу нийслэлийн төсвөөс санхүүжүүлж шугам солих ажлыг гүйцэтгэж байна. Хотын дарга шугам угсралтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд хийж дуусгах үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар 4.6 км шугам угсарсан. Энэ долоо хоногт худаг доторх арматурчлал холболтыг хийж дуусгана. Шугам хоолойг угаах, халдваргүйжүүлэх, дүүргэлт хийж, хэрэглэгчдийг цэвэр устай холбох ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Гэрээний дагуу бол арванхоёрдугаар сарын 25-нд ажлыг бүрэн хүлээлцэж өгнө” гэв.

Яармагт шинээр сольж байгаа уг 4.8 км үндсэн шугамын эх үүсвэрээс тухайн орчмын 500 гаруй барилга, байгууламж цэвэр усаа авдаг. Зөвхөн цэвэр усны төв шугамыг шинэчлээд зогсохгүй Яармаг орчмын орон сууцны хорооллууд, барилгуудын ашиглалтыг хариуцагчид, орон сууцны конторууд дотор шугам сүлжээндээ засвар үйлчилгээ, угаалга зэргийг тогтмол хийх шаардлагатайг Ус сувгийн удирдах газраас онцолж байна. Ингэснээр зэвтэй усны асуудал бүрэн шийдэгдэх юм.

Түүнчлэн шугам хоолойг шинэчлэх явцад шугам сүлжээний трасс зарим аж ахуйн нэгж байгууллагын хашаагаар дамжих шаардлага гарсан. Тухайлбал, “Нутгийн буян групп”-ийн барилгын төсөл хэрэгжиж буй талбайгаар цэвэр усны шугамыг дамжуулан татсан. Тус компани трасс чөлөөлж хамтарч ажилласан. Мөн Хан-Уул дүүргээс зарим тохижилт, трасс чөлөөлөлтийн ажлыг дэмжсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг хуралдлаа DNN.mn

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.11.12/ хуралдлаа. Хуралдааныг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал удирдан явуулав.

Тус хуралдаанаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, хэрэгжилт” сэдвээр Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс илтгэв. Тэрбээр, төрийн албанд ёс зүй, сахилга харицлагын оновчтой тогтолцоог бүрэлдүүлж, ёс зүйтэй төрийн алба төлөвшүүлэх талаарх хөгжлийн бодлого, зорилт, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан шийдвэрүүд, хуулийн хамрах хүрээ, тогтолцоо, ёс зүйн хэм хэмжээ, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх Үндэсний хөтөлбөр, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгсөн.

Түүний дараа Удирдлагын академийн ахлах багш, доктор /Ph.D/ А.Алтанзул Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар товч танилцуулсан юм. Тэрбээр, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар хуулиар эрх олгосны дагуу дүрмээр ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, хариуцлагын төрөл, хэмжээг зохицуулж байгаа боловч төрийн албаны бүх түвшинд ёс зүй, хариуцлагын арга хэмжээ үр нөлөө багатай, зохицуулалт сул хэвээр байна. Ёс зүйн дүрэм үйлчилж байгаа хэдий ч практикаас үүдэлтэй ёс зүйн зөрчил маргааныг шийдвэрлэх, сайтар боловсруулсан ёс зүйн хэм хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх, хэвшүүлэх тогтолцоо үгүйлэгдсээр байна. Иймд төрийн албаны ёс зүй, сахилгын нийтлэг асуудлыг нэгдмэл байдлаар зохицуулсан ерөнхий хуулийг батлан гаргах, түүнд бүх төрийн албан хаагчдын сахин мөрдөх нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнчлэн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг тогтоох зорилгоор Төрийн албаны ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага үүссэн гэж үзэж байна гээд хуулийн үзэл баримтлал болон бусад заалт, зохицуулалтыг илтгэлдээ дурдлаа.

Ёс зүйн хорооны олон улсын туршлага ба төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал сэдвээр Ёс зүйн хорооны гишүүн, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, доктор /Sc.D/ профессор, Гавьяат багш Ш.Батсүх мэдээлэл өглөө. Тэрбээр, Үндэсний ёс зүйн байгууллага, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал эрхэлсэн байгууллагын ялгаа болон дэлхийн зарим улс орнуудын Ёс зүйн хороо буюу зөвлөлийн байгуулагдсан түүх, ажиллах зарчим, бүрэлдэхүүнийг тухай танилцуулсан. Эдгээр илтгэлүүдийн дараа ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, хариулт авч, мөн ажиллах чиглэлээ тодорхойллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

 Манхан-Булган-Улсын хил чиглэлийн Бага улаан даваанд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал болжээ DNN.mn

Манхан-Булган-Улсын хил чиглэлийн 200км-т Бага улаан даваанд, цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон байна. Шуурхай ажлын хэсэг зорчих хэсэг дээр тогтсон цасыг ачигчаар цэвэрлэх ажил хийгдэж байна

Хашаатын давааны Шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байна. Зам даваа саадгүй хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Хоморголсон баривчилгаа, их хэлмэгдүүлэлт, сэргээгдээгүй эрх DNN.mn

 Нэг. ЭХЭНД  ӨГҮҮЛЭХ НЬ

Огт танихгүй хүмүүсээс “за” гэхэд хэцүү ч, “үгүй” гэхийн аргагүй захиалга ирэв. Сайхан хүмүүсийн тухай баримт түшин бичсэн зарим бүтээлийг минь уншсан гэх тэдний захиалгын агуулга нь “Бидний авга ах Дамдины Сувддаш гэдэг хүн хэрхэн хэлмэгдэн хохирсон тухай үнэн баримтад тулгуурлан бичиж, төр засаг, хүний эрхийн байгууллагын сонорт хүргэнэ үү. Танд Д.Сувддаш ахын төрсөн дүү Монгол улсын гавьяат Хуульч Д.Алтангэрэл хурандаа тусална” гэжээ. Ийм юм бичиж байгаагүй болохоор айх шиг болов. Миний бие Монголын цагдаагийн том зүтгэлтэн, Монгол Услын гавьяат хуульч Д.Алтангэрэл хурандааг зүс таних тул юутай ч түүнтэй уулзав. Хурандаа “Би энэ хэргийн цаад учрыг тодруулж, төрсөн ахынхаа нэр хүндийг цэвэрлэнэ. Харамсалтай нь сэрүүн тунгалагт нь хөөцөлдөөд бүтээгүй юм. Бод доо, 38 настай, 74 кг жинтэй, ямар ч өвчин хуучгүй идэрхэн эр шоронд 9 сар 18 хоног суугаад гарахдаа 38 кг жинтэй, артикулит өвчтэй хүний сүг, зүгээр л яс арьс болсон байсан даа. Шоронд ямархуу байдалтай байлгасан нь тодорхой байгаа биз?” гээд чимээгүй болов.

“Эрүүдэн шүүснээс зайлахгүй юм байна даа” гэж бодохын зуур хурандаа “Энэ асуудлыг одоо сөхөн тавих нь хэн нэгнийг буруутгах, хэн нэгнээс өшөө авах санаагүй, гагцхүү “Ийм явдал болсон, үүнд олон хүн амь, амьдралаараа хэлмэгдсэн, энэ нь манай хуулийнхан мөрдөн шалгах, хянах ажиллагаандаа болчимгүй, хэт сүржигнэсэн байдлаар хандаж, хууль зөрчсөн алдаа гаргаснаас хүний эрх бүдүүлгээр зөрчигдөж, иргэдэд материаллаг болон сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр хүндийн үлэмж хохирол учирсан тухай үнэн зөв бодит мэдээллийг олон нийт, төрийн сонорт хүргэх, ингэснээрээ хойшид ийм алдаа гарч хүн хохироохоос сэрэмжлүүлэх буюу энэ цагийн цагдаа, прокурорынхондоо туслах зорилготой юм” гэв.

Миний өмнө Д.Сувддаш гуай нас барахынхаа өмнө “Нэр төрийг минь сэргээхийг хичээгээрэй” гээд дүүдээ үлдээсэн өөрийн нь “хэрэг” гэгчтэй холбогдох томоос том цүнх дүүрэн материал байна. Энэ бүгдийг би бараг л эрдмийн зэрэг хамгаалахын дайтай судаллаа.

Хоёр. “ХАЙРЦАГНЫ ХЭРЭГ” ГЭГЧИЙН ТУХАЙ ХЭНД ХЭН МЭДЭЭЛЭВ, ХЭН ХЭРЭГ ҮҮСГЭВ, ХЭНИЙ ШИЙДВЭРЭЭР ХҮМҮҮСИЙГ БАРИВЧЛАВ, БУРУУГҮЙ ХҮМҮҮС ХЭРХЭН ХОХИРОВ?

Дээрх баримтуудыг нягтлан үзвэл дараахь дүр зураг тодрох ажээ. Үүнд:

  1. “Хайрцагны” гэх зохиомол хэрэг анх үүссэн шалтгаан нь Мод боловсруулах үйлдвэрт ня-бо-гоор ажиллаж байгаад ажилдаа тэнцээгүй шалтгаанаар Хайрцагны үйлдвэрт няраваар томилогдон ирсэн Оюумаа гэгч өмнө нь хамт сурч байсан, Улсын Цагдан Сэргийлэх Ерөнхий Газар (УЦСЕГ)-ын төлөөлөгч болсон Ц.Батболдод “Д.Сувддаш, Г.Пүрэв-Очир, З.Мөнхөө нар бусад байгууллагад нийлүүлээгүй олон тооны хайрцгийг нийлүүлснээр падан бичих, төлөвлөгөөний биелэлтийг өсгөн мэдээлэх зэргээр ноцтой гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тухай мэдээлэл”-ийг өгснөөр эхэлжээ. Энэ хэргийг шалгах нь паданыг баримттай тулгах, төлөвлөгөөний биелэлтийг бодит байдалтай харьцуулах төдий төвөггүй ажил мэт санагдана. Гэтэл Ц.Батболд уг мэдээлэлд дурдагдсан асуудлыг хууль зүйн дагуу шалгаж, зохих баримт нотолгоо бүрдүүлэхгүйгээр эдгээр хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэжээ.
  2. Д.Загдсамбар, Ц.Батболд нар зохиосон справкадаа: 10 гаруй үйлдвэрт 2.0 сая гаруй төгрөгийн хий падан бичсэн, улсын төлөвлөгөөний биелэлтийг 1.0 сая гаруй төгрөгөөр өсгөж мэдээлсэн сэжиглэл байгаа тухай бичиж удирдлагдаа танилцуулжээ. Үнийг эш үндэс болгон Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам (НАХЯ)-ны нэгдүгээр орлогч сайд, УЦСЕГ-ын дарга А.Думбурай 1981.10.28-нд Улсын ардын хянан шалгах хороо (УАХШХ)-ны дарга Ц.Моломын өрөөнд улсын прокурор Р.Гүнсэн, СЯ-ны орлогч Ц.Баянбат, төрийн сайд Ө.Ганхуяг нарт ноцтой гэмт хэрэг илрүүлсэн тухай сүржин мэдээлэл хийснээр тус хурлаас их хүчээр нэгэн зэрэг шалгахаар шийджээ. Ингээд тус хурлаас СЯ, УАХШХ-ноос 22 ажилтныг томилж баримтын шалгалт хийлгэхээр тогтжээ. Энэ ажлын хэсгийг СЯ-ны орлогч сайд байсан Ц.Баянбат ахалж ажиллажээ.
  3. Тухайн үеийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа “Хайрцагны үйлдвэр”-ийн удирдлага болох дарга Д.Сувддаш, бригадын дарга (МАХН-ын XVIII их хурлын төлөөлөгч асан) Д.Сумьяа, ня-бо Г.Пүрэв-Очир, мастер З.Мөнхөө, ажилтан С.Намсрай, Алтанцэцэг, Н.Нансалмаа нарыг 1981.11.10-ны өглөө 10 шахам машинтай цагдаагийн 20 гаруй ажилтан хоморголон баривчилаад УЦСЕГ-т авчран тус бүрийг нэг өрөөнд оруулан өдөржин байцаажээ. Ингээд орой 21 цагийн үед Д.Сувддашийг “Төв аймгийн урьдчилан хорих”-од, бусдыг “Ганц худаг”-т хорьжээ.
  4. Энэхүү дуулиант “Хайрцагны хэрэг” гэгчид холбогдуулан 15 хүнийг шалгаж, 10 хүнд ял сонсгон яллагдагчаар татаж, 9 хүнийг цагдан хорьж, 3-287 хоног буюу давхардсан тоогоор 1017 хоног хорьж, тэр хэрээр хүмүүсийн нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэнд, амьдрал ахуйг нөхөгдөшгүйгээр хохироожээ. Хэрхэн хохирсон тухайгаа хэлмэгдсэн хүмүүс өөрснөө юу өгүүлснийг сийрүүлье.

А. “Хайрцагны үйлдвэр”ийн дарга байсан Д.Сувддаш: Би 9 сар 18 хоног хоригдон мөрдөгдөж, 3 жил ажилгүй байсан, энэ хугацаанд ойрын төрлийн 4 хүн нас барсан, шоронд орсон шөнөө л костюмаа дээрэмдүүлсэн, хоолоо байнга булаалгадаг байсан, шоронд 74 кг жинтэй ороод 38 кг болтлоо эцэж, арай ядан хөл дээрээ зогсож байсан. Энд байхдаа артикулит өвчтэй болсон, нэр хүнд асар их унасан.

Б. Тус үйлдвэрт мастераар ажиллаж байсан Д.Сумьяа: Би 5 сар 3 хоног хоригдсон, МАХН-ын 18 дугаар их хурлын төлөөлөгч байсан нэр хүнд маань үзэшгүй муухайгаар унасан, үүнээс болж сэтгэл санаагаар бүр ч унасан, шоронд суух хугацаанд бие их муудсан, хоёр чих дүлийрч, хоёр нүдний хараа болон элэг, цөс муудсан, түүнээс хойш бие дахин өөдлөөгүй байсаар группт орсон, 3-р групптэй.

В. Ахлах нябогоор ажиллаж байсан Г.ПүрэвОчир: Би 6 сар 17 хоног хоригдсон, би залуу хүн, үүнээс болж сургуульд орох, орон сууц авах боломжоо алдсан, нэр хүндээр их унасан, намын идэвхтнээс хасагдсан, шоронд байхад ходоод их муудсан, энэ бүхнийг сүржигнэж биднийг хорьсноос болсон гэж боддог.

Г. Ня-бо байсан Н.Нансалмаа: Би 15 хоног хоригдсон, их цочирдож айсан, шоронд ороход ээжийн бие муу, би асарч байсан, гарч ирэхэд ээжийн бие муудаж 2 сар болоод нас барсан, би хоригдох үедээ жирэмсэн байсан, үүнийгээ хэлж хөөцөлдөөд ашиг олоогүй, тэр хүүхэд зүрхний гажигтай гарсан, айж цочирдох явдал нөлөөлдөг юм гэсэн, хүүхэд маань гараад удалгүй нас барсан.

Д. Тус үйлдвэрт нярав байсан С.Намсрай: Би 6 сар 17 хоног хоригдсон, 3 жил 1 сар ажилгүй байсан, намайг мөрдөнд байхад эцэг маань нас барсан, тэгэхэд гуйгаад байхад уулзуулаагүй, эрүүл мэндээр их хохирсон, мөрдөнгөөс гарсны дараа бараг бүх шүд унасан, 63 кг-тай ороод 36 кг болсон.

Е. Мастер байсан З.Мөнхөө: Би 5 сар 17 хоног суусан, шоронгоос гарч ирээд 2 сар эмнэлэгт хэвтсэн, гэтэл эмнэлэгт хэвтсэний листний мөнгийг шоронд байсан гээд өгөөгүй, шоронгоос гараад тун ч удалгүй 4 үүдэн шүд унасан…

  1. “Хэрэг”-ийг мөрдсөн М.Чимэдрэгзэн уг зохиомол “хэрэг”-ийг зөвхөн Д.Сувддашид хамаатуулан хэрэгсэхгүй болгосон тогтоолыг 1984.8.25-нд үйлдэн нэг хувийг прокурорт хүргүүлжээ. Прокурор уг тогтоолыг хянаад, үндэслэлтэй гэж үзвэл тогтоолын хуулбарыг хохирогчид гардуулан өгөх мөн хууль зөрчсөн ажиллагааны талаар нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон харьяалалын талаар тодорхой заасан хуудсыг хүргүүлэх учиртай байжээ. Харамсалтай нь энэ ажиллагаа хийгдсэнгүй.
  2. Ял сонсгон 5-6 сар гаруй хугацаанд цагдан хорьж 3 жил шахам мөрдсөн С.Намсрай, Г.Пүрэв-Очир, З.Мөнхөө, Д.Сумьяа нарын асуудлыг мөрдөгч М.Чимэдрэгзэн хэрхэн шийдсэн нь тодорхойгүй байна. Энэ нь хуулийн агуулгаараа тэд өнөөг хүртэл яллагдагч хэвээр байгаа буюу тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжилсээр байгаа хэрэг юм. Тэрчлэн хүмүүсээс нэгжлэгээр хурааж авсан мөнгө төгрөг, битүүмжилсэн хөрөнгийг ч чөлөөлөлгүй орхисон, буцааж олголгүй өдий хүрсэн нь үнэхээр гайхалтай.
  3. Нэн харамсалтай нь “Хайрцагны хэрэг” гэгчид холбогдох 17 хавтастай, 3361 хуудас материалыг 2020 онд устгасан тухай архивын лавлагаа байна.

Эндээс юу хэлж болох вэ? Д.Сувддаш нарт тохсон “гэмт хэрэг” гэгч нь нэг ч үндэслэлгүй байсныг мөрдөн байцаалтаар тогтоосноос хойш буюу хүмүүс нэгэнт хэлмэгдсэний дараа 1988.5.24-д бүх талаар эцэслэн тогтоожээ. Юутай ч үнэн ялсан нь сайн хэрэг. Харамсалтай нь хүмүүсийн хохирлыг өдгөө хүртэл арилгасангүй нь тоогүй.

Одоо үндсэн гурван том бичиг баримт юу өгүүлэхийг тус тусад нь авч үзье.

Гурав. МАХН-ЫН ТӨВ ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА ЮУ ӨГҮҮЛНЭ ВЭ?

Хохирогч Д.Сувддаш нарын хилс хэрэгт холбогдож хохирсон гомдол болон уг хэрэгт гэм буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцож өгөхийг хүсэн бичсэн өргөдлийг шалгасан тухай МАХН-ын Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч Н.Жанцан, О.Дагвадорж нарын Намын хянан шалгах хороо (НХШХ)-ны хуралд танилцуулсан танилцуулгаас сонирхъё. Энд хилс хэргийн тухай хэд хэдэн ноцтой дүгнэлт байна. Үүнд:

  1. УЦСЕГ-ын зарим ажилтан хилс хэрэгт олон хүнийг хэлмэгдүүлэн мөрдөн байцаалт явуулсан, СЯ, УАХШХ-ны зарим ажилтан хариуцлага алдаж баримтын шалгалтыг худал ташаа хийж, 42 актыг үндэслэлгүй тавьсан болохыг НХШХ шалгаж тогтоосон байна.
  2. Улсын прокурор С.Бүдрагчаа 1984.4.23-нд НХШХ-нд 23 хуудастай танилцуулга ирүүлж, түүндээ СЯ, УАХШХ-ны тавьсан актууд худал ташаа болохыг

нотолжээ. Мөн дээрх актууд худал болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.

  1. Энэ хэргийн үйл ажиллагаанд гүйцэтгэх ажлын шатнаас эхлэн прокурорын хяналт тавьсан боловч ажил хэргийн гүнд орж, үнэн байдлыг олж харж чадаагүй байна. Энэ хэрэгт хяналт тавьж байсан прокурор Н.Цэрэннадмид, хэлтсийн дарга Ц.Жалцав, улсын прокурорын удирдлагууд урьдчилсан мөрдөн байцаалтын хугацааг 22 удаа сунгаж, уг алдаа удаан хугацаагаар үргэлжлэхэд нөлөөлсөн байна.
  2. Энэ асуудлыг шалгаад бичсэн НХШХ-ны 1984.6.1-ний танилцуулгад УЦСЕГ-ын удирдлага ажилтныхаа үйл ажиллагаанд тавих хяналтыг ноцтой сулруулсны зэрэгцээ хөнгөн мөчид, үндэсгүй зүйлийг сүр бадруулан дэвэргэж “том хэрэг илрүүлсэн тухай” бичсэнээр ажлаа хязгаарласан байна гэжээ.
  3. Улмаар УЦСЕГ-ын социалист өмчийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Д.Загдсамбар, группийн дарга Б.Лувсанцэрэн нар төлөөлөгч Ц.Батболдын хүлээн авсан мэдээлэлд нэг ч гэрч, баримт байхгүй байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг зөрчин том бүлэг хэрэг илрүүлсэн болгож Улсын прокурор, УЦСЕГ-ын удирдах хүмүүст танилцуулан дээрх баривчилгааг хийжээ.
  4. Асуудал ийнхүү тогтоогдсоор байхад албан тушаалтнууд ямар ч хариуцлага хүлээхгүй, хилсэдсэн хүмүүсийн хохирлыг арилгахгүй байна гэсэн агуулгатай захидлыг иргэн Д.Сувддаш нар 1988.1.3-нд МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга нөхөр Ж.Батмөнхийн нэр дээр бичжээ. Уг гомдлыг шалгасан НХШХ-ны материал, эрүүгийн хавтаст хэргийн материал, албан тушаалтнуудын болон хохирсон хүмүүсийн тайлбар тодорхойлолтоос доорх байдал тогтоогдож байна” гээд цааш нь бичсэнээс тоймловол:

А. Энэ хэргийг шалгах, баримтжуулах ажиллагаатай танилцаж, удирдамж өгч байсан УЦСЕГ-ын дарга байсан А.Думбурай, нэгдүгээр орлогч дарга байсан Ж.Хурцгэрэл нар хариуцлагагүй хандаж, баримт нотолгоог лавшруулан шалгаж үзээгүй байна. Харин ч Ж.Хурцгэрэл баримтжуулалтыг ул суурьтай хийхийн оронд сэжиглэгдэж байгаа хүмүүсийг баривчлахыг яаруулж байжээ.

Б. Улсын прокурор, УЦСЕГ-ын удирдлагууд дутагдлыг засахын оронд даамжруулсан чиглэл, заалт өгч байжээ. Улсын прокурор, УЦСЕГ-ын даргын (Р.Гүнсэн, А.Думбурай нарын гарын үсэг зурсан) “Мөрдөн байцаах шуурхай групп шинэчлэн байгуулж ажиллуулах тухай” 1982.3.22-нд хамтран гаргасан тушаалд “Энэ хэргийн гол гэмт хэрэгтнүүдийг хорьж мөрдөх”, “Эрүүгийн хариуцлагад татах хүмүүсийн асуудлыг 4-р сарын 10-ны дотор шийдвэрлэх” гэсэн буруу чиглэл өгчээ.

В. Мөрдөн байцаалтын эцэст 42 актаас бүрэн үндэслэлтэй тавигдсан акт ганц ч байхгүй бөгөөд 38 акт үндэсгүй, 4 актын зөрчил хохирлын 60 хувь нь үндэсгүй болж тогтоогджээ. Энэ нь НХШХ-ны 1984 оны 6 дугаар сарын шалгалтаар давхар батлагдсан байна. Эдгээр актын ихэнхийг хариуцах хүнд танилцуулаагүй, гарын үсэн зуруулаагүй байжээ.

Г. Холбогдогч нарын гэм буруугүйг эрт тогтоох бүрэн боломж байсаар байхад мөрдөн байцаалтын ажиллагаа хэт удаан хийгдэж, гэмт хэрэг гэж нотлохыг өрөөсгөлөөр хичээж, үндэслэл муутай баримтаар 4 удаа ял төлөвлөж, тэр нь 2 удаа прокуророос, 2 удаа шүүхээс буцахад арга мухардаж, хэрэгсэхгүй болгох замаа хайсан байна.

Д. Энэ хэргийг мөрдсөн М.Чимэдрэгзэн “Энэ хэрэг үнэхээр эрүүгийн хэрэг биш юм. Мөрдөн байцаалтын явцад хэрэг гэж шалгасан бүх баримтууд нь үгүйсгэгдсэн юм. Анхнаасаа маш ноцтой хэрэг гэж их дуулиантуулсан тул хүмүүс олон хоног хоригдсон. УЦСЕГ-ын дарга байсан А.Думбурай, өмчийн хэлтсийн дарга байсан Д.Загдсамбар нар “Их том хэрэг, заавал амьдруул, заавал шүүхэд өг” гэдэг байсан. Ямар нэг юм наалдуулах гэж их үзээд бүтээгүй юм” гэжээ.

Е. Хэлтсийн дарга Л.Загдсамбар, группийн дарга Б.Лувсанцэрэн, хошууч генерал А.Думбурай, УЦСЕГ-ын нэгдүгээр орлогч дарга Ж.Хурцгэрэл нарын буруутай үйл ажиллагааг нэг бүрчлэн заажээ. Тодруулбал: УЦСЕГ-ын нэгдүгээр орлогч дарга Ж.Хурцгэрэл “Д.Сувддашийн төрсөн дүү Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрын орлогч дарга байсан Д.Алтангэрэл энэ хэргийг шалгаж байгааг мэдсэн байх магадгүй хэмээн болгоомжилж, хэргийг баримтжуулах ажиллагаа хийгдээгүй байхад ”гэмт хэрэгтнүүдийг” дайчлах талаар буруу шийд өгч, гаргасан шийдвэрийнхээ зөв бурууг хянаж нягтлаагүй орхисон байна” гэжээ…

Эндээс юу хэлж болох вэ? Хохирогсдын өргөдөл, гомдлын мөрөөр шалгалт хийсэн МАХН-ын Төв хорооны хариуцлагатай албан тушаалтнуудын энэ танилцуулга цагдаа, прокурорынхон хуулийг хэрхэн ноцтой зөрчсөнийг баримтаар илтгэн харуулжээ.

Дөрөв. МАХН-ЫН ТӨВ ХОРООНЫ ДЭРГЭДЭХ НХШХ-НЫ ХУРЛЫН ПРОТОКОЛ ЮУ ӨГҮҮЛНЭ ВЭ?

Дээрх шалгалтын дүнг авч хэлэлцсэн энэ хурал 1988.5.24-ний өдөр болжээ. Хуралд Б.Ламжав, Ж.Балжинням, С.Даваахүү, Н.Мишигдорж, Ч.Молом, Г.Чингэл нар оролцож, Б.Ламжав даргалжээ.

Хуралд УЦСЕГ-ын зарим ажилтан социалист хууль ёсыг ноцтой зөрчсөн тухай МАХН-ын Төв хорооны захиргааны байгууллагын хэлтсийн орлогч эрхлэгч Н.Жанцан танилцуулжээ.

Уг асуудлыг хэлэлцэхэд Намын Төв хорооны захиргааны хэлтсийн эрхлэгч Л.Моломжамц, БНМАУ-ын прокурор С.Бүдрагчаа, НАХЯ-ны сайд А.Жамсранжав, СЯ-ны сайд Д.Моломжамц, УАХШХ-ны дарга Ц.Молом, УЦСЕГ-ын дарга С.Дамдинсүрэн нарын хүмүүс байлцжээ.

Зарим асуулт, хариултаас сонирхоцгооё.

Б.Ламжав:-Асуудлыг ойлгов уу, Ямар дутагдал гаргасан бэ? Ямар дүгнэлт хийж байна?

Д.Загдсамбар: -Том алдаа хийснээ гүнээ ойлгож байна. Юуны өмнө хүмүүсийг олноор нь барьж удаан хугацаагаар хорьсон нь буруу. Бид тактикийн алдаа гаргасан байна.

Б.Ламжав: -Та тактикийн биш, зарчмын алдаа хийжээ. Энэ бол төрийн ардчилал, иргэний халдашгүй эрхийг ноцтой зөрчсөн алдаа мөн. Энэ хэрэгт таныг хуулиар ч шийтгэж болох байна. Та намд байх гавьяагаа алдсан байна.

Д.Загдсамбар:-Би үнэхээр гэмшиж байна.

Б.Ламжав: -Лувсанцэрэн ямар дутагдал гаргав?

Б.Лувсанцэрэн:– Миний мэдлэг, чадвар дутсанаас болжээ. Би хатуу дүгнэлт хийж байна. Цаашид давтахгүй.

Б.Ламжав:-Дамдинсүрэн та 1984 онд үүрэг өгсөөр байтал яагаад арга хэмжээ авсангүй вэ?

С.Дамдинсүрэн:-Надад тийм үүрэг хэн ч өгөөгүй.

Б.Ламжав:-Тэгж бүү ярь! Ноцтой хэрэг гарсныг та мэдэж байсан шүү дээ. Бид таныг арга хэмжээ авсангүй л гэж үзнэ. Улсын прокурор үүнийг мэдэж байсан уу? Хариуцлага алдсан хүн хэн бэ? Хэний буруугаар тэр олон хүнийг өдий хугацаагаар баривчилж хорив?

С.Бүдрагчаа: -Улсын прокурор, УЦСЕГ-ын дарга хоёр байх.

Б.Ламжав:-Баривчлах зөвшөөрлийг хэн өгсөн бэ?

С.Бүдрагчаа: -Жалцав өгсөн.

Б.Ламжав: -Үндэсгүй зүйлд яаруу эрүү үүсгэх эрмэлзлээр буруу ажиллагаа явуулсан байна.

Д.Загдсамбар: -УАХШХ-ны дарга Ганхуягийн өрөөнд Думбурай, Баянбат бид уулзаж, төлөвлөгөө боловсруулсан. Бид тал талаасаа 11, 11 хүн оруулж, шалгалт хийлгэх болсон. Тэгээд хүмүүсийг дайчлан баривчилсан. Миний буруу бол яаруу барьсан явдал.

Ч.Молом: -Чиний цуглуулсан материал хэргийн материал болж чадах юм уу?

Д.Загдсамбар: -Ялхагар, Дорж нар акт тогтоосон шүү дээ

Д.Моломжамц: -Тэдгээр акт чинь албан ёсны болоогүй шүү дээ?

С.Бүдрагчаа: -АХШХ, Сангийн яам өөрсдийн хүмүүсийн тогтоосон хүмүүсийн актыг хянаж баталсан хойно сая хүчин төгөлдөр болох ёстой. Гэтэл тэгээгүй байхад мөрдөн байцаалтын хэрэгт түүнийг хавсаргасан байна.

Б.Ламжав: -Актыг албан ёсны болоогүй байхад нь авдаг нь юу вэ? 42 акт чинь албан ёсны биш байжээ. Гэтэл прокурор түүнийг яагаад зогсоогоогүй юм бэ?

С.Бүдрагчаа: -Тэр актууд хүмүүсийн хэрэгт байжээ. Сүүлд нь үзэхэд албан ёсны биш байсан.

Г.Чингэл: -Танай хүмүүс юугаа хянаж байсан юм бэ?

С.Бүдрагчаа: -Жалцав л хариуцлагаггүй ханджээ.

Б.Ламжав: -Бид хэрэг мөн биш гэдгийг өнөөдөр яриагүй байна. Ер нь хуулийн байгууллага ямар ноцтой дутагдал гаргасныг хэлэлцэж байна. Ийм дутагдлыг таслан зогсоохгүй бол хуулийг нарийн чанд сахиж чадахгүйд хүрнэ.

Ж.Балжинням: -НХШХ-ны өнөөдрийн хурлаар баримтад тулгуурласан, зарчмын чухал асуудал ярьж байна. Материалын хохирлыг нөхөж болно. Гэтэл хүнийг хорьж хохироосон, эрүүл мэндийг бусниулсан хохирлыг яах вэ? Энэ бол хүний эрхийг хамгаалах асуудал. Хэрэв хэрэг нотлогдохгүй бол сэрдэгдэгчийн эрхийг хамгаалдаг ёстой. Хорих ажиллагаа хамгийн эцсийн арга хэмжээ байх ёстой. Үүнийг хэвлэлд тавих нь зүйтэй.

Г.Чингэл: -Танилцуулгаас эхлэн харахад тактикийн жижиг алдаа гарчээ гэж бодсон. Гэтэл энэ нь хууль завхруулсан ноцтой хэрэг юм байна. Хүнийг ноцтой хохироосон энэ хэрэг хуулийг бүдүүлгээр зөрчсөнөөс л гарчээ.

Б.Ламжав: -Хуулийг ноцтой зөрчсөн, завхрал гаргасан хэрэг юм. Нэр төр хөөцөлдсөн үл бүтэх хүмүүст хөтлөгджээ. Эдэнд намаас арга хэмжээ авах хэрэгтэй. Харин үүрэгт ажилдаа тэнцэхгүй гэж үзнэ. НАХЯ уг асуудлыг шийдэх хэрэгтэй… Ардчиллыг хөгжүүлж буй нөхцөлд бид шинээр сэтгэж, ажлын арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Аар саар асуудлаар хүмүүсийг барьж хорьдог, түүнийгээ хэрэг болгож чадахгүй болохоороо элдэв хөндлөнгийн зүйл наах гэж оролдож байна. Энэ чинь 30-аад оны завхралыг давтаж байгаа хэрэг биш үү? Тэгэхэд “улс төрийн хэрэг” гэдэг нэрийн дор хууль завхруулж байсан бол одоо өөр янз бүрийн шалтгаанаар завхруулж байна.

Б.Ламжав: -Думбурайг оруул (Думбурай орж ирэв). Танд дахиад л арга хэмжээ авах нь байна шүү дээ.

А.Думбурай: Би уг хэрэгтэй танилцаж байсан.

Б.Ламжав: Тэгж сулруулж ярьж болохгүй. Та 1983 онд НХШХ-оос арга хэмжээ авагджээ. Таны шийдвэрээр хүмүүсийг хорьж ноцтой хохироосон байна шүү дээ.

Б.Ламжав: Ж.Хурцгэрэлийг оруул (Ж.Хурцгэрэл орж ирэв). “Хайрцагны хэрэг” гэгчээр та хүмүүсийг ноцтой хохироожээ. Энэ талаар намын Төв хороонд удаа дараа гомдол ирж байна. Ерөнхий нарийн бичгийн даргад ч гомдол ирсэн. Хурцгэрэл та дахин ийм хэрэг үйлдвэл намын батлахыг шууд хурааж авах болно…

Эндээс юу хэлж болох вэ? Гурван нүүр протоколоос сийрүүлэхэд ийм байна. Хэн нь хэн бэ, чухам юу болсон бэ гэдэг ч тодорч байна. Б.Ламжав гэж ямар зангарагтай шударга хүн байсан нь, алдаа гаргасан цагдаа, прокурорын удирдлагууд ямар хариуцлагагүй, арчаагүй, шударга бус хүмүүс байсан нь ойлгомжтой ажээ.

Тав. МАХН-ЫН ТӨВ ХОРООНЫ ДЭРГЭДЭХ НХШХ-НЫ ТОГТООЛД ЮУ ГЭЖ ЗААСАН БЭ?

Дээрх хурлаас НХШХ 18 тоот тогтоол гаргасан байна. Үүнд тэмдэглэсэн нь:

1.Эдгээр хүмүүсийг ийнхүү хорьж, мөрдөж байх хугацаанд Сангийн Яам, Улсын ардын хянан шалгах хорооны хамтарсан баримтын шалгалт хийх баг 3 сар шахам ажиллаж, Д.Сувддаш нарт холбогдуулан 7.6 сая төгрөгийн хохирол учруулсан тухай 42 акт гаргажээ.

2.Уг хэргийг мөрдөн шалгах ажлын явцад болон мөн мэргэжлийн хүмүүсийн дахин хийсэн шалгалтаар Л.Дорж, С.Ялхагар нарын удирдсан групп 10 гаруй үйлдвэрийн газар баримтын шалгалт хийх ажилд туйлын хариуцлагагүй хандаж, холбогдох хүмүүстэй уулзаагүй, үндсэн баримт нэг бүрийг нягтлан шалгаагүй, мөрдөгдөж байгаа эрхийн акттай тулгаж нягтлаагүй, үнэн байдалд нийцэхгүй акт гаргасан болох нь нотлогджээ. УЦСЕГ, Улсын прокурорын тэр үеийн удирдах нөхдийн хяналт шалгалтгүй явдал, уг хэргийг мөрдөн байцаах ажлын дутагдлаас хилс хэрэгт холбогдож татагдсан 9 хүн 3-287 хоног тус тус хоригджээ.

  1. Энэ хэрэгт холбогдсон хүмүүсийн гэм буруугүйг нотлох баримт материал бүрэлдсээр байхад мөрдөн байцаах байгууллага тэдэнд ямар нэг ял оногдуулж дуусгах гэж 4 удаа ял төлөвлөснийг Улсын прокурор болон шүүхээс дахин дахин буцаасны эцэст 1984 онд эдгээр хүмүүст холбогдуулсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Хэрэг мөрдөх ажиллагаа 3 жил шахам үргэлжилснээс Д.Сувддаш, С.Намсрай, Г.Пүрэв-Очир, З.Мөнхөө, Д.Сумьяа нар удаан хугацаагаар ажилгүй байж сэтгэл санаа, нэр алдар, ахуй амьдралаар хохирсон төдийгүй заримын нь эрүүл мэнд муудаж, тахир дутуугийн группт орсон байна.
  2. Үндэслэлгүй хэргээр олон хүнийг хилс хэрэгт холбогдуулан эрүү үүсгэсэн, иргэн Д.Сувддаш, Э.Дугар нарыг баривчлах үед тэднээс хураасан 1000 гаруй төгрөгийг хувьдаа ашигласан УЦСЕГ-ын төлөөлөгч Ц.Батболдыг МАХН-ын гишүүнээс хөөж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна…

Эндээс юу хэлж болох вэ? Монголын төрийн эрх барьж байсан МАХН-ын Төв хороо, түүний дэргэдэх НХШХ бүрэн эрхийнхээ хүрээнд уг “гэмт хэрэг” гэгчийн тухай ултай судалж, нухацтай хэлэлцээд шударга шийдвэр гаргажээ.

Эцэст нь нэгтгэн дүгнэвэл: Цуглуулсан баримтаасаа хамгийн гол гэж үзсэн гурван баримтаас түүвэрлэн толилуулахад ийм байна. Тэр үед манай цагдаа, прокурорт зарим шударга бус, ойворгон, бүтэлгүй хүмүүс ажиллаж байсан нь илхэн харагдана. Миний бие хүмүүсийн хүсэлтээр үүнийг тэрлэхдээ “Цагдаа, эмч, багш гуравгүйгээр амьдарлаа төсөөлцгөөе” гэж олон түмэндээ хандан байнга хэлдгээ бодож л суулаа. Мэдээж хэрэг бүх цагдаа ийм байгаагүй, одоо бол бүр ч тийм биш байгаад итгэж байна. Харин шүүх уг хэргийг удаа дараа буцаасан нь, НХШХ асуудлыг шударгаар авч хэлэлцэн холбогдох хүмүүст намын хариуцлага тооцсон нь сайн хэрэг боловч хуулийг ноцтой зөрчсөн цагдаа, прокурорын нэр бүхий голлох албан хаагчдаас хэн нь ч хууль зөрчсөнийхөө төлөө хуулийн хариуцлага хүлээгээгүй нь яав ч шударга явдал биш нь ойлгомжтой байна…

Зургаа. Төгсгөлд өгүүлэх нь

Эцэст нь хамгийн ихээр хохирсон Д.Сувддаш гэдэг хүн хэн байсан тухай товчхон өгүүлье. Д.Сувддаш 1943 онд төрсөн, Худалдааны техникумыг нягтлан бодогч мэргэжлээр 1965 онд дүүргэсэн, 1965-1970 онд Ховд аймгийн худалдаа бэлтгэлийн трестэд, 1970-1983 онд Мод боловсруулах үйлдвэрт ахлах ня-бо, Хайрцагны үйлдвэрт даргаар ажиллаж байсан, 6, 7, 8 дугаар таван жилийн гавшгайч, 1977 онд Хөдөлмөрийн хүндэт медаль хүртэж, Ойн салбарын тэргүүний ажилтан, Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан цол, тэмдэг, “Алтан гадас одон”-оор шагнуулсан хөдөлмөрч, шударга удирдах ажилтан байжээ. Тэрээр Хайрцагны үйлдвэрт олон жил нягтлан бодогчоор ажиллахдаа ганц тооны зөрүү гаргаж үзээгүйгээрээ нэрд гарсан няхуур нямбай санхүүч байсан бөгөөд дарга болон дэвшсэнээсээ хойш үйлдвэрээ Модны үйлдвэртээ төдийгүй улсын тэргүүний үйлдвэрийн нэг болгож чадсанаар үйлдвэрээс нь олон алдар цуутан төрсөн байна.

Манай хуулийнхан ийм л хүнийхээ ахуй амьдрал, нэр хүндийг сүйрүүлж, эрүүл мэнд, сэтгэл санааг эргэлт буцалтгүй хохироосон нь даанч харамсалтай.

Хохирогч Д.Сувддаш, түүнчлэн бусад хохирогчдын гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс нь ардын төрөөсөө одоо чухам юуг хүсч байна вэ?

1.Монголын төр энэ хилс хэргээр хэлмэгдсэн шударга иргэдийнхээ ахуй амьдралын хохирлыг барагдуулж, нэр хүндийг хуульд нийцүүлэн сэргээгээсэй.

2.Монголын Хүний эрхийн үндэсний комисс эдгээр хүмүүсийнхээ эрхийг хуулийн хүрээнд хамгаалаасай.

3.Монголын хууль, хяналтынхан энэ хэргийн байдалд дүгнэлт хийж, хуулиа чанд баримтлан шударга, хариуцлагатай, энэрэнгүй ажиллаж байгаасай.

Д.ДАНЗАН