Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний орлогоо нуун дарагдуулж, татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 04-нөөс 08-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43621, мөрдөн байцаалтын 4326 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 72 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 24, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, Өмчлөх эрхийн эсрэг 18, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах 2, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг, Эдийн засгийн эсрэг, Кибер аюулгүй байдлын эсрэг, Авлига албан тушаалын болон Цэргийн албаны эсрэг тус бүр нэг хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн ажилтан П.Т нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй компаниас эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого буюу 1 тэрбум 27 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 102 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийсэн/ -д яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн ажилтан С.Т нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй компаниас эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого 1 тэрбум 498 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 157 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийсэн/ -д яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн ажилтан П.Г нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй компаниас эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого буюу 1 тэрбум 709 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 170 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийсэн/ -д яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас 2024 оны 5 дугаар сард Замын-Үүд дэх авто зам шалган нэвтрүүлэх цогцолбороор Монгол улсын түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох мөнгөн цөгц, гаанс, бурхан зэрэг эд зүйлсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн Б.Ж-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус сум дахь Сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татжээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын замд 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан галын хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор 6 төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ.

Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн 2 хүнд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, 11.5 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шалгалтыг ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 5 хүн хүнд, 1 хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

 

Эх сурвалж: УЕПГ

Categories
мэдээ нийгэм

СЭМҮТ-д эмнэлгээс гардаггүй 244 хүн байна DNN.mn

Байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-ийн Донтох болон Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиник, мөн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиник, амбулаторийн үйл ажиллагаатай танилцаж, Удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, тасаг, клиникийн дарга нартай уулзлаа.

Тус төвийн станционар хэвтүүлэн эмчлэх 550 ортой боловч сэтгэцийн архаг өвчтэй, урт хугацааны эмчилгээ, байнгын асаргаа шаардлагатай, эмнэлгээс гардаггүй эмчлүүлэгчид 244 байгаа юм.

Энэ нь тус төвийн хэвтүүлэн эмчлэх хүчин чадлыг ихээхэн бууруулж буй аж. Иймд эдгээр хүмүүсийг зохих асрамжийн үйлчилгээнд шилжүүлэх буюу тийм боломжгүй тохиолдолд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллийн яамны асрамж, халамжийн зориулалт бүхий зардлаас санхүүжих шаардлагатайг СЭМҮТ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Н.Оюунчимэг онцолсон юм.

Categories
мэдээ нийгэм

Хүчтэй шуурсны улмаас амбаарын дээвэр хууларч, гэр дээр унажээ DNN.mn

Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багт арваннэгдүгээр сарын 12-ны 11:00 цагийн орчимд 18-24м/с хүчтэй шуурга шуурсны улмаас амбаарын дээвэр хууларч, гэр дээр унажээ.

Энэ тухай дуудлагыг 12:00 цагт хүлээн авсан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн эзэмшлийн 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр хууларч, 6 ханатай гэр дээр унасан байжээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Илхам Алиев,

Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлж, дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Байгалийн хүчин зүйл, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж, дэлхий дахины тогтвортой хөгжил, хүн төрөлхтний амьдралд сөргөөр нөлөөлж буй энэ цаг үед Та бид улс төрийн манлайлал, хамтын хүчин чармайлт, үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх боломж улам бүр буурсаар байгааг НҮБ-аас анхааруулсаар байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Амжилтгүй манлайлал, биелүүлээгүй үүрэг амлалт, асар их алдагдсан боломжоос шалтгаалж ам, ажлын зөрүүний ангал хавцал үүслээ” хэмээн хэлснийг бид онцгой анхаарах ёстой.

Тиймээс өнөөдөр хүн төрөлхтөн эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгүүдийг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.

Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.

Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг Бид хэзээ ч мартаж болохгүй.

Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас тэдгээр улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай бүрэн биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байна.

Тиймээс энэ удаагийн 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид, улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж “Уур амьсгалын санхүүжилтийн нэгдмэл хамтын шинэ зорилго”-ыг дэмжин баталж, уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын хувьд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа бүрэн амжилттай хэрэгжүүлэхэд ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай байна.

Энэ хүрээнд манай улс сэргээгдэх эрчим хүч, ногоон хөдөө аж ахуй, ойн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлийг хийж байна.

Тухайлбал, манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлээд байна.

Эрхэм хурлын дарга аа,

НҮБ-ийн эмэгтэйчүүдийн байгууллагын судалгаагаар хэрэв дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтдоо хүрч чадахгүй тохиолдолд 2050 он хүртэл 160 сая орчим охид, эмэгтэйчүүд шинээр ядууралд өртөж, 240 сая орчим охид, эмэгтэйчүүдийн хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.

Тиймээс Монгол Улс өнгөрсөн 8 дугаар сард НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ыг гарган уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх уриалгыг дэлхийн улс орнуудад дэвшүүлээд байна.

Мөн уур амьсгалын өөрчлөлт нь уламжлалт бэлчээрийн аж ахуйд түшиглэсэн улс орнуудад хүчтэй сөргөөр нөлөөлж байгаа энэ цаг үед Монгол Улс “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэвшүүлж байна.

Энэхүү санаачилгыг дэлхийн улс орнууд дэмжсэнээр уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзэж байна.

Түүнчлэн энэхүү санаачилга нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан “2025 оныг Хоршооллын олон улсын жил болгон тэмдэглэх тухай”, “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлийг хангахад чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Мөн Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулан, бүхий л боломжоо дайчлан ажиллана гэдгээ үүгээр дахин нотолж байна.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Авто болон явган замыг зөвшөөрөлгүй сэтэлсэн зөрчлүүдийг шалгаж байна DNN.mn

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансрын тойргийн хойд талд “Грийн ресурс констракшн” ХХК цэвэр усны шугам угсралтын ажил хийхдээ хороолол доторх чулуун замыг зөвшөөрөлгүйгээр сэтэлж, хуулж авсан зөрчилд хяналт шалгалт хийлээ.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын дагуу иргэдийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод зам, барилга, шугам угсралтын ажлыг хийхдээ авто болон явган замыг зөвшөөрөлгүйгээр сэтэлж, гэмтээж, хуулж авсан зэрэг зөрчилд газар дээрх хяналт шалгалтыг хийж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн 6 дүүрэгт 11 орчим газар авто замуудыг зөвшөөрөлгүй сэтэлсэн байна. Хуулийн дагуу холбогдох эрх бүхий байгууллагын зөвлөлийн хурлаас зам сэтлэхтэй холбоотой зөвшөөрлийг олгодог. Ингэхдээ жил бүрийн 4-10 дугаар сард хүсэлтийг авч шийдвэрлэдэг. Гэтэл тус компани нь эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авахгүйгээр автомашины чулуун замын хавтангуудыг хуулж авсан байна” гэлээ.

“Грийн ресурс констракшн” ХХК-ийн захирал Ц.Ганзориг “Бид ажлыг гүйцэтгэх явцад шигтгэдэг чулуун хавтангуудыг хуулж авахаас аргагүй болсон. Үүнийг ирэх 7 хоногт багтааж авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр буцааж суурилуулна. Асуудлыг хариуцаж, засварлана” гэдгээ хэлэв.

Эрх бүхий байгууллагын авто зам, замын байгууламжийг зөвшөөрөлгүй сэтэлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгууль тогтоож, тухайн замыг хуучин буюу хэвийн байдалд нь оруулах хүртэл эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгаврыг өгдөг байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 46 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явцын талаар
  • Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар
  • “Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл зохион байгуулалтын дүнгийн талаар зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр цагаагчин могой өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 13, Буд гариг. Билгийн тооллын 12, Дэлгэрүүлэгч одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 07:56 цагт мандаж 17:17 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГАА: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -18…-23 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -12…-17 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Онон, Улз голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -7…-9 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -12…-14 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -13…-15 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Бурхан шоо хаяж тоглодог” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч Ц.Лут-Очиртой ярилцлаа. Тэрбээр “Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг шийдэх гэж муйхарлаж байнабайдалтай” хэмээв.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч М.Мөнхгэрэлтэй цахим мөрийтэй тоглоомын талаар ярилцлаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Бурхан шоо хаяж тоглодог” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Иргэн Ш.Ербол: Иргэний эрхийг боомилсон шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн өөрчлөлт болон СЭМҮТ-ийн дэд бүтцийг сайжруулахад анхаарч ажиллана” гэлээ.

Тоотой хэдхэн том компаниуд төр засгийн бодлогыг эсэргүүцэж байна

Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын
зангараг үгүйлэгдэж байна

Дэлхийн мэдээ: “COP29” гараагаа ширүүхэн эхлэв

Арын нүүр: “Ядуу” тулдаа л хакер халдлага гаарахгүй байна


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ