Categories
мэдээ

Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татна DNN.mn

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барих ажлыг Шадар сайд Т.Доржхандын ахалсан Ажлын хэсэг хариуцан ажиллаж байна.

Хуулийн төслийг хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө
оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, төрийн үйлчилгээг сайжруулж, хялбаршуулах асуудлуудыг тусгахаар ажиллаж байна.
Үүнд:
-Хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулах;
-Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл буюу гомдол шийдвэрлэх
тогтолцоог бүрдүүлэх;

-Хөрөнгө оруулагч, төр хооронд үүссэн маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулах;

– Хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагын
чиг үүрэг болгох;

-Татварын урамшууллын асуудлыг татварын хуулиар зохицуулах;
-Төрөөс хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардлыг арилгах;
-Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуурыг хялбаршуулж, цахимаар олгох нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна.
Хууль хэрэгжсэнээр хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөл бүрдэнэ. Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татсанаар үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт нэмэгдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэх, дэвшилтэт техник технологи, ноу-хау нэвтрүүлэх, инновацийг дэмжих замаар Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилнэ. Цаашлаад тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлснээр өрхийн орлого нэмэгдэж, амьдралын чанар дээшилнэ.

Categories
гадаад мэдээ

“COP29” гараагаа ширүүхэн эхлэв DNN.mn

Азербайжаны нийслэлд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дүгээр бага хурал (COP29) эхэлж энэхүү арга хэмжээний ерөнхий зохицуулагч, төрийн газрын тос, байгалийн хийн “Сокар” компанийн дэд ерөнхийлөгч асан Мухтар Бабаев “Дэлхий гамшгийн зам руу орчихоод байна. Энэ дээд хэмжээний уулзалт бол бидний үнэнтэй нүүр тулах мөч мөн” гэж мэдэгдэв.

Энэ удаагийн “COP29”-ийн хэлэлцэх асуудлын хамгийн чухал зүйл бол уур амьсгалын хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд хөгжиж буй орнуудад жил бүр нэг их наяд хүртэлх ам.долларын санхүүжилт олгох тохиролцоо хэрэгжихгүй байгаа явдал юм. Одоогоор уг санхүүжилтийн хэмжээ 100 тэрбум ам.доллар байгаа бөгөөд энэ онд энэхүү шийдвэрийн хэрэгжих хугацаа нь дуусч байгаа билээ. Ройтерс агентлаг 2020 оноос хойш баян, хөгжилтэй улс орнууд эдгээр амлалтаа биелүүлэхгүй явж ирсэн нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий дэлхийн улс орнуудад үл итгэх байдал бий болгосныг онцолжээ. Мөн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Саймон Стил “Уур амьсгалын санхүү нь буяны ажил биш юм. Ийм алхмууд нь улс орон бүрийн, тэр дундаа хамгийн том, хамгийн баян орны ашиг сонирхолд бүрэн нийцдэг. Хэрэв дэлхийн улс орнуудын дор хаяж гуравны хоёр нь агаар мандалд буй нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалтыг огцом бууруулж чадахгүй бол улс бүр үүнийхээ төлөө маш харгис хэрцгий төлбөр төлөх болно” гэж онцлон тэмдэглэв. Өнгөрсөн жил Дубайд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр улсууд чулуужсан түлшнээс татгалзахаар тохиролцсон ч түүнээс хойш нүүрсний хэрэглээ, борлуулалт нэмэгдсээр байгаа учир АНУ, Азербайжан зэрэг зарим оронд шинэ ордуудыг ашиглаж эхэлсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар “COP29” нь түлшний талаарх эцсийн хугацааг тогтоож, зохицуулалтыг чангатгахгүй байх магадлалтай ч зарим улс нүүрсээр ажилладаг шинэ цахилгаан станцуудыг ашиглах явдлыг зогсоохыг шаардаж магадгүй байгаа аж. Учир нь сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх замаар эрчим хүчний үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлэх амлалтад ахиц дэвшил гаргаж, чулуужсан түлшний эрэлтийг бууруулах арга хэмжээ ч дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаад байгаа юм байна. Хэлэлцэх өөр нэг чухал сэдэв бол Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхгүй байгаа явдал юм. Францын нийслэлд 2015 онд 200 орчим улс дэлхийн дундаж температурыг 20С-аас дээш өсгөхгүй байлгаж улмаар 1.50С хүртэл бууруулах хүчин чармайлт гаргахаар тохиролцсон билээ. Гэтэл Дэлхийн цаг уурын байгууллага 2024 оныг түүхэн дэх хамгийн дулаан жилээр бүртгэгдэх болно гэж саяхан мэдэгдсэн. Мөн 1-9 сарын дундаж температур XIX зууны сүүлчээс 1.54 өндөр болоод байгааг онцолсон. Энэ нь дэлхий дээрх зорилтыг “огт тоохгүй байна” гэсэн үг юм.

Categories
мэдээ эдийн-засаг

ЗГ: Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр 1 хүнд ногдох ДНБ 10.000 ам.долларт хүрнэ DNN.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа хэлэлцээрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард БНХАУ-д “Чайна Энержи групп” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан.

Тус уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүсэлт тавьсны дагуу БНХАУ-ын “Чайна энержи групп” компаниас албан ёсны байр сууриа 2024 оны аравдугаар сарын 28-нд Монголын талын Ажлын хэсгийн дарга Ц.Туваанд ирүүлжээ.

Тус хүсэлтэд Хоёр талын хамтын ажиллагааны түүх, тогтвортой хууль эрх зүйн орчин, үр ашигт хүргэх нөхцөлийг баталгаатай байлгах талаар, мөн урт хугацааны худалдаааны гэрээ, нүүрсний ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон төмөр замын холболтын талаар гэсэн агуулгаар хэд хэдэн тодорхой саналыг тавьсан байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл нь “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, төслийн хэрэгжилтийг хангахад зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.
Энэ асуудлаар Ажлын хэсэг холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын төсөл болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ манай улсын нүүрсний экспортыг 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.000 ам.долларт хүргэх боломж бүрдэнэ.

Categories
мэдээ нийгэм

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

Энэ оны 11 дүгээр сарын 09-ны оройн 23.45 цагт УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төгс-Эрдэнийг СБД-ийн 11 дүгээр хороо УБЕГ-ын өөрийн албан өрөөнд согтуурсан үедээ зодож танхайрсан хэрэг гарсан. Харин даргадаа зодуулж нүүрэн тус газартаа гэмтэл авсан Б.Төгс-Эрдэнэ тэр даруй ГССҮТ-д хүргэгдсэн.

Тэгвэл албан өрөөндөө согтууруулах ундаа хэрэглэж, хүнийг зодож танхайрсан Д.Дэлгэрсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдах өргөдлөө өгөөд байсан.  Түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Засгийн газрын 11-11 төвд цахим операторын үйлчилгээ нэвтрүүлнэ DNN.mn

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд бүртгэгдсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эмийн жортой холбоотой асуудлаар иргэдийн  өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, цаашид тус төвийн дуудлага алдалтыг арилгах, иргэдэд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээллэх, төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан,

-11-11 төвд хандсан иргэдийн санал гомдолд дурдсан асуудалд долоо хоног бүр дүн шинжилгээ хийж, эцэслэн шийдвэрлэх арга хэмжээ авч, үр дүнг Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулах,

-Төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээний талаар иргэдийн санал хүсэлтийг нийгмийн сүлжээ болон бусад сувгаар авч шийдвэрлүүлэх, цахим операторын үйлчилгээ нэвтрүүлэх,

-Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар “И-Монгол” системээр иргэнд тухай бүр мэдэгдэж ажиллахыг даалгалаа.

Мөн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм олгох эрхтэйгээс бусад эмийн санг цахим жороор үйлчлэх боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цахим бүртгэлийг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж, иргэдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад тус тус даалгалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравнэгдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төрийн өмчит хуулийн этгээдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг түүнд үүрэг болголоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 44-р захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаар ахлуулан байгуулсан.
Ажлын хэсэг төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой тухайлбал, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, компанийн засаглалыг төлөвшүүлэх, Төрийн өмчит компани байгуулах үндэслэл, шалгуурыг тодорхой болгож, хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх орон зайг тэлэх бодлогын хүрээнд асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгахаар ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

Дональд Трампын шинэ томилгоо DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өөрийн засаг захиргаанд хоёр чухал томилгоо хийснийг мэдэгдэв. Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан 62 настай Том Хоман Хилийн хяналт, бичиг баримтгүй цагаачдыг албадан гаргах ажлыг хариуцахаар болжээ. Харин Нью-Йорк хотоос сонгогдсон Төлөөлөгчдийн танхимын гишүүн 40 настай Элиз Стефаник НҮБ-д суух АНУ-ын байнгын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ.

Учир нь Бүгд найрамдахчууд дээд танхим буюу Сенатад олонх болсон бөгөөд доод танхим болох төлөөлөгчдийн танхимд ердөө гурван суудал авч АНУ-ын Конгресст бүрэн хяналтаа тогтооход тун ойртоод байна. CBS News-ийн мэдээлснээр Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдахчууд 215, Ардчилсан нам 210 суудал авсан байна. Харин олонх болоход 218 суудал шаардлагатай байгаа бөгөөд санал хураалтын дүнг тоолох ажил үргэлжилж байгаа билээ. Төлөөлөгчдийн танхимд олонхи болсноор Бүгд найрамдахчууд хуулийн төсөл санаачлах, түүнчлэн албан тушаалтнуудын эсрэг импичментийн ажиллагаа эхлүүлэх боломжтой болно. Конгрессийн хоёр танхимд хяналт тавих нь Трампад өөрийн санаачилгыг хэрэгжүүлэх илүү их эрх мэдлийг олгоно.

Трамп “Хоман манай улсын өмнөд, хойд хил болон далайн бүх хил, нисэхийн аюулгүй байдлын төлөө ажиллаж, хууль бус цагаачдыг эх орон руу нь албадан гаргах үүрэгтэй. Түүнийг бидний удаан хугацаанд хүлээж байсан энэхүү гайхалтай ажлыг сайн хийнэ гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж мэдэгджээ. Трампын сонгуулийн гол амлалтуудын нэг нь АНУ-д хууль бусаар амьдарч байгаа цагаачдыг албадан гаргах явдал юм. Трамп өмнө нь Сюзи Уайлсыг өөрийн засаг захиргааны тамгын газрын даргаар томилоод байсан билээ. Мөн Флоридагийн сенатор Рик Скотт Сенатын олонхын удирдагч болж магадгүй байгаа бол тэрбумтан Илон Маск, Роберт Кеннеди нар ирээдүйн Трампын засаг захиргаанд орж ажиллах нь тодорхой болоод байгаа юм. Харин Трампын анхны засаг захиргаанд ажиллаж байсан Никки Хейли, Майк Помпео нар шинэ багт орохгүй гэдгийг шинээр сонгогдсон ерөнхийлөгч өөрөө мэдэгдээд байгаа билээ.

Тэгвэл Украин болон Израилийн дайны хувь заяа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргаар хэн томилогдохоос ихээхэн хамаарах юм.

Categories
мэдээ нийгэм

“Интермед” эмнэлэгт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна DNN.mn

“Интермед” эмнэлэг цахим халдлагад өртөж, үйлчлүүлэгчдийн овог, нэр, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл алдагдсан гэх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 2024 оны арванэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Хүний эрхийн Үндэсний Комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам/ЦХИХХЯ/ хамтран “Интермед” эмнэлэгт шалгалт хийжээ.

Энэ талаар Хүний эрхийн Үндэсний комиссоос тодруулахад “Өнгөрсөн хоёр өдөр тухайн эмнэлэгт ажилласан. Хяналт, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэх мэдээлэл өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний орлогоо нуун дарагдуулж, татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 04-нөөс 08-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43621, мөрдөн байцаалтын 4326 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 72 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 24, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, Өмчлөх эрхийн эсрэг 18, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах 2, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг, Эдийн засгийн эсрэг, Кибер аюулгүй байдлын эсрэг, Авлига албан тушаалын болон Цэргийн албаны эсрэг тус бүр нэг хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн ажилтан П.Т нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй компаниас эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого буюу 1 тэрбум 27 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 102 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийсэн/ -д яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн ажилтан С.Т нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй компаниас эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого 1 тэрбум 498 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 157 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийсэн/ -д яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн ажилтан П.Г нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй компаниас эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого буюу 1 тэрбум 709 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 170 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийсэн/ -д яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас 2024 оны 5 дугаар сард Замын-Үүд дэх авто зам шалган нэвтрүүлэх цогцолбороор Монгол улсын түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох мөнгөн цөгц, гаанс, бурхан зэрэг эд зүйлсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн Б.Ж-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус сум дахь Сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татжээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын замд 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан галын хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор 6 төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ.

Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн 2 хүнд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, 11.5 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шалгалтыг ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 5 хүн хүнд, 1 хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

 

Эх сурвалж: УЕПГ