Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

”Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлагуудад 2-12 жилийн ял оноов DNN.mn

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарт холбогдох хэргийг өнөөдөр шүүхээр шийдвэрлэлээ. Шүүхээс:

  • Шүүгдэгч Дагвадоржийн Цэнгэнбаяр, Чадраагийн Очир нарыг залилах гэмт хэргийг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
  • Шүүгдэгч Чадраагийн Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
  • Шүүгдэгч Ганбаатарын Нямдэлгэр, Сандагдоржийн Ганбаатар, Ренчингийн Бузмаа, Ганбаатарын Нямдалай, Ганбаатарын Пүрэвсүрэн, Нямаагийн Уяабор нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
  • Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан мөнгө угаах гэмт хэргийг хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж байнга тогтвортой үйлдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
  • Шүүгдэгч Болдбаатарын Мэндсайханыг шүүгдэгч Г.Пүрэвсүрэнтэй бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Тус зүйл хэсэгт зааснаар:

  • Шүүгдэгч Г.Нямдэлгэрийн нийт эдлэх ялыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар,
  • Шүүгдэгч С.Ганбаатарын нийт эдлэх ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар,
  • Шүүгдэгч Р.Бузмаагийн нийт эдлэх ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар,
  • Шүүгдэгч Н.Уяаборын нийт эдлэх ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар,
  • Шүүгдэгч Г.Пүрэвсүрэнгийн нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар,
  • Шүүгдэгч Г.Нямдалайгийн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар,
  • Шүүгдэгч Ч.Очирын нийт эдлэх ялыг 5 / тав/ жилийн хугацаагаар,
  • Шүүгдэгч Д.Цэнгэнбаярын нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар
  • Шүүгдэгч Б.Мэндсайханы нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч Б.Мэндсайханд оногдуулсан 2 жилийн хорих ялыг биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.

Хохирлын хувьд:

  • Шүүгдэгч Д.Цэнгэнбаяраас 2.666.998.000 төгрөгийг,
  • Шүүгдэгч Ч.Очироос 1.440.451.936.31 төгрөгийг,
  • Шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор нараас тус бүр 5.635.311.015.01 төгрөгийг гаргуулж хавсралтад дурдсан нэр бүхий 2606 хохирогч нарт хувь тэнцүүлэн,
  • Хавсралтад нэр дурдсан нэр бүхий 1744 иргэний хариуцагч нараас 7.183.957.050 төгрөгийг гаргуулж нэр бүхий хавсралтад дурдсан 2606 хохирогч нарт хувь тэнцүүлэн,
  • Шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Д.Цэнгэнбаяр, Ч.Очир нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар 58.389.215 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газарт тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газар

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зангараг үгүйлэгдэж байна DNN.mn

Хоёр системээс сонгогдсон таван намын 126 гишүүнтэй парламент. Сонгодог парламентын загвар. Үзэл бодол, байр суурийн хэлэлцүүлэг, мэтгэлцээн, өрсөлдөөн. Үр дүн нь Монголын хурдтай хөгжил. Энэ үнэндээ гоё план байв. Харамсалтай нь тэнгэрийн хүлээлттэй эхэлсэн парламент гэрлийн хурдаар газардлаа.

Парламентын нэр хүнд нам унасан нь одоогоор гурван шалтгаантай харагдлаа. Нэгээрээ, хэсгээрээ, нийтээрээ гээд гурван шатлал бүхий асуудлаар парламентын нэр хүндийг алдаж байна.

Нэгдүгээрт: Спикер Д.Амарбаясгалан. Ноён даргыг төсвийн хэлэлцүүлгийн үеэр ноцтой алдаа гаргасан талаар нэр бүхий гишүүн олон нийтийн сүлжээнд гаргаж тавьсан. Улмаар “УИХ-ын чуулганы индэр дээрээс чуулганы нэгдсэн хуралдааны дэг сахиулах үеэрээ УИХ-ын дэгийн тухай хуулийн 13.2 дахь “Хуралдаан даргалагч горимын саналаар нэг удаа санал хураалт явуулна. Хуралдааны хэлэлцэх асуудалд ороогүй асуудлаар, мөн тухайн санал нь хуулиар тогтоосон журмыг зөрчиж байгаа бол санал хураалт явуулахыг хориглоно” гэсэн заалтыг “Хуралдаан даргалагч горимын саналаар нэг удаа санал хураалт явуулна. УИХ-ын гишүүнээс гаргасан горимын саналаар нэгээс илүү саналаар санал хураалт явуулахгүй. Дараагийн гишүүн горимын санал гаргахад түүгээр бас нэг удаа санал хураалгана гэсэн заалт нь байж байгаа” гэж дураараа зохиож уншсан. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн ноцтой үйлдэл байж мэднэ” гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байна.

Хоёрдугаарт: Засгийн газар 2025 оны төсвийн төслийг 2024 оны наймдугаар сарын 30-нд УИХ-д өргөн барьсан. Төсөв хэлэлцтэл төсөл гар дээр нь байв. Гэтэл төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэлчихсэн 11 дүгээр сарын эхээр хэсэг гишүүн гарч ирээд Засгийн газрын нэр бүхий сайд нарын төсвийг шуургалан шүүмжилсэн. Тэр гишүүдийн шүүмжлэл улс төрийн шалтгаантай байх магадлалтай.

Гуравдугаарт: Нуль попролт, нэл хэрүүл болж байж 2025 оны төсвийг баталлаа. Хууль нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Гэтэл хэрэгжиж эхлээгүй төсвийг тодотгох тогтоолыг төсөвтэй хамт баталчихлаа. Энүүгээр нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шаардлагыг үндэслээд төсвийн тодотголын төслийг 2024 оны 12 дугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэх, төсвийн тодотголын төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ. Дэлхийн байтугай Монголын 76-тай парламентад ч ийм жишиг түүх байхгүй. Чигээрээ Үндсэн хуулийн зөрчил.

Юутай ч ганцаараа, хэсэг бүлгээрээ, олуулаа нийлээд хийсэн үйлдлүүд нь жоомоо алах гээд байшингаа шатаагаад дуусав. Дүнд нь парламентын нэр хүнд шаланд унав.

Ер нь парламентын нэр хүнд спикер нь хэн бэ гэдгээс маш их хамаардаг байна. Ялангуяа яг ийм болоод ирэхээр Д.Амарбаясгалан гологдож, өмнөх спикер Г.Занданшатарын зангараг илтэд үгүйлэгдэж харагдав. Г.Занданшатарыг пиар муутай улстөрч л гэдэг. Хувь улстөрчийн хувьд тэгж харагддаг. Гэвч тэр маш сайн парламентч. Мэргэшсэн гэх нь илүү зохино. Түүнийг спикер байсан таван жилд парламентын байр суурь маш тодорхой, бодлого хийдэг байв. Монголын парламентыг сонгодог загвар руу хөрвүүлэх гэж мөн ч их ажилласан. Олон ч том өөрчлөлтийг хийсэн дээ. Үүгээр парламентын эрх мэдэл, бүрэн эрхийг дархалсан. Харамсалтай нь Д.Амарбаясгалан спикер болоод тэр дархлааг дор нь унагаж байна. Энэ мэт процессын алдааны талаар бодохын ч хэрэггүй. Тиймээс хэрвээ тэр өнөөдөр спикер байсан бол парламент ийм олон алдааг зэрэг, зэрэг гаргахгүй байсан юм. Үүн дээр мөрийцсөн ч алдахгүй. Нэг дэмийг хэлэхэд, эрхэм сэтгүүлчид энэ цагт, энэ сэдвээр спикер асан Г.Занданшатар одоогийн парламентыг юу гэж бодож, харж, ажиглаж, дүгнэж суугааг нэг сонсчихвол зүгээр сэн. Тийм олон том өөрчлөлтийг хийж байхдаа парламентын ийм болохыг төсөөлөөгүй л байх.

Ажиглагч А.Батболд

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр харагчин хонь өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 15, Сугар гариг. Билгийн тооллын 15, Гоё хүүхэн одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 07:59 цагт мандаж 17:15 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эхээр -28…-33 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -20…-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10…-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +1…-4 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1…+6 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10…-12 градус, бусад хэсгээр -6…-8 градус, өдөртөө хүйтэрч -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй.  Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч -7…-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө –10…-12 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч -8…-10 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох нүүр-хуудасны-шинэ-оцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Улсын их дэлгүүрийг дор хаяж долоо хоногтоо нэг өдөр амраадаг болгоё” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Монгол Улс хөрөнгө оруулагчид, оператор компаниуддаа байгаль орчныг нөхөн сэргээх шаардлагуудаа бүрэн тавьж, хангуулж чаддаггүй”  гэснийг Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн

Элчин сайд Сандра Шүфани “Монголд хөрөнгө оруулалтын илүү ил тод, тогтвортой, тааламжтай орчин бий болох болов уу гэж найдаж байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Улсын их дэлгүүрийг дор хаяж долоо хоногтоо нэг өдөр амраадаг болгоё” хэмээн өгүүллээ.

Интермед” эмнэлэг өвчтөнүүдийнхээ хувийн мэдээллийг алдсан нь ямар хор уршигтай вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Абхазын иргэдийн ялалт

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Ш.Цогтоо “Монгол Улсын захиргааны эрх зүй”


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймагт Талын түмэн адууны баяр болно DNN.mn

Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн адуу” фестивалийг 10 дахь жилдээ зохион байгуулна.

Уг фестивалийг өвлийн аялал жуулчлалыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, улирлын хамаарлыг бууруулах, соёл, ахуйг сурталчлан таниулахад ач холбогдолтой хэмээн үзжээ.

Энэ хүрээнд шургуу тэмцээн, эмнэг булгиа, хүүхдийн морьт парад, морины дуу дуулаачдын тэмцээн, богино зайн морьтны уралдаан, тайга нохойн үзүүлбэр, сайхан хос морьтоныг шалгаруулах юм байна. “Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд Хэнтий аймгийн Чингис хотод эхэлж, гурван өдөр үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 26-нд бүх нийтээрээ амарна DNN.mn

Энэ сарын 26-ны өдөр буюу Мягмар гарагт бүх нийтээрээ амарна. Тодруулбал, тус өдөр Улс тунхагласны өдөр тохиож байгаа юм. Мөн арванхоёрдугаар сарын 29-ны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиодог билээ.

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зээгтийн даваагаар зорчихгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Өлгий-Цагааннуур улсын хил чиглэл дэх Зээгтийн даваанд цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагджээ.

Энэ даваагаар тээврийн хэрэгслүүд давахад хүндрэлтэй байгаа тул тус чиглэлд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас анхааруулж байна. 

Categories
мэдээ нийгэм

Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага тооцжээ DNN.mn

Улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцохыг таслан зогсоох, зөрчлийг бууруулах зорилгоор “Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг” хэсэгчилсэн арга хэмжээг арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Тээврийн цагдаагийн албаны гудамж, замын хяналт шалгалтаар арваннэгдүгээр сарын 8-13-ны өдөр 3659 тээврийн хэрэгслийг шалгажээ. Шалгалтаар зөрчил гаргасан 1318 жолоочийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгосон бөгөөд хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил түгээмэл илэрсэн байна. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодрууллаа.

Тэрбээр “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг нуун далдалсан, хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг. Тухайн дүрмийн заалтуудыг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу хариуцлага тооцдог.

Энэ хүрээнд улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн, үзэгдэх байдал нь муудсан автомашинтай замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд иргэнийг 10 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100 мянган төгрөгөөр торгоно.

Улсын бүртгэлийн дугаараа нуун далдалсан, улсын бүртгэлийн дугааргүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд иргэнийг 25 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 250 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Энэ төрлийн зөрчлөөр энэ оны эхний 10 сарын байдлаар 200 гаруй жолоочид хариуцлага ногдуулсан байна. Эдгээрээс Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дахь заалт буюу хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил зонхилж байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар энэ төрлийн зөрчил гаргасан 496 жолоочид хариуцлага тооцсон. Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сараар жолоодох эрхийг хасах, 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгодог” гэв.

Тээврийн цагдаагийн албаны хяналт, шалгалтын хүрээнд зөрчил гаргасан 1318 жолоочийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгохдоо 253 жолоочийг нийт 2.530.000 төгрөг, 219 жолоочийг нийт 2.190.000 төгрөг, 496 жолоочийг нийт 4.960.000 төгрөг, 350 жолоочийг нийт 7 сая төгрөгөөр тус тус торгожээ. Мөн хуурамч улсын бүртгэлийн дугаартай замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүдийг цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаас гадна камерын хяналт, дэвшилтэт техник технологи болон иргэдийн E-Police аппликейшнээр ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу шалгаж байгааг Тээврийн цагдаагийн албанаас онцоллоо. Иймд, иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо улсын бүртгэлийн дугаарыг нуун далдлах, хуурамчаар үйлдэхгүй байхыг анхаарууллаа.