Categories
мэдээ

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.15) нэгдсэн хуралдаан 10:03 цагт гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтлоо.

Эхлээд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Пүрэв гарагийн (2024.11.14) чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд урьдчилан хүргүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж, хариулт авсан юм. Тиймээс өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасны дагуу Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Эхлээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн саналуудаар санал хураалт явуулсан юм. Төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 8.1.4 дэх заалтыг “энэ хуулийн 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг өөрөөр тогтоох болон энэ хуулийн 5.5-д заасан хувилбараар орлуулах эсэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачилгаар шийдвэрлэх” гэж өөрчлөн найруулах саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар үг хэлсэн. Дараа нь санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалтын 9.1.9 дэх заалтыг “энэ хуулийн 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг өөрөөр тогтоох болон энэ хуулийн 5.5-д заасан хувилбараар орлуулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” хэмээн өөрчлөн найруулах саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар үг хэлж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.

Төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 201 дүгээр зүйлийн 201.4 дэх хэсгийн “хувь” гэсний өмнө “үндсэн” гэж нэмж, мөн зүйлийн 201.6, 201.7 дахь заалтыг нэгтгэн “Энэ хуулийн 201.5-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг тухайн ордын онцлог, цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж өөрчлөн найруулахыг; төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 201.9 дэх хэсгийн “олборлосон” гэсний дараа “цацраг идэвхт” гэж нэмэхийг; мөн зүйлийн 6 дахь заалтын 28.2.12 дахь заалтын дугаарыг “28.2.11” гэж өөрчилж, 4 дүгээр зүйлийн “28 дугаар зүйлийн” гэсний дараа “28.2.11 дэх заалтын дугаарыг “28.2.12”гэж нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтын 34.3 дахь хэсгийн “олборлолт,” гэсний дараа “баяжуулалт,” гэж, “аюулгүй” гэсний дараа “булшлах” гэж тус тус нэмж,  мөн хэсгийн “гүйцэтгэх” гэснийг “гүйцэтгэж” гэж өөрчлөх саналтай холбогдуулан С.Ганбаатар гишүүн үг хэлж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн.

Төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтын 34.4.1 дэх заалтын “батлан мөрдөх” гэснийг “баталгаажуулан мөрдөх, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэлийг олон улсын хөндлөнгийн шинжээчээр хянуулах” гэж өөрчилж, 34.4.2 дахь заалтын “нэн” гэснийг, 34.8 дахь хэсгийн “15.2.1,” гэснийг тус тус хасахыг гишүүдийн олонх дэмжсэн бол мөн зүйлийн мөн заалтын 34.5 дахь хэсгийн “төрийн дансанд” гэснийг “Монголбанкан дахь Ирээдүй өв сангийн валютын тусгай дансанд” гэж өөрчлөх саналыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагч Байнгын хороонд өгөв.

Төслийн 2 дугаар зүйлийн “5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт “Төрийн эзэмшлийн хувь хэмжээг цацраг идэвхт ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.” гэсэн өгүүлбэр,” гэснийг хасахыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 99 гишүүний 85 нь дэмжив. Төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтын 5.4 дэх хэсгийг 1 дүгээр зүйлд шилжүүлж, 5.5 болгон “2/5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг: “5.5.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, эдгээрийг хослуулах зэрэг үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болно.”” гэж өөрчлөн найруулахыг Улсын Их Хурлын 87 гишүүн дэмжив. Төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтын 12.2 дахь хэсгийн “байцаагчийн” гэснийг “байцаагч (цаашид “улсын байцаагч” гэх)-ийн” гэж өөрчлөхийг гишүүдийн олонх дэмжсэн.

Төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх найруулгын санал мөн дэмжигдсэн.

Үргэлжлүүлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжээгүй, зарчмын зөрүүтэй 6 саналаар санал хураалт явуулах байсан ч Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар саналаа буцаан татсан тул 5 саналаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 3 томьёоллоор санал хураалт явууллаа. Ингээд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Улсын Их Хурлын чуулганы Пүрэв гарагийн (2024.11.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэж, Байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар төслийг батлах санал хураалтыг явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 104 гишүүний олонх “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжсэн.

Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дүгээр зүйлийн 46.1.3-т заасны дагуу баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Тухайлбал, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолууд, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулиуд, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нэгдсэн хуралдаанд танилцуулсан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улc умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар тавдугаарт орж байна DNN.mn

Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтын мэдээллийг хүргэж байна.

  • Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын 2 дугаарт
  • Нийт хорт хавдрын шинэ тохиолдлын 4 дүгээрт
  • Нас баралтын 5 дугаарт орж байна
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улсын 2023 оны ТОП-100 аж ахуйн нэгж тодорлоо DNN.mn

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим жил бүр хамтран “ТОП-100” ААН-ийг эрэмбэлэн, алдаршуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагааг 23 дахь жилдээ зохион байгууллаа.

“ТОП 100” ААН-ийг эрэмбэлэхэд Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран ажилласан юм.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувийн хэвшлийн ТОП 100 аж ахуйн нэгжүүдийн оруулж буй  хувь нэмэр 2023 онд өссөн үр дүнтэй байна.

ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 11.4 их наяд төгрөгөөр өсөж 50.4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 73 хувьтай дүйж байна. Харин төлсөн татварын хэмжээ 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 29 хувь болж байгаа аж. Дээрх компаниудад ажиллагсдын тоо 83.7 мянга буюу нийт ажлын байрны 7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 1 хувиар өссөн байна.

ТОП-100 ААН-ийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл:

  • Худалдаа, үйлчилгээ: 27
  • Уул уурхай, олборлох үйлдвэрлэл: 26
  • Боловсруулах үйлдвэрлэл: 15
  • Барилга, зам: 10
  • Санхүү, даатгал: 6
  • Мэдээлэл холбоо: 5
  • Үйлчилгээ: 6
  • Тээвэр агуулах: 3
  • Цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамж: 3 компани байна.

ТОП 100 аж ахуй нэгж, ТОП Төрийн өмчит ААН-ийн жагсаалтад багтсан олон нийтэд нээлттэй хувьцаа арилжаалдаг ААН-үүд

  1. ХААН банк ХК
  2. Голомт банк ХК
  3. Худалдаа хөгжлийн банк ХК
  4. Премиум Нексус ХК
  5. АПУ ХК
  6. Төрийн банк ХК
  7. Тавантолгой ХК
  8. Хас банк ХК
  9. Говь ХК
  10. Талх чихэр ХК
  11. Сүү ХК
  12. Алтайн зам ХК
  13. Шарын гол ХК

Монгол Улсын 2023 оны ТОП 10 төрийн өмчит компани

  1. Эрдэнэс Тавантолгой ХК
  2. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
  3. МЗХНН Улаанбаатар төмөр зам ТӨХК
  4. Төрийн банк ХК
  5. Эрдэнэс Монгол ХХК
  6. Тавантолгой ХК
  7. Тавантолгой түлш ХХК
  8. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
  9. МИАТ ТӨХК
  10. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК

100 ААН-ийн жагсаалтыг бүтэн үзэх бол энд дарна уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дархан-Эрдэнэт чиглэлийн зам даваа саадгүй байна DNN.mn

Дархан-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замын дагуу тэнгэр цэлмэг, зам даваа саадгүй байна.

2024 оны 11 сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө орсон цасны улмаас 170-180 км-үүдэд зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэний эсрэг цас хайлуулах давс цацах ажил хийгдлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын хэмжээнд өмнөх оноос 2.7 хувиар бага үр тариа хураажээ DNN.mn

Ургац хураалтын явцын мэдээллийг ҮСХ-ноос танилцууллаа. Ингэхдээ, улсын хэмжээнд 2024 оны 10 дугаар сарын байдлаар,

  • 431.3 мянган тонн үр тариа,
  • 244.5 мянган тонн төмс,
  • 229.5 мянган тонн хүнсний ногоо,
  • 243.3 мянган тонн таримал тэжээл,
  • 55.1 мянган тонн техникийн ургамал хурааж,
  • 1039.0 мянган тонн хадлан,
  • 25.1 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.

Харин өмнөх оны мөн үеэс,

  • Хураасан төмс 68.6 (39.0%) мянган тонноор,
  • хүнсний ногоо 52.7 (29.8%) мянган тонноор,
  • техникийн ургамал 7.2 (15.0%) мянган тонноор,
  • таримал тэжээл 2.4 (1.0%) мянган тонноор тус тус өссөн аж.

Харин бэлтгэсэн хадлан 64.7 (5.9%) мянган тонноор, гар тэжээл 5.8 (18.9%) мянган тонноор, хураасан үр тариа 12.1(2.7%) мянган тонноор буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

X Богд “Богд хааны ордон музей”-д морилжээ DNN.mn

Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр юм. Энэ өдөр Монголын Бурханы шашны тэргүүн Оройн дээд Очирдара X Богд Жэвзүндамба хутагт Богд хааны ордон музейд зиндааны лам нартайгаа морилон саатлаа.

Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв DNN.mn

Монгол Улсын Их Хурлын чуулганы (2024.11.14) үдээс хойших нэгдсэн хуралдаан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа АМНАТ-ийн орон нутагт ногдох хэсгийг байгаль орчинд учруулж байгаа хор хөнөөлтэй нь уялдуулан тогтоож олгох талаар, 2009 онд 140 байсан ураны хайгуулын лицензийн тоо өнөөдөр гурав болж цөөрсөн болон ураны салбарын үндсэн үзүүлэлтүүд 2020 оноос хойш огт өөрчлөгдөөгүйн учир шалтгаан, Монгол Улсын төр үнэ төлбөргүй эзэмших 34 хувийг АМНАТ-өөр орлуулахын эерэг ба сөрөг талыг тодруулсан юм. Түүний асуултад хариулахдаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлаар хэлэлцэн батлах хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд орон нутагт шууд, тухайлбал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумд жил болгон 1.0 сая ам.доллар өгнө гэсэн зүйл байгаа гэх мэдээллийг өглөө. Мөн тэрбээр, АМНАТ-өөс орон нутагт түлхүү олгох Улсын Их Хурлын гишүүдийн байр суурьтай салбарын яам санал нэгтэй байгаагаа илэрхийлээд, өнөөдрийн байдлаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын гурав, ашиглалтын найман лицензийг долоон компани эзэмшиж байгааг танилцууллаа. Энэхүү Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь олон жил ужгирч, хугацаа алдсан Францын төрийн өмчит “Орано Майнинг” компанитай гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэнийг Ц.Туваан сайд онцолсон юм.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж,  Монгол Улс 34 хувиа эзэмшээд, суурь АМНАТ-өө аваад явбал уг эзэмшилдээ оногдох 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж, жилдээ 169.0 сая ам.долларын орлого олно. Харин 34 хувиа эзэмшихгүй, давуу эрхийн 10 хувь, суурь, тусгай, өсөн нэмэгдэх АМНАТ-өө авбал жилдээ 153.0 сая ам.долларын орлого олно гэсэн тайлбарыг өгөв.

Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан, зах зээлийн үнийн өсөлтөөс хамааран АМНАТ-ийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүний нэр төрөлд зөвхөн ураныг салгаж оруулсны учир, шар нунтагийг эцсийн бүтээгдэхүүн гэж тооцох эсэх тухай асууж, хариулт авсан юм. Хэрэв эцсийн бүтээгдэхүүн гэж үзвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.7-д ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнээс нэмэгдсэн өртгийн албан татвар авахгүй гэж заасны дагуу уг татвараас чөлөөлөгдөх нөхцөл үүсэхээр байгаа юм. Нөхөн сэргээлтийн дэнчинг Монголбанканд байршуулахаар заасан нь уурхайн хаалтын үед энэ талаарх хариуцлагыг компани бус Монгол Улс үүрэх нөхцөлийг үүсгэж болзошгүй тул анхааралтай хандахыг тэрбээр зөвлөсөн юм. Мөн төрөөс аж ахуйн нэгжүүдэд олгосон тусгай зөвлөөрлөө хамгаалах шаардлагатайг анхааруулж, аж ахуйн нэгж, ард түмнийг зодолдуулдаг явдлыг эцэс болгох хэрэгтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, хуулийн төслийн талаар иргэддээ мэдээлэл өгч, инженер технкийн мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдын олон талын байр суурийг сонсолгүй, хөнгөн хуумгай хандсанаар эргээд энэ хуулийг хэрэгжүүлэх болон цаашлаад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй болгочих вий гэсэн болгоомжлол байгааг онцлов. Мөн туршилтын олборлолтын хугацаанд байгаль орчинд хэрхэн нөлөөлсөн талаар иргэд, олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай гэлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс үл хамаараад стратегийн ордод хамааруулах тул Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ордын ашиглалтын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зохицуулж байгаа харилцааг албан ёсоор оруулах нь зүйтэй гэлээ. Мөн тэрбээр, ашиглалтын лицензийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Монгол Улс давуу эрхийн хувьцаа эзэмших тул нөгөө тал хувьцаагаа дур мэдэн өөр тийш шилжүүлэх боломжгүй гэсэн хариултыг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өгөв. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал ашигт малтмалын орд ашиглах, цацрагийн хор хөнөөтэй холбоотой асуудлаар аливаа шийдвэр гаргахдаа олон нийтийн оролцоог хэрхэн хангаж байгаа талаар асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин Цөмийн энергийн тухай хуулийн 5.3-т 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй шууд эзэмшинэ гэж заасныг хүчгүйдүүлж, өөр зүйлээр орлуулахаар, мөн энгийн хувьцааг давуу эрхтэй хувьцаанд шилжүүлэхээр заасан нь оновчтой эсэх асуудлыг хөндөв. Мөн тэрбээр, Францын “Орано Майнинг” болон “Бадрах Энержи” компанитай хийх хэлэлцээнд Татварын суурийг багасгах болон ашиг шилжүүлэхийн эсрэг (BEPS) олон улсын дүрмийн заалт нэг бүрээр нь тусгаж өгөх шаардлагатай гэсэн юм. Түүнчлэн “Орано Майнинг” компанитай гэрээ байгуулсны дараа энэ хууль бусад харилцаанд хэрхэн үйлчлэхийг нарийвчлан тооцох нь зүйтэй гэв.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан тул тус Байнгын хорооны дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар явуулах санал хураалтыг чуулганы маргаашийн буюу 11 дүгээр сарын 15-ны нэгдсэн хуралдаанаар хийхээр боллоо.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Стратегий төлөвлөгөөг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2024 оны 71 дүгээр захирамжаар байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Б.Баярбаатар, А.Ганбаатар, Б.Жаргалан, Б.Найдалаа, М.Нарантуяа-Нара, О.Саранчулуун, Б.Түвшин, Х.Тэмүүжин, А.Ундраа, Д.Цогтбаатар, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгий дарга Б.Баасандорж нар ажилласан байна.

Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн судалгаа, дүн шинжилгээний тайлан, гадаад орнуудын парламентын стратеги, төлөвлөгөөний бүтэц, загварыг судлан, өөрийн орны онцлогтой нийцүүлж, парламентын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлын судалгааны тайлан, Олон улсын парламентын холбооны зөвлөмж, Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвслийн бүлэг, гишүүдийн санал, мөн иргэд, олон нийтийг хамруулсан хоёр удаагийн хэлэлцүүлгийн оролцогчдоос гаргасан саналыг тусгасан талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулгадаа тэмдэглэв.

Мөн тэрбээр, Улсын Их Хурал хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрхийг хангасан байх зарчим, шаардлагыг тэргүүн эрэмбэд тавьж, хууль тогтоомж, төрийн бодлогын баримт бичиг, улс орны хөгжлийн зорилт, бодлогын уялдаа, залгамж чанарыг хангасан байх, үр нөлөөний үнэлгээнд үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, инновац, технологийн дэвшил, олон ургалч үзлийг дэмжих, гишүүд, төлөөллийг чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангах нөхцөл боломжийг бүрдүүлж, эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгохоор Улсын Их Хурлын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг тодорхойлж, таван зорилго, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх 16 зорилтыг, хүрэх үр дүнгийн хамт стратеги төлөвлөгөөн тусгасан хэмээн дэлгэрэнгүй танилцууллаа.

Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт стратеги төлөвлөгөө нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Монгол улсын урт, дунд хугацааны бодлого төлөвлөлтөд хамаарах эсэх, одоогийн парламентын онцлогийг хэрхэн тодорхойлсон, мөн өмнөх стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлангуудыг харьцуулсан эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар үйл ажиллагаа шалгуур үзүүлэлтийг хэрхэн тусгасан талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хүний эрхийн зөрчилтэй хууль тогтоомжийг боловсруулалт хэлэлцүүлгийн шатад яаж засах, шударга байдал, хариуцлагын талаарх зохицуулалтыг хэрхэн тусгах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар хууль тогтоох үйл ажиллагааг Үндсэн хууль бусад хууль тогтоомжид хэрхэн нийцүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ардчилсан парламентын индикатор үзүүлэлтийн талаар дүгнэлт хийсэн, эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ улс төрийн нам парламентад онцгой ач холбогдолтой тул олон намын тогтолцоог бэхжүүлэхтэй холбоотой зорилго, зорилт хэрхэн туссан талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт өөрийн онцлогтоо тохирсон стратеги, төлөвлөгөөг боловсруулж батлах нь парламентын төлөөллийн чадавх, засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн байх шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар парламент стратеги төлөвлөгөөндөө өөрийн бүтцээ чадавхжуулахад анхаарах, мөн үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан гаргах талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл тогтоолын төслийг дэмжиж байгаагаа байр сууриа илэрхийлсэн байна. Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан санал нэг бүрээр санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан саналын томьёоллыг Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөлд тусгасан байна.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, С.Ганбаатар, С.Бямбацогт, П.Сайнзориг, О.Номинчимэг, У.Отгонбаяр, М.Мандхай, Л.Соронзонболд, Б.Уянга, Ж.Галбадрах, Г.Очирбат, О.Батнайрамдал, Д.Пүрэвдаваа, С.Амарсайхан нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд ажлын хэсгүүд байгуулсан нь парламентын үндсэн бүтэц болох Байнгын хороодын хүч, нөлөөг сулруулах, эсэх, Улсын Их Хурлын стратеги, төлөвлөгөөний төслийг хэлэлцэх дэгийн тухай, мөн уг төсөлд тусгагдсан хүн төвт үзэл санаанд суурилсан байх, хууль зүйн техникийг нэвтрүүлсэн байх гэсэн томьёоллуудын хууль зүйн тодорхойлолт зэргийг тодруулж асуусан юм.

Мөн хамтын шийдвэрийг хүндэтгэх зарчмыг Улсын Их Хурлын үнэт зүйлд тусгах, хуралдааны дэгийг сайжруулж, хэлэлцэж буй асуудлаар ойлголтоо нэгтгэн, үл ойлголцлоо арилгаж байж нэгдмэл шийдвэрт хүрдэг байх, баталж буй хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэхэд онцгойлон анхаарах, хувийн болон бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ногоон эдийн засгийг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах концепцыг гол болгох, парламентын хянан шалгах чиг үүргийг бэхжүүлэх, зохион байгуулалтыг оновчтой болгох, Улсын Их Хурлын үйл ажиллагааны арга барилыг өөрчлөн шинэчилж, шийдвэр гаргах үйл явцыг ил тод, нээлттэй байлгах зэрэг олон асуудлыг хөндөж ярилаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд олон улсын парламентуудын бодлого, үйл ажиллагааны чиг хандлага, тэргүүлэх жишгийг судалж, нэвтрүүлэх, салбар дундын асуудлыг орхигдуулалгүй хэд хэдэн Байнгын хороо хамтран хэлэлцдэг байх, Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд үр дүнтэй хүргэхэд чиглэсэн зорилтуудыг стратеги төлөвлөгөөнд нарийвчилж тусгах, олон нийт, иргэний нийгмийн санаа бодлыг Улсын Их Хурлын гишүүд хэрхэн цэгцтэйгээр авдаг байх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хийх ажлуудаа стратеги төлөвлөгөөнд тодорхой тусгах, улс орны хөгжлийн бодлого, стратегитай уялдуулах, улсын төсвийн төлөвлөлтийг хүн төвтэй бодлого руугаа чиглүүлж боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх болон стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал санхүүжилт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах талаар тодорхой зүйл хийх, эсэхийг тодруулж, санал бодлоо илэрхийлсэн юм.

Парламентын шинэчлэлийг гүнзгийрүүлж, засаглал, манлайллыг бэхжүүлж, парламентын ардчилал өндөр хөгжсөн улс орны жишигт хүргэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүд чухалчлан хөндөж, хүний төлөө үйлчилдэг хууль тогтоомжийг баталж, хүнд нийцсэн стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд нь хяналтаа бүрэн тавьдаг байхыг онцгойлон дурдаж байлаа. Мөн өмнө хэрэгжүүлсэн стратеги төлөвлөгөөний биелэлтийг бодитойгоор үнэлж дүгнэх, иргэн хүний боломж, бололцоог хаасан, эргэж буцсан шийдвэр гаргахгүй байх, Улсын Их Хурлын гишүүдийн иргэд, олон нийтийн болон аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсох бололцоог бүрдүүлэхээс ажлаа эхлүүлэх, стратеги төлөвлөгөөгөө стандарттайгаар хэрэгжүүлэх, геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй, эмзэг, улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явцууд тодорхойгүй, мухардмал байгаа энэ үед улс орны нэгдмэл эрх ашиг, нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэж ажиллах нь чухлыг онцолсон юм.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдийн асуултад, бид хүний эрхийг бүрэн баталгаатай хангадаг болохын төлөө өдөр болгон алхам хийж, өдөр болгон сайжруулж байх ёстой. Хөгжил дэвшлийн хурдыг гүйцсэн хууль эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлт бол ус, агаар мэт чухал зүйл хэмээн хариулсан юм.

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх санал хураалтыг маргаашийн буюу 11 дүгээр сарын 15-ны Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Том өрөөний тавилга шатаж, орцноос 23 том хүн, 12 хүүхдийг гаргажээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд өрөөнд гал гараад байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 02:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 64 метр.кв 3 өрөө байрны том өрөөний хэсэгт тавилга шатаж иргэд унтраасан байсныг шалгаж, утаажилтын бүсээс 35 хүн /23 том хүн, 12 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргасан.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

”Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлагуудад 2-12 жилийн ял оноов DNN.mn

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарт холбогдох хэргийг өнөөдөр шүүхээр шийдвэрлэлээ. Шүүхээс:

  • Шүүгдэгч Дагвадоржийн Цэнгэнбаяр, Чадраагийн Очир нарыг залилах гэмт хэргийг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
  • Шүүгдэгч Чадраагийн Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
  • Шүүгдэгч Ганбаатарын Нямдэлгэр, Сандагдоржийн Ганбаатар, Ренчингийн Бузмаа, Ганбаатарын Нямдалай, Ганбаатарын Пүрэвсүрэн, Нямаагийн Уяабор нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
  • Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан мөнгө угаах гэмт хэргийг хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж байнга тогтвортой үйлдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
  • Шүүгдэгч Болдбаатарын Мэндсайханыг шүүгдэгч Г.Пүрэвсүрэнтэй бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Тус зүйл хэсэгт зааснаар:

  • Шүүгдэгч Г.Нямдэлгэрийн нийт эдлэх ялыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар,
  • Шүүгдэгч С.Ганбаатарын нийт эдлэх ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар,
  • Шүүгдэгч Р.Бузмаагийн нийт эдлэх ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар,
  • Шүүгдэгч Н.Уяаборын нийт эдлэх ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар,
  • Шүүгдэгч Г.Пүрэвсүрэнгийн нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар,
  • Шүүгдэгч Г.Нямдалайгийн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар,
  • Шүүгдэгч Ч.Очирын нийт эдлэх ялыг 5 / тав/ жилийн хугацаагаар,
  • Шүүгдэгч Д.Цэнгэнбаярын нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар
  • Шүүгдэгч Б.Мэндсайханы нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч Б.Мэндсайханд оногдуулсан 2 жилийн хорих ялыг биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.

Хохирлын хувьд:

  • Шүүгдэгч Д.Цэнгэнбаяраас 2.666.998.000 төгрөгийг,
  • Шүүгдэгч Ч.Очироос 1.440.451.936.31 төгрөгийг,
  • Шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор нараас тус бүр 5.635.311.015.01 төгрөгийг гаргуулж хавсралтад дурдсан нэр бүхий 2606 хохирогч нарт хувь тэнцүүлэн,
  • Хавсралтад нэр дурдсан нэр бүхий 1744 иргэний хариуцагч нараас 7.183.957.050 төгрөгийг гаргуулж нэр бүхий хавсралтад дурдсан 2606 хохирогч нарт хувь тэнцүүлэн,
  • Шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Д.Цэнгэнбаяр, Ч.Очир нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар 58.389.215 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газарт тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газар