Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээний тоног төхөөрөмж ашиглана DNN.mn

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн санхүүжилтээр нийслэлийн Онцгой байдлын газарт угаарын хийн хордлого болон гүний шумбалтын азотын хийн хордлогын үед эмчлэх өндөр даралтад хүчил төрөгчийн эмчилгээний тоног төхөөрөмж /барокамер/-ийг нийлүүлсэн.

Тус тоног төхөөрөмж нь алба хаагчид өндөр ууланд авирах, гүний усанд шумбах, объектын болон ой хээрийн гал түймрийн үед болон химийн осол, угаарын хийн хордлогод орсон үед урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх эмчилгээг хийх зориулалттай юм.

Ингэснээр алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалж, нөхөн сэргээх ач холбогдолтой гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Худалдаачид: Өнгөрсөн онтой харьцуулахад үнэ өсөөгүй нэг ч бараа байхгүй DNN.mn

Монголд тулгамдаж буй гол асуудлуудын нэг нь яах аргагүй үнийн өсөлт юм. Монголбанкнаас 2024 онд инфляцийн түвшнийг барих зорилт тавьсан. Үүнийхээ хүрээнд ч цөөнгүй ажлуудыг хийсэн. Ийнхүү үнийн өсөлт өнгөрсөн онтой харьцуулахад хэрхэн өөрчлөгдөж, ард иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар Баянзүрх худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд, ТҮЦ-ний худалдагч болон иргэдээс сурвалжиллаа.


Гэрийн хажууд байдаг ТҮЦ ажиллуулдаг У.Цэцгээтэй барааны үнийн өсөлт ямар байгаа талаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Миний орлого өдрөөс өдөрт л багассаар, хэцүүхэн л байна. Манайд зарагдаж байгаа бараанууд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үнэ нь өсөөгүй нэг ч бараа байхгүй. Нийлүүлэгчдээс бараа татах болгонд үнэ нь 100-200 төгрөгөөр нэмэгдчихсэн байдаг. Үнийн нэмэгдэлтэй авсан бараанууд дээрээ ашгаа нэмээд зарах гэхээр хүмүүс орж ирээд л “Хөөх, энэ ийм үнэтэй болчихсон юм уу” гээд бараа авалгүй гардаг. Худалдан авагчид ихэвчлэн ширхэгийн кофе авч найруулж уудаг. Гэтэл нэг уут “ҮеYе” кофег 17 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо 20 мянга болчихсон. Би ашгаа бодоод нэг ширхэг кофе дээр 20-40 төгрөг нэмж заралгүй хуучин үнээр нь зарж байна” гэсээр бидний яриа өндөрлөв.

Ингээд “Баянзүрх худалдааны төв” рүү ортол хүн хөдөлгөөн багатай, з арим худалдагчид хоорондоо элдвийг ярилцаж, зарим нь хөзөрдөж байхтай таарав. Эхэлж уулзсан хүн бол орос чихрийн лангуу ажиллуулдаг Х.Чулуун байв. Тэрээр “Оросоос орж ирдэг бараануудын үнэ их өссөн. Монгол Улс үйлдвэрлэгч биш импортлогч орон болохоор хоёр хөршийн гадаад, дотоод нөхцөл байдал манай улсад шууд нөлөөлдөг. Оросын дайн одоо ч үргэлжилж байгаа нь барааны үнэ өсөх шалтгаан болсон” гэв.

Өвөлжилт хүндэрч зуд турхан болсон нь цагаан идээний үнэ өсөх шалгаан болж байна

Цагаан идээний лангуу ажиллуулдаг иргэн Х.Б энэ жилийн өвөлжилт ихэнх нутгаар хүндэрч зуд турхан болсон. Тэр ч утгаараа нийлүүлэгчид ховордож, цагаан идээний үнэ өнгөрсөн жилийнхээс өсөх хандлагатай байна. Ашгаа бодоод үнээ нэмж зарах гэхээр худалдан авагчгүй болчихно. Аргаа барахдаа цагаан идээн дээрээ 15 хувийн ашиг нэмж зардаг байсан бол одоо 10 хувь болгож зарж байна. Гэхдээ л худалдаж авах хүмүүс багассан гэж хариулав. Харин хүнс ногооны лангуун дээр очиход худалдагч нь “Тухайн жилийн ургацаас хамаараад ногооны үнэ өөр өөр байдаг. Энэ жилийн хувьд манжин болон байцааны ургалт муу байсан учраас ургац бага хураасан. Өнгөрсөн жил шар манжинг 2300 төгрөгөөр бөөндөж авдаг байсан бол энэ жил 3500 төгрөгөөр бөөндөж авч байна” гэв.

“Нандин” хүнсний дэлгүүрийн худалдагч Ш.Алтантуяа: 2300 төгрөгөөр зарагддаг байсан талх одоо 3000 төгрөг болсон

“Би дэлгүүр ажиллуулж эхлээд дөрвөн жил болж байна. Анх дэлгүүрээ ажиллуулж эхлэх үед барааны үнэ хямд, орлого ч гайгүй байсан. Харин одоо өрнөөс өрний хооронд л амьдарч байна. Ер нь барааны үнэ жилээс жилд өсч байгааг хүн бүхэн л мэднэ. Барааны үнэ өсөхийн хэрээр орлого буурч, орлого багасахын хэрээр ард иргэдийн амьдрал хэцүүдэж, өнөө маргаашаа аргацаадаг болж байна. Би сэтгэл зүрхгүй хүн биш шүү дээ. Аль болох боломжийн үнээр л бараагаа зарахыг бодно. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад гурилан бүтээгдэхүүн, чихэр, печенийн үнэ нэмэгдсэн. Жишээ нь, өмнө нь 2300 төгрөгөөр зарагддаг байсан талх одоо 3000 болсон. Орчин үед хямд үнэтэй бараанууд гэвэл хямдрал зарлачихсан шинээр зарагдаж эхэлж байгаа болон хугацаа нь дуусах дөхсөн бараанууд л байдаг.

Иргэн А.Цагаанцоож: Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарч байна

Иргэд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарч байна. Одоо ч юмны үнэ тэнгэрт хадаж бараг нөхөгдөхөөргүй болж авдаг цалин олсон орлого хаанаа ч хүрэхгүй байна. Би хувцасны дэлгүүрт өдрийн 70 мянган төгрөгийн цалинтай ажилладаг. Сургуулийн насны дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон ээж. Ажил маань өглөө 08:00 цагаас эхэлдэг болохоор заримдаа хүүхдүүддээ хоолны таван мянган төгрөг өгөөд явуулахад болдог л байсан. Өнөөдөр хүү маань “Таван мянган төгрөг чинь 500 төгрөг шиг л болсон шүү дээ” гээд хэлж байна. Би 20 мянган төгрөгөөр нэг кг будаа, нэг талх, нэг варень авахад л дуусч байх жишээний. Үнэ энэ мэтчилэнгээр өссөөр байвал цаашид яаж амьдарна аа хэмээн шаналж байна” гэсэн юм.

Орсон газар, асуусан хүн бүр л үнэ өссөөр байгааг, энэ хэрээр ард иргэдийн амьжиргааны түвшин улам бүр буурч байгааг дор бүрнээ илэрхийлж байв.

Б.Баярмаа

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Аззаяа: Бидний эргэн тойронд тэр чигээрээ хими байдаг, химигүй амьдрал гэж байхгүй DNN.mn

Хими-2024 үндэсний эрдэм шинжилгээний хоёрдугаар хурал саяхан өнгөрлөө. Тус хурлыг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, МУИС, МУБИС, ШУТИС, ХИМИЙН НИЙГЭМЛЭГ хамтран зохион байгуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулж ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяатай ярилцлаа.


-Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын онцлог нь юу байна вэ?

-Бид хоёр жилийн өмнө анхдугаар хурлаа зохион байгуулсан. Анхдугаар хурлаараа химийн салбарт ажиллаж, судалгаа шинжилгээ, сургалт, үйлдвэрлэл явуулж байгаа бүх байгууллагыг хамруулж байсан. Энэ салбарын бүх химичид нийлээд улс орны өмнө тавьж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050”, ялангуяа аж үйлдвэржилтийн сэргэлт гэдэг хэсэгт нь химичдийн оролцоог тодорхойлъё гэсэн агуулгаар байсан. Өнөөдөр бид химичдийнхээ оролцоог тодорхойлж, нэмэгдүүлсэн байна. Шинжлэх ухаантай холбоотой хууль эрх зүйн орчин бүрдээд, холбогдох дүрэм журам нь батлагдаад явж байгаа.

-Та химийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ. ямар чиглэлээр ихэвчлэн судалгаа хийдэг вэ?

-Миний хувьд 2000 онд УБИС-ийг төгсөөд, “ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн”-дээ ажиллаад 20 гаруй жил болж байна. Энэ үеэр гадагшаа явж эрдмийн зэрэг хамгаалж, докторын дараахь судалгааны ажлаа хийсэн. Миний судалгааны чиглэл бол газрын ховор элемент агуулсан эрдэс, түүхий эдийг боловсруулах хими-технологийн туршилт, судалгаан дээр ажиллаж ирсэн. Мөн хаягдал усны биологийн боловсруулалтын үед ялгардаг хүлэмжийн хийн үүсэх, задрах механизмыг тогтвортой изотопын аргаар судлах чиглэлээр ажилладаг.

-Сүүлийн үед химийн шинжлэх ухаан хэр хөгжиж байна. Залуу үеийнхэн химийн салбарыг сонгон суралцах нь хэр байна вэ?

-Сүүлийн үеийн хүүхдүүдийн сонирхол, цаг үеэс хамаараад байгалийн ухааны хичээлийг сонирхох нь нийгмийн ухаантай харьцуулахад багасаад байгаа. Гэсэн хэдий ч байгалийн ухаан дотроо химийн салбарыг физик, биологийн салбараа бодвол харьцангуй их сонирхож байгаа нь ажиглагддаг. Хоёр жилийн өмнө анхдугаар хурлаа зохион байгуулж байхдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдгийг анзаарч, хэлэлцэж байсан. Энэ нь тухайн үед зохион байгуулж байсан салбар хуралдаануудын нэг болох химийн боловсролын хэсгийг нэлээн нухацтай авч хэлэлцэж байсан. Хэрэв ирээдүйд манай улсад аж үйлдвэржилтийн сэргэлттэй холбоотой химийн аж үйлдвэр хөгжвөл хүний нөөцийн хэрэгцээ үүснэ. Тийм учраас суурь мэдлэгийг сайн эзэмшүүлэх хэрэгтэй.

-Хими бидний амьдралд хэр ойрхон салбар вэ. Уул уурхайн олборлолт байгаль орчин, эрүүл мэндэд нөлөөлөх нь хэр байдаг вэ?

-Бидний эргэн тойронд тэр чигээрээ хими байдаг. Хамгийн энгийн жишээ бол ус. Ус бол H2O гэдэг химийн бодис. Сахар, глюкоз, хүчилтөрөгч гэх мэт химигүй зүйл гэж байхгүй. Хүний биед хүртэл хүнд металлын агууламж тодорхой хэмжээгээр байдаг. Энэ нь ямар учиртай вэ гэвэл гаднаас ирж байгаа бактериудыг устгах үүрэгтэй. Хүн өөрөө химийн элементээс бүрдэж байна, бидний ууж, идэж байгаа зүйлүүд бүгд химийн элементтэй байна. Химигүй амьдрал байхгүй гэсэн үг.

Уул уурхайн олборлолт хийж л байгаа бол байгаль орчинд тодорхой хэмжээгээр ямар нэгэн нөлөө үзүүлнэ. Гэхдээ үүнийг зөв хяналтаар явуулах ёстой. Жишээлбэл, уул уурхайн олборлолт нь эрдэс баялгаас гадна нүүрс, нефть бүгд орно. Нүүрс, нефтиэ ухахаар эргээд нүүрстөрөгчийн дан исэл дутуу шатсанаас болоод угаарын хий ялгараад, хүний биед сөргөөр нөлөөлж байна. Түүнтэй адил уул уурхайн үйл ажиллагаа, зэс алтны уурхайд олборлолтыг технологийн горимын дагуу явуулахгүй бол байгаль орчныг бохирдуулж байдаг. Жишээлбэл, алт нь уурхайн газрын гүнд төрөл бүрийн эрдэстэй хамт агуулагдсан байж болно. Хүнцэл гэдэг эрдэс алттай ойр байвал алтыг боловсруулах үед, газрын гүнд агааргүй орчинд байсан эрдэс нь олборлолт явахаар нар салхи, агаарын нөлөөгөөр исэлдэлтэд орно. Ингээд хүнцэл нь таван валенттайгаас гурван валенттай хэлбэрт орохоороо гол ус, хөрсөө бохирдуулдаг. Гол усаар дамжаад хүн, амьтныг хордуулах аюул үүсдэг. Тиймээс уул уурхайн үйл ажиллагаа, дараагийн нөхөн сэргээлтийг нь зөв хяналтаар явуулбал уул уурхай, эдийн засаг хөгжихөөс гадна хүний эрүүл мэндийг хамгаална гэсэн үг. Гагцхүү зөв технологийг мэргэжлийн хүмүүс хамтарч явуулах шаардлагатай.

-Ундны усанд агуулагдаж байгаа хүнд металл нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг юм бол?

-Аливаа юм хэмжээ дамжаатай байдаг. Ундны усаар жишээ авбал, ШУА-ийн хоёр хүрээлэнгийн нийлсэн мониторинг судалгаагаар говийн бүсийн ундны усанд хүнд металлын агууламж байгалиасаа өндөр байдаг. Тэр нь хүний хүчин зүйлээс биш, байгалийн тогтолцооноос болдог. Ундны усанд хүнд металлын агууламж тодорхой хэмжээнд байх ёстой ч хүнд металлын агууламж өндөртэй усыг ундандаа хэрэглээд байвал хүний биед өвчлөл үүсдэг.

Би нэг зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг. Хүмүүс шүүсэн, цэвэршүүлсэн ус байнга ундандаа хэрэглэх нь буруу юм. Яагаад гэвэл усанд хүнд хэрэгтэй эрдэс бодис, хүнд металл агуулагддаг учраас дутагдвал өвчлөл үүснэ. Тэгэхээр аливаа зүйл стандартын түвшинд л байх ёстой. Хүний шүдэнд фтор хэрэгтэй. Гэтэл Улаанбаатар хотын ундны усанд фторын агууламж бага байдаг. Гэтэл фтор дутагдахаар шүдний өвчлөл үүсдэг. Фтор нь хүний биед хэрэгтэй эрдэс минералуудын нэг учраас фтортой бүтээгдэхүүн хэрэглэ гэж зөвлөөд байдаг юм.

-Таны хувьд газрын ховор элемент агуулсан эрдэс, хими-технологийн туршилт, судалгаан дээр ажиллаж ирсэн. Манайд газрын ховор элементийн судалгаа хэр эрчимжиж байна вэ?

-2015 оноос манайх Өмнөд Монголын Металлургийн судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагаа байгуулсан. Энэ хүрээнд 2017 оноос Хотгорын гүнд баяжигдах газрын ховор элементийн хүдрийг баяжуулах, боловсруулах технологийн судалгаа гэсэн хамтарсан захиалгат төсөл хэрэгжүүлсэн. Монголын талаас тухайн үеийн БСШУС-ын яам, нөгөө талаас Хятадын Шинжлэх ухаан технологийн яам хамтран захиалж, гүйцэтгэгч нь манай ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Хятадын талаас Өмнөд Монголын Металлургийн судалгааны хүрээлэн хамтарсан.

Хотгорын ордын хувьд шинж чанар нь 2.1 хувийн газрын ховор элемент агуулсан хүдэр байдаг. Бид яаж хамтарсан бэ гэхээр, Хотгорын бага агуулгатай хүдрийг Хятадын тал баяжуулаад бидэнд 10 хувьтай болгоод баяжмал ирүүлсэн. Бид энэ баяжмалыг хүлээж аваад гурван хүчлээр боловсруулж 90 гаруй хувьтай газрын ховрын нийлбэр оксид гаргаж авсан байгаа. Үүний дараа нь манай хүрээлэнгээс 2019 онд миний бие болон манай эрдсийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан бид хоёр очиж Хотгорынхоо хүдрийг гардаж баяжуулаад 12 хувьтай баяжмал гаргаж авсан. Өөрөөр хэлбэл, хятадуудаас хоёр хувиар илүү баяжмал гаргаж авсан жишээ байгаа. Тэгэхээр манайд энэ төрлийн судалгаа эрчимтэй явагдаж байгаа юм.

Г.БалГаРМаа

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр хөх бич өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 16, Санчир гариг. Билгийн тооллын 16, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 08:00 цагт мандаж 17:14 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна DNN.mn

 Хур тунадас: Нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Нийт нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -25…-30 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -12…-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6…-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -19…-21 градус, бусад хэсгээр -14…-16 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө  хүйтэрч -20…-22 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө  хүйтэрч -19…-21 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжтэй есөн үйлдлийг илрүүлжээ DNN.mn

Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутаг дэвсгэрт байрлах “Майн ам”, “Монгол алт” зэрэг газарт энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 34 этгээдэд холбогдох 9 үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүнд даацын техник хэрэгсэл 25-ийг хураан авч битүүмжлэн экологи, эдийн засагт учирсан хохирлын үнэлгээг тогтоон ажиллаж байна.

Иргэн та хүрээлэн байгаа орчны талаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, Экологийн цагдаагийн албаны 70191070 дугаарт мэдэгдэнэ үү!!!

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэгт халтиргаа ихээр үүсдэг 46 байршилд хайрга, давстай савыг байршууллаа DNN.mn

Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбай, цэвэрлэгээ, үйлчилгээний 13 байгууллага ажилладаг. Нийт 11 зориулалтын агуулахад 1718.5 тонн давс, 735 тонн бодис нөөцөллөө. Мөн үргэлжлүүлэн давс, бодисын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Халтиргаа гулгаа ихээр үүсдэг даваа гүвээ, өгсүүр уруу, сүүдэр 46 байршилд 46 хайрга, давстай савыг байршуулсан. Зам, талбай шүүрдэх тусгай зориулалтын 9 машин, бага оврын зам талбай шүүрдэгч 11, зам талбайд давс цацах, чийгшүүлэх, автомат шүүрдэгчтэй камаз 4, давс цацах төхөөрөмж 15, авто замын хунгарласан их хэмжээний цас, мөсийг түрэх, хусаж цэвэрлэх зориулалттай 2 автогрейдер, 9 ковш зэргээр цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг бүрдүүлжээ.

Баянгол дүүрэг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 818 тонн давс, 627 тонн бодис нөөцөллөө. Эдгээр давс, бодисоо Геологи судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ болон ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн лабораториор баталгаажуулсан байна. Давс, бодисыг ус, чийгээс хамгаалахын тулд дүүргийн өөрийн эзэмшлийн болон түрээсийн агуулахад хадгалсан.

Тус дүүргийн хэмжээнд халтиргаа гулгаа ихээр үүсдэг онцлох 60 байршилд давс бодис агуулах сав байршуулсан байна. Явган замын цас, мөсний цэвэрлэгээнд гар бичил цас үлээгч, ховхлогч төхөөрөмж 25, бичил шүүртэй ногоон машин 4, гар бичил шүүртэй төхөөрөмж 30, авто замын цас, мөсний цэвэрлэгээнд давс, бодис цацах машин, төхөөрөмж 15, шаардлагатай машин механизм 14, авто замын нуух цэвэрлэгээний том оврын шүүртэй 8 машины бэлэн байдлыг хангажээ. Баянгол дүүргийн өвлийн цэвэрлэгээ, үйлчилгээнд зам талбайн үйлчлэгч 202, оператор, жолооч 51 хүн ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн хэмжээнд 1471 тонн давс, 1327 тонн бодис нөөцөллөө Мөн Баянзүрх дүүрэг түгжрэл ихтэй, зай талбай багатай болон үүсмэл цэг их үүсдэг байршлуудад хог ачиж тээвэрлэхэд зориулсан шахагчтай бункерийг хэрэглээнд нэвтрүүлж байна. Ингэснээр цаасан хог хаягдлын эзлэхүүний  хэмжээ 30 хүртэлх хувиар буурах боломжтой гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Арваннэгдүгээр сарын 16, 17-нд нутгийн зүүн хагаст салхитай, хүйтэн байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Арваннэгдүгээр сарын 16, 17-нд нутгийн зүүн хагаст салхитай, хүйтэн байна.


2024 оны 11-р сарын 15-ны 20 цагаас 11-р сарын 16-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Нийт нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 25-30 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэмийн хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.


2024 оны 11-р сарын 17-ноос 2024 оны 11-р сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 17-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. 18-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

550 гаруй мал хулгайлсан бүлэг этгээдийг баривчилжээ DNN.mn

Баруун аймгуудад мал ихээр хулгайлдаг бүлэг этгээдийг баривчилжээ.

Тодруулбал, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн цагдаагийн газар хамтран

Мал хулгайлах гэмт хэрэг хийсэн эдгээр иргэд нь 18-55 насны эрхэлсэн тодорхой ажилгүй, туслах малчид байжээ. Тэд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор тус гэмт хэргийг үйлджээ.

Тухайн этгээдүүд нь малыг бэлчээрээс нь туух, тээврийг хэрэгслээр зөөх, бэлчээрт нь нядлах зэргээр тээврийн хэрэгсэлд ачин зөөдөг болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна

Categories
энтертаймент-ертөнц

“Аз жаргал чимээгүй байдалд дуртай” DNN.mn

Lee Dong Wook бол Өмнөд Солонгосын хамгийн алдартай, сэтгэл татам жүжигчдийн нэг юм. Тэр 43 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна.

Ли дебют хийснээсээ хойш хүчирхэг дүрүүдийнхээ ачаар олон сая үзэгчдийн хайрыг татсан ч дэлгэцийн гаднах амьдралд нь юу болж байна вэ? Жүжигчин хувийн амьдралынхаа нарийн ширийн зүйлийг ховорхон хуваалцдаг ч бид түүний эргэн тойронд байгаа цуу ярианы ард юу байгааг ойлгохын тулд илүү нарийвчлан судлахыг хичээсэн.

Хүүхэд нас, карьерын эхлэл

Lee Dong Wook 1981 оны арваннэгдүгээр сарын 6-нд Сөүл хотод төрсөн. Тэрээр дундаж орлоготой айлын ууган хүүхэд. Магадгүй энэ нь түүний зан чанарыг төлөвшүүлэхэд нөлөөлсөн байх. Бага наснаасаа эхлэн хүү урлагт сонирхолтой байсан бөгөөд өсвөр насандаа жүжигчин болохыг мөрөөддөг байв. Эцэг эхчүүд хүүхэддээ зохих боловсрол олгох нь амаргүй байсан тул түүнийг хувийн сургуульд оруулаад дүүг нь улсын сургуульд үнэ төлбөргүй суралцуулжээ.

Гэр бүлийн байшин шатахад тэд подвал руу нүүхээс өөр аргагүй болсон гэдэг. Гэсэн хэдий ч ирээдүйн оддын эцэг эхийн эерэг хандлага, бие биенээ хүндэлдэг чанар нь санхүүгийн хүнд хэцүү байдал тэднийг улам дотно болгосон. Dong Wook-ийн алдар нэрд хүрэх зам амаргүй байсан ч түүний тууштай, шаргуу хөдөлмөр нь түүнийг амжилтад хүргэсэн.

Ахлах сургуулийн онооныхоо ачаар сайн их сургуульд элсэн орсон ч Ли ажил хийх ёстой, сонголт хийх цаг нь ирэхэд ажил мэргэжил, орлогоо сонгосон. Оюутан байх цаг зав байхгүй, санхүүгийн хувьд гэр бүлдээ туслах хэрэгтэй байв.

Dong Wook-ийн анхны дүр нь жижиг байсан ч шоу бизнесийн ертөнцийн үүд хаалгыг нээж өгсөн юм. Түүний жүжиглэх авьяас чадвар, сэтгэл татам байдал нь үзэгчдийн анхаарлыг маш хурдан татсан бөгөөд энэ нь удалгүй илүү алдартай дүрд тоглох боломжийг олгосон юм. Аажмаар тэрээр маш их алдартай болж, эрэлт хэрэгцээтэй болсон. Өнөөдөр Ли дэлхийн өнцөг булан бүрээс драмын шүтэн бишрэгчдэд танил болсон олон өнгөлөг дүртэй болсон. Dong Wook-ийн бүтээл бүр өөрийн гэсэн ганц дүрд гацдаггүй авъяаслаг, олон талт жүжигчний нэр хүндийг бэхжүүлсэн.

Хувийн амьдралын тухай цуу яриа

Тэрээр хэдий алдартай ч оддын нийгмийн амьдралаас хол байхыг илүүд үздэг бөгөөд хэвлэлтэй бараг харьцдаггүй. Найдвартай мэдээлэл дутмаг байснаас түүний хувийн амьдрал асар их хов жив, таамаглалаар хүрээлэгдсэн байдаг. Ялангуяа хамтран ажиллагсадтайгаа харилцах харилцааны талаар. Карьерынхаа 20 жилийн хугацаанд олон арван яриа гарсан ч жүжигчин эр эдгээр цуурхалд тайлбар хийж, няцааж, баталгаажуулдаггүй. Түүний намтарт ганц л мэдэгдэж байгаа харилцаа байдаг. Дуучин Сюзитэй хэдэн жил үргэлжилсэн харилцаа. Тэдний хайрын түүх Сюзигийн нэр хүндийн оргил үед эхэлсэн. Гэвч тэдний харьцаа эцэстээ хүндрэлтэй тулгарсан. Хоёулаа ажилдаа хэт завгүй байсан нь тэднийг салахад хүргэсэн. Гэвч Ли Сюзид үргэлж хүндэтгэлтэй, халуун дотно харьцдаг байсан бөгөөд тэд сайн найзууд хэвээр байна. Түүгээр ч барахгүй, Dong Wook дуучинтай амрагийнхаа талаар ярихгүй гэдгээ шууд мэдэгдэв, учир нь энэ нь үл хүндэтгэсэн хэрэг юм.

Салсны дараа өөрийгөө бүхэлд нь ажилдаа зориулжээ. Тэрээр шинэ кино, олон ангит кинонд тоглож, шоу нэвтрүүлэг, арга хэмжээг хөтөлж байгаа бөгөөд одоо ч загвар өмсөгчийн ажлаа орхиогүй байна. Бүтээл нь ихэнх цагийг авч, маш их эрч хүч авдаг гэдгийг өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Мөн тэрээр ноцтой харилцааг бий болгоход маш их хүчин чармайлт, цаг хугацаа шаарддаг гэдгийг маш сайн мэддэг гэж мэдэгджээ. Гэхдээ Dong Wook одоогоор үүнд бэлэн биш байна. Амжилт олон нийтийн санаа бодлоос шалтгаалдаг шоу бизнесийн ертөнцөд харамсалтай нь ажил, хувийн амьдралын тэнцвэрийг олоход амаргүй.

Гэвч сүүлийн үед Лиг нууцаар гэрлэсэн гэх мэдээлэл цацагдсан. Сонгосон хүнээ удаан хугацаанд, 13 орчим жилийн турш мэддэг байсан ч тэдний харилцаа хэдхэн жилийн өмнө эхэлсэн. Тэр эмэгтэй шоуны ертөнцөөс хол байдаг бололтой, ингэснээрээ Dong Wook-ийн анхаарлыг татсан. Жүжигчин өөрөө одоохондоо чимээгүй байгаа бөгөөд цуу ярианд хариу өгөхгүй байхыг илүүд үзэж байна. Тиймээс түүнийг эхнэртэй эсэхийг шүтэн бишрэгчид нь одоохондоо таамаглаж байна. Хэдхэн сарын өмнө Dong Wook шинэ харилцаа тогтооход “хэтэрхий залхуу” гэдгээ зарлаж, шүтэн бишрэгчдээ цочирдуулсан. “Би өөр хүнтэй болзож чадахгүй гэж бодож байна. Би маш залхуу. Би болзоонд яваагүй удсан болохоор яаж болзодгийг ч мартаж орхиж гэж онлайн хэвлэлүүд Лигийн хэлснийг иш татжээ. Мэдээжийн хэрэг, би болзохыг хүсч байна, гэхдээ миний залхуу хүрээд байна”. Энэхүү хүлээн зөвшөөрөлт нь түүний шүтэн бишрэгчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дунд удаан хугацааны хэлэлцүүлгийн сэдэв болжээ. Зарим нь түүний үгийг хошигнол гэж хүлээж авсан бол зарим нь чин сэтгэлийг нь олж харжээ.

Ажил мэргэжлийн болон хувийн амьдралынхаа тэнцвэрийг хадгалахын тулд олон алдартнууд янз бүрийн заль мэх хийдэг. Тэдний зарим нь амрах, өөрийгөө хөгжүүлэх цаг гаргахыг хичээдэг бол зарим нь спорт эсвэл ажилтай холбоотой хоббигоор хичээллэдэг.  Тодорхой мэдэгдэж байгаа цорын ганц зүйл бол зураач гэр бүлдээ маш их хайртай. Эцэг эх, дүүдээ маш их хайртай. Тэрээр тэдэнтэй нэг дээвэр дор удаан амьдарсан бөгөөд тэдэнд төвөг учруулахгүйн тулд саяхан л нүүжээ. Ганцаараа амьдарч эхэлснээс хойш Ли үүнд дассан бөгөөд одоо өөрийгөө гэр бүлийн хүн гэж төсөөлөхийн аргагүй болжээ.

“Би ганцаараа байх хэтэрхий дассан. Хэн ч намайг хязгаарладаггүй. Миний хуваарь маш стандарт бус. Би үдийн хоол гурван цагт, оройн хоол есөн цагт иддэг. Хэрвээ би хэн нэгэнтэй хооллох юм бол хоёуланд нь эвгүй байх болно. Энэ бүхэн миний ганцаардлыг илүү тохь тухтай болгож байна”.  Үүний зэрэгцээ жүжигчин цорын ганц хайртайгаа уулзах итгэл найдвараа алддаггүй. Хэдийгээр түүнд идеал байдаггүй ч сонгосон хүнээ богино үстэй байхыг илүүд үздэг. Dong Wook мөн өөрийгөө бусдыг хайрлах нь ховор, сайхан үг хэлэхийг мэддэггүй хуурай хүн гэж тодорхойлсон. Мөн гэрлэхэд хамгийн тохиромжтой насыг асуухад Ли 50 нас хүрэхээсээ өмнө гэрлэх магадлалтай гэж хариулжээ.

Түүний хувийн амьдралын тухай сонгомол илчлэлтүүд нь амжилтанд хүрсэн хүмүүс ч бусадтай адил харилцааны асуудалтай тулгардаг гэдгийг харуулж байна. Хамгийн тохиромжтой баатрууд зөвхөн кино, номын хуудсан дээр л байдаг. Мэдээжийн хэрэг, жүжигчдийг алдартай кино төслийн дүрүүдтэй андууралгүйгээр тэднийг байгаагаар нь хүлээж авах сэтгэлийн хань олоход хэцүү байдаг. Заримдаа өөрийн мэдрэмж, туршлагаа олон нийтийн анхаарлын төвд байлгахгүй байх нь дээр гэдгийг тэрээр зоригтойгоор тайлбарлав. “Аз жаргал чимээгүй байдалд дуртай” гэдэг дээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин