Categories
мэдээ улс-төр

Л.Энхболд: “Эрдэнэс Таван толгой” компаниас 268 мянган тонн нүүрс хулгайлсан аж ахуй нэгжийн нэрийг удахгүй зарлана

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.


-МАН бага хурлаа хийж, УИХ-ын 42 дугаар тойрогт оролцох шийдвэрээ гаргасан. Нэр дэвшигчийн нэр хэдийд тодорхой болох вэ?

-МАН бага хурлаараа Хэнтий аймагт явагдах УИХ-ын нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлаа шийдлээ. Дараагийн бага хурлаараа 42 дугаар тойрогт хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ.

-Хаврын чуулган завсарласнаас хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Та энэ хооронд юу хийж амжуулав. Тойрогтоо очив уу?

-Гадаадад томилолттой байлаа. Тойрогтоо ямартаа ч ажиллаж байна. Цаг сайхан болсонтой холбоотойгоор малчдын сэтгэл тэнэгэр байгаа нь анзаарагдлаа. Мөн сүүлийн үед улс төрийн нөхцөл байдлаас болоод төв рүүгээ дуудагдаж байгаа.

-Өмнөговь аймагт үер ус ихтэй байгаа. Үүнээс болоод замын эвдрэл гэмтэл их байх шиг байна?

-Үер ус ихтэй байгаагаас шалтгаалж баруун, зүүн тийшээ явдаг хатуу хучилтын замуудад жаахан саатал бий болж байна. Баруун талын чиглэлийн нэг км хэртэй газар эвдрэл гэмтэл ихтэй, ослын байдалтай болчихсон. Мөн Гашуунсухайт орох 260-аад км зам багагүй эвдрэлтэй болчихлоо. Хэдийгээр бороо хур хүсч байсан ч гэлээ хэт их үер ус гамшиг авчирч байна. Үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр манай холбогдох байгууллага, компани, аж ахуйн нэгжүүд ажиллаж байна.

-Гашуунсухайт чиглэлийн зам эвдэрч гэмтснээс үүдэн нүүрс тээвэрлэлт төдийгүй жолоочдын хувьд ч байдал хүндхэн байгаа. үүнд ямар арга хэмжээ авч байгаа бол?

-Замын эвдрэл гэмтлээс үүдэн Гашуунсухайт чиглэлийн 120, 191 дүгээр км-ийн замууд дээр эвдрэл гэмтлүүд ихээхэн гарсан. 120 км-ийн зам дээр нүүрс тээвэрлэлтийн 700 гаруй машинуудыг зогсоосон. Одоогоор машинуудыг гаргаад дуусаж байна. эдгээр машинуудын зарим нь энэ хэсэгт тав, зургаа хоночихсон байсан. Ямартай ч тухайн зам тээврийн компани болон Авто тээврийн үндэсний төвийнхөн нийлж хоол хүнс, унд усаар хангах арга хэмжээг яаралтай авсан. Цаашдаа хатуу хучилттай замуудад засвар хийж, шинэчлэхээс өөр арга байхгүй. Тиймээс одоогоор түр өнгөрүүлэх, нэвтрэн гарах, шороон замын асуудлыг цэгцлээд ажиллаж байна.

-Хаврын чуулганаар Таван толгой төслийг эргэлтэд оруулах тогтоолын төслийг баталсан. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-МАН 2016 оны сонгуулиар томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж, эрчимжүүлэх хэрэгтэй энэ нь Монголын эдийн засгийг эрүүлжүүлэх томоохон гарц гэж харж байсан. Энэ ч утгаараа энэ томоохон төслүүд хөдлөх учиртай. Бид ч ингэж шаардаж байгаа. Хаврын чуулганаар амжиж Эрдэнэс Таван толгойн ажлыг эрчимжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах асуудлыг шийдвэрлэлээ. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр Таван толгойн 30 хувьд IPO босгохоор болж байна. Ингэж байж эргэлтийн хөрөнгөтэй болох юм. Өнөөдрийн үйл ажиллагаа нь хэвийн явж байна. Гэхдээ дагасан томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих ёстой. Станц, төмөр зам, хатуу хучилттай зам ч баригдах ёстой. Мөн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд баяжуулах үйлдвэр барих ч гэдэг юмуу олон асуудлууд хэрэгжүүлээд явах юм бол эдийн засгийн үр өгөөж сайтай, манай улсад ашигтай байна гэж үзэж байгаа. Тиймдээ ч IPO босгох асуудлыг дэмжиж байгаа.

-УИХ-ын нэгдсэн чуулганаар Таван толгой төслийг эргэлтэд оруулах тухай ярьж байх үед сөрөг хүчний зүгээс Эрдэнэс Монгол компанийн тодорхой хувийг хяналтын багц болгох нь зүйтэй гэх саналыг гаргасан. Үүнд таны байр суурь ямар байсан бэ?

-Монгол Улсын Ерөнхий-лөгчөөс санал оруулж ирсэн асуудал л даа. Энэ асуудалд нухацтай хандахгүй бол болохгүй. Тиймдээ ч хойшилсон. Нэгдүгээрт, тооцоологдоогүй гэнэт орж ирсэн. Тооцоо судалгаа нь ямар байгаа эсэх, бодит амьдрал дээр хэрэгжих үү, үгүй гээд олон асуудал бий. “Эрдэнэс Монгол” компани дан ганц Эрдэнэс Таван толгойн хувьцааг эзэмшдэггүй. Багануур, Шивээ Овоо, Оюу толгой гээд олон компани, аж ахуй нэгжүүдийн хувьцааг эзэмшдэг. Тиймээс энэ асуудалд цэгцтэй, эдийн засгийн зөв тооцоололтой, төлөвлөгөөтэй байж ард иргэдэд өмчлүүлэх эсэх асуудлаа шийдэх нь зөв. Шууд улс төрийн өнцгөөсөө харж асуудлыг шийднэ гэдэг боломжгүй.

60 тэрбум-ын гэх хэрэгтэй холбоотойгоор МАН-ын зарим гишүүд ээлжит бус чуулган зарлах хүсэлт гаргасан. Таны хувьд уг асуудлаар нээлттэй сонсгол зарлана гэхэд дэмжиж гарын үсэгээ зурсан байсан. Тэгэхээр ээлжит бус чуулган зарлахыг ч мөн адил дэмжиж байгаа гэж ойлгож болох уу?

-Уг асуудлаар нээлттэй сонсгол зарлана гэхэд 19 гишүүн гарын үсэг зурсан. Миний бие ч гарын үсэг зурсан. Учир нь “60 тэрбум”-ын асуудлыг шийдвэрлэж, нэг талд нь гаргахгүй бол болохгүй. Улс төрийн том хүчний хувьд сонгуульд олон орно. Энэ бүрт байнгын дагаж явдаг нэг сүүлтэй байж болохгүй. Тиймээс цэгцлэх ёстой. Мөн уг асуудал босохоос хэдхэн хоногийн өмнө Эрдэнэтийн томоохон томилгоонууд явагдаж эхэлсэн. Үүнийг дагаад намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн эсрэг “Хоёр дахь 60 тэрбумынхан гарч ирлээ” гэдэг хар пиарыг хийж эхэлсэн. Энэ утгаараа хар пиар МАН-ыг байнга дагаатай явах нь гэдэг өнцгөөс харж нээлттэй сонсгол хийж нэг талд нь гаргах ёстой гэж үзсэн. Харамсалтай нь нээлттэй сонсгол хийсэнгүй. Гишүүдийн тоо нэмэгдсээр өнөөдөр 26-д хүрчихлээ. Ээлжит бус чуулган зарлах асуудлыг УИХ-ын даргад барьчихсан байна. Хуулиараа нийт гишүүдийн 1/3 нь ээлжит бус чуулган зарлахыг зөвшөөрсөн тохиолдолд хуралдуулах ёстой. Тиймдээ ч ээлжит бус чуулган зарлаж хуралдуулаад асуудлаа цэгцлээд явах ёстой л гэж хүлээж байна.

-УИХ-ын даргыг унагах улс төр яваад байна уу гэх хардлага байна. Та юу гэж харж байна вэ?

-Хэн нэгнийг унагах улс төр гэх үүднээс харахгүй байна. Ер нь бол улс төрийн нам, хүчин өөрөө эмх цэгцтэй, шударга, зарчимтай, цэвэр, ил тод явах учиртай. Цэвэр явах ёстой гэдэг үүднээс 60 тэрбум ч юмуу, аливаа дагасан том асуудлаас цэвэрлэгдэх шаардлагатай. Нөгөө талаас бид нийгэмд шударга ёсыг бий болгоно гэж олон ч удаа зарлаж, хашхирсан. Хоёр жил гаруй хашхирлаа. Олон асуудлууд шийдвэрлэгдээгүй байж байна. Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан. Би ажлын хэсэгт нь байсан учир мэдэж байна. Бондууд болоод Монголбанкны 14 их наяд төгрөг хэвлэсэн гэх асуудлууд байна. Энэ мэт Монгол Улсын эдийн засгийг хямралд оруулсан хууль тогтоомж зөрчсөн асуудлуудыг шийдвэрлээд явахгүй бол манай улсад шударга ёс гэж байхгүй болно. Дээрээс нь МАН энэ нэрийг зүүгээд явах юм бол цаашдаа ард түмэнд хүндлэгдэхгүй. Намаар дагаж төрийн эрхийг барина гэсэн Үндсэн хуульд заасан эрхийг хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрнэ. Хүмүүс намыг үзэн ядаж байна. Бид Үндсэн хуулиа өөрчлөөд намаар дамжиж төрийн эрхийг бариулахыг болиулчих хэрэгтэй.

Тэгэхээр өнөөдөр нэгэнтээ Үндсэн хуулиар заасан энэ эрх нь байгаа учраас үүнийг хэрэгжүүлэхийн тулд үүргээ биелүүлж, нэрээ цэвэр авч явах ёстой юм.

-Та “Эрдэнэс Таван толгой компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн буюу 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс алга болсон талаар мэдээллэж байсан. Мөн энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар хандсан. Нүүрсийг хулгайлсан гэх этгээдийг олж тогтоосон болов уу?

-“Эрдэнэс Таван толгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон талаар би зарласан. Нүүрсний хулгайтай холбоотой асуудал одоо цэгцэрч байгаа. Би хашхирч, исгэрч, шоуддаг хүн биш. Асуудал байвал нэг мөр гаргаж тавих ёстой. Хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх шаардлагатай. Би энэ л үүргээ биелүүлсэн. Би энэ асуудлыг хоёр өнцгөөс л харж ярьж байгаа. Монголын ард түмний өмчөөс нэг ч төгрөг алга болох ёсгүй. Үүнийгээ би хэрэгжүүлнэ. Мөн Өмнөговь аймгийн ард түмний өмч болох орон нутгийн Таван толгой өрөнд орох ёсгүй. Хоёр Таван толгойн хооронд гэрээ байгуулсан. Тэр гэрээнд 268 мянган тонн нүүрсийг манайх авчээ, үүнийг бид төлнө гээд гэрээ байгуулчихсан байгаа. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Хэн авсан нь тогтоогдоогүй байхад хоёр захирал энэ асуудлыг шийдэж болохгүй. Тийм учраас энэ асуудлыг шийдэхийн тулд хууль хяналтын байгууллагуудад хандсан. Одоо энэ хэргийг шалгаад дуусаж байгаа. Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын газар 340 орчим тонн нүүрсний асуудлыг гаргаад ирчихсэн байгаа. Ямар аж ахуйн нэгж авсан нь ч бас тодорхой болж байх шиг байна. Мөн орон нутгийн Таван толгойг өргүй болгосон. Өр төлөх ч ёсгүй. Гэрээ хийсэн хариуцлагатай этгээдүүд гэрээгээ цуцлах ёстой. Өмнөговийн ард түмнийг хамгаалж авч үлдлээ. Нөгөө талдаа Монголын ард түмнээс хулгай хийсэн өмчийн эзнийг тогтоож байна. Миний үүрэг энэ л байна. Бусдаар энэ асуудлаар попроод, улс төр хийгээд байх шаардлага байхгүй.

268 мянган тонн нүүрс хулгайлсан эзэн тодорхой болсон гэлээ. Нэрийг нь зарлаж болох уу?

-Төрийн байгууллагууд нэр усыг нь гаргачихсан. Одоо хууль хяналтын байгууллагууд эцэслэнэ. Тэр болтол хэн нэгний нэрийг зарламааргүй байна. Гэхдээ төрийн байгууллагуудын актуудыг эцэслэсний дараа би нэрийг нь ил тод зарлана. Улстөрд орж ирсэн шинэ тутам гишүүд баримтан дээр тулгуурлаж ярих хэрэгтэй, попрохгүй л гээд байгаа шүү дээ. Зарчмын хувьд цаасан дээр гарсан тамга тэмдэгтэй, гарын үсэгтэй зүйлийг л би олон нийтэд хүргэж, үүргээ биелүүлнэ.

-Намрын чуулганаар ямар төслүүд дээр ажиллахаар зэхэж байгаа бол?

-Намрын чуулганаар хувь гишүүний зүгээс хэд хэдэн хуулийн төслийг бэлтгэж, хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Нэгдүгээрт, газрын хэвлийн усыг ашиглах эсэх асуудал дээр хуулийн төсөл хийгээд явж байна. Би говиос сонгогдсон гишүүн. Говь нутагт ус хамгийн их хомсдолтой байгаа. Говиос ус хэрэглэж, том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэдэг боломжгүй. Иймд хангай нутгаас ус татах томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ үүднээс уг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Хоёрдугаарт, хайгуулын лицензтэй холбоотой хуулийн төсөл юм. Лицензний наймаа гэж их яригддаг. Цүнхэндээ цаас хийж аваачаад л их үнээр зардаг байдал бий болоод байгаа. Энэ нь ард иргэдийг их бухимдуулж байгаа учир хайгуулын лицензийн асуудлыг хязгаарлах, цаашлаад өгөхгүй байх зэрэг асуудлуудыг тусгахаар судалж байна. Ямар ч байсан үүнийг бид хязгаарлаж, цэг тавьж, хариуцлагыг нь өндөржүүлэх ёстой. Мөн Ашигт малтмалын хуулин дээр өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Нийгмийн хариуцлагыг бий болгох ёстой юм. Уурхайг ашиглаж байх явцдаа нөхөн сэргээлт хийх, тухайн нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа ард иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх зэргийг хуулиар зохицуулж өгөх шаардлагатай байна. Тэгэхгүй бол ард иргэд бослого гаргасаар л байх болно. Нийгмийн асуудал нь шийдэгдэхгүй, амьдрах орчин нь сайжрахгүй байхад бухимдхаас өөр яах билээ. Ямартаа ч дээрх гурван хуулийн төслийг өргөн барихаар судалж байна.