Categories
их-уншсан нийгэм

Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь DNN.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох зургадугаар сарын хуваарь гарчээ.

Тухайлбал, ахмад настнуудын тэтгэвэр, асаргааны тэтгэмж, насны хишиг, хүнсний талон зэрэг 10 төрлийн тэтгэмж, тусламжийг зургаадугаар сарын 15-наас олгоно.

Харин хүүхдийн мөнгө болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг зургаадугаар сарын 20-нд шилжүүлэх хуваарьтай байна.

Дэлгэрэнгүй хуваарь:

Categories
спорт

Инфлүүнсэрүүдийг хязгаарлах хууль ба Европын улсууд DNN.mn

Францын нийгмийн сүлжээнд дор хаяж 150,000 орчим иргэдийн “тархи угаах” зорилготой идэвхтэй нөлөөлөгч маркетинг буюу инфлүүнс (iinfluencer) маркетинг ажиллаж байдаг аж. Нийгмийн сүлжээний YouTube, Instagram, Tik­Tok, Facebook болон бусад платформ дээр олон дагагчидтай блогчид, алдартнууд нөлөөлөх маркетингийн сурталчлагчид болдог байна. Сүүлийн таван жилийн хугацаанд дэлхийн нөлөөллийн маркетингийн зах зээл бараг 10 дахин өссөн бөгөөд үүнд оруулсан доллар бүр эзэндээ 5.5 доллар авчирч байгаа нь тогтоогджээ. Судалгаагаар нөлөөллийн бизнес нь цар тахлын үед хямралд өртөөгүй бөгөөд зар сурталчилгааны зардал нь 2019 оноос хойш хоёр дахин нэмэгдэж, 10.5 тэрбум еврогоос 25.5 тэрбум евро болж өссөн байна. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар энэ зах зээл цаашид ч өсч, 2025 он гэхэд түүний хэмжээ 38 тэрбум гаруй еврод хүрэх гэнэ.

Францын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн комиссоос гаргасан тайланд эдгээр нөлөөлөгч инфлүүнсэр хүмүүсийн 80 хувь нь жилд 4000 еврогоос бага орлого олж, тэдний ердөө 15 хувь нь энэ ажлаар орлого олж амьдардаг болохыг дурджээ. Иймд Францын Үндэсний ассемблей өнгөрсөн сарын 9-нд нөлөөлөгчдийн үйл ажиллагааг зохицуулах, нийгмийн сүлжээний хүчирхийлэлтэй тэмцэхэд чиглэсэн хуулийг хэлэлцэж гишүүд анхны хэлэлцүүлгээр уг хуулийг санал нэгтэй баталсан байна. Францын сенаторууд уг хуулиар зар сурталчилгааны хоригийг дагаж мөрдөөгүй эсвэл арилжааны зорилгыг нуун дарагдуулсан нөлөөлөгчдийн шийтгэлийг чангатган хоёр жил хүртэл хорих ял оноох эсвэл 300,000 еврогийн торгууль оногдуулахаар болжээ. Мөн гоо сайхны мэс заслыг сурталчлах, эмчилгээ хийлгэхээс татгалзахыг дэмжих, никотины уутны сурталчилгаа, спорт бооцооны таамаглалыг сурталчлах, захиалга авах, гэртээ байлгахыг хориглодог амьтадтай хийсэн үзүүлбэр зэргийг нийгмийн сүлжээнд байршуулахыг хоригложээ. Гэхдээ мөрийтэй тоглоом, согтууруулах ундаа, хэт өөх тос, давслаг, чихэрлэг хоол хүнсийг сурталчлахыг хориглосон нэмэлт өөрчлөлтийг батлаагүй байна.

Австри улсад “Зар сурталчилгааны зөвлөл” нь нөлөөллийн маркетингийг хариуцан ажиллаж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн дагуу шийтгэл оногдуулах этгээдийг холбогдох байгууллагад шилжүүлдэг байна. Харин Бельги улсад сүүлийн жилүүдэд энэ талаар хэд хэдэн зөрчилдөөнтэй хууль тогтоомжууд батлагдсан бөгөөд үүний үр дүнд зохицуулалтын эмх замбараагүй байдал үүсчээ. Иймээс 2022 оноос Эдийн засгийн яам, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зөвлөл нөлөөлөгчдөд “Эдийн засгийн хууль”-д заасан зар сурталчилгааны заалтуудыг дагаж мөрдөхийг шаардах болж зөрчвөл 80,000 еврогийн торгууль ногдуулдаг болжээ. Их Британийн Засгийн газар нөлөөллийн маркетингтай холбоотой шинэ хууль батлахаас татгалзсан тул энэ салбарыг одоо мөрдөгдөж буй “Зар сурталчилгааны практикийн дүрэм”, 2008 оны “Шударга бус худалдааны журмын эсрэг хэрэглэгчийн эрхийг хамгаалах” хуулиар зохицуулж байна. Их Британийн зар сурталчилгааны салбарыг “Advertising Standards Alli­ance” хянадаг бөгөөд тэд саяхан зах зээлийн нөхцөл, байдлыг нарийвчлан тайлбарласан “Нөлөөллийн гарын авлага”-ыг нийтэлсэн байна. Энэ улсад хууль зөрчвөл хорих хүртэл ял оноож байна. Германд Шударга бус өрсөлдөөний тухай хууль, Телемедиа хууль, Германы холбооны улс хоорондын өргөн нэвтрүүлгийн гэрээ нь зар сурталчилгааны дүрмийг тогтоож өгдөг. Энд нөлөөллийн маркетингийн талаар тусгайлсан хууль байхгүй ч олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд буй нөлөөлөгчдийн талаар ирсэн гомдлын дагуу шүүхээр оруулж асуудлыг шийддэг байна. Ирландын Хэрэглэгчийн эрхийн тухай хууль нь хэрэглэгчдийг худал, төөрөгдүүлсэн зар сурталчилгаанаас хамгаалдаг байна. Итали улс 2019 онд нийгмийн сүлжээний нөлөөлөгчид болон компаниудад заавал дагаж мөрдөх дүрэм гаргасан нь амжилттай хэрэгжиж байна. Итали улс уг дүрмээр зах зээлд оролцогчдоос хамгийн ил тод байдлыг шаарддаг.

Хэрэв контентыг зохисгүй байрлуулсан бол брэнд болон нөлөөлөгч хоёулаа хариуцлага хүлээх бөгөөд хоёр талд таван сая еврогийн торгууль ногдуулдаг байна. Испани улсад нөлөөллийн маркетинг нь шударга бус өрсөлдөөний хуульд захирагддаг аж. 2020 онд зар сурталчилгаанд нөлөөлөгчдийг ашиглах ёс зүйн дүрмийг нийтэлсэн бөгөөд үүнд 900 гаруй компани бүртгүүлжээ. Зар сурталчилгааны тангарагтны шүүх нөлөөллийн талаарх гомдлыг хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэдэг аж. Нидерланд улсын нөлөөллийн маркетингийн хууль нь Италитай бараг ижил байдаг онцлогтой юм байна. Италиас ялгаатай нь нөлөөлөгч эсвэл брэндийн аль нэг нь л хариуцлага хүлээж 450,000 еврогийн торгууль төлдөг аж. Энэ нь контентыг хэн хянаж байснаас хамаарч торгууль оногдуулна гэсэн үг ажээ.

Г.АМАРСАНАА

Categories
соёл-урлаг

Райнэр Цитэлманн: Эдийн засгийг хөгжүүлэх цорын ганц бодитой шийдэл бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах DNN.mn

Чөлөөт эдийн засгийн талаар хамгийн олон ном бичсэн, капитализмын үзэл санааг дэлхийн олон улсад хүргэж яваа эрхэм бол түүх, социологийн ухааны доктор Райнэр Цитэлманн. Тэрбээр гучин оронд хэвлэгдээд буй “Капитализмыг өмөөрөхүй” номынхоо нээлтэд оролцохоор манай улсад ирээд байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Таны “Капитализмыг өмөөрөхүй” номыг сонирхож харлаа. Антикапиталистуудын капитализмыг шүүмжилдэг арван өнцгийг үгүйсгэсэн нотолгоонууд тань их сонирхолтой юм. Манай улстөрчдийн хамгийн их шүүмжилдэг өнцгөөр эхэлсэн байна лээ. Капитализм бол өлсгөлөн, ядуурлын гол шалтгаан гэж шүүмжилдэг улстөрчид олон шүү, манайд?

-Би танд ганцхан тоо хэлье. Капитализмд шилжихээс өмнө дэлхийн ихэнх хүн ам туйлын ядуу амьдарч байсан. 1820 онд дэлхийн нийт хүн амын 90 орчим хувь нь нэн ядуу амьдарч байсан гээд төсөөл дөө. Гэтэл капитализм хөгжсөөр өнөөг хүрэхэд ядуурал 10 хувиас доошилсон. Энэ бол капитализмыг өмөөрөх маш том нотолгоо. Би “Капитализмыг өмөөрөхүй” номоо гучин оронд хэвлүүлэх төслийг энэ жил хэрэгжүүлж байгаа юм. Улс бүрээс тухайн орны иргэдийн капитализмын тухай ойлголт ямар байгааг тандсан судалгаа хийж, үр дүнг нь номдоо багтаасан. Өөрөөр хэлбэл Солонгост хэвлэгдсэн номд солонгосчуудаас авсан судалгаа бий, Монголд хэвлэгдсэн номд монголчуудаас авсан судалгааны үр дүн багтсан. Өмнө нь дэлхийн олон орныг хамарсан ийм далайцтай судалгаа хийгдэж байгаагүй. Судалгаа хийхдээ зөвхөн “Та капитализмыг дэмждэг үү” гэсэн ерөнхий зүйл асуугаагүй. Тал бүрээс нь тандсан асуултууд багтаасан нь судалгааны маань гол онцлог байсан.

-Улс орнуудыг антикапиталист, капитализмд эерэг хандлагатай, төвийг сахисан гэж ангилсан нь сонирхолтой санагдсан. Герман, Австри, Франц зэрэг их гүрнүүд антикапиталист буюу хар жагсаалтад орсон байхад Монгол төвийг сахисан гэх ангилалд Вьетнам, Шведийн араас жагсч байна. Монголчуудын капитализмын талаарх хандлага эерэг, хөрш Орос шигээ чөлөөт зах зээлийн замаас гарчихгүй хөгжих боломжтой гэж ойлгож болох нь ээ?

-Монголчуудын хувьд нэг онцлог ажиглагдсан. Бусад оронд олж буй орлого, боловсролын түвшин, нас, хүйснээсээ хамаарч капитализмын талаарх хандлага нь зөрүүтэй байсан бол танай улсад тийм зүйл ажиглагдсангүй.

Капитализмд хандах хандлага нь хуучин социалист дэглэмтэй байсан улсуудаас харьцангуй эерэг өнгөтэй гарлаа. Гэхдээ Польш, Чех гэх мэт улсуудаас бага зэрэг хоцролттой явж байна. Польш, Чехийн хувьд шилжилтийг маш амжилттай хийж чадсан. Орос, хуучин Югославын орнууд зэрэг улсын шилжилт хийсэн үр дүн Монголоос хоцорсон гэсэн дүгнэлт гарсан. Товчхондоо социализмаас шилжилт хийсэн 11 орон бий. Чөлөөт зах зээлийн шилжилтийг дажгүй хийсэн гэдэг үзүүлэлтээр Монгол Улс Польш, Чехийн дараа гуравдугаар байрт жагссан. Монгол улс чөлөөт зах зээлийн замаасаа гарчихгүй хөгжих бүрэн боломжтой нь эндээс харагдах байх.

-Манай зарим улстөрчид, тэр дундаа эрх баригч намын нөлөө бүхий гишүүд чөлөөт зах зээлийн шилжилтийг буруу хийсэн, Монголд зэрлэг капитализм л хөгжсөн гэсэн шүүмжлэл хэлдэг л дээ. Энэ хандлага хүчээ авбал эрсдэлтэй санагддаг. Чөлөөт зах зээлээ улам хүчирхэг болгохын тулд бидний хамгийн түрүүнд цаг алдалгүй хийх ёстой алхам юу бол?

-Антикапиталистууд капитализмын тухай ойлголтыг шашны маягтай болгочихсон байдаг л даа. Бүх муу юмны шалтгаан болгочихдог. Муу зүйл тохиолдвол бурхан харсангүй гэдэгтэй яг ижилхэн хандлага гаргадаг. Монголын хувьд зах зээлийн нийгмээ илүү сайн хөгжүүлэх ёстой. Юуны түрүүнд нүүрс, зэсийн төрийн өмчит том компаниудаа хувьчлах хэрэгтэй. Тэгж байж илүү үр дүнд хүрнэ. Би “Хүчирхэг капитализм” номдоо төр ба чөлөөт зах зээлийн байдлын тухай харьцуулсан судалгаа хийснээ онцолж бичсэн байгаа. Наад захын жишээ гэхэд л Венесуэл байна. Далаад онд дэлхийн хамгийн том хорин эдийн засгийн нэг байсан орон. Гэтэл төрийн зохицуулалт чангарсаар байгаад эцэст нь дэлхийн хамгийн ядуу орны нэг болчихсон. Үүний эсрэг жишээ нь Хятад. Наяад оны эхэнд хүн амын ер орчим хувь нь ядуу гэсэн ангилалд багтаж явсан бол өнөөдөр хүн амынх нь нэг хүрэхгүй хувь нь ядуу байх жишээний. Ийм амжилтад хүрсэн нь ганцхан шалтгаантай. Дэн Сяо Пиний зах зээлийн эдийн засгийг нэвтрүүлэх бодлого өнөөдрийн Хятадыг бүтээсэн юм. Хятадын тухайд өөрсдийгөө ямар замаар яваагаа юу гэж нэрлэх нь чухал биш. Хөгжлийнх нь гол нууц зах зээлийн эдийн засгийн давуу тал, капитализмын хүчирхэг байдал гэдэг нь хэнд ч ил асуудал.

-Антикапиталист, капитализмын эсрэг хандлагатай орнууд дунд Франц, Герман, Их Британи гэх мэт эдийн засаг нь хүчирхэг том гүрнүүд харагдаж байна. Ингээд харахаар капитализм цорын ганц зөв зам биш ч юм шиг…?

-Таны хөндөж асуусан өнцгийн тухайд эдийн засгийн түүхийн асуудал л даа. Улс гүрнүүд амжилттай явсан түүхээ мартчихдаг. Яагаад, ямар шалтгаанаар амжилтад хүрснээ хэсэг зуур мартдаг гэж хэлэх гээд байна л даа. Дэлхийн хоёрдугаар дайны дараа барууны орнууд хэрхэн яаж хөгжсөн талаарх түүхийг сөхвөл чөлөөт зах зээлийн зарчмаар явсныг нь харж болно. Хувь хүнээр жишээлье. Зуу гаруй кг жинтэй хүн эрүүл хоол, дасгал хөдөлгөөний ачаар жингээ хасчихлаа гэж төсөөлье. Жингээ хасчихаад ахиад идээд эхэллээ гэж бодъё. Хэвийн жинд хүрч, биеэ эрүүлжүүлсэн амжилтаа мартчихсан учраас идэж байгаа гэсэн үг. Улс орнуудад яг ийм процесс өрнөдөг. Дахиад хэлэхэд улс орнууд амжилтын шалтгаанаа мартчихдаг. Герман улс өнөөдөр хэцүүхэн байгаа. Бүхнийг зохицуулна гээд үзэж яваа. Хамгийн тод жишээ гэхэд л эрчим хүч, энергийн салбар байна. Цөмийн станцаас татгалзана гээд эцэстээ Америкаас хийгээ авдаг болсон. Бүхнийг зохицуулах гэсэн хандлагынхаа төлөөсөнд өнөөдөр хамгийн өндөр үнэтэй эрчим хүч хэрэглэдэг улс болчихлоо. Энэ бол зах зээлийн зарчмын эсрэг арга хэмжээний үр дагавар. Германчууд энэ алдаагаа засах байх. Зах зээлийн эдийн засгийн үзэл санаа хааяа мартагддагийн жишээ л дээ. Антикапиталистууд үнэд хяналт тавих ёстой, үнийг тогтоох шаардлагатай гэдэг. Үнэ өслөө, инфляцийг барих ёстой гэцгээдэг. Гэхдээ бодит байдал дээр тэдний энэ байр суурь зөв биш байсныг сүүлийн 200 гаруй жилийн түүх харуулдаг. Адам Смит өөрийнхөө номоор нотолчихсон. Үнэ зах зээлийнхээ зарчмаар тогтох ёстойг тов тодорхой хэлээд өгчихсөн. Бороо их ороод байна, бороо зогсоох хууль санаачилъя гэж байгаатай л адилхан зүйл. Антикапиталистуудын бас нэг онцлог нь пиар талдаа чадварлаг. Капитализмыг дэмжигчидтай харьцуулахад пиар, маркетинг талдаа үнэхээр сайн. “Би хууль батлаад бороо зогсооно, инфляцийг бууруулна” гэж

ярьцгаадаг. Гэтэл амьдрал тийм биш. Тэдний энэ хандлага бодит байдалтай огт нийцэхгүйг маш сайн ойлгох хэрэгтэй.

-Манайх хоёр том гүрний дунд оршдог жижиг орон. Шатахуунаараа Оросоос хараат, Хятад хилээ хаавал өргөн хэрэглээний барааны хомсдолд орж улсаараа хэцүүдэх өндөр эрсдэлтэй. Энэ хараат байдал маань чөлөөт эдийн засгийг хүчирхэгжүүлэхэд саад бэрхшээл болох вий гэсэн эргэлзээ дагуулдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Сайхан асуулт байна. Аль ч орон ямар нэг улсаас хамааралтай байдаг. Жишээ нь манай улс Орос, Хятадаас их хамаарч байгаа. Үйлдвэрлэсэн машиныхаа ихэнхийг Хятад руу экспортолдог учраас бизнесийн хувьд Хятадаас асар өндөр хамааралтай. Хятадууд авахаа больё гэвэл манай улсын машины үйлдвэрлэл хэцүүднэ. Сингапур, Хонгконг зах зээлийг хөрсөн дээрээ буулгаж хөгжүүлж чадсан шиг Монгол Улс зах зээлийн нийгмээ илүү хөгжүүлэх боломжтой. Тэднээс суралцаж Сингапур, Хонгконг шиг хөгжих бүрэн бололцоотой. Монголчуудын тухайд бизнест талтай ханддаг, хууль дүрмийг хэрэгжүүлж чаддаг, маш бага зохицуулалт хийдэг, чөлөөт зах зээлийг дэмждэг гэх мэт олон давуу талтай. Үнэ хянадаггүй, бизнест элэгтэй гэх мэт давуу талдаа түшиглээд хөрөнгө оруулалтад ээлтэй орон гэдгээ харуулах учиртай. Татвар бага байх ёстой. Зохицуулалт бага, төрийн оролцоо хүчтэй биш, хууль дүрмийн хэрэгжилт өндөр түвшинд байчихад л болчих асуудал. Латин Америкийн Уругвай улс гэхэд л социалист улсуудын дунд зах зээлийн нийгмийг хөгжүүлж чадаж байна. Ингээд харахаар өөрсдийгөө хэт том улсуудтай харьцуулах, нөлөөллөөс нь болгоомжлох шаардлагагүй. Жижиг зах зээл хэрхэн амжилтад хүрсэн туршлагыг хараад хөгжих учиртай. Хүн бүр бизнес хийх хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Тэр хөрс суурийг нь бэлдэж өгөх л хамгийн чухал асуудал.

-Том хөршийнхөө хэт нөлөөллөөс гарахын тулд хийх эхний алхам гэвэл та юуг онцлох вэ?

-Герман ОХУ-аас газын нөлөөтэй байсныг та мэднэ. Улс орнуудад том, бага гэлтгүй түр зуурын энэ мэт нөлөөнүүд бий. Үүнийгээ мэдрээд бусдаас хамаарсан байдлаа багасгахын төлөө ажиллая гэвэл юун түрүүнд гадаадын хөрөнгө оруулалт татах чадвар өндөр байх учиртай. Вьетнам гадаадын хөрөнгө оруулалт татах чадвараараа тэргүүлдгийг та мэднэ. Гадаадын хөрөнгө оруулалт, технологийн давуу талыг ашиглаж хөгжвөл илүү зөв шийдэл болно. “Херитэж” сангийн эдийн засгийн эрх чөлөөний байдлын индексээр Монгол Улс 100 гаруй улсаас 73-т, Азийн 39 орноос 15 дугаарт жагсч байна. Азидаа эхний хоёрт оръё, дэлхийд дунджаас дээгүүр байр эзэлье гэсэн хүсэл эрмэлзэлтэй болбол үр дүнд хүрнэ. Дахиад хэлэхэд бие даасан эдийн засаг хөгжүүлэх цорын ганц бодитой шийдэл бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадвараа дээшлүүлэх.

-Хойд хөршийн тухайд байдал бүр хэцүүдэж байна. Монгол зах зээл, засаглалаараа дараагийн Орос болохгүй гэх баталгаа, дархлаа өндөр улс юм байна гэсэн ойлголт тантай ярилцах зуурт төрлөө…?

-Оросуудтай харьцуулбал монголчуудад нэг том давуу тал бий. Эрх чөлөөтэй улс. Зах зээлийн эдийн засаг харьцангуй сайн хөгжиж яваа. Ингээд харахаар Оросын хэмжээнд хүртэл муудахгүй байх. Орост зах зээлийн эдийн засаг, хувийн өмч гэж ярьдаг ч удирдагчид нь хүсвэл дээрэмдье гэсэн бүхнээ дээрэмдчихдэг. Энэ бол капиталист нийгэм биш. Тийм учраас харьцуулахад хол зөрүүтэй улс орнууд. Ер нь ямар ч улс орон амбицтай байх ёстой. Эдийн засгийн эрх чөлөөний индексээ урагшлуулна, бизнесийн хамгийн таатай орчныг бүрдүүлсэн арал болно гэсэн амбицаар дэлхийд гарч ирэх ёстой. Монгол гэхээр дэлхийн улс орнууд Чингис хаанаар нь мэддэг. Өнөөдрийн Монголын хувьд эдийн засгийн эрх чөлөөгөөрөө маш таатай орон гэдгээрээ танигдана гэж амбицлах хэрэгтэй. Үүний хамгийн том загвар нь Сингапур. Сингапураас илүү Өмнөд Солонгос ч ойрхон байж мэдэх юм. Жараад онд Өмнөд Солонгос Ази, Африкийн орнуудаас ч ядуу байсан. Гэтэл өнөөдөр ямар том эдийн засаг болсныг дэлхий нийтээрээ харж байна. Жижиг орон эдийн засгаа цойлуулсан жишээ өчнөөн бий. Сингапур, Тайвань, Эстони, Люсембург бол жижигхэн улсууд. Та эдийн засгийн эрх чөлөөгөөрөө тэргүүлдэг арван орныг хараарай. Ихэнх нь танай улстай харьцуулахуйц жижиг улс байгаа.

Categories
эдийн-засаг

С.Эрдэнэ: АН-ын маргаан эрх баригчдад том боломж олгож байсан учраас зөв ч, буруу ч үүнийг зогсооё гэсэндээ тамгаа өгсөн DNN.mn

УИХ-ын гишүүн асан, АН-ын даргын зөвлөх С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ноосоо тушаачихсан. Намын даргын ажлаа өгчихсөн хүн. Одоо та яг ямар ажил хийж байна. Намдаа тодорхой албан тушаал эрхэлж байгаа юу?

-Намын даргын ажлаа өглөө гээд энэ намаас гараад явчих биш. Ардчилсан намын гишүүн. Тэр утгаараа намынхаа ажлыг үргэлжлүүлээд хийгээд явна. АН-ын шинэ дарга Лу.Гантөмөрийн санал болгосноор АН-ын даргын зөвлөх гэдэг ажилд томилогдсон. Энэ ажлаа аваад хийгээд явж байна. Ер нь бол нам гэдэг бүхэл институц. Ахуй амьдралаар төсөөлбөл нэг өрх айл л гэсэн үг шүү дээ. Мэдээж сонгууль хаяанд ирчихсэн учраас шинэ хуучин гэлтгүй бүгд нийлж, нэгдэж байж намаа ялалтад хүргэнэ. Улс оронд тулгамдаад байгаа нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдэх улс төрийн хүчнийхээ асуудалд орох шаардлагатай. Нөгөөтэйгүүр Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулдаг голлох намын нэг учраас энэ чигийн үүрэг хариуцлага асар өндөр. Тэр утгаараа нийгэмд хүлээлт маш их байна. Өөрөөр хэлбэл ард түмэн улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг хэвийн түвшинд нь аваачих цор ганц улс төрийн хүчнийг АН гэж харж байгаа. Тиймээс энэ өндөр итгэл, үүрэг хариуцлагын эсрэг үйл ажиллагаа явуулах эрх манай намд байхгүй.

-Олон жилийн маргаан эцэс болж, үүрэгт ажлаа өөр хүнд шилжүүлчихлээ. Ингэхэд сая нэг таны нуруу амарч байна уу?

-Миний хувьд гучин гурван жил намынхаа төлөө, ардчиллын төлөө, үйл хэргийнхээ төлөө зүтгэсэн. Энэ хугацаанд янз бүрийн л ажил хийж үзлээ. Намын эгэл жирийн гишүүнээс эхлээд удирдах шатны бүх албан тушаалыг хашиж үзлээ. Үнэндээ энэ бүх үүрэг хариуцлага дунд надад ямар нэгэн зав чөлөө ховор байлаа. Өнөөдрийг хүртэл маш том ачаа үүрч, үүрэг хүлээж ирлээ. Ажлаа өгөөд тодорхой хугацаа өнгөрч байна. Гэтэл энэ хугацаанд миний ачаа хөнгөрөөд байгаа зүйл одоогоор мэдэгдэхгүй байна шүү. Нөгөөтэйгүүр миний чадах зүйл юу байна. Тэр бүхнийг энэ намдаа зориулаад л явна.

-Юутай ч Ардчилсан намын асуудал дууссан гэж бодож байгаа. Шинэ намын даргатай болоод таны хэлдгээр тодорхой хугацаа өнгөрлөө. Шинэ даргын бодлого, нам доторх бүтэц зохион байгуулалтын асуудал яагаад чимээгүй байна вэ. Нөгөөтэйгүүр намын шинэчлэлийн асуудал яригдаж эхэлж байх шиг байна шүү дээ…?

-Эрх мэдэл, албан тушаалын хувьд намын дарга гэдгээрээ Лу.Гантөмөр шинэ хүн байж болно. Харин намын үйл ажиллагаа, өнгөрсөн түүхийн хувьд гэвэл энэ хүн чинь шинэ хүн биш шүү дээ. Тэр намын бүхий л шатанд ажиллаж үзсэн, УИХ, Засгийн газрын гишүүн байж үзсэн хүн. Үүрэг хариуцлага хүлээж явсан улсуудын л нэг. Тиймээс намын дотоод асуудлыг цоо шинэ хүний нүдээр хараагүй болов уу л гэж ойлгож байгаа. Угаасаа л энэ дотроо байсан хүн. Мэдээж шинэ удирдлага, шинэ үүрэг хариуцлага хүлээж авсан хүний хувьд өөрийн гэсэн баг бүрэлдэхүүнтэй байгаа л байх. Өөрийн гэсэн бодлого, зорилго чиглэл байгаа л байх

Тэр утгаараа удахгүй намын бүтэц, шинэчлэлт, зохион байгуулалтын асуудлыг эхлүүлэх байх гэж харж байгаа. Үүнд нь миний хувьд мэдэх зүйлээ зөвлөнө. Мэдэхгүй юманд оролцоод яваад байхгүй л дээ.

-Лу.Гантөмөр даргын саналаар зөвлөх хийж байна гэлээ. Нөгөөтэйгүүр нийгэмд таныг өөр өнцгөөр харах хэсэг байна. Юу гэхээр С.Эрдэнэ ямар тохиролцоонд хүрсний дүнд олон жил хэл ам болсон намын даргын суудлаа Лу.Гантөмөрт өгөв гэж. Та энэ асуултад байр сууриа өмнө нь албан ёсоор хэлээгүй байх аа. Одоо танаас асуухад та ямар тохиролцоонд хүрсэн юм бэ. Яагаад намын даргын суудлаа өгөхөөр шийдэв?

-Нуулгүй хэлэхэд Ардчилсан намын эв нэгдлийг хүний өөрийн гэлтгүй бүгд л маш их хүсч байсан. Ардчилсан нам нэгдээд сөрөг хүчнийхээ үүргийг бодитой биелүүлээд босоод ирээсэй. Ингэвэл нийгэмд эрүүл саруул дуу хоолой гарч ирнэ. Өөрчлөлт шинэчлэлтийн хөрс суурь дахиад сэргэх юм байна гэсэн хүсэлтэй олон мянган хүн байсан. Иргэдийн дунд ч гэсэн ийм хүлээлт их байсан болов уу. Нөгөөтэйгүүр эцэс төгсгөлгүй Ардчилсан намын дотоод маргаан нь эрх баригчдад болон бусад улс төрийн хүчнүүдэд улс төрийн хувьд маш том боломж, нөхцөл байдлыг бий болгож өгөөд байсан. Тиймээс л үүнийг больё. Дотоод маргааныг зөв ч бай, буруу ч бай нэн даруй зогсооё. Эхлээд дотоод маргаанаа зогсоож байж учрыг нь олъё гэдэг ийм л шийдвэрийн үндсэн дээр тамгаа өгсөн. Түүнээс янз бүрийн тохироо, хэлэлцээр хийсэн асуудал огт биш. Өөрөөр хэлбэл бидний маргаанаар тоглоом хийж, янз бүрийн эрх ашиг, сонирхол давамгайлж идэвхтэй гарч ирж байсан учраас үүнийг нэн даруй зогсооё гэдэг зорилгоор нэгдсэн гэсэн үг.

-Зарим хүмүүс таныг албан тушаалын төлөө тохиролцоо хийсэн гэж яриад байна л даа. Ийм зүйл байхгүй юу?

-Албан тушаал, хэрэг дээр наймаалцдаг, тохиролцдог хүн нь би биш. Намайг мэдэх хүмүүс нь бүгд мэддэг л байх. Энэ миний хатуу зарчим шүү.

-Лу.Гантөмөр даргыг Боловсролын зээлийн сангаас хүүхдэдээ зээл гаргуулсан гэж шуугилаа. Ингээд нийгэмд Ардчилсан намын даргын асуудал дахиад яригдаж эхлээд байна л даа. Та намын даргын зөвлөхийн хувьд энэ асуудалд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Лу.Гантөмөрийг Боловсролын зээлийн сантай нэр холбогдоход Ардчилсан намын шинэ дарга гэдэг утгаар нь нийгэмд харлуулах зохион байгуулалттай маш том баг гарч ажилласан нь тодорхой харагдаж байгаа юм. Нөгөөтэйгүүр Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар шударга үнэний төлөө дуугарч байгаа нэг хэсэг байна. Үүнийг би үгүйсгэхгүй. Үнэхээр бусдын боломжийг хулгайлсан, эрх мэдэл албан тушаалаа ашигласан гэх зэрэг асуудал байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ үүнийг маш анхааралтай харвал шударга дуу хоолойгоор асуудлыг яриад байна гэхээсээ илүү улс төрийн нүүдэл яваад байна уу даа л гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл улс төрийн зорилготой шатрын нүүдэл хийгдээд байна гэсэн үг. Товчхондоо дахиад л Ардчилсан намыг удирдлагагүй болгох, дахиад л дотоодод нь хагалах, бутлах гэсэн улс төрийн зорилгоор нүүдэл хийгдэж байна. Ялангуяа сонгууль хаяанд ирчихсэн цаг үед энэ зорилго нь илүү тодорхой харагдаад байгаа юм.

-Ер нь таны хувьд Боловсролын зээлийн сангийн асуудлыг юу гэж ойлгож байна вэ. Хувь улстөрчийнхөө үүднээс гэвэл…?

-Тэр битгий хэл эрх барьж байгаа намын гишүүд улаан цагаандаа гарчихсан энэ асуудлыг ярьж байна. Эцсийн дүндээ шүүхээс хэн нэгнийг гэм буруутай эсэхийг тогтоогоогүй бол хэнийг ч буруутан гэж үзэх ёсгүй. Тухайлбал, Лу.Гантөмөрийн хувьд ямар гэмт хэрэг хийчихсэн болохоороо бусдын хэлээд байгаа шиг Ардчилсан намын даргын суудлаа өгөх хэмжээнд яригдах ёстой юм. Үнэхээр шүүхээс энэ хүнд хариуцлага тооцох шийдвэр гаргасан бол энэ асуудлыг ярьж болох. Гэтэл тийм зүйл одоогоор алга байна. Нөгөөтэйгүүр зээл гэдэг бол гэмт хэрэг огт биш. Зориулалтын дагуу зээл авах нь зах зээлийн байдаг л энгийн харилцаа. Бидний зорьж яваа хүмүүнлэг, иргэний нийгэмд байдаг л санхүүгийн хэрэгцээ. Мэдээж бусдын боломжийг хулгайлах, эрх мэдэл албан тушаалаа ашиглах зэрэг нь гэмт хэрэг. Гэхдээ үүнийг эцсийн үр дүндээ нотлох баримтаар л тогтооно. Боловсролын зээлийн сангаас авсан нийт зээлийн 90 гаруй хувийг эрх баригчид өөрсдөө хамаарал бүхий этгээддээ олгочихсон юм билээ. Гэтэл Ардчилсан намын тухайд гэвэл энэ зээлийн дөрвөн хувь ч гэдэг юм уу үсрээд зургаан хувьд л зээл олгогдсон гэсэн тоон үзүүлэлт байна лээ. Энэ утгаараа сангуудын зээлийг харахад үнэхээр иргэдийн бухимдаад байгаа шиг эрх мэдэлд ойр албан тушаалтнууд нь өөрсдийн хамаарал бүхий этгээддээ олгочихсон байгаа байхгүй юу. Үнэхээр эдгээр сангуудыг гомдмоор тоночихсон, дээрэмдчихсэн, хулгайлчихсан л байна. Би хэллээ. Хэн хамгийн их тоноод, хулгайлаад байгаа. Тэгээд эцэстээ хэн хариуцлага хүлээж байгаа юм. 2020 онд ЖДҮ сангаас эрх баригчдын ихэнх нь хулгай хийгээ биз дээ. Эдгээр хулгай хийсэн нөхдийг дахин намаас нэр дэвшүүлэхгүй гэдгээ хэлсэн атлаа өнөөдөр ихэнх нь буцаад ороод ирсэн л байгаа байхгүй юу. Ийм шударга бус байж болохгүй. Тоносон, дээрэмдсэн, хулгайлсан үйлдэл, үйл ажиллагаа нь ил тод байхад хариуцлага хүлээх битгий хэл өмнөхөөсөө өндөр албан тушаал хашаад л явж байна. Тэгээд хэн яг хариуцлага хүлээчихээд байна. Би үүнийг их гайхдаг.

-Сангуудыг ил тод болгосон. Сангаас зээл авсан албан тушаалтан ховор болсон. Таны нэр ч Нийгмийн даатгалын даатгалын сантай холбогдсон. Таныг хамаарал бүхий этгээддээ 4.1 тэрбум төгрөг гаргуулж өгсөн гэдэг зүйлийг ярьж байна…?

-Нийгмийн даатгалын сан биш л дээ. Хамаарал бүхий компани гэдэг нь манай ээжийн амралтын газрыг яриад байгаа юм. Тэр ахмадын амралтын газар нь Нийгмийн даатгалын сангаас биш Халамжийн сангаас буюу төрөөс зохих ёсныхоо төлбөрийг авдаг. Манайхан сангуудаа хооронд нь хольж их ярьж байна. Яг ямар сан ямар зориулалттай, ямар нь зээл гаргадаг эсэхийг ойлгохгүй байна. Нийгмийн даатгалын сангаас ерөөсөө таван сан л байдаг. Тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэл ослын, эрүүл мэндийн сан гэсэн таван төрөлтэй. Энэ таван сан таван чиглэлээр л санхүүжилтээ олгодог. Гэтэл манайхан тэр тэдэн тэрбумыг авчээ гэж их ярьж байна. Угтаа асуудал мөнгөн дүндээ биш. Таван зуун мянга эсвэл таван тэрбум төгрөг авсан ч байж болно. Гол нь зориулалтын дагуу, хуулийн дагуу авсан уу л гэдэг асуудал байгаа.

-Тантай хамааруулж яриад байгаа асуудал нь ямар учиртай юм бэ?

-Манай хамаарал бүхий гэж яриад байгаа “Их тамир” гээд амралт Хандгайтад байдаг. Нэг ээлждээ зургаан зуу гаруй ахмад хүлээн авах хүчин чадалтай. Энэ амралтыг мэдэхгүй ахмадууд гэж байхгүй. Ер нь ахмадууд амралт сонгохоороо Их тамирыг сонгодог юм билээ. Байгуулагдаад 23 жилийн түүхийг өнгөрүүлж байна. Яагаад үүнийг надтай холбоод байгаа вэ гэж асуулаа. Ийм учиртай. Жил бүрийн хоёрдугаар сард багтаагаад тендер зарладаг. Ахмадын хуультай. Энэ хуулиар ахмадууд жилд хоёр удаа улсаас хөнгөлөлттэй амралт, сувилалд хэвтэх эрхтэй. Сувилалд хэвтвэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт нь олгогдоно. Амралтын хөнгөлөлтийг Халамжийн сангаас олгодог. Тэр утгаараа тендерийн болзолд тэнцсэн амралтын газрууд халамжийн байгууллагатай гэрээ хийгээд тухайн жилдээ ахмадуудад үйлчлэх эрхээ авдаг. Ингээд нэг ахмад хоногийн гучин мянган төгрөгөөр үйлчилгээгээ авдаг. Үүний хорин мянгыг улсаас хөнгөлөлт гэж олгодог. Тэгээд л тухайн амралтын газар хэдэн ахмадад үйлчилсэн байна, тэр тоогоороо улсаас авах ёстой төлбөрөө авдаг гэсэн үг. Үүнийг л надтай хамааруулж, би тийшээ санхүүжилт олгочихсон юм шиг яриад байгаа нь утгагүй. Надтай надгүй ажил хийсэн л бол хөлс, өртгөө улсаас гаргуулж авна. Үүнд миний оролцоо болоод хуулийн зөрчил огт байхгүй. Хэрвээ тийм зүйл байвал гаргаад ир гэж би хэлж байгаа. Нөгөөтэйгүүр ахмадын амралт өнөөдөр ямар ч ашиггүй. Гэхдээ миний ээж энэ амралтын газрыг хорь гаруй жил ажиллууллаа. Өөрөө өдгөө ная хүрч яваа ахмад хүн. Тиймээс хэдэн ахмадуудаа энэ газарт цуглуулж, алжаал ядаргааг нь тайлчих юмсан гэсэн сэтгэлээр мөн тухайн амралтын газарт ажиллаж байгаа хүмүүсийн амьжиргааг нь таслахгүй юмсан гэсэн итгэлээр л өдийг болтол хандаж ирсэн хүн. Ердөө ийм л зүйл байгаа шүү. Өнөөдөр үнэндээ гучин мянган төгрөгийн амралтын газар битгий хэл хоолны газар ч ховор байгаа. Гэтэл тэр амралт өдрийн гурван хоолтой, ая тухтай орчинд бүхий л зүйлээр тав тухтай үйлчилж байна. Миний хувьд улс төрд гуч гаруй жил ажиллахдаа улсын төсөвт хэзээ ч гар дүрж үзээгүй. Тийм түүх байхгүй. Харин зохион байгуулалттайгаар энэ олон сангийн аль нэг луйвар булхайн асуудалд миний нэрийг оруулчих гээд л үзээд байх шиг байна. Харамсалтай нь надад нэр холбогдох, мөнгө төгрөг авсан, идэж уусан нэг ч түүх, нэг ч сэжүүр байхгүй.

-Та сайдаар ажиллаж байхдаа Халамжийн сангаас хамаарал бүхий компани руугаа санхүүжилт хийчихсэн юм биш үү?

-Би харин хэлээд байна шүү дээ. Надад тийм зүйл огт байхгүй. Үнэхээр байгаа гэж бодож байгаа бол түүнийгээ нотолчих. Ямар нэгэн сантай, төсөв хөрөнгөтэй холбоотой асуудал байдал нотлох баримттай нь гаргаад ир. Тийм зүйл үнэхээр байхгүй. Ямар нэгэн асуудалд нэр холбогдуулах гэж хар пиар их л хийж байна. Одоо үүнийгээ больдоггүй л юм байх даа. Надаас ухаад ухаад юу ч гарч ирэхгүй шүү дээ. Сая Боловсролын зээлийн сангаас миний хүүг зээл аваад Канадын Торонтогийн их сургуульд сурсан л гэж ярьж байна. Тийм сургууль байдаг эсэхийг нь ч мэдэх юм алга. Миний хүү Канад руу хэзээ ч явж үзээгүй. Өөрөө Хятад улсад төгсөөд дараа нь МУИС-ийн Хууль зүйн ангийг төгссөн хүн. Би долоон хүүхэд өсгөж, өндийлгөсөн. Зургаан хүүхэд маань гадаад дотоодын их дээд сургууль төгссөн. Нэг ч хүүхдээ нэг ч төгрөгийн зээлээр сургаж үзээгүй. Зургаан хүүхдээ өөрийнхөө л хүч хөдөлмөрөөр сургаж, өдий зэрэгт хүргэсэн хүн. Бүгд л одоо дор бүрнээ ажил хөдөлмөр хийгээд явж байгаа. Миний зургаан хүүхдээс нэг нь ч төрд ажиллаж байгаагүй.

-Нэг нь ч төрд ажиллаж байгаагүй гэж үү. Танай нэг хүүхэд Баянгол дүүрэгт ажилладаг байсан гэж шуугьж байсан даа…?

-Манай хүргэн л Баянгол дүүрэгт ажиллаж байсан. Өөрөөр миний хүүхдүүд төрд огт ажиллаж байгаагүй. Гэтэл намайг Баянгол дүүргийг ах дүү, үр хүүхдээрээ дүүргэчихсэн мэтээр л харлуулдаг. Үнэндээ би чинь ах дүү цөөхүүлээ хүн. Эцэг эхээс хоёулхнаа байсан. Ганц дүү маань бурхан болсон. Гэтэл ийм зүйлээр хүнийг гүтгэж, харлуулдаг. Хэрвээ миний хүү Торонтод сурч байсан юм бол тухайн сургуулийн төлбөр тооцооны баримт нь хаана байна. Явсан, ирсэн баримт нь хаана байна. Үнэхээр сурч байсан бол ийм баримт үлдэнэ. Гэтэл үүнийг ил гаргаж ирэхгүй байгаа. Угаасаа байхгүй юм чинь юу гаргаж ирэх билээ дээ. Бусдын баримтуудыг ил тод дэлгээд л байгаа шүү дээ. Үнэндээ надад тийм баримт байсан бол эд нар хамгийн түрүүнд л дэлгэчихсэн байгаа шүү.

-Ер нь хууль хяналтын байгууллагад таныг шалгаж байгаа зүйл байна уу?

-Байгаа, хоёр ч асуудал бий. Энэ хоёр асуудал дөрөв дэх жил рүүгээ ороод явж л байна. Яг ямар үндэслэлтэй нь бүү мэд. Манай нөгөө Женко гэх нөхөр л хийсэн ажил. Тэр нөхрийн захиалгаар хоёр хэрэг үүсгэсэн.

-Нөгөө нийгмийн даатгалын сантай холбоотой асуудал уу?

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг банкинд байршуулсан. Улмаар уг банк нь дампуурсанд С.Эрдэнэ гэдэг хүн буруутай гэж үзэж байгаа нэг хэрэг байна. Хоёр дахь нь Дарханы үр тарианы агуулах шинээр баригдах хөрөнгийг УИХ-аар батлуулж, түүнийхээ шанд охиныхоо хувьцааг зарж авлигал авсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн. Энэ хоёр хэрэг шийдэгдэхгүй дөрөв дэх жил рүүгээ орж байна. Уг нь өнгөрсөн жил энэ хоёр хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа АТГ-аас прокурорт хүргүүлсэн байдаг. Гэвч прокурор уг асуудлыг шийдвэрлээгүй жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд намайг нэг ч дуудаагүй. Нэг ч асуугаагүй.

-Таны зүгээс хэргээ хурдан шийдвэрлүүлье. Гэм буруутай эсэхээ шүүхээр хурдан тогтоолгоё гэдэг саналаа холбогдох хууль хүчний байгууллагад гаргаж байв уу?

-Би шийдчихдэг байсан бол шийдчихмээр л байна. Санал, гомдлоо олон удаа өгсөн. Тэр битгий хэл би чамд нэг түүх ярих уу.

-Ямар түүх вэ?

-2021 онд бил үү дээ. Женко Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үе. Тэр оны гуравдугаар сарын 1-нд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд над руу утсаар залгасан. Тэгээд “Чи өргөдлөө бичээд өгөөч” гэж байна. Би олон удаа өргөдөл гомдлоо өгсөн гэж хэллээ. Тэгсэн З.Энхболд “Үгүй ээ. Чи яг одоо шинэ огноогоор бичээд өгөөдөхөөч” гэсэн. Тэгэхээр нь би хоёрдугаар сарын 24 гэдэг огноогоор өргөдлөө бичээд өглөө. Тэгсэн надад холбогдох хоёр хэргийг гуравдугаар сарын 1-ний тэр өдөр хоёулыг нь хүчингүй болгочихсон. Бүр хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн прокурорын тогтоолыг надад ирүүлсэн. Тухайн үед би буруу зүйл, хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй учраас угаасаа хэрэгсэхгүй болох ёстой хэрэг ингээд шударгаар болчихлоо л гэж санасан. Тэгээд байж байтал З.Энхболд над руу дахиад залгалаа.

-Энэ удаад юу гэж залгаж байна?

-Чи нөгөө хүнтэй ярьсан уу гэж ярьж байна. Би “Надад тэр хүнтэй чинь ярих юм байхгүй. Юугаа ярьдаг юм” гээд жаахан хэдэрлээд хариулахгүй юу. Тэгсэн “Чи нэг ярьчихаарай” гээд утсаа тасаллаа. Гэтэл үдээс хойш Х.Баттулга өөрөө над руу залгаж байна. Тэр “Юу байна хөгшөөн” гээд л өнгөгүй хоолойгоороо дуугарлаа. Би ч “Тайван байна, таны ажил төрөл давгүй юу” л гэлээ. Ерөнхийлөгч залгаж байгаа учраас та гэж хүндэтгэж ярьсан шүү. Тэгсэн өөдөөс “Миний хөгшин асуудал чинь шийдэгдчихсэн бол одоо тамга юмнуудаа хэл амгүй өгчихгүй юу даа” гэж байна. Тэгэхээр нь би уучлаарай, нэгдүгээрт би хэрэг хийгээгүй. Хоёрдугаарт, таны хийсэн гүтгэлэг, хар пиар сурталчилгаа амжилттай боллоо. Баярлалаа танд гэж хэлсэн. Нэмээд “Би тамгаа өгч чадахгүй. Би намаа гэмт хэргээр наймаалцдаг хүн биш шүү” гэсэн. Гэтэл тэр нөхөр утсаа шууд тасалчихсан. Ингээд байж байтал юу болсон гээч. Долоо хоногийн дараа нөгөө хоёр хэргээ сэргээчихвэл яах вэ. Тэгэхээр нь би тухайн үед хэвлэлийн хурал хийсэн шүү дээ. Монголд хуулийн хонгил байдаг гэдэг нь үнэн юм байна. Тэр хонгилоор нь би чирэгдэж байгаад гарч ирлээ гэж хэлсэн. Женко гэдэг нөхөр ийм л хүн.

-Ярианыхаа төгсгөлд танаас цаг үеийн асуудлаар асууя. ҮХНӨ-ийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Ерөнхийдөө гишүүдийн тоог 126 болгохоор тогтож байх шиг байна. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зүй ёсны шаардлага бий юу гэвэл бий. Тэр бүү хэл улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн хүрээнд үүсчихсэн олон асуудлыг ҮХНӨ-өөр зохицуулах шаардлага байна. Наад зах нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн өөрчлөлтийг Үндсэн хуулиар хийх ёстой. Энэ олон зах замбараагүй сум, хороодыг цэгцлэх цаг болсон байна. Төрийн данхайсан ачаа үүргийг аль болох багасгах шаардлагатай. Гэтэл зөвхөн гишүүдийн тоог нэмэх асуудлаар ҮХӨ-ийг хийж байгаа нь хэр зөв зохистой үйлдэл вэ. Би бол буруу л гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл 152 болгох асуудлыг эсэргүүцээд байгаа иргэдийн саналтай нэг байна. Харин тогтолцооны өөрчлөлт зайлшгүй хийх ёстой гэж үздэг. Сонгуулийн насны нийт иргэдийн дөч гаруйхан хувийн саналаар парламентын ерэн хувийг эзэлж болохгүй. Энэ бол тогтолцооны том гажиг. Сонгуулийн хуулийн гажиг гэх юм уу даа. Үүнийг өөрчилнө гэж байгааг би дэмжиж байгаа. Монгол Улсад хамгийн тохиромжтой сонгуулийн тогтолцоо бол холимог систем. Үүнтэй санал нэг байна. Харин тооны хувьд 152 гэдэг арай л нүсэр санагдаж байна. Өнөөгийн 76 гишүүн чинь энэ саарал ордондоо багтаж шингэх гэж чамгүй маргаан, хэл ам болж байна. Гэтэл хоёр дахин нэмчихээр юу болох юм. Нэгэнт тогтолцоогоо өөрчилж байгаа бол тоонд өөрчлөлт оруулах нь болохгүй ч зүйл байхгүй л дээ. Гэхдээ тэрийгээ судалгаатай үр дүнтэйгээр өөрчлөх шаардлагатай.

-Таны хувьд ирэх сонгуулиар нэр дэвших үү. УИХ-д дахин орж ирэх бодол байна уу?

-Нам намайг өрсөлдөх боломжтой гэж үзээд нэр дэвшүүлбэл миний хувьд айгаад ч юм уу, хойш суугаад байх зүйл огт байхгүй. Улс орныхоо төлөө хийж бүтээе гэсэн сэтгэл зүрх надад хэн хүнээс илүү байгаа. Үүнийгээ зориулаад л явна. Харин одоохондоо таны хэрэг алга байна гэж шийдвэл улайраад зүтгээд байх хүн би биш л дээ. Би Монголын парламентад гурван удаа сонгогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа УИХ, Засгийн газрын 300 орчим шийдвэр тогтоол гаргахад нь оролцсон юм билээ. Бие дааж болон нөхөдтэйгөө хамт 70 гаруй хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн барьсан байна. Үүнээс 40 гаруй хууль нь батлагдаад хэрэгжиж байгаа. Энэ утгаараа УИХ-ын гишүүнийхээ үндсэн үүргийг өөрийнхөө хэмжээнд хангалттай хийж ирсэн юм болов уу гэж боддог. Тэртээ тэргүй сонгогчид С.Эрдэнэ гэдэг хүн гишүүн байхдаа юу хийж байсан бэ гэдгийг мэднэ. Хүн ер нь шударга царай гаргаад олон л юм ярьдаг. Гэхдээ үгүй юм аа. Хүн эцсийн дүндээ байгаагаараа л байх ёстой. Чаддаг зүйлээ чаддагаар нь харуулаад явах хэрэгтэй. Чадахгүй зүйлээ хийх гэж чаддаг нэгэндээ шавар болж явах ёсгүй юм.

Categories
их-уншсан танайд-өнжье эдийн-засаг

Улстөрчид нь эх орноо тонодоггүй байсан бол Монгол Улс Азийн хүчирхэг гүрэн болж сэргэх байв DNN.mn

Өнөөдөр монголчууд бүгдээрээ юу ярьж байна гээч. Цалин, тэтгэврээ нэмүүлэх талаар л ярьж байна. УИХ-ын гишүүн тойрогтоо очиж сонгогчидтойгоо уулзахад бүгд “цалин, тэтгэвэр нэмж өгөөч” гэж гуйдаг гэнэ. Аргагүй юм, валютын ханшийн өсөлтөөс болоод төгрөгөөр бараа худалдаж авч дийлэхээ больсон. Авч байгаа цалин, тэтгэвэр нь хаанаа ч хүрдэггүй болохоор ингэж нэхэхээс өөр яахав. Бид хамгийн үнэтэй шатахуун хэрэглэдэг. Мах нэг кг нь 25 000 төгрөг хүрсэн учраас авч чадахгүй байгаа гээд тоочих юм бол өрөвдөлтэй л дүр зураг тодорно. Ядуурлын түвшин 30 орчим хувь байгаа нь гурван хүний нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг. Орлого нь тасалдах, эсвэл төрөөс олгож буй хүүхдийн мөнгө болон бусад тэтгэмж зогсоход ядуу иргэдийн тоо огцом нэмэгдэнэ. Үүнээс харахад монголчуудын дийлэнх нь өдөр тутмын энгийн хэрэглээгээ хангаж чадахгүй зутруухан өдөр хоногийг аргацааж байна. Цалин тэтгэврийг сайндаа л нэг хоёр зуун мянгаар нэмдэг. Нэмснээсээ эсэн юм болж, инфляци хөөрч, үнэ өснө. Ийм л ядуугийн зовлонт тойргоосоо гарч чадахгүй амьдрал үргэлжилсээр. Уг нь бид жаргалтай, элбэг дэлбэг амьдарч байх боломж дүүрэн байсан юм билээ. Үүний баталгаа нь сүүлийн үед илэрч байгаа асар их хулгай дээрмээс харагдаж байна.

Сүүлийн 30 жил монгол төрийн толгойд гарсан бүхий л улстөрчид, УИХ-ын гишүүд, намын дарга нар нийлсэн 300 гаруй хүн хэн нь хэнийгээ гэлтгүй эх орноо уралдан тоножээ. Хамгийн сүүлийн үеийн ичгүүртэй жишээнүүдээс хүргэе.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн бага хүүтэй зээлээс УИХ-ын 49 гишүүн өөрөө болон хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан зээл авсан нь баригдсан. Гишүүдээс гадна сайдууд, агентлаг, газрын дарга нар гээд сэтэр зүүсэн бүхэн шунан дайрч, зээл авсан байдаг. Уг нь бол бизнес эрхэлдэг жирийн иргэдийг жижиг дунд үйлдвэрлэлээ босгож хөгжүүл гээд төрөөс бага хүүтэй өгдөг зээл юм. Гэтэл эрх мэдэлтнүүд нь өмнүүр нь дайрч ороод авчихсан төдийгүй банкинд хадгалуулаад, хүүг нь идэж байсан нь илчлэгдсэн. Хэрэв ЖДҮ-ийн хэдэн зуун тэрбум төгрөг тухайн цагтаа зорилтот хүмүүстээ хүрсэн бол манайхан өнөөдөр эсгий таавчиг, түлхүүрийн оосроос арай өөр түвшний үйлдвэрлэл явуулдаг болсон байх нь тодорхой.

2011 онд байгуулагдсан Хөгжлийн банк нь улс орны хөгжилд нэмэр болохуйц томхон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой байв. 2021 оны арваннэгдүгээр сард Монголбанкнаас Хөгжлийн банк энэ чиг үүргээ хэрэгжүүлж байна уу гэсэн үнэлгээ хийхэд нийт багцын 3.2 их наяд төгрөгийн 55 хувь нь эрсдэлтэй гэж гарсан. Бүр нэг жилээс дээш хугацаа хэтэрсэн зээл 1.8 их наяд төгрөг хүрсэн байв. Шалгаад тодруулаад үзтэл, өнөөх л дарга нар, улстөрчид Хөгжлийн банкнаас зээл аваад арилж өгчээ. Юун том төсөл хөтөлбөр санхүүжүүлэх, улстөрчид хувьдаа хүртэл зээл авсан нь нэр устайгаа зарлагдсан. Хөгжлийн банктай холбоотой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдтэй холбоотой шүүх хурал өнөөдрийн байдлаар 36 дахь өдрөө үргэлжилж байна. Хөгжлийн банкны 1.8 их наядын чанаргүй зээлийг зарлаагүй бол тэгсгээд замхрах байсан гэдэгт эргэлзэх юм алга. Энэ их мөнгийг цаг тухайд нь хэрэгтэй хүнд нь зээлсэн бол ядаж томхон үйлдвэрийн сууриуд тавигдаж, өнөөдөр нээгдэж байх байсан. Хэрэгтэй олон төсөл амилж, хүмүүс ажилгүйн, мөнгөгүйн зовлонгоос ангижрах байсан. 1.8 их наяд төгрөгийг хамгийн бага жилийн гурван хувийн хүүтэй гэж тооцоход жил жилд хүү нь л гэхэд тавь тавин тэрбумаар нь салхинд хийсгэж байжээ.

Нүүрсний хулгай. Манай гол экспортын нэг коксжих нүүрсний хулгай 40 их наядаар яригдаж байна. Хулгайчид нь УИХ-ын гишүүд, улстөрчид, сайд дарга нар. Нүүрс хариуцсан төрийн өмчийн компанийн дарга нь ах дүүстэйгээ нийлж, хулгайлсан мөнгөөрөө хаус хороолол барьж, хүнтэй дуугарахаа больтлоо амьдралаас тасарсан гэдэг. Бас болоогүй нэг хурган дарга нүүрснээс хулгайлсан мөнгөөрөө гадаадад үнэтэй хороолол барьсан ч дуулдсан. Хулгайлсан мөнгөө дийлэнхдээ гадны банкинд байршуулсан нь тогтоогдож байна. Нүүрсний хулгай тойрсон дуулиант хэргийг хууль хяналтынхан шалгаж байгаа ч УИХ-аас зохион байгуулах нүүрсний сонсгол таг чиг алга болсон.

Сангуудын хулгай. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн мэдээлэл ор тас алга болсон талаар цуурч байна. Эрүүл мэндийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан гээд улстөрчдийн хулгай хийгээгүй сан гэж алга. Боловсролын зээлийн санд л гэхэд эргэн төлөгдөөгүй 190 тэрбум төгрөгийн өр зээл байна. Хэн ч үүнийг төл гэж шахсангүй, нөгөөдүүл ч төлөх сэтгэл байсангүй. Дотоодын их сургуулийн сургалтын төлбөрөө зээлээр авч, буцааж төлөхдөө санаандгүй 100 төгрөг үлдээхэд өдөр шөнөгүй төлөхийг шаардан “зээлийн хар түүхэнд оруулна” гэж дарамталдаг энэ сангийнхан 190 тэрбум төгрөгийг болохоор тоох ч үгүй орхисон байдаг нь гомдмоор юм шүү. Хэрэв энэхүү 190 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн төлсөн бол Монголд хэрэгтэй мэргэжлээр гадаадын их, дээд сургуульд чамгүй олон хүүхэд суралцаад ирэх боломж байв. Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авагсад бас л дарга нар, улстөрчид. Өөрсдөө ч сураад, ах дүү, үр хүүхдүүдээ ч үргэлжүүлэн сургадаг байсан нь илэрсэн. Айлын найран дээр салбарын сайд нь “Нэг хүүхдийг нь чинь Боловсролын зээлийн сангаар сургаж өгье” гэж амалтлаа тонуулсан сан.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн адгийн зүйл бол эх орноо тонон дээрэмдэх явдал гэдэг. Гэтэл манай улстөрчид 30 жил нэр төртэйгөөр эх орноо тонон дээрэмджээ. Энэ нь үе уламжлан үр хүүхэд нь залгамжлах хандлагатай болсон байна. Хэрэв эх орноосоо ингэж их хулгайлж, дээрэмдээгүй байсан бол улсын төсөв өнөөдөр 100 их наядаар хэмжигдэх хэмжээний баян орон байх байлаа гэсэн тооцоо ч гаргасан байсан.

1.5 сая хүнтэй Улаанбаатар хот өнөөдөр утаа, түгжрэл, стресс гуравтаа баглуулсан. Баруун талаараа баасны үнэртэй. Урд хэсгээрээ завсар зайгүй шавсан байшин хороололтой. Хойд, зүүн талаараа гэр хороолол нь навсайна. Хэрэв улстөрчид ард түмнийхээ сайхан амьдрах, улс орныхоо хөгжиж дэвжих боломжийг хулгайлаагүй байсан бол хот маань метротой, хэдэн сайхан үйлдвэр тойруулчихаад, жинхэнээсээ аз жаргалтай, амар амгалан налайж байхгүй юу. Атомын цахилгаан станц барьж, цахилгааны хомсдолоосоо гарчихсан ч сууж байж мэднэ. Ямартай ч цалин нэмээд өгөөч, хоолгүй хонолоо гэж гоншигнож суухгүй чинээлэг амьдарч байх байлаа.

Бидний боломжийг хулгайлсан улстөрчдийг бид өөрсдөө л сонгож гаргаж ирсэн байдаг. Өөрсдийнхөө, улс орныхоо ирээдүйг бодохоосоо илүү өнөөдрийн тав арван төгрөгөөр сонголтоо худалдахгүй, жаахан хэрсүү хандсан бол хулгай хийдэггүй, зөв хүмүүсийг сонгох боломж байсан юм. Суманд очсон нэр дэвшигчээс “ажлын байр нэмж өг гэхийн оронд клуб бариад өг” гэж гуйдаг, өмнөх сонгуулийн амлалтыг нь биелсэн үү гэж нэхэхийн оронд гарын бэлэг харж суудаг сонгогчид маань ч бас буруутай. Ийм сонгогчдын сонгож гаргасан улстөрч бүр “одоо миний баяжих ээлж” гэж боддог. Хөгшин, залуу хоёр улстөрчийн яриа байдаг. Залуу нь хөгшин улстөрчтэйгөө уулзаад “Та нар ч сайхан юм аа, авах юмаа авчихсан. Би одоо л авахгүй бол хоцрох нь” гээд яаран одсон гэдэг. Ийм л сэтгэхүйгээр сүүлийн 30 жил ажиллажээ.

Сая Үндсэн хуулийг өөрчлөх үеэр гишүүдийн тоог 126 болгож нэмэхийг ард түмэн хамгийн их эсэргүүцсэн. Энэ их идэж, уусан, эгэл түмнийхээ боломжийг хулгайлсан улстөрчдийг харахаар ингэж дургүйцэх нь аргагүй юм гэж бодогдох. 76 дээрэмчин 126 болох нь гэж хэн хүнгүй л бодсон биз ээ.

Өнгөрсөн 30 жилд улстөрчид нь эх орноо тонодоггүй байсан бол Монгол Улс Азийн хүчирхэг гүрэн болж сэргэх байлаа.

Г.Гэндэн

Categories
их-уншсан эдийн-засаг

Л.Халтар: Б.Цогтгэрэл манай гэр бүлээс уучлалт гуйсан DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтартай ярилцлаа.


-Ойрын өдрүүдэд таны талаар янз бүрийн мэдээлэл нийгэмд цацагдах боллоо. Авлигын хэргээр шалгагдаж байгаа С.Батдөлтэй хамаатуулж байх шиг. Түүний гэрээс олдсон 7.3 тэрбум төгрөгийг таных гэв үү. Энэ үнэн үү?

-Өдөөд байна уу, сөдөөд байна уу гэдэг шиг л юм болж байна шүү (инээв). Сүүлийн үед Б.Цогтгэрэл, Ц.Бат нар манай гэр бүлийн нэр хүндэд ноцтой халдсан, олон нийтийг төөрөгдүүлсэн гүтгэлгийн шинжтэй илт худал мэдээлэл тараасан. С.Батдөлийн хэрэгт миний бие болон манай гэр бүл ямар ч холбоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Хэрэв надаас уучлал гуйхгүй бол би хуулийн байгууллагад хандана гэдгээ ч мэдэгдсэн. Харин Б.Цогтгэрэл өөрийн сошиал хуудсаар дамжуулж уучлал гуйсан. Би сүүлийн хэдэн жилд Б.Цогтгэрэлийн элдэв гүтгэлгийг тэвчиж ирсэн. Одоо цаашид хязгаар гэж байхгүй гэдгийг дахиад хэлье. Над руу ирсэн дайралтуудыг харж байхад хаанаас, ямар зорилготой вэ гэдэг нь бүгд тодорхой байдаг.

-Яагаад тан руу ингэж дайрах болов. Ард нь хэн байгаа гэж?

-Хэзээ нэг өдөр энэ асуудлыг үнэн мөнөөр нь гаргаад ярих цаг ирж магадгүй л юм. Гэхдээ улс маань төртэй, хуультай юм болохоор хууль хяналтын байгууллага үнэн мөнийг тогтоож нэг талд нь гаргана гэдэгт итгэж байгаа. Тиймээс одоохондоо чимээгүй байя.

-Та сая Б.Цогтгэрэлд гүтгүүлсээр ирсэн гэлээ. Яагаад өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагад хандаагүй юм бэ?

-УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн хэрэгтэй холбоотой миний бие болон манай гэр бүл хуулийн байгууллагад шалгагдаагүй. Дээр хэлсэнчилэн энэ хэрэгт ямар ч холбоогүй. Нэгэнт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаа нь явж байсан учраас хууль хяналтын байгууллага үнэнийг тогтоон олон нийтэд бодит байдлыг мэдээлэх хүртэл хүлээцтэй хандсаар ирсэн юм.

-С.Батдөлийг орон нутгаас төмөр замд авчирсан хүн нь та юм биш үү?

-Арай өөр хүн байх аа даа. Энэ асуултад УБТЗ-ын удирдлагууд хамгийн сайн хариулах байх шүү. Та нар маань бас судлаад үзээрэй. Миний бие 2018 оны наймдугаар сард төмөр замаас ЗТХЯ-нд ирсэн. Тэгэхэд энэ залуу бодвол Дархан өртөөнд ажиллаж байсан байх. Би үнэндээ энэ залууг мэдэхгүй. Сүүлд Засгийн газрын гишүүн болоод ажиллаж байх үедээ яаман дээр төмөр замын ачаа тээвэр, чингэлгийн асуудлаар хариуцсан албаныхантай хуралдахад түүнийг нэг удаа л харсан юм билээ. Ер нь би энэ яамны хаалгаар орж ирчихээд хамт олондоо гурван зүйл амласан. Нэгдүгээрт, би тендертэй орооцолдохгүй. Хоёрдугаарт, танил тал, хамаатан садан төрлөөсөө нэг ч хүнийг харьяа байгууллагуудад шахахгүй. Гуравдугаарт, янз бүрийн бараа материал шахдаг зүйлд оролцохгүй. Харин ажлаар шахаж магадгүй шүү гэж хэлж байв. Би 2020 оны долдугаар сард Засгийн газрын гишүүнээр томилогдсоныхоо дараа болон өнгөрсөн жил С.Бямбацогт сайдад ажлаа хүлээлгэж өгөхдөө ч бас үүнийгээ хэлсэн. Хамт олон маань алга ташиж байсан. Бодвол Л.Халтар гэдэг хүн энэ зарчмаасаа үнэхээр хазайгаагүй шүү гэдгийг илэрхийлсэн юм болов уу даа.

-С.Батдөлийн өмнө ажиллаж байсан газрын даргыг таны гэр бүлийн хүнтэй холбож мэдээлээд байгаа шүү дээ. Та тэр хүнтэй таагүй харилцаатай байсан юм уу?

-Намайг УБТЗ-д ажиллаж байхад Батмөнх гэдэг залуу тэр албан тушаалыг хашиж байсан. Дараа нь төмөр замын шинэ дарга томилогдож очоод нэлээд олон хүнийг ажлаас нь чөлөөлсөн юм билээ. Тэр чөлөөлөгдсөн хүмүүс дотор Батмөнх байсан гэдгийг би бүр сүүлд нь мэдсэн. Түүнтэй миний бие болон манай гэр бүлийн хүн ямар нэгэн хувийн харилцаа байхгүй.

Нийгэмд Л.Халтар гэдэг хүнийг яаж ч харлуулж, гүтгэж болно. Төрийн удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүст түгээмэл тохиолддог зовлон энэ. Харин миний гэр бүлийн нэр хүндийг гутаан доромжлохыг зөвшөөрөхгүй. Худал хуурмаг мэдээлэл цацагдангуут нийгэм Л.Халтар гэж ёстой бүтэхгүй нөхөр байна гэсэн ойлголтыг авдаг байх. Тэр дундаа мэдээллийг байгаагаар нь хүлээж авдаг масс илүү итгэнэ. Харин намайг хамгийн сайн ойлгох, мэдэх хүмүүс бол төмөр замын салбарынхан. Би 30 жил энэ салбарт ажилласан хүн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд миний барьж ирсэн зарчмыг бүгд мэднэ. Тиймээс унаган хамт олон бол намайг юу юугүй ийм асуудал гаргахгүй гэдгийг нэлээд сайн гадарлаж байгаа. Нөгөө талаар би бол ханцуйдаа залбирч явдаг, буддын шашинтай гэдгээ хаана ч нуудаггүй. Буддын шашны гол зорилго нь хүн амар амгалан байхын асуудал. Ингэхийн тулд хүнд ямар нэгэн хэмжээгээр бодь сэтгэл төрж байх ёстой. Ихэнх хүмүүс миний тухай худал мэдээлэл цацагдахад түүнд итгэж ална, тална гэдэг байх. Харин миний баримталдаг зарчим бол мэдээлж байгаа шиг биш. Тэгэхээр өөрийнхөө барьдаг зарчимдаа итгэл төгс явах юм шүү гэж. Тиймээс би нэлээд олон асуудалд дуугүй өнгөрөөх тал байдаг.

-Та бол төмөр замын салбарт насаараа ажилласан хүн. Удирдах албан тушаал ч хашиж байсан. Энэ салбар асар их мөнгөний уурхай болчихсон газар уу. Хурган даргын гэрээс 7.3 тэрбум төгрөг гарч ирлээ шүү дээ?

-Чойроос нэг хэсэг нүүрс их ачигдсан даа. Одоо ч бас ачигдаж л байгаа юм билээ. Үүнтэй холбоотой хээл хахуулийн асуудал нэлээд газар авчээ гэж харсан. Тухайн үед ганц нэг улс иймэрхүү зүйлийн талаар ярьж эхлэхэд би төмөр замын удирдлагуудыг дуудаж байгаад анхааруулж байсан. “Ийм асуудал дуулдаж байна шүү, дотоод хяналтаа сайн ажиллуулаарай. Шаардлагатай гэвэл цагдаагийн байгууллагад хандаарай. Бүр шаардлагатай гэвэл АТГ-т хандаарай” гэдэг асуудлыг нэг бус удаа хэлж байсан.

-О.Цогтгэрэл, Ц.Бат нарын бичилцсэнээс харахад таныг чингэлгийн тээврээс босгосон мөнгөө С.Батдөлд хадгалуулсан гэсэн байна лээ. Цар тахлын үед таныг өөрийн хамаарал бүхий компанидаа давуу байдал олгохын тулд чингэлэг тээвэр зохион байгууллаа гэдэг хэл ам тасардаггүй байсан?

-Дахин хэлье. Нэгдүгээрт, надад С.Батдөл гэдэг залуутай холбогдох буюу холбоотой өчүүхэн ч юм алга. Хоёрдугаарт, тэдний хардаад байгаа чингэлгийн тээврээс авлига авсан зүйл огтхон ч байхгүй. Монголчууд юмыг амархан мартах юм даа. Ковидын хоёр жилд ямар хүнд нөхцөлд байсан билээ дээ. Хэдэн галт тэрэг л хоёр улсын хил рүү орж гардаг. Хааяа онгоц нисдэг байлаа. Автозам, боомт бүх юм нь хаалттай байсан дүр зураг ганцхан Монголд биш, дэлхий дахинд нүүрлэсэн. Тэр үед хүний харилцаа үүсгэхгүйгээр тээвэр яаж явуулах вэ гэдэг дээр ГХЯ, Бээжин дэх манай ЭСЯ, Эрээн, Хөххотод байгаа Консулын газраар дамжуулаад Хятадын талын тавьсан саналын дагуу дундын бүсэд талбай байгуулсан. Үдээс өмнө хятадууд чингэлгээ оруулж ирээд ариутгачихаад бүгд буцаад гараад явчихна. Тэгэнгүүт Монголын тал нь чингэлгээ татаж аваад ариутгал хийгээд гараад явна. Манайх хоосон чингэлгээ буулгангуут маргааш нь хятадууд ачаатай чингэлгээ буулгачихаад ариутгал халдваргүйжүүлэлт хийчихээд хоосныгоо аваад гараад явдаг. Хятадын талаас ийм байдлаар чингэлэг тээвэр явуулна гэсэн шаардлага тавьсны улмаас бид энэ асуудлыг Засгийн газар дээр нэлээд ярьж байж шийдсэн. Л.Халтар гэдэг хүн ганцаараа ярьсан шийдэл биш. Тухайн үед Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүртэл “Хэдийгээр хязгаарлагдмал ч гэсэн бид чингэлгийн тээвэр нээхээр боллоо” гэж мэдээлж байсан. Тэгээд ч Хятадын тал нь чингэлгээр явуулна гээд байхад бид үгүй заавал задгай машин явуулна гэж яаж зөрөх вэ дээ. Манайд ч нөхцөл байдал сайхан болчихоогүй байсан үе.Тэр дундаа Замын-Үүдэд ковидын тархалт хүндрэлтэй байсан. Тэнд БНХАУ-ын Консулын газар байдаг болохоор өдөр шөнөгүй нөхцөл байдлын талаар харж, мэдээлэл авч байгаа нь ойлгомжтой. Тэр үед Замын-Үүдийн тээвэр хийдэг жолооч нар дундын бүсээс Бүс нутгийн логистикийн төв хүртэл найм есөн км тээвэрлээд гаалийн бүрдүүлэлт хийдэг байв. Тэр хоорондын жолооч нарын тээвэр дээр замбараагүй үнэ гарч ирсэн. Манай жолооч нар бараг л найман саяас буудаггүй байв. Аргаа бараад бид сүүлдээ онцгой байдлынхантай ярилцаад хэдэн машин аваад жолооч нарыг нь тэнд байршуулж ажилладаг байсан. Ингэснээр дундын бүсээс Бүс нутгийн логистикийн төв хүртэл найман сая биш, 500 мянган төгрөгөөр ачаа тээвэрлэдэг болсон. Энэ хөрөнгийг нь Засгийн газар гаргаж байлаа шүү дээ. Тэгэхээр миний машин, компани гэж ямар юм байхав. Тухайн үед надаас энэ тухай асууж байсан сурвалжлагчдад би хэлж байсан. “Надад ачаа тээвэрлэдэг машин битгий хэл портертой хамаатан садан ч байна уу даа” гэж.

-Ингэхэд Б.Цогтгэрэл та хоёрын дунд ямар асуудал үүссэн юм бэ?

-Би Б.Цогтгэрэлээс 2018 онд ажлыг нь хүлээж авсан. Өөрөөр би тэр хүнд хийчихсэн муу зүйл ердөө ч байхгүй. Б.Цогтгэрэл гэдэг хүний өмнө гаргасан асуудлууд худлаа биш үнэн. Тэр нь өөр зорилготой байсан. Цаана нь ч ямар хүмүүсийн захиалга явдгийг би ерөнхийд нь гадарлаж байгаа. Тэрийг энэ удаа би хэлэхгүй өнгөрөөе.

-Тантай байнга холбогддог бас нэг асуудал бол нөгөө үйлийн үртэй Дарханы зам байна. Энэ жилдээ багтаж ашиглалтад орж амжих уу?

-Заримдаа хүнд үед “Ямар үйлийн үрээр би энэ замтай холбогдчихов оо” гэж үнэхээр бодогддог шүү. Дарханы замын ажил 2019 онд эхэлсэн. Мордохын хазгай гэдэг шиг эхнээсээ жаахан будлиантай. Тооцоололгүй явчихсан гэж хардаг. Тухайн үед би Налайхын зам дээр өдөр шөнөгүй зогсч байлаа. Гуравдугаар сард нь Ерөнхий сайд дуудаад энд ажлын хэсэг гарга гэсэн. Би тэр үед Зам, тээврийн хөгжлийн дэд сайд байсан. Аж ахуйн албанд олон жил болсон надаас ажлын туршлага харсан уу яасан энэ замыг арванэгдүгээр сар гэхэд дуусга гэсэн үүрэг өгөв. Миний хувьд 2019 оны дөрөвдүгээр сарын эхээс арваннэгдүгээр сар хүртэл амралт, баярын өдрүүдийг мэдэлгүй Налайхын замд зогссоор нэг мэдэхэд хавар, зун, намар болсон доо. Тиймээс Дарханы зам руу анхаарч чадаагүй. Тэгээд ч дээрээ сайдтай байсан хүн шүү дээ. Тухайн үед болчихно гэдэг бодлоор буруу технологиор явчихсан болов уу. Тэнд ажиллаж байсан компаниуд хариуцлагагүй ажилласан. Ялангуяа хоёр, дөрөвдүгээр багцийг сүүлд би Засгийн газрын гишүүн болоод гэрээг нь цуцалж, дахин сонгон шалгаруулалт зарлаад явсан шүү дээ. Одоо нэг үеэ бодвол амсхийгээд авсан. Ноднин аравдугаар сарын 30 гэхэд үндсэндээ иргэдээ шороогоор явуулахгүй хэмжээний болсон. Дарханы зам хийцийн хувьд хүндхэн. Монголд анх удаа аймгийн төвийг нийслэлтэй холбосон зам. Дөрвөн эгнээ, хийцийн хувьд урт зам учраас амаргүй. Хүмүүс 200-хан км зам барих гэж ямар их уддаг юм бэ гэж шүүмжилдэг. Нарийн яривал 408 км зам гэсэн үг. Жирийн орон нутагт тавьдаг замаас гурав дахин илүү хийцтэй. Орон нутагт тавьж байгаа замууд бол бутлуур чулуун суурь тавиад хучиж байгаа. Харин Дарханы зам бол 20 см-ийн зузаантай гурван үеийн цементээр тавьж индүүдээд нягтыг нь гаргана. Дахиад буталмал чулуун суурь зуурмагийн үйлдвэрт зуурч авчирч асгаж асфальт дэвсэж байгаа юм шиг 20 см-ийн зузаантай явуулна. Тэрийгээ индүүдээд дараа нь суурь хучилт, өнгө хучилт тус бүр тав, таван см тавина. Бүр нарийн тооцоод үзэх юм бол орон нутагт тавигддаг 1200 орчим км замын ажил хийгдэж байгаа. Үүнийг мэргэжлийн хүмүүс л ойлгоно. Бид ярьж байгаад дөрөвдүгээр сарын 15-наас талбайд ажиллах ёстой бүх хүнээ гаргачихсан. Ноднингийн хувьд нэлээд бороо хуртай байсан. Энэ жил бас тиймэрхүү янзтай байна. Хавар үе, үе цас орж ажил зогслоо. Сая нэлээд бороо орлоо. Зуны эхэн сарын бороо хөдөө аж ахуй газар тариаланд шар тос байдаг бол замынханд эсрэгээрээ байдаг. Бороо орж ажил зогсоно. Бороо намдсаны дараа норсон талбайгаа сэврээд эвэршүүлнэ гээд өдөр алдаж байх жишээтэй. Одоогийн байдлаар ажлын эрч дажгүй явж байна. Ямартай ч арваннэгдүгээр сар гэхэд дөрвөн урсгалаа хатуу хучилттайгаар нээнэ дээ гэсэн өөдрөг бодолтой байна.

-Дарханы зам ард түмний тэвчээрийг тасартал хүлээлгэж байна. Ингээд удаад байхаар төсөв зардал өсөхөөс эхлээд хүндрэл үүсч байна уу?

-Ямар ч байсан энэ жил шилийг нь үзчих санаатай зүтгээд л байна. Ирэх долоо хоногоос би өөрөө талбай дээр, Баруун хараад байрлаад хоёр тийшээ яваад ажиллана даа. Энэ жил цаг шахуу, нэлээд хүнд ажлууд үлдсэн. Эхний суурь хучилт таван см аа бүгдийг хучиж дуусгана. Дахиад өнгө хучилт таван см-д асуудал гарч ирж байна. Зарим хэсэгт өөр төрлийн битум хийгдэнэ. Нөгөөхийг нь ОХУ-д хийхдээ үйлдвэрээ зогсоож, зохих шугамаа сольдог гээд хүндрэл тоочоод байвал зөндөө байна.

Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны санхүүжилттэй учраас юу юугүй мөнгө нь төсвийнх шиг дуусчихлаа гээд гацаж сандаргаад байх юмгүй. Нэг хэцүү юм нь олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжиж байгаа болохоор шат дамжлага ихтэй юм. Олон төрлийн хяналтууд байна. Европын сэргээн босголтын банкны хувьд анх удаа Монголд хэрэгжүүлж байгаа дэд бүтцийн төсөл. Тиймээс европт ямар стандартаар зам барьж тавьдаг уу, ажиллаж байгаа хүмүүс нь яаж амьдардаг уу гээд тэр бүх шаардлагыг тавьдаг. Кэмп бариад ирэхээр бие засдаг газар, усанд ордог газар хаана байна гээд мөнгөө өгч байгаа газар шаардана. Манайх кэмп гэхээр хэдэн гэр л барина шүү дээ. Нэгэнт цаад тал шаардаж байгаа учраас гүйцэтгэгч биелүүлэхийн төлөө л хичээж байна. Аль юм болгон зовлон тоочоод байхав. Бид зүтгэж л байна.

-Боомтын сэргэлтийн хүрээнд автозамын нэлээд олон ажлууд хийгдэхээр харагдаж байсан. Ажил нь ямархуу байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газраас баталсан Боомтын сэргэлт гээд том ажил өрнөж байна. Энд манайхны гол ажил бол хилийн боомтуудыг төмөр зам, автозамаар холбох асуудлууд байгаа. Энэ ажлууд аятайхан явж байна. Баян-Өлгийн Цагаан нуур буюу Улаанбайшинт боомтоос Ховдын Булган хүртэл баруун хэсэгт байгаа олон улсын транзит зам ноднин хучилтаа хийж дуусгасан. Зэлтэрийн боомт Шаамараас салаад энэ жил ашиглалтад орчихно. Концессоор хэрэгжээд явж байгаа. Зүүн тийшээ Ульханы боомтын ажил ирэх жил гэхэд дуусчих болов уу. Дөрвөн багц ажил өнгөрсөн жил эхэлсэн, нэлээд сайн явж байгаа. Мөн Чойбалсан-Хавиргын боомтын 124 км замыг хатуу хучилттай болгох ажлын тендер Төрийн худалдан авах ажиллагааны газарт зарлагдсан. Одоогийн байдлаар нэг багцийн гүйцэтгэгч шалгарчихсан. Гурав нь хэл амтай, маргаан гарсан юм шиг байна лээ. Сүхбаатар аймгийн төвөөс Бичигтийн боомт хүртэл концессын зам бий. Одоогоор хараахан зарлагдаагүй байна. Таван толгойгоос Хангимандал чиглэлийн 76 км автозамын концессын ажил ирэх жилийн өдийд бараг хонх дуугарчих болов уу. Дээрээс нь Таван толгой-Цагаан дэл уулын чиглэлийн концессын зам байна. Орон нутагт жаахан маргаантай байгаа юм билээ. Тэрнээс концесс эзэмшигч нь барихад бэлэн гэдэг зүйл яригдаж байна. Үндсэндээ гол гол боомтууд маань хатуу хучилтаар холбогдоод болчихно.

-Төсөвт орсон орон нутгийн хэд хэдэн хэл амтай замууд хэзээ дуусах вэ?

-Энэ жил замуудад их засварын ажлууд нэлээд явагдаж байна. Ялангуяа Өвөрхангай аймгийн Хүйтний хөндийн 57.5 км энэ жил бүрэн дуусна. Бас л хэл амтай зам байсан. Өнгөрсөн жил гүйцэтгэгчтэй нь ажлын талбай дээр нэлээд хатуухан яриа өрнүүлсэн. Тэд амласан ёсоороо өнгөрсөн жил замаа тавиад дууссан. Одоо жижиг ажлууд нь үлдсэн. Мөн Дорнодын иргэдийг бухимдуулдаг “тамын” 50 км гэж зам бий. Энэ жил их засвар нь явагдана. Багануураас цааш Хэнтий чиглэлд замууд нэлээд эвдэрсэн. Их засварууд хийгдэнэ. Дундговь-Төв-Улаанбаатар хоорондын эвдрэлтэй замуудад их засвар орчихно. Ингээд ерөнхийдөө замын ажлууд аятай болоод явчихна.

-Төмөр замын хувьд ямар бүтээн байгуулалтууд өрнүүлэх вэ?

-Сая Таван толгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа улсын комисст авчихлаа. Таван толгойгоос Зүүнбаян чиглэлийн 416 км зам тун удахгүй улсын комисс хүлээгээд авчих болов уу. Гэрэлтүүлэг, холбооны ажлууд үлдсэн. Бусад нь бэлэн болчихсон. Энэ жил сайн шахаад санхүүжилт нь саатахгүй бол улсын наадмынхаа өмнө энэ төмөр замынхаа хонхыг дуугаргана даа. Өнөө жилдээ багтаад зүүн босоо чиглэлийн төмөр зам явчих байх. Энэ бол хамгийн өндөр үр ашигтай төсөл. Бас концессоор явуулна. Эзэмшигч компани тодорч байгаа байх. Газрын байршлын хувьд тал хээрийн бүс учраас таатай нөхцөлтэй.

-Мухар төмөр зам тавьчихлаа гэсэн шүүмж бий. Бид урд хөрш рүү олон гарцтай болж байж эдийн засгаа тэлнэ. Тэгэхээр хоёр дахь Замын-Үүд хэдийгээр нээгдэх вэ?

-Хэрэв бид Хятадын талтай хэзээ үүнийгээ тохироод хийх вэ гээд харж суусан бол Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Зүүнбаян-Хангимандал чиглэлийн төмөр замуудын аль нь ч байхгүй. Одоо энэ замуудаар тээвэр хийж байгаа. Тавантолгойгоос Гашуунсухайт, Зүүнбаян, Хангимандал чиглэл рүү галт тэрэг явж байна. Ер нь зүүн босоо чиглэлийн Бичигт-Зүүнхатавч-Хангимандал-Гашуунсухайт-Ганцмод-Шивээхүрэн-Сэхэ гэсэн дөрвөн төмөр замын хувьд хятадуудад асуудлаа тавьчихсан. Өндөр дээд хэмжээний айлчлалын үед санамж бичгээ байгуулаад үзэглэх болов уу гэсэн хүлээлттэй байна. 1956 оны нэгдүгээр сарын 3-нд Замын-Үүд-Эрээний галт тэрэгний хөдөлгөөн нээгдсэн түүхтэй. Үүнээс хойш 77 жилийн дараа дараагийн гарцууд нээгдэж эхлэх гэж байна. Ялангуяа Ганцмод-Гашуунсухайт чиглэл дээр Хятадын талынхантай санамж бичиг байгуулаад ТЭЗҮ боловсруулах ажил руугаа орчихсон явж байгаа. Хангимандал-Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн Сэхэ чиглэл дээр манай талаас Хятад руу явчихсан. Хил холболтын цэгүүдээ тохирчихсон. Одоо 1955 оныхоо Монгол Хятадын Засгийн газар хоорондын төмөр замын тухай хэлэлцээртээ дээрх дөрвөн гарцаа нэмээд өгчихвөл хүмүүсийн шүүмжилдэг мухар зам гэдгээсээ гараад явчихна гэсэн үг.

Categories
танайд-өнжье эдийн-засаг

Монголчууд төр байгуулахдаа гадаадын хэвлэл мэдээллээр заалгамааргүй байна

Олны анхаарлыг татаж буй хэд хэдэн хууль, хуулийн төслийг ойрын үед УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Тэдгээр хуулийн нэг нь УИХ-ын сонгуулийн тухай хууль. Энэ хуульд оруулах маш чухал заалт байна аа.

Орчин үеийн сонгууль тэр чигээрээ фэйсбүүк, твиттерээр явдаг болсон. Сүүлийн хэд хэдэн сонгуулийг ажиглахад сонгуультай жил, сонгуультай зун монголчууд фэйсбүүк, твиттерт сонгуулиар амьсгалж, буцалж, талцаж, муудаж, доллар төлж нэгнийгээ харлуулж, нэрээ гаргах гэж гадагшаа төгрөгөө урсгадаг ажилтай болчихсон. Гэтэл эдгээр харилцааны платформууд нь Монголын харьяаных биш. Тодруулбал, АНУ-ынх. Дэлхийн нөлөө бүхий компанийн аппликейшн төдий шүү дээ. Урьд урьдын сонгууль шиг энэ аппликейшнүүдээр монгол төрийг байгуулмааргүй байна. Өөрсдөө мэдэж, өөрсдийнхөө төрийг байгуулах асуудлаа нутаг дэвсгэр дээрээ, дотроо ярьж хэлэлцмээр байна.

Ингэж зохион байгуулах техникийн шийдэл орчин үед бүрэн байгаа. Сонгуулийн сурталчилгаа 17 хоног байхаар яригдаж байна. Энэ хугацаанд сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн хэнбугайн ч нэр, овог орсон пост, жиргээ зэргийг шууд хаадаг, хориглодог хуулийн зохицуулалтыг хийх ёстой юм. Гэхдээ үүн дээр ялгамжаатай, анхаарууштай юм бий. Шууд бүгдийг гэж туйлширч ойлгож болохгүй. “Зөвхөн нэр дэвшигчийн овог, нэрийг багтаасан пост, жиргээ, сэтгэгдэл зэргийг сонгуулийн сурталчилгааны хугацаанд бүрэн хориглоно” гэх утгатай заалт оруулахад л болоод явчихна.

Бид гадны платформ дээр улс төрийн болоод төрөө байгуулалцах чухал асуудлаа хэлэлцэх нь гэрийн асуудлаа гадны хүний дэргэд ярьж байгаатай агаар нэг. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гадны платформууд дээр тодорхой хязгаарлалтыг ингэж хийж чадвал нэгдүгээрт, монголчууд бид өөрсдөө төрөө байгуулж буй хэрэг болно. Гадаадын ямар ч оролцоогүйгээр гэсэн үг. Хоёрдугаарт, Монголд байгаа үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагуудын орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Улстөрчид 2020 оны сонгуулиас хойш сошиалд бараг нэг тэрбум төгрөгийг төлж өөрсдийгөө сурталчилсан байсан. Сонгуульгүй үед шүү дээ. Гэтэл сонгуультай жил энэ тоогоо хэд дахин нугалахыг таашгүй. Тэр их долларыг гадагшаа урсгахгүй сонгуулийн сурталчилгааны зардлаа дотооддоо шингээчихвэл хичнээн телевиз, сайт, сонин, тэдгээрийн хэдэн мянган ажилтан орлоготой болох вэ…хичнээн нь НДШ, татвар руу орж монголчуудын амь амьжиргаанд нэмэр болох билээ…гээд бод. Сонгуулиар гадагш урсдаг долларын сувгийг дотогшоогоо татсанаар үүнийг дагаад маш олон эерэг өөрчлөлт гарах нь мэдээж.

Гэхдээ энэ зохицуулалтын хамгийн гол зорилго бол монголчууд гадны оролцоо, хяналт, ажиглалтгүй өөрсдөө өөрсдийнхөө хүссэн төрөө хараат бусаар байгуулна. Хэн нэгэн гуравдагч орны хүслийн төр биш бид өөрсдөө хүссэн төрөө байгуулна. Үүнийг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд дэмжих хэрэгтэй байна. Энэ уриалга, санал санаачилгыг эрх баригчид, УИХ-ын эрхэм гишүүд дэмжих хэрэгтэй.

Твиттер,фэйсбүүк, бот, троллын арми Монголын нийгмийг яаж талцуулж, ямар ч ажлыг хялбар нурааж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшил болгоныг гутаан доромжилж, хэнийг ч хамаагүй үгээр “шон”-д өлгөж нийгмийн сэтгэлзүйг савлуулж байгааг бид өдөр бүр харж байна. Энэ бүгдийг цэгцлэх эхний алхам бол УИХ-ын сонгуулийн тухай хуульд дээрх зохицуулалтыг тусгах. Тиймээс энэ заалтад холбогдох хүмүүс нь анхаарал хандуулж, хуульд тусгаж өгнө үү. Хэвлэл мэдээллийн бусад байгууллагууд, мэргэжлийн редакциудад хандахад манай энэ нийтлэлийг дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна.

Энэ тал дээр Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Телевизүүдийн холбоо, Сайтуудын холбоод, Өдөр тутмын сонинуудын холбоо нэгдэн ажиллаж, төр засагт саналаа хүргүүлэх нь чухал байна.

Categories
нийтлэл

Улаан бич өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 7, Буд гариг. Билгийн тооллын 19, элдэв тэнгэртэн одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 4:54 цагт мандан, 20:48 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар хүүхдийн байгууллагуудын төлөөлөл, мэргэжилтнүүдтэй уулзаж санал хүсэлтийг сонслоо.

Хууль эрх зүй, бодлого үйл ажиллагааг сайжруулах, Хүүхдийн байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн хамгаалал ажиллах орчныг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлээр болон тулгамдсан асуудлын талаар хүүхдийн байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүд саналаа илэрхийлсэн.

Тухайлбал, хүүхдийн асуудалд огт хамааралгүй салбар гэж байхгүй. Тиймээс боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг салбар хоорондын оролцоо уялдааг хангах, хүүхдийн асуудал хариуцсан агентлагийн бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, хүүхдийн зуслан өдөр өнжүүлэхийн үйл ажиллагаанд анхаарах, гэр бүл хүүхэд хөгжлийн цогцолбор төв байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамж, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй талаар оролцогчид санал хэлсэн.

Уулзалтын төгсгөлд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын нийгмийн ажилтнуудыг төрийн мэргэжлийн ангилалд шилжүүлэх боломжийг судлах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтцийг өөрчилж Засгийн газрын тохируулагч агентлаг хэлбэрээр салбар дундын зохицуулалтыг хангуулах, хүүхдийн зуслангуудын хувьчлалд хөндлөнгийн аудит хийлгэх, Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд хүүхдүүдийн болон төрийн бус байгууллагын гэсэн салбар хоёр зөвлөлийг шинээр байгуулах, Хүүхдийн төлөө фондын зарцуулалтыг хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийнхэн өөрсдөө шийдэх, 2025 онд тэмдэглэх Монголын хүүхдийн байгууллагын  100 жилийн ойн бэлтгэл ажлыг одооноос хангах нь зөв гэдэг байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний чуулганыг 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран “Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх уриатай “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний чуулганыг Төрийн ордны Их танхимд хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Үндэсний чуулганд УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон ХАБЭА-н үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүрэг, хороодын төлөөлөл бүхий 800 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч, осол, эндэгдэл гаргахгүй байх арга хэлбэрийг тодорхойлох зорилготой тус чуулганаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, ажилтан болон ажил олгогчдын  үүрэг хариуцлага, санхүүжилт, олон улсын туршлага, стандарт, хяналтын талаар илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

2022 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого нийт 395 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс  хөнгөн-149, хүнд-189, нас барсан-57 тохиолдол байна. Харин 2023 оны 1-р улирлын байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого нийт 58 тохиолдол бүртгэгдсэнээс хөнгөн-17, хүнд-35, нас барсан-6 тохиолдол байгаа юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн статистик мэдээллээр 2022 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нийт 2694 хүн идэвхтэй хяналтад байна. Үүний 2170 нь эрэгтэй, 524 эмэгтэй байна. Мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих өвчний тохиолдол хамгийн өндөр буюу 1410 тохиолдол байгаа юм. Нийт тохиолдлын 73.9 хувь нь уул уурхай, олборлолтын салбарын ажиллагсад хамаарч байна. Мөн 2022 оны байдлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллагуудаар сүүлийн 3 жилийн хугацаанд  358 аж ахуйн нэгж байгууллагын 5824 ажлын байр хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд хамрагдсанаас 51% нь буюу 2970 ажлын байр стандартын шаардлага хангахгүй байна.

Иймд ажиллагсдын эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах эрхийг хангаж, ажил олгогчид, ажиллагсад өөрсдийн эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлаж урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгохын тулд ажил олгогч болон ажилтны идэвхтэй оролцоо, нийгмийн түншлэгч талуудын үр дүнтэй хамтын ажиллагаа нэн шаардлагатайг чуулганы төлөөлөгчид онцолж байв.