Categories
танайд-өнжье эдийн-засаг

Д.Ганбат: Холимог тогтолцооны үр дүнд попуудын үе дуусгавар болно DNN.mn

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Үндсэн хуулийн өөрчлөлтийн бодит үр дагаврыг та юу гэж харж байна вэ?

-Том үр дагавар авч ирэх өөрчлөлт гэж ойлгож болно. Гэхдээ эерэг, сөрөг аль ч тал руу явж магадгүй өөрчлөлтийг хийлээ. Энэхүү өөрчлөлтийн үр дагавар хаашаа эргэх нь УИХ-ын Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд яаж батлагдах, эдгээр хуулийн хэрэгжилт, журам яаж гарахаас тодорхойлогдоно.

-Тэгвэл яавал сөрөг, яавал эерэг үр дагавар гарах вэ?

-Учраа мэдэхгүй годгор хүүхнүүд, сөөсгөр залуучууд, улстөрчдийн хамаарал бүхий этгээд, “гар хөлийг” жагсаалтаар оруулбал энэ өөрчлөлт буруу тийшээ явна. Намын дарга ч гэдэг юм уу эсвэл тухайн намын удирдлагад байгаа бүлэглэлийн гарт орох аюултай. Хэрвээ ингэвэл улс оронд хор хохиролтой. Жишээлбэл, Камбожийн Пол Потын дэглэмийг энд дурдъя. Тухайн үед мэдлэг боловсролтой залуучууд нь Камбожийг авч явж байна гээд Улаан Кхмерүүдын хөдөлгөөнийхөн социалист, коммунист нийгмийг байгуулахаар гурван сая иргэнээ хядсан. Ингээд урдах амжилтаа балласан. Иймэрхүү урхагтай улстөрчдийг намын жагсаалтаар оруулаад ирэх вий. Хэрвээ ийм байдлаар явбал Үндсэн хуулийн өөрчлөлт буруу тийшээ явна.

Ард түмнийхээ шүүлтүүрээр оруулах нь чухал байгаа юм. Гурваас дээш удаа сонгогдож 20, 30 жил ордны “буг” болж суухдаа улс орныг дэлхийн энд хүртэл өөрчилж хөгжүүлж чадаагүй хүмүүсийг намын жагсаалтаар оруулах эрсдэл байгаа. Урд, хойд талдаа маш том зах зээлтэй. Хилийн маргаан ч гэдэг юм уу гадна, дотны зөрчил алга. Ийм байхад Монголын эдийн засаг нэг газартаа 10 жил цовхчлоо. Иргэд залуус эх орноосоо “дайжиж” байна. Асуудлаа шийдэж, өөрчилж чадаагүй хэрнээ Монголын төрд 20, 30 жил болчихсон нөхдийг оруулбал энэ өөрчлөлт мөн чанар, зорилго алдагдана.

Харвардад ч гэдэг юм уу, гадаад дотоодод баахан дээд сургууль нэртэй дээд сургуулийн курс төгссөн нөхөд ард түмний боломжийг яаж булааж байсан нь өнөөдөр нийгэмд ил боллоо. Үе дамжсан ийм хүмүүсийг оруулж ирвэл буруу тийшээ явна.

Харин зөвөөр хэрэгжүүлж чадвал намууд төлөвшиж, бодлогын уралдаан явуулдаг болох зэрэг том өөрчлөлт авч ирнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хоёр зүйлээс болж баталлаа. УИХ нь Засгийн газраа хянаж чадахаа байчихсан. Өнөөдөр эрх баригч намын 65 гишүүний бараг 50 нь дарга болчихсон. 22 яамтай. Энэ бол дэлхийн хаана ч байхгүй данхайсан Засгийн газрын бүтэц байхгүй юу. Түүнчлэн байнгын хорооны дарга гээд 11 хүн бий. Үүнээс гадна 20 гаруй дэд сайдтай. Тиймээс манай улс өнөөдөр парламентын засаглалтай улс биш болсон. Засгийн газар нь зориуд УИХ-ын нэр хүндийг унагаж байна. Төр засагтаа итгэх итгэлгүй болгох гадна дотны бодлого ч байна. Ард түмэн төр засагтаа итгэх итгэлгүй болно гэдэг нь улс орон эмх замбараагүй байдал руу орох, өмнөх ололт амжилтаасаа буцах урхагтай. УИХ-ыг буланд шахах оролдлого өнгөрсөн хугацаанд гарсан шүү дээ. Цөөнх гэсэн нөхдийг худалдаж аваад кноп даруулж, охин намын нөхөр оройд нь тоглож байж тэрийг хийсэн. Тэр өөрчлөлт иргэдэд хэрэгтэй байсан уу гэвэл үгүй. Засгийн газраа хянаж чадахгүй байдал руу орсон. Үндсэн хуулийн гол зорилго нь хяналт тэнцэл. Гэтэл гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглалын хяналт тэнцлийг алдагдуулсан. Өнөөдөр манайх парламентын засаглал биш нэг намын засаглал руу явж эхэлсэн. Тиймээс үүнээс хамгаалах нэг боломжийг сая Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр гаргаж ирсэн. Иймд нэгдүгээрт, хяналт тэнцэлийн зарчмыг алдагдуулсан өмнөх алдааг засах гэж Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа. Хоёрдугаарт, өнгөрсөн жилийн 32 жилийн хугацаанд намууд төлөвшсөнгүй. Нөгөөтэйгүүр хүссэн хууль, бодлогоо 76-гаар батлуулдаг болчихсон байгааг энэхүү өөрчлөлтөөр засна гэж найдаж байна. Иймээс энэ их чухал өөрчлөлт болсон. Энд хамгийн гол нь уялдаж батлагдах дараагийн хуулиуд болон хэрэгжилт нэн чухал.

-Намын жагсаалтыг та бүхний өргөн барьсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар үүнийг шийднэ биз дээ. Ер нь намын жагсаалтыг ямархуу байдлаар яаж гаргах нь оновчтой гэж харж байна вэ?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хоёр төсөл бий. Нэг нь МАН-аас Н.Энхболд нарын гишүүдийн өргөн барьсан төсөл. Нөгөөх нь АН-аас О.Цогтгэрэл бидний өргөн барьсан төсөл. Бидний өргөн барьсан төсөлд туссан 40/60 Үндсэн хуулийн өөрчлөлтөд орж батлагдсан. Сонгуулийн хуульд миний тавьж байгаа шаардлага бол намын жагсаалтаар орох 48 хүнийг сонгогчид эрэмбэлж өг гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нээлттэй жагсаалт байх ёстой гэсэн үг.

Иргэдийн итгэлийг авахааргүй хүмүүс тооноор орж ирлээ гэж шүүмжилдэг. Тэгвэл Монгол Улсын эрх ашгийг хангаж чадах төлөөллийг иргэд эрэмбэлээд өг. Буруу эрэмбэлвэл бид бүгдээрээ хохирно. Тиймээс үүнд иргэд хянамгай хандах учраас намын жагсаалтыг нээлттэй байлга гэж байгаа юм.

Холимог тогтолцооны үр дүнд нийгэмд ямар ч тусгүй попуудын үе дуусгавар болох байх гэж бодож байна. “Энэ маань ядарч байна. Халамж өгье. Ажил хийгээд яах юм бэ” гэвэл хэн ч дуртай хүлээж авна. Энэ нийгмийн тогтолцоогоор 70 жил монголчууд амьдарсан. Дэлхий нийтэд ч энэ түгээмэл байсан. Жишээ нь, ЗХУ. Тэд 100 жил ноцолдсон ч бүтээгүй. Үүний үлдэгдэл болох попчид байн байн сонгуулиар гарч ирээд байна л даа. Намаасаа орж гараад л, эсвэл бие дааж нэр дэвшээд гарчихдаг асуудал бий. Тэгвэл холимог тогтолцоог оруулснаар дэвшүүлсэн бодлого зорилтыг нь авч явж чадах нэр дэвшигчээ намууд 78 нэрсийн жагсаалтад оруулах гэж найдаж байна. Харин эрэмбэлэхийг нь ард түмэн шийдэж өгнө. Тэгвэл хэн нэгэн бүлэглэлийн гарт орохгүй гэж бодож байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хоёр тойрог нэмэгдэхээр боллоо. Хаана нэмэх вэ?

-Улаанбаатарт нэмэх байх гэж бодож байна. Монголын нийт хүн амын 50 хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Гэтэл Улаанбаатарын өнөөдрийн аж төрх ямар байгаа билээ. Түгжрэл, хөрсний бохирдол, цэцэрлэг сургуулийн хүртээмж ямар байгаа билээ. Дээд сургууль төгссөн мэргэжлийн боловсон хүчин нь гадагшаа явж хар ажил хийж байна гэхчилэнгээр асуудал бий. Хотжих процесс дэлхий дахинаа явагдаж байна. 2035 он гэхэд дэлхийн хүн амын 70-80 хувь нь хотожно гэсэн судалгаа бий. Ийм байхад урсгалын эсрэг сэлэх бодлого явцгүй л дээ. Хий дэмий мөнгө төгрөг, цаг хугацаа үрсэн ажил. Тиймээс нийслэл болон хотын тулгуур төвүүдэд анхаарч, засаг захиргааны системээ өөрчлөх хэрэгтэй. Малчдад чиглэсэн зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Махны үнэ өнөөдөр 25 мянган төгрөг байна. Бэлчээрийн мал аж ахуйг монголчууд хоёр мянган жил тээж уламжлаад өдийг хүрсэн. нэг сая 500 мянган километр газрыг эзэнтэй байлгаж байгаа хүмүүс бол малчид. Дэлхийгээс дангаарших дархлаа, үндэсний өв уламжлалаа хадгалж үлдэж байгаа нь малчид. Хэрвээ малчид байгаагүй бол бид килограмм махыг 25 мянган төгрөгөөр битгий хэл 50, 60 мянгаар л авна шүү дээ.

Бодит нөхцөл ийм байхад төр зохион байгуулалтаа хийж чадахгүй байна. Цөлжиж байна. Дэлхийн дулаарал явагдаж байна. Уул уурхайн олборлолт малчдыг бэлчээргүй болгож байна гэхчилэнгээр малчдыг шахаж байна. Энэ цаг үед зөв бодлого нэн чухал. Малчдаа дэмжсэн бодлого хэрэгтэй байна. Бэлчээрийн мал аж ахуйг зөв зохистой байлгах бодлогоо хэрэгжүүлмээр байна. Түүнээс урсгалыг сөрсөн бодлого явахгүй л дээ. Салхины урдаас шүлсээ нулимахтай адил хэрэг.

-Энэ цаг үед төсөвт тодотгол хийж цалин нэмснээр инфляци хоёр хувиар өдөөгдөнө, төгрөгийн ханш дахиад л унана гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Та төсөвт тодотгол хийх асуудалд ямар байр суурьтай байна. Цалин нэмэхгүйгээр төгрөгийн ханшаа чангаруулах гарц байна уу?

-Өнөөдөр халамж хавтгайрсныг бүгд мэдэж байгаа. Тиймээс хүнсний талон зэрэг халамжаа болих хэрэгтэй байна. Хүүхдийн мөнгө халамж уу эсвэл баялгийн хуваарилалт уу гэдгийг тодорхой болго. Нийт хүүхдүүдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргахдаа МАН “Бид хуульд өөрчлөлт оруулсан. Хүүхдийн мөнгө бол халамж” гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр баялгийн хуваарилалт гэж байх юм. Нөгөө талаар “Ирээдүй өв сан”-г Монгол Ардын нам үгүй хийсэн. Байгалийн баялаг нөхөн сэргээгддэггүй. Тиймээс үүнийг ирээдүйд үлдээх ёстой. Уг нь 2030 он хүртэл “Ирээдүй өв сан”-д гар хүрэхгүй байхаар хуульчилж байсан. Гэтэл Монгол Ардын нам хуулийг өөрчилж байгаад аваад ашиглачихлаа. Сөрөг хүчин болон ард түмний хяналт муу байгааг далимдуулж аваад “идчихлээ”. Бусад улс орон байгалийн баялгаар улсынхаа хөгжлийг дээшлүүлж чадаж байна. Тухайлбал, Норвеги. Гэтэл манайх өнөөдрөөрөө хамаг асуудалд хандаад байна.

Гэхдээ ер нь төгрөгийн ханшны уналтад нийцүүлж тэтгэвэр, цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй. Харин түрхэн хугацаанд байгалийн баялгийн үнэ өссөнтэй холбоотойгоор орж ирсэн эх үүсвэрээр шийдэх нь буруу. Энэ бол бүтээмжийн өсөлт биш.

-Тэгвэл яаж хэрэгжүүлэх нь зохистой вэ?

-Орон тооны цомхотголоо явуул. Төрийн албан хаагчдаа цомхотго. 226 мянган төрийн албан хаагч бидэнд хэрэггүй. Хэсгийн хорооны дарга нар ч гэдэг юм уу сонгуульд зориулсан хэрэгтэй хэрэггүй бүтцүүдээ боль. Хүнсний талоноо боль. Мянгат малчинд ч, хувийн машинтай хүнд ч хүнсний талон өгч байх юм. Эзнийг нь олж халамжаа өг.

Үүнээс гадна Стандартын шаардлага хангахгүй хамгийн чанар муутай эмийг иргэд маш өндөр үнээр авч байна. Ийм эмэнд иргэд баахан мөнгөө өгч байна. Цаана нь хэдэн хүн л баяжиж байна. Захын цүнх баригчин гэрээс хэдэн тэрбум төгрөг гарч байна. Алтаар хийсэн морьтой УИХ-ын гишүүн байна. Ийм зүйл нэлэнхүйдээ байна. Тэгсэн гэнэт сүүлийн нэг жилд хулгайчидтайгаа тэмцэх юм гэнэ. Баахан уриа лоозон. Ер нь уриа лоозонгоор тэмцдэггүй юм л даа. Ажил төрөл явдаггүй газарт хурал цуглаан, уриа лоозон, хөшөө дурсгал их байдаг. Сүүлийн нэг жилд уриа лоозонгоор пиардаад байна. Яг шүүхээр шийдвэрлүүлж, хариуцлага хүлээж байгаа хэрэг алга.

-Танай нам нэгдчихлээ, та ч бүлгийнхэнтэйгээ ойлголцож нэгдчих шиг боллоо. Ер нь та намынхаа ирээдүй хувь заяаг яаж харж байна?

-Ерөнхийдөө намаа нэгтгээд, даргаа дээд шүүхэд бүртгүүлээд, бүлгээ нэгтгэлээ. Би бүгдэд нь нэг алхам ухарч байж ойлголцлоо. Гурван жилийн хугацаанд ганц дайчин ганцаарддаггүй гэдэг шиг зөв зүйлийн төлөө тэрхүү байр суурь дээрээ ганцаараа зогссон. Үүний үр дүнд эргэлтийн чанартай хуулиуд, өөрчлөлтийг хийж чадаж байна. Ард түмнийхээ мандатыг авч хоёр удаа парламентад сонгогдсон гишүүний хувьд өмнө нь хийж чадаагүй зүйлүүдээ хийж чадлаа. Ярианы эхэнд хэлсэн хуулиуд батлагдсанаар намууд төлөвшинө.

Ардчилсан нам бол Монголын үнэт зүйлүүдийн нэг. АН-ыг буцаад байр суурьдаа ирж, Монголын хөгжлийг дахин зөв замд оруулах өөрчлөлтийг хийх энэ ажилд зохих хэмжээгээр би оролцоод явж байгаа.

Мэдээж хэрэг хүмүүс хооронд үзэл бодол зөрчилдөх асуудал бий. Тэр байтугай олон нийт төөрөгдсөн асуудал ч байна. Цаг хугацааны явцад төөрөгдлөөсөө гарч байна.

-Танай нам энэ цаг үед яг ямар шинэчлэлийг хийснээр илүү төлөвшсөн, илүү үзэл санаан дээрээ нэгдэнэ гэж харж байна вэ?

-Манай нам одоо зөв тал руугаа явж байна гэж харж байгаа. Ардчиллын 30 жилд хүмүүжсэн, бусад улс оронд юм үзэж нүд тайлаад ирсэн хэсэгт би их найдвар тавьж байгаа. 1980-1990-ээд оныхонд АН-үүд хаалгаа цэлийтэл нээж өгөх хэрэгтэй. Ингэж аль ч үеийнхэн ялгамжгүй оролцож байж хөгжил рүү явна.

Цаг үе, геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Нэг хүний дэглэм цаашид байх уу, үгүй юу. Бага буурай орныг том улс нь эзэрхийлж болох уу, үгүй юу гэдэгт хариулт өгөх он жилүүд хүлээж байна.

-Нүүрсний хулгайн хэрэг Монголын нийгмийг нэг хэсэгтээ л доргиосон. Өнөөдөр тэр хэрэг юу болов, сонсголыг хэзээ явуулах вэ гэдэг нь тодорхойгүй болчихлоо. Сөрөг хүчин энэ асуудал дээр ажиллаж, анхаарч байна уу?

-Даваа гаригт болсон бүлгийн хурлын үеэр би хэд хэдэн санал гаргасан. Нүүрсний хэргээр, ковидын төсвийн зарцуулалтаар, төрийн сангуудын асуудлаар нийтийн сонсгол хийх санал гаргасан. Аль нэг бүлэг санал гаргавал тэрхүү асуудлаар нийтийн сонсгол хийх хуультай. Тиймээс АН энэ хулгай, луйвартай эвлэрэхгүй. Олон нийтийг мэдэх эрхээр хангая гэж байгаа. Би саналаа гаргасан. Бүлгийн ажлын алба ажиллаж байгаа.

Categories
танайд-өнжье эдийн-засаг

Хөрөнгөтэй хүмүүсийг “сэгсэрдэг” зальжин бүсгүйчүүдийг хязгаарлах гэрлэлтийн гэрээ DNN.mn

Өмгөөлөгч Э.Энхцэцэгтэй ярилцлаа.


-Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэргүүдийг анзаарахад гэр бүл салалт, тодруулбал хөрөнгө хуваах тухай маргаан зонхилж байх шиг. Хөрөнгө хуваах талаар ойлголт манайханд хомс байна уу?

-Чинээлэг нэгэнтэй гэрлэлтээ батлуулаад хөрөнгө хуваагаад салах үзэгдэл манайд түгээмэл болсон. Тэр дундаа малчид хөрөнгө хуваахыг санаархсан эмэгтэйчүүдийн олз болсон гэж хэлж болно. Фэйсбүүкээр танилцаж итгэлийг нь олж аваад нэг гэрт ордог. Мал дээрээ байдаг хүү нь нэг эмэгтэйтэй танилцаад дагуулаад очиход хөгшин аав ээж нь хөл хөөр болж ах дүү нарыг нь цуглуулаад мал тасалж өгөөд тусад нь гаргадаг. Төд удалгүй өнөөх эмэгтэй нь хаяад явчихна. Хүү нь шүүхэд дуудагдаж асуудал буруугаар эргэж тасалж өгсөн малыг нь хуваах асуудал хөндөгддөг. Хуруу хумсаа хуйхалж өсгөсөн хэдэн малыг нь хэн нь мэдэгдэхгүй эмэгтэй бэр гэж очоод л аваад явчихаж байна. Энэ асуудлын хохирлын хэмжээ хэдэн саяар яригддаг. Энэ асуудалд анхаарал хандуулах цаг нь болсон. Гэрлэлт батлуулах, хөрөнгө хуваах талаар эрх зүйн орчныг илүү боловсонгуй болгох хэрэгтэй байна. Малчид ч энэ асуудалд ач холбогдол өгч болгоомжтой хандах хэрэгтэй.

-Энэ асуудлаас яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Гэрлэлтийн гэрээг заавал байгуулах ёстой. Гэрлэгчид гэрлэхээс өмнөх өөрсдийн хөрөнгийг хуваарьт хөрөнгө хэмээн гэрээндээ тусгаснаар гэрлэлт цуцалсан, цуцлагдсан тохиолдолд уг хувийн хөрөнгийг хуваах, ногдох хэсгийг тодорхойлох гэх мэт асуудал үүсэхгүй. Жишээ татаад ярья л даа. Бат болон Зулаа нар гэрлэлтээ цуцалсан байна. Гэхдээ гэрлэлтээ бүртгүүлэхдээ гэрлэлтийн гэрээ байгуулсан бол уг гэрээнд гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгө болох гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө машин, газар, хадгаламж зэргийг тус тусын хуваарьт хөрөнгө байхаар тусгажээ. Энэ тохиолдолд гэрлэлтээ цуцалсан боловч гэрлэгчдийн хувийн хөрөнгөтэй холбоотой маргаан үүсэхгүй. Гэрээндээ дундын хөрөнгийг хэрхэн хуваах, ногдох хэсгийг хэрхэн тодорхойлох зэргийг тусгаснаар гэрлэлт цуцалсны дараа хамтран өмчлөх дундын хөрөнгийг гэрээнд заасан журмын дагуу хуваарилна. Тухайлбал, Бат болон Зулаатай нар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон эд хөрөнгө болох байр, хамтын эрхэлдэг аж ахуйн үйл ажиллагаа зэргийг гэрлэлтийн гэрээнд хамтран өмчлөх дундын хөрөнгө байхаар зохицуулж, уг хөрөнгийн ногдох хэсгийг тодорхойлохдоо адил тэнцүү хэмжээгээр тодорхойлно гэж заасан байдаг. Ингэснээр гэрлэлт цуцлах тохиолдолд уг хөрөнгийг гэрээнд заасан журмын дагуу тодорхойлох юм. Ямар нэгэн маргаан үүсэхгүй.

-Гэрлэлтийн гэрээг байгуулснаар хуваарьт хөрөнгө, хувийн хөрөнгө нь тодорхой болох нь.

-Гол ач холбогдол нь энэ. Хүний хөрөнгийг хэн дуртай нь шүүхдээд аваад явдаг гажиг үзэгдэл цэгцэрнэ. Өвөг дээдсээс удам дамжиж ирсэн үнэтэй эд зүйлсээ хүртэл хуваах асуудал үүсдэг. Гэрээ байгуулаагүй тохиолдолд хуваахаас өөр аргагүй нөхцөл байдал бий болно. Гэрлэлтийн гэрээ байгуулсан бол энэ мэт зүйлээ нарийн тусгаж өгснөөр асуудал үүсэхгүй.

-Гэрлэлтийн гэрээг гэр бүл болсны дараа байгуулах нь нээлттэй биз дээ.

-Гэрлэгчид гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө болон гэрлэсний дараа хэдийд ч байгуулж болно. Энд нэг зүйлийг онцлоход гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө байгуулсан гэрээ гэрлэлтийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл, гэрлэлтээ бүртгүүлэхээсээ өмнө гэрлэлтийн гэрээгээ эхнэр болон нөхөр тохиролцож байгуулаад, гэрлэлтээ бүртгүүлсэн өдөр уг гэрээ нь хүчин төгөлдөр болох юм. Бусад улс орнуудад гэрлэлтийн гэрээнд өндөр ач холбогдол өгч нарийн зохицуулалтуудыг тусгадаг. Манайд энэ талаарх ойлголт хомс байгаа нь янз бүрийн санаа бодолтой хүмүүст олз болж байна л даа. Жишээ нь Хятадад ахмад хүнтэй суугаад хөрөнгө хуваах үзэгдэл гаарсан байдаг. Үүнийг хуулиар зохицуулснаар тэр дороо цэгцэрсэн.

Categories
редакцийн-нийтлэл

“Талын салхи” олон улсын наадамд гадаадын 170 гаруй мото спорт сонирхогч оролцоно DNN.mn

“Талын салхи” олон улсын мото фестивалийг долоо дахь жилдээ Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 10-нд зохион байгуулна. Энэ жилийн мото наадамд 21 аймгийн спорт клуб, ОХУ, БНХАУ, БНСУ-аас 170 гаруй мото сонирхогч хүрэлцэн ирж оролцоно.

Наадамд оролцогчид төв талбайд 12 цагт цуглаж, 16 цагт хөдлөн, “Сүхбаатарын талбай-Баруун 4 зам-Тэнгис кино театр-Сансарын туннель-Зүүн 4 зам-Сүхбаатарын талбай-120 мянгат-Буянт-Ухаа тойрог-Чингисийн хүрээ цогцолбор” гэх маршрутаар нийт 28.2 км явах юм. Түүнчлэн мото наадам Чингисийн хүрээ цогцолборт үргэлжилж, энтертайнмент шоу зохион байгуулах аж.

Талын салхи фестиваль нь мото спорт сонирхдог хүн бүрийн хүсэн хүлээдэг наадам төдийгүй 2019 онд нийтдээ 800 гаруй мото тамирчин оролцож байснаас “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчин, мөн Япон, Энэтхэг улсын төлөөлөл оролцож байсан юм. Тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой.

Categories
соёл-урлаг

ГЕГ: Он гарснаас хойш 3462.9 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ DNN.mn

Энэ оны эхний 5 сарын дүнгээр импортоор нийт 3462.9 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 325.6 сая ам.доллараар буюу 10.4 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 628.1 сая ам.доллар буюу 18.1 хувь, эрдэс бүтээгдэхүүн 834.8 сая ам.доллар буюу 24.1 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 728.6 сая ам.доллар буюу 87.3 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 378.6 сая ам.доллар буюу 14.2 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 659.8 сая ам.доллар буюу 19.1 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 287.4 сая ам.доллар буюу 8.3 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 194.9 сая ам. доллар буюу 5.6 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.6 хувь ногдож байна

Манай улс дэлхийн 136 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 39.0 хувь, ОХУ-д 26.7 хувь, Япон-д 7.7 хувь, БНСУ-д 4.5 хувь, АНУ-д 3.1 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.1 хувийг эзэлж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Categories
цаг-тооны-бичиг

2023.6.8

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.

Categories
жинлүүр

2023.06.07

Аргын тооллын зургадугаар сарын 7, Буд гариг. Билгийн тооллын 19, элдэв тэнгэртэн одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 4:54 цагт мандан, 20:48 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

Categories
эдийн-засаг

Х.Нямбаатар: “Шувуу” ажиллагаагаар 12 хүнийг авчрахаар ажиллаж байна DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.06.07/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд 5Ш ажиллагааг хэрэгжүүлж байгаа.

Миний бие “Шувуу” ажиллагааг нь ахалж ажиллаж байна. Бид анх 92 хүний асуудлыг танилцуулсан.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан, бусад төрлийн гэмт хэрэг үйлдээд, мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан 92 нэр бүхий хүмүүсийг Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр ажиллана гэдэг зүйлийг ярьж байсан.

Энэ тоо өсч, 127 хүний нэр гарч ирсэн. Тэднийг “Шувуу” ажиллагааны хүрээнд тасралтгүй эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх, зарим улстай хамтран ажиллаж авч ирэх чиглэлээр ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар авлигатай тэмцэх “Шувуу” үйл ажиллагааны хүрээнд интерполын улаан буланд 22 хүн, хөх буланд 70 хүнийг эрэн сурвалжлуулж байна. Үүнээс нийт 45 хүнийг олж тогтоосон. Таван хүнийг авчирсан. Одоо 12 орчим хүнийг авч ирэхээр бэлтгэл ажлыг хангаж байна” гэлээ.

Categories
мэдээ

Авто зам засварын төрийн өмчит 20 компанийг нэгтгэхээр боллоо DNN.mn

Төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох ажил эхэлсэн талаар ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан хэллээ.

Тэрбээр “21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа авто зам засвар, арчлалт(АЗЗА)-ын 20 компанийг нэгтгэх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарлаа. Ийнхүү тус бүрдээ 1.5 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй 20 авто зам засвар, арчлалтын компанийг нэгтгэж, нийт 38 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани болгон өөрчлөн байгуулж байна. Ийнхүү нэгтгэсний дараа олон нийтэд хувьцаа гаргах шийдвэр гарсан.

Ингэж чадсанаар хэд хэдэн давуу талыг бий болгоно. Үүнд,

  1. Энэ чиглэлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс энэ компанид хөрөнгө оруулах сонирхлыг татах боломж бүрдүүлж байна6
  2. Компанийн засаглалыг сайжруулж, үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ.

Төрийн өмчит компанийг нээлттэй, үр ашигтай болгох чиглэлээр Засгийн газар ийм шийдвэр гаргасан.

Жишээ дурдахад 20 АЗЗА компанийн ТУЗ гэхэд нэгэнд нь 9-10 ажиллаж байдаг. Тэгвэл 180 ТУЗ-ийн хүнээс есөн хүн ТУЗ болж цөөрч байна. Тэр хэвээрээ төсвийн хэмнэлт бий болж байна” гэлээ.

Categories
мэдээ

2024 онд нийт 1.3 сая жуулчин хүлээн авна DNN.mn

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний бодлогын тэргүүлэх чиглэл болох “Аялал жуулчлалыг хөгжүүлэх” хүрээнд: Цар тахлын нөлөөгөөр 2022 онд Монголд ирсэн гадаад жуулчдын тоо 300 мянга болж буурсан. Аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах хөрөнгө оруулалтыг түлхүү хэрэгжүүлж 2024 онд нийт 1.3 сая жуулчин хүлээн авна.

– Агаарын тээврээр зорчих жуулчдыг нэмэгдүүлнэ.
– Агаарын тээврийн либералчлалыг бүрэн хэрэгжүүлнэ.
– 4C, 4D ангиллын агаарын хөлөг хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлж аэродром, зорчигч үйлчилгээний цогцолборыг байгуулна.
– Тусгай үүргийн нислэгүүдийг зөвшөөрнө.
– Орон нутгийн нислэгүүдийг нэмэгдүүлж, тогтмолжуулна.
– Жуулчдад зориулсан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ.
-Жуулчид автомашинтайгаа аялах боломжийг бүрдүүлнэ.
-Виз олголтыг хялбаршуулах, визгүй зорчих боломжийг бүрдүүлнэ.
-Хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын бүс нутгуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
-Аялал жуулчлалын тусгай бүс байгуулна.
-Палеонтологийн нөөцөд тулгуурлан “Аялал, Судалгаа-Амралт”-ын цогцолбор байгуулна. /Дундговь, Цагаансуварга/
-Улирлын чанартай “Буйр нуур” усан замын боомт байгуулна.
– Аялал жуулчлалын бүс нутгийн авто замын дэд бүтцийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
-Аялал жуулчлалын авто замын сүлжээг нэмэгдүүлэх чиглэлд 2024 онд хатуу хучилттай авто зам, авто замын их засвар, гүүр, гүүрэн байгууламжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
-200 км тутамд амрах өртөө байгуулна.
Дээрх үр дүнд хүрэхээр нийт 801 тэрбум төгрөгийн 35 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх юм.

 

Categories
мэдээ

ЗГ: Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймаг 100 жилийн ойн баяр наадам тэмдэглэнэ DNN.mn

Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт 2023 оны долдугаар сарын 27, 28-нд, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт наймдугаар сарын 01, 02-нд тус тус тэмдэглэнэ.

Хурдан морины бүсийн уралдааныг аймаг байгуулагдсаны ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулна. Мөн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг үндэслэн Говьсүмбэр аймгийн баяр наадмыг 2023 оны долдугаар сарын 06, 07, Булган аймгийн баяр наадмыг тус сарын 08, 09, Дорноговь аймгийн баяр наадмыг 27, 28-нд тус тус тэмдэглэхийг зөвшөөрлөө.