Categories
онцлох-нийтлэл улс-төр

“Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтад оролцогчид санал, дүгнэлт гаргалаа DNN.mn

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сум, 1613 баг, 204 хорооны удирдлага оролцсон  “Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалт анх удаа болов. Уулзалтад оролцогчид есөн салбар хороонд хуваагдан хуралдаж, санал дүгнэлт гаргалаа. Тэд улсын хөгжлийг нэгдмэл байдлаар  урт хугацаанд төлөвлөх, хүрэх үр дүн рүү Засгийн газрын бүх шатны байгууллагын үйл ажиллагаа чиглэх хэрэгцээ байна. Мөн байгууллагын, нэгжийн болон төрийн албан хаагчдын өдөр тутмын ажлын бүтээмжийг дээшлүүлэх замаар УХХБ-ын зорилтуудын биелэлтийг хангах шаардлагатай гэж үзлээ.
Тухайлбал, “Эдийн засаг”-ийн салбар хорооны хуралдаанаас цар тахал, геополитикийн хүндрэлтэй хүнд үе байсан ч манай улс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт тусгасан эдийн засгийн зорилт арга хэмжээгээ амжилттай хэрэгжүүлж байна гэж дүгнэлээ. Ингэхдээ “Эдийн засаг” зорилгын хүрээнд 13 үзүүлэлтийг шалгуур болгосноос дийлэнхийг нь амжилттай хангаад явж байна.  Жишээ нь, эдийн засаг 2023 оны эхний улирлын байдлаар 7.9 хувьд хүрч цар тахлын өмнөх түвшиндээ хүрч зорилтоо хангаж байгаа бол нэг хүнд ногдох ДНБ 5000ам.долларт хүрээд байна. Экспорт гэхэд л 2022 онд 12.5 тэрбум ам.долларт хүрч өслөө. Энэ бүхэн нь өнгөрсөн гурван жилд цар тахал, дайнаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулсныг харуулж байна гэж үзжээ.


Цаашид Монгол Улс “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн боловсруулалтын түвшнийг ахиулж холбогдох төслүүдийг хэрэгжүүлж, экспортын орлогоо нэмэгдүүлэх, нөгөө талдаа эдийн засгийн төрөлжилтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, тогтвортой өсөлтийг бий болгосноор хөгжлийн бодлогын зорилго хангагдана гэж салбар хорооныхон дүгнэлээ.
Харин “Засаглал”-ын салбар хорооныхон төрийн албан хаагчдыг ухаалаг засаглалын тухай нэгдсэн ойлголттой болгож, бодлогын хэрэгжилтийг бүх түвшинд хэрэгжүүлэх, төрийн болон төрийн өмчит байгууллагуудад процессын дахин инженерчлэл хийх замаар бүтээмж, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэв. Засаглалын хүрээнд иргэн–төр–хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, Засгийн газраас төрийн бодлогын хэрэгжилтэд анхан шатны нэгжийн удирдлага, манлайлал, оролцоог нэмэгдүүлэх нь чухлыг тэмдэглэлээ.
“Үндэсний нэгдмэл үнэт зүйл”салбар хорооныхон салбарын хүний нөөцийн бодлого, албан хаагчийн мэдлэг, чадвар, ажиллах орчныг сайжруулах, аймаг тус бүрийн онцлогийг шингээсэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын салбар нэгдсэн нэг стандарттай байх ёстой гэж дүгнэв. Мөн биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, соёлын аялал жуулчлалыг дэмжсэн бүтээн байгуулалт, комплекс байгуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээ бий гэлээ.
“Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалт “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Хүний хөгжил”, “Амьдралын чанар ба дундаж давхарга”, “Эдийн засаг”, “Засаглал”, “Ногоон хөгжил”, “Амар тайван, аюулгүй нийгэм”, “Бүс,орон нутгийн хөгжил”, “Улаанбаатар ба дагуул хот”гэсэн есөн салбар хорооны хурлаар үргэлжилж, тус бүрдээ санал, дүгнэлт гаргасан юм.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

П.Нямдаваа: Улаанбурхан, вакцинаас хоцорсон эсвэл дутуу дархлаажсан хүүхдүүдийг түүж өвчлүүлж байна DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Эрүүл мэндийн сайд асан, академич П.Нямдаваатай ярилцлаа.


Улаанбурхан газрын хөрснөөс арчигдах ээлжээ хүлээж байгаа гэж та бич­сэн удаатай. Гэтэл нөгөө арчигдаж байгаа өвчин Мон­голд олон тоогоор илрээд байна. Үүнийг вирус судлаачийн хувьд ямар шалт­­гаантай гэж харж байна вэ?

-Ганцхан манайд ч биш дэлхий дахинд улаанбурханыг устгах гээд байгаа юм. АНУ энэ өвчний тахалт тархалтыг таслан зогсоосон улс. Манайх бол тийм батламжаа өнгөрсөн жил авсан. 2012 оноос хойш улаанбурхан гараагүй. Энэ өвчин гаралгүй, оношлогдохгүй 12 сараас дээш болсон бол ийм батламж олгодог. Би бол ДЭМБ-ын Бүсийн хэмжээний улаанбурхан өвчнийг уст­саныг баталгаажуулах хо­рооны гишүүн. Долоо хоно­гийн өмнө Макаод болсон хуралд оролцоод ирлээ. Тахалт тархалтыг таслан зогсоосон оронд нэг хэсэгтээ улаанбурхан гарч болох юм. Яагаад гэвэл хөрш зэргэлдээ өвчтэй орноос халдвар дамжиж болно. Дэлхий дахинд устсаны дараа л тэр өвчин ахиж гарахгүй байж болно. Уг нь гарахгүй бол сайн ч энэ цочирдмоор асуудал биш. Яагаад гэхээр 2013-2014 онд манай бүсэд маш их өвчлөл гарсан. Урд хөршид жилдээ 40-50 мянган хүн сүүлийн хоёр жилд бүртгэгдэж байна. Австрали, Солонгосгэх мэт улсууд бас устгасан боловч аль алинд нь мөн л 1000-2000 тохиолдол бүртгэгдсэн. Устгасан гэж хүмүүс ойлгоод байгаа ч тархалтыг зогсоосон гэдэгт манай улс ордог юм. Сая надад ирсэн мэдээллээр 615 сэжигтэй тохиолдол илэрснээс 190 нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан байна. 190 гэдэг бол огт бүртгэгдэхгүй байснаа илэрч байгаа нөхцөлд бол их л тоо. Зургаан сартайгаас гучаад насны хүмүүст өвчин илэрсэн байна. Вакцинаас хоцорсон аль эсвэл дутуу дархлаажсан хүүхдүүдийг түүж өвчлүүлж байна. Бид энэ өвчнийг гаднаас орж ирсэн гэж үзэж байна. Генийн хэлбэрийг нь тодорхойлж үзэхэд Хятад улсад давамгайлж байгаа Н1 гентип давамгайлаад байгаа юм л даа.

Вакцин тариулах насанд хүрээгүй хүүхдүүд нийт өвчлөгчдийн 40 гаруй хувь байсан. Ийм тохиолдолд яах вэ. Вакцин хийх насыг нь наашлуулах уу. Уг нь та бүхний судалгаагаар есөн сартай болон хоёр настай хүүхдүүдэд вакцин тарих нь хамгийн үр дүнтэй гэж үзсэн байна лээ?

-Энэ болбас л шинэ үзэгдэл. Вакцинаар өвчлөлийн тархалтыг зогсоосон гэж үзэж байгаа улсуудад бас өвчлөгчдийн тал хувь нь вакцин тарих наснаас доош байгаа юм.

Зарим оронд улаан­бурханаас сэргийлэх эхний тунг 12 сартайд нь тарьдаг. Бид ДЭМБ-ын байгууллагын зөвлөмжийг л харгалзана шүү дээ. Тэр үед13 дахь сард анхны тунг хийх заалттай байсан. Энэ вакциныг бид 1972 оноос тарьж эхэлсэн л дээ. 1977-1978 ондөвчилж байгаа хүүхдүүдийн 70-80 хувь нь арванхоёр сараас доош байсан юм. Бид 1980-аад онд судалгаа хийж үзээд ДЭМБ-ын зөвлөмж болгосон насыг наашлуулсан. Түүний дараа манай судлаачийн хийсэн ажиглалтаар өөрөө улаанбурханаар өвдсөн ээжийн хүүхдэдээ дамжуулах дархлаа нь арай хүчтэй байдаг.8-9 сар хүртэл нь хамгаалдаг. Гэтэл улаанбурханаар өвдөөгүй, дархлаажуулалтын вакцин хийлгэсэн эхийн дархлаа арай сул байгаа юм л даа. ДЭМБ-ын хурлын үеэр энэ тухай бас ярьсан. Өвчлөл гарч байгаа үед голомтонд зургаан сартайгаас нь таръя гэж тогтсон юм.ЭМСЯ-д Дархлаажуулалтын үндэсний хороо энэ асуудлыг эцэслэн шийднэ. Яваандаа вакцин хийдэг хугацаагаа өөрчилж магадгүй. Гэхдээ нэмэлт судалгаа хэрэгтэй. Товлолыг нэг удаагийн өвчлөлөөр өөрчилж болохгүй. Товлол Засгийн газраар орж батлагдах ёстой. Бас нэг аюул байгаа нь вакцины товлолыг байн байн өөрчлөөд байх юм уу хэн нэгний дураар цоо шинэ вакцин оруулаад байх юм бол осолтой учраас Дархлаажуулалтын хуулийг ингэж чангалсан юм. Байнгын вакцинжуулалт оруулах эсэхийг УИХ шийднэ. Ямар товлолоор хийхийг Засгийн газар шийднэ.

Эцэг эхчүүд хүүхдэдээ вакцин хийлгэхээс айж эмээдэг, эргэлзэх нь их болсон. Вакцин тариулсны улмаас хохирсон гэгдэх хүмүүсийн мэдээлэл ч энд нөлөөлсөн байх. Ер нь вакциныг ямар ч хор нөлөөгүй болгож болдоггүй юм болов уу?

-Буруу сурталчилгаа энд нөлөөлсөн байж магадгүй. Хүн болгон огт өөр генетик тогтоцтой учраас вакцинд сул хариулдаг ганц нэг тохиолдол бий. 50 мянган хүүхэд вакцин тариулахад ганц нэг хүүхдэд хүндрэл өгсөн. Яахав вакцины хадгалалт, тээвэрлэлтийн алдаанаас хүндрэл өгч болно. Гэхдээ судалж үзэхэд вакцины хүндрэл гарсан хүүхэд удамшлын дархлааны дутагдалтай байсан. Хүн болгоны удамшлын төрхийг тогтоож байж, вакцин хийнэ гэвэл асар үнэтэй учраас ингэж байгаа улс дэлхийд үгүй. Вакциныг огт хүндрэлгүй болгох арга байхгүй. Хэт урвал өгдөггүй вакцин таривал дархлаа үүсэхгүй шүү дээ. Барууны орнууд үүнийг яаж шийдэж байна гэхээр эцэг, эх өөрөө тариулах эсэхээ шийддэг. Гэхдээ нэг онцлог бий. Вакциныг ямар ч оронд төсвийн мөнгөөр эсвэл даатгалаар хийдэг. Вакцин хийлгэх эсэхээ эцэг эх шийднэ. Гэхдээ вакцин хийлгээгүйн улмаас хүүхэд ньөвдвөл бүх зардлыг нь өөрсдөө төлдөг. Тийм л зам бий. Манай хүмүүсийн мэдээлэл сайжирсан учраас албан журмын юманд дургүй болчихжээ. Өөрсдөө л шийдэг. Манайхан гадагшаа явахад улаанбурханыг устгасан Америк зэрэг газраас шаардлага тавьдаг. Танай улсаас манайд амьдарч байгаа хүүхэд вакцин тариулсан гэрчилгээ байхгүй бол бид сургуульд авахгүй гэдэг. Бас эцэг эх өөрийн хариуцлагатай байх ёстой. Вакцин хийсэн эсэхийг ч мэдэхгүй явна гэдэг дэндүү хариуцлагагүй асуудал.

Өмнөд хөршөөс улаанбурхан авсан гээд л байна. Улаанбурханаас гадна гахай, тахианы томуу, элдэв цар тахал ч орж ирэх боломжтой шүү дээ. Энд эрүүл мэндийн байгууллагууд ямар бэлтгэлтэй байх ёстой вэ?

-Эрүүл мэндийн сал­барынхан юу хийж байгааг би мэдэхгүй. Эмнэлэг бүхнээс хамгаалж чадахгүй. Шувууны томуу энэ тэр орж ирэхгүй байгаа нь монголчуудын амьдралын хэв маягтай холбоотой. Манайхан нэг их шувуутай нялуураад байдаг улс биш. Тийм учраас гайгүй юм шиг байгаа юм. Шувууны томуу Хятадад зөндөө л гарлаа. Амьд шувуу зардаг зах дээрээс түүхий мах битгий ав гэж зөвлөж байгаа юм л даа. Манайхан бол болсон мах ч авахгүй.

Сүүлийн үед манайхан ч тахианы мах их идэх болсон. Урд хөршид хямд байна гээд Хятадаас тахианы мах зөөдөг хүмүүс олон байдаг?

-Тахианы чанасан маханд юу ч байхгүй. Чанахад вирус байсан ч үхчихнэ. Хятадаар явж үзсэн бол амьд шувууг алаад махыг нь шууд өгдөг үйлчилгээ байдаг. Шинээр нь худалдаж байгаа гэсэн үг. Манай шинэ хонины шөл гэдэгтэй ижил утгатай.Тэрүүгээр бүү яваач гэж байгаа юм. Болгосон тахиа, гахайны мах бол гэмгүй. Улаанбурхан амьтнаас халдахгүй. Улаан­бурханы вирусийг хадгалдаг амьтан байхгүй. Зарим оронд бага насны хүүхэд хил нэвтрүүлэхдээ халууныг нь үздэг журам бий. Манайх бол Хятад, Оростой найрамдлаа сайжруулах гэж байгаа учраас иймэрхүү шаардлага тавьдаггүй. Улаанбурхан өвчин гарна гэдэг тахал гарсантай адил. Энэ чинь гарахаа байсан өвчин тохиолдоод байна. Тийм учраас энд онцгой анхаарах учиртай. Уг нь хилээр нэвтэрч байгаа улсаас “Улаанбурханы тарилга хийлгэсэн үү” гэж асууж болох талтай. Тэр мэтийн юм жижигхэнд тооцогдож ирлээ. Анх цагаан сарын үеэр энэ өвчин орж ирсэн байж магадгүй. Хятадаас хүн оруулахгүй байж болохгүй. Хятадад явж байхдаа айл хэсч хэрэггүй. Жаахан хүүхэдтэй айлын хүүхэд туурсан байвал бушуухан холдох хэрэгтэй. Улаанбурхан саарсшиг үхлийн хувь өндөртэй биш учраас манайхан нэг их тоодоггүй тал бий. Хамгийн ноцтой юм бол бага насанд тохиолддог өвчин нас өндөрсөх тусам хүндрэл ихтэй. Нэг аймгийн нэгдсэн эмнэлэгт манайхан шалгалт хийхэд гэр бүлийн гурван хүн тууралттай байсан. Нөгөө улсуудыг эмч нар Эритромицины хордлого гэж хэвтүүлсэн байгаа юм. Улаанбурханы тархалтыг зогсоосон гэдгийг манай эмч нар устгасан гэж ойлгодог.Энэ өвчин ахиад гарахгүй болсон гэж хүлээж авдаг. 1987 оноос улаанбурханы вакциныг хоёр удаа хийдэг болсон. Үүнээс өмнө нэг удаа тарьдаг байхад вакцин хийлгэсэн хүмүүсийн дархлаа сулраад одоо өвчилсөн байж болно. Эмч нараа сургахад яам анхаарч байна. Гарахаа байсан өвчний талаар хичээл заахад ч хүнд. Хүүхдийн эмч нарт ялангуяа энэ тухай заах, давтан сургах учиртай. Гэтэл энд мөнгө шаардлагатай. Засаг мөнгөө хасаад байгаа.

Та бас элэгний В вирусийн вакцин гаргахаар судалж, өөр дээрээ хүртэл туршилт хийж явсан хүн. Сүүлийн үедэлэгний өвчлөл ихэсч байна. Америкаас оруулж ирж байгаа С вирусийг устгах эм манайхны хувьд маш өндөр үнэтэй байна. Эх орондоо элэгний өвчлөлийн эсрэг вакцин хийх, эм хийх, судалгааны ажил хийх боломж хэр байдаг вэ?

-1990 оноос хойш төрсөн бүх хүн В-гийн эсрэг вакцин хийлгэсэн.Тэр үед В вакцины үнэ өртөг хямдарсан байсан учраас бид вакцин үйлдвэрлэх шаардлагагүй болсон л доо. Том компаниуд хямдхан үйлдвэрлэж байхад бидний вакцин өртөг өндөртэй болоод бид үйлдвэрлэж чадаагүй. Вакцин бүтээчихээд, үйлдвэрлэж чадахгүй бол яах вэ. ДЭМБ-ын зөвлөмж бий.50 сая хүрэхгүй хүн амтай оронвакцин үйлдвэрлэх нь үр ашиг муутай гэдэг. Бид хэчнээн вакцин зохион бүтээлээ ч үйлдвэрлэх хүчин чадал байхгүй. Би өөрийнхөө биеэр амссан хүн. В вакциныг хийж болж л байсан. Ямар нэг юмыг бага тоогоор үйлдвэрлэхээр өртөг нь ихэсдэг. Сайн үйлдвэрлээд гадагш нь гаргаж болно л доо. Тэгвэл манай вакциныг хэн авах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Бид яаманд байхдаа хөөцөлдөөд нэг удаагийн зүү тариурын үйлдвэр байгуулсан шүү дээ. Солонгостой хамтарч байгуулсан анхны үйлдвэр одоо зогсчихсон байгаа. Бид жилд 100 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулсан. Манайх бол 30-40 сая шприц хэрэг­лэдэг юм байна л даа. Илүүг нь экспортолно гэж тооцоолсон юм. Орос, Хятад хоёр зарах гэж байгаа бүтээгдэхүүнийг нь хамгийн хямдаар нийлүүлчихдэг. Монголдоо л үйлдвэрлэсэн бол үнэтэй авъя гэх эх оронч хүн ховор. Тэгсээр байгаад энэ үйлдвэр зогсч байна. Солонгосын технологитой Оросынхоос илүү үйлдвэр. Хятад, Оросын зах зээлд бас шприц оруулахыг хорьчихдог. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн биш байсан л даа. Хятад, Орос хоёр өвөрмөц улсууд. Ямар ч вакциныг худалдаж авдаггүй. Өөрөө хийж чадсан цагтаа л хэрэглэнэ. Мөнгөтэй бол судалгаа хийхэд бэлэн улсууд байна. Гэхдээ эцсийн үр дүн гарахгүй судалгааг улс санхүүжүүлэхгүй шүү дээ.

Элэгний өвчлөл өндөр, гаднаас оруулж ирэх эмийг дийлэх өвчтөн цөөн үед яах вэ?

-Үнийг бага ч болов буу­руулах хэрэгтэй. ЭМСЯ, “Оном” сан хамтарч хөөцөлдөөд С вирусийн эсрэг эмийн үнийг 99 хувь бууруулахаар гэрээ хийсэн. Ингэж хямдруулна гэдэг төр оролцож байгаа хэрэг. Ямар нэг юмыг 100 хувь төр дааж чадахгүй. Бид олсон мөнгөө 100 хувь төрд өгч байгаа биш. С вирусынэм нэг курс нь 900 гаруй доллар гэхээр курс эм нь 2 сая орчим төгрөг гэсэн үг.Ийм мөнгөөргуанзанд ордог хүмүүс байна ш дээ.Эмийг ямар нэг эмийн компани оруулж ирэх ёстой. Засгийн газар оруулж ирэх ёсгүй, хуулиараа. Ямар нэг эм оруулж ирэхэд тэр нь гарсан зардлаа нөхөж байж эм оруулж ирдэг. Монголчуудын боловсрол өндөр. Өөрийн чадавхиас өндөр хэрэглээтэй. Өөрөө мөнгө олох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй учраас зөрчил үүсч байгаа юм. Манайхаасөндөр элэгний өвчлөлтэй, элэгний хавдар ихтэй улсууд дэлхийд байна. Африкт байна. Зүүн өмнөд Азийн зарим улсууд бий. Тэд энэ шинэ эмийн тухай ерөөсөө мэдэхгүй байж л байна. Манайхан бол интернэт ашиглалт өндөр байна. Бид бол боловсронгуй ард түмэн. Гэхдээ ядуу.

Монголчууд яагаад элэгний өвчлөлд өртөмтгий байдаг юм бэ. Үндэстний онцлог байна уу?

-Бид бас тэгж хардаж байгаа юм. Яагаад гэвэл В гепатитаар өвдөхөдцагаан арьстануудаас 01 хувь нь халдвар тээгч болж үлддэг. 1000 хүн тутмаас нэг нь гэсэн үг. Гэтэл манайд 100 хүн тутмаас 10 нь халдвар тээдэг.

Энэчанар нь удамшдаг уу?

-Удамшил биш юм. Вирусийг хүлээж авах чадвар нь удамшдаг гэсэн үг. Өвчин нь удамшдаг юм биш.Тархи нугасны саа үүсгэдэг вирус 100 хүнд халдахад нэг хүнд л саа үүсгэдэг. 20 жилийн өмнө үүнийг судлах боломжгүй байсан. Одоо бол хүний бүх генийн дэс дарааллыг судалж тогтоодог болсон. Бидний бие ямар вирустэй найзалж болох вэ, ирээдүйд ямар өвчин тусч болохыг хэлдэг болсон байна. Америкт Обама Ерөнхийлөгч хоёрдугаар сард зарлачихлаа. “Одоо манайх хүн амдаа бодгальжсан анагаах ухааны тусламж үзүүлнэ” гэсэн. Бүх хүнд адилхан нэг үйлчилгээ үзүүлдгээ болино гэсэн үг. Тэр судалгаанд ирэх таван жилд Америк хоёр тэрбум ам.доллар зарцуулна гэсэн юм. Харин манайх тэр үед анагаах ухааны бүх хүрээлэнгүүдээ татан буулгаад, их сургуульд нэгтгэсэн. Бид уг нь Америкийг дуурайх дуртай юм бол түүнийг л дуурайх байсан юм. Одоо бол ямар нэг эмхүн болгонд тохирсон тунтай болж магадгүй. Би жишээлбэл толгой өвдвөл гурван аналгин уухаас нааш дарагдахгүй байж болно. Та бол тал аналгин уухад толгой нь эргэдэг байж болно. Одоо хүн болгоны генетик онцлогийг судалж байж дараа нь эмчилгээ хийх, урьдчилан сэргийлэх тухай ярьж байна. Тодорхой хэсэг өмөн удамших шинжтэй байдаг. Жишээлбэл хөхний хавдар. Анжелина Жоли 20 жилийн дараа хавдраар өвчлөхийг хүлээлгүй хөхөө авахуулсан. Сая бас өндгөвчөө авахуулсан. Хөхний хавдрыг дэмждэг өвөрмөц ген байдаг. Генийн мутаци байгаа эсэхийг шинжлүүлсэн. Заавал хавдар тусахгүйгээр вакцинтай адил урьдчилан сэргийлэх боломжтой.

Одоо бол манайд элэгний В, Д вирусийг ялгаж оношилж чадахгүй байгаа гэсэн яриа байдаг?

-В вирусийг л устгачих юм бол Д үржихгүй, дагавар вирус. В-тэй тэмцэх асуудлаа сайжруулбал Д-гийн асуудал аяндаа арилна. Гэхдээ В вакцин хийхээс өмнө халдвар авсан хүмүүс манайд нэлээд бий.

В вирусийн вакциныг та хавдрын эсрэг вакцин гэж нэрлэж байсан?

-Би ч тэгж нэрлэсэн юм байхгүй. ДЭМБ тэгж нэрлэж байсан юм. В вирус хүний биед ороход зарим хүнд тогтохгүй гадагшилчихдаг. Гэтэл В вирусийн халдвар авсан хүмүүсийн ойролцоогоор 10 хувьд нь тэр вирус үлдчихдэг. Бас л хүн хүний онцлог. 90 хувь нь В вирус туссан ч зүгээр өнгөрдөг. Халдвар авсан хүний дахиад 10 орчим хувь нь 30 жилийн дараа элэгний хавдар болдог. 1990 онд вакцин тарьж эхлэхээр 2020 оноос жаахан багасах ёстой гэж тооцоолсон. Гэтэл тэр үед С вирусийн асуудал шийдэгдээгүй байлаа. Харин одоо С вирус бас хавдар үүсгэдэг нь тогтоогдсон. С вирус хурц шарлалт үүсгэх нь бага. Халдвар авснаа хүүхэд насанд анзаарахгүй. Том хүн бол жаахан ядраад нойр нь хүрээд явдаг. Анзааргагүй хүн бол тоохгүй. Тэгэхээр энэ бол аюултай өвчин. Бидний хийсэн тооцоогоор 300-400 мянган хүн Свирусийн архаг халдвартай юм байна. Тэр улсуудаа толгой дараалан эмчилж чадвал 30 жилийн дараа элэгний хавдрын өвчлөлийг бууруулж чадна гэсэн тооцоо бий.

Б.ЯНЖМАА

Categories
нийгэм цаг-үе

Нийтийн эзэмшлийн 154.9 га газрыг 7230 метр урт хашаанаас чөлөөллөө DNN.mn

Зохих зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн зам, талбай, орц, гарц хаасан, мал амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулсан хашаа, хайс зэргийг албадан буулгах ажлыг хийж байна.

2023 оны тавдугаар сарын 24-ний өдрөөс зургаадугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Хамгаалалтын захиргааны 12 албан хаагч ажиллаж, 19 нэгж талбайн 7230 метр урт хашаа нийтийн эзэмшлийн 154.9 га газрыг чөлөөлөөд байна.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Д.Энхжаргал: Энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй хүүхдүүдээс ЭЕШ өгөхгүй хүүхэд олон байна DNN.mn

Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалтай ярилцлаа.


-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад хэдэн хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бэ?

-Энэ жил улсын хэмжээнд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчдын тоо 38015 байна. Үүнээс бүртгэлээ баталгаажуулсан буюу ЭЕШ өгөх хүүхдийн тоо 34433 байна.

-ЭЕШ-д ямар хичээлээр хамгийн олон сурагч өгөхөөр бүртгүүлсэн байна вэ?

-ЭЕШ-ын 10 хичээлээс хамгийн олон шалгуулагч математик, нийгэм судлал, англи хэл гэсэн гурван хичээлд бүртгүүлсэн байна. Жишээ нь, Математикийн хичээлээр 23634 шалгуулагч шалгалт өгнө гэж бүртгүүлсэн бол англи хэлний хичээлээр 21976, нийгэм судлал хичээлээр 20712 шалгуулагч тус тус бүртгүүлсэн байна.

-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг та хэлж өгөхгүй юу?

-Элсэлтийн ерөнхий шалгалт дөрвөн өдрийн турш үргэлжлэх ба шалгалтыг улс орон даяар нэг цагт нэгэн зэрэг 47 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын хувьд хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлалын шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут байна.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, дүн хэдий хугацаанд хүчинтэй байдаг вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо нь 2.6 жилийн хугацаанд хүчинтэй. Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын батламж бичиг хоёр ижил хугацаанд хүчинтэй байна.

-Сурагчид шалгалтын хуудасны хариултаа бөглөх харандаа, үзгээ өөрсдөө авч очих уу. Эсвэл шалгалт зохион байгуулж буй шалгалтын комиссоос өгөх үү?

-Шалгуулагчдын хариултын хуудсыг бөглөх харандааны тухайд харандаа, баллуур, үзүүрлэгчийг Боловролын үнэлгээний төв сурагчдад тарааж өгнө. Тийм учраас сурагчид харандаа, баллуур, үзүүрлэгчийг бэлдэх шаардлагагүй.

-Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ ямар материалыг бүрдүүлэх хэрэгтэй вэ?

-Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлэн ирснээр шалгалтын байр руу нэвтэрч шалгалт өгөх эрхтэй болно. Үүнд,

Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Бүртгэлийн хуудас (энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна), Суудлын хуваарь (та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна).

Зарим сурагч сандарч тэвдсэнээсээ болоод бүрдүүлэх материалаасаа мартаж ирэх тохиолдол гардаг. Ингэснээр өөрсдөдөө зохиомол сандрал тэвдлийг бий болгодог юм. Ийм байдал гаргахгүйн тулд шалгалтынхаа урд өдөр бичиг баримтынхаа бүрдэл болоод өөрийн сэтгэл санаа, сандрал тэвдлийг дарж, сайн унтаж амарч сэтгэл зүй, биеэ бэлдэж ирэх шаардлагатай.

-Насанд хүрээгүй, иргэний үнэмлэхгүй шалгуулагчид ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй болон энэ оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс хойш 16 насанд хүрсэн шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирэх юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn болон E-mongolia-д байршуулах ба дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэн авах боломжтой.

-Шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалтад ирэхдээ өөр юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Бичиг баримтаас гадна суудлын хуваарь тухайн хүүхдийг аль сургуульд хэддүгээр зааланд, хэддүгээр суудалд шалгалт өгөх гэдгийг илтгэсэн хуваарь байдаг учир суудлын хуваариа заавал хэвлэж авах хэрэгтэй. Түүнчлэн хүүхдүүд шалгалт өгөхийн өмнөх орой эрт унтаж амарч, амин дэмтэй хоол хүнс хэрэглэж бие махбодио, сэтгэл зүйгээ бэлдсэн байх хэрэгтэй. Эхний өдрийн шалгалт 10:00 цагаас эхлэх учир цаг хугацаа, авто замын түгжрэл гээд бүх зүйлийг тооцоолон шалгалтын байрны гадаа 30 минутын өмнө, шалгалт өгөх анги танхимд 10 минутын өмнө орж суудлаа эзэлсэн байх ёстой юм. ЭЕШ-ын сэдэв даалгавар задарснаас хойш хоцорч ирсэн тохиолдолд шалгуулагчийг дотогш нэвтрүүлэхгүй. Тиймээс суралцагчид бүх эрсдэлийг тооцож шалгалтын байранд хувийн бэлтгэлээ сайн базааж, эрт ирэхийг зөвлөе. Та бүхнийг ЭЕШ-аа амжилттай өгөн өөрийн хүссэн сургуульдаа элсэн суралцахыг хүсэн ерөөе

Categories
гадаад

Илон Маскийн SpaceX компани 14 настай хүүг ажилд авчээ DNN.mn

Дэлхийн тэргүүн баянд тооцогддог Илон Маскийн SpaceX компанийн шалгуурыг 14 настай хүү хангасан тул ажилд орохоор болжээ.

Кайран Кази тус компанид программ зохиогчоор ажиллах юм байна.

“Манай гарагийн хамгийн гоё компанид орж, Старлинкийн инженерийн багт программ зохиогчоор ажиллахаар боллоо. Миний нас, туршлагад хуучинсаг үзлээр хандаагүй ховор компаниудын нэг энэ юм” гэж тэр Пүрэв гарагт Linkedin хуудсандаа бичжээ.

Кази нь Санта Кларагийн их сургуулийн инженерийн сургуулийг хамгийн залуудаа төгссөн хүн болж байгаа юм байна.

Тэрбээр удахгүй Калифорни мужийн Плизантон хотоос ээжийн хамт Вашингтон мужийн Рэдмондод нүүж, SpaceX компанид ажиллаж эхлэхээр болжээ.

Кази хоёр настайдаа бүтэн өгүүлбэр хэлж чаддаг болсон бөгөөд цэцэрлэгт байхдаа бусад хүүхдүүд, багш нарт радиогоос сонссон зүйлээ ярьж өгдөг байсан гэнэ.

Ердийн сургуулийн хөтөлбөр хүүд хангалтгүй байсан тул эцэг эх нь түүнийг гуравдугаар ангид буюу есөн настай байхад Калифорнийн нэг коллежид шилжүүлж байжээ.

Тухайн жилдээ Кази ерөнхий хүн амын IQ тестийг өгөхөд 99.9 хувийн үр дүн үзүүлсэн байна.

Улмаар 11 настайдаа Санта Клара их сургуулийн компьютерын ухаан, инженерийн ангид суралцаж эхэлжээ.

Өнгөрсөн онд Кази кибер тандалтын Blackbird.AI компанид хиймэл оюуны чиглэлээр дөрвөн сарын хугацаанд дадлагажиж байсан байна.

“Уламжлалт ойлголтоор бол би хүүхэд насаа алдаж байгаа хүн. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Хэрвээ тэр ойлголтыг дагасан бол би одоо дунд сургуулиа л төгсөж байх байлаа” гэж Кази хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: Business Insid

Categories
гадаад

Африк тив нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болно DNN.mn

Африк тивд нэгдсэн мөнгөн тэмдэгт нэвтрүүлэх төлөвлөгөө хэрэгжих шатандаа явж байна гэж Африкийн Холбооны /АХ/ Эдийн засгийн хөгжил, худалдаа, аялал жуулчлал, аж үйлдвэр, уул уурхайн асуудал эрхэлсэн дээд комиссар Альберт Мючанга пүрэв гарагт мэдээлжээ.   Түүний хэлснээр, нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болох хүчин чармайлтын хүрээнд макро эдийн засгийн нийлэмжтэй байдлын шалгуурыг гишүүн орнуудын удирдагчид 2021 онд баталсан бөгөөд уг шалгуурыг Африкийн валютын хүрээлэн хэрэгжүүлэх ажээ.

Тус хүрээлэнгийн төв байр Нигерид байрлах юм байна.  АХ-г Африкийн валютын хүрээлэнг байгуулах асуудлаар нөөц бололцоогоо дайчлахад Африкийн хөгжлийн банк /AfDB/ хувь нэмрээ оруулна гэдгийг А.Мючанга нэмж хэлээд, улмаар уг хүрээлэн үйл ажиллагаагаа эхлүүлсний дараа АХ-ны бүх гишүүн орон макро эдийн засгийн нийлэмжтэй байдлын хэрэгжилтийнхээ талаар илтгэнэ гэсэн байна. Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто Африкт өөр өөр мөнгөн тэмдэгт ашиглаж байгаа нь тив доторх худалдаанд саад болж байгаад санаа зовниж буйгаа өмнө нь илэрхийлж байжээ. Тэрбээр тус тивд төлбөрийн хэд хэдэн бүс нутгийн дэд бүтэц бий болсныг хүлээн зөвшөөрөхийн сацуу худалдааг хөнгөвчлөх нэгдсэн систем байхгүй, мөн янз бүрийн мөнгөн тэмдэгт хэрэглэж буй зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн хэлсэн байна.

Categories
соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Опозит” хамтлаг есдүгээр сарын 2-нд тоглолтоо хийнэ DNN.mn

“Vandebo” хамтлагийн удаан хүлээлгэсэн “Зуны зугаа” тоглолт өнгөрсөн бямба гаригт амжилттай зохион байгуулагдсан.

Тэдний тоглолтын араас залуусын дунд “Опозит хамтлаг эргэн нэгдэж тоглолтоо хийгээсэй” гэсэн хүлээлт үүсээд байсан билээ. Тэгвэл нэгэн залуу өөрийн инстаграм хаягийнхаа сторид Опозит хамтлагийн тоглолтын постерыг оруулжээ.

Categories
эдийн-засаг

224 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолжээ DNN.mn

Өнгөрсөн сарын 26-наас энэ сарын эхэн хүртэлх хугацаанд экспортод 9 мянга гаруй автомашин нүүрс гарчээ. Мөн хугацаанд экспортод 950 чингэлэг, мөн мянга гаруй жолоочгүй, ухаалаг жолоодлогын AGV тээвэр хийгдсэн байна.

Дээрх тээврүүдээр 1,134.0 мянган тонн нүүрс гаргаад байна. Үүнийг өмнө оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 107 хувь өсжээ. Оны эхнээс 24,049.4 мянган тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 18,194.5 мянган тонноор буюу 3 дахин өссөн байна.

Зэсийн баяжмал: 384 автомашин, 224 чингэлэг тээврээр экспортолжээ. Оны эхнээс нийт 630.2 мянган тонныг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 2 хувиар өсжээ.

Төмрийн хүдэр, баяжмал: 27 автомашин, 1,830 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 2,232.6 мянган тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 56 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 130.8 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт: Дунджаар 52 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 65.9 хувь, зэсийн баяжмал 45.1 хувь, төмөр 26.5 хувь, алт 28.3 хувь, газрын тос 30.6 хувь, цайр 83.6 хувь, хайлуур жонш 84.1 хувь тус тус байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл

“Өдрийн сонин”-ы “Фото агшин” буланд гэрэл зургаа нийтлүүлээрэй DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонины арын нүүрний “Фото агшин” буланд уншигч та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олон, арван жил, аялал, амралт зугаалга, амьдралын дурсамжтай, хөгтэй түүхэн, агшнуудыг буулгасан ховор нандин гэрэл зургуудаа нийтлүүлж ойр дотны хүмүүстээ бэлэг болгон барих боломжийг та бүхэнд олгож байна.

Мөн хайртай хүмүүсийнхээ төрсөн өдрийг тохиолдуулж Өдрийн сонинд зургийг нь нийтлүүлэх нь санаанд оромгүй, мартагдашгүй бэлэг болох нь дамжиггүй.

Та доорх гар утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Гэрэл зураг хүлээн авах мэйл: tsetsegjargal1978@gmail.com Утас: 88039559

Өдрийн сонины Арын нүүрний “Фото агшин” буланд уншигч, захиалагчдаас ирүүлж нийтлүүлээд буй гэрэл зургуудыг танилцуулж байна.

 


Categories
мэдээ онцлох-нийтлэл

“Молор хонгор” галын морьд өнгөтэй байна DNN.mn

-Д.ГАНБААТАРЫН ДАРХАН ТҮМЭН ЭХ ХҮРЭН ХАЛЗАН МОРЬ ЭНЭ УЯАНД ТЭНЦЖЭЭ –


Уяан дээрээ дүүхэлзэх наран хонгор соёолонгийн хавирга шинийн хоёрны сар шиг хэрзийжээ. Сэлэм шиг хурц хөлөөрөө газар цавчиж цангинатал янцгаах ажнайг гуч эргэм насны шар залуу эмээллэж эрхийн чинээ жаахан хүүг мордуулаад тавилаа. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн алдарт уяач Энхтайваны Энхбаяраар ахлуулсан “Молор хонгор” галын уяачид наадамд уралдах морьдоо бариад байгаа нь энэ. Эднийх Сэргэлэн сумын урдхан талд гурван гэр бариад буужээ. Морьдоо энэ зургадугаар сарын 2-ны их дүйчин өдрөөр бариад, хараахан ёсолж амжаагүй байхад нь явж очлоо.

“Молор хонгор” галын ахлах, аймгийн алдарт уяач Э.Энхбаяр унаач хүүхдүүд болоод туслах уяачдынхаа ойр зуурын хэрэгцээтэй зүйлсийг аймгийн төвөөс авчраад удаагүй байна гэнэ. Түүнтэй мэнд мэдэж таван үг солих зуурт багачууд шаагилдаад орж ирэв. Дээрээс хойш гал дээр пургилсан шөл гүйцэд болов бололтой, жаахнууд гал тойроод л аягаа бариад сууцгаав. Үдийн хоолоо идэж байгаа нь энэ ажээ.

Тэд цайны цагаараа морьдынхоо идэш тэжээлийн талаар хоорондоо зөвлөлдөж, аль мориндоо ямар ажил хийх тухай болоод бас бус зүйлийг зөвлөлдөнө. Аяга шөлөө шоржигнотол сороод, аяга цай залгилсан тэд өдрийн ажилдаа ханцуй шамлаад орлоо.

Өнгөрсөн жилийн аймгийн наадмын өнгөнд давхисан морьдын цөм нь энд цуглажээ. Төв аймгийн 99 жилийн ойд аман хүзүүдсэн хүрэн морио хүлгүүдийнхээ хамгийн дээд талд нь сойсон байв. Энхбаяр уяач хүрэн морь руугаа үе үе анхааралтай харах нь ямар ажил хийх талаараа тархиа гашилгаж байгаа бололтой. Удахгүй тохиох наадмаар хүрэн морио хурдлуулахаар ихэд чармайж байгаа нь илт. Өнгөрсөн жил аймгийн наадамдаа айрагдсан соёолон нь ч эзэндээ итгэл төрүүлж байгаа бололтой.

Э.Энхбаяр уяач сүүлийн хорь гаруй жил энд галд гарч байгаа гэнэ. Энэ жил Сэргэлэн сумын урд дэнжид ногоо эрт цухуйжээ. Бага зэрэг сэрүүн салхитай байгааг эс тооцвол морины ажилд хамгийн таатай цаг агаар тохиож байгаа гэнэ.

Э.Энхбаярын өвөө нь Монгол Улсын анхны манлай уяачдын нэг Д.Даш. Хүүхэд ахуйдаа яг л энэ уяанд өвөөгийнхөө энгэрт зүүгдэж өссөн тэрбээр өвлөсөн эрдмээ залуу уяачдад хуваалцаж адууны сүүл боож явсаар төдийгөөс өдийтэй золгожээ. Тод манлай уяач Ц.Хэнмэдэх, П.Онон гээд 1990-ээд оны үеийн цуутай уяачид бүгд л энэ дэнжид чуулдаг байсан талаар Э.Энхбаяр хуучилж байна. Тэр үеийн домогт хурдан хүлгүүдийн цөм нь яг энэ дэнжид уягдаж төрийн наадамдаа тоосоо өргөдөг байж. Д.Ганбаатарын дархан түмэн эх хүрэн халзан морь л гэхэд энэ уяанд тэнцсэн унага гэнэ. Энэ хөндийд идээшсэн хүрэн халзан унага хожим төрийн наадамд гурав түрүүлж нэг айрагдсан түүхтэй.

Энэ арвин түүхтэй дэнжид сойгдсон хүлгүүд өнөө хэр нь төрийн наадамдаа хурдалж, түмэн олноо цэнгүүлсээр байна.

Өнгөрсөн жил л гэхэд энэ уяанаас мордсон хүрэн морь Төв аймгийнхаа 99 жилийн ойн их баяр наадмаар аман хүзүүдсэн гэнэ. Түүнчлэн соёолон насны ангилалд ч хул нь айрагджээ. Энэ жилийн тухайд уяа эвлэг морь хөнгөн сайхан байгаа талаар уяачид хэлж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд ийм дэлгэр зун Сэргэлэнгийн урд дэнжид тохиогоогүй гэнэ. “Молор хонгор” галынхан хэд хоногийн өмнө морьдынхоо өнгийг шинжихээр урагшаа Авдрын уулын тийш овооны наадамд оролцож хоёр ч айраг амсаад ирж. Энэ уралдаанаар морьдоо шинжиж хийх ажлуудаа тодорхойлж, төлөвлөгөө гаргаж аймгийнхаа зуун жилийн ойд тун чамбай бэлтгэж байна. Зургадугаар сарын 20-д гараад эрлийз давхилаа хийж ажлынхаа явцыг шинжих гэнэ. Улмаар бага, дунд сунгаагаараа ажлаа тааруулаад Хүй долоон худгийн дэнжийг зорих гэнэ.

Энэ уяанд найман настай балчраас ная шахсан буурал нийлсэн арав гаруй хүн цуглаад байна. Эдэн дунд хий эргэсэн нь нэг ч алга. Бүгд л дор бүрнээ тус тусын үүрэгтэй. Ная шахсан Цогоо гуай туслахтайгаа чөдөр зангидаж байхад гадаа найман настай Бат-Ирээдүй хүү морьдын нэмнээг уяа руу зөөнө. Өөр нэг балчир хажууд нь эмээл тэврээд дагаж байна. Тэр балчруудын амнаас гарах үг бүр наадамтай л холбоотой. Наадмаар тэр морь тэгнэ, энэ азарга ингэнэ гэхчлэн удахгүй болох наадмыг өөр өөрийн өнгөөрөө дүгнэж бяцхан мэтгээн үүсгэнэ.

Тэдний ажлын завсраар бяцхан хүү н.Бат-Ирээдүйтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Энэ жил хэдэн насны морь унах вэ?

-Зургаан насны морь унана.

-Аль насны морийг нь унах илүү дуртай вэ?

-Бүх насны л морь унаж байсан. Их насны морь унах илүү дуртай. Хамгийн хол газар уралддаг болохоор тэр.

-Даага унахад гоё биш үү?

-Зарим даага цуцаад явдаггүй юм аа. Нялх амьтныг чинь гуядаад байж болохгүй, хайрлаад байдаг юм. Хамаагүй явуулбал бахардаад уначихна.

-Наадмаа хүлээж байна уу?

-Наадмаа хүлээгээд нойр ч хүрэхгүй юм. Шөнө уралдаж байна гэж зүүдэлнэ. Наадмын урьд шөнө тохомоо дэрлээд хэвтэж байх хамгийн гоё. Уяа нь таарсан морьдын хөл хөнгөрөөд ямар гоё гээч. Айрагдаад ирвэл хамгийн сайхан.

-Өнгөрсөн жил ямар амжилттай уралдав?

-Говь-Алтайн наадамд уралдаад аман хүзүүдсэн. Үзүүр дээрээ жаахан шахуулаад урдаа алдчихсан. Энэ жил шахуулахгүй уралдана аа. Би хурдны морь гурван жил унаж байна. Аймгийн наадамд арай түрүүлж чадаагүй. Энэ жил түрүүлэх байх аа”. Бид ийн ярилцлаа.

“Молор хонгор” галын ахмад уяачид морины галд ирсэн хүүхэд ажил сураад буцдаг талаар хэлж байна. Морь уях ажлын ард хүүхэд хүмүүжүүлэх, хүн төлөвшүүлэх их ухаан явж байдгийг энэ насаараа адууны сүүл боож буй ахмад Цогоо гуай ярьж байна. Морины ажлын дэргэд өссөн хүүхэд амьтныг хайрлах сэтгэлтэй болж төлөвшихөөс гадна ажил хөдөлмөрт ч гавшгай суралцдаг ажээ.

Э.Энхбаяр уяачийн өвөө Д.Даш гуайн “Молор хонгор” азарга 1982-1987 оны хооронд улсын наадамд зургаан удаа айрагдаж байсан гэнэ. Даш гуай ч гол төлөв хонгор адуу хурдлуулдаг нэгэн байж. Түүний суут хонгор азарганы төл өдгөө ч улс бүсийн наадамд хурдалсаар байгааг ач хүү нь хэлж байлаа. Энэ жилийн тухайд “Молор хонгор” галын хүрэн морь төрийн наадам тоосоо өргөх бололтой. Өнгөрсөн жил аймгийнхаа наадамд аман хүзүүдсэн энэ хүлгийг Ардын хувьсгалын 102 жилийн ойн их баяр наадмын цээжинд уралдах морьдын нэгээр нэрлэж байна. Дархан түмэн эх хүрэн халзан морь тэнцсэн энэ хөндийгөөс энэ цагт хурдалж буй хүрэн морь төрийн наадамд торгон жолоо өргүүлж залуухан уяач Э.Энхбаяр цэнгэлдэх хүрээлэнд манлай уяач өвөөгийнхөө нэрийг дуурсгах цаг тийм ч хол биш биз ээ.

О.ДАШНЯМ