Categories
нийгэм цаг-үе

Нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 06-р сарын 23-ны 20 цагаас 06-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +4…+9 градус, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +20…+25 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +15…+20 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +26…+31 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна

Categories
мэдээ цаг-үе

Согтуу 691 жолооч, эрэн сурвалжлагдаж байсан 80 хүнийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ DNN.mn

Улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүрэгт өчигдөр “Уусан бол бүү жолоод” нэгдсэн хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулжээ.

691 согтуу жолооч, 288 эрхгүй жолооч, эрэн сурвалжлагдаж байсан 80 хүн, эд зүйл, 18 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.

Улмаар иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалжээ.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Categories
нийгэм эдийн-засаг

Монголын эдийн засгийн чуулган долдугаар сарын 9, 10-нд болно DNN.mn

Монголын эдийн засгийн чуулган энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд 2023 оны 7 дугаар сарын 9, 10-нд зохион байгуулагдах энэ удаагийн чуулганд 1.500 оролцогч оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд 5 өөр байршилд нэгэн зэрэг зохион байгуулагдахаараа онцлог болох ажээ.

Монголын эдийн засгийн чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэх бол энэ өдрийн үндсэн илтгэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар тавих юм байна.

Мөн чуулганы эхний өдрийн нэгдсэн хуралдаан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого”, “Монголын эдийн засаг ба тогтвортой хөгжил” сэдвээр болж,

  • Хөдөлмөрийн зах зээл
  • Дижитал шилжилт ба И-бизнес
  • Худалдааны боломж-Эдийн засгийн чөлөөт бүс
  • Шинэ үйлдвэрлэл-Хүнсний үйлдвэр
  • Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт
  • Шинэ боломж-Аялал жуулчлал зэрэг салбар хуралдаанууд болох ажээ.

Харин 2 дахь өдрийн хуралдааны үндсэн илтгэлийн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавьж, нэгдсэн хуралдаан “Шинэ ирээдүй-шинэ боломж”, “Дэд бүтэц” сэдвээр болно.

Энэ өдөр

  • Хөрөнгө оруулалтын орчин
  • Ирээдүйн хөгжил-Газрын ховор элемент, Зэс, Уран
  • Шинэ эрчим хүчний эх үүсвэр-Нар, Салхи, Устөрөгч
  • Ашигт малтмалын салбар, сайжруулах орон зай
  • Банк санхүү
  • Бүс нутгийн хамтын ажиллагааны боломж-Далайд гарцгүй орон
  • Хөрөнгийн зах зээл
  • Уул уурхайн тээвэр, логистик
  • Ногоон хөгжил-Ногоон санхүүжилт салбар хуралдаанууд болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг хаах юм байна.

Чуулганы зочдод 7 дугаар сарын 11-ний өдөр Үндэсний их баяр наадмын нээлтийг үзүүлж, “Соёлын наадам” фестивал, Хурдан морины уралдаан, Сурын харваагаар сонирхуулахаар төлөвлөжээ.

“Монголын эдийн засгийн чуулган-2023” арга хэмжээнд Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч, Рио Тинто группын ТУЗ-ийн дарга Доминик Бартон нар оролцож хүндэт зочны илтгэл тавих юм байна.

Categories
шинжлэх-ухаан-технологи

Титаникийн аялалд гарсан шумбагчийн салангид хэсгүүд далайн ёроолоос олджээ DNN.mn

Зуу гаруй жилийн өмнө живсэн Титаник хөлгийн үлдэгдлийг үзэх аялалд гараад сураггүй алга болсон Титан шумбагч машины сэг өчигдөр далайн ёроолоос олдсоноор уг аялалд явсан таван хүнийг аврах найдлага тасарсан байна.

“Эдгээр хүмүүс нь адал явдалд дурлагчид, далай тэнгисийг судлах, хамгаалах чин хүсэл эрмэлзэлтэй, жинхэнэ судлаачид байлаа. Ийм хүнд хэцүү цаг үед бидний зүрх сэтгэл эдгээр таван хүний гэр бүлийнхэнтэй хамт байна” гэж Титан шумбагчийг эзэмшдэг OceanGate Expeditions компани мэдэгджээ.

Канадын эрлийн хөлөг онгоцноос далайн ёроол руу илгээсэн шумбагч робот өчигдөр өглөө усны мандлаас 4 км-ийн гүнд, Титаник хөлгийн үлдэгдлээс 488 метрийн зайд Титан машины салангид хэсгүүдийг олсон тухай АНУ-ын эргийн хамгаалалтын алба мэдээлсэн байна.

6.7 метр урт эх биетэй Титан шумбагч машины таван том хэсэг далайн ёроолоос олдсон тул түүнийг ямар нэг шалтгаанаар дэлбэрсэн гэж дүгнэжээ.

Хүний цогцсын үлдэгдэл олдсон эсэх талаар аврагчид мэдээлэл өгөөгүй байна.

Шумбагч машинд жолоочоос гадна дөрвөн аялагч явсан юм. Тэд бол Их Британийн 58 настай тэрбумтан Хэмиш Хардинг, Пакистан гаралтай Британийн иргэн 48 настай бизнесмэн Шахзада Давуд, түүний 19 настай хүү Сулеман, Францын далай судлаач, Титаникийн эксперт гэгддэг 77 настай Пол Анри Наргеолет, OceanGate компанийн Америкийн талын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Стоктон Раш нар байжээ.

61 настай Стоктон Раш шумбагч машиныг жолоодож явсан байна.

Ням гарагт сураггүй алга болсон Титан шумбагчийн эрлийн ажиллагаанд өнгөрсөн хугацаанд олон орны аврагч мэргэжилтнүүд оролцож, далайн олон мянган километр талбайтай хэсгийг самнасан юм.

1912 онд Британиас АНУ-ын чиглэлд 1,500 гаруй зорчигчтой анхны аяллаа эхэлсэн Титаник хөлөг мөсөн уултай мөргөлдсөний улмаас живж байжээ.

Тус хөлгийн эх биеийн үлдэгдэл одоо Канадын Ньюфаундлэнд мужийн Сэйнт Жонс боомтоос өмнө зүгт 640 км зайтай Атлантын далайн ёроолд байдаг.

OceanGate компани живсэн Титаникийн үлдэгдлийг үзэх аяллыг 2021 оноос хойш зохион байгуулж байжээ. Уг аяллын нэг суудлын төлбөр $250,000 юм.

2018 онд болсон далай судлаачдын хурлын үеэр Титан шумбагч машины аюулгүй байдлын асуудал яригдаж, OceanGate компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал шүүхэд дуудагдаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters

Categories
нийгэм

Ламхай нарыг шалгах ажиллагааг УЕПГ-ын мөрдөн байцаах албанд шилжүүлжээ DNN.mn

Ламхай нарыг шалгах хэргийн харьяаллыг өөрчилсөн байна.

“Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг үү” гэх мэдээллийг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-ын Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст харьяалал тогтоолгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тус албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлгийн харьяаллын гэмт хэрэг болон УЕПГ-аас харьяалал тогтоосон насанд хүрээгүй хүн өртөж хохирсон гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.

Урьд өмнө нь сүм, хийдэд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг бүртгэгдэж байгаагүй талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Categories
эдийн-засаг

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 8 үл хөдлөхийг худалдах гэрээ байгуулах ажил үргэлжилж байна DNN

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 18 үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулах зарыг 2023 оны зургаадугаар сарын 2-ны өдөр www.dbm.mn цахим хуудсанд байршуулж, зургаадугаар сарын 15-наас худалдан борлуулах санал авч эхэлсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах хүсэлт гаргагчдын саналыг цахим хуудсанд нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж эхэллээ.

Худалдан авах хүсэлт гаргагчийн цахим хуудсанд ирүүлсэн саналуудыг 2023 оны зургаадугаар дугаар сарын 20-ны өдрийн 14 цагт ШӨХТГ болон ТӨБЗГ-ын төлөөллийн хөндлөнгийн хяналт дор нээсэн бөгөөд олон нийтэд зарласан 18 үл хөдлөх хөрөнгөөс 8 үл хөдлөх хөрөнгө дээр нийт 2.5 тэрбум төгрөгийн шаардлага хангасан санал ирсэн.

Үүнд:

• БЗД 1-р хороо, Барилга Мега Стор худалдааны төвийн В1 давхрын 895.02 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай талбай

• Ла Колина хотхоны 3, 10, 11, 14, 15, 23, 26 тоотууд

Дээр дурдсан 8 үл хөдлөх хөрөнгө дээр санал ирүүлсэн иргэн, хуулийн этгээдтэй цахим системд ирүүлсэн саналыг баталгаажуулах хуудас үйлдэн худалдах үнэ буюу төлбөрийг Хөгжлийн банкны дансанд байршуулах замаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж өмчлөлийг шилжүүлэхээр ажиллаж байна.

Харин үлдсэн 10 үл хөдлөх хөрөнгө дээр цаашид сонирхсон иргэн, хуулийн этгээд Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан санал илгээх эрх нь нээлттэй юм. Саналыг банкны цахим хуудсаар Үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл хэсгийн /Худалдан борлуулах ҮХХ/ цэс рүү нэвтэрч өгөх боломжтой. Ирүүлсэн саналын мэдээллийг бодит цагийн горимоор ҮХХ-ийн мэдээлэл хэсгийн /Ирүүлсэн саналын мэдээлэл/ цэснээс харах боломжтой.

Categories
эдийн-засаг

Өвөлжилтийн бэлтгэл 30 хувьтай байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Хурлын эхэнд нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн дүн, 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцууллаа.

Өнгөрсөн өвлийн хувьд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1106 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, гүйцэтгэл 94 хувьтай байжээ. Хотын хэмжээнд 20 мянга гаруй аж ахуйн нэгж, 283 мянга орчим өрхийг дулаанаар хангасан байна. Мөн 455 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангасан. Төвлөрсөн дулаан хангамжийн суурилагдсан хүчин чадал 2318 Гкал/ц боловч 31.8 хувийн хэтрэлттэй байгаа юм. Өвөлжилтийн хугацаанд дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол дундах насжилтын хугацаа дууссан шугам сүлжээнд нийт 12 гэмтэл гарч, цаг тухайд нь засварлажээ.

Ирэх өвлийн бэлтгэл хангах хүрээнд 658 төсөл, арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 30 хувьтай байна. Тодруулбал, улс, нийслэл, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 19 байршилд дулааны 28.1 км шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах ажлууд хийж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд хийж байгаагүй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болж байгаа юм.

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ орон сууцны хороолол доторх 1223.2 км инженерийн шугам сүлжээний ашиглалтыг хариуцан ажилладаг. Нийт шугам сүлжээний 60 хувь нь насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан бөгөөд 2023 оны зуны засвараар найман байршилд 3.6 км хос шугам сүлжээ болон бусад засварын ажлыг гүйцэтгэж байна. Өдгөө засварын ажил 34 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд угсармал 1077 блок орон сууцыг дулаалахаар төлөвлөсөн. Эхний ээлжид 375 блок барилгад есдүгээр сард багтаан дулаан хэмжих хэрэгсэл суурилуулахаар ажиллаж байна. Хөрөнгө оруулагч талаас оршин суугчид дулаалгын төлбөрийн тодорхой хувийг гаргах, тухайн орон сууц нь газар хөдлөлтөд тэсвэртэй байдлын дүгнэлттэй байх зэрэг үндсэн шаардлага тавьж байгааг хэлж байлаа.

Хотын хэмжээнд 8287 цахилгаан шат байгаагаас нийтийн зориулалттай орон сууцанд ашиглаж байгаа 800 шатны ашиглалтын хугацаа дуусаж байна. Үүнээс ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй 13- цахилгаан шатыг солих шаардлагатай байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн жил 160 мянга орчим өрхийг 523 мянга гаруй тонн сайжруулсан түлшээр хангасан. Энэ жил мөн тооны өрхийг 527 мянга орчим тонн түлшээр хангахаар төлөвлөж, 40 мянган орчим тонн түлш нөөцөлжээ.

Зөвлөлийн гишүүд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, нэн шаардлагатай бүтээн байгуулалтын ажлын үлдэгдэл санхүүжилт, дулаан холболтын ажлуудаа яаралтай хийх хэрэгтэйг онцолж байв

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг зургадугаар сарын 25-н гэхэд бэлэн болгох үүрэг өгчээ DNN.mn

Шадар сайд С.Амарсайханы удирдлага дор үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо.

Хуралд зохион байгуулах хорооны гишүүд, салбар хороодын дарга, Нарийн бичгийн дарга нар оролцож, холбогдох асуудлуудаар мэдээлэл хийн, саналаа нэгтгэсэн юм.

Баяр наадмын комиссын өнөөдрийн хуралдаанаар бэлтгэл ажлыг хангах асуудлаар Үндэсний бөхийн салбар хороо 50 хувь, хурдан морины салбар хороо 45 хувь, сурын салбар хороо 50 хувь, урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо 50 хувь, тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороо 50 хувь, хэв журмын салбар хороо 87 хувь, төрийн ёслолын үйлчилгээний салбар хороо 50 хувь, шагайн харвайн салбар хороо 30 хувь, хэвлэл мэдээллийн салбар хороод ажлаа тайлагнав.

Бэлтгэл ажил мөн баяр наадмын санхүүжилт, бусад чиглэлээр мэдээлэл өглөө.

Наадмаар үйл ажиллагаа явуулах худалдаа үйлчилгээний зохион байгуулалт, нийтийн хоолны чанар стандарт эрүүл, аюулгүй байдалд хяналт тавихад онцгой анхаарч ажиллах, үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолтын хяналтын хийх хугацааг тодорхой болгон зохион байгуулах, баяр наадмын хөтөлбөрийг зургаадугаар сарын 25-ны өдөр гэхэд бэлэн болгохыг Шадар сайд С.Амарсайхан салбар хороодын дарга нарт үүрэг чиглэл өгөв.

Ирэх долоо хоногт Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг наадам зохион байгуулагдах газруудаар явж бэлтгэл ажилтай танилцаж, тулгамдсан асуудал байвал газар дээр нь шийдвэрлэнэ гэдгээ онцоллоо.

Categories
улс-төр

Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.06.23) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс боловсруулж, Нийгмийн бодлогын байнгын хороо хэлэлцэн дэмжсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар үргэлжлүүлэн санал хураалаа. Нийт 30 гаруй санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн (2023.06.22) нэгдсэн хуралдаанаар эхлүүлж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан юм. Хуулийн төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар үргэлжлүүлэн санал хураалаа.

Хуулийн төслийн 22.8-д “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр бага боловсролыг гэрээр эзэмшүүлж болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.” гэсний “холбогдох журам” чухам юу байх тухай тодорхой заах шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хэллээ. Эцсийн хэлэлцүүлэгт энэ журмыг тодорхой нэрлэж оруулж ирэхийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чиглэл болголоо.

Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарч буй даатгуулагчийн нөхцөлийг хэвээр үлдээх, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөл болон газрын дор ажиллаж байгаа даатгуулагчийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхгүй байх, 2018 оноос дараалсан зургаа болон долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан нэг удаа шинэчлэн тогтоох, “Тэтгэврийн тогтолцоо” гэсэн бүлгийг “Тэтгэврийн төрөл” болгон өөрчлөх санал гаргасан байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулийн төсөл “Тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлого”-той нийцэж байгаа эсэх, улсын төсөв, нийгмийн даатгалын сангийн ачааллыг хэр нэмэгдүүлэх, хамтын тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилт, хамт амьдарсан хугацааны шалгуурыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцсанаар улсын төсөвт үүсэх ачаалал, уурын зуухны галч нарын ажиллах нөхцөлийн талаар асуулт асууж, хариулт авсныг дурдлаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай болон Монгол Улсын Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг буцаах зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах тухай түүний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нас барсан тэтгэвэр авагчийн 10 ба түүнээс дээш жил хамтран амьдарсан нөхөр, эсхүл эхнэрийн тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлж олгоно гэсний 10 жил гэсэн шалгуурыг нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй саналыг гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй ажээ.

Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Х.Ганхуяг нар үг хэлж, тэтгэврийг дараалсан долоон жилийн цалингийн орлогоос бодож буйг таван жил болгох, даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсаны эхний таван өдрийн тэтгэмжийг ажил олгогч өгөх, хамтын тэтгэврийн буюу гэр бүлийн хоёр хүний нэг өөд болоход үлдэж байгаа хүний тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх зохицуулалт хэзээнээс хэрэгжих, тэтгэврийн нөөц санг Ирээдүйн өв сан болон улсын төсвөөс бүрдүүлэхээр заасан нь хуульд нийцэж буй эсэх талаар асууж, Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөхөөр заасныг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлж, тэтгэвэр бодох итгэлцүүрийг зөв тогтоох, мөнхүү хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалд шилжих санхүүгийн эх үүсвэрийг оновчтой тооцох, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн менежментийг сайжруулах шаардлагатайг онцолсон юм.

Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр 2018 оноос дараалсан зургаа болон долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан нэг удаа шинэчлэн тогтоох тухай зохицуулалт нь хуульд бус уг хуулийг дагаж мөрдөх журамд оруулах процессийн асуудал гэж үзэж буйгаа илэрхийлэв. Энэ бол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн гаргасан санал бөгөөд Байнгын хорооны хуралдааны үеэр олонхийн дэмжлэг аваагүй юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлаар санал хураахад Нийгмийн бодлогын байнгын хорооны санал буюу Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн саналыг дэмжихгүй гэсэн санал дэмжигдэв.

Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, хамтын тэтгэврийн хугацааны шалгуурыг 10 жил байхаар төсөлд тусгасныг 20 жил болгох санал гаргасан нь олонхын санал аваагүй юм. Уг саналаар санал хураах үед тэрбээр, нэг гэр бүлийн хоёр хүний нэг нь өөд болоход нөгөө хүний тэтгэврийг 20 хувиар нэмэх зохицуулалтад 10-аас доошгүй жил хамт амьдарсан байх гэсэн шалгуур үзүүлэлт зааж өгч буй нь бага гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. 20-оос доошгүй жил болгох нь монгол гэр бүлийн тогтвортой хамтын амьдралыг дэмжихэд чухал болохыг дурдав. Уг асуудлаар санал хураахад Байнгын хорооны санал дэмжигдэлгүй унаж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн дэвшүүлсэн зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын гаргасан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ийнхүү санал хураалт дууссанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн тухай дурдаад, Ажлын хэсгээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй ес, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой нэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн гараагүй тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингэснээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг явууллаа. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 17, найруулгын нэг, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй гурван санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураах үед төслийн 14.9-д, даатгуулагчид тусламж үйлчилгээ үзүүлэх сэргээн засах төв болон сувиллыг сонгох, гэрээ байгуулах, санхүүжүүлэх, тусламж үйлчилгээний чанарт хяналт тавих журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасныг дэмжихгүй тухай үндэслэлээ Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр илэрхийллээ. Тэрбээр уг заалт дахь журмыг сайд биш хамтын удирдлагатай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа дурдав. Түүний саналыг үндэслэн төслийн 14.9 дэх заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өглөө.

Зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуулийн төслүүдийн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцуулав. Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг зүйл бүрээр, Ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн талаар дурдаад, 2022 онд батлагдсан Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай нийцүүлж нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн үйл ажиллагааг эрхлэх этгээдэд олгох тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг нарийвчлан зохицуулах, төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд нэмэлт тэтгэврийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа болон хөтөлбөр бүртгэхтэй холбоотой баримт бичгийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх зэрэг санал дүгнэлтийг Нийгмийн бодлогын байнгын хорооноос танилцуулж байна гэлээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 42, найруулгын нэг, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут Байнгын хорооны хуралдааны үеэр ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн гишүүнчлэлтэй ажилтан, гишүүд өөр байгууллагад шилжсэн тохиолдолд тэтгэврийг шилжүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтын талаар болон ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан ажилтны сард төлөх шимтгэлийн доод хязгаарыг тогтоосон нь сайн дурын даатгалын зарчимтай нийцэж байгаа эсэх асуудлыг хөндсөн байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоны уг асуудлыг Улсын Их Хурлын чуулганы дараагийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар санал хурааж баталсан Улсын Их Хурлын тогтоолууд болон батлагдсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уншиж сонсгов. Засгийн газраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг өнөөдрийн санал хураалтаар баталлаа.

Мөн өмнө нь эцсийн хэлэлцүүлгийг явуулж баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонсгов. Түүнчлэн, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдаж гарсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд, “Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
гадаад

Оросын дипломатч Австралийн засгийн газрын хориглосон газарт эсэргүүцэл илэрхийлсэн нь маргаан дэгдээв DNN.mn

ОХУ-ын элчин сайдын яам шинэ байраа барихаар төлөвлөсөн газрын эрхийг Австралийн засгийн газар үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр саяхан цуцалсан юм.

Уг газар нь тус улсын парламентын байраас 400 метр зайд байрладаг тул тагнуулын ажиллагаа явуулах эрсдэлтэй гэж үзээд 2008 онд олгосон түрээсээр эзэмших эрхийг цуцалжээ.

Оросын тал шийдвэрийг Австралийн дээд шүүхэд давж заалдахаа мэдэгдээд байгаа.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг шийдвэрийг “Өрнөдийн орнуудад ажиглагддаг Оросын эсрэг хэт үзлийн нэг жишээ” гэж шүүмжилж байв.

Пүрэв гарагт Оросын нэг дипломатч эрх нь цуцлагдсан барилгын газар дээр тамхилж байгааг харуулсан гэрэл зураг Австралийн хэвлэлүүдээр цацагджээ.

Тэрбээр ийм аргаар эсэргүүцэл илэрхийлж байгаа бололтой. Дипломатчийн халдашгүй статустай тул цагдаа нар түүнийг газраас албадан явуулах боломжгүй байгаа гэнэ.

Баасан гарагт Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз дипломатчийн эсэргүүцэлд санаа зовохгүй байгаагаа мэдэгджээ.

“Орос улс сүүлийн үед хууль дүрэм сахих талаар их тааруу байгаа. Украинд түрэмгийлэл үйлдсэн Орос улс олон улсын эрх зүйн хэм хэмжээг байнга, увайгүй зөрчиж байгаа тул бид тэднээс зөв үйлдэл гарна гэж найдахгүй байна” гэж Албаниз хэлсэн байна.