Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын дарга Г.Занданшатар саяхан ОХУ-д айлчлаад ирлээ. Айлчлалын үеэр ямар асуудлаар ярилцаж, ямар тохиролцоонд хүрсэн талаар яриагаа эхэлье?
-Монгол Улсын ОХУ-тай хөгжүүлж буй иж бүрэн стратегийн түншлэлд парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдэг. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг хадгалан үргэлжлүүлэхийн зэрэгцээ хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой байсан. Тухайлбал айлчлалын үеэр Монгол Улсын Их хурал, Оросын холбооны улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны комиссыг шинэчлэн байгуулах баримт бичигт гарын үсэг зурсан. Хамтарсан комиссын үйл ажиллагааг цаг алдалгүй эхлүүлж, комиссын анхдугаар хуралдааныг ирэх наймдугаар сард багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцсон. Тус комиссын анхдугаар хуралдаанаар хоёр орны худалдааны
хэт тэнцвэргүй байдал, хэрэгжилт нь удаашралтай байгаа дэд бүтцийн томоохон төслүүдтэй холбоотой асуудлуудын бодит шийдлийг ярилцаж, хоёр орны гүйцэтгэх засаглалын байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон.
-Айлчлалын үеэр яригдсан өөр нэг гол зүйл бол тарифын асуудал шүү дээ…?
-УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны хурлын төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзсан. Уулзалтуудаар парламентын хамтын ажиллагааны хүрээнд тарифын болон тарифын бус хязгаарлалтыг бууруулах, хоёр улсын хамтарсан чөлөөт бүс байгуулах болон бусад арга замаар худалдааны тэнцвэргүй байдлыг залруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулахаар зарчмын хувьд тохирсон. Мөн эдийн засгийн харилцаа, тэр дундаа бүс нутаг хоорондын харилцааг дэмжих, эрчим хүч, төмөр зам, тээвэр, соёл, боловсролын хөтөлбөр, залуучуудын харилцаа холбоо, аялал жуулчлал, эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон.
Айлчлалын үеэр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцээрт хоёр улсын Тээврийн асуудал эрхэлсэн сайд нар гарын үсэг зурсэн. Ингэснээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дүрмийн санд хоёр талаас тус бүр 83.6 тэрбум төгрөг буюу нийтдээ 167.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ хүрээнд оросын талаас таван зүтгүүр нийлүүлж, харин манай талаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулах зорилгоор Япон улсаас авсан МонП-1, МонП-2 гэгддэг өрийн асуудлыг тэглэхээр болсон.
-Шатахууны асуудлаар бас яриа хэлэлцээр хийсэн байсан. Энэ талаар та товчхон ярихгүй юу?
-УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын “Роснефть” ХН-ийн ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечинтэй хийсэн уулзалтын үеэр тодорхой асуудлаар ярилцаж, тохиролцоонд хүрсэн. Тухайлбал, энэ оны зургадугаар сард Монгол Улсын төмөр замын ачааллын улмаас хойшлогдсон газрын тосны нийлүүлэлтийг ирэх саруудад нөхөх, мөн “Роснефть” ХН-ийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд ирэх наймдугаар сард 30 хоногийн хугацаатай төлөвлөгөөт засварын ажлыг гүйцэтгэх болсонтой холбогдуулан засварын ажлын өмнө буюу зургаа, долдугаар сард Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцсон.
-Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад харилцаа хоёр хөрштэй төдийгүй гуравдагч түнш орнуудтай идэвхтэй өрнөж байгаа нь илт ажиглагдаж байна. Энэ оны эхний хагаст гэхэд л Европын хоёр улсын төрийн тэргүүн айлчиллаа. Ер нь гуравдагч хөршийн харилцаа бидэнд үнэхээр чухал биз дээ?
-Мэдээж, Монгол Улсын иж бүрэн стратегийн түнш болох БНХАУ, ОХУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн бэхжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн. Тиймээс ч бид дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн ээдрээтэй цаг үед ч сайн хөршийн уламжлалт, найрсаг харилцаагаа хөгжүүлэн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж ирсэн. Олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд бид дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг боломжтой бүхий л салбарт хөгжүүлэхийг зорьдог. Манай гадаад бодлогын амин сүнс нь харилцааны тэнцвэртэй харьцааг хадгалах явдал гэж би өмнө хэлж байсан. Энэхүү тэнцвэрийг хадгалах арга замын нэг нь манай “гуравдагч хөрш”-ийн бодлого юм. Гадаад бодлогын үзэл баримтлалыг харахаар тодорхой хэдэн улсыг “гуравдагч хөрш” гэж заасан юм шиг ойлгогдож магадгүй. Бүх улс орныг бид жагсааж бичих боломжгүй учраас тухайн үеийн хоёр талын харилцааны түвшин, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, иргэд хоорондын харилцаа гэх мэт олон үзүүлэлтэд тулгуурлан сонгосон байдаг.
-Гуравдагч хөршийн харилцааг илүү идэвхжүүлсэн айлчлал бол Франц улсын ерөнхийлөгч ирсэн явдал гэж олон улс судлаачид хэлж байна. Таны хувьд энэхүү айлчлалыг ямар байдлаар дүгнэж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар өнгөрсөн дөрөв, тавдугаар сард манай улсад төрийн айлчлал хийсэн. Франц бол НҮБ болон Европын холбооны үүсгэн байгуулагч улсуудын нэг төдийгүй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, Европын холбооны нэр нөлөө бүхий гишүүн, эдийн засгаараа дэлхийд долдугаарт ордог улс юм. Монгол, Францын дипломат харилцааны 58 жилийн түүхэнд анх удаа Францын ерөнхийлөгч манай улсад айлчилсан нь яахын аргагүй түүхэн үйл явдал болсон. Франц улс Монгол Улсыг өөрийн онцгой түнш гэж үздэг. Айлчлалын үеэр хоёр орны хамтын ажиллагааг тодорхой чиглэлээр хөгжүүлэх тухай Монгол, Францын хамтарсан тунхаглалыг гаргасан. Тунхаглалд заасны дагуу улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, технологи, аж үйлдвэржилт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарт тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ. Монгол, Польшийн хувьд төрийн тэргүүний түвшинд 5-10 жилийн давтамжтай харилцан айлчилсан байдаг. Польш улс Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа 2021 онд сэргээн нээхээр шийдвэрлэж, ерөнхийлөгчийн айлчлалын үеэр албан ёсоор нээсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт хоёр дахин нэмэгдэж, 100 сая орчим ам.долларт хүрээд байна. Иргэд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хоорондын харилцаа идэвхжиж байгаатай холбогдуулан Польшийн Элчин сайдын яаманд Консулын хэлтэс ажиллуулах манай хүсэлтийг 2024 оноос ажил хэрэг болгохоо Польшийн талаас нотолсон. Аливаа улс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс Польш улсад сурах монгол оюутны тоог нэмэгдүүлэхээр хоёр тал ажиллахаар тохирсон нь энэхүү айлчлал үр дүнтэй болсны илрэл гэж бодож байна.
-Стратегийн түншлэлийн харилцаатай “гуравдагч хөрш” орнуудын талаар ярилгүй өнгөрч болохгүй байх. Тэдгээр улсуудтай хөгжүүлж буй харилцаанд ямар ахиц гарав?
-Иж бүрэн стратегийн түнш буюу БНХАУ, ОХУ-аас гадна манай улс Япон, БНСУ, Энэтхэг, АНУ-тай стратегийн түншийн харилцаатай. Манай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд ч эдгээр улс тэргүүлэх байр суурийг эзэлдэг төдийгүй тогтмол дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээ хийдэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сард БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Орхоны хөндийд шинэ ухаалаг, ногоон хот байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулахад Солонгосын талтай хамтран ажиллахаар тохиролцсон. Монгол Улс ашигт малтмал, байгалийн баялгийн нөөцөөр тэргүүлэх дэлхийн 10 орны нэгт тооцогддог. Тиймээс уул уурхай, олборлолтын ноу-хау, дэвшилтэт технологитой БНСУ-тай Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах ажлыг эрчимжүүлж, ховор металлын хайгуул, олборлолт, боловсруулах, улмаар ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллахаар тохирч, зарим баримт бичигт айлчлалын үеэр гарын үсэг зурсан. Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, худалдааны саад тотгорыг багасгах зорилгоор хамтарсан судалгааны үр дүнд суурилан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлэх, хоёр талын хэлэлцээний багийг байгуулахаар болсон. Монголын 1000 эмч, сувилагч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх богино, дунд хугацааны хөтөлбөр зохион байгуулах манай талын хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэхээ айлын талаас илэрхийлсэн. Айлчлалын үеэр тохирсны дагуу БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) урьдчилсан судалгааны зөвлөх баг өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсад ажиллаж, “Шинэ Хархорум” хотыг түүх, соёл, аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасныг хэлье.
-УИХ-ын дарга Япон улсад айлчилсан. Энэхүү айлчлал ч гэсэн стратегийн түншлэлийн харилцааг идэвхжүүлсэн гэж ойлгож байгаа…?
-УИХ-ын дарга Г.Занданшатарын Япон улсад хийсэн албан ёсны айлчлал нь тус улстай тогтоосон энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, ялангуяа хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог улам бататган хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэх таатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд айлчлалын гол зорилго байсан. Монгол, Японы харилцааны хувьд энэ оны эхний хагас жил идэвхтэй өрнөсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн онд хийсэн төрийн айлчлалын үеэр тохирсон ажлууд хэрэгжиж эхлээд байна. “Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн санхүүжилт Монголын талд гуравдугаар сарын 16-нд шилжин оров. “Төв аймгийн Хөшигийн хөндий дэх шинэ хот болон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийг Японы талтай хамтран эхлүүллээ. Нөгөөтэйгүүр Энэтхэг улстай хамтран хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ЕРС-I багц ажлын явц 86 хувьтай бөгөөд ЕРС-II, III багц ажлын талбай дахь бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолын ажиллагаа дөрөвдүгээр сарын 28-нд болов. EPC-IV багц ажлын барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, үнэ буулгах хэлэлцээ хийж байна. Манай талын санаачилгаар уг төслийн зээлийн эргэн төлөлтийн гэрээнд өөрчлөлт оруулахаар Энэтхэгийн талтай ажиллаж байгаа.
-Гуравдагч хөрштэйгөө илүү өргөн хүрээнд харилцахын тулд тухайн улс руу шууд нислэгтэй болох асуудал байгаа. Энэ хүрээнд АНУ руу шууд нислэг үйлдэх асуудал яригдаж байгаа шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Өнгөрсөн хоёрдугаар сард болсон Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралд оролцохдоо би АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй уулзаж, хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлж, хамтын ажиллагааны асуудлуудыг урагшлуулахаар болсон. АНУ-ын Төрийн департаментын удирдах албан тушаалтнууд манай улсад айлчилсан нь Америкийн талаас хоёр улсын стратегийн түншийн харилцаанд өндөр ач холбогдол өгч буйн илрэл гэж бодож байна. Энэ оны эхээр Агаарын тээврийн тухай Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг үзэглээд байна. Уг хэлэлцээрийг байгуулснаар агаарын тээврийн либералчлал, хямд тийз-хүртээмжтэй нислэгтэй болох боломж бүрдэж, АНУ руу шууд нислэг үйлдэхээс гадна гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэлт хийх, нислэг гүйцэтгэх чөлөөтэй зохицуулалттай болно. Ойрын хугацаанд хоёр улсын хооронд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын үеэр хэлэлцээрийг байгуулахаар талууд ажиллаж байгаа.
-Та сая манай улсын гадны улс орнуудтай хөгжүүлж буй хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилаа. Саяхан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг зохион байгуулсан. Үүнээс гадна олон талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын баримталж буй бодлогыг сонирхож байна?
-Монгол Улс бол бүс нутаг болон олон улсын байгууллага, хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тийм ч учраас манай улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг дэвшүүлж ирсэн. Улмаар Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг 2013 онд анх санаачлан, анхдугаар хурлыг 2014 онд хийсэн. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын 10 жилийн ой тохиож байгаа энэ үед наймдугаар бага хурлыг зургадугаар сарын 15–16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Энэ удаагийн бага хуралд 30 орчим улс, 10 гаруй олон улсын байгууллагын 180 гаруй төлөөлөгчид оролцсон. Энэхүү санаачилгаар Солонгосын хойгийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, зогсонги байгаа асуудлуудыг урагшлуулахад дэмжлэг үзүүлэх гарцыг нээхийг зорьж байна.
-Ойрын хугацаанд Гадаад харилцааны яамнаас болон гадаад харилцааны салбарт ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн, өөрөөр хэлбэл бүх хүн адил тэгш эрх, эрх чөлөө эдэлж, адил тэгш боломжоор хангагдах ёстой гэсэн зарчимд тулгуурласан феминист болон феминист чиг баримжаатай гадаад бодлого хэрэгжүүлж буй орнуудын тоо нэмэгдэж байна. Бид ч мөн адил иймэрхүү бодлогыг хэрэгжүүлж байна. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэй алба хаагчдын тоогоороо бүс нутагтаа манай улс тэргүүлж байна. Гадаад харилцааны яамны нийт албан хаагч болон удирдах албан тушаалтнуудын тал орчим хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн өнөөдрийн байдлаар хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газруудад Элчин сайдаар зургаан эмэгтэй ажиллаж байгаа нь түүхэндээ хамгийн өндөр тоо юм. Ийнхүү эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангахад тодорхой амжилтад хүрч, бүс нутагтаа манлайлж буй улсын эмэгтэй сайдын хувиар Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг зургадугаар сарын 29-30-ны өдрүүдэд өөрийн эх орондоо зохион байгуулах санаачилгыг дэвшүүлсэн. Энэхүү санаачилгыг манай төр, засгийн удирдлагууд ч дэмжиж, өндөр ач холбогдол өгч байгаа. Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа. Ирэх есдүгээр сард Гэгээн Ширээт улс (Ватикан)-ын төрийн тэргүүн Пап Францис манай улсад төрийн айлчлал хийхээр олон нийтэд зарлаад байна. Дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдах асуудлууд тодорхой хэмжээний нууцын зэрэгтэй байдаг учраас одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Маргааш гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт эхлэх гэж байна. Энэхүү уулзалтад ямар улсын сайд нар оролцох вэ?
-Олон улсын томоохон уулзалт, арга хэмжээний үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нар уулзалт хийдэг заншил тогтсон байдаг. Манай улс энэхүү тогтсон форматыг улам хөгжүүлж, албан ёсны хэлбэртэй, илүү үр дүнтэй болгох зорилгоор Гадаад хэргийн эмэгтэй сайдын нарын уулзалтыг маргаашаас эхлээд хоёр өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж байна. Бид энэхүү уулзалтыг феминист гадаад бодлогын сайн туршлагаа хуваалцдаг, дэлхий дахин, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, санал бодлоо хуваалцдаг индэр болгохыг ч эрмэлзэж байна. Энэ хурлаар бид уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг гэсэн гурван сэдвээр салбар хуралдаан зохион байгуулахаар тохиролцсон. Оролцогч талууд хурлаас гарах баримт бичгийн агуулгыг хэлэлцэж байна. Миний бие өнгөрсөн хугацаанд олон улсын арга хэмжээнүүдийн үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын албан бус бүлгийн болон феминист гадаад бодлогын талаарх хэд хэдэн уулзалт, хуралдаанд оролцсон. Олон улсын энх тайван, тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлыг хэлэлцэхдээ дэлхийн эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсож шийдвэр гаргахдаа тэдний оролцоог хангаж байх нь чухлыг би эмэгтэй сайдын хувьд байнга онцолдог.