Categories
story-news

ТОЙМ: “Гол нуур, засмал зам дээрх эзэнгүй малыг журамлах хэрэгтэй байна​” хэмээн өгүүллээ

ТОЙМ: “Гол нуур, засмал зам дээрх эзэнгүй малыг журамлах хэрэгтэй байна​” хэмээн өгүүллээ

Categories
онцлох-нийтлэл улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: ШЕЗ “Ерөнхий сайдыг огцруулъя” гэсэн нь хэрэг дарах сэдэл, хугацаа хожих үйлдэл байсан DNN.mn

“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дандаа авлига, гэмт хэрэг ярьдаг” гэдэг шүүмжлэл бий. Тэр үнэн. Тэрбээр 60 тэрбум, Эрдэнэтийн 49, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, шүүхийн булхай гээд ер нь ийм сэдвээр л голдуу ярьдаг. Энэ талаараа хамгийн сүүлд УИХ дээр “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд өмч хувьчлалаас эхлээд ашигт малтмалын лицензүүд, нийслэл Улаанбаатар хотын газрын наймаанаас эхлээд төрийн тендерүүд, Хөгжлийн банкнаас эхлээд ЖДҮ-ийн зээл, нүүрс зэсийн хулгай зэрэг олон асуудалд төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож, өөртөө болон гэр бүл, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, төлөөлөх ёстой иргэдийнхээ өнөөдрийн болон ирээдүйн боломжийг хулгайлсан ноцтой баримтуудыг Засгийн газар ил болгож, системийн авлигын эсрэг тууштай тэмцэж байна” гэж хэлсэн. Ингэж ярихынхаа зэрэгцээ Эрүүгийн хуульд авлига, албан тушаалын хэргүүдийн ялыг чангатгах, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, мөн Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг санаачилсан.

Л.Оюун-Эрдэнэ сая өмнөд хөршид айлчлалаар очоод ч Хятад улсын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай уулзахдаа авлига, албан тушаалын хэргүүдийнхээ талаар орхисонгүй. Тухайлбал, Си Жиньпинд “Авлигын гэмт хэргийн эсрэг хоёр улсын хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх”, Жао Лөжид “Авлигатай тэмцэх чиглэлээр Хятадын хууль хяналтын байгууллагуудтай хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах, туршлага судлах, мэдээлэл солилцох чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байна” гэдгээ хэлээд авчээ.

Түүнийг Хятадад айлчлах үеэр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр батлагдсан. Бас Хөгжлийн банкны шүүх хурал дуусч, уг хэрэгт гэм буруутай этгээдүүдийг зарласан.

Л.Оюун-Эрдэнэ Хятадаас ирээд өчигдөр энэ чиглэлээр ажиллаж буй ажлын хэсгүүдийг хуралдуулсан байна. Тэр хурлаар Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, Ашиг сонирхлын хуулийн өөрчлөлт батлагдсан. Эрүүгийн хуулийн ялын бодлого чангарсан. Ийм маягаар Авлигын эсрэг тэмцэл алхам алхмаар урагшилж байна. Харин “5Ш” ажиллагааны хэрэгжилтэд хамгийн их саад учруулж буй хамгийн том хүчин зүйл, сорилт нь шүүх засаглал боллоо. Шүүхийн тодорхойгүй эрх зүйн орчин “5Ш”-ийн гацаа болж байгааг ярилцсан гэх мэдээлэл байна. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ШЕЗ-өөс Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргасан нь гэмт хэргийг нуун дарагдуулах сэдэл, хугацаа хожих үйлдэл байсан гэж үзэж байна. Энэ нь “5Ш” ажиллагааны хамгийн том сорилт нь шүүх болж байгаагаас харагдаж байна. Тийм учраас л шүүхийг нүд цавчилгүй хараарай гээд байсан юм. Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Хэдий хүртэл хэрэг дарахыг нь харж л байя” гэсэн агуулгатай зүйлийг ярьжээ.

Эргэн сануулахад, Шүүхийн ерөнхий зөвлөл 2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгсийг авч хэлэлцсэн. Тэрбээр “Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрвээ шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна”, “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгчдийг хувааж авч болохгүй”, “Шүүх дээр байгаа бүх хэргийн он, сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэж ярьсан. Эдгээр нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулахаар Улсын дээд шүүхэд хүргүүлэх тухай хэлэлцсэн байдаг.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Ц.Агиймаа: Дэлхий нийтийн чиг хандлагаас харахад англи хэлийг гуравдугаар ангиас сургах нь зохимжтой DNN.mn

Монгол Улсын Эрдмийн их сургуулийн Сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D), профессор Ц.Агиймаатай ярилцлаа.


-Боловсролын багц хуулийн талаар та ямар байр суурьтай байна вэ. Хуулийн эерэг болон сул талыг нь хэрхэн харж байна. Энэ хууль батлагдсанаар боловсролын салбарт реформ хийж чадах уу?

-Боловсролын хуулиудыг багцлан гаргах үйл явц идэвхтэй явагдаж байх шиг байна. Салбарын хуулиудыг нэгтгэн цогцоор харах гэсэн нь сайшаалтай. Мөн үндэсний боловсролд анхаарал тавьж байгаагийн нэгэн илрэл гэж үзэж байна. Эерэг тал гэвэл боловсролын салбарыг тогтолцоогоор нь харах гэж оролдсон, хөгжил өөрчлөлтийг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх юм гэж талархан харж байгаа. Сул тал гэвэл мэргэжлийн түвшинд сайн чанартай гарч байгаа эсэхэд эргэлзэж байна. Эргэлзэх шалтгаан нь мэргэжлийн судлаач эрдэмтэд ажлын хэсэгт орж ажиллаж, тэдний санал зөвлөмж хэр зэрэг туссан бол гэж бодож л байна. Ялангуяа дээд боловсрол судлалын түвшин харьцангуй сул байгаа нь Дээд боловсрол, тэр дундаа судалгааны их сургуулийн хөгжлийг дэмжсэн заалт тунхаглалын шинжтэй явж л байгаа юм байна лээ. Манай сургуулиас ихээхэн анхааралтай харж, ихээхэн идэвх зүтгэл гаргасан. Харамсалтай хуулиудыг нэгтгэсэн, гэхдээ дээд боловсролын хуульд оруулсан заалтууд нь л хасагдчихгүй байх гэж найдах л үлдлээ. Судалгааны их сургуулиуд нь Монголын хөгжлийн ганц хөдөлгөгч хүч юм шүү.

Улс орнууд дэлхийн түвшний их сургуулийг байгуулан хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа энэ үед Монгол Улс ч хоцрогдмооргүй байгаа юм. Өөртөө байгаа ололт амжилтыг олж харж, дэмжин туслах нь төрийн үүрэг л дээ.

-Энэ хуульд байсан нэг чухал заалт бол англи хэлийг бага ангиас нь үзэх тухай байв. Гэвч УИХ-ын гишүүд эхний хэлэлцүүлэг дээр унагачихлаа. Уг заалтын цар хүрээ, ач холбогдлыг хэлний бодлогын хүний хувьд юу гэж дүгнэж байна вэ?

-Хэлний бодлогын судалгаа манай сургууль дээр ихээхэн хийгддэг. Энэ судалгааг анх эхлүүлж, хөгжүүлж, шавь сургууль үүсгэсэн байгууллагын хувьд монгол болон гадаад хэлний асуудалд хэн дуртай нь үзэмжээр, хөөрлөөр хандаж байгаа нь их харамсалтай. Гадаад хэлийг хэдэн наснаас заах асуудал өнөөдөр шинжлэх ухаанд тайлагдаагүй байгаа. Заан сургах асуудлыг улс орон бүр өөрийн онцлог, боловсролын бодлого зэрэг олон нөхцөл байдлаас болж янз бүрээр л тогтоодог. Гэхдээ хэлний асуудлыг хатуу хуульчилдаггүй, хүнийг яг ингэж ярь гээд тулгаад байж болохгүйтэй адил. Хэлний асуудал нь аливаа улсын төрийн бодлогын нэг хэсэг нь байдаг. Гадаад хэлийг буруу хуульчилж зааснаас иргэний дайн ч үүссэн тохиолдол гардаг, болгоомжтой хандах асуудал. Жишээ нь Шри Ланка улсад хоёр хэлтэй ард түмэн оршдог байхад нэгний хэлийг албан болгосноос оюутнууд бослого гаргаж, хэсэг нь алагдсан тул НҮБ- аас жил бүрийн хоёрдугаар сарын 21-нийг Эх хэлний олон улсын өдөр болгон тэмдэглэдэг болсон.

-Англи хэлний заалтыг эсэргүүцсэн УИХ-ын гишүүд өөрсдөө болон үр хүүхдүүд нь бүгд англи хэлтэй. Дээрээс нь ард түмнээс сонгогдсон хүмүүс ардын хүүхдүүдэд англи хэл заахыг хориглоод байх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Бүгд л монгол хүмүүс, монгол хүүхдийг хөгжүүлэхийг л бодож байгаа. Энэ их шуугиан нь мэргэжлийн бус хүмүүс мэдэмхийрэх явдал газар авсныг л харуулж байна. Дэлхий нийтийн чиг хандлагаас харахад гуравдугаар ангиас л сургах нь зохимжтой гэж үзмээр. Боловсролын салбарыг хариуцсан ажлыг нь хийлгээд, тойрон бужигнахаа больё.

-Англи хэлийг бага ангиас үзэх юм бол үндэсний дархлаанд тэр дундаа эх хэл устахад нөлөөлөх үү?

-Хэл мөхөх гэдэг нь тухайн хэлийг хэрэглэх шаардлагагүй, хэрэглэгчгүй болсноос харилцааны үүрэг гүйцэтгэх чадваргүй болох, бусад хэлэнд уусах, нийлэн нэгдэх үзэгдэл юм. Олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид хэлний мөхлийг тодорхойлохдоо хэлний залгамж чанарыг үндэс болгон авч үздэг. Тухайлбал, ЮНЕСКО-гоос “харилцагчид нь хэлийг хэрэглэхээ больсноос хэрэглээний хүрээ нь багасаж үр хойчдоо өвлүүлэхээ больсон үед хэл мөхөх аюулд орно. Өөрөөр хэлбэл хэлэнд шинэ хэрэглэгчид бий болохгүй байгаа үед хэл аюулд орно” хэмээн тодорхойлсон бол Германы эрдэмтэд нэг ч амьд хэрэглэгчгүй болсон үед хэл мөхөх үзэгдэл явагдана гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидний тохиолдолд англи хэлийг бага наснаас нь үзлээ гээд эх хэлний дархлаанд аюул учрах, мөхөх, устах асуудал үүсэхгүй гэж үзэж байна.

Харин ч англи хэл нь дэлхийн олон оронд лингва франкийн үүргийг гүйцэтгэхээс гадна олон хэл бүхий орчинд өргөн хэрэглээний хэлний үүргийг гүйцэтгэх нь элбэг байна. Өнөөдөр англи хэлээр харилцагчдын дөнгөж 20 хувь нь эх хэлтэн, харин үлдсэн 80 хувь нь уг хэлийг хоёр дахь хэл болгон сурсан хүмүүс байна. Иймээс бид зөв насанд нь, зөв заавал монгол хэлийг нь дэмжинэ, хөгжүүлнэ. Мэргэжлийн судлаачдын мэдлэг боловсролыг ашиглаад л шийдвэрээ гаргах газарт нь явуулмаар.

-Өнөөдөр англи хэлтэй хүмүүст асар их боломж нээгдэж байгааг бүгд мэднэ. Тэр утгаараа дэлхий нийтийн хэл болсон англи хэлийг монголчууд багаасаа сурснаар том зургаараа улс эх орны хөгжилд яаж нөлөөлөх вэ?

-Зөвхөн англи ч биш бүхий л гадаад хэлийг сурах нь тухайн хүнд шинэ ертөнц, шинэ соёл, шинэ мэдлэгийг олж авах хэрэгсэл болно. Хэлтэй байлаа гээд ярих зүйл байхгүй бол яах юм. Иймд мэдлэг боловсрол олгох асуудалд нь анхаармаар болохоос ганц англи хэл сурчихвал дэлхийн хүн болчихно гэж ч юу байхав. Манайх орос хэлийг заан сургасан том туршлагаас ухарсан нь англи хэлийг сурахад ч муу нөлөө үзүүлж байгаа.

-Ингэхэд манай улс англи хэлний хичээлийг багаас нь үздэг боллоо гэхэд багш, боловсон хүчний нөөцийг яаж бэлтгэх ёстой вэ?

-1990 оноос англи хэлийг заан сургах багшлах боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн байдаг. Тэр үед орос хэлний багш нарыг богино хугацааны сургалтаар бэлтгэсэн нь зохих амжилтад хүрсэн. Орос хэлийг сайн хөтөлбөр, сайн багш, сайн аргаар зааж эхэлсэн бол англи хэлийг тийм бэлтгэлтэй эхлээгүй. заах үед шашны урсгал, нөлөө их орж байсан.

-Цаашид бид гадаад хэлний асуудалд хэрхэн хандах ёстой вэ?

-Сүүлийн жилүүдэд хэл төлөвлөлтийн онол, арга зүйн судалгаа ихээхэн эрчимтэй хийгдэх болсон. Хэл төлөвлөлтийн нэг хэлбэр болох хэл эзэмшихүйн төлөвлөлтийг бодлогын түвшинд оновчтой хийх нь орчин үед чухлаар тавигдаж байна. Монгол Улсын Эрдмийн их сургууль нь дээд боловсролтой хүмүүст зориулсан англи хэлний орчуулагчийн бакалаврын хөтөлбөрийг 2004 онд анх Монгол Улсад нэвтрүүлсэн. Бид монгол хүнд гадаад хэлийг богино хугацаанд заах технологийг үндэсний хэмжээнд бүрдүүлсэн туршлагатай. Ажлын байранд гадаад хэлний бэрхшээл ихээхэн тулгарч байгаагаас үзэхэд англи хэлний суурийг бага наснаас нь зөв тавих нь чухал. Иймд шинжлэх ухааны үндэслэлтэй хэлний бодлогыг зөв, оновчтой хэрэгжүүлж нь зүйтэй гэж үзэж байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
нийгэм цаг-үе

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! DNN.mn

Долдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Тэрэлж, зүүн хажуугийн Эг, Онон, Тарвагатайн нуруунаас эхтэй Зэлтэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 30-90 см даван үерлэж байна. Мөн Хархираа гол үерийн түвшинг 5 см, Ховд гол үерийн аюултай түвшинг 25 см давсан хэвээр нэлээд элбэг устай байна.

Маргааш буюу долоодугаар сарын 4-ний өдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 35 см, Онон гол Дадал сум орчимд 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Өнөө шөнө Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангайн хойд хэсэг, маргааш Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгаар их хэмжээний бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух магадалал өндөр байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн түүнчлэн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр DNN.mn

​Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр, мөн энэ үеэр нийслэлд болох урлаг, соёлын арга хэмжээ, үзвэрийн талаарх мэдээллийг хүргэж байна. Эвийн хүчээр мөнхөд тусгаар Монгол оршихыг бэлгэдэж энэ жилийн наадмыг “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулах юм.

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр


Долоодугаар сарын 6, пүрэв гараг

08:00 – 20:00 Үндэсний шагайн харвааны ахмадын болон өсвөрийн багийн харвааны эхний  хэсгийн тоглолт /Шагайн харвааны төв асар/

Долоодугаар сарын 7, баасан гараг

08:00 – 20:00 Үндэсний шагайн харвааны ахмадын  болон өсвөрийн багийн харвааны хагас шигшээ тоглолт /Шагайн харвааны төв асар/

08:00 – 20:00 Урианхай сурын харваа /Сурын талбай/

11:40 – 13:00 “Монгол бахархал” гэрэл зургийн  үзэсгэлэнгийн нээлт /Чингис хааны музей/

Долоодугаар сарын 8, бямба гараг

08:00 – 19:00 Буриад сурын харваа /Сурын талбай/

11:00 – 12:00 “Монголын сайхан орон” уран зургийн  үзэсгэлэнгийн нээлт /Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим/

Долоодугаар сарын 9, ням гараг

08:00 – 20:00 Үндэсний шагайн харвааны тэмцээний  насанд хүрэгчдийн эхний хэсгийн тоглолт /Шагайн харвааны төв асар/

09:00 – 19:00 Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа /Сурын талбай/

11:00 – 17:00 Үндэсний хувцасны өдөр “Дээлтэй Монгол” наадам /Жанжин Д.Сүхбаатарын талбай/

Долоодугаар сарын 10, даваа гараг

07:00 – 11:00 Хязаалан насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/

08:00 – 20:00 Үндэсний шагайн харвааны тэмцээний насанд хүрэгчдийн хоёр, гурав дахь тойргийн тоглолт  /Шагайн харвааны төв асар/

08:30 – 14:30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг /Сурын талбай/

10:00 Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн  ёслолын жагсаал /Жанжин Д.Сүхбаатарын талбай/

12:00 – 15:00 Шүдлэн насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/

14:00 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг  өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд  хүндэтгэл үзүүлэх ёслол /Жанжин Д.Сүхбаатарын талбай/

14:30 – 20:30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг /Сурын талбай/

15:00 – 17:00 Төрийн хүндэтгэлийн концерт /Соёлын төв өргөө/

19:00 Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх /Жанжин Д.Сүхбаатарын талбай/

21:00 – 23:00 Төрийн хүндэтгэлийн концерт /Жанжин Д.Сүхбаатарын талбай/

Долоодугаар сарын 11, мягмар гараг

07:00 – 11:00 Азарганы уралдаан /Хүй долоон худаг/

08:00 – 19:00 Үндэсний шагайн харвааны хагас шигшээ тоглолт (32 баг) /Шагайн харвааны төв асар/

09:30 Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү  залах ёслол /Төв цэнгэлдэх хүрээлэн/

11:10 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2232, Их Монгол  Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой,  Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлнэ. /Төв цэнгэлдэх хүрээлэн/

11:20 -12:40 Үндэсний их баяр наадмын нээлтийн арга  хэмжээ (Тусгай хөтөлбөрөөр) /Төв цэнгэлдэх хүрээлэн/

12:00 – 16:00 Их насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/

13:00 – 17:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

13:00 – 19:00 “Хөхүүрийн айраг” арга хэмжээ /Хүй долоон худаг/

13:00 – 16:00 Өсвөрийн бөхийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

14:00 – 14:30 Үндэсний сурын харвааны нээлт /Сурын талбай/

14:00 “Соёлын наадам”-ын нээлт (Тусгай хөтөлбөрөөр) / Хүй долоон худаг/

14:30 – 17:30 Үндэсний сурын хана харвааны адаг өрөг /Сурын талбай/

15:00 – 20:00 Үндэсний шагайн харвааны хагас шигшээ тоглолт /Шагайн харвааны төв асар/

17:00 – 19:00 Өсвөрийн бөхийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

17:30 – 21:30 Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг /Сурын талбай/

17:30 – 20:00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

21:00 – 24:00 “Улаанбаатарын үдэш 2023” үдшийн шоу тоглолт /Жанжин Д.Сүхбаатарын талбай/

24:00 Баяр наадмын ёслолын буудлага /Жанжин Д.Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон/

Долоодугаар сарын 12, лхагва гараг

07:00 – 11:00 Соёолон насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/

08:00 – 11:00 Үндэсний шагайн харвааны насанд  хүрэгчид, ахмад, өсвөрийн багийн  шигшээ дөрвөн багийн тоглолт /Шагайн харвааны төв асар/

08:00 – 12:00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг /Сурын талбай/

09:00 – 11:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

09:00 – 10:30 Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

10:00 – 14:00 “Соёлын наадам” /Хүй долоон худаг/

11:00 – 12:30 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

11:00 – 12:00 Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн  даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

12:00 – 12:30 Шагналт 4-8 дугаар байрт шалгарсан баг  харваачдад шагнал гардуулах /Шагайн харвааны төв асар/

12:00 – 14:00 Дааганы уралдаан /Хүй долоон худаг/

12:00 – 14:00 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг /Сурын талбай/

12:00 – 13:00 “Хөхүүрийн айраг” арга хэмжээний шилдгүүдэд шагнал гардуулах /Хүй долоон худаг/

12:30 – 13:00 Түрүү, үзүүр болон гуравдугаар байрт шалгарсан баг харваачдад шагнал  гардуулах /Шагайн харвааны төв асар/

13:00 – 14:30 Хүчит бөхийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

13:30 – 15:00 Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

14:10 – 15:00 Үндэсний сурын түрүү тодруулах 16  харваачийн шигшээ харваа /Сурын талбай/

14:30 – 16:00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

14:30 – 15:30 Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн  даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

15:10 – 15:30 Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын  харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн  тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэн/

16:00 – 17:00 Хүчит бөхийн барилдааны долоогийн  даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

16:00 – 17:00 Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн  даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

17:00 – 18:00 Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж,  шагнал гардуулна. Монгол Улсын  Ерөнхийлөгч У. Хүрэлсүх хурдан  морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэн/

17:00 – 17:30 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол биелүүлсэн бөхчүүдэд цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг  гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэн/

17:30 – 18:00 Дархан аваргуудад хүндэтгэл үзүүлнэ. /Төв цэнгэлдэх хүрээлэн/

19:00 – 20:00 Хүчит бөхийн барилдааны наймын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

20:00 – 20:30 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Улсын заан” цолны болзол биелүүлсэн бөхчүүдэд цолны үнэмлэх,  энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэн/

20:30 – 21:30 Хүчит бөхийн барилдааны есийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

21:30 – 21:50 Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэн/

21:50 Үндэсний их баяр наадмын хаалтын арга  хэмжээ /Төв цэнгэлдэх хүрээлэн/

  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг хааж үг хэлнэ.
  • Хаалтын тоглолт (Тусгай хөтөлбөрөөр)
  • Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол

Долоодугаар сарын 13, пүрэв гараг

07:00 – 08:30 Сонгомол дээд насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/

09:00 – 11:30 Сонгомол дунд насны морьдын уралдаан  /Хүй долоон худаг/

11:00 – 13:00 Жороо морьдын уралдаан /Хүй долоон худаг/

12:00 – 12:10 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан уяачдын наадмыг нээнэ. /Хүй долоон худаг/

12:10 – 12:30 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт (тусгай хөтөлбөрөөр) /Хүй долоон худаг/

12:00 – 15:00 Сонгомол бага насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/

12:30 – 14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Хүй долоон худаг/

14:30 – 14:50 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн,  үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай  шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд  үнэмлэх гардуулна. /Хүй долоон худаг/

14:50 – 15:50 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа /Хүй долоон худаг/

15:50 – 16:00 Урлагийн тоглолт /Хүй долоон худаг/

16:00 – 17:00 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа /Хүй долоон худаг/

17:00 – 17:10 Урлагийн тоглолт /Хүй долоон худаг/

17:10 – 17:30 Хүчит бөхийн барилдааны тавын даваа /Хүй долоон худаг/

17:30 – 17:50 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж  шагнал гардуулна.  /Хүй долоон худаг/

17:50 – 18:10 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа /Хүй долоон худаг/

18:10 – 18:30 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа /Хүй долоон худаг/

18:30 – 18:50 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн,  үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна. /Хүй долоон худаг/

18:50 – 19:00 Батлан хамгаалах яамны Төрийн нарийн  бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга,  Бригадын генерал Д.Ганхуяг Уяачдын наадмыг хаана. /Хүй долоон худаг/

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН СОЁЛ,  УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР УРЛАГИЙН ТОГЛОЛТ

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

Долоодугаар сарын 10

15:00-17:00 Үндэсний их баяр  наадмын Хүндэтгэлийн  концерт

Долоодугаар сарын 11,12

20:00 Харанга хамтлагийн “Зөвхөн Монголдоо” тоглолт

ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР

Долоодугаар сарын 10

20:00 “Ардын дуу мину” тоглолт

Долоодугаар сарын 11

20:00 “Наадмын үдэш” тоглолт

УЛСЫН ДУУРЬ, БҮЖГИЙН  ЭРДМИЙН ТЕАТР

Долоодугаар сарын 11-15

17:00 “Монголын сайхан орон”  ҮДБЭЧ-ын тоглолт

Долоодугаар сарын 11

20:00 “Монгол бүжгийн гайхамшиг”  тоглолт

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

Долоодугаар сарын 9

18:00-19:00 “The Mongol Khan” тоглолт

“ГАН ЗАМ” ПАЛАС

Зургаадугаар сарын 28-наас долоодугаар сарын 20

18:00 “Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт

“СЭРТЭН МОРЬТОН”  ЦОГЦОЛБОР

Долоодугаар сарын 9-13

11:00, 11:40, 15:00 “Чэрү Андури” морьтон циркийн  жүжигчилсэн тоглолт

“МОНГОЛ ШИЛТГЭЭН” ЦОГЦОЛБОР

Долоодугаар сарын 6

14:00-02:00 “Плэйтайм” хөгжмийн наадам

Долоодугаар сарын 7-8

09:00-02:00 “Плэйтайм” хөгжмийн наадам

МУЗЕЙ, ГАЛЕРЕЙН ҮЗЭСГЭЛЭН

МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН АРТ ГАЛЕРЕЙ ҮЗЭСГЭЛЭНГИЙН  ТАНХИМ

Долоодугаар сарын 10-24

11:00-12:00 “Монголын сайхан орон”  уран зургийн үзэсгэлэн

МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН  ГАЛЕРЕЙ

Долоодугаар сарын 9-15

09:00-18:00 “Монголын аж байдал”  үзэсгэлэн /Хосгүй үнэт хүндэтгэлийн танхим/

Долоодугаар сарын 19

09:00-18:00 “Модернизм Монголын дүрслэх урлагт”  үзэсгэлэн /Модерн танхим/

Долоодугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1

09:00-18:00  Lee Woo Seung “Zero Equal Zero”  үзэсгэлэн

ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙ

Долоодугаар сарын 11-15

11:40-13:00 “Монгол бахархал” гэрэл  зургийн үзэсгэлэн

Долоодугаар сарын 11-наас наймдугаар сарын 7

09:00-18:00 Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн  ойд зориулсан тусгай  үзэсгэлэн

Долоодугаар сарын 9-13

09:00-18:00 “Чингис хааны өв” үзэсгэлэн

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

Долоодугаар сарын 15

1.07:00-21:00 ”Өглөөний музей”,  “Үдшийн музей”

Долоодугаар сарын 1-13

07:00-21:00 “Монгол наадам” “Монгол бөх” тусгай үзэсгэлэн

Долоодугаар сарын 1-17

10:00-17:00 “Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал” музейн боловсролын хөтөлбөр

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ

Долоодугаар сарын 9-13

09:00-18:00 “Монголын үндэстний байгалийн бахархалт өв”  түр үзэсгэлэн

Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ  ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ

Долоодугаар сарын 9-13

09:00-18:00 Б.Шарав “Үрс гарч байгаа  нь” тусгай үзэсгэлэн

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ

Долоодугаар сарын 9-13

19:00-00:00 “Үдшийн музей-2023”

09:00-18:00 “Хосгүй үнэт бүтээлүүд”  түр үзэсгэлэн

УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ

Долоодугаар сарын 9- 13

“Ардын хувьсгал” – үзэсгэлэн

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ

Долоодугаар сарын 9-13

09:00-21:00 Үндэсний Их Баяр наадамд зориулсан  “Цэнгэлийн манлай” сэдэвчилсэн үзэсгэлэн

КИНО ТЕАТР

Бүх кино театрууд баяр наадмын өдрүүдэд хэвийн цагийн хуваариар ажиллана.

Categories
нийгэм цаг-үе

Гэр хороололд 16 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Гэр хорооллын 16 байршилд буюу Баянгол дүүрэгт хоёр, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр тав, Хан-Уул дүүрэгт гурав, Багануур дүүрэгт нэг бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна.

Одоогоор 12 байршлын ажил эхэлсэн байгаа юм. Улаанбаатар Хотын Ерөнхий менежер М.Баяраа Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт гэр хорооллын байршилд хийгдэж байгаа бичил цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцтай танилцсан байна.

Бичил цэцэрлэгт хүрээлэнгүүд дунджаар 700м2-1100м2 талбайд хийгдэж байгаа юм.

“Бид иргэдийн амьдардаг тухайн орон зайд ургамлан хайс хашлага бүхий ногоон орчинтой гэрэлтүүлгийн оновчтой шийдэлтэй, амарч тухлах, тоглож наадах хэрэгслүүдтэй ая тухтай, жишиг болохуйц орчныг бүрдүүлэхээр төлөвлөсөн. Ажлууд ч төлөвлөснөөр хийгдэж байна. Наадмаас өмнө эхэлсэн байршлуудын ажлыг дуусгахаар ажиллаж байна” гэж Улаанбаатар Хотын Ерөнхий менежер М.Баяраа хэллээ.

Categories
гадаад

Сансрын аялал жуулчлал эрчимжиж байна DNN.mn

Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны эзэмшдэг, сансрын аялал жуулчлалын “Virgin Galactic” компанийн “VSS Unity” сансрын нисэх онгоцны арилжааны анхны нислэг амжилттай болжээ.  Уг сансрын нисэх онгоцыг АНУ-ын Нью-Мексико муж дахь “Америка” сансрын буудлаас хөөргөсөн бөгөөд нислэгийн явцыг сансрын хөлгийн бүхээгээс дэлхий нийтэд шууд дамжуулав. Хөлөг хөөрснөөс цаг орчмын дараа 13600 метрийн өндөрт “Eve” нисэх онгоц тээгчээс салж, өөрийн хөдөлгүүрийг асаан дээшилж 85 км өндөрт хүрсэн байна.  Нислэг бүхэлдээ нэг цаг хагас орчим үргэлжилсэн бөгөөд уг нислэгт “Virgin Galactic”-ийн сансрын нисгэгч сургагчаас гадна Италийн гурван нисгэгч-офицер оролцжээ.

Италийн офицерууд жингүйдлийн нөхцөлд хэд хэдэн шинжлэх ухааны туршилт явуулсан байна. Түүнчлэн сансрын нисэх онгоц хамгийн өндөр цэгт хүрэх үед тэд Италийн Агаарын цэргийн хүчний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн далбаагаа мандуулжээ.

Хэдийгээр уг сансрын нисэх онгоцны бүхээгт жуулчид байгаагүй боловч Италийн Батлан хамгаалах яам офицеруудынхаа зардлыг төлсөн тул энэ нь арилжааны нислэгт тооцогдож байгаа юм байна. Ингэснээр “Virgin Galactic” компани 250-450 мянган долларын үнэтэй тасалбар худалдаж авсан хүмүүсийг сансарт илгээх боломжтой гэдгээ баталж байгаа бөгөөд нийтдээ 800 орчим хүн уг нислэгийг хүлээн дугаарлаж байгаа ажээ.Энэ нь сансрын аялал жуулчлал эрчимжиж эхэллээ гэсэн үг юм.

Г.АМАРСАНАА

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Есөн хөлт цагаан туг залах морьт торгон цэргүүдийн бэлтгэл жигдэрчээ DNN.mn

Торгон цэргүүд төрийн торгон сүргийн манлай найман шарга, хоёр загал, бараан зүсмийн морьдоо унасаар Есөн хөлт цагаан тугаа Төрийн ордноос ёслол хүндэтгэлтэйгээр залж наадамчин олны дундуур жагсаалаар явсаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ зассан тусгай өндөрлөгт байрлуулснаар Монгол төрийн наадам, монголчуудын бахархал болсон эрийн гурван наадам, эв нэгдлийн бэлгэ тэмдэг улсын баяр наадам эхэлдэг ээ. Энэ ёслол болбоос 1206 оны зун Чингис хааныг Их Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхдөө есөн хөлт цагаан тугийг бүтээж, Их Эзэн хаан мөргөн ёсолж байсан түүхээс улбаатай юм. Цаг төрийн байдлаас олон жил тасраад байсан төрийн ёслолоо дахин сэргээж сүүлийн 30-аад жил есөн хөлт цагаан тугаа ийн наадмаар цэнгүүлж байна. Өдрийн сонин наадмын өмнөхөн торгон цэргүүд, төрийн торгон сүргийн манлай найман шарга, хоёр загалын бэлтгэлийг сурвалжилдаг уламжлалтай билээ. Өнөө жил ч Есөн хөлт цагаан туг цэнгүүлэх ёслолыг гүйцэтгэх торгон цэргүүдийн бэлтгэлийг сонирхохоор Богдхан уулын Шажин хурахын аманд очсон юм.

11 цагт очиход тус ангийнхан хуваарьт дасгал сургуулилалт, үзүүлбэрээ давтаж байлаа. Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа, Төрийн хонжин М.Болдбаатар, Их тугч, ахлах дэслэгч А.Ууганбаяр нар загалаа унаж араас нь тугчид найман шаргатайгаа довтолгоно. Тэд дөрөөн дээрээ босч хөндийн хөх салхинд намирах төрийн далбаа руу харан баруун гараа өргөн ёсолно. Цувааны ард бараан зүсмийн морьдтой торгон цэргүүд сүр жавхаатай дагалдана. Энэ агшиныг харсан хэнд ч омогшил төрмөөр. Бэлтгэлийн талбайд наадмын нээлтийн цэргийн хөгжим эгшиглэж байлаа.

Үзүүлбэрийн дараа Төрийн хонжинтой уулзлаа. Хамгийн дээд гэр бол хонжингийн гэр. Удаах нь Их Тугчийн гэр. Хонжингийн гэрт орлоо. Ангийн захирагч айраг барьж байна. Саам амтагдсан зуны айраг. Уруулаа хүргэв үү, үгүй юу арааны шүлс асгарч сэнжтэй аягатай нь гүдхийн залгилж орхилоо. Хувинтай саамаа барьсаар нэгэн цэрэг Их Тугчийн гэр рүү орж явна. Шинэхэн айраг сэнгэнэсэн Хонжингийн гэрийн хаяагаар хөндийн сэвшээ салхи сэр сэрхийнэ. Уяан дээрх шарга морьд амгайгаа шаргиулан тургилах нь чихнээ чимэгтэй.

М.Болдбаатар хурандаа Төрийн их баяр наадамдаа хоёр дахь жилдээ Хонжингийн нэр төртэй албыг гүйцэтгэхээр анги хамт олноо удирдан Шажин хурахын аманд наадмын бэлтгэлдээ гарсан нь энэ ээ.

Түүнтэй хөөрөлдлөө.

-Наадмын бэлтгэл хэр явж байна вэ?

-Бид Жанжин штабын даргын тушаалаар наадмын бэлтгэлдээ гардаг юм. Өнөө жил бэлтгэлдээ гараад сар орчим хугацаа өнгөрөөд байна. Бэлтгэл сайн, хангагдаад явж байна даа. Ирэх даваа гаригаас (өнөөдөр) Цэцэрлэгт хүрээлэндээ ойртож бууна.

-Төрийн торгон сүргийг Хэнтийд адгуулдаг байх аа?

-Хэнтий аймгийн Дэлгэрхаан суман дахь цэргийн анги маань адгуулж маллаж байдаг юм. Баяр наадмаа дөхүүлээд морь малаа хүлээн авч тээвэрлэж авчраад эндээ бэлтгэлээ хангадаг.

-Энэ хавар нилээд чанга, хүйтэн салхитай, урт ч байлаа. Морьдын тарга тэвээрэг ямар ирэв?

-Төрийн торгон сүрэг онд сайн орсон. Түүний буянаар өнөөдөр ингээд бэлтгэл сургуулилалтын аяыг даагаад болж байна даа. Бид бэлтгэлээ хангахын тулд адуу малаа өдөр болгон барьж, өдөр болгон уналга эдэлгээнд оруулдаг учраас тийм ч амархан ажил биш ээ. Тарга тэвээрэг их сайн, дажгүй байгаа шүү. Өнгө зүс нь их сайхан байгаа.

-Төрийн хонжин гэдэг алба бол нэр төртэйн зэрэгцээ маш том хариуцлага дагуулдаг. Бүх хүн, наадамчин олны, монголчуудын амьсгалаа даран байж үздэг ёслол шүү дээ. Хонжин байна гэдэг ховор ч хувь завшаан?

-Тун хариуцлагатай л алба даа. Би хоёр дахь удаагаа Төрийн хонжингийн хувиар төрийн ёслолыг удирдах гэж байна. Өнгөрсөн жилийн наадмаар хонжингийн үүргээ гүйцэтгэсэн. Ганцаараа гүйцэтгээгүй. Энэ олон цэрэг, дайчдынхаа хамтаар гүйцэтгэдэг. Нэг удаагийн туршлага байна, энэ жил бүр ч их хичээнэ гэж ойлгоод байгаа ч секунд, минут, доль болгоноор юм бүхэн хариуцлагатай л байна. Түгшүүр бол байнгын л байна. Төрийнхөө тугийг зөв аваад явах нь хариуцлага, үүрэг юм даа.

-Өнгөрсөн жил Төрийн хонжингоор ажиллах болсноо мэдсэн тэр агшинд ямар мэдрэмж төрж байв?

-Маш их эмээсэн. Өмнө нь энэ ангидаа ажиллаад ангийн Захирагчийн орлогч, Штабын дарга гэсэн албан тушаалууд дээр долоон жил болсон юм. Тэгж байхдаа би энэ албын тухай, Хонжин гэх энэ нэр төртэй ажлын тухай өөр дээрээ тусгаж төдийлөн бодож яваагүй юм билээ. Гэв гэнэт энэ албан тушаал дээр томилогдсон чинь “Яана аа, энэ чинь их том ажил” гэж чанга санагдсан л даа. Тухайн үеийн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч Генерал Д.Ганзориг дарга маань надад итгэл хүлээлгээд бусад орлогч дарга нар маань ч итгэл өгөөд 100 хувийн саналаар гар өргөөд томилчихсон. Юу юугүй л наадам болох нь, сарын л зай байна даа гэж бодогдсон. Тэгээд л наадамдаа үүргээ гүйцэтгэсэн. Энэ жил хоёр дахиа ажиллаж байна. Саяхан зочин, төлөөлөгчид ирж бэлтгэлтэй танилцаад явсан. Бэлтгэл сайн явж байгаа юм байна гэсэн үнэлгээ авсан.

-Манай сонин наадмын өмнө төрийн торгон сүргийн манлай болох найман шарга, хоёр загалын уяан дээр ирж, Төрийн хонжинтой уулздаг уламжлалтай юм?

-Арван хэдэн жил танай сонин ирж сурвалжилга хийж байгаа юм билээ шүү дээ.

-Тийм тийм. Манай сонины уншигчдын хувьд жил бүрийн наадмын өмнө хүлээдэг сурвалжилга нь ч юм аа. Та бэлтгэлийн нэг өдрөө сонирхуулбал сонин байх. Өглөө хэдэд босоцгоодог вэ?

-Өглөө 06 цагт бүгд босоод гүйлт, дасгалаа хийнэ. Унагаа барина, морьдоо барина. Төрийн дууллаа эгшиглүүлснээр тэр өдрийн ажиллагаа эхэлнэ. Дадлага бол өглөө, өдөр, орой гээд завсаргүй явна. Наадмаар бороотой, нартай, салхитай байж болзошгүй тул байж болох бүхий л хувилбаруудыг тооцоолоод цаг агаарын ямар ч нөхцөлд бэлтгэл, сургуулилалтаа таслалгүй хийдэг. Өдрийн гурван удаагийн дөрвөн халуун хоолтой. Хоол ундаа идэж дундуур нь бэлтгэлээ хийнэ. 23 цагт амарна даа.

-Сүрэгт шинэ залуу морьд орж ирэв үү?

-Нэг шинэ шарга нэмэгдсэн. Загал дээр хоёр нөөц байгаа. Бараан моринд 10 шинэ морь нэмэгдсэн. Бараан морьд энэ жил их шинэчлэгдсэн. Энэ жил Дорнод чигээс бараан болон бусад морьдыг бүрдүүлсэн байна лээ. Тэндээс ирсэн морьд тарга тэвээрэг сайтай, гоё ирсэн хэмээлээ.

Хонжингийн гэрээс гарч Их Тугчийг дагаж гэрт нь орлоо. Байлдагчид эмээлийн гөлөм, олом жирэм, хөмөлдрөг гээд бүгдийнх нь өнгийг тус тусад нь сэргээн будаж байна. Бийрээр хичээнгүйлэн нямбайлцгаах аж. Мөнгөн баавар, дөрөө сэлтээ өнгөлүүлэхээр хот руу явуулчихсан гэнэ. Хоймрын орны зүүнтээ гялгар ууттай, торгон тэргүүдийн нэрийг нь бичсэн ёслолын хувцаснууд өлгөөтэй байна. Харин нөгөө талд түрүүхэн оруулж ирсэн савтай саамнууд хаяагаар эгнээстэй.


Энэ зуур Их Тугч А.Ууганбаяртай ярилцлаа. Найман шаргын сурвалжилга хийж явахдаа өмнө нь түүнтэй таарч байж. Бид эчнээ танил болж таарав.


-Нилээд сэрүүвтэр байснаа зургадугаар сарын дундаас хүчтэй халлаа. Бэлтгэлийн үеэр та бүхнийг цаг агаар нэлээд сорив бололтой?

-Энэ жилийн хувьд бэлтгэлд гарч ирснээс хойш бороо хур багатай байлаа. Салхи шуурга ихтэй ч байлаа. Шөнө хонохдоо морь малаа уулын амаадаа дээшээ, хол идүүлж байна. Цаг агаарын байдлаас болж бэлтгэл цалгардуулах, тасалдуулах тийм асуудал огт гараагүй ээ. Бэлтгэлээ хуваарийн дагуу хийгээд явж байна.

-Төрийн ёслолд оролцох торгон цэргүүдийг сонгохдоо мэдээж шилдэг, шалгарсан байлдагчдыг сонгодог, тийм ээ?

-Хугацаат цэргүүдийн хувьд, Үндэсний баяр наадмын бэлтгэлийг хангах бэлтгэлд гарахаас өмнө ангийн байрлалд байхдаа гадаад улсын төрийн тэргүүнүүдийн айлчлалуудаар манайхаас морьт торгон цэргийн салаа Сүхбаатар талбайд Төрийн ордны өмнө жагсдаг. Морьт ёслолуудад оролцож байсан хугацаат цэргийн алба хаагчдаас шилэгдэж сонгогдож гарч цэргүүд маань энд бэлтгэлд гарсан байна.

-Төрийн ёслолд олон жил оролцсон шарга, загал, бараан морьд маань торгон цэргүүдэд их түшигтэй байдаг байх. Шинэ залуу морьд нь тэднийгээ дуурайгаад хурдан гарших уу?

-Үүрэг гүйцэтгэлийн хувьд хүнээс шалтгаалах, морьдоос шалтгаалах зүйл бий. Мэдээж Тугч нь анх удаа ёслолд оролцож, морь нь мөн шинэ бол бэлтгэл маш их шаардагдана гэсэн үг. Манай шаргууд, тэр дундаа манай хоёр загал ёслолд маш олон жил явчихсан. Төрийн Хонжингийн загал маань 2009 оноос хойш төрийн ёслолд явж байна. Энэ жил 14 дэх жилдээ явж байна гэсэн үг. Ийм олон жил явчихсан, нэг үйлдлийг олон удаа давтчихсан морьдод дадал зуршил суучихдаг. Туршлагатай морьд бол анх удаа оролцож буй Тугчиндаа маш их түшигтэй. Биднээс өгч байгаа команд, дохиог ойлгоод биелүүлдэг.

-Та Их Тугчаар хэдийнээс ажиллах болов?

-Миний хувьд, 2019 онд Монгол бахархлын өдрөөр Их тугийн шилжүүлэгчээр хамгийн анх алхаж байсан. 2020 онд долдугаар сарын 10-ны Туг цэнгүүлэх ёслолд Их Тугчаар, Үндэсний их баяр наадмаар Их Тугчаар, Чингис хааны төрсөн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр мөн Их Тугчаар, 2021 онд бэлтгэлтэй байсан ч наадам болоогүй. Гэсэн ч Туг цэнгүүлэх ёслолд Их Тугчаар, Монгол бахархлын өдрөөр мөн Их Тугчаар ажилласан.

-Өнгөрсөн жил Их Тугчаар оролцсон бил үү?

-Өмнөд Судан улсад Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн.

-Гэр бүлийнхэн тань танаар бахархдаг байх. Цэргийн алба хааж буй, цэргийн албанд ажилладаг хүмүүсийн хувьд Их Тугчаар төрийн том ёслолд оролцоно гэсэн бахархал шүү?

-Гэрийнхэн минь надаар баярлаж, бахархдаг байх. Наадмыг хуруу даран тоолон хүлээцгээж байгаа даа. Тэр хэрээр хариуцлага ирдэг. Төрийн ёслолын үүрэг гүйцэтгэж буй учраас бидний хувьд Их Тугч гэдэг том үүрэг хариуцлага л даа. Бэлтгэлээ л сайн хийх ёстой.

-Есөн хөлт цагаан тугийг залаад Төрийн ордноос гарч ирэхэд наадамчид хэдийнэ хүлээгээд зогсож байдаг даа?

-Төрийн ордноос Төрийн тугаа залаад гараад ирэхэд ард түмэн маань уухайлдаг. Хүмүүсийн харц өөдөө, омогшоод баярлаад бахдаж буй нь харагддаг. Ард түмний минь хийморь сүлдийг ивээж өргөж түшиж байдаг юм болов уу даа гэж бодогддог доо.

-Ялангуяа олон жил улсын наадмаар Цэнгэлдэх рүү орчихсон загал, шарга морьд үзэгчид, наадамчин олны уур амьсгал, алга ташилтыг мэдрээд биеэ хүртэл ихэмсэг байдлаар аваад явдаг гэсэн?

-Адгуус амьтан өөр өөрсдийн гэсэн мэдрэмжтэй. Ёслол эхлээд Төрийн ордны гадна байрлалаа эзэлчихээд ордон руу орж Тугаа залаад гараад ирэхээр бэлтгэлийн үеэр унжийгаад байсан морьд гэлтгүй бүгд хараа дээгүүр болчихсон хүлээж байдаг. Морьд, торгон цэргүүд гэлтгүй бүгдэд нь тэр мэдрэмж тулчихсан байдаг юм.

Бүх зүйлд бэлтгэл хамгийн чухал. Бидэнд одоо долоо хоногийн хугацаа байна. Энэ хугацаандаа бүх зүйлээ жин тан болгоод “За боллоо” гэх хүртлээ бэлтгээд тэгээд ёслолоо гүйцэтгэнэ дээ.

-Наадам ойртохоор цэцэрлэгт хүрээлэн рүү дөхөж буудалладаг. Машины дуу чимээ, хүмүүсийн хөл хөдөлгөөн, гэрэлтүүлгээс эхлүүлээд үргэх юм их. Тэнд буучихаар морьдын ааш аяг өөрчлөгддөг үү?

-Үргэх асуудал байна аа байна. Бэлтгэл хийж байхдаа бүхий л учирч болох саад бэрхшээлийг тооцоолно. Гэрлийн утас, хурд сааруулагч дээгүүр гардаггүй морь байна. Аль морь юунаас үргэхийг мэдэх боломжгүй учир бэлтгэлийн үеэр бүхий л талаар тэр бүгдийг тооцоолсон бэлтгэл хийлгэнэ. Чанга дуу чимээнээс үргэж болзошгүй учир манай ангийн үлээвэр найрал хөгжмийн салааныхан ирж тоглоход нь голоор нь гаргах зэргээр дасгадаг гэлээ.

Морьдынхоо өнгө зүсэнд анхаарах учир Туул голд оруулдаг. Эрт оруулчихаар шороон дээр хөрвөөчихдөг учир дөхүүлж байгаад усанд оруулна гэж Их Тугч нэмж хэлсэн юм.

Ийнхүү Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Есөн хөлт цагаан туг цэнгүүлэх ёслолыг гүйцэтгэх морьт торгон цэргүүдийн бэлтгэл жигдэрчээ.

 

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургийг Д.Ганзориг

Categories
нийгэм цаг-үе

​Эр хүний зан эрхий дарам газарт л танигддаг DNN.mn

Саяхан Солонгосын телевизийн нэгэн алдартай нэвтрүүлгээр монгол хүмүүс тэр дундаа монгол эрчүүдийн талаар нэгэн судлаач ярьж байна. Энэ яриа сошиалаар нэг хэсэг сүрхий явсан. Мань судлаач юу гэж хэлсэн гэхээр “Монгол эрчүүдийн ихэнх нь том биетэй, хүдэр чийрэг хүмүүс байдаг. Тэд зодолдож танилцсан нөхрөө чин зүрхний найз хэмээн хүндэтгэдэг. Тэдний зодоон бидний бодож байгаа шиг тийм энгийн зүйл огт биш. Тэд цусаа гартал үзэлцэх нь юу ч биш. Бүүр нэгнийхээ гарыг хугалах, хурууг нь таслах зэрэг хүндэвтэр бэртээж байж сая нэг салж, ойлголцдог. Үнэхээр хүмүүн байгалийн зэрлэг овгийнхон гэлтэй. Нэг л удаа ингэж үзэлцэнэ. Дараа нь нэгнийхээ төлөө насан туршдаа амиа ч үл хайрлана. Манайд бол эрчүүд зодолдож эхлэв үү, үгүй юу шууд л орилж бархиралдаад, цагдаа, шүүх болно доо. Нэгнийхээ хамраас цус гаргачихвал бүр л сүйд болно, тийм биз” хэмээн ярьжээ.

Энэ яриаг сонссон Солонгосын одод нүд нь орой дээрээ гарч, монгол эрчүүдээс айсан, бахархсан, гайхсан аль нь болох мэдэгдэхгүй дүр төрх гарган сууна. Гэтэл үнэхээр энэ судлаачийн ярьсан шиг ийм эрчүүд Монголд одоог болтол бий юу. Монгол эр хүний зан чанар, жудаг, ёс суртахуун өнөөдөр хаана явна вэ гэж бодохоор бас эргэлзээтэй. Эхнэрээ зодсон, үр хүүхдээ айлгаж ичээсэн, анд нөхдийгөө ар хударгаар “хутгалсан”, ядарсанд дээрэлхүү, ямбатанд долигонуур ийм л эрчүүд нийгэмд олширч байна. Салбар бүрд ийм эрчүүд тодорч гарсаар. Эр хүний зан эрхий дарам газарт танигддаг гэдэг үгтэй. Тиймээс та ажил дээрээ ч амьдрал дээрээ ч ийм эрчүүдээс хол байхын тулд гаргаж байгаа ааш, авирыг нь багахан зүйл дээр сориод үзээрэй. Тэд жижиг зүйл дээр л зангаа таниулчихна даа.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Өөрсдийнхөө сүүдрийг олж харъя DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……..


Хамгийн том мөнгө хаана эргэлдэж байдаг вэ. “Майкрософт”-ын бү­тээг­дэхүүнүүдэд үү, эсвэл сүүлийн үед алдагдал хүлээгээд байгаа “То­ёо­то” дээр үү. Аль нь ч биш. Дэлхийн хамгийн том мөн­гөний урсгал хар там­хины бизнест хамаа­рагд­даг. Хэдэн тэрбум ам.дол­ларын хөрөнгө дэлхий даяар эргэлддэг гээд бод доо. НҮБ-аас гаргасан судалгаагаар 2003 онд 321.6 тэрбум ам.доллар энэ бизнест эргэлдсэн гэж байгаа юм. Тэр үед дэлхийн нийт бүтээг­дэ­хүүний эргэлт 36 трил­лион ам.доллар байжээ. Тэгэхээр хар гарын бү­тээг­дэхүүний эргэлт бараг л нэг хувь нь болж байна. Арга ч үгүй биз. Энэ бү­тээгдэхүүний байн­гын хэрэглэгчдийн тоо 50 сая, харин бор­луулалт зөө­вөр­­лөлтөд нь хамрагддаг ам бүл бас сая саяар тоологддог. Дэлхийд биз­нес эр­хэлж байгаа ямар ч то­моохон компани, биз­несийн бүлэглэл том зах зээл рүү орохыг л боддог. Тэр ч утгаараа тэрбум гаруй хүн амтай Хятадад бүхий л нэртэй компаниуд салбараа нээсэн. Хар тамхины бизнесийнхэн энэ уламжлалыг хэрхэн орхих билээ. Хятад бол хар тамхины сүлжээ­нийх­­ний хамгийн том бай.

1997 он болтол Хята­дад хар тамхины хэрэг илэрдэггүй байсан гэгд­дэг. Хууль цагдаагийнхан эл хэрэг рүү анхаарлаа хандуулаад эхэлтэл ер­дөө хоёрхон жилийн до­тор бүх мужийн нь гурав­ны хоёрт хар тамхитай холбогдсон хэргүүд бүрт­гэгдсэн гэж байгаа. Одоо БНХАУ хар тамхины хэ­рэгт хамгийн их анхаарал тавьдаг бас хамгийн хатуу шийтгэл оногдуулдаг орон гэдгээрээ онцгойрох болжээ. Тэд хилээр нь хар тамхи зөөвөрлөөд орж ирэхийг завдсан хэнийг ч өршөөхгүй гэдгээ нэгэнт зарлачихсан. Үнэндээ энэ улсын түүх тэдэнд тэгж хандахаас өөр арга­гүй дархлааг суулгачих­сан юм.

Харин үүнийг нь цөөхөн монголчууд бид яс махандаа суутал мэдэрч авмаар байна. Бид цөө­хүүлээ. Гэтэл цөөхүүлээс маань шороон түмэн хя­тадад хар тамхи хүргэж өгөх буруу гарын бизнест орооцолдож амьдра­лаараа, амиараа хохирч байгааг зөвтгөх арга алга.

Хятадууд өөртөө за­сах орнуудынх нь тусгаар тогтнолын тухай ярихад ямар эмзэг ханддаг билээ. Хар тамхины асуудал түү­нээс ч илүү хөндүүр цэг нь гэдгийг хөрш мон­голчууд бид ойлгох цаг болжээ. Дэлхийн түүхэнд Хар тамхины дайн I, II гэж тэмдэглэгдэн үлдсэн байд­гийн аль алиных нь золиос Хятад гүрэн болж байсан байдаг. Эхний дайн нь 1839-1842 онд, дараагийнх нь 1856-1860 оны үед хамаардаг. 1600-гаад оноос эхэлсэн Ази, Европ тивийг хол­босон худалдаа наймаа улам бүр өргөжсөөр 1800-гаад он болоход цагаан арьстнуудад дор­нын ахуйг шингээсэн ба­раа бүтээгдэхүүнийг ца­гаан хороор сольдог байдал газар авсан бай­сан гэдэг. Хүн ард нь цагаан хорыг суунаг­луу­лан татаж, асуудалд эрүү­лээр хандагсад элбэг бус болсон байв. Манжийн Чин гүрний албатууд боомтоор орж ирж буй бараа таваарт хяналт тавьж эхэлсэн нь өөрс­дийгөө л аврах гэсэн арга байсан нь мэдээж. Гэвч колони Энэтхэгээсээ хар тамхи авчран том зах зээлд шахдаг англичуу­дад энэ нь хэрхэн таа­лагдах билээ. Тэр үед Англи бол дэлхийд нэгдү­гээр гүрэн байсан. Тий­мээс цэргийн хүчээр ша­халт үзүүлж гэрээ бай­гуулж авсан нь Нанжин­гийн болоод Тянжингийн гэрээ гэгддэг. Өөрсдийн дураар хар тамхийг Хята­дын боомтуудаар оруу­лах эрхтэй болсон тэд энэ л үед Хонконгийг 99 жи­лээр эзэмших эрхээ олж авсныг нурших хэрэггүй биз ээ.

Нэгэн үндэстнийг хү­чээр доромжлон хүн ар­дыг нь хордуулах эрхтэй болсон энэ явдал өдгөө эртний хүмүүсийн тэнэг­рэл мэт бодогдож байгаа биз ээ. Гэвч тухайн үед улс орнуудын харилцаа ийм л зүйл дээр тогтож байлаа. Нэг талд орлого олох гэсэн хүмүүсийн золиос болсон хятадууд бүхэлдээ хар тамхинд ууссан байсныг бид ч гэсэн өөрсдийнхөө түү­хээс хайвал санаж чадна. Хувьсгалын өмнөхөн Мон­голд амьдардаг дан­жаадууд хар тамхи яаж татдаг байсныг дүрслээ­гүй уран зохиолын бүтээл ховор. Бас тэднийг дагаж амьдардаг хүрээ хүүх­нүүд хүртэл хар тамхинд ороод Хүрээний хогон дээр амиа тавьсан тухай ч зохиолд өгүүлдэг. Тэгэ­хээр Хар тамхины дайн тэднийг ингэж золиос­лосон гэдэг нь харагдаж байгаа байх.

Магадгүй ингэж цу­сан­даа ясандаа шингэ­тэл хар тамхины гайг мэ­дэрчихсэн болохоор хя­тадууд хар тамхины хэ­рэгт холбогдогчдод өр­шөөл­гүй ханддаг байж болох юм. Бас цусанд нь удамшсан адын чанар нь нөлөөлж зарим нэг нь татсаар байдаг болохоор хэрэглэгч нь тодорхой зах зээлд тооцогддог ч биз.

Түүх ийм байхад хар тамхинд “аллерги”-тэй хятадуудад гувшааг нь зөөж амьдралаараа хо­хир­мооргүй байна. Сүү­лийн жилүүдэд Хятадын хил дээр хар тамхины хэргээр саатуулагдсан хүмүүсийн тоо эрс өслөө. Ж.Дамдин гэдэг эр ба­ригдаж, цаазын ял сонс­сон гэнэ. Дөрвөн хүүх­дийн ээж Байгалмаа бүс­гүй насаараа Хятадын шоронд суух боллоо. Тэ­дэнд хар тамхийг нь зал­гиулж хил гаргадаг гэнэ. Оюутан охин ийм хэргээр баригдлаа, идэр насны шижигнэсэн дөр­вөн залуу ходоодондоо хар тамхи­тай баригджээ. Бүр залх­маар шархир­маар мэ­дээл­лүүд ар араа­саа хөв­рөх болж бай­на. Тэдний араас ша­налсан эцэг, эх, хань ижил, үр хүүхэд нь ну­лимсаа барна. Хэрэв тэд­ний буруутай нь тог­тоогд­вол хатуу хууль цааз­тай хятадууд хуулиа л дагана шүү дээ. Энэ сарын 10-ны өдөр гэхэд хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 65 настай япон өвгөнийг цаа­заар авчих­лаа. Одоо да­хиад гурван япон ийм ялтай өдрөө хүлээж суу­гаа гэсэн.

Тэгэхээр бид хүний хууль ийм хатуу гэхийн оронд өөрсдийнхөө сэт­гэлгээг эхлээд өөрчил­мөөр санагдаж байна. Бид дэлхийн бусад улс үндэстэнтэй харьцуу­ла­хад хар тамхины хөнөө­лийг тэгтэл мэдрээгүй ул­сууд. Тиймдээ ч хэдэн жилийн өмнө Монголд болсон дуулиант хар там­хины хэргийн дараахан манай урлагийнхан хэв­лэлийн хурал хийлгээд “Ямар хүн алсан биш. Ийм олон жилийн ял өгөөд байхдаа яахав” хэмээн шүүгчдийг бу­руут­гаж байсан билээ. Бас сонгуулийн өмнөхөн Ерөн­­хийлөгч нь хүртэл олны таалалд нийцүүлэ­хээр эл хэргээр ял эдэлж байсан дуучин Х.Лхагва­сүрэнд уучлал үзүүлсэн. Манайд хар тамхины та­лаар дээрээсээ эхлээд нийтээр иймэрхүү хайнга хандлагатай байгаад цэг тавих нэгэнт болжээ. Хү­ний сүүдэрт орохоос өр­сөж өөрсдийнхөө сүүд­рийг олж харъя.

Э.ЭНЭРЭЛ