Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Пүрэвсүрэн: Хөгжим намайг зөөллөсөн DNN.mn

МУСТА, Хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачинаас яриагаа эхэлье. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-2013 онд “Цэнхэр тэнгэрийн орон” дуунаас хойш нутгийн тухай дуунуудыг их олон гаргажээ.

Хэнтий аймгийн морин спорт холбооны санаачилгаар Төрийн шагналт, СГЗ Ш.Гүрбазартай хамтран “Сэцэн ханы хүлгүүд” гээд дуугаа энэ зун бүтээлээ. Мөн Л.Банзрагчтай “Ижий хайлан” дуун дээр ажиллаж байна. Ер нь долоо хоногтоо эсвэл сардаа 3-4 дуу гаргаж байгаа. Дуучдынхаа хоолой, онцлогт тохирсон уран бүтээл төрүүлэхийг хичээдэг. Мөн орон нутгийн ойд зориулсан аймаг сумдын дуу ихэвчлэн бүтээж байна даа. Одоогоор Сэлэнгэ, Завханы тухай уран бүтээл дээр ажиллаж байна. Өмнө нь бүрэн хэмжээний долоон тоглолт хийж байсан. Тухайн үедээ үзэгчид дүүрэн сайхан л тоглолт болж байлаа. Хөгжмийн зохиолчийн тоглолт тийм өргөн цар хүрээтэй болно гэдэг ховор шүү.

-Таны багадаа хөгжимд татагдсан түүх сонирхолтой юм билээ?

-Манай нагац Соёлын төвийн эрхлэгчээр ажилладаг байлаа. Ээж маань хөгжимчин. Бага байхад зарим нэг айлын хойморт “Баян хуур” хөгжим, даралтат хөгжим өлгөөтэй байдаг байсан. Түүнийг нь харахаар л өөрийн гэсэн хөгжимгүй надад их л чамин, гоё харагдаад, очиж тогломоор санагддаг байв. Өглөө эрт үхрээ гаргачихаад ямар ч зорилгогүй айлын үүдэнд очиж сууна даа. Гол зорилго нь нөгөө л нэг айлын хойморт байгаа хөгжим…(инээв). Тэгээд л олон удаа очсоны үр дүнд хөгжмийг гуйж аваад нилээд хол очиж ямар ч хамаагүй ая тоглоно. Сүүлдээ айлдаа очихоор шууд л “Баяан хөгжим”-өө аваад өгдөг байсансан. Тэр үед сонирхлоороо олон хөгжим тоглодог байсны дүнд одоо төрөл бүрийн баяан хөгжим тоглож чаддаг болсон доо. Сонирхолтой, түүндээ дурлаж байсан учраас л үстэй дээлтэй хүйтэн амбаарт хөгжмөө тоглож байлаа. Тийм л хоббитой хүүхэд байсан. Ер нь урлагт авьяас байхаас гадна түүндээ дурлах ёстой юм билээ.

-“Босоо хийморьтой эр хүн” дуу тухайн үед нилээд “од” болсон байх..?

-ШУТИС-ийн урлагийн зааланд бүтэж байсан дуу. Дараа нь 2010 онд анхны тоглолтоо “Босоо хийморьтой эр хүн” нэртэйгээр Бөхийн өргөөнд хийж байлаа. Гурван цомог гаргаад цомог гэдэг зүйлийг жагсаалтаасаа гарч буйг мэдэрсэн. Одоо ч 20 гаруй дуутай 15 цомог гаргахад бэлэн болчихсон л байна. “Босоо хийморьтой эр хүн”, “Санахгүй л гэсэн юм аа”, “Манай адуу” гээд дуунууд маань ар араасаа хит болж байсан. Тухайн үед Монголын радиогоос дууны уралдаан зарладаг байсан юм. Тэгэхэд л эхний гурван байрт миний дуунууд жагсдаг байлаа(инээв).

-Технологийн ангийн хүүхэд урлагт гүн дурлаж дээ?

-Би чинь инженер мэргэжилтэй. Багаасаа урлагт сонирхолтой болж өссөн. Инженерийн сургуулийн оюутан тэр үедээ урлагт гүн дурлаж, сургуулиа бараг л урлагийн сургууль болгохоо дөхсөн. Анхны урлагийн наадмыг нь зохион байгуулсан.

Манай сургуулийн захирал багш н.Энхжаргал оюутан надад цахилгаан хөгжим урдаас захиалж авч өгсөн юм. Ер нь ШУТИС-д ороход урлаг гэдэг мэдрэхүй байдаггүй. Хөгжим дуугарсан танхим болгон руу гүйгээд очдог. Манай багш анх удаа хөгжимчин инженер төгслөө гээд тайзан дээрээс хэлж байлаа. Гол нь нийтийн дууны өнгө аяс, хандлага, аялгуу хүнд зөв хүрээсэй. Хүн бүр дуулах дуу хийх хэрэгтэй. Одоо ч нийгэм өөр болж. Зарим дуунууд шүүлтүүргүй, үг нь алдаатай хүний чих, сонорыг мялаах дуу гарахгүй байна.

Олон түмэнд хүргэх сайхан дуу хийхийг л зорьж явдаг юм. Инженер мэргэжилтэй учраас инженерийнхээ ажлыг хийгээд явж чадахгүй. Аль хэдийнэ мэргэжлээсээ холдоод 20 гаруй жил болжээ. Тиймээс энэ урлаг руу гэдэг зүйл рүү зорьж, тэмүүлж байгаагийн нэг шалтгаан нь энэ цаг үеийн түүхийг залуучууддаа үлдээх ёстой гэж бодсоных байх. Магадгүй миний дараагийн үе өөр болно. Бид хамгийн сайн сайхан дууг хийж дараагийн үедээ өвлүүлж үлдээнэ.

-Дууны үг, ая зэрэг буусан үе бий юу?

-Дууны үг, ая зэрэг бууж болно. Голын дэргэд суугаад орчноо ажихад үнэхээр тансаг шүлэг байдаг ч болоосой гэж бодогдоно.

Урсгал усны долгио сэтгэлийг минь аваад яваач… гэдэг ч юм уу. Хамгийн гоё зүйл нь хамгийн тансаг шүлгийг хүнд хүрсэн тохиолдолд тэр төгс дуу болж чаддаг. Аялгуу төрнө гэдэг зүйл надад ганц нэгхэн л тохиолдож байсан. Ямарваа нэг зүйлийг харж, мэдэрч байж тэндээс үг ундарч бичнэ.

-Таны дуунуудад адуу, нутгаас илүү хайрын дуун их байдаг юм байна?

-“Зөөлөн бороо”, Л.Болдбаатарын дуулсан “Цэцэг шиг төрсөн бүсгүй”, Б.Оюунбат, Р.Бадралмаа хоёрын “Зүрхний наран”, “Хайрандаа гэрлэе, хоёулаа” гээд хайрын сэдэвтэй маш олон дуу бий. Одоо сэтгэлгээний болоод сэтгэлийн орон зайг хүнд үлдээх ёстой. МУГЖ Н.Төмөрхуяг агсан “Юм бүхнийг дуул” гэдэг байсан. Дээр үеийн сайхан дуунуудыг зохиож байсан ах нар тансаг нэршлийг нь түүгээд авчихсан. Тэгэхээр одоо бидэнд яг юу руу тэмүүлэх вэ гэдэг ачаалал нэмэгдэж байгаа юм. Үүнд өөрсдийгөө сорихоос гадна, хийж бүтээх өнгө аяс, дуу хоолойгоор монголчуудад сэтгэлийн таашаал олгох хэмжээний уран бүтээл хийх ёстой гэж боддог.

-Та өөрөө дууныхаа монтажийг хийдэг үү?

-Хүн чадаж байгаа зүйлээ сайн хийх ёстой. Түүнийгээ улам бүр баяжуулж, сурах нь зөв. Тиймдээ ч би хөгжмөө өөрөө бичиж, клипээ өөрөө монтажилж, хоолой бичнэ гээд бүгдийг л өөрөө хийдэг. Цаашид ч сурах юм их бий. Миний мөрөөдөл хялбархан, өөрийн гэсэн аяз үлдээх.

-Ойрын хугацаанд тоглолт хийх бодол байгаа юу?

-Чадвал 10 тоглолт хийх юмсан л гэж бодож байна. Бид аав, ээж, нутгийн тухай дууг хангалттай цаг хугацаанд хийлээ. Одоо ер нь сэтгэл рүү урссан дуу хийхийг л зорьж байгаа. Тэр цаг нь болсон.

Одоо цаг нь ирлээ гэхээр цаг нь ирж өгөхгүй байгаа юм болов уу.

Миний 2013 оны үед хийгдсэн “Хөх Монголын омголон орших цаг ирлээ

Хөх үүлс нүүгээд л байна

Хөх үрс мэндэлсээр л

Хөх уулс зэрэглээтээд л байна… Хөх монголын амгалан орших цаг ирлээ…

Тэгэхээр амгалан оршиж чадаагүй байна миний Монгол. Өглөө гэрээс гарахад нэг өвөө монголчууд болохгүй байна гэж ярьж байна лээ. Болохгүй нь ч болохгүй байгаа. Болох зүйлийг болгохгүй байна уу. Болохгүй зүйлийг болгохгүй байна уу гэдэг маш том асуудал байна. Ер нь зөвхөн улс төр, урлаг ярьж, зөвхөн амин хувиа хичээж амьдрах ёстой ч юм уу.

2008 оны долдугаар сарын 01-нд сонгуулийн үеэр С.Жавхлан бид хоёр шөнийн үхэр цагт “Мангасууд хэрэггүй” гэдэг дуу хийж байлаа(инээв).

…Нам нам гэж намхан байхыг хэлэв үү

Үгүй ээ. Бид чинь өндөр заяат монголчууд шүү дээ… гээд аялгуу нь их тансаг. Ийм нэг улс төрийн сэдэвтэй дуу байна. Тухайн үедээ л шуугьсан даа.

-Төрөл төрлийн дуу хийж байжээ?

-2008 оны наймдугаар сарын 08-нд ажил дээрээ ирээд хийж байсан “Ахын сэтгэл” гэж дуу байдаг юм. Тэр өглөө олимпийн аваргатай ч болж байсан үе. Дараа нь “Морин хуур” наадам болж, анх удаа оролцоод эхний шатандаа хасагдаж билээ. Тэр намар нь бусад дуу нь хит болоогүй байхад “Ахын сэтгэл” дуу хит болж байсан. Юмны чанар өөр болсных байх л даа.

Таныг Яармагийнхан Жан Гум гэж хочилдог байсан гэлцдэг. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Яармагт гэрлийн байцаагч хийж байх үед телевизороор Дэ Жан Гум гээд олон ангитай кино гардаг байсан юм. Тэр үед манай гэрлийн байцаагч нар надад тийм нэр өгч байв. Би чинь барилдана, дуулна, хөгжим тоглоно, зураг зурна. Хийхгүй зүйл байдаггүй байж. 2000 ажилчин байлаа гэхэд барилдаан, урлагийн наадам зохиогоод 20,30 хүнтэй нэг баг бэлдээд оролцож байхад би ганцаараа дуулаад түрүүлчихэж байгаа юм чинь. Тэгэхээр тэдний хараанд өртөх нь ойлгомжтой биз.

Та хэр зурдаг вэ?

-Би Увс аймгийнх. Багадаа аймагтаа зургийн үзэсгэлэн гаргаж байсан. Ямартаа ч маш сайн зурах авьяас бий шүү.

Хөгжим гэдэг хүнийг тайтгаруулах увдистай гэдэг?

-Зовлон жаргалыг хөглөж байдаг хамгийн чухал зүйл нь хөгжим, дуу хуур. Голын эрэг дээр гитараа бариад дуулах чинь ямар сайхан мэдрэмж гээч. Бүх л зүйл дуу хууртай холбоотой байж бидний энерги нөхөгддөг юм. Дуу хуургүйгээр хэзээ ч өөрийгөө төсөөлшгүй. Дуу дуулж байж хүний доторх муу муухай зүйл арилж, дуу дуулж дотоод сэтгэлийн сайхан нь сэргэдэг гэдэг. Хөгжим намайг зөөллөсөн.

-Хөгжмийн зохиолч, дуучин хоёр үнэлэмжийг хэрхэн хардаг вэ?

-Намайг бага байхад зөвхөн хөгжмийн зохиолчийг нэрлэдэг байлаа. Лувсаншаравын хөгжим… гээд л. Яруу найрагч нь байдаггүй. Одоо бол хөгжмийн зохиолч нь ч, яруу найрагч нь ч тэр алга. Дурддаггүй. Нийгэм цаг үе нь өөрөө ямарваа нэгэн зүйлийг хүндэтгэх, хүндэтгэлгүй болгочихоод байгаа юм. Хамгийн түрүүнд яруу найрагч, Хөгжмийн зохиолч гээд дуучны урд мөнхийн зарлагддаг тэр өнцөг өнөөдөр алдагдсан. Зөвхөн өөрийгөө ярьдаг нь дуучдын алдаа гэж хардаг. Тийм ч учраас түүний үнэ цэнийг алдагдуулахгүйн тулд би жил болгон тоглолт хийдэг. Хамгийн үнэ цэнтэй байхын тулд бас нэг өөр ертөнц бий болгохын тулд хичээж ажиллаж байна.

Хүний сэтгэлийг дуугаар хөглөнө гэдэг аугаа тайтгарал юм даа..?

 Миний амьдрал тэр чигтээ дуунд мөнхлөгдсөөр яваа.

Аавдаа зориулж “Аавдаа зэмлүүлсэн дуу нар сэтгэл баясгаад болохгүй нь ээ

Ахиад ганцхан уулзвал хүү чинь таныгаа тэвэрмээр байна… хэмээн дуу гаргаж байлаа.

Энэ намар “Аав эзгүй намар” гэдэг дуугаа А.Хосбаяртай хамтран гаргахаар ажиллаж байна. Хүний амьдралд ганцхан юм хэрэгтэй. Тэр нь зөв байх, сэтгэлтэй байх. Энэ л зарчмаа өнөөдрийг хүртэл баримталж ирсэн. Сэтгэлээсээ хүнд туслахад хүнээс юу ч унадаггүй юм. Багадаа ТҮЦ-нд зунжингаа ажиллачихаад цалингаа аваагүй. Болдог л юм билээ.

Гэрийн тооныг хүн чанар гэж авч үзвэл хоёр багана нь мөн чанар. Энэ мөн чанарыг сэвтээхгүйн тулд бид их хичээх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганчимэг: Хэт халууны үед иргэддээ хүйтэн зүйл зарж борлуулах нь ард иргэдийнхээ эсрэг хийж буй гэмт хэрэг гэж үздэг DNN.mn

“Сөүл эмнэлэг”-ийн эмнэл зүй эрхэлсэн дарга, элэг, цөс, ходоод гэдэсний мэргэжлийн эмч Д.Ганчимэгтэй ярилцлаа.


-Хэт халуун үе буюу +30 градусаас дээш хэм халсан үед хүмүүс хүйтэн ундаа пиво, мөстэй ус ундаа хэрэглэх нь хүний эрүүл мэнд, хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлөх вэ?

-Халуун нөхцөлд байж байгаад хэт хүйтэн зүйлийг гэнэт хэрэглэх нь хүний биед маш их сөргөөр нөлөөлнө. Яаж гэхээр хэт халуунд халууцаж байгаад хүйтэн ус ундаа ихээр хэрэглэх нь нэгдүгээрт, гүйлсэн булчирхайг цочроох, дараа нь хоол боловсруулах замыг цочроох, бусад эрхтэн системийг цочроох буюу цочмог эмгэгүүдийг үүсгэх эрсдэлтэй. Хоёрдугаарт, хууч архаг өвчтэй хүмүүсийн хуучин эмгэгүүдийг сэдрээх талтай. Үүнд юу орох вэ гэхээр хоол боловсруулах замд байх ходоодны шарх, шалбархай, нойр булчирхайн цочмог үрэвсэл, цөсний чулуут үрэвсэлтэй хүний цөсний чулууг сэдрээх, эсвэл цусны өтгөрөлтэй хүмүүсийн нойр булчирхайн эмгэгийг цочроох буюу цочмог үрэвсүүлэх эрсдэлүүд байна.

-Улирлын өөрчлөлт хүний хоол боловсруулах эрхтэн системд яаж нөлөөлөх вэ?

-Улирлын чанартай хоол боловсруулах замын эмгэгүүд энэ үед ихэсдэг. Ялангуяа өнөөдрийн нөхцөл байдалд үүсээд байгаа үер усны аюултай холбоотой болон яг энэ цаг үед гэдэсний халдварт өвчин дэгддэг үе нь. 6, 7, 8 дугаар сар бол гэдэсний халдварт өвчин дэгдэлт өндөртэй үе. Иймээс энэ халдвараас сэргийлэх хэрэгтэй.

-Яаж сэргийлэх вэ?

-Гараа тогтмол угаах, халуун хүйтэн идээ ундаагаа тохируулж хэрэглэх нь зүйтэй. Удахгүй Үндэсний их баяр наадам болно. Баяр наадамтай холбогдуулаад тусгайлан анхааруулж хэлэхэд энэ үеэр ард иргэд хорхог боодог, архи пиво, айраг цагаа, хүйтэн пиво, мөстэй кола, тостой хуушуур гэх мэтчилэн зүйлүүдийг маш ихээр хэрэглэдэг. Ийм зохисгүй хайрсан хуурсан хоол хэрэглэхэд цөс нойр булчирхайн цочмог үрэвслүүд идэвхижиж эхэлдэг. Тиймээс иргэд өөрсдөө зохистой хооллох хэрэгтэй. Томчууд өөрсдөөсөө эхлэх нь зүйтэй. Дээрээс нь бага насны хүүхдүүд, өндөр настнуудын халуун хүйтэн зүйлийн хэрэглээн дээр нь зохицуулалт хийж өгөх шаардлагатай.

-Олон улсад хэт халууны үед яаж сэргийлдэг юм бол. Зарим улсад хуульчилсан байдаг гэх?

-Хэт халуун үед олон улсад тасалгааны температуртай зүйлүүдийг л хэрэглэдэг. Худалдаа үйлчилгээний газрууд нь ч энэ үеэр хөргөгч хөлдөөгчөө салгаад тасалгааны температуртай зүйлүүдийг зарж борлуулдаг. Жишээлбэл, Хятадад намайг сургалтаар очсон үед яг хэт халууны үе тохиолдсон. Тэнд хэт халууны үед иргэддээ хүйтэн зүйл зарж борлуулах нь ард иргэдийнхээ эсрэг хийж буй гэмт үйлдэл гэж үздэг юм билээ. Бүр хуульчлаад заачихсан. Тэгэхээр худалдаа эрхлэгчид нь ч хэт халууны үед хасах температуртай шингэн зүйл зардаггүй. Хэрэв зарвал хуулийн хариуцлага хүлээдэг системтэй юм байна. Манайх шиг хэт халууны үед хэт хүйтэн мөстэй болон хасах температуртай зүйлүүдийг иргэд нь өөрсдөө ч хэрэглэдэггүй. Ходоод дотрын эмч нар нь ч энэ талын сургалт сурталчилгаа хийж, олон нийтдээ таниулдаг. Хэрэв хэт халууны үед хасах температуртай болон мөстэй бүтээгдэхүүн зарж байвал иргэд өөрсдөө гомдол мэдээлэл гаргадаг, хариуцлага тооцуулдаг. Бидний эрүүл мэндийн эсрэг үйлдэл хийж байна хэмээн хууль цагдаагийнханд ханддаг. Эрүүл мэндийн боловсролтой байдаг юм билээ. Манай иргэд өөрсдөө ч энэ тал дээр анхаарч, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй байна. Үүнийг Монголд мөн ард түмний эсрэг хийж буй гэмт хэрэг гэж үзэн хуульчилмаар байгаа юм.

-Нэгэнт хэт халуун үед хүйтэн зүйл хэрэглээд, архаг хууч хөдлөөд, ходоод гэдэс хямарсан үед яах вэ?

-Хэт халуун үед хүйтэн ус ундаа хэрэглээд ходоод гэдсээ цочроогоод, цөс нойр булчирхайгаа өвтгөөд, нойр булчирхайн хурц үрэвсэл, цөсний чулуут үрэвслийн сэдрэл гэх мэт мэргэжлийн эмгэгтэй холбоотой олон эмгэгүүд яг энэ баяр наадмын үеэр сезон нь эхэлдэг. Бага насны хүүхдийн гэдэсний халдварууд ихэсдэг. Бас сезон нь. Дээрээс нь архаг хууч өвчтэй настай хүмүүс, зүрх судасны эмгэгтэй, даралт ихэсдэг өвчтэй хүмүүс халуун хүйтний хямралаас өөрсдийгөө сэргийлэх хэрэгтэй. Энэ үеэр мөн арьс, харшлын эмгэгүүд сэдрэх асуудалтай. Хоол ундны зохисгүй хэрэглээтэй холбоотой энэ эмгэгүүдээр өвчлөх эрсдэл их. Тиймээс иргэд зохистой хооллож амьдралын зөв хэв маягтай байх хэрэгтэй. Хөгшид хүүхдүүдээ асарч хамгаалах нь зүйн хэрэг юм.

-Яг өнөөдрийн нөхцөлд Улаанбаатар хотод үер усны асуудал үүсч, өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихлаа. Энэ үед ямар эрсдэл үүсэх вэ?

-Үер усны үед шавар шавхай, шалбаагтай холилдоод бид маш их нян бактертай агаараар амьсгалж байна. Хэрэв буцаад гэнэт хурц нар гараад эхэлбэл өнөө хөрсний бохирдол агаарт дээш дэгдэж эхэлнэ. Бид бүгд энэхүү бохир агаараар амьсгалж байгаа учраас гэдэсний халдварууд бохир гараар дамжихаас гадна, амьсгалын замын халдварууд, агаар дуслын халдварууд ихэснэ.

Categories
гадаад мэдээ нийгэм

В.Путины “Бүтээл”-ийн үр дагавар DNN.mn

Хагас хугас явагдсан “Путины тогооч” хочит Е.Пригожины бослого В.Путины дэглэмд хагарал гарсныг баталсан явдал болов. Жинхэнэ хүчтэй удирдагчид хөлсний цэрэгтэй байх шаардлагагүй байдаг. Тэдэнд өөрийнх ньарми л хангалттай. Гэтэл Е.Пригожин гэх “эрүүгийн элемент” нь В.Путины өөрийнх нь гардан хийсэн “бүтээл” билээ. Шүүхээс хулгай, дээрмийн хэргээр нийт 16 жилийн ял сонсож шоронжсон энэ этгээд ийм өндөрт гараад ирсэн нь үнэндээ өнөөгийн Кремлийн төр, засгийн цаад үнэн нүүр, төрх юм.

Оросын Улсыг аюулаас хамгаалах алба энэхүү бослогыг мэдээгүй байсан гэвэл хэтэрхий гэнэн хэрэг болно. Гэтэл энэ алба ажлаа хийж чдахгүй болсон нь Путины төр, засаг хэврэгжсэн гэдгийн бас нэг том баталгаа юм. Ерөөсулс төрийн намууд, төр засаг болонБатлан хамгаалах яамны удирдлага, мужийн захиргаа Путины талд харинтэдний дор байгаа болгон Путины засаглалын эсрэг байгаа нь дэлхий нийтэд тодорхой болж орхив. Энэ нь Оросын энгийн иргэд Москвагийн ойролцоо орших “баячуудын” гэгдэх Рублёвка хороололд дроноор цохилт өгсөн явдалд хэрхэн баярлаж байсан болон хотод нь дайран орж ирсэнвагнерчуудыг Ростовын иргэд яаж дэмжиж байгаагаас харагдав.Энэ бүхэн Е.Пригожины бослого Оросын Батлан хасмгаалах яамны удирдлагын нэр хүндийг унгаж В.Путиныг дахин цэрэг татахад бэрхшээл үүсгэн, татагдсан цэргүүд түүний дэглэмийн эсрэг зэвсэгээ барин босоходбэлэн бослныг нотлон харуулав. Мөн Кремль төрийн эргэлт хийх гэсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэснээ маргааш нь үүнийгээ хүчингүй болгож Е.Пригожиныг Беларусьт орогнохыг зөвшөөрсөн ньОрост хууль ёс гэж үгүй болж зүгээр л ганц хүний дарангуйллын дэглэм тогтсон гэдгийг бүрэн батлав.А.Лукашенко вагнерчуудаас байлдааны туршлага судална гэж байна. Тэр өөрөө л хэдэн генералуудаа удирдан байлддаггүй юм бол Украины эсрэг ялангуяа НАТО-нийн эсрэг байлдах тэнэгцэрэг, офицер Беларусь улсад лав байхгүй. Харин А.Лукашенкогийн засаглалыг авч хаяхаар тэмцэж буй Беларусийнтусгай ангиУкраины талд байлдаж байгаа нь үнэн. Үнэндээ Украины талдбайгаа Орос, Беларусь, Гүрж, Чечень,Турк, Буриад болон бусад үндэстний тусгай ангиуд л В.Путин болон А.Лукашенкогийн маргаашийн жинхэнэ гол аюул нь билээ. Эд нарыг Украинаас яаж Москваорохыг вагнерчууд тэдэнд үнэ, төлбөргүйгээр заагаад өгчихлөө.

В.Путины хийсэн ганц сайн зүйл нь оросууд оросуудынхаа цусыг урсгах иргэний дайн гарахаас энэ удаа сэргийлж чадсан явдал. Ер нь бол Е.Пригожин мэтийн орос авилгачдын хөлсний цэргүүдэд сануулга өгсөн явдал бол яах аргагүй түүний хамгийн том амжилт мөн. Учир нь өнөөдөр Орост авилгачдын хувийн янз бүрийн нэртэй 40 орчим хөлсний цэргийн бүлэг байгуулагдчихаад байна.Мужийн захирагчид, олигархиудаас гадна “Газпром” бүр Шойгу хүртэл “Патриот” гэх хувийн “арми”-тай болчихоод байгаа билээ. Энэ ньПутинчууд Украины дайнд бус өөрийн дэглэмийн аюулгүй байдлыг хангахад илүү анхаарахаас аргагүй болж байна гэсэн үг бөгөөд энэ нь мэдээж украинчуудад ашигтай зүйл. Басвагнерчуудын хагас бослогоос болжВ.Путин иргэдийнхээ эсэргүүцлийг дарах зориулалттай “Росгвард”-ыг хүнд зэвсгээр хангахаар шийдлээ. Энэ нь үнэндээ түүний эсрэг бослого гарах баснэг шинэ “голомт” бий болж байгаа явдал юм. ЕрөөсЕ.Пригожины хагас бослого В.Путины дэглэм ямар сул дорой болохыгдэлхий нийтэд нээн харуулав.

Өнөөдөр В.Путины арми Украины дайралтыг сааруулах гэж яг л дэлхийн II дайны үеийнОросын цэргийн аргыг хэрэглэж, хэтэрхий их хохирол амсдаг сөрөг довтолгоонууд хийсээр нөөц хүчээ үндсэндээ шавхаад байна. Энэ бүхэнУкраины армийн довтолгооныамжилтойрхон болсон гэсэн үг бөгөөд ерөөс XXI зуунд иргэдийн амь нас, дэд бүтэц, ирээдүйг хогноос ч дор үздэг төр, засагтай улс оршинбайгаа ньдэлхий нийтийн хөгжил, дэвшилд тэмүүлж буй хэсэгт огт ойлгомжгүй зүйл болчихоод байна.

Олон улсын судлаач, шинжээдийн нэр хүндтэй хэвлэлүүдэд өгсөн ярилцлага, нийтлэлүүдийг нэгтгэн хүргэхэд иймбайна.

Г.Амарсанаа

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Лхагвадоржийн БАЛХЖАВ: Хүний мэдрэмжүүдийг давсан гоё мэдрэмж урлагт байдаг DNN.mn

Л.Балхжав захиралтай уулзахаар UBS телевизийг зорьж явна. Бид бие биенээ мэддэг болсоор гучаад жил өнгөрчээ. Бас л том цаг хугацаа юм аа… Ийнхүү зочныхоо тухай бодож явав. Монголын хөгжмийн урлагт хөл тавиад хагас зуун жил болж буй энэ эрхэм ингэхэд хэн юм бэ. “Амин нутаг”-аас “Зүрхний тал” хүртэл аялгуу дуурсгаж яваа түүний талаар бид юу мэдэх юм. Ингээд зүрхнээс нь ундран гардаг эгшиг аялгуугаар зүрхээ хөглөн алхах дуртай, тансаг яруу хөгжмийн зохиолч, Монгол Улсын урлагийн гавьяат Зүтгэлтэн Л.Балхжавтай та бүхнийг уулзуулъя. Ярилцагч эрхэм маань яг энэ мөчид төрдөө үнэлүүлж, түмэндээ үнсүүлж Монгол Улсын Төрийн соёрхол хүртэж буйг сонсох юутай сайхан.


-Та бид хоёр ярилцах болзоо тавьсаар олон жил өнгөрчээ. Өнөөдөр таны амьдралын нэг хэсэг болох UBS телевиз дээр уулзаж байгаа маань надад дотно сайхан санагдаж байна. Хоёулаа ярилцлагаа таны аав Лхагвадорж гэж ямар хүн байсан тухай яриагаар эхэлье.

-Үнэхээр уулзаагүй уджээ. Амьдралын хурд үнэхээр гүйцэгдэхээ байж. Тантай уулзах сайхан байна. Миний аав, ээж хоёрыг анх танилцахад ээж 17-хон настай байсан гэдэг юм. Дөнгөж Багшийн сургуульд орж байж л дээ. Энэ үед манай аав Сонгинын цэргийн ангид байлдагч, цэрэг залуу ээжийг эргүүлээд л их романтик үе байсан юм шиг байгаа юм. Нэг нь цэрэг, нөгөө нь сургуульдаа ч ороогүй дөнгөж оюутан болж байсан үе. Ингээд би гэдэг хүн цэргийн хүү, малчин айлын охин хоёрын ууган хүү болон ирж. Тийм нялхаараа шахам хоёр амьтан яаж намайг өсгөх билээ. Ингээд би эмээ, өвөөгийн хүүхэд болон шилжив ээ. Манай ээж насаараа цэцэрлэгийн багш, аав анх цэрэгт жолооч болж бэлтгэгдсэн хүмүүсийн нэг байсан юм. Тавдугаар баазын Юндэн даргын жолооч, дараа нь баазад үйлдвэрийн тээврийн жолооч хийж, Эрдэнэт, Дархан хотын бүтээн байгуулалтад зүтгэж байсан хүн. Тэр үед их нэр хүндтэй, бас хамгийн их мөнгө олдог улс тээврийн жолооч нар байсан л даа.

-Айлын том хүү юм байна. Аль талынхаа эмээ, өвөө дээр өссөн бэ?

-Аавынхаа ээж, аавтай амьдарч байгаад тэд маань өөд болсон юм. Тэгээд ээжийнхээ талын өвөө, эмээ дээр очсон. Өвөөгөө би багахан санадаг юм. Харин эмээ дээрээ бол жинхэнэ гарынх нь хүүхэд болж өссөн. Урлагийн мэдрэмжийг ааваасаа л авсан байх гэж боддог юм. Манай аав өөрийгөө хөгжүүлээгүй л болохоос хөгжмийн асар их мэдрэмжтэй хүн байсан. Аавын юмнуудыг үзэж байхад өөрийнх нь цэргийн ангид байхдаа ноотлож байсан ноотыг нь олсон юм.

Тэндээс харахад асар мэдрэмжтэй, авьяастай хүн байжээ. Би одоо харамсдаг юм. Надад ноот үзүүлэхэд нь би ерөөсөө тоодоггүй байлаа. Нүд нь харахаа байж, сахрын өвчин нь хүндэрсэн, хэвтэрт байхдаа “Надад ийм ноот байгаа, миний хүү үз” гэхэд нь тоолгүй л өнгөрдөг байж. Нас барсных нь дараа тэр ноотыг нь гаргаж ирээд тоглож үзэхэд үнэхээр гоё аялгуутай байсан. 1999 онд Соёлын төв өргөөнд “Сэтгэлийн хөг” гээд хамгийн анхны тоглолтоо хийж байхад миний аав шугамын радиогоор сонсоод “Миний хүү ямар ч байсан хөгжим зохиогоод, найруулагчийнхаа ажлыг хийдэг болсон байна” гэж тайвшраад бурханы орондоо одсон доо.

-Таны өсвөр нас хаана өнгөрсөн юм бэ?

-Хоёрдугаар дөчин мянгатад. Өвөл нь хотод, хавар болохоор хөдөө явдаг байлаа. Тэгж хот, хөдөөгийн хоёр талын аж амьдралын хэмнэлийг авч, тэрийг мэдэрч өссөндөө би их баярладаг. Надад их хэрэг болсон. Гуравдугаар ангиа төгсөх үед манай сургууль дээр баахан хүмүүс ирж, Хөгжим бүжгийн сургуульд хүүхдүүд сонгож элсүүлэх үеэр би шалгаруулалтад орж тэнцсэн юм. Аавтайгаа зөвлөж байгаад морин хуурын ангид орж байлаа. Хэрвээ би тавин мянгатын “хулигаанууд”-тай нийлээд явчихсан бол зөвхөн хотын хөгжмийг л мэдрэх байсан болов уу (инээв). Хот, хөдөө хоёрыг адилхан мэдэрч өссөн орчин маань миний хөгжмийн амьдралыг илүү баян болгосон.

-Морин хуур тоглож сурахад хэцүү байсан уу. Чулуун гуайн хүү Чинбаттай ярилцаж байхад “Гадаа хүүхдүүд тоглоод л би гэртээ хийлээ бариад л, нулимстай зогсож байдаг байлаа” гэж бага насаа дурсаж байж билээ.

-Манай Г.Жамъян багш их ширүүн хүн шүү дээ. (инээв)

-Алдарт Г.Жамъян хуурч?

-Тэгэлгүй яахав. Манай багш хичээлээ ширүүн заадаг. Манай морин хуурын ангийнхан бүгдээрээ хусуулдаг байсан (инээв). Хамгийн гол нь бид багш зодлоо гэж хэнд ч хэлдэггүй. Тэгээд Г.Жамъян багш хичээлээ зааж дууссаныхаа дараа өөрөө 30 минут хуураа бидэнд зориулж тоглож өгнө. Ёстой гайхуулж, автуулж, дурлуулж тоглодогсон. Багшийн тоглохыг сонсоод бид зүгээр л хуураа хөрөөдөөд байдгаа ойлгодог байсан. Г.Жамъян багшийн хичээлд ороход дөрвөн улирал шиг санагддаг. Зарим үед айгаад “дахиж энэ өрөөнд орохгүй дээ” гэсэн бодол ч төрнө. Энэ хил хязгаарыг давж чадалгүй дундаасаа мэргэжлээ сольсон ч хүн байгаа. Үнэхээр үнэн сэтгэлээсээ хичээлээ заадаг багш байсан.

-Зан чанарын хувьд яаж нөлөөлсөн бэ. Жишээлбэл, та мэргэжлээ сольё. Ерөөсөө энгийн сургуульд оръё гэж бодож байсан уу?

-Би ерөөсөө тэгж бодож байгаагүй. Хувь заяагаар би Г.Жамъян багшийн шавь болсон. Энэ тавиландаа залбирч, багшийнхаа ачийг жаахан ч гэсэн хариулах гэсэн зүтгэлээрээ “Говийн домог” гэж морин хуурын тухай уран сайхны кино хийсэн. Монгол Улсын консерваторийн гадуур явах надад үнэхээр гоё байдаг. Сэтгэл доторх дурсамжууд амилж, багш нараа дурсан санаж өнгөрдөг. Манай сургууль бол үнэхээр домогтой сургууль шүү дээ. Хөгжим бүжгийн охидыг атаманууд найрах гээд эргэлдчихнэ. Бидний степендийг, малгайг дээрэмдэнэ. Хөлд нь бид үрэгдчих шахна (инээв). Тэр үеийн бидний хүүхэд нас маш баялаг амьдралтай байсан.

Урлагийн сургууль болохоор концертууд их болно. Тэр үед З.Хангал багш яагаад ч юм намайг бөмбөр тоглуулахаар сонгосон юм. Бөмбөрийн ангийн тэр олон хүүхэд байхад чиний хэмнэл, хөл даацтай байна, чи тогло гээд бөмбөрчнөөр суулгачихсан. Тэр нь миний хүсэл сонирхол, сэтгэлгээг эстрад руу хөтөлсөн л дөө. З.Хангал багш ингэж нэг цул юманд анхаарч явсан үеийг маань таллаж, өөр том зам нээж өгсөн. Тэр үед “Соёл Эрдэнэ” хамтлаг Драмын театрт тоглоход бид очиж тоглолтыг нь нууцаар үзсэн. Г.Жамъян багшийн хүү Ж.Батсайхан “Соёл Эрдэнэ” хамтлагийн хамгийн анхны гишүүн юм. Тэгээд аавыгаа тоглолтод урьсан байж л дээ. Бид бүгдээрээ тэр тоглолтод оччихсон нууцаар үзээд сууж байдаг юм байгаа биз дээ. Г.Жамъян багштай халз таараад загнуулж байлаа. Эсгий хийх газарт нохой хэрэггүй гэгчээр та нар энд юу хийж яваа юм гэсэн байртай сүрхий харсан. Багшаас айгаад гармаар байсан ч үзэж дуусгаж билээ.

-Таны намтарт Польш улсын Лодс гэх хоттой холбоотой үе бий. Энэ сэдвээр яриагаа үргэлжлүүлбэл?

-Үүнийг би хувь тавилан гэж боддог. Би тийм муу морин хуурч байгаагүй. Морин хуурчдын дунд уралдаан зарлахад түрүүлж, Бүгд найрамдах Куба улсад зохиогдсон олон улсын фестивальд оролцохоор шалгарч байсан юм. Кубын фестивальд уртын дуучин Б.Сарантуяа “Уяхан замбуу тивийн наран” дуулж, би морин хуур тоглож байлаа. Хүүхэд ч биш, том хүн ч биш насан дээрээ л явсан. Тэр фестивальд амжилттай оролцлоо гээд биднийг Кубын Варадеро хотод 14 хоног амрах эрхээр шагнасан юм. Үнэхээр сайхан газар шүү. Сургуулиа төгсөөд хуваарилагдахад манай ангийнхан Дарханы театрт хуваарилагдсан. Би тэр үеийн Ардын дуу бүжгийн чуулгад морин хуурчаар хуваарилагдлаа. Надад их уйтгартай санагддаг байлаа. Ганц танил найзлах хүн нь дээд үеийн төгсөлтийн Ж.Батсайхан байсан. Дарханд очсон манай ангийнханд бүгдэд нь байр өгсөн байсан. Би тэр үед Дарханд очиж дөрөв хоночихоод буцаад хот руу явж байхдаа ерөөсөө Дархан руу шилжих тухай ч бодож амжлаа. Намайг шинэ төгсөгч гээд 60 хоног бригадаар хөдөө явуулдаг юм. Шинэхэн төгсөгч юм чинь хэцүү шүү дээ. П.Адарсүрэн ах л “Ахын дүү томилолтынхоо мөнгийг хэмнээд ээждээ өгөөрэй, хоёулаа өлсөхгүй ээ” л гэж байна. Тоглолтын дараа П.Адарсүрэн ахыг сум болгонд айлууд дайлна. Сүүлдээ бүр тэрнээс нь залхаж байгаа юм чинь. Үнэхээр алдартай хүн байсан. Тэгж томилолтын 60 хоногоо дуусгаж ирээд, наадмын тоглолтын бэлтгэлд гарсан юм.

Улсын ардын дуу бүжгийн чуулгын ард МОНЦАМЭ байдаг байлаа. Тэнд хөгжмийн зохиолч Р.Энхбазар, Т.Чимэддорж гуай нар ажиллана. Тэр хоёр дээр Польшийн Кино урлагийн дээд сургуульд дууны найруулагчийн ангийн хуваарь ирсэн байж. Тэгсэн чамайг Монцамэдээр ороод ир гэсэн шүү л гэж байна. Би яваад очлоо. Нот мэддэг хүн авах юм байна, чи шалгуулаад үз гээд юу юугүй оруулчихлаа. Юу ч бэлдээгүй, юугаа ч мэдээгүй шалгуулахаар орлоо. Арав гаруй хүн сууж байна. Өгсөн материалыг нь харсан, юм ноотлох байсан, би хамгийн түрүүнд ноотлочихоод л гарсан. Тэгсэн чинь тэнцчихсэн байсан. Дараа нь найруулагчийн шалгалт авлаа. Хаврыг дүрсээр харуулбал юу байх вэ гэсэн утгатай асуулт ирсэн. Би “Тунгалаг Тамир” киноноос үзсэн зүйлээ нүдэнд харагдтал ярьчихлаа. Тэнцсэн байна л гэсэн. Тэгээд дараа нь Багшийн дээд сургууль дээр гурван өөр мэргэжлийн шалгалт өгсөн. Билет сугалахад “Тунгалаг Тамир” романы тухай асуулт ирэв. Тэр олон мэдэхгүй билетүүдээс киног нь үзсэн роман ирж аз таарлаа. Би ч бүгдийг нь ярьсан. Дараагийн нэг шалгалтад нь “Учиртай гурван толгой” ирсэн. “Учиртай гурван толгой”-г хичээл дээр хүчээр үзсээр байгаад бүгдийг нь нэг нэгэнгүй мэддэг. Тэгээд би ганцаараа тэнцсэн юм.

– Хэдэн онд болж байгаа үйл явдал вэ?

-1980 он байсан. Тэгсэн чинь гурван жил улсад ажиллаагүй байна, энэ хүүхдийг явуулахгүй. Улсын мөнгөөр Хөгжим бүжгийн сургуульд 12 жил сурсан. Одоо тогтвортой ажиллуулна гэлээ. Тэгээд наадмын тоглолтын бэлтгэлд гарсан. Гадаад явахаа больсон гээд явж байтал С.Лувсаншарав гуай нэг өдөр өрөөндөө дуудсан. Чи үнэхээр явах дуртай байна уу гэж асууж байна. Би ч явж суралцах сонирхолтой байна л гэлээ. С.Лувсаншарав гуай миний хариултыг сонсоод “За, чи явж сур даа” гэсэн. Тэр үед миний аав, ээж ч намайг ямар сургуульд явж байгааг мэдэхгүй байсан. Ерөөсөө миний асуудалд оролцдоггүй хүмүүс байж билээ. Ингээд би эмээгийн хүүхэд байж байгаад л гадагшаа явсан даа. Биднийг очингуут бүгдийг маань эмнэлэгт хэвтүүлсэн. Дараа нь хэлний бэлтгэлд Лодс хотод очсон. Тэнд нэг жил сураад, буцаад үндсэн сургуульдаа сурсан. Шинэ жилийн амралт болох үеэр элчингээс хүн ирлээ. Бүх монголчуудыг цуглуулаад “Польш охинтой үерхсэн хүн байвал гараа өргө” гэж байна. Үерхсэн ч хэлэхгүй шүү дээ. За, тэгвэл энэ гадаа болж байгаа бослогыг зөв гэж бодож байгаа нь гараа өргө гэсэн. Хэн ч гараа өргөсөнгүй. Буруу гэж бодож байгаа нь гараа өргө гэж байна. Алинд ч гараа өргөөгүй. Миний гайхсан юм нь Л.И.Бережневийг зурагтаар гарахаар хүмүүс нь уурлаад ширээ өшиглөөд, орос цэргийн хөшөө рүү улаан будаг цацаад байх юм. Нөгөө Ю.Цэдэнбал даргатай үнсэлцдэг, Оросын удирдагч хүн шүү дээ гэж бодно. Гэтэл тэнд үзэн ядаад байдаг. Тийм юм өрнөж байсан болохоор элчингээс ирж биднийг тэр үзэл сурталд автагдсан байна уу, үгүй юу гэж шалгаж байгаа юм. Тэгээд “За, та нар Монголд очоод эргээд ирнэ. Хувцсаа өрөөндөө орхиод явчих” гэсэн. Бид ч итгээд Улаанбаатар руугаа явсан. Монголдоо ирээд амарч байтал ер нь нэг л буцаахгүй шинжтэй болоод явчихлаа. Тэгээд биднийг Эрхүүгийн бэлтгэл рүү явуулчихлаа. Ингээд Эрхүүгийн оюутан болсон юм. Би гэдэг хүн тэр үед Польшоос ирсэн, арай гоё хувцастай, ганган оюутан байсан шүү. Эрхүүгийн бөмбөрчид ч намайг хамтлагтаа авлаа. Ингээд би орос хамтлагийн бөмбөрчин болсон. Бүсгүйчүүд надад жигтэйхэн сайн (инээв). Шинэ жилийн оройг би гурван оюутны байранд очиж тэмдэглэдэг байлаа. Тэгээд хавар ч боллоо. Яг миний мэргэжлийн хуваарь байгаагүй. Ингээд би ЗХУ-ын Ленинградын кино, телевиз, театрын дээд сургуульд орсон. Ленинградад эдийн засгийн ангийн хөөрхөн охин, гэргий Ё.Ариунаатайгаа танилцсан. Зургаан жил суралцсан Ленинградад байсан залуу насны сайхан он жилүүддээ зориулж “Цагаан шөнө” дуугаа бичсэн. Манай Сараа гайхалтай сайхан дуулсан. Сургуулиа төгсөж ирээд Үндэсний телевизэд хуваарилагдсан. Тэр үед Ю.Эрдэнэтуяа, С.Жаргал нар телевизийн удирдлага байлаа.

-Та Үндэсний телевизэд хэр удаан ажилласан бэ?

-Би С.Жаргал даргатай гар нийлж ажилладаг байсан. Ю.Эрдэнэтуяа дарга бол уран бүтээлчдийг их чөлөөтэй юмыг нь хийлгэдэг дарга байсан. Би телевизэд нэг даргатай нь огт таардаггүй байсан юм. Тийм байдалтай хоёр гурван жил ажилласан. Тэгээд Кино үйлдвэрт ажиллах санал ирээд, явсан.

-Тэр үед манайд өөрчлөлт шинэчлэлийн давлагаа хүчтэй өрнөж байсан байх.

-Тийм. Би ч UBS телевизээ байгуулах гээд маш завгүй ажиллаж байсан. Уран бүтээлээ хийж, мэргэжлээрээ ажиллана гэх ганцхан зорилготой. Өөр зүйлд сатаараагүй. Кино үйлдвэрт байхад ардчиллын залуучуудтай зөндөө уулзалддаг байлаа. Тэр үед жагсаал цуглаануудаар баримтат кино хийх бололцоог олгож, сэтгэлээрээ дэмжиж явсан. Одоо ч нөхөрлөж яваа олон хүмүүс бий. Д.Сосорбарам бид хоёр олон жил ойр дотно нөхөрлөж явна. Гэхдээ би хэзээ ч найздаа “Чи яагаад өдий насандаа гудамжинд сагсуу залуусаар гурилаар цацуулаад яваа юм бэ. Чи яах гээд ингээд улс төрд оролцоод байдаг юм. Зүгээр урлагтаа л зүтгэ, зөвхөн уран бүтээлээ хий” гэж хэлдэггүй. Бидний нөхөрлөлийн үнэ цэнэ энэ хүндэтгэл дээр тогтдог гэж би боддог. Уран бүтээл гэх нандин зүйлээр холбогддог нэгэн шижим бидний дунд байдаг учраас тэрийгээ бид хайрладаг. Д.Сосорбарам ч надад “Чи яагаад…” гэх зүйл ярьдаггүй. Жишээ нь, манай телевизийн “To be or not to be” шоунд олон үзэл бодолтой шүүгчид ажилладаг. Яруу найрагч Ц.Хулан гэхэд Ардын нам талдаа, Д.Сосорбарам гэхэд л Ардчилсан нам талдаа…Гэвч улс төр ярихгүй, яг л хийж байгаа ажлаа хийдэг. Гараад бие биедээ үзэл бодлоо янз янзаар илэрхийлж байх шиг л байдаг юм. Биднийг нэгтгэдэг зүйл нь урлаг.

-Та кино үйлдвэрт ажиллаж байхдаа хийе гэж бодож байсан зүйлсээ хийж чадсан уу?

-Хийж чадсан. Тэр үед телекино үйлдвэр оросоос ирдэг хор нь ирэхээ больж, үйл ажиллагаа зогссон байсан. Видео хийх хэрэгтэй, өөр технологи руу орох цаг болжээ гээд бид зүтгэсэн. Техник технологийн шинэчлэл дээр нь ажилласан. Дуучин С.Цэрэнчимэд, Ш.Чимэдцэеэгийн кино концертуудыг анх хийж байлаа. Тэрийгээ хувилж зараад цалингаа тавьж байсан үе ч бий. Телекино үйлдвэр нэрээ өөрчлөөд дүрс дуу бичлэгийн Өлзий пүүс болж байлаа. Дараа нь нийслэлийн телевизийн Өлзий компани болсон.

-Та Орост оюутан байхдаа наймаа хийж байсан уу. Хамгийн анх суралцахаар очиж байсан Польш орондоо ахин очсон уу. Очсон бол сонин байсан байх даа?

-Наймаа хийлгүй яахав. Хүүхэдтэй боллоо. Хичээлийнхээ хажуугаар ажиллахаас өөр аргагүй болж таарсан. Польшид эргэж очсоон. Польшийн телевизэд ажилласан шүү дээ. Надтай хамт сурч байсан, оюутан ахуйн нэг найз маань Польшийн телевизийн дарга болсон юм. Тэгээд намайг урьж хоёр жил ажиллуулсан. Мэдээж танил дотно орон болохоор сайхан байсан. Харин Ленинградад би сургуулиа төгссөнөөсөө хойш очоогүй байгаа. Очно гэж боддог.

-Та анхны дуугаа хэзээ зохиож байв?

-Миний анхны дуу бол “Амин нутаг” юм шүү дээ. Хөгжим бүжигт байхдаа зохиосон. Дэндэвийн Пүрэвдорж гуайн шүлэг, тэр агуу хүн намайг танихгүй шүү дээ. Би эмнэлэгт хэвтэж байхдаа сониноос анх үгийг нь олж уншсан юм.

-Хэдэн онд хэдэн настайдаа гэсэн үг вэ? Одоо ч дуулагдаж байгаа шүү дээ?

– Би Хөгжим бүжгийг 1979 онд төгссөн. Тэгэхээр 1977 онд зохиосон юм байна. 46 жилийн өмнө зохиогдсон дуу.

-Оюутан байхдаа та дуу хийж байсан уу?

-Би “Амин нутаг”, “Дөрвөн цагийн зурлага” дуугаа Хөгжим бүжигт байхдаа зохиосон. Миний нэр их хөгшин сонсогддог юм шиг байгаа юм. Л.Балхжав гэхээр… Тэгээд тэр үед болсон нэг уралдаанд оролцтол нэгдүгээр байрт Ж.Чулуун гуай гарч ирээд шагналаа авсан, хоёрдугаар байрт “Амин нутаг” шалгарч авторуудыг дуудтал Дэндэвийн Пүрэвдорж гуай намайг дээрээс доош сүрхий харсан (инээв). Ингэж бид хоёр хоёрдугаар байрт ороод шагнал авч байсан түүхтэй. Юун жаахан хүүхэд гараад ирэв гэж бодсон байх.

-Сургуулиа төгсөөд хамгийн анх юу хийнэ гэж мөрөөддөг байсан бэ?

-Эхлээд мюзикл хийнэ гэж боддог байсан. Тухайн үед Польшид мюзикл их хөгжиж байсан юм. Хөгжимтэй холбоотой кино хийнэ гэсэн мөрөөдөлтэй ирсэн. Тэгээд л янз бүрийн юм хийж эхэлсэн. Жишээ нь, “Хөгжмийн шуудан” гэдэг нэвтрүүлгийг хийж эхэлсэн. Тухайн үед үзэгчид маш их сонирхон үздэг нэвтрүүлэг болсон. Дараа нь “Танилцъя” гээд нэвтрүүлэг хийж байсан. Дугаар болгоноо сонин содон хийх гэж ажиллана. Олон сонирхолтой контентууд хийж байсан. Тэгж эрэл хайгуул хийж ажиллаж байгааг С.Жаргал дарга, Ю.Эрдэнэтуяа дарга нар ойлгож, намайг их дэмждэг байсан. Долоо хоног болгоны нэвтрүүлгийг зүгээр нэг урсгаж биш, өөрийгөө зовоож хийнэ. Тэгж их ажилладаг байж дээ. Сүүлдээ Ариунааг гэрийнхэн нь “энэ ер нь хэнтэй суучихав аа” гэж гайхсан. Амьдралаа үрчихэж байгаа юм биш үү, энэ нөхөр чинь гэрийн бараа хардаг хүн үү гэж байсан гэдэг. Телекино үйлдвэрт очоод ч би яг л тэр хэмнэлээрээ ажилласан. Зарим уран бүтээлчид нь дургүйцнэ. Хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх гэгчээр энэ Л.Балхжав телевизээс ирээд биднийг хөлдөө чирч байна. Ганцаараа юм хийгээд, биднийг чирээд байна гээд надад дургүй болсон. Зарим нь бүр сайн болсон. Тэгээд энэ хүндрэлийг даваад телевизийн видео кино хийж эхлэхэд зарим хүмүүс киног устгаж, хөнгөн жанрын урлаг болголоо гээд дургүйцсэн. Би тэр үед амлаж байсан. Кино урлагийг устгахгүй ээ, давхар авч явна гэсэн миний амлалт байдаг. Шинэ юм бүхэн эсэргүүцэлтэй тулдаг. Тэрийг давж чадахгүй бол уран бүтээлчийн амьдрал зогсдог. Одоо бид 11 дэх киногоо хийж байна.

-Таны хийж байгаа сүүлийн үеийн кинонууд туульсын, домгийн шинжийг агуулж байна. Энэ сэдвээр заавал тэдэн кино хийнэ гэсэн хувийн зорилго байгаа юу. Эсвэл таны хэлэх гэсэн санаа, зорилго биелээгүй болохоор энэ тойргоосоо гарахгүй байна уу?

-Одоо манай киноны ертөнцийг харахад дандаа цэл залуухан хүүхдүүд кино хийж байгаа. Тэд яг үндэсний өв соёл, ёс заншлаа нэгдүгээрт тавьж чадах уу, үгүй юу гэдэг асуулт гарч ирж байна. Би насыг буруутгаж байгаа юм биш шүү. Би тийм зүйлд дургүй. Манай кино группт 18 настай хүүхдүүд ч ажиллаж байна. 70 настай ч хүн байна. Харин бодлого дээр нь бол 50-аас дээш насны хүмүүс ажиллаж байгаа. Бид үндэстнийхээ өв соёлын өмнө хүлээсэн үүргээ одоо л биелүүлэхгүй юм бол хэзээ хийх юм бэ. Бидний өмнөх үе бол үүргээ гүйцэтгэсэн. Алтан үеийн кинонууд ямар гоё билээ. Тэр “Цогт тайж” киног задлаад хар. Зөвхөн энэ киноны задаргаан

дээр ажиллахад хичнээн ихийг сурч мэдэж байна вэ. Жаахан хэтрүүлээд хэлэхэд чанаргүй дээд сургуульд яваад ч хэрэг байхгүй. Тэр дотор хайр дурлал, үндэстний үзэл, хийсэн алдаа, эв нэгдэлгүйгээс болж тарж бутарсан түүх, шашин бүх зүйл байгаа. Тэрийг судлах хэрэгтэй. Бид тэрийг үзэж, хийсэн хүмүүстэй нь ярьж, харж, хамт ажиллаж байсан хүмүүс. Өнөөдөр гар утасны тухай кино хийе гэвэл тэрэн шиг амархан юм байхгүй. Үндэсний өв соёлоо дараагийн үедээ дамжуулахын тулд илүү суурьтай ажиллах шаардлага бидэнд байна. Энэ ажил дундаа их тасалдсан байна. Хэн нэг нь хийж үлдээх ёстой. Дэлхийн хүмүүст үзүүлэх ёстой. Бид ядаж суурийг нь тавиад өгөх юмсан. Ийм л зовнил зовлонг би тээж яваа юм. Үүнийг маань ч энэ кинонуудад тоглож байгаа жүжигчид, урилгаар ажиллаж байгаа хүмүүс мэдэрдэг байх. Хамгийн гол нь үзэгчид. Тэдэнд жаахан л сэдэл өгөхөд эх орноо бүр цаанаасаа, ёстой нөгөө амин хайраар хайрладаг юм. Бид үүнийг бүтээл болгоныхоо ард мэдэрч үлддэг.

-“Нарны садан” кино гэхэд өнгөн талдаа сарлаг гэдэг амьтны тоо цөөрч, хорогдож байгаа шүү гэдгийг өгүүлэх мэт. “Содура” киноны хэлсэн санаа цус цэвэр байх тухай ойлголт, хүний үр удам тасрах гашуун зовлон дээр суурилж цаатнуудын зүг анхаарал хандуулахыг шивнэх мэт. “Говийн домог”-ийн тухайд та санаагаа түрүүн ярьсан. Гэтэл үндэстний гэсэн том санаа явна.

– Эхлээд бид цаатнуудыг олж харсан. Дөнгөж 80-хан цаатан өрх айл байгаа юм. Энэ чинь монгол түмний нэг өвөрмөц тасархай байхгүй юу даа. Хэрвээ бид энэ сэдэв дээр ажиллаж, дуу хоолойгоо гаргаж ирж амжаагүй байсан бол хэдэн жилийн дараа байх үгүйг мэдэхгүй шүү дээ. Бид дэлхий нийтийн анхааралд аваачиж чадсан. Араас нь олон ажил өрнөж байна. Гадаадаас цаа авчирч нийлүүлэхээс эхлээд тухайн бүс нутаг дахь аялал жуулчлал хөгжсөн гэх зэрэг яривал маш олон зүйл байгаа. Үүний дараагийн барьж авах зүйл бол морин хуур байсан. Морин хуурыг Өвөр Монголоос гаралтай юм аа, тэд өөрийн нэр дээр Юнеско-д бүртгүүлнэ гэх зэрэг олон янзын мэдээллүүд явж байсан. Гэтэл морин хуур нь говиос гаралтай. Тэр дундаа Монголын их говиос. Энийг бид урлагаараа дамжуулж хэлэх ёстой. Бид хэлж чадсан. Дараагийн киногоо бодож явж байгаад хайж байсан зүйлтэйгээ учирсан. Тэрэлжид эртээ өглөө явж байсан чинь машины өмнөөс улаан тоос манараад, навсайсан юм ороод ирлээ. Юу вэ гээд гайхаад хартал том том сарлагийн бухнууд, ямар ч сүрлэг амьтан юм. Сарлагаас сүрдмээр шүү дээ. Тэгээд энэ сонин амьтныг гадныханд үзүүлэх юмсан. Ямар мэдрэмж авах бол гэж бодсон. Анх тэгж тогтож харсан мөч, тэр үеийн орчин ахуй их гоё байсан. Тэгээд сарлагаар кино хийе гэж шийдсэн. Анх манайд Төвдөөс сарлаг орж ирсэн гэж яриад байдаг. Яагаад манайхаас Төвд рүү явсан байж болохгүй гэж вэ. Энийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Сарлаг хаана үүсч хөгжсөнийг тайлбарлах аргагүй. Тэгээд бид киногоороо үүнийгээ хэлсэн. Баянхонгорын наадам дээр нэг сарлаг туйлаад балласан даа. Чи санаж байна уу.

-Санаж байна.

-Тэр бас надад их нөлөөлсөн. Монголд олон ястнууд амьдарч байна. Монголын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа бол бид эвтэй найртай, өв соёлоо эрхэмлэдэг, эх болсон Монгол орноо хайрладаг тэр үзэл санааг баринтаглаж явах ёстой. Тиймээс эд нарынхаа түүх соёл, уламжлалыг бид кино урлагаар дамжуулж хэлж өгөхгүй бол болохгүй. Буриадуудыг гэхэд зөвхөн хэлмэгдэж зовсноор нь л бид үзүүлдэг. Энэ бол гэвч нэг л өнцөг. Гэтэл буриад зон олны аж амьдрал, ахуй соёл өөрөө ямар гайхамшигтай баялаг билээ. Ингээд л шатаад, хайрлаад, бишрээд үүнийгээ урлагаараа дархлаад байвал сэдэв зогсошгүй. Өнөөдөр бидний зүтгээд л байгаа шалтгаан энэ.

-Та “Мартагдашгүй намар 2” киног хийхдээ өмнөх хувилбараас дээрдүүлж хийсэн гэж боддог уу?

-Хэзээ ч давуулж хийж чадахгүй гэдгээ мэдэж хийсэн. “Universe best songs” төслийн үргэлжлэл, залуучуудыг дэмжсэн шиг дэмжих хамгийн сүүлийн шат нь кинонд тоглох байдаг. Ч.Очгэрэл, Б.Замилан нар “Universe best songs”-д дуулж оролцсон залуучууд л даа. Яг уралдаан дээрээ дуулахдаа сайн амжилт үзүүлээгүй ч гэсэн жүжиглэх талаасаа нүдэнд өртсөн. “Мартагдашгүй намар”-ыг яагаад хийсэн бэ гэхээр Х.Дамдин найруулагч бидэнтэй их холбоотой ажилладаг юм. Телекино үйлдвэрт ажиллаж байх үеэсээ бид холбоотой явсан. Охин нь манай UBS телевизийн ерөнхий найруулагч Д.Отгонзаяа шүү дээ. Тэгээд аавынхаа киног “Universe best songs”-д оролцсон хүүхдүүдээр тоглуулан ахин шинээр хийе гэдэг санаачилгыг гаргасан. Тэгээд бид энэ киног хийсэн юм.

-Одоо танай баг буриадуудын тухай кино хийж байгаа юм байна. Буриадуудын тухай манай хийсэн кинонууд тэр чигээрээ хэлмэгдлийн үеийг үзүүлсэн. Танай киноны шинэ зүйл нь юу вэ, найруулагчаар нь та өөрөө ажиллаж байгаа юу?

-Би бүх киноныхоо зөвлөх найруулагч, ерөнхий продюсероор ажилладаг. Ерөнхий найруулагчаар Б.Жаргалсайхан, О.Эрдэнэ, Б.Чингүүн нар ажиллаж байна. Одоо энэ хийгдэж байгаа кинон дээр Б.Чингүүн ажиллаж байгаа.

-Таны том хүү хаана сургууль төгссөн бэ. Таны мэргэжлийг өвлөж авсан уу?

-Америкт бага сургуулиа төгсөөд, Бээжинд кино урлагийн дээд сургуулийг төгссөн. Хүүтэйгээ нэг төсөл дээр ажиллах нэг талаас дэмий ч юм шиг санагддаг.

-Яагаад вэ?

-Зөрөлдөнө. Муудаж, сайдна. Үзэж тарна шүү дээ.

-Та рок, поп урлагт амьдралынхаа маш том хэсгийг зориулж байгаа хүн. Энэ 30 жилд өөрөөсөө гаргая гэсэн зүйлээ гүйцэд гаргаж, бас авъя гэсэн зүйлээ бүрэн авч чадсан уу?

-Би өнгөрсөн 30 жилийн амьдралдаа ерөөсөө харамсахгүй. Яагаад гэвэл би өөрийн хамгийн дуртай зүйлээ хийж амьдарсан. Би мэргэжлийн ажлаа хийсэн. Гоё хамт олныг ч бүрдүүлж чадсан. Бид бүгдээрээ уран бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс болсон. Эхлээд би хөгжмийн зохиолч гэж хэлэгдэхээс ичдэг байлаа. З.Хангал багшаас, Н.Жанцанноров гуай, Б.Шарав гуайгаас ичдэг. Мэргэжлийн хөгжим яаж зохиох вэ, яаж дуу зохиох вэ гэдгийг дагнаж заалгасан энэ хүмүүсийн хажууд тэр онолоор заалгаагүй мөртлөө хөгжмийн зохиолч гэж хэлүүлэхээсээ ичдэг байлаа. 2004 онд шиг санаж байна. “Өглөө шиг эх орон”-ыг зохиосны дараа Хөгжмийн зохиолчдын холбооноос дуудаад надад Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн гэсэн үнэмлэх олгоод, та хөгжмийн зохиолч мөн гэж хэлсэн юм. Тэгээд Хөгжмийн зохиолчдын холбооноос олгодог Л.Мөрдорж гуайн нэрэмжит шагналыг надад олгосон л доо. Миний хамгийн хүндэтгэдэг шагнал энэ байлаа. Ингээд өөрийгөө хөгжмийн зохиолч гэж хэлэхийг өөртөө зөвшөөрдөг болсон. Тэр үүдээр алхаад ороход алдартай хөгжмийн зохиолчид бүгдээрээ сууж байсан юм. “Өглөө шиг эх орон” чинь гоё шүү гээд намайг тэвэрч үнссэн, би энэ шагналыг хүртсэндээ их баярлаж явдаг юм.

-Поп хөгжмийг залуу насны урлаг гэдэг. Залуу нас бол өөрөө баригдашгүй, гал халуун үе. Сэтгэлдээ хөгжимтэй үе юм шиг. Яруу найрагчдыг ч гэсэн зүрхэндээ дурлалтай явдаг үедээ илүү бичдэг байсан юм болов уу гэж хармаар. Тэгээд тэр үеэ дуусахаар хайрын тухай шүлэг бичихээ больдог ч юм шиг ажиглагддаг. Гэтэл та одоо ч хайрын дуу зохиосоор л байгаа. Энэ талаар юу хэлэх тань сонин байна?

-Миний залуу байхдаа зохиосон хайрын дуунуудаас хүмүүст хүрсэн нь зөндөө. Өнөөдөр би 60 хүрч байгаа. Б.Лхагвасүрэн ах 70 хүрсэн байхдаа хайрын тухай “Үзэсгэлэнт минь” гэдэг тэр тансаг дууны үгийг зохиосон. Энэ дуу үзэгч сонсогч хандалтын үзүүлэлтээрээ Монголын рекордыг эвдсэн. Зөвхөн youtube сувгаар гэхэд 23 сая хүн үзсэн байх жишээтэй. Тэгэхээр уран бүтээлд биологийн нас хамаагүй байгаа биз. Энэ дуу бүтэх үеийн Б.Лхагвасүрэн ах бид хоёрын хайр дурлал гэж өдий насан дээр юу байх билээ дээ.

-Сэтгэл дотор байгаа ертөнц тань яагаад одоо хүртэл тийм цэл залуугаараа байдаг юм бэ. Энэ нь урлагийн хүн гэдэгтэй холбоотой юу. Эсвэл ямар ч зааггүй сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаатай холбоотой юу. Та сэтгэл санаан дотроо болж байгаа зүйлээ уран бүтээлдээ шингээж байсан уу гээд зөндөө юм асууна даа гэж боддог байлаа. Та энэ хариултаараа ингээд л хаачих юм уу?

-Жишээ нь, би сая эмнэлэгт хэд хоног хэвтлээ л дээ. Өглөө босоод эм ууна, өдөр хоол идчихээд эм ууна. Тариа хийлгэнэ. Яг тийм байдлаар амьдрах мөхөл юм шиг надад санагдсан. Хамт олныхоо дунд стресстэй байсан ч, баяртай, бас гунигтай…эд бүгд сүлэлдэн байгаа минь ямар их аз жаргал вэ. Хаашаа л харна уран бүтээл яриад л… Хүн дуртай юмаа хийнэ гэдэг нь өөрөө эмчилгээ юм байна гэж би бодсон. Тэгэхээр миний амьдралаа зориулж яваа энэ ертөнц дандаа залуучуудын сэтгэлгээ, энерги шингэсэн орчинд буцалж бургилж өнгөрч байна. Чин сэтгэл, хүсэл тэмүүлэл, мөрөөдлөө шингээн байж, ард түмнээ баярлуулах гэж хийсэн бүтээлээс муу энерги авна гэж байдаггүй.

-Таны гэр бүлийн амьдрал их тогтвортой байж чадсан юм билээ. Үүний нууц нь юу вэ. Л.Балхжав гэдэг хөгжмийн зохиолчийг ганцхан эмэгтэйд залбираад амьдарсан гэхэд бурхан ч итгэхгүй байх. Салхи шуурга шиг сандаасан учралууд хүний амьдралд тохиолдож л байдаг. Ийм зүйлүүдээс биеэ яаж авч гарсан бэ. Бас нөгөө талаас нийгмийн шилжилтийн үед олон уран бүтээлчид ганхсан, зарим нь бүр сүйрч ч байсан.

-Би юу асууж байгааг тань сайн мэдэрч байна. Тэр бүх зүйлс… Жишээ нь, архинд орох, түүнээсээ болоод амьдралаа алдах эсвэл хар тамхи, ямар нэгэн зүйлд мансуурах донд автах зэрэг олон зүйлс хүмүүст тохиолддог. Гэхдээ тэр зүйлсийн хүнд өгдөг мэдрэмжүүдийг давсан гоё мэдрэмж урлагт байдаг. Урлагаас авч байгаа кайфыг хамгийн том аз жаргал гэж итгээд, уран бүтээлээ илүүд тавьж чадсанаар тэр бүх даваа гүвээг давж явсан байх гэж бодож байна.

-Та үе үеийн маш олон уран бүтээлчтэй ажиллаж байсан. Удирдагчийн хувьд багаас тань, өөрөөс тань хүмүүс явахыг та яаж хүлээж авдаг вэ?

– Хамгийн анхны цохилт л хэцүү байдаг. Магадгүй бүх юман дээр болов уу. Ерөөсөө явчихна гэж бодоогүй байсан хүн маань анх явахад л их хүнд хүлээж авсан. Манай үйлчлэгч Н.Ганчимэг гэж эмэгтэйг явахад би уйлсан. UBS телевиз анх байгуулагдахад л анх өрөөг маань цэвэрлэж эхэлсэн хүн. Түүнийг явахад надад хэцүү байсан. Гэхдээ эргээд ирсэн л дээ. Одоо эндээ ажиллаж байгаа. Дараа нь М.Баярдэлгэр гэж манай гадаад харилцааны залуу явахад надад бас хэцүү байсан. Тэрнээс хойш би эмзэг хүлээж авахаа больсон. Тэр хүмүүсийг мөр зэрэгцээд телевизийн салбартаа ажиллаж явахад би юунд нь гуниглаад байгаа юм гэж өөртөө хэлдэг болсон.

-Та хүн загнадаг уу?

-Загнана аа (инээв).

-Сонгуулийн үед улс төрийн контентууд их гардаг. Харин танай телевизийн хувьд улс төрд оролцдоггүй гэж хэлж болно. Яаж үүнээс бараг ангид байдаг юм бэ?

-Хотын нийт 10 гаруй даргатай би хамтарч ажиллаж байна. Л.Энэбиш даргаас эхлээд одоо Д.Сумъяабазар дарга хүртэл хамтарч ажиллаж байна. Улс төр биднийг оролддоггүй гэж би хэлж чадахгүй. Ардчилсан нам, Ардын намын дарга нартай бүгдтэй нь харилцаж байсан. 1992 онд байгуулагдаж байсан телевиз 2004 онд хууль гарахад бид хэдийнэ туршлагатай баг болсон байсан. Тэр үед Л.Балхжав, Ж.Баяр, Сайн уу Сайнаа гээд манай брэнд болсон хүмүүс бүгдээрээ байсан. Тэр үед хөгжмийн хөтөлбөрүүдээр 10 дуу өрсөлдөхөд есөн дуу нь миний дуунууд л байдаг байсан. Ардчилсан нам, Ардын нам аль аль нь л манай намаас нэр дэвшээч гэдэг санал тавьдаг байлаа. Үндэсний олон нийтийн телевизийг удирдаач гэсэн санал ч ирж байсан. Би их хурлын гишүүн ч болоогүй, өөр телевиз ч удирдаагүй. Би зөвхөн UBS телевиздээ л үлдсэн. Энэ бол миний амьдрал юм. Миний аз жаргал юм.

-Таньдаг улстөрчид хэл аманд оролцоод, тусламж гуйхад та яаж ханддаг вэ?

-Улс төрд миний сайхан харилцаатай явдаг хүмүүс их бий. Бид нэг зүйл дээр их санал нэгддэг. Бид гэдэг маань манай хамт олон шүү дээ. Бид улстөрчдийн намыг нь харахаа болиод хүнийг нь хардаг болсон. Энэ магадгүй хамгийн зөв зарчим байж мэднэ шүү.

Монголын телевизийн түүхэнд хамгийн урт удаан хугацааны турш нэг телевиз удирдсан хүн би л болж таарч байх шиг байна. Яг үнэнийг хэлэхэд улстөрчдийн заримыг би үзэн яддаг. Сонгогдохоосоо өмнө энэ хаалгаар орж ирэхдээ инээд алдаад л бөхөлзөөд орж ирдэг. Сонгогдсоныхоо дараа тэр гаргаж байгаа зан чанарыг нь харахаар миний ой гутдаг. Яагаад ч юм манай телевизийн сэтгүүлчдэд, манайханд муухай хандсан л бол би тэр хүмүүст дургүй болчихдог. Хүн нэг л зангаараа байх хэрэгтэй. Байнга хүндэлдэг хүн бас байдаг. Ямар ч албан тушаал дээр очсон хувирдаггүй хүмүүс байдаг. Тийм хүмүүсийг би хүндэтгэдэг. Өдөр шөнө шиг хувирдаг хүмүүс бас байдаг. Тэр хүмүүсийн хаалга тэгсхийгээд л хаагддаг юм байна лээ.

-UBS телевизийн дараагийн шинэ хөгжил хэрхэн яаж төлөвлөгдөж байгаа вэ. Өрсөлдөөн бол ширүүссэн шүү дээ.

-Саяхан болтол уран сайхны кино, телевизийн сериал, интертаймент контентууд нилээн хийж ирсэн. Маш их цагаа зориулж ирлээ л дээ. Одоо буцаад сэтгүүл зүй рүү илүү анхаарал хандуулж байгаа. 1992 онд Улаанбаатар хотоор овоглосон телевиз Монголд байгаагүй. Бид Улаанбаатар гэж телевиз байгуулаад анх ажиллахдаа хотынхоо тулгамдсан асуудлыг ярьдаг иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэх тал дээр илүү хүч хаяж байсан бол одоо их хотын телевиз гэдгээрээ илүү бодлого боловсруулж байгаа. Жишээ нь, “Миний хот” гэсэн том төслийг хэрэгжүүлэх гээд ажиллаж байна. Улаанбаатар гэдэг сэдэв бол ерөөсөө эднийх юм байна гэж ойлготол нь хотынхоо СӨХ-ны ажилтнаас Хотын даргаа хүртэл, үйлчилгээний ажилтнаас Иргэдийн хурлын дарга хүртэл нь хамтарч ажиллая. Үүгээрээ хотынхоо хөгжилд хувь нэмэр оруулъя гэсэн зорилготой ажилладаг.

-Хоёулаа эргээд уран бүтээлийн тухай сэдэв рүүгээ оръё. Ингэхэд энгийн дуун дээр ажиллах, жүжиг, киноны дуун дээр ажиллахын ялгаа их байх уу?

-Найруулагч хүн учраас жүжиг киноны дуун дээр ажиллах дуртай. Жишээ нь, “Шөнө дундын бүжиг” гэдэг жүжгээр яг юуг илэрхийлэх гээд байгааг зохиолыг нь уншиж мэдэрч байж ажиллана. Тэгж байж агуулгыг нь хөгжимдөө шингээж хийнэ л дээ.

-Танд жүжгийн орлогоос хувь өгдөг үү?

-Социализмын үед уран бүтээлээ эхэлсэн болохоор зах зээлийн үеийн эдийн засгийн том мэдрэмж надад байхгүй.

-Та заавал яруу найрагчтай ажиллана гэж цензур тавьдаггүй юу. Шүлгийг нь уншаад өөрөө татагддаг уу, эсвэл хөгжмөө эхлээд бичдэг үү?

-Шүлэгт нь татагдах ч олон. Хөгжмөө зохиосны дараа шүлгийг нь бичүүлсэн дуу ч олон доо. Аль нэгийг нь дагнаж арга барил болговол хайрцагт орно. Рок, поп хөгжмийн нэг онцлог бол янз янзаар хувирдаг. Шууд шүлгэнд нь дурлаад, тухайн шүлэг дээр нь ая зохиосон дуунууд ч их байгаа. Бүтээл бий болох өөрөө нажидтай ажил шүү дээ. Жишээ нь, ганцхан “Харийн нутаг давчдаад байна, харсан зүгтээ гүймээр байна” гэдэг мөрүүд буугаад яг бүтнээр нь авах гэхээр бүтэн шүлэг нь авах юм байхгүй. Шүлэг нь бүтнээрээ тийм гоё биш байх нь олон.

-Та дуугаа яг зохиосон тэр үедээ өөрөө хэр түүндээ автдаг вэ. Ер нь танд өөрийнхөө уран бүтээлээс ойр ойрхон гаргаж ирж сонсдог дуу байдаг уу?

-Байгаа шүү. Өөрийнхөө дууг сонсоод байхаар хөндлөнгөөс хүн гайхаж магадгүй гээд нууцаар сонсдог (инээв). Яагаад гэвэл өмнөх уран бүтээлтэйгээ адилхан хийхгүйн тулд сонсдог. “Тэнгэрээс буусан од” киноны дууг Г.Ариунбаатар, Д.Отгонжаргал хоёр дуулсан. Тэр дууг би үе үе сонсдог. Бас Б.Маралжингоо, У.Уранцэцэг, Э.Агиймаа нарын дуулсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны дуу байна. Эдгээр дуунуудаа би эргэж судалдаг. Яаж дуурийн дуучинтай поп дуучин эвсэж дуулсан байна гэж ашигласан техникүүдээ хардаг.

-Өөр хөгжмийн зохиолчдын дууг сонсдог уу?

-Би “Ахмадын золбоо” хамтлагийн дуунуудыг сонсдог. “Улаанбаатарын үдэш”, “Хүлээлт”, “Зүүд”, “Хослон дуулъя” зэрэг дуунуудыг сонсдог.

-Танд том хөгжмийн бүтээл хийх мөрөөдөл байдаг уу. Зохиолчид нас тогтохоороо роман бичих ёстой юм шиг сонин сонин зүйл ярьцгааж харагддаг. Жишээ нь, дууны уран бүтээлд нас нөлөөтэй юу?

-Дууны уран бүтээлд нас хамаагүй. Би хөгжмийн бүтээлүүд дээрээ ч ажилладаг л даа. Хөгжмийн бүтээлүүд бол хүний нүдэнд харагддаггүй. “Говийн домог” киноны хөгжмийг хийлч Дээгий хийлийн гоцлолоор тоглосон нь надад таалагдсан. “Нарны садан” киноны хөгжмийг Шинэцог-Гени морин хуурын гоцлол болгож тоглосон нь үзэгчдэд их хүрсэн юм шиг. Хөгжмийн бүтээлүүд дуу шиг хүмүүст хүрэх нь бага л даа.

-Та улс төрийн намуудын захиалгаар сонгуулийн хэд хэдэн дуу хийсэн байх?

-Би Монгол Ардын намын захиалгаар хамгийн анх “Өглөө шиг эх орон” дууг зохиож, дараа нь “Амин хайрын эх орон” гэх дууг хийсэн. Ардчилсан намаас мөн хүсэлт тавьж “Өнө мөнх эх орон” дууг зохиож л байсан. Ер нь бол эх орны төлөө ажиллах гэж байгаа болохоор эх орны сэдэвтэй дуу зохиохыг зөвшөөрдөг. Би ганцхан шаардлага тавьдаг. Миний дуунд нам гэдэг үг орохгүй шүү гэж. Цаг хугацааны уртад Л.Балхжавын хөгжим, Ш.Гүрбазарын үг гээд тэр дуунууд л үлдэнэ.

-Таны том хүү таны мэргэжлийг өвлөсөн. Та зөвлөсөн үү?

-Би хүүхдийнхээ хүмүүжил, ямар мэргэжил сонгох, яаж сурч хүмүүжиж байна, битгий хэл яаж өссөнийг ч мэдэхгүй шахам амьдарч ирсэн хүн байна билээ. Үүнийхээ төлөө дотроо жаахан гэмшдэг. Миний тэдэнд үзүүлсэн нэг нөлөө “хамгийн энгийн явах ёстой” гэдэг нэг юм л байсан. Тэр шаардлага маань ч дэмий санагддаг болсон. Хүнийг дугаарлахгүй байх, хүний төлөө бодолтой байх хэрэгтэй л гэж би хүүхдүүддээ хэлдэг. Нэг нь урлагийн мэргэжилтэй, нөгөө нь дипломат албыг сонгосон. Өөр өөрсдийнхөөрөө ажиллаж амьдарцгааж явна даа.

-Урлагийн гэр бүл болохоор тэр үү, жүжигчин бэрүүдтэй болсон. Та яагаад хийж байгаа кинонуудынхаа гол дүрд бэрүүдээ тоглуулдаггүй вэ?

-Бэрээ гол дүрд нь тоглуулах гэж зүтгэж болохгүй. Энэ бол урлаг. Өөрийн хуультай. Өөрсдөө шалгуулаад сонгогдоод явбал тэр. Үгүй бол хүчээр тоглуулах нь зохисгүй явдал. Одоо хийж байгаа кинон дээр нэг бэр маань дүр авсан, ажиллаж байна.

-Гэргий тань урлагийнхантай их ойр харилцаатай харагддаг. Таны амьдралын сайн ханиас гадна, маркетинг, менежментийн тал дээр нь анхаарал тавьж ажилладаг уу?

-Ёстой урлаг болон миний ажилд оролцдоггүй. Гэртээ эрт ирээч ээ л гэдэг.

-Тийм үү. Надад цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

-Баярлалаа.

Л.Балхжав гэх энэ эрхэм миний төсөөлж явснаас илүү нээлттэй, илүү үнэн хүн байлаа. Амьдралын нугачаан дундуур санаа сэтгэлийн олон өнгө тээн алхахдаа аяны богцондоо хийж явдаг олон дууны минь эзэн энэ дулаахан хүний ертөнцөөр аялах надад сайхан байлаа…

Categories
story-news

О.Амартүвшин: Эрчим хүч импортлогч биш, экспортлогч улс болох хамгийн том боломж нь сэргээгдэх эрчим хүч

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Амартүвшин: Эрчим хүч импортлогч биш, экспортлогч улс болох хамгийн том боломж нь сэргээгдэх эрчим хүч DNN.mn

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.


-Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд та бүхэн Хятадын талтай хамтарч “Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа” формыг зохион байгуулсан. Тэрхүү форумын үр дүнг ерөнхийд нь дүгнэж хэлэхгүй юу. Нааштай олон эерэг нөлөөг авч ирлээ хэмээн Монголын хөрөнгө оруулагчид олзуурхаж байсан?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд Ерөнхий сайд байхдаа айлчилсан айлчлалаас хойш таван жилийн дараа болж байгаа айлчлал. Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа форумд том бүрэлдэхүүнтэй оролцлоо. Бүх Хятадын худалдааг дэмжих хороо болон МҮХАҮТ хамтарч зохион байгуулсан. Форумд талуудын танхимууд маш өндөр ач холбогдол өгсөн.

Энэ утгаараа бизнес форумын агуулга, цар хүрээ маш өргөн байлаа. Форумд оролцогчид “Өмнө нь байгаагүй өндөр хэмжээний ач холбогдол, үр дүнтэй арга хэмжээ боллоо” гэдгийг санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, банк санхүү, хүнс, тээвэр логистик, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарын гол компаниуд оролцсон. Арга хэмжээний үеэр 2.8 тэрбум ам.долларын хамтын ажиллагааны гэрээ зурагдлаа. Манай экспортын гол худалдан авагч бол БНХАУ. Мөн дэлхийн хоёр дахь том зах зээл БНХАУ гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Тиймээс дээр хэлсэн гол салбарт бодит хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахыг хятадууд хүсч байна. Хамгийн гол нь өнөөдрийг хүртэл бид гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн, хууль эрх зүйн орчин нь тогтвортой бус, төрийн шийдвэр нь ойлгомжгүй, уялдаа холбоогүй, хөрөнгө оруулагчаа хохироодог байдалд хятадууд нилээд болгоомжилж байна. Тэд энэ асуудлаа та нар өөрсдөө мэдэж байгаа юу гэсэн асуултыг их тавьж байсан.

Ерөнхий сайд форумыг нээж үг хэлэхдээ “Өнөөдрийг хүртэл буруу зүйл хийсэн бол уучлал хүсье. Цаашид авлига, хүнд суртал, төрийн албаны ойлгомжгүй байдлаа бид алхам тутамдаа засч залруулна” гэсэн нь хөрөнгө оруулагчдад нилээд том итгэл өгсөн, итгэлийг сэргээсэн алхам болсон. Энэ үгэнд хөрөнгө оруулагчид ихээхэн ач холбогдол өгч, дахин дахин цохон тэмдэглэж байсан.

Ер нь Хятадын хөрөнгө оруулагчид, төрийн ч хувийн ч том компаниуд, мөн олон улсын компаниуд Монголын эдийн засаг, бизнес, улс төрийн ойлгомжтой байдлыг хүсч байна. Юуг хийж болох нь ойлгомжгүй, мөн юуг хийж болохгүй нь ойлгомжгүй, яг хэн шийдвэр гаргаад байгаа нь ойлгомжгүй байдаг. Одоо цэгцтэй, тодорхой боллоо гэдэг байдлаар асуудалд хандаж байсан. Нөгөө талаар Олон улс судлаач Д.Баярхүү гуай дүгнэхдээ “Түүхэн айлчлал болж байна. Үүний дараа маш том бүтээн байгуулалт бий болно. Монгол-Хятадын харилцааг эрчимжүүлнэ” гэж дүгнэж байсан. Ковидын дараах дэлхий нийтийн хүндрэл, Орос-Украины дайнтай холбоотой үүсч байгаа геополитикийн нөхцөл байдлын ард дэлхийн хүчний төв зүүн өмнөд Ази, тэр дундаа Хятад руу шилжиж байна. Энэ шилжилтээс монголчууд өгөөж хүртэхийн тулд хамтын ажиллагаа чухал.

-Форумын үеэр хөрөнгө оруулагчид сэргээгдэх эрчим хүч чиглэлд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа нь анзаарагдсан. Энэ чиглэлээрх хөрөнгө оруулалтыг татахын тулд ямар таатай боломжийг бид бий болгох хэрэгтэй вэ?

-Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Жин Ли Чүнь форумд оролцсон. Маш том амбицтай байгууллага л даа. Монгол Улс тус банкны үүсгэн байгуулагч орон шүү дээ. ADB бол илүү япон төвтэй. EBRD бол европ талдаа. Харин Дэлхийн банк илүү Америк төвтэй. Эдгээр банкуудтай өрсөлдөхүйц том амбицтай байгууллага. ТУЗ-ийн дарга Жин Ли Чүнь хэлсэн үгэндээ “Нүүрс болон нүүрстэй холбоотой эрчим хүчний чиглэлд бид хөрөнгө оруулалт огт хийхгүй. Бид ирээдүйд чиглэсэн, инноваци шингээсэн, ногоон хөгжилд анхаарна. Монголын сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, байгаль экологид ээлтэй гүн боловсруулалт, дэд бүтцийн санхүүжилтийг дэмжинэ” гэсэн.

Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц гурван тераватт. Энэ нь одоогийн манай нийт хэрэглээ 1.5 гегаваттаас бараг хоёр мянга дахин их. Үүнээс харахад ямар том нөөц боломж байгаа нь ойлгомжтой. Бид сэргээгдэх эрчим хүчийг өмнө нь Монголд хөрөнгө оруулалт хийсэн компаниудын хэмжээнд хараад байх шиг байна. Манайд байгаа технологи нь нилээд хоцрогдчихлоо. Бүтээмж муу байна. Түүнчлэн бага хэмжээгээр учраас системд дорвитой нөлөө үзүүлж чадахгүй. Технологи асар шинэ болсон байна. Энэ форумд оролцсон Хятадын сэргээгдэх эрчим хүчний болон эрчим хүчний томоохон компаниуд өөрийн төслийг танилцуулсан. Салхины турбин хоёр мегаватт цахилгаан үйлдвэрлэдэг байсан бол одоо 10 дахин илүү бүтээмжтэй турбинууд бий болчихсон байна. Монголын говийн салхийг ашиглахад л Монгол Улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангахаас гадна Хятад руу экспортлох боломж бүрдэнэ гэж харж байна.

Өнөөдөр бид 1.5 гегаваттыг хэрэглэж байгаа. Үүний 0.5-ыг нь импортоор авч байна. Эрчим хүч импортлогч биш экспортлогч улс болоход хамгийн том боломж нь сэргээгдэх эрчим хүч юм. Нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэлээ ч худалдаж авах сонирхол байхгүй гэдгээ илэрхийллээ шүү дээ. Тиймээс том нөөц бололцоог, нарны салхины усны сэргээгдэх эрчим хүчийг маш их хэмжээгээр үйлдвэрлэх. Үүнийгээ экспортлогч болох хэрэгтэй байна. Ингэвэл санхүүгийн институциуд үүн дээр хамтрахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. энэ нь өөрөө монголчуудын хувьд экспортын маш том гарц гэж харах хэрэгтэй.

-Дэлхийн эдийн засгийн чиг хандлага Ази руу чиглэж байгаа энэ үед монголчууд үүнээс өгөөж хүртэхийн тулд нэн тэргүүнд яах ёстой вэ?

-Ази Европыг холбосон транзит тээврийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэр дундаа зүүн европи Азийг холбосон. Зөвхөн Орос-Хятадын хооронд дахь худалдаа 200 тэрбум ам.доллар. Тиймээс Монгол нэмүү өртөг, орлого, ажлын байр бий болгосон тээврийн оролцоог бий болгох ёстой. Нөгөө талаар уул уурхайн гүн боловсруулалтыг Монгол Улс хийх ёстой. Өнөөдөр бид анхан юм уу, эсвэл нэгдүгээр шатны боловсруулалт хийж экспортолчихоод байна. Тиймээс эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах зайлшгүй шаардлага байна. Ингэхийн тулд АМНАТ-ын хуулийг эргэж харах хэрэгтэй. Хоёрдугаарт, эрчим хүч экспортын маш том боломж. Суурь хөрөнгө оруулалтыг хийчихвэл Монголдоо эцсийн бүтээгдэхүүн болгож Азийн супер сүлжээнд холбож экспортлох боломж байна. Гуравдугаарт, аялал жуулчлал. Экспортыг дэмждэг том тулгуур салбар бол аялал жуулчлал. Үүний хамгийн ойр цэг бол Ази, зүүн өмнөд Ази. Аялал жуулчлалыг дагаж тухайн улсын маш олон үйлчилгээний салбар, тухайн улсын онцлог бүтээгдэхүүн үйлчилгээний худалдаа нэмэгддэг. Үүний тулд хөрөнгө оруулалтууд бий болж байдаг. ингэхийн тулд нөгөө л тээвэр логистикийн асуудал чухал. Агаарын болон газрын тээврээ илүү хялбаршуулж, сайн болгох ёстой. Өнөөдөр Замын-Үүд боомт зорчигч тээврийн ачаалал авч чадахааргүй байна лээ. Эндээс эхлээд бид асуудлаа цэгцэлж шинэ түвшинд хөгжүүлэх ёстой. Хятадаас агаарын тээврээр ирье гээд нислэгийн тийз олдохгүй байна. Эрэлт байхад яагаад урсгалаа нээж чадахгүй байна. Энэ мэтээр шийдэх асуудал их байна. Дараагийн том салбар нь Монголын органик хүнсийг боловсруулалт хийж экспортлох. Энэ бүгдийг бид дангаараа хийнэ гэж байхгүй. Хамтрах ёстой. Тиймээс түншээ зөв ойлгох хэрэгтэй. Бизнес хөрөнгө оруулалт гэдэг бол харилцан ашигтай байх тухай ярина. Манай өмнөх үе хөрөнгө оруулагчдыг хохироодог, дээрэмддэг, луйварддаг, зальддаг байсан бол бид шинэ орчинд ил тод, шударга бизнес хийх ёстой. Хариуцлагатай, ил тод, нээлттэй, төр засаг нь хөрөнгө оруулалтыг хамгаалдаг байх хэрэгтэй. Энэ чиглэлээр Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдах гэж байгаа. Энэ бол чухал, дэмжих ёстой. Ингэж байж Монголын эдийн засаг тэлнэ. Бидэнд өөр сонголт байхгүй.

-Манай мөнхийн хоёр хөрш орны худалдааны тариф маш өндөр байдаг. Саяны форумаар тарифын асуудал хөндөгдсөн үү?

-Саяхан гурван улсын Танхимуудын дээд чуулган болсон. Энэ үеэр тарифын асуудлыг хөндсөн. Оросын талын худалдааны танхим үүнд онцгой анхаарч ажиллая гэж хэлсэн. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганы өмнөхөн Москвад айлчлахдаа хөндсөн. Энэ удаад энэ яриа харьцангуй нааштай байгаа. Хятадын талд ч энэ асуудлыг хөндсөн.

Ази Номхон далайн худалдааны хэлэлцээр гэж байдаг. Бид үүнд элсэж орсон. Үүгээр дамжуулж тарифыг тодорхой түвшинд хөнгөлж байгаа. Цаашид чөлөөт худалдааны хэлцлийн тухай бид ярих ёстой. Ер нь манай экспортын худалдааны баланс эерэг байдаг ганц улс нь Хятад. Энэ утгаараа авч болох бүх зүйлээ авч байгаа. Тиймээс үүнд болгоомжлох зүйл байхгүй. Хятад руу өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, хүнсийг экспортлоход илүү хялбар болно. Ер нь татвар гэхээсээ илүү Хятадын зах зээл, тэдний эрэлтэд нийцсэн бараа бүтээгдэхүүнээ бүрэн зарах ёстой. Жишээлбэл, дэлхий дахинд Хятадын махны хэрэглээ хамгийн их өсч байгаа. Тэр дундаа хонь, үхрийн махыг маш ихээр сонирхдог. Бид үүнийг ашиглаж махан бүтээгдэхүүнээ сайн борлуулж чадахгүй байна. Хоорондоо ямар ч нэгдсэн уялдаа холбоо алга. Салбарын ч, компанийн ч, төрийн ч уялдаа холбоо алга. Тиймээс илүү цахимжуулах, хялбаршуулах хууль дүрмийг мөрддөг байх хэрэгтэй байна. ХХААХҮ-ийн яамнаас лиценз өгдөг. Тэрийг нь цөөн хэдэн компани авдаг. Тэрхүү лицензээ дамжуулан зардаг асуудал бий. Өөрсдөө 10 мянган тонны эрх авчихвал таван мянган тонныг нь шаглаад зарчихдаг. Энд чанар, стандартын асуудал үүсдэг. Энэ нь яваандаа бидэнд сөрөг нөлөө үзүүлнэ үү гэхээс ямар ч эерэг нөлөө үзүүлэхгүй. Танхим үүнийг санаачилж “Эрхээ бидэнд өгөөч. Тэгвэл илүү зөв зохион байгуулъя” гэж байгаа. 100 мянган тонн мах экспортолмоор байна. Экспортын гол цэг Хятад байна. Бид 70-80 сая малтай гээд л байдаг. Гэтэл арилжааны биш байна шүү дээ. Бид дотооддоо ес орчим сая малыг хэрэглэнэ. Цаана нь 15-20 сая малыг эргэлтэд оруулж болно. Ер нь экспортыг зохион байгуулалттай, тодорхой дүрэмтэй хийдэг. Ингэж чадвал бид илүү ихийг олох боломжтой. Уул уурхайн бус салбараас хамгийн богино хугацаанд хамгийн их орлого олох боломжтой бүтээгдэхүүн бол мах. Брэнд хийх, маркетингийн зардал гаргах шаардлагагүй. Бид стандартаа барьж тоглоомын дүрмээ зөв тодорхойлоод уялдаа холбоотой нэгдмэл ажиллавал болчихно. Энэ мэтээр салбар салбараар асуудлаа ярих ёстой. Аль нэг компани дангаараа үүнийг хөөцөлдөнө гэвэл богино хугацааны тоглолт болчихоод байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Энхсайхан: Монголын нийгэм ардчилагдаасай, монгол төр өөрөө ардчилсан байгаасай DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.


-Сонгууль болохын өмнөх жил сонгуулийн хуулийг шинэчилж байгаад та болон танай намын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Ардчилсан нам УИХ-д цөөнх л дөө. Тийм учраас шийдвэр ямар байх тал дээр голлох үүргийг МАН гүйцэтгэсэн. Сонгуулийн хуулийг өөрчлөх гэж хувь тэнцүүлсэн тогтолцоо оруулж ирсэн улсууд л суудлын тоог нь нэмсэн. Эмэгтэйчүүдийг жагсаалтад сөөлжүүлж оруулахаар болсон . Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар тогтоосон. Би үүнийг дэвшил гэж үзэж байгаа. Яагаад гэвэл сонгогчдын 50 хувь нь эмэгтэйчүүд байгаа шүү дээ. Тиймээс тэднийг төрийн тусламжтайгаар дэмжиж, улс төрийн оролцоо, идэвхийг нь дээшлүүлэх гэх мэт асуудлуудад зөв алхам болно гэж хэлмээр байна. Иймд бид гарсан шийдвэрийг дэмжиж байгаа. Харин энэ шинэ нөхцөл байдалд улс төрийн нам өөрийгөө шинэчилж, шинэ маягаар ажиллах шаардлагатай.

-Ардчилсан нам нилээн хэдэн фракцад хуваагдчихаад байгаа шүү дээ. Ирэх жилийн сонгуульд Ардчилсан нам яаж оролцох вэ. Фракцууд нэгдэж чадах болов уу. 126 гишүүнтэй болж байгаа нь Ардчилсан намд ямар боломж олгож байгаа гэж харж байгаа вэ?

-Би аль нэг нам тэгээсэй, ингээсэй гэж санаа зовохоосоо илүү Монголын нийгэм ардчилагдаасай, монгол төр өөрөө ардчилсан байгаасай гэж хүсдэг. Ийм байх асуудал нь Ардчилсан намаас маш их хамаарч байгаа. Ардчилсан нам өөрийгөө шинэчилж чадвал сонгуульд чамгүй амжилт гаргаж болно. Ер нь улс төрийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй хүн байгаа бол тэр итгэл үнэмшилтэй байгаа хүн бусдын итгэл үнэмшил, үзэл баримтлалыг хүндэтгэдэг, хүлээн зөвшөөрдөг үүрэгтэй байх ёстой.

Тэр утгаар нь хангах юм бол Ардчилсан нам дотор фракц, клубүүд байгуулагдсан нь өөрөө эерэг үзэгдэл. Энэ нь намыг шинэчлэх бас нэг түлхүүр гэж хэлмээр байна. Олон клуб, фракц бий болж байна гэдгийг нам хагарч байна гэж харахын эсрэг байгаа. Дэлхий даяар өөрчлөлт явагдаж байна. Тэр өөрчлөлтөд зохицох гэж намууд янз янзын хариу олох гэж оролдсоор явна. Тэр хариуныхаа зөрүүнээс болж фракц, клуб болж хуваагддаг. Тэгэхээр эдгээр клуб хоорондоо нэгдэж, дундын шийдвэр олох явдал нь өөрөө ардчиллыг сайжруулах том алхам юм.

-Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт таны бодлоор ямар шатандаа явж байна. Цаашид нөхцөл байдал ямар болох бол?

-Эдийн засгийн байдал тийм сайн биш байгаа. Гол шалтгаан нь Монголын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас хамааралтай бус тээвэрлэлт, дэд бүтцээс хамааралтай эдийн засаг болчихсон. Би нэг удаа өөрийнхөө нийтлэлд бичиж байсан. “Бид нүүрснээс хамааралтай биш, нүүрсний тээвэрлэлт хийж байгаа төмөр замаас хамааралтай эдийн засагтай болчихсон” гэж. Тийм учраас төмөр замын хувьд зөв бодлого, зөв чиглэл гаргах хэрэгтэй. Өмнөх алдаануудаа засах хэрэгтэй. Ингэж чадвал дэд бүтцийн өргөн бололцоо нээх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж болно. Ер нь зүгээр эдийн засгаа өсгөе гээд хоосон гүйгээд байвал дэд бүтцийн сул хөгжилд хашигдаад, өсч чадахгүй байх аюултай.

-Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн шүү дээ. Энэ нь улс орны эдийн засагт хэр нөлөөлөх вэ?

-Томоор харвал Монголд том төсөл хэрэгжүүлж болдог юм байна гэж гадны хөрөнгө оруулагчдад сигнал буюу дохиолол болж байгаагаараа маш чухал ач холбогдолтой. Далд уурхайн олборлолт явагдсанаар Оюу толгой компанийн өөрийнх нь үр ашиг дээшилж байгаа гэсэн үг. Энэ утгаар нь аваад үзвэл Монголын эдийн засагт том үүрэг рольтой. Төсөвт төлөх төлбөр нь Эрдэнэттэй бараг ойролцоо. Тун удахгүй түүнээс ч илүү болно гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр бид уул уурхай түшсэн эдийн засаг байгуулсан. Мөн гадны хөрөнгө оруулалтыг татаж байж дараагийн том төслийг хэрэгжүүлэх бололцоо нээгдэнэ.

-Манайх мал аж ахуйн орон. Мал аж ахуйгаа яаж эргэлдүүлж, эдийн засагтаа хувь нэмэр оруулах вэ?

-Төсөвт өгч байгаа хөрөнгө мөнгө, татвар, нийгэмд оруулж байгаа баялгийнхаа хэмжээгээр уул уурхайтай мал аж ахуйг харьцуулахын арга байхгүй жижигхэн. Гэхдээ мал аж ахуй манай үндэсний соёл иргэншилтэй холбоотой. Олон хүний амьдрал түүн дээр тогтож байгаа учраас төрөөс дэмжсэн, тусалсан. Тэднийг шинэ технологи, төлөв байдалд оруулах гэсэн дэмжлэг ажлыг зохион байгуулж байх ёстой л гэж хэлмээр байна.

-Та шүүхийн шийдвэрээс хамаарч ирэх жилийн сонгуульд нэр дэвших боломжгүй байгаа шүү дээ. Тэгэхээр залуу үеэ бэлтгэж байгаа юу. Яаж бэлтгэж сонгуульд оролцох гэж байна вэ?

-Би шинэ залуу үедээ итгэж байна. Өөрчлөгдсөн, шинэ бодол санаатай болсон. Ганцхан бодлогын хувьд цэгцлээд өгөх юм бол амжилт гаргаж чадна. Хувь хүнийхээ хувьд УИХ-д амбиц гаргах сонирхол надад байхгүй. Улс төрийн муйхар тэмцлээс болоод шүүгч надад төрийн албан ажил хийхийг хориглочихсон. Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Тийм учраас би өөрийгөө дэвшинэ гэж хэзээ ч бодохгүй л явж байна.

-Үндэсний бодлогын хорооны хурлыг хойшлуулах тухай санал гарч байна. Хэзээ товлогдсон байгаа вэ. Хойшлогдох боломжтой болов уу?

-Хойшлох, хойшлохгүй нь намын гишүүдийн өөрсдийнх нь шийдэх асуудал. Цаг хожъё гэвэл эрт хийнэ. Бэлтгэл сайтай, бүх юмаа бодож байж зөв шийдвэр гаргая гэвэл хугацаа хэрэгтэй. Энэ хоёртой аль алинтай нь би санал нэг байгаа. Хойшлуулах эсэх нь энэ асуудлыг шийдэх үүрэг хүлээсэн намын удирдлагатай шууд хамааралтай. Тэр хүний сонголт. Тэгэхээр бид нөлөөлөхөд хэцүү л дээ. Хүсэлтээ л гаргана.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Х.Баатархүү: Монгол Улс өмнөд хөрштэйгөө түншлэх, найрамдалт харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаагаа бүхий л хэлбэрээр илэрхийлж чадсан айлчлал боллоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын талаар хятад судлаач Х.Баатархүүтэй ярилцлаа.


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчиллаа. Энэ удаагийн айлчлалын онцлог юу байв. Түүний айлчлалаас ямар үр дүн хүлээж болох вэ?

-Сүүлийн 30 жилийн хугацаанд хийгдсэн засгийн газрын тэргүүнүүдийн айлчлалуудаас харьцангуй их үр дүнтэй айлчлал боллоо. Өнгөрсөн хугацаанд манай төр, засгийн удирдлагууд БНХАУ-д олон давтамжтай айлчилж ирсэн. Тэр дундаас энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлал урт хугацаатай, олон салбарт хүрсэн ажил хэрэгч байлаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гадаад харилцааны идэвхжил 2022 оны турш, 2023 оны эхний хагас жил хүртэл маш хүчтэй явагдсан энэ цаг үед хийгдсэн айлчлал байлаа. Дэлхий тэргүүлэгч улс гүрнүүдийн төр, засгийн тэргүүнүүд, гадаад харилцааны сайд нар Монгол Улсад айлчилж, олон улсын анхаарлын төвд манай улс байлаа. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын тэргүүн энэ цаг үед БНХАУ-д айлчилсан нь хоёр улсын харилцаанд онцгойлон ач холбогдол өгч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд БНХАУ-д сая хоёр дахь удаагаа айлчиллаа.

Эхнийх нь 2022 оны хоёрдугаар сард болсон Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцсон. Энэ удаа харин зуны Давос гэж буюу дэлхийн эдийн засгийн олимп гэж нэрлэж ч болох томоохон арга хэмжээнд оролцлоо. Түүний айлчлалын бас нэг онцгой зүйл нь Монгол Улсын төр засаг тогтвортой байгаа гэсэн мессежийг өглөө. Яагаад гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад 1.6 жилийн давтамжтай айлчлахдаа хоёр ерөнхий сайдынх нь урилгаар очиж, албан ёсны хэлэлцээ хийсэн нь ховор тохиолдол юм. Ер нь 1990-ээд оноос хойших айлчлалуудаар БНХАУ-ын ерөнхий сайд зарим үед манай 2-3 Ерөнхий сайдтай уулзаж байсан шүү дээ.

Энэхүү айлчлалаас хүлээж байгаа үр дүнгийн хувьд өргөн утгаараа харилцан ашигтай түншлэлийг нэмэгдүүлсэн, идэвхжүүлсэн айлчлал болсон. Ойрын болон дунд хугацаандаа эрдэс баялгийн экспортыг нэмэгдүүлэх, эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд маш чухал айлчлал болсныг онцлон тэмдэглэе.

-Эрчим хүчний асуудлыг голчилсон гэдэг утгаар урьд өмнөх айлчлалууд дундаас анхных нь боллоо гэж судлаачид үзэж байна. Манай улсын эрчим хүчний асуудлыг шийдэх ямар ажлууд хийгдэх вэ?

-Монгол Улсын эрчим хүчний салбарын аюулгүй, бие даасан байдлыг хангахад онцгой нөлөө үзүүлж байгаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийн хэлэлцээрийг эцэслэснээр үйл ажиллагаа нь эрчимжиж, богино хугацаанд ашиглалтад орох боломж бүрдлээ гэж харж байна. Мөн Чойбалсан хотын дулааны цахилгаан станцыг өргөтгөх төслийн зээлийн хэлэлцээрийн гэрээг сунгалаа. Энэ нь зүүн бүсийн эдийн засгийн бааз суурийг бэхжүүлэх болон эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй. Сэргээгдэх эрчим хүчний боломжит хувилбаруудын талаар яриа хэлэлцээ өрнөлөө. БНХАУ өөрөө ногоон эрчим хүчийг онцгойлон анхаарч байгаа. Өнөөгийн цаг үед сэргээгдэх эрчим хүч бол Хятад улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 30 хувийг хангадаг. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр арвин баялаг. Иймд цаашид сэргэгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж, Хятад улсаар дамжин Зүүн хойд Азийн супер сүлжээнд нэгдэхэд энэ удаагийн айлчлал тодорхой хэмжээнд ахиц дэвшил авчирлаа гэж харж байна. Тухайлбал, Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын эрчим хүчний барилгын корпорацид зочилж, удирдлагуудтай нь сэргээгдэх эрчим хүчний талаар болон түүнийг хэрэгжүүлэх Монгол Улсын төр засгаас баримталж байгаа бодлого шийдвэрүүдээ танилцуулж, хөрөнгө оруулагч талд итгэл төрүүлсэн үйл явдал болсон. Саяхан манай улсад айлчилсан Францын ерөнхийлөгч Э.Макрон энэ оны эхний улиралд БНХАУ-д зочилсон. Олон улсын судлаачид, эрчим хүчний аюулгүй байдлын шинжээчдийн харж байгаагаар Хятад, Францын цөмийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа илүү ахисан түвшинд гарч, Францын технологийн нутагшуулах талд хоёр улсын анхаарч байгааг олонтаа илэрхийлж байгаа. Монгол Улсын хувьд Франц улстай хамтарч цөмийн эрчим хүчний гол түүхий эд болох шар нунтгийг үйлдвэрлэж, үүнийгээ бусад болон ялангуяа БНХАУ-д баригдаж байгаа цөмийн эрчим хүчний эх үүсвэрүүдэд нийлүүлэх сонирхолтой. Ингэснээр Монгол, Хятад, Франц гэсэн гурван талын хамтын ажиллагааны гадаад орчин бий болж байгаа нь тун таатай юм.

-Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд талууд гангийн үйлдвэр хамтран барихаар тохиролцлоо. Хэзээнээс ажил хэрэг болох бол?

-Ер нь гангийн үйлдвэрлэл бол дэлхийн дэд бүтцийн эдийн засгийн маш чухал шийдвэрлэгч салбар. БНХАУ жилд нэг тэрбум тн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 50 хувь, хэрэглээний 55 орчим хувийг эзэлдэг. Ер нь Монгол Улстай хамгийн ойр оршдог Хэбэй муж гэхэд Хятадын нийт гангийн үйлдвэрлэлийн 21.7 хувь, Таншань хот 12.6 хувийн хангадаг. Зөвхөн Хэбэй мужийн энэхүү хэмжээ дэлхийн гангийн үйлдвэрлэгчдийн том өрсөлдөгч. Жилд 110 сая тн-ыг үйлдвэрлэж байгаа нь Энэтхэгтэй ойролцоо очихуйц хэмжээ юм. 2022 оны байдлаар Хятад улсын нэг тн ган үйлдвэрлэх өртөг нь 1000 юань байгаа. Монгол Улс дотооддоо гангийн үйлдвэр байгуулах нь барилгын болоод дэд бүтцийн салбарын түүхийг дотоодоосоо хангах, цаашлаад эдийн аюулгүй байдлыг хангахад нэн чухал. Гэхдээ бидэнд урьдчилан тооцох зүйлс байна. Жишээлбэл, гангийн үйлдвэрлэлийн нийт өртгийн 30-40 хувийг эзэлдэг коксын үйлдвэр хараахан ашиглалтад ороогүй байна. Нэг тн төмөр үйлдвэрлэхэд чанараас нь шалтгаалаад 250-380 кг кокс ордог. Тэгэхээр бид коксын үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, усны хангамжийн системдээ анхаарал хандуулах ёстой. Нэг тн ган үйлдвэрлэхэд 29 куб метр ус ашигладаг. Бидэнд үндсэн түүхий эд болох төмрийн хүдэр, дагалдаад жонш зэрэг байна. Боломжит түүхий эдээ ашиглаад гангийн үйлдвэрлэл явуулахад бидэнд нэн шаардлагатай зүйл бол коксын үйлдвэрээ барьж, усны судалгаагаа хийх юм. Ойрын хугацаанд гангийн үйлдвэрлэл барихад тооцоо судалгаа, байгаль орчны аюулгүй байдал нэн чухал. Сүүлийн үед зарим улс орнууд гангийн үйлдвэрлэлийн байгаль орчинд хортой байх асуудлыг онцгойлон анхаарч байгаа. Хэрэв гангийн үйлдвэрлэл байгуулбал хамгийн орчин үеийн технологитой үйлдвэрлэл оруулж ирэх хэрэгтэй. Өртөг зардлын хувьд бусад улс оронтой өрсөлдөхүйц хэмжээнд байснаар гангийн үйлдвэр цаашид оршин тогтноно.

-Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болж байна. Талууд ямар тохиролцоонд хүрэв. Манай улс далайд гарцгүй орон. Тэр утгаараа урд хөрш рүү гарах гарцаа нэмэгдүүлэх тал дээр ямар ажлууд яригдсан бэ?

-Монгол Хятадын 1955 оны хилийн төмөр замын гэрээг шинэчлэх тал дээр хоёр тал эцэслэн тохиролцоонд хүрснээр энэ асуудал шуудрах тал руугаа орлоо. Ханги-Мандалын төмөр зам зургаан км дутуу буюу холбох цэг рүү ойртоод ирчихсэн байгаа. Үүнийг дараа жил гэхэд холбох эрх зүйн орчныг Хятадын тал бий болгох байх. Өөрөөр хэлбэл, уг төмөр замын боомт нь БНХАУ-ын улс ардын аж ахуй эдийн засгийг хөгжүүлэх 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд нь тусгагдаагүй юм билээ. Ханги-Мандалын төмөр замын боомтыг нээн ашиглах эрх зүйн орчин урд хөршид бий болсны дараа манай улсад холболт хийхэд ойрхон байгаа. Магадгүй 2024 оны хоёрдугаар улиралд эхний экспорт Ханги-мандалын замаар хийгдэх боломжтой гэж харагдаж байна. Нэмэлтээр энэ оноос бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа Шивээхүрэн-Сэхэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил маш хурдтай явснаар энэ оны арванхоёрдугаар сар гэхэд дуусаж холболт хийгдэх байх. Мөн 2020 онд оруулсан Монгол Улс, БНХАУ-ын хилийн дэглэмийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлтийн дагуу Бичигт, Ганцмод, Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын боомтын асуудал хурдан шийдэгдэх боломжтой. Гэхдээ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын техникийн асуудлууд нэлээд хүндрэл бэрхшээл авчрахаар болоод байгаа. Энэ оны сүүлч гэхэд холболт хийх болон Манай талд баригдах ачааны терминалыг барьж байгуулах зураг төсөл хийгдэж дуусна. 2024 онд бүтээн байгуулалтын ажил дуусч, 2024 оны сүүлч гэхэд Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр зам ашиглалтад орох өөдрөг төсөөлөл байна. Цаад хугацаа нь 2025 оны нэгдүгээр улиралд Гашуунсухайт-Ганцмод чиглэлд төмөр замаар нүүрсний экспорт хийх боломжтой. Харин Шивээхүрэн-Сэхэгийн чиглэл энэ ондоо дуусчих байх. Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар Бичигтийн төмөр замыг барьж байгуулах талаар хөрөнгө оруулалтын эхний хэлэлцээрүүд хийгдсэн. Ингэснээр Монгол Улсын эрдэс баялгийн салбарын экспортыг өсөн нэмэгдүүлэхэд эдгээр хилийн төмөр замууд онцгой эерэг нөлөөлөл авчирна. Зөвхөн экспорт төдийгүй импортын ачааг нэмэгдүүлэх боломжтой. Цаашлаад Монгол Улсаар дамжин өнгөрч байгаа транзит ачааг нэмэгдүүлэхэд онцгой үр нөлөөтэй гэж бодож байна.

-Төмөр зам, эрчим хүчний томоохон төслүүдийг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээ энэ онд эцэслэхээр болсон нь сайшаалтай. Дээрээс нь Замын-Үүд-Эрээний боомтыг 24 цагийн үйл ажиллагаанд шилжүүлэх тал дээр талууд санал нэгджээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Хилийн төмөр замын хэлэлцээрийг энэ ондоо эцэслэн шийдвэрлэх нь Монгол Улсын хувьд нэн ач холбогдолтой. Энэхүү айлчлалын хүрээнд шийдэгдсэн бас нэг чухал асуудал бол Замын-Үүд-Эрээний боомтыг 24 цагийн үйл ажиллагаанд шилжүүлэх тухай. Талууд эхний тохиролцоонд хүрч, санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд хоёр талаас бэлтгэл ажил хийгдсэнээр Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх транзит ачаа, хилийн худалдаа, чөлөөт бүсийн хөгжил, аялал жуулчлалын салбарт онцгой үр нөлөөтэй.

Дээрх асуудлуудаас гадна БНХАУ-ын Засгийн газар 2022 оны арван хоёрдугаар сарын 1-нээс эхлээд хөгжил буурай 10 орноос импортлох бараанд 98 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Эдгээр арван улсын заримын ДНБ нь Монгол Улсынхаас ч том, 40 тэрбум, 67 тэрбумаар хэмжигдэж байх жишээтэй. Тэгэхээр бидний хувьд цаашид Хятадын талтай ний нуугүй ярилцаж, экспортын тарифын хөнгөлөлтөд хамрагдах талаар яриа хэлэлцээ хийвэл боломжтой хувилбар байж болох юм. Ингэж чадвал Монгол Улсаас экспортолж байгаа уул уурхай, хөдөө аж ахуйн бусад бараа бүтээгдэхүүн Хятадын болоод гуравдагч орны зах зээлд өрсөлдөх боломж илүү нэмэгдэнэ.

-Ерөнхий сайдын айлчлалаар гурван тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг татаж чадлаа. Аль салбарт илүү зонхилж байна вэ?

-Айлчлалын хүрээнд зам тээврийн салбарт илүү их хөрөнгө оруулалтыг татаж чадлаа. Хоёр улсын төрийн болон Засгийн газар хоорондын байгуулсан санамж бичиг, гэрээ хэлцлүүдээс харахад боомтын сэргэлт, худалдааг хөнгөвчлөх, аялал жуулчлал, байгаль орчин, эрчим хүч, экологи гэсэн салбаруудад илүү их хөрөнгө оруулалтуудыг төвлөрүүлэхээр харагдаж байна. Мэдээж мөн тодорхой хэмжээний буцалтгүй тусламжийн төслүүдийг дурдах нь зүйн хэрэг. Бас манай улсын гадаад өрийн менежментэд чухал байр суурь эзэлж байсан Монгол банк, БНХАУ-ын Ардын банкны хоорондын своп хэлэлцээрийн хугацаа энэ сард дуусах байсныг дахин гурван жилээр сунгаж чадлаа.

-Өнөөдөр монголчууд бензин шатахууны хувьд зөвхөн оросоос хараат байгаа. Тэгвэл сая Ерөнхий сайдын айлчлалаар БНХАУ-аас евро стандартын шатахуун, түлш авах суваг нээгдлээ. Цаашид долларын ханш буухад том хөшүүрэг болно гэж эдийн засагчид таатай хүлээж авч байгаа харагдсан. Энэхүү бизнесийн хамтын ажиллагаа хэр удаан хугацаанд оршин тогтнох бол. Судлаачийн байр суурийг сонирхъё?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалын хугацаанд БНХАУ-ын Газрын тосны үндэсний корпораци (CNPC)-ийн удирдлагатай уулзаж, газрын тосны салбарын олборлолт, ашиглалтын тогтвортой хамтын ажиллагааг өргөтгөх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, цаашид дизель болон Евро стандартын түлш шатахууныг Монголын зах зээл, хэрэглэгчдэд нийлүүлэх, ОХУ-аас Монгол Улсын нутгаар дамжуулан БНХАУ-д Байгалийн хийн хоолой дамжуулах төслийг урагшлуулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцсон байна.

Евро стандартын түлш шатахууныг манай хэрэглэгчид хэрэглэснээр байгаль орчинд ээлтэй, автомашины хэрэглээ уртсах гэх мэт олон давуу талтай нь мэдээж.

Манай шатахууны 90 гаруй хувийг нийлүүлж буй ОХУ-ын Роснефть компанийн Ангарскийн боловсруулах үйлдвэр жил бүр найм, есдүгээр сард ээлжит засварын ажил хийдэг. Үүнтэй холбоотойгоор нийлүүлэлт багасах асуудал үүсдэг ба зарим жилд нь энэ хугацаанд БНХАУ-аас түлш шатахууныг авч богино хугацааны хүндрэлийг даван туулдаг нь үнэн. Евро стандартын түлш шатахууны үнэ нь өнөөгийн импортолж байгаа шатахууны үнээс илүү буюу дизель түлш 50-100 ам.доллар авто бензин 100-150 ам.долларын зөрүүтэй гэсэн албаны хүний мэдээллийг авч байсан. Дээрх Евро-5 стандартын арай үнэтэй бас чанартай шатахуун худалдан авч хэрэглэх нь бидний л сонголтын асуудал байх. Харин 2027 онд Дорноговь аймагт баригдаж байгаа өөрийн үйлдвэрийн шатахуунаа хэрэглэж эхлэх үед импорт шаардлагагүй болох талтай.

-Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал БНХАУ-ын төр засаг, бизнес эрхлэгчдэд Монгол Улсын талаарх зөв мессеж хэрхэн хүрэв?

-Энэ тал дээр хэд хэдэн зүйл онцолмоор байна. Нэгдүгээрт, Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалдаг, тодорхой бүтэцтэй, тэдэнд илүү хурдан, шуурхай, нээлттэй үйлчилдэг гэсэн тогтолцоогоо Хятадын төр засгийнханд өгч чадсан. Хоёрдугаарт, хувийн хэвшлийг илүү дэмжихийг олонтаа амлаж байгаа. Монгол болон Хятад улсад болсон олон удаагийн хурал уулзалт, эдийн засгийн форум хэлэлцээрүүдийн явцад “Тодорхой томоохон дэд бүтцийн болон бусад төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог дэмжье. Мөн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлье” гэсэн.

Ингэснээр Монгол Улсын төр засаг хариуцлагатай, ил тод, нээлттэй байхаа зарласан. Энэ удаагийн айлчлалын хүрээнд өрнөсөн Монгол Хятадын эдийн засгийн форум дээр ч гэсэн Ерөнхий сайд онцлон дурдсан. Гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх ажил онцгойлон ахиц дэвшил гаргаж байгааг Хятадын дотоодын хэвлэл, нийгмийн сүлжээнд олонтоо мэдээлсэн. Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчдад илүү их итгэлийг төрүүлж байгаа юм. Монгол Улс бол гадаадын хөрөнгө оруулагчдын найдвартай түнш гэсэн зөв сурталчилгаа болж байгаа гэж харж байна. Дөрөвдүгээрт, Монгол Улсын Засгийн газар, төр засаг тогтвортой ажиллаж байгаагаа энэ удаагийн айлчлалаар харууллаа. Төрийн залгамж чанар хангагдан ажиллаж байгаа нь Хятадын бизнес эрхлэгчдэд, хөрөнгө оруулагчдад болон бүх түвшинд хамтран ажиллах төрийн байгууллагуудын хувьд итгэлийг нь сэргээж чадлаа. Айлчлалаар аялал жуулчлалын салбарыг онцгойлсон. Энэ салбарыг хөгжүүлэхэд Монгол Хятадын харилцааг илүү өргөн хүрээнд харж, хөрш зэргэлдээ орны хувьд хил орчмын болон Монгол Улсаар дамжин өнгөрөх аялал жуулчлалыг илүүтэй хамтран хэрэгжүүлэхэд хоёр орон онцгойлон анхаарч байгаагаа илэрхийлсэн. Энэ бол БНХАУ-ын иргэдэд Монголд аялахад нь зөв мессеж өгсөн.

Эцэст нь дүгнээд хэлэхэд Монгол Улс бол өмнөд хөрштэйгөө түншлэх, найрамдалт харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаагаа бүхий л хэлбэрээр илэрхийлж чадсан маш үр дүнтэй айлчлал боллоо.

Categories
онцлох-нийтлэл эдийн-засаг

Хуульч Б.Мэргэн: Албан тушаалтнууд хуулийг хоёр сар илбэдэж алга болгоод ялгүй үлдчихдэг. Гэтэл залуус гав зүүх болсон шалтгаан нь үзэл бодлоо илэрхийлсэн төдий DNN.mn

“Үндсэн хууль-Эрх чөлөөний дархлаа” хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгийг “Урбан” иргэдийн форум төрийн бус байгууллага болон “No war”, “No double standart” хөдөлгөөнөөс хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр “Шүүхийн практик дахь үндсэн эрхийн зөрчлийн шалтгаан кейс” сэдвээр “Веритас Партнерс” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн илтгэл тавилаа. Түүнтэй сэдвийн хүрээнд ярилцлаа.


-Эхлээд танаас нэг зүйлийг тодруулах нь зүйн хэрэг байх. Өмгөөлөгчдийн холбоо таныг хүлээн зөвшөөрөхгүй байх шиг санагддаг?

-Жижиг зүйлээс эхэлнэ л дээ. Өмгөөлөгчдөд тараагддаг дүрэмт хувцсыг бид бүхэнд 148 мянган төгрөгөөр шахахыг оролддог. Оёдолчиноос үнийг нь судалж үзтэл 35 мянгаар оёно гэсэн. Зүгээр л нэг мөнгө олох гэсэн газар. Тийм ч учраас Өмгөөлөгчдийн холбоотой би үргэлж алалцаж, гол дайсан нь болсон. Намайг улстөрчид рүү “Би л өмгөөлж чадна” гэж хэлдэг гэх зэргээр янз бүрээр л ярьдаг.

-Та илтгэлдээ хэд хэдэн жишээ дурдсан. “No war”, “No double standart” хөдөлгөөнийхөнтэй яаж холбогдсон юм бэ?

-Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй хүмүүс хууль тэгш бус үйлчилдгийн хамгийн том золиос болж буй хүмүүс.

Миний зүгээс зарим үед үнэгүй өмгөөлж, заримдаа үнэ хөлсөө тохирон энэ хүмүүстэйгээ хамтраад явдаг. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө 2 сая төгрөгөөр торгуулсан нилээн олон хэргийг нь хэрэгсэхгүй болгож байлаа. Хууль яаж өөр өөрөөр үйлчлээд байгааг нэг жишээгээр тайлбарлая. Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйл, Албан тушаалын гэмт хэрэг нь 2008 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүчингүй болсон. Түүнээс хойш хоёр сар 24 хоногийн дараа буюу 2008 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр буцаад хуулийн зүйл заалтад орж ирсэн. Энэ хооронд энэхүү хэргээр ял авах байсан албан тушаалтнууд хэргээс мултарсан. “Яагаад хууль хоёр сарын хугацаанд алга болчихоод буцаад гараад ирэв” гэсэн асуудал яригдахад Улсын их хурлын Тамгын газрын нэг ажилтны буруу болоод тэр хүн ажлаасаа халагдаад л өндөрлөсөн. Албан тушаалтнууд хуулийг хоёр сар илбэдэж алга болгож байгаад ялгүй үлдчихдэг. Гэтэл манай залуусын гав зүүх болсон шалтгаан нь цагдаагийн албан хаагчдын шаардлагыг биелүүлсэнгүй, хууль бус зүйл хийлээ гэсэн үндэслэлтэй. 461 дүгээр хорих ангиас иргэн Д.Монголхүүг хүчээр авч гарсан гэж ярьж байсан. Нотлох баримтыг шалгаж үзэхэд 461 дүгээр ангийн ажилчид өөрсдөө үүрээд гаргаж өгч байгаа юм. Гэтэл Э.Одбаярыг түүнийг хүчээр авч гарсан гэж яриад байгаа юм. Энэ бичлэг чинь ил тодорхой байна гэхээр “Аа үгүй ээ. Хүчээр авч гарсан” л гэж яриад байгаа. Өмнө нь Э. Одбаярын шэйрлэсэн гэгдээд байсан бичлэгийг сэтгүүлчдээс эхлээд олон хүн хуваалцсан. Хүмүүс ч бас шэйрлэсэн зүйлийг би бас хуваалцсан шүү дээ гээд цаг хугацаатай нь Э.Одбаяр үзүүлэхээр “Тэр хамаагүй ээ. Чи шэйрлэсэн. Чамд л ял өгнө” гээд байгаа юм. Үг үзэл бодлоо илэрхийлсэн, сошиал орчинд идэвхтэй байснаар ялладаг. Иймэрхүү байдлаар л эдгээр хүмүүст ял өгөөд байна. Энэ ч болохгүй, бүтэхгүй байна гээд яривал маш олон асуудал бий.

-Та бас Цэцийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг тухай илтгэлдээ дурдсан. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?

-Үндсэн хуулийн манаач нь үндсэн хуулийн цэц өөрөө байх ёстой. Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх зөрчигдвөл хуулиа хамгаалах замаар тэрхүү иргэний эрхийг Цэц хамгаалах ёстой. Үндсэн хуулийн цэцийн бүтэц бүрэлдэхүүнийг хуульд нь нийцсэн бүрдүүлэхгүй бол чадваргүй, улс төрийн нөлөөнд автсан, улс төрийн захиалгаар хэрэг шийддэг хүмүүсээс бүрдэнэ. Тиймээс энэ байдлыг шийдэхийн тулд Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн Процессын хуулийг шинэчлэх гэхээр өнөөх улстөрчидтэйгөө нийлж байгаад энэ шинэчлэлийг 10 гаруй жил гацааж байна. Жишээлбэл, 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох хууль нь бүхэлдээ иргэний эрхийг зөрчдөг. Энэ хуулиар бүрэн эрхтэй төлөөлөгч, бүрэн эрх нь хэрэгжиж буй бүс нутаг дээр очиход ямар ч хууль үйлчлэхгүй. Бүрэн эрхт төлөөлөгч хаан шиг эрх эдлэх боломжтой. 1992 онд Үндсэн хууль батлагдсан байхад, 1991 оны хуулиар яагаад шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчимд огт нийцэхгүй хуучин социалист нийгмийн үндсэн хуулийн чиг баримжаагаар яваад байгаа юм бэ гэж бид Цэцэд мэдээлэл гаргасан. Цэцийн өгсөн хариулт “Бид 1992 оны хоёрдугаар сарын 8-нд батлагдсанаас хойших хууль дээр л хяналт тавина. Өмнөх хууль хамаагүй” гэсэн. Тэр хугацаанаас нь хойш батлагдсан хууль дээр хяналт тавих заалтыг нь хүчингүй болгох хүсэлтийг өгөхөд Цэц дээр хүчингүй болгочихож байгаа юм. Одоо Засгийн газарт эрх олгох тухай хууль чинь үндсэн хууль зөрчөөд байна гэхээр маргаангүй, хэрэг үүсгэхгүй гэсэн хариултыг л өгдөг. Маргаан үүсгэхгүй гэсэн ганц өгүүлбэр дээр нь гомдол гаргахаар дараагийн шатан дээр нь мөн л маргаан үүсгэхгүй гэсэн хариултыг өгдөг. Бид Цэцэд Үндсэн хууль зөрчсөн заалтыг маш олон үндэслэл гарган өгөхөд няцаасан хариулт биш зөвхөн маргаан үүсгэхгүй гэсэн өгүүлбэрийг хариулт болгон өгдөг. Манай улсад иргэн үндсэн эрх нь зөрчигдсөн маргааныг Цэц хүлээж авдаггүй. Жишээ нь, Германы үндсэн хуулийн шүүхийн шийдэж буй маргааны 92 хувь нь иргэний үндсэн эрх зөрчигдсөнтэй холбоотой маргаан байдаг. Иргэн өөрийнхөө үндсэн эрх зөрчигдсөн гэсэн мэдээллийг өгөхгүй ч гэсэн тухайн хууль чинь өөрөө үндсэн хууль зөрчөөд байна гэдэг агуулгаар мэдээлэл гаргаж, хуулийг нь хүчингүй болгох замаар үндсэн эрхээ хамгаалуулъя гэхээр маргаан үүсгэхгүй ээ л гэсэн хариултаа өгдөг. Яагаад гэвэл цаана нь буй улс төрөөс нь намын эрх ашиг явж байгаа учраас маргаан үүсгэж болохгүй гэсэн үүрэг даалгавар өгдөг нь олон зүйл дээр батлагддаг. Үндсэн хуулийн бүх л заалтыг зөрчиж байхад маргаан үүсгэхгүй л байна. Үндсэн хуулийн цэц бол хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчим гэж заагдсан газар мөртлөө хамгийн их зөрчдөг байгууллага. Нийтлэг ажиглагддаг зүйл нь Цэцэд мэдээлэл өгөхөд 14 хоногийн дотор маргаан үүсгэх эсэхийг шийдэж, 30 хоногийн дотор маргааныг шийдвэрлэж, шаардлагатай бол дахиж 30 хоног сунгадаг. Энэ хугацаанд маргааныг шийднэ гэж заасан. Гэтэл яг тэр хугацаандаа шийдвэрлэж байсан түүх байхгүй. Хамгийн хурдан нь гурван сар, түүнээс цааш 3-4 жилийн дараа тухайн асуудлыг маргаан үүсгэсэн тохиолдолд шийддэг. Үүнээс үүдэж “Та нар өөрсдөө яагаад хууль зөрчөөд байгаа юм бэ. Энэ нь наад зах нь иргэдээс төрийн байгууллагад Өргөдөл, гомдол гаргах журмын тухай хуулийг зөрчиж байна шүү дээ” гэхээр бусад хууль бидэнд хамаагүй гэдэг. Тийм учраас би Цэц рүү очоод “Цэцийн дээр хөх тэнгэр байгаа гэдэг үгэндээ битгий итгээд хөөрөөд байгаарай, Цэцийн дээр иргэдийн Үндсэн хууль байгаа шүү” гэж хэлж байсан. Хоёр дахь жишээ нь, 2020 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орсноор ардчилсан эрх зүйт төртэй гэж хэлэх улсад хэзээ ч байх ёсгүй хууль баталсан. Шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийг сэргээж, шалгах тухай хууль баталснаар хэрэг нь шүүхээр хаагдчихсан олон хүмүүсийн хэргийг дахин сэргээж шалгасан. Тухайн үед Цэцэд мэдээлэл гарган, түүний дагуу маргаан үүсэж Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиараа тухайн хэрэглэх гэж буй хууль нь Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн маргаан үүссэн тохиолдолд шүүхэд хэрэглэгдэхгүй гэсэн заалт байдаг. Тэгэхээр улс төрийн хэрэг дээр шүүх нь тэр заалтаа барилгүй хэрэг шийдээд явчихдаг. Шүүхэд очоод та нар яагаад энгийн иргэн дээр тус заалтаа бариад байж, улс төрийн хэрэг дээр энэ заалтаа барихгүй байгаа юм бэ гэхээр “Чи битгий өөр хэрэг яриад бай” гэсэн тайлбар өгдөг. Цэцээс тухайн хууль нь Үндсэн хууль зөрчсөн байж магадгүй гэсэн маргаан үүсгэсэн тохиолдолд хэргийг түдгэлзүүлсэн нь үнэн гэсэн заалтыг Цэц нь өөрөө хүчингүй болгочихдог. Улс төрийн захиалгаар хоёр өмгөөлөгчид үүрэг өгөөд, өнөөх өмгөөлөгчид нь маргаан үүсгэхэд, Цэц нь өөрсдийн хэрэглэдэг хуулийг хүчингүй болгоод Цэцэд ямар ч маргаан үүссэн байсан тухайн хуулийг шүүхэд хэрэглэж болно. Дараа нь Цэц тухайн хуулийг хүчингүй болгочих юм бол Үндсэн хуульд харшилсан хуулиар ял авсан хүмүүсийн хохь болоод л дуусна. Суллагдах ч гэсэн, хэдэн сар, хэдэн жилээр шоронд суугаад л гарч ирнэ. Гарч ирээд Үндсэн хуулийн 16 дугаар бүлэгт заасны дагуу “Бусдын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон бол хохирлоо барагдуулах хэрэгтэй” гэсэн заалтаараа хохирлоо барагдуулах гэхээр түүнтэй холбоотой зохицуулсан хууль байхгүй. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд л амь нас нь хохирсон бол 10 сая төгрөг өгнө гэсэн зохицуулалт байдаг. Түүний дагуу шүүх дээр хохирлоо барагдуулах гэхэд сангийн яамнаас “Үүнд төсөвлөсөн мөнгө байхгүй. Дараа жил ирээрэй” гэдэг. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтын хуулийг нь хүчингүй болгосон ч Улсын Дээд шүүхээс хуультайгаа яг адилхан тайлбарыг гаргаад түүнийгээ хэрэглээд явчихдаг. Цэц дээрээ дахин очиж, “Та нарын хүчингүй болгосон заалтыг улсын дээд шүүх тайлбар гаргаад сэргээчихлээ” гэхээр “Улсын дээд шүүхийн тайлбарыг Цэц хянах эрх байхгүй. Ерөнхий шүүгчийн гаргасан шийдвэрийг л Цэц хянана” гэж хариулдаг. Ерөнхий шүүгч чинь ямар ч тодорхой шийдвэр гаргахгүй шүү дээ. Тэр хүн чинь Дээд шүүхийнхээ дотоод бүтцийг л зохиохтой холбоотой шийдвэр гаргана. Тэр нь иргэдэд хамаатай асуудал биш шүү дээ. Тийм байхад тэр хүний гаргасан шийдвэрийг Цэцэд өгөөд байх шаардлага байхгүй. Иймэрхүү асуудлаа хүртэл зохицуулахгүй бол иргэний үндсэн эрх нь зөрчигдсөөр байна.

-Цэцийн асуудлыг хэрхэн шийдвэл зөв гольдролдоо орох бол?

-Эрх мэдэлтэй хүмүүст тааруулан хууль дүрэм нь шийдэгдээд байдаг. Нөгөө талаас Цэцийн даргыг Улсын дээд шүүх нь томилсон. Тийм учраас Улсын дээд шүүхээс гаргасан шийдвэрийн эсрэг шийдвэр гаргаж чадахгүй гацаж байгаа юм. Удахгүй Цэцийн дарга нь солигдож шинэ хүн томилогдоно. Тэр үед эдгээр хэрэг шийдэгдэж, тухайн хугацаанд иргэд нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Дээд шүүхийн тайлбараар ял аваад яваад л байна. Тийм учраас үндсэн хуульд заасан эрхүүдээ хамгаалахын тулд нэн тэргүүнд Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хуулиудаа өөрчлөх шаардлагатай байна. Үндсэн хуульд мэргэшсэн хуульчдыг томилох шаардлагатай. 1992 оноос хойших Цэцийн гишүүдийг харвал мэргэшсэн хуульч нь мэргэжлийн бус хүмүүсээсээ бага. Энэ нөхцөл байдлаа өөрчилж Цэц шинэчлэгдэхгүй бол хичнээн сайн хуультай байгаад ч тэрхүү хуулийг хамгаалах ёстой институт нь хамгаалж чадахгүй учраас Үндсэн хуульд заасан бусад заалт хамгаалагдахгүй.

Categories
нийгэм цаг-үе

Сэлбэ, Дунд гол дагуух авто замуудыг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гарлаа DNN.mn

Нийслэл хотод 2023 оны долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд үргэлжилсэн их хэмжээний бороо орж үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь нас. эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон автотээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал үүссэн.

Иймд

  • Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвөөс Нарны замын уулзвар, Баянмонгол хорооллын нүхэн гарцнаас Хүннүгийн гудамж,
  • Хан-Уул дуүргийн 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцнаас Нарны гүүрний уулзвар,
  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Нийслэлийн өргөө амаржих газрын уулзвараас Нарны замын уулзвар хүртэл Сэлбэ, Дунд гол дагуу авто зам, замын байгууламжийг 2023 оны долдугаар сарын 5-ны 00:00 цагаас эхлэн нөхцөл байдал арилах хүртэл тодорхойгүй хугацаагаар түр хаах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Авто зам, замын байгууламж хаасантай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт, хэв журам зөрчигдсөн үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт тус тус үүрэг болгосон байна.

зураг