Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Чулуунбилэг: Сонгуулийн үйл явцыг деталь бүрээр нарийн зааж оруулсан бол дэвшил гарах байлаа. Холимог тогтолцоогоо оруулж аваад тайвширчих шиг боллоо DNN.mn

Улс төр судлаач, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийн өөрчлөлт болон УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар болсон. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулснаар улс төрийн нөхцөл байдал цаашид яаж өөрчлөгдөх бол?

-Улс төрийн зах зээл гэсэн ойлголт бий. Мэдээж дүрэм өөрчлөгдсөнөөр тоглогчид өөр стратеги гаргах шаардлагатай тулгарч байна. Холимог тогтолцоог дахин нэвтрүүлж түүнийгээ Үндсэн хуульд оруулж өгсөн нь нэгдүгээрт, сонгууль бүрийн өмнө сонгуулийн тогтолцоогоороо оролддог байдлыг өөрчилнө. Хоёрдугаарт, жижиг тойрогт хашигдсан гал тогоо биш том улс төр ярьдаг бодлогын улстөрчид олноор бий болоход тустай юм.

Сонгуулийн холимог тогтолцоотой орнуудад Эвслийн Засгийн газар байгуулах нь түгээмэл байдаг.

Магадгүй 2024 оны парламентын сонгуулийн дараа Эвслийн Засгийн газар байгуулагдах болов уу. Шалтгаан нь намуудын рейтинг нийлээд 50 хувьд ч хүрэхгүй байна шүү дээ. Ийм бага рейтингтэй намууд оролцсон холимог тогтолцооны сонгууль эвсэл л төрүүлнэ.

Дахиад хоёр том нам шинэ МАНАН татуулах уу эсвэл ялсан нэг том нам нь жижиг намуудыг цуглуулж АЛАГ эвсэл байгуулах уу гэдэг судлаачдын хувьд төдийгүй олон нийтийн хувьд ч сонирхолтой сэдэв болно байх. Тэр үеийн хэлэлцээр дундах Ерөнхийлөгчийн оролцоо ямар байхаас шалтгаалж эвсэл бүрдэнэ. Гадаад орчин, геополитикийн өөрчлөлт ч нөлөөлнө. Товчхондоо бол улс төрийн нөхцөл байдал намуудын дарга нар, топ улстөрчдөөс хэлэлцээр хийх чадварыг нилээд шаардах нь тодорхой болж байна. Шинэ нөхцөл байдал ч хэлэлцээр хийх чадвартай, стратегитай, уян хатан, аль аль намуудад хүлээн зөвшөөрөгддөг лидерүүдийг эхний эгнээ рүү оруулж ирэхийг шаардаж байна.

-Ер нь энэ тогтолцоо улс төрийн намуудад ямар ач холбогдолтой вэ. Тэр дундаа МАН, АН-д?

-Гишүүнчлэл хөөцөлдсөн нам биш бодлогын нам байх тал руу түлхэж байгаа нь ач холбогдол мөн л дөө. Намын жагсаалтаар орж байгаа гишүүд нь тухайн намынхаа үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг хатуу хамгаалдаг, түлхдэг байх боломжийг бүрдүүлж байна. Боломж гэж хэлээд байгаагийн шалтгаан нь намууд жагсаалтдаа үнэт зүйл, суурьтай улстөрчдөө яг жагсаах уу гэдэг эргэлзээтэй хэвээр.

-УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгууль бүрээр гардаг маргааныг хэр шийдвэрлэж, зохицуулсан гэж та харж байна вэ?

-Үнэнийг хэлэхэд сонгуулийн тогтолцоондоо хэт анхаараад сонгуулийн процедуртай холбоотой хэсгийг орхичихсон гэж бодож байна. Тиймээс сонгуулийн хяналт, луйвартай холбоотой маргаан урьдын хэвээр үргэлжилж таарах нь. Уг нь сонгуулийн үйл явцыг деталь бүрээр нарийн зааж оруулсан бол сая дэвшил гарах байлаа. Холимог тогтолцоогоо оруулж аваад тайвширчих шиг боллоо.

-УИХ-ын 48 гишүүн жагсаалтаар сонгогдохоор болсон. Намын жагсаалтыг ямархуу байдлаар яаж гаргах нь оновчтой гэж харж байна вэ?

-Би түрүүн хэлсэн. Тухайн улс төрийн намын үзэл баримтлалыг хатуу барьдаг, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахад гардаж оролцсон үнэт зүйл, суурьтай улстөрчдөө оруулвал сайн парламент бүрдэнэ. Харамсалтай нь тэгэх магадлал бага байна. Өнөөдрийн намуудын барьж байгаа стратегийг харахад Ардчилсан нам жагсаалтаа намын удирдлага, хуучин лидерүүдээр “фракцуудын хүчний тэнцвэрийг барьж” бүрдүүлэх бол Монгол ардын нам залуу, нэр цэвэр шинэ залуусаар нүүр хийж жагсаагаад хуучин лидерүүдээ тойрог уруу нь явуулж “шинэчлэгдэж байна” гэсэн шошго наалтаар иргэдийн бухимдалд хариу өгөх гэж оролдох болов уу. Жижиг намуудын хувьд мөнгө босгох гол хэрэгсэл нь намын жагсаалт байх учраас ер нь л зарчих биз дээ. Гэхдээ 126 мандаттай болж байгаа учраас бүх нам нэр дэвшигчийн хомсдолд орно. Ялангуяа жагсаалтын 20-иос хойш нэрээ бичүүлэх, мөнгөө тушаах нэр дэвшигч олдох юм уу даа.

-Үндсэн хуулиар УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож нэмсэн. Гишүүдийн тоо нэмэгдсэнээр Засгийн газар тогтворгүй болох сөрөг талтай гэх шүүмжлэл байдаг. Энэ хэр бодитой шүүмжлэл вэ?

-Ерөнхийлөгчтэй эрх баригч намын нэг зовлон байдаг байсан нь Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдын ажлыг хийх гээд хутгалдаад болохгүй бол гомдогсодтой нийлж намын даргаа солиод байдаг аксиом. Гэтэл 2018 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдад өөрийн кабинетаа шууд өөрөө шийдэх эрх мэдэл олгосноор энэ байдал таслагдсан. Одоо ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ямар бяртай, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямар томоотой байгаагийн үндсэн шалтгаан нь энэ. 2024 оны Эвслийн Засгийн газар нилээд данхар, олон сайдтай, сайдуудын ихэнх нь гишүүний давхар мандаттай байна гэж үзвэл харин ч эсрэгээрээ байх. Миний бодлоор баахан яамгүй бодлогын гишүүн-сайд нар төрөх болов уу.

Монголын парламент 126 гишүүнтэй болсон нь парламентын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, ирж буй геополитикийн таагүй үеийг давахад ч тустай. Парламентад хувь гишүүдийн лобби бүлэг биш мэргэжлийн байнгын хороодоороо дамжуулж сайн ажиллах ёстой. Тиймээс байнгын хороодын тоогоо нэмэх нь зөв. Ядаж л аюулгүй байдал, батлан хамгаалах байнгын хороог гадаад бодлогоос салгаж шинээр байгуулах шаардлага үүсч байна.

-Эцэст нь асуухад, багагүй хугацаанд талцдаг байсан танай нам эмхэндээ орлоо. Энэ үед Ардчилсан намд яг ямар шинэчлэл хийвэл зүйтэй гэж та харж байна вэ?

-Ардчилсан нам маань хүнд үеэ давж гарч ирлээ. Өнгөц харахад хэдэн хувь лидерүүдийн хувийн маргаан боловч яг нарийн харвал үнэт зүйлийн л зөрчил байсан гэж хардаг. Ардчилсан нам үүссэн үеэсээ л эрх баригч экс коммунист намын эсрэг фронт болж байсан бараг 20-иод намын нэгдэл болж өнөөдрийг хүрсэн. Үнэт зүйлийн дотоод зөрчил ихтэй. Зүүний социал демократууд, барууны либералууд, консерватив үзэлтнүүд бүр нацистууд хүртэл бий. Тиймээс үе үе Ардчилсан намын гишүүдээс туйлширсан ч гэмээр мэдэгдлүүд гардаг нь ийм учиртай.

Харин өнөөдөр бол Ардчилсан нам энэ үеэ давж туулаад либерал консерватив нам болж төлөвшиж чадлаа. Улс төрийн намын хувьдаа нийцүүлж бүтэц, бодлогын шинэчлэлээ хийх хэрэгтэй болох нь. Гэхдээ гол стратеги бол сонгуульдаа бэлтгэх. Намын даргын суудлын маргаан одоо байхгүй. Л.Гантөмөр гэдэг даргатай л сонгуульд орно. Дахиад намын даргын асуудал ярьж, намын гурван даргатай болмооргүй байна. Одоо Ардчилсан нам бусад намууд, иргэний нийгмийнхэн, мэргэжлийн холбоодтой хамтарч эрх баригч намын эсрэг том нэгдсэн фронт үүсгэх ёстой. Монгол ардын нам ч эсрэгээрээ манай саналыг хуваахын тулд ардчилсан гэсэн үг орсон олон жижиг намыг шинээр бүртгэж хуваах стратеги баримтална.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Өнөржаргал: Хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнуудаас үерийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх боломжтой DNN.mn

Хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай ярилцлаа..


Наадмын өмнө тохиосон үерт 30 гаруй аж ахуйн нэгж өртөж их хэмжээний хохирол амссан байна. Энэ аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох эрх зүйн ямар зохицуулалт байдаг вэ?

-Гамшгаас хамгаалах тухай хуульд хэд хэдэн нэр томьёо байдаг л даа. “Аюулт үзэгдэл” гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг” хэлэх бөгөөд хур борооны хувьд үргэлжилсэн хур тунадасны хэмжээгээрээ аюулт үзэгдэл гэж үзэх эсэх нь тодорхойлогдох юм. Мөн “гамшиг” гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг хэлнэ гэж хуульчилсан байдаг

хамгийн гол нь хуульд заасан дээрх хуулийн тодорхойлолтод нийцэх хэмжээний аюулт үзэгдэл, гамшиг болсон уу гэдгийг Ус цаг уурын орчны шинжилгээний газраас нь тодруулах шаардлагатай. Үүний дараа л төрийн байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэх эсэх асуудал яригдах юм. Гамшиг, аюулт үзэгдлийн хэмжээний асуудал үүсээгүй бол энэ нөхцөл байдалд хүргэсэн буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх асуудал иргэд, аж ахуйн нэгжид бий болох юм. Нөхөн олговор гэдэг үгийн утгыг бодох хэрэгтэй. Нөхөн олговор, гэм хорыг арилгуулах гэдэг тусдаа ойлголтууд юм. Энэ тохиолдолд буруутай этгээдээр гэм хор, хохирлыг арилгуулах тухай яригдана.

-Мэргэжлийн инженерүүдийн зүгээс ААН-үүд үерт өртсөн нь замбараагүй хот төлөвлөлт, хууль бус газар олголттой холбоотой гэх байр суурийг илэрхийлж байна. Хууль бусаар газар олгоход гар бие оролцсон албан тушаатнууд хохирол барагдуулах, хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт байдаг уу?

-Энгийн нүдээр харахад л хот төлөвлөлтийн алдаа, замбраагүй газар олгогдсоноос иргэний үндсэн хуульд заасан маш олон эрхүүд шууд болон дам байдлаар зөрчигдсөөр ирсэн. Энэ хохирлыг бид шууд болон дам байдлаар амссаар ирсэн. Ер нь туйлдаа хүрнэ гэдэг шиг л болж байна. Захиргааны хэргийн шүүхэд эрх ашиг нь хөндөгдсөн этгээд л гомдол, нэхэмжлэл гаргадаг болохоор барилгын компаниуд иргэд, аж ахуйн нэгжтэй тохиролцон нэхэмжлэлийг татуулах тохиолдол зэргээс хамаараад хууль бусаар газар олгогдсон ч чимээгүй алга болох тохиолдлууд байдаг. Тухайн үед маргалдагч талууд тохиролцоод өнгөрсөн байх ч хэзээ нэг өдөр байгалийн давагдашгүй хүчин зүйл үүсэхэд бүгд л хохирч болохыг бүгд бодох хэрэгтэй. Хуулиар хориглосон үйлдлийг хийх нь ийм л аюултай гэдгийг иргэд, ААН, албан тушаалтнууд нь энгийн ухамсрын түвшинд ойлгож, ухамсарлах хэрэгтэй байгаа юм. Харин сүүлийн үед стратегийн өмгөөллийн хүрээнд хуульчид болон иргэд хууль бусаар олгогдсон газруудыг эрхийг цуцлуулах талаар захиргааны хэргийн шүүхэд хандах нь ихэсч байгаа ч хэргийг шийдвэрлэх хугацаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас хамаараад захиргааны хууль бус шийдвэртэй бодит байдлаар тэмцэх үйл ажиллагааны үр дүн сул байна. Миний хувьд инженерүүдийн дүгнэлттэй санал нэг байна.

Иргэд хууль эрх зүйн мэдлэггүйгээс газар өмчлөх, эзэмших эрхийн харилцаа үүсээгүй байхад үерийн ам гэх мэт газар олгох боломжгүй газарт буусан бол хариуцлагыг өөрсдөө л хариуцна.

Харин Газрын тухай хууль тогтоомж зөрчиж олгох ёсгүй байршилд газар олгогдсон тохиолдолд тухайн шийдвэрийг гаргасан төрийн албан тушаалтныг хууль бус үйл ажиллагааг эхлээд шүүхээр тогтоолгох шаардлагатай. Шүүхээр хэргийг шийдвэрлэх явцад хохирлыг нэхэмжлэх боломжтой.

Захиргааны ерөнхий хууль, Иргэний хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, алдааны улмаас учирсан хохирлыг төр буюу тухайн байгууллага нь иргэн, аж ахуйн нэгжийн өмнө хариуцна. Харин дараа нь төр буруутай этгээдээс хохирлыг гаргуулахаас заасан байдаг. Хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнууд хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг төлөхөөс гадна хууль бус үйлдлийн хэр хэмжээнээс хамааран хөдөлмөрийн, зөрчлийн, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг.

-Хохирогчдын төлөөлөлд төрөөс нөхөн олговор олгоно гэх байр суурийг илэрхийлж байна. Ийм боломж бий юу?

-Гамшгаас хамгаалах тухай хуульд нөхөн олговор олгох тухай зохицуулалт байхгүй л дээ. Харин Улсын нөөцийн тухай хуульд зааснаар гамшиг, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад улсын нөөцийн бараа, материалыг зарцуулах тохиолдол байдаг. Хамгийн гол нь хэн нэг албан тушаалтан өөрсдийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гамшгийн улмаас учирсан хохирол гэж үзээд улсын нөөцийн бараа, материалыг зарцуулах эрхгүй л дээ. Хэрэв тэгж зарцуулах аваас эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох юм. Тэгэхээр иргэд, аж ахуйн нэгжийн хувьд захиргааны байгууллага болон шүүхэд л яаралтай хандаж төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас хохирлыг учирсан эсэхийг тогтоолгох хэрэгтэй.

Нөгөө алдарт “Акуа” хороололд захиалга өгсөн иргэдийн хувьд гэрээнээс татгалзах байдлаар одоо болон ирээдүйд учрах эсрдэл, хохирлоос урьдчилан сэргийлж болох юм.

-Тийм бол хохирогчдыг хэн төлөөлж нэхэмжлэл гаргах вэ?

Эрх ашиг нь хөндөгдсөн этгээд буюу хохирсон иргэн, аж ахуйн нэгжүүд нь тус тусдаа болон хамтран төрийн захиргааны байгууллага, улмаас шүүхэд нэхэмжлэл гаргана л даа. Харин процессын явцад гомдол нэхэмжлэл гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүд төлөөлөх эрхээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болох юм. Одоо тэгээд хамгийн гол нь захиргааны байгууллагад гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах гэдэг хуульд заасан хугацаа өнгөрсөн үү, үгүй юу гэдэг асуудал харилцан адилгүй л дээ. Тэгэхээр яаралтай л хуульчид хандаад, захиргааны байгууллагад гомдол гаргах боломжтой эсэхээ тодруулах хэрэгтэй.

-Төрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө үерт өртсөн бол засвар үйлчилгээний зардлыг төрөөс гаргадаг уу?

-Мэдээж төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс шуурхай арга хэмжээг авч засвар үйлчилгээний зардлыг гаргаж хийх нь зүйн хэрэг. Гэхдээ дээр дурдсан төрийн албан хаагчийн хариуцлагын тогтолцоо яригдаж л таарна. Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар Төсвийн ерөнхийлөн захирагчид буюу жил бүрийн төсвийн багцдаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, зардлыг тусгадаг.

Мөн Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөж зарцуулна гэж заасан.

Тэгэхээр гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах хэмжээ нь оновчтой байсан уу, төлөвлөгөөний дагуу зохих арга хэмжээг хугацаанд нь зохих ёсоор хийсэн үү, хийгээгүй юу гэдгээс шалтгаалан тухайн зардлыг төрийн албан хаагчаас буцаан нэхэмжилж төрийг хохиролгүй болгох эсэх асуудал яригдах юм.

-Хэд хэдэн тээврийн хэрэгсэл усанд автаж ашиглах боломжгүй болжээ. Үүний хохирлыг барагдуулах боломж бий юу?

-Ер нь иргэд, аж ахуйн нэгжийн хувьд эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндээ аливаа эрсдэлээс хамгаалахын тулд даатгалын компаниудад эрсдэлээ даатгаж болно. Тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалд зам тээврийн осол, байгалийн үзэгдэл, ахуйн осол, гал, мал амьтны нөлөө, жолоо шилжүүлэх, шилний хохирол, бусдын санаандгүй үйлдэл, хулгай, эвдэн сүйтгэх зэрэг эрсдэлүүдийг хамааруулдаг.

Тэгэхээр Тээврийн хэрэгслийн даатгалын иж бүрэн даатгал хийлгэсэн этгээдийн хувьд бол даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар гэрээнд заасны тухайн даатгалын компанидаа хандах хэрэгтэй. Нөгөө талаас тээврийн хэрэгсэл буюу хөдлөх хөрөнгийн хувьд шууд төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас усанд автаж хохирол учирсан гэх байдлаар хандах тохиолдолд ямар нөхцөл байдалд усан автсан бэ гээд гэдгийг нарийвчлан асууж тодруулж байж л хэнээс, хаанаас хохирол нэхэмжлэх боломжтой, боломжгүй нь тодорхой болох юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Болормаа: УИХ-ын үе үеийн гишүүдэд даланг шинэчлэх саналыг олон жил тавьсаар ирсэн. Гэвч тэд худлаа ярьсаар ирсний үр дүнд өнөөдөр үерийн гамшиг нүүрлэлээ DNN.mn

Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаатай ярилцлаа.


-Баяр наадмын өмнөх өдрүүдэд орсон үргэлжилсэн борооны улмаас хамгийн их хохирсон дүүрэг танайх. Энэ үед ямар ажлуудыг яаж зохион байгуулж, хэрхэн ажиллав?

-Долдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн бороо 5-ны өдрөөс нилээд ширүүссэн. Энэхүү борооны улмаас нийслэл Улаанбаатар хот томоохон үер усны гамшгийн хэмжээнд хүрсэн. Ийм хэмжээний гамшиг Монгол Улсад ойрын жилүүдэд тохиолдоогүй. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар 60 жилд үер тохиох давтамжтай байдаг аж. Миний сонссоноор 57 дахь жилдээ буюу 60 жилдээ багтаж үерийн гамшиг давтагдаж байгаа юм. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутгийг хамарсан үерийн далан сэтэрч, хэд хэдэн хороо нэрвэгдсэн. Үүнийг дагаад маш их хохирлыг бид амслаа. Энэ нь ч бидэнд маш том сургамж боллоо. Сүхбаатар дүүрэгт нэгдүгээр хороо буюу S Out­let дэлгүүрийн орчим хотын төвийн гол бүсэд орох нийт 54 барилга, орон сууц буюу иргэдийн амьдарч буй 29 барилга өртсөн. Мөн хойд тал руугаа 13, 14, 15 дугаар хороо энэ гамшигт өртсөн. Үерийн аман дээр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, эзэмших гэрчилгээтэй, гэрчилгээгүй нийт 550 айл байна. Үүнээс 350 нь энэ гамшигт нэрвэгдсэн. Үүнд БХЯ, ХЗДХЯ, тэдгээрийн анги нэгтгэл буюу Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Нийслэлийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газар, дүүргийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын тамгын газар, хэлтэс тасаг, албад, Төрийн болон орон нутгийн өмчит ТҮК-ийн ажилчид, хувийн аж ахуйн нэгж байгууллага гээд бүхий л шатны байгууллагууд гар бие оролцсон. Тэр дундаа төрийн болон орон нутгийн өмчит Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид өдөр шөнөгүй ажилласан. Бид эхний гурван өдөр гэр хорооллын бүсдээ анхаарлаа хандуулж ажилласан л даа. Тэнд 2 км гаруй 4-5 метрийн өргөнтэй далан босгосон. Далан босгохгүй бол үерийн аман дээр буусан айлууд урсах эрсдэлтэй байсан. Голын ус, үер ороод ирэхээр 100 метр гаруй тэлж, тэр хэсгийн намагтаа шингэдэг юм байна. Гэвч тэр хэсэгт нь айлууд буучихсан.

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд, онц байдлын нөхцөлд бид ажилласан. Ингэж шуурхай ажилласны хүчинд хүний амь нас эрсдээгүй. Дээр нь цахилгааны шугамууд унасан. Тоггүй болсон ард иргэдийг түргэн шуурхай тогтой холбох, гамшигт нэрвэгдсэн ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх, хурсан хогийг цэвэрлэх, лаг шаврыг зайлуулах гээд маш олон ажлыг хийсэн. Энэ хугацаанд 350 айл үерт авсан. Үүнээс 150 гаруй айлыг нүүлгэн шилжүүлсэн. Эрсдэлтэй бүсэд буусан нүүхгүй гэсэн айлууд олон байсан. Тэдгээр айл өрхөд байгалийн гамшиг ямар үр дүнд хүргэх вэ, яах ёстой зэрэг бүх зөвлөмж зөвлөгөөг өгөөд, өөрсдийнх гарын үсэг зөвшөөрлийг аваад тэнд нь үлдээсэн.

-150 айлыг хааш нь нүүлгэн шилжүүлсэн юм бэ?

-Ах дүү, хамаатан садан гээд боломжтой газрууд руу нүүлгэсэн. Очих газаргүй айлуудыг Гэр бүл хөгжлийн төвийн түр хамгаалах байранд шилжүүлсэн.

-Бодит байдал дээр ажилласан хүний хувьд манайх иймэрхүү нөхцөл үүсэхэд хэр бэлэн бэ?

-Нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр доод тал нь 80 см, дээшээ 180 см хүртэлх хэмжээний ус тогтсон. Яг энэ үед манайханд техник хэрэгсэл үнэхээр дутмаг юм билээ. Гэхдээ манайхан өмнө нь бэлтгэсэн дүүргийн хэмжээний техник хэрэгсэл болоод бусад салбарынхны тусламж дэмжлэг, техник төхөөрөмж, олны хүчээр давж гарлаа. Яг цагаа тулахаар хэрэгтэй техник хэрэгслийн хувьд маш хангалтгүй юм байна. Ус соруулах техник хоёр ширхэг байсан ч хүчин чадал нь хүрэлцэхгүй. Хэдий Онцгой байдлын газар, цэрэг, цагдаа гээд хүн хүч нөөцөө шавхаад гамшгийн эсрэг арга хэмжээг авсан ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдөж байна. Долдугаар сарын 12-ны өдрийг хүртэл бүх нөөц хүчээрээ ажилласан. Өнөөдрийг хүртэл ганц нэг барилгууд усаа авч чадахгүй байдалтай байсаар. Яагаад гэхээр цэвэр усных нь хоолой руу лаг шавар ороод бөглөчихсөн. Түүнийг цэвэрлэх, ариутгах ажил явагдаж байна. Гэтэл түүнийг нь хийх багаж тоног төхөөрөмж нь хомс, байх, байхгүй гээд маш олон асуудал гамшгийн үед гарч ирлээ. Олны хүчээр гамшгийн ард гарч болдог юм байна. Үүнийг бодитоор үзлээ. Гамшиг тохиолдсон бүс нутагт давхардсан тоогоор 1200 цэрэг, дүүргийн тамгын газар, хэлтэс албад, онцгой байдал, хот тохижилтын хоёр компанийн нийт 350 гаруй ажилчид гар бие оролцсон. Өмнө бид онцгой байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах туршлагыг цар тахлын үед мэдэж авсан л даа. Цар тахлын үед бид гурван блокын системд орж ажилласан. Энэ нь гурван блок болгож хуваагаад, нэг удирдлага томилдог. Удирдлагууд нөхцөл байдалдаа үнэлгээ хийгээд, чиг үүрэг өгнө. Энэ системээр ажиллаж, гэр хорооллын айл өрхүүдээ хамгаалах даланг босгоод, урагш нэгдүгээр хороо руу очсон. Гэтэл тэнд ажил зуун задгай угтсан. Дахин нөгөөх гурван блокын системдээ оруулан ажлаа түргэвчилсэн дээ.

-Гамшиг осол, байгалийн үзэгдлийн үед бүх л зүйл дээр онцгой, цэрэг, цагдаагийн байгууллагынхаа алба хаагчдыг л дайчлаад байдаг. Иргэд өөрсдөө сайн дураараа хэр оролцов?

-Маш хангалтгүй гэж хэлж болно. Иргэд эрхээ л яриад байдаг. Үүрэг, хариуцлага гэж зүйлээ мэддэггүй юм байна. Дээрээс бичлэг хийгээд сошиалд хэрүүл болгоод сууж байхын оронд, өөрийнх нь хороо, өөрийнх нь хот нь, өөрийнх нь дүүрэг усанд автчихаад байхад ганц хүрз барьж гарч ирээд туслахдаа маш хойрго хандсан. Сошиалаар л дүүрэг, хороо, хот юм хийсэнгүй гээд шүүмжлээд байсан болохоос гарч ирээд сайн дураараа тусласан хүн маш цөөхөн.

-Орон сууцууд үерийн усанд их автсан. Үүнд СӨХ-д ямар үүрэгтэй оролцов?

-СӨХ гэж газар маш муу ажилладаг юм байна. Иргэд өөрсдөө ч шүүмжилдэг. Мөнгө л татаад байхаас юм хийдэггүй СӨХ олон байна. Орон сууцны контор гэж газар байдаг юм байна. Тэд ямар үүрэгтэй юм. Ямар хууль эрх зүйгээр зохицуулагдаж явдаг вэ. Техник тоног төхөөрөмж тэнд байдаггүй юм байна. Бэлтгэл бэлэн байдал гэж юу ч байхгүй. Мөн СӨХ-ны дээд зөвлөл гэж газар байдаг юм байна. Би сая л мэдлээ. Тэнд иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд байдаг. Иргэдэд шагнал гардуулдаг л гэж сонслоо. Гэтэл зөвхөн манай нэгдүгээр хороонд маш их орон сууц усанд автсан. Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо тэр чигтээ автсан шүү дээ. Тэрхүү СӨХ-ны дээд зөвлөл гэдэг газраас нэг ч хүн ирж үерийн голомтод ажиллаагүй. Тэгэхээр энэ газар зүгээр л шагнал гардуулж, улстөрийн зорилгоор ажилладаг газар юм байна гэдгийг л харлаа.

-Танай дүүргээс сонгогдсон гурван гишүүн ирсэн үү?

-Ирээгүй. Бид биднийг төлөөлж буй УИХ-ын үе үеийн гишүүдэд, Улсын их хуралд олон жил санал тавьсаар ирсэн. Даланг шинэчлэхэд хөрөнгө оруулалт хийгээч гэж сүүлийн 15 жил сануулсан. Үүний тооцооллыг хийж үзэхэд ойролцоогоор 13 тэрбум төгрөг гарсан. Даланг шинэчилнэ гэж маш олон жил бидэнд худлаа ярьсан. Гэвч ажил болгож хийсэнгүй. Хүссэн хүсээгүй нөгөө гамшиг нь өнөөдөр тохиолдлоо. Иргэдийн дуу хоолой болно гэсэн гишүүд нь хаана байна. Иргэдийн төлөөлөгчид нь хааччихав. Дүүргийн төлөөллийн хувьд бид чадах бүхнээрээ газар дээр нь ажиллалаа. Гэтэл дүүрэг гэхээрээ бүх юмны муу муухайгаар л дуудагддаг. Би найман жил дүүргийн Засаг даргаар ажиллалаа. Өмнөх дөрвөн жил нь орлогч хийсэн. Түүний өмнө Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүнээр ажилласан. Дүүргийн бүх л зовлонг нүдээр үзэж, биеэр ажиллалаа. Цар тахлын үеийг даван тууллаа. Өмнө нь гарч байгаагүй олон гамшиг сүүлийн жилүүдэд дараалан тохиож, анхааруулга өгч байна. Гамшгийн үед газар дээр нь ажиллахад алдаатай оноотой олон зүйл л гарна.

-Та 60 жилийн давтамжтай үер усны гамшиг болдог гэсэн. Одоо 57 дахь жил гээд байгаа. Энэ нөхцөл байдал дахин үүсч магадгүй учраас бид үүнд яаж бэлтгэх хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, буруу хот төлөвлөлтийг цэгцлэх ёстой. Хоёр том зүйлийг л би олж харлаа. Байгалийн голдиролоороо 37 км орчим урсаж байгаа Сэлбэ голын урсгалыг хаагаад, барилга барьчихсан. Айл буучихсан. Нөгөө ус урсаж байх ёстой гуу жалгыг нь шороо асгаж тэгшлээд л амыг нь хаачихсан. Тод жишээ нь, S Outlet гэж барилга. Хүнээр яривал, судсаар цус гүйж байх ёстой байтал түүнийг бөглөчихвөл яах вэ. Цус харваад, нэг бол тахир дутуу, нөгөө бол амь нас хохирно биз дээ. Түүнтэй адил байгаль дэлхийн цаанаасаа заяагдсан голдиролыг хаагаад, барилга барьчихаар байгаль дэлхий өөрөө харваж байгаа үзэгдэл болж байна. Үүнийг үе үеийн хотын удирдлагууд ямар ч төлөвлөлтгүй газар олголт хийсний л үр дүн гэж ойлгож болно. Хоёрдугаарт, байгалийн жамаараа тогтчихсон энэ голын гольдролыг алдагдуулахгүй даланг хүчитгэх, дахин төлөвлөлт хийх хэрэгтэй. Сэлбэ голын даланг 1970 онд барьсан. Тэгэхээр 53 жилийн насжилттай. Ийм удаан хугацаанд ганц ч засварлаагүй далангийн цемент нь бутраад уначихсан. Хүнээр яривал, шүд хорхой иддэг шиг бутраад уначихсан. Тэгж бутарчихсан юм чинь байгалийн ус нь дороос нь шүүрээд ороод ирнэ. Тэгээд идэгдээд байгаа далан тэр хэсгээрээ зад тавилаа шүү дээ. Хүссэн хүсээгүй байгаль өөрөө шүүгээд өглөө л гэж харагдаж байна.

-150 айлыг нүүлгэн шилжүүлсэн гэсэн. Гэтэл хэлээд анхааруулаад, хашаа хороог нь буулгаад, хөөгөөд байхад л буцаж очоод буучихдаг. Энэ байдлыг яах вэ?

-Би нийслэлийн үе үеийн удирдлагуудыг гайхаж байна. Дүүрэг газар өмчилдөггүй. Үерийн аман дээр буусан айлуудын судалгаа надад байна л даа. Жишээ нь, үерийн аман дээр буусан 158 айлд өмчлөх гэрчилгээ олгочихсон байгаа нь харамсалтай. Энэхүү өмчлөх гэрчилгээг хүчингүй болгох саналыг Нийслэлийн Засаг даргад уламжилна гэж бодож байна. Тэнд дор хаяж 10-15 жил амьдарсан айлууд бий. Эзэмших гэрчилгээтэй 312 айл, зөвшөөрөлгүй буучихсан 80 айл байна. Үүнийг цааш шүүрдвэл илүү л нэмэгдэнэ. Иргэд өөрсдийнхөө үүргийг биелүүлэх ёстой. Цаашид юу болохыг бид мэдэхгүй. Өмнөд Солонгос улс үерт автчихлаа. Ямар өндөр хөгжилтэй, амьжиргааны түвшин дээгүүр улсад ордог билээ. Өнөөдөр мэдээлэл үзэхэд 49 хүн нас барчихсан байх жишээний. Энэ зовлон бидэнд нэг л өдөр ирнэ. Газар хөдлөлтийн гамшиг болоход ойрхон байна. Газар хөдлөлтийн давтамжууд сүүлийн жилүүдэд маш их нэмэгдэж байна. Муу ёрлож байгаа юм биш. Энэ бол дохио.

-Тэгэхээр цаашид яаж ажиллах вэ?

-Миний дараагийн авах арга хэмжээ эдгээр айлуудыг зайлшгүй нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авна. Нийслэлийн төлөөлөгчийн хувьд, дүүргийн Засаг даргын хувьд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад энэ асуудлыг тавина. Нэгдсэн журмаар үерийн аман дээр буусан айлуудыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлнэ. Дагуул хотыг бий болгох, дэд бүтцийг нь шийдэж өгч, энэ айлуудыг нүүлгэх арга хэмжээг зайлшгүй авах ёстой. Үүнийг дүүрэг ганцаараа хийж чадахгүй. Улсын хэмжээнд, нийслэлийн хэмжээнд бодлогоор хийх ёстой. Тогтой устай, дэд бүтцийг нь шийдээд өгчихвөл айлууд нүүнэ шүү дээ. Тодорхой хэмжээгээр улсаас, нийлэлээс урамшуулал өгөх, дэмжлэг үзүүлж 550 айлыг эхний ээлжинд нүүлгэх ёстой. Хууль журмын дагуу зөвшөөрөлгүй барилга байгууламжийг буулгах тухай саналыг Нийслэлийн Засаг даргад тавина. Гамшиг тохиолдсон үед техник тоног төхөөрөмж маш их шаардлагатай юм билээ. Энэ бүгдийг дараа дараагийн төсөв санхүүдээ суулгах, гамшгийн эрсдэлийн үед ямар тоног төхөөрөмж хэрэгтэй байдаг юм тэр бүгдийг 2024 оны төсөвт суулгах гээд маш олон шаардлагууд гарч байна л даа.

-Хохирлын хэмжээг тогтоосон уу. Хохирлыг хаанаас яаж барагдуулах вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар дүүргүүдэд ажлын хэсэг байгуулах буюу дэд ажлын хэсэг байгуулаад, 2023 оны А/320 дугаар захирамжийг гаргаад явж байна. Хохирлын хэмжээг тогтооход манайд урьд өмнө нь гарч байгаагүй кейс л дээ. Автомашины хувьд иргэд боломжийн хэмжээнд даатгуулдаг юм байна. Даатгалтай хүмүүс Даатгалынхаа хуулиар гэрээ хийсэн компаниасаа хууль эрх зүйн хувьд хохирлоо нөхөн төлүүлж болно. Аж ахуйн нэгж, хувь иргэн эрсдэлийг тодорхойлдог, үнэлгээ хийдэг компаниуд байдаг байх гэж би бодож байна. Дүүрэг үүнд ямар үүрэгтэй оролцож байгаа вэ гэхээр нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслээд дэд ажлын хэсэг гарчихсан. Энэ ажлын хэсэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хохирлын талаарх холбогдох бичиг баримтыг авна. Эхлээд иргэд хохирлоо үнэлүүлээд, тодорхойлуулаад бичиг баримтаа хорооны Засаг даргын ажлын хэсэгт аваачиж өгнө. Хороо тухайн хэсгийнхээ аж ахуйн нэгжийг мэднэ. Иргэдээ мэддэг. Ингээд хорооноос ирсэн бичиг баримтуудыг дүүрэгт нэгтгээд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар буюу нийслэлийн Онцгой байдлын газарт материалуудыг долдугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг гэхэд хүргүүлсэн байх шийдвэр гарсан. Хэрэв иргэд гэнэтийн ослын даатгал хийлгэсэн бол тухайн даатгалын компаниасаа хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой.

-Гэр хорооллын бүс үерт авсан. Тэгэхээр нүхэн жорлонгууд урсаж, маш их бохирдол үүсч байгаа. Ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж байгаа юу?

-13, 14, 15 дугаар хороо тэр чигээрээ гэр хорооллын бүс нутаг. Маш их бохирдол үүссэн. Сэлбэ голын дагуу маш их хог хуралдсан. Тэнд гарч ирээгүй хог гэж байхгүй. Үнэхээр гутармаар муухай. Иргэд яагаад хүүхдийнхээ хэрэглэсэн живхийг голын усанд урсгадаг юм бэ. Эмэгтэйчүүдийн хэрэглэл, архины шил, пивоны лааз хүнээс гарч болох бүх хаягдал тэнд байна. Яагаад хүн гэдэг амьтан ийм муухай байдаг юм бэ. Байгаль үүнд гомдоод өөрийн эрхгүй хүнээр бол уйлж байна шүү дээ. Битгий ил задгай хогоо хаяач. Амарч зугаалсан юм бол хогоо хамж авч яваад тусгай хогийн цэгт аваачаад хаячих л даа. Нүхэн жорлонгууд бүгд урссан. Бид давтамжтайгаар 122.548 м.кв талбайд нийт 13 хороог хамарсан нүхэн жорлон буюу бохирын цооногт ариутгал халдваргүйтгэлийг хийж байгаа. Хийсэн нь энэ. Цаашид хийсээр л явна. Тэгэхгүй бол нөгөө гэдэсний халдварт өвчин, савханцар, туулга гээд маш олон халдварт өвчин гарах эрсдэл нэмэгдэнэ. Иргэддээ хамгийн гол сануулж хэлэх зүйл хогоо ил задгай битгий хаяач, байгалийг байгаагаар нь цэвэрхэн байлгаач л гэж хүсмээр байна. Мөн энэ дашрамд БХЯ, ХЗДХЯ, тэдгээрийн анги нэгтгэл буюу Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Нийслэлийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газар, дүүргийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын тамгын газар, хэлтэс тасаг, албадууд, Төрийн болон орон нутгийн өмчит ТҮК-ийн ажилчид, хувийн аж ахуйн нэгж байгууллага гээд бүхий л шатны байгууллагууд тэр дундаа төрийн болон орон нутгийн өмчит Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдадаа тусгайлан баярласнаа илэрхийлмээр байна.

Categories
онцлох-нийтлэл улс-төр

Э.Бат-Үүл: Тэр оросын прокурорт Монгол ямар хамаатай юм. Бид тусгаар улс шүү дээ DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.


-ОХУ-ын талаас Монголын гуравдагч хөршийн нөлөөллийг багасгах тухай тус улсын прокурор Бээжинд очиж, Хятадын талд санал тавьсан тухай мэдээлэл тархсан. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Оросын өөрсдийнх нь мэдээллийн хэрэгслээр гарсан байгаа. Оросын ерөнхий прокурор Краснов гэж хүн Бээжинд айлчлахдаа Хятадын талын хүнтэй Монголд өсч буй барууны нөлөөллийг дарах тухай санал тавьсан гэх. Тэрхүү мэдээлэл манайд ч гарсан. Тухайн ярьсан зүйл нь маш ноцтой. Гэнэтхэн Монголыг өөрийн дотоод хөрш буюу бидний дотоод муж гэж байгаа юм. Дотоод хөрш гэсэн нэр томьёо олон улсад байхгүй. Шинэ нэр томьёо гаргаж ирээд, манайхыг Америк тэргүүтэй барууны хөршүүдтэй харьцаж буй харилцааг таслан зогсоох нь зүйтэй гэсэн санаа бүхий зүйл ярьсан. Бид Үндсэн хуультай улс. Үндсэн хуульдаа Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэж бий. Дотоод, гадаад бодлогоо ард түмний эрх ашигт нийцүүлэн бид өөрсдөө шийднэ. Бид ийм Үндсэн хуультай. Тусгаар тогтносон бүрэн эрхт улс. Манай бүрэн эрх гадаад, дотоод асуудлаа өөрсдөө мэднэ, шийднэ. Энэ нь манай бүрэн эрх. Тусгаар улсын бүрэн эрх ийм л байдаг. Энэ бүрэн эрхийг маань шууд үгүйсгэсэн. Монгол Улс хэнтэй харилцах вэ гэдэг асуудлыг Орос, Хятад шийдэх ёстой гэсэн утгатай. Манай Үндсэн хуулийг уландаа гишгэж, Монгол Улсыг “улны улс” гэж үзэж байна. Хятад, Орос хоёр яриад л шийддэг улс гэж үзэж байгаа нь харагдлаа. Монгол Улсыг бид хоёр л мэднэ гэсэн ойлголтоор яриад байна. Дэлхийн улс орнууд бүгд бие биенээсээ хараат. Дэлхий нийтээрээ эдийн засгийн хувьд хараат уялдаатай. Америк Хятадаас хараат, Хятадаас Америк хараат. Оросоос ч олон орон хараат байсан нь сая харагдлаа шүү дээ. Түүхий эд, байгалийн хий, нефть авдаг. Европоос Хятад хараат. Хятадаас европ хараат. Ганц монгол биш. Бүгд ийм. Энэ хараат байдлыг ашиглаж, бие биенийхээ тусгаар тогтносон байдлыг үгүйсгэдэг явдал оросоос л гарч байна. Түүнээс дэлхийд ийм ёс байхгүй. Эдийн засгийн хараат байдлаар нь барьцаалж, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг нь устгахаар дарамталж болохгүй. Олон улсын хэм хэмжээгээр энэ хориотой. НҮБ-ын дүрэм журмаар ч энэ нь хориотой. Өмнөд Солонгос өөрсдөө бензингүй улс. Дэлхийгээс л авдаг. Бие биенээсээ хараат бус эдийн засаг гэж дэлхийд байхгүй болчихсон. Гэхдээ үүгээр нь далимдуулж “Та нар манайхаас хараат юм чинь бүрэн эрхт байдлыг чинь бид мэднэ” гэдэг зүйлийг олон улсын хэм хэмжээгээр хориглосон.

Монгол Улс НҮБ-ын гишүүн орон. Цөмийн зэвсэггүй бүс болох санаачлага гаргаад, Нэгдсэн үндэсний аюулгүй байдлын зөвлөл тогтоол гаргачихсан. Тэрхүү тогтоолыг гаргахад орос, хятад өөрсдөө оролцсон. Тиймээс бид үүгээрээ НҮБ-ын баталгаан дор байна гэсэн үг. Тэр тусмаа одоо цөмийн зэвсгийн дайн болох тухай дэлхий даяар ярьж байхад монголчууд ямар алсын хараатай бодлого явуулж байсан нь харагдаж байна. 30-аад жилийн өмнөөс бид энэ асуудлыг хөндөөд санал санаачлага гаргаж, НҮБ-аас тогтоол гаргасан. Монголын эргэн тойрон байгаа бүс нутаг цөмийн зэвсэггүй бүс нутаг гэж. Энэ бол маш том алсын хараатай бодлого.

-Бид хөршийн харилцаагаа хэрхэн авч явах ёстой вэ?

-Бид оростой ч, хятадтай ч сайн харилцаатай байя л гэдэг. Манай гадаад бодлогын үзэл баримтлал дээр тодорхой байгаа. Хоёр хөрштэйгөө тэргүүлэгч харилцаатай байна гээд. Гэхдээ олон тулгуурт гадаад бодлоготой, гуравдагч хөрштэйгөө харилцана гээд заачихсан. Энэ үзэл баримтлалаа хэрэгжүүлдэг. Гэтэл зүгээр нэг прокурор Бээжинд очоод л манай гадаад бодлогыг яриад сууж байдаг. Тэр оросын прокурорт Монгол ямар хамаатай юм. Бид тусгаар улс шүү дээ. Оросынхоо дотоод асуудлыг л ярих ёстой.

-Энэ талаар албаныхан, төр засаг, Засгийн газраас ямар нэгэн байр суурь илэрхийлж, мэдэгдэл гаргах ёстой юу?

-Миний санаа зовж байгаа асуудал ийм илтэд Үндсэн хуульт ёс, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг үгүйсгэн ярьж байгааг дуугүй өнгөрөөж болохгүй. Хэрэв дуугүй өнгөрөөвөл бид өөр өөрсдийнхөө тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа үнэлэхгүй байна гэсэн үг болно. Манай тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг нулимж, колони “улны улс” болгоод ярьж байхад төр нь дуугүй байвал биднийг тусгаар тогтносон бүрэн эрхт улс биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Дэлхий дээр ямар ч жижигхэн улс хэзээ ч ингүүлэхгүй. Яагаад гэвэл өөрсдийг нь үл хүлээн зөвшөөрөхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тиймээс Монголын төр засаг мэдэгдэл хийх ёстой. Нэн ялангуяа ийм зүйл ярьж байгаа оросын төрийн өндөр албан тушаалтан, хятадын төрийн өндөр албан тушаалтныг Монголд зорчих эрхийг хориглох ёстой. Яагаад гэвэл монголын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийн улсын дотоод муж гэж үзэж байгаа улсуудыг бид өөрийн улсдаа нэвтрүүлэхгүй байх эрхтэй. Энэ бол олон улсад авдаг л арга хэмжээ. Ямар ч улс өөрийг нь үгүйсгэсэн улс орны, ямар ч албан тушаалтны эсрэг хориг арга хэмжээ авах эрхтэй. Хэрэв ийм арга хэмжээ авахгүй бол шившгээ дэлгэнэ. Бид бүрэн эрхт улс гэсэн байр сууриа хатуу илэрхийлэх ёстой. Мэдэгдэл гаргаж, олон улсын хэм хэмжээнд нийцсэн арга хэмжээг авах нь зүйтэй.

-Хэрэв манайхаас мэдэгдэл гаргахгүй бол ямар сөрөг талтай вэ?

-Энэ асуудал явсаар байгаад манай иргэдэд тусах аюултай. Өөрөөр хэлбэл, манай улсын иргэд хэдэн зуун мянгаараа барууны оронд амьдарч байна. Өмнөд Солонгос, Япон, АНУ, Герман гээд маш олон улсад ажиллаж амьдарч байгаа. Ард түмний гадаад харилцаа тогтчихсон. Тэр бүгдийг хориглоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, монголчуудын барууны улс оронд зорчих эрхийг яваандаа хориглоно. Яагаад гэвэл тэгж байж бид гадны нөлөөллөөс сална. Энэ явдал манай түүхэнд болж байсан. 1930-аад онд Франц, Германд сурч байсан оюутнуудыг бүгдийг нь татаж авчираад, хэлмэгдүүлж ихэнх нь амиа алдсан. Барууны оронд сурсных нь төлөө хэлмэгдүүлсэн. Тэр хүмүүсээс цөөхөн хэд нь л үлдсэн. Одоо энэ бодлого эхэлнэ гэсэн үг. Тэр бүү хэл монголчуудын дэлхийд чөлөөтэй зорчих эрхийг хориглосон улс чинь Зөвлөлт Орос улс шүү дээ. Франц, Германд сурч байсан оюутнуудыг татаж авчираад, хэлмэгдүүлж хороогоод, түүнээс хойш барууны оронд зорчих эрхийг хориглосон. 70 гаруй жил энэ бодлогоо явуулсан. 1990 он хүртэл. Баабар хүртэл 1980-аад онд Австри улс руу зорчсоныхоо төлөө шоронд хоригдож байсан. Тэр явдал дахин давтагдах нь байна шүү дээ. Монголчуудын чөлөөтэй зорчих эрхийг хаах гэж байна.

-Дараагийн асуудал Үндэсний баяр наадам саяхан болж өнгөрлөө. Түүхэн ой дундаас Ардчилсан хувьсгалын ойг хассан хэмээн Ардчилсан намынхны зүгээс эсэргүүцэж байгаа харагдсан. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

-Уг нь Ардын хувьсгалын наадам биш Үндэсний наадам болж хувирсан. Бид Хүннүгийн үед төр улс байгуулсан. Чингисийн үед төр улс байгуулсан. Үндэсний эрх чөлөөний 1911 оны ой, 1921 оны Ардын хувьсгалын ой, 1990 оны Ардчилсан хувьсгалын ой гээд түүхэн ойгоо дурдсаар ирсэн. Наадам үндэснийх болж түүхийн тунхаг бичиг болсон. Бид ийм түүхтэй гэдгээ тунхаглан зарладаг. Тэр түүхэн хувьсгалаас Ардчилсан хувьсгалыг хасаад хаячихлаа. Би нэг зүйлийг хардаад байна. Сүүлийн үед Монгол руу чиглэсэн ажиллагаа идэвхижих боллоо. Ялангуяа Г.Занданшатар хойшоо айлчилж ирээд, УИХ-ыг төрийн Дум оросын парламентын харьяанд оруулчих шахам юм хийлээ. Тэр хүн юу ярьж, юу хийж ирэв. Түүнээс хойш Монголын ардчилсан төрийн үйл ажиллагааг үгүйсгэх ажиллагаа идэвхижээд байна. Ийм л зүйл боллоо.

-Нэгэнт тантай ярилцаж байгаа болохоор асуухгүй байж болохгүй байх. Та намынхаа хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай намын дарга шүүхээр хууль ёсоор бүртгүүлчихсэн. Одоо Ардчилсан нам 2024 оны сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ хангах ёстой. Ардын намд ард түмэн таагүй болсон нь ажиглагдаж байгаа. Ардчилсан нам дотоод хагарлын асуудлаа шийдсэнээр 2024 онд ард түмэнд сонголт хийх боломж гарч ирж байна. 2024 оны сонгуульд манай нам амжилт үзүүлэх байх гэж бодож байна.

-Та ирэх жил нэр дэвших үү?

-Би Улсын их хуралд нэр дэвшихгүй.

Categories
story-news

Жюү жицүгийн ДАШТ-д Монгол Улс медалийн тоогоороо тэргүүлж байна

Жюү жицүгийн ДАШТ-д Монгол Улс медалийн тоогоороо тэргүүлж байна

Categories
story-news

НӨАТ: Нэг супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн боллоо

НӨАТ: Нэг супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн боллоо

Categories
story-news

Э.Бат-Үүл: Тэр оросын прокурорт Монгол ямар хамаатай юм. Бид тусгаар улс шүү дээ

Э.Бат-Үүл: Тэр оросын прокурорт Монгол ямар хамаатай юм. Бид тусгаар улс шүү дээ

Categories
story-news

Б.Лагшми: Гадаадын хөрөнгө оруулагчид бодлого тогтворгүй байгааг байнга шүүмжилдэг

Б.Лагшми: Гадаадын хөрөнгө оруулагчид бодлого тогтворгүй байгааг байнга шүүмжилдэг

Categories
мэдээ нийгэм

Хөхөө энгийн аргаар шалгаж байгаарай DNN.mn

Хөхний хорт хавдар нь дэлхий дахинаа нийт эмэгтэйчүүдийн хорт хавдрын шалтгаантай нас баралтын 2-р байрыг эзэлж байна.

Үүнийг эрт илрүүлэн эмчилж, эдгэрэх боломжтой.

Эрт үед нь илрүүлэх энгийн 3 арга:

-Хөхөө өөрөө шалгаж хэвших

-Жилд дор хаяж 1 удаа мэргэжлийн эмчид хөхөө үзүүлж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамрагдах

-Сэжигтэй тохиолдолд хөхний зураг авхуулах

Categories
нийгэм цаг-үе

Монгол Улсад өчигдөр 2950 жуулчин иржээ DNN.mn

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарлаж, гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ эрчимжүүлэн, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавиад байгаа юм. Салбарын яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байгаа билээ.

Монгол Улсад 2023 оны долдугаар сарын 18-ны өдөр 2950 жуулчин иржээ.