Categories
онцлох-нийтлэл улс-төр

Л.Оюун-эрдэнэ: Ард түмний хилэн нэг асвал цусаар уйлаад ч нэмэргүй шүү DNN.mn

Чуулган завсарлаад л Монголын улс төр амардаг байв. Одоо больжээ. Наанаа намдуу мэт боловч, хөшигний ард улс төрийн үйл явдлууд өрнөж, улстөрчид шаагилдан язганалдаж байна. Ордны тамхины цэгийн мэдээ гэдэг шиг улс төрийн хүрээнийхний уйдаахааргүй бор шар мэдээллүүд олон л дуулдана. Ингэж буй нь ирэх жил ээлжит сонгууль болно, түүнтэй холбоотой ажээ. Эв нь таарвал жагсаалтад орчих, эвгүйтсэн ч тойрог аваад нэр дэвшчих хүсэлтэй хүн Монголоор дүүрчээ. Тэд нам намын хаалга сэвэлзүүлэн гүйлдэж байна. Басхүү том намуудад, тус тусдаа данслагддаг ч өөр бусдаараа ойртон шадарласан бүлэг бүлэг нөхдүүд аймаг дамжин агаар салхинд болзоцгоож байгаа сонсогдоно. Үүнийг аятайхнаар хэлбэл, улстөрчдийн уулзалт гэнэ. Аягүйхнээр бол “хор найруулах” гэдэг. Хотод ч, хөдөөд ч ингэж уулзалдаад эхэлжээ. Мөн засаг, шүүх хоёрын эвдрэлцэл ч үргэлжилж буй бололтой. Наадам дамнан дахиж буй үер, наадмын өмнөх өдөр Т.Бадамжунай суллагдсан зэрэг засаг дээр шүүхийн тухай яриа дахин өрнөх сэжүүр болсон гэж байна. Өнөөх л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нөгөөх л шүүхээ чичлээд авчээ. Улстөрчдийн ам, улс төрийн нам дамжин яригдаж буйгаар Л.Оюун-Эрдэнэ “Авлигал” хорооллын асуудлаар гаргасан шүүхийн шийдвэрийг шүүмжилсэн байгаа юм. Нийслэлийн Засаг даргыг “Давж заалд” гэжээ. Тэгээд тэр талаар “Газрын наймаа, эмх замбараагүй төлөвлөлтийн асуудлыг бүгдийг нь шүүхэд шилжүүлнэ. Үүн дээр яахыг нь нүд цавчилгүй харцгаая. Хэрвээ “Авлигал” хороооллын асуудалд ханддаг шигээ байх юм бол шүүх хот төлөвлөлтийг хариуцаж хийх хэрэгтэй” гэжээ. Бас Т.Бадамжунайг сулласан асуудлаар “Шүүх ингэж энгийн иргэдэд арслан бар шиг, эрхтэн, мөнгөтөнд гөлөг шиг ханддаг. Ер нь шүүх өөртөө дүгнэлт хийхгүй бол улайм цайм ялгаатай хандаж байгаад институцийн хувьд гүнзгий хямралд орох вий. Ард түмний хилэн нэг асвал цусаар уйлаад ч нэмэргүй шүү. Шүүхээс бүх хууль бус орлогыг нь нэхэмжлэх өдөр ирнэ. Билүүтийн голын захад уулзах өдөр ирнэ гэдэг дээ” гэсэн байна.

Л.Оюун-Эрдэнийн шүүх хаяглаж дайраад байгаа “Авлигал” хороолол, ер нь үерийн суваг хааж газар олгосон, барилга байгууламж барьсан асуудлаар УЕПГ-аас тодорхой арга хэмжээ авч эхэлсэн. Тэр талаараа мэдээлсэн. Тэгэхээр удахгүй шүүх тэдгээртэй холбоотой хэргүүдийг хүлээж авна гэсэн үг. Наадмын өмнөх болон ердөө өчигдөр уржигдархан дахин үер буулаа. Ерөөсөө бороо ахиухан орох болгонд ингэдэг болчихлоо. Түүнчлэн МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан Т.Бадамжунайг өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппинээс сүр дуулиантай барьж авчирсан. Тэгээд хорьсон. НПГ-аас түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Харин шүүх гурван сар хориод наадмын өмнөх 10-ны өдөр суллажээ. Ингэхдээ хилийн хориг тавьсан гэх албан бус мэдээллүүд байна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ уурсаад байна гэхээр Т.Бадамжунайгийн талаарх мэдээлэл үнэн бололтой.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Ц.Жамбалсүрэн: Төв аймаг Монгол Улсын түшиц бүс нутаг, хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч аймаг болно DNN.mn

Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнтэй ярилцлаа.


-Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн тэгш ой тохиож байна. Тиймээс аймгийн үүх түүхээс ярилцлагаа эхэлье?

-Анх 1923 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын 38 дугаар тогтоолоор аймгуудын нэрийг газар орны нэрээр нэрлэхээр шийдвэрлэж, Түшээтхан аймгийг Богдхан уулын аймаг гэж нэрлэсэн түүхтэй. Богдхан уулын аймаг нь Онгийн голоор савлан зүүн талаараа Хэнтий нуруу хүрч, хойд талаараа ОХУ, өмнөд талаараа Хятад улсын хил хүрч Монгол Улсын газар нутгийн дөрөвний нэг орчмыг хамарсан өргөн уудам нутагтай байсан

Засаг захиргааны анхны нэгжээ Лүн сумын нутагт Өвөр долоод гэдэг газарт төвлөсөн түүхтэй. Улмаар аймгийн төвийг Улаанбаатар хот руу нүүлгэж 1942 он хүртэл Нийслэл хотод байрлаж байгаад, БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн, Богдхан уулын өвөр Манзушир хутагтын зуны өргөө байсан Зуунмодны сэрүүн дэнжид төвлөрүүлсэн юм. Ийнхүү Төв сайхан нутгийн маань түүхт 100 жилийн ой өнөө жил тохиож байна.

-Төв аймаг бол алдартан суутнуудын өлгий нутаг билээ. Танай нутгаас төрөн гарсан алдартнуудаас дурдвал…

-Түүхэн 100 жилийн хугацаанд Төв аймагчуудын дундаас Улсын баатар гурав, Хөдөлмөрийн бааар 65, Ардын жүжигчин 20, Ардын уран зохиолч тав тэргүүтэй 32 ардын цолтон, Гавьяат цолтон 317, Улсын аварга тариаланч, тариаланч хамт олон нийлээд 283, Улсын аварга малчин 209 төрөн гарсан байна.

Мөн Төв аймагчуудаас Чингис хаан одонгоор хоёр, төрийн шагналаар 31 эрхэм шагнагдаж, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 26 медаль хүртсэн байна.

Мөн Төв аймагчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, ардын хувьсгалын ялалтыг байгуулахад манлайлан оролцож, дайны жилүүдийн болон энх цагийн батлан хамгаалах үйл хэрэгт олон зуун эрэлхэг хөвгүүд охидоо илгээж байсныг үргэлж санаж явах учиртай.

Түшээт хан Гомбодорж, түүний алдарт хөвгүүд, хошуу захиран суусан вангууд монгол төрийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж, үндэсний өв соёлыг сэргээн хөгжүүлэх, хадгалан хамгаалах, арвижуулан баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг түүх гэрчилнэ.

Монгол төрийн нэрт зүтгэлтэн II богд Лувсандамбийдонмэ, автономит Монгол Улсын Ерөнхий Сайд Гончигжалцангийн Бадамдорж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хангах, хувьсгалын үйл хэргийг эхлүүлж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэн, түүний дараа нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд манлайлан оролцсон Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий сайд, Манзушир хутагт Самбадондовын Цэрэндорж, монгол төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Шадар сайд, Дотоод хэргийг бүгд захирагч яамны тэргүүн сайд, Да лам Гомбын Цэрэнчимэд, Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд Догсомын Бодоо, Дамбын Чагдаржав, Ерөнхий Сайдын орлогч Цэрэндоржийн Ширнэндамдин, Гадаад яамны тэргүүн сайд Да лам Дашжав, Дотоод яамны тэргүүн сайд Тогоочийн Пунцагдорж нарын байгуулсан гавьяаг бид үеийн үед дурсан санах учиртай.

-Төв аймаг 2022 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ “Монгол Улсын шилдэг аймаг”-аар шалгарсан байна.

-Төв аймагчууд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн бодлого шийдвэрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээ тогтмол өсгөж, хариуцлага, сахилга баттай ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж, нийт 10 удаа Улсын тэргүүний аймгаар шалгарлаа.

Төв аймагчуудын үндэсний хэмжээний эдийн засагт оруулсан үнэтэй хувь нэмэр, нийгэм хүмүүнлэгийн салбарт гаргасан амжилтыг Монгол Улсын төрөөс өндрөөр үнэлж, 1987 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 2013 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнасан.

-Аймгийн гудамжаар алхаж байхад ойг угтсан олон бүтээлч ажил хийж байгаа харагдсан. Манай уншигчдад онцлох ажлуудынхаа талаар танилцуулахгүй юу?

-Тийм ээ. Бид түүхт ойгоо угтан энэ сайхан нутгаар овоглодог хүн бүр зүрх сэтгэлээ гарган, томоохон хөрөнгө оруулт, бүтээн байгуулалтын ажлуудаас эхлээд сум баг, иргэн бүр хашаа хороогоо өөд татахаас эхлээд иргэн бүр ойгоо сайхан угтахыг хичээн ажиллаж байгаа нь үнэхээр талархалтай байна.

Бид 100 жилээ угтан…

-Аймаг бүр өөрийн онцлогтоо тулгуурлаж хөгжлийн замаа зурдаг. Төв аймаг хөгжлийн хэтийн төлөвөө яаж харж байгаа бол. Дараагийн зуунд ямар салбарт тулгуурлаж яаж хөгжихөөр зэхэж байна вэ?

-Бид Төв аймгийн ирээдүйн хөгжлийн бодлого зорилтуудаа уялдуулан гинжин тойрог хэлхээ үүсгэн “Хөгжлийн алтан тойрог” хэмээн нэрийдэж, стратеги зорилтууд дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

Монгол Улсынхаа нийслэлийг хүнсээр, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах үүргээ тасралтгүй нэр төртэй хэрэгжүүлж, хүнс үйлдвэрлэгч, экспортлогч улс болох Монгол Улсын Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх түшиц бүс нутаг, хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч аймаг болох ирээдүйг харан хөгжиж байна.

Аймгийн эдийн засгийн үндсэн салбар болсон Хөдөө аж ахуйн стратеги төлөвлөлтийг боловсруулан хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн суурь дэд бүтцийг бий болгоход зориулагдсан бөгөөд гинжин хэлхээг бий болгох, борлуулалтын нэгдсэн сүлжээг хангах, санхүү хөрөнгө оруулалтын урсгалыг татах зорилгоор томоохон төслүүдийг боловсруулан, хэрэгжүүлж эхлээд байна.

Хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулан өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд гаргах үндсэн зорилтыг дэвшүүлэн, мах сүүний эрчимжсэн аж ахуйн бүс, газар тариалангийн хөгжлийн бүс, мах үйлдвэрлэлийн бүс, Туул, Хэрлэн голын савыг дагасан жимс, жимсгэнэ, таримал ургамлын бүс, уламжлалт мал аж ахуйн бүс болгон бүсчлэн хөгжүүлэх зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Бид цаашдаа аймгийнхаа нутаг дэвсгэрийн давуу тал, хөгжлийн боломжид тулгуурлан Зуунмод орчмын бүс нутгийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил, төслүүдийг хэрэгжүүлэх Үйлдвэр технологийн паркийн цогцолбор, Олон улсын нисэх онгоцны буудал, Богдхан төмөр замыг түшиглэсэн тээвэр логистикийн сүлжээ, агуулахын аж ахуй байгуулах томоохон төсөл хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлж, аймгийнхаа эдийн засгийн өсөлтийг хангаж, иргэдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Төв аймгаа хөгжлийн төв цэг болгон өнөө цагийн хөгжлийн шинэ жишиг болгох болно.

Бид голлох салбаруудаас гадна гадаад харилцаа, аялал жуулчлалын хөгжлийг Төв аймгийн дараагийн зууны хөгжлийн бас нэгэн тулгуур хэмээн харж байгаа.

-Хөгжил ярихад эдийн засгийн бие даасан байдал чухал байдаг. Эдийн засгийн бие даасан байдлыг бий болгохын тулд цаашид ямар арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байгаа бол?

-Төв аймаг дунд хугацааны бодлогын баримт бичгүүдээ “Алсын хараа-2050” “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудтой уялдуулан хэрэгжүүлснээр хүнээ эрхэмлэн дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, тогтвортой өсөлттэй, өөрийгөө тэтгэх, оновчтой бүтэц бүхий эдийн засагтай аймаг болохоор зорин ажиллаж байна.

Манай аймаг эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тааламжтай нөхцөл бүрдүүлэн ажиллаж ДНБ-ний өсөлт 2021 онд 851,2 тэрбум төгрөг байсан бол 2022 онд 925,4 тэрбум төгрөгт хүрч 8.7 хувиар өссөн бөгөөд энэхүү ажлын үр дүнд үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжиж, аймгийн эдийн засагт аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарын өсөлт нэмэгдэж, аймгийн болон нийслэл орчмын бүс нутаг, сумдад мах, сүү, хүнсний ногооны чиглэлийн эрчимжсэн фермерийн аж ахуйнууд, мал амьтны гаралтай түүхий эд, газар тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүд байгуулагдаж байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн нөөц ашиглалт, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж, тооноос чанар, бүтээмжид шилжүүлж, мал сүрэгт цөм болон цэвэр, өндөр ашиг шимт малын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Мал аж ахуйн салбарт малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн хэмжээнд үхэр сүргийг Сэлэнгэ үүлдэр, сүү махны хосолмол ашиг шимт Алатау үүлдрийн ашиг шимийн судалгааны ажлын үр дүнд орон нутгийн байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон “Буган халиун” үхрийн шинэ үүлдрийн хэсэг бий болгон хөгжүүлж, хонин сүргийг Баянцагааны илүү нугаламт, ямааг Өнжүүл үржлийн хэсгийн ямаагаар сайжруулан хамгийн олон эрчимжсэн аж ахуйтай аймаг болоод байна.

Эдгээр ажлын үр дүнд манай аймаг зах зээлд өрсөлдөх чадвартай, тогтвортой өсөлттэй эдийн засагтай болж сүүлийн жилүүдэд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилд дунджаар 8-12 хувиар тогтмол өсч байна.

Аймгийн эдийн засгийн үндсэн салбар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт шинжлэх ухааны ололт, сайн туршлагыг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулан өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд гаргах үндсэн зорилтыг дэвшүүлэн, “Хөдөө аж ахуйн стратеги төлөвлөгөө” боловсруулан мах сүүний эрчимжсэн аж ахуйн бүс, газар тариалангийн хөгжлийн бүс, Туул, Хэрлэн голын савыг дагасан жимс, жимсгэнэ, таримал ургамлын бүс, уламжлалт мал аж ахуйн бүс болгон бүсчлэн хөгжүүлж байна.

Бид сүүлийн жилүүдэд иргэдийнхээ орон нутагтаа ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэр үйлчилгээ эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлж, /668,3 тэрбум/ 26 сумыг нэгдсэн халаалтын симтемтэй болгож, 13 суманд инженерийн дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж, 16 сум автозамаар холбогдож, Зуунмод суманд дулааны станц, 4500 айлын орон сууцны хорооллын барилгын ажлууд явагдаж байна.

Боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил, хамгаалалын салбарт онцгойлон анхаарч, улс, аймаг, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн төв, соёл спортын 84 шинэ барилга барьж ашиглалтад оруулан, 148 барилгад их засвар хийгээд байна.

Мөн үндэсний хэмжээний палеонтологи археологи, угсаатны зүйн лаборатори музейн барилга баригдаж байна.

Манай аймагт үндэсний хэмжээний бүтээн байгуулалтууд өрнөж, эдийн засгийн чөлөөт бүс, Богдхан төмөр зам, Шинэ Зуунмод, Майдар хотууд байгуулагдаж байна.

Төв сайхан нутаг Төв аймгийн маань ирэх он жилүүдийн хөгжлийн чиглэл, өнгө төрх улам тодрон гэрэлтэж байна.

Зуунмод сумын гал голомт болсон 30 мгВ-тын дулааны станц, шугам сүлжээ, цахилгаан дамжуулах агаарын шугам, цэвэр усан хангамжийн эх үүсвэр, үерийн далангийн ажил хийгдэж байна.

Мөн нэхмэл, сүлжмэл, оёдлын үйлдвэрийн төрөлжилтийг бий болгох, ХАА-н бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулах үйлдвэрүүд, ХАА-н бирж, эрчимжсэн кластер аж ахуйг байгуулах, зам, дэд бүтцийг сайжруулах зэрэг томоохон төслүүдийн ажил хийгдэж байна.

Categories
нийгэм цаг-үе

“Өдрийн сонин”-ы “Фото агшин” буланд гэрэл зургаа нийтлүүлээрэй DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонины арын нүүрний “Фото агшин” буланд уншигч та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олон, арван жил, аялал, амралт зугаалга, амьдралын дурсамжтай, хөгтэй түүхэн, агшнуудыг буулгасан ховор нандин гэрэл зургуудаа нийтлүүлж ойр дотны хүмүүстээ бэлэг болгон барих боломжийг та бүхэнд олгож байна.

Мөн хайртай хүмүүсийнхээ төрсөн өдрийг тохиолдуулж Өдрийн сонинд зургийг нь нийтлүүлэх нь санаанд оромгүй, мартагдашгүй бэлэг болох нь дамжиггүй.

 

Та доорх гар утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Гэрэл зураг хүлээн авах мэйл:  tsetsen_ub@yahoo.com Утас: 99726006

Өдрийн сонины Арын нүүрний “Фото агшин” буланд уншигч, захиалагчдаас ирүүлж нийтлүүлээд буй гэрэл зургуудыг танилцуулж байна.


Categories
гадаад

Сэр Ричард Мур: Орос иргэдийг бидэнтэй хамтран ажиллахыг албан ёсоор урьж байна DNN.mn

Их Британийн гадаад тагнуулын байгууллага(MI6)-ын тэргүүн, сэр Ричард Мур 1968 онд Зөвлөлтийн танкуудад харгис хэрцгийгээр дарагдсан коммунист дэглэмийн эсрэг бослого болох “Прагийн хавар”-ын 55 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцохоор Чех улсын Их Британийн Элчин сайдын яаманд хүрэлцэн ирсэн хүмүүст хандан хэлсэн үгийг товчлон хүргэж байна.

Англи хэл дээрх илтгэлийг бүрэн эхээр нь https://www.gov.uk/government/speeches/speech-by-s… хаягаар орж үзнэ үү.

Тэрбээр өөрийн илтгэлийн эхэнд “Өнөөдөр олон орос иргэн тэдний зэвсэгт хүчин Украины хот, сууринуудыг газрын хөрснөөс арчин сүйрүүлж, олон гэмгүй иргэд амь үрэгдэж, гэм зэмгүй гэр бүлүүдийг гэрээс нь хөөн харь улсад цагаачлуулж, олон мянган хүүхдийг нь хулгайлж байгааг айж эмээн, чимээгүйхэн ажиглан харж байна. Цэргүүд нь төрөл нэг хөрш улсыг хэрхэн тонон дээрэмдэж сүйтгэж байгаагаас тэд айцгааж байна. Тэд сэтгэлийнхээ гүнд Путины зарласан дайны шалтгаан нь худал хуурмаг, зохиомол зүйлээс өөр юу ч биш гэдгийг ойлгодог” гэж хэлжээ. Түүний хэлснээр өнөөдөр маш олон орос иргэд 1968 онд Зөвлөлтийн танкууд Прагийн бослогыг дарах үед тэдний өмнөх үеийнхэнд тулгарч байсан харамсал, гэмшлийн байдалтай нүүр тулахаас өөр аргагүйд хүрээд байна. Кремлийн Прагийн харгислалын дараа манай байгууллагатай орос иргэдийн хамтран ажиллах явдал эрс нэмэгдэж байсан түүхэн уламжлал бий. Иймээс би өнөөдрийн орос иргэдийг сүүлийн 18 сарын хугацаанд бидэнтэй нэгдсэн орос хүмүүсийн үлгэр жишээг дагаач хэмээн албан ёсоор урьж байна. Манай үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй” гэж хэлжээ.

Сэр Ричард орос иргэдийн хамтран ажиллах санал нэг бүрийг анхааралтай, мэргэжлийн түвшинд авч үзэх болно. Бид өөрийн тагнуул, төлөөлөгчдөөсөө хэзээ ч урваж байгаагүй, цус урсгах явдлыг таслан зогсоохын тулд Оросын иргэдтэй хамтран ажиллахад бид бэлэн байна гэж онцлон дурдаад “Манай байгууллагын гол зарчим бол бид тагнуул, төлөөлөгчдөдөө насан туршид нь үнэнч байж, тэдэнд үүрд талархаж байдаг явдал” гэж батлан хэлжээ.

“MI6”-гийн дарга Украиныг дайнд ялж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа батлан харуулахын тулд сүүлийн үеийн үйл явдлуудыг жишээ болгон дурджээ. Тэрбээр Евгений Пригожин Украины түрэмгийллийн гол зүтгэлтнүүдийн нэгэн боловч “Улсын баатрын одон, тэмдэгтэй болохын тулд Шойгуд дайн хэрэгтэй байсан… Орос иргэдэд бус Оросыг удирдаж буй олигархи бүлэгт л дайн хэрэгтэй байсан” гэж Евгений Пригожин өөрөө хэлсэн гэдгийг онцлоод тэрбээр “сэтгэцийн өвчтэй новшнууд” санасандаа хүрэхийн тулд “хэдэн мянган оросуудыг Украины их бууны мах болгон хаях” шийдвэр гаргасан гэж видео бичлэгээр мэдэгдсэнээсээ хэдхэн цагийн дараа Москва руу хөдөлсөн болохыг дурджээ. Энэхүү явдал нь “MI6”-гийн тэргүүний хэлснээр “Путин тэргүүтэй автократ засаглал хэрхэн сул дорой болж нуран унаж буйг илчилсэн үйлдэл болсон” аж.

Сэр Ричард Мурыг Элчин сайдын яаман дээр үг хэлсний дараа Британийн сэтгүүлч Энн Макэлвой “Пригожиний бослого яг юуг нотолсон бэ?” гэж түүнээс асуухад “Энэ явдал Путины засаглал Украины хил дотор явагдаж байгаа дайнаас бусад ямар ч нөхцөл байдлыг хянах чадваргүй болсон гэдгийг батлан харуулсан. Оросууд тулалдааны талбарт асар их хохирол амссанаас үүссэн тогтворгүй байдал нь Оросын төрт ёсны төв хэсэгт хэрхэн хамгийн тогтворгүй байдал бий болгон нэвтэрч байгааг бид харсан” гэж хариулсан байна.

Сэтгүүлч Энн Макэлвой Ричард Мураас “Путин эрх мэдлээ хадгалахын тулд ямар арга хэмжээ авах вэ?” гэж асуухад “Мэдээж би Оросын удирдагчийн толгой доторхыг харж чадахгүй. Гэхдээ тэр Пригожиний бослогыг урьдчилан сэргийлж, зохих ёсоор эсэргүүцэж чадаагүйг бүгд мэдсэн. Путин онцгой байдал үүсэхэд зөвхөн өөрийн арьсаа аврах гэрээ л хийсэн гэдгийг бид харсан” гэж хэлээд “Хэрэв улсад чинь дурын хөлсний цэргүүд нийслэл рүү чинь зүгээр л цуваагаар довтолж, 125 км хүрэхгүй зайд очиж чадаж байгаа бол, үүний эсрэг төр, засаг чинь ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа бол хамгийн муу зүйл болж байна гэсэн үг” гэж онцолжээ. Мөн тэрбээр “Цөмийн зэвсгийн аюулаар заналхийлж байгаа нь зөвхөн Путин өөрөө болон түүний цөөн хэдэн гар хөл бологчид л байна. Энэ нь хариуцлагагүй, бодлогогүй явдал бөгөөд зөвхөн Украиныг дэмжих бидний шийвэрийг сулруулах зорилготой үйлдэл бөгөөд хэзээ ч тэр зорьсондоо хүрч чадахгүй” гэж Мур хэлжээ.

“MI6”-гийн дарга Украин бүрэн эрх чөлөөтэй болж байж л Украины дайн дуусна гэдгийг онцлоод “Энэ мөчийг яаравчлуулахын тулд Украины зэвсэгт хүчин шинэ арга, шинэ технологи ашиглан гайхалтай чадваруудаа харуулсан довтолгоон хийж байна… Өнгөрсөн зун би Оросын арми туйлдаж байгааг онцлон тэмдэглэж байсан. Оросын армийн хувьд дахин сэргэх ямар ч боломж алга байна. Украины арми сүүлийн нэг сард Оросын нэг жилд эзэлсэн газар нутгаас илүү их газар нутгаа чөлөөлчихөөд байна” гэжээ.

Украин улс олон холбоотон, найз нөхөдтэй хэдий ч зарим нэгэн улс түрэмгийлэгчийн хамсаатан болж байгааг сэр Ричард Мур мөн тэмдэглэв. Түүний хэлснээр, Иран улс Украины хотуудыг сүйтгэж, украинчуудыг устгаж буй дрон Орост нийлүүлэх болсон нь Тегеранд эрх мэдлийн дээд түвшинд дотоод хагарал үүсгээд байна гэжээ.

“MI6”-гийн дарга мөн хиймэл оюун ухааны хөгжил, энэ нь уламжлалт тагнуулын ажилд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярьсан байна. Сэр Ричард хиймэл оюун ухаан нь тагнуулын салбарт чухал үүрэг гүйцэтгэж байгаа ч хүнийг орлож чадахгүй гээд

“Тагнуулын албаны гол зорилго бол компьютер бус хүмүүс юм. Харин хиймэл оюун ухаан манай ажилд дам тусламж үзүүлж байгаа ч заримдаа зарим төр,засаг алан хядагч байгууллагын удирдлагын шийдвэрт нөлөөлөх нь бий гэж хэлсэн байна. Мөн тэрээр барууны улсуудтай сөргөлдөгч улсууд хиймэл оюун ухааныг ямар ч ёс суртахуун, хүнлэг ёсноос гадуур ашиглах аюул байгааг анхааруулжээ

Сэр Ричард Мур мөн “Манай ажилчид хиймэл оюун ухааныг өөр өөр нөхцөл байдалд хүмүүс хэрхэн шийдвэр гаргаж ажиллах талаар өөрсдийн дүгнэлтийг баяжуулан, нөхөхийн тулд ашигладаг. Тэд хиймэл оюун ухааныг ашиглан ур чадвар, ажлын үр дүнгээ дээшлүүлдэг” гэж хэлжээ. Үүний зэрэгцээ, ирээдүйд хиймэл оюун ухаан хүний үйл ажиллагааны зарим салбарт зонхилох үүрэг гүйцэтгэж, тоон хэрэгслүүд нь зөвхөн ойлгох төдийгүй хүний үйлдлийг хүмүүсээс илүү урьдчилан таамаглах боломжтой болно гэдгийг дурдсан байна. Гэсэн хэдий ч, хувийн холбоо, зөвхөн нүүр тулан харилцах замаар бий болох ойлголт нь ойрын ирээдүйд ямар ч хиймэл оюун ухаантай машинуудад боломжгүй зүйл гэдгийг онцлоод “Хиймэл оюун ухааны хөгжил хичнээн хурдан бөгөөд бүх зүйлийг хамарсан ч зарим өвөрмөц харилцаа зөвхөн хүн төрөлхтний шинж чанартай хэвээр үлдэх бөгөөд энэ нь миний удирдаж буй байгууллагын гол зорилго байх болно” гэж “MI6”-гийн дарга дүгнэн хэлжээ.

Г.АМАРСАНАА

Categories
туслах-ангилал улс-төр

О.Баасанхүү: Ардын намынхан хулгайч юм байна гэдгийг нийгмээрээ маш сайн ойлгож авлаа DNN.mn

УИХ-ын гишүүн асан, АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Үнийн өсөлт зогсох болоогүй. Учир нь намар үнийн өсөлт нэмэгддэг –


-УИХ-ын гишүүн байсан хүний хувьд та энэ хаврын чуулганыг хэрхэн дүгнэж байна. Улс төрийн тогтолцоотой холбоотой шинэчлэлийг үнэхээр хийж чадав уу?

-Энэ удаагийн парламентыг тэр дундаа 2020 оны зургадугаар сарын 24-нөөс 2023 оны зургадугаар сарын 24-нийг хүртэлх хугацааг муу гэж үнэлмээр байна. Би шүүмжлэхийн тулд шүүмжилж байгаа юм биш. Энэ парламентын гишүүд “бид ажил хийхгүй” гээд хоёр жил ажлаа хийгээгүй. Тодруулбал, “Цар тахлын хуулиар Засгийн газар ажлаа хийнэ. УИХ-ын гишүүд өвчин тусч, үхэж магадгүй учраас бид болгоомжтой байя” гээд бүх эрх мэдлээ Засгийн газарт өгсөн. Нэгэнт Засгийн газарт эрхээ өгчихсөн учраас энэ удаагийн парламент хоёр жил хийх ёстой гол ажлаа хийгээгүй.
Гэтэл дараа нь амь орсон юм шиг Цар тахлын хуулийг хүчингүй болгож Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үүнийгээ тэд урдаа их барьж рекламдаж Ер нь Сөрөг хүчин байх хэцүү л дээ. Гэхдээ эрх баригчдаас айдаг сөрөг хүчин бүр хэцүү юм байна. Монгол ардын намын эрх баригчид хүчээ нэгтгэхийн тулд хоёр удаа Ардчилсан намыг хүчиндсэн. Эхнийх нь, “Бид та нарыг сайд болгож өгнө.
Тиймээс эхлээд та нар биднийг сайд болгоод өгөөч” гэж манайхны чихэн дээр цэцэг ургуулсан. Манайхан сайд болж магадгүй гээд Үндсэн хуулийг өөрчилж өгсөн. Үүний дараа тэд манайхныг шоолоод дууссан.
Дараа нь “Та нар аль ч тойрогт гарахгүй юм байна. Жагсаалтаар гарчихаач” гээд Ардчилсан намын буянаар Үндсэн хуулийн зөвхөн намын жагсаалттай холбоотой заалтыг өөрчилсөн. Өөр юуг ч өөрчлөөгүй. Үндсэн хуульд оруулсан тэр өөрчлөлттэй холбоотой гурван чухал заалт байгаа юм. Тодруулж хэлбэл, гишүүдийн тоог 126 болгосон. Тэгвэл хэдэн гишүүнтэй байж бүлэгтэй болох вэ. Хэдэн гишүүнтэй байж Засгийн газар байгуулах юм. Хэдэн гишүүнтэй байж Засгийн газарт хариуцлага тооцох вэ. Энэ бүхнийг Үндсэн хуульд бичсэн байгаа шүү дээ. Гэтэл үүнийгээ өөрчлөөгүй. Зүгээр л “Бид жагсаалтаар орж ирье. Гэхдээ олуулаа орж ирье” гэдэг зүйл л оруулсан.
Үндсэн хуулиа баривал 126 гишүүнээс найман гишүүнтэй нам бүлгээ байгуулж, 39-өөс дээш гишүүнтэй бол Засгийн газраа байгуулах эрхтэй. Тэгвэл аль аль нам 40, 40 гишүүний суудал авчихвал яана гэсэн үг вэ.
Үндсэн хуульд 39-өөс дээш гишүүний суудал авсан нам Засгийн газар байгуулахдаа санал тавих эрхтэй. Тэгвэл МАН 40, Ардчилсан нам 40 гэвэл Засгийн газар байгуулах саналаа хэн түрүүлж тавих вэ. Энэ бол наад захын асуудал. Энэ мэтээр нэгэнт өөрчилж байгаа бол өөрчлөх олон зохицуулалт байхад Ардчилсан намын 1206 гэдэг тоог авч 0-ийг тоо гэж үзэхгүйгээр 126 болголоо.
Өөрсдийг нь сонгохгүй учраас жагсаалтаар орж ирэхээр өөрчлөлт хийлээ.
Энэ удаагийн парламентыг анх байгуулагдахад нь би “Энэ парламентад байгаа УИХ-ын гишүүдийн 50-иас дээш хувь нь гэмт хэрэгтэн, яллагдагч, шүүгдэгч. Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон хүмүүс” гэж хэлж байсан. Учир нь өмнөх парламентын 49 гишүүн ЖДҮХС-аас хулгайлсан байсан. Тиймээс наад зах нь сангийн хулгайч бий. Энэ парламент яах аргагүй чадамжгүй маш муу ажиллаа.
Одоо ганцхан жил үлдлээ. Аливаа эрх баригч нам юу хийснийг дүгнэхдээ хоёр зүйлийг л хардаг. Нэгдүгээрт, эдийн засгаа хөгжүүлсэн үү. Хоёрдугаарт, шударга ёсны хувьсгал хийсэн үү. Эдийн засгаа хөгжүүлсэн үү гэдэг дотор ажлын байр нэмэгдүүлсэн үү. Үнийн өсөлтийг зогсоосон уу. Ажлын байр бий болгосон уу. Валютын ханшийг бууруулсан уу. Ядуурлыг бууруулсан уу. Үүнийг хийж чадсан л бол аль ч нам байсан дэмжээд гаргах ёстой.
Өнгөрөгч долоо хоногт Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан танилцуулгыг харахад өнгөрсөн жилийн долдугаар сард талхны үнэ 1600 байсан. Тэгвэл энэ жилийн долдугаар сард 2600 давсан байна. Өдөр бүр 50, 100 төгрөгөөр нэмэгдээд байна. Гэхдээ үнийн өсөлт зогсох болоогүй. Намар үнийн өсөлт нэмэгддэг. Зун буурах ёстой. Учир нь гадаадаас жуулчид ирээд ч гэдэг юм уу валют нэмэгддэг. Харамсалтай нь манайд одоо үнийн өсөлт хэрээс хэтэрчихсэн байна. Үүнийг зогсоохын тулд Монгол Улсын Үндсэн хууль дээр парламентын хийх ёстой ажил нь хууль тогтоомж бүх эрх зүйн орчныг бий болгож байгаад эдийн засгийн зохицуулалтыг хийнэ гэж заасан байдаг. Үүнийг хийсэн үү. Хоёрдугаарт, “Таван Ш” ажиллагаа гэж гаргаад Т.Бадамжунайг авч ирлээ гээд баярлаад байх шиг байна. Талархаж болно. Гэхдээ шулуухан хэлэхэд, Т.Бадамжунайг Халтмаагийн Баттулгын асуудлаар шалгаагүй шүү. Хүмүүс иргэдэд гоё харагдах гээд зохиогоод хэлчихдэг юм билээ. Ер нь Халтмаагийн Баттулга гэдэг хүнийг шалгаж байгаа юм юу ч байхгүй байгаа. Хөгжлийн банк дээр онигоо шиг юм болсон. Х.Баттулга гэдэг хүнд хилийн хориг тавьсан л гэсэн. Гэтэл банкны жирийн ажилтан хүн байсан байхгүй юу. Гэтэл тэр хүнийг Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай андуураад л хэвлэлүүд Х.Баттулгыг шалгалаа гээд бичээд байсан. Үүн шиг Т.Бадамжунай дээр Х.Баттулгыг шалгаагүй шүү. Энэ бүхнээр юу хэлэх гээд байна гэхээр Ардын намынхан хулгайч юм байна гэдгийг нийгмээрээ маш сайн ойлгож авлаа. Тэд бүгдээрээ хулгай хийдэг юм байна. Нүүрсээ хулгайлдаг юм байна. Төмөр замаа хулгайлдаг юм байна. Банкаа хулгайлдаг юм байна. Төрийн сангуудыг хулгайлдаг юм байна. Амьжиргааны түвшин доогуур иргэдийн хүнсний талоныг хүртэл хулгайлдаг юм билээ. Иргэдийн хүнсний талоныг хулгайлсан хэргээр шалгуулж байгаа юм билээ. Ер нь Ардын намынхан хулгайлж болох бүхнийг хулгайлдаг юм байна.
Энэ бүхнээс харахад шударга нийгмийг бий болгож чадахгүй байна. Уг нь эдийн засгаа өсгөх нь Засгийн газрын ажил. Шударга ёсоо тогтоох нь хууль хяналтын байгууллагын ажил. Үүнд хяналт тавьж, шаардлагатай хуулийг баталж өгөх нь парламентын ажил. Даанч өнөөдөр аль нь ч ажиллахгүй байна.
-Тэгэхээр УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн аль ч нам 39-өөс дээш суудал авах боломжтой. Засгийн газраа манай нам байгуулна гэсэн маргаан гарвал дахиад Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах юм уу. Яаж маргааныг таслах вэ?
-Мэдэхгүй. Ардчилсан намынхны маань зарим нь гурван удаа ялагдчихсан юм уу. Тэрнээсээ болоод нуруугаа авахуулсан морь шиг байх юм. Барилдах гэж байгаа хүн нь бөөн допингтой сууж байхад айгаад байх юм.
Бөхөөр зүйрлэвэл Ардын намынхан баахан допинг баахан шахуулчихсан хүн шүү дээ. Хулгайн мөнгөөр л яваа болохоос ард түмний ямар ч дэмжлэггүй. Өөрийн гэсэн мэхгүй. Нарийн яривал хулгай дээрмээр улсын наадамд түрүүллээ гээд иргэд аль хэзээ зүхээд эхэлчихсэн. Чулуу мод шидэхэд бэлэн байхад манай намын зарим нөхөд начны хэмжээнд сэтгэж ярьсныг нь хараад санаа зовсон. Тиймээс маргаанаа яаж шийдэх юм. Аль ч нам 40, 40 судал авах магадлал өндөр. Эсвэл 40, 50 авах боломжтой. Хуульд “39-өөс дээш” гэсэн өгүүлбэр байгаа болохоос 50 суудал авснаараа танай нам Засгаа байгуул. 40 суудал авснаараа танайх азна гэсэн зохицуулалт байхгүй.
Үүнийгээ засаагүй байж юуных нь тогтолцоо өөрчилсөн байх вэ. Засгийн газрынхаа, шүүхийнхээ, парламентынхаа тогтолцоог өөрчилж байж ингэж хэлмээр юм. Гэтэл парламентынхаа тогтолцоог ч өөрчлөөгүй шүү дээ. Парламентын тогтолцоог өөрчилсөн гэж байгаа бол байнгын хороо хэдэн гишүүнтэй байхаа танилцуулах хэрэгтэй. 19 байх юм уу. 26 байх юм уу. Эсвэл бүр 50 байх юм уу. Ийм хуулиа ч тэд батлаагүй байна шүү дээ.
-Эрх баригч нам хоёр гол зүйлийг хийсэн байх ёстой гэлээ. Эдийн засгаа өсгөхөд гадаадын хөрөнгө оруулалт чухал. Яаж гадаадын хөрөнгө оруулалтыг татах вэ?
-Гадаадын хөрөнгө оруулагчид манайд орж ирэхгүй. Хэн шоронд орно гэж орж ирэх вэ дээ. Тэд тэнэг хүн биш. Хүн мөнгө олохын тулд хөрөнгө оруулдаг. Хөрөнгө оруулагчид ямар хүмүүнлэг, тусламжийн байгууллага биш дээ.
Гадаадын хөрөнгө оруулагчид шоронд орохоос айгаад хөрөнгө оруулахгүй. Монгол Улсын Эрүүгийн хуульд “Мөнгө угаах” гэсэн заалт бий. Эрүүгийн хуулийн 18.6-д “Хууль бус мөнгийг ашигласан бол” гэж байгаа юм. Татвараа төлөөгүй бол тэр хууль бус мөнгө болно биз дээ. Тэр хүн татвараа санаатай төлөөгүй байж болно. Санамсаргүй төлөөгүй байж болно. Гадаад хүн юм чинь Монголын татварыг мэдэж байж ч болно. Мэдэхгүй байж ч болно. Гэхдээ төлөхийн төлөө явах байлгүй дээ. Энд эрсдэл нь би татвараа төлөөгүй бол торгууль төлөх юм байна. Би татвараа төлөөгүй бол хөрөнгөө хураалгах юм байна гэсэн зохицуулалттай бол хөрөнгө оруулна. Түүнээс мөнгө угаасан гээд найм, арван жилээр шоронд орохоор байвал хэн хөрөнгө оруулах юм бэ. Найман ишигний хэрэг дээр сая гарлаа шүү дээ. Найман ишиг авч ирсэн наян настай хөгшнийг мөнгө угаасан хэргээр шалгаж байна. Гэтэл гадаадын гэж хэлж байгаа хүн янз бүрийн салбарт хөрөнгө оруулъя гэхээр уучлаарай танай “мөнгө угаах” гэдэг хуулиас айгаад байна гээд зугтана шүү дээ. Тэд тэнэгүүд биш. Элчин сайдын яамныхан нь жишээ нь Хөгжлийн банкны хэргийг хараад л сууж байгаа.
Хар тамхины мөнгийг оруулж ирээд мөнгө угааж байгаа бол өөр асуудал. Хүний наймаа, зэвсгийн худалдаа бол өөр асуудал. Гэтэл үүнтэй ямар ч холбоогүй асуудлаар доромжилж байгаа юм шиг “Та татвар төлөөгүй учраас мөнгө угаасан. Татвар төлөөгүй мөнгөөрөө мөнгө угааж байшин барьчихсан байна” гээд 12 жилээр шоронд хийчихлээ.
Том хөрөнгө оруулагчид бүр орж ирэхгүй. Учир нь том хөрөнгө оруулалт мега төсөл гэж явдаг учраас Засгийн газар шийдвэр гардаг. Магадгүй уул уурхай, эрчим хүч, 10 суманд дулааны станц барих гээд хөрөнгө оруулагч ирлээ. Түүнд нь нэг салгалсан төрийн нарийн буруу бичиг хийгээд өгчихлөө. Тэгвэл албан тушаалын гэмт хэрэг хамтдаа үйлдсэн гээд хамжигч хатгагчаар давхар яллагдах учраас хэн хөрөнгө оруулах юм бэ.
Тухайн хөрөнгө оруулагч өөрөө хариуцлагаа үүрэх ёстой. Гэтэл төрийн албан хаагчийн хийсэн буруутай үйлдлээс хөрөнгө оруулагч давхар хохирох ийм хуультай улсад хэн хөрөнгө оруулах юм. Энд хөрөнгө оруулснаас коммунист хойд Солонгост хөрөнгө оруулсан нь хамаагүй ашигтай.
Тэдэнд үзэл суртал хийхгүй мөрөөрөө бизнесээ хийж чадвал мөнгөө авна. Олон улсын хориг байгаа учраас Хойд Солонгост хөрөнгө оруулахгүй байгаа. Харин манайд болохоор Эрүүгийн хууль нь “хөрөнгө оруулж болохгүй шүү” гэсэн хуультай. Манайд та санаатай болон санамсаргүйгээр алдаа гаргасан бол татвараа төлчих. Бид уучилна гэсэн зохицуулалт байхгүй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг мөрөөдөөд ч хэрэггүй.
-Нөгөө талаас ямар төсөлд хөрөнгө оруулалт татах гээд байгаа нь тодорхойгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид ямар салбар, төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа талаарх судалгаа ч бидэнд алга гэсэн шүүмжлэл бий?
-Манайд хөрөнгө оруулахад хэцүү. Манайх арал дээр амьдарч байгаагаа мартаж болохгүй. Монгол Улс бол арал. Өмнөд Солонгос арал л даа. Гэхдээ усан арал. Хойд талаараа Хойд Солонгостой буюу хилгүй. Тойроод өөр улстай хиллээгүй. Гэтэл манайх ОХУ, БНХАУ гэсэн хоёр айхтар хөрштэй. Нөгөө хоёр нь хил гааль, геополитикаараа манайхыг барьчихсан. Уг нь манайх хүн далайд байгаа. Бид сая гутал хийгээд нэг тэрбум иргэнд зарж болно. Бусад улс руу заръя гэвч транзит тээвэр нь маш өндөр. БНХАУ, ОХУ хоёр манайхыг боорлочихсон байгаа шүү дээ. ийм тохиолдолд хөрөнгө оруулалтыг маш ухаалгаар зөөлөн хүчний бодлогоор оруулж ирэх ёстой байдаг. Тэгж оруулж ирэхийн тулд БНХАУ, ОХУ-ын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх ёстой. Хятад хүн хятад хүнтэйгээ тулаад асуудлаа шийдэх ёстой. Ингэхийн тулд Хятадын төрийн өмчийн том компаниудыг оруулж ирэх хэрэгтэй. Даанч манайд тэдэнтэй харьцах соёл байхгүй.
Categories
нийгэм туслах-ангилал

Ж.Болорпүрэв: Монгол, Орос, Хятадын прокурорын байгууллагууд байгаль орчныг хамгаалах, авлигалтай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах асуудал, санал солилцох ярианы түвшинд л байгаа DNN.mn

Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Ж.Болорпүрэвтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-ОХУ-ын ерөнхий прокурор И.Краснов БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Чэнь Вэньцинтэй уулзах үеэр “Монгол Улс дахь барууны нөлөөллийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан” гэх мэдээлэл гараад байна л даа. Ийм асуудал болсон уу?

-Эхлээд онцлоход Монгол Улсын прокурорын байгууллага нь гадаад улсуудын байгууллага, албан тушаалтны хоорондын айлчлал, уулзалтын талаар үнэлэлт, дүгнэлт тайлбар өгөх учиргүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд заасанчлан Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцдог байгууллага.

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ОХУ, БНХАУ-ын холбогдох албан тушаалтнуудын хоорондоо ярьсан гэх асуудлын талаар бидэнд албан ёсны мэдээлэл ирээгүй, ирэх ч ёсгүй.

Харин Монгол Улс,ОХУ, БНХАУ-ын прокурорын байгууллагууд байгаль орчныг хамгаалах, авлигалтай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах асуудал, санал солилцох ярианы түвшинд л байгаа. Олон нийтийг төөрөгдүүлсэн, эргэлзүүлсэн худал ташаа мэдээллийг нийтэд түгээх, тараах нь хууль бус үйлдэл.

-Прокурорын байгууллага гадаад улсын прокурорын байгууллагатай бие дааж санамж бичиг, хэлэлцээр байгуулж, нуусан, түүнийг ил болгох талаар цахим сүлжээнд гарч байгаа нь ямар учиртай юм бэ. Ийм эрх зүйн зохицуулалт бий юу?

-Прокурорын тухай хуульд зааснаар Улсын ерөнхий прокурор нь гадаад улсын ижил төстэй байгууллага, олон улсын байгууллагатай шууд харилцаж хамтран ажиллах, гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар санамж бичиг, хэлэлцээр байгуулах хууль зүйн боломжтой байдаг.

Энэ хүрээнд Монгол Улсын прокурорын байгууллага нь гадаад улсын прокурор, олон улсын байгууллагатай зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх, өөрөөр хэлбэл, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөн шалгах, хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах, шилжүүлэх асуудлаар хамтран ажиллах, түүнчлэн туршлага солилцох, прокурорыг мэргэшүүлэх, дадлагажуулах чиглэлээр санамж бичиг, хэлэлцээрийг байгуулж ирсэн.

Улсын ерөнхий прокурорын газраас гадаад улсын прокурорын байгууллагуудтай 1978 оноос эхлэн нийт 32 санамж бичиг, хэлэлцээр байгуулсан байна. Сүүлийн 10 жилд Турк, Узбекистан, Казакстан, Вьетнам, Тайланд, Австри, Бельги зэрэг улстай санамж бичиг, хэлэлцээр байгуулсан.

Одоо бид Сингапур, Канад, Франц зэрэг улсын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллаж, прокурорыг мэргэшүүлэх, тодорхой төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлэгт оролцож байна.

Прокурорын байгууллагаас гадаад улсын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах хэлэлцээр байгуулах, мөн гадаад улсад ажлын айлчлал хийхдээ Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөмж авч харилцдаг.

-Мөн “Өрнөдийн нөлөөг бууруулах гурван талт хамтын ажиллагааг БНХАУ-тай хэлэлцэж, ОХУ-ын ерөнхий прокурор И.Краснов Монгол Улсын ерөнхий прокурорт хэлэлцээрийн төслийг хүргүүлсэн” гэх мэдээлэл цацагдсан. ОХУ-ын талаас ямар нэгэн санамж бичиг, хэлэлцээрийн төсөл ирүүлсэн үү?

-Монгол Улсын ерөнхий прокурорын газарт ОХУ-ын ерөнхий прокурорын газраас “Байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах тухай” албан бичгийг ирүүлсэн. Үүнээс өөр ОХУ-ын талаас Монгол Улсын прокурорын байгууллагад ямар нэг санамж бичиг, хэлэлцээр байгуулах талаар төсөл, албан бичиг ирээгүй.

-Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын ерөнхий прокурортой уулзаж буй талаар ОХУ-ын ОРТ телевизээр гарч байгаа зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна. Энэ тухайд?

-Тийм ээ. Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 2022 оны нэгдүгээр сард ОХУ-ын ерөнхий прокурор И.В.Красновын урилгаар тус улсын прокурорын байгууллага байгуулагдсаны 300 жилийн ойн арга хэмжээнд оролцсон.

Уг арга хэмжээнд Итали, Бельги, Аргентин, Бразил, Норвеги, Арабын Нэгдсэн Эмират, Босни ба Херцеговина, Египет, Грек зэрэг дэлхийн 30 гаруй орны ерөнхий прокурор, бусад төлөөлөгчид оролцсон юм. Монгол Улсын ерөнхий прокурорын ОХУ-д хийсэн албан айлчлалын талаар бид тухайн үед нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Прокурорын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ер нь гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан албан бус мэдээллийг өөрийн орны төрийн байгууллагатай холбож,үйл ажиллагаанд нь нялзаах хандлага туйлын зохимжгүй гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд худал мэдээлэл тараах нь гэмт хэрэг болох төдийгүй бусад олон сөрөг үр дагаврыг бий болгодог тул хүн бүхэн хуулиа биелүүлж, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг байх учиртай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Жигжидсүрэн: Төв аймгийнхаа 100 жилийн ойг би баатрын алтан соёмбоор мялаалаа DNN.mn

– Монголын кино урлагт 60 гаруй жил зүтгэсэн хөдөлмөрийг минь Монголын төр үнэллээ. Үүн шиг том баяр гэж юу байх билээ –

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэнтэй ярилцлаа.


-Жийгээ ах аа, юуны өмнө танд Хөдөлмөрийн баатар цол хүртсэнд баяр хүргэе?

-Үнэнийг хэлэхэд, би өөрийгөө баатар болно чинээ бодоогүй. Миний өчүүхэн хөдөлмөрийг Монголын төр ингэж өндрөөр үнэлсэнд баярлаж байна. “Анхны алхам” кино миний дипломын ажил. Тэндээс миний амьдралын анхны алхам эхэлж, үзэгч олон Монголын ард түмэнтэйгээ дэлгэцийн уран бүтээлээрээ учран золгосон.

Би чинь тэртээ 1960 онд Монгол кино үйлдвэрийн босгыг туслах найруулагчийн албатайгаар алхсан хүн. 1962-1967 онд Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг доктор, профессор Л.В.Кулешовын урланд уран сайхны болон телевизийн кино найруулагчаар, профессор А.Я.Каплерийн урланг кино зохиолч мэргэжлээр төгссөн.

1967-1992 онд Монгол кино үйлдвэрт найруулагч, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч, 1974-1978 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид багшаар ажилласан. Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагваас авахуулаад олон арван шавь төрүүлсэн нь ийм учиртай. 1970 онд “Анхны алхам” киногоо бүтээснээс хойш “Эхлэлт”, “Говийн нүдэн”, “Эх бүрдийн домог”, “Хүний амь”, “Суварган цэнхэр уулс”, “Хатанбаатар”, “Нарны унага”, “Зарлаагүй дайны оршил”, “Фронтод явах өргөдөл”, “Намар нахиалсан мод”, “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр” гээд кино урлагтай хувь заяагаа холбоод 60 гаруй жилийн нүүр үзэхдээ энэ хугацаанд 25 бүрэн хэмжээний уран сайхны кино хийжээ. 2005 онд Монгол киноны далан жилийн ойгоор өөрийн хань Дамбын Цэцэгийн хамт “Монгол киноны нэвтэрхий толь” гэдэг номыг бүтээсэн. Энэ номд 300 гаруй кино орсон байдаг. Тэгтэл хоёр мянгаад оны эхнээс хойших хорин хугацаанд хичнээн мянган кино бүтээгдсэн байх вэ, тэр бүгдийг хоёрдугаар дэвтэрт нь оруулсан. Ингэж Монголын кино урлагийн түүхийг бүтээсэн. Монголын кино урлагт жаран хэдэн жилийн хугацаанд хөдөлмөрлөж зүтгэсэн зүтгэлийг минь Монголын төр үнэллээ гэж ах нь баярлаж сууна. Ханьдаа их баярлалаа. Үнэнийг хэлэхэд миний хань чинь миний тал юм шүү дээ.

Кино урлагт зүтгэсэн нэгэн жарны амьдралын минь ар талыг энэ хүн л дааж ирсэн. Баатрын алтан соёмбо гэдэг чинь их л сайхан байдаг юм байна. Би одоо зусландаа байна. Гэвч наадмаас хойш баяр хүргэсэн хүмүүсийн дуудлага тасарсангүй. Төв аймгийн маань 100 жилийн их ой тохиож байна. Аймгийн түүхэн ойг ах нь баатрын алтан соёмбоор мялаачихлаа. Олон түмэндээ дахиад л өртэй үлдлээ гэж бодож байна. Өнөө Жигжидсүрэн гуай чинь Хөдөлмөрийн баатар авчихлаа, одоо юу хийж, ямар бүтээл хийж бид бүхнийг баярлуулах бол гэж цаана чинь ард түмэн, үзэгч олон маань хүлээж суугаа. Энэ талаасаа бол их том хариуцлага ирж байна даа.

-Тэр жил танайд, таны шавь Өлзийхишигийн Нарангэрэл ахтай хамт очиж, хэдүүлээ оройжингоо сайхан ярьж сууж билээ. Тэгэхэд та Нацагдоржийн ээжийн тухай ярьж байсан. Саяхан би “Яруу найрагчийн ижий” номдоо тэр тухай бичсэн. Нацагдоржийн ээж сайхан Пагматай танай эмээ найзууд байсан гэдэг?

-Тийм юм аа, Нацагдоржийн ээжийг үнэхээр сайхан бүсгүй байсныг миний эмэг ээж ярьдаг байсан.

Манай эмээг Дуламханд гэдэг байсан. Намайг хойно сургууль төгсч ирэх 1970-аад оны эхэн хүртэл сэрүүн тунгалаг байж 98 насалсан буянтай хөгшин байлаа. Эмээ Нацагдоржийг “Ижийгээ дуурайсан сайхан хүү байсан” гэж ярьдаг байсан. Дашдоржтой суухад нь үеийнх нь охид бүсгүйчүүд “Сайхан Пагма явж явж энэ Дашдоржтой суугаад байхдаа яахав дээ” гэж жиг жуг хийдэг байсан гэдэг. Дашдорж бол хөдөлгөөнтэй хүн байсан юм уу даа. Миний ээж бол Нацагдоржийн үеийн хүн. Ээжийн маань анхны нөхөр Лооройсамбуу гэж Нацагдоржтой хамт Германд сурч байсан орос хэлтэй хүн байсан. Буянчуулган гэж том түүхчийн хүү шүү дээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр Буянчуулганыг хоёр хүүхдийнх нь хамт бариад цаазалчихсан юм билээ. Надад Германы гахайн ширэн чемодан байдаг л даа. Түүнд нөхөртэйгөө харилцаж байсан захиа, зураг зэргийг хадгалж байжээ. Миний ижийгийн зургаан настай байх үеийн зураг, Нацагдоржтой хамт авахуулсан нөхрийнх нь зураг хожим үлдсэн. “Нацагдоржийн захиа эргээд санахад дандаа шүлэг зохиол байсан юм байна даа” гэж ээж маань хэлдэг сэн. Нөхөрт нь бичсэн захидлуудыг ээж уншдаг байж л дээ. 1950-иад оны дундуур Нацагдоржийн тухай нэвтрүүлэг арааживаар явахад ээж шууд унтраачихдаг байв. Та яаж байгаа юм гэхэд “Энэ хүмүүс Нацагдоржийг амьдад нь хайрлаж, ядарч явахад нь тусалж байсан биш. Тэгтэл миний найз гээд ярихаар нь уур хүрчихлээ” гэж билээ. Харин Нацагдоржид тусалж байсан хүн нь Лхамсүрэнгийн Дэндэв гэж том түүхч байсан. Саяхан 120 жилийн ойг нь тэмдэглэлээ. Тэр хүн эмээгийн дүүгийн нөхөр байв. Шүүх яамны сайд, Улсын Бага хурлын гишүүн байсан мундаг хүн. Онходын Жамъян гүний дараагаар Судар бичгийн хүрээлэнгийн даргаар 10 гаруй жил ажилласан байдаг. Нацагдоржийг сургууль төгсөөд ирэхэд нь Судар бичгийн хүрээлэнгийн түүхийн тасгийн эрхлэгчээр анх удаа Дэндэв гуай тавьсан юм билээ. Нацагдоржийн үед түүхийн тасаг анх байгуулагдаж байсан. Сүүлд Нацагдоржийг бор дарсанд орж ажилтай, ажилгүй явах үед нь Дэндэв гуай нутаг усаар нь хамт явж амардаг байсан гэдэг. Түүний “Миний нутаг” шүлэг нь анх Судар бичгийн хүрээлэнгийн ханын сонинд гарсан гэдэг. Энэ бүхнээс харахад Нацагдоржтой би холбоотой байдаг. Миний бие их Нацагдоржийнхоо зуун жилийнх нь ойгоор зургаан ангит баримтат уран сайхны кино хийсэн. Тэгээд тэр гайхамшигт зохиолчийн нэрэмжит шагналыг хүртсэн юм. Үүндээ ихэд бэлгэшээдэг юм.

-Нэгэнт зохиолчийн ээжийн тухай ярьсных, та чинь бас Дооров(Төрийн шагналт зохиолч Сормууниршийн Дашдооров)-ынхоо ээжийг нулимстай дурсдаг даа?

-Дооров бид хоёр кино үйлдвэрт хамт ирж байлаа. Тэр чинь 1969 он юм. Мань хүн ерөнхий редактораар, би найруулагчаар ирж байлаа. Тэрхүү арав гаруй жилийн хугацаа бид хоёрыг хүнийх нь хувьд, уран бүтээлчийн хувьд нөхөрлүүлнэ биз дээ. Надад хамгийн ойр явж, сэтгэлээ хуваалцсан хүмүүсийн нэг юм. Сэнгийн Эрдэнэ гуайн “Нарангаравуу” өгүүллэгээр хийсэн “Эх бүрдийн домог” кинонд Жамъянгийн Бунтар найруулагч бид хоёр хамтарч ажилласан. Нэг сонин түүх сөхье. “Эх бүрдийн домог”-ийн зургийг Өмнөговийн Ханбогдод авсан юм. Биднийг зургийн натур руу явах үед Дашдооров “Говийн өндөр” роман, “Өндөр ээж” кино зохиолоороо төрийн шагналд нэр дэвшээд байлаа. Удаа ч үгүй төрийн шагналын тэмдэг энгэртээ гялалзуулаад хүрээд ирдэг юм. Ижий, аавдаа очилгүйгээр зургийн натур дээр ирсэн нь тэр. Бид ч бөөн хөөр баяр болоод хэсэг пижигнэлдлээ. Ингээд Дооровыгоо аваад Ханбогдоос Дундговь, Дэлгэрхангай уул руу нь явлаа. Төрдөө үнсүүлсэн хүнийг ижий, аавд нь үнсүүлэхээр зүтгэж яваа. Нар жаргах үед суманд нь давхиад ирлээ. Дооровыг маань угтаж байгаа хүн ч гэж алга. Одоо шиг утас шөрмөс, харилцаа холбоо хөгжөөгүй цаг. Сумын төвийн хажууханд гэрт нь хүрээд очтол ижий нь дүү охинтой нь хамт гарч ирээд хүүгээ хүзүүнээс нь зүүгдээд үнслээ. Дооров чинь бие томтой ханагар эр. Ижий нь атигар жаахан хөгшин. Хүүгийнхээ хүзүүнээс зүүгдчихсэн үнсэж буй тэрхүү дүр зураг одоо ч нүдэнд харагдаж, нулимсыг минь цийлэлзүүлдэг юм. Төрийн шагналт зохиолчийг төрүүлсэн “өндөр ээж” гэдэг тийм л байдаг юм билээ.

-Намайг урлагийн замд хөтөлсөн хүн гэж та Лодойдамба гуайг хэлдэг. Тэр их хүнтэй зэрэгцүүлээд “Монгол киноны тэргүүн жанжин” алдарт Дэжидийн Жигжид гуайн тухай асуух гэсэн юм?

-Намайг арав дугаар анги төгсөх жил Горькийн сургуулийн хуваарь олдоогүй. Эрхүүгийн их сургуулийн хуулийн ангийн хуваарь байдаг юм. Ээжид хэлтэл “ганц хүүгээ тийм сургуульд явуулахгүй” гээд халгаасангүй. Тэгснээс “Хүүгээ Рагчаад хэлнэ, эмч болгоно” гэдэг юм. Рагчаа гэж дотрын нэртэй эмч, доктор байлаа шүү дээ. Рагчаа ах, аав хоёр их найз байсан юм. Ингээд сургууль соёлгүй байж байтал нэг өдөр Лодой багштай таарлаа. Юм гэдэг их сонин. Лодой багш намайг нэг жил Кино үйлдвэрт ажил хий, ирэх жил чамайг хойшоо киноны сургуульд явуулна гэлээ. Тэгж л би Лодой багшаар кино үйлдвэрийг заалгаж босгыг нь алхсан түүхтэй. Самбуу гэж хүнтэй уулз гэж багш хэлсэн. Самбуу гэдэг нь Кино үйлдвэрийн дарга, жигтэйхэн их ханиалгаж бөгшүүлсэн хүн байж билээ. Тэнд би хуваарь хүлээж хоёр жил болсон. Эхний жил нь “Улаанбаатарт байгаа миний аав” кинонд Жигжид гуайн туслахаар ажилладаг юм. Дараа нь Чимэд-Осор гуайтай “Гологдсон хүүхэн” кинонд ажиллалаа. Монголын кино урлагийн хоёр багана нь болсон аваргуудтай хамт ажиллана гэдэг шаврай бандид бараг л их сургууль төгссөнөөс нь дутуугүй юм болж байлаа. Ингэж Лодой багшийн хэлсний дагуу Бүх холбоотын кино сургуульд Кулешов багшийнхаа гар дээр очсон.

Надад киноны “А” үсгийг заасан хүн бол яалт ч үгүй Жигжид гуай л даа. Түүхэн киног базаж хийдгээрээ гойд байсан. “Ардын элч”-ээс аваад Сүхбаатарын тухай цуврал кинонууд байна. “Мандухай цэцэн хатан”-ыг мань хүнээр хийлгээгүйд би их харамсдаг юм. Дөрөвдүгээр ангийн боловсрол л эзэмшсэн хүн. Найруулагчийн эрдмийг би Тарич багшаас авсан гэж өөрөө ярьдаг байсан. “Цогт тайж”-ийн найруулагчаар Тарич гуай ажиллахад Жигжид гуай ерөнхий оператороор нь ажилласан байсан. Тэгээд гаруйхан насандаа Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулж байв. Монгол кино урлагт тийм л гавьяат байгуулж алтан үсгээр бичигдэх хүн маань киноныхондоо гомдож таалал болсон юм шүү дээ. Мандухайгаас болж, үүний түүхийг хүмүүс мэднэ. Нэг удаа бид хоёр цэргийн ерөнхий сургууль дээр уулзалт хийгээд хэн билээ дээ, нэг хурандаагийн машинаар хүргүүлсэн юм. Тэгтэл өнөө хурандаа чинь Мандухайн тухай асуугаад “Энэ кинонд таны нэр ч байхгүй байна лээ. Уул нь Мандухайн тухай кино хийнэ гэж бүх хүчээ дайчлан зүтгэсэн хүн чинь та биз дээ” гээд палхийтэл хэлтэл Жигжид гуай юу чиг дуугаралгүй шууд асгаруулчихаж билээ. Тэгээд нэг их удаагүй дээ, хөөрхий минь.

-Манай Эрдэнэбулган ах Хатанбаатарт тоглосноо ёстой “их хувь заяа” гэж хэлдэг байсан. “Жигжидсүрэн найруулагчийг би сайн танихгүй байсан үе. Тэгтэл автобусны буудал дээр таарангуутаа бараг л мэнд ус ч үгүй “Хөөе нөхөр минь чи Хатанбаатарын дүрд тоглоно шүү” гэж шууд тулган хэлсэн гэдэг?

-Тэр үнэн л дээ. Намайг хойно сурч байхад З.Баттулга зохиолч “Удвал Хатанбаатарын тухай зохиолч бичиж байгаа гэнэ. Чи амралтаараа очоод уулзаарай” гэж хэлсэн байна. Тэндээс л киноны эхлэл тавигдсан юм. Амралтаараа ирээд Удвал гуайтай уулзтал “Жигжидсүрэн минь ээ, би юу ч гэсэн зохиолоо дуусгаадахъя. Кино болох эсэхийг мэдэхгүй шүү дээ” гэж аядуу намуухнаар намба заан хэлсэн. Би чинь тэр үед ёстой л нөгөө ааг омог нь багтаж ядсан, номын дууг нь сонсч, ногоотой шөлийг нь уучихсан оюутан учир юу юугүй л кино хийнэ гэж байсан үе. Ингэж л уран бүтээлийн ид үедээ “Хатанбаатар”-ыг хийсэн. Харин кино маань дэлгэцэнд гарсны дараа Удвал гуай “Жигжидсүрээн, их сайхан кино болжээ. Дүрүүдээ чи ямар сайн олоо вэ. Харин яагаад миний хайртай Боогоог минь алчихав даа. Үүнд л би сэтгэл эмзэглэлээ. Гэхдээ чиний шийдэл хүмүүст их хүрэх шиг боллоо” гэж билээ. “Их хувь заяа” романд Боогоо үхдэггүйг манайхан мэдэх болов уу. Боогоод тоглосон Алтангэрэл үнэхээр мундаг жүжигчин байсан. Яагаав, “Гарьд магнай”-н молиго Очир шүү дээ. Сайхан ч залуу байсан. “Гарьд магнай”-д тоглосныхоо дараахан “Жийгээ багш аа, би шинэ тэрэг аваад” гээд серчер барьчихсан, кабиндаа хүүгээ суулгачихсан Кино үйлдвэр дээр ирж байсан. Бид хоёрын сүүлчийн уулзалт тэр байсан. “Тунгалаг Тамир”-ын Хатанбаатарт тоглодог Дамиран “Жийгээ намайг Хатанбаатарынхаа дүрд тоглуулсангүй” гэж гомдоллосон, Цэрэндагва маань “Би Манлай баатар Дамдинсүрэнд тоглохгүй. Ганцхан Аварыгаа бүтээмээр байна” гэж уурлаад, түүнийг загнаж байж Манлай ван, Авар хоёрт зэрэг тоглуулсан гээд яривал барагдахгүй их дурсамж байна.

-Алдарт Мөөеө(Төрийн хошой шагналт Лувсанжамбын Мөрдорж), танай аав хоёр их найз байсан тухай та хэлдэг. “Анхны алхам”-ын “Хунгийн дуу” ч тэр хоёрын нөхөрлөлтэй холбогддог?

-Миний аав Жамсрангийн Гомбожав гэж Дорноговь аймгийн Сайхандулаан сумын хүн. Эдийн засагч хүн байсан. Худалдааны яаманд олон жил болсон. Сүүлдээ МОНЦАМЭ-д хорь гаруй жил нягтлан хийсэн дээ. Аав, Мөрдорж гуай хоёр их ойр явсан. Тэр үед шагай их харвадаг байж. Тэр хоёр нэг багийн хоёр шагай харваач байсан байгаа юм. Мөрдорж гуай сайн харвадаг байсан гэдэг шүү. Баг нь ч сайн баг байсан гэдэг юм. “Анхны алхам” киноны зураг авалтын үед натурт байхдаа дууны шүлгийг бичсэн. Тэр чинь 1969 он. Гол дүрийн хоёр жүжигчин болох Хүрэл, Цэцэгбалжид хоёрын дурлалыг яаж холбох вэ гэж бодсоны үүднээс ерөөсөө дуугаар холбоё гэсэн санаа төрсөн юм.

“Хөнгөн жигүүр ургаж гүйцээд

Холын тэртээд шувууд зорилоо

Онгон насны хосгүй учралд

Хайрын дээдээр чамдаа даслаа

Хорвоо ертөнц уужим гэдгийг

Хунгийн дэгдээхэй мэдээгүй

Хонгор чамтай учирна гэж

Хорьхон насандаа бодсонгүй” гээд бичлээ.

Анхнаасаа миний санаа бол Мөрдорж гуайгаар аяыг нь хийлгэх байсан. Тэгээд яаж хэлэх вэ гэж бодлоо. Намайг яваад очвол мэдээж хүлээж авахгүй. Тэгээд аавд хэлсэн хэрэг. Мөрдорж гуай хөгжмөө сонсгоод надад өөрөө дуулж өгч билээ. Мань эр чинь дуулахдаа тааруу. Над шиг солгой хоолойтой. Зундуйн Хангал бол сайхан дуулдаг байсан. Ингэхэд “Анхны алхам” киноны дуу миний анхны дуу биш юм. 1961 онд би “Гологдсон хүүхэн” киноны туслах найруулагчаар ажилласан. Тэгээд киноныхоо зураг авалтын үер “Насан туршийн хайр” гэж дууны үг бичиж, киноны маань Долингорын дүрд тоглосон Урлагийн гавьяат зүтгэлтэн Норсонжав гуайд тэр дууныхаа үгийг өгч байсан түүх бий. Уг дуу маань Ардын хувьсгалын дөчин жилийн ойн концертод дуулагдаж байлаа шүү дээ. Ингэж миний анхны дуу 1961 онд Норсонжав гуайн аялгуугаар төрсөн юм. Харин “Суварган цэнхэр уулс”-ын “Буцах хунгийн дуунаар сэрсэн, Буурал намрын сэрүүн шөнөөр” гээд эхэлдэг “Хунгийн дуу”-г Буурангийн Нандинцэцэг дуулсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүүлийн жилүүдэд жирэмсний эмгэгүүд, хүүхдийн эндэгдлийн шалтгаан нь утаа болж байна гэв DNN.mn

“Агаарын бохирдлын сүүлийн 10 жилийн судалгаанаас үзэхэд агаарын чанар ДЭМБаас хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс 27 дахин илүү бохирдож, 05 насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны хоёрдугаарт уушгины хатгалгаа өвчин орж байна” хэмээн анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа манай сонинд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн. Тэгвэл агаарын бохирдол жирэмсэн эх, урагт хэрхэн нөлөөлж буй талаар сурвалжиллаа.


Сүүлийн жилүүдэд жирэмсний эмгэгшил, зулбалт, дутуу төрөлт зэрэг нь Монгол Улсад ихээхэн нэмэгдэж байна. Үүний шалтгаан юу болохыг тодруулахаар Өргөө амаржих газрыг зорилоо. Өргөө амаржих газрын шинэ байрны нэг давхарт нөхөн үржихүйн тасаг байрлана. Энд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн жирэмсэн эхчүүд үйлчлүүлдэг байна. Нөхөн үржихүйн тасгийн үүдэнд арав гаруй эмэгтэй сууж байв. Нэгэн жирэмсэн эмэгтэйтэй ярилцлаа. Тэрбээр нэрээ гаргахгүй байхыг хүслээ.

-Та ямар үйлчилгээ авахаар ирсэн бэ?

-Би одоо гурван сартай жирэмсэн. Ураг минь хэвлий дотроо өсөлтгүй гэсэн онош тавигдсан. Тиймээс энд үр хөндөлт хийлгэхээр ирлээ.

-Юунаас болж ураг өсөлтгүй болдог юм бол?

-Ураг эхийн хэвлийд амьгүй болох, өсөлтгүй болох нь олон янзын шалтгаанттай гэсэн. Ихэвчлэн эхийн эрүүл мэндийн байдал, эхэстэй холбоотой байдаг. Эхэс нь эх болон ургийг холбох чухал эд бөгөөд урагт хүчилтөрөгч, шим тэжээлийг дамжуулдаг. Тэгээд агаар, орчны бохирдол, идэж буй хоол хүнс гээд олон зүйлээс хамаардаг юм байна.

-Уг нь та жирэмсний үеийн эмчийн хяналтдаа орсон байсан уу. Хянуулаад явж байхад тань эмч юу гэж байв?

-Хяналтын эмч зүгээр байна. Та хоёр эрүүл саруул сайхан торниж байна л гэдэг байсан. Тэгээд гурван сартай үеийн ЭХО-д харуултал зүрхний цохилт нь сонсогдохгүй байна. Та яаралтай Нэгдүгээр төрөхөд үзүүлж, нарийн шинжилгээнд хамрагд гэсэн. Тэгээд энд иртэл ийм онош тавигдаад одоо авахуулахаас өөр арга байхгүй гэнэ. (уйлав) Өргөө амаржих газарт иймэрхүү шалтгаантай олон эх ирдэг аж. Энэ нь юутай холбоотой талаар Өргөө амаржих газрын эх барих, их эмч Д.Ариунаагаас тодруулахад “Эмгэг болон эндэгдэлд нөлөөлөх олон шалтгаан байдаг ч нийгмийн гол асуудал болох цэвэр агаарын дутагдал буюу хүчилтөрөгчийн хангалтгүй байдал нэн тэргүүнд тавигдаж байна. Эхчүүдийг хотоос зайдуу салхилуулах нь бодитой шийдэл гэж үзэж байгаа. Харин хотоос гарах боломжгүй эхчүүд “Хүчилтөрөгч” буюу “02” бэлдмэлийг хэрэглэхийг санал болгож байна. 2005-2007 онд хүнсний чанаргүй бүтээгдэхүүний нөлөөгөөр тагнай цоорхой, уруул сэтэрхий хүүхэд төрөх нь элбэг байсан бол сүүлийн жилүүдэд жирэмсний эмгэгүүд, хүүхдийн эндэгдлийн шалтгаан нь хотын утаа болж байна” гэлээ. Өргөө амаржих газрын нөхөн үржихүйн тасгийн үүдэнд сууж буй жирэмсэн эхчүүд энэ мэт шалтгаантай иржээ. Нэг жирэмсэн эх үр нь тогтохгүй зулбах эрсдэл өндөр гэв. Дахин нэг эх өсөлтгүй жирэмсэн болсон байв. Мөн хүсээгүй жирэмслэлтийг энд үр хөндүүлэхээр ирэх тохиолдол олон байдаг юм байна. Ингээд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорив. Утаанаас шалтгаалсан ураг, үр зулбалтын талаар мэдээлэл тодруулахыг хүслээ.

НЭМҮТ-ийн тандалт судалгааны мэргэжилтэн Б.Нарантуяа ярихдаа “Канад улс дахь Саймон Фрейсерийн их сургуулийн судлаачид 2011 онд Улаанбаатарт ирж судалгаа хийхдээ нас барсан арван хүний нэг нь агаарын бохирдлоос үүдэж амиа алдсан гэх тоо баримт бий. Лос-Анжелос хотын хүүхдийн эмнэлгийн дэргэдэх Сабан судалгааны хүрээлэн Монгол Улсад эмэгтэйчүүдийн зулбалт, улирлаас шалтгаалсан агаарын бохирдол хоёрын хооронд маш хүчтэй статистик хамаарал байгааг судалж тогтоожээ. Уг хүрээлэнгийн судалгаагаар 10 мянган эмэгтэйн мэдээллийг цуглуулж, улирлын чанартай агаарын бохирдол, үр зулбалтын холбоог тодруулах судалгаа хийсэн байна. Тавдугаар сард нэг мянган амьд төрөлт тутамд сайн дурын 23 удаагийн үр хөндөлт байсан бол арванхоёрдугаар сар болоход мянган амьд төрөлт тутамд 73 удаагийн үр хөндөлт хийгдэж байжээ. Тэгэхээр хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ нь юутай холбоотой гэхээр ургийн гажиг, дутуу төрөх эрсдэл, амьгүй ураг, өсөлт зогсох гэх мэт олон шалтгаантай. Энэ бол 2015 оны тоо баримт” гэв.

НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд “Агаарын бохирдол ургийн өсөлт саарах, танин мэдэхүйн хөгжил муудах, жин багатай, дутуу тээлттэй хүүхэд төрөх, зулбах зэрэгт нөлөөлдөг” гэжээ. Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн судалгаагаар амьгүй төрсөн мянган ураг тутмын 6.8 хувь нь өсөлтгүй бол нийслэлд энэ хэмжээ 7.8 хувьтай байгаа юм. Өсөлтгүй жирэмслэлтийн дараа эмэгтэйчүүдийн 1-2 хувь нь гурав болон түүнээс дээш удаа зулбах эрсдэлтэй. Мөн монгол эмэгтэйчүүдийн үргүйдэл 15 хувьд хүрчээ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургууль, БНСУ- ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Судалгааны үр дүн 0-5 насны буюу бага насны хүүхэд Улаанбаатарын утаа, тоосжилтын нөлөөнд хамгийн их өртдөгийг тогтоожээ. 2014 онд 120 хүүхэд, 1200-1300 том хүн агаарын бохирдлын улмаас өвдөж, нас барсан гэсэн таагүй мэдээг тус судалгааны багийнхан өгөв. Хүүхэд халуурч, ханиалгаж, уушгины хатгалгаа тусаж байвал агаарын бохирдол хурцаар нөлөөлж эхэлсний дохио гэнэ. Харин томчууд Улаанбаатарын тоосжилт, утаа буюу агаарын бохирдлоос шалтгаалж, уушгины хавдар, зүрхний шигдээс, тархины харвалтын аль нэгээр өвчилж нас барах болжээ. Цаашдаа Улаанбаатарын утаа, агаарын бохирдол одоогийн хэмжээндээ үргэлжилбэл, өвчлөл, нас баралтын тоо эрс нэмэгдэнэ гэдгийг судлаачид онцлов. Гавьяат эмч, клиникийн профессор Д.Мянгаа “Ийм утаатай орчинд яаж цоо эрүүл уушгитай хүн байх юм. Ямар нэг зовиур шаналгаагүй ч гэсэн уушгины өвчлөлтэй л байгаа. Дийлэнх нь гуурсан хоолой бөглөрөх өвчин буюу бронхиттой. Одоо цоо эрүүл уушгитай хүүхэд байхгүй” гэлээ.


Хүүхдийн нарийн мэргэжлийн эмч Л.Сарантуяатай ярилцлаа.


-Утаанаас үүдэлтэй хүүхдүүдийн дундах уушгины өвчлөл нэмэгдсэн гэдэг. Танд энэ талаар тоо баримт бий юу?

-Нийслэлийн 220 мянган сурагчийн 9000 нь буюу таван хувь нь уушгины архаг бронхиттой, сүрьеэгийн далд халдвар тээгч болоод байгаа. АШУҮИС, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран уушгины бронхит, сүрьеэгийн судалгаа явуулсан байдаг. Тус байгууллагынхан нийслэлийн 15 сургуулийн 8-13 насны 9000 хүүхдэд сүрьеэгийн далд халдварыг илрүүлэх судалгааг хийсэн. Судалгааны эхний үр дүнгээр сурагчдын 10 хувь нь сүрьеэгийн далд халдвартай, гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн 30 хувь нь халдвар тээгч байжээ. Түүнчлэн судалгаанд оролцуулсан хүүхдүүдийн заримынх нь уушгины уг өргөссөн, булчирхай нь томорсон, хамгийн гол нь уушгины зураглал тодорч, бронхиттой болохыг оношилсон байна. Тэдгээр хүүхдүүдийн уушги 20 жил тамхи татсан хүнийхтэй ижил байсан.

-Өвлийн улиралд утаа эрс ихэсдэг нь урагт хэрхэн нөлөөлдөг бол?

-Өвлийн хорт утаа эхийн хэвлий дэх ургийн жинг 138.2 граммаар бууруулж, эрхтэн тогтолцоог гэмтээх болон эндэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Агаар дахь хүхрийн давхар исэл 30.48, азотын давхар исэл 42.96, нүүрстөрөгчийн дутуу исэл 29.96, том ширхэгт тоосонцор 34.88 граммаар ургийн жинг бууруулж хэвийн жинг алдагдуулдаг гэх судалгаа бий.

-Үр зулбалт болж буйг жирэмсэн эхчүүд мэдэх боломжтой юу?

-Үр зулбалтыг дотор нь эрт үеийн, хожуу үеийн гэж ангилна. Эрт үеийнх нь 12 долоо хоног доторх ургийг хэлдэг. Үүн дотроо тулгарсан, эхэлсэн, явуут, бүрэн бус зулбалт, бүрэн зулбалт, зуршсан, халдварлагдсан зулбалт гэж бий. Зулбалт болох үед хэвлийн доод хэсгээр базалж өвдөх, доош цус гарах, цус алдах, халуурсан, умайн хүзүүнээс идээрхэг ялгадастай, умайн хүзүү хөдөлгөхөд эмзэглэлтэй байх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хэрэв эдгээр шинж тэмдгүүд илэрвэл жирэмсэн эх яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.

Эмэгтэйчүүд нас ахих тусам төрөхийн хүндрэл, ураг эндэх, зулбах тохиолдлууд мөн нэмэгддэг байна. Ойролцоогоор найман жирэмслэлт тутмын нэг нь зулбалтаар төгсдөг ажээ. Нас ахих тусам зулбалт тохиолдох магадлал нэмэгддэг гэсэн мэдээлэл ч байна.

30-аас доош насны 10 жирэмсэн эмэгтэй тутмын нэг нь, 35-39 насны 10 жирэмсэн эмэгтэй тутмын хоёр нь зулбалтаар төгсдөг бол 45-аас дээш насны хоёр жирэмсэн эмэгтэй тутмын нэг нь зулбадаг гэсэн тоон мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байна.

Өсөлтгүй жирэмслэлтэд хүргэж болох олон төрлийн шалтгаан байж болох ч дийлэнх тохиолдолд үр хөврөлийн (хүүхдийн) хромосомын хэвийн бус өгөгдлөөс хамаарсан байх магадлалтай гэж үздэг. Иймд бүрэн урьдчилан сэргийлэх боломж байдаггүй. Гэвч өсөлтгүй жирэмслэлтийн дараа дахин жирэмсэлсэн хүмүүсийн 90 хувь нь хэвийн жирэмсэлж, хүүхдээ төрүүлдэг хэмээн эмч нар ярьж байна. Мөн жирэмсэн байх үеийн хорт зуршил ч үр зулбалтын олон шалтгааны нэг болдог аж. Хэрэв тамхи татдаг эмэгтэй жирэмсэн болбол ургийн өсөлтийн саатал нь харьцангуй эрт хугацаанд үүсэхээс гадна ургийн бүх эрхтэн системийг хамардаг. Ургийн жин хэвийн жирэмсэнтэй харьцуулахад 200 гр бага төрдөг. Тамхи их татдаг байх тусам гарах хүндрэл нь их байна. Өдөрт нэг хайрцаг дотор татдаг эхчүүдэд ургийн перинаталь эндэгдэл (20 долоо хоногоос төрсний дараах долоо хоног) 20 хувь байдаг бол нэг хайрцагаас илүү татдаг эхчүүдэд 35 хувь байдаг ажээ. Тамхи татдаг ээжээс төрсөн хүүхдүүд жин багатай, өсөлт хөгжилт удаан, байнга өвчлөмтгий байхаас гадна хүүхэд насандаа их энддэг нь батлагджээ. Ер нь жирэмсэн үедээ тамхи байнга татахад жирэмслэлт төрөлтийн хүндрэл хоёр дахин илүү тохиолддог хэмээн эрүүл мэндийн байгууллагаас судалгаа гаргасан байна. Хэрэв эх архи хэрэглэдэг бол хамгийн гол нь ургийн архины хам шинж гэдэг эмгэг үүсдэг ажээ. Тархалт 1000 жирэмсэн эхэд 1-2 нь ургийн архины хам шинжтэй байдаг. Архинаас үүдэлтэйгээр оюун ухааны хоцрогдол бусад мэдрэлийн эмгэгтэй хүүхэд төрөх нь элбэг. Нүүрний хэсгийн өөрчлөлт (хамрын уг хавтгай, нахиу хамартай, дээд уруул ховилгүй, дээд уруул нарийхан (загасан уруул), нүдний дотор буланд зовхи нийлсэн, нүүр хавтгай, хамар богинохон, толгой жижигхэн, нүд жижигхэн) зэрэг эмгэг үүснэ.

Ургийн архины хам шинжийн илэрхий шинж тэмдгүүдтэй байх нь архины нөлөөгөөр ураг гэмтсэнийг илтгэнэ. Архийг ямар хэмжээгээр хэрэглэснээс ургийн архины хам шинж үүсдэг болох нь тогтоогдоогүй байна. Байнгын хэрэглээтэй хүмүүст ч, нэг удаа их хэмжээгээр уусан хүмүүст ч ялгаагүй ургийн архины хам шинж үүсдэг. Мөн жирэмсний хоёрдугаар хагаст ураг аяндаа зулбах, ургийн бүтэлт үүсэх, Апгарын оноо багатай (дөнгөж төрсөн хүүхдийг арьсны өнгө, рефлекс, булчингийн тонус, амьсгал, зүрхны цохилтоор нь үнэлдэг шалгуур) хүүхэд төрөх нь элбэг хэмээн эрүүл мэндийн салбарынхан хэлж байна.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Woo seung lee: Нүдэнд харагдаж байгаа зүйл бодит биш ээ, түүний цаана байгаа мөн чанарыг харах хэрэгтэй DNN.mn

Аялал жуулчлалын энэ л оргил үед газар газрын хүмүүс манай улсыг зорин ирж байна.

Тэдний нэг нь БНСУ-ын зураач Woo seung Lee. Дөчин жил зураг зурж буй тэрбээр өдгөө Солонгосын Бундан хотод амьдардаг. “Crebiz” хэмээх уран зураг, дизайн судлалын хүрээлэнгийн захирал тэрбээр бас Хун Иг их сургуулийн боловсролын хүрээлэнд алба хашдаг ажээ. “Doowan Technical” их сургуулийн профессор тэрбээр уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ долдугаар сарын нэгэнд Монголын Уран зургийн галерейд дэлгэн толилууллаа. Үзэсгэлэнгийнх нь нэр 0=0. Нэрнээсээ эхлээд нэн сонирхолтой энэ үзэсгэлэнгийн нээлтэд БНСУ-аас Монголд суугаа Элчин зөвлөх Ким Чоль Сан, Монголын Урчуудын эвлэлийн ерөнхийлөгч П.Ганбат, монголын Галерейн Холбооны тэргүүн С.Шоовдор тэргүүтэй олон хүн оролцлоо.

Дөрвөн жилийн өмнө Монголд анх ирээд тэрбээр Баян-Өлгий аймгаар аялжээ. Ингэж аялахдаа тэр манай орныг төдийгүй өөрийгөө цоо шинээр нээжээ. Тэр үеийн сэтгэгдлээ уран бүтээлдээ тусган энэхүү үзэсгэлэнгээ гаргасан аж. Ингээд түүнтэй ярилцлаа.


-Монголд анх ирээд төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу?

-Байгалийн гайхамшиг шууд нөлөөлсөн гэж болно. Монголын байгаль тэр тусмаа Монгол нутгийн салхи надад огт өөр мэдрэмжийг өгсөн. Энэ салхи, тэр салхины чимээ миний далд мэдрэмжүүдийг сэрээж, асааж өгөх шиг санагдсан. Би Монголд анх ирээд Баян-Өлгий аймагт очсон юм. Тэндхийн уул усаар аялж бас хадны зурагтай танилцсан. Алтай таван богдоор аялсан тэр зуны майхантай аялал миний нүд, сэтгэлийг шинээр нээх шиг болж билээ.

-“Шинээр нээх шиг болсон” гэдэг үгээ жаахан задалж тайлбарлаж хэлэхгүй юу?

-Энд би байгаль ертөнцийн аугааг мэдэрсэн юм. Улмаар нүдэнд бус сэтгэлд л харагддаг дэлхий ертөнц бас байдаг юм байна гэдгийг ойлгосон. Далд гоо сайхан, далд чанадын хүчнийг нээсэн гэж болно. Ингээд хүн болоод байгалийн далд чанадын сэтгэл, тэдний уялдаа холбоо, нүдэнд үл харагдах дэлхий ертөнцийн талаар зурахыг эрмэлзсэн юм.

-Монгол орон таны сэтгэл зүрхийг хөдөлгөн хөгжимдөөд зогссонгүй бодол, сэтгэлгээнд тань бас өөрчлөлт оруулжээ дээ?

-Тийм ээ. Монгол бол аугаа гайхамшгийн орон. Хүн төрөлхтөн болон байгальд эрх чөлөө гэж байдаг юм бол тэрийг энд л бүрэн мэдэрч бас хүртэж болно. Нар мандахаас жаргах хүртэлх бүхий л зүйлийг алган дээрээ тавьсан мэт бэлэг болгон өгдөг. Тэр нь үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжийг өгдөг. Энэхүү үзэсгэлэнгээрээ би тэр мэдрэмжээ бусадтай хуваалцахыг зорьсон. Монголд ирээд би нүдээрээ харж чадахгүй холын өнгийг ч харж чадлаа.

-Таны үзэсгэлэнгийн нэр сонин санагдлаа. Үзэсгэлэнгээ яагаад 0=0 нэрлэв?

-Амьдрал эхлэл бас төгсгөлтэй. Үхэл амьдрал, эхлэл төгсгөл ав адилхан мөн чанартай юм шиг санагддаг. Уул гэж харахад тал мэт. Тал гэж харахаар уул мэт. Тэгэхдээ эцсийн эцэст уул бол уул л юм. Ус бол ус л юм. Хүүхдийн нүдээр харахад бүх зүйл энгийн биш, ер бусын байдаг байх. Тэгтэл тэдгээр нь энгийн ч байж мэднэ. Энгийн бус ч байж мэднэ. Амьдрал болоод үхлийн тухай ойлголтоо үзэсгэлэнгийнхээ нэрэнд багцлан хураасан юм.

-Та мэргэжлийн зураач болоод хэдэн жил болж байна вэ. Энэ хооронд олон үзэсгэлэн гаргаж байв уу?

-Зураачийн мэргэжил эзэмшээд 40 жил болж байна.Чонь жү ахлах сургуулийг төгссөн. Улмаар Хун Иг сургуульд өрнийн уран зургийн чиглэлээр суралцаж, бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. Америк, Япон, Хятад зэрэг улс оронд 80 гаруй хамтарсан үзэсгэлэнд оролцсоон. Арав гаруй удаа өөрийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан.

-Арван үзэсгэлэн гаргана гэдэг асар их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шүү. Та олон сайхан шагнал хүртэж байв уу?

-Би Солонгосын Уран бүтээлчдийн “Тэргүүн дээд” шагналыг хүртсэн. Бас “Жун Ан” сонины газрын шагнал хүртэж байсан.

-Та бол байгалийн өнгө гэрлээр дамжуулаад хүн байгалийн хүйн холбоо, тэдгээрийн сэтгэл зүрхний эгшиг аялгууг гаргахыг зорьдог зураач юм байна. Таны энэ үзэсгэлэнгээс тийм нэг далд, нууцлаг эгшиг аялгуу дуурьсаад байх шиг санагдлаа?

-Уран зураг бол аугаа гайхамшгийг илэрхийлсэн хэл юм. Монголын байгаль бол аугаа гайхамшигт түрлэг юм. Тэр л сүрлэг гайхамшигтай түрлэг дотор тийм нэг жижигхээн салхи байсан. Тэр салхийг би алдахыг хүсээгүй. Тэр л жижигхэн атлаа ер бусын салхийг сэтгэлдээ тээн хадгалж, уран бүтээлээрээ дамжуулан үзүүлэхийг би зорьсон юм.

-Та салхийг онцгой мэдэрдэг зураач юм байна. Өөрийнхөө уран бүтээлийг та юутай холбон зүйрлэх дуртай вэ?

-Салхи гэдэг онцгой, сонин сайхан зүйл. Салхи бол байгалийг ч тэр, хүн зоныг ч тэр сэргээж, алив сайханд уриалан дуудаж байдаг эрчимт урсгал. Салхи үгүй бол өвс ургамал ч, хүн амьтан ч тэр амьсгалж чадахгүй. Салхи байхгүй бол цэцэг навч, ургамал ногоо ч доройтон муудаж, өнгө зүсээ алдана. Би өөрийнхөө уран зургийг, уран бүтээлийг салхитай адилтган зүйрлэнэ. Өөрөө би уран зургаар амьсгалж, хүмүүн олон миний уран зургаар амьсгалж буй юм. Тийм болохоор миний бүтээл бас салхи юм.

-Та мэдээж олон улс орон, олон газраар аялсан байх. Монголын говь тал нутгаар аялав уу. Алтай таван богд, Монголын их хээр хоёр бас огт өөр эгшиг аялгуутай байгаа даа?

-Одоохондоо би говь тал нутгаар аялж амжаагүй байна. Би олон газраар аялсан болов чиг Монгол шиг харагдаж байгаа өнгө төрхөөс нь дээр үеийн, бүр эртний зүйлс тодрон гийх мэт сэтгэгдлийг төрүүлсэн газар очиж байсангүй. Тэгтэл Монголд ирээд тийм өнө эртний аялгуу, өнө эртний өнгө төрх, эрт урьдын үүх түүхийг эх байгалиас нь сонсож, үзэж харсан маань гайхамшигтай байлаа.

-Энд ирээд таны оюун санаа тийм алс холд зорчихын амтанд умбасан хэрэг үү?

-Тийм ээ. Оюун санаа, ой ухаан маань эрт цагт оччих мэт санагдаж, өнө эртний дурсамж дурдатгалууд сэргэж, тийм нэг далд эгшиг аялгуунд умбах шиг болдог нь сонин. Монголд ирээд дээр үеийн бодлууд маань дахин сэргэж, далд сэрэхүй минь эгшиг уянгаар цалгих шиг болсон. “Нүдэнд харагдаж байгаа зүйл бол бодит зүйл биш ээ, түүний цаана байгаа гэрэл сүүдрийг харах хэрэгтэй” гэж хаа нэгтэйгээс шивнээд байх шиг санагдсан.

-Монголд ирснээр та өөрийгөө нээж бас шинээр олж, уран бүтээлчийн олз омогтой яваа юм байна. Энэ үзэсгэлэнд тавигдсан бүтээл бүхэн өөрийн хэлтэй, эгшиг аялгуутай бас нууц кодтой юм шиг санагдлаа?

-Танай сайхан оронд ирснээр би өнө холын бодол, дурсамжуудаа өнгөөр илэрхийлж гаргаад зогсоогүй дуу чимээг хүртэл өнгөөр гаргаж чадлаа. Дуу чимээг хүртэл өнгөөр илэрхийлж гаргаж болно гэж өмнө нь би бодож төсөөлж байгаагүй. “Тийм дуу, ийм эгшиг аялгууг ийм өнгөөр ингээд гаргаад ирж болно шүү дээ” гэж толгойд тон хийтэл хэлэх шиг болсон. Харагддаг мөртлөө харагддаггүй, мэддэг мөртлөө мэддэггүй зүйлээ олж авсан минь хамгийн том олз байлаа.

-Та Монголын их говь руу очвол илүү их зүйлийг олж авах байх аа. Тэндээс бүр эртний эгшиг аялгууг сонсож болох байх аа.

-Тэгнэ байх. Монгол нутагт ирээд би далай үнэртэхийг мэдэрсэн шүү. Газраас нь далай үнэртэж байсан. Дэлхийн гүний их түлхэлтээр Гималайн уулс бий болсон шиг Монголын их говь, энэ тал нутаг далайн их уснаас үүдэлтэй юм шиг санагдсан.

-Танд яагаад тийм мэдрэмж төрсөн юм бол?

-Энийг мөн л Монгол нутгийн салхинаас мэдэрсэн юм. Их далай, их тал нутаг хоёр яг адилхан санагдсан. Би хэдийгээр Монголын их говь талаар аялаагүй байгаа ч тийм мэдрэмжийг олж аваад байгаа. Баян-Өлгийн цавчим уул хад руу авирлаа. Тэндээс урсаж байгаа гол горхи маш гоё мэдрэмжийг өгсөн. Тэдгээр мэдрэмжээ уран бүтээл болгосон доо.

-Та одоо ямар хотод амьдарч байна вэ. Өөрийнхөө гэр бүлийг танилцуулна уу?

-Одоо би Солнгосын Бундан хотод амьдарч байна. Сөүлийн дагуул хот л доо. Гэргий маань арьс, гоо сайхны эмч хүн. Бид нэг хүүтэй. Хүү маань Америкийн Бостон хотноо Дизайн бизнесийн чиглэлээр суралцаж байна. Би одоо Хун Игийн боловсролын хүрээлэнд уран зургийн чиглэлээр багшилж, хажуугаар нь уран бүтээлээ хийж байна.

-Монголд та гурван ч удаа ирчихлээ. Монгол хүний ямар зан чанар танд онцгой сайхан санагдав. Бас засч залруулаасай гэмээр дутагдалтай талыг ч гэсэн олж харсан байх даа?

-Бие биедээ тусална гэдэг монгол хүмүүст жирийн, энгийн, өдөр тутмынх нь зүйл юм байна. Энэ нь нүүдэлчдийн амьдралын хэв маяг, бараг зан заншил нь юм байна гэж ойлгосон. Ямар ч айлд орсон гайхалтай сайхан зочлох юм. Огт танихгүй хүнийг дайлж цайлаад зочилж хүндэлж байгаа нь онцгой сайхан санагдсан. Хөдөө замд явж байгаад машины маань бензин дуусахад замд таарсан машин зогсоод жолооч нь бензин хийж өгсөн. Бүр амаараа сорж байгаад өөр саванд юүлж өгсөнийг солонгос хүмүүст хэлбэл үнэмшихгүй байх. Бас хөдөө явж байгаад замаа мэдэхгүй асуухад захын хүн бүр хэрэг болгоод зааж зурж өгч байгаа нь үнэхээр онцгой сэтгэгдэл төрүүлсэн. “Монгол хүн + Нөхөрсөг найрсаг” гэсэн тодотгол үгээр тэмдэглэвэл зохилтой санагдсан. Одоогоор би монгол хүний дутагдал, буруу зөрүү зүйлийг олж хараагүй л явна.

Тэрбээр Монголд, Монголын байгальд чин сэтгэлээсээ дурлажээ. Тэр тусмаа Монголын салхинд. Дугуй дугуй дүрсээр өөр бас өнгө гэрэл, дүрс…янз бүрээр илэрхийлэн гаргасан ажээ. Байгаль эх гэдэг бол энергийн хамгийн хүчтэй шавхагдашгүй эх булаг. Энэхүү гайхалтай эх булагтай бид зэрэгцэн оршиж хэдэн мянганыг үдсэн гэхэв. “Энэ зураачийн бүтээл зөн совингийн шинжтэй юм. Борооны усаар тэжээгдэн мэлмэрэх нүдэн нууруудыг дүрсэлсэн нь сүнслэг, нэн сонирхолтой санагдлаа” гэж урлаг судлалын ухааны доктор С.Бадрал хэлж байв. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр УГЗ, зураач С.Дагвадоржтой уулзахад “Маш гоё уянгалаг бүтээлүүд хийжээ. Нэр нь гэхэд 0=0. Бөөн философи байгаа биз дээ. Дэлхий ертөнцийн уур амьсгал, газар дэлхийн шивнээн, зүрхний цохилтыг зурахын ялдамд тэндээ хүнийг дүрс бичиг мэт “тэмдэглэсэн” байгаа нь нэн сонирхолтой. Монголын зураачид сурах юм ихтэй, гайхалтай бүтээлүүдтэй үзэсгэлэн болжээ” гэж ярилаа.

Агаар салхи, уул ус, ургамал ногооны хэлийг мэднэ гэдэг гайхалтай. Байгалийн хэл болоод сэтгэлийг таньж, тэдэнтэй ойлголцож чадна гэдэг жинхэнэ уран бүтээлчийн чадал чансаа юм даа гэж бодлоо. Уулсын хэлийг мэдэж, талын салхитай хүүрнэж, далайн давлагааг элсний ширхэгээс анирдаж чадна гэдэг гайхамшиг биш гэж үү… Монголын байгаль түүнд сэтгэлгээний эрх чөлөөг бүрэн дүүрэн бэлэглэсэн бололтой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Би ээждээ амьд л очих ёстой” гэж шүд зуун, долоо хоног мөлхөж аюулаас аврагдсан Ц.Түмэндэлгэр DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………………………..

Өвлийн тэсгим хүй­тэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү. Хичнээн дулаан хувцастай бай­сан ч удаан хугацаагаар гадаа алхана гэдэг бүр ч амаргүй. Тэгвэл Цэрмаа­гийн Түмэндэлгэр гэдэг залуу идэр есийн хүйтэнд эзгүй говьд зургаан шөнө, долоон өдрийг дан дээл­тэй мөлхөж өнгөрүүлжээ. Мотоциклиос унаж хөлөө бэртээсэн тэрбээр өл зал­гуулах ямар ч хоол, унд­гүй цасан шуургатай хахир өдрүүдийг туулсан юм. Ц.Түмэндэлгэр өөрт тохиолдсон эл аюулыг сөрж, давж чадсанаараа монгол эр хүний тэсвэр тэвчээ­рийг илтгэн харуу­лах шиг. Энэхүү бахар­хууштай үйл явдлыг ун­шигчид­тайгаа хуваал­ца­хаар өмнийн цэнхэр говийг зориод ирлээ.

Ц.Түмэндэлгэр Өм­нө­говь аймгийн Номгон сумын Хармагтай багт амьдардаг, эгэл жирийн малчин. Энэ баг Өмнө­говь аймгийн хам­гийн захад орших сумын нутаг болохоор хилтэй ойр. Харин төв суурин газ­раас бас ч гэж зайтай. Гол баатар маань Номгон сумын уугуул. Тэнд л төрж, өсч, малаа маллан амьдарч яваа нэгэн. Эхээс тавуулаа бөгөөд дөрвөн дүүтэй. Тэдний хоёр нь өрх тус­гаарлажээ. Өдгөө 37 настай Ц.Түмэн­дэлгэр ээж, хоёр дүүгийн­хээ хамт амьдардаг. Тэднийгээ асарч, ар гэрээ авч явдаг ганц хүн нь юм билээ. Тавдугаар ангид орсон жилдээ сургуулиа орхиж, мал дагажээ.

Энэ залуу­гийн яриаг ажиг­лаад байх нь ээ, олон зовлон бэрх­шээлийг туулсан болол­той. Хэр баргийн юманд бүд­рээд байхааргүй нэлээд ха­туу­жилтай, дээрээс нь үг яриа цөөтэй, ёстой нэг гүн­дүүгүй монгол эр шиг санагд­сан. Харин тэрбээр эзгүй хээр талд олон хоногийг өнгөрүүл­сэн тухайгаа ярихдаа “Унтах л юм бол аюулд орно. Би ээждээ амьд л очих ёстой” хэмээн өөртөө байн байн сануулж байсан гэнэ лээ. Тэрбээр 2013 оны нэгдүгээр сарын 19-25-ны хооронд ор сураггүй байсан юм. Ийнхүү малчин залуу Ц.Түмэндэлгэр амьдралын төлөө үхэлтэй хэрхэн тэмцэлдсэн тэр өдөр хоно­гуудын үйл явдлыг сийрүүлье.

Нэгдүгээр сарын 19. Ца­гаан сар болоход 20-иодхон хоног дутуу байв. Ц.Түмэн­дэлгэрийн ээж, дүү нар нь баярынхаа бэлтгэлийг базаа­хаар төв суурин газар руу явчихсан эзгүй байлаа. Гэр­тээ ганцаар үлдсэн Ц.Түмэн­дэлгэр өглөө эрт босч цай юугаа чанахаас өгсүүлээд мал хуйгаа тойглох ажил түүнд оногдов. Энэ өдөр дөрвөн ес эхэлж байсан бо­ло­хоор тэр үү тэнгэр хангай тийм ч сайнгүй байж. Ц.Түмэн­дэлгэрийг өглөө эртлэн бо­соход урд өдрийнхөөс нэ­лээд жихүүндүү байсан гэнэ. “Ээж, дүү нар нь маань өнөө­дөр ирнэ. Тэнгэр муудаж, замдаа саатчих вий дээ” гэж тэрбээр санаа зовнин хүлээж байжээ. Тиймээс мань хүн тэднийгээ ирэхэд нь дулаан гэрт, халуун цайтай угтана гэсэн бодолтой малаа тийм ч хол бэлчээгээгүй байна. Тэднийх бог малтай бөгөөд дийлэнх нь ямаа ажээ. Бага үдийн алдад Ц.Түмэндэлгэр гэртээ ойр зуурын ажил хий­гээд сууж байтал өрх нь дэрвэлзэж, юу юугүй цасаар шуурах нь бололтой ганц нэг хаялж эхлэв гэнэ. Шалавхан гараад хартал ойр хавьд мал нь харагдсангүй. “Өнөөх гайх­­лууд чинь салхинд тууг­даад явчихлаа шүү” хэмээн бод­соор хам хум малгайгаа өмсч, бээлийгээ гартаа уг­лаад гар­чээ. Шуудхан мото­цикльдоо мордож, “Шар нохойт” гэдэг газрыг чиглэн хурдлав. Энэ газар дов тол­год­той, хад чулуу ихтэй аж. Гэрээсээ 3-4 км хэртэй холд­тол малынх нь бараа харагд­жээ. Ц.Түмэн­дэлгэр мал руу­гаа дөхөж ирэнгүүтээ хурдаа багасгав. Хонь, ямаагаа зах­лан түрүү­чийг нь эргүүлэхээр жолоогоо чиглүүлж, бартаан дундуур аядуу явж байлаа. Гэтэл саад тулгарч жо­лоогоо огцом дартал онхол­дон унажээ. Энэ осол түүнийг хөдөө зэлүүд газарт олон хонуулна чинээ хэн санах билээ. Мань эр мотоцикльдоо даруулж газарт унангуутаа шуудхан босоод иржээ. Амин­даа унаагаа босгоод давхичих санаатай дээшээ өндийтөл толгой нь эргэж, хөл нь гуйван тэнцвэрээ олж чад­сангүй. Онхолдонгуутаа шо­конд орж, өвчнөө ч мэдрэлгүй боссон бололтой. Гэтэл түүний зүүн хөл нь маш их өвдөж байхыг анзаарч гэнэ. Газарт сууж байгаад гутлаа тайлан хартал нарийн шилбэ нь хугарчихсан байж. Яах учраа олохгүй мотоциклио налан суужээ. “Ямартай ч энэ хэдэн малаа эргүүлчихлээ” хэмээн боджээ. Хонь ямаа нь ч гэрийнх нь чигтээ бэлчиж байгаа харагдав. Азаар цасан шуурга тавьсангүй. Ц.Түмэндэлгэр тэндээ нэлээд удаан суужээ. Нар ч жаргав. Тэрбээр суусаар л байлаа. Босъё босч болохгүй, холбоо барих гээд гар утас ч үгүй явсан учраас хэн нэгэн хү­рээд ирэхийг найдан хүйтэн цасан дээр бүрий болтол сууж өнжжээ. “Одоо гэрийн­хэн маань төвөөс ирчихсэн бай­гаа даа. Намайг хайгаад ир­чих ч юм бил үү” гэж бод­соноо “Өвчтэй ээжийн маань санаа зовох вий дээ. Дүү нар маань ч явган нүцгэн яаж хайх билээ” гэж түмэн зүйлийг эргэцүүлнэ. Цаг ч орой болж Ц.Түмэндэлгэр нэлээд жин­дэж, даарч байгаагаа сая анзаарчээ. Тэрбээр тухайн үед ердөө ноосон цамцан дээр нэг тэрлэг давхар­лаж гадуураа юүдэнтэй ним­гэвтэр куртка угласан байжээ. Харин гутлын хувьд оймсон түрий­тэй орос бахиал өмссөн байв гэнэ. Тэрбээр ингэж осолдоно чинээ огтхон ч санаагүй нь мэдээжийн хэрэг. Өдөр бүр ийм л хувцастай мотоцик­лиор малаа хариул­даг хойно доо, арга ч үгүй болов уу. Сүүлийн найман жил мото­цикль унаж буй тэр­бээр урьд нь ямар нэгэн осол аваарт өртөж байгаагүй гэсэн.

Шөнө дөл болов. Нохой явган гахай нүцгэн гэгчээр Ц.Түмэндэлгэр тэндээ өглөө болохыг хүлээн суулаа. Өвч­тэй хөлөндөө шаналан шөнө цурам ч хийж чадсангүй. Харин ээж, дүү нар нь гэртээ ирж, түүнийг гэрээ эзгүй ор­хиод явсанд тун гайхацгаа­жээ. Мал нь гэрийнхээ хаяанд байхад хаашаа явчихдаг хүү­хэд вэ гэж ижий нь санаагаа чилээж гэнэ. “Эсвэл сум орон нутаг руу бидний өөдөөс явчихав уу. Замд таараагүй дээ” гэж бас бодов. Хүүгийн­хээ араас сэтгэл нь гэгэлзсэн Цэрмаа гуай тайван унтаж чадаагүй байна.

Нэгдүгээр сарын 20. Үүрээр нэлээд хүйтэрч, Ц.Тү­мэндэлгэр даарч, хурдхан нар мандахыг тэсэн ядан хүлээж сууна. Нар ч мандлаа. Салхи тогтуун, сайхан өдөр болох шинжтэй хэмээн тэр­бээр дотроо цухас баярлав. “Хэрэв намайг олохгүй бол би эндээс хөдөлж, харьж чадах­гүй. Эсвэл би авто зам руугаа ойртох хэрэгтэй. Тэгж байж амьд гарна. Эзгүй талаас хэн л намайг олох билээ” гэж боджээ. Ядаж байхад говийн­хон хангайнхантай адил айл саахалтаараа багшралдаад байхгүй. Хамгийн ойр айл нь 2.5 км зайтай байдаг. Тий­мээс Ц.Түмэндэлгэр өөрийг нь хэн нэгэн тэндээс олно гэдэг бараг худлаа гэж боджээ. Хөл нь янгинаж, шөнөжин тарчил­сан болохоор мань эр яах учраа олохгүй л байлаа. Ядаж байхад ходоод нь хон­хол­зож, өлсч байгаа гэж жигтэйхэн. “Ямартаа ч зам руу дөхье. Тэр нь хамгийн зөв арга, замын унаа тааралдвал хот суурин газар руу дөхөх боломжтой” гэж дэмий л ганцаараа үглэнэ. Авто зам түүний барагцаагаар гэрээс нь холгүй санагджээ. “Шар нохойт”-оос гэр нь 3-4 км-ийн зайтай бол тэндээс авто зам хүртэл 1-2 км гэнэ. Ингээд мань эр зам руу мөлхө­хөөр шийджээ. Зүүн хөл нь шил­бээ­рээ хоёр хугарсан тэрбээр дөрвөн хөллөөд мөлхөж бо­лох­гүй. Эхэндээ хөлөө жийж суусан чигтээ хоёр гараа­раа газарт тулан ухарчээ. Гэвч шальтай явж чадсангүй. Тав зургаахан метр хэртэй зүтгээд цуцжээ. Ам нь цангаж, өлсөхийн эрхэнд цас руу нүүрээ наав. Цаснаас гартаа базаж бай­гаад иднэ. Гэвч огт амны цангаа нь гараагүй байна. Ямартаа ч зам руу зүтгэх ёстой гэж тэмүүлсээр байв. Ядаж байхад тэр хэсэг чулуу ихтэй болохоор арай ядан аврал эрэн зүтгэх түүнд том саад болж байжээ. Тэрбээр хоёр метр хэртэй мөлхөж, амсхийхдээ цас иднэ. Тэр­бээр энэ өдөр 200 орчим метр мөлхсөн байна. Шөнө гавьтай газар хороож чадахгүй болохоор нөмөр газар бараадав. Хадны нөмөрт сууж, үүр цайлгая гэж шийджээ. Шөнөжин юу эсийг бодохыг хэлэх вэ. “Ээж маань яаж байгаа бол, дүү нар ма­лаа маллаж чадаж байгаа болов уу даа” гэхчилэн янзан бүрийн бодлоор өөрийгөө саатуулан цаг аргацаана. Гэнэтхэн “Хэн нэгэн энүүгээр явж байгаа болов уу” хэмээн чимээ чаг­навч эзгүй талд Ц.Түмэндэл­гэрийн өөрийнх нь амьсга­лаас өөр юу ч сонсогдсонгүй. “Ийм аниргүй байхад орилж хашгираад яах ч билээ” хэ­мээн өөрийгөө тайвшруул­на.

Нэгдүгээр сарын 21. Нар мандахад шөнөжин даар­сан мань эр бага ч болов бүлээцэв. Тэрбээр “Унтаж л болохгүй. Тэгвэл хөлдөж үхнэ” гэж хоёр алгаа хооронд нь үрж, нүүрээ барин сууна. Хоёр өдөр хэлэн дээрээ цаснаас өөр юу ч тавиагүй тэрбээр ядарч туйлдан хөлнийхөө шарханд ч бүр эмзэглэнэ. Нойр нь хүрэх боловч “Энэ хөл зэргийн юм яахав. Шөнө л унтаж болохгүй. Би ээждээ амьд очих ёстой” гэж байн байн өөрийгөө сэргээнэ. Хадны нөмөр бараадаж шөнийг өнгөрүүлсэн тэрбээр гэгээ ормогц л зам дөхөхөөр урагшилжээ. Өмнөх өдөр хоёр алгаараа газарт тулж явсан нь хамаг биеийг нь хөндүүр болгожээ. Ингээд баруун гараараа газарт тохойлдож, хөлөө чирсээр хажуулдан мөлхөв гэнэ. Нэг хоёрхон метр яваад л цуцна. Зам ойрхон байгаа гэж өөрийгөө зориг­жуулан амьсгаагаа дарангуу­таа л мөлхөөд байжээ. Ам цан­гахын эрхэнд цасаар амаа дүүргэх боловч ямар ч нэмэргүй. Сүүлдээ хэл ам нь өвдөж, хоолой нь хөндүүр­лэжээ.

Аргаа барахдаа өөрийн­хөө усыг алган дээрээ тосож уужээ. Амных нь цангаа бага ч болов тайлагдах шиг болж гэнэ.

Дээшээ тэнгэр хол, доо­шоо газар хатуу гэгч Ц.Түмэн­дэлгэрт тохиолдов. Үд хэвийх алдад нэг зүүрмэглээд сэртэл хажууханд нь мал ирсэн байж. Тэрбээр ихэд баярла­жээ. “За энэ чинь хэний мал вэ” гээд хартал нүд нь бүрэл­зээд нэг л сайн таньж чадах­гүй байж. “Малаа хариула­хаар хэн нэгэн ирж л таарна” хэмээн баахан горьдсон боловч дэмий хүлээжээ. Хэн ч ирсэнгүй гэнэ. Эхний өдөр 200 метр мөлхөж байсан Ц.Тү­­­мэндэлгэр шальтай ахихаа больжээ. Замдаа хэд хэд амран байж энэ өдөр ердөө 100-гаадхан метр га­зар л хороосон байв. Өөрий­гөө хүчлэн мөлхөх үед Ц.Түмэн­дэлгэр тийм ч даарч дагжирдаггүй байж. Харин үүр шөнийн заагаар л маш их даардаг байжээ.

Энэ шөнө тэрбээр мөн л хадны нөмөрт хоног өнгөрүү­лэхээр шийджээ. Хавирган сарны бүдэг гэрэлд цасанд дарагдсан цэлийсэн тал улам гэгээ нэмэх мэт харагджээ. Ойр хавьд нүдэнд торох юу ч үзэгдэхгүй. Гэтэл шөнө дө­лөөр чоно улих чимээ түүнд сонсогджээ. Бүр хэдхэн зуун метрийн зайтай явж байгаа нь ч мэдрэгдэж гэнэ. Ц.Тү­мэндэлгэрийн хувьд айдсыг ардаа орхисон байв. Говийн чоно галзуурчихаагүй л бол арай ч хүн барьж идэх дээрээ тулаагүй дээ хэмээн тайван сууж байжээ. Үүр хаяарах үеэр тэрбээр гэнэтхэн цочиж сэржээ. Өөрийн мэдэлгүй зүүрмэглэсэн нь тэр байж.

Нэгдүгээр сарын 22. Гэрээ­сээ холддоггүй Ц.Түмэн­дэлгэр сураг тасраад гурав хонолоо. Цэрмаа гуай сум орон нутаг руугаа хэл хүргэ­жээ. Мотоцикльтой яваад сураггүй болсон хүүгийнх нь араас Номгон сумын захир­гаа эрлийн ажиллагааг зохион байгуулжээ. Ингээд тус сумаас эрлийн хоёр баг гарч, Ц.Түмэндэлгэрийг хай­жээ. Ямар ч ул мөргүй алга болсон түүнийг хаа сайгүй хайсан байна. Харин ар гэрийн­хэн нь мэддэг, чаддаг гэсэн үзмэрч, төлгөч нарт ханджээ. “Танай хүүхэд амь­тай голтой явна” гэж хэлэх нэгэн байхад “Амиа хорло­чих­сон гэж төлгө буулаа” хэмээн Цэрмаа хөгшний сэт­гэлийг өвтгөх төлгийг зарим үзмэр­чид хэлж байжээ. Ингээд эрлийн багийнхан үзмэрч­дийн хэлсэн газруу­даар эрж гэнэ. Гол ус гээд л яваагүй газар үгүй гэнэ. Энэ өдөр эрлийн багийнхан шөнө дөл болтол ажиллаад мухар­даж, маргааш нь үргэлж­лүүлэн хайхаар болов.

Тэр хойгуур нутаг усанд нь Ц.Түмэндэлгэрийн талаар таагүй цуу дэгджээ. “Хөөрхий залуу сэтгэлээр унаж, хоолойгоо боомилсон гэнэ лээ”, “Хөлдөөд амиа алдсан гэсэн” гэх зэргээр амнаас ам дамжин ярих болжээ.

Нэгдүгээр сарын 22-ны тэр өдөр хүйтэн цасан шуурга­тай байсан болохоор эрлийн багийнхан Ц.Түмэн­дэл­гэрийг олоход саад бол­сон бололтой. Харин мань эр үхэлтэй тэмцэлдсээр шуурга сөрөн мөлхөж байсан юм. Гурван шөнө, дөрвөн өдөр түүний хувьд маш хурдан өнгөрчээ. Зүг чигээ алдаж болохгүй, энэ хавьд зам бай­гаа гэж өөртөө итгэсээр мөл­хөж байв. Гэнэт мотоциклийн дуу түүнд сонсогджээ. “Би энд байна” гээд орилох гэтэл дуу нь гарсангүй. Мотоцикль, машины дуу улам тодорч түүнийг чиглэн ирж байгаа бололтой. Төөрсөн залуу ихэд баярлан өндийлөө. Харамсалтай нь машин, мотоциклийн гэрэл түүнээс холгүйхэн ирээд буцчихлаа.

Үргэлжлэл бий.

М.МӨНХЦЭЦЭГ