Нефтийн инженер Ж.Золжаргалтай ярилцлаа.
-Өмнөговь аймгийн Гурван тэс суманд метан хийн орд илэрсэн тухай мэдээлэл гарсан. Энэ хийг ашиглаж эхлэх нь манайд хэр ашигтай вэ?
-Метан хий эдийн засгийн хувьд болоод эрчим хүчний өндөр ач холбогдолтой. Метан хий гэдэг нь байгалийн хий. Дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэрүүдийн нэг. Далайгаар дамжуулдаг, далайгаар тээвэрлэдэг тэрхүү байгалийн хийн найрлага нь метан хий юм. Тэгэхээр нүүрсний метан хийг авч ашигласнаар монгол өөрийн гэсэн байгалийн хийтэй болж байна л гэсэн үг.
-Манайд энэ хийг олборлоод ашиглах боломж нь бий юу?
-Бүрэн боломж бий. Нүүрсний метан хий гэдэг нь нүүрсэн дотор байдаг жижиг бичил нүх сүв ан цавуудад бага хэмжээний метан агуулагддаг. Нүүрсний ордын хүрээнд тархчихсан нүх сүв дотор нь байж байдаг учраас нэгдүгээрт, эдийн засгийн хувьд ач холбогдолтой байна уу, үгүй юу, ашиглаж болох уу гэдгээс хамаарна. Хоёрдугаарт, цооног өрөмдөөд соруулахад нүүрснээс цуглуулж авах нь амар биш. Байгалийн хийн орд нь цэвэр байгалийн хийн орд эсвэл нефтийн дагалдах хийн орд зэрэг нь нефть, байгалийн хийн коллектор тогтоц дунд хуримтлал үүссэн байдаг. Чулуун доторхи нүх сүвэн дотор нь. Тэгэхээр нэг зэрэг том нөөцтэй ордыг харьцангуй бага зардлаар олборлох боломжтой байдаг. Нүүрсний метан хий нь нүүрсэн давхаргаар чигжсэн нүх сүвүүдэд бага хэмжээгээр тархсан учраас зардал ихтэй, арай үнэтэй. Чулууг соруулж авах техник технологийн хувьд үнэтэй, хүндрэлтэй байдаг. Уламжлалт бус газрын тосны эх үүсвэрт авч үздэг ялгаатай.
Манайд ашиглах боломжийн хувьд нэгдүгээрт, үйлдвэрлэлийн боломжийн нөөц тогтоочихсон. Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд соруулж цуглуулж авахад боломжийн гэсэн дүн гарвал ашиглаж болно. Түүнээс үйлдвэрлэлийн нөөц биш ерөөсөө л нүүрсэн дотор метан байдаг гэх юм бол бүх төрлийн нүүрсэнд метан хий бий. Монголын олон тэрбум ашигладаггүй газрын гүнд байх нүүрсэн дотор метан хий байж л байгаа. Гэхдээ энэ бүгд нөөц гэсэн үг биш.
-Юунд хэрэглэж болох вэ?
-Түлшинд, ахуйн түлшинд. Гэр хорооллын халаалтын түлшинд хэрэглэж болно. Гадаадын улс орнууд гэртээ газан хоолойгоор хангагдсан байдаг. Орон сууцандаа газ хэрэглэж болно. Цахилгаан станцууд нүүрс биш газ хэрэглэж болно.
Шохойн болон цементийн үйлдвэрүүд зэрэг түлш хэрэглэдэг үйлдвэрүүд газ хэрэглэж болно.
Газ хэрэглэвэл нэгдүгээрт, агаарын бохирдол буурна. Хүлэмжийн хий буурна. Техникийн ашигт үйлийн коэффициентод аль ч талаараа ашигтай.
-Манайд газ хэрэглэх дэд бүтэц байгаа юм уу?
-Хэрэв нөөц хангалттай байх юм бол дэд бүтцийг шийдэж болно. Дэд бүтэц нь хоёр янз байна. Нэг нь турба хоолой, нөгөөх нь цистерн. Турбай хоолойг хийхэд том хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгтэй. Монголд говиос турба татаад Улаанбаатарт ашиглана гэдэг бараг л худлаа байх. Хоёр дахь нь 160 градуст хөргөөд, шингэн төлөвт оруулаад төмөр зам, авто замын системээр тээвэрлэж болно. Жишээ нь, Япон, Солонгос зэрэг улс нь Өмнөд Америк, Ойрхи дорнодоос шингэрүүлсэн байгалийн хийг усан онгоцоор авдаг. Оросоос ч авдаг. Түүнтэй л адилхан шингэрүүлсэн хэлбэрээр цистерн болгож зөөдөг. Монгол Улсад шингэрүүлсэн метаныг оросоос оруулдаг компани бий. UB метан гэж. Улаанбаатарт метаны агуулахтай 1-2 компани байгаа. Тэгэхээр тэр бол шинэ зүйл биш. Техникийн хувьд ч боломжтой.
-Өмнөговьд илэрсэн тэрхүү ордын нөөцийг тогтоосон юм болов уу?
-Өмнөговь, Дундговьд миний мэдэхийн 2-3 компани хайгуул хийж байгаа. Одоогоор нөөц нь таамаг шатандаа яваа байх. Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулсан нөөц байхгүй. Туршилтын олборлолтын цооног сая тавьсан гэсэн мэдээ авсан. Тэр бол нүүрсний болон газрын тосны хайгуулын том талбайн дотор байгаа нэг жижигхэн л цэг. Тэр нь Нарийнсухайтын нүүрсний ордтой давхцаж байгаа. Нарийнсухайтын нүүрсний уурхайн асар том талбайн дунд метан хийн хайгуулын жижигхэн цэг л бий. Яагаад тэндээс эхэлж байгаа вэ гэхээр Нарийнсухайтын уурхай нүүрсний хайгуул хийгээд олон арван жил олон арван мянган дээж авсан. Зөндөө цооног өрөмдсөн. Хаана хий байдаг тухай урьдчилсан мэдээлэлтэй. Тиймээс тэндээс эхлэх нь илүү хялбар, ойлгомжтой. Цооногоос амжилттай хий гарч ирсэн. Хоёрдугаарт, энэ уурхайн дэргэд яагаад хийж байна гэхээр гаргаж ирсэн хийгээ газар дээр нь шатаагаад, цахилгаан үйлдвэрлэх боломжтой. Тэр нь хүнд технологи биш. Заавал станц барихгүй. Дизелийн генератор гэж манайхан мэднэ. Энгийн яриагаар хонда мотор шиг л зүйл. Тэр нь газаар ажилладаг хөдөлгүүрээр цахилгаан үйлдвэрлэнэ гэсэн үг. Тэгж бага хэмжээний цахилгаан газар дээр нь үйлдвэрлэх юм бол уурхайнууд гэх мэт хэрэглэгчид нь бэлэн учраас нүүрсний уурхайг түшиж эхлүүлж байгаа байх. Энэ нь ч зөв. Тэгвэл заавал дэд бүтэц яах вэ гэх зүйл тулгарахгүй. Газар дээр нь бага хэмжээгээр ашиглах боломжтой л гэсэн үг. Тэгэхээр хайгуулаа улам баталгаажуулаад, үйлдвэрлэлийн нөөцөө батлуулаад, их хэмжээний нөөц илрэх юм бол тэр хийг Улаанбаатарт авчирч ашиглана уу, газар дээр нь химийн үйлдвэр барина уу яаж ч ашиглаж болно. Дагаад байгалийн хийн, нүүрсний химийн үйлдвэр, шатахуун, нийлэг хуванцар материал, цавуу, будаг, лак, тэсэлгээний материал бүгдийг хийж болно. Тэр дараагийн шатны юм.
-Метан хий олборлох технологи хүнд гэлээ. Манайд олборлох технологийн хувьд хэр боломжтой вэ?
-Олборлох боломжтой. Манайд одоогоор туршилтын олборлолт явуулж байна. Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлага бага. Судалгааны туршлага бол байгаа. Энэ чиглэлийн мэргэжлүүд Монголд бий. Дотоодын нөөц ч бий, гадаад ажилчид ч байна. Австралитай хамтарсан компани байгаа. Австрали, Хятад, АНУ зэрэг орнууд нүүрсний метан хийн тэргүүлэгч. Оросууд ч мөн олборлож байгаа. Технологи манайд танил болчихсон. Асуудал нь байгалийн хийг бодвол өртгийн хувьд арай өндөр. Олборлолтын ордын нөөц хэмжээ нь арай бага байдаг. Түүнээс технологийн хувьд боломжийн нэвтэрчихсэн. Тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчийн хувьд ч олон эх үүсвэрээс авах боломжтой.
-Манайд байгаа станцууд хэрэглэж болох уу. Айл өрхүүд өөрсдөө багахан хэмжээгээр технологио шийдээд ашиглаж болох уу?
-Одоогоор том төсөл болоогүй, олборлолт жигдрээгүй, үйлдвэрлэлийн нөөц батлаагүй байхад шууд хэрэглэх нөхцөл байхгүй. Түүнээс нөөц байвал хэрэглэх боломжтой. Цахилгаан станц ч, айл өрхүүд ч хэрэглэж болно. Шинэ цахилгаан станц барих уу, хуучин станцынхаа технологид өөрчлөлт оруулах уу, шингэрүүлээд тээвэрлэж ирсэн хийг Улаанбаатарт буцааж ууршуулаад, хийн төлөвт оруулаад, айлууд руу хүргэх хоолойн систем байгуулах ёстой. Түүнээс биш метаныг жижиг баллонд савлаад түгээж ашиглаж болдоггүй. Баллонд савладаг, Солонгос, оросоос оруулж ирдэг газ байгалиас олборлодог биш нефтийн үйлдвэрээс дайвраар гардаг. Амархан савлаж болдог, шингэн төлөвт шилжиж болдог хүнд хий байдаг. Метан бол хөнгөн хий. Илүү цэвэр шатдаг.
-Тэгэхээр ач холбогдол илүү өндөр гэсэн үг үү?
-Ач холбогдол нь өндөр. монголчууд нүүрсний хайгуул эхэлснээс хойш л метаныг их, багаар сонирхсоор ирсэн. 30-40 жилийн түүх бий. Хуучны геологичдын судалгаа, Нарийнсухайт, Оюу толгойг хайж байх үеийн Сторм кап гэх канадын компани цооног тавиад метаны анхны үзүүлэлтүүдийг харж байсан юм билээ. Арван жилийн өмнө намайг тэнд ажиллаж байхад Америкийн байгал орчин хамгаалах газрын Ногоон хөгжлийн санхүүжилтээр үнэгүй тандалт судалгаа хийж байсан. Түүний үр дүнд боломжийн талбай байна. Хий гаргаж аваад, жижиг хэмжээний цахилгаан станц байгуулж, цахилгаан үйлдвэрлээд, уурхайд нийлүүлье гэсэн концепц явсан. Нүүрсний уурхайнууд энэ концепцийг үзүүлэх гэхээр эрх зүйн орчинд хий болчихоор яах билээ, хоёрдугаарт гол үйл ажиллагаа нь уурхай байсан учраас ач холбогдол өгөх нь бага байсан. Түүний дараа Газрын тухай хуульд уламжлалт бус гэж шинэ зүйл орж ирээд зохицуулалт нь бий болоод тендер зарлагдаж, хайгуулын компаниуд мэргэжлийн байгууллага үүсээд хийн мэргэжилтнүүд дагаж гарч ирсэн. Үүнд баяртай байгаа. Бидний харж дүгнэж байсан зүйлүүд зөв л байж. Мэргэжлийн үүднээс аваад үзэхэд их баяртай байна.
С.ОТГОНБАЯР