Хүйтэн дайны төгсгөлд ЗХУ задарснаар дэлхийн II дайны дараа үүссэн олон улсын харилцааны хоёр туйлт тогтолцоо төгсгөл болж, дэлхийн шинэ дэг журам бүрэлдэж эхэлсэн. Тэр үеэс өнөө хүртэлх хугацааг “нэг туйлт тогтолцоо”-ны үе хэмээн олон улсын харилцаанд тодотгодог. Харин БНХАУ, БНЭУ зэрэг шинээр хүчирхэгжиж буйорнуудын олон улсын тавцанд эзлэх жин, нөлөө өсөхийн хэрээр “олон туйлт тогтолцоо” төлөвшиж эхэлсэн бөгөөд дэлхийнийтийг хамарсан цар тахал, ОХУ-Украины дайны нөлөөгөөр энэ үйл явц улам эрчимжсэн. Өнөөдөр АНУ тэргүүтэй“өрнөд”-ийн гэгдэх орнуудын эвсэлтэйОХУ, БНХАУ тэргүүлсэн эвсэл стратегийн өрсөлдөөнд хэдийнэ ороод байгаа бол “дэлхийн өмнөд” (Global South)-ийн орнууд БНЭУ-ыг тойрч нэгдэн нягтрах хандлага ажиглагдаж байна. Цаашид их гүрнүүдийн хоорондох зөрчил хурцдах, улмаар олон улсын харилцаанд “шинэ хүйтэн дайн”-ы хуваагдал үүсэх, улс орнууд хоорондоо талцсан блокууд үүсч болзошгүйбайгаа нь манайх шиг жижиг улсууд их гүрнүүдийн аль нэгийг нь сонгохыг шаардсан “стратегийн дилема”-тайнүүр тулах цаг хугацааг наашлуулж байна. Үр дүнд нь, энэхүү шинэ маягийн хуваагдал жижиг орнууд гадаад бодлогын хувьд манёврлах орон зайг хумьж, сонголт хийх хувилбаруудыг цөөрүүлэх аюулыг өдөөж байна. Тухайлбал, ялангуяа Зүүн Өмнөд Азийн орнууд АНУ, Хятадын аль нэгийг сонгохоос зайлсхийсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн. Энэ нөхцөлд Монгол Улсын хувьд хэт их болгоомжилж, өөрийнхөө олон улсын харилцаанд оролцох боломжийг хумиж, түгжигдэхээс сэргийлж, бодлогын “бүтээлч” санаачилгуудыг гарган дэвшүүлж, идэвхтэйгадаад бодлого хэрэгжүүлэх шаардлагатайбайгаа юм.
Нөгөөтэйгүүр, сүүлийн жилүүдэд Монгол Улсын хүрээлэлд нь оршин буй гадаад орчин хурдтай өөрчлөгдөж, манай хоёр хөршийн бодлого чангарч, хөрш зэргэлдээ орнууддаа түрэмгий хандлага үзүүлэх боллоо. Үүсээд буй олон улсын харилцааны нөхцөл байдлаас харахад, хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцахын зэрэгцээ “гуравдагч хөрш”-ийн орнуудаар тэдний нөлөөг тэнцвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэх шаардлага хэзээ хэзээнээс илүү чухал болж байна.
Монгол Улсын Их Хурлын 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор батлагдсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын улс төрийн гадаад бодлогын нэг хэсэг нь “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” хэмээн тусгажээ. Монгол Улс уг бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд өндөр хөгжилтэй орнуудтай улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байна. Манай улс 2010 онд Япон, 2015 онд Энэтхэг, 2019 онд АНУ-тай, 2021 онд БНСУ-тай “стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоогоод байна. Харин хоёр хөрштэйгөө аль алинтай нь “иж бүрэн” стратегийн түншлэл хөгжүүлж байгаа билээ. Монгол Улс нь гадаад бодлогын тухайд эвсэлд үл нэгдэх буюу аливаа цэргийн эвсэл, холбоонд нэгдэхгүй байх зарчим баримталдаг учраас “стратегийн түншлэл” бол манай улсын бусад оронтой тогтоосон харилцааны хүрч болох хамгийн дээд түвшин юм. Монгол Улсын тухайд “стратегийн түншлэл” бол олон салбарыг хамарсан, иж бүрэн, урт удаан хугацааны, тогтвортой, цогц бодлого билээ.
Монгол Улсын хувьд АНУ, Японтой гурван талт уулзалтын байнгын механизмтай болсон бөгөөд АНУ, БНСУ-тай мөн гурван талт уулзалтын механизмыг 2023 онд амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Япон, БНСУ зэрэг улсын хоорондын харилцаа дулаарах хандлага илэрч буй энэ нөхцөлд Монгол Улс АНУ-тай хамтран Япон, БНСУ-тай дөрвөн талт уулзалт хийж, “гуравдагч хөршийн” бодлогоо улам бүр баталгаажуулах чухал боломж тохиож байгаа юм.
Монгол-Америкийн “стратегийн түншлэл”-ийг авч үзвэл, Монгол Улс нь 2019 онд “стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосноор АНУ-ын 17 дахь стратегийн түнш болсон бол АНУ нь Монгол Улсын тав дахь стратегийн түнш болжээ. Улмаар, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн чуулганаар Монгол-Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоолыг батласан юм.
“Монгол Улс, АНУ-ын ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны тунхаглал”, мөн Монгол Улс, АНУ-ын 2004, 2005, 2011 болон 2018 оны хамтарсан мэдэгдлүүдээр нотолсончлон, Монгол Улс, АНУ-ын харилцаа нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурладаг. Өөрөөр хэлбэл, Монгол-АНУ-ын стратегийн түншлэлийн харилцаанд “ардчилал, хүний эрх” хэмээх нийтлэг үнэт зүйлс илүү жин дарж, Монгол Улсад ардчилсан, эрх зүйт тогтолцоог бататган бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахад Вашингтон анхаарал хандуулдаг.
АНУ-ын тал Монгол Улсад өрнөсөн ардчиллын үйл явцыг эхнээс нь аваад тууштай дэмжиж, тусалж ирсэн төдийгүй Монголыг “ардчиллын баянбүрд” хэмээн онцолдог. Түүнчлэн, ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаанаас 2021 оны 12 дугаар сарын 9-10-ны өдөр 100 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар оролцсон “Ардчиллын дээд хэмжээний уулзалт”(цахим)-ыг зохион байгуулж, манай улсыг урьж оролцуулсан. Нөгөөтэйгүүр, Мянганы сорилтын сан Монгол Улстай хоёр удаа компакт гэрээ байгуулсан явдал нь чухамхүү манай ардчиллыг дэмжиж буйн илэрхийлэл юм.
Монгол Улс, АНУ нь 1987 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын өндөр, дээд түвшний айлчлал тогтмолжсон нь хоёр талын зүгээс харилцаа, хамтын ажиллагаандаа өгч буй анхаарлыг харуулж байгаа юм. Монгол Улсын ерөнхийлөгч нийт таван удаа АНУ-д айлчилсан (П.Очирбат 1991 онд, Н.Багабанди 2004 онд, Н.Энхбаяр 2007 онд, Ц.Элбэгдорж 2011 онд, Х.Баттулга 2019 онд) бол АНУ-ын ерөнхийлөгч (Жорж В.Буш 2005 онд) нэг удаа манай улсад албан ёсны айлчлал хийгээд байна. УИХ-ын даргын түвшний айлчлал дөрвөн удаа (Р.Гончигдорж 1998 онд, Д.Дэмбэрэл 2011 онд, З.Энхболд 2013 онд, Г.Занданшатар 2021 онд) хийгдсэн бол АНУ-ын дэд ерөнхийлөгч буюу Сенатын танхимын дарга (Ж.Байден 2011 онд, мөн дипломат харилцаа тогтоохоос өмнө дэд ерөнхийлөгч Х.Уоллэс 1944 онд), Төлөөлөгчдийн танхимын Спикер (Д.Хастерт 2005 онд) тус тус нэг удаа айлчилжээ. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд айлчилснаар манай улс АНУ-д ерөнхий сайдын түвшинд 10 дахь удаа айлчилж байна (өмнө нь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн 1991 онд, П.Жасрай 1993 онд, М.Энхсайхан 1996 онд, Р.Амаржаргал 1999 онд, Н.Энхбаяр 2001 онд, С.Баяр 2008 онд, С.Батболд 2011 онд, Ч.Сайханбилэг 2015 онд, У.Хүрэлсүх 2018 онд тус тус айлчилжээ).
2019 оны “Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийн тунхаг”-т талууд хамтын эрмэлзлээ илэрхийлэхдээ “энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшигт бэлэн байх, түүний үр дагаврыг арилгах зэрэг олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх”-ийг онцолжээ. Чухамхүү энэ дурдсан хүрээнд хоёр талын батлан хамгаалах харилцаа өрнөсөөр ирсэн. 1991 онд анх батлан хамгаалахын атташе харилцан суулгах хэмжээнд харилцаа тогтсоноос хойш хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа нь Монгол Улсын батлан хамгаалах салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг бэхжүүлэх, олон улсын энхийг дэмжих, хүмүүнлэгийн ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх, бүс нутгийн тогтвортой байдлын талаар харилцан санал солилцох зэрэг чиглэлээр тус тус хөгжиж байна.
Монгол Улс Зэвсэгт хүчний цэргийн багийг түүхэндээ анх удаагаа олон улсын эвслийн цэргийн ажиллагаанд оруулахаар 2003 онд шийдвэрлэсэн нь АНУ-ын тэргүүлсэн “Иракийн эрх чөлөө ажиллагаа”-нд цэргийн хамгаалалтын ротыг илгээх шийдвэр байлаа. Энэ нь Монголын цэргийн алба хаагчид өөр улстай хамтран үүрэг гүйцэтгэж эхлэн, улмаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багийг бие даан оролцуулах боломжийг нээсэн чухал үйл явдал болсон юм. Мөн манай цэрэг дайчид Афганистанд АНУ-тай хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бөгөөд давхардсан тоогоор нийтдээ 3,300 орчим цэргийн алба хаагч Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон билээ.
АНУ-тай хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулагддаг олон улсын таван гол сургуулийн нэг болоод байна. Энэхүү арга хэмжээ нь бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг улс-төр дипломатын аргаар хангахад зохих хувь нэмэр оруулж байна.
БНМАУ-ын Засгийн газар, АНУ-ын Засгийн газрын хооронд 1989 оны есдүгээр сарын 29-нд байгуулсан Соёл, боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хүрээнд Энхтайвны корпустай хамтран ажиллах хэлэлцээрийг 1990 онд, Шинжлэх ухаан техникийн салбар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 1991 онд тус тус байгуулснаар хоёр орны боловсрол, соёл шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааны эх үндэс тавигдсан. Түүнээс хойш энэ салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Мөн манай оюутан, залуучууд АНУ-д суралцах явдал нэмэгдэж байгаа нь хоёр орны иргэд хоорондын харилцаа өндөр түвшинд хүрснийг илэрхийлж байна.
Монгол Улс, АНУ-ын хооронд 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 275.9 ам.долларын худалдаа хийгдснээс манай импорт 266 сая ам.доллар, экспорт 9 сая ам.доллар байна. Хоёр орны худалдааны бүтцийг авч үзвэл, манай улсаас цамц, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн, гянт болдын хүдэр, баяжмал зэргийг АНУ-д голлон экспортолсон байна. Харин АНУ-аас хүнсний бүтээгдэхүүн, суудлын болон ачааны автомашин, тээврийн хэрэгсэл, бусад машин механизмын эд анги, тоног төхөөрөмж, эмнэлгийн бүтээгдэхүүн, химийн бодис зэрэг барааг импортолжээ. Хоёр талын худалдааны эргэлтийг манай бусад улстай хийсэн худалдаатай харьцуулахад үнэхээр чамлалттай байгаа юм. Газар зүйн алслагдмал байдал үүнд нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй боловч худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зохион байгуулалт, шийдлийн асуудал харилцааны бусад салбараас хоцрогдолтой байсаар байгааг анхаарах хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үед яригдаж байгаа Монгол, Америкийн хооронд агаарын шууд нислэгтэй болох асуудал мөн түүнчлэн аялал жуулчлал, улс төрийн болон бусад олон боломжийг нээж өгөх юм.
Гадаадын хөрөнгө оруулалт бол “гуравдагч хөрш”-ийн орнууд, тэр дундаа АНУ-ын эдийн засгийн бодит сонирхлыг бий болгож, уг сонирхлыг урт хугацаанд хадгалах гол хэрэгсэл юм. АНУ-аас 1996 онд 10.25 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2006 онд 37 сая ам.доллар, 2008 онд 6 сая ам.доллар, 2012 онд 127.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. 2013 онд АНУ-аас хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 308.2 сая ам.долларт хүрсэн. 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар, АНУ-ын шууд хөрөнгө оруулалтын позиц 27.1 тэрбум ам.долларт хүрсний 679 сая ам.долларын АНУ-тай холбоотой байна. АНУ-аас Монгол Улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын 36 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт, 36 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, есөн хувь нь банк, санхүүгийн салбарт, үлдсэн 16 хувь нь бусад салбарт орсон байна. АНУ Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ наймдугаарт бичигдэж байна.АНУ-ын хөрөнгө оруулалтыг салбараар авч үзвэл геологи, уул уурхайн эрэл хайгуул зонхилж байна.
Дээрх статистик мэдээллээс дүгнэхэд, дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох АНУ-ын боломж, бололцоог бид бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй байна. Иймд хоёр талын эдийн засгийн харилцаа, түүний дотор АНУ-аас Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ зорилгоор манай улс хөрөнгө оруулалтын орчноо тогтвортой болгох, “гуравдагч хөрш”-ийн хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжих, эдийн засгийн олон талт механизмуудад нэгдэн орох замаар хоёр талын харилцаагаа институцчлэх нь зүйтэй. Үүний үр дүнд, “гуравдагч хөрш”-ийн бодит ашиг сонирхлыг бий болгох замаар дан ганц нэг эдийн засгаас хамаарах хамаарлаа бууруулах төдийгүй эдийн засгаа “солонгоруулах” боломж бүрдэнэ. Гэхдээ манай улс АНУ-тай ажиллах чиглэл, салбараа тодорхой болгож, дэлхий нийтийн чиг хандлага болоод байгаа сэргээгдэх эрчим хүч, ховор элемент, байгаль орчны чиглэлээр ажиллахад түлхүү анхаарах шаардлагатай. “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай” хууль нь оёмол сүлжмэлийн бараа, бүтээгдэхүүнийг агуулсан байгаа нь Хойд Каролина зэрэг АНУ-ын дотоодын эдийн засагт хэдийгээр нөлөө үзүүлэхгүй боловч бусад улсад прецедент болох вий хэмээн болгоомжлоход хүргэж, дэмжлэг авах магадлал муу байгаа учраас үүнд дэмий хүчээ үрэх, цаг зарцуулах эрсдэлтэй. Үүний оронд ноолууран бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, газрын ховор элемент, эрчим хүч, худалдаа болон дэд бүтцийн салбарт түлхүү ажиллах боломж харагдаж байна. Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд бат бөх, хамаарал багатай эдийн засагтай байх нь чухал. Монгол Улс эрчим хүчний хязгаарлагдмал эх үүсвэртэй байгаа нь эдийн засагт саад тотгор байгаа учраас эрчим хүчний эх үүсвэрийг олшруулах, сэргээгдэх болон бусад шинэ хэлбэрийн эх үүсвэрийг өргөн хүрээнд ашигладаг болоход АНУ зэрэг “гуравдагч хөрш” орнуудтай ажиллах шаардлагатай байна. Дээр дурдсан манай энэ чиглэлийг салбарын яам, байгууллагууд анхаарах нь зүйтэй.
Хоёр тал эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх нэг бодит боломж нь эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагаа юм. АНУ болон түүний холбоотон, түншүүдийн санаачилгаар “Ашигт малтмалын аюулгүй байдлын түншлэл”-ийг 2022 оны зургадугаар сард байгуулсан. Энэхүү түншлэлийг хэрэгжүүлэх гол зорилгыг чухал ач холбогдолтой ашигт малтмалын тогтвортой нийлүүлэлтийг хангахад улс орнуудад дэмжлэг болохуйц байдлаар тэдгээрийг үйлдвэрлэх, боловсруулах, дахин боловсруулах үйл ажиллагаа явуулах хэмээн тодорхойлжээ. Гэвч энэхүү түншлэлийн байгуулах болсон цаад шалтгааныг ухваас, БНХАУ нь чухал ач холбогдолтой ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг дангаараа шахуу атгаж байгаа нь АНУ тэргүүтэй орнуудад “эмзэг байдал”-ыг үүсгэж байгаа юм. Чухал ач холбогдолтой ашигт малтмал гэдэгт лити, кобальт, никель, манган, бал чулуу, газрын ховор элемент, зэс зэрэг багтах бөгөөд эдгээр нь ухаалаг утаснаас авахуулаад цэргийн болон цэвэр эрчим хүчний технологийн үйлдвэрлэлд нэн чухал хэрэгцээтэй юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн 2021 оны тайланд дурдсанаар, БНХАУ нь дэлхийн лити, кобалтын 50-70 хувь, никелийн 60 орчим хувь, газрын ховор элементийн бараг 90 орчим хувийг дангаараа боловсруулж, дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Тус түншлэлд АНУ, Австрали, БНСУ, Герман, Их Британи, Итали, Канад, Финланд, Франц, Швед, Япон зэрэг 12 улс болон Европын комисс багтаж байна.
Дээр дурдсан санаачилгыг удирдан чиглүүлэх үүргийг АНУ-ын талаас тус улсын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе Фернандез хүлээдэг. Тэрээр 2023 оны зургадугаар сарын 25-29-ний өдөр Монгол Улсад айлчилсан бөгөөд уг айлчлалын үеэр Монгол Улс, БНСУ, АНУ-ын чухал ач холбогдолтой ашигт малтмалын гурван талт анхдугаар уулзалт 2023 оны зургадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо болж, АНУ-ын төлөөлөгчдийг тэргүүлэн ноён Х.Фернандез уулзалтад оролцов. Анхдугаар уулзалтаар талууд чухал ач холбогдолтой ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ, хамтын ажиллагааны талаар санал солилцож, дэлхийн эрдэс баялгийн нэн чухал хэрэгцээг хангахад Монгол Улс ямар үүрэг гүйцэтгэж боломжтой талаар талууд онцлон ярилцсан байна. Дэлхийн дахины чиг хандлага болж буй сансар, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи, квантум компьютер зэрэг салбарыг Монгол, Америкийн хоёр талын харилцааны хүрээнд хөгжүүлэх шаардлагатай байна.
АНУ нь БНХАУ-тай “стратегийн өрсөлдөөн”-д орсныг хоёр улсын хооронд өрнөсөн “худалдааны дайн”, цаашлаад “технологийн дайн” гэрчилнэ. Гэсэн хэдий ч АНУ-БНХАУ-ын харилцааг дан ганц өрсөлдөөн тодорхойлно хэмээн дүгнэж болохгүй юм. БНХАУ нь АНУ-ын хамгийн том худалдааны түнш байж ирсэн бөгөөд “худалдааны дайнд” Америкийн хувийн хэвшлүүд таагүй хандсаар ирсэн. Учир нь хүссэн ч эс хүссэн ч энэ том худалдааны орон зай маш том хүчин зүйл бөгөөд үүнийг орлуулах ямар ч боломж байхгүй. Үүнд тодорхой хугацаа шаардана, бас үнийн өсөлт АНУ-д мэдрэгдэх болно. Түүнчлэн энэ сөргөлдөөнөөс үүдэлтэйгээр Хятад Африк, Өмнөд Америк зэрэг зах зээл орон зайгаа руу тэлж байгаа нь тухайн орнуудтай хийж буй АНУ-ын худалдааг тэр хэмжээгээр бууруулж, Хятад голлох байр суурь эзлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө Ж.Байден “Foreign Affairs” сэтгүүлд бичиж нийтлүүлсэн “Америк яагаад дахин тэргүүлэх ёстой вэ:Д.Трампын дараах АНУ-ын гадаад бодлогыг аврах нь” нийтлэлдээ, уур амьсгалын өөрчлөлт, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдал зэрэг асуудлаар БНХАУ-тай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Үүнийг АНУ-ын ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн Тусгай элч Жон Керригийн 2023 оны долдугаар сарын 16-19-ний өдөр БНХАУ-д хийсэн айлчлал нотолсон билээ.
Ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг тэг болгох зорилт тавьж, үүнд зориулан хоёр их наяд ам.долларыг зарцуулахаар болсон. БНХАУ ч гэсэн хүлэмжийн хийн ялгаралтыг тэг болгох зорилт тавьж, энэ зорилтдоо 2060 онд хүрэхээр ажиллаж байна. АНУ зэрэг дэлхийн томоохон үйлдвэрлэгчид “цэвэр тэг”(net zero)-д шилжихээр төлөвлөж байгаа нь манай улсын экспортод чухал байр суурьтай нүүрс, тэр дундаа коксжих нүүрсний ирээдүйд хэрхэн нөлөөлөх вэ? гэсэн асуултыг тавихад хүргэж байна. “Дэлхийн нүүрсний зах зээлийн хэтийн төлөв-2022”-оос үзэхэд, зарлагдсан амлалтуудын хувилбар (Announced Pledges Scenario)-ын дагуу дэлхийн нүүрсний эрэлт 2030 он хүртэл 20 хувь, 2050 он хүртэл 70 хувь буурна. Эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт нүүрсний хэрэглээ хурдацтай буурч байгаа учраас өндөр хөгжилтэй орнуудын эрэлт 2030 он хүртэл 65 хувь буурахаар байна. Эсрэгээрээ, Хятадын нүүрсний эрэлт 2020-иод оны эхээр, Энэтхэгийнх 2020-иод оны сүүлээр дээд цэгтээ хүрэхээр байна.
Өөрөөр хэлбэл, өндөр хөгжилтэй орнуудын нүүрсний хэрэглээ буурах бол БНХАУ, БНЭУ зэрэг шинээр эрчимтэй хөгжиж буй орнуудын нүүрсний хэрэглээ өсөхөөр байгаа юм. Энэ нь Монгол Улсад дээрх орнуудад нүүрсээ нийлүүлэх боломж бийг харуулж байна. Гэсэн хэдий ч дэлхийн улс орнууд нийтдээ “цэвэр тэг” (net zero)-д шилжих амлалт өгч байгаа энэ үед уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бусад санаачилгад идэвхтэй нэгдэх, “Тэрбум мод” үндэсний санаачилгыг олон улсад сурталчлахын зэрэгцээ нүүрсний экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхэд бус харин тээврийн зардал зэрэг манай нүүрсний өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийг шийдвэрлэх, борлуулах үнээ өсгөхөд анхаарах нь чухал юм. Ингэснээр Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй байгаагаа АНУ-ын талд ойлгуулах боломжтой юм.
Олон улсын харилцаа судлаач Л.Бямбаханд