Categories
гадаад

Далайг бохирдохоос аврав DNN.mn

Ачаанд нь гал гарч 200 метр урт, 11 давхар тавцантай хөлөг бараг долоо хоног далайд шатсан юм. Уг хөлөг онгоцыг Нидерланд улсын Эмсхавен боомтод чирч авчирчээ . Энэ хөлөг бараг 4,000 орчим шинэ суудлын автомашин тээвэрлэж явсан юм. Панамд бүртгэлтэй Fermantle Highway хөлөг долдугаар сарын 25-ны өдөр Германы Бремерхавен боомтоос Египет улс руу хөдөлж замд гарсан өдрөө хөлөг дээр гал түймэр гарсан юм. Галын улмаас хөлгийн багийн нэг ажилтан амь үрэгдэж, бусад 22 нь аврагджээ.

Хөлгийн багийн гишүүдийн хоёроос бусад нь Энэтхэгийн иргэд байсан аж. Хэрэв хөлөг живсэн бол байгаль орчны томоохон гамшиг нүүрлэх байв. Хөлөг дээр гал гарсан шалтгаан тодорхой болоогүй байгаа ч хөлгийн багийнхны ярианы бичлэгээс анх цахилгаан хөдөлгүүртэй автомашины батарей дэлбэрсэн нь тогтоогджээ. Хөлөг нийт 3,783 суудлын автомашин тээвэрлэж явсны 498 нь цахилгаан хөдөлгүүртэй байсан байна.

Хөлгийн дээд тавцанд эхэлж гал гарсан бөгөөд дөрвөн тавцан нь шаталгүй бүтэн үлдсэн бол бусад нь хэсэгчлэн шатжээ. Галыг бүрэн унтраасан Нидерландын эрх баригчид цаг агаар муудахаас өмнө хөлгийг өөрийн боомтод чирч авчрахаар яаравчилснаар живүүлэлгүй хамгийн ойр ойр боомтод авчирчээ. “Бид Ваддены тэнгис, Ваддены арлуудыг бохирдохоос сэргийлж чадсандаа баяртай байна” гэж Нидерландын боомтын албаны захирагч Петер Ван Дер Вол ярьсан байна. Британийн арал, Европын эх газар, Скандинавын хойгийн дунд оршдог Хойд тэнгисийн нэг хэсэг нь Вадены тэнгис бөгөөд Юнескогийн хамгаалалтад байдаг юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

Н.Учрал Азийн улс төрийн намуудын ОУ-ын залуучуудын байгууллагын тэргүүнээр сонгогдлоо DNN.mn

Азийн Улс Төрийн Намуудын Олон Улсын Бага Хурал /International Conference of Asian Political Parties/ 2023 оны 8-р сарын 4-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Азийн улс төрийн намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, Азийн улсуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулах, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцаа холбоог идэвхжүүлэх зорилготой ICAPP нь 2000 онд үүсгэн байгуулагдсан ба одоогоор Ази тивийн 49 орны улс төрийн намуудын гишүүнчлэл бүхий байгууллага юм.

Монгол Улсад зохион байгуулагдаж буй олон улсын хуралд 21 орны 28 улс төрийн намын төлөөлөл оролцож байгаа бөгөөд залуучуудын болон эмэгтэйчүүдийн салбар хуралдааныг зохион байгуулж байна. Тус хуралдааны үеэр Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын шинэ тэргүүнийг сонгосон бөгөөд ОУ-ын төлөөлөгчдийн саналаар УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Ням-Осорын Учралыг сонголоо.

Ийнхүү Н.Учрал Азийн 49 орны улс төрийн намуудын залуусын байгууллагыг удирдан ажиллахаар боллоо.

Монгол Ардын Намаас 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Хуралдаан цар тахлын дараах нийгэм-эдийн засгийн ахиц дэвшлийн төлөөх нийгмийн яриа хэлэлцээнд залуучуудыг татан оролцуулах, Цар тахлын дараах сэргэлтийг жендерийн мэдрэмжтэй өрнүүлэх, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих сэдвээр үргэлжилж байна.

Categories
нийгэм цаг-үе

​Даншиг наадмын зураглалыг “Google street view”-д оруулна DNN.mn

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх зураг авч байна.

“Google street view”-д Улаанбаатар хотын өнөөгийн зураглалыг шинэчлэн оруулахаас гадна хотын эргэн тойронд өрнөж буй соёлын арга хэмжээний зураглалыг авах юм.

Энэ хүрээнд Монголын үүх түүх, өв соёл, шашны зан үйл, уламжлал, өвөрмөц онцлогийг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” наадмын зураглалыг авч байна.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

АЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд НАСА-д зочлов DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондог наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Монгол Улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглээд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд уул уурхай, цэвэр эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Худалдааны сайд Ж.Раймондо Монгол Улсын ардчилал, ил тод байдлыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх болон хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд гарч буй үр дүнг сайшаахын зэрэгцээ эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Талууд хоёр улсын бизнесийн төлөөллийг 2023 онд харилцан айлчлуулах, шинэчлэн байгуулсан Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглалын хэрэгжилтийг хангахад анхаарахаа нотлов.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Сансар судлал сансрын удирдлагын газар (НАСА)-т зочилж, тус байгууллагын дэд дарга, сансрын нисгэгч хатагтай П.Мэлрой, АНУ-ын Үндэсний сансрын зөвлөл (ҮСЗ)-ийн нарийн бичгийн дарга Ш.Пираг болон НАСА, ҮСЗ, Төрийн департаментын ахлах албан тушаалтнуудтай уулзав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сансрын зөвлөлийн Ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч К.Харристай Монгол, Америкийн сансрын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцсоноо тэмдэглээд энэ хүрээнд НАСА-тай нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

АНУ-ын ҮСЗ-ийн зүгээс сансрын салбарт Монгол Улсын Засгийн газартай иж бүрэн, өргөн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд сансар судлалын чиглэлд хамтран ажиллах олон боломж байгааг илэрхийлэв.

Талууд сансрын шинжлэх ухаан, технологийн дэвшлийг иргэдийн өдөр тутмын амьдрал, эдийн засгийн өсөлтийг сайжруулахад ашиглах, сансрын технологи, техникийн дэвшлийг уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, сансар судлалын мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэгт хамтран ажиллахад санал нэгдлээ.

Categories
цаг-үе эдийн-засаг

ЗТХЯ: Монгол, АНУ-ын шууд нислэг ирэх оны эхний хагаст багтан эхэлнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Тээврийн сайд Пит Буттэжэйж нарын хамт гарын үсэг зурлаа.

Ингэснээр хорь гаруй жилийн өмнөөс яригдсан ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн Монгол Америкийн хооронд шууд нислэг хийх эрх зүйн боломж бүрэн нээгдэж байна.

Тухайлбал:

– Нислэгийн тийз 2 дахин хямдарна.

– АНУ руу ирж очих нислэгт зарцуулж буй хугацаа 2-оос 3 дахин багасна.

– Монголын агаарын тээвэрлэгчид АНУ-руу дурын хот руугаа шууд нислэг үйлдэнэ.

– Манай улсын иргэд АНУ- руу цаг мөнгөө хэмнэж хямд зардлаар зорчино.

– Дунджаар 45 сая ам долларын урсгал монголдоо үлдэнэ.

– АНУ-д сурч, ажиллаж, амьдардаг 50 шахам мянган монгол иргэний эрх ашиг хангагдана.

– Монголын агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

– Монгол Америкийн худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжнө.

– Гуравдагч хөршийн бодлого улам батажна.

Монгол АНУ-ын шууд нислэг ирэх оны эхний хагаст багтан эхэлнэ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Categories
нийгэм цаг-үе

Даншиг наадам руу нийтийн тээвэр иргэдэд үйлчилж байна DNN.mn

“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд буюу өнөөдөр, маргааш Хүй долоо худагт зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн хоёр чиглэлд 10 автобус үйлчилж байгаа юм.

Тодруулбал,
5-нд буюу өнөөдөр 7:00-23:00
6-нд буюу маргааш 8:00-22:00 цагийн хооронд “МУБИС-Хүй долоон худаг”, “Төв цэнгэлдэх-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ.
Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл үндэсний-бөx

Улсын заан Д.Анар: Энэ жилийн наадамд санасандаа хүртэл барилдаж чадаагүй DNN.mn

​-Даншиг наадамд зодоглоно. Ер нь барилдаан алгасалгүй барилдъя гэсэн бодолтой байна –


Хантайшир уулын аймаг буюу Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн бөхийн барилдааны үеэр Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын заан Д.Анартай манай сэтгүүлч цөөн хором ярилцжээ.


-Говь-Алтай нутгийн 100 жилийн ойд зодоглож их шөвгийн дөрөвт шалгарлаа. Таныг түрүү, үзүүрт үлдэх болов уу гэж олон хүн харж байсан?

-Говь-Алтай аймгийн 100 жилийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Даян аварга Н.Батсуурь тэргүүтэй алдар цолтой бөхчүүд зорьж ирж зодоглож олон түмнээ баярлуулсан нь энэ наадмын онцлог боллоо. Үзэгчид, наадамчин олон ч сэтгэл дүүрэн баяртай сайхан байна. Миний хувьд сайхан барилдлаа. Улсын начин Б.Лхагвадоржоор дөрөв, аймгийн харцага Б.Өлзийсайханаар тав давж шөвгийн дөрөвт улсын Б.Бат-Өлзийтэй тунаж барилдаад уналаа.

-Б.Бат-Өлзий заантай та өмнө нь олон тунаж байсан?

-Тийм ээ, улсын наадамд хэд хэдэн удаа тунаж барилдсан. 2016 онд начин болох жилээ би Ш.Мөнгөнбаатар харцагатай тунаж барилдаад давсан. Ингээд харцага цолны цолтой Бат-Өлзий заантай тунаж барилдаад унасан. Харин би 2019 оны наадамд Бат-Өлзий заантай дахин тунаж барилдаад давж харцага цол хүртэж байсан.

-Энэ жилийн наадмын тавын даваанд Архангайн С.Сүхбатад өвдөг шороодсон. Та наадмаар санасан хэмжээндээ барилдаж чадсан уу?

-Энэ жил бэртэл гэмтэл гээд бэлтгэл сайн хийж чадаагүй. Тэгээд өнгөрөгч зургадугаар сараас наадмын бэлтгэлдээ гараад арай дээр болсон. Наадмаар тавын даваанд өвдөг шороодсон. Мэдээж санасан хэмжээндээ хүрч чадаагүй.

-Наадмаас хойш ямар ямар барилдаанд зодоглосон бэ?

-Наадмын дараа Хэнтий аймгийн 100 жилийн ойд очиж зодоглосон. Улсын начин Н.Мустафагаар тав давж зургаагийн даваанд Хэнтий аймгийн харьяат, Улсын харцага Г.Бадрахад тунаж барилдаад унасан. Мөн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойд очиж барилдаад түрүүлсэн.

-Одоо ямар наадамд зодоглох төлөвлөгөөтэй байна?

-Энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод Хүрээ цам Даншиг наадам болно гэж дуулдсан. Миний хувьд Даншиг наадамд зодоглох бодолтой байна. Ер нь барилдаан алгасалгүй барилдъя гэсэн бодолтой байгаа.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт

Гавьяат дасгалжуулагч Б.Жияандорж: Хүмүүсийн нүдэнд итгэл, урам зоригийн гэрэл дүрэлзэн бадарч байгааг харах л хамгийн том шагнал DNN.mn

 

Монголын спорт аяллын холбоо” хэмээх их айлын түүхт 30 жилийн ойг энэ сарын дундуур тэмдэглэх гэж байна. Үүнтэй холбогдуулан энэ байгууллагын тулганы галыг үүсгэн бадрааж хамт олныг 30 жил тасралтгүй удирдан чиглүүлж, ачааны хүндийг үүрч ирсэн, тэдний тодорхойлсноор Монголын спорт аяллын амьд түүх, аяллын эцэг хэмээн хүндлэгдсэн домогт аялагч, гарамгай зохион байгуулагч, адал явдалт аяллын мастер хөтөч, ОУХМ, Спортын гавьяат дасгалжуулагч Б.Жияандоржтой ярилцлаа.

-Спорт аяллаар хичээллэж байсан үе үеийн тамирчид, шавь нар тань таныг “Синдбат” хэмээн хочилдог гэж дууллаа. Яагаад ийм хоч зүүх болов?

-Монголчууд усыг ус л гэж мэдэхээс спорт гэж олж хардаггүй байсан тэртээх 1978 онд анх усан замын спорт аяллыг нөхдийн хамт санаачлан үүсгэж МХЗЭ-ийн Төв хорооны тогтоолоор “Цэнхэр замын аян” нэртэй клуб байгуулан ажиллаж энэ хугацаанд итгэлт нөхдийнхөө хамтаар эх орныхоо Туул, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Идэр, Тэс, Онон, болон Оросын холбооны Буриадын Сэлэнгэ мөрөн, Эркүт зэрэг гол мөрнөөр 20 гарй мянган км замыг туулж улс, олон улс, хяналт шалгалт, спортын тэмцээн уралдааны чиглэлээр олон арван арга хэмжээ зохион байгуулж 30 гаруй жил аялахдаа эр зориг, залуу насны тэвчээр хатуужлыг шалган сорьж, амь өрссөн нэг биш удаагийн саад бэрхшээлийг даван туулж ирсэн. Үүнээс л намайг тэгж нэрлэх болсон болов уу.

-Таныг дагасан бүхнийг “Нойл номерын тэнэгүүд” гэж аялагчид, адал явдал сонирхогчид хэлдэг юм билээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Хорь гаруй жилийн тэртээ юм уу даа. Дүн өвлийн хүйтэн тачигнасан хоёрдугаар сард Бага Хэнтий нурууны салбар уулсаар битүү цас хунгарлаж буга, гөрөөс идэш хоолгүй олноороо үхэж хорогдож байлаа. Тухайн бүед БОАЖЯ-ны шугамаар миний удирдлага дор 40 шахам ахмад тамирчид Бурхан халдун руу зорьсон. Хунгар цас туучин хэд хоног уулын суга, салаа, хоолой бүрд тэжээл өвс, бордоо тараахаар явган явлаа. Бидний араас нэмэлт тэжээл хүргэхээр хүчтэй машин, дулаан хувцсаар иж бүрэн тоноглосон яамны хэсэг нөхөд замдаа цасанд суун хээр хонон, осгохоо шахаж. Ингээд тэд очих замдаа зам зуураас хэдэн хүний хөлдүүс олох бол гэлцэн ярьцгаасан байна. Зарим нь ийм ажил санаачилсан Жияандорж, түүнийг нь дэмжсэн яамны сайд хоёрын тэнэг, мулгууг гайхаж өдөр шөнөгүй цас ухаж зүтгэсээр өглөө эрт хүрэлцэн очиход нөгөө хөгшид нь майхан, майхныхаа үүдэнд гал түлчихсэн хөлс, уур цан савсуулан хөлдүү зам дээр бүжиглэж, дуулж байгааг хараад нэг нь “Монголын нойл номерын тэнэг бол яах аргагүй Жияандорж гуай юм байна” гэхэд нөгөөх нь “Тэр нь ч тийм нь тийм ээ… гэхдээ түүнийг дагаж яваа хүмүүс бол нойл номерын тэнэгүүд гарцаагүй мөн” гэсэн яриа гарч, нийтэд түгсэн байдаг юм билээ. Түүнээс хойш намайг дагасан бүхнийг нойл номерын тэнэгүүд гэцгээх болсон доо.

-Таны хувьд нийтийн биеийн тамир, спорт, байгаль хамгааллын чиглэлээр хэд хэдэн холбоог үүсгэн байгуулсан намтартай. Энэ талаараа болоод өдий хэр хугацаанд бэлтгэсэн, хичнээн шавьтай болсон байна вэ?

-Бид хөгжил дэвшил хэмээн хэт том асуудлаар хөөцөлдөх хэрнээ хүмүүсийн эрүүл мэндийг дээшлүүлэх, сэтгэлийн ганцаардлыг арилгах, нийгмийн идэвх урам зоригийг дээшлүүлэх наад захын ажлаа яам тамгаараа, газар хэлтсээрээ хөдлөөд шийдвэрлэж чаддаггүй. Хэрэгжэхгүй хоосон тогтоол шийдвэрүүд бие бие рүүгээ шидэн нам, намаараа талцан хулгайч, худалчаараа дуудалцаж хэдэн арван сая, тэрбумаар нь идэж шамшигдуулж байна. Миний хувьд Монголын Ногоонтны хөдөлгөөн, Монголын Спорт аяллын холбоо, Монголын Каноегийн спортын холбоо, Загасчлах спортын холбоо, Монголын Нийтийн бүжгийн спортын холбоо гээд иргэний нийгмийн хэд хэдэн байгууллагуудыг үүсгэн байгуулж, төр улсын ямар ч төсөв, санхүүжилт цалин хөлсгүйгээр санаа нийлсэн сайн нөхдийнхөө хамтаар аль алиныг нь жигд хөгжүүлж ирсэн. Үүнийхээ үр дүнд нийгэмд мартагдаж орхигдсон олон зуун хүнийг амьдралын зорилго, хүсэл тэмүүлэлтэй болгож, эрүүл мэнд, бие бялдар,амьдрах ухааны хүмүүжлийг нь дээшлүүлэн, сайхан хамт олны эгнээнд нэгтгэж, олон зуун айл өрх, мянга мянган хүнд эрүүл өөдрөг, баяр баясгаланг олгож ирлээ. Дээрх холбоодын спортын цол зэргийн нормыг боловсруулан батлуулж Монголын спортын салбарт спорт аяллын 450 гаруй спортын мастер, дэд мастер, 60 гаруй улсын шүүгч 30 гаруй адал явдалт аяллын хөтөч, Нийтийн бүжгийн спортын олон зуун багш, сургагчдыг бэлтгэн гаргаж, гол ус, гал түймэр, аяллын осол аваар, араатны аюулаас хүмүүсийн амийг аврах явдал нэг бус удаа тохиолдож байсан.

-Нийтийн биеийн тамир, спорт гэдэг нийгмийг эрүүлжүүлэх голлох салбар. Тэр утгаараа таныг болоод танай хамт олны ажил үйлийг төр засаг хэрхэн дэмжиж байна вэ?

-Бидний амьдарч буй зуун нь хүний нийгэмд шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжлийн эрин үе болон мөнхөрч байгаа. Гэвч байгалийн бохирдол, гамшиг, эрсдэл, хүмүүсийн эрүүл мэндэд учруулж байгаа хор нөлөөгөөрөө урьд өмнө байгаагүй аюул түгшүүрийн харанга дэлдсэн зуун гэж хэлж болохоор. Ард иргэдээ гай гамшигаас хамгаалах, эрүүл мэндийг дээшлүүлэх асуудал бүх улс орнуудын төр засгийн шүдний өвчин болж байна. Хоёр жилийн өмнө дэлхийг нөмөрсөн аюулт Ковидын гамшиг ч хүн төрөлхтөнд том сургамж, анхааруулга өглөө. Манай орон ч үүнээс тойрсонгүй. Ард иргэдээ, хүүхэд залуучуудаа эрүүл байлгах хамгийн чухал арга хэрэгсэл бол нийтийн биеийн тамир спорт, байнгын хөдөлгөөн, цэвэр байгаль, цэнгэг агаар юм. Түүнээс биш эмнэлгийн ор, эм тарилгын тоог нэмэгдүүлэх бус спорт заал танхим, клуб, байгальд аялагчдын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнийг нь төрийн бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж дээрх холбоодыг үүсгэн байгуулж үйл ажиллагаагаараа батлан харуулах гэж чадлаараа л тэмцэж хэлж ярьсаар ирлээ. Монголын үе үеийн төр засгийн удирдлага УИХ ч гэсэн “Ард иргэдийн эрүүл мэнд, эмийн бус эмчилгээ, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлнэ, дэмжинэ” гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж ирсэн. Гэвч сонгууль өнгөрөөгөөд мартаж орхидог гэмтэй. Түүнийг хэрэгжүүлэхээр улсын төсвөөр орон тоо санхүүжилт нь батлагдсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, БТС-ын байгууллагууд, засаг захиргааны нийгмийн бодлогын хэлтсүүд нийгмийг, нийтийг хамарсан арга хэмжээг бус тулга тойрсон, өнөө маргаашаа бодсон цөөн хэдэн хүнийг хамрах заалны, тоглоомын чанартай спортуудаар хөөцөлдөн аргацааж ирсэн нь нууц биш. Өөр ажил, эрүүл байгаль дээр олныг хамарсан арга хэмжээг удирдан зохион байгуулна гэхээр тэдэнд нар салхи үзсэн, заавар зөвлөлгөө өгөх, манлайлан оролцох бэлтгэгдсэн боловсон хүчин байдаггүй учир аль болохоор зайлсхийдэг. Гэхдээ хийх ажлынхаа нийгмийн ач холбогдол, үр нөлөөг тодорхой бичиж тэдний үүрэг зорилго, мөрийн хөтөлбөртөй нь холбон тайлбарлаж яривал илт эсэргүүцдэг, хааж боодог байгууллага байгаагүй шүү. Ажил хариуцсан хүмүүсийн хөөцөлдлөгөө, сэтгэл зүтгэлээс хамаарна. Ковидын гамшиг үр нөлөөгөөр ч гэх юм уу, сүүлийн жилүүдэд манай төр засаг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс нийтийн биеийн тамир спорт, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Эрүүл монгол” үндэсний хөтөлбөр, илүүдэл жингүй эрүүл монгол, “Эерэг хандлага эрүүл нийгэм” зэрэг аянуудыг өрнүүлж бидний олон арван жил ярьж, тэмцэж ирсэн асуудал ийнхүү төр засгийн анхааралд орж, Спорт аялал, Нийтийн цэнгээнт бүжгийн хөдөлгөөнийг дэмжих, дэлгэрүүлэх талаар ярьдаг, орон нутгийн салбар зөвлөлүүдэд дэмжиж тусалдаг, бидний ажлыг сайны жишээнд оруулдаг болсонд нь баярлаж, анхнаасаа буруу замаар яваагүй юм байна гэдэгтээ бахархан омогших болсон.

-Баавгайтай тулалдаж явсан гэдэг домог шиг яриа байдаг, үнэн үү?

-Тулалдаад байх нь ч юу юм бэ. Гэхдээ хөвчийн эзэнтэй хоёр ч удаа нүүр тулж бурхны авралаар мэнд гарч байсан. 1986 оны намар Дарханы хүрээлэнд ажиллаж байхдаа Шарын голын худалдааны ангид шинэ ургацын ногоо тушаах, гэрээ хийх ажлаар жолооч Б.Ганбатын чиргүүлтэй Зил-130 машинаар төмс ачаад явж байлаа. Дарханы сангийн АА-н тариан талбайд сүрэл эргүүлж байсан хүүхэд эмэгтэйчүүд голдуу 100 орчим хүмүүсийг өнгөрөөд явж байтал эгц урдаас ирж байгаа хорхойтсон том хар баавгайтай зам дээр халз тулгарсан юм. Энд тэндгүй бухалдсан сүрэл дотор байгаа хүмүүс түүнийг анзаараагүй байдаг. Өчнөөн хүн хядчих байх даа гэсэн бодол зурсхийж жолоочтойгоо зөвлөн, энэ нөхрийг замаас гарган уул уруу буцааж хөөе гэлцээд чиргүүлээ яаралтай салгаж орхиод машинаараа урдуур нь хэрэн дуут дохио өгсөөр хөөх гэтэл нөгөөх чинь замаасаа бага зэрэг холдон польний нойтон шороонд орж хэвтчихээд босдоггүй. Бүр ойртоод очих гэхээр төмс ачсан машин нойтон шороонд суучих гээд явдаггүй. Амьтан айлгах буу шийдэм, зэвсэг болчих зүйл юу ч байгаагүй. Олон хүнийг араатны хоол болголтой нь биш ямар нэгэн аргаар зайлуулах, эсвэл устгах хэрэгтэй гэсэн ганцхан бодол байсан. Тэгээд би бууж анхаарлыг нь сарниулж босгохыг бодъё. Чи машинаараа дайруул гэж жолоочдоо хэлтэл саяхан гэрлэсэн, нялх нойтон хүүхэдтэй, амьдармаар байна, би чадахгүй даргаа гээд дээр ачаан дээрээ гараад суучихлаа шүү. Тэр залуугийн буруу ч гэж юу байхав. Өөрөө жолоон дээр сууж хойш, урагшаа холдож, ойртон дуут дохиогоо орилуулсаар байтал нөгөөх тань өндийгөөд хоёр хөл дэрээ босоод урдаас ирдэг юм. Тэгэнгүүт нь хүчээ аваад дайруултал тас няс овос хотос болоод л явчихлаа. Би ч карданаа татан зогсож таван тн төмстэй машинаар дайруулсан байхад үхсэн байж таарна гэж бодоод манивилаа барин буулгүйгээр доошоо тонгойж харвал харагдах зүйл алга. Аяархан буугаад урдуур тойртол бас юу ч байдаггүй. Буруу талаараа гэтсээр гараад иртэл польний нойтон шороонд төдийлөн хүч авч чадаагүй машинд сулхан мөргүүлсэн болохоор зайлж гарахдаа нэг талын хөл, хаагаа дугуйнд даруулж түр муужирсан нөгөө араатан чинь, бурхан минь жигтэйхэн муухай орилон босох гээд зүтгэхэд машин данхалзан, дарагдсан хөл нь сугарвал өвдөж улангассан амьтан бүхнийг дуусгана гэсэн бодол төрж жолоочийн урд хайрцагт байсан төмрийн хөрөөний хугархайг хар лентээр ороосон хутгархуу юмыг бариад, пиджак, зангиагаа тайлж хаяад нуруун дээр нь мордчихов оо. Аминдаа зүрхэнд нь цуслах гэж байгаа ухаантай. Гэтэл нөгөө муу хутга шүү юм чинь гулжиганаад арьсыг нь ч нэвтэлдэггүй. Нөгөө гайхал чинь хүзүүгээ эргүүлэн миний нүүр өөд харан орилоход, дууны чанга, амны том, өмхий гэж жигтэйхэн. Баавгай бахирахад адуу шээс алддаг гэж үнэн юм шиг байна лээ. Аманд нь өртчихгүй санаатай хоёр тийшээ займчин нугаслахаар шийдэн хүзүүг нь хөрөөдөж эхэлсэн. Бүдүүн хурууны чинээ зузаан арьс нь дийлддэггүй. Хөрөөдөөд байдаг, амьдаараа хөрөөдүүлж буй амьтан ямар олиг байх вэ. Хар тэнхээгээрээ бахираад эрүү шүд нь нүдэн дээр тачигнан зүтгээд, нойтон шороон дээр дарагдсан хөл нь аажмаар сугарсаар ганц тавхай нь үлдсэн байдаг. Орилуулж хөрөөдсөөр байгаад арайхийж нугасыг нь гарган тасалтал халуун цус нүүр рүү олгойдон сад тавьж, бүх бие нь чичрээд амь тавихад миний хамаг хөлс асгарчихсан албаны даргын шинэхэн цагаан цамц цус, шавар хөлсөнд битүү будагдсан амьтан босоод хөлсөө арчин амьсгаа авч эргэн тойрноо харлаа. 200-300 м-ийн зайд хэд хэдэн том бага машинтай хүмүүс ирээд, алсаас хараад зогсчихсон, янз бүрээр л орилж чарлаж байсан юм билээ. Би сонсоогүй. Тэгээд монголчуудын ганц сайн чаддаг цуурхал, цуурай гээч нь надаас түрүүлэн Дархан хотоор нэг тарж, галзуу баавгайтай барилцан дээр, доороо орон ноцолдож байгаад хутгалж алсан гэнэ… гэж хотоор нэг яриа болсон доо.

-Таныг тэнгэртэй ярилцдаг, лусын хамаатан гэсэн хошигнол яриа байх юм?

-Олон жилийн турш урт холын янз бүрийн аялалд явж байхад бороо, цас, үер, ус ихэнх тохиолдолд бидний араас нэхэж яг аялал дууссан өдөр буюу маргааш нь тэнгэр хангай сүр хүчээ харуулж эхэлдэг болохоор манайхан намайг элдвээр хөөргөж байхгүй юу. Би ч цаашлуулаад л… Хэлсэн ярьсныг үг дуугүй биелүүлж, хэд гурван юм гар дээр тавих юм бол тэнгэр хангайтай санал солилцож болох юм гэж наргидаг. Энэ бол зүгээр л аяллын хөөрхөн наргиа. Эх орон газар нугаа танин мэдэх, хайрлан хамгаалах, мэдсэн сурснаа хүмүүст түгээж үлгэрлэн дагуулах, хүмүүсийн сэтгэл зүрх өөрийгөө ялж, ялан дийлснээрээ бахархан баярлахыг харах, аялагчийн амаргүй амьдрал бол миний шунан дурласан нэг насны ажил. Тийм болохоор өөр ажил албан тушаал, эд хөрөнгө юуг ч бодож явсангүй. Хүн ажилдаа дурлаж түүний төлөө мөрөөдөж, шаналж, зүдрэлийг үзэж, зовлон жаргалыг хуваалцах нөхдөдөө итгэж, тэднээрээ дэмжүүлж байж амжилт гаргана. Хамтран зүтгэгч хань нөхөдгүй бол би хэнсэн билээ. Би хамт олондоо, аялагчдадаа итгэдэг, тэд ч надад итгэдэг. Зөн мөрөөдөл, итгэлгүй бол удирдагч байж чадахгүй.

Categories
нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр,  борооны өмнө түр зуур ширүүснэ.  Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар өдөртөө баруун болон говийн аймгуудын  нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +18…+23 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +28…+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32…+37 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо, өдөртөө бороо орно.  Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Categories
нийгэм цаг-үе

Соёмботой уулын хормой хэсэгт амьдардаг 28 айлыг нүүлгэн шилжүүлж эхлэв DNN.mn

Зайсангийн Соёмботой уулын хормой хэсэгт Туул голын эрэг дагуу амьдардаг 28 айлыг нүүлгэх ажил эхэлсэн тухай Хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдэв.

Туул гол үерлэвэл тухайн айлууд өртөх өндөр эрсдэл дунд амьдарч байгаа учир нүүлгэн шилжүүлж байгаа аж.

Улаанбаатар хотод амралтын өдрүүдэд бороо орох төлөвтэй байна.

Иймд

  1. Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,
  2. Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншныг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах,
  3. Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх,
  4. Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  5. Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
  6. Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,
  7. Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас зөвлөв.