Categories
нийгэм цаг-үе

21 аймгийн хэмжээнд нийт 520 гэр, 269 байшин үерт өртөж, 4,000 гаруй мал хорогджээ DNN.mn

Улсын Онцгой Комиссоос үерийн гамшгийн талаарх мэдээллийг өнөөдөр өглөө.

2023 он гарснаас хойш нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 53 суманд

  • голын усны халианд автсан ес,
  • үерийн усанд автсан 476,
  • гүний болон хөрсний шар усанд автсан дөрвөн тохиолдол онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.

Ирсэн дуудлага, мэдээллийн дагуу алба хаагчид нийт 202 иргэний амь биеийг авран хамгаалжээ. Харамсалтай нь уруйн үерт өртөж улсын хэмжээнд нийт 14 хүн амь насаа алдсан байна.

Тодруулбал

  • Улаанбаатарт дөрөв,
  • Өвөрхангай аймагт хоёр,
  • Баянхонгорт дөрөв,
  • Ховд аймагт хоёр,
  • Төв аймагт хоёр иргэн энджээ.

Өнгөрсөн саруудад болсон үерийн улмаас учирсан хохирлыг нэгтгэвэл 21 аймгийн хэмжээнд айлын 520 гэр, 269 байшин, 197 барилга байгууламж, 66 автомашин өртөж, 4,000 гаруй толгой мал хорогдсон байна. Мөн авто зам, төмөр зам үерийн усанд автан эвдэрч, аж ахуйн нэгж, байгууллагын болон иргэний тариалангийн талбай, барилга байгууламжуудад хохирол учирчээ. Тухайлбал олон улсын болон улсын шинж чанартай авто зам дээр нийт 25 удаагийн эвдрэл гэмтэл гарлаа.

Түүнчлэн өчигдөр шөнө төвийн аймгуудыг дайрсан хүчтэй аадар бороо орсны улмаас Архангай аймгийн Хашаат суманд 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын сүлжээний таван тулгуур унаж, одоогоор 57 суманд цахилгаан тасарсан хэвээр байна. Уг гэмтлийг засахаар мэргэжлийн баг ажиллаж байгаа юм.

Мөн энэ онд гол усны ослын улмаас харамсалтайгаар 50 хүн амь насаа алдсан байна. Одоогоор Булган аймгийн Бүрэгхангай суманд нэг, нийслэлд нэг эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Иймд гол усны ослоос сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Улсын Онцгой Комиссоос анхааруулав.

Ойрын өдрүүдэд мөн усархаг бороо орохыг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлж буй. Сүүлд нэгтгэгдсэн тоогоор Улаанбаатарт үерийн эрсдэлтэй бүсэд нийт 3,000 гаруй өрх амьдарч байна. Эдгээр өрхөд 3,500 орчим мэдэгдлийг хүргүүлээд байгаа аж.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Н.Хэрлэнчимэг: Мөөг хорт хавдраас сэргийлж, үрэвсэлт өвчнүүдийг дардаг DNN.mn

Энэ амралтын өдрүүдэд “Мөөг фестиваль 2023” болж өндөрлөлөөТус арга хэмжээнд Монголд ургадаг бүх төрлийн мөөгийг дэлгэн харуулж, иргэдэд мөөгний талаарх сургалт орж, Гэрийн аргаар тарьдаг мөөгийг худалдаалж байсан юм. Энэ үеэр Монголын мөөг судлаач сонирхогчдын нэгдсэн нийгэмлэгийн тэргүүн Н.Хэрлэнчимэгтэй ярилцсанаа хүргэж байна.


-Ярилцлагынхаа эхэнд мөөг ер нь ямар ач тустай талаар яриагаа эхлүүлье?

-Хүн төрөлхтөн мах идсэнээр уургийн дутагдлаа нөхдөг, жимс жимсгэнээр витаминаа авч, хүнсний ногооноос эрдсээ нөхдөг. Харин байгаль дээрх мөөг нь уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис, витаминуудыг өөртөө агуулдгаараа онцлог.

Ийм учраас хорт хавдраас сэргийлэх, хорт хавдрын эсийн өсөлтийг бууруулах, сахар үүсэх эрсдэлийг багасгах, витамины дутагдлыг бууруулах гээд янз бүрийн үрэвсэлт өвчнүүдийг дарах эрүүл мэндийг дэмжих ач холбогдолтой.

Байгальд ургаад ялзраад эргээд хөрсөндөө шингэх бус иргэд зөв түүж, хүнсний мөөгөө таньж хүнсэндээ хэрэглэснээр аливаа өвчин эмгэгээс өөрсдийгөө хамгаалж эрүүл Монгол хүн өсөж бойжиход тустай гэж бодож байна. Өмнөх үеэ бодоход монголчууд олон хоршоо байгуулаад тарималжуулж байна. Одоо сүрэл будаан дээр тарихаас гадна модны хожуул дээр тарьж эхэлсэн. Хамгийн энгийн жишээ хэлэхэд мөөгчид бид ковидын үед нэг нь ч корона тусаагүй. Эд дэлгэрч байх үед мөөгөө идээд л байж байсан. Үүнийг би мөөгний ач тус гэж бодож байгаа.

-Фестиваль хэддэх жилдээ зохион байгуулагдаж байгаа вэ?

-Мөөг сонирхогч, судлаачид хамтран “Мөөг фестиваль 2023”-г гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Анх 2019 онд зохион байгуулагдаж байсан. Цаашдаа жил бүр уламжлал болгоно.

Байгалийн мөөгөө түүж иргэдэд мэдлэг түгээх, хортой хоргүйгээр нь ялгаж сургах, хүмүүсийг мөөгөнд дуртай болгох, хэрхэн зөв түүх соёлд суралцуулахад бидний зорилго оршино. Монголчууд мөөг идэхийг хүсэж байгаа хэрнээ таньж чаддаггүй. Хэрхэн боловсруулж хэрэглэх тал дээр мэдлэг дутмаг учраас алдаа гаргаж өдөр тутмын амьдралдаа хэрэглэж заншихгүй байгаа юм. Байгалийн өөрөө нөхөн сэргээгддэг баялгийг зөв зохистой хэрэглэж сургахын тулд энэ үйл ажиллагааг зохион байгуулсан.

-Энэхүү фестивальд хэдэн төрлийн мөөг танилцуулж байгаа вэ?

-Ойролцоогоор 60-70 зүйлийн мөөг бий.

Байгальд хэчнээн төрлийн мөөг ургадаг вэ?

-Монголд 630 төрлийн дээд мөөг ургадаг. Үүнээс 116-г нь хүнсэнд хэрэглэж болдог. Мөн 145 төрөл нь ургамлын өвчин үүсгэгч, жижигхэн мөөг ургадаг. Эдгээрээс 27 зүйлийн мөөг нь шууд үхэлд хүргэж болзошгүй.

Хэчнээн нэр төрлийг хүнсэндээ болон эмийн зориулалтаар ашигладаг вэ?

-116 зүйлийн мөөгийг хүнсэнд хэрэглэгдэж болно. Мөн хортой мөөгний бодисыг ялган эмийн зориулалтаар ашигладаг. Монголд эмийн болон хүнсний 150 гаруй мөөг ургадаг.

Гэрийн нөхцөлд хэрхэн мөөгөө ургуулах талаар тайлбарлахгүй юу?

-Одоогоор монголчууд хясаан мөөгийг гар аргаар ургуулж байна. Үүнээс гадна олон хоршоо үйлдвэр байгуулагдсан. Субстратын үйлдвэр байгуулагдчихлаа. Мицелийг нь бид үйлдвэрлээд зарж байна. Хясаан мөөгийг өрхийн хэмжээнд тарихад ямар ч асуудалгүй. Бид цаашдаа шампиньон мөөг болон өөр төрлийн хүнсний мөөгийг тарималжуулах технологийг боловсруулах ажил хийгдэж байгаа.

Мөөгийг хортой, хоргүйгээр хэрхэн таних вэ?

-Хортой, хоргүй мөөгний ерөнхий шинж ийм байдаг гэж хэлэхэд маш хэцүү. Хортой мөөг нь ерөнхийдөө нарийхан гонзгой иштэй, гоёмсог, өнгөлөг, малгайныхаа гадаргуу дээр цагаан толбонуудтай, шилбэнийхээ гол хэсэгт бөгжилсөн цагаригтай, суурь хэсэгтээ уутанцартай байна.

П.ТЭРГЭЛСАРАН

У.АНХЦЭЦЭГ

Categories
мэдээ

Иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд эхний ээлжинд 427 га газар тодорхойлжээ DNN.mn

Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа 3000 орчим иргэн байгаа бөгөөд тэднийг үе шаттай нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар мэдээлэл өглөө. Тэрбээр Манай албанаас үерийн эрсдэлтэй бүсийн судалгааг гаргасан. НИТХ-аар гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх болон түр суурьших 1000 орчим га-г баталсан. Үүнээс эхний ээлжид иргэдийг нүүлгэн шилжүүлэх 427 га газрыг зураглан, тодорхойлсон. Энд 2397 айлыг нүүлгэн шилжүүлэх судалгаа гараад байна. Үерт өртөж болзошгүй буюу гуу жалгад шороо асган дүүргэж буусан газруудыг нарийвчлан дахин зураглаж байгаа. Одоогийн байдлаар 2900 нэгж талбарыг тодорхойлон зураад буй. Эдгээрт сүүлийн гурван жил давхардсан тоогоор 6000 орчим удаа мэдэгдэл хүргэсэн. Энэ онд 3900 мэдэгдэл хүргээд байна. Иргэдэд мэдэгдэл хүргэдэг ч хүлээж авдаггүй, биелүүлдэггүй гэв.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд тодорхой асуудлууд үүсэж байгаа. 10 гаруй жилийн өмнө тухайн эрсдэлтэй байршилд газар олгосон байдаг тул иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл үүсдэг. Мөн Сэлбэ голын үерийн эрсдэлтэй бүсэд 643 барилга байгууламж байгаа судалгаа гарсан. Эдгээрийг хэрхэх вэ гэдгийг судалж, хуулийн байгууллага тухайн газрыг ямар байдлаар эзэмшсэн бэ гэдгийг шалгана. Мөн “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгын асуудлыг шийдэхээр Ажлын хэсэг гарчихсан, ажиллаж байгаа” гэлээ.

Categories
гадаад мэдээ

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн шалгалтыг хойшлуулав DNN.mn

Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй монгол иргэдийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар жилд 2-3 удаа бүртгэж, ур чадварын шалгалтыг зохион байгуулдаг билээ. Тэгвэл өнгөрсөн саруудад шалгалтад хамрагдсан иргэдийн ур чадварын шалгалтын оноо өнгөрсөн зургадугаар сард гараад буй.

Шалгалтад нийт 913 хүн тэнцсэн бөгөөд хуваарийн дагуу тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан. Шинжилгээний дараагаар ажил хайгчийн бүртгэл хийлгэж байгааг ХХҮЕГ-аас мэдээлсэн билээ.

БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын нэгдүгээр ээлжид аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлт гаргасан 525 иргэн, үйлчилгээний салбарт 388 хүн тэнцсэн байна. Ур чадварын шалгалтад тэнцсэн иргэдэд хуваарийг мэдээллийг хоёр долоо хоногийн дараа хүргэх бөгөөд тус шалгалт тодорхойгүй хугацаанд хойшилж байгааг өнөөдөр /2023.08.14/ мэдэгдлээ

Categories
мэдээ нийгэм

“Үерийн үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоог нуун дарагдуулаагүй” гэв DNN.mn

Үерт амь үрэгдсэн хүний тоог нуун дарагдуулсан эсэх, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай болон Натурын гүүрний хажууд барьж буй барилгын үйл ажиллагааг зогсоосон шалтгааны талаар холбогох албаныхан мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга, хурандаа Б.Оюутболд: -Наймдугаар сарын 5-нд болсон үерийн улмаас иргэдийн гэр орон, машин усанд автаж, дөрвөн хүний амь эрсэдсэн. Үерийн дуудлага ирсний дагуу НОК, цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллага голомтын цэгт очиж ажиллалаа. Аврах үйл ажиллагаа явуулахад замын зорчих хэсэг хаагдсан байсан тул нээхэд анхаарч ажилласан. Үертэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад эхний дуудлага наймдугаар сарын 5-ны 20:21 цагт “Монгол гэрт хоёр иргэн тогонд цохиулж нас барсан байдалтай байна” гэж ирсэн юм. Энэ дуудлагад эрүүл мэндийн байгууллага очих нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд тухайн хоёр иргэн нас барсан байсан.

Дараагийн дуудлага тухайн өдрийн 22:46 цагт ГССҮТ-өөс “Хоёр иргэн тээврийн хэрэгсэлтэй үерт өртөж, 10 сартай хүүхэд алга болсон, эцэг, эх нь шокийн байдалтай байна” гэж ирсэн. Тээврийн хэрэгслийн үерт өртсөн цэгийг тодорхойлж, 01:00 цагийн орчим тээврийн хэрэгслийг олж, самналт хийн, 03:00 цагийн орчимд хүүхдийн цогцсыг олсон. Бид үерт өртсөн өрх, тээврийн хэрэгслийг хамгаалалтад авч, шалган, самналт хийсэн.

Гурав дахь дуудлага наймдугаар сарын 6-ны 03:00 цагийн үед эрэн хайх ажиллагаанд явж байсан алба хаагчдаас “Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны хүн амьдардаггүй байж болзошгүй газар 10-15 насны нэг хүний цогцос байна” гэж ирсэн. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага ажиллахад 1979 онд төрсөн иргэн Т болох нь тогтоогдсон. Үерийн улмаас цагдаагийн байгууллагад ирсэн гурван дуудлага мэдээллээр дөрвөн хүн нас барсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Саяхан хэвлэл мэдээллийн байгууллагаар “Иргэн Т-гийн дөрвөн өнчин хүүхэд үлдсэнийг нуун дарагдуулж байна” гэх мэдээлэл гарсан. НОК, дүүргийн онцгой комиссоос холбогдох албан тушаалтнууд хүүхдүүдтэй уулзаж, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх талаар ярилцсан хэмээлээ.

Нас барсан иргэдийн ар гэрт Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс хоёр өрөө орон сууц олгохоор болсон бөгөөд өнгөрсөн баасан гарагт эхний гэр бүлд байрыг нь олгосон. Үлдсэн хүмүүсийн хувьд бичиг баримттай холбоотойгоор саатсан, тун удахгүй байрыг нь олгох юм.

Categories
нийгэм цаг-үе

Цэцэрлэгийн цахим бүртгэлд 83.576 хүүхэд хамрагджээ DNN.mn

2023-2024 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. 2023 оны наймдугаар 01-нд бүртгэл албан ёсоор эхэлсэн.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд 83576 хүүхэд бүртгэлд хамрагдаад байна.

2023 оны наймдугаар сарын 20-нд нэгдүгээр шатны бүртгэл хаагдана. Наймдугаар сарын 21-25 таны бүртгэлтэй утасны дугаарт хуваарилалтын талаарх мэдээлэл очих болно.
Ингэснээр есдүгээр сарын 01 хүртэл бүртгэлээ баталгаажуулан, хуваарилагдсан цэцэрлэгтэй гэрээ байгуулах ёстой аж гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Дональд Трампыг нууц мэдээлэл задруулахыг хориглов DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг 2021 оны нэгдүгээр сард Капитол руу дайрсан хэргийн зарим нууц мэдээллийг задруулахыг Колумб мужийн холбооны шүүгч Таня Чаткан хориглосон байна. “Тэр эрүүгийн хэргээр шүүгдэгч. Түүнд бусад шүүгдэгчдийн нэгэн адил хязгаарлалт үйлчлэх болно. Энэ бол хэвийн зүйл. Яллагдагч улс төрийн кампанит ажилд оролцож байгаа нь тэр бусад яллагдагчдаас илүү эрх эдэлнэ гэсэн үг биш. Тэр бол эрүүгийн хэрэгт шүүгдэгч” гэж Чаткен тэмдэглэн хэлсэн байна.

Тусгай прокурор Жек Смит энэ сарын эхээр Трампыг эрүүгийн хэрэгт татаж байгааг танилцуулан, Дональд Трампыг 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүчингүй болгохыг оролдсон гэж буруутгасан. Түүнийг иргэдийн эрх ашгийг зөрчих зорилгоор бусадтай эвсэж хуйвалдаан зохион байгуулсан, Засгийн газрыг хууран мэхэлсэн, албан ёсны үйл ажиллагаанд саад учруулсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Тусгай прокурорын хэлснээр, 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Трамп болон түүний хамсаатнууд Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан гэж худал мэдээлэл тарааж, хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг өдөөн санал хураалтын албан ёсны дүнг хүчингүй болгохыг оролдсон байна. Тусгай зөвлөх Жек Смитийн хэлснээр, Капитол руу дайрахад хүргэсэн гол зүйл нь Трампын худал хуурмаг мэдээлэл байсан гэсэн билээ.

Энэ бол Трампыг буруутгаж буй гурван хэргийн нэг бөгөөд экс ерөнхийлөгчийг порно од Сторми Даниэлст дуугүй байсных нь төлөө төлсөн мөнгөө нуун дарагдуулсан,гэр орондоо улсын нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг зүй бусаар хадгалсан хэрэгт буруутгаж байгаа юм. Харин Д.Трамп эдгээр бүх хэргийг үгүйсгэж байгаа билээ хэмээн “DW” мэдээлжээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Жолооч нарын 76 хувь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулиа төлөөгүй байна DNN.mn

Энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 463 мянга орчим торгууль баталгаажсанаас жолооч нарын 76 хувь нь төлөөгүй байна.

Мөн өнгөрсөн онд 830 мянган торгууль бичигдсэнээс 47 хувь нь торгуулиа төлөөгүй байгаа аж.

Замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлд RFID технологийг нэвтрүүлж, төхөөрөмжүүдийг нийслэлийн хэмжээнд суурилуулж дуусаад байгаа билээ.

Одоо тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд цахим гэрчилгээ олгох ажил эхлээд байгаа юм. Торгууль, татвараа төлөөгүй, үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгохгүй талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлсэн.

Түүнчлэн уг системийг нэвтрүүлснээр торгуулиа заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог болох юм.

Categories
мэдээ цаг-үе

Нийт нутгийн 60 хувьд зуншлага сайн байна DNN.mn

Өнгөрсөн жил нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байсан бол энэ жил 60 хувьд сайн байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.

2022 он болон 2023 оны наймдугаар сарын эхний 10 хоногийн байдлаарх бэлчээрийн ургамлын ургалт, зуншлагын байдлын зургийг харьцуулан үзүүлж байна.

(Ногоон чиглүүлэгчийг хоёр тийш зөөн харьцуулалтыг харна уу)

2023 оны зуншлагын байдал

2022 оны зуншлагын байдал

НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН БАЙДЛААР НИЙТ НУТГИЙН 70 ОРЧИМ ХУВЬД ДУНДЖААС АХИУ ХЭМЖЭЭНИЙ ХУР ТУНАДАС ОРЖЭЭ

Наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд орсон хур тунадасны хэмжээ:

  • Орхоны нийт нутаг, Завхан, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтийн зарим, Говь-Алтай, Булган, Дундговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 50.1-100.0 мм,
  • Дархан-Уулын Шарын гол, Сэлэнгийн Ерөө, Түшиг, Хэнтийн Норовлинд 100.1-175.1 мм орсон бол бусад нутгаар хур тунадас ороогүй байна.

Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 70 орчим хувьд дунджаас ахиу, 30 гаруй хувьд дунджийн орчим ба түүнээс бага байжээ.

зураг
Categories
нийгэм цаг-үе

Хүчтэй салхи, усархаг борооны улмаас 45320 айл цахилгаангүй болжээ DNN.mn

Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт Хархорин сумаас 40 орчим км-т 110кВ-ын Хархорин А,Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683-р тулгуурууд унаж /2023.08.14-ний 22:55 цагт/, аваарын нөхцөл байдал үүссэн. Хүчтэй салхи, усархаг борооны нөлөөгөөр үүсэн тус гэмтлийг устгахаар эхний ээлжийн бригадууд газар дээр нь очсон.

Сэргээн босголтын ажилд Хангайн бүсийн салбараас 4, Улаанбаатар салбараас 1 бригад тус тус ажиллаж байна. Энэ тасралтаар 45320 айл өрх, 5256 аж ахуйн нэгж 7 аймгийн 57 сумын хэрэглэгчид цахилгаангүй болсон. Сэргээн босгох ажлыг 3 хоног буюу 72 цагийн дотор хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.