Categories
мэдээ нийгэм

“Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход төр, иргэний нийгэм, залуучуудын бүтээлч хамтын оролцоо” уриатай Залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулган эхэллээ DNN.mn

Нэгдсэн Үндэстний байгууллагаас жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг “Дэлхийн Залуучуудын өдөр”, Монгол Улсад 8 дугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” хэмээн тэмдэглэж, асуудал дэвшүүлсэн онцлог уриагны хүрээнд шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын хөгжил оролцоог дэмжихэд хандуулдаг.

Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын залуучуудын эвсэлтэй хамтран

“Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход төр, иргэний нийгэм, залуучуудын бүтээлч  хамтын оролцоог бэхжүүлье!” уриан дор Залуучуудын 9 дүгээр чуулганыг  зохион байгуулж байна.

Чуулганыг Монгол Улсын сайд, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Д.Амарбаясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Монголын Залуучуудын Эвслийн Удирдах зөвлөлийн дарга Т.Энхжаргал нар нээж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүллээ.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцэх, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, Ногоон хөгжил, ногоон ажлын байр, ур чадвар, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор залуучуудын эдийн засаг, нийгмийн байдлыг сайжруулахад тэдний оролцоог тодорхойлох, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, үр дүнг нэмэгдүүлэх, Залуучуудын хөгжлийн  талаар 2027  он  хүртэлх  тэргүүлэх   чиглэл, хөрөнгө оруулалтын чиглэлийг хэлэлцэх, Залуучуудын ардчилсан, иргэний орон зайг тэлэх сайн туршлагыг түгээх үндсэн зорилтын хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөж, нэгдсэн зөвлөмж гарах юм.

Categories
мэдээ нийгэм

Усын хэмжээнд эрт илрүүлэг үзлэгт 1.090.050 хүн хамрагджээ DNN.mn

2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 1 090 050 хүн хамрагдсанаас 486 198 буюу 44.6 хувь нь эрэгтэйчүүд, 603 852 буюу 55.4 хувь нь эмэгтэйчүүд байна.

Байршлаар нь харуулбал 551 367 буюу 50.6 хувь нь Улаанбаатар хотод, 538 683 буюу 49.4 хувь нь орон нутагт байна. Үзлэгт хамрагдсан нийт хүний 622 024 буюу 57.1 хувь нь 0-17 насны хүүхэд, 468 026 буюу 42.9 хувь нь 18-аас дээш насныхан байна.

 

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хэрхэн хамрагдах вэ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн даатгуулагч та урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад багтсан бүх үзлэг, оношилгоо, шинжилгээнд бүрэн хамрагдах боломжтой

ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Харьяа анхан шатны(өрх, сумын) эрүүл мэндийн байгууллагаас эрт ирлүүлэгт хамрагдах эрүүл мэндийн байгууллагын жагсаалт болон хэзээ, хэрхэн хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөөг аваарай.

ХАРЬЯА ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА НЬ:

Эрт илрүүлгийн товлолын талаарх мэдээллийг сурталчлах, түгээх, эрт илрүүлгийн багцад хамрагдахыг урьсан цаасан болон цахим урилгыг/эсхүл утсаар мэдэгдэх/ даатгуулагчид хүргүүлэх, дуудах-эргэн дуудах үүрэгтэй.

#ЭрүүлМэндийнДаатгалаа бүрэн төлж эрт илрүүлэгтээ хамрагдацгаая.

Categories
мэдээ нийгэм

Эрт илрүүлэгт хамрагдахын ач тус DNN.mn

Иргэд та бүхэн Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоондоо насны багцын дагуу идэвхтэй хамрагдаарай.

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт хамрагдсанаар:

Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэн эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх ач холбогдолтой.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд чуулганы индэрт тулгамдсан асуудлаа ярихын зэрэгцээ түүнийг шийдвэрлэх арга замын талаар саналаа илэрхийллэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн Төлөө Үндэсний Зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнийн ивээл дор Хүүхдийн Оролцооны Үндэсний Чуулган “Хүүхдийн эрхийг дээдэлье” уриатайгаар амжилттай зохион байгуулагдлаа.

Чуулганы хүрээнд “Бидний дуу хоолой” хэлэлцүүлэг өрнүүлж, Хүүхдийн эрүүл мэнд, Хүүхдийн аюулгүй орчин, Хүүхдийн хамгаалуулах эрх, Хүүхдийн хөгжих эрх, Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийн талаар болон тэдэнд тулгамдаж буй асуудлаар хүүхдүүд дуу хоолойгоо илэрхийлж, тэдгээр асуудлыг шийдвэрлэх арга замын талаар өөрсдийн саналаа илэрхийлсэн.

Мөн хүүхдийн хөгжил эрх хамгааллын чиглэлээр хүүхдийн оролцоотой үйл ажиллагаа явуулдаг Монголын Хүүхдийн зөвлөл, Монголын Скаутын Холбоо, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, Энтрепренершипийн боловсрол олгох хөтөлбөр буюу ESEL хөтөлбөрийн талаар хүүхдүүд танилцуулж, сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцсан юм.

Үе тэнгийн дээрэлхэл  гадуурхлыг таслан зогсоох зорилготой “Найз байя” аяны тайланг танилцуулж, өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхийг, хүүхдийн эрхийг дээдлэхийг уриаллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганд оролцогч хүүхдүүдэд хандан илгээсэн “Илгээлт”-ийг түүний Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ч.Ундрахбаяр уншиж танилцуулсан, Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси Комлан Мэндчилгээ дэвшүүлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа чуулганыг нээж хэлсэн үгэндээ,  “Энэхүү чуулган нь, сайн туршлага, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, хүүхдүүд та бүхний дуу хоолой, саналыг төрийн бодлого, шийдвэрт тусгах зорилгоор зохион байгуулагдаж байгаа тул гарсан санал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээ илэрхийлж байна” гээд баяр хүргэж, амжилт хүссэн.

Categories
мэдээ нийгэм

БРИКС нь олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг хүлээж, олон улсын харилцаанд эерэг хүчин болж байна DNN.mn

2022 оны 6 дугаар сарын 22-нд Бээжин хотод авсан зураг. Бээжинд болсон БРИКС-ийн Бизнесийн форумын үеэр БРИКС-ийн Бизнесийн хамтын нийгэмлэгийн санаачилгыг танилцуулж буй нь. /Синьхуа/

Арав гаруй жилийн хөгжлийн явцад БРИКС-ийн орнуудын (Хятад, Орос, Энэтхэг, Бразил болон Өмнөд Африк) хамтын ажиллагааны үндэс суурь бэхжиж, хамтын ажиллагааны чиглэлүүд аажмаар өргөжин тэлж, хамтын ажиллагаа нь улам бүр үр өгөөжтэй болсоор байна. БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм нь олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөж, дэмжлэгийг нь авч, олон улсын үйл хэрэгт эерэг, тогтвортой бөгөөд бүтээлч хүчин болж байна.

Бээжингийн Багшийн Их Сургуулийн дэргэдэх БРИКС-ийн хамтын ажиллагааны төвийн захирал Ван Лэйн хэлснээр, өнгөрсөн 17 жилийн хугацаанд БРИКС-ийн хамтын ажиллагааны амжилтын туршлага нь хөгжлөө түргэтгэж, тусгаар тогтнол, бие даасан байдлаа хадгалан хамгаалахыг эрмэлзэгч хөгжиж буй орнуудын итгэл болон дэмжлэгийг хүлээсэн юм. Ялангуяа БРИКС-ийн орнууд Өмнөд Африкийг бүрэн эрхт гишүүнээ болгосноос хойш хөгжиж буй зах зээлүүд болон хөгжиж буй орнууд олноороо БРИКС-ийн орнуудтай хамтын ажиллагаагаа цаашид улам бүр бэхжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсээр байна.

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса өнгөрсөн долдугаар сард мэдэгдэхдээ “Удахгүй болох дээд хэмжээний уулзалтын үеэр олон орон БРИКС-т нэгдэхийг хүсэж байгаа тул тус механизмыг өргөжүүлэх асуудлыг нухацтай авч үзнэ” гэсэн юм.

БРИКС-ийн санаачилсан дэлхийн эдийн засаг, санхүүгийн тогтолцооны өөрчлөлтүүд эрчээ авч буй болохыг сэтгүүлч Энтони Роули “South China Morning Post” сонинд гаргасан нийтлэлдээ онцолжээ. Түүний хэлснээр, БРИКС хүрээгээ тэлэх нь чухал биш, харин дэлхийн эдийн засагт түүний үзүүлж буй нөлөө нэмэгдэж, Олон улсын валютын санд дуу хоолойгоо бэхжүүлж буй нь чухал юм. “Дэлхийн үйл хэргийг тэнцвэржүүлэх хүчин” болж, тус механизмын нэр хүнд, нөлөө урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрээд байгааг тэрбээр мөн цохон тэмдэглэсэн байна.

No description available.

2017 оны 8 дугаар сарын 26-нд Хятадын зүүн нутгийн Фузянь мужийн Сямэнь хотод авсан зураг. Сямэнь олон улсын үзэсгэлэнгийн төв. /Синьхуа/

БРИКС-ийн орнууд нь хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны чухал тавцан болохын хувьд олон талт үзлийг хөхиүлэн дэмжиж, дэлхийн засаглалын тогтолцоог идэвхтэй шинэчилж, хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг өргөжүүлэхийг эрмэлзэж байна. БРИКС-ийн орнууд нь олон улсын үйл хэрэгт эерэг, тогтвортой бөгөөд бүтээлч хүчин болсон. БРИКС-ийн механизм байгуулагдсан цагаасаа хойш асар олон орны хувь заяа, хамтын ажиллагааг нягт уялдуулж өгсөн юм.

Испанийн “Rebelion” сонинд бичсэнээр, АНУ хэдэн арван жилийн турш эдийн засгийн хувьд дэлхийг бараг бүхэлд нь хянаж, долларын гүйлгээ хийхээс өөр аргагүй болгосон бөгөөд үүнээс нь олон улс орон залхаад байна.

Цагаан ордны зааварчилгааг дагаж мөрдөхгүй л бол хориг арга хэмжээ, эдийн засаг, санхүүгийн шантаажинд өртдөг. Тэгвэл БРИКС-ийн орнууд нь ямар нэгэн болзол нөхцөл тавихгүйгээр улс орнуудын хөрөнгө оруулалт, худалдааг хөгжүүлж, дэмжихэд бэлэн байдаг.

“Хамгийн гол нь БРИКС-ийн орнууд олон туйлт, олон талт үзлийг дэмжинэ… Тэд хүйтэн дайны үеийн үзэл суртлыг эсэргүүцэж, бүх оролцогчдод харилцан ашигтай, тэгш эрхэд суурилсан олон улсын эдийн засгийн шударга дэг журмыг санал болгож байна” гэж Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель нэгэн ярилцлагадаа онцлон тэмдэглэсэн байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр, БРИКС болон ШХАБ-д элсэх хүсэлтэй орнуудын дараалал үүсээд буй нь эдгээр механизмын үүрэг нэмэгдэж байгааг илтгэн харуулж байна.

Барууны орнууд тогтвортой байдлыг алдагдуулж, геополитикийн өрсөлдөгчдийн нөлөөг хязгаарлахын тулд цэргийн хүч, улс төрийн шантааж, эдийн засгийн хориг арга хэмжээ зэрэг янз бүрийн арга хэрэглэдэг гэж ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев долдугаар сард Өмнөд Африкт болсон БРИКС-ийн орнуудын аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд төлөөлөгчдийн уулзалтын үеэр хэлсэн юм. Харин БРИКС-ийн орнууд дэлхийн харилцааг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэрбээр илэрхийлээд, “БРИКС нь олон талт хамтын ажиллагааг цаашид төлөвшүүлэх, дэлхийн хөгжлийн хөтөлбөрийг тодорхойлох үйл явцад тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэлтэй байна” гэсэн билээ.

No description available.

2022 оны 6 дугаар сарын 15-нд Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн Циндао боомт хотод авсан зураг. Шаньдун мужийн Циндао боомтын хөл хөдөлгөөн ихтэй Цяньвань терминалд бараг өдөр бүр БРИКС-ийн боомтуудаас ачааны хөлөг онгоцууд ирж, эсвэл тэдгээр орон руу ачаатай хөлөг онгоц хөдөлж байдаг юм. /Синьхуа/


БРИКС нь хөгжиж буй орнуудад болзол нөхцөл тавихгүйгээр санхүүжилт олгох замаар тэгш бус байдлыг бууруулахад тусалж чадах тул дэлхийн үйл хэрэгт онцгой үүрэг гүйцэтгэж чадна гэж Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва мөн энэ сарын эхээр мэдэгдсэн юм.

БРИКС-ийн орнуудын дэлхийн эдийн засагт эзлэх байр суурь болон олон улсын худалдаанд оруулж буй хувь нэмэр мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Тэд дэлхийн эдийн засагт үл тоомсорлогдошгүй чухал хүчин болоод байна. Сүүлийн жилүүдэд БРИКС-ийн орнууд нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд эерэг хандлагыг түгээж байна. БРИКС-ийн орнуудын экспортын өсөлт дэлхийн дунджаас давсан нь дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжлийн чанарыг ахиулахад чухал хувь нэмэр оруулж байна.

БРИКС-ийн механизм нь цаг үетэй хөл нийлүүлэн алхаж, ихэнх улс орны хүсэл эрмэлзэлд нийцэж, хөгжлийн зөв чиглэлийг тодорхойлж байна.

Олон улсын хүнд хэцүү нөхцөл байдал, сорилттой тулгарсан ч БРИКС нь цаашид олон улсын үйл хэрэгт илүү эерэг бөгөөд бүтээлч үүрэг гүйцэтгэх болно.


БРИКС-т эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асар их боломж бий

No description available.

2021 оны 9 дүгээр сарын 7-нд Хятадын зүүн нутгийн Фузянь мужийн Сямэнь хотноо БРИКС-ийн орнуудын Инновацийн хөгжлийг дэмжих бааз байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр авсан зураг. Сямэнь олон улсын үзэсгэлэнгийн төв. /Синьхуа/


БРИКС-т эрх тэгш бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асар их нөөц боломж бий бөгөөд Өмнөд Африкт удахгүй болох гэж буй БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагчдын уулзалт нь тус холбоо олон улсын харилцаанд аль хэдийн чухал үүрэг гүйцэтгэдэг болсныг харуулах болно гэж ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийн Дэлхийн эдийн засгийн тэнхимийн дэд профессор Ирина Кокушкина саяхан “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэсэн юм.

Оросын шинжээчийн хэлснээр, БРИКС хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны хүчирхэг хэрэгсэл болсныг БРИКС-ийн эдийн засаг, хөдөө аж ахуй болон сансар судлал зэрэг олон салбарт гаргаж буй ололт амжилт гэрчлэн харуулж байна. Өнөө үед зарим улс орны улс төрийн шахалтад өртөлгүйгээр худалдаа, эдийн засгийн найдвартай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь маш чухал.

“Олон жилийн турш Өрнөдийн колоничлол, неоколоничлолын улмаас зовж шаналж буй хөгжиж буй орнуудын хувьд эрх тэгш нөхцөлтэй хамтын ажиллагаа гэдэг нь туйлын чухал ” гэж И.Кокушкина хэлэв.

Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцаанд Өрнөдийн орнуудын ноёрхсон байр суурийг эсэргүүцсэн улс орнуудыг эдийн засгийн хувьд ялгаварлаж, хавчин гадуурхдаг “Өрнөдийн нэгдсэн бодлого”-ыг сөрөн зогсох нь БРИКС-ийн зорилго, зорилтуудын нэг юм гэж тэрбээр хэлжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, БРИКС-ийн олон улсын тавцан дахь нөлөө мэдэгдэхүйц нэмэгдсэн бөгөөд тус бүлэг нь дэлхийн үйл хэргийг шийдвэрлэхэд нөлөө бүхий хүчин болоод байна. БРИКС-ийн орнууд нь уур амьсгалын өөрчлөлт, худалдаа болон хөгжил зэрэг дэлхийн олон төрлийн асуудлаар хамтдаа дуу хоолойгоо цуурайтуулж байна.

“Хамтын ажиллагаа гүнзгийрэх тусам олон улсын дэг журмыг цогцлооход тус бүлгийн нөлөө улам бүр нэмэгдэх болно” гэж И.Кокушкина онцлон тэмдэглэв.

Хятад улс бол дэлхийн хамгийн том эдийн засагтай бөгөөд улс төрийн асар их нөлөө бүхий улс орнуудын нэг гэдгийг тэрбээр мөн цохон тэмдэглэсэн юм. Өрнөдийн олон орны байдал адармаатай байгаа энэ үед олон улсын харилцааны үйл хэрэгт Хятад улсын оруулж буй хувь нэмэр нь хөгжиж буй орнуудын харилцан ашигтай, эрх тэгш хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна.

БРИКС-ийн гишүүн орнууд нь одоогоор дэлхийн газар нутгийн 26 хувь, хүн амын 42 хувийг эзэлж байна. И.Кокушкина БРИКС-ийг өргөжүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд тус бүлэг өргөжснөөр геополитикийн ач холбогдол нь нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

“БРИКС-ийн гишүүнчлэлийн цар хүрээ өргөжиж байгаа нь БРИКС дэлхийн ихэнх орны нийтлэг ашиг сонирхлыг үнэхээр төлөөлж чадаж байгааг дэлхий нийтэд харуулж байна” гэж шинжээч дүгнэн хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Винсент Ван Гогийн “Дүүдээ бичсэн захидлууд” DNN.mn

Энэ удаагийн “Ном ярьж өгье” буланд Голландын алдарт уран зураач Винсент Ван Гогийн “Дүүдээ бичсэн захидлууд” номыг товчлон хүргэж байна.

2023 оны нэгдүгээр сард худалдаанд гарсан тус номыг орчуулагч Б.Гэрлээ монгол хэлнээ хөрвүүлэн хүргэжээ.

Уг номын тухай өгүүлэхэд номын зохиолч амьдралынхаа туршид 2000-аад захиа бичиж, ихэнх захидлаа Парист уран зургийн наймаа хийдэг дүү Тео Ван Гогтоо хаягладаг байв.

Хүний амьдралын жаргалтай, гунигтай хором мөч бүр хэрхэн өнгөрдөг талаар “Дүүдээ бичсэн захидлууд” гэх номоос уншиж болно.

Тэрээр нийт захианыхаа 800 гаруйг дүү Тео Ван Гогтоо бичдэг байсан ч дүүгээс нь түүнд 80 гаруй захиа ирсэн гэдэг.

Арав гаруй жилийн турш дүүдээ бичсэн энэ захидлуудад зураачийн зан суртахуун, хүмүүжил төлөвшил, үзэл санаа шингэжээ. Ерөнхийдөө хоёр хүний харилцан захидал гэхээс илүү ах нь дүүдээ өөрийнхөө байгаа байдал, өөрт тохиолдсон явдал, хобби, өөрийн зурах гэж буй зургийнхаа өнгө үзэмж, тухайн цаг үеийн улс төрийн асуудал, алдартай зураачдын тухай, философи гээд маш олон зүйлийн тухай бичсэн захидал юм.

1890 оны зургадугаар сарын 4… Одоогоор эмчийн хөргийг зурж байна. Саравчтай цагаан малгайтай, гэрэл цацарсан цайвар гэзэгтэй, гарын сарвуу нь мөн цайвар, хөх хүрэмтэй, гүн цэнхэр дэвсгэртэй хөрөг зураг дээр тэрээр шар ном, нил цэцэгтэй мөчир тавьсан улаан ширээг тохойлдон сууна. Энд ирэхдээ авчирсан миний өөрийн хөрөгтэй их төстэй эд. Гаше гуай хөргөө хараад ёстой л алмайран гайхаж, өөртөө ав адилхныг зурж өгөөрэй гэж шалах боллоо. Би ч зурахдаа дуртай байна” гээд л тухайн мөчийг цаасан дээр буулган сууна.

Тэрбээр хааяа “Ах нь энд ирээд хэдхэн сар болж байгаа ч Парист байсан бол цагийн дотор хүрээ хэмжүүргүйгээр завь зурж чадахгүйгээ мэдээд байна. Тиймдээ ч ажилласан хүн ам тосодно гэж ярьдаг нь үнэн юм шүү. Бага цэцэрлэгт хүрээлэнгийн шавар шавхайд хатаж гандан буй сайн зураачдыг энд авчрах бэлтэй болох сон…” хэмээн санаа алдан бичнэ.

Тэр дүүдээ илгээсэн захидалдаа “Миний ирээдүй илүү тодорч, амьдрал минь илүү хялбар болж эхэлж байгаа санагдаж байна. Бүх зүйл өөрчлөгдөж байгаа ч миний доторх бодол, аливааг харах өнцөг минь огтхон ч өөрчлөгдсөнгүй. Надад гарсан өөрчлөлт гэвэл хийж байгаа зүйлдээ улам гүнзгий дурлаж, цаашид хийх зүйлдээ итгэх итгэл минь ундарсаар байна” хэмээн бичиж байв.

Түүнчлэн захидал бичихийнхээ хажуугаар уран зураг зурж явуулна. Ван Гогийн хамгийн алдартай зургуудын нэг болох “Одод түгсэн шөнө”-ийг ихэнх хүмүүс шөнийн тэнгэрийн оддыг харангаа зурсан гэж боддог. Гэвч тэрээр энэхүү зургаа эмнэлгийн өрөөнөөс төсөөллөөрөө зуржээ. Энэ тухай ч тэр дүүдээ дурдсан байдаг.

Винсент Ван Гогийн зургууд дундаас Наран цэцэг болон Одтой шөнө хэмээх зургууд нь түүнийг алдартай болгосон аж.

1885 оны дөрөвдүгээр сар, Нюэнэн … Тариачдын зургийг засч өнгөлөх шаардлагагүй. Зургаас өөх тос, утаа тортог, төмсний уур ханхалж байвал онох нь тэр. Буй байдал тийм юм. Үхрийн хорооноос өтөг үнэртвэл сайн. Хороо ийм л байдаг. Тариан талбайгаас хөх тариа, төмс, сангас, өтөг ханхийвэл тэр тусмаа хотынхон зүйтэй гэж үзнэ. Зургийг минь үл ойшоосон Дюран-Рюэльд юутай ч “Төмс идэгчид”-ийг үзүүлээрэй. Хачин муухай юм гэх нь тодорхой ч тэр хамаагүй. Үзээд эрэл сурал минь эрчтэй байгааг мэдрэг… хэмээн нэгд нэгэнгүй тайлбарлаж бичнэ. Энэ хэсэгт өгүүлэх төмсөөр хооллож буй гэр бүлийн зургийг зурахын тулд хэдэн сарын турш уг зургийнхаа бүтцийг ажилласан гэдэг.

Энэ мэтчилэн зохиолчийн зурсан зураг, түүний сэтгэл хөдлөл, хэрхэн амьдарч, юу мэдэрч байсныг дээрх номоос нь уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн зах зээлийн дунд болон урт хугацааны судалгааг эхлүүлэх чиглэл өгөв DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны  харьяа байгууллагуудын ажил байдал, уялдаа холбоо бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү болон холбогдох удирдлагууд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт дээр ажиллалаа.

Тус институтээс хийж буй судалгаа шинжилгээний ажилд тулгамдаж буй асуудал, үйл ажиллагааны зохион байгуулалт явц, хүний нөөцийн асуудлуудтай танилцсан.

Юун түрүүнд хөдөлмөрийн зах зээлийн дунд болон урт хугацааны судалгааг эхлүүлэх, эрэлттэй ажил мэргэжил болон эрэлтийг нөхөх боломжийн талаар судалгаа хийх, Мэргэжлийн болон техникийн боловсролын тухай хууль батлагдсантай холбогдуулан, хуулийг дагаж гаргах дүрэм журмыг богино хугацаанд боловсруулах,  салбарын хүрээнд хийгдсэн судалгаа тайланг төр болон төрийн бус байгууллага олон нийт, орон нутагт хүртээмжтэй хүргэн ажиллах чиглэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн удирдлагуудад өглөө.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Г.Сундуй: Зөрчлийн хэргийн 4.9 тэрбум хохирлын дийлэнх хувийг гаалийн зөрчил эзэлж байна DNN.mn

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол, нөхөн төлбөр гаргуулах албадлагын арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгааг 2023 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ. Энэ талаар тус хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйтай цөөн хором ярилцлаа.


-Судалгааныхаа талаар мэдээлэл өгөөч. Хэчнээн зөрчлийн хэрэг бүртгэгдэж, хохирол нөхөн төлбөрийг хэрхэн барагдуулдаг юм бол?

– Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий 84 байгууллагын 1333 зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол, нөхөн төлбөрийг барагдуулахад анхаарах ёстой. Энэ төрлийн албадлагын арга хэмжээг зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнууд хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгааг судалсан. Бид 2023 оны эхний хагас жилд нийт 3429 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажиллалаа. Үүнээс төр, нийтийн ашиг сонирхолд 4.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 94 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан байна. Судалгаагаар төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 516.6 сая төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу хохирлоо төлөөгүй нь тогтоогдсон.

-Ямар зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна вэ?

-Судалгаанд хамрагдсан зөрчлийн хэргийн 49 хувийг байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил эзэлж байна. Харин Гаалийн тухай хууль зөрчих зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байгаа нь нийт хохирлын 87.6 хувийг эзэлж байна.

Тодруулбал, гаалийн татвараас зайлсхийх зорилгоор гаалийн хилээр бараа дутуу мэдүүлэх, барааны тоо, хэмжээг бууруулах, мөн агнуурын бүс нутгаас бусад газар, хориглосон хугацаанд амьтныг барих, агнах, тээвэрлэх зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.

-Судалгаагаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу хэрэгжиж байна уу, та энэ талаар мэдээлэл өгөөч?

-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлнэ” гэж заасан. Дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргахаар зохицуулсан байдаг.

Судалгаагаар иргэн, хуулийн этгээдээс шийдвэрийг хугацаандаа биелүүлээгүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй, хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон. Илэрсэн зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх, шийдвэрийн биелэлтийг хуульд заасан журмын дагуу тооцох, албадан гүйцэтгүүлэх ажил, арга хэмжээг авахуулахаар хугацаатай албан бичгийг Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Нийгмийн даатгалын ерөнхий газруудад тус тус хүргүүлээд байна.

-Та шүүхэд хүсэлт гаргах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх талаар дээр дурдсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Зөрчлийн хэрэгт шийтгүүлсэн хүн, хуулийн этгээд хуулийн хүчин төгөлдөр болсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хууль болон шийдвэрт өөрөөр заагаагүй тохиолдолд тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй байдаг. Хэрвээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр тухайн албан тушаалтан харьяалах шүүхэд хүсэлт гаргаж, шүүх үндэслэлтэй гэж үзвэл албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичдэг. Энэ нь шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн явуулж байгаа ажиллагааг хэлж байгаа юм. Мөн адил прокуророос дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг.

Categories
нийгэм цаг-үе

Архитектурын төлөвлөлтөд орсон 11,668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болголоо DNN.mn

Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар 25 асуудал хэлэлцэж буй бөгөөд эхний шийдвэрүүдийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Ерөнхий сайдын нэг тоот албан даалгаврын дагуу Засгийн газрын хуралдаанд “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар барилга байгууламжийн ашиглалтад оруулах, улсын комиссын дүгнэлтүүд, барилга түүний эзэмшигчдийн мэдээллүүдийг shilen.gov.mn/ системд байршуулсныг танилцууллаа.

Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын нийт 8804 дүгнэлт ирүүлснийг shilen.gov.mn/-нд өнөөдрөөс ил тод байршуулж байна.

Аймгуудад 15 жилийн хугацаанд 165 улсын комисс ажиллаж 4721 дүгнэлт, нийслэлд 105 улсын комисс ажиллаж, 3683 дүгнэлтийг гаргасан.

Барилга байгууламжийн эзлэхүүн, төрөл, хийцээс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх төлөв байдал буюу төвөгшлөөр нь ангилдаг.

Энэ хүрээнд нийслэлд

Тав хүртэлх давхар буюу бага төвөгшилтэй-336

Таваас есөн давхар буюу дунд төвөгшилтэй-1280

Есөөс 16 давхар буюу өндөр төвөгшилтэй-560

16-аас дээш давхар буюу онцгой төвөгшилтэй-57 барилгад дүгнэлт гаргасан.

Түүнчлэн 2004-2023 оны хооронд архитектурын төлөвлөлтөд орсон 11,668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна” гэв.

Өнөөдрийн хурлаар

  • Нийслэлд гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай,
  • Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар,
  • Монгол Улсын гамшгаас хамгаалах бэлэн байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал,
  • Шил ажиллагааны талаар,
  • Тавантолгой дулааны цахилгаан станцын тендерийн сонгон шалгаруулалтын талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Засгийн газрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно