Дэлхий даяар нүүрсний хэрэглээ хумигдаж буй энэ үед Монгол улс нүүрсний баялаг нөөцийнхөө үнэ цэнийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход анхаарч байна. Энэ хүрээнд нүүрсийг гүн боловсруулж устөрөгч гарган авах төслийг эхлүүлээд байна.
Үүний эхний шатны ажил болох диметилийн эфир гарган авах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-ийг Японы “Unico International Corporation”-тай хамтран боловсруулах гэрээг 8-р сарын 18-нд зохион байгуулагдсан Монгол- Японы бизнес форумын үеэр байгууллаа.
Уг төслийн явц, цаашид гарах үр дүнгийн талаар ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, Химийн Инженерчлэлийн Салбарын доктор (Ph.D), дэд профессор, Монгол Улсын Зөвлөх инженер, Нүүрс гүн боловсруулах дэд хорооны ажлын хэсгийн гишүүн Б.Тунгалагтамиртай ярилцлаа.
– Юун түрүүнд та мэргэжлийн хүн, судлаачийн хувиар устөрөгчийн талаарх ойлголтыг манай уншигчдад энгийнээр тайлбарлаж өгөөч? Яагаад хэрэглээ нь нэмэгдэж байгаа юм бэ?
Устөрөгч бол өндөр илчлэгтэй химийн элемент. Эрчим хүч гаргаж авахаас гадна бусад хэлбэрээр ч ашиглах боломжтой түүхий эд. Мөн хүлэмжийн хийг бууруулах үндсэн технологи, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг шинэ шатанд хүргэх хувьсгал авчрагч нь устөрөгч хэмээн Олон улсын эрчим хүчний агентлаг тодорхойлж байгаа. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт болон нүүрсхүчлийн хийг бууруулах зэрэг глобал түвшний томоохон асуудлуудад нар, салхи, усан цахилгаан станц зэрэг нь бүрэн шийдэл болж чадахгүй байгаа ба устөрөгч эрчим хүчний салбарт тогтсон дүрмийг өөрчилнө гэж олон улсын судлаачид үзэж байна. Устөрөгч үйлдвэрлэх хэд хэдэн төрлийн арга бий. Үүнд, нүүрс хийжүүлэх замаар, байгалийн хийнээс, усыг электролизын аргаар задлан ногоон устөрөгч үйлдвэрлэх гэх мэт. Олон улсад өөрсдийн байгалийн баялаг, түүхий эдийн нөөц болон бусад олон эх үүсвэрээс устөрөгчийг үйлдвэрлэх боломжуудыг давхар судалж, хөгжүүлэлт хийж байна.
2020 онд устөрөгчийн хэрэглээ 90 сая тонн хүрэхгүй байсан бол 2030 онд 200 сая тонн, 2050 онд 500 сая тонн болж цаашид өсөх хандлагатай байна. Тиймээс АНУ, Япон, БНХАУ, Австрали, Канад зэрэг технологиор тэргүүлэгч, өндөр хөгжилтэй орнууд устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хэдийнээ анхаарч эхлээд байна.
– Манай улс ирээдүйн энэ хөгжлөөс хоцрохгүй байхын тулд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Аж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилго бүхий Үндэсний хороог байгуулсан. Тус хорооны дэргэд Нүүрс гүн боловсруулах дэд хороо байгуулагдсанаас гадна, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас 2022 оны 9 дүгээр сард захирамж гаргаж, зарим яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар, нүүрс-химийн чиглэлийн эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулалтын чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтарсан Ажлын хэсгийг байгуулсан. Иймд төрийн бодлого, зорилго, чиглэл нэг зүгт байгаа.
Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулалтын төслийн Ажлын хэсгийн гол зорилго нь дэлхий нийтийн түлш, эрчим хүчний гол түүхий эд болох устөрөгч болон тэдгээрийн дагалдах бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, экспортлох судалгааг боловсруулж, ойрын ирээдүйд барьж байгуулахад чиглэж байгаа. Энэхүү хамтарсан ажлын хэсэгт миний бие багтсан. Ажлын хэсгийн хүрээнд дэлхийн хэмжээнд судалгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Япон улсын Юнико Интернэйшнл, Мицүй, Ориентал Консалтинг компаниудтай хамтран Монгол орны төвийн болон өмнөд, Дорнод бүсийн нүүрсний ордуудын нүүрсний шинж чанар, дэд бүтэц, нүүрсний хийжэх чанарт үндэслэн анхан шатны судалгааг хийсэн.
– Анхан шатны судалгаагаар ямар үр дүн гарсан бэ?
Судалгаагаар нүүрс хийжүүлэх шинж чанарыг голчилсон бөгөөд дэд бүтэц болон газарзүйн байршлыг онцгойлон авч үзсэн. Манай улсын Дорнод бүсийн хүрэн нүүрс тохиромжтой гэсэн дүгнэлт гарсан бөгөөд тухайн бүс нутгийн нүүрсний шинж чанар хийжүүлэхэд нийлэг хийн гарц өндөр, харьцангуй залуу нүүрс учраас урвалын идэвхи сайн байсан. Тиймээс Дорнод бүсийн нүүрс дээр төвлөрч диметилийн эфирийг эхний ээлжинд үйлдвэрлэхэд тохиромжтой гэж үзэж байгаа юм.
Нөгөө талаар Японы судлаачдын зүгээс дэд бүтцийн асуудлыг чухалчилж авч үзсэн. Судалгааны тайланд үндэслэн “Монгол-Японы бизнес форум”-ын үеэр “Устөрөгчийн үйлдвэрлэл ба түүний дагалдах бүтээгдэхүүний боловсруулалт” хийх төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээг Япон улсын “Unico International” компанитай байгуулж Ажлын хэсгийг төлөөлж Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, төслийн менежер Г.Цогт гарын үсэг зурсан. Япон улсын “Unico International Corporation” компани нь олон улсад аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн зөвлөгөө үзүүлэхээр 1971 онд байгуулагдсан. Өдгөө дэлхий дахинд 500 гаруй төсөл хэрэгжүүлсэн компани юм билээ. Үүнээс гадна, Мицүй компани урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажилд Япон улсын талаас чиглүүлэгчийн хувиар оролцож, хамтран ажиллаж байгаа.
– Төсөл хэдэн үе шаттай хэрэгжих вэ?
Уг гэрээний хүрээнд урьдчилсан ТЭЗҮ-ийг 6 сарын хугацаанд боловсруулах юм. Үүгээр технологийн болон эдийн засгийн нарийвчилсан тооцооллууд хийгдэнэ.
Энэхүү урьдчилсан ТЭЗҮ-ийн хүрээнд газарзүйн байршлын хувьд Япон улстай илүү ойр, нүүрсхүчлийн давхар ислийг саармагжуулах, шингээх нөхцөл илүү бүрдсэн, мөн дэд бүтцийн буюу усан хангамж, эрчим хүчний эх үүсвэр боломжтой, харьцангуй сайн зэрэг шалгуураар Дорнод бүсийн нүүрсэнд түшиглэн эхний ээлжинд нүүрсийг хийжүүлэх, улмаар устөрөгчийн зах зээлийн эрэлт хэрэгцээ бүрдэх, тээвэрлэлт, хадгалалтын хөгжүүлэлт боловсронгуй болох хүртэлх хугацаанд завсрын үе шатанд гаргах боломж бүхий диметилийн эфир буюу нийлэг хийг үйлдвэрлэх тооцоо судалгаа
багтах юм. Диметилийн эфирээс дулааны энерги үйлдвэрлэх ба үйлдвэрлэлийн явцад гарах нүүрсхүчлийн хийг Дорнод бүсэд олборлож байгаа нефтийн цооногт шахах замаар олборлолтыг нэмэх боломжтой эсэх судалгаа бас багтана.
ТЭЗҮ-ийн тооцоонд шаардлагатай нүүрс хийжүүлэх туршилтыг Дорнод Хятадын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нүүрс химийн хүрээлэнгийн ECUST хийжүүлэгчийн симуляцийн программ хангамж болон Германы Siemens фирмийн лицензийн үндсэн дээр бүтээгдсэн СЕСО хийжүүлэгч дээр тус тус хийлгэхээр холбогдох дээжүүдийг бэлтгэж байна.
– Япон улстай яагаад хамтрах болсон бэ? Энэхүү түншлэлийн харилцаанд нөлөөлсөн хүчин зүйлийг та юу гэж харж байна вэ?
Манай улсын хувьд ашигт малтмалын баялаг нөөцөө Япон улсын дэвшилтэт, тэргүүн технологид суурилан боловсруулах, энэ чиглэлээр хоёр улсын төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах шаардлага туйлын чухал байгаа. 2022 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад айлчилж, хоёр улсын төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөн зохион байгуулагдсан. Энэ үеэр Японы Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн дэд сайдын зүгээс Монгол улсын нүүрсийг гүн боловсруулж, устөрөгч гаргасан тохиолдолд импортолж авах боломжтой тухайгаа илэрхийлсэн.
Монгол улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн гэдэг. Гэтэл бидний гол худалдан авагч БНХАУ нүүрсний хэрэглээгээ үе шаттайгаар бууруулахаар зарлачихаад байгаа. Тухайлбал, 2035 он гэхэд нийт нүүрсний хэрэглээгээ 30 хувиар бууруулахаар зорьж байгаа юм билээ. Тиймээс бид асар их нүүрсний нөөцөө
боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн өөр том зах зээлүүдэд нийлүүлэхэд анхаарах шаардлагатай байна.
Харин нөгөө талд дэлхий дээр хамгийн анх устөрөгчийн үндэсний стратегиа баталсан Япон улс устөрөгчийг бүх түвшинд нэвтрүүлэхээр хөгжүүлэлт хийж байна. Одоо Япон улсын Засгийн Газар нүүрснээс устөрөгч гарган авах төслийг Австралитай хамтран хэрэгжүүлж 9000 гаруй км зам туулж усан онгоцоор тээвэрлэн авчирч байгаа.
Ажлын хэсгийн гишүүний хувьд миний харж байгаагаар Монгол Улс тээвэр ложистикийн асуудлаа зөв, оновчтой шийдвэрлэж чадах аваас Австралийн нүүрснээс гарган авч байгаа устөрөгчтэй өрсөлдөх бүрэн боломжтой бөгөөд Австралийг бодвол Монголын Дорнод бүс нутаг нь тээврийн зайн хувьд 2 дахин бага гэдэг нь давуу тал болно. Ер нь Японы судлаачид энэ талыг илүү харж байгаа.
Япон улс 2030 он гэхэд гурван сая тонн устөрөгчийн хэрэглээтэй болно гэж тооцоолж байгаа учраас манай улсын нүүрсийг гүн боловсруулж, устөрөгч гаргасан тохиолдолд импортолж авах сонирхол байна гэж бодож байна.
– Их сонирхолтой өнцөг байна л даа. Тэгэхээр тээвэрлэлт, дэд бүтцийн асуудлыг хэрхэн зохицуулна гэсэн үг вэ? Хэрхэн яаж төмөр замаар тээвэрлэх вэ?
Японы талаас ч юун түрүүнд дэд бүтцийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа. Учир нь манай улсаас уул уурхайн бүтээгдэхүүн экспортлоход дэд бүтэц буюу тээвэрлэлтийн асуудал хүндрэл үүсгэдэг. Дорнод бүсийн нүүрсний ордуудаас гүн боловсруулах байдлаар устөрөгч гарган авлаа гэхэд Япон улсад экспортлох гарц хэрэгтэй. Бидэнд байгаа нэг боломж нь Чойбалсангаас Бичигтийн боомт хүртэлх Зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр замыг 1435 мм буюу нарийн царигаар дэлхийн стандартад нийцүүлж баривал Бичигтийн боомтоос 1135 км яваад БНХАУ-ын Жинжоу далайн боомтод хүрэх бололцоотой. Ийм байдлаар энэ төмөр замыг баривал манай улс экспортын маш чухал бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд нийлүүлж, эдийн засагт бодитой үр нөлөө үзүүлж, өрсөлдөх чадвараа мэдэгдэхүйц дээшлүүлнэ. Нөгөө талаар дээрхи чиглэлд төмөр замын цариг нарийнаар шийдвэрлэгдвэл Хятадын транзит тээврийг явуулах ч боломж бүрдэнэ. Чойбалсан хот ложистикийн том төв болох боломжтой. Улаанбаатар-Замын үүд, Улаанбаатар-Чойбалсангийн зай үндсэндээ адилхан. Манай улсын хилд хамгийн ойр байгаа далайн боомт бол дээр дурдсан Жинжоу боомт юм билээ.
Өнөөдөр бид Замын-Үүд-Тяньжин гэсэн өндөр ачаалал бүхий ганцхан гарцыг л ашиглаж байсан бол өөр ийм хувилбар байна. Японы тал үүнийг л илүү онцолж харж байгаа ба манай төр засгийн шийдвэр их чухал болоод байна. Иймд нэн яаралтай төмөр замын бодлогоо эргэн харж дээрхи чиглэлийн царигийг өөрчлөх шаардлагатай. Бид ирээдүй рүүгээ харсан, эдийн засгийн дараагийн тулгуураа харсан байдлаар зөв бодлого гаргах хэрэгтэй байна даа.