Допингийн асуудлаар Улсын аварга цолоо хураалгаад буй Э.Оюунболд БНСУ дахь допингийн шинжилгээний лабораторид хүсэлт гаргажээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд өгсөн шинжилгээний хариуг нягтлуулах хүсэлт гаргаж ДНК шинжилгээнд хамрагджээ. Учир нь Э.Оюунболдоос ийм допинг илэрсэн гэх албан бичгийг түүний гарт өгөөгүй нь асуудал дагуулсан гэнэ. Э.Оюунболдын хүсэлт тун удахгүй шийдэгдэх талаар өөрөө хэлж байгаа юм. Шинжилгээний явцад ямар нэгэн алдаа гаргасан нь тогтоогдвол тэрбээр Улсын аварга цолоо буцаан, нөхөж авна. Үүний хажуугаар барилдах эрх нь сэргэнэ. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдалтай холбоотойгоор нөхөн төлбөр авах боломж үүсэх гэнэ.
Энэ жилийн наадмын допингийн шинжилгээ араасаа мөн л дуулиан дагууллаа. Наадмын түрүү М.Бадарч шинжилгээнд бүдэрснийг Бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг цаагуураа хэлчихсэн. М.Бадарч шинжилгээний хариутайгаа танилцсан. Түүнд хариуцлагын асуудал тооцох үеэр спортын арбитрт хандахаар төлөвлөөд байгаа гэнэ. Допингийн шинжилгээний хариуг зарлахад процессын алдаа гарсан гэж үзэж байгаа юм байна. Түүгээр ч барахгүй энэ жилийн наадамд зодоглосон хэд хэдэн бөх допингийн зөрчил гаргасан гэх асуудал үүний хажуугаар хөндөгдөж байна.
Ирэх сонгуулиар орон нутагт нэр дэвших улстөрчид шинжилгээнд бүдэрсэн нутгийн зарим бөхчүүдээ сугалаад үлдээчихсэн гэх. Өөрөөр хэлбэл шинжилгээний хариуг нь янзалсан гэх мэдээллийг ойрын эх сурвалж хэлж байгаа юм.
Энэ асуудлыг мухарлахаар бөхчүүд нийлж Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагад хандахаар ярилцаж байгаа юм байна. Тэд допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн хариуг ил гаргах шаардлага хүргүүлэх гэнэ.
Цаашлаад зарим бөхчүүд Дэлхийн допингийн эсрэг байгууллагад хандах, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад шалгалт оруулах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Шалгалтаар зөрчил илэрвэл манай тамирчид ирэх олимпын наадамд оролцох эсэх хүртэл асуудал хөндөгдөж болно.
О.Билэгт