Categories
мэдээ соёл-урлаг

Японы соёлын наадам болно DNN.mn

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Лэтс Трэвел” ХХК хамтран “Япон соёлын наадам-2023” арга хэмжээг есдүгээр сарын 9, 10-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.  Наадмын үеэр Японы соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амтлахаас гадна худалдан авах боломжтой. Мөн тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд, залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармаг болно. Түүнчлэн

– Кимоно өмсөж зураг авахуулах

– Мацури хөгжөөнт тоглоом наадгай

– Аялал жуулчлалын мэдээлэл

– Соробан сампин

– Үнэгүй сугалаа

– Хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт наадгай зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах юм. Тэрчлэн Японы үндэсний хөгжмийн хамтлаг, уран бүтээлчдийн тоглолт болох бөгөөд “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээн,  “Япон орныг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээн болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 09-р сарын 06-ны 20 цагаас 09-р сарын 07-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар -4…+1 градус, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +3…+8 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +13…+18 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +18…+23 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж  Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +21…+26 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутаг, Халх голын хөндийгөөр +27…+32 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө эрс сэрүүсэж +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө эрс сэрүүсэж +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө эрс сэрүүсэж +15…+17 градус дулаан байна.

2023 оны 09 дүгээр сарын 08-наас 09 дүгээр сарын 12-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9,10-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +13…+18 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23…+28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадаас Монголын гурван сурагч хүрэл медаль хүртжээ DNN.mn

Олон улсын Мэдээлэл зүйн 35 дугаар олимпиад наймдугаар сарын 28-ны өдрөөс есдүгээр сарын 4-ний хооронд Унгар улсын Сегед хотод болж өндөрлөлөө.

Тус олимпиадад нийт 87 орны 351 оролцогч хоёр өдөрт нийт 6 бодлого бодсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон гурван сурагч хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал

  1. Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Төрхүү
  2. Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энэрэлт
  3. Нийслэлийн ерөнхий боловсролын “Nest Education” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Онолт нар тус тус хүрэл медаль хүртжээ.

Олимпиадын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, профессор Д.Цэдэвсүрэн, дасгалжуулагч багшаар МУБИС-ийн багш Ц.Баттогтох, зочноор МУИС-ийн багш Г.Багаболд нар ажилласан байна.

Энэ жилийн хувьд 333.5-580 хүртэл оноо авсан 30 сурагч алт медаль, 230-328.5 хүртэл оноо авсан 58 сурагч мөнгөн медаль, 153-229 оноо авсан 90 сурагч хүрэл медаль хүртжээ.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн “U11”, “U13” насны өсвөр үеийн улсын аварга болно DNN.mn

Монгол Улсын сагсан бөмбөгийн “U11”, “U13″ насны өсвөр үеийн улсын аварга  шалгаруулах тэмцээн 2023 оны есдүгээр сарын 28-29-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд 2012 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн тамирчид оролцоно.  Харин “U13” насны тэмцээнд 2010 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн тамирчид оролцоно. Тэмцээний техникийн зөвөлгөөн 2023 оны есдүгээр сарын 22-ны баасан гарагт 18:00 цагт “Ган” спорт центер дээр болно.

May be an illustration of basketball and text

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Шүүх хөгжлийн бодлогоо тодорхойлсон баримт бичигтэй болно DNN.mn

“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.

УИХ-ын 2000 оны тогтоолоор Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг баталсан, хүчин төгөлдөр байна. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээ, дүгнэлттэй холбогдуулан гаргасан зөвлөмжийг харгалзан, “Алсын хараа-2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан бусад баримт бичигт шүүх эрх мэдлийн хөгжил, шинэтгэлийн талаар дэвшүүлсэн зорилтуудтай уялдуулан Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын зорилго, зорилт, арга хэмжээний саналыг боловсруулжээ.

Төсөлд шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг баталгаатай эдлүүлж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагын захиргааны менежментийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, шүүхийн хүний нөөцийн чадавхыг тасралтгүй хөгжүүлэх, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхэд тохирсон тогтвортой тогтолцоог бүрдүүлэх зорилтыг тусгажээ.
 
Товч мэдээ
·      Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Ж.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төмөрбаатарын Сүхболдыг Цагдаагийн ерөнхий газрын даргын албан тушаалд томиллоо. Хурандаа Т.Сүхболд 2020 оноос Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байна.
·      Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцлөхөөр тогтов.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын нөөц гурван тэрбум 933 сая ам.долларт хүрчээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362  дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулж Уул уурхайн бүтээгдэхүүний бирж дээр хийгдсэн арилжааны хэлцлийг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системтэй холбож, төрийн болон орон нутгийн өмчит компаниудаас уул уурхайн бүтээгдэхүүнийг зөвхөн биржээр дамжсан хэлцэл, гэрээг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системд бүртгэхийг холбогдох хүмүүст даалгалаа.
Гадаад валютын албан нөөц 2023 оны наймдугаар сарын эцсийн байдлаар гурван тэрбум 933 сая ам.долларт хүрч, 2022 оны есдүгээр сарын эцэстэй харьцуулахад 41 хувиар өссөн байна. “Энэ нь төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөлийг баталгаажуулж байна” гэж Эдийн засаг, хөгжлийн сайд хэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд 2023 он гарснаас хойш нийт 2.5 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ.
Ашигт малтмалыг нээлттэй борлуулах хүрээнд 2023 оны есдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар нийт 4,966 мянган тонн нүүрсийг нээлттэй арилжсан бөгөөд үүнээс 3,110 мянган тонн нүүрсийг цахим арилжаагаар, 1,856 мянган тонн нүүрсийг уул уурхайн бүтээгдэхүүний биржээр тус тус арилжсан бай

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Халзан бүрэгтэйн ордтой холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн шийдвэрлэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Халзан бүрэгтэйн ордтой холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн шийдвэрлэнэ
Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтын мөрөөр Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, Халзан бүрэгтэйн ордын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулан хэлэлцлээ.
Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа.
Мөн газрын ховор элемент болон ховор металлын талаар Төрөөс баримтлах бодлогыг холбогдох хууль эрхзүйн орчны хүрээнд боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус ордын зөвшөөрлийн талбайд хяналт шалгалт хийсэн байна. 2023 оны хайгуулын ажлын үеийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулсан буюу хуульд заасан эрх бүхий этгээд болох Байгаль орчны албаар батлуулаагүй тул энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа ажээ.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Цагаан хэрэм”-ийг экскаватораар нүхэлжээ DNN.mn

“Цагаан хэрэм”-ээс холгүй барилга дээр ажиллаж байсан хоёр хүн замаа товчлохын тулд экскаватораар түүхэн дурсгалт байгууламжийг нүхэлсэн хэрэгт буруутгагдаж байна. Хятадын төв телевиз энэ тухай мэдээлжээ.

The Great Wall of China: Two people detained for allegedly damaging cultural relic with excavator | CNN

Шаньси мужийн хойд хэсгийн Ююй аймгийн Шожоу хотын дүүргийн хэрмийн хананд нүх гаргасан байсныг илрүүлсэн. Улмаар зэргэлдээ аймгийн 38 настай эрэгтэй Чэн, 55 настай эмэгтэй Ван нар дээрх хэргийг үйлдсэн болохыг олж тогтоожээ. Ажилдаа очих зам дэндүү тойруу учир замаа товчлохын тулд хэрмийг нүхэлснээ хүлээсэн тэднийг соёлын дурсгалыг эвдлэн сүйтгэсэн хэргээр баривчлан саатуулаад байна.

Categories
story-news

Х.Нямбаатар: Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Х.Нямбаатар: Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Categories
мэдээ улс-төр

Монгол, Хятадын 4 дэх удаагийн экспо Хөх хотод эхэллээ DNN.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод болж буй “Монгол, Хятадын 4 дэх удаагийн экспо” болон “Умард зүгт чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын хүрээн дэх худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцож байна.

Айлчлалын үеэр БНХАУ-ын 14 дүгээр удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Хө Вэй тэргүүтэй төлөөлөгчид Шадар сайдыг хүлээн авч уулзсан байна.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгааг Шадар сайд энэ үеэр онцоллоо. Тухайлбал, өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хурэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийсэн бол энэ оны зургаадугаар сард Монгол Улсын Еренхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны айлчлал хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр талууд нэгдсэн ойлголцолд хүрсэн юм.

Яриа хэлэлцээг бодитоор хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг Шадар сайд онцлон тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг хөгжлийн стратегиа БНХАУ-ын “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба Зам” болон “Хэтийн зорилго 2035”-тай уялдуулан боомт, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил, шинэ технологи, шинжлэх ухаан зэрэг чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг тодотгож байна.

Цаашид эдгээр бодлогын баримт бичгийн хүрээнд хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум америк долларт хургэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, зарим боомтыг төмөр замаар холбох, тээвэр, логистикийг саадгүй явуулах зэрэг чиглэлд илүүтэй анхаарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа манай тал илэрхийлжээ.

Уулзалтын үеэр БНХАУ-ын 14 дүгээр удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Хө Вэй Монгол Улстай хийж буй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд идэвхийлэн ажиллаж байгааг илэрхийлээд зам, гүүр, дэд бүтцийн ажилд илүүтэй нягт хамтран ажиллах эрмэлзэлтэйгээ онцолжээ.

“Монгол, Хятадын экспо”-г анх 2015 онд ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулж байсан юм.