Author: Админ
Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө
Тайвань Монгол хоёр орон харилцан төлөөлөгчийн газраа нээж ажиллуулаад хэдийн 20 гаруй жил өнгөрсөн билээ. Өнгөрсөн жилүүдэд хоёр тал харилцан хүндэтгэсэн, найрсаг харилцааг өрнүүлсээр ирсэн төдийгүй эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, худалдаа эдийн засаг, аялал жуулчлал зэрэг олон салбарт ойр нягт харилцаа, хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлсээр ирэв. Тайвань энх тайвнаар хөгжихийг зорьсоор ирсний зэрэгцээ Монгол Улстай гүн гүнзгий, урт хугацааны найрсаг харилцаа тогтоохыг цагт ямагт хүсэж тэмүүлсээр ирсэн.
Тухайлбал Тайваньчууд өнгөрсөн жилүүдэд Монгол орны нийт 1000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт семинарт хамруулж, Тайваниас эмч нарын баг тогтмол Монгол оронд хүрэлцэн ирж, эмнэлзүйн удирдамжаар хангах эсвэл алслагдсан бүс нутагт үнэ төлбөргүй эмчилгээ, үзлэг оношилгоо хийх, хамтран ажиллаж буй Монгол орны эмнэлгүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл хандивлаж байсан. Энэ оны 8-р сарын сүүлчээр Тайваний Нордхоффын сан, Тайваний Чан Гэн эмнэлэг, Монгол Улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран, Монгол Улсад 3 хоногийн хугацаатай ажиллах үеэрээ 30 шахам өвчтөнд үзлэг оношилгоо хийж, гавал нүүрний төрөлхийн гажигтай 19 өвчтөн, түлэгдсэн 1 өвчтөнд эмчилгээ хийжээ. Түүнчлэн Тайваний Гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь салбар нь 2004 онд байгуулагдсан цагаасаа хойш 8000 шахам гэр бүл, 24906 хүүхдэд дэмжлэг үзүүлсэн. Үүнээс гадна манай төлөөлөгчийн газар нь мод тарих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Тайваний “Ци Шинь сан” ТББ-тай хамтран Тайваний мод усалгааны эко хувин ногоон технологийг ашиглан Монгол Улсын хэмжээнд нийт 6000 гаруй мод тарьсан бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд суулгасан нийт модны 95% нь амжилттай ургасан бол хөдөө орон нутагт тарьсан нийт модны 85% нь амжилттай ургажээ. Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаа юм.
COVID-19 цар тахал дэгдэхээс өмнө Тайваньд нийт 1700 гаруй Монгол оюутан суралцаж байсан. Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар нь Тайваниас эх үүсвэр хайж, хүсэлт гаргасны үр дүнд энэ онд нийт 18 тэргүүний шилдэг Монгол оюутан залуусыг Тайваний засгийн газрын тэтгэлэгт хамруулан, Тайваньд суралцуулж байна. Бид цаашид ч Тайвань Монголын боловсролын салбар дах хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэх болно.
Монгол орны хувьд Тайваньтай соёлын салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх нь онцгой ач холбогдолтой билээ. Тайпэй хотод байрлах Тайваний Үндэсний хааны ордон музейгээс Юань гүрний үеийн хаад, хатдын хөргийн 800 гаруй хуулбарыг Монгол Улсад хандивлаж байсан. Энэ нь Монгол Улсын түүх, соёлын сэргэн мандалт, үндэсний алдар цууд юугаар ч орлуулшгүй үнэ цэнтэй бөгөөд дээр дурдсан хамтын ажиллагаа нь Тайвань Монгол хоёр орны найрсаг харилцааны хамгийн тод томруун, шилдэг жишээ юм.
Тайвань нь дэлхий дахины улс орнуудтай харилцахдаа энх тайванч, найрсаг нөхөрсөг хандлагыг баримталсаар ирсэн бөгөөд бусад улс орнуудтай хамтын хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн Тайвань олон улсын маргаантай асуудлуудыг энхийн замаар яриа хэлэлцээ өрнүүлэн шийдвэрлэхийг эрхэмлэдэг.
Сүүлийн үед олон улсын хоёр болон олон талт форумаас гаргасан мэдэгдэлд Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдал нь дэлхийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэх болсон. Өдөр бүр дэлхийн чингэлэг тээврийн тал орчим хувь нь Тайваний хоолойгоор дамжин өнгөрдөг. Тайвань дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна дэлхийн хэрэгцээт ихэнх хагас дамжуулагчийг үйлдвэрлэдэг. Хэдэн арван жилийн турш Тайваний ард түмэн Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалсаар ирсэн. Тайваний хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах явдал нь бүхий л талуудын ашиг сонирхолд нийцнэ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд “Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх” тухай тусгасан байдаг бөгөөд хүйтэн дайн дууссанаас хойш энэхүү зарчмыг баримтлан, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг сахин хамгаалж, дэлхийн амгалан тайван байдлыг хадгалсаар ирсэн. Нэгдсэн Үндэстний Байгууллага бол дэлхий нийтийн яриа хэлэлцээний хамгийн шилдэг платформ бөгөөд НҮБ-ын албан тушаалтнууд өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нийтлэг шийдэл, эв нэгдэл, хүлээцтэй байхыг байнга уриалдаг. Тайваньд эдгээр хүчин чармайлтад оролцох хүсэл, боломж аль аль нь бий.
Дэлхий дахинд тулгарч буй олон томоохон сорилтуудыг харгалзан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулганы “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дахин идэвхжүүлье” буюу “Rebuilding trust and reigniting global solidarity” сэдэв нь цаг үеэ олсон чухал асуудал юм. Тухайлбал НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд” (SDGs) нь энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх нийтлэг зураг төсөл боловч хамгийн сүүлийн үеийн “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын тайлангаас харахад ТХЗ-ын зорилтуудын дөнгөж 12% нь сайн хэрэгжиж, 50% нь хоцрогдсон ба 30 гаруй хувь нь зогсонги байдалд орсон эсвэл ухарсан үзүүлэлттэй байна.
Дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх хялбар арга байхгүй ч яриа хэлэлцээ нь эхний чухал алхам юм. Нэгдсэн Үндэстний Байгууллага үнэхээр дэлхий нийтийн байгууллага болохын хувьд энэ замыг удирдан чиглүүлэх ёстой. Бид НҮБ-д хандан “Хэнийг ч орхигдуулахгүй байх” хэмээх зарчмаа баримталж, Тайванийг НҮБ-ын тогтолцоонд оролцуулахыг зөвшөөрч, дэлхий дахины хамтын ажиллагаа, оролцоо шаардлагатай асуудлуудын хэлэлцүүлгээс гадуур Тайванийг үлдээхгүй байхыг уриалж байна. НҮБ-ын зүгээс Тайваний ард иргэд болон сэтгүүлчийг холбогдох уулзалтад оролцож, сурвалжилга мэдээлэл хийхийг зөвшөөрч, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслах уулзалт, механизм дах Тайваний утга учиртай оролцоог дэмжих нь сайн эхлэл болж чадах билээ.
Тайваньд НҮБ-ын тогтолцоонд утга учиртай оролцохыг зөвшөөрснөөр дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болохын зэрэгцээ ирээдүйд дэлхий дахинаа аюул заналхийлэл учрах үед Нэгдсэн Үндэстний Байгууллага эвлэлдэн нэгдэж, дэлхийн энх тайвныг хамгаалах шийдвэр гаргах болно. Эв нэгдэл бол хүч чадал бөгөөд одоо энэхүү үнэнийг хэрэгжүүлж, Тайванийг хүлээн зөвшөөрөх цаг болжээ.
Япон Улсад жуулчлалын визээр ирсэн гадаадын жуулчид НӨАТ-ын татваргүй их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авч, хууль бус худалдаачдад зарж, борлуулах үйлдэл газар аваад байна.
Үүний улмаас Засгийн газраас НӨАТ-ын татварын бодлогоо чангатгахаар ажиллаж байна.
Японд зорчиж буй гадаадын жуулчид бэлэг дурсгалын зүйл болон өдөр тутмын өөрийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг НӨАТ-ын татваргүй худалдан авах боломжтой.
Япон Улсын Сангийн яамнаас сүүлийн үед жуулчид их хэмжээний НӨАТ-ын татваргүй худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ Япон дахь борлуулагчдад дамжуулан зарах хууль бус гэмт хэрэг ихэссэн, 2022 онд хийсэн гаалийн шалгалтаар энэ төрлийн худалдан авалтын үнийн дүн 2.13 тэрбум иенд хүрсэн гэж мэдэгдэв.
Япон Улсын Сангийн яамнаас уг хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт оролцохгүй байхыг сэрэмжлүүллээ гэж Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-ыг хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг дурдаад, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа аюулгүй байдал, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт амжилттай хөгжиж буйг тэмдэглэв.
Тэр бээр өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлснийг дурдаж, Лаосын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-ыг хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа онцлов.
Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол, Лаосын шинэ жарны эхлэл болгож БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисулит Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Лаос Улсад айлчлахыг урьж, халуун дотно мэндчилгээ дамжуулсныг уламжлав.
Түүнчлэн Монгол Улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход БНАЛАУ үргэлжлүүлэн дэмжинэ гэдгийг нотолж, энэ удаагийн айлчлал хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ эхлэл болж буйг тэмдэглэв.
Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудал болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, тээвэр логистик, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 08-ны өдрийн 02 цаг 11 минутад Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо, “Бөхийн өргөө”-ний орчимд гар утас булаагаад зугтаасан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Улмаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж иргэн “Э”-ийн iPhone 13 загварын гар утсыг 37 настай, эрэгтэй “Н” гэгч нь согтуурсан үедээ булааж зугтсан үйлдлийг илрүүлсэн байна.
Эд мөрийн баримтаар хохирогчийн гар утсыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлж байгаа аж.
Иймд иргэд та бүхэн шөнө, оройн цагаар гудамж, талбайд явахдаа харанхуй, гэрэлтүүлэггүй гудамж, замаар ганцаараа зорчихгүй байх, баталгаатай такси, унаагаар үйлчлүүлэх, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Энэ оны эхний найман сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.9 тэрбум сая ам.доллар болжээ.
Энэ нь 2022 оны мөн үеэс 2,5 тэрбум ам.доллароор буюу 19.4 хувиар өссөн болохыг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Экспортын дүн импортын дүнгээс 4 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Экспортод 10,003.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.0 хувиар өссөн аж. Мөн экспортод нийлүүлсэн барааны 98.9 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгаа юм байна.
Экспортын барааны нийт дүнд
- Эрдэс бүтээгдэхүүн 8,678.5 сая ам.доллар буюу 86.8 хувь;
- Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 443.0 сая ам.доллар буюу 4.4 хувь;
- Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 336.0 сая ам. доллар буюу 3.4 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.5 хувийг эзэлж байна.
2023 оны эхний найман сард экспортолсон байдлыг харвал:
- хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100 хувь, зэсийн баяжмалын 99.9 хувийг, чулуун нүүрсний 99 хувийг БНХАУ-д;
- үхэр адууны боловсруулсан ширний 33.5 хувийг, ямааны самнасан ноолуурын 85.2 хувийг Италид;
- ямааны угаасан ноолуурыг 99.6 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 84.7 хувийг эзэлж байна.
Монгол улс дэлхийн 74 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 91.7 хувь, Швейцарт 3.5 хувь, БНСУ-д 1.3 хувь тус тус ногдож нийт экспортын 96.5 хувийг дээрх орнууд эзэлж байна.
Түүнчлэн импортын хувьд нийт 5.9 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 346.9 сая ам.доллароор буюу 6.2 хувиар өссөн аж.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-ыг өнөөдөр /2023.09.08/ жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан эрхэмсэг ноён Сайсумпон Фумвихан хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ.
Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол, Лаосын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцохоор төлөвлөж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханыг угтан авлаа
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА