Categories
мэдээ нийгэм

Нарийнтээл сумын нутагт хөв цөөрөм байгуулжээ DNN.mn

Өвөрхангай аймгийн Засаг даргын А/543 тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Их булгийн ам” хэмээх газарт байгуулсан 11745.6 м³ ус бүхий хөв цөөрмийг хүлээж авлаа.

Тус хөв цөөрмийн зураг төсвийг 2022 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар “Гидро-Фантан” ХХК гүйцэтгэсэн бол бүтээн байгуулах ажлыг 2023 онд “Усны барилга” ХХК гүйцэтгэсэн.

Хөв цөөрмийн боомтын урт 83.8 м, өндөр нь 4.23 м, хярын өргөн 4 м бөгөөд мал сүрэг, айл өрхийг ундаалах, байгаль орчны доройтлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Энэ бүс нутагт жилийн нийлбэр хур тунадас 129.5 см байдаг ба хур тунадасны 80 хувь нь дулааны улиралд ордог.

Мөн хөв цөөрмийн дэргэд хаврын шар ус, зуны үерийн усыг нэвтрүүлэх хамгаалалтын сувгийг байгуулсан гэж Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

Categories
гадаад мэдээ

Хятадын хямрал улс төрийн шалтгаантай DNN.mn

Урд хөршийн эдийн засаг дотоод эргэлт, гадаад экспорт гэсэн хоёр тулгуур дээр тогтдог. Тэгвэл Хятадын эдийн засаг нэг тулгууртай болж буй талаар BBC-ийн тоймч Алексей Калмыковын бичсэн “Хятадын эцэс төгсгөлгүй хямрал. Яагаад Си Жиньпиний удирдлага дор Хятад Америкийг гүйцэх магадлал бага байна вэ?”нийтлэлийг хүргэж байна.


Хятад улс сүүлийн 20 жилийн хугацаанд маш хурдацтай хөгжиж, баяжин дэлхийн хамгийн баян, нөлөө бүхий гүрэн АНУ-ыг гүйцэж түрүүлэх нь хэнд ч ойлгомжтой болоод байв. Гэвч сүүлийн гурван жилд Хятад улсын эдийн засгийн өсөлт огцом удааширч, ач холбогдлоо алдав. Энэ зун барууны мэргэжилтнүүд, улстөрчид “бүдгэрч” буй Хятадын эдийн засгийн удаашрал дэлхийн бусад улс орнуудад хэрхэн нөлөөлөх талаар ярьж эхэлсэн юм. Учир нь Америкийн хувьд Хятад улсын эдийн засгийн аюул хуучирч, улс төр, цэргийн шинэ аюул болж хувирав. Харин Хятадын эдийн засагт үүссэн энэхүү “шинэ нөхцөл” Азийн хөршүүдэд нь барууны бизнес, хөрөнгө оруулалтыг татах боломж болж хувирсан. Оросын хувьд Хятадын “гайхамшиг”-ийн бууралт нь энэ улсын гол бүтээгдэхүүн болох эрчим хүчний экспортын орлогыг бууруулна гэдгийг нь тодорхой болгож орхив.

Азийн “нисдэг луу” яагаад гэнэт мөлхөж буй өт болон хувирав?

Товчоор Хятадын эдийн засгийн гол хөдөлгүүр болох үл хөдлөх хөрөнгийн зах зээл гацчихаад байна. Гэхдээ энэ нь Хятадын хүн ам гол нь Коммунист нам болон түүний удирдагч Си Жиньпиний удирдах, чиглүүлэх үүрэгт үл итгэх явдлаар илэрч гарах нэн хүнд өвчний анхны шинж тэмдэг юм. Орос шиг ядууралд нэрвэгдээд байсан Хятад улс 1990-ээд онд зах зээлийн эдийн засагт шилжиж, барууны орнуудад нээгдсэн даруйдаа нэг их удалгүй баяжсан. Баялгийн хэмжээ жилд 10-15%-иар өсч байсан ч аажмаар үйлдвэржилт, хотжилт хүчээ шавхаж, Си Жиньпингийн үед эдийн засаг аль хэдийнэ хоёр дахин удаан буюу жилд 5-7 хувиар өсч эхлэв. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт ердөө 3 хувь орчим байсан бөгөөд 2023 оны хоёрдугаар улиралд уг өсөлт 3 хувиас давсангүй. Хятад улс Ковидын 2022 онтой харьцуулахад жилийн өсөлт дор хаяж 5 хувь байх ёстой байв. Хятадын энэхүү хямралыг эдийн засгийн бус улс төрийн шалтгаантай гэдгийг шинжээчид нэгэн дуугаар онцолж байна. Энэ нь коммунист удирдагч Си Жиньпин тус улсад эрх мэдлээ нэгтгэн нэмэгдүүлж, өөрийн “перестройка” болох өөрчлөн байгуулалт эхлүүлсэнтэй холбоотой юм. Тэрбээр экспортын хурдацтай өсөлт, зээлсэн хөрөнгө оруулалтад суурилсан өмнөх өсөлтийн загварыг орлох барууны орнууд шиг хэрэглээнд суурилсан эдийн засаг бий болгохыг хичээж байна. Гэхдээ энэ нь иргэдэд сайн сайхан амьдрал авчрах нь юу л бол. Учир нь өсөлт авчирч байсан хуучин эх үүсвэрүүд хүчээ барж дуусаад эдийн засгийг ёроол руу нь татаж байна. “Энэ бол бүтцийн шалтгаантай удаашрал. 2008-2016 онд эдийн засгийн өсөлтийг хангаж байсан “хөдөлгүүр”-үүд хог хаягдал болов. Үл хөдлөх хөрөнгийн салбар Хятадын эдийн засгийн 25 хүртэлх хувийг бүрдүүлдэг. Энэ салбарын удаашрал, зогсолт нь ерөнхийдөө эдийн засгийн өсөлт буурах гол шалтгаан болж байна” гэж АНУ-ын Стратегийн болон олон улсын судалгааны төв(CSIS)-ийн Логан Райт хэлэв. Нэгдүгээрт, орлого нь өмнөх шигээ өсөхгүй болсон, хоёрдугаарт, буцаад хямд үнэтэй орон сууц шаардлагатай болж байгаа учраас, гуравдугаарт, иргэд ирээдүйдээ итгэхгүй болж байгаагаас шалтгаалж байна.

Хятадуудын хувьд орон сууц бол ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт байсан юм. Банкны хадгаламжийн хүүг Коммунист намын бодлого үргэлж дарж, иргэд бүх мөнгөө банкинд хадгалуулах сонирхолгүй болсон. Тиймээс Хятадууд үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийж хөрөнгөө өсгөдөг болов. Орон сууц нь хадгаламж болохоос гадна хүмүүс өөрсдөө амьдарч болдог байв. Хотжилт, хүн амын өсөлт нь хотуудын орон сууцны эрэлтийг дэмжиж байв. Эдгээр бүх хүчин зүйл одоо үгүй болов. Үнийн гацалт, уналт нь үл хөдлөх хөрөнгийг хадгаламжийн объект болгох сонирхолгүй болгов. Хотжилт бараг алга болж, хүн амын өсөлт зогсов. АНУ-ын Гадаад харилцааны зөвлөлийн ажилтан Зое Лю “Айдас төрүүлж байгаа зүйл нь орон сууцны эрэлт буурснаар хүн амын өсөлтийг бууруулж байна. Хотжилтын оргил үе ард хоцорч, 2013 оноос хойш гэрлэлтийн тоо буурч байна” гэж хэлэв. Нэгдүгээрт, хятад иргэдийн орлого өмнөх шигээ өсөхгүй байна, хоёрдугаарт, орон сууц хямдарсаар байна, гуравдугаарт, тэд ирээдүйдээ итгэхгүй болчихоод байна гэв.

Өмнө нь Хятадын бүтээн байгуулагчид банкнаас зээл, улсаас газар авч, суурийг нь ухангуут, дуусаагүй барилгаа иргэдэд зарж, олсон мөнгөөрөө барилгаа дуусгалгүй, харин шинээр газар худалдаж авч, шинээр зээлэнд барьцаалж, дахин суурь ухан зарж энэ явдал давтагдан явагддаг байсан. Мэдээж хэзээ нэгэн цагт энэ “хөөс” хага үсрэх нь тодорхой байв. Ийм явдал эхлэнгүүт Коммунист нам хөндлөнгөөс оролцож, зохицуулалтыг чангатгаж эхэлсэн ч орон сууцанд оруулсан бараг бүх хөрөнгө оруулалт нь орон сууцны дуусаагүй барилга, суурийг нь ухсан нүх болж хувираад байна. Хэн ч шинэ нүх ухахгүй болж 2021 оны дунд үеэс үл хөдлөх хөрөнгийн салбарын үйл ажиллагаа хоёр дахин буурав. “Энэ бол Хятадын хөрөнгө оруулалтыг зогсонги байдалд оруулсан гол хүчин зүйл” гэж CSIS-ийн Логан Райт хэлэв. “Үл хөдлөх хөрөнгийн салбарыг орлох Хятадын эдийн засгийн өсөлтийг хангах өөр эх үүсвэр байсангүй. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн эргэлт огцом удааширснаар тайлбарлагдана” гэж тэр хэллээ. Энэ нь 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа Хятад улсыг урагшлуулсан өсөлтийн “хөдөлгүүр”-үүд гацаж дор хаяж дараагийн арван жилд үйл ажиллагаагаа явуулах чадваргүй болсон гэсэн үг билээ. Харин хөрөнгө оруулалтын энэхүү бууралтыг Хятадын эрх баригчид эдийн засгийн өсөлтийн хоёр дахь бүрэлдэхүүн хэсэг болох хэрэглээ, экспортоор нөхөх ёстой. Гэхдээ энэ бол үнэхээр хэцүү зүйл болчихоод байна.

Хүмүүсийг мөнгөө үрэх нөхцөл бий болгох нь Хятадын Коммунист намын гол ажил юм. Одоогийн байдлаар энэ ажлын ахиц дэвшил бага байна. Ажилгүйдэл нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн эргэлт зогсож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурч байна. Ийм нөхцөлд хятадууд мөнгөө зарцуулах бус өрөө төлж, хуримтлал үүсгэхийг илүүд үзэж байна. Гэхдээ гол зүйл бол ирээдүйдээ итгэх итгэл. Бүхэл бүтэн нэг үеийнхний дассан сайн сайхан байдлын тасралтгүй өсөлтийг хангах Коммунист намын чадварт итгэх иргэдийн итгэл улам бүр багасч байгаа явдал.

Нам болон Си Жиньпин юу хийж байгаагаа сайн мэдэж байгаа гэдэгт би итгэж байна. Тэдэнд эхлээд ковидын хатуу түгжрэл, дараа нь иргэдийн эсэргүүцэл тохиосон. Үүний зэрэгцээ Си “нийтийн хөгжил цэцэглэлтийн” төлөө тэрбумтан, алдартай жүжигчдийн эсрэг хөдөлгөөн өрнүүлсэн ч удалгүй бодлоо өөрчилсөн. Мөн энэ бүх хугацаанд барууны орнуудтай Хятадын зөрчилдөөн улам бүр нэмэгдэж, Тайванийн төлөөх дайн хийх нь гэсэн айдас хүн амын дунд улам ихсэж байгааг сүүлийн нэг жилийн хугацаанд Хятад руу гурван удаа хийсэн айлчлалаасаа би харсан. “Хүмүүс аль болох бага мөнгө зарцуулж, илүү их хэмнэж байна. Шалтгаан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр хагарсан “хөөс” биш юм шиг надад санагдсан. Энэ нь улс орон буруу чиглэлд явж байна гэсэн мэдрэмжээс болж ерөнхийдөө итгэл алдарсантай холбоотой. Үүний үр дүнд шинэ Жэк Ма болж, гутамшигт нэрвэгдэх хүсэлтэй хятадууд улам бүр цөөрсөөр байна” гэж Скотт Кеннеди хэлэв.

“Ажилгүй болсон залуучууд том асуудал болоод байна” гэж АНУ-ын Гадаад харилцааны зөвлөлийн Зое Лю асуудлын үндсийг тайлбарлав. “Эрх мэдлийн төвлөрөл нь бусад бүх хүний дуу хоолойг хаачихаад байна. Иймээс эрс шинэчлэл хийх амлалтын дохио хамгийн дээд цэгээс буюу Си Жиньпинээс ирэх ёстой” гэж Логан Райт хэлэв. “Мэдээжийн хэрэг, Хятадын удирдлагад өр барагдуулах болон хүн ам зүйн өсөлтийн аль алиныг нь шийдвэрлэх шаардлагатай болно. Гэхдээ гол асуудал нь өөр. Тэд шинэ нэгдмэл зорилго олж, хүн амыг татах хэрэгтэй. Баруунтай харилцах харилцааны хурцадмал байдлыг намжаан тэд улс орныг хэрхэн чадварлаг удирдахаа мэддэг гэдгээ батлах ёстой. Энэ тохиолдолд эдийн засгийн шинэ өсөлт ирэх нь бүрэн баталгаатай биш ч эрх баригчид хүн амын ирээдүйд итгэх итгэлийг хэсэгчлэн сэргээж, хэрэглээг нь сэргээх боломжтой болно” гэж түүний хамтран зүтгэгч Скотт Кеннеди энэ дохионы мөн чанарыг тайлбарлав. “Энэ нь Си Жиньпин өөрийн одоогийн чиг хандлагыг өөрчлөх шаардлагатай гэсэн үг” гэж Гадаад харилцааны зөвлөлийн Зое Лиу нэмж тайлбарлав.

Өсөлт өмнөх шигээ өндөр байх чадваргүй болсон ч Хятадыг орхих дэндүү эрт байна гэж бараг бүх мэргэжилтэн үзэж байна. АНУ-д төвтэй Петерсоны Олон улсынэдийн засгийн хүрээлэнгийн Ник Ларди “Мэдээж Хятадын эдийн засгийн гайхамшигт өсөлт нэгэнт ард хоцорсон гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тэд хэзээ ч жилийн 8-9%-ийн өсөлт рүү буцаж очиж чадахгүй. Учир нь үүнд томоохон хэмжээний өөрчлөлт хийх шаардлагатай болсон бүтцийн асуудал саад болж байна” гэж хэлэв. Гэсэн хэдий ч Хятадын эдийн засгийн уналт дууссан гэдэгт итгэлтэй байна. Хятад улс туйлдаа хүрсэн бололтой. Одооноос эхлэн эдийн засгийн өсөлт харин ч хурдасч, ойрын жилүүдэд одоогийн гурван хувиас хамаагүй өндөр байх болно гэж CSIS-ийн дугуй ширээний уулзалтын үеэр судлаачид дүгнэжээ. Өнгөрсөн долдугаар сард гахайн тахал гарч, гахайн махны үнэ огцом өссөн нь шууд нөлөөлсөн дефляцийг нэг их зүйлд бодох шаардлагагүй. Учир нь Хятадад цалин нэмэгдэж, бодит орлого нь жилийн дүнгээр 5-7 хувиар нэмэгдэж байна. Гэсэн ч иргэдийн хуримтлал эсрэгээрээ буурч байна. “Мэдээж хэрэглэгчдийн итгэл үнэмшилтэй холбоотой асуудал байгаа ч орлого энэ хурдаар өссөөр байвал хэрэглээ ямар ч байсан өснө” гэж Ларди итгэлтэй хэлэв. Гэвч эдийн засгийн нөгөө хоёр гол хөдөлгүүр болох хөрөнгө оруулалт, экспортын тэлэлтэд найдах шалтгаан одоогоор алга. “Хятад улс 2000-аад оны сүүлчээс хойш дэлхийн тэргүүлэх экспортлогч хэвээр байгаа ч ДНБ-д эзлэх экспортын хэмжээ буурч байна. 15 жилийн өмнө эдийн засгийн үйл ажиллагааны гуравны нэгийг хангаж байсан экспорт одоо тавны нэг нь болж буураад байна” гэж Гадаад харилцааны зөвлөлийн гишүүн Зое Лю дурсав. “Хэдийгээр Хятад улс үйлчилгээний экспортоо нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүний хамгийн том экспортлогч хэвээр байгаа ч экспортоос ДНБ-ий өсөлтийг хурдасгах боломж маш бага байна” гэж тэр хэлэв.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ эдийн-засаг

“Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1 хувийн шимтгэлийг үндэслэлгүй” гэх шийдвэрийг хэвээр үлдээлээ DNN.mn

“Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй” гэх Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх Дээд шүүхийн шийдвэр гарлаа.

Тодруулбал нэр бүхий есөн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байгааг Дээд шүүхээс мэдээллээ.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэр бүхий есөн банкны гомдолтой, ШӨХТГ, тус газрын улсын байцаагчид холбогдох хэргийг банкуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны есдүгээр сарын 11-нд буюу өнөөдөр хэлэлцсэн аж.

Давж заалдах шатны шүүхээс энэ оны зургаадугааар сард арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх шийдвэр гарсан. Гэхдээ давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийнх биш, Дээд шүүхээс эцсийн шийдвэр гарах байсан юм.

Ийнхүү дээд шүүхийн шийдвэр гарсан тул 2021, 2022 оноос өмнөх хугацаанд ипотекийн зээл авахдаа шимтгэл төлсөн зээлдэгч нар Иргэний хэргийн шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргах боломж нь нээлттэй болж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай ЭНД дарж танилцах боломжтой.

Categories
гадаад мэдээ

Газар хөдлөлтийн улмаас Мароккод 2100 хүн амиа алдлаа DNN.mn

Баасан гарагт Марокко улсад болсон газар хөдлөлтийн улмаас 2122 хүн амиа алдаж, 2400 гаруй хүн бэртэж гэмтсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн төв нь Мароккогийн өмнөд хэсэгт байжээ. Эхний газар хөдлөлтөөс 19 минутын дараа 4.9 магнитудын хүчтэй чичирхийлэл бүртгэгджээ.

Мароккогийн олон суурин, тосгод нурангид дарагдсан тул онцгой албаныхан иргэдийг аврахаар цаг мөчтэй уралдаж байна. Алсагдмал тосгодод учирсан хохирлын хэмжээ тодорхойгүйн зэрэгцээ аврах ажиллагаа явуулах техник хэрэгсэл дутмаг тул оршин суугчид нурангиас амьд хүмүүсийг гаргахын тулд гар аргаар ухаж байгаа тухай өгүүлжээ.

Сүүлийн 60 жилд тохиолдож байгаагүй хүчтэй газар хөдлөлтийн улмаас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Марракешийн хуучин хот сүйрчээ. Мароккогийн хаан Мохаммед VI бямба гаригт үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарлалаа.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Зургаан иргэний 6.980.000 төгрөгийн хохирол барагдууллаа DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 96 иргэн хандсанаас 115 утсанд 87, чатботод 5, и-баримт аппликейшнд 2, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 2 гомдол мэдээлэл ирлээ.

Үүнээс 77 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 13 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 6 иргэний 6.980.000 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулж мөн 2 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх болон бусад байдлаар ирүүлсэн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.

Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 36, харилцаа холбоо 15, шатахуун 2, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 2, банк, санхүү, даатгал 4, барилга 6, боловсрол 4, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 2, контор 8, НӨАТ 2, СӨХ 2, тасалбартай холбоотой 1 ,өрсөлдөөн 1, бусад асуудлаар 11 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ үндэсний-бөx

Намрын нээлтийн барилдаанд Улсын харцага Ш.Пүрэвгарьд түрүүлжээ DNN.mn

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. 27 сая төгрөгийн шагналын сантай тус барилдаанд 33-н улсын цолтон, 94-н аймгийн цолтон, 1 сумын цолтон зодогложээ.

Энэхүү намрын нээлтийн барилдаанд “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээ, “Мөнхөд Ашидын Зам” ХХК-ий бөх Монгол Улсын харцага Ш.Пүрэвгарьд долоо даван түрүүлж, “Алдар”спорт хороо, “Түшээт Ханы Аварга” дэвжээ “Пирамид Орд” ХХК-ий бөх Монгол Улсын өсөх идэр начин Э.Даш үзүүрлэлээ.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Харин дунд шөвөгт улсын харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 54 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 04-10-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 29 суманд 54 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ.

Үүнээс хүний үйл ажиллагаатай холбоотой,

  • осол 7
  • гал түймрийн тохиолдол 45
  • биологийн гаралтай аюулт үзэгдэл 2 бүртгэгдсэн байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 4 хүн бэртэж, гэмтсэн бөгөөд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу есдүгээр сарын 11-ний даваа гарагт хийх засварын хуваарийн мэдээллийг хүргэж байна. Иймээс хэрэглэгч та бүхэн засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг: www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг танилцуулж байна.

Даатгуулагч та эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ сайтаас шалгах боломжтой.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, оюутан сард 5,500 төгрөг, жилд 66,000 төгрөгийг өөрөө хариуцан төлнө. Харин 0-18 насны хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаж байна.

Эрүүл мэндийн даатгалын 2023 оны шимтгэлийн хувь хэмжээ:

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦУОШГ: Уулархаг нутгаар цочир хүйтрэл эрт эхэлнэ DNN.mn

Манай орны уулархаг нутгаар намар цочир хүйтрэл эрт эхэлнэ.

Далайн түвшнээс 2000 метр буюу түүнээс дээш өндөр өргөгдсөн уулст намрын цочир хүйтрэл наймдугаар сарын 20-ноос эрт эхэлсэн.

Харин 1000 метрээс дээших нутагт наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 1-ний хооронд, Орхон-Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд есдүгээр сарын 1-10-ны хооронд, хээрийн бүсийн хойд талын нутгаар есдүгээр сарын 10-20-ны хооронд, хээрийн бүсийн урд хэсэг, говийн нутагт есдүгээр сарын 20-ноос хожуу хугацаанд цочир хүйтэрч эхэлнэ.

Цочир хүйтрэл хөрсний гадаргад агаарынхаас намар эрт эхэлж, хавар орой /хожуу/ дуусаж байх зүй тогтолтой бөгөөд хүйтний эрч нь 1-3 градусаар илүү байдаг.