Categories
мэдээ нийгэм цаг-үе

Э.Сондор бүжгийн спортын ААШТ-ээс гурван медаль хүртлээ DNN.mn

Хонконг Улсад зохион байгуулагдсан Азийн залуучуудын бүжгийн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай өндөрлөлөө.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 9 настай Э.Сондор охин вальс, Венец вальс, түргэн алхаа гэсэн гурван төрөлд насныхаа ангилалд түрүүлж, гурван алтан медаль хүртжээ. Энэхүү Азийн аварга шалгаруулах тэмцээн нь Э.Сондор охины анхны бүжгийн тэмцээн бөгөөд тэрээр эх орныхоо нэрийг өндөрт өргөж, төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Бэлгийн хүчирхийллийн хохирогчид нөхөн сэргээх үйлчилгээг 6 сараас 1.7 жилийн хугацаанд үзүүлдэг DNN.mn

Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь шуурхай тусламж, хамгаалах нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг.

Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой 108 дугаарт дуудлага ирэх, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тохиолдолд тухайн хүүхдийг хэрхэн хамгаалах талаар нэн даруй арга хэмжээ авч эхэлдэг.

Бэлгийн хүчирхийллэлийн хохирогч болсон хүүхдүүдийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчин, ураг төрлийн хүрээнд үйлдэгдсэн байдаг.

Нэн түрүүнд хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх нь чухал тул түр хамгаалах байр, эсвэл гэр бүлд нь хүүхэд хамгаалах үйлчилгээг үзүүлэх шийдвэрийг хүүхэд хамгааллын байгууллагууд гаргадаг.

Хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөл байдлын үнэлгээ хийж, гэр бүлийн дэмжлэг сайн, аюул эрсдэлгүй бол гэр бүлд нь , харин гэр бүлийн орчинд эрсдэлтэй, хүүхдийг төрсөн эцэг, ах, хамаарал бүхий хүн үйлдсэн бол, мөн гэр бүлийн дэмжлэг муу, эцэг эх асран хамгаалагч хүүхдийг буруутгасан зэрэг эрсдэлүүд байвал гэр бүлээс нь тусгаарлаж үйлчилгээ үзүүлдэг.

Түр хамгаалах байранд байрлуулахдаа аюулгүй байдлыг нь хангаж, сэтгэл зүйн үйлчилгээ, сэтгэл заслын үйлчилгээ, нийгэмшүүлэх хөтөлбөрт хамруулах, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэнд боловсролын үйлчилгээнд холбон зуучлах, зарим тохиолдолд эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээний зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргадаг.

Мөн хууль эрх зүйн туслалцаа үзүүлж, хууль ёсны төлөөлөгч томилон ажиллуулж, өмгөөлөгчийн зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргаж байна.

Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд хүүхэд хамгааллын хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээг 2022 онд 369, 2023 онд 452 хүүхдэд, 2024 онд 198 хүүхдэд үзүүлж байна.

2023 оны 10 дугаар сард Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэд “Гэрэлт нар” хүүхэд хамгааллын нөхөн сэргээх үйлчилгээний төв байгуулсан. 2024 оны аравдугаар сарын байдлаар 34 бэлгийн хүчирхийллийн хохирогч, хүн худалдаалах гэмт хэргийн зургаан хохирогчид үйлчилгээ үзүүлсэн.

2022 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамтай хамтран баталсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын аргачлал, норматив”-д бэлгийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх дундаж хоногийг 182 хоног гэж тогтоосон.

Тэр дундаа бэлгийн хүчирхийллийн хохирогчийн хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ 6 сараас 1.7 жил хүртэлх хугацаанд үргэлжилдэг юм.

Манай улс 2016 онд анх удаа “Хүүхэд хамгааллын тухай хууль”-тай болж 2023 онд шинэчлэн найруулсан.

Шинэчлэн найруулсан хуулийг өнгөрсөн 9-р сарын 1-нээс эхлэн мөрдөж байна.

2025 он 1-р сарын 1-нээс “Гэр бүл төвтэй, хүүхдийн хөгжил хамгаалал”-ын үйлчилгээг үзүүлэхээр сум бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллана. Нийт 927 байцаагч байх юм.

Мөн Зөрчлийн хуулийн 6.20-рт зааснаар хүүхдийн эрхийг зөрчсөн хүнд арга хэмжээ авах Хүүхдийн эрхийн байцаагч ажиллана. 16 мянган хүүхэд тутамд нэг байцаагч байхаар төлөвлөж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж байна DNN.mn

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан болж байна.

Хуралдаанаар 2024 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулсан салбар хороодын тайлан, мэдээлэл, Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний их баяр наадмыг зохион байгуулах, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж байна гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

БГД-ийн 57-р цэцэрлэгийн багш хүүхдүүд зодсон хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn

Нийслэлийн 57 дугаар цэцэрлэгийн багш хүүхэд цохиж буй бичлэг цахим орчинд цацагдаад буй.

Энэ талаар ЦЕГ-аас “Энэ оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн ахлах Б бүлгийн багшийн туслах 4 нас 9 сартай А-г удаа дараа зодож, хэрцгий хандсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дээрх гомдол мэдээллийг хүлээн авч Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МУБИС-ийн 2023 оны нийт төгсөгчийн 80 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна DNN.mn

Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд  (2024.11.18) Монгол Улсын Боловсролын их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш бэлтгэх хөтөлбөрийн талаар тус сургуулийн ректор Ж.Батбаатар  танилцуулав. Тэрбээр, МУБИС нь нийт 910 багш, ажилтантай, 2024-2025 оны хичээлийн жилд идэвхтэй 11212 суралцагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна гээд багш бэлтгэх тогтолцоо, хөтөлбөрийн үзэл баримтлал, багшлах гэрчилгээ олгох сургалт, гарааны багшийн чадамжийн хүрээ зэрэг үйл ажиллагааныхаа талаар онцлов. Боловсролын сайдын 2024 онд баталсан аргачлалын дагуу эрэлттэй, тэргүүлэх хөтөлбөрүүдийн үнэлгээг хийхэд сургуулийн өмнөх, бага боловсролын багш болон математик, мэдээлэл зүй, хими, биологи, физик, газар зүй, дуу хөгжим, нийгэм, сэтгэл зүй, тусгай хэрэгцээт сургуулийн багш нар хамгийн эрэлттэй мэргэжилд тооцогдож байгаа аж. Монгол Улсын хүн амын өсөлт, боловсролын салбарт үүсээд буй багшийн хомсдолыг арилгах, ерөнхий боловсролын сургуулийн 3 ээлжийг халах, шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгт ажиллах багш бэлтгэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд багш бэлтгэх бүхий л хөтөлбөрүүд 2030 он хүртэл эрэлттэй хэмээн тооцож байна.


Тус сургуулийн элсэлтийн хяналтын тооны гүйцэтгэл энэ хичээлийн жилд 86 хувьтай байгаа ажээ. Тухайлбал, Архангай аймаг дахь салбар сургууль энэ хичээлийн жил 185 элсэгч авахаас 149 элсэгч авснаар 81 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол Багшийн сургууль 350 элсэгчээс 393 элсэгч элсүүлж, 112 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэв. 2023 оны нийт төгсөгчийн 80 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа бол 2022 оны төгсөгчдийн 76 хувь, 2021 оны төгсөгчдийн 71 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа ажээ. Энэ хичээлийн жилд нийт суралцагчийн 45 хувь буюу 3818 оюутан 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэг, хөнгөлөлтөд хамрагдсан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Б.Хэрлэн, М.Бадамсүрэн, С.Зулпхар асуулт асууж, дээрх танилцуулгатай холбогдуулан тодруулга хийлээ. МУБИС-ийн ректор Ж.Батбаатар, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Д.Соронзон болон салбар сургуулиудын захирлууд Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулж, цаашид авах арга хэмжээний талаар саналаа солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо DNN.mn

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, монгол өв уламжлал, ёс заншлаа түгээх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 201 дүгээр цэцэрлэгийн дэргэд “Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” буюу 100 ортой гэр цэцэрлэгийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тус цэцэрлэг нь нийт 429.88 ам.метр талбайтай бөгөөд 175.4 ам.метр хэмжээтэй, нэмэх тэмдэг хэлбэртэй барилга болон 63.61 ам.метр 4 цомцог гэр бүхий зохион байгуулалттай юм.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Норовхан” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.

Categories
мэдээ улс-төр

АҮББХ:Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа DNN.mn

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын  хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус Байнгын хорооны  2024 оны 01 дүгээр тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлыг шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ албан бичгээр ирүүлснийг Байнгын хорооны дарга С.Ганбаатар танилцуулаад “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын Г.Очирбат үг хэлсний дараа “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ. Иймд уг ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг ажиллахаар болов.

Үргэлжлүүлэн “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлыг шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг хавсралтаар батлах, улмаар биелэлтийг тус Байнгын хороонд 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагчид үүрэг болгохоор тусгасан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжлээ.

Дараа нь “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тус Байнгын хорооны 2024 оны 02 дугаар тогтоолоор “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг шалган судлах, хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Иймд тус ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг батлах асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, П.Ганзориг, Б.Тулга нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох саналтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс өөрийнх нь хүсэлтээр Ж.Золжаргал гишүүнийг хасаж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр Г.Очирбатыг нэмэх саналыг хэлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр ажлын хэсгийн хянан шалгах үйл ажиллагааны хүрээ хязгаарыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр гэж хумилгүй, тухайн компанийн нүүрс олборлолт, экспорт, хөрөнгийн бирж дэх борлуулалт, тээвэрлэлт зэрэг бүхий л үйл ажиллагааг хамруулах шаардлагатай гэв. Байнгын хорооны дарга С.Ганбаатар уг саналыг хүлээн авах нь зүйтэй гэлээ.

Ингээд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив.

Иймд уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар ахалж, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Д.Батбаяр, П.Ганзориг, Х.Жангабыл, Г.Лувсанжамц, Л.Мөнбаясгалан, П.Мөнхтулга, Г.Очирбат, Б.Тулга, Б.Уянга, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

В.Удвал: Ж.Цэвээний “Улсын эрх” бүтээлээс эхлээд судлах, харах юм их шүү дээ DNN.mn

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна. Энэ удаа Монгол Улсын гавьяат хуульч, доктор PhD, дэд профессор В.Удвалын Үндсэн хуулийн судалгааны түвшин ямар байгаа, уг хуулийн талаар иргэд юуг дутуу дулимаг мэдэж байгаав гэсэн асуултад өгсөн хариултыг энд толилуулъя.


-Үндсэн хуулийн аль тал нь илүү судлагдсан бол?

-Ер нь Үндсэн хуулийн судалгаа хэрхэн хийгдэж байнав тодруулж хэлбэл ерөнхийдүү явж ирсэн гэдэгтэй санал нийлнэ.

Тэр дотор зарим нөхөд 1940, 1949, 1960 оны үндсэн хуулийн талаар судалгаа орхигдонгуй байдаг гэж хэлдэг бол үнэн.

Гэхдээ энэ үеийн хууль дээр ажилладаг хүн цөөн юм болохоор судалгаа, сурталчилгаа тааруу мэт харагддаг байх л даа.

Уг нь 1940-1960 оны үндсэн хууль хамгийн урт насалсан нь Монгол улсын хөгжил цэцэглэлийн жинхэнэ хурдтай үед нийгмийн тэр өөрчлөлт шинэчлэлийн явцтай тохирч байсан гэсэн үг.

Ингээд 1992 онд нийгэм солигдсоноор уг хуульд нэмэлт өөрчлөлт зайлшгүй болсон. Тэгээд хэдэн удаагийн нэмэлт хийгдсэн байгаа.

Харин тэр чиглэлээр эрдэмтэн судлаачид, хуульчид болгон шахуу дуугарч ирлээ.

-Дутуу судлагдсан зүйл  байгаа юу?

-Монгол Улсын анхны Үндсэн хууль буюу 1924 оны Үндсэн хуулийн талаарх судалгаатай үнэнээ хэлэхэд ховорхон танилцаж байсан шүү. 1970-аад оны үед хэвлэгдсэн 1924 оны Үндсэн хууль, түүний өмнө болон дараа батлагдсан Нутгийн захиргааны дүрэм зэргийн эмхэтгэлийг шинэ Үндсэн хууль батлагдах үед лавлагаа гаргах үүднээс уншиж байснаа санаж байна. Энэ нь судалгааны материал гэхээсээ илүү Үндсэн хууль болон түүнд холбогдсон бусад хэм хэмжээний баримт бүгд байв. Харин 2004 онд хэвлэгдсэн Ж.Амарсанаа, О.Батсайхан нарын Монгол Улсын Үндсэн хууль, баримт бичиг ном нэлээд судалгаа хийх боломжийг нээсэн гарын авлага байсан. 1924 оны Үндсэн хууль, түүний батлагдах үеийн төслийн талаарх илтгэл, төслийг хэлэлцэж баталсан тэмдэглэл, анхдугаар Үндсэн хуулийн тайлбар зэргийг оруулсан номыг бид судалгаандаа өргөн  ашигладаг.  2024 оны эхээр Шихихутуг их сургуулиас гаргасан академич Ц.Батбаяр, шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан нарын бүтээсэн “Хэмжээт цаазтаас Бүгд Найрамдах засагт шилжсэн нь”: ном судалгааны маш чухал бүтээл юм гэдгийг хэлье. Энэхүү номонд гадаадын нэлээд олон судлаачид Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн судалгааг хийсэн болохыг баримтаар өгүүлсэн байна лээ.

Үндсэн хуулийн судалгааны сонирхолтой материал бол яах аргагүй 1914 онд гарсан Ж.Цэвээний «УЛСЫН ЭРХ» бүтээл юм. Үг бүтээлийг Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол улсын хамаг хэргийг бүгд ерөнхийлөн шийтгэх яамны тэргүүн сайд, Сайн ноёнхан Т.Намнансүрэнгийн захиасаар  хийсэн гэдэг. Үүнийг дурдахын учир нь тэр үеэс Үндсэн хуульт ёсны үндсэн зарчмуудыг монголчууд судалж, монгол улсыг тухайн үеийн боловсон улсын жишгээр хөгжүүлэх анхны үндсэн хуулийн үзэл санаа бүрэлдэн тогтоход зохих хувь нэмрээ оруулсан байдаг .

Цаашид 1924 оны Үндсэн хуулийн судалгааг шинэ түвшинд,шинэ арга барилаар хийж, уг хуулийг судалгааны эргэлтэд оруулах шаардлага байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

-Өнөөгийн цаг үед 1924 оны Үндсэн хуулийг өмнөхөөсөө өөр шинэ чиглэлээр судлах боломж байгаа юу?

-Өмнө нь бид түүхчилсэн байдлаар судалдаг байсан бол одоо хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтын нэг болох Үндсэн хуульт ёсны үзэл санааг хэрхэн судалж, түүний зарчмыг анхдугаар үндсэн хуульдаа тусгахыг хичээж байсныг судлах шаардлагатай болж байна.  Тухайн үеийнхэнд Швейцарь лугаа боловсон улсын жишгээр Монгол улсаа хөгжүүлэх эрмэлзлэл байсныг гэрчлэх баримт олон байна. Тэрхүү цаг үеийн сургамж өнөөдөр ч чухал ач холбогдолтой. Учир нь ардчилсан Үндсэн хуулийн үзэл, баримтлалаас ухрах аваас төөрч будилах аюул байгааг мартаж болохгүй цаг үед бид амьдарч байна.

-Үндсэн хууль судлаачийн хувьд та одоо ямар судалгаа хийж байна вэ? 

-Үндсэн хуулийн цэцийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажил хийгдэж байгаа энэ үед “Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн үүрэг: харьцуулсан судалгаа” сэдвээр докторын ажлаа хамгаалсан судлаачийн хувьд хийх ажил багагүй байна. Хууль тогтоогчид маань сонсдог бол судалгааны үр дүнг ажил хэрэг болгох санал санаачлага байгаа л даа. Мөн 30-аад жил Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процессын эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүйн хэрэглээ, шинжилгээ, Үндсэн хуулийн онолын уламжлал шинэчлэл хичээлийг зааж байгаа багшийн хувьд судалгааны ажлууд цаашид хийхээр төлөвлөсөн. Түүн дээрээ сууж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Categories
мэдээ нийгэм

Бүртгэлгүй галт зэвсгийг торгуульгүйгээр бүртгэнэ DNN.mn

Улсын хэмжээнд “Зэвсэг-2024” нэгдсэн арга хэмжээ энэ оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулагдана. Хувь хүн, хуулийн этгээд өөрийн эзэмшлийн галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад холбогдох баримт бичгийн хамт өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Мөн арга хэмжээний хүрээнд бүртгэлгүй /бичиг баримтгүй/ галт зэвсгийг торгуульгүйгээр бүртгэнэ.

Заагдсан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг анхаараалж байна.

Categories
мэдээ нийгэм

Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 11-нээс 15-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43704, мөрдөн байцаалтын 4222 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 231 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 106, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 52, Өмчлөх эрхийн эсрэг 50, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 9, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Авлига, албан тушаалын 3 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Нийслэлийн прокурорын газраас Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн албан тушаалтан Ц.Ж нь байгууллагаас зохион байгуулсан худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын албан тушаалтнуудад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Иргэн П.Д, Ш.Г нар нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн Байгаль орчны газрын албан тушаалтан Б.Г-д хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах  дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-БНХАУ-ын иргэн Ч.Г-ын захиалгаар иргэн Л.А, Б.Х, Б.У, П.Э нар нь нэр бүхий иргэнээс үлдэгдэл төлбөр авах зорилгоор айлган сүрдүүлж, эд хөрөнгийн эзэмших эрхийг шилжүүлэн авч, заналхийлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.