Аж үйлдвэрийн эдийн засаг нийгмийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан С.Доржсүрэнтэй ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Би 1937 онд төрсөн. Ах дүү есүүлээ. 16 нас хүртлээ малын захад өссөн. Сургуульд сурах бололцоо байсангүй. Улс орны дотоод асуудал хүнд үед төрсөн л дөө. Эх орны дайны үед хоёр ах таван жил цэргийн алба хааж, бага ах маань сургуульд явснаар гэрийн ажил миний толгой дээр буусан юм. 16-тайдаа хэзээний ажил амьдрал үзчихсэн эр хүн болчихсон байлаа. Өөрсдийн илүү гарсан малын тоо толгойг улсад тушаадаг. Одоогоор татвар юм уу даа. Тийм л хатуу чанга амьдралд өссөн. Энэ нь надад маш их зүйл сургасан.
-Хотод хэзээ анх ирэв?
-Би 1956 онд хотод орж ирээд аж үйлдвэрийн кабинетийн хаалга татаж гуталчин болов. Тухайн үед ажлын гутал гэж жилдээ 700 мянган хос, өдөртөө 250-300 хос гутал үйлдвэрлэдэг байлаа. Бараг арваад жил ажиллаж тэргүүний сайн ажилчин болж үйлдвэрээс дээд сургуульд суралцуулахаар явууллаа. Гуталчин хийж байх хугацаандаа 18 дугаар сургуулийн оройн ангиар арван жилийн боловсролд суралцсан. Өдрийн анги болон оройн ангийн сурагчид яг нэг программаар хичээл үздэг байсан. Дотоодын эдийн засгийн дээд сургуулийг 1966 онд төгссөн. Хөнгөн үйлдвэрийн яамны сайд П.Дамдин төлөвлөлт эдийн засгийн урсалтын системийг үйлдвэрт нэвтрүүлэх шийдвэр гарсан учраас би тэр ажилд томилогдов. Аж үйлдвэрийн кабинетийн 22 үйлдвэр өөрийн яамнаас гарсан зүйлийг бүх үйлдвэрт нэвтрүүлж, түүгээрээ том үзэсгэлэн кабинет байгуулсан. Тус кабинетийг үйлдвэрийн ажилчдад сурталчилж ойлгуулах зорилготой байв. Үзэсгэлэнд тухайн зүйлийнхээ зургийг нь тавьсан. Зарим нэг зургийн дор тоо баримттай нь хамт гаргадаг. Үйлдвэр бүгдийн техник эдийн засаг нийгмийн асуудлаар хуучны нэхмэлийн үйлдвэрийн гурван давхрын том кабинетийг тохижуулсан нь тэр. Ж.Батмөнх дарга үзэсгэлэнд ирээд надаас хэд хэдэн асуулт асуусан юм. Би түүнд нь хариулсан. Удсан ч үгүй үйлдвэрийн дарга намайг дуудаж, “Хотын намын хорооны даргатай уулзаарай. Чи удирдах албан тушаалд дэвшиж ажиллахаар боллоо” гэсэн юм. Очоод уулзтал Намын дээд сургуульд дахин сурахаар боллоо. Сургуулиа төгстөл намайг дуудаж Эрдэнэт хотыг шинээр байгуулахаар болсон. Тэнд дутагдаж буй ганц зүйл нь мод модон материал байлаа. Тэгээд Хялганат цогцолборыг шинээр байгуулсан. Эрдэнэтийн ажил дуусч хот руу буцлаа. Би хот, дүүргээ хөгжүүлэх юмсан гэж их л боддог байсан. Хотод шинэ системийн ажил авчихсан. Аж үйлдвэр 27 мянган ажилчинтай. Эдгээр хүмүүсийг дайчилж нэг томоохон ажил хийе гэж боддог байлаа.
-Үйлдвэр удирдаж ажиллаж явсан хүн ногоон байгууламжтай хэрхэн холбогдов?
-Бодлоо биелүүлж арьс шир, ноос гэсэн хоёр чиглэлээр боловсруулалт хийдэг үйлдвэрийн нэрэмжит хоёр цэцэрлэгт хүрээлэн байгуулсан юм. Бал дарга их хуралд нэр дэвшсэн жил шинэ ажил хийнэ гээд Хүүшийн амны урд модыг нүүлгэж буулгасан. Тус аманд 10 га газарт мянган мод тарих лоозонтойгоор хийсэн. Анх тарихад жижигхэн мөчир л суулгаж байлаа. Ноднин жил очиж тарьсан моднуудаа харахад дөрвөн метр хүрсэн байна. Анхны хоёр цэцэрлэгт хүрээлэнгийн дараа л нэг мэдэхэд ногоон байгууламж барих ажилд татагдсан байсан даа.
-Модыг том томоор нь шилжүүлэн суулгаад байдаг. Тэр зөв үү, ургах болов уу?
-Түүнийг би сонирхдоггүй. Мод шилжүүлнэ гэдэг тийм амар юм биш шүү дээ. 1966 онд 120 мянгатын тавдугаар байранд хоёр өрөө байрыг үйлдвэр надад өглөө. Тухайн үедээ 1998 айл 90 орцтой 22 байр байлаа шүү дээ манай 120 мянгат. Энэ байранд манайх арав дахь нь болж орсон юм. Тэгээд байрандаа орсон чинь тэнд хийсэн ажил санаанд ороод, байрныхаа эргэн тойрон мод тарья, тохижуулъя гэдэг санаа төрсөн. Тэгээд нэг санаачилга гаргахаар шийдсэн. Манай байр гурван орцтой 36 айлтай. Айл бүрт төмөр пайзтай дугаар хийлгэсэн. Манай гэр бүл гэхэд дор хаяж нэг мод тарина. Түүндээ төмөр дугаараа хадчихна. Өөрсдийн дугаартай модоо өөрсдөө тордож ургуулна. Айл бүрт гурван хэрэгсэлтэй. Хүрз, жоотуу, хувинтай. Тэр үед ажилгүй хүн гэж байгаагүй. Ажлаа тарж ирээд бүгд модоо тордоно.
-Түүнээс олон байр жишээ авсан байх даа?
-Нэг өдөр хороон даргатай уулзлаа. Манай хажуугийн байранд амьдардаг байв. “Чи маш зүйтэй юм санаачилсан байна. Чи нэг уриалга гаргаадах. Би дэмжээд өгье” гэв. “Ямар уриалга билээ” гэтэл, 120 мянгатыг бүгдийг нь уриалан дуудъя. Ажилчдын хорооллоор дэмжүүлээд “Улаанбаатар сонин”-д гаргуулъя гэж байна. Би дэмжлээ. Шөнөжин сууж бодож уриалга бичлээ. Хийсэн ажлаа эхэлж бичээд 120 мянгатыг “Ногоон хороолол” болгохоор зорилоо. Тэгээд тухайн үедээ тус сонинд уриалга маань гарсан. Гэтэл манай үеийн нэг залуу хүрч ирээд “Чиний мод тарина гэдэг ёстой зөв байна. Хоёулаа Шарга морьт явж мод зөөе” гэж байна. Тэгээд бид хоёр Шарга морьтоос хорин мод зөөж авчирсан. Түүнийгээ 120 мянгатыг бүсэлсэн модтой болгоё гэж бодоод Гуравдугаар яслийн хашаанд баруун талд нь наймыг, зүүн талд нь долоог суулгасан. Одоо заримыг нь аваад хаячихсан байна лээ. Тэр үеийн уриалга минь дэмжигдээд 120 мянгатыг ногоон бүс болгохоор шийдэгдсэн. Айл бүр мод тарина. Тавдугаар байрыг жишиг болгоно гэдэг шийдвэр гарсан.
-Тухайн үедээ ажилчны хороолол ногоон хороолол байж дээ?
-120 мянгатыг одоо болтол Ногоон хороолол гэдэг. Анх 100 м.кв газарт Хятадын ард түмнээс ажилчдад зориулж барьж өгсөн байрууд шүү дээ. Тэр үед ийм хороолол байгаагүй учир цагдаа цэрэг, урлагийнхан, үйлдвэрийнхэн гээд бүгдэд нь хувааж өгсөн.
-Тухайн үед мэргэжил нь тэс өөр, мод тарих мэдлэг мэдээлэлгүй байсан байх юм. Яаж сурав?
-Яахав тухайн үед өөрийн гаргасан санаагаа амжилттай сайн хийхийн тулд өөрөө л зүтгэх шаардлагатай болсон. Албан шаардлагаар шахуу сурсан. Тэгээд ч өмнө нь 2-3 газар мод тариад, ургуулж арчлаад мэддэг болчихсон байсан учраас туршлага суусан л даа. Тухайн үед манай байруудад дандаа хөдөөний хүмүүс суурьшсан. Тэр үеийн залуус юм хийе гэсэн хүсэл тэмүүлэлтэй, зүгээр суугаад байдаггүй. Амралтын өдөр ч гэж байхгүй. Бүгд хагас, бүтэнсайнд суботник хийнэ. Тарьсан модоо арчилж тордоно.
-Одоо анх байгуулж байсан цэцэрлэг тань харагддаггүй шүү дээ. Яасан юм бол?
-Бүгд барилга болсон байна лээ. Зүүн талынх нь орон сууц, том дэлгүүр болчихсон. Баруун талыг нь нэг том компани аваад нэг ч мод байхгүй болсон байна билээ.
-1966 оны үерээр хотод ирчихсэн байсан гэсэн. Тэр үед юу болсон бэ?
-Би үйлдвэрийн эдийн засгийн албаны дарга болчихсон шинэ систем нэвтрүүлэх ажилтай байлаа. Тэгсэн Аж үйлдвэрийн комбинатын дарга дуудаад “Чи ногоон бүс байгуулдаг мод тарьж ургуулдаг шигээ үерийн далангийн ажлыг зохион байгуулж ажилла. Үйлдвэр болгоноос би хүн гаргаж өгье” гэлээ. Тэр үед ямар ч далан гэж байгаагүй. Хотын захиргаанаас манайд нэг км далан байгуулах хуваарь өглөө. Энхтайваны гүүрнээс дээш дунд голын улаан гүүр хүртэл нэг км гаруй газрыг 125 хүн, хоёр 53-тай, 1966 оны долдугаар сарын 20-ноос эхэлсэн. Тэр үед үер болоод маш их ажил болов. Дахин үер болох вий гэсэн үүднээс маш шалмаг ажиллах шаардлагатай байлаа. Хотын хэмжээнд цэрэг, цагдаа үйлдвэрийн бүх ажилчид дайчлагдсан. Бидний байгуулсан далангийн хэсэг өндөр нь гурван метр, өргөн нь дөрвөн метр, дээд хэсэг нь хоёр метр нэг км гаруй даланг 1966 оны арванхоёрдугаар сард дууссан.
-120 мянгатын амьтны дүрстэй цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад таны оролцоо их байсан гэсэн?
-120 мянгатын автобусны буудлын ард талд залуучууд цугладаг том талбай байсан. Түүнийг би “Залуучуудын цэцэрлэг” болгоё гэсэн санааг дэвшүүлсэн юм. Тэр маань дэмжигдээд явж байтал нэг өглөө бостол нээх том хашаа татчихсан байна. Юун хашаа вэ гээд сонирхтол барилга барих гэж байгаа гэдгийг сонсоод хүмүүс эсэргүүцсэн. 2010-2011 онд хоёр жил барилга барих гэхэд нь бид эсэргүүцээд бариулаагүй. Сүүлдээ хүчрэхээ болиод ялагдсан. Гурван удаа шүүхдээд барсангүй. Эсэргүүцэж байсан хүмүүс маань буцсаар таван хүн л үлдэв. Тэр үед хотын дарга Э.Бат-Үүл байлаа. Ерөөсөө л хотын дарга дээр оръё гэж эхнэртээ хэлэв. Эхнэр “Чи зүгээр хотын дарга дээр яваад очихоор юу гэж чамайг хүлээж авах юм. Бичээд оч” гэж байна. Нээрээ ч бичсэн нь зүйтэй юм байна гээд шөнөжин бодож бичив. Тэгээд хотын захиргаанд өргөдлөө өглөө. Арав гаруй хоногийн дараа намайг дуудав. Би ч шийтгүүлэх гэж байна гэж бодоод очив. Гэтэл Э.Бат-Үүл дарга том зааланд ширээ засчихсан. Намайг оруулаад та надад өгсөн өргөдлөө уншаадах гэж байна. Би ч омогшоод ер нь хотоо л хөгжүүлэх гэж байгаа болохоос гэж бодоод уншив. Гэтэл зааланд байсан хүмүүс нир хийтэл алга ташлаа. Ингээд хотын дарга миний өргөдлийг хүлээн авч том хашааг буулган, одооны амьтны хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан юм. Бригад гаргаж өгч хотын дарга өөрөө байгуулж өгсөн. Түүнд нь би Э.Бат-Үүл даргад маш их баярладаг юм. Хотын хүн бүр зуслангийн байшинтай болж чадахгүй. Тиймээс байгаа байгаа орчноо л зуслан шиг тохижуулах хэрэгтэй. Би бол зуслантай л гэж ярьдаг. Зуслангийн цэцэрлэгээ бүтээлцэж чадсан учраас. Би арваад томоохон ногоон байгууламжийн ажилд гар бие оролцож, зохион байгуулж байсан.
Э.НАРАНЗАЯА