Categories
мэдээ цаг-үе

Д.Бямбаа: Чихэрлэг зүйл их хэрэглэх нь дархлааны систем гэхээсээ илүү харшлыг өдөөж өгдөг

“Erdene medica” эмнэлгийн хүүхдийн эмч Д.Бямбаатай ярилцлаа.


-Дархлаа гэж юуг хэлэх вэ. Яаж ажилладаг вэ?

-Хүүхэд ч бай, насанд хүрсэн хүн ч бай дархлааг сайжруулах юмуу идэвхжүүлэх гэж ярьж болохгүй. Дархлааг дэмжих гэдэг нь буруу ойлголт. Яагаад гэвэл дархлаа өөрөө шаардлагатай тухайн нөхцөл байдалдаа тохирсон өвөрмөцөөр ажиллаж байх ёстой эрхтэн болохоос биш нэг түвшинд бүх вирусийг устгаад байж байдаг зүйл биш. Дархлааг хүмүүст ойлгуулахын тулд бүдүүн тоймоор яривал Хилийн цэрэг, зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яам гэсэн үг. Дархлааны систем яаж ажилладаг вэ гэхээр хил нэвтэрч орж ирж байгаа зөрчлийг шууд эсэргүүцнэ. Эсвэл дотооддоо үймээн самуун гаргаад байгаа зөрчигч, тагнуулыг тусгай зориулсан хэсэг гарган мөрдөж, шалган хөөж гаргадаг шиг өвөрмөц дархлааны систем ажиллаж байдаг. Түүнээс бусад цагт нь энхийн байдалтай амарч байх ёстой. Бэлтгэл бааз хүчээ сайжруулах ёстой. Мэдээлэл бие биедээ дамжуулж байх ёстой. Тийм байдлаар ажилладаг эрхтнийг манайхан сайжруулна гэж яриад байдаг. Зөвхөн нян устгах зориулалтаар нь харж, ойлгоод байдаг. Эмч нар ч ийм байдлаар эмчилгээ бичиж өгөөд байна. Витаминыг ч гэсэн дархлаа сайжруулдаг гэдэг нөлөөгөөр нь уудаг. Энэ нь нөгөө талдаа дархлааны системийг хэтэрхий өндөр байлгаад юм болгоныг эсэргүүцээд байхаар харшил үүснэ. Тухайн өвчин үүсгэж магадгүй вирусээ устгаад бусад үедээ амарч байх ёстой. Тэгэхгүй бол дотоодын өөрийнхөө эрхтэн рүү ч дайрч, довтлоно гэсэн үг шүү дээ.

-Тэгэхээр дархлаа гэдэг эхээс төрөхдөө элэг, бөөр гэх мэтчилэн тусдаа үүрэгтэй эрхтнүүд шиг үйл ажиллагаатай төрмөл эрхтэн гэж ойлгож болох уу?

-Яг тэгж ойлгох нь зүйтэй. Дархлааны системийг зөв байлгахын тулд юу хийх вэ гэхээр үндсэн гурван мэдээлэл зөв байх хэрэгтэй. Нэгдүгээрт, генийн мэдээлэл, хоёрдугаарт, зөв хооллолт, хөдөлгөөний дэглэм, гуравдугаарт, нойр. Эсүүд дотроо цусны эсүүд хуваарилагдаад ажиллаж байгаа. Арьс хүртэл дархлааны нэг хэсэг. Тэгэхээр дархлааны системээр оролдоод дархлааны бэлдмэл уугаад байх шаардлагагүй.

-Хүмүүс дархлаа буурлаа, суларлаа гэж яриад байдаг шүү дээ. Дархлаа нь суларвал ямар арга хэмжээ авна гэсэн үг вэ?

-Анагаах ухаанд дархлаа буурсан, суларсан гэдэг нь зөвхөн ДОХ-ын тохиолдолд байдаг. ДОХ өвчний вирус цусны цагаан эсүүдийг устгадаг учир дархлааны систем нянгийн эсрэг ажиллаж чадахгүй болж байгаа юм. ДОХ-оор хүн үхдэггүй. Харин ДОХ-ын улмаас дархлаагүй болсон бусад өвчнөөр амь насаа алддаг. Эсвэл төрөлхийн мэдээлэл нь буруу учраас дархлааны эсүүд үүсэхгүй байж болно. Үүнийг төрөлхийн дархлааны хомсдол гэж ярина. Ийм хүмүүст л дархлааг идэвхжүүлэх, сэдрээх гэж ярихаас бус манайхан шиг хүн болгон дархлааг идэвхжүүлнэ гэх нь буруу. Үүний улмаас аажим болон шууд илэрдэг харшлын урвалууд үүснэ. Дархлааны систем өөрөө өөрийгөө зохицуулж байдаг.

-Хүүхдүүд цэцэрлэгт яваад өдий үед эцэг эхчүүд хүүхдэдээ дархлааг нь дэмжиж байна гээд янз бүрийн витамин өгөх нь буруу гэсэн үг үү?

-Хавар, намартаа хүмүүс ядраад дархлаа сулраад байна гэж ярьдаг. Энэ үед дархлааны эрхтэн систем амарч байж магадгүй. Хэт мэдрэг хүмүүс энэ үед өөрөөр хүлээж авах тохиолдол бий. Түүнээс хүн бүр, хүүхэд бүр хавар, намар заавал элдэв янзын витамин, тарилга хийлгээд байх шаардлагагүй.

-Цэцэрлэгийн насныханд томуу, томуу төст өвчин тусахгүй байхын тулд эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?

-Бид ертөнц дээр ажиллаж байгаа цор ганц бодь галууд биш шүү дээ. Ертөнцийн бас нэг хэсэг нь нян, вирус. Тэд өөрсдийн оршин байх нөхцөлөө хайж байгаа нь бидэнд өвчнөөр илэрдэг. Бидний амьдрах орчин тэднийхтэй таарахгүй байгаа л асуудал байгаа юм. Тэд бидний биед ороод, бидний биеийг ашиглан амьдрах гэж үзэж байгаа хэрэг. Биед биеэ ашиглуулаад тэд нарын талд ажиллаад эхлэхээр бид өвдөөд байна гэсэн үг. Тэгэхээр яалт ч үгүй шинжлэх ухааны дайн хийж тэднийг устгах шаардлага үүсч байгаа юм. Биед байнга харилцаанд орж байгаа учир тэр нян, вирусийг дамжуулах нөхцөл үүссэн байна л гэсэн үг. Бүх албан байгууллага нийгмийн харилцаанд орж байгаа. тиймээс дамжих процесс илүү хурдан явагдана. Иймээс сургууль, цэцэрлэгийн орчинд явж байгаа хүүхдүүд жилдээ 6-12 удаа хүртэл ханиадны вирусээр өвдөх нь энгийн тохиолдол гэж үздэг. Түүнийг дархлааны ямар нэгэн архаг хууч гэж хэлэхгүй.

-Томуунаас сэргийлсэн тарилгыг цэцэрлэг, сургуульд хийгээд байгаа шүү дээ. Энэ нь тэгэхээр зөв үү?

-Томуу болон томуу төстэйгөөр идэвхтэй дэгддэг 20 гаруй төрлийн вирусүүд бий. тэр дотроосоо томуу нь маш олон эрхтнийг хамардаг. Хүндрэл их учирдаг. Тиймээс томууг онцолж яриад байгаа юм. Вакцин нь зөвхөн томуугийн хүндрэлээс сэргийлэхийн тулд гаргаж авсан. Томуугийн вирусээр өвчилөхөд эрсдэл өндөртэй бүлэг нь таваас доош насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг болон хууч өвчтэй хүмүүс, өндөр настнууд. Энэ бүлгийн хүмүүс томуугийн вирус тусахад эрхтэн системүүд нь сул учраас амьсгалын замаар хүндрэх магадлал өндөр. Тиймээс энэ бүлгийн хүмүүс заавал томуугийн вакцин хийлгэ гэдэг. ДЭМБ-аас вакцины циклийг гаргахдаа энэ жилийн хувьд буюу 2019-2020 оны өвлийн циклд аль вирусүүд илүү давамгай байх боломжтой, магадлал өндөртэйг нь түүгээд 2-3 төрлийг нь ялгаж авч түүний эсрэг вакцинжуулдаг. Энэ нь бидний дархлааны эсүүдэд санамж үүсгэж байгаа хэрэг. Тэгэхээр санамж буюу урдчилсан бэлтгэл ажиллагааг нь сайн хангаж өгвөл вирус ороод ирэхэд хохирол багатай эсэргүүцэх чадварыг сайжруулж байна гэсэн үг.

-Вакцины ач тус нь тэгэхээр өвчний эсэргүүцэх дархлааны системийг дэмжих л зориулалттай гэсэн үг үү?

-Хүүхэд төрөхөд товлолт вакцинуудыг хийдэг. Энэ нь ихэнхдээ хавдар үүсгэх төрөлд л хийдэг. Вирус байнга хувьсаж өөрчлөгдөж байдаг болохоор түүнээс сэргийлэх вакцин ч дагаад өөрчлөгддөг. Нянгаар үүсэх өвчин ч өөр. Нян, вирус хоёр өөр зүйл. Вирус нь байнга өөрчлөгдөж байдаг бол нян нь илүү тогтвортой байдаг гэсэн үг.

-Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгээс нь авахдаа чихэр, газтай ундаа, чипс зэргийг их авч өгдөг. Үүнээс болж чихрийн синдром үүсч, нойр багадалт үүсч, тухайн мөчид анхаарал төвлөрөх чадвар нь сайжирдаг ч юмуу, тэгсэн хэрнээ тогтоох чадваргүй болдог гэдэг. Чихэрлэг зүйл байнга идэх нь хүүхдийн дархлааны системд нөлөөлөх үү?

-Чихэрлэг зүйл их хэрэглэх нь дархлааны систем гэхээсээ илүү харшлыг өдөөж өгдөг. Нүүрс усны солилцоо хэтэрхий өндөр байгаад ирэхээр энерги ихэснэ. Энерги ихсээд ирэхээр булчин болон мэдрэлийн эсүүд илүү идэвхтэй ажиллаж эхэлдэг. Зарим үед хүүхдүүд сэргэлэн цовоо мэт харагдаж байгаа боловч нөгөө талдаа хэт дайчлан ажиллуулсан эрхтнүүд хэсэг хугацааны дараа амралт авах хэрэгтэй болоод нөөц дутагдаж эхэлдэг. Нүүрс ус ихтэй хоол гэхээр дан чихэр шоколад гэхээс илүү каш, цагаан гурилаар хийсэн хоол хүнсийг үдээс өмнөх хоолонд түлхүү хэрэглэх нь тохиромжтой. Үдээс хойш их идвэл хэт идэвхтэй болж нойрондоо мууддаг. Мэдрэлийн эсүүд маань эмх замбараагүй ажиллаж эхэлнэ. Нойр муутай хоносон хүүхдүүд мэдрэлийн эс нь амарч чадаагүй учраас анхаарал төвлөрөл нь сулардаг. Зөв хооллолт гэдэг нь хамгийн чухал.

-Хүүхэд өвдөөд өрхийн эмнэлэгт очихоор өрхийн эмч нар эмийг ихэвчлэн зөвлөдөг шүү дээ?

-Би хувьдаа хүүхдүүдэд эм зөвлөх дургүй. Яагаад гэхээр хүүхэд өсч яваа организм. Организм зөв байхын бол дархлааны систем өөрөө өөрийгөө цэвэрлэдэг. Тиймээс бид гаднаас заавал эм өгөөд байх шаардлагагүй. Ээж нар ч өөрсдөө эм өгөх л сонирхолтой. Өнөөдөр энэ хүүхэд халуурч байгаа ч гэсэн хоёр хоног хүлээе. Байгаа байдлыг нь ажиглаж байгаад хоёр хоногийн дараа ирээрэй гээд явуулахаар эргэж ирдэггүй. Тэр үед зүгээр байсан байж болно. Эргээд эмчдээ шалгуулж байх ёстой. Гэтэл манайхан энэ эмч зүгээр байна гэсэн, хоёр хоногийн дараа өөр эмч дээр очихоор хатгаатай байна гэсэн гэж ярьдаг. Энэ хооронд хугацаа хэрэгтэй байдаг. Хоёр хоногийн өмнө ямар нэгэн вирус нэвтрээд орсон ч эм хэрэглэх шаардлагагүй байсан байж болно. Дархлааны системийн хувьд бид байнга үздэг хүүхэд биш бол түүнийг шууд үнэлэх боломжгүй. Тиймээс хүүхдийг аль болох эмчийнхээ хараа хяналтад байлгах нь зүйтэй.


Categories
мэдээ цаг-үе

Баатрын энтэй багшийнд баярынх нь өдөр өнжив

53 УДААГИЙН БАГШ НАРЫН БАЯРЫН ТАВД НЬ Л ОРОЛЦООГҮЙ

Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь баярын өдөр өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Энэхүү бэлгэшээлт өдрийг тохиолдуулан МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн хүндэт профессор Далхсүрэнгийн Төмөрийнд өнжсөн юм. “Тэнгэр плаза” худалдааны төвийн ардхан байрлах гэртээ биднийг урив. Орцоор нь ороод дээш гарахад гэрийнх нь хаалга онгорхой, биднийг хүлээж суулаа. Мэнд усаа мэдэлцээд орцгоов.

Төмөр багш гэрийнхээ хойморт налайн сууна. “Өнөөдөр Монголын болон дэлхийн багш нарын албан ёсны өдөр болохоор ёс болгож ширээ заслаа” хэмээн инээмсэглэн байв. Бид ч баяр хүргээд тухлан суув. “53 жилийн 47 жилд нь багшийн хувьд оролцсон байна. Тавхан жилд нь орж чадаагүй юм байна. Тэр яахав, сургуулиа төгсөөгүй байсан юм” хэмээн хуучлав. Тэрбээр багшийнхаа гарааг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас эхэлсэн нь энэ л нутагт төрж өсч, хүний зэрэгт хүрсэн болохоор хөдөлмөрийн гараагаа ч эндээс эхлүүлсэн гэнэ. Түүний хань Д.Чанцалням мөн л түүнтэй ижил монгол хэл, уран зохиолын багш. Ардын боловсролын тэргүүний ажилтан. Тэд 1972 онд гэр бүл болжээ. Хоёр охин, дөрвөн хүүтэй. Ач, зээ нийлээд хорь гаруй болж өнөр өтгөн айл болсон байна. Тэдний ач, зээ нар нь эхнээсээ их, дээд сургуулиа амжилттай төгсөөд ажлын гараагаа эхлүүлээд байгаа гэнэ. Сонирхолтой нь Төмөр багшийн анхны шавийн охинтой отгон хүү нь гэрлэжээ. “Шавьтайгаа худ ураг ч болж явна, хүний амьдрал баялаг юм даа” хэмээн Чанцалням гуай хуучлав. Төмөр багш дуу цөөтэй хүн юм. Өөрийнхөө тухай яриач гэхэд “юу ярих уу” гээд инээмсэглэнэ. “Би чинь ярихдаа тааруухан, өөрөө өөртөө дүгнэлт өгөхдөө дургүй л дээ. Бичихдээ бол ч сайн. Ярихаар үг орж ирэхгүй хэрнээ бичихээр хаанаас орсон юм бүү мэд. Үгнүүд нь ар араасаа урсаад л байдаг” гэв.

Хүү Мөнхбаяр нь IT-ийн мэргэжилтэй учраас аавыгаа байнга юм бичээд байхаар гар нь өвдөнө гээд компьютер дээр хэд гурван юм зааж өгчээ. Нээх сүртэй ч юм заагаагүй байхад хаанаас ч сурсан юм бүү мэд нэг мэдэхэд гэр бүлийнхээ тухай дүрст бичлэг, баримтат кино хийчихсэн, компьютерийн программын бүхий л үйлдэл дээр ажиллаад сурчихсан байсан. Би уг нь тийм их юм хэлээгүй дээ. Нэг орж ирэхэд кино үз гээд зурагтаа нээн үзүүлтэл аавын хийсэн манай гэр бүлийн тухай баримтат кино буюу аялгуут цомог байсан” гэж хүү нь инээмсэглэлээ.

Төмөр багш, өөрийнхөө тухай ярьж байхаар үзүүлье гээд бидэнд өөрийн хийсэн баримтат нэвтрүүлгээ үзүүллээ. Энэ жил Төмөр багшийн төрж өссөн Дундговь аймгийн Дэрэн сумын сургуулийн 80 жилийн ой тохиожээ. Сургуулийн захиргаанаас Төмөр багшийн нэрэмжит Хөдөлмөр алдрын танхимыг байгуулахаар болсноо дуулгаж. Тиймээс хавраас хойш өөрийнхөө хөдөлмөр алдрын танхимд зориулан нэлээд зүйлийг бүтээжээ. Тэрбээр сүүлийн найман жилд 11 төрлөөр бодит, баримтат, түүхэн, дуу хөгжимтэй, нэмэлт тайлбартай 484 ширхэг аялгуут цомог хийжээ. Түүнийг хаана ч томсгон телевизийн баримтат кино шиг үзэж болно. Энэ кино цомгоосоо хувилж олшруулаад хүүхдүүддээ, найзууддаа, шавь нартаа, ахан дүүстээ, багш нартаа бэлэглэдэг гэнэ. Нэг киноны үргэлжлэх хугацаа 3-30 минут. Харин Youtube-рүү орж, “tumurbagshiinkino” гэж хайвал 18 баримтат цомгийг сонирхон үзэж болох аж. Мөн цахим орчинд “Д.Төмөр багшийн зөвлөгөө” гэж хайхад монгол кирилл, бичгийн хэд хэдэн зөвлөгөө, угийн бичгээ хөтлөх аргачлал, хүүхдийг багаас нь хэрхэн хэлц үгийн уран сайхнаар ярьж бичиж сургахад зориулсан гэх мэтээр 100 гаруй удаагийн зөвлөмжүүдийг нягтлан үзэж судалж, сурч болох юм байна. Тэрбээр мөн гэрэл зургийн хорхойтон. Түүнд маш олон зургийн цомог байдаг. Түүнийг давхарлан тавибал 1м 75 см зузаантай, цувруулан тавибал 1030 метр гаруй урт болно гэнэ.

ЭЭЖ, ОХИН ХОЁУЛАА СУР ХАРВААЧ

Төмөр багшийн аав Далхсүрэн гуай нутгийн нэртэй уяач хүн байжээ. Аавыгаа даган даага сургасаар, намар хичээлдээ ирэхэд сургуулийн захиргаанаас гардуулсан сайшаалын үнэмлэх хамгийн анхны шагнал бөгөөд 11 даага сургасан гэсэн үгтэй, гуравдугаар ангид сурч байхдаа авсан үнэмлэхийг одоо хүртэл нандигнан хадгалж яваагаа үзүүллээ.

Ууган охин Мөнхсоёл нь Монгол Улсын “Гоц харваач” цолтой. Гэргий Чанцалням нь охиноо дагаж сур харвасаар яваад төдөлгүй үндэсний сурын спортын мастер цолтой болсон ажээ. Ийм л спортлог айл юм.

Төмөр багшийнхан их бүтээлч айл юм. Хийе, бүтээе, ажиллая, амьдаръя гэсэн чин хүсэлтэй, аливаад бүтээлчээр ханддаг, цагийг үр ашигтай өнгөрөөдөг, хорт зуршлаас хол байвал ээж аав, багш ч бай үр хүүхдэдээ, ач зээ нартаа байнга үлгэр дуурайл үзүүлдэг гэсэн зарчмаар аж төрдөг. Төмөр багш гэргийтэйгээ энэ л жишгээр амьдарч иржээ. Бусдад үглэж биш, үлгэрлэж сургахыг хичээдэг. Чанцалням гуай ярихдаа “Айл гэрийн амьдралд хүргэн бэрүүд их чухал үүрэгтэй юм байна. Бид хоёр хүргэн, дөрвөн бэртэй. Айлын хүргэн бэрүүд хослон амьдрах хорвоогийн жамаар жаргал зовлонгоо хуваалцаж, нэгнээ дэмжиж, амьдрал ахуйгаа босгож, өөд нь татаж, аав ээжийгээ асран халамжлаад сайхан байдаг юм байна. Бидний итгэл найдварыг хүлээж байгаа үр хүүхдүүдээс минь илүүгээр хайр халамж, сэтгэл санаа гаргаж байдаг хүргэн, бэрүүддээ маш их баярлаж, бахархаж явдаг юм. Энэ бүхэн зөв үлгэрлэн дуурайж хүмүүжүүлсэн, авьяасыг нь хөгжүүлж байгаа ханийн минь буян заяа юм уу даа гэж харж сууна” гэв.

Төмөр багш юмхнаар юм хийж чаддаг их хөдөлмөрч бүтээлч хүн. Тэр занг нь хажуу дахь хань нь ч даган дуурайж хамтдаа бүтээх их хүсэлтэй. “Хамтдаа хийхээр цаг их гардаг. Үлдсэн цагаа бид хийж бүтээх цаг гэж нэрлэдэг, хүмүүс бол чөлөөт цаг гэдэг. Чөлөөт цаг гэдэг бол хийж бүтээх цаг байх ёстой. Би тэгж бодон хэрэгжүүлж ирсэн” гэж Төмөр багш хуучлав.


АМРАЛТ ГЭДЭГ НЬ НЭГ АЖЛЫГ НӨГӨӨГӨӨР СОЛИХ

Түүний хүү Мөнхбаяр “Манай аав чөлөөт цаг гэхээр зүгээр суудаг хүн биш. Амралт гэдгийг нэг ажлыг нөгөөгөөр солих гэж ярьдаг. Юм бичиж байсан бол ном, сонин уншина. гэрээ цэвэрлэлцэнэ, тавилгаа өөрчилнө. Бид социализмын үеийн хүүхдүүд. Гэхдээ бид их ардчилсан өссөн. Яагаад гэвэл аав, ээж хоёр аль болох бие даалгадаг. Аливаа юмыг заавал өөрсдийнхөөрөө ингэ, тэг гэж тулгадаггүй. Бие даах чадварыг багаас маань суулгасан. Бид хэдий өсч том болоод тусдаа гэр бүл зохиогоод амьдарсан ч бие биенээсээ нуух зүйл байдаггүй. Аливаа нэгэн зүйлээ ингэлээ, тэглээ гэж байнга хэлдэг. Одоо ч гэсэн аав, ээж хоёр ямар нэгэн асуудал гарахад дураараа шийдвэр гаргадаггүй. Заавал ч үгүй бидэнтэй ярьдаг. Бидний саналыг байнга тусгана. Аав минь шинийг санаачлагч, хөдөлмөрч, суралцагч, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг, залуу сэтгэлгээтэй. Энгийн хэрнээ эгэлгүй хүндээ, миний аав” хэмээн аавынхаа тухай ярилаа.


ТӨМӨР БАГШИЙН ГЭР БҮЛИЙН САНААЧИЛГЫГ УЛСАД НЭВТРҮҮЛЖ БАЙЖЭЭ

Гэрийнх нь тохижилтыг харахад нээрээ л орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг гэр бүл аж. Хүмүүс хэрэглэж сурсан, нүд дассан гээд тавилгаа сольдоггүй. Гэтэл Төмөр багшийн гэр бүл тийм биш юм. Тавилгыг орчин үеийнхээр шинэчилж байдаг нь нүднээ илт. “Хичээлээс, ажлаас ороод ирэхэд л гэрийнхээ тавилгыг өөрчилчихсөн байдаг. Тэгэхээр өөр айлд ороод ирсэн юм шиг, шинэ орчин хүлээж авдаг. Тэр нь бидэнд таалагддаг байсан. Өнөөдөр ч ялгаагүй. Өглөө аавынд орж ирэхэд юмнуудынх нь байр солигдчихсон л байна” хэмээн охин Мөнхсарнай нь ам уралдан ярина. Гэртээ тавьсан бэлэг дурсгалын зүйлүүд ч, өөрсдийн захиалгаар хийлгэсэн сувинерүүд бүгд бэлгэдлийн чанартай ажээ. Эднийх 21 төрлийн цуглуулгатай. Тэр цуглуулга дунд заан, загас, морь гээд төрөл бүрийн зүйлүүд бий. Гэрийн эзэгтэй ээж гэдгээ бодоод, бас бэлгэдлийг нь бодож, сүүлийн үед жижигхэн данх, гутлан хэлбэртэй аяга цуглуулах хоббитой болжээ. Төмөр багш өөрөө үндэсний агуулгатай сийлбэр захиалгаар хийлгэх дуртай гэнэ. Сийлбэрүүд нь нутаг орноо, аав ээжийгээ, үр хүүхдээ, мэргэжлээ дээдлэн хүндэлсэн утга агуулгатай байгаа нь сонирхол татаж байлаа. Тухайлбал, сийлбэрийн сууриуд нь аймаг, сумынхаа газрын зурагны дүрстэй, тэр нь яв цав тохирдгоороо онцлогтой байлаа.

Түүгээр ч барахгүй, өөрсдийнх нь нэгдүгээр ангийн дэвтрүүд байгааг ч үзүүллээ. Бичиг гэж уран зураг шиг “яаж ингэж бичдэг байна аа” гэж бодогдохоор сайхан бичсэн байлаа. Хүүхдүүдийнхээ хичээлийн дэвтрийг ч цуг хадгалжээ. Тэдний гэр бүл 1974 онд “Соёлч гэр бүл” болж, 1983 оноос “Соёлч, ажилсаг, эвсэг гэр бүл “ гэсэн туршлага нь Улс орон даяар нэвтэрч эхэлжээ. Олон аймаг сумдаар аялан туршлагаа хуваалцаж, хүмүүс Төмөр багшийнхны ажил, амьдралыг сонирхон ирж үздэг, туршлагыг нь судалдаг байжээ.


УУРЛАЖ ҮЗЭЭГҮЙ БАГШ

Төмөр багшийнд 1972 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд очиж багшлахад анхны шавь нь болж байсан Ц.Дуламсүрэн зочлон ирсэн байв. Түүнээс багшийнх нь талаарх сэтгэгдлийг сонсоход “Багшийн анхны шавь нарын нэг нь би. Багш хүнд байх тэр бүх чанаруудыг шингээсэн эгэлгүй хүн. Урлагийн хүн цаанаасаа төрмөл авьяастай байдаг гэдэг. Төмөр багш тийм л төрмөл заяат багш хүн. Би багшийнхаа ажил мэргэжлийг өвлөн эзэмшээд 34 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Багш гэдэг ямар сайхан мэргэжил вэ, тэр дундаа Монгол хэлний багш болоход үлгэрлэн дуурайж ийм л багш болно гэж жигүүр хайрласан хүн нь миний багш. Бидний 1972 оноос эхлээд бичсэн шүлэг, зохион бичлэг тавьсан дүнтэйгээ, төрөл бүрийн гэрэл зургуудаар баяжуулсан нь одоо хэр нь хадгалаастай байдаг. Манай багшийн санаачилсан “Тулгуур дохио” буюу “Нүдлэн сэтгэх зураглал”-ын арга нь улсад тэргүүн туршлага болсон. Тэр тэргүүн туршлага Монгол Улсад нэвтэрч чадсан. Сурагч байхад багш хичээл заана гэдэг бидний хувьд хүсэн хүлээдэг, баяр баясгалан болдог тийм л хичээл байлаа. Тэгээд ер нь уурлана гэж байхгүй. Байнга инээж хөхөрч, хүүхдүүдийг ойлгуулсан, тайлбарласан, даган дуурайлгасан тийм л хүн. Багшийг яаж уурлалгүй хичээлээ заадаг байсныг одоо хүртэл бодоод олдоггүй юм. Нэг ангийн 20 сурагчаас 13 нь багшийн мэргэжлийг эзэмшсэний тав нь монгол хэлний багш болсон. Бидний бахархал минь юм” гэв.

Төмөр багш багаасаа физикийн хичээлд сонирхолтой байсан болохоор хичээл заадаг анги нь одоогийн IT-ийн танхим шиг байдаг байж. Тэр үеийн хичээлийн гол техник хэрэгсэл болох Лити 60, Украин 5, пянз тоглуулагч, магнетфон зэрэг сургалтын хэрэгслээ багшийн ширээн дээрээсээ удирддаг болгосон байдаг байжээ. Мөн хөдөлгөөнт, мэдлэг шалгах цахилгаан самбартай байж. Уран зохиолын хичээл дээр ерөөл, магтаал, үлгэр домог заахдаа баянхуур хөгжмөө ашигладаг байжээ. Бидэнд ч хөгжмөө дарж сонирхуулав. Хөгжмөө дарахдаа нүд нь гэрэлтээд л баясгалантай нэгэн болохыг анзаарав. Төмөр багшаар хичээл заалгасан ямар ч хүүхэд хичээлд нь дуртай болохоос ч аргагүй юм. Тоглоомын аргаар бүхэл бүтэн цогц хичээлийг заадаг. Одооны сургалтад хэрэглээд байгаа аргыг тэр үед хэрэглэж байжээ. Түүний хичээл заалгадаг математикийн сонгоны ангийн хүүхдүүд “Бид чинь монгол хэлний сонгон”-ы ангид орчихсон юм биш үү” гэж хөөрөлдөж байсан түүхтэй гэнэ. Маш олон шавь нь ч энэ тухай байнга дурсдаг гэнэ. Мөн “Хөдөлгөөнт кабинет”-ыг анх санаачлан улс орон даяар нэвтрүүлжээ. Бүхий л хичээлийг нэг хайрцагт багтаагаад аймаг сумдаар явж хүүхдүүдэд заадаг байж. Энэ санаачилгууд нь түүнийг Монгол Улсын анхны бүтээлч 12 багшийн нэг болгожээ. Хүү Мөнхбаяр нь 1993 онд хотод оюутан болж иржээ. Тэрбээр аав, ээжийгээ хотод амьдрах ёстой хүмүүс гэдгийг ойлгож, ятгасаар 1994 онд Төмөр багшийнх хотод шилжин иржээ. Түүнээс өмнө багш “хөдөөнөө л насыг барна” гэдэг байж.

ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ХИЧЭЭЛИЙН ИЖ БҮРЭН ҮЗҮҮЛЭНГ БЭЛЭН БОЛГОЖЭЭ

Төмөр багшийг тэтгэвэртээ гарахад маш олон сургууль багшлаач гэдэг хүсэлт тавьжээ. Тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад “тэтгэвэртээ гарснаараа гаръя, нэг ч гэсэн залуу хүнийг ажилтай болгоё” хэмээн шийдэж тэтгэвэртээ гарсан ч ажилтай байснаасаа ч илүү зүйлийг хийж бүтээсэн хэмээн хүүхдүүд нь хэлж байв. Анх монгол хэл, уран зохиолын иж бүрэн үзүүлэн хийнгээ компьютер дээр ажиллаж сурчээ. Тэр үзүүлэн нь Монгол Улсын бүх Ерөнхий боловсролын сургуульд хүртээл болж чадсан байна. Харин сүүлийн хоёр жил, үндэсний бичгээ 30 гаруй жил заасан өөрийн туршлагадаа тулгуурлан хичээлийн иж бүрэн үзүүлэнг бэлтгэн бэлэн болгожээ. Энэ үзүүлэн нь сургалтын хэрэглэгдэхүүн болох төдийгүй, сурах орчинг ч бүрдүүлэх ашиг тустай. “Үүнийг олны хүртээл болгож чадах юм бол өв соёл, үндэсний бичгээ авч үлдэх том алхам болно. 2025 он гэхэд монголчууд хос бичгээр бүхий л албан бичгээ хөтлөх тухай хууль гарчихсан. Бүхий л насныхан үндэсний бичгээ сурахад уг үзүүлэн хялбар дөхөм болно. Энэ л үзүүлэнгээ бүх нийтийн хүртээл болгочих юмсан гэдэг ахмад багш миний чин хүсэл байна. Төр засаг, түмэн олон минь жаахан дэмжлэг үзүүлээсэй” гэж санаашрангуй хэлэв. Үзүүлэнгээ сонирхон үзүүлэхэд нь “нээрээ л ямар ч насны анхлан суралцагч нар амархан сурч болохоор энгийн хийжээ” гэж бодогдов. Түүний хичээл дээр даалгавар хийдэггүй хүүхэд гэж огт байхгүй. 80 минутын хичээлийг ийм хурдан дуусаж байгаа юмуу гээд шавь нар нь дурамжхан дуусгадаг байж. Чанцалням багш ханийнхаа 70 насны ойд зориулан 70 шүүст ургамал тарьжээ. Ер цэцэглэдэггүй нэг цэцэг нь сүүлийн хэд хоногт улаан цэцэгс дэлгэрч, сайхан ургажээ. “Та нарыг л ирэхийг бэлгэдээд байж” хэмээн гэрийн эзэгтэй инээмсэглэсээр биднийг үдсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“Ногоон паспорт” аяны тухай НҮБ-д илтгэл тавьсан сурагч Б.Энэрэл: “Youtube”-ээс илтгэлийг нь сонсдог хүмүүс миний илтгэлийг сонсоод суухад өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн

НҮБ-ын хуралд “Ногоон паспорт” санаачилгыг танилцуулсан сурагч Б.Энэрэлтэй ярилцлаа.


-Өөрийгөө танилцуулахгүй юу. Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?

-Би МУИС-ийн харьяа Байгаль лицей ахлах сургуулийн хими биологийн хичээлээр гүнзгийрсэн 12б ангид суралцдаг.

-“Ногоон паспорт” аяныг анх яаж мэдэж орсон бэ. Хэзээнээс бэлтгэв?

-2018 онд “Ногоон паспорт” аяныг хэрэгжиж эхлэхэд оролцох болсон. Энэ аян нь айл өрх бүрт эко элч бүтээх зорилготой. “Хандлагаа өөрчилье” гэдэг уриатай. Уриа нь надад маш их таалагдсан. Тэгээд л оролцохоор шийдсэн.

-Аяндаа ямар санаачилга гаргаж оролцож байв?

-Ногоон паспорт гэдэг нь ногоон өнгөтэй жижиг паспорт байхгүй юу. Гарын авлага л даа. НҮБ-д тулгамдсан олон асуудлыг дотроо багтаасан. Өөрөө бөглөөд явдаг. Хэрэгжилт дээрээ анхаарах нь надад таалагддаг. Тэгээд ногоон паспорт хөтлөгч шилдэг сурагчаар нийслэлээс шалгараад Хонконгоор аялж байсан.

-НҮБ-ын индэр дээрээс илтгэл тавихад ямар шалгуур байсан бэ?

-Байгаль орчин аялал жуучлалын яамны хэрэгжүүлэгч агентлаг гэж бий. Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв. Тэр агентлагаас “Ногоон паспорт” аяныг хэрэгжүүлсэн юм. Би “Ногоон паспорт” хөтлөгч шилдэг сурагчаар шалгарсан болохоор эхний шатыг давсан хүүхдүүдээ дуудсан. Тэгээд шилдэг хүүхдүүд дундаа өрсөлдөөн явуулсан. Нийслэлээс гурав, орон нутгаас гурван хүүхэд шалгарсан. Орон нутгийн хүүхдүүдэд эссэний уралдаан, нийслэлийн хүүхдүүдийн дунд илтгэлийн уралдаан зохиосон. Илтгэлийн сэдэв нь байгаль орчинд тулгамдсан асуудлаар чөлөөтэй сонгоод, англи хэлээр тавих байсан л даа. Би “Агаарын бохирдол” сэдвийг сонгосон.

-Англи хэлийг хэдэн наснаасаа сурсан юм бэ?

-Англи хэлийг хичээлийн хөтөлбөрийнхөө дагуу л сурсан. Цэцэрлэгт байхаасаа англи хэлний бэлтгэлд явж эхэлсэн. Хажуугаар нь сургалтад 1-2 жил явж байлаа. Ерөнхийдөө миний англи хэлний дуудлага сайн.

-НҮБ-ын индрээс илтгэл тавихад ямар байв. Өөрийнхөө санасан хэмжээнд сайн илтгэж чадсан уу?

-Youtube-ээр бичлэгийг нь үзэж, үлгэр дуурайл авдаг хүмүүстэйгээ эн зэрэгцээд очно гэдэг миний хувьд маш том амжилт. Тэр хүмүүсээсээ суралцахаас гадна тэр хүмүүс намайг сонсоно гэдэг утгаараа маш том боломж гэж бодсон л доо. Өөрөөрөө бахархах сэтгэл төрж байсан. НҮБ-д гадаадын 100-гаад орноос 100 төлөөлөгч цугласан байсан. Миний үеийнхэн бараг харагдаагүй. Дандаа надаас ах, эгч хүмүүс. Миний насны хүүхдүүдэд том асуудлуудын талаар мэдлэг бага. Жишээ нь, улс төр, цаг уурын санхүүжилжилтийн талаарх асуудлаар мэдлэг бага. Тийм болохоор тэнд илтгэл тавьсан хүмүүсээс их зүйл сурсан.

-Илтгэлийн чинь үндсэн санаа нь юу байв?

-НҮБ-д тавьсан илтгэл лекц шиг биш. Баг багаар залуучуудыг хуваарилаад, баг дотроо өөр өөрсдийн санаагаа хэл гээд тэр санаа дундаасаа нэгийг сонгоод илтгэгч нь гараад илтгэх ёстой. Тэгээд манай багаас миний санаа шалгарсан. “Уур амьсгалын санхүүжилт” гэдэг санааг гаргасан. Миний хувьд яг тийм асуудал байхгүй л дээ. Байгаль орчин аялал жуучлалын яамнаас санхүүжилт нь орж ирээд, Ногоон паспорт аянаар явсан учраас. Би хүмүүсийн санааг нэгтгэж байгаад аппликэйшн гаргаад хүмүүст таниулах, хог хаясан хүмүүсээс татвар авах гэх мэтчилэнгээр санхүүжилт босгох талаар ярьсан.

-Илтгэл тавих урлагаар хэзээнээс хичээллэж эхэлсэн юм бэ?

-Илтгэлийн клубт би хоёр сар л явсан. Ерөнхий суурь мэдлэгтэй болж чадсан. Урьд нь драмын дугуйланд явж байсан юм. Тэр нь түлхүү нөлөөлсөн байх.

-Ирээдүйд ямар мэргэжил эзэмшье гэж бодож байна?

-Би НҮБ руу явахаас өмнө биотехнологич юмуу экологич болъё гэж бодож байлаа. Би өөрөө биотехнологич тал руугаа илүү зорьж байсан л даа. НҮБ-д илтгэл тавиад ирснээсээ хойш экологич болъё гэж бодох боллоо. Байгаль орчны чиглэлээр илүү ажиллах сонирхолтой.

-Энэ чиглэлээрээ сургууль, ангийнхнаа уриалан дуудаж олон нийтийн ажил хийж байв уу?

-Манай сургууль эко клубтэй. Эко клубүүд дунд янз бүрийн уралдаан тэмцээн зохиогддог. Төслийн уралдаанд оролцоод манай клуб шалгарсан. Сургуульдаа хог ангилдаг хогийн сав компост хийх төсөл санаачилсан. Тэр ажил одоо хэрэгжээд явж байгаа. Би айлын том, хоёр дүүтэй. Тийм болохоор дүү нартаа сургах үүрэгтэй. Манайх бас гэртээ олон хогийн савтай. Хогийн савандаа хогоо ангилж хаях талаар төлөвлөж байгаа. Дүү нартаа сургахын тулд.

-Гэр бүлээ танилцуулаач. Танай аав, ээж чиний санаачилж оролцож байгаа ажлыг хэр дэмждэг вэ?

-Аавыг маань Намсрайн Батмөнх гэдэг. Хувийн компани байгуулаад ажиллаж байгаа. Ээжийг Төмөрбаатарын Отгонзул гэдэг. Ээж маань билетийн кассанд ажилладаг. Хоёр дүү бий. Ээж намайг маш их дэмждэг. Ер нь миний санаачилгуудыг ээж минь дэмжиж, олсон санаагаа ярилцахаар ээж минь ажил дээрээ миний санааг хэрэгжүүлдэг. Аав ч маш их дэмждэг. Цаг зав зарцуулах ёстой бол “Аав нь дүүг нь харж байя, би энийг хийе” гээд дэмжлэг үзүүлдэг.

-Гэртээ дүү нартаа үлгэр дуурайл үзүүлээд сургахыг хичээдэг байх нь. Тэгэхээр сургуульдаа, ангийнхандаа, үеийнхэндээ яаж үлгэр дуурайл үзүүлдэг вэ?

-Манай сургуулийн хог ангилдаг саван дээр ундааны сав, шил, хуванцар ялгаж хаях гээд биччихсэн байдаг. Тэгээд дээр нь шийдний кольцоогоор хийсэн. Гэтэл манай сургуулийн зарим хүүхдүүд хуванцар хийх ёстой хогийн сав руу цаас шиднэ. Тэрийг нь хараад “Боль, хуванцар саваа л хий. Буцаагаад ав. Цаасны сав руу нь хийх ёстой” гэх мэтээр шаардлага тавьдаг л даа. Тэгж шаардлага тавьсаар байгаад манай сургуулийн хүүхдүүд хогоо яг л бичсэнээр нь ангилж хаядаг, хольж хаяхаа больсон л доо.

-Сургуулийн чинь хүүхдүүд чамайг хэр таньдаг болов. НҮБ-д илтгэл тавиад ирлээ гэхээр баярлах, бахархах, үлгэрлэн дуурайх зүйл ажиглагдаж байна уу?

-Манай ангийнхан, гэр бүл, хамаатан садан бөөнөөрөө гаргаж өгсөн л дөө. Баяр хүргээд тэр олон хүн гаргаж өгөхөд сайхан мэдрэмж төрдөг юм байна лээ. Эргээд ирэхэд сургуулийн удирдлагууд, ангийнхан, гэр бүл, хамаатан садан бөөнөөрөө хүлээж авсан. “Дэлхийн хэмжээний хуралд илтгэл тавиад ирэхэд маш баярлаж, бахархаж байгаа шүү” гэдгээ хэлсэн. Манай сургуулийнхан намайг бараг бүгд таньдаг болсон.

-Цаашид энэ чиглэлээр уралдаан тэмцээн, төсөл санаачилгад оролцох уу. Цаашдын төлөвлөгөө юу байна?

-Экологичоор сурах. 2030 он хүртэл бидэнд урьдчилан сэргийлэх боломж байгаа. Тэр хүртэл би өөрийнхөө чадах бүхнийг хийнэ гэж боддог. Гэхдээ миний хийх зүйл 2030 он гээд дуусчихгүй. Цаашид үргэлжлээд л явна.

-НҮБ-ын индрээс илтгэл тавихад сандрал догдлол хэр байв. Тэр үед яг ямар мэдрэмж төрсөн бэ?

-Би өөрөө илтгэлийг нь сонсоод энэ хүн шиг илтгэдэг болно, ийм зүйлийг хийнэ гэж боддог байсан хүмүүс миний илтгэлийг сонсоод сууж байгаад өөрөө бахархах сэтгэл маш их төрсөн. Өөрийгөө буруу зөрүү ярьчих вий дээ гэж их сандарсан. Гэхдээ давж туулаад гараад ирсэндээ баяртай байна.

-Илтгэл тавина гэдгээ хэзээ мэдсэн бэ. Хэр хугацаанд бэлтгэв?

-Наймдугаар сард шалгаруулалт болно гэсэн. Шалгаруулалтад тавьсан илтгэлээсээ арай өөр илтгэл тавьсан. Тэнд очихоосоо өмнө уур амьсгалын талаар их зүйл судалж мэдсэн. Түүндээ тулгуурлан илтгэлээ тавих бэлтгэлээ өөрийнхөө хэмжээнд сайн хангасан.

-Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд хаана суръя гэж бодож байна. Монголдоо сурах уу, гадаадад суралцах хүсэлтэй байгаа юу?

-Гадаадад сурах хүсэл байгаа. Эхлээд МУИС-даа сурна. Монголдоо сурчихаад дараа нь гадаадад сурвал илүү дөхөмтэй байх гэж бодож байгаа.

-НҮБ-д илтгэл тавихад бас шинэ боломжууд нээгдсэн байх?

-Тийм шүү. Олон улсын зөндөө найзуудтай болсон. Тэдэнтэйгээ санаа бодлоо хуваалцаж, суралцах зүйл их бий. Хамтран ажиллах саналууд бас ирсэн.

-Анх “Ногоон паспорт” аянд ороход ямар хүсэл тэмүүлэлтэй орж байв?

-2018 онд анх “Ногоон паспорт” аяныг сонирхоод явж байхад НҮБ-аас ирсэн Францад амьдардаг англи хүн хэлж байсан юм. “Та нараас шалгарсан шилдэг хүүхэд гадаадаар аялна” гээд. Тэр үедээ би ямар гоё юм бэ, явчих юмсан гэж мөрөөдөж байсан. Дараагийн аянаар нь би өөрөө шилдгээр нь шалгараад гадаадаар аялах болчихсон. Нээлтэн дээр нь уриалгаа хэлээд зогсож байлаа. Ирэх өвөл бас Найрамдал зусланд очно. Гэхдээ би НҮБ-д оччихсон. Илтгэлээ тавьчихсан гэхээр өөрөөрөө маш их бахархаж байгаа. Гуравхан жилийн дотор ийм зүйл хийж чадна гэдэг миний хувьд маш том ололт.

-Аянаас гарсан шинэ санаачилгаа манай уншигчдад танилцуулаач?

-“Ногоон паспорт” гээд гарын авлага нь цаасан хэлбэрээр байсан бол энэ жилээс аппликэйшн хэлбэрт шилжиж байгаа. Цаасыг модоор хийдэг шүү дээ. Тэгэхээр цаасаа хэмнэх үүднээс утасны аппликэйшн болгосон байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Каори Ишикава: Бэлгийн цогц боловсролын удирдамжийг НҮБ-ын зургаан төрөлжсөн байгууллага хамтран гаргасан

НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас “Бэлгийн боловсролын олон улсын арга зүйн удирдамж”-ийг танилцууллаа. Энэ талаар НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь тэргүүн, хатагтай Каори Ишикаватай ярилцлаа.


-Энэхүү үйл ажиллагааны талаар товч таницуулахгүй юу?

-Бэлгийн боловсролын олон улсын арга зүйн удирдамжийн монгол эхийг танилцуулах чухал арга хэмжээ болж байна. Бэлгийн боловсролын удирдамжийг ЮНЕСКО болон бусад НҮБ-ын төрөлжсөн агентлагууд хамтран боловсруулан баталдаг. 2018 онд шинэчлэн баталсан хувилбарыг танилцуулсан байгаа. Сүүлийн хувилбар дээр НҮБ-ын эмэгтэйчүүдийн сан болон бусад агентлагууд нэмэгдэж орж ирснээр бид илүү жендерийн мэдрэмжтэй, жендерийн тэгш байдлыг хангасан бодлогыг баяжуулж өгсөн онцлогтой.

-Бэлгийн цогц боловсрол гэдэг нь юуг хэлээд байна. Цогц боловсролыг яаж олгох вэ?

-Бэлгийн цогц боловсрол гэхээр хүмүүс тэр болгон мэддэггүй, ойлгодоггүй. Тэр нь бас асуудал болдог. Бэлгийн цогц боловсрол гэдэг нь ерөнхий өргөн хүрээний ойлголт. Олон асуудлыг хамарсан ухагдахуун. Хүний бэлгийн амьдралыг тойрсон бүхий л асуудал энд багтана. Дээр нь хүний эрх, жендерийн тэгш байдлын талаарх ойлголтууд ч орно. Жишээ нь, өсвөр насны охидын жирэмслэлт гэдэг томоохон асуудал тулгамдаад байна. Гэтэл өсвөр насны охин ганцаараа явж байгаад жирэмсэн болчихгүй. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг зөвхөн эмэгтэй хүн л мэддэг байх ёстой юм шиг ойлгодог. Нөгөө талд өсвөр насны охидыг жирэмслүүлээд байгаа өсвөр насны хөвгүүд эрэгтэйчүүдийн ойлголт, мэдлэг боловсрол чухал болоод байна гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Бэлгийн амьдралтай холбоотой ХДХВ, бэлгийн замаар дамжих халдвар, хүчирхийллээс сэргийлэх мөн дээр нь хүмүүс хоорондын харилцааг дэмжсэн чадвар, үнэт зүйлс хандлагын асуудлууд гээд энэ бүхэн ордог учраас үүнийг бэлгийн цогц боловсрол гэж нэрлээд байгаа юм.

-Хүүхэд насанд хүртлээ бэлгийн боловсролын талаар юу мэдсэн байх ёстой вэ?

-Бэлгийн боловсрол хүүхдэд олгохдоо өөрийнх нь нас сэтгэхүйн онцлогт тохирсон агуулгыг олгож байх хэрэгтэй. Тухайлбал, энэхүү арга зүйн удирдамжаа нээгээд харвал 5-8 насны хүүхдэд ямар мэдлэгийг олгох ёстой юм бэ гэдгийг маш нарийн биччихсэн байгаа. Энэ насны хүүхдийн үерхэл нөхөрлөлийн асуудал байна. Найз нөхөдтэйгөө яаж зөв харилцах вэ, өөртөө төрсөн сэтгэгдлийг хэрхэн зөв илэрхийлэх, эрүүл болон эрүүл бус харилцаа, харилцаанд ямар хэм хэмжээ байж болох вэ гэх мэтчилэн зөв талаас нь залж өгөх хэрэгтэй. Бэлгийн боловсрол гэхээр хүмүүс бэлгийн харилцаа заах гээд байна гээд дурамжхан байдаг. 5-8 насны хүүхдэд нас сэтгэхүйд нь тохирсон жишээ нь, өөрийгөө хэрхэн хамгаалах вэ гэх мэтээр бие эрхтнийх нь талаар мэдээлэл өгч байх хэрэгтэй. Миний охин 10 настай. Би эх хүнийхээ хувьд охиныхоо насанд тохирсон бэлгийн боловсрол олгоход оролцох ёстой гэж боддог.

-Энэхүү гарын авлагыг хаанаас эрхлэн гаргасан бэ. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах уу. Яаж хүүхдүүдэд сургалтаа хийж мэдээллээ тараах вэ?

-Бэлгийн цогц боловсролын олон улсын арга зүйн удирдамжийг НҮБ-ын зургаан төрөлжсөн байгууллага хамтран гаргаж баталсан. Дэлхийн хэмжээнд баталсан удирдамж байгаа. ЮНЕСКО буюу НҮБ-ын боловсрол шинжлэх ухаан соёлын байгууллага, Хүн амын сан, Хүүхдийн сан, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, НҮБ-ын эмэгтэйчүүдийн сан, Эрүүл мэндийн сангаас хамтран баталсан. Яагаад гэвэл энэ маань боловсрол, эрүүл мэнд, хүүхэд залуучууд, ДОХ ХДХВ зэрэгтэй холбоотой асуудал учраас бид бүгдээрээ хамтрахаас өөр аргагүй. Тэгж байж цогц болж чадаж байгаа. Энэхүү олон улсын удирдамжийн дагуу Монголын Засгийн газрын зүгээс арга хэмжээ аваад ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт өнгөрсөн жилээс эхлээд тусгагдаад явж байгаа. Арга зүйн удирдамж маань сургалтын хөтөлбөрт зөв тусах байх. Чанар хүртээмжийг хангах, сайжруулахад тусладаг баримт бичиг байгаа. Манай НҮБ-ын хамтын ажиллагаат байгууллагууд туслахад, цаашид хэрэгжүүлэхэд, сайжруулан шинэчлэх зэрэг бүхий л шатанд хэрэгтэй техник арга зүйн тусламж дэмжлэгийг үзүүлээд явна. Цаашдаа ч шинэчлэхийг үгүйсгэхгүй. Нийгмийн асуудал болон дэлхий ертөнцийн бүхий л юмс шинэчлэн өөрчлөгдөж байгаа. Жишээ нь, бид яамдуудтай, аймгийн удирдлагуудтай уулзаад явж байхад бэлгийн замаар дамжих халдварын асуудлыг маш их ярьж байгаа. Энэ бол яах аргагүй сэтгэл зовоосон асуудал. Бэлгийн боловсролын олон улсын арга зүйн удирдамжаа дагаад ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан зөв мэдлэг, ойлголт, чадвар, хандлага, дадал хэвшил олгох замаар энэ асуудлуудаас урьдчилан сэргийлэх боломжтой. Хамгийн гол суваг нь энэ болж байгаа нь үнэн. Тэгэхээр бид энэ тал дээр хамтран ажиллахад үргэлж бэлэн.

-Хүүхэд бэлгийн боловсролын талаар хамгийн эхэнд ямар ойлголт мэдлэгийг олж авсан байх ёстой вэ?

-Бэлгийн цогц боловсрол гэдэг нь маш өргөн хүрээний ойлголт гэж түрүүн хэлсэн. Жишээ нь, Хүмүүс ихэнхдээ бие махбодь талаас нь илүү заадаг гэж ойлгодог. Гэтэл тэр чухал ч гэсэн түүнээс гадна дотно харилцаа, хүмүүс хоорондын харилцааны асуудал, хүчирхийлэл, дээрэлхэлтээс хэрхэн сэргийлэх вэ, гэр бүлийн харилцаа гээд маш олон асуудлыг хамарч байгаа. Бүгд л чухал асуудал. Яг Монгол орны хувьд, Монголын хүүхэд, өсвөр үеийнхний хувьд аль асуудал нь илүү чухал байна вэ, нөхцөл байдал, түүний хэрэгцээ ямар байна гэдгийг монголчууд өөрсдөө тодорхойлоод түүндээ суурилсан мэдлэгийг эн тэргүүнд өгөх хэрэгтэй гэж бодож байна. Тэр бүх мэдлэгийг өгөхөд дэмжинэ гэдгээ хэлээд байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн, сургууль дээрх үе тэнгийнхнээ дээрэлхэх зэрэг асуудал байна. Гэр бүлийн хүчирхийллийн талаар НҮБ-ын хүн амын сан тусгайлан ажилладаг. Гэр бүлийн хүчирхийлэлд судалгаа хийгээд үзэхээр маш тархмал байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, өртөх нь их байна. Хүчирхийлэл үйлдсэн хойно нь мэдээлэл аваад цагдаа нар очоод таслан зогсоож болно. Хүчирхийлэгчтэй ажиллаад сургалт хийгээд байж болно. Гэтэл нэгэнт төлөвшөөд насанд хүрсэн хүний хандлагыг өөрчилнө гэдэг маш хүнд, урт хугацааны асуудал байдаг. Тиймээс хүүхэд өсвөр үеэ сургуульд төлөвших явцад нь гэр бүлийн хүчирхийллийн мөн чанарыг таниулаад хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн өөрөө үйлдэхгүй байх зэрэг шаардлагатай хандлага чадварыг эзэмшүүлсэн байхад хожим нь гарз хохирол багатай тусна.

-Хүүхэд аливаа нэгэн эрсдэлд өртөхгүйн тулд юуг мэдсэн байх ёстой вэ. Эцэг эхчүүд юуг анхаарч, хүүхдэдээ зааж зөвлөх ёстой вэ?

-Эцэг эхийн оролцоо маш чухал. Жишээ нь, бид Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын нэг сургуульд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэр сургуульд эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд маш сайн анхаардаг, хамтран ажилладаг жишиг үүссэн байгаа нь харагдаж байсан. Сургууль бол бэлгийн цогц боловсролыг сургалтын хүрээнийхээ дагуу үнэн зөв шинжлэх ухааны үндэслэлтэй олгоно. Гэхдээ үүнд эцэг эхчүүд заавал оролцох ёстой.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Өлзий-Орших: 1980 онд аав минь авч өгсөн 36 төгрөгний орос банзан гитараар гитартай танилцах түүх эхэлсэн

“Никитон” хамтлагийн хөгжимчин, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, ая зохиогч, гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Оршихтой ярилцлаа.


-Тоглолтынхоо талаарх мэдээллээр ярилцлагаа эхлэх үү?

-2019 оны аравдугаар сарын 4-5-ны өдөр UB Palace-ийн концертын их танхимд миний зохиосон дуунуудын “Чи над шиг дурлаж чадах уу?” нэртэй тоглолт болох гэж байна. Тоглолтод маань Монголын рок попын дийлэнх том одууд бүгд ирнэ. Хуучин болон шинээр зохиосон гуч орчим дуу дуулагдах байх. Тоглолтын онцлог нь урьд нь ерөөсөө хүмүүс сонсож байгаагүй шинэ дуунууд дуулагдана. Ямар нэгэн сурталчилгаа, клип хийгдээгүй.

-Таны зохиосон шинэ дууны клипний зураг авалт дөнгөж дуусч байгаа гэнэ. Ямар дууны клип, хэн дуулсан юм бэ?

-Хоёр хоногийн өмнө “Гурван охин” хамтлагийн дуучин Анхмаагийн дуулсан “Би чиний хайртай бүсгүй” гэдэг шинэ дууны клип олны хүртээл болсон. Өнөөдөр “Мотив” хамтлагийн дүү нар маань миний 1994 онд зохиож байсан “Үгүйлэх сэтгэл” дууг шинэчлэн их гоё найруулга хийгээд шинэ клип хийлгээд миний тоглолтод бэлэг барьж байгаад би маш их баяртай байна.

-Тоглолтын бэлтгэл хэр явж байна?

-Тоглолтын бэлтгэл ерөнхийдөө болчихсон. Мэдээж тоглолт маань амьд болно. Тоглолтын хөгжмийн бүрэлдэхүүнд манай “Никитон” хамтлагийн хөгжимчид болон Монголын шилдэг хөгжимчдөөс бүрдсэн баг ажиллаж байгаа. Би өөрөө тоглолт эхлээд дуусах хүртэл бүх дууныхаа хөгжмийг тоглох болно.

-Залуу уран бүтээлчид таны тоглолтод оролцох уу?

-Оролцож байгаа. Дуучин Наки миний шинэхэн хоёр дууг дуулна. Дуучин Наагий, Анхмаа, “Мотив” хамтлаг болон миний үе тэнгийн уран бүтээлийн олон жилийн хамтрагчид Ариунаа, Сараа, Алтанцэцэг, Сэрчмаа гэх мэт Монголын рок попынхон олон ирнэ.

-Тоглолтоо яагаад “Чи над шиг дурлаж чадах уу?” гэж нэрлэсэн юм бэ?

-Миний зохиосон дууны нэр л дээ. Ихэнх ая зохиогчид өөрийн дуунуудын тоглолтыг хийхдээ өөрийнхөө зохиосон ямар нэгэн дууны нэрээр нэрлэдэг шүү дээ. Жишээ нь, удахгүй 30 жилээ хийх гэж байгаа Харанга хамтлаг тоглолтоо “Замд гаръя…” гэж өөрсдийн дууны нэрээр нэрлэсэн. Нэг хөгжилтэй зүйл сонирхуулахад тоглолтоо хийх болчихоод өөрийнхөө нүүр номын найзуудаас асуусан юм. Ямар нэр өгөх үү гэтэл нүүр номын найзууд минь ихэвчлэн алиа марзан зантай хүмүүс байдаг л даа. “Саарал чонын улиан” гэх үү гээд. Яагаад тэгж байгаа юм бэ гэтэл “Чиний наад үс чинь яг чоно шиг саарал байгаа биз дээ” гээд. Эсвэл “Ухааны цараатай хосолсон сүүн аялгуу” гэдэг нэр өгөх үү гээд маазраан болсон. Тэгээд л өөрийнхөө зохиосон дууны нэрээр нэрлэсэн. Энэ дуу 2013 онд бичигдсэн. Би хөгжим тоглох карьерийнхаа туршид хамгийн олон жил хамт зүтгэсэн хамтлаг минь “Никитон” болчихоод байна л даа. “Никитон” хамтлагт зохиож өгсөн хамгийн анхны дуу. Тэгээд л энэ дууныхаа нэрээр нэрлэх нь зөв болов уу гэж бодсон юм.

-Анх гитар барьсан түүхээсээ хуучилбал. Хамгийн анх ямар гитар барьж байв?

-Миний хамгийн анхны гитарыг 1980 онд аав минь авч өгч байсан. 36 төгрөгний орос банзан гитар. Тэгээд л гитартай танилцсан түүх эхэлсэн. 1980 онд би жаахан хүүхэд байсан. Тухайн үеийн орос гитар хатуу утастай, бүдүүн баарагдуу хийцийн гитар байсан болохоор тухайн үедээ сайн сурч чадаагүй. Үндсэндээ 1984 оноос гитарыг эрчимтэй тоглож эхэлсэн. Хамгийн анх 1985 оны аравдугаар сард яг өдийд л юм байна. Тухайн үедээ шинэхэн байгуулагдан будаг нь ханхалсан Монголын хүүхдийн ордны тайзан дээр улс төрийн дууны “Солонго” гэдэг хамтлагтай хамт гитар тоглож гарч байлаа. Тэр цагаас хойш 34 жил өнгөрсөн байна. Анх гарахад тэр тайз маш том битүү үзэгчтэй, айх сандрах мэдрэмж зэрэг төрж байсан л даа. Одоо санадаг юм л даа. Тэр үед гурван дуу дуулсан. Эхний дуун дээр миний зүүн гарын дунд, ядам хурууны шөрмөс татаад ерөөсөө тоглож чадаагүй. Азаар тэр хамтлаг олон банзан гитартай байсан л даа. Тэгээд мэдэгдэхгүй өнгөрсөн. Миний амьдралдаа үзсэн хамгийн том сандрал тэр л байсан болов уу гэж боддог. Тэр олон нүд зэрэг намайг харж байна гэдэг үнэхээр аймар мэдрэмж. Сүүлдээ ч дасаад түүнээсээ кайф авдаг болдог юм байна лээ.

-Та гитарын том цуглуулгатай байх. Хэдэн гитартай вэ?

-Арав гаруй гитар байгаа. Заримыг нь миний хүү авчихсан. Хүү маань бас гитар тоглож эхэлсэн. Одоо Герман улсад сурдаг. Тэр нөхөр зарим гитарыг минь аваад явсан. Тоглолтын үеэр ойролцоогоор 5-6 гитар тоглох байх аа.

-Таны хамгийн үнэтэй гитар ямар гитар вэ, хэдэн төгрөгөөр авч байв?

-Гитарын үнэ ярихаас илүү тэр гитарыг хэн тоглож байсан болон миний сэтгэлд хамгийн үнэтэй гитар гэж бий. Хамгийн хайртай гитар минь 1995 онд худалдаж авсан, одоо хүртэл хааяа нэг тоглодог долоон утастай гитар минь. Түүнийгээ би тухайн үед дөнгөж байгуулагдаж байсан Голомт банкны хэрэглээний зээлээр авсан юм. Эргээд яаж төлсөн гэхээр тэр үед ажилладаг байсан Эмун гэдэг шөнийн клубт зургаан сар билүү бүтэн жил ажиллах гэрээ хийж цалингаа Голомт банкны зээлийн төлбөртөө хийдэг байлаа. Өөрийнхөө хүч хөдөлмөр, хөлсөөр авч байсан болохоор тэр л миний хувьд хамгийн үнэтэй, хамгийн хайртай гитар.

-Хамгийн анх “Солонго” хамтлагтай хамт тайзан дээр гарсан гэлээ. Та Монголын рок попын бүхий л хамтлаг дуучидтай хамтран ажилласан байх?

-Би олон хамтлагтай тоглосон. “Солонго” хамтлагийн дараа “Сэтгэмж” гэж хамтлаг байгуулж үзсэн. 1986 билүү 87 онд тэр хамтлагийг байгуулсан юм. Хамтлаг маань тухайн үед Улаанбаатар хотын хамтлагуудын аварга шалгаруулах билүү дээ нэг том тэмцээнд орлоо. “Би чамд хайртай” кинонд Дэлгэр Баяраагийнхаас гараад гүйдэг шүү дээ. Тэгэхэд нь явдаг “BeeGees” хамтлагийн дууг тэр тэмцээнд тоглотол биднийг хөрөнгөтний үзэл суртлыг үзүүллээ гээд шүүгчид тайзнаас хөөж буулгасан юм. Түүний дараа “Соёмбо” хамтлагт 1989 онд, дараа нь “Баян Монгол” чуулга, “Хөх тэнгэр хамтлаг”, “Соёл-Эрдэнэ”-д ажиллаж байгаад буцаж “Хөх тэнгэр”-ээ сэргээж тоглолоо. Нэг хэсэг жазз хамтлагт тоглосон. Дараа нь “Шар айраг” хамтлагтай бараг арван жил хамтран тоглосон. Тэр хооронд “Никитон” хамтлагтай 2004 оноос байх аа өнөөг хүртэл явж ирлээ.

-Гитараа тоглоод тайзан дээрээс үзэгчидтэйгээ уулзахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Урлагийн хүмүүсийн хамгийн кайф авдаг, эерэг энерги авдаг зүйл нь үзэгчдийн алга ташилт. Урлаг бол уралдаан тэмцээн биш. Урлаг бол спорт биш. Хоёр тамирчин барилдахад үзэгчид ялсанд нь л баяр хүргэдэг. Урлаг бол уралдаан тэмцээн биш учраас үзэгчид ямарваа нэгэн ая зохиогч аяаа тоглоод дуусахад, дуучин дуугаа дуулаад дуусахад үзэгчид таашаал авч танхим дүүрэн алга ташилт нижигнэж, шүгэлддэг юмуу ямар нэгэн эмоциор өөрсдийгөө илэрхийлдэг. Сайхан үг хэлэх ч юмуу, “браво” гэж хашгирах ч юмуу ямар нэгэн байдлаар урлагт сайн сайхныг хүсч байгаа тэр илэрхийлэл л миний хувьд хамгийн сайхан, хамгийн хүсдэг, хамгийн гэгээлэг мэдрэмж байдаг даа.

-Гитар барьж үзээгүй хүн анх гитарыг яаж барих ёстой юм бол. Яаж харьцах ёстой вэ?

-Бидний үед орц болгон өөрийн гэсэн хамтлагтай байлаа. Би чинь хотын төвийн хүүхэд шүү дээ. 40, 50 мянгатын. Манай орцны хамтлагийн нэрийг дээр үеэс өгчихсөн “Шүлс” нэртэй хамтлаг байлаа. Гитар тоглож байхдаа байнга тамхи татаж, шүлсээ хаядаг нөхдүүд байсан юм шиг байгаа юм. Өдөр хичээлээ тараад л орцондоо орж ирэхэд гитар барьсан залуус, хүүхдүүд сууж байдаг. Тэрний хажуугаар харахгүй гарах ямар ч арга байхгүй. Эхлээд харна. Дараа нь дурлана. Сонирхоно. Гитаранд татагдана. Сүүлдээ тэдний нэг болно. Тэгж л эхэлж байсан. Өнөөгийн нийгэмд орцонд төдийлөн гитар тоглоод суух хүн байхгүй болчихсон. Биднийг анх сурч байсан үетэй харьцуулахад бүр их давуу талтай болж. Яагаад гэвэл сошиал медиа, интернэт, Youtube гээд бүхэл бүтэн том багш нар байна. Нэг дууны гитарын барилтыг яаж сурах талаар видео хичээлүүд маш их болчихсон. Хэрвээ хүн өөрийгөө дайчилж чадах юм бол бидний сургаар сурч байсан үеийг бодвол илүү нээлттэй боломжтой болсон. Миний бодлоор одоогийн хүүхдүүдийн чадвар хурдан сайжрахад юу саад болоод байна гэхээр анхаарал татах зүйл дэндүү олон болчихсон. Гитар тоглохын хажуугаар фэйсбүүк орно, твиттер сонирхоно, инстаграмаа шалгана. Янз бүрийн мэдээлэл авна. Бичлэг үзнэ. Бидний үед тийм зүйл байгаагүй. Телевизийн ганцхан сувагтай. Тэгэхээр өдөржин гитар тоглохоос өөр ажилгүй л байдаг байхгүй юу.

-Таны хувьд үлгэр дуурайл авдаг гитарчин хэн бэ?

-Дэлхийн том гитарчид бүгдээрээ л миний багш. Одоо ч гэсэн би гадны ертөнцөд шинээр гарч ирж байгаа том том гитарчдын бичлэгийг үздэг. Яг ямар өнцгөөс тоглоод байна. Гитарыг хүн бүр өөрөөр тоглодог. Сонгодог хөгжмийн нэгэн программыг нэг хийлч тоглолоо гэж бодъё. Гэтэл тэр программаас нэг ч нот илүү дутуу тоглох эрх байдаггүй. Яагаад гэвэл сонгодог зохиолын нот гэдэг өөрөө яг бурхны ном шиг болчихсон. Түүнийг хүн болгон мэддэг. Яг тэр ая дангаар нь, тоглох ёстой нотуудыг бүгдийг нь тоглох ёстой. Түүнээс илүү ч үгүй, дутуу ч үгүй яг тэр чигээр нь тоглохыг шаарддаг. Рок юмуу поп, жазз төрлийн гитарчид хоорондоо өөр байдаг. Гитарын дуугаралтууд нь хүртэл хоорондоо өөр. Жишээ нь, Энхманлайгийн дуугаралт миний дугаралт хоорондоо тэс өөр. Бид хоёрынхоос Отгонбаярынх бүр өөр гэдэг ч юмуу. Дэлхийн гитарчид ч гэсэн ялгаагүй. Тоглодог гитарууд нь өөр, дуугаралтууд нь өөр. Гитарчин бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц ертөнцийг бүтээж чаддаг. Яг нэг хэвэнд цутгасан юм шиг адилхан тоглодог гитарчин дэлхий дээр хаана ч байхгүй дээ.

-Таны хувьд Монголын хамгийн чадварлаг гитарчин хэн бэ?

-Түүнийг бол би хэлэх зүйл биш. Тэр зөвхөн үзэгчдийн дүгнэлт. Бид ямар хоорондоо уралдаж байгаа спортын тамирчин биш.

-Зохиолчдын хувьд үг нь урсаад л ороод ирдэг байх. Ая зохиоход нот нь яаж орж ирдэг юм бол оо?

-Бараг л адилхан болов уу даа. Яагаад гэвэл дуу хийхийн өмнө заавал үг нь байх ёстой. Миний дуу зохиодог дараалал нь тийм л дээ. Эхлээд үг. Үгэн дээр аялгуугаа хийдэг. Тэрний дараа нь түүнд тохирсон гармонь буюу аккордуудыг бодож олдог. Тэгээд хөгжмийн найруулгын шат руу шилжинэ. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн шүлэг миний зохиосон шүлэг ч юмуу, ер нь үгэнд ая байдаг. Хүмүүс үгэнд ая байдаг гэж ярьдаг даа. Тэр аялгуу л зөв аялагдах юм бол тухайн дуу амжилтад хүрч чаддаг юм уу даа.

-Ая зохионо гэдэг цаанаасаа өгөгдөлтэй хүмүүсийн хийдэг ажил байх аа. Хүн бүрийн хийж чадах зүйл биш байх?

-Би бол тэгж боддоггүй. Ая зохиохыг хүн бүр хийж чадах зүйл мөн. Тухайн хүний хийсэн ая хүмүүст хүрч байна уу, таалагдаж байна уу, үгүй юу гэдэг дээр л хамгийн гол нь байгаа юм. Би хорвоод хоёр хүний нэг нь дуучин байдаг гэж уншиж байсан юм. Сэтгэлийн хөөрөлтэй, хайрлаж дурлах үедээ ямарваа нэгэн мөчлөгийн үеэр хоёр мөр ч гэсэн холбож дуулж үзээгүй хүн гэж байдаггүй байх гэж би боддог. Тэр хүний зохиосон ая хүн бүрт таалагдах уу, таалагдахгүй юу гэдэг дээр л хэргийн гол нь оршдог.


ХҮН ХУВИЙН АМЬДРАЛАА НИЙТЭД ДЭЛГЭЖ ТАВИАД БАЙХ НЬ ОНЦ ЗҮЙЛ БИШ

-Дуу бүхэн өөрийн гэсэн түүх дурсамжтай бүтдэг байх. Таны хувьд хамгийн сэтгэлд хоногшсон дурсамжтай бүтсэн дуу аль нь вэ?

-Би фэйсбүүкэд пэйж нээгээд зарим дууныхаа бүтсэн түүхийг бичсэн байгаа. Хоёр, гурван дууныхаа түүхийг л бичихэд тийм байгаа юм чинь урьд нь зохиосон дуунууд бүгдээрээ л ямар нэгэн тухайн цаг үеийнхээ илэрхийлэл болдог байсан байх.

Дуу болгон өөрийн гэсэн жижиг хэмжээний түүхтэй. Дуу гэдэг бол надаас төрсөн туурвил. Би уран бүтээл гэж ярих дургүй. Уран бүтээл гэхээр надад нэг бодлын инээдтэй санагдаад байдаг юм. Уран бүтээл гэдэг нь урнаар бүтээнэ гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр би өөрийнхөө хэдэн дууг уран бүтээлийн хэмжээнд очсон гэж онцгойрон сагсуурах хүсэлгүй. Миний хийсэн дуу бүрт жижиг хэмжээний түүх бий.

Таван хүүхэдтэй хүн байлаа гэж бодоход би энэ хүүдээ илүү хайртай, энэнд нь бага хайртай, өө тэрэнд бүр хайргүй гэж хэзээ ч хэлдэггүй биз дээ. Тэгэхээр би өөрийнхөө зохиосон бүх дуунд л хайртай.

-Монголын гитарчдын чадвар Азидаа харьцуулбал хэр түвшинд байгаа гэж бодож байна вэ?

-Манай залуус сайн тоглодог. Ер нь залуус их сайжирч байна, сайн тоглож байгаа. Дутах зүйл байхгүй. Жишээ нь, Японы гитарчин гартаа арван нэг биш, адилхан арван хуруутай л байгаа шүү дээ. Тэгэхээр эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Би хаа нэгтэйгээс “Аливаа нэг хөгжмийг сурахын тулд таван мянган цагийг л яс зарцуулж сурах хэрэгтэй” гэж уншсан юм.

Таван мянган цагийг зарцуулсны дараа хэрвээ тэр хүн үнэхээр авьяастай бол бүх зүйл нь боловсроод бэлэн болдог гэж байгаа. Гэхдээ урлагт бичигдээгүй нэг хууль бий.

Хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэг дээ. Хөдөлмөр 99 хувь, авьяас нэг хувь гэдэг. Би түүнтэй санал нийлдэггүй. Урлагт бол эсрэгээрээ авьяас 99 хувь, хөдөлмөр нэг хувь гэж боддог. Урлаг өөрөө хүнээс маш өндөр мэдрэмж шаарддаг. Хэчнээн хоёр хүний нэг нь дуулдаг ч гэсэн жинхэнэ дуучин арван хуруунаас дээш олдохгүй.

-Та өөрөө урлагтаа хэдэн цагийг зарцуулдаг вэ?

-Надад зарцуулдаг үе байсан. Одоо бол нас явж байна шүү дээ. 50 хүрч байна. 1990-1993 он хүртэл би хоол идэх, унтахаас бусад цагаа гитар тоглоход зарцуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, өдөрт хамгийн багадаа 12 дээшээ 16 цаг зөвхөн гитар тоглодог байсан.

Тэр үеийн нөр их бэлтгэл гарт ороод үлдчихсэн. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг. Зарим үед бол том тоглолт тоглохын өмнө нэг хоёр cap бэлтгэл хийгээгүй жаахан төсөөрчихсөн байдаг. Буцаад 7-8 хоног, өдөрт 4-5 цаг бариад эхлэх юм бол яваандаа зүгшрээд гайгүй болчихдог.

-Таныг МУИС-ийн Түүхийн ангид орох гээд явж байхад хоовон Энхбаяр ах урлаг руу хөтөлж оруулж байсан гэж сонссон. Энэ талаар ярихгүй юу?

-Үгүй ээ яах вэ, би конкурсандаа уначихсан юм. Тэгээд нэг жил хийх ажилгүй болоод тэр үед “Улаан од” гэдэг армийн сонин гардаг байлаа. Одоо ч гардаг л байх л даа. Тэр сонин дээр “Соёмбо” хамтлаг гитарчин авна гэсэн зарлал гарсан байсан юм.

Тэр зарлалыг хараад “за за ядаж жилд нь ажилтай цалинтай байя” гэж бодоод яваад очихгүй юу. Тэгээд л дахиж МУИС-даа шалгалт өгсөн ч юм байхгүй тэр чигээрээ гитарчин болсон доо.

-Гэр бүлийнхээ тухай яриач?

-Миний хувийн амьдрал хэнд ч сонин биш. Хэрвээ чамд жаргал гэдэг юм байдаг бол түүнийгээ сэтгэл дотроо өөр өөртэйгөө чимээгүйхэн эдэл. Хэрвээ чамд зовлон гэж юм байгаа бол түүнийгээ хүнд дэлгэх хэрэггүй. Чи дотроо л зов. Магадгүй ганцаараа гэртээ байхдаа уйлдаг юм уу чимээгүйхэн эдэл. Түүнээс хүн өөрийнхөө хувийн амьдралыг нийтэд дэлгэж тавиад байх онц зүйл биш байх. Хувийн амьдрал гэдэг хувийн л зүйл. Хувийн амьдрал хувийн бат цайзан дотроо л байх ёстой.

-Хүү тань таны гитаруудыг аваад явсан гэсэн. Хэр сайн тоглодог вэ, таныг дуурайгаад гитарчин болох болов уу?

-Тоглоод удаагүй байгаа. Би тэр нөхрийн сайн муу ямар болохыг одоохондоо сайн мэдээгүй л байна. Гэхдээ ганц хоёр удаа харж байсан. Мэдрэмж бол маш сайн юм байна гэж би дотроо бодож байсан.

Урлагт хамгийн түрүүнд тавих шаардлага бол мэдрэмж байдаг. Мэдэрч чадах, яг юу туулахаар зорьж байгаагаа мэдрэх, ямар дүрд жүжиглэх гэж байгаагаа мэдэрч чадах тэр мэдрэмж хамгийн чухал зүйл. Дуучны хувьд ч ялгаагүй. Дуугаа мэдэрч чадах хэрэгтэй.

-Продюсерийн ажлыг хэзээнээс хийж эхлэв. Одоо ямар хамтлаг, дуучидтай ажиллаж байна?

-Намайг продюсер гэж нэрлээд байгаа болохоос яг тэр ажлыг хийдэг хүн би биш л дээ. Ямар нэгэн концерт юм уу тоглолтын үед хүмүүстэй хамтарч ажиллах үе надад байдаг. Жишээ нь, би “Номин талст” хамтлагийн хоёр CD-н дээр продюсерээр ажиллаж байсан.

Өнгөрсөн жил болсон VOICE тэмцээний ялагч Энгүүнд дунд шатнаас эхлээд төгсгөл хүртэл нь зөвлөгөөг өгсөн. Продюсер маягаар жаахан ажилласан. Продюсер хийх гэдэг маш хэцүү ажил. Яагаад гэвэл тухайн дуучны бүх асуудлыг хариуцаж явдаг. Надад бол ерөнхий продюсерийн ажлыг хийгээд явахад хэтэрхий хүндэднэ.

Тухайн хэсэг дээр гүйцэтгэх продюсерээр ажиллах, энэ дууг ингэж дуулбал зүгээр, энэ хэсэгт ингэж анхаар гээд зөвлөгөө өгөх маягаар ажиллах нь надад илүү амар байдаг.

-Та сошиал орчинд их идэвхтэй байдаг шүү дээ?

-Би яг өөрийнхөө нүүр номонд фоллов авдаггүй л дээ. Яагаад гэвэл тэр бол миний хувийн үзэл бодлын орон зай. Миний хувийн үзэл бодлын орон зай гэхээр миний хийж байгаа дуу, хөгжимтэй ямар ч хамаагүй л дээ.

Жишээ нь, хөгжимчин, дуучин, бүжигчин, жүжигчин хүнд өөрийн гэсэн үзэл бодол гэж юм байхгүй гэвэл түүн шиг худал зүйл байхгүй. Тэгэхээр надад ямар нэгэн хувийн үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл, Монголын хөгжлийн талаар, Монголын болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн талаар шүүмжлэх өөрийн гэсэн үндсэн хуулиар олгогдсон эрх байгаа шүү дээ. Тэр эрхээ л эдэлж байгаа хэрэг. Заримдаа ч хамаагүй биччихдэг. Зарим найз нөхөд хэлдэг л дээ.

Харангын Лхагваа жаахан уурладаг юм. “Юу бичээд байгаа юм бэ, арай дэндээд байгаа юм биш үү” гээд.

-Таны жиргээг сошиалд их зөв өнцөгтэй, зөв бодлоо илэрхийлдэг гэж ярьдаг. “Буян”-гийн Жагаа ахтай наргисан жиргээ тань нэг хэсэг давалгаа болсон шүү дээ?

-Зөв өнцөг гэж яривал аливаа юман дээр абсальютны зөв буруу гэж байхгүй шүү дээ. Туйлын зөв, буруу гэж юм хаана ч байдаггүй. Туйлын зөв дотор ч жаахан буруу явж л байдаг байхгүй юу. Би өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээ л бичдэг. Өөрийнхөө харах өнцгийн зүгээс. Тэр нь заавал бүх хүнд таалагдаж байх албагүй.

Яагаад гэвэл би доллар биш. Доллар бол магадгүй бүх хүнд таалагдах байх. Доллар гэдэг өөрөө мөнгө хөрөнгө учраас. Мэдээж Монголын жирийн иргэний хувьд энэ эх орныг аятайхан болчихоосой, сайхан болчихоосой, хурдан хөгжөөсэй, хүмүүс жаргалтай байгаасай, ээж нар эхчүүд нулимс битгий унагаасай л гэж бодож явдаг. Тэр зүйлээ л олон нийтэд хүргэх миний хувийн суваг минь сошиал орчин.

-Та бас Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн жимийг гаргасан уран бүтээлч хүн. 30 гаруй жил тайзан дээр ажиллаж амьдарлаа. Энэ хооронд үзэгчдийн урлагийн боловсрол таны хувьд хэр дээшилсэн гэж бодож байна вэ?

-Яг ний нуугүй хэлэхэд би тэрэн дээр шүүмжлэлтэй ханддаг. Аливаа урлаг гэдэг зүйлийн үндсэн үүрэг, роль нь хүмүүсийг гэрэлт ирээдүй, сайн сайхан, эрх чөлөө гээд бүх байж болох хүсэл тэмүүлэл рүү чиглүүлж, залж, чирч явах ёстой. Дээр үед “адгийн урлаг хүртэл ард түмнээс арван жилийн өмнө явдаг” гэж үг байсан юм.

Тэр бол урлагийн өөрийнх нь соён гэгээрүүлэх гэдэг үндсэн чиг үүрэг байхгүй юу. Би бүгдийг нь гэж хэлж байгаа юм биш.

Хэтэрхий өнөөгийн нийгмийн захиалгаар хийгдсэн, өнөөдрийн байдалдаа тохируулсан, өнөөгийн байдал дээр нь амьдраад авах гэсэн, жаахан мөнгө хийгээд авах гэсэн бодолтой уран бүтээлчид байхыг үгүйсгэхгүй. Би бол рок попын хамт олноо тэгж хэлэхгүй.

Манай рок попынхон дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа. Түүний нэг том жишээ бол манай “Хөх тэнгэр” хамтлагийн, миний хуучны анд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондогийн маань долоон жилийн турш хийсэн хөдөлмөр биелж, THE HU хамтлагийн дүү нар маань дэлхийд Монголынхоо нэрийг цуурайтуулаад явж байна.

Хоёр, гуравхан хоногийн өмнө бид их сайхан мэдээ сонслоо шүү дээ. Америкт борлуулагдаж байгаа гадаад уран бүтээлчдийн цомогт багтан Billboard-ийн нэгт жагсана гэдэг маш бахархмаар үйл явдал.

-Таны зохиосон дуунууд голдуу хайрын тухай байдаг. Яагаад энэ сэдвийг сонгох болов?

-Би хайрын дуунуудыг их олон өнцгөөс харж зохиохыг хичээдэг. Мэдээж хүн амьдралдаа тохиолдсон бүхнээ дуу болгоод байна гэвэл түүн шиг худал зүйл байхгүй.

Хайр дурлалыг ямар өнцгөөс харуулж болох, хайр дурлалд юу тохиолддог, хайрын олон гэгээлэг зүйлийг, заримдаа гунигийг, харуусмаар тэр мэдрэмжүүдийг хүмүүст хүргэхийг зорьдог.

Тэгэхээр миний тоглолтод хүрэлцэн ирээрэй, миний зохиосон хайрын дууны ертөнцөөр аялаарай хэмээн үзэгч, уншигчдаасаа хүсье.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Чулуунбат: “Харанга” рок попын түүхэнд хамгийн анх хувийн үсчинтэй болж байлаа


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Харанга” хамтлагийн аргил гитарчин, хөгжмийн зохиолч, дуучин МУУГЗ Ц.Чулуунбаттай ярилцлаа.


-“Харанга” хамтлаг 30 жилийн ойгоо тэмдэглэн “Замд гаръя” тоглолтоо тавих гэж байна. Тэр олон бүтээл дундаасаа яагаад энэ дууны нэрийг сонгов?

-“Харанга” хамтлаг хэдий 30 жил болсон ч ингээд өндөрлөх биш цаашаа дахиад үзэгч сонсогчидтойгоо хамтдаа шинэ замд гаръя гэсэн утга санаагаар өгсөн. Зам дуусашгүй.

-“Харанга”-ын хамгийн анхны тоглолт хэзээ тоглогдож байв?

-“Харанга”-ын анхны тоглолтыг шог зураач С.Цогтбаяр, MСS-ийн Ж.Оджаргал нар ивээн тэтгэж байлаа. “Дэлхий ертөнц” нэртэй тоглолт. Тэр үед MCS дөнгөж байгуулагдаж байсан санагдана. Өөрсдөө ч хөл дээрээ зогсоогүй байхдаа биднийг дэмжиж явсан компани. “Харанга” Монголын рок попын түүхэнд хамгийн анх хувийн үсчинтэй болсон хамтлаг л даа. 1989 оны “Амьдрал” тоглолтонд орохдоо бүгд үс зүсээ янзлуулж, засуулж байлаа. Шинэ жилд орох гэж байгаа хүүхнүүд шиг үсээ лакдуулна. Олон сайхан дурсамж бүтээжээ.

-Тоглолтоос өөр 30 жилийн ойд зориулан төлөвлөж байгаа зүйл бий юу?

-2018 онд “Монголын зураачид рок попын сэдвээр” гэсэн үзэсгэлэн гарч байсан юм. Тэр үзэсгэлэнд зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн рок попын бүхий л оддыг Монголын зураачид өөрсдийн нүдээр зурсан. Монголын уран бүтээлчдийг зурсан зургууд дунд ихэнх нь “Харанга”-ын гишүүдийг зурсан байсан л даа. Монголын рок попын төлөөлөл дунд “Харанга” ямар нэр хүндтэй юм бэ гэж бодогдож байсан шүү. Тэгээд шог зураач С.Цогтбаяр маань бидэнд санал тавиад ойн үеэр “Харанга”-ын гишүүдийг зурсан зургаар үзэсгэлэн гаргая гэсэн. Үзэсгэлэнг удахгүй нээнэ. Зөвхөн зураг гэлтгүй “Харанга”-ын эдэлж хэрэглэж байсан хөгжмүүд, цохиурууд, аялан тоглолтуудын зургууд, анхны CD-ний эх ч гэдэг юмуу “Харанга”-ын түүх дурсгал болсон бүх л зүйлийг үзэсгэлэнд дэлгэнэ. Мөн 1997 онд гаргаж байсан “Эрин зууны хөг”, “Best of Haranga” 2000 оны “Бодлын тэнгис”, 2003 оны “Ертөнцийн өнгө” цомгуудаа дахин хэвлүүлж худалдаалахаар болсон. Боловсрол суваг телевизтэй хамтраад 14 хоног гарах TВ шоу хийж байгаа. Аравдугаар сарын 4-нөөс эхлэн тус телевизээр гарна.

-Шинэ цомог хэдэн дуутай вэ. Хэзээнээс худалдаанд гарах вэ?

-Хуучны цомгууд тухайн үедээ гараад л жилийн дотор зарагдаад дуусчихсан. Одоо худалдаанд байтугай бидэнд байдаггүй. Энэ дөрвөн цомгоо нэг багц болгоод 52 дуутай гаргана. Цомог тоглолтын өмнө ирчих байх. Найман дуутай нэг пянз хэвлэгдэж байгаа. Пянзны хувьд хэвлэлт нь маш удаан байдаг юм байна. 45 хоногоос зургаан сар шаардлагатай гэсэн. Хамгийн хурднаар нь захиалсан ч тоглолтын өмнө хараахан ирж амжихгүй. Тоглолтондоо зориулж бидний зурагтай футболка, логотой малгай, жижиг сувинерүүд хийж зарна.

-Тоглолтын бэлтгэлээ хэзээнээс хийж эхлэв?

-Бид түрүү жил 30 жилийн ойгоо угтсан тоглолтоо хийсэн. Байнгын бэлтгэлтэй байгаа. Яг ойн бэлтгэл гээд хагас жил гаруй бэлтгэлээ хангаж байна. Үзэгчдэдээ зориулж шинэ пянз худалдаална. Шинэ пянзны шинэ дуу бас дуулагдана. Арав гаруй байгууллага бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Биднийг байнга дэмжиж, тусалж байдаг хамтран ажиллагч байгууллагууддаа баярлаж явдгаа илэрхийлье.

-Тоглолтод Монголын рок попынхон бүгд цуглах уу?

-“Харанга”-ын 30 жилийн ой гэдэг бол Монголын рок попынхны баярын өдөр. Энэ тоглолтод Монголын рок попын шилдэг уран бүтээлчид бүгд ирнэ. “Хурд”, “Нисванис”, “Madness”, “Fire”, “The Lem­ons”, “A Sound”, “Rec on”, “Lumino”, дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, С.Наран, Б.Чойжоо, альтернатив дуучин х.Отгончимэг, “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, реппер Big GEE, гитарчин Д.Өлзий-Орших, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан гэх мэт олон уран бүтээлч оролцоно. Тоглолт 15:00 цагаас эхэлнэ. Өргөн хүрээний том тоглолт хийхээр бэлтгэж байна. Тоглолтыг үзэж амжихгүй үзэгчдэдээ зориулаад фэйсбүүкээр шууд лайв явуулна.


-Сүүлийн үеийн шинэ дуунуудаас дуулагдах уу?

-Нэг дуу дуулах талаар ярьж байгаа. Яг шийдэгдээгүй байна. Ер нь бол манай сонсонгч фэнүүд бидний мэддэг дуунуудыг дуулаарай гэсэн хатуу шахалт, дарамт үзүүлж байгаа (инээв). Тэгэхээр үзэгч сонсогчдынхоо хүсэлтээр дандаа хуучны олонд танигдсан дуунуудаа дуулна. 30 жилийнхээ ойд зориулаад 30 дуутай концерт тоглоно. Тоо бас их учиртай. “Харанга”-ын 30 жил 2019 оны аравдугаар сарын 19 гэтэл “За тэгвэл 19:00 цагаас эхэлье” гэж Лхагваа түрсэн. Гурван есийн тоо орсон. Нас яваад ирэхээр бэлгэдлээ их боддог болдог юм байна.

-Хамтлагтайгаа холбоотой хэзээ ч мартагдашгүй үйл явдал, яриа хөөрөөнөөс онцлоод нэгийг сонирхуулаач?

-Бид 15 жилийн ойн тоглолтоо хийх гээд бүгд цуглаад ярьж суулаа. Гэтэл нэг нь л зураач С.Цогтбаяр руу “Цогоо ах аа, энэ Харанга чинь ерөөсөө Монголын “Битлз” юм байна шүү дээ” гэтэл бас нэг залуу “Өө тийм юм гэж юу байдаг юм. Харин Битлс чинь Английн Харанга байхгүй юу” гэж хэлж байсан нь мартагддаггүй юм. Энэ үнэхээр гоё үг. Хэдий 60 гарсан ч гэсэн бидний биологийн нас 30 шүү. Бид цаашаа 40 жилийн ойгоо хийх бүрэн итгэл төгс байгаа. “Замд гаръя…” гээд гурван цэг байгаа биз дээ. Цаашдаа бүгдээрээ зөндөө удаан хамт явна. Харин бидний хурдыг гүйцнэ шүү. (инээв)

-30 жилийн хугацаанд хэчнээн дуу, цомог гаргаж байснаа тоолж байв уу?

-Ер нь нэг их тоолж үзээгүй. Тоолоод ч дэмий гэж бодож байна. 7-8 том уран бүтээл, тоглолт хийсэн. 30 жилийн ойгоо тэмдэглээд амрахгүй. Ойн тоглолтын дараа бид “Цаг хугацаа” гэсэн шинэ цомог, тоглолтоо он гараад хийхээр төлөвлөөд байгаа. Шинэ цомог, тоглолт маань урьдны хэв маягаа эвдсэн шинэлэг, гэхдээ “Харанга”-ын хэв шинжээ агуулсан тийм тоглолт болно хэмээн төсөөлж байна.

-2018 онд “Хайрлая” аяныг эхлүүлж “Хайрла” тоглолтоо тавьж байсан. Та бүхний хувьд уг аян хэр үр дүнтэй болсон бэ?

-Үр дүнтэй болсон байх гэж бодож байгаа. Өнөөдөр бидний тоглолт эв нэгдэлтэй байя, бие биенээ ойлгоцгооё гэдэг агуулгатай тоглогдоно. 2018 онд тоглосон 29 жилээ угтсан “Хайрла” тоглолт үнэхээр сайхан болсон. Ер нь улс төр, жагсаал цуглаан зэрэг ямарваа нэг уриалах зүйл дээр рок хөгжмийн шинж чанар хүч нь хэрэгтэй байдаг. Рок хөгжим ямарваа нэг зүйлийг уриалан дуудаж, босгож өгч чаддаг. Тиймээс рок хөгжмийн нөлөө их.

-Сүүлийн үед ямар шинэ уран бүтээл хийж байна вэ?

-Сүүлийн үед “Цаг хугацаа” концертон дээрээ ажиллаж байна. Үндсэндээ 85 хувийн биелэлттэй яваа. Бид 30 жилийн ойгоо дуусгаад шинэ цомгоо хийж, нэг жилийн хугацаанд бэлтгэл хийгээд “Цаг хугацаа” тоглолтоо хийхээр төлөвлөсөн.

-Та бүхний араас Монголыг дэлхийд сурталчилсан THE HU хамтлаг гарч ирлээ. Хүннү рок урсгалыг дэлхийд таниулж яваа уг хамтлагийг хараад ямар сэдэл төрж байна?

-1990 онд П.Очирбат гуай дээр очиж “Гитарын толгой нь морь, мангасын хэлбэртэй, шинэ загварын хувцастай яг энэ THE HU шиг юм гаргая”, тэгвэл бид дэлхийд гарч чадна. Яагаад гэвэл рок хөгжим гэдэг өөрөө кварт квинт дээр л тусгагдсан байдаг. Морин хуур хоёр чавхдастай. Рок хөгжмийн хэмнэл нь дуугардаг. Дээрээс нь хархираа хөөмий хийчихнэ. Тэгвэл гадаадын үзэгчдэд маш сонирхолтой болно. Биднийг дэмжээч ээ, хөгжим авч өгөөч” гээд орж байсан. Энэ бол бидний нэг мөрөөдөл байсан. Бидний мөрөөдлийг HU хамтлагийн маань дүү нар жинхэнэ утгаар нь биелүүлж явна. Маш их баяртай байна. Орчин үеийн хөгжим тэр тусмаа Хүннү рок гэдэг урсгалаар дэлхийд гарч байгаа дүү нараараа бахархаж байна. Бидний хийж чадаагүй зүйлийг дүү нар маань хийлээ.

-Бидний биологийн нас 30 гэж та хэлсэн шүү дээ. Тэгэхээр 30 настай хүний ертөнцөөр мөрөөдөхөд цаашид юу хийх мөрөөдөл, төлөвлөгөө та бүхэнд байгаа вэ?

-Мөрөөдөл маш их байгаа. Бид анхнаасаа “Харанга” хамтлагийг байгуулахдаа алдартай болно, их мөнгө олно гэж нийлээгүй. Зүгээр л гоё дуу хийе, гоё хөгжим зохиоё гэдэг мөрөөдлөөр л жигүүрлэсэн. Өнөөдрийг хүртэл тэр мөрөөдөл минь хэвээрээ. Өнөөг хүртэл гитараа 100 хувь сураагүй байна. Дуу зохиож 100 хувь сураагүй. Сурсаар байх болно. Дуусан дуустлаа сурна даа.

-Монголын рок хөгжмийн 30 жилийн түүхийг та бүхэн хадгалж байгаа. Та өөрөө хөгжим, ая зохиодог хүн. Энэ хугацаанд үзэгч сонсогчдын хөгжмийн боловсрол хэр дээшилсэн бэ?

-30 жилийн өмнө бид өөрсдөө тайзан дээр дуулаад байхаас гадна үзэгчдийг дуулуулах хэрэгтэй юм байна гэж ярьж байсан. Сүүлд “Queen” хамтлагийн концерт гарсан шүү дээ. Бид үзэгчдийг хамруулахын тулд тэдэнтэйгээ уялдсан зүйл хийх хэрэгтэй юм байна гэж ярьж байсан л даа. Тэр үед “Queen”, “Харанга” хоёр зэрэг сэтгэж байсан байхгүй юу. Тэгээд “Тийм ээ” гэдэг дуун дээр бид үзэгчдээ дуулуулж байсан.

Тэр утгаараа бид үзэгч сонсогчдоо хүмүүжүүлж байсан. Рок хөгжим рүү урин дуудсан. Бидний хийж бүтээсэн зүйл зүгээр нэг рок, хайр дуулаагүй. Бид хүмүүст юу өгөх вэ гэвэл соёлтой, дээд зэргийн мэдлэгтэй үзэгч, сонсогч байгаасай гэж хүсч л тэр хүмүүст зориулж уран бүтээлээ хийж байсан. Тиймээс бид хөгжмийн гармони, хөгжмийн найруулга, тоглох ур чадвар энэ болгон дээрээ байнга өөрсдөдөө шаардлага тавьж ирсэн. Түүгээр дамжуулж үзэгчид хөглөгдөж, хөгжимд суралцаж байдаг.


Categories
мэдээ цаг-үе

О.Эрхэс: Олон эрэгтэй маке ап артистууд дундаас ялгарч гарч ирэхийн тулд өөр дээрээ эмэгтэй будалтыг хийж эхэлсэн

Охид бүсгүйчүүд сүүлийн үед нүүр будалт, маке ап урлагийг ихээр сонирхох болсон. Энэ удаагийн залуучуудад зориулсан буландаа маке ап урлагийг Монголдоо хөгжүүлж байгаа эрэгтэй Маке up artist О.Эрхэстэй ярилцлаа.


-Maкe up artist чиглэлийг яагаад сонгох болов. Мэргэжлийн сургуульд сурсан уу?

-Би урлагийн сургуулиар бүрэн дунд боловсролоо эзэмшсэн. Сургуульд маань аравдугаар ангиас тайзны нүүр будалтын хичээл ордог. Тэр цагаас цаашид энэ чиглэлээр явъя хэмээн бодож, барьж авсан л даа. Хоёр жил гаруй Youtube.com-оос бичлэг үзэж өөрөө сурч эхэлсэн. Тэгээд өөрийгөө мэргэжлийнх болохгүй бол болохгүй юм байна гэдгийг мэдрээд мэргэжлийн сургалтад сууж төгссөн.

-Дандаа өөртөө будалт хийж охид бүсгүйчүүдэд хичээл заадаг юм байна лээ. Пэйжээ хэзээ нээж, олонд хэзээнээс танигдах болов?

-Би мэргэжлийн артист болоод нэг жил гаруй хугацаа болох гэж байна. Түрүү жилийн есдүгээр сарын хорин хэднээс сургалтад суугаад төгсөнгүүтээ пэйжээ нээсэн. Тэр үед өөрийнхөө таньдаг хэдэн хүний л хүрээлэл дотроо 30-40 лайктай л байдаг байлаа. Тэгээд гадаадын маке up артистуудыг хариуцаж, инстаграм, youtube-ээр ажиллаж эхэлсэн. Гадаадад эрэгтэй артист нь харьцангуй давамгайлчихсан. Содон туссан зүйл нь өөрсөд дээрээ будалт хийдэг. Тэр нь илүү хандалт авдаг. Юм үзэж нүд тайлсан хүмүүс өөрөөр хүлээж авдаг юм байна лээ. Тэр хүмүүс шиг хүлээж авах болов уу гэж эхэндээ айж байлаа. Тэгээд л зориг гаргаж өөр дээрээ будалт хийж сошиалд цацаж эхэлсэн үр дүн нь ямар ч байсан хамаагүй хийе л гэж шийдсэн. Одоогийн нийгэмд хэн шинийг санаачилж шинээр сэтгэж байна, тэр хүн л амжилтад хүрч олонд танигдаж чадна. Олон эрэгтэй маке ап артистууд байдаг тэр дундаас ялгарч гарч ирэхийн тулд өөр дээрээ эмэгтэй будалтыг хийгээд илүү хүмүүсийн анхаарлыг татах юм байна гэж бодсон. Энэ бол ердөө л маркетинг шүү дээ зарим хүмүүс буруугаар ойлгоод муулах зэрэг үйлдлүүд гаргадаг. Тэр үед нь би тэр хүмүүсийг өөрчлөхийн тулд үгээрээ байнга ярих биш үйлдлээрээ хийж үзүүлсэн. Тэгснээрээ хүмүүсийн хандлага илүү эерэг болж илүү намайг дэмждэг, ойлгодог, хамгаалдаг болж эхэлсэн. Би энэ урлагт анхдагч биш л дээ. Гэхдээ анхдагч юм шиг гарч ирж чадсан. Надаар төлөөлүүлээд энэ урлагт дуртай болсон цаашлаад энэ урлагт эрэгтэй хүн байдаггүй гэж боддог байсан хүмүүс өөрчлөгдөж эхэлсэн.

-Сургалт зохион байгуулдаг гэсэн. Энэ чиглэлээр суръя гэсэн хүмүүс хаана хандах вэ. Өөрийн пэйжээр дамжуулан их хүн холбогддог уу?

-Ихэвчлэн миний пэйж хуудсанд ханддаг. Бүсгүйчүүддээ зориулаад ажлын цагаасаа тусад нь цаг гаргаад ганцаарчилсан сургалт заадаг. Өөр ийм төрлийн сургалтуудад хүмүүс төлбөртэй сурдаг. Тухайн сургалтууд нь хямд үнэтэй үр өгөөж муутай хүнд хүрч чаддаггүй юм шиг санагддаг. Мөн сошиал хуудсаар дамжуулаад сайн дурын сургалт зохион байгуулдаг. Энэ сургалтын маань зорилго нь үр өгөөжтэй гэрээс гарах боломжгүй эсвэл хөдөө орон нутаг гадаадад амьдардаг бүсгүйчүүдэд зориулж явуулдаг. Ганц би заахгүйгээр өөр хоорондоо мэдсэн сурсанаа солилцох групп нээж, түүгээрээ дамжуулан үнэгүй хичээл заадаг. Долоо хоногт нэг удаа бичлэгээ оруулаад дан ганц залуу охид бүсгүйчүүдэд биш, нас насны хүмүүст зориулж хэрэгтэй мэдээллийг өгдөг юм.

-Нүүр будалт гэдэг зүйл одоо илүү мэргэжлийн тал руугаа хөгжөөд явж байна. Монгол эмэгтэйд зориулсан тусгай будалт гэж байх уу. Эмэгтэйчүүддээ зориулан нүүр будах зөвлөгөө өгөхгүй юу?

-Ерөнхийдөө монгол эмэгтэй, гадаад эмэгтэй гэсэн юм байхгүй. Эмэгтэй хүний хувьд нүүр будах үндсэн зарчим байдаг. Эхлээд суурь буюу арьсаа цэвэрлээд бэлтгэж өгөх хэрэгтэй, арьс арчилгаа маш сайн хийгдсэн байх шаардлагатай. Арьс өөрөө бэлэн болж байж дараагийн будалтыг хүлээж авдаг. Хүмүүс дан будгаар арьсаа гоё болгочих юм шиг ойлголттой байдаг болохоор арьс арчилгаандаа анхаарал тавьж чаддаггүй. Арьсандаа анхаарсаны дараа ихэнх бүсгүйчүүд крем түрхдэг. Хэдий нэг талаараа арьсыг крем гоё болгож байгаа ч адилхан л химийн найрлагатай учраас арьсыг хордуулж байдаг. Үүнээс хамгаалахын тулд бэйс праймэр гэдэг зүйлийг хэрэглэнэ. Ихэнх бүсгүйчүүд маань үүнийг мэддэггүй учраас лайв болгон дээрээ хэлж зөвлөдөг. Намайг зорьж ирдэг хүмүүс нүүр будах сууриндаа илүү анхаарах болсон нь анзаарагддаг. Тэр талаараа бас би бүсгүйчүүддээ эерэг талаас нь нөлөөлсөн юм болов уу гэж бодож байна. Надаас нүүр будалтын техникийг бүрэн авч чадаж байгаа гэж найддаг.

-Манай орны эрс тэс уур амьсгалд охид бүсгүйчүүд маань арьсаа яаж хамгаалах ёстой вэ?

-Монголчууд дундад Азидаа ордог шүү дээ. Ази ч биш, Европ ч биш дунд нь байдаг. Манайд солонгос, японы арьс арчилгааны бүтээгдэхүүн их орж ирдэг. Тэдгээр орны уур амьсгал манайхаас өөр шүү дээ. Хувь хүний арьсны онцлог гэж бас тусдаа бий. Ихэнх дэлгүүрүүдээр явахаар тестрийн бүтээгдэхүүн байдаггүй. Шууд л амаараа “Энэ таны арьсанд тохирно, чийгшүүлнэ” гэж зөвлөдөг. Гэтэл нөгөө бүтээгдэхүүн нь тухайн хүний арьсанд тохирдоггүй үр дүн өгдөггүй. Гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахын өмнө өөрийгөө тестэрлэж үзээд, тэгэхгүй гаднаас нь хараад энэ тохирно гэх буруу.

-Тэгэхээр өөрийнхөө арьсанд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн авахын тулд заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах ёстой гэсэн үг үү?

-Заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваад, арьсаа зөв оношлуулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр өөрийгөө гэнэт би тослогжоод байна, тослог арьстай юм байна гэж болохгүй. Яг үнэндээ арьс хуурайшиж эхлэхээрээ тосоо илүү ялгаруулдаг.

-Анх ажлаа эхлээд өөрийгөө будахаар гэр бүлийнхэн, найз охин тань яаж хүлээж авч байв?

-Одоогоор надад найз охин байхгүй. Ажилдаа бүх зүрх сэтгэлээ зориулаад явж байна. гэр бүлийн хувьд миний өмнөө тавьсан зорилгыг минь хүндэлдэг, намайг дэмждэг. Би учир зүггүй, ямар ч бодлогогүйгээр энэ мэргэжлийг сонгоогүй. Цааш цаашдаа юу хийх, шат шатны золрилгоо тодорхойлоод үргэлжлүүлэн яаж сурах, ямар чиглэлээр илүү дагнан хөгжүүлэх гээд ойрын үеийн бүх зорилго, зорилтоо тодорхойлчихсон. Тэр бүхнийгээ гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, зөвлөдөг. Тиймээс гэрийнхэн минь намайг маш сайн дэмждэг. Тэр дундаа ээж минь намайг илүү ойлгож, тусалж, ард минь дэмжлэг болж байдаг даа.

-Цаашид Монголд маке ап хэр хөгжих бол. Ирээдүйгээ яаж төсөөлж байна?

-Би Монголдоо байгаад байвал байгаад л байна. Тиймээс илүү өөрийгөө хөгжүүлж, сурч боловсрон, гадаадад гарч, илүү мэргэжлийн чиглэлээр сурна. Сурсан мэдсэн бүхнээ эх орондоо ирж, зааж зөвлөн, цаашид маке ап урлагийг Монголдоо илүү мэргэжлийн чиглэлээр хөгжүүлэхийн тулд ажиллах болно.

-Нүүр будахад тодорхой заасан хугацаа байдаг уу?

-Мэргэжлийн маке апчид ерөнхийдөө дөчин минутаас нэг цаг гучин минут орчим байдаг. Будалт бүхэн өөр өөрийн онцлогтой. Гоёлын будалтыг хэдэн минутад хийх үү, өдөр тутмын будалт, тайзны будалт өөр өөр. Миний баримталдаг хугацаа дөчин минутаас нэг цаг гучин минут л байдаг.

Б.АМАР

Categories
мэдээ цаг-үе

Б.Сарантуяа: Би Харанга хамтлагаас өмнө Монголын рок попын ертөнцөд гишгэсэн байдаг юм байна

Түрүүч нь 191(6292) дугаарт


МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяатай ярилцлаа.


-Залуу уран бүтээлчид таны хуучны дууг сэргээн дуулъя гэсэн хүсэлт тавьдаг уу?

-Тавина. Манай залуу шинэ үеийнхэн гарч ирж байна. Зохиогчийн эрх гэж байдаг л даа. Хөгжмийн зохиолчоос нь, дуучнаас ч нь дууг нь аваад дуулж болдог. Ихэнх дуучид хөгжмийн зохиолчид сэтгэл зүрхээрээ бие биедээ уран бүтээл туурвичихдаг. Хэн ч мэдэхгүй тэр уран бүтээл дууг нь продюсерыг нь хийгээд, бичүүлээд, клип хийлгээд дүрсжүүлсний дараа зарим нэгэн хөгжмийн зохиолчид дуугаа дуулуулчихаад өөр дуучинд худалдсан тохиолдол байдаг. Тэр нь ёс зүйгүй л асуудал юм л даа. Энэ тал дээр уян хатан хандах ёстой гэж боддог. Тиймээс залуу дуучиддаа дуугаа хуваалцаж дуулалгүй яах вэ. 1996 онд “Аргагүй амраг” цомогт багтсан “Чи алзахгүй” дуугаа өөрийн шавь Насанбуянтай бичүүлсэн байдаг.

-Та ая зохиогч Ангирмаатай олон жил найзалж байгаа шүү дээ. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр та бас продюсер хийж байгаа юу?

-Продюсер хийнэ гэдэг дуучныг худалдана гэсэн үг шүү дээ. Би бол худалдаа наймааны юманд оролцох дургүй. Зүгээр өөрийнхөө зүгээс тусалж, Насанбуян шавиа 2007 оноос хойш өөрийнхөө тоглолтод дагуулж явсан. Энэ хугацаанд үнэ төлбөргүй дуулуулсан нь ховор доо. Цалинг нь өгөөд явдаг. Тэгсэн хэр нь би өөрөө шавьдаа чадах эрдмээ сэтгэлээрээ л заадаг. Хэрвээ мөнгө төгрөгөөр заах бол анхнаасаа продюсер хийнэ гээд гэрээ контрактаа хийгээд хуулийн зөвлөхтэй албан ёсны гэрээ хийх болно. Гэтэл манайхны хүнд тусалчихаад араас нь ярьдаг. Буруу ойлголцох зүйлүүд гардаг шүү дээ. Нэг нь хөрөнгө оруулалт хийчихээд тодорхой хэмжээний хувь авна гэж бодсон бол нөгөө хүн нь надад сэтгэлээрээ зүгээр тусалсан гэж бодоод хувиа өгөх бодолгүй ч байдаг юм уу. Тиймэрхүү маргаан гарч л байсан. Манай Ангираагийн хувьд хууль ёсны дагуу гэрээгээ хийдэг. Энэ тал Наранзун продюсер бас сайн ажилладаг. Продюсерыг бол үнэгүй хийдэггүй. Би бол үнэгүй сэтгэлээрээ л хийдэг. Мэргэжлийн продюсер гэдэг ашгийн төлөө явж байгаа бизнес шүү дээ. Би бол авьяасаар бизнес, мөнгө хийх дургүй.

-Анхны тоглолтоо хэзээ хийж байсан юм бэ. Тэр үедээ шинэ жишиг байсан уу?

-1994 онд өөрийн бие даасан тоглолтоо хийгээд уран бүтээлчдийнхээ тасалбарын үнэд жишиг тогтоож байсан. 1992 онд “Зүүдний говь” анхны цомгоо дуучин Ганхуяг, хөгжмийн зохиолч Пүрэвдоржтой хамтран гаргасан. Анх удаа цомгоо 10-15 доллараар зардаг болоод, “Инээмтгий хүн” цомгийг дэлгүүрт 15 доллараар, “Аргагүй амраг” цомгийг хорин доллараар зардаг байлаа. Өнөөдөр хорин доллар гэхээр тавь гаруй мянгаар Улаанбаатарт CD зарагдахгүй байгаа шүү дээ. Дуучдын цомгийн үнэ унасан. Та бүхэн анзаарч байгаа бол байрны м.кв-ын үнэ, барилгын үнэ өсөөд байдаг. Гэтэл уран бүтээлч, дуучдын тоглолтын үнийн ханш хэвэндээ, өсдөггүй. Дуулах үнэ хэвээрээ л байгаа. Гэтэл сошиал медиагаар наадмын нээлтэд дуучид үнэтэй дууллаа гэдэг. Сонгуулиар их мөнгөөр сурталчилгаанд явлаа гэнэ. Соёлын өдрүүдээр Монгол Улсаа төлөөлөн дуулахын тулд хувийн зардлаар онгоцны билетээ аваад явж байсан тохиолдол ч надад бий. Улсыг төлөөлж дуулдаг хэрнээ улсад дансгүй дуучид гудамжиндаа байж л байна. Ерөнхий сайд соёл урлагийн том ордон барина гэж төсөл, макет нь яригдаад явж байгаа. Түүнийг сонсоод уран бүтээлч хүний хувьд их баярласан. Одоо л нэг юм бид орох оронтой болох нь. Гуч гаруй жил дуулахад уран бүтээлчдэд улсаас дэмжлэг туслалцаа байдаггүй. Тэр байтугай орон нутгаар аялан тоглох газруудын түрээс гэдэг ч юм уу тэр тал дээр ерөөсөө анхаардаггүй. Ийм жижигхэн зүйл дээр ч уран бүтээлчид маш их урам, итгэл, найдвар горьдож, тээж явдаг юм. Заавал эд материал биш гэхэд анхаарал хэрэгтэй. Үүн дээр төр засаг минь биднийг анхаарч, уулзаж, ярилцаад сэтгэл зүрхээ нээгээд хурал цуглаан хийвэл зүгээр санагддаг. Уран бүтээлчид ч гэсэн бие биенийхээ ханшийг битгий унагаасай. Бид болон бидний дээд үеийнхэн ямар зам мөр гаргана, тэр замналаар хойд үе дүү нар болон үеийнхэн маань замнана. Тиймээс хойч үедээ сайхан дардан зам мөрийг үлдээх ёстой гэж би боддог.

-Сонсогч хүний хувьд сүүлийн үеийн ямар хамтлаг дуучдыг сонсож байна. Таны сэтгэлд нийцэх хамтлаг дуучид байна уу?

-Би тэр энэ гэж онцлох дургүй. Ямар ч байсан би фм 102.5-ын чартыг сонсох дуртай. Сүүлийн үед надад Казахстаны дуучин Димаш Кудайберген гайхалтай хоолойтой дуучин санагдсан. Манайд оновчтой сайхан хит дуу гаргаж байгаа дуучин Наагий буюу Наранбаатар гээд Филармонийн гоцлол дуучин сайхан хоолойтой залуу байна. “Киви” хамтлагийн ахлагч Ука их сайхан дуунууд гаргаж байна. Залуучуудыг зөв байлдан дагуулж чадаж байна. Наки, дуучин Сэрчмаа. “Никитон” хамтлагийн 25 жилийн ой их сайхан боллоо. “Чи минийх” гэдэг дуу нь их гоё санагдсан. Мөн Чойжоогийн дуунуудад дуртай. Ш.Дулмаа гуайн ач Тэнүүний Регги дуу гарсан байна лээ. Ер нь залуучуудыг бас сонсоно шүү. Гоё гоё аялгуутай дууг даган баясна. Этгээд хоолойтой, өвөрмөц стильтэй дуучид их төрж байна. Монгол HD телевизийн Войс шоунаас төрсөн Энгүүн маш гайхалтай тоглолт хийдэг дуучин байна лээ. Би хоолойг нь сонссон. Говь-Алтай аймагт бид тоглолтоор хамт явсан. Манай Камертоныхон бас их гоё юм аа. Би Ган-Эрдэнэтэй “Монгол туургатан мисс” тэмцээний дууг хамтран дуулсан. Үнэхээр “Камертон” бол “Камертон” л юм байна лээ. Яагаад энэ он удаан жил” Камертон”-той хамтран дуулаагүй юм бол оо гэж би бодсон. Болд хийж байгаа ажилдаа маш чамбай. Аргагүй Жамьян гуайн зээ. Ач нь Никитоны Батчулуун. Рок попыг чимж байгаа хоёр монстер шүү дээ. Удахгүй манай “Харанга” хамтлаг 30 жилийн тоглолтоо хийх гэж байна. Ингээд бодоход би “Харанга” хамтлагаас өмнө 30 жилээ хийсэн гэж бодохоор “Харанга” хамтлагаас өмнө монголын рок попын ертөнцөд гишгэсэн байдаг юм байна. Би “Харанга” хамтлагийнхаа 30 жилийн ойд оролцоно гэж бодож байна. Рок поп гэдэг салшгүй нэгэн хамт олон. Энэ гайхалтай хамт олны нэг хэсэг болж явж байгаадаа бахархаж, баярладаг. Би бүгдэд нь хайртай. Хип хоп ч бай, рок поп ч бай, алтирнатив гээд. Монголын рок попын ертөнцөд анхны удаа пянз гаргасан эмэгтэй алтирнатив дуучин гэдгээр Отгоогоороо бахархдаг. “Гүзээлзгэнэ шиг амт” гэдэг дуу нь маш их таалагддаг. Отгоо маань гэр бүлийнхээ амьдралыг хамгийн түрүүнд зохицуулаад дараа нь уран бүтээлээ хийдэг. Маш өөдрөг, цоглог эмэгтэй. Мөн миний алтан партнёр Дашдондог маань хамгийн том амжилт болсон THE HU хамтлагийн фэнамен гэж ярина шүү дээ. Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан фэнамен болсон. Энэ бол рок попын бас нэгэн ялалт хэмээн бид баярлаж яваа. Дашкадаа болон “THE HU” хамтлагтаа баяр хүргэе. Олимпийн аваргууд төрж дэлхийд Монголыг цуурайтуулж байсан шиг Монголынхоо нэрийг дуурсгаж яваад баярлаж яваа шүү.

-Та MN25 дугаар суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэгт орж байхад “Би нэг ч амралтын өдөр, нэг бүтэнсайн өдөр гэртээ бүтэн өнжиж үзээгүй” гэж ярьж байсныг санадаг юм. Түүнээс хойш бас олон жил өнгөрч хүүхдүүд тань том боллоо. Завгүй ээжийн ажлаас хэр чөлөөлөгдөж байна. Өөр өөртөө зарцуулах зав гаргаж чадаж байгаа юу?

-2006 онд би охин Хулангаа гаргачихсан, хүү минь есөн настай, дүүгийнхээ охиныг өөр дээрээ авчихсан зургаан настай байсан. Ингээд гурван бяцхан хүүхэдтэйгээ, настай ээжтэйгээ, эгчийнхээ 16 настай хүүг бас хамт өсгөлцөөд ер нь бол шаггүй байсан. Амьдралын нэлээд зүйлийг зах зухаас нь үзсэн. Гэхдээ тэр үедээ амьдрал хэр хүнд хэцүүг төсөөлж байгаагүй. Хүн ууланд гарахдаа хэр өндөрт гарахаа төсөөлдөггүйтэй адил би ч тэр оргил руу мацсан. Оргилд нь гарсан хойноо таашаал авах уу, үгүй гэдэг л байдаг юм байна. Тэгээд он удаан жил өөрөөсөө харамлаж, өрөөл бусдын төлөө амьдарсан минь талаар болоогүйг өнөөдөр өөртөө хэлж чадаж байгаа, хүлээн зөвшөөрч байгаадаа баяртай байна. Хүүхдүүд минь том болж том хүү минь 22 нас хүрлээ. Гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэлээ. Хүү минь сургуулиа төгсөх гэж байна. Манай хоёр том оюутан болсон. Бага нь наймдугаар ангийн сурагч. Тэр үеийн ачаалал минь харьцангуй багассан. Хүний амьдралд бэрхшээл тулгарвал хэрхэн даван туулахыг миний аав ээж надад бодитоор зааж өгч байсан. Би гайхдаг юм. Ээж аав минь сэтгэл санаагаар унаад, уйлж унжаад, гараа унжуулаад ажил бүтэхгүй байна гэж гомдол нэхэж байхыг би нэг ч удаа хараагүй. Миний аав ээж өөдрөг үзэлтэй хүмүүс байсан. Тиймээс би ч гэсэн тэгж л өсч хүмүүжсэн юм шиг байна. Хүүхдүүдээ ч тийм маягаар хүмүүжүүлэхийг хичээдэг. Би хүүхдүүдээ сайн хүмүүжүүлсэн гэж одоохондоо хэлж чадахгүй. Яаж хүмүүжүүлснийг аяндаа цаг хугацаа харуулах биз. Мянга сайн хүмүүжүүллээ гээд хувь хүний заяа төөрөг, үйлийн үр гэж байдаг. Түүгээрээ л явах байх. Би аль болох өнгөрүүлсэн амьдралдаа муу зүйл хийхгүй, үр хүүхдэд минь муугаар нөлөөлөхгүйгээр сайн сайхан амьдруулахын төлөө маш их зүйлд өөрөө золиос хийж, өөрийнхөө хийх дуртай зүйлээсээ хайртай бүхнээсээ би хагацаж салж чадаж байсан. Энэ он удаан жил орь ганцаар амьдарсны үр шим гарч байгаа байх гэж бодож байна. Тайзан дээр би үзэгч сонсогчдодоо хүндлүүлж хайрлуулж, тайзан дээр хатан хаан шиг дээшээ байсан энэ амьдрал минь магадгүй миний энэ ганцаардсан үеийг дүүргэж байсан байх л даа. Яах аргагүй дүүргэж байсан. Би уйдах дургүй хүн. Тиймээс өөрийгөө завгүй байлгаж, уран бүтээл туурвиад, өөрийгөө ажлаар дүүргэдэг байсан. Тэр бүтээлч зан минь надад өөрт болон үзэгчдэд минь сайнаар нөлөөлсөн. Үзэгч түмэн минь хайртай дуучныхаа 22 цомгийг хүлээн авчээ. Ид од болон гялалзаж байх үедээ тайзнаасаа хурдан буусан одууд байдаг. Тийм баймааргүй санагддаг. Дурсан санах дурсамжтай, бахархах уран бүтээлтэй тийм түүх, өвийг хойч үедээ үлдээх юмсан гэж бодож явдаг.

-Уран бүтээлч хүн учир бүхий л дуундаа хайртай байх. Тэр дундаа таны хамгийн онцлоод сонгоод хэлчих хамгийн хайртай дуу тань аль нь вэ?

-Хараад байхад “Хайрын бурхан” гоё дуу юм байна. “Учралын бльюс”, “Дуучин чамдаа”, “Би жаргалтай” гээд дуунууддаа би их хайртай.

-33 жил урлагт зүтгэлээ. Энэ хугацаанд үзэгчдийн хөгжмийн боловсрол хэр өөрчлөгдөж, өссөн бол?

-Өсөлгүй яахав. Гайхамшигтай өссөн. Үзэгч түмэн минь амьдаараа дуулж байна уу, амаа хөдөлгөж байна уу бүгдийг мэдэж байна. Хоёрдугаарт, дуураймал гадны хөгжмийг хуулбарлахыг хүлээн зөвшөөрөхөө больсон. Жинхэнэ сэтгэлийн угаас гарсан хөгжмийг 100 хувь давтан дуулж чадаж байна. Маш их мэдрэмжтэй. Монголын нийгэм хөгширч байгаа биш өсч байгаа. Монгол хүний потенциал ямар өндөр гэдгийг өдөр болгон шахам л батлан харуулж чадаж байна. Тэр утгаараа манай үзэгч сонсогчдын хөгжмийн боловсрол маш их дээшилсэн.

-Та он удаан жил хамтран ажилласан хөгжмийн зохиолчдоо байнга л шинэ уран бүтээл хийж өгөөсэй гэж боддог байх. Магадгүй шинэ залуу олонд танигдаагүй уран бүтээлч нар танд “Миний уран бүтээлийг амилуулаад өгөөч” гэж хүсэлт тавьдаг уу?

-Тавина, тавина. Би гэхдээ цензуртай ханддаг. Таалагдсан дуугаа дуулна. Таалагдахгүй бол татгалзана. Гэсэн хэдий ч би энэ хөгжмийн зохиолчоос олон дуу авсан энэ хүнээс одоо юм гарахгүй гэж би хэзээ ч боддоггүй. Дахиад нэг надад дуу зохиогоосой. Яавал би энэ хөгжмийн зохиолчид таалагдах бол гэж үргэлж боддог. Он удаан жил хит дууг нь дуулчихаад, яруу найрагч хөгжмийн зохиолчдоо таалагдах гээд л би явдаг. Магадгүй энэ гэгэлгэн сэтгэлгээ минь хөгжмийн зохиолч, яруу найрагч уран бүтээлчдэд маань таалагддаг байх л даа. Би уран бүтээлдээ хэзээ ч гар татдаггүй.


Categories
мэдээ цаг-үе

Б.Сарантуяа: Дандаа хайрын дуу дуулдаг дуучны аав ээжийгээ санан дурссан дууг сонсоод үзэгч түмэн минь уярч, уйлж суусан биз ээ

МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяатай ярилцлаа.


-Өнгөрсөн зуныг яаж өнгөрөөв, сүүлийн үеийн уран бүтээлээсээ хуваалцахгүй юу?

-“Өдрийн сонин”-оос ярилцах хүсэлт тавьсанд таатай байна. Би ойр ойрхон ярилцлага өгөхгүй байхыг хичээдэг л дээ. Зун уран бүтээлийн олз омог ихтэй сайхан өнгөрлөө. 2019 он их сайхан эхэлсэн шигээ сайхан үргэлжилж байна. 2018 онд “Морин хуур” наадамд залуу уран бүтээлч Мөнх-Ертөнцийн хөгжим, Монгол туургатан арга хэмжээнд зориулсан “Монгол туургатан бүсгүйчүүд” гэдэг уран бүтээлийг “Камертон” хамтлагийн дуучин Ган-Эрдэнэтэй хамтран дуулсан. Энэ бүтээлээрээ Гран При шагналыг хүртсэн. Урьд жил нь Навчаа продюсерын найруулсан “Амьдрал” киноны дуу маань дэд байранд орж байлаа. 2018 оноос Өмнөд Монголын яруу найрагч Эрдэнэчимэгийн шүлгээр бүтсэн “Нүд дурлахад бэлэн байдаг уу”, “Өнгөрснийг үлдээе” хэмээх хоёр дууны бичлэгэнд орсон. ОХУ-ын Якутск хотноо ээжийнхээ гэгээн дурсгалд зориулан “Ээж минь та үргэлж миний сэтгэл зүрхэнд” нэртэй тоглолт хийлээ. Түүнчлэн дотны найз Ангирмаагийнхаа “Сэтгэл догдлуулсан орой” тоглолтод оролцлоо. Мөн энэ жил орон нутгаар хийсэн аялан тоглолтоо өөрийн төрсөн нутаг Төв аймгаасаа эхлүүлсэн. “Амьдрал” тоглолтоо хамгийн сүүлд Говьсүмбэр аймагт тоглогдоод түр завсарлаад байна. Яагаад гэвэл БНСУ-д ажиллаж амьдарч байгаа элэг нэгт монгол түмэндээ зориулж дөрвөн хотоор аялан тоглолт хийгээд ирлээ. Тоглолтуудыг минь олон байгууллага, хувь хүмүүс ивээн тэтгэж, элэг нэгт монголчууд минь хаа явсан газар маань тусалж, дэмжиж хамтран ажиллаж байлаа. Гадаадын хэд хэдэн байгууллага ч ивээн тэтгэж, гоо сайхан, байр гээд бүх зүйлээр тусалж дэмжиж байсанд энэ дашрамд баярласан талархсанаа илэрхийлмээр байна. Аравдугаар сарын дундуур баруун аймгуудаар аялан тоглолтоо үргэлжлүүлнэ хэмээн бодож байгаа. Говийн гурван аймаг үлдээд байгаа.

-Европоор хийсэн аялан тоглолтынхоо талаар?

-Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд Европын улсуудад ажиллаж, амьдарч, сурч буй монголчууддаа зориулж, “Би Сараа” аялан тоглолтоо хийсэн. Европын 11 орны 14 хотод тоглоод сар гаруй яваад ирсэн. Тоглолтууддаа сүүлийн үеийн уран бүтээлүүд, хит дуунуудаа дуулж, хоёр жилийн өмнө гаргасан “Зууны дуу хоолой”, “Би Сараа” номоо худалдсан. Мөн “Инээмтгийн хүн” цомгоо үзэгч сонсогчдодоо хүргэсэн байгаа.

-Урьд нь хэзээ Европоор тоглолтоо хийж байв. Дуучин Сарааг Европт ажиллаж, амьдарч байгаа монголчууд хэр санасан байна?

-Урьд нь 2015 онд Браслав хотноо хандивын тоглолт хийж байлаа. Тоглолтын орлогоороо Баянгол дүүрэгт байсан Хүүхдийн асрамжийн төв буюу одоо Эх хүүхдийг хамгаалах төвд шар өвчнийг илрүүлж оношилдог аппарат хандивласан юм. “Хөх толбот” гээд нийгэмлэгийн урилгаар очиж дуулсан юм. 2015 онд Стокхольм хотод өөрийн бие даасан тоглолтоо хийхдээ Дэлхийн найрал дууны холбоонд тоглолтынхоо орлогын хорин хувийг хандивласан. Түүний дараа 2016 онд бас очсон. Хоёр жилийн дараа очиход үзэгч дүүрэн, хүмүүс намайг үзэх сонсох дуртай хэвээрээ байсан. Сараагаасаа уйдаагүй байна лээ. Тиймээс аялан тоглолтыг цаг хугацааг нь тааруулаад хийвэл сайхан санагдсан. Тоглолт бүрт минь очсон газрын Элчин сайдууд дэмжиж туслан, сайхан хүлээж авч, өөрсдийн биеэр ирж үзэн найрсгаар хүлээж авч байсанд маш их баярласан.

-Та шинэ жилийн дуунуудыг их дуулдаг байх аа. Шинэ жилийн дуунуудаараа тоглолт хийдэг онцлог бас бий шүү дээ?

-Жил бүр уламжлал болгон “Мөнгөн шөнө” тоглолтоо тавьдаг. Энэ тоглолтоо 2013 оноос хийж эхэлсэн. Би хамгийн их шинэ жилийн тухай дуутай дуучин юм байна. UBS телевизийн “Сайн уу? Сайнаа” ток шоуны шинэ жилийн дууны хатан хаанаар өргөмжлөгдсөн. Тэр цолоороо их бахархаж явдаг.

-Таныг “Хайрын дууч” гэдэг байсан. Сүүлийн үед аав ээжийн тухай дуу их дуулаад байх шиг?

-Дөрөвдүгээр сарын 20-нд өөрийнхөө төрсөн өдрөөр ээжийнхээ гэгээн дурсгал, аавдаа зориулаад “Амьдрал” нэртэй тоглолтоо тавьсан. Энэ тоглолтоороо маш олон хүнийг уйлуулсан сурагтай байна лээ. Яагаад гэвэл ээж, аавын тухай маш олон сэтгэл хөдөлгөсөн дуунууд, ээж аав, миний бага насыг харуулсан дүрс бичлэг, видеогоор чимэглэсэн, Цэргийн ансамбелийн найрал дуу, Монгол Улсын морин хуурын чуулга оролцсон миний хувьд өвөрмөц, дахин давтагдашгүй тоглолт боллоо. Тоглолтын маань бичлэг удахгүй Юнивишний видео санд орох байх. Ээжийнхээ дурсгалд зориулан “Дэргэд гэрэлтэх ижий”, аавдаа зориулаад “Тэнгэр аав” хэмээх уран бүтээл гаргалаа. Дандаа хайрын дуу дуулдаг дуучин аав ээжийгээ санан дурссан дууг сонсоход уянгын халилтай үзэгч түмэн минь уярч, хайлж, дуулж, уйлж суусан биз ээ.

-Аялан тоглолт хийхэд хүндрэл хэр гардаг вэ?

-Очсон газар бүр сайхан хүлээж авч их тусалж дэмждэг л дээ. Сүүлийн үед хөдөө орон нутгаар аялан тоглолт их явдаг болж. Тэр утгаараа танхим дүүрэх болов уу гэж санаа зовж байсан ч намайг үзэхээр хүмүүс их ирдэг үүнд нь сэтгэл хангалуун, баярлаж явдаг. Тэр бүрт нь хоёр цагийн мартагдашгүй сайхан тоглолт үзүүлэхийг хичээж, амьд хоолойгоороо дуулж, сэтгэлийн бэлгээ барьдаг. Хамтлаг дуучид хөдөө орон нутгаар тоглолтоо тавихдаа цагийн хуваариа зөв гаргаж, нэг нэгэнтэйгээ давхцахгүй баймаар юм билээ. Тоглолт тавиулж байгаа цаад театраасаа зөвшөөрлөө аваад театр нь ч зөвшөөрөл өгөхдөө цагийг нь зөв хувиарлаж нэг нэгэнтэйгээ давхцахгүй, боловсон байгаасай гэж хүссэн. Зарим тохиолдолд бусад хамтлаг дуучидтай давхцах тохиолдол гарсан л даа.

-Та өөрийн дуунуудаа тоолж байв уу. Дууны урын сандаа хэчнээн дуутай бол?

-200 гаруй дуу урын санд минь орчихсон. Монголдоо Монгол контент компани, үүрэн телефонуудын hitone, ringtone, unimusic, до ре ми үйлчилгээ зэрэг дуунуудыг давтаж сонсох үйлчилгээнүүдтэй би гэрээ хийсэн. Өмнөд Монголд сонсогчид бас их байдаг учраас “Эгшиг” гээд Өмнөд Монголын сайттай хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр миний дуунуудыг ганцхан Монголдоо биш, Өмнөд Монголд бас сонсох боломжтой болсон.

-Таны хамгийн үнэтэй бүтсэн клип ямар дууных вэ?

-Үнэтэй гэвэл Жи интертаймент группийн хийсэн, Heineken шар айраг тэр үед 15 сая төгрөгөөр ивээн тэтгэж байсан “Салхины хээ” дууны клипийг 2000 онд хийж байсан. “Хаврын ганц улиас” дууны клипийг On&Off продакшн хийж, Blue Drag­on компани ивээн тэтгэж, арав гаруй сая төгрөгөөр хийж байлаа. Мөн “Төрсөн өдрийн аялгуу” дууны клипийг арван мянган доллараар MCS групп ивээн тэтгэж байсан санагдаж байна. Миний хувьд үнэ цэнэтэй клипүүд л дээ. Одоо бол клип дүрсжүүлэлт үнэтэй болчихсон учир уран бүтээлчид байн байн клип гаргаж чадахгүй ч гоё фото зургаар баяжуулаад Youtube-ээр цацахад зүгээр юм уу гэж боддог болсон. Би Youtube.com-д өөрийн гэсэн Б.Сарантуяа гэдэг cувагтай болсон. Түүгээр дамжуулан миний сүүлийн үеийн уран бүтээлийг сонсох боломжтой.

-Н.Жанцанноров гуай “1930-аад онд Ичинхорлоо, 1980-аад онд Норовбанзад, хамгийн сүүлд таныг Гоолингоо дууг хүмүүсийн сэтгэлд хүрэхээр сайхан амилуулсан” гэж хэлсэн байдаг. Сүүлийн үеийн залуус Норовбанзад, Ичинхорлоо гуайг танихгүй болж. Энэ дууг таниар төсөөлөх болсон. Та “Гоолингоо” дууг яагаад дуулахаар болсон талаараа ярихгүй юу?

-Гоолингоо дууг би 1995 оны үеэр дуулъя гэсэн бодол төрж эхэлсэн. Анх нэрийг сонсоод содон санагдаж, ямар дуу байдаг юм гэх бодол төрсөн. Хүнээс дам дамаа сонсоод л байсан. 1995 онд “Инээмтгий хүн” цомогтоо “Өнчин цагаан ботго” дууг дуулж оруулсан. Тэр дууг Норовбанзад гуай дуулсан байдаг юм. Уртын дуучин Цоодол гуай надад тэр дууг яаж дуулахыг зааж өгч байсан. Тэр үед “Аргагүй амраг” дууг хэрхэн дуулах, “Гоолингоо” дууг яаж дуулах вэ гэж асуухад надад дуулж өгч, би дектафон дээр бичиж авч байсан юм. Тэгж бичиж авсан торгон мөч надад их сэтгэгдэл үлдээсэн. “Гоолингоо”-г шинээр дуулж сэргээхэд миний ач гавьяа нэг их байхгүй гэж би боддог. Найруулгыг Gao yang гэдэг залуу хийсэн. Нэг тийм нисдэг тэрэг ч юм шиг, сэнс эргэлдээд ч байгаа юм шиг шуум сонсогддог. Үүн дээр би дээр үеийнхээр нь дуулна гэж найруулагчид ерөөсөө ярьж өгөөгүй л дээ. Тэр хүн өөрөө “Чи дээр үеийнх шиг пянз тоглуулж байгаа юм шиг дугараадхаач” гэж хэлсэн. Сингапурт техник, технологи нь хөгжчихсөн айхавтар оронд цагаан шуум энэ тэр гэж юм байхгүй. Тэгээд тусгай юм шажигнуулж, “Зүүдээ нарны минь дотроосоо хө” (дуулав) гээд би өөрөө дуурайхгүй юу. Тэгсэн түүнийг хүмүүс Ичинхорлоо гуай дуулсан гэж боддог юм байна лээ. Тэгтэл тэр нь би өөрөө байсан юм л даа.

Тэгээд дуугаа бичүүлэх гэж үзлээ. Тэгтэл бүрэн хоолойгоор дуулж болдоггүй юм билээ. Нэлээн гансарсан хоолойгоор дуулахын тулд би өглөө 10:00 цагаас хойш бичүүлээд болсонгүй. Тэгээд шөнийн 01:00-04:00 цагийн хооронд бичүүлсэн дээ. Тэгж л сайхан болсон. Бэрхшээл их гарсан. Сингапуруудтай хэл нэвтрэлцэхгүй. Аль аль нь хальт мулт англи хэлтэй. Тиймэрхүү адал явдалтай бичүүлсэн. Бичүүлсэн хойноо л гайхамшигтай уран бүтээл туурвиж дээ хэмээн бодож байлаа. Дараа нь залуу уран бүтээлч Хишигдалай энэ дууг дуулсан байна лээ. Тэр нь их таалагдсан.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Б.Нарантуяа: Бага ангийн багш нарт туслах багш хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн 2а ангийн багш Б.Нарантуяатай ярилцлаа.


-Та хэдэн жил багшилж байна. Бага ангийн багшийн онцлог нь юу вэ?

-Би 1994 оноос хойш 26 дахь жилдээ боловсролын салбарт ажиллаж байна. Анх багш болсноосоо хойш бага ангийн багшаараа л дагнаад явж байгаа. Бага насны хүүхэд өөрөө их онцлогтой. Сурагч болох эхлэлийг бага ангиас нь л тавина. Суурь сайтай хүүхэд дунд, ахлах ангид ороод ч сайн суралцсаар байдаг. Тиймээс бага ангийн хүүхдийн суурийг зөв сайн тавих ёстойгоороо илүү онцлогтой байдаг л даа.

-Таныг анх багш болох үеийн хүүхдүүд одоо үеийн хүүхдүүдийн сэтгэл зүй хэр өөрчлөгдсөн бэ?

-Өөр шүү. Маш өөр болсон. Тэр үед хүүхдүүд сургуульд найман настай ордог байсан. Тиймээс илүү биеэ даагаад сурчихсан, зургаан настнуудыг бодвол хичээл хийх чадвар өндөр байдаг. Одоо зургаан настай орж байгаа болохоор арай балчир. Бие даалгаад хийлгэнэ гэж байхгүй. Заавал дагуулж, анхаарлыг нь төвлөрүүлж байж хийлгэнэ. Түүнээс найм, зургаан насны зөрүү маш их харагддаг.

-Тэгэхээр эцэг эх, багш, хүүхдийн харилцаа ямар байх ёстой вэ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ яаж чиглүүлж сургах вэ?

-Намайг анх багш болж байх үеийн эцэг эхчүүд одоогийн үеийнхнээс илүү төлөвшил сайтай, хүүхдүүдээ байнга асууж сурдаг байж. Гэрийн даалгаврыг нь байнга өөрсдөө хийлгэдэг, харилцаа холбоо сайтай байсан. Одооны зургаан настай хүүхдүүдийн эцэг эхчүүд залуухан шүү дээ. Ихэвчлэн хориос гучин насны залуус байна. Эдгээр залуу хүмүүс хүүхдүүддээ хандах хандлага бас арай өөр л дөө.

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хэрхэн хийлгэж сургах вэ?

-Гэрийн даалгаврыг хийлгэхэд хамгийн түрүүнд сууж сургах хэрэгтэй. Сууж сурсан хүүхэд биеэ даагаад өөрөө хичээлээ хийчихдэг. Тэгэхээр хамгийн эхэнд хүүхдээ зөв суулгах дадлыг олгох хэрэгтэй. Хүүхэд 3-4 дугаар ангид ороод ирэхээрээ нэгэнт дадал, арга барилаа эзэмшчихсэн байдаг. Хамгийн гол нь тогтвортой суулгаж, анхаарлыг нь төвлөрүүлж байж хичээлээ хийх ёстой. Түүнээс хүүхэд дангаараа биеэ дааж сурна гэж байдаггүй. Эцэг эхчүүд байнгын холбоотой хамтран ажиллах хэрэгтэй. Багшаас байнга зөвлөгөө авч байх нь зүйтэй. Түүнээс эцэг эх бүгдийг сайн хийх ёстой, мэддэг байх ёстой гэдэг зүйл байхгүй шүү дээ. Эцэг эхчүүдэд ч мэдэхгүй зүйл зөндөө гардаг. Тиймээс байнга холбоотой ажиллаж байж хүүхдийн сурах чадвар сайжирна. Багштай хамтран ажиллаж байж л хүүхдийнхээ даалгаврыг хийлгэнэ.

-Хүүхэд гэдэг эх орны ирээдүй. Хүүхдүүд сайн сурч, зөв хүн болж төлөвшиж байж Монгол Улс хөгжинө, сайжирна гэдгийг хүүхдүүдэд ухамсарлуулдаг уу. Ирээдүйн эх орны иргэдээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Шууд эх орны ирээдүй гэхээр бага насны хүүхэд хүлээж авч ойлгох чадвар нь өөр л дөө. Тэгэхээр хүнлэг хүнийг эхлээд бэлтгэж байж эх оронч сэтгэлгээ дараа нь сууна. Тиймээс эхлээд хүнтэй мэндэлж сурах, хүндэлж сурах дадлыг олгох хэрэгтэй. Өөрөөсөө ахмад настныг хүндлээд сурчихсан бол дараагийн цэвэр байх, хогоо хаяхгүй байх, хог хаясан байвал аваад хогийн саванд хийх гэдэг дадлыг суулгах хэрэгтэй. Ингэж шат дараатай явж байж бага насны хүүхдэд эх оронч үзлийг суулгах ёстой болохоос юу ч мэдээгүй хүлээж аваагүй байгаа тархинд шууд л чи эх орны ирээдүй гээд байж болохгүй л дээ. Нэгдүгээр ангиас бид орчинтойгоо хэрхэн харьцах, бусадтай хэрхэн харилцах талаарх мэдлэгийг олгохыг зорьдог.

-Нэгдүгээр ангийн хүүхэд уншиж бичиж сураад төгсдөг. Хоёрдугаар ангид орж ирэхдээ мартах, хичээлээ хийгээгүй орж ирэх тохиолдол гарах уу?

-Зөндөө байна. Уншиж чадахгүй болоод ирэх ч хүүхэд байна. Тэр болгоныг эхнээс нь дахин сэргээж, санах ойлголтыг өгнө. Манай ангийн хэсэг хүүхдүүд үсгээ мартаад л ирж. Тэдэнтэй дахиад л тулж ажиллана даа.

-Бага ангийн багшид хамгийн их тулгардаг бэрхшээл юу вэ?

-Нэг анги хамгийн багадаа тавин хүүхэдтэй. Өдөр бүр тавин хүүхдэд тулж ажиллах хүндрэлтэй. Хичээлийн цагаар өөр зүйл зориулах цаг зав ер гардаггүй. Нэг хүүхэдтэй байнга тулж ажиллаж чадахгүй учраас бусдаасаа хоцорсон хүүхдүүдийг өдөрт хичээлийн цагаас нэг цагийн өмнө ирүүлж бусад хүүхдүүдийнх нь түвшинд зэрэгцүүлж аваачихын тулд ажилладаг. Тавин хүүхэдтэй ганцаараа ажиллана гэдэг хүнд л дээ. Сургалтын ажиллагаанаас гадна бид гуравдугаар цагийн завсарлагаанаараа үдийн цай уудаг. Багш нар өөрсдөө сурагчдадаа хоолоо аягалж өгдөг. Тэгэхээр сургалтын цагаас их явдаг. Түүнд л гэхэд туслах багш үнэхээр хэрэгтэй байдаг. Тиймээс би хувьдаа бага ангийн багш нарт туслах багш хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа. Тэгвэл бидэнд сургалтын цаг гаргахад, чадвараа нэмэгдүүлэхэд арай илүү өгөөжтэй байж чадна.

-Олон жил бага ангийн багшаар ажилласан болохоор хөгжилтэй зүйл их тохиолдох байх даа. Дурсамжаасаа хуваалцаач?

-Байлгүй яахав, зөндөө бий. Хүүхэд гэдэг их хөөрхөн, гэнэн цайлган ертөнц байдаг. Байгаа орчныхоо зүйлийг юу ч бодолгүй ярьчихдаг. Гэнэн итгэмтгий. Ангид болсон зүйлээ гэртээ очоод ярьчихна. Гэртээ болсон зүйлээ ангидаа ирээд ярина. Ангиа андуурч орж ирээд бүтэн өдөржин суусны дараа өөр анги гэдгээ мэднэ. Нэгдүгээр ангийн хүүхдүүд анх орж ирээд өдөржин уйлна. Аргадахаар хүүхэд улам уйлдаг. Ном цүнхээ солино, мартана гээд олон зүйл болдог л доо. Одоо ангид маань шавийн минь хүүхэд сурч байна. Эхнээсээ А үсэг заалгаж байсан шавь нар минь “Багш аа танд л хүүхдээ өгнө” гээд хүүхдээ дагуулаад ирдэг. Харьяаллынх болохоор тэгээд авч л байгаа юм л даа.