Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гишүүн сонгох чинь машин авахаас хамаагүй нарийн юм шүү дээ, уг нь

Манайхан машин авах гэж их юм болдог. Гэр бүлийнхний оролцоо асар өндөр. Аав ээж, авгай хүүхэд бүгдээр оролцож, ярилцаж зөвлөлдөнө. Тэгээд машин сайн мэддэг хүнийг дагуулж очно. Авах машинаа дээр доргүй үзэж, шинжиж, олон талаас нь өөлж, машин мэддэг гэх таньдаг бүхэн рүүгээ давхар ярьж, лайтай их ажил тарьсны дараа сая нэг өгч авалцдаг. Монголчууд ганц машин ч бус ер нь бас бус олон зүйлд ингэж хариуцлагатай ханддаг нь ёс юм аа. Гэтэл өөрийнх нь хувь заяаг гартаа атгах УИХ-ын гишүүнийг сонгох, санал өгөх хамгийн хариуцлагатай ажилд машин худалдан авах хэрийн хариуцлагатай хандаж чаддаггүй. Уг нь бол иргэн таны санал гэдэг машин худалдаж авахтай жишиж зүйрлэхийн аргагүй их хувь заяаны сонголт байдаг юм шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн түүхэн дэх дийлэнх сонгуулийг харахад монголчууд ямар их хайнга хандаж ирээ вэ. Тэгж ингэсэн байдалтай хандаж, саналаа өгвөл өгөөд, байвал байж иржээ. Харин энэ удаагийн сонгуулиар тэгмээргүй байна. Их хурлын сонгуулийн санал өгөхөд хэдхэн хоногийн хугацаа үлдлээ. “Ер нь нэг иргэний саналын үнэ цэнийг тооцох боломжтой юу. Хэрвээ боломжтой бол хэд гэх вэ. Иргэний саналыг 20’000 төгрөгөөр худалдаж авах оролдлогууд гардаг шүү дээ” гэсэн сэтгүүлчийн асуултад мэргэжлийн хүн хариулахдаа, “Сонгууль бол эрх чөлөөний хэмжүүр. Тэгэхээр нэг хүний саналын үнэ цэнэ бол Монгол Улсын тусгаар тогтнол. Тусгаар тогтнолын үнэ цэнийг тоогоор илэрхийлэх боломжгүй” гэсэн байна лээ. Энэ хариулт дээр нь нэмчихэд “Сонгуульд та идэвхгүй, хариуцлагагүй, ерөөсөө оролцохгүй байсан ч болно. Харин таны амьдрал, ирээдүйг өөр хүмүүс шийдэг” гэмээр байгаа юм. Энэ үг танд ямар сонсогдож байна. Таны ирээдүйг өөр хүмүүс шийдэх тухайд…

Угтаа бол УИХ-ын гишүүн гэдэг бол таны хувьд амьдралын чинь хүрдийг яаж ч эргүүлж чадах эрх мэдэл юм шүү дээ. Төрд таныг төлөөлж байгаа төлөөлөл. Гишүүнд асар их эрх мэдэл бий. Таны, таны үр хүүхдийн хувь заяаг ямараар ч зурж чадах, хараар ч будаж мэдэх эрх мэдэлтэн. Тэр эрх мэдлийг та нэг саналаараа өгч байгаа юм. Саналаа өгөхгүй байлаа гэхэд та “Миний амьдралыг ирээдүйд хэн ч жолоодож болно” гэсэн үг. Энэ үг бол шууд утгаараа шүү. Дөрвөн жилийн хугацаанд тэр гишүүн энэ улс орныг тамын тогоо болгож чадна. Таны хоолыг ховх хулгайлаад идэж чадна. Жишээ нь, манай нэг бизнесмэн ярьж байгаа юм, “Энэ муусайныг харахаар дургүй хүрээд байх юм. Хэн нь ч гарсан адилхан хулгайлна. Би ч зүгээр мөрөөрөө бизнесээ хийж явъя” гэж. Тэгээд зээл яриад яваад байгаа юм. Тэгвэл тэр бизесмэний авах ёстой ЖДҮ-ийн санд байсан 150 тэрбум төгрөгийн 120 тэрбумыг нь УИХ-ын ихэнх гишүүд хулгайлчихсан. Өнөөдөр цөөнгүй нь дахин нэр дэвшээд явж байна. Ингэхээр тэр бизнесмэн Их хурлын сонгуулиар ядаж ЖДҮС-г тонохгүй хүнийг сонгохын төлөө саналаа өгөх ёстой. Зөвхөн яриад бухимдаад, сонгуульд оролцохгүй гээд яваад байгаа нь “Дахиад хулгайч нар төрд гарвал гараг” гэж дам тэднийг дэмжиж байгаа хэрэг. Үглээд яах юм, өөрөө үйлдлээрээ хулгайчид төрд гарахыг дэмжиж байгаа байж. Машин худалдан авахаас ангид өөр, нарийн зүйл гэдэг нь эндээс харагдаж байгаа биз.

ЖДҮ-гийн хулгай ийм байж. Тэгвэл бүр нарийсаад хуулийн хулгайчид гэсэн нэр томьёо Монголын улс төрд сүүлийн дөрвөн жилд хүчтэй орж ирлээ. УИХ-ын гишүүд өөрсдийн эрх ашигтаа нийцүүлсэн хууль зохиож төрөөс хулгай хийдэг. Хулгайгаа хаацайлдаг. Бүр өршөөдөг. Хуулийн хулгай бол бүр ч аюултай. Нэг л өдөр хулгайлсан хуулийнх нь дагуу мөрөөрөө ажиллаж амьдарч яваа таныг шоронд дуудаж болно. Тийм том эрх мэдлийг сонгох эрхээ хариуцлагатай хэрэгжүүлээгүй иргэн та олгосон юм. УИХ-д бүх эрх мэдэл бий. Нэг өглөө босоод ирэх нь ээ, хотын гудамжинд танк ороод ирчихсэн, Онц байдал зарлачихсан, таны хөрөнгийг битүүмжлээд зогсож байвал та яах юм. Тийм аймаар эрх мэдлийн боломж тэдэнд олгочихсон учраас та хар толгойгоо шаахаас өөрөөр юу ч хийж чадахгүйд хүрсэн байна. Бид үр хүүхдээ эх орноос нь алс, харьд мөнх амьдруулах гээгүй биз дээ. Тийм бодолгүй л юм бол та ядаж үр хүүхдийнхээ өмнөөс очиж саналаа өг. Өнөөдөр улс төрд хэдэн дүр бий. Архаг улстөрч, мөнгөтэй бизнесмэн, сүржин популист, бас урлаг спортын одод гээд… Тэгвэл тэднээс ч аюултай хуулийн хулгайчид, улс төрөөр ашиг хонжоо хайгсад, өөрийн гэсэн улс төрийн технологитой баг зүүсэн дээрэмчид тэдэн дотор чинь олноороо нэр дэвшиж байна. Сонгуульд идэвхгүй, хариуцлагагүй хандаж байгаагаараа Та тэднийг дэмжих гэж байна.

Тэдэнтэй зэрэгцэн үндэсний сэхээтнүүд, шударга улс төрчид, өндөр боловсролтой иргэд маань зэрэгцэн өрсөлдөж байна. Тэд хүчгүйдэж байна. Тэднийг очиж дэмжмээр байна, саналаа өгмөөр байна. Хүмүүс дор бүрдээ туйлдаж байгаа нийгмийн тухай ярьж байна. Баян, ядуугийн ялгаа тэнгэр, газар шиг болж байна гэх. Тийм байдалд хүргэж байгаа хүмүүс нь хэн юм. Сая нэрлэдэг луйварчид. Өнөөдөр нэг онцлог бий нь бий. Нийгэм ямар ч байсан бага багаар өөрчлөгдөж байна. Өөрчлөгдөхийг хаа хаанаа хүсч байна. Ер нь нийгэм 30 жилдээ нэг өөрчлөгддөг гэж үздэг юм билээ. Тийм цаг үе дээрээ явж байгаа бололтой. Ардчилсан хувьсгалаас хойш одоо нэг өөрчлөөд, гаргасан алдаан дээрээ суралцаад, дараагийн шатандаа орох цаг болсон ч юм бил үү хэн мэдлээ. Ийм цаг үе нь үнэхээр болсон юм бол иргэн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож мэргэн сонголт хийх цаг болжээ.

УИХ-ын гишүүний үйл ажиллагаа, бодлого шийдвэр гэдэг бол та бидний амьдралд шууд тусдаг юм. Биднээс хол юм ердөө ч биш. Саяхан хэдэн төгрөгөөр тэтгэвэр нэмэхэд ахмадууд ямар их баярлав. Энэ чинь жишээ нь Их хурлын гишүүний хийсэн ажил шүү дээ. Гэхдээ энэ бол иргэн хүн төрд өгсөн мөнгөө буцаагаад авч байгаа болохоос төрийн хишиг хүртээгүй. Тэтгэвэр, нийгмийн даатгалын санд реформ хийхийг иргэн та сонгосон төлөөллөөсөө шаардах эрхтэй. Тухайлбал, “Бидний улсад төлсөн шимтгэлийг буцаагаад зөв байдлаар өгч байх шинэчлэлийг хийгээд өгөөч” гэж. Сэтгэлтэй, боловсролтой хүнийг УИХ-д төлөөллөөрөө сонгочихоод энэ мэт амьдралд хэрэгтэй шийдвэрүүдийг гаргуулаад суух боломж бид бүхэнд наад зах нь байна шүү дээ. Зүгээр л жишээлж байгаа юм шүү. Энэ нь зөвхөн тэтгэврийн насныханд хамаатай юм биш. Залууст бүр их хамаатай. Залуу хүн та ипотекийн зээл авах гэж байгаа бол тэтгэврийн сан дахь хуримтлалынхаа тодорхой хувийг нь зээлээ төлөхөд зарцуулна. Ингэхээр тэтгэврийн сангийн мөнгө эдийн засгийн эргэлтэд орно. Тэтгэврийн сан гэдэг нь зөвхөн эмээ өвөө нарт хамаарах асуудал биш болчихож байгаа биз дээ. Сингапурт яг ийм тогтолцоо хэрэгжиж, залуус нь тэтгэврийн сандаа хуримтлуулсан мөнгөөрөө байрныхаа урьдчилгааг төлдөг. Энэ мэт амьдралд өдөр бүр тус болох бодлого шийдвэрүүдийг таны сонгосон гишүүн тань гар хөлийнхөө үзүүрээр шийдээд сууж байдаг эрх мэдэлтэн юм. Ганцхан бид ухаалаг, хариуцлагатай сонголт хийж чаддаггүй учраас 30 жил ийм байдалтай явж ирлээ.

Бүр том зургаар нь яривал, өөрт буй 10 сая төгрөгийг зарцуулахдаа айхавтар хариуцлагатай чамбай ханддаг байж, улс орны чинь төсөв болох 10 их наядыг зарцуулах 76 хүн дээр ухаалаг сонголт хийхэд оролцооч. Үнэн хэрэгтээ танд буй 10 сая, 10 их наяд хоёр агаар нэг юм шүү дээ. Сонгуульд оролцохгүй, оролцлоо ч хайнга, хөндий хандчихаад дараа нь гоншигноод суух хэрэггүй юм биш үү. УИХ-ын гишүүний хувь заяа иргэн таны гарт л байгаа, таны хийх сонголтод л байгаа… Өөрийнхөө хувь заяаг өөр нэгэнд даатгадаг адгуус ч энэ замбуулинд байдаггүй юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын Шүүх засаглалд хэн нөлөөлөөд байна вэ

Ер нь Монголын Шүүх засаглалд хэн гэгч хүмүүс нөлөөлж ирсэн, нөлөөлсөөр байгаа, цаашид нөлөөлсөөр байх магадлалтайг үргэлж л ярьж байж алдаа завхралыг засна. Монголын Шүүх засаглалд улс төрийн нөлөө амь бөхтэй оршсоор байгааг сүүлийн үеийн үйл явдлууд харуулсаар байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, төрийн өндөр албан тушаал хашсан олны танил эрхмүүд Шүүхийн хаалга татаж, эхнээсээ шорон руу ачигдаж эхэллээ. Ял авсан М.Энхсайхан гэхэд “Ямар ч ажил хэрэг болоогүй гэрээний загвар дээр надад ял төлөвлөсөн. Ингээд машин шахсан хэргээр Шүүхээс ял өглөө…” гэж байна. Өнөө маргаашгүй ял сонсож мэдэхээр байгаа С.Баяр “Ямар ч хохирогчгүй хэрэг нээж надад Шүүхээс ял төлөвлөлөө” гэлээ. Үнэхээр тийм юм бол энэ улсад чинь юу болоод байгаа юм. Шүүх засаглал нь яачихаад байгаа юм бэ. Энэ хоёр хүний араас Да.Ганболд, Э.Бат-Үүл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж… гээд улстөрчид хуулийн танхимд зогсох боллоо. Тэдний хэрэг Шүүхийн шатанд очсон. Эдгээр нөхдүүд бүгдээрээ улстөрчид учраас улс төрийн зорилготой “дело” нээж байна гэж нийгэм хардаж байгаа юм. Тийм учраас Монгол Улсын Шүүх засаглал хэн нэгний нөлөөнд байсаар байна уу, цаашид байх уу… цаашаа энэ бүхэн юунд хүрэх вэ гэсэн асуулт урган гарч, хариулт нэхэж эхэллээ…

Сүүлийн хорь орчим жилийн нөхцөл байдлыг харахаар Улсын Дээд Шүүх нь шүүхийн дотоод хяналтыг авснаар хараат бус, бие даасан байдлыг нь үгүй хийсэн гэж судлаачид үзэж байгаа юм. УДШ-ийн Ерөнхий шүүгч гэдэг хүн үндсэндээ бүх шатныг шүүгчийн хэн байх, хариуцлага тооцох эсэхийг шийддэг, “дэмжин туслах” нэрээр шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, үүрэг даалгавар өгдөг болж хувирчээ. Энэ нь үндсэндээ Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр дамжуулаад улсын Ерөнхийлөгч шүүхийн үйл ажиллагаанд бүрэн нөлөөлж, хяналтаа тавьдаг болсон үйл явц юм. Энэ завхралын эхлэлийг хэн гэгч улстөрч тавьсныг шулуухан хэлэх ёстой. Н.Энхбаярын үеэс эхтэй, Ц.Элбэгдоржийн үед гаарсан хэмээн Х.Тэмүүжин нарын хуульчид, судлаачид маш тодорхой хэвлэл мэдээллээр ярьсаар байгаа. Ер нь бол нарийн эхлэл нь Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёрын зөрчлөөс үүдэлтэй гэж судлаачид үздэг. Ц.Нямдоржийг УИХ-ын даргаас авч хаядаг дэс дараатай үйл явц бол Монголын Шүүхийг хэн хянах вэ, хуулийн байгууллагын толгойд хэн суух вэ гэдэг “зодоон” байжээ. Учир нь тухайн үед Шүүхийн Ерөнхий Зөвлөл /ШЕЗ/-ийг Хууль зүйн сайд толгойлдог байлаа. Энэ эрх мэдлийг Хууль зүйн сайдад байлгах уу, эсвэл Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид аваачих уу гэдэг маргаан гарч, маргааны цөмд Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр сууж байж. Н.Энхбаяр нь “Дээд шүүхэд энэ эрх мэдлийг татаж авснаар Шүүхийг бүрэн хяналтдаа авч чадах юм байна” гэсэн мэргэн арга сэдсэн нь тэр. Ингээд “бяр”-тай байсан Н.Энхбаяр УИХ дээр хүчиндээд батлуулсан юм. Тэр үед “босоо” байсан Н.Энхбаярт хошуу дэвсэн тал засдаг сүрэг хүмүүс УИХ-ын танхимд байсан юм. Тэдний зарим нь одоо ч Их хуралд байгаа. Ингэж л Шүүх засаглалыг улс төрийн зорилгоор ашиглах алсын зорилготой бужигнаан болсон нь бодит түүх билээ. Н.Энхбаярын хамж авч бий болгосон энэ их эрх мэдлийн хуримтлал, баримт фактуудыг аваад үзэхээр хүн нь солигдоод байсан боловч Дээд шүүх, Ерөнхийлөгчийн институци хоёрын хуйвалдаан Монголын Шүүх засаглалын бүх эрүүл саруул өөрчлөлтийг нурааж, өнөөдөрт ирсэн “гай” нь энэ. Үүндээ бас Үндсэн хуулийн Цэцийг ашигладаг. ҮХЦ-д Дээд шүүхээс гурван хүн, Ерөнхийлөгчөөс гурван хүн томилдог шүү дээ. ҮХЦ-д сууж байгаа есөн хүний зургааг нь барьчихаж байгаа. “Бидэнд үйлчлээд байвал эргэж томилогдоод байна шүү” гэсэн тохироотой. Ийм тохироогоор ҮХЦ-д хорин жил суучихсан хүн нэгэн үе байлаа.

Ер нь бол өнөөдөр шүүхийн танхимд зогсож байгаа, Шүүхийн шатны наана яваа эрх мэдэлтнүүдийн байгаа байдал бол өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр гэмээр байдаг. Ийм аюул руу явж байгааг өнөөдөр баларч байгаа бүх улстөрчид тэр үедээ мэдэж байсан. Мэдээгүй ч мэдэрч байсан. Гэвч түүгээр яваа “гай”-г үүгээр дуудаад яахав, надаас л холуур байвал бол оо гэж бодоцгоосон. Тэдний бэртэгчин зан нь хүссэн хүсээгүй өөрсдийг нь “гай”-д дуудсан байж болно. Улстөрч хүн улс орныхоо эрх ашгийн төлөө чин зүрхнээсээ хандах ёстой.

Үүгээр хэн нэгнийг тавлаж байгаа юм биш. Улстөрчийн замнал ямар байх ёстой тухай л яриа юм. Үнэндээ саяхан л “Шүүх дээр болж байгаа хэрүүл тэмцэл хаана очиж дуусч, хэний төлөө зодолдож байна? Эцсийн дүндээ Дээд шүүхийн хэдэн шүүгч, Ерөнхий шүүгчийн төлөө л энэ улстөрчид чинь зодолдож байна шүү дээ. Нэг ёсондоо хонгилынхоо түлхүүрийг авах гэж байна” гэж захын хүн ярьдаг болчихсон байсан шүү дээ. Өнөөдөр тэгвэл шүүхээр орж буй энэ хэдэн том улстөрчийн эргэн тойронд мөнөөх л яриа өрнөж байгаа нь нууц биш.

Ийм цаг үед итгэл найдвар бол сая батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт юм. Энэ тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хэрэгжих Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Монголын улстөрчид бэлэн үү. Энэхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хамгийн түрүүнд Шүүхийн Ерөнхий Зөвлөл /ШЕЗ/-ийн удирдлагыг Ерөнхийлөгч томилдог зохицуулалтыг авч хаясан. ШЕЗ-ийн дарга, гишүүдийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог байсныг зогсоож, ШЕЗ-ийн 10 гишүүн нь дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаар ажиллахаар хатуу заажээ.

Эдгээр арван гишүүний тав нь шүүгчид дотроосоо сонгогдоно. Үлдсэн тав буюу шүүгч биш таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Ингээд ШЕЗ-ийн 10 гишүүн дотроосоо даргаа сонгоно. Ингэснээр ШЕЗ-ийн бие даасан байдал дээшилнэ. Хоёрдугаарт, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллахаар заасан. Энэ нь ШЕЗ дээр төвлөрсөн эрх мэдлийг багасгаж, Шүүхийн сахилгын хорооны ажилд зүй бусаар хутгалдан ордог байдал арилна.

Товчхондоо ийм л реформууд Монголын Шүүх Засаглалд тавдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжих нь. Харин тэр болтол энэ хэд хоногт чухам юу юу болж өнгөрөхийг хэлж мэдэхгүй нь. Ямар ч л байсан өнөөдөр бодитой харагдаж, мэдрэгдэж байгаагаар бол энэхүү 25-ны өдрийг хүртэл Монголын Шүүх засаглалд хэн нөлөөлсөөр байна вэ гэсэн хардлага байсаар байх нь тодорхой. Засаглалын хуваарилалт буюу Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалын шинэчлэл гэж сүүлийн бүх парламентад яригдлаа. Энэ удаад лавтай Шүүх засаглалын хүрээн дэх шинэчлэл өөрчлөлт Үндсэн хуулийн хүрээнд тодорхой хийгдэж, парламентаар батлагдсан нь бодит үнэн учраас итгэл найдвар тээн хүлээж суухаас өөр зам бидэнд алга даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАНАН-тай зуны ногоо сайн ургадаг юм аа

Сонгуулийн жил эхэллээ. Улс төр халж эхэллээ. Амтай бүхний ярьж буй ганц сэдэв нь МАНАН-г устгах, МАНАН-тай тэмцэх, Монголыг сүйрүүлж буй МАНАН-гаас салах тухай яриа юм. Энэ тухай ямар хүмүүс их ярьж, цуурч байгааг та бид харж байна. Улс төрд гурав дахь хүчнийхэн нэрээр орж, хоол олж идэх гэсэн хүмүүс. Тэд л МАНАН хэмээх мангасын тухай ярьж байгаа. Магадгүй мангас байгааг бол үгүйсгэхгүй. Сайн дотор заавал муу явж байдаг нь жам ёс. Үүнийг бурхан ч үгүйсгэхгүй. Бүх зүйлд сайн муугийн зөв харьцаа, зөв хандлагын давамгайлал илүү байж зөв оршдог ардчилсан нийгмийн зарчим байна. Үүнийг л монголчууд харах ёстой.

Монгол Улсын эрх ашиг өнөөдөр юуг шаардаж байна гэвэл МАН-АН хоёр ойролцоо суудал авч, төрийн эрхийг тэнцүү барихыг шаардаж байна. Хүссэн ч, эс хүссэн ч бүх нийтээрээ үүнийг л хүсч байгаа. Тэрнээс нийтээрээ “Энэ муу МАН-АН хоёр одоо сөнөтүгэй” гээд байгаа юм байхгүй. Лавтай 2008 оноос хойших бүх л сонгуульд гурав дахь хүчин, залуус гарч ирэх ёстой хэмээн амтай болгон нь яриад байгаа юм шиг байсан ч ачир дээрээ сонгууль болоход амтай бүхэн тийм үзэл бодолтой байдаггүй нь батлагдаж ирсэн. Энэ жилийн сонгууль ч ийм өнгө аясаар явагдана. Энэ хоёр нам л дийлэнх суудлыг хувааж авна.

Ер нь бол энэ хоёр нам хорь илүү, хорь илүү суудал авч нийлээд 50 хол гарсан суудалтайгаар Засгийн газрыг хамтран авч явах нь Монголд хэрэгтэй байгаа юм. Нэг намын гишүүн нь сайд болоход нөгөө нам нь дэд сайдаа авна биз. Энэ хоёрыг хажуу талаас гоочлоод, алдаа мадгийг нь хэлээд, бүр болохгүй бол тэр алдааг нь нийгэмд “гэрэл цохиулаад” сууж байдаг нөхдүүд үлдсэн арав гаруй суудал дээр нь ороод ирнэ. Улс төр дэх хүчний харьцаа ийм баланстай байж гэмээнэ Монголд бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Хөрөнгө оруулалтууд нэмэгдэнэ. Энэ нь өөрөө иргэн бүр ажилтай, орлоготой байх үндэс, сайн эдийн засаг шүү дээ. Та бүхэн нэг зүйлийг бодитойгоор харж, дүгнэж цэгнэдэг болов уу. Оюу толгой ашиглалтад ороогүй бол 2009 оноос хойш монголчууд юугаараа амьдрах байсан талаар. Мал аж ахуйгаараа амьдарна гэх байх. Илүү ч үгүй, дутуу ч үгүй, өлмөн зэлмэн талдаа л арван жилийг туулж өнөөдөрт ирэх байсан. Оюу толгойн гэрээнд алдаа бий гэдэгтэй хэн ч маргахгүй. Засаад сайжруулаад, ойлголцоод цааш явах нь улс орны л аж амьдрал. Оюу толгойн хувьд ингээд явах ёстой, явж ч байгаа хөрөнгө оруулалтын том гэрээ шүү дээ. Ийм том гэрээг өмнө нь Монголын хэн гэгч мэргэн ард байгуулаад, алдаа оноог нь үзчихсэн юм. Тийм туршлага, практик, мэдлэг боловсролтон байхгүй шүү дээ. Оюу толгой бол монголчуудын хувьд их сургууль. Эдийн засгийн ийм том их сургуульд бид одоо суралцаж байна. Үүнийг тэгээд хэн байгуулсан юм. 2008 онд байгуулагдсан МАН-АН хоёр том улс төрийн хүчний хамтарсан Засгийн газар байгуулсан юм. Аливаа ажлыг эхлэх л хамгийн чухал. Эхэлж чаддаггүйдээ энэ ертөнц дээр олон сайн ажлууд сөнөсөн. Хэрэвзээ тухайн үед МАН дангаар Засгаа байгуулсан бол ажил явахгүй нь тодорхой байсан. Өнөөдрийнх шиг МАН үнэмлэхүй олонх болоод Оюу толгойг хөдөлгөх гэвэл АН нь ард түмнийг босгочих нь. Юун долоон сарын 1. Монголын нийгмийн сэтгэл зүй өөрөө хоёр томын эрх ашиг нэгдэж байж ажил хөдөлдөг онцлогтой цаг үе дээрээ явж байна.

Өнөөдөр бид нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралаа сошиалаас харах гэдэг болчихож. Энэ нь өөрөө эмгэнэл юм. Учир нь сошиал орчинд фэйсбүүкийн, твиттерийн оркууд давамгайлах болсон. Сошиал сүлжээн дэх иймэрхүү нүүрээ нуусан, сэтгэлийн хөөрөлд автсан, боловсролгүй, хүмүүжилгүй, атаа хорсолд автсан, бусдын гар хөл болж байгаагаа мэддэггүй нөхдүүдийн гар утсанд улс төрийг аваачсанаас болж Монголын төр аймхай хүн шиг болчихлоо. Аймхай хулчгар хүн хэзээ ч хүчтэй байдаггүй. Хэзээ ч дорвитой том ажил хийж чаддаггүй. Гаргасан шийдвэртээ үргэлж эргэж буцаж байдаг. Ийм хүнийг бүгд элэг барьдагтай адил өнөөдрийн Монголын төрийг, төрийг бүрдүүлж байгаа нөхдийг сошиалаар айлгаад сууж байдаг бүхэл бүтэн давхарга бий боллоо. Утас бүрт улс төрийг аваачсанаас болж поп нөхдүүд олноор бий болж байна. Эд бол зөв төлөвшөөгүй, системтэй мэдлэггүй, ядуу чадуу амьдралтай, юм үзэж нүд тайлаагүй учраас дарга, сайд, баялаг бүтээж буй хөрөнгөтэй хүмүүст их хорсдог. Улс орныг авч явахад боловсролтой хүмүүс хамгийн чухлыг мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй масс. Шулуухан хэлэхэд хүн чанар, сайхан сэтгэлээр улс орон хөгждөг ч юм биш. Томыг харж, томоор сэтгэж яваа хүмүүст энэ нь ахуй хүрээний асуудал шахуу юм. Зөв хандлага гэдгийг ахуйн хүрээний үзэл бодол, хувь хүний зан араншин руу хэт ойртуулж боддог нь өнөөдрийн монголчуудын сул тал.

Ер нь бол бүх түвшинд хандлага буруу явж байна. Жишээ нь, орчин үеийн түүхийг нүдэн дээр гуйвуулж байна шүү дээ. Амьд гэрчүүд нь хэдэн мянгаараа хараад сууж байхад нүдэн дээр нь Ардчилсан хувьсгалыг Ардын нам хийсэн болгож байна. Өмч хувьчлалыг хэдхэн хүн луйвардсан ч юм шиг. Өнөө Монголын бүх иргэнд тараасан цэнхэр, ягаан тасалбар чинь бүгдэд гарааны ижил нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэдгийг бүгд мэднэ. Яривал их юм бий. Бүгд поп нөхдийн хийж буй увайгүй үйлдлээс эхтэй. Нийгмийн сэтгэл зүйг нийтээр нь туйлд нь хүртэл доройтуулах, тэгээд өөрсөндөө ашигтайгаар эргүүлэх гэсэн попуудын аймшигтай муухай үзэл суртал явж байна. Хэрэв энэ сонгуулиар попууд олноор гарч ирвэл монголчууд ёроол руу маш хурдтай явна. Яагаад гэвэл өнөө Тэмүүжин, Өэлүн эхүүд олноор гарч ирнэ. Гадны нөлөө ч байна. Дэлхий даяараа ийм мунхаг үзэгдэл сүүлийн сонгуулиудаар гарч байгаа. Энэ нь олон хүн амтай, улс төрийн том хүчнүүдтэй гүрнүүдэд бол сөрөг нөлөө бага, болоод байх шиг байна. Жишээ нь, Францад өөрөөсөө 30 насаар эгч, хөгжмийн багштайгаа суусан нэг залуу попорсоор байгаад л гарч ирж Ерөнхий сайдын суудалд заларлаа. “За баларчээ” гэж дэлхий нийтээр харж байтал балрахгүй нь тодорхой боллоо. Яагаад гэвэл энэ залуугийн ард улс төрийн аварга том потенциал болсон нам ажиллаж байгаа болохоор түүнийг залаад явчихаж байна.

Тэгвэл Монгол цөөхөн хүн амтай. Манай гурав дахь хүчнүүдэд ямар ч потенциал байхгүй. Бодитой л хандацгаая.

МАН-АН хоёроос өөр потенциалтай, нөөцтэй, дэд бүтэцтэй, туршлагатай улс төрийн хүчин байхгүй. Монголын нөхцөлд сонгуульд гишүүдтэй нам л ялдаг. Сонгуулийг бол гишүүдтэй, улс орон даяарын бүтэцтэй нам л хийдэг ажил. Тэрнээс гурав дахь хүчин, Тэмүүжин, Өэлүн эхүүдийн тоглодог тоглоом биш гэдгийг одоо ойлгох цаг болсон.Одоохондоо сөрөг хүчин байгаа АН-ын хувьд ч тэр “Эрх баригчид муу байх тусмаа сайн” гэсэн философоор явах гэвэл Монгол Улс, эх орон чинь тэсэхгүй. Тусгаар тогтнол ч аюултай болж мэднэ. НҮБ цэрэг оруулах хэмжээнд хүртэл улс орноо самарчихгүй байгаасай гэж бодогдох үе байх юм. НҮБ-ын цэрэг гэдэг чинь хоёр хөршийн арми шүү дээ.

Энэ нь юу хэлээд байна гэхээр МАНАН буюу МАН-АН гэсэн улс төрийн хоёр том хүчин эргэж уулзах нүүртэй сонгуульдаарай гэж хэлэх гэсэн юм. Эргэж уулзахгүй юм шиг бузар булайгаа дуудалцан шившиг болов. Сонгуульд юм үзсэн хүн шиг, зуд турхан, зуншлага ногоо бүрийг үзсэн юм шиг буурьтай өрсөлдөөрэй.

МАНАН гэдгээс айх юм юу ч байхав дээ. МАНАН-тай зун шиг сайхан зун байдаггүйг монгол хүн бүр мэднэ. Манан будан суунагалсан өдөр, гэрийн үүдээр алсыг харан айраг шимж суух шиг жаргал хаана байна, монгол түмэн минь. Манантай зуны ногоо сайхан ургадаг юм аа, намартаа их өтгөрдөг юм. Тийм болохоор улс төрийн МАНАН гарч ирээд ногоо сайхан ургуулах хэрэгтэй. Салбарт бүрт эхэлсэн бүтээн байгуулалтуудаа бүгдийг гүйцээх хэрэгтэй. Шинээр олон үйлдвэрүүд ашиглалтад оруулах хэрэгтэй. Энэ бол нийгэмдээ тарьж буй ургамал цэцэгс юм. Бүтээн байгуулалт, үйлдвэр бүхэн ард түмэнд мөнгө болж очдог шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөөн хэлэлцэх хугацаа хэмээх үлгэрээ ярьж бас л төөрөлдүүлж байна уу, цаг хожиж байна уу

Сүүлийн үед шуугиан тариад байгаа нэг асуудал бол Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацаа болоод байгаа. Анзаарахаас аргагүй сэдэв мөн. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Раднаасэд ажиллаж байхдаа 2017 оны тавдугаар сард Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацааг нааш нь татаж таван жил болгосон. Эрүүгийн хууль ингэж батлагдсанаар нийгмийн анхаарлын төвд байсан олон том хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэрэгсэхгүй болсон. Энэ процесс өнөөдөр ч үргэлжилсээр байгаа. Монголын нийгмийн сэтгэл зүйн нэг онцлог бол өнөөдрийн шуугиан маргаашийн сенсацидаа дарагдаад, мартагдаад явдаг байдал. Монголын ард түмний сэтгэл зүйн энэ үзэгдлийг эрх баригчид ашиглахыг оролдсон ч хөөн хэлэлцэх хугацаа сонгуулийн өмнө айхавтар дэвэрч, улстөржиж мэдэхээр болсон нь МАН-ынхан хөөн хэлэлцэх хугацааг эргэж харах, хөөн хэлэлцэх хугацаанд хамрагдсан хэргүүдийг эргэж харах гэсэн үлгэрийг зохиож эхлэхэд хүргэж байна. Ингэж үлгэр домог зохиож явсаар сонгуульд эсэн мэнд орохыг бодох нь аргагүй ч биз. Энэ суудалдаа суугаад л баймаар байгаа шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэн тоо баримтыг хүргэе. Тэрбээр “Хөөн хэлэлцэх хугацаа арван жил байсныг таван жил болгосны үр дүнд маш их гэмт хэрэг хэрэгсэхгүй боллоо. Энэ оны аравдугаар сарын 20-ны байдлаар нийтдээ 629 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон байна. Үүний үр дүнд 1200 гаруй гэмт хэрэгтэн ямар ч ял зэм авахгүйгээр бидний дунд явж байгаа. Авлига, албан тушаалын 42 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Оймсон дотроо 25 сая төгрөг нуусан, албан газар, гэрээс нь нэг тэрбум төгрөгийн авлига олдсон нөхөр өнөөдөр ялгүй явж байгаа. Би эдгээр тоо баримтыг шүүх, прокурорын байгууллагаас авсан. Түүнээс хойш 30 гаруй хоногийн дараа асуухад хэрэгсэхгүй болсон 629 гэмт хэргийн тоо 100-аар нэмэгдсэн байна. Тун удахгүй авлигын 11 гэмт хэрэг хэрэгсэхгүй болно. Энэ дотор алдарт Жастын Батхүүгийн хэрэг бий. Үүний хохирол 143 тэрбум төгрөг. МАН-ынхан өөрсдийнхөө хүмүүсийг ялаас чөлөөлөх ажлыг хангалттай хийлээ. Эдгээр гэмт хэргийн хохирол хоёр их наяд төгрөг. Авлига албан тушаалын хэрэг дандаа хожуу илэрдэг. Энэ гэмт хэргүүд хэрэгсэхгүй болох нөхцөл байдал руу орж байгаа. Тиймээс ажлын хэсгийн Х.Нямбаатар, Байнгын хороог удирдсан Ш.Раднаасэд нарын нөхдүүдэд ард түмэн хариуцлага тооцох ёстой. Өдөрт нэгээс хоёр гэмт хэрэг хэрэгсэхгүй болж байгаа. Цаашдаа энэ хуулийг баталсан ч хэрэгсэхгүй болно” гэсэн. Энэ бол айхавтар тоо баримт. Өнөөгийн эрх баригчдын нэр хүндэд хүндээр тусч, маш их сөргөөр нөлөөлөхүйц тоо баримт яах аргагүй мөн. Хөөн хэлэлцэх хугацааны хойноос хөөгөөд явбал МАН сонгуулийн наана босохгүй юм болно. Юун ЖДҮ, Капитал банкинд төрийн мөнгө дампуурсан… энэ тэр. Ийм айхавтар аюул занал, гал дүрэлзэхэд бэлэн байгаа учраас, үүнийгээ ард түмэнд залруулсан дүр эсгэхийн тулд Х.Нямбаатар нарын гишүүд нь хөөн хэлэлцэх хугацааг эргэж харна, ял завшсан нөхдийн хэргийг эргэн сэргээнэ гэсэн үлгэр ярьж эхэллээ. Энэ бол үлгэр. Үлгэр үлгэрдээ хуулиар ингэж зохицуулах ямар ч боломжгүй үлгэр. Үүнийг үлгэр гэдгийг учир мэдэх хүмүүс мэднэ. Дотроо ярьж, ямар ч боломжгүй шүү дээ гэдгийг Төрийн ордон дотор ярьцгаасаар байгаа нь чих дэлсэж байна.

Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацааг ямар байдлаар эргэж засна гэж үлгэр яриад байгааг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатарын хэлснээр хүргэе. Тэрбээр “Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолно. Яллагдагчаар татагдаад эрүүгийн хэрэг үүссэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа зогсоно. Дахиж хөөн хэлэлцэх хугацаа гэдэг ойлголт байхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш тухайн гэмт хэргийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг хоёроор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр мөрдөн шалгах хугацааг тогтооё гэсэн зохицуулалт орж ирж байгаа. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдана. Хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам шинэчлэгдэж байгаатай холбогдуулж уг дагаж мөрдөх журмын тухай хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолж, зогсоох юм. Хоёрдугаарт, яг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээх агуулга орж ирж байгаа” гэж.

Энэ сүүлийн ганц өгүүлбэрт нь маш том асуудал байгаа. Х.Нямбаатарын ярьж байгаагаар хууль батлагдлаа. Тэгвэл нэгэнт өмнө нь батлагдсан хуулийн хөөн хэлэлцэх хугацаанд хамрагдаад хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүст энэхүү шинэ заалт ямар ч хамаагүй. Тэдгээр хүмүүст УИХ-аар нэгэнт батлагдсан хууль үйлчилсэн. Хэрэвзээ хэрэгсэхгүй болсон хэргүүдийг эргэж сэргээнэ гэж байгаа бол Олон улсад яригддаг нэр томьёогоор “Хууль эргэж үйлчлэхгүй” гэсэн хуулийн маш том зарчим зөрчигдөнө. Маш том маргаан дагуулна. Бараг хэлмэгдэл болж хувирна. Бид бүгдээрэй мэднэ, дэлхийн практикт хууль эргэж үйлчилж байгаагүй. Эргэж үйлчлэхийг бүх улсад хориглодог. Яагаад гэвэл хууль эргэж үйлчлэх маш аюултай байдалд хүргэдэг. Тэр хэдэн хүнийг эргүүлж шийтгэснээсээ илүү нийгмийг самарна. Нийгмийг нийгэм биш болгож зэрлэг өрнөд гэгчээр юм болохыг судлаачид бичээд эхэллээ. Гарах муу үр дагаврын талаар жишээ баримт дурдан судлаачид ярьж байна л даа. Нэг судлаач “Гэмт хэрэг биш үйлдлийг гэмт хэрэг болгон зохиож ял тулгах аюултай. Жишээ нь, өмч хувьчлалыг гэмт хэрэг мөн байжээ гээд өнөөдөр хуульчилбал Монголын бүх малчид гэмт хэрэгтэн болох уу. Түүнийг хариуцаж байсан, одоо амьд сэрүүн байгаа нэгдлийн дарга өвгөчүүл бүгдээрээ дээлээ нөмрөх үү” гэж ирээд хууль эргэн үйлчилбэл Монгол Улсыг ямар аюултай байдалд хүргэж болох талаар сэрэмжлүүлж байна. Хууль бол практикаар явдаг. Манай улс бол их газрын хуультай. Зах зээлийн нийгэмд шилжсэнээсээ хойш Монголын хуулийн суурь дэвсгэр нь Германы хууль болж ирсэн. Ийм суурь дэвсгэртэй хууль эрх зүйтэй атлаа энэ цаг үед, энэ баригчдын үед дургүй хүндээ зориулж хуулийг эргэн сэргээж хэрэглэх гээд байна. Н.Энхбаяр бол “Өргөө” зочид буудлыг луйвардсан гээд өнөөдөр дахин сэргээж хуучин хуулиар яллах нь хүний эрх талаасаа ч, ардчилсан нийгмийн үнэт зүйл болох эрх зүйт төр талаасаа эрүүл үзэгдэл мөн үү. Ийм аюултай байдал руу энэхүү хөөн хэлэлцэх хугацааг эргэж харах, хэрэгсэхгүй болсон хэргүүдийг эргэж сэргээх тухай асуудал явж байна. Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэг бол дуулиантай хэрэг. Тус банкны ерөнхий нягтлан бодох Чимэдцэрэн энэ мөнгөөр казино тоглосон гэдэг яриа л хүмүүсийн дунд үлдсэнээс биш яг ял авсан үндэслэлийн нэг хэсэг нь өнөөдрийн Ерөнхий сайд тухайн үед намын генсек байхдаа Чимэдцэрэнгээс фургон машин авсан хэргээр хоёр жилийн бүгд найрамдах уншуулж, найз Чимэдцэрэн нь ял үүрээд гарсныг төдийлөн санадаггүй. Энэ хэрэг хэзээ нэгэн цагт эргэн сэргэж, хууль эргэн үйлчлэх тийм хөрс суурь тавигдах гэж байна гэсэн үг. Одоо ярьж буй хөөн хэлэлцэх хугацаа гэдэг чинь.

Тэгэхээр энэхүү хөөн хэлэлцэх хугацааг эргэж харна гэдэг үнэндээ үлгэр юм аа. Өөрсдийнхөө халаасны хүмүүсийн гэм бурууг энэ хуулийн заалтаар хэдийнэ цайруулчихсан. Үүнийгээ ард түмэнд цайруулахын тулд сонгууль хүртэл шоу хийх арга нь энэ. Тэд муусайн ял завшсан байж магадгүй нь, тийм болохоор хөөн хэлэлцэх хугацааг эргэн харж, ял завшсан байх магадлалтай луйварчдын хэргийг эргэн сэргээж ясыг нь цайлгана… гэх шиг сүр сүр юм ярьсаар байгаад л сонгуультай залгана. Ард түмэн одоо хууртах нь их багассан. Эрх баригчдынхаа араншинг эхнэрийнхээ араншин шиг гадарлах болсон гэж найдаж байна.

Ер нь тэгээд ч хөөн хэлэлцэх хугацааг ярьж байгаа далимд хэлэхэд хуулийн практикт тухайн гэмт хэрэгт хоёр хууль үйлчлэхээр байвал хууль зөрчигчдөд аль ашигтай хувилбарыг нь сонгодог хуулийн заалт бүх газарт байдгийг хуульчид мэднэ. Хүний эрх талаасаа тэр. Ийм заалт дэлхийгээр нэг үйлчилж байхад, Монголд үйлчлэх хууль эрх зүйтэй байхад хэрэгсэхгүй болсон, цагаатгасан хүмүүсийг эргэж яллана гэдэг үлгэр. Үлгэр болохыг судлаачид, хуулийн шинжлэх ухааны докторууд, УИХ-д хэдэнтэй суусан хашир гишүүд ярьсаар байгаа юм.

Тийм болохоор энэхүү Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацааг эргэж харж, ингэж тэгж өөрчилнө гэсэн заль, хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээх агуулга хуульд орно барина гэсэн гишүүдийн ярианууд бол ард түмний сэтгэл зүйг төөрөлдүүлсэн, эрх баригчдын сонгууль хүргэх гэсэн арга мэх билээ.

Өөрсдийнхөө намын луйварчдыг эргэж харж шийтгэсэн дүр эсгэх гэсэн улс төрийн заль гэж нийгэм ойлгох хэрэгтэй. Саяхан Хууль зүйн сайд Ц.Нямдорж нэг үг хэлсэн нь “Хөөн хэлэлцэхтэй холбоотой улстөржсөн маргаан бүтэн жил явлаа. Би бүтэн жил тэвчиж үүнийг чинь сонслоо. Та нар санасан зоргоороо шийдвэрлэхийн тулд л будлиан хутгасан шүү” гэж. Энэ юу гэсэн үг болохыг нухацтай анзаарвал эрх баригчид ард түмнийг хэрхэн төөрөгдүүлж, үлгэр ярьж, цаг хугацаа хожиж байгааг нөхөр хэлчихсэн хэрэг шүү.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Манай толгой улстөрчид Оюу толгойн өөдөөс сэлэм сугалахаа больж ширээ түлхэх боллоо

Манай улс төрийн хүрээний дээд хэсэг /Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд/-ийнхэн Оюу толгойн өөдөөс сэлэм сугалж довтлоод байсан. Ерөнхийлөгч гэхэд “Уул уурхайг хураан авч нийгэмчилнэ. Үүгээрээ ард түмний өр төлбөрийг төлж амар сайхан жаргаана…” хэмээн ярьсаар гарч ирснийг бүгд мэднэ. УИХ-ын дарга аль эртнээс л ашиглалт, хайгуулийн хамаг лицензийг хураахад идэвхтэй оролцож, Гадаад хэргийн сайд байхдаа ОУ-д үүнийгээ зарлаж хөрөнгө оруулагчдыг үргээсэн хүн. Ерөнхий сайд ч ялгаагүй, “Гадны хөрөнгө оруулагчдыг хөөж, лицензийг нь хурааж, Оюу толгойтой хатуу ярина” хэмээн улс төр хийж, зарим жижиг уурхайг хааж, эздийг нь барьж хорин ард түмэндээ магтуулж, оноо цуглуулж, эх орончоороо дуудуулан явж өгсөн дөө. Тэдний энэ үгс, попрол нь ард түмний хувь заяанд ямар айхавтар сөрөг нөлөөлөхийг тэд тооцоогүй. Ард түмэн бол бүр ч тоогоогүй. Гэтэл алж талах, хөөж туух дээрээ хүрсэн Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт нь Монгол Улс дахь гадаадын нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг бүрдүүлж байгаа юм шүү дээ.

Одоо харин үнэнтэй нүүр тулж байна. Оюу толгой бол дэлхийд Монголын нүүр царай болсон ганц том төсөл гэдэгтэй. Дэлхийн эдийн засаг, банк санхүү, хөрөнгө оруулалтын орчин Монгол гэж их газрын гүн дэх жижиг орныг Оюу толгойгоор мэддэг, таньж харьцдаг, Олон улсад Монголын байр суурь, нэр нөлөө болдог гэдгийг эрх баригчид ойлгож эхлэв бололтой. Үүний илрэл нь өчигдөр чуулганаар Оюу толгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг гишүүд 100 хувийн саналаар батлав. Өнөө Оюутолгойг үзэн ядаад байдаг гишүүд бүгдээрээ шахуу гар өргөлөө.

Үнэндээ ингэхээс өөр арг агүй байдалд орсон. Дэлхий манай попуудыг хазаарлалаа. Хамгийн эхний ташуур “Саарал жагсаалт” байлаа. Оюу толгойн гэрээг цуцалбал “Хар жагсаалт”-д шууд оруулна гэдгийг Олон улсын байгууллагууд ичиж эрээлэлгүй хэлж санууллаа, манай хэдэд. Монгол Улс анх зах зээлийн нийгэмд шилжсэн ерэн оны үед манайхан хэрхэн хөгөлж байсан талаар Баабар бичдэг. ОУВСантай муудаад Дэлхийн банк руу гүйж очдог, тэнд нүүр өгөхгүй болохоор нь Европын Сэргээн босголт хөгжлийн банкныхантай тохирох гэдэг, болохгүй болохоор нь Азийн хөгжлийн банк руу алхдаг… ингээд бүгд бүтэлгүйтсэний дараа “Яагаад байгаа юм бол” гээд харсан чинь бүгдээрээ цаагуураа холбоотой байгууллагууд байсныг мэдсэн тухай. Яг үүн шиг сая Оюу толгойг хөөж гаргана гэж үймүүлчихээд ОУВС, манай хамгийн том донор Япон улс руу Ерөнхий сайд маань гүйгээд очтол урдаас нь дунд хуруугаа гозойлгов. Тэд “Оюу толгойгоо хөөх гэж байж ямар нүүрээрээ ирэв” гэж хэлсэн. Мэдээж соёлтойгоор ойлгуулсан. Энэ дунд хурууны ард Оюу толгой байгааг манай томчууд ойлгосон. Дунд хурууг тоохгүйгээр цааш попоръё, ард түмэндээ эх орончоороо дуудуулаад явья гэвэл “Хар жагсаалт” эх орныг нь хүлээж байв. Хар жагсаалтад орсон Монгол Улс хоёр хөршөөсөө өөр улс оронтой харилцаагүй болох нь наад захын асуудал юм. Хоёр хөрш маань ямар билээ. Оюу толгойг хөөж гаргалаа гэхэд Монгол Улс дэлхийд шууд ганцаардана. Ганцаардсан хүнд юу бодогддог юм! Амиа хорлох тухай бодогддог. Бүхэл бүтэн улс орны хувьд юу бодогдох уу. Ард түмэн нь амь наана, там цаана Африкийн жишээнүүд байна даа. За яахав, их өөдрөгөөр төсөөлөхөд Хойд Солонгос руу жуулчлалаар явж стрессээ тайлъя гэж магадгүй…

Хууль эрх зүйн хүрээнд Монгол Улс Оюу толгойн гэрээг цуцалснаар Арбитрын шүүх дээр очно. Тэнд ялж байсан түүх манайд байдаг юм уу. Ялагдаад л 50 сая, 100 сая долларын төлбөрт унаастай байдаг биз дээ. Дор хаяж энэ мэт эрсдэл дагуулсан, улс орны хувь заяагаар ч тоглож мэдэх эх захгүй хийрхлүүд хэрээс хэтэрснийг манай томчууд одоо ойлгож эхэлжээ. Тийм болохоор Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганд оролцсон 46 гишүүн бүгд дэмжлээ. Уг тогтоолд Оюу толгойн гэрээг сайжруулж, хуульд нийцүүлэх найман зүйлийг багтаасан байна. Чуулганы хуралдааныг харж байхад дуугарч байгаа гишүүд нь А.Сүхбат, Н.Амарзаяа нар. А.Сүхбат гишүүн “Оюу толгой гэрээ бол маш муу гэрээ байсан. Оюу толгой өдөрт 5 сая долларын борлуулалт хийдэг гэсэн. Монголын ард түмэн рояалти авах хэрэгтэй. Гэрээг дахин авч үзэн, ширээний ард сууж, Монголын ард иргэдэд өгөөжөө өгөх хэрэгтэй” гэв. Гэрээг ойлгохыг хичээсэн байна. Таван сая доллар, рояалти… гэхчлэн. Н.Амарзаяа гишүүн “ОТ төсөл хэрэгжсэнээр Монголын залуус олон улсад төдийгүй дэлхийд, уул уурхайн салбарт удирдаж ажиллах боломжийг бүрдүүлж чадсан. Оюу толгойн гэрээтэй холбоотой, 34 хувьтай холбоотой 2009 онд гишүүнээр ажиллаж байсан гишүүд та бүхэн хэрхэн ажилласан юм бэ? УИХ-ын дарга та тэр үед ямар байр суурьтай байсан, одоо ямар байр суурьтай байна вэ” гэж асуух шиг болсон. Хүчээр ойлгоход шүү. Үүнд нь УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс “2008 оны арванхоёрдугаар сард УИХ 40 дүгээр тогтоолыг баталсан. Энэ тогтоол Монгол Улс 34 хувь эзэмших, бүтээгдэхүүн хуваах зарчим зэрэг олон улсын компанид зальдуулахгүй байх гол зарчмуудыг заасан. Тийм учраас би дэмжсэн. Харин 57 дугаар тогтоолыг батлахад би дэмжээгүй тул оролцоогүй. 57 дугаар тогтоолоор Оюу толгойн гэрээг зөвшөөрөх эрхийг Засгийн газарт өгсөн. Тиймээс бодит бус гэж үзэж би эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд УИХ-ын чуулганы хуралд оролцоогүй. Харин тэр хуралд одоогийн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд нар дэмжиж оролцсон” гэлээ. Энэ гурван гишүүн нь одоо Оюу толгойг хамгийн их эсэргүүцдэг гишүүд. Нэр цохохыг бодоход тэд нараас эхлээд асуу гэж байгаа бололтой. Иймэрхүү асуулт хариулттай чуулган болж ямар ч байсан гэрээг сайжруулах тогтоолын төсөл баталлаа.

Угтаа бол уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг хийрхэлд Монголын улс төрийн өнөөдрийн гурван том хамгийн их оролцоотой. Хамгийн их хүчийг нь авахуулж, хэмжээнээс нь хэтрүүлсэн хүмүүс гэж болно. Энэ удаад манай гурван том маань “Уул уурхай, гадны хөрөнгө оруулалтын эсрэг бидний попорсон нь буруу байж. Бид ард түмнийхээ хоолоор тоглох шахжээ” гэдгээ мэдэрсэн ч өөрсдөө гарч ирэн хэлж зүрхлэхгүй ҮАБЗ гэдгээ хуралдууллаа. Тэгээд Оюу толгойг зогсоож болохгүй гэдэг шийдвэр гаргажээ. Үүнийгээ Монголын бараг дөрөв дэх хүн болох Ц.Нямдоржоор хэлүүлж байх шиг байна. Өнөөдөр энэ гурваас, жишээ нь Хү-кээс асуувал тэрээр “Би эсрэг байсаан” гэж хэлж магадгүй. Сая Г.Занданшатарын “Би 57 дугаар тогтоолыг батлах үед чуулган дээрээс гараад зугтаачихсан” гэдэг шиг, Хү-к “Би гараад зугтаачихсан” гэж Оюу толгойг эсэргүүцэгчдээс оноо авах гэж оролдох вий. Гэтэл ҮАБЗ гэдэг чинь гурван өндөрлөг нийлж суугаад, санал нэгдээд шийдвэр гаргадаг хуулийн процесс биз дээ. Ганцхан Ерөнхийлөгч суугаад шийдвэр гаргачихдаг болсон юм уу.

Оюу толгой. Ийм том хөрөнгө оруулалт Монголын түүхэнд урьд хожид байгаагүй, хойшид байх эсэхийг хэлж мэдэхгүй. Ийм том эдийн засгийн бодлогод ийм жижигхэн бөх тэх нөхдүүд шийдвэр гаргах түвшинд оролцоод байгаа нь Монголын өнөөдрийн эмгэнэл юм даа. Тэдний зүгээс бид яллаа барилаа гэж бөөн юм болж магадгүй. Үнэндээ хэн ч ялаагүй, харин гэрээ хийсэн нь зөв байсныг та бүхэн дахин баталлаа.

Эцэст нь нэг үг хэлье. Одоогоос 10 жилийн өмнө Оюу толгойн гэрээг гардаж хийсэн улстөрчдийг одоо харин зүгээр орхи. Шорон орон гэж сүрдүүлэхээ боль. Хэвлэл мэдээллээр элдвээр баалж, зарлахаа боль. Тэдэнд гавьяа байгуулсан гэж хөшөө босгох нь юу юм. Зүгээр л улс орныг устгах шахсан гэж зүхэхээ больцгоочих.

Бүх цаг үед, аль ч улс оронд, ямарч нийгэмд төгс төгөлдөр хийгдсэн гэрээ хэлцэл гэж байдаггүй, цаг үедээ тааруулаад гэрээг сайжруулаад явдаг гэж судлаачид хэлдэг. Оюу толгойн гэрээ бол тэр жамаар явах ёстой. Улс орон, ард түмний хувь заяа болчихсон энэ том төсөлд мэдлэг боловсрол нимгэн хүмүүс хошуу дүрэх нь улс орноо хорлож байгаа хэрэг. Ямар ч төр засаг, удирдагч байсан хамгийн түрүүнд хамгийн их мөнгө олж болох салбараа өөд нь татдаг. Дараа нь бусад салбар руугаа ордог. Манайх шиг хамгийн их мөнгө олж байгаа салбараа хамгийн түрүүнд устгах гэдэг биш…

“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогтын өчигдөр өгсөн мэдээллээр “Оюу толгой ордын ТЭЗҮ-ийг 2015 онд шинэчлэн баталснаар 31.4 сая тонн зэс, 1,200 тонн алт, 2,750 тонн мөнгө тогтоогдсон” гэв. Энэ бол аварга тоо, санаанд багтамгүй их мөнгө. Ашигт малтмалын хуулийн дагуу таван жил тутамд шинэчлэн батлах ёстой. Тэгэхээр энэ тоо удахгүй дахиад өсөлттэй гарна. Дахиад л маш их мөнгө… Ийм их мөнгө олох бизнесээ энэ хэдэн хүн ер нь яана гэж байгаа юм бол. Ямар ч байсан ширээний хоёр талд суух бололтой.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Төрийн шагналт, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Н.Нацагням, Төрийн гэсгээлт хоёрын балайрал эрх баригчид ард түмнийг дорд үздэгийн илрэл боллоо

Эрүүг нь хугалаад, хавиргыг нь цөмлөөд хаях тухай нэг бичлэг нийгэмд цацагдлаа. Ярьж байгаа хүмүүс нь үзсэн харсан царайнууд л байна. Нэгийг нь ядарч яваа эр хүн хэмээн хүнлэг үзлээр, нөгөөг нь Монголын гайгүй технократуудын нэг болох залуу гэсэн бодлоор тусалж дэмжиж, бичиж явлаа. Жинхэнэ нэрүүд нь Хонхэрэйд Энхбат, Төрийн шагналт Н.Нацагням. Харин бичлэг цацагдсанаас хойш нийгэмд хүмүүсийн нэрлэж байгаагаар бол Төрийн гэсгээлт, Төрийн шагналт хоёр гэжээ.

Энэ хоёр Гэсгээлт, Шагналт хоёр одоо яах гээд байгаа юм, ард түмнийг айлгах гээд байгаа юм уу. Ард түмнийг дорд үзээд байгаа юм уу. Эсвэл өөрсдийнхөө нэр хүндийг өснө гээд байгаа юм уу. Ойлгож байгаа хүн байхгүй шиг байна.

Төрийн соёрхолт, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Н.Нацагням гараа зангидаж, газар шааж байгаад “Сүүлийн 30 жил уул уурхайн эсрэг Ерөнхий сайд Хүрэлсүх шиг тэмцсэн хүн байхгүй. Хүрэлсүхийг маань огцруулна гэсэн 15 гишүүн байна. Тэд хэрвээ Хүрэлсүхийг унагаавал тэр 15 гишүүний эрүүг нь хуга цохиж, хавиргыг нь хадна, хугална. Манай Даяар монголчууд үүнийг чадна. Төрийн ордны хамгаалалтынхан дотор манай Даяар Монголын хүмүүс байгаа шүү. Ийм байдалд биднийг битгий хүргээрэй” хэмээн заналхийллээ. Өөдөөс нь харж суусан төрийн гэсгээлт нь толгой дохин дэмжлээ.

Бодит байдал дээрээ энэхүү Төрийн гэсгээлт, Төрийн шагналт хоёрын үйлдэл нь үнэндээ тэр хоёрын үйлдэл биш байна аа. Эрх баригчид өөрсдөө хийсэн бичлэг байна. Уул уурхайтай холбоотой УИХ-ын 15 гишүүн У.Хүрэлсүхийг огцруулах гэнэ гэдгийг Монголд энэ хоёроос өөр хэн ч мэдээгүй. Сэтгүүлчид бүгдээрээ анх удаа сонслоо. Гэтэл энэ хоёр мэдчихсэн, ийм бичлэг хийгээд цацаж байдаг. Ийм юмнуудыг ашиглаж, ийм мэдэгдэл гэнэт хийлгүүлэх нь эрх баригчдын хийдэг үйлдэл. Үнэхээр л уул уурхайтай холбогддог 15 гишүүн Ерөнхий сайдаа огцруулахаар нууцаар хор найруулж байгаа юм бол Хү-к, Женко хоёр л мэддэг нууц мэдээлэл шүү дээ.

Ер нь иймэрхүү бичлэг хийж сошиалд тараагаад, босно тэмцэнэ, ална тална… гэдэг үгийг уриа лоозон болгон, амны уншлага болтол сошиалаар цацан, TV-ээр нэвтрүүлэх болж дээ. Үүнийгээ болж байна, үр дүнгээ өгч байна гэж үзэж байгаа хэсэг байгаа бол ард түмнээ басамжилж байгаа нь тэр. Гэтэл нийгмийн ухаалаг, боловсролтой, ажил хэрэгч хэсгийнхэн үүнийг чинь тоохгүй, ойшоохгүй байна. Сошиалд байдаг цөөн хэдэн орк л сүйд болж байгаа харагдах юм. “Та нар мундаг байна, алж өгч байна” гээд л…. Өнөөдүүл нь нээрэн ч бид алж өгч байгаа юм байна гэж дүрдээ ороод “Сошиалынхныг босгоод, алаад өгнө” гэж итгэдэг бололтой. Үүнийгээ бүр их юманд бодохыг нь яана. Үнэндээ саяны төрийн шагналтын гараа зангидаж ирээд хавиргыг нь хадаж, эрүүг нь хугална гэсэн хийрхэл, өмнөөс нь хараад толгой дохин дэмжих гэсгээлт хоёрыг хэн ч тоогоогүй. Эрх баригчдын ээлжит жүжиглэлт, энэ муу хоёр амьтныг элэг доог болгож байгаа юм байна гээд.

Одоо эрх баригчид энэ нэг танил арга барилаа, ард түмнээ доёолдог муу технологиудаа өөрчилмөөр юм. Ядаж дүрүүдээ өөрчил. Жинхэнэдээ та нарын нөлөөлөх гээд байгаа хэсэг чинь сонгуульд ч саналаа өгдөггүй юм шүү дээ. Хамгийн амиа бодож, хувиа хичээсэн, царай төрхөө ч хүний өмнө ил гаргаж чаддаггүй, нийгмийн амьдралд ил оролцох боломжгүй, наад зах нь хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй, өрөвдөм хэсгийнхэн байдаг юм. Дутуугаа нөхөх гэсэн өрөвдөм хэсгийнхэнд л наад сошиал сүлжээ чинь хань болж, түүгээр багтраагаа гаргах, илүү яваа нэгнээ доромжлох, атаархал, хорсол, заналхийллээ тайлж нийгэм рүү гаргаж суух ганц талбар нь болчихоод байгаа юм. Нийгэмд хамгийн нөлөөгүй, чадалгүй, чадваргүй өрөвдөм хэсгийнхэн. Гэтэл улс төрчид, эрх баригчид нийгмийн ийм масс-д анхаарал их тавьж, тэдний үгээр ажил хийх гээд, тэдний дэмжлэгийг авах гээд сүүлийн жилүүдэд зүтгэх болсон нь өнөөдрийн Монголын эмгэнэл юм.

Сүүлийн хэдэн сар л сошиалаар Үндэсний фронтын сүрт жагсаал хэмээн нүдсэн. Хүн цуглаагүйг сая монголчууд харлаа. Сошиалын хэдэн оркийн нүдэж байснаар бол төв талбайд багтахааргүй л байсан. Сошиалд итгэж, төр эргүүлээд хаячих юм сэтгэж, бодож, үйлдэл хийж байсан генерал нь сая гэнэтхэн фронтоосоо гарч байгаагаа мэдэгдлээ. Сошиал худлаа юм байна, төрийн шагналт, төрийн гэсгээлтүүд бүтэхгүй юм байна гэдгийг ухаараад тэмцлээ орхиж байгаа юм уу, бүү мэд. Сошиалийн мэдэгдэл болохоор итгэхгүй байгаагаа сошиалд байдаг оркууд нь өөрсдөө бичээд байгааг нь харахаар бас л инээд хүрээстэй. Сонин дээр гарсан мэдээлэлд л итгэдэг, итгэл үнэмшилтэй болдог тийм цаг үе рүүгээ энэ нийгэм явж байна шүү дээ. Үндэсний фронтод нэгдэгсэд нь сошиалд “Маргаашийн сонин харъя даа, генералтай холбогдож чадахгүй байна” гээд бичсэн байна лээ. Монголын нийгмийн амьдрал нэг иймэрхүү худал хуурмагийн орчин болчихоод байна даа. Өдөр тутмын хэдэн сониныхоо мэдээллээс бусдад итгэхээ байчихсан.

Саяын жагсаалд ард иргэд яагаад ирээгүй, сошиалд байдаг хэдэн хүний хийрхэлд хууртагдсанаа мэдэж байгаа хүн байна уу. Монголчууд маань амьдрахын төлөө үзэж тарж байна шүү дээ. Төр засаг нь л дампуу байгаагаас биш ард түмэн чинь амьдралаа босгохын төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байна. Өнгөрсөн 30 жил хувийн аж ахуй эрхэлсэн хүмүүст жагсаалд ирэх зав юу гэж байх юм бэ. Амьдралынхаа төлөө, аж ахуйнхаа төлөө л явна биз дээ. Цаг хугацаатай уралдана биз дээ. Жагсаал зохион байгуулж тодорсоор байгаад Их хуралд сонгогдчихно, дарга болчихно гэсэн хэдэн хүний зорилгыг биелүүлэх гэж тэд ирэх юм уу. Та нарыг дарга болгохын төлөө ард түмэн хоёр хуваагдаад хоорондоо тэмцэлдэнэ гэдэг өдий байх аа.

Ялангуяа Төрийн шагналт, Төрийн гэсгээлтүүдийг өөд өөдөөс нь харуулж суулгачихаад “Эрүүг нь хуга шаана, хавригыг нь цөм өшиглөнө” гэсэн тэнэглэл яриулж, бичлэг хийж цацаад ард түмнийг босгочихно, ард түмнийг хуваагаад тэмцэлд босгоно гэж байгаа бол үлгэр. Эрх баригчид ингэж сэрүүн зүүдлэхээ болих хэрэгтэй. Төр засгийн ажлыг хуулийн дагуу, ном дүрмээр нь явуулж болдоггүй юм уу. Иймэрхүү галзуу хүний өдрийн тэмдэглэлээр жүжиг тавьж байгаа юм шиг үйлдэл хийж солиорохоо болимоор юм. Үүгээрээ ард түмний тархийг угаагаад байна гэж бодож байгаа бол мөн өдий байна даа.

Монголчууд бүх л цаг үедээ сайн, муу төртэй явж ирсэн. Уруудаж доройтсон үе ч бий. Сэрж мандсан цаг хугацаа ч бий. Монголын ард түмэн ганцхан хууртаж яваагүйдээ л тэсч үлдсэн, сөрж гарч ирсэн үндэстэн. Ард түмнээ битгий басамжилаарай, эрх баригчид аа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Halloween-ийг хориглож, Дүйцсэн өдрийг хуульчлах нь цаг үеэ олсонгүй

Христийн шашны том баяр Halloween-ий баяр энэ сарын 31-нд болно. Монголын хүүхэд залуусын хүсэн хүлээдэг баярын нэг нь энэ болсон. Гэвч энэ баярыг тэмдэглэхийг хориглосон БСШУС-ын сайдын тушаал өнгөрсөн жил гарсныг хүчинтэй хэвээр хэмээн өнөөдөр зарлаж байна. Төрийн болон хувийн хэвшлийн бүх сургуулийн удирдлагуудад хандан “Тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тус баяр байхгүй шүү…” гэдгийг сануулж зөрчвөл хуулийн хариуцлага хүлээхийг мэдэгджээ.

Энэхүү Halloween-ий буюу сүнсний баярын түүх домгийг дэлхийгээрээ мэднэ. 2000 жилийн өмнөөс эхтэй. Өвөл эхлэхийн өмнө муу ёрын сүнс, буг чөтгөрүүд гарч ирж тэнүүчилдэг тул зайлуулахын тулд аравдугаар сарын 31-ний өдөр галын наадам хийж, элдэв баг зүүсгэл өмсөн ёслол үйлддэг. Хүүхдүүд гартаа уут бариад хөрш айлуудаар хэснэ. Айлууд тэдэнд амттан шимттэн өгдөг. Ингэснээр муу ёрын сүнснүүд дахиж айлуудаар эргэлдэхгүй гэсэн үг юм. Мөн хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу “юм” болж мэднэ гэсэн мухар сүсэг, манайхаар бол дом л юм даа. Сүүлийн үед хүүхдүүдийг баярлуулах сайхан үйл явдал гэж цөөнгүй хүмүүс харах болсон юм.

Монголчуудад бас иймэрхүү дом байдаг. Цагаан сараар могой цайлна гэсэн домыг хөдөөний ихэнх айлууд хийдэг. Хавар ичигсэд хөдлөхөөр могой “Өвөл унтаж байхдаа ороогүй юм зун нь яаж орох билээ” гээд гэрт ордоггүй юм гэсэн. Үүн шиг чөтгөрийг дайлж цайлчихаар дахиж ирэхгүй гэсэн Христийн шашинтнуудын дом байх л даа. За энэ дом ч яахав, ер нь үүсэл зохицол нь ийм юм. Halloween-ий баяраар манай хүүхэд багачуул бэлэг авдаг, хөөрч догдолдог, ер нь нийгэмд гэгээлэг сайхан уур амьсгал бүрдүүлсэн баяр яах аргагүй мөн болжээ. Нийгэмд ийм нөлөөтэй баярыг муухай, муу ёр гээд, тэмдэглэсэн сургуулийн захирлуудыг орон шоронд явуулна гэж араа шүдээ хавируулаад байгаа нь хуучны цөвүүн цагийг санагдуулаад байх юм. Их зохиолч Д.Нацагдорж Христийн мэндэлсэн өдрийг Монголд тэмдэглээд шоронд орсон юм шүү дээ. Сургуулийн захирлуудад тийм хэрэг явдал тохоогдох гээд байгаа юм уу.

Энэхүү шашны баяртай давхцуулан Бурхан багшийн их дүйцсэн өдрийг амралтын өдөр болгохоор хуульчлан оруулсан нь цаг үеэ олоогүй хэрэг боллоо. Дэлхийн 100 гаруй улсад өөр өөрийнхөө өнгөөр тэмдэглэдэг баяр юм. Гэтэл энэ баярт хүндэтгэлтэй ханддаг орон үндэстэн бүрийн эсрэг сөрж байгаа юм шиг үйлдлийг манай дарга нар хийж байна. Өнөөдрийн төр засгийг удирдаж байгаа хүмүүсийн нүүр царайг харуулсан үйлдэл юм даа. Монголын төрд байгаа хүмүүс ямар ч бодлогогүй, нийгмийн уур амьсгалыг мэдэрдэггүй, аливаа юмны наадах цаадахыг гадарладаггүй, унтаж босож ирээд нэг л өглөө гэнэтийн шийдвэр бариад ухасхийдэг, хэрсүү бус байдлыг харуулсан үйл явдал болж байна. Өнөөгийн дэлхий ертөнц хил хязгааргүй шахуу болсон ийм цаг үед жижигхэн Монголын удирдагчид маш ухаалаг байх ёстой. Аливааг олон талаас нь харах, цаг үеэ үргэлж анзаардаг байхыг тэднээс нийгэм шаардаж байна даа. Мэдээж монголчуудад Дүйцсэн өдрийг тэмдэглэх өч төчнөөн шалтгаан бий. Дүйцсэн өдөр нь тэмдэглэх ёстой баяр мөн. Дэлхийн олон улс орон өөрсдийн шүтдэг шашны баяраа тэмдэглэдэг. Үүнээс бурхан багшийн төрсөн өдрийг тэмдэглэдэг 21 улс байдгаас ес нь албан ёсны амралтын өдөртэй юм билээ. Христийн төрсөн өдрийг тэмдэглэдэг 160 орон байдаг гэсэн. Дэлхий нийтэд ард иргэдээ амраадаг баярын хоног дунджаар 30 байдаг аж. Монголд энэ өдөр бага. Тэглээ ч тэмдэглэдэг баяруудаасаа нэгийг нь хасаж байгаад Бурхан багшийн дүйцсэн өдрийг амралтын өдөр болгох, монголчууд энэ өдөр архи тамхи, муу бүхнээс хол, буян хийж өнгөрөөе гэсэн зорилгоор энэ хуулийг санаачилсан гэж хууль санаачлагч гишүүд ярьж байна лээ. Нэг их буруу сонсогдохгүй, үндэслэл нь ч үнэмшилтэй байгаа юм.

Тэгвэл үүнтэй адилаар Halloween-ий баярыг тэмдэглэх өч төчнөөн шалтгаан байгаа. Нийгмийн уур амьсгал талаасаа ч тэр, улс төр талаасаа ч тэр. Ер нь бол аль нэг улсад, аль нэг шашин болон шашны урсгалыг онцгойлж үзвэл шашин хоорондын эв эвдрэх эхлэл, аюул тэр болдог дэлхийн практик байна. Яагаад гэвэл дэлхийн бүх шашны урсгал нийгмийн оюун санааг удирдаж, нэгтгэж, зохион байгуулж байдаг. Хамгийн хүчтэй хэрэгсэл. Тийм болохоор бид үүн дээр их ухаалаг бодлого барих хэрэгтэй. Өнөөдрийн нийгэмд шууд хориглох, хаах шийдвэр нь хүчтэй сөрөг үр дагавар дагуулдаг боллоо. Тийм учраас сүүлийн үед хөгжсөн орны төрийн бодлого “Зөөлөн хүчний бодлого” гэсэн албан ёсны нэр томьёонд шилжсэн. Хөгжсөн, хөгжиж буй аль ч улс орнуудад “Шууд хориглолоо” гэсэн хууль, тушаал захирамжаас аль болох зайлсхийх болсон.

Саяхан манай их хамба Чойжамц гуай “Бурхан багшийн их дүйцсэн өдрийг шашнуудын эв эеийн өдөр болгон тэмдэглэмээр байна” гэж айлдсан нь их зөв юм. Шашнуудын эв эеийг хангахын тулд шашнуудын баярыг алагчлалгүй тэмдэглэе. Тэр Исламын шашны рамадан баярт нь ч хүндэтгэлтэй хандъя. Halloween-ий баяр шиг хориг тээг тавьдаггүй, тэмдэглэх хүмүүс нь тэмдэглээд яваг. Монголын эрх баригчдын Halloween-ий баярыг хориглосон шийдвэрийг дэлхий анзаарсан шүү дээ. Мэдээллийн томоохон агентлагууд мэдээлсэн. Тухайлбал Ройтерс агентлаг тэр дор нь Монголд “Halloween”-ий баярыг тэмдэглэхийг хориглосон талаар онцлон мэдээлсэн юм. Мэдээний утга нь “Монголын ерөнхий боловсролын сургуулиудад “Halloween” буюу сүнсний баяр тэмдэглэхийг хориглосон байна. Энэ нь далайд гарцгүй тус улсын буддын шашны уламжлалыг үгүйсгэхэд нөлөөлж болзошгүй хэмээн эмээж буй явдал юм. Хүүхдүүд сүнсний баярын хувцсанд зориулж бэлтгэл хийн эцэг, эхээсээ мөнгө татсан талаарх гомдлыг яаманд илгээсэн бөгөөд үүний дагуу бүх сургууль руу удирдамж явуулсан аж. Сүнсний баяр албан ёсоор тэмдэглэлт баярт ордоггүй ч өргөн тэмдэглэдэг бөгөөд харин энэ жил бүх ерөнхий боловсролын сургуулийг хориглосон байна…” гэхчлэн дэлхийд зарласан.

Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхахыг хичээж яваа. Тэрний нэг нь яах аргагүй шашин. Дэлхийн хөгжсөн, хөгжиж буй, хөгжих гэж зовж буй, нийтдээ 160 гаруй улс орон шашны бүх урсгалд хүндэтгэлтэй хандаж, нээлттэй байх болсон. Монгол Улс тэднээс сондгойрч, дэлхийгээр нэг тэмдэглэдэг шашны уламжлалт зан үйлд алагчилж хандаад яахав. Тэртэй тэргүй Монгол Улсын 15 наснаас дээш хүн амын 56 хувь нь буддын шашинтай гэсэн судалгаа бий. Энэ бол стандарт үзэгдэл. Тийм болохоор “Halloween”-ий баяраа ч тэмдэглэг, Бурхан багшийн их дүйцсэн өдрөө ч тэмдэглэг. Харин эдгээрт төр засаг оролцдоггүй байя.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай хурандаа хүү Үндсэн хуулиараа тоглож, тоглож ханах шиг боллоо

Манай Ерөнхий сайд хурандаа цолтой, хүүхэд шиг мотоцикль унаж гудамжаар давхисан, хүн элдвээр аашилж загнасан бага залуу хүн бий. Түүнийг Монголын төрд гарч ирснээс хойш төр дэх элдэв муу хэл ам татарсангүй. Энэ хавар ЖДҮийн хэрэг хүчээ авч, Засгийн газар нь огцрох, намынх нь дотоод зөрчил ужиграх хандлагатай болов. Улмаар Оюу толгойн шалгалтын асуудлаас тэр зайлшгүй бултах шаардлага гарсан. Ядахад яр нэмэр гэдэг шиг ийм их асуудлууд шил шилээ даран гарч ирж байхад мань эр энд тэнд очиж уул уурхайнуудыг хаах попролуудаа хэтрүүлэв. Мөн Хэнтийн нөхөн сонгуулийг улайм цайм зогсоолоо. Энэ мэт ноцтой олон асуудлуудаа дарахын тулд тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт (ҮХНӨ) хэмээн зунжингаа тоглолоо. Бүр ҮХНӨ гэдэг нэр томьёо бий болтол шүү. Ард түмнийхээ оюун санаагаар тоглосны үр дүнд нь одоо улс орныхоо байж байгаа царайг хар. Гэрийн эзэн нь хавар эртээ гарч даалуу тоглон, айрагдаж архи эргүүлж явахад, ар гэр нь хаваржаан дээрээ өвөлтэй золгож байгаа юм шиг ийм л улс орон боллоо доо. Бүр нэг салмайж ноорсон айл. Монголын сэхээтнүүдэд хэлэх үг олдохгүй байна. Үг л хэлвэл хурандаа хүүгийн амнаас занал зүхэл гарах учраас.

Одоо бол хурандаа хүү ҮХНӨ хэмээн тоглож, тоглож ханасан бололтой. Шинэ тоглоом гараад ирсэн байна аа. Тэр нь “Саарал жагсаалт” гэнэ. Дургүй нам, дургүй хүн, ер нь дургүй бүхэн рүүгээ саарал жагсаалт эднээс боллоо гэж дайрах шинэ тоглоомтой болжээ. Үүнийг манай тулхтай улс төр судлаачид дотроо сэм ярьж байгаа юм. Энэ саарал жагсаалт нь үнэндээ Монголын ард түмэнг амаар нь шороо үмхүүлж, төгрөгийн ханш түүхэндээ байгаагүйгээр унаж, ядуу дээрээ улам ядуу болж дуусгах бололтой. Муу ёрлосон хэрэг биш юм шүү. Эдийн засгийн шинжээчдийн зүгээс “Жаахан доллартай байсан хэсэг нь түүнийгээ хав дараад эхэллээ. Өнөөдөр 2700 төгрөг болсон ам.доллар цаашид яаж өсөхийг хэн ч таамаглах аргагүй. Энэ бол сүйрэл шүү” гэсэн дүгнэлтийг хэлж байгаа юм. Үнэн хэрэгтээ УИХ, Засгийн газар хоёр нь сайн ажиллаад явсан бол саарал жагсаалтад орохгүй байх байлаа.

Одоо ард түмэн айдас хүйдэст автаж эхэлнэ байх. Айдаст автсан ард түмнээс юу гарч болох уу… Бодож байгаа улстөрч ганц ч болтугай байгаа болов уу. Дэлхийн олон эмгэнэлт түүхийг бид мэднэ. Гэхдээ ийм муухай дүгнэлтээр яахав. Монгол хүний амны бэлгэ байна.

Зүгээр л Монголын эдийн засгийн маш хүнд үеийг авч гарсан Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн сүүлд хурандаа хүүгийн Засгийн газарт өгсөн дүгнэлтийг хүргэе. Тэрбээр “У.Хүрэлсүхийн Засгийн газар асуудлаа томоор харж, үүнийгээ шийдэхэд дорвитой алхам хийхгүй байна. Харин хүмүүсийн дургүйг хүргэсэн, жижиг сажиг зүйлээр хөөцөлдөж, нэг асуудлыг энэ тэндээс нь мэрэх юм. Тэгснээ айгаад, буцаад ухарчихна. Мэргэжлийн Засгийн газар бус мэрэгчдийн Засгийн газар байгуулчихлаа. Уг нь сүхээр зоригтой цавчих ёстой юмыг мэрээд л суугаад байна. Шуудхан хэлэхэд буруу асуудлаар хөөцөлдөж, олны дургүйг хүргээд байна” гэсэн юм. Томчууд хэлээд л, сануулаад л, дүгнээд л байгаа биз…


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Дөрвийн дөрвөн хүн үрэгдчихээд байхад дөмбийгөөд суудаг хэвлэл мэдээлэл гэж хаана ч байхгүй

Сайжруулсан түлшний угаарт хордсон хэд хэдэн дуудлага энэ сарын 04-ний орой Хордлогын төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж авсан ч харамсалтай нь дөрвөн иргэн амиа алдлаа. Үүгээр зогсолгүй өчигдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг нэг өрхийн гурван хүн угаарын хийнд бас дахин хордож 28 настай, эмэгтэй Ц нас барсан байна. Цааш ч үргэлжлэх бололтой. Угаарт хордсон иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 70 хол гарчээ. Ер нь бол есдүгээр сард л сайжруулсан түлшинд угаартсан мэдээлэл дуулдаж эхэлсэн юм. Арай амь насаа алдсандаа хүрээгүй байсан. Ийм аюул нүүрлэхийг урьдчилж мэдсэн эрх баригчид, хотын удирдлагууд нүхээ ухаж, “Сайжруулсан түлшний талаар муугаар бичвэл тагнуул, цагдаагаар шалгуулна” хэмээн давилуунтаж байсан юм байна. Ямар муухай зөнтэй дарга нар вэ. Хүүхдүүд угаартаж нас барахыг мэдээд хүчнийхнээр сүрдүүлж байдаг.

Нийгэм ийм аюултай байдалд хүрч, дөрвийн дөрвөн хүний эрдэнэт амь үрэгдчихээд байхад дөмбийгөөд суудаг хэвлэл мэдээлэл гэж хаана ч байхгүй. Дуугарч л таарна. Угаарын асуудал босонгуут л эрх баригчид хэвлэл мэдээллийн удирдлагууд руу есөн шидийн сувгаар ярьж, учир нь олдтол мэдээлэхгүй байхыг хүсч байна. Тэгдэггүй юм, дарга нар аа. Энэ бол үнэхээр үндэсний хэмжээний эмгэнэл. Үүнд хэвлэл мэдээллийнхэн ухаалаг хандах хэрэгтэй. Алдаа нь яг хаанаа байна. Үнэндээ хаа хаанаа асуудал бий. Ямар ч байсан хүмүүс нас барсан нь факт мөн. Угаартаж нас барсан хүний тоо нэмэгдэх шинжтэй болсон нь бүр аюултай баримт. Үүний эсрэг төр засаг юу хийх ёстой, юу хийж байна. Асуудлын гол нь үүндээ байна. “Бид шалгалаа, сайжруулсан түлшинд асуудал алга, 30 мянган өрх түлсний нэг хувьд л ийм асуудал үүслээ, тийм болохоор хориглохгүй…” гэхчлэн эрх баригчид яриад мэтгээд байгаа нь үнэндээ тэнэглэл мөн. Гэхдээ эдгээр тэнэгүүдийн дотроос нэг ухаалаг нь гарч ирээд асуудлыг шийдэх байх гэж найдаж байна.

Хүний амь наснаас илүү үнэтэй юм гэж хаана ч байхгүй. Амиа алдсан иргэддээ эмгэнэж байна. Бидний амьдралаас хол байгаа аюул биш шүү дээ. Бидний яг дэргэд байгаа аюул. Орон сууцанд байдаг биднээс хол гэсэн өчүүхэн санаагаа ингэж ил харуулж болохгүй, дарга нар аа. Далд бүр ч харуулж болохгүй.

Монголд болж буй хэрэг явдалтай зэрэгцээд Финландын зүүн бүсийн Куопио хотын нэгэн сургуульд хутгаар зэвсэглэсэн этгээд халдаж нэг хүнийг хөнөөж, 10 хүн шархдуулсан хэрэг гарлаа. Тус улсын зүгээс тэр дор нь Онц байдал зарлаж, хэргийн учрыг мухарлахаар улс орон даяараа хөдөлж байна. Манай улстай тун төстэй, 5.4 сая хүнтэй энэ улсад иргэн нь цаг бусаар амиа алдахад ингэж Үндэсний хэмжээний аюулын хэмжээнд авч үзэж байна. Манайд таван ч иргэн маань зуурдаар амь насаа алдчихаад байна. Бидний байгаа царайг хар. Хоёр нялх хүүхэд, ах дүүсээрээ амиа алдчихаад байхад эрх баригчид нь “Бидний бэлдсэн түлшнээс л лав болоогүй байна шүү” гэж хэлчихээд гэртээ очоод хэвтчихэж байгааг. Байшингийн загвар муу хийлээ гэж Монголоор нэг аашилж загнадаг Ерөнхий сайд нь хаана явна. Байшинг чинь нурааж л таараа гээд бахирч байдаг хотын дарга нь гарч ирээд эмгэнэл илэрхийлчихэж чадахгүй л байна. Сайд, дарга бүхэн арьсаа хамгаалсан мэдэгдэл хийж байна. Монголчуудыг айдаст автуулж буй энэ хэрэг явдал дээр чинь л жинхэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь яаралтай хуралдаж, анхаарлаа хандуулдаггүй юм уу.

Сайжруулсан түлш үнэхээр хортой, хоргүйг цаг алдалгүй тогтоох хэрэгтэй байна. Хоргүй юм бол яаж түлэхийг нь бас цаг алдалгүй айл өрх бүрийн хаалгаар орж тайлбарлаж таниулах хэрэгтэй байна. Айл бүрт хүрч утаагүй түлшийг хэрхэн зөв хэрэглэхийг заахгүй өөр ямар ажил тэгээд хийх гэсэн юм бэ, та нар. Өөр хийх ажил та нарт байгаа юм уу. Ард түмэн чинь дэлхийд байхгүй хүйтнийг хэрхэн давах асуудал та нарын хамгийн чухал ажил биш үү. Үүнийг л хийгээдэх гэж ард түмэн та нарыг наад суудал дээр чинь залсан юм байгаа биз дээ. Гэтэл хариуцсан том дарга нь юу гэнэ вэ, “Би айл бүрээр орж сайжруулсан түлш хэрхэн түлэхийг заах юм уу, чадахгүй” гээд сууж байна. Гэр хорооллын 200 мянган өрхийн өөдөөс салаавч өгч буй эрх баригч гэж энэ. Өнөө 200 мянган өрхийн дийлэнх нь тэдэнд саналаа өгсөн нь сонгуулийн статистикаас харагддаг шүү дээ. Нийслэлчүүд бид бүхэн чинь ямар юмнуудаа төрд сонгочихсон юм бэ.

АН-ын зүгээс өчигдөр мэдэгдэл гаргасан. Нийслэлийн удирдлагуудыг авчирч УИХ-д сонсгол хийлгэе гэж. Энэ нь хамгийн зөв. Улсын эрхийг барих хамгийн дээд байгууллага УИХ дээр энэхүү эмгэнэлт асуудлыг ярилцаж шийд. Тэгэхгүй бол тэр доод шатны дарга нар чинь “Айл бүрээр орж гал түлэхийг заах юм уу” гээд суугаад байна. Ард түмний шууд сонгон байгуулсан төр бол УИХ. Та нар доогуур байгаа дарга нараа томилсон. Тэдэнтэйгээ хариуцлага тооц. Төрийн бүх шатны байгууллагыг, бүтцийг ажилд нь оруулж, гэр хороолол, түлшний үйлдвэр, цэгүүдэд жижүүрлүүл. Дүүрэг, хороо, гудамж, талбай, айл өрх бүрт тэднийг очуул. Хамт хоно, гал түлүүл, гэр хорооллоос ажилд нь явуул. Муулаад байдаг соц нийгмийн үед ажил нь унаад байгаа аймгуудад Төв хорооноос В.Бүнчин гэж даргыг нэр цохон томилж ажиллуулдаг байсан бодит түүх бий. В.Бүнчин дарга ажил нь унасан газар бүрт цэргүүдээ дагуулж очин тодорхой хугацаанд амьдардаг байсан гэдэг. Малчныд хонож, галчтай нь хамт уурын зууханд ажиллаж, жолоочтой нь хамт бүхээгт нь явж, зам тавьж байгаа газарт өглөө үүрээр ажилчных нь хувцас өмсчихсөн зогсож байдаг байсан гэдэг. Яг л ийм амьдралын гүнд, хэрэгтэй газарт нь, хэрэгтэй цагт нь, асуудлыг нь шийдэж, ажлыг нь хийлгээд зогсож байдаг удирдлага өнөөдрийн төр засагт нэг ч алга. Ялангуяа аж ахуйн ажил дийлэнх нь байдаг нийслэлд цагаан цамц, зангиатай, гял цял болсон баахан дарга нар, ард нь амьдрал нь нурсан 200 мянган өрх. Ийм байхад элэнцгийн чинь эх орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт вэ… Та нарыг сонгосон ард түмэн цаана чинь үхэж байна. Та нар сайн ажилласан бол иргэд ингэж олноороо үхэхгүй байсан. Үхэл хагацал хэдүй болтол үргэлжлэхийг өнөөдөр хэн ч мэдэхгүй болчихоод байгаад л аюул оршин байна шүү.

Уг нь бол утаагүй түлш нь ахиц дэвшил хэмээн бид өөдрөг сайнаар бичсээр байгаа. Гэвч харамсалтай нь сайжруулсан түлшний эргэн тойронд хэрэг явдал өрнөөд байна. Үүнд хэвлэл мэдээллийнхэн маш сонор соргог байх ёстой. Бодит үнэнийг мэдээлэх ёстой. Үнэнийг мэдээлэхэд хамгийн их түлхэц өгөх нь төр засгийн шат шатны байгууллагууд юм. Төрөөс л хэвлэл мэдээллийнхныг бодитой мэдээллээр, цаг алдалгүй хангаад өгвөл бид хамтраад үнэнийг нийгэмд ойлгуулж чадна. Гэтэл төрийн зүгээс зуларч, нууцалж, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, зөвхөн арьсаа хамгаалсан мэдээлэл хийгээд байвал сайжруулсан түлш нэг мөсөн сөнөнө. Хүн үхлээ, сонгууль дөхлөө гээд зогсох л юм бол дахиад Улаанбаатарыг утаанаас салгах тухай хэн ч зориглохгүй. Эрсдэл ирлээ. Эрсдэлийг ухаалгаар зохицуулахын оронд дээрх хоёр шалтгаанаар унтарвал өнөөдрийнхөөс ч тэнэг хэрэг болно. Яг нарийндаа бол угаартахаа хүрвэл аргалын утаанд ч угаартана. Түүн шиг түлшийг буруу хэрэглэвэл олон хүн үхэх бололтой. Мэргэжлийн болоод, мэргэжлийн бус хүмүүс сайжруулсан түлшний талаар мэргэжлийн үг хэллэгээр зөв буруу ойлголтыг нийгэмд өгсөөр байна. Миний ойлгосноор иргэд маань шаталт муутай нүүрсэнд хэрэглэдэг хуучин аргаа шаталт өндөртэй шинэ түлшинд хэрэглэж эхэлсэн нь алдаа болох шиг боллоо. Өнөөдрийн эрх баригчид энэхүү шинэ түвшний түлшийг хэрэглэх зааварчилгааг иргэдэд үнэхээр сайн зааж сурталчилсан бол ийм хэрэг гарахгүй байсан. Өнгөрсөн хавраас эхлээд бараг бүтэн жил шахуу зөвхөн энэ талын зааварчилгааг ард түмэнд заах байлаа. Даанч тэгсэнгүй дээ. Эцэст нь өнөөдөр ямар байдалд хүрэв!!!

Тэгэхээр нийслэлчүүдийн хувьд утаагүй түлшинд угаартаж үхэх үү. Эсвэл түлэхгүйгээр хөлдөж үхэх үү гэсэн прадокстой тулгарч байгаа бололтой …


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Увайгүй зан гаргах нь урд хөршид зөвхөн зөвшөөрөгддөг юм шиг байж болох уу

Энэ жил хөршүүдийн хувьд хоёр том ой, тэмдэглэлт үйл явдал болж байна. Нэг нь хойд хөршийнхөн Халхголын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэлээ. Монголд энэ ой, зохион байгуулалт, үзэл суртлын өндөр дээд түвшинд болсныг бид харж байна. Дээр дооргүй тэмдэглэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүрхий сурталчиллаа. Зэрэгцээд урд хөршид Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээ болж байна. Энэ ой бол монголчуудын хувьд бас том баяр. Хятадтай дипломат харилцаа тогтоосон 70 жил бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн түүхэн хийгээд улс төрийн том үйл явдал юм аа. Үүнд урд хөршийнхөн их ач холбогдол өгч байна. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээ эхлэхийн өмнөхөн Хятадын Гадаад харилцааны сайд Ван И манайд албан айлчлал хийж “Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр улсын харилцааг бид шинэ шатанд гаргана” гэж онцолсон юм. Мөн тэрбээр айлчлалынхаа үеэр албан ёсны мэдээлэл хийхдээ, “Хоёр тал яриа хэлэлцээрээр хэд хэдэн чухал тохиролцоонд хүрлээ. Нэгт, бие биеийнхээ язгуур эрх ашгийг хүндэтгэнэ. Хоёрт, хоёр талын улс төрийн суурь үндсийг сахин хамгаална. Хятадын талаас Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж байна. Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж байна. Мөн хоёр орны өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгална. Бодит харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ. 2020 он хүртэл хоёр талын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ. Хятад улсын дэмжлэгээр барих Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төсөл дээр чухал ахиц гарсан. Хоёр улсын хилийн боомтын дэд бүтцийн төслүүд хөгжиж байна. Мөн Монгол Улсаас санал болгосон мал аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тухай саналыг Хятадын тал нааштай хүлээж авахад бэлэн байна. Цаашид соёл, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын солилцоог улам идэвхтэй хөгжүүлнэ. Хятад, Монгол, Орос гурван улсын гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналд нэгдсэн. Мөн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэсгэж, бүс нутгийн хөгжилд түлхэц үзүүлнэ. Олон улсын чөлөөт худалдааны механизм болон дэлхийн худалдааны байгууллагын журмыг сахин хамгаална” хэмээн мэдэгдсэн юм. Үүний үргэлжлэл болгож БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймины зүгээс манай төр засгийн удирдлагуудтай уулзаж Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх 70 төслийн талаар санал солилцсоноор ийнхүү ойн арга хэмжээнүүд эхэлсэн. Хоёр орны хамтарсан соёлын арга хэмжээнүүд Улаанбаатар хотод бол урлагийн тоглолт, үзэсгэлэн, номын яармаг, уран сайхны кино, кино солилцоо, анагаах ухааны төлбөргүй оношилгоо, аялал жуулчлал, спорт нөхөрлөлийн тэмцээн зэргээр үргэлжилсээр…

Гэтэл урд хөршийн эдгээр олон арга хэмжээнүүд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш муу мэдээлэгдэж байна. Шулуухан хэлэхэд ерөөсөө мэдээлэгдэхгүй байна. Урд хөрш бол Монголын хэвлэл мэдээллийнхэнд их тусалж, МСНЭ-тэй хамгийн сайн харилцаатай байгааг сэтгүүлчид бүгдээрээ мэдэж байгаа. Сүүлийн жил гаруйн хугацаанд Монголын 400 орчим сэтгүүлч урд хөршид айлчилсан. Айлчилсан гэж зориуд хэлж байгаа юм шүү. Яагаад гэвэл очсон сэтгүүлчдийн баг бүхэнд маш хүндэтгэлтэй хандаж, амаар нь гартал цайлж, дайлж, хөгжил цэцэглэлтээ онцгой харуулж ойлгуулаад буцаадаг. Олон сэтгүүлч очиж байгаагаар бол Хятад-Монголын дипломат харилцааны 70 жилийн ойг их мэдээлмээр, гүн хүндэтгэлтэй хандмаар юм. Гэтэл тэгэхгүй байна. Хятадад тасралтгүй очиж байгаа тэр олон сэтгүүлчид ийм увайгүй байж болохгүй. Урихаар нь уургийн морь шиг ухасхийдэг. Урилгаас нь татгалзсан хэвлэл мэдээллийн байгууллага Монголд байхгүй шүү дээ. Урилгаар нь сайхан зочилсон хэрнээ Элчингээс нь зохион байгуулж байгаа арга хэмжээн дээр нь огт очихгүй байна. Эрхбиш МҮОНТ хааяа нэг очсон харагдах юм. Очоод хийж байгаа мэдээ нь хариугүй. Эфирээр гарч байгаа нь Хятадын элчин сайдын эхний үгийг хэлүүлээд гүйцээлгүй тасалж өөр хүмүүсийн дуу авиа оруулчих жишээтэй. Гэтэл сая Халхголын 80 жилийн ойгоор яаж байна, Үндэсний телевиз шиг хойд хөршүүдийн дуу хоолойг нэвтрүүлсэн газар алга. Ийм л увайгүй шинжтэй манай хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллаж байна.

Монголын хэвлэл мэдээллийнхэн ингэж болохгүй. Хоёр хөрштэйгөө бид эн тэнцүү харилцах ёстой. Мэдээллийн баланс Орос-Хятад хоёр дээр адил тэнцүү байх зарчмыг редакциуд онцгой анхаарах ёстой. Энэхүү мэдээллийн тэнцвэргүй байдал дан ганц Монголын хэвлэл мэдээллийнхний буруу бас биш. Урд хөршүүд Монголын хэвлэл мэдээллийнхэнтэй харилцаж буй харилцаа, сонголтондоо их муу байгаа харагддаг. Өөрийн гэсэн мэдээллийн байгууллага, редакцигүй, сэтгүүлч нэр зүүсэн хүмүүстэй нэлээн харьцаатай байх шиг харагддаг. Хятадын албаны хүмүүст Монголын хэвлэл мэдээллийн талаар хэн бодитой мэдээлэл өгч, хэн нь буруу мэдээлэл өгч байгаа нь тодорхойгүй байна. Хятад руу сэтгүүлчдийн багт явж байгаа хүмүүсийн цөөнгүй нь, ирээд гаргах мэдээллийн суваггүй, ганц сэтгүүлчтэй сайтын “ганц” нь өөрөө явж байгаа харагддаг. Монголын сэтгүүлчдийн байгууллагын удирдлагууд нь урд хөршийнхнийг хуурч, янз бүрийн зохиолч, сэтгүүлч, зураглаач, чөлөөт уран бүтээлч… нэртэй хүмүүсийг урагш авч явдаг нь мэргэжлээрээ ажиллаж байгаа сэтгүүлчдийн шүүмжлэлийг хүртэх болсон. Энэ байдал нь эргээд Хятадын Элчин сайдын яамнаас зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд сөргөөр нөлөөлж ирэв бололтой. Хятадын сэтгүүлчдийн багт явж байгаа, хэн ч мэдэхгүй, танихгүй сэтгүүлч гэх нэгэн бээр “Надад сайтын 10 редакци байна” гэж ярихыг сонсоод мэл гайхсан сэтгүүл зүйн доктортой таарч байлаа. Тэгэхээр Хятадын нөхдүүд маань үүн дээрээ онцгой анхаарах хэрэгтэй.

Ер нь урд хөршийнхөө хэвлэл мэдээлэл хариуцсан дарга нарт хандаж шуудхан хэлэхэд өнөөдөр Монгол Улсад тогтмол, албан ёсны үйл ажиллагаа явуулж буй редакцитай мэдээллийн сайт гэвэл news.mn, medee.mn, ikon.mn, admin.dnn.mn, baabar.mn… гэхчлэн гарын арван хуруунд багтах хэд л бий. Телевиз гэвэл МҮОНТ, 25 суваг, ТВ9, ТВ5… байна. Сонин хэвлэл ч ялгаагүй, “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ” гэсэн өдөр тутмын, тогтмол гурван сонин л байна. Бусад сонин хэвлэл нь зуны цагт амарчихдаг. Тэгэхээр Хятадын Элчин сайдын яаманд хандаж хэлэхэд нэр дурдсан дээрх хэвлэл мэдээллийн байгууллагуудтай албан ёсоор харьц, хандаж бай. Бусдыг нь Монголд тоодоггүй юм аа, Монголд бүү хэл, гадаадад ч тоодоггүй юм. Үүнд хэн нэгний буруу байхгүй. Учир нь Монголын хэвлэл мэдээллийн салбар өнгөрсөн хугацаанд маш олон хуваагдаж, салж сарнисан. Олон толгойтой, олон эзэнтэй болсон. Эдгээр эрээвэр хураавар мэдээллийн хэрэгслүүд нь бүгдээрээ босоо биш хэвтээ, хавтгай удирдлагатай. Нэгдсэн бодлого, хариуцлага огт байхгүй явж ирлээ. Хавтгай удирдлага гэдгийг тодруулж хэлэхэд тухайн байгууллагад үгэнд ордог сэтгүүлч байхгүй болсон. Сэтгүүлч бүр нь дур дураараа мэдээ материалаа бэлддэг болсон нь чанаргүй сэтгүүл зүй болчихоод байна. Харин энэхүү хариуцлагагүй байдал нь дээр нэр дурдсан хэвлэл мэдээллийн байгууллагуудад байхгүй учраас та бүхэн тэдэнтэй хамтран ажиллах нь ажилд чинь тустай.

Гэхдээ мэдээж Монголын хэвлэл мэдээллийн салбар алдаандаа дүгнэлт хийж ахиж, дээшилж, сайжрах зам руугаа явж байгааг урд хөршийнхөн маань харж байгаа байх. Хариуцлагатай, чадварлаг редакциудын тоо нэмэгдэж байгаа нь дамжиггүй. Тэдэндээ хандаж хэлэхэд хоёр нүүрээр хоёр хөрштэйгөө харьцаж болохгүй шүү. Увайгүй зан гаргах нь урд хөршид зөвхөн зөвшөөрөгддөг юм шиг ажиллаж болохгүй шүү гэдгийг л хэлэх байна.