Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Үйлдвэр, уурхайгүй бол үүднээс дээш гарахгүй юм байна л даа

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г сая гаргажээ. Судалгааны зорилго нь Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлох юм байна. Тус төвөөс аймаг бүрийн давуу болон сул талыг тогтоож, өрсөлдөх чадварын боломж, чадавхыг үнэлж, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлдгээрээ ач холбогдолтой юм.

Сая бол 175 үзүүлэлтээр аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлжээ. Голлох үзүүлэлтүүд нь бол эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн суурь үндэслэл юм байна. Энэ жилийн хувьд Дорноговь аймаг өрсөлдөх чадвараараа 21 аймгийг анх удаа тэргүүллээ. Сүүлийн таван жил тэргүүлсэн Орхон аймаг хоёрдугаар байранд шилжив. Өнөөх л Булган, Завхан, Дундговь, ГовьАлтай аймгууд сүүл мушгидгаараа мушгилаа. Яасан хөгжиж дээшилдэггүй аймгууд вэ. Булган аймаг лавтай сүүлийн гурван жил адагт орж байна. Эдгээр тэргүүлсэн хийгээд адагт орсон аймгуудыг хооронд нь харьцуулаад харахад шалтгаан нь хэнд ч тодорхой ойлгогдохоор байна даа. Дорноговь, Орхон, Өмнөговь, Дархан-Уул аймгууд бүгдээрээ уул уурхайтай, түүнийгээ дагасан их бага үйлдвэр, жижиг дунд бизнесүүдтэй аймгууд. Өрсөлдөх чадвараараа тэргүүлж байгаа нь ерөөсөө л энэ. Уул уурхайг орон нутагтаа хөгжүүлж байгаа нь тэдний өрсөлдөх чадвартай байгаагийнх. Ер нь бол “Аймгуудын өрсөлдөх чадвар” гэж сэнтэг бичээд байгаагаас бус бодит утгаараа тухайн аймгийн ард иргэдийн амьдрал ахуй, жижиг дунд бизнес эрхлэгчдийн ашиг орлого, татвар төлөлт сайн муу байгаа үзүүлэлтийг л хэлээд байгаа хэрэг. Нэг үгээр бол Дорноговь аймгийн ард иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийнх нь тэнхээ сайн, тэд чөлөөт нийгэмд өрсөлдөх бүрэн чадвартай болсон байгааг “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-д тусгасан үйл явц юм.

No description available.

Дорноговь аймаг энэ жил юугаараа дээшлэв. Хүн бүрд харагдаж байгаагаар бол тэр аймгийн нутагт шинээр төмөр зам тавигдлаа. Таван толгойгоос Зүүнбаян хүртэл 420 км төмөр. Энэ төмөр зам нь Дорноговь, Өмнөговийн нутгуудад байгаа стратегийн хийгээд эдийн засгийн өндөр үр ашиг авчрах ирээдүйтэй, зарим нь үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн томоохон 30 гаруй ордыг дайран өнгөрч байгаагаараа онцгой ач холбогдолтой юм. Хүмүүсийн мэдэж байгаагаар Дорноговь аймгийн нутагт байгаа, үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн Цагаан суварга, Хармагтайн ордууд гэхэд эдийн засгийн үр өгөөжөөрөө Сайншанд, Зүүнбаянг цаашлаад Монголын дорнын говийг хөгжлийн баян бүрд болгож чадах ордууд. Ердөө аравхан жилийн дотор шүү. Дээр нь энэ аймагт ураны хайгуул, туршилтын олборлолтын Арева компани үйл ажиллагаа явуулж байна. Францын энэ компанитай дорноговьчууд маш ухаалаг харьцах хэрэгтэй. За тэгээд Сайншандын Аж үйлдвэрийн парк ямар ч байсан урагшилж байна. ЗамынҮүдийн чөлөөт бүсийн ажил өмнөх шигээ биш, бодитойгоор урагшаа хөдөлсөн. Цахилгаан станцынхаа тохируулгыг хийчихсэн, санхүүжилт нь шийдэгдсэн учраас одоо бусад ажлууд нь явагдаж байна. Цар тахлын хаалттай энэ цаг үед Замын-Үүдийн чөлөөт бүсээ бид ашиглалтад оруулчихсан байсан бол ингэж хил, гааль дээр бүх ачаагаа гацааж баларч суухгүй байсныг амьдралаараа ойлголоо. Бид ойлгоод яахав, гол нь Монголын төр засаг илүү сайн ойлгосон учраас тийшээ онцгой анхаарч байна. Өндөр хүчин чадалтай Монполимет компанийн цементийн үйлдвэр Дорноговьд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Хамгийн сайн нь төмөр зам, засмал замаа дагуулж уул уурхайн үйлдвэрлэлүүд, сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр, Аж үйлдвэрийн паркаа явуулж байна. Мөн Монгол Улсын эрдэс баялгийн экспортод голлох нөлөө үзүүлж байгаа төмрийн хүдрийн экспортыг атгаж байгаа УИХын гишүүн Дэлгэрсайхан тус аймгаас сонгогдсон УИХын гишүүн байгаа нь энэ аймаг ирээдүйг уул уурхайтай зөв холбож, чиглүүлж байгаа байж ч мэднэ. Удахгүй дорноговьчууд уул уурхайнхаа хүчээр Монгол Улсдаа дийлдэхгүй өндөрт гарах биз ээ. Ер нь Монголын ирээдүй Дорноговь аймаг болж эхэлж байгаагийн эхний шинж тэмдэг нь ийнхүү аварга том Эрдэнэт үйлдвэрийг ардаа хийж, 21 аймгаа өрсөлдөх чадвараараа тэргүүлж эхэлсэн явдал шүү.

Эхний байруудад орсон Орхон, ДарханУул, Өмнөговь аймгууд мөн бүгд уул уурхайтай, түүнээ дагасан том, жижиг үйлдвэрүүдтэй аймгууд. Эрдэнэт үйлдвэр, түүнийг дагасан ямар олон бизнес, жижиг дунд үйлдвэрлэлүүд урагшилж байна. Өмнөговь бол Монголын уул уурхай, эрдэс баялгийн голомт, Оюу толгой, Таван толгой, баруун тал руугаа Гурвантэсийн МАК-ийн нүүрсний уурхай, түүнийг дагасан засмал зам, дэд бүтэц гээд. Зөвхөн Ханбогд сум гэхэд аймгаасаа том суурин, хөгжлийн төвлөрөл болох нь. Өмнөговьчууд уул уурхайн хөгжлийн амтанд орчихлоо, түүнийгээ дагаад ард түмнийх нь амьдрал эрс дээшилж байна. Тэр байтугай хотын цөөнгүй компани Өмнөговь аймгийн харьяат, тэнд бүртгэлтэй болж эхэлж байна. Учир нь Өмнөговьд цаашид бүтээн байгуулалтууд, уул уурхайгаа дагасан бизнесийн олон салбар хөгжих нь тодорхой болсон учраас нийслэлээс дайжиж шууд Өмнөговь аймгийн Татварын албанд бүртгүүлж эхэлж байна шүү дээ. Энэ чинь хөгжил. Дархан-Уул аймгийг хар. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, дээр төмрийн хүдрийн уурхай энэ аймагт л цэцэглэж байна. Түүнээ дагаад өрсөлдөх чадвар нь улам дээшилж байна. Сүхбаатар аймаг энэ жилээс өрсөлдөх чадварын засаглалын үр ашгийн үзүүлэлтээрээ дээшээ гараад ирлээ. Тэр нутаг уг нь АлтанОвоо, Шилийн богд, Ганга нуур… гээд байгалийн үзэсгэлэн төгсөөрөө олны анхаарлыг татдаг, олны хөл тасардаггүй, байгаль орчны үнэлгээ, хамгаалалт сайнтай, уул уурхайд дургүй байхаар аймаг. Гэтэл тэд ухаалаг байна. Монголын стратегийн анхны таван ордын нэг болох Цайртминериаль компанийг Сүхбаатар аймгийн ард иргэд үргэлж дэмжиж, тэднийхээ дэмжлэгээр ч аймгийнхаа эдийн засгийн чадавхыг сайжруулаад эхэллээ. Үүнд аймаг орон нутгийн удирдлагууд нь онцгой үүрэгтэй оролцож байгаа нь Сүхбаатар аймгийг Цайрын олборлолтоороо дээшээ гарах замыг засчихлаа. Уул уурхайгаа дэмжиж хөгжүүлж, хөгжлөө хурадсгаж байгаагийн сүүлийн нэгэн тод жишээ Сүхбаатар аймаг боллоо.

Тэгвэл 21 аймгийн адагт байнга байгаа Булган аймгийг хар. Айргаа зараад амьдралаа дээшлүүлж, аймгаа хөгжүүлчихнэ гэж бодож явсаар үндсэндээ баларлаа. Аймгийн төвд нь ажлаар очихдоо амарчих гайгүй ганц зочид буудал ч алга байна шүү дээ. Нэг л их анхдагчдын өлгий гэж ярихаас цаашгүй сууцгааж байна. Уул уурхайн хөгжил ярихаар Булганхангай нутгийг маань бузарлалаа гэж цамнасан хүмүүс. Заамарт үйл ажиллагаа явуулж байгаа алтны томоохон компаниудын цөөнгүй нь Булганы нутагт лиценз эзэмшсэн ч одоогоор ганц нь ч үйл ажиллагаа явуулж чадахгүй орон нутгийн иргэдийн хоригт байна. Тэгсэн хэрнээ аймгийн төвдөө 40 метр бурханы дүр босгож хөгжиж цэцэглэнэ гэх шиг юм ярьж найр наадам хийгээд явцгааж байна. Аймгийнхаа төвд ядаж найман давхар ганц үйлчилгээний төв ч юмуу, зочид буудал, нийслэл дэх нэртэй сүлжээнүүдийн салбар ресторан байгуулчихаж чадахгүй сууцгааж байна. Нийгэм солигдоод 32 жилийн нүүрийг үзэж байна шүү дээ. Уг нь Булган аймагт чинь алтны асар их нөөцтэй ордууд сумдад нь байна. Нэг уурхайг нь ажилд оруулаад аймгийнхаа хөгжилд, ард түмнийхээ амьдралд нэмэр болцгоо л доо.

Завхан аймаг гэж баахан хутагтын өлгий гэж ярихаас цаашгүй уул уурхайг үзэн ядсан ард түмэн байна.

Тэгээд юугаараа хөгжих гээд байгаа аймаг, ард түмэн бэ. Аялал жуулчлал уу, улаан сонгино, сармисаа зараад уу. Отгонтэнгэр хайрханд чинь хүн нэг л удаа аялж очно шүү дээ. Танай нутагт коксжих нүүрсний гайхамшигтай том орд байна. Алтны ордууд байна. Бүгдийг завханчууд эсэргүүцнэ. Тэгсэн хэрнээ алслагдсан, амьдрал ядуу байгаагаа үргэлж ярина. Аливаа айл өрх, улс орон чинь мөнгө хамгийн сайн олж байгаа ажлаа эхлээд дэмждэг, тэгж байж хөл дээрээ босдог. Гэтэл мөнгө хамгийн сайн олох уул уурхайгаа эсэргүүцэж, тэр хутагтын төрсөн бууц, энэ хутагтын ундаалсан ус мөрөн гэж солиорсоор 32 жил болсны эцэст өнөөдөр байж байгаагаа харцгаа. Аймгийн удирдлагууд нь хэвлэл мэдээллээр “Манайх уул уурхайгүй ганц аймаг” гэж бахархангуй ярих нь үнэндээ “Манай аймгийн ард иргэд хамгийн ядуу амьдрах сонголтыг хийсэн” гэж хэлж байгаа юм шиг сонсогддог.

Адагт яваануудын нэг Говь-Алтай аймагтай үнэндээ юу ч ярихав дээ. Одоогоос 10 гаруй жилийн Дундговь аймагт анх удаа очоод “Ийм аймаг, аймгийн төв гэж ч юу байхав дээ” гэж дорой байдлыг нь хараад гутарч байлаа. Хэд хоногийн дараа ажлын шаардлагаар Говь-Алтайд анх очлоо, дэргэд нь Дундговь аймгийн төв Лас Вегас шиг санагдаж байсан гэж бод доо. Говь-Алтайн төвд хоёр ширхэг гайгүй царай зүстэй барилга байсны нэг нь Хаан банкны барилга, нөгөө аймгийн МАН-ын хороо байж билээ. Айлуудынх нь ууж байгаа усны савны ёроолд тэр чигээрээ цагаан шохой туначихсан. Арай л дэндүү байсан даа. Сүүлд харин Соёлын төв шинэ барилга ашиглалтад орж, нэлээд хувийн хаусууд баригдаж… энэ тэнд гайгүй царай зүстэй барилгатай, аймгийн төвийн хажууд байдаг толгой дээрээ хөшөө барьж, хэдэн мод шод тариад нэлээд гайгүй сумын төв шиг болсон байна лээ. Бас л уул уурхайгаа дэмжиж, тэндээсээ ашиг хүртэж аймаг орноо хөгжүүлж чаддаггүй аймаг. Сонгууль болно, их бага, том жижиггүй үхэх гэж байгаа юм шиг МАН-аас нохой ч нэр дэвшсэн сонгоно. Сүүлийн 32 жилд Ардчиллаас нэг ч хүн сонгож үзээгүй Монголын ганц аймаг. Одоо байгаа царайг нь хар, хөгжлийн адагт, өрсөлдөх чадвараар Булганы ард орчихгүй байгаа нь Цээл суманд байдаг Алтайн хүдэрийн уурхайтай холбоотой байх. Уг нь бол Бигэрийн Алтан тэвшийн алтны ордыг аймаг орноороо дэмжээд хөдөлгөвөл дээшээ хөгжиж дэвжиж болох алс хязгаар нутаг юм.

Гэх мэтээр “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-гаас харж байхад уул уурхайтай аймгууд нь хөгжиж байна. Уул уурхайгаа ад үзэж, үргэлж хориг цээр тавьж байдаг аймгууд нь адагт явж, улмаар ард түмэн нь ядуу, дорой амьдарч байна. Уг нь бол уул уурхайгаа хөгжүүлж байж л 21 аймаг маань ирээдүйн сайн сайхнаа бүтээнэ. Ямар ч хүн үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө амьдардаг, ажилладаг. Тэгвэл уул уурхайг уландаа гишгэж, үргэлж эсэргүүцэж ирсэн дээрх аймгийн ард иргэдийн зүгээс үр хүүхдээ ирээдүйд сайн боловсрол эзэмшүүлж, сайхан амьдруулъя гэж байгаа бол аймаг орон нутагтаа уул уурхай, эрдэс баялгийн уурхайнуудыг төрөл бүрээр нь хөгжүүл, дэмж, өндөр татвар ав, тэгж гэмээнэ танай гэр бүлийг сайхан ирээдүй хүлээж байна. Дорноговь, Өмнөговь аймгуудын төвд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг сайн сургуулиуд яагаад салбараа байгуулж байна, баян компаниуд говийн энэ хоёр аймагт салбараа нээж, зарим нь шилжиж очиж, дэлхийн брэндүүд тэнд үйл ажиллагаа явуулаад эхлэв. Уул уурхайгаас л их мөнгө олдож байна. Тийм учраас тийшээ хөгжил нүүж очоод байна. Уул уурхайгаа дэмжиж, хөгжүүлж чадвал Булган, Завхан, Дундговь, Говь-Алтай аймгууд руу хөгжил мөн л аяндаа урсаж очно. Тэгж чадаагүйнхээ горыг одоо амсаж байна шүү дээ. Үйлдвэр, уурхайгаа хөгжүүлэхгүй бол үүднээс дээш гарахгүй дорой амьдарсаар дуусч мэдэхээр байгаагаа…

Б.Нямаа

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ганц онгорхой хаалга руугаа галзуу нохой шиг боргохын хэрэг байна уу

Өнөөдөр Орос, Хятад хоёр хаалгаа хаачихаад байна. Ийм цаг үед монголчуудад үнэндээ ганц нээлттэй хаалга бол БНСУ юм. Тэнд одоо 45000 монгол иргэн ажиллаж амьдарч, жилд доод тал нь 100 сая ам.доллар Монгол руу шилжүүлж байна. Энэ бол том тоо, том эдийн засаг. Эдийн засгийн ийм их урсгалаа бид хамгаалах хэрэгтэй. Иргэд маань очиж ажил хийгээд, орлогоо эх орон руугаа шууд шилжүүлж улсынхаа валютын нөөцийг бүрдүүлж байна. Энэ нь лавтай сүүлийн 20 жилийн үйл явц. Монголд байр орон сууц авч байгаа гурван хүн тутмын хоёр нь Солонгост ажиллаж, тэндээс бизнесээ эхлүүлсэн хүмүүс. Гэтэл одоо юу болж байна вэ. Насанд хүрээгүй хүүхдүүдийн явдлаас болж дэндүү их сүржигнэж байх шиг. Ингэж бодогдохгүй байна уу. Луйварчдаар дүүрсэн төрийн ордныхоо өмнө жагсаж чадахгүй байж Солонгосын ЭСЯ-ны гадаа жагсаад байхдаа ч яахав дээ. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав гэгчээр. Солонгосын хуулиар шийдэгдэх байгаа үйл явц. Үнэндээ охиныг өрөвдөж, сэтгэл сэмэрч байна. Бид бүгдээрээ охин хүүхэдтэй хүмүүс. Тэнд монгол охины эрх зөрчигдөж, түүнийг нь Солонгосын хууль хяналтын байгууллага шалгаж, өнөөдөр прокурорын шатанд явж байгаа юм байна. Ийм тохиолдолд одоо юу хүсээд байгаа юм бэ, монголчууд. Тэр зодсон солонгос охидыг буудаж ал гэж байгаа юм уу. Бүх улс оронд өсвөр насны хүүхдүүдийн эрх айхавтар зөрчигдөж, ялангуяа сургуулийн орчинд эмгэнэлт хэргүүд үйлдэгдэж, үүнд дэлхий үнэхээр эмзэг хандаж байна. Үүний эсрэг хүн төрөлхтөн дуу хоолойгоо нэгтгэж байна. Сургууль руу нь ороод автомат буугаар шүршиж буй аймшигт хэрэг эрх чөлөөний орон АНУ-д давтагдаж байна. Хойд хөрш ОХУ-д сургуулийг тэр чигээр нь террористууд барьцаалж алж хядсан саяхны түүх бий. Үүнд Монголын үрсээ өртүүлмээргүй байна. Ийм аймшгийн эсрэг дохио боллоо гэж Солонгост дарамтлуулсан монгол охиныг бодож, залбирч, дуу хоолойгоо нэгтгэж байна. Харин хүүхдийн эрхийг Монголын увайгүй улстөрчдийн ёс зүйгүй үйлдлийн золиос болгож болохгүй гэсэн үүднээс энэ нийтлэлийг бичиж байна.

Одоо гол асуудалдаа оръё. Яагаад долдугаар сард болсон үйл явдлыг тэр үед нь анхаарч дуугараагүй өнгөрсөн байж өнөөдөр гэнэт гаргаж ирэв. Сошиал яагаад түүнийг нь шуугиан үймээн болгов. Монголчуудын ард үргэлж өчүүхэн жижиг эрх ашиг нуугдаж байдаг гэсэн гадны судлаачийн үг бий. Үүний л тод жишээ сая боллоо. Юу гэхээр Пусан хот дахь Монголын консул Цогтын Өнөрзаяа гэж бүсгүй бий, охины асуудлаар яриа өгөөд байгаа бүсгүй. Үе үеийн эрх баригчдын улайран хүнээ тавих гэдэг суудал бол Пусаны консул. Тэр жил Б.Хурцыг тэнд консулаар томилох гэж улстөрчид хоорондоо юу болцгоолоо. Бараг Төрийн ордноо буулгах шахсаныг санаж байгаа байх. Яг тэр л порцессын үргэлжлэл. Пусаны консул Ц.Өнөрзаяа бол ҮХЦ-ийн гишүүн байсан Ш.Цогтын охин. ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогт нь Нанзаддорж гэж гишүүнтэйгээ хоёулахнаа хурал хийж, Х.Баттулгын төлөө ажилласныг, нөгөө гишүүн Д.Одбаяр нь тэр хоёртой хуралдахгүй гэж зугтааж гарч байсныг та бүхэн санаж байгаа. Ердөө л энэ. “Чи Женкод үйлчилсэн Ш.Цогтын охин учраас одоо Пусаны консулын ажлаа өгчих” гэж хэлж болдоггүй юмуу даа. Ингээд л шийдчих ажлыг яагаад ийм байдалд хүргээд байгаа юм бэ. Ядарсан ард түмнээ үймүүлээд, ковидын үед улам стресстүүлээд байх шаардлага юу байна. Үнэндээ өнөөдрийн сошиал ертөнц-Шар хадны хурцын тасаг хоёр адилхан болчихож.

Ийм л өчүүхэн эрх ашгийн төлөө дөрвөн сарын өмнө авч хадгалсан, цаг нь болохоор нийгмийг үймүүлэхэд ашиглана даа гэж тооцсон бичлэгийг гаргаж сэвлээ. Сошиалын нөгөө сүрхий боловсролтой, нөлөөтэй, төрд том алба хашиж байсан… гэх нөхдүүд бүгдээрээ өлгөж аван пүү паа болцгоолоо. Энэ Монголд чинь итгэж найдах, хүндэтгэж хандах хүн үлдэх нь үү. Бүгд л нохойн бааснууд болцгоосон юм биш үү.

Ердөө 25-хан настай жаахан бацаан компьютерийн араас та нарыг хүүхэлдэй мэт хөдөлгөж байна шүү дээ. Ийм өчүүхэн амьтад болсноо мэдэрч амьдарцгаа.Жаахан хэрсүү байгаач гэдэг үгийг “Өдрийн сонин” хэдэн мянган удаа давтан бичиж байна. Гэвч улам тэнэгэрсээр байцгаана. Женкогийн хүн гэгддэг ҮХЦ-ийн гишүүн асан Ш.Цогтын охиноос л консулын ажлыг булаах жижигхэн муу технологи хоёр орны харилцаанд сэв суулгах хэмжээнд хүрч мэдэх нь байна шүү дээ.

Монголчуудын хэт их хийрхлээс болж БНСУ-ын зүгээс хилээ хаавал яах юм. Бүх харилцаагаа тасална гэвэл хэдэн зуун мянган монголчуудын эрх ашиг зөрчигдөнө. Түүний хариуцлагыг хэн хүлээх юм бэ. Өнөөдөр Монголд тасалдаад байгаа эм тарианы чинь ихэнхийг Эрээнээс бус Япон, Солонгос хоёр нийлүүлж байгааг тэр Солонгосыг зүхэгсэд мэдэж байна уу. Монголчуудын хувь араншин их ёозгүй, өөрийг нь хоолонд хүргэсэн, ажил амьдралд нь тус хүргэсэн хүнээ дараа нь заавал зүхдэг. Бидний энэ унаган араншин гадаад харилцаанд нөлөөлөх нь. Бидний энэ муухай араншин бидний дотор л байх ёстой. Гадагшаа үйлчилж огт болохгүй. Хэрэвзээ гадагшаа гарвал их газрын гүнд, хоёр том гүрний дунд, дэлхийгээс тусгаарлагдсан хэдэн тэнэг монгол үлдэх болно. Хоёр хөршийнхөө түүхий эд бэлтгэлийн бааз байж ирсэн тэр хувь тавиландаа эргээд очно. ХХ зууны бүх хувьсгалчдын эцсийн ганц зорилго бол ердөө гурав дахь хөрш гэдэгтэй харьцаж, нөхөрлөж, хамтарч үзэх хүсэл тэмүүлэл байсан. Оросыг гатлаад, Хятадыг даваад цаана нь байгаа Америктай, Японтой, Солонгостой түншилж үзэх юмсан, тэр Европ тивд нь хүрч Англи, Франц, Шведтэй нь нөхөрлөж үзэх юмсан гэдэг туйлын хүслээр хувьсгалууд хийгдсэн байдаг юм шүү дээ. Энэ хүсэл мөрөөдөлдөө ерэн онд нэг юм хүрсэн. Одоо монголчууд дэлхийгээр нэг ажиллаж амьдарч, сурч боловсорч байна. Тэр дундаа БНСУ, Япон хоёр бол Монгол Улсын хамгийн гайхамшигтай дотно түншүүд. Өнгөрсөн 30 жилийн түүхэнд монголчуудыг ядрах бүрт энэ хоёр орон тэргүүнтэй гуравдагч хөршүүд гараа сунгаж, үүдээ нээж ирсэн. Өнөөдөр ч үргэлжилж байна. Жаахан хүүхэд ч ойлгохоор асуудал. Монголд зуу зуун сая ам.доллар хаанаас орж ирж Улаанбаатарт босч байгаа байшин барилгуудыг худалдан авч байгаа юм. Солонгост ажиллаж байгаа монголчууд. Бодит үнэн ийм байхад битгий солиорцгоо, монголчууд аа. Хэвлэлийн эрх чөлөө, сошиалын эрх чөлөөгөөр солигдсоны горыг одоо бид амсах нь. Байдал энэ хэвээр цааш үргэлжилбэл сошиалын эрх чөлөөний солиорол хувь хүний эрх чөлөө рүү орж, дайсан нь болно. Тэр цагт бүгдээрээ сая нэг ухаарч магадгүй. Гэхдээ хожимдсон байх вий гэдгээс л судлаачид болгоомжилж байна.

Солонгосын өмнөд Кёнсан мужийн Янсан хотын нэгэн дунд сургуулийн монгол сурагч охиныг дээд ангийн дөрвөн солонгос сурагч нийлэн зодсон хэрэг явдлын цаад учир шалтгаан ийм л байна. Ядуу айлын хүүхэд, нохой хоёр эрх гэж эртний үг бий. Монголчуудын энэ их хийрхүү асуудалд ханддаг байдал “бай”-гаа хэзээ ч олж байсангүй. “Эгийн голын усан цахилгаан станцыг чинь яг бариулж харагдаач” гэж дооёолсон ОХУ-ын ЭСЯ-ны гадаа очиж жагсаагүй, “Нүүрсийг чинь авахгүй” гэж хэлээд хилээ шууд хаасан Хятадын ЭСЯ-ны гадаа очиж жагсаагүй. Тэгсэн хэрнээ хүнд цаг үе бүхэнд үүд хаалгаа үргэлж нээлттэй байлгаж, монголчуудыг нааш гэж байдаг Солонгосын ЭСЯ-ны үүдэнд жагсаал хийж байгаа нь солиорол юм. Монголын ГХЯ-ны зүгээс Солонгосын ЭСЯ-ыг дуудан уулзаж ч байх шиг. Бас болоогүй “Манай сошиалынхан аймаар шүү” гэж сүржигнэж ч байх шиг. Хулгайч луйварчнаараа эрх баригчид л сошиалаас айж явдаг биз. Тэрнээс өөр хэн наад нийгмийн сүлжээнээс чинь айгаад байгаа юм. Манай хоёр орны хооронд дипломат харилцаанд маргаан огт үүсээгүй. Тийм болохоор манайхан хийрхлээ, сүржигнэхээ больё. Насанд хүрээгүй хүүхдүүдийн явдал шүү. Мэдээж монголчууд бид гадныханд дээрэлхүүлээд байна гэж байхгүй. Гол нь энэ хүүхдийн асуудал иймдээ хүртэл өндрөө авах, үр дагавар нь олон мянган монголчуудыг хоолноос нь салгах хэмжээний асуудал болчих вий гэсэн болгоомжлол байна. Ганц онгорхой хаалга руугаа галзуу нохой шиг боргохын хэрэг байнауу л гэж дор бүрнээ тунгаан бодох асуудал шүү…

Categories
мэдээ эдийн-засаг

Хаан банкны 60 хувь дээр монголчуудыг хэрэлдүүлэх нь Ч.Хүрэлбаатарт ямар ашигтай юм

Японы банкир Савада Хидеого Монголын Хаан банкны эзэмшлийн 60 хувиа, японы цагны алдарт “Сейко” брэндийн эзэн Жүничи Хатторид зарж байгаа юм байна. Гэтэл өнөөдөр энд юу болж байна вэ. Хэдэн монгол хоорондоо зодолдох нь ээ. Зодолдох биш зодолдуулах нь. Үүний гол дүрд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тоглож байна. Уг нь монголчуудын хувьд арилжаа нь хамаагүй Японд болж байгаа үйл явц юм. Ч.Хүрэлбаатарын зүгээс “Хаан банкны 60 хувийг “сахал” Эрдэнэбилэг, Д.Сумъяабазар хоёр авах гэж байна, тэдний мөнгөний эх үүсвэрийг ольё, бохир мөнгө байж таарна…” гэхчлэн үймүүлж байгаа. Мэргэжлийн хүмүүс гайхаж сууна. Тэнд хоёр япон бизнесмен хоорондоо хийж байгаа наймааг энд улс төржүүлж суугаа нь Ч.Хүрэлбаатар гишүүнд ямар ашигтай юм бол гэж.

Нийгэм бол яг л Ч.Хүрэлбаатарын хэлсэнээр бохир мөнгө хайж, гэмтнийг зүхэж байна. Үнэхээр монголын талд боломж олдвол Хаан банкны 60 хувийг эх орондоо авчирья л даа. Авчрахын тухайд үнэндээ нөгөө Шадав нь авна уу, Готов нь авна уу ямар хамаа байна гэдэг шиг сахал Эрдэнэбилэг нь авна уу, Сумъяабазар нь авна уу, бүр Баатарсайхан нь байна уу ёстой хамаа алга. Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа болохоор. Гэвч бодит байдал дээрээ эдгээр хүмүүсийн хэн нь ч тэр 60 хувьд оролцоогүй бололтой. Оролцох боломж ч үгүй, япончуудын хоорондын наймаа аж.

Тэгээд ямар учиртай Ч.Хүрэлбаатар гэж улстөрч энд муу дүрүүдийг нийгэмд тодруулж, монголчуудын дунд хэрүүлийн алим хаяад байгаа юм. Монголын ухаалаг, боловсролтой хэсгийнхэн цаад учрыг нь гадарлаж байгаа. Харамсалтай нь тэд дуугарахгүй. Манай сэхээтнүүд улстөрчдөөсөө айдаг, ард түмэндээ үнэнийг хэлэхийг хүсэхгүй, амиа боддог хэсгийнхэн. Үнэн ийм л байгаа.

Монголын банк санхүүгийн системээс хол байлгах ёстой, монголчууд хол байлгахыг хүсдэг хоёр хөрш маань өнөөдөр Хаан банкны 60 хувийг маш их сонирхож байгаа гэх. Ямар наймаа болох нь уу гээд хойд, урд хамар дээрээс хараад сууж байгааг мэргэжлийн хүмүүс ярьж байна. Наймаа хэлцэл аралын оронд явагдаж байгаа. Хэлцэл гэдэг үгийг тогтож анзаараарай. Эцсийн байдлаар шийдэгдээгүй, ид дундаа яваа гэсэн үг. Энэ бол хамгийн эмзэг хугацаа юм. Хоёр япон бизнесмен яаж ч эргэж мэднэ. Учир нь Монголд Ч.Хүрэлбаатарын тарьж буй хэрэг явдлаас шалтгаалаад хоёр японы хооронд түвэгтэй байдал үүсч мэднэ. Өнөөдөр Хаан банкны 60 хувийг эзэмшдэг Савада сан бол ОХУ-ын “Солид” банкны 44.3 хувийг, Киргизийн “Киргизкоммерз” банкны 52.9 хувийг эзэмшдэг хүн шүү дээ. Манай мэргэжилтнүүдийн хувьд энэ хандлагаас их болгоомжилж байна. Уг нь бол Хаан банкны 60 хувийн арилжаан дээр Ч.Хүрэлбаатар шиг улс төрчид ийм увайгүй муухай оролцох хэрэггүй байгаа юм. Яагаад гэвэл үр дагавар нь алсдаа их муухай, улс орны эрх ашигт хөнөөлтэй тусч мэднэ.Өнөөдөр ОХУ бензины цоргоо, Хятад улс бараа материалын сувгаа нэг сар хаахад монголчууд ямар байдалд орж байна. Нэмээд тэдний хяналтад санхүүгийн системээ өгөх болж байна уу. Ийм л эх орноо худалдсан үйлдэл үнэртэж байна, их зөөлнөөр хэлэхэд шүү…

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Монголын том компаниуд зар сурталчилгааны олон сая долларыг гадаадын компаниудад тушаадаг

Монголын цахим орчин бол тэр чигээрээ гадаадын компаниудын хараат. Өөрийн гэх үндэсний цахим суваг байхгүй байгааг бид одоо ойлгох цаг болжээ. Цахим хэрэглээ нь давуу чанар ихтэй. Гар утаснаасаа шууд орж ашиглана, хүртээмж өндөр, хурдтай. Ийм цахим сувгууд руу компаниуд зар сурталчилгааны төлбөрөө тушааж байна. Тухайлбал Google, Yahoo, facebook, Tele­gram, Twitter, Tiktok, Viber, Instagram… гэхчлэн бичвэл гадны олон платформ байна. Эдгээр платформууд дор бүртээ өөрийн хуультай. Наад зах нь төрөөс хууль гаргаж тэдэн хувийг эдгээр нөхдөд төлнө гэж хуульчилсан байдаг юм.

Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр монголчуудад үндэсний цахим сүлжээ алга. Гэхдээ Үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байна. Үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь тухайн улс орныхоо оршин тогтнох үндэс болж, улмаар зар сурталчилгааны дархлаатай, өөрийн имижээ хадгалсан байдаг юм.

Бусад улс оронд Үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ямар байдаг вэ. Хариулт нь бас л тодорхой. Үндэсний эрх ашгаа хамгаалсан, дуу хоолой нь хүчтэй, эх орных нь тусгаар тогтнолтой ижил түвшинд эрэмбэлэгдсэн байдаг юм аа. Тусгаар тогтносон бүрэн эрхт улс бид мөн л юм бол үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ хамгаалж, хадгалан явах ёстой.

Гэвч өнөө үед Монгол Улс үндэсний хэвлэл мэдээлэлтэй байхад үнэхээр хэцүү боллоо. Тэдэнд санхүүгийн дэмжлэг ус агаар шиг хэрэгтэй байна. Улс орон тэгтлээ дор орчихоогүй байна. Монголын аж ахуйн нэгжүүдэд нөөц байна. Дээр нь дараад хэвтчихсэн их хөрөнгө өнөөдрийн дарга цэргүүд, УИХ-ын гишүүдэд байна. Тэд энэ эх орны төлөө л ажиллах ёстой юм бол улс үндэстний дархлаа, ардчилал хүний эрхийн баталгаа болсон үндэсний цөөн хэдэн хэвлэл мэдээлэлд зориулж төсөв гарга. Ингэж чадахгүй бол Монгол Улс даяараа нүдгүй, чихгүй, хяналтгүй нийгэмтэй учрах гунигт хэрэг явдал болно. Тийм аюул тун ойрхон байна.

Монголын үндэсний том компаниуд болон манайд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд реклам сурталчилгаагаа Google, Yahoo, facebook, Tele­gram, Twitter, Tiktok, Viber, Insta­gram… зэрэг цахим орчинд хийхэд олон арван сая долларыг төлжээ. Энэ нь эх орноос нь гадагшилж буй их мөнгө, хоёрдугаарт эх орноосоо гадны компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа хэрэг. Ийм байж яаж болох вэ дээ, ганц “Говь” реклам сурталчилгааны гадаадад төлж буй дүнг харахад гайхаж үхмээр юм билээ…

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр манай нэр дэвшигчид facebook,Twitterт 14 сая ам.доллар зарж Америкийн компанийн ашиг орлогыг нэмсэн байх юм. Энэ мөнгөн дүн бол албан ёсны ауидитаар баталгаажсан, СЕХ-ноос танилцуулагдсан албан ёсны баримт. Энэ эх оронч үйлдэл мөн үү. Сүүлчийн Ерөнхийлөгчийн сонгуулиар цахим орчинд хэдэн сая доллар зарцуулсан дүн хараахан гараагүй байна.

Тэгэхээр үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагуудаа аврах цаг болж. Үүнд МҮОНР телевиз, радио, сонинууд орно. Эдгээрийг дагасан Үндэсний өөрийн гэх цахим платформтой болох хэрэгтэй байна. Эдгээр үндэсний мэдээллийн сүлжээндээ зар сурталчилгааны орлогын 30 хувиас доошгүй мөнгийг төрөөс өгөх ёстой. Мөн төр засгийн байгууллагуудын зүгээс тендер, зарын орлогын 50 хувиас доошгүй дүнг үндэсний хэвлэл мэдээлэлдээ өгч байх шийдвэрийг албан ёсны батлан гаргаж хэрэгжүүлэх цаг болжээ. Ер нь бол хууль ч гэх зүйлгүй Засгийн газрын тогтоолоор шийдчихэж болох ажил юм шүү.

Ийм л шийдвэрийг гаргаж дэмжихгүй бол гадаадын цахим платформуудад хэдэн төгрөгөө өгөөд дуусах нь. Эцсийн дүндээ энэ хэдэн Үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагууд дампуураад дуусна. Ингэсэн цагт монголчуудад үндэсний үзэл санаа, үнэт зүйл, хэл соёл… бүгд дампууран алга болно. Үүний эхлэл нь хөгшин залуугүй бүгдээрээ гэрт ч, ажил дээрээ ч гар утсан доторх гадаадын хэдэн сошиал сүлжээнд тархи оюунаа захируулж, сүүлдээ бүр захирагдаж, өөрийн гэсэн өгөгдөлгүй, гар утасныхаа боол нь болж амьдрах дээрээ туллаа. Бид ертөнцийн хөгжил цэцэглэлт, ажил амьдралын шинэ хэв маяг, технологийн гайхамшгаас хоцрогдох ёсгүйг маш сайн ойлгож байна. Гэвч тусгаар улсын иргэд бидэнд үнэнийг хэлж өгч, үндэсний дархлаа болж байдаг өөрийн гэсэн Үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагууд, үндэсний цахим цоо шинэ платформ байх ёстой, түүнийгээ төрийн дэмжлэг, хууль дүрмийн зохицуулалтаар бүтээж авъя. Эцэст нь нэг л үнэн бий, тэр нь эдийн засгийн маш сайн дэмжлэггүй идей санаа ажил болдоггүй. Шинэ бүхнийг хийхийн тулд нэгдүгээрт төрийн дэмжлэг, хоёрдугаарт манай үндэсний компаниудын дэмжлэг байх нь чухал цаг болжээ. Энэ хоёрын дэмжлэг гэдэг өөрөө мөнгө, санхүүгийн чадавх, дэмжлэг шүү дээ.

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа том компани бүр зар сурталчилгааны бүх мөнгөө гадаадын компаниудад тушаан сурталчлуулдаг гаж тогтолцоог таслах хэрэгтэй. Google, Yahoo, facebook, Tele­gram, Twitter, Tiktok, Viber, Instagram…эдгээр чинь бүгд гадаадын компаниуд шүү дээ, монголчууд аа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүн нь байтугай морь нь дайчин нөхрөө орхидоггүй гэж дуулдагсан, монголчууд

Гадаадад ганц монгол эмэгтэйг хаячихаад ирснийг сонсоод танд ер нь юу бодогдов. Тэр эмэгтэй вирус-тэйг Франкфуртын нисэх онгоцны буудал дээр байсан монголчууд мэдээд л шуугилдаж, “Бид түүнтэй хамт нисэхгүй” хэмээн орилолдож. “Шинжилгээний хариу эерэг гарсан хүн энд байна, шинжилгээний мэдүүлгийг дахин шалгаач ээ…” гээд зорчих танхимаар нэг юм болж. Ингээд ЭСЯ-ны ажилчид монголчууддаа ад үзэгдсэн тэр эмэгтэйн талаар “Авч явах юм уу, яах юм” гэж нааш нь асуужээ. Онцгой комисс нь онгоцонд суулгахгүй байх чиглэл өгч. Чиглэл болохоос үүрэг өгөөгүй. Өнөө Франкфурт дээр байсан Элчингийнхэн нь “Дараа нь юу ч болох билээ” хэмээн хариуцлагаас айж, амиа хичээн “Таныг битгий суулга гэсэн” хэмээн тэр эмэгтэйг хаячихаж. Товчхондоо болсон процесс энэ. Монголчууд яагаад өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарч, доройтолд орсноо Франкпфуртад эх орон нэгт эмэгтэйгээ ялгаварлан гадуурхсан энэ үйлдлээс харж болно.

Монголчууд чинь уг нь дуундаа хүртэл дуулдаггүйсэн биш билүү. “Сайхан монгол морь” гэж ард түмэн даяараа мэдэх дуунд,

…Дайны талбарт эндсэн эзнээ

Дайсны саварт өртүүлэлгүй

Дайчин нөхөрт нь хvргэж өгөөд

Нулимс бөмбөрүүлж зогсож байсан

Сайхан монгол морь минь

Сайхан монгол морь минь… гэж. Найр, наадам бүрийн магнайд энэ дууг хадааж байдагсан. Энэ мэт мянга мянган уран бүтээлийн үнэ цэнэ, хүмүүсийн сэтгэлд нөлөөлөх ёс суртахууны чанар нь тэгээд худал хуурмаг, дүр эсгэсэн, зүгээр л нэг цуурай төдий байсан хэрэг үү. Олон хүн мэдэх энэ дууны үгээр бол юун харь нутагт нэгнээ орхиж хаях, шархдсанаа байтугай үхсэнээ хүртэл чирээд ирдэг гайхамшигтай ард түмэн биш юм уу. Тэгтэл тулсан үед өөрсдийнхөө байж байгаа царайг хар.

Сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Одоо бид цар тахалтай гардан тулаанд орж байна” гэж хэлсэн. Үнэндээ тахал, дайн хоёр адилхан. Тэгэхээр Ерөнхий сайдын үг үнэн. Энэ цар тахлыг дайн гэж ойлгож байна. Тахлын голомтод халдвар авсан иргэнээ хаячихаад ирж байгаа нь, дайны талбарт нөхрөө орхиод ирж байгаатай яг адилхан хэрэг. Шулуухан хэлэхэд Монголын төр, монголчууд, хүнийхээ хувьд, ёс суртахууны хувьд ийм л адгийн шаарууд болчихжээ. Монгол руугаа адилхан амь тэмцэж яваа хүмүүс байж. Өөрсдийнхөө ямрыг өөрсдөөсөө харцгаасан болохоор юу хэлэхэв. Харин Монголын төр ийм хүйтэн, хүнлэг бус байж болохгүй. ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, “40 настай монгол хүний халдварын шинжилгээний хариу эерэг гарсан. Бид онгоцонд сууж буй хүмүүсийг эрсдэлд оруулахгүй байхын тулд буцаасан. Тус иргэн Чехээс ирсэн” хэмээн мэдэгдсэн юм. Өмнө нь УОК-ынхон том даргын вирус тээсэн охиныг яг энэ Франкфуртаас битүү хамгаалалтын хувцас өмсгөөд буланд суулгаад аваад ирж байсан нь худлаа юм уу. Гүтгэлээ гэж миний өөдөөс сөрөөд он сар өдөр, нэр хаягтайгаа дуудуулж шившиг болцгоох юм уу, та нар. Франкфуртад хаягдсан эмэгтэй герман хэлний мэдлэг муу, тус газарт таних хүн байхгүй, мөн мөнгөгүйн улмаас хүнд нөхцөлд үлдсэнийг бүгд мэдэж байсан. Монголын төрийг хамгийн ихээр буруутгах шалтгааныг энд хэлье. Хэн ч маргахгүй ганц л үнэн бий. Тэр онгоцон дотор, тэр нислэгээр ирж байгаа иргэд дотор вирусийн халдвартай нэг бус хүн байгааг бүгдээрээ мэдэхийн цаагуур мэдэж, гадарлахын цаагуур гадарлаж байсан. Хэрэвзээ тэр хаясан эмэгтэйн төлөө хэн нэг дарга Онцгой комиссынхон руу ярьсан бол Франкфурт дээр ажиллаж байсан Элчингийнхэн, бусад албаны хүмүүс хэн нь ч асуудалгүй тэр эмэгтэйг суулгаад ирэх байсан. Бодит үнэн үүндээ байгаа учраас л адгийн шаар болжээ гээд байгаа юм…

Өөрсдөө л эх орондоо тухтай ирж байвал боллоо гэсэн монголчууд бидний эгоист хандлага бол ёс суртахууны бодит доройтол мөн. Франкфуртын тэр онгоц ирлээ, маргааш нь нислэгээр ирсэн зургаан иргэнээс корона илэрлээ гэж албан ёсоор мэдээлсэн. Долоон хүн болгоод авчрахад юу нь болохгүй байсан юм бэ, хамт ирсэн монголчууд аа, Улсын онцгой комиссынхоон.

Үнэндээ монголчууд бидний ёс суртахуун хэврэг байна. Бид өнгөрсөн 100 жилд лавтай ёс суртахууны тухай ярьсан, бичсэн. Бидний бичсэн туурвисан уран бүтээл бүхэн ёс суртахуун, сайхан сэтгэлийн тухай байсан. Үүгээрээ бид хүмүүжиж, төлөвшиж байгаа гэж бодож ирсэн. Өнөөдөр ч гэсэн Монголын нийгмийн сэтгэл зүй тэр аяараа ёс суртахуун, хүнлэг сэтгэлд уриалсан урлаг уран сайхан, утга зохиол, ухаалаг санаа илэрхийлсэн туурвилуудын дунд хөвж, живж байгаа. Тэрний ид шид тэгээд хаана байна. Хаа байсан соц нийгмийн үеэс л “Холбоочин Жанчив бидний алдраа…” хэмээн дуулж, эр зориг, эх оронч үзлээр хүмүүжиж байна гэж бодсон. Эх орон, ард түмнийхээ төлөө Түвдэнгийн Бор шиг хаднаас үсэрч, Матрасов шиг цээжээрээ бууны ам хааж бусдыгаа хамгаална хэмээн хүмүүжсэн. Ядаж залуу үе маань тэр “Тусгай салаа” киноны Дэндэв шиг бусдын төлөө сэтгэлтэй байх талаар бодож чадаж байгаа юм уу. “Фауст” жүжиг бол агуу хэмээн саяхан л дээр доргүй шуугьж, сонгодгуудаар амьсгалж байгаа бололтой байсан. Тэр жүжгээс ганц афоризим цээжлээд “Ядаж энэ цаг үед, ийм үзэл санааны хэлтэрхийтэй ч болтугай явъя даа” гэж хичээж байгаа хүн байгаа юм уу…

Цар тахлын хүнд үед төрийг төлөөлсөн хүн бүхэнд араас нь буу тулгаж ажил хийлгэхгүй бол амиа хичээцгээх нь. Тэд төрийн хүнд байх ёс суртахуундаа анхаарах цаг болж. Монголын ард түмэн зовлон үзээгүй, өлсөж үзээгүй, дайн үзээгүй, тахал ч үзээгүй ард түмэн гэдгээ мэднэ. Гэхдээ анхны тулаандаа ороод л ийм аймхай, хулчгар, амиа хичээсэн, ёс суртахуунгүй баймааргүй байна. Голомтлон тархаж байгаа мэдээ ихсэх бүрт тулааны талбарт байгаа төрийн бүх шатныхан амин хувиа хичээж, зайгаа бариад, дүр эсгээд байвал энэ вирусийг чинь тэгээд хэн дарах юм бэ. Хэн вирустэй тэмцэх юм бэ. Гэртээ хоол эргүүлээд, утсаараа бусдыг шүүмжлэхээс өөр ид шидгүй байгаа нийт монголчууд энэ вирусийг чинь дарах юм уу. Монголын төрийн ёс суртахуунтай, эр зоригтой, шударга албан хаагчид л шат шатандаа тэмцэж байж энэхүү Цар тахлыг сөнөөнө шүү дээ. Тийм болохоор тэдэндээ Монголын төр хангалттай цалин урамшууллыг нь цаг алдалгүй өг. Идэх, шүүмжлэхээс өөр идгүй, амиа хичээсэн ард түмэн чинь наад вирусийг чинь дарж чадахгүй. Ядаж хуулийн ёс суртахуунд итгэж найдъя. Хувийн ёс суртахуун өнгөрсөн хэрэг. Гэхдээ ингээд хаядаг зүйл биш юм. Хувь хүний ёс суртахуун гэдэг бол хүний уураг тархинд байгаа эерэг энергийн өгөгдөл. Энэ өгөгдлийг нь сэргээхийн төлөө нийгэмд нөлөөтэй гэгдэх олны танил, салбар бүрийн одууд одоо хичээцгээх хэрэгтэй. Одоо л та бүгд ёс суртахууны талаар ярь, бич, лайв хий, зөв хандлагын талаар үзэл бодлоо нийгэмд хүргэ. Монголын ард түмний “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдэг үг бий. Энэ бол сайн нь сайныгаа, муу нь муугаа татдаг зүй тогтлыг илэрхийлсэн үг. Монголчууд өдөр шөнөгүй амьдралын чанараа дээшлүүлэх тухай боддог нь мэдээж. Тийм бол үзэл бодол, үйл хэргээ ёс суртахуунтай болго. Түүнд нь нэмэр бол. “Бид ямар нийгэмд амьдарч байна вэ?” гэж хэн нэгэн асуувал “Бид ёс суртахуунгүй нийгэмд амьдарч байна” гэж хариулахаас өөр үг алга. Тийм байж “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин…” гэж 30 жил дуулчихсан байгаа юм даа…

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Австралийн нүүрсийг урд хөрш авахгүй болсон нь Монголд алтан боломж

“Австралийн нүүрс манай улсад мэдээж хэрэгтэй ч бидэнд Монгол гэсэн сонголт бас байгаа” гэж Хятадын коксжих нүүрсний холбооны захирал Цуй Пижян ОУ-ын эрдэс баялгийн чуулганы индрээс хэлсэн нь бидэнд нэн таатай сонсогдлоо. Хятад улс Монголтой улс төр, эдийн засгийн ямар нэгэн маргаан байхгүй учир авах нүүрсний хэмжээгээ өсгөх боломжтойг Цуй Пижян хэлсэн хэрэг. Бас Монголыг Австралийн зиндаанд харж байна гэж өөдрөгөөр ойлгох хэрэгтэй. Ийм үед Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа яаралтай ашиглалтад оруулах, машинаар зөөж буй нүүрс тээвэрлэлтийн хүчин чадалдаа бүх анхаарлаа төвлөрүүлэх зайлшгүй шаардлагатай боллоо. Одоо бидэнд өөр асуудалд анхаарах биш зөвхөн энэ зах зээлдээ анхаарах л алтан боломж ирлээ.

Айл өрх бүр хамгийн түрүүнд мөнгө олдог наймаандаа анхаардаг шиг Монгол Улс хамгийн түрүүнд их мөнгө олох салбартаа төвлөрье. Дэлхийгээрээ вируст дарлагдаж буй энэ хүнд цаг үед хамгийн их мөнгө болж буй коксжих нүүрснийхээ экспортыг цэгцэлж, наад зах нь тэр нэг “С” зөвшөөрөл гэх мэт төрийн хүнд суртлуудаа, авлигын үүр уурхай болсон хурган дарга нарынхаа дарамтыг устгаж, нүүрсний экспортыг шулуун зам дээр нь гаргахад цаг алдмааргүй байна.

Ер нь бол Хятадын засгийн газраас төрийн өмчит компаниуддаа Австралийн нүүрсийг авахаа даруй зогсоох чиглэл өгсөн нь бодитой байна. Энэ талаар Хятадын төрийн өмчит дөрвөн компанийн эх сурвалжаас мэдээлэл авсан S&P Platts түүхий эдийн зах зээлийн суваг мэдээллээ. Тэдний мэдээллээр бол Австралиас нүүрс авахгүй байх чиглэлийг Хятадын эрх баригчид аравдугаар сарын 9-ний өдөр өгсөн юм шиг байна.

Австрали улс нь Хятадын хамгийн том нүүрс нийлүүлэгч бөгөөд экспортоосоо жил бүр 14 тэрбум долларын орлого олдог. 2019 онд Монгол Улсаас Хятад руу нүүрс нийлүүлэхэд тээвэр, дэд бүтцийн асуудал мэдэгдэхүйц хүндэрсэн нь үнэндээ Австралийн нүүрсний нийлүүлэлтийг улам нэмэгдүүлэхэд хүргэсэн юм. Ашгүй тэгтэл их гүрнүүдийн хоорондын толхилцоон Монголд ашигтайгаар эргэлээ. Австралийн эрх баригчдын зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр цар тахлын гарал үүслийг олохын тулд Хятадыг шалгахыг олон улсад уриалсан юм. Энэхүү уриалгаас хэд хоногийн дараа Австралид суугаа Хятадын Элчин сайд Чен Жиньэ Австралийг сүрдүүлсэн утгатай зүйл ярьсан. Тэрбээр “Магадгүй жирийн хятад хүмүүс яагаад Австрали дарс уух ёстойгоо, яагаад австрали мах идэх ёстойгоо бодож үзэх цаг нь ирсэн бололтой” гэж. Ингээд л “юм” эхэлсэн, гал дээр тос нэмсэн үг үйлдэл болсон. Бидний монголчууд тэдний энэ толхилцооныг ханцуйн дотроо алга таших маягтай дэмжээд л сууж байхаас өөр арга алга. Хятад бол Австралийн нийт экспортын 30 орчим хувийг шингээдэг том зах зээл. Энэ дотроо Австралийн нүүрсний экспортын зах зээлийн хоёрдугаарт Хятад бичигддэг. Австралийн нүүрс Хятадад очихгүй байх нь бусад нийлүүлэгчдэд том боломж. Хятад улс нүүрсээ Австралиас гадна Орос, Индонез, Монгол зэрэг орнуудаас авдаг. Тэгэхээр Австралиас татах нүүрсний суларсан орон зай дээр Монголоос гадна ойрын хөрш Орос бас өрсөлдөгч байх нь. Оросын тухайд хоёр жилийн дотор нүүрсний экспортоор дэлхийд нэгдүгээрт бичигдэх амбицтай. Тийм том амбицын дэргэд нүүрсээ машинаар зөөсөн чигээрээ байгаа Монголын өрсөлдөх чадвар үнэхээр түвэгтэй ч Хятад, Австралийн энэхүү таагүй харилцааг алтан боломж хэмээн харж бүх чадлаараа зүтгэхээс өөр замгүй билээ.

“Хятадын нүүрс тээвэр, худалдааны ассоциаци”-ийн дэд ерөнхийлөгч Ли Жунмин Монгол, Орос хоёрын Хятадын нүүрсний зах зээлд эзлэх боломжийн талаар хэлэхдээ “Монгол Улсын давуу тал нь Хятадтай маш ойр тул энэ боломжоо сайн ашиглах ёстой” гэсэн үг байгаа. Гадаад талдаа нөхцөл байдал ийм л таатай боллоо. Монголын Засгийн газрын хувьд нүүрсний экспортын асуудлыг өмнөх шигээ хялбархан тайлбарлаж, түүндээ итгээд явдаг буруу хандлагаа зассанаар эхлэх ёстой. Нэг л их байгаль орчны сүйтгэл, замын аваар осол, хүмүүсийн нийгмийн асуудал, үнийн зөрүү… гэхчлэн ярихаа одоо боль. Зүгээр л Хил, Гаалийг чөлөөл, тээвэрлэлтээ нэм, эхэл, нүүрсээ зар, ашиг ол. Ингэж бүх эрсдэлийг үүрэн зүтгэсэн шиг зүтгэж чадаж гэмээнэ бид 40 сая тонн нүүрс экспортолж чадна. Ингэхгүй засмал зам тавихыг, төмөр зам тавихыг, бусад техник, технологи, нийгмийн асуудал, байгаль орчин ярьсаар байвал нүүрснээсээ бид мөнгө олж чадахгүй. Ирэх жилийн өдийд их гүрнүүд учраа олчихсон бид хоосон сууж байх нь тодорхой юм.

Ер нь тэгээд бид том бизнес яаж хийдгийг сурахгүй л байна. Ядаж тэр футурес гэрээ гэдгийг нь ойлгочих хэрэгтэй. Оюу толгой хичнээн асуудалтай байгаа ч өдөр бүр гадагшаа наймаа хийж байгаа. Учир нь Оюу толгой футурес гэрээтэй учир юу ч болж байсан нөлөөлөхгүйгээр бүтээгдэхүүнээ зараад л сууж байгаа гэсэн үг. Түүн шиг бид Таван толгойн нүүрсэн дээрээ урьдчилаад үнэ тохирсон, урт хугацааны, тогтвортой гэрээгээ хийчих ёстой юм. Өнөөдөр Хятадын зүгээс Австралийг “шийтгэх” кампанит ажил ид дундаа байна. Энэ үеийг ашиглая. Тэгэхгүй бол Австралийн эрх баригч Либерал үндэсний эвслийн тэргүүн, Эндрю Хасти өөрийн цахим хуудсандаа Засгийн газраа “Австралийн тусгаар тогтнолын төлөө арга хэмжээ авахыг” уриалсан мэдэгдэл гаргаж, эдийн засаг, хөгжил цэцэглэлтийн төлөө Хятадтай муудаж болохгүйг сануулсан. Тус улсын нэр хүндтэй улстөрчдийн зүгээс шил шилээ даран “Австраличууд өөрөө өөрсдийгөө эрсдэлд оруулсан” гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байгаа. Тэд “Америк-Хятадын харилцаа улам хурцдаж буй энэ үед австраличууд Бээжинтэй муудаж болохгүй. Америкийн тал бидний өмнөөс Бээжингийн эсрэг сөргөлдөөний бодлого явуулж буй мэт харагдаж байна” хэмээн эрчимтэй хэлж ярих боллоо. Энэ бол монголчуудын хувьд сайн юм огт биш. Тун удахгүй Австрали-Хятад хоёр эргээд сайн харилцаатай болно гэсэн үг. Дахиад шулуухан хэлэхэд, Хятад- Австралийн хагарал Монголд ашигтай. Монголын нийт экспортын 41 хувийг нүүрсний экспорт дангаар бүрдүүлж буй энэ үед Австралийн нүүрсний орон зайг ашиглахгүй өнгөрөх нь жинхэнэ тэнэг, мэдрэмжгүй, харалган хэрэг болно шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хажиг үндэстэн хөгждөггүй

Монголчууд хажиг юм. Өөр үндэстэнд дургүй. Тэгсэн хэрнээ өөрсдөдөө бас дургүй. Даргадаа, захиралдаа, эзэндээ таатай ханддаг монгол гэж байдаг юм уу. Өөрийнхөндөө дургүй, өрөөл бусдад дургүй монголчууд тэгээд яаж хөгжих юм бол. Бидний хөгжлийн хурд яст мэлхийнийх шиг байгаа шалтгаан ердөө энэ. Дэлхийд ажилсагаараа оройд нь гарсан хятадуудыг бид нэг нүдээрээ үздэггүй. Монголчууд коммунист үзэл суртлын үрээр оросуудад гайгүй ханддаг байсан ч одоо тэднийг хажиглах болсон. “Орос ах нар гэж юу байсан юм” гэх хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Лавтай хоёр хөршөө ийнхүү хажигладаг болсон. Бодит байдал дээрээ Өмнөд монголчуудаа ч бид хажиглаж, элдэв нэр хоч өгдөг шүү дээ. Бидний мах цусны тасархайнууд гэж тэдэнд сэтгэлээсээ ханддаг төв монгол хүн ер нь байдаг юм уу.

Энэ бүх хандлагаа өөрчлөх цаг одоо болжээ. Хавь ойрын бүхнээ хажиглаж явдгаа одоо больё. Хар бор ажлаа өөрсдөө хийж чадахгүй нь нэгэнт тодорхойгоос хойш одоо хажиг ярдаг зангаа татаж өөр үндэстнүүдийг эх орондоо авчирч ажиллуулъя. Амтай болгон шүүмжилж байгаа Дарханы замаа харчих. Аль хэдүйн хятад ажилчид оруулж ирээд ажиллуулсан бол одоо ашиглалтад орчих байлаа. Гэтэл тэднийг хичнээн их хажиглав. Үр дүнд нь тэр зам дээр өнөөдөр хичнээн монгол иргэн амь насаа алдаж, хичнээн их машин техникээ эвдэн, эдийн засгийн хохирол амсаж байна вэ. Дарханы зам хөгжлийн нэг хурдасгуур мөн биз дээ. Монголын худалдааны хойд бүсийн гол зам. Евроазийг холбосон авто замын гол сүлжээ. Аялал жуулчлал, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн чухал дэд бүтэц шүү дээ. Дарханы зам ашиглалтад ороогүйгээс эдийн засгийн цусны эргэлт хичнээн их саарсаныг, тоон дүнгээр гаргавал хажиг монголчууд маш их хохирсон тоо гарах нь тодорхой. Энэ мэтээр бидний хохирохгүй байж болох үндсэн шалтгаанууд ийм л энгийн, ерөөсөө хажиг монгол зан юм.

Одоо тэгээд яах ёстой юм. Нөгөөх л өөрсдөө л хийе, үндэсний ажиллах хүчин, үндэсний компаниудаа хөгжүүлье гэдэг улигт үгээ ярьцгаасаар суух уу. Ингэж яриад чадаж байгаа юм алга. Соц нийгмээс угшилтай нэгэн сэтгэлгээ монголчуудын оюун санаанд оршсоор байгаа нь Эзэн-Боолын гэх үхширмэл сэтгэлгээ. Монгол хүн хэн нэг монгол хүний удирдлагад ажиллахаараа сэтгэлдээ “Энэ муу хулгайчид би ингэж зарагдаж явах гэж” хэмээн зүхдэг. Эзнийхээ эдэлж хэрэглэж байгааг хараад “Энэ муу хулгайч шиг би яаж ийм баян болох вэ” гэж байнга хорсож явдаг. Гэтэл манайхаас өөр үндэстнүүд болохоор “Энэ машиныг авахын тулд, ийм гоё байранд амьдрахын тулд хэрхэн хөдөлмөрлөсөн бол. Би яг түүн шиг хөдөлмөрлөж байж ийм баян болно” гэж боддог.

Ийм л хөгийн зан суртахуунаасаа болж монголчууд нийтээрээ монгол хүндээ, монгол компанидаа чин сэтгэлээсээ ажиллах дургүй. Ялангуяа бидний хэлж ярьж заншсан хар бор гэгдэх ажлыг хийх ясны дургүй. Дэлхийн хөгжсөн орны том бүтээн байгуулалт бүхэн, хөгжлийн түлхүүр нь болсон үйлдвэрлэлийн бааз сууриуд нь хар бор гэж хэлэх хөдөлмөрийн зах зээл байдаг. Тэд аварга том барилга байгууламжууд, машин техник, зам гүүр, усан тээвэр, онгоц, уул уурхай… тэр чигээрээ хөдөлмөрчин ард түмнийх нь нуруун дээр явж байдаг. Харамсалтай нь тийм хөдөлмөрчин анги Монголын нийгэмд алга болчихлоо. Энэ хэвээр цааш үргэлжилбэл жишээ нь Монголын хөдөө эзгүйрэх нь мадаггүй үнэн болсон. Яагаад гэвэл малчдын дунд Эзэн-Боол гэх үхширсэн сэтгэлгээ хэрээс хэтэрсэн. Манайхаас 100 эм хонь авч төллүүлээд 50 хургыг нь өөртөө авч өсгө гэж дэлхийд байхгүй гоё нөхцөлийг хэн нэгэнд хэлэхэд “Би тэгж боол чинь болохгүй” гээд авгай хүүхдээ чирч ирээд нийслэлийнхээ гэр хороололд хэвтчихдэг. Угтаа тавхан жилийн дотор дэлхийн дундаж иргэний амьдралд хүрч болох тийм гайхамшигтай боломж шүү дээ. Хятад хүнд ийм нөхцөл тавибал ямар ч эргэлзээгүйгээр тэд саятан болох замдаа орно. Ийм л өчүүхэн мунхаг сэтгэлгээнээсээ болж монголчууд бид ойрын 30 жилдээ салахгүй нь гэдгийг судлаачид хэлж байгаа юм.

Монголчууд бусад үндэстнийг хар. Хятад хүн нэг юанийн төлөө хэний ч өмнө бөхийдөг. Солонгос хүн нэг вонийн төлөө хэний ч өмнө сөхөрч чадна. Япон хүн аяга будааны төлөө дайтаж ирсэн ард түмэн. Харин монгол хүн сая төгрөг өгье гэсэн хүний өөдөөс “хуц” гэдэг. Ийм өөдгүй хэрнээ таныг, танай улс орныг хөгжил цэцэглэлтэд хүргэхийн төлөө хөдөлмөрлөе гээд ирж буй бусад үндэстнийг хажиглаж хайрсаар байна. Ийм л өдөр шөнө шиг ялгаатай явж ирлээ. Америкчууд өнөөдрийг хүртэл хар бор ажлаа харуудаар, мексикчүүдээр хийлгэж байна. Япончууд хар бор ажлуудаа вьетнам, филиппинчүүдээр хийлгээд сууж байна. Солонгосчууд хар бор ажлаа өнөө хажиг ярдаг монголчуудаар хийлгээд сууж байгаа нь ямар уу. Чадахгүй байж хажиг сэхүүн зантай монголчууд өчүүхэн муухай, үндэстнээ боддоггүй сэтгэхүйгээсээ болж харь улсад зарагдаад сууж байна. Нэг үеэ бодвол басчиг хөдөлмөрлөж буй монгол хүн Солонгост олж буй мөнгийг эх орондоо олох боломжтой болсон шүү. Ганцхан монгол хүн, монгол хүнийхээ удирдлагад ажиллах дургүй сэтгэлгээнээс болж бид бусад улсад жинхэнэ утгаараа боолын хөдөлмөр эрхэлж, харь орны хөгжилд хувь нэмрээ оруулаад явж байна.

Хөгжлийн өндөр эрэмбэнд очсон улс орны нийгэмд л соёолдог инноваци, хөгжлийн элдэв хурдасгуурын тухай бид их ярих болсон нь өнөөдөртөө бол хөрсөн дээрээ буугаагүй хийрхэл. Тэр бүх тэнгэрийн ярианууд чинь биднээс холхон байна. Эхлээд бохир дотроо живж буй гэр хорооллоо орон сууцжуулъя. Төмөр замаа тавья. Хотын түгжрэлээ арилгая… гэхчлэн маш олон хар бороор хийх ажлууд байна. Мэдээж технологийн дэвшлийг ашиглана. Бүгдээрээ хээнцэр тансаг оффист суугаад энэ улсыг хөгжүүлэхгүй. Энэ ажлыг монголчууд бид хийхгүй нь тодорхой. Хийхийг нь хүлээгээд, бие биенээ шүүмжлээд суувал хэдэн арван жил болохыг судлаачид хэлж байна. Тэгэхээр тэр хятадуудыг, вьетнамчуудыг… олноор нь Монголд оруулж ирье. Хятад, вьетнам таунуудыг олноор нь байгуулъя. Гараар, биеийн хүчээр хийх ажлын бүх байрыг тэдэнд өгье. Тэгж байж энэ улсад чинь бүтээн байгуулалтууд дорвитой, хурдтай хийгдэх юм байна. Хэний ч нүдэн дээр Монгол Улс өсч өндийх юм байна. Малаа ч тэднээр хариулуулъя. Тус тусад нь хятад, вьетнам хорооллуудыг байгуулж, тэдэнд зориулсан суурьшлын бүс, засаг захиргааны нэгжүүдийг байгуулж, захирагчаар нь дарга болох хүсэлтэй энэ олон монголчуудыг тавья. Ажлын албанд нь монголчуудыг бас тавина. Тэд конторт сууна. Ингэхээр монголчууд бүгдээрээ дарга даамлууд болж, нөгөөдүүл нь хар бор ажлыг маань хийгээд, хэн хэнийх нь эрх ашиг тэнцвэржих нь. Ярдаг хажиг монголчууд яагаад ч хөгжихгүй байгаа шалтгааны учрыг ингэж нэг олъё. Хажиг зангаа татаж, хар бор ажлаа хийлгэдэг хүнтэй болцгоох нь зөв биз дээ. Та бүхэн энэ нийтлэлд санал бодлоо нэмэрлээрэй…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөд монголчууд минь уйгаржин бичиг хоригдсон бол кирилл монгол үсгэндээ орцгооё оо

Уйгаржин монгол бичгийн маргаан Өмнөд Монголд хүчээ авч байна. Уйгаржин бичгийг Хятадын Засгийн газраас хориглосонтой холбоотойгоор өрнөж буй жагсаал цуглаан, бослого тэмцэлд зориулан Хөх хотын Засаг захиргаанаас өгч буй тайлбар мөн ч айхавтар юм. Хөх хотын засаг захиргаа ч юу байхавдээ, Хятадын Засгийн газар, Коммунист намаас өгч буй албан ёсны тайлбар юм даа. Юу гэсэн гэхээр “Өмнөд монгол хүүхдүүд хятад хүүхдүүдийн хэмжээнд хүрэхгүй байна. Өмнөд монголчууд уйгаржин бичигтэй байснаар дэлхийн боловсролоос хоцрогдож байна. Хятадын Засгийн газар өмнөд монголчуудаас дэлхийн түвшний иргэдийг бэлдмээр байна. Тэднийг дэлхийн түвшний боловсролтой болгоход уйгаржин монгол бичгээр явуулж буй сургалт нь саад болж байна…” гэхчлэн л тайлбарлажээ. Энэ тайлбар дээр та юу хэлмээр байна. Өмнөд монголчуудыг та бүхэн хэр боловсрол мэдлэгтэй, дэлхийн түвшний иргэдтэй гэж боддог вэ.

Хятадын Засгийн газар л лав ийм аймаар тайлбар өглөө. Тэдний хийсэн тайлбарыг “Нээрэн тийм шүү дээ” гэж шууд далдганах ч юу юм. Ямар ч байсан өмнөд монголчууд шинэ бичиг үсгийн соёлд шилжих гэж байгаа юм байна. Тэр нь эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм байна. Монголын залуу сэхээтний төлөөлөл, басчиг нэр хүнд олсон орчуулагч, зохиолч Г.Аюурзана олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ бичжээ, “Уйгаржин монгол бичгийг хөхиүлэн дэмжиж, улмаар бидний монголчууд бүгдээрээ уйгаржин бичигт албан ёсоор шилжих ёстой…” гэсэн утгатай бичжээ. Уйгаржин бичигт Монголын ард түмэн шилжлээ гэхэд таны бичсэн тэр олон номыг, орчуулгын бүтээлийг хүмүүс уйгаржинаар унших уу. Та уйгаржинаар бүх бүтээлээ бичсэн үү. Таны уйгаржинаар бичсэн ном чинь борлуулагдах уу? Та захын нэг албан байгууллага руу ороод бүх ажилтнуудаас уйгаржин бичгээр дуржигнуулдаг хүн хэд байна асуу л даа. Нэг ч хүн байхгүй байж мэднэ гэж бодож байна. Бид амьдарч буй нийгэмдээ бодитой л хандах ёстой… Г.Аюурзанаас асуухад “Та Оросын утга зохиолтой, дэлхийн сонгодгуудтай уйгаржин монгол бичгээр танилцсан уу. Та хорвоотой уйгаржин монгол бичгээр уншиж танилцсан уу” гэж асууя.

АНУ-д суугаа Монголын Элчин сайд Ё.Отгонбаяр бол боловсролтой, англи, орос хэлтэй, дээр нь Монголын түүхээ уйгаржин бичгээр ихэд судалсан сэхээтэн. Тэр байтугай ХХ зууны эхэн үеийн түүхийг судалсан бүтээлээрээ түүхэн баримтат кино хийж, тэр нь яг одоо Үндэсний телевизээр цувралаар нийтийн хүртээл болж байна. Түүний боловсролын салшгүй нэг хэсэг бол уйгаржин монгол бичиг, тийм болохоор тэрбээр уйгаржин бичигт үнэхээр хайртай, хүндэтгэлтэй ханддаг нэгэн. Гэтэл түүний үзэл бодол уйгаржин дээр огт өөр. Тэрбээр саяхан Энэтхэгийн шашны сургуульд суралцаж буй Монголын олон лам хүүхдүүдийн цаашдын хувь заяанд санаа зовон бичихдээ, “Эдгээр олон лам хүүхдүүдэд ядаж кирил үсэг заагаач ээ. Англи хэлний мэдлэг олгооч. Юун дан ганц түвд, тангад ном үзэх вэ. Юун дан уйгаржин монгол бичгээр боловсрол олгох вэ. Тэд дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд эхлээд кирилл үсэгтэй болмоор байна…” гэхчлэн бичсэн байна лээ. Монгол дахь уйгаржин монгол бичгийн улаан хамгаалагч хүн шүү дээ. Монголын түүхийг уйгаржин бичгээр байнга судалж байдаг сэхээтэн ийм л үзэл бодолтой явдаг юм билээ. Амьдралын үнэн ийм л байна.

Үүгээрээ Өмнөд Монголчуудынхаа үндэсний бичиг соёлын төлөөх тэмцлийг эсэргүүцэх гэсэнгүй. Харин ч Монголын энэ олон хэвлэл мэдээллийн байгууллагуудаас “Өдрийн сонин” ганцаараа Өмнөд монголчуудын тэмцлийг дэмжиж, хамгаалж, нүүр талбайгаа хайрлахгүйгээр томоохон нийтлэл, ярилцлага, сурвалжлагуудыг гаргаж байгааг уншигч олон маань харж байгаа байх. Гэвч ний нуугүй хэлэх нэг үнэн байна. Уйгаржин бичиг маань техник технологи, Шинжлэх ухаан ололтын үсрэнгүй хөгжлийн энэ зуунд хоцрогдчихоод байна. Уйгаржин бичгээр орчуулагдсан дэлхийн ганц сонгодог зохиол үнэндээ алга. Шинжлэх ухаан ололт дэвшлийн дэлхийд гарсан тэр олон сурах бичиг, судалгааны бүтээлүүдээс уйгаржинд хөрвүүлэгдсэн нь алга. Өмнөд монголчууд минь хөгжих, дэвжих, өөдлөх ёстой. Үндэстэн дотроосоо ядаж Азидаа тодорсон ганц эрдэмтэн төрүүлэх хэрэгтэй. Наад зах нь комьютерийн хэрэглээний программд уйгаржин бичиг минь хөрвүүлэгдэх гэж ямар их ажил болж байна. Өнөөдрийг хүртэл алдаа заасаар байна шүү дээ. Үүнийг засч чадахгүй байна. Дэлхийн соёлын өвийг хамгаалах дэлхийн байгууллага болох ЮНЕСКО-д аль 2013 онд уйгаржин монгол бичгийг “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв”-ийн жагсаалтад бүртгүүлэх гэсэн боловч бүртгэж аваагүй юм билээ. Харин оронд нь “Монгол уран бичлэг” гэж огт өөр зүйлийг бүртгэж авсан юм билээ. “Монгол уран бичлэг” нь уйгаржин бичгийн нэг төрөл гэж үзээд өнөөдөр ЮНЕСКО-д хандаж болох ч өмнөд монголчуудын энэ асуудлыг тус байгууллага үл тоож байна. Ямар учир жанцанг цаанаа агуулж байгааг мэдэхгүй юм. Наад зах нь л ийм байна. Монголын 800 жилийн түүхийг мэдэхэд уйгаржин бичиг хамгийн чухал. Энэ үнэ цэнийг монгол үндэстний элит хэсэг, эрдэмтэн судлаачид мэддэг. Мөнхөд уйгаржингаа хаяхгүйгээр ашигласаар байхыг тэдний хөдөлмөр бүтээлээс бид харж, бахархаж, тэр их ай саваас нь өөрт хэрэгтэй байдлаар ашигласаар, уншсаар ирлээ. Тийм болохоор уйгаржин бичиг маань мөнхөд амьдарсаар байна. Харин кирилл монгол бичиг бол монголчуудыг сүүлийн 70 гаруй жилд дэлхийтэй танилцуулж, тэдэнтэй хөл нийлүүлэн алхуулж чадсан. Бид сүүлийн 70 жилд дэлхийн Шинжлэх ухааны ололтуудыг кириллээр судалж, дэлхийн сонгодгуудыг кириллээр уншиж, кирилл үсгийн буянаар сансарт хүнээ нисгэж, олон улсын хэмжээний математикчидтай болж, нийгмийн бүх л салбартаа дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдтэй болж чадлаа. Сүүлийн 30 жилд дэлхийд алдартай Харвард, Оксфордын сургуулиуд бидэнд нээлттэй болж, тэнд судалгаа хийж буй монгол залуусыг тоолоод барахгүйд хүрэх нь. Энэ бүхэн бол кирилл үсгийн буян. Цааш яривал кириллийн түүхэн үүрэг, үнэ цэнийг олноор дурдана.

Түүхэн үнэн ийм байхад өмнөд монголчууд минь уйгаржин бичгээ хэрэглэнэ гэвэл та нар дэлхийн хөгжлөөс, дэлхийн соёлоос сална, тусгаарлагдана гэсэн үг. Хятадаас цааш газар үгүй гэсэн “Хуучин хүү”-гийн амьдралаар амьдарна гэсэн үг. Монголчууд сайнаар ханддаг хүнээ сайн явахад нь өмнөөс нь баярлаж чаддаг ард түмэн. Сайнаар ханддаг нэгнээ муухан явбал өмнөөс харуусдаг. Үнэхээр л тусгаар тогтносон монголчууд бид мах цусны тасархай өмнөд монголчуудаа сайн явахыг хүсч байгаа бол уйгаржин бичгийг нь нэг их дэмжээд байх шаардлагагүй. Харинчиг “Өмнөд монголчууд минь уйгаржин бичиг хоригдсон бол кирилл монгол үсгэндээ орцгоовол яасан юм бэ” гэсэн үзлээр хандах ёстой. Тэгж байж тэдэнд маань сайн сайхан ирээдүй ирнэ. Кирилд шилжиж чадаж гэмээнэ өмнөд монголчууд минь хөгжил дэвшлийн зам руу орно. Биднийг эндээс кириллд шилж гэснээр Хятадын Засгийн газар кирилл заагаад эхэлнэ гэж юу байхав. Ханзаа заадгаараа заах нь нэн тодорхой.

Гэхдээ өмнөд монголчуудад минь боломж байна. Үнэхээр та бүхэн үр хүүхэд, хойч үеээ кирилл бичиг үсэгтэй болгоё гэж байгаа бол Хөх хотоосоо Улаанбаатарт хүүхдүүдээ шилжүүлэн сурга. Та нарын эдийн засгийн чадавх харьцангуй сайжирсан учраас боломжтой. Эсвэл Монголын Засгийн газраас хил дагуух суурингууддаа өмнөд монголчуудынхаа хүүхдүүдэд зориулсан сургууль байгуулж өгье. Бүр дэлхийн түвшний Кембержийн сургалттай дунд сургуулиудыг Замын-Үүдээс эхлээд хилийн боомттой бүх аймгууддаа байгуулж өгье. Эсвэл та нартаа зориулж хил хавийн дунд сургуулиудаа өргөтгөе. Тэнд хүүхдүүдээ авчирч кирилл, латин үсэг сургаад ав. Ер нь бол энэ нь цоо шинэ санаа ч бас биш юм, Монголд суралцах хүсэлтэй өмнөд монгол залуус манай их дээд сургуулиудад суралцаж байгаа. МУИС, МУБИС, СУИС… гээд том сургуулиудад цөөнгүй оюутан бий. Одоо үүнийгээ дунд сургууль болгоё. Бид та нартайгаа сайхан ойлголцоно. Бидэнд чинь бас хэл соёл нэгтэй үндэстний хань ижил хэрэгтэй байна шүү дээ.

Эцэст нь хэлэхэд, уйгаржин монгол бичиг маань байнга л эрсдэлтэй тулгарч ирлээ. Гэтэл бид 2025 он гэхэд уйгаржин бичигт албан ёсоор шилжинэ гэчихсэн байгаа. Өнөөдөр гэхэд өмнөд монголчуудын маань хэрэглэдэг уйгаржин бичгийн өмнө том бэрхшээл гарч ирлээ. Үндсэн шалтгаан нь “Энэ бичиг чинь та бүгдийг дэлхийн соёл иргэншлээс холдуулж, тусгаарлаж байна” гэсэн тайлбартай. Манай түүхээс харахад 1946 онд энэ асуудалтай тулгарсан. Өнөөдөр өмнөд монголчуудыг хятадууд ханз үсэг сур гэж тулгаж байгаа бол тэртээ 70 жилийн өмнө бидний монголчуудыг оросууд кирилл үсэг бичигт ор гэж тулгасан. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад бид лав алдсангүй. Дэлхийтэй хөл нийлүүлээд алхаж байна. Дэлхийн охь дээжээс захын хүүхэд уншиж судалж сууна. Хамгийн том онцлог нь кириллд шилжсэнээрээ өнөөдөр Монголд уйгаржин монгол бичиг маань устаж алга болоогүй байна. Харинчиг тодорхой хүрээнд уйгаржинг өндөр түвшинд авч явна. Түүхийн судалгаанд маш чухал үүрэг гүйцэтгэж үнэ цэнэ нь өндөр байна. Монголын элит хүрээнд монгол бичиг мэдэхгүй хүн байхгүй. Аль эрт кирилл, латин бичигтэй болсноороо монголчууд бид уйгаржин бичгээ устгачих байсан биз дээ. Тэгсэн чинь үндэсний бичиг соёл устах тухай ойлголт байдаггүй юм байна. Ийм л бодит түүх ах дүү монголчуудад чинь байна даа, өмнөд монголчууд минь.

Хэрэв та нарын маань уйгаржин бичиг хоригт орвол монгол хэл чинь бүдгэрнэ байх. Яагаад гэвэл та нар минь үнэндээ Өөртөө засах орон шүү дээ. Харин тусгаар тогтносон Монголд бол үндэсний хэл, соёл чинь хэвээрээ байна. Тэгэхээр хэл, соёл дээрээ хүрээд ир. Үр хүүхдүүдээ явууул. Уйгаржин монгол бичгээ бид нүд үзүүрлэхгүй. Тийм ёс зүй, уламжлал бидэнд байхгүй. Зүгээр л дэлхийн хөгжлөөс хэний маань ч үр хүүхэд хоцорч, доройтож болохгүй л гэсэн үзэл санааг түрүүнд нь тавьж байгаа юм. Энэ талаас нь тунгаан бодно уу. Хятад их гүрэн учраас ханзаа тулгаж л таараа. Ийм нөхцөлд өмнөд монголчууд минь аргаа ол. Кирилл, латин үсэг сурахаа бод. Уйгаржин бичгийг бодох юм бол кирилл, латин хоёрыг тэнэг хүн ч амархан сурах боломжтойгоороо дэлхийд гайхагддаг бичиг үсэг шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пүрэвдорж бас дахиад хурлаасаа хөөгдөх дөхлөө

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эрх баригчдыг шүүмжилж байгаад чуулганаас хөөгддөг болсон. Энэ сарын дундуур тэрбээр чуулганы хуралдаан болон байнгын хороодын хуралдаанд оролцох эрхээ долоо хоногоор хасуулсан билээ. Учир нь УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн хуралдааны дэг зөрчсөн тохиолдолд хурал даргалагчийн зүгээс сануулга өгөхөөс гадна байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцох эрхийг нь хасахаар тусгасан. Тус заалтын дагуу УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж чуулганы хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэх үеэр “Энэ бол улстөржсөн төсвийн тодотгол. АН-ыг 100 сая гэж балбачихаад та нар төсвийн мөнгөөр ард иргэдийн саналыг худалдаж авсан гэдэг нь өдрөөс өдөрт ил болж байна” хэмээн мэдэгдэхэд чуулганыг даргалж байсан УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан баримттай ярихыг хүсээд, Дэгийн тухай хуулиа баримтлахыг сануулсан. Гэвч эрхэм гишүүн зогсохгүйгээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг үг хэлэх үеэр дундуур нь орж “Би гүтгэлэг яриагүй” хэмээн ярьж эхэлсэн нь хурал “үймүүлсэн” шалтгаан болж долоо хоногийн хуралд оролцох эрхээ хасуулсан билээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулган дээр Б.Пүрэвдорж гишүүн мөн л эрх баригчдад таалагдсангүй. Тэрбээр Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга юм байна. Чуулган дээр төсвийн бодлогын байнгын хорооноос бэлдэж, өөрөөр нь “Энэ илтгэлийг л зөвхөн чуулган дээр уншина” гэж гарын үсэг зуруулан баталгаажуулсан илтгэлийг нь тэрбээр чуулган дээр уншсангүй. Албан ёсны үгээр бол Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Монгол Улсын Их хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг тэрбээр байнгын хорооноос бэлдэж өгснөөр уншиж танилцуулах ёстой. Гэвч Б.Пүрэвдорж гишүүн санал дүгнэлт уншихаар индэрдээ гарахдаа, Төсвийн бодлогын байнгын хорооноос бэлдэж өгсөн тайланг гишүүдэд харуулж байгаад цааш нь тавихдаа “Би эрх баригчдын бэлдэж өгсөн энэ дүгнэлтийг уншихгүй. Энэ дүгнэлтийг унших юм бол МАН-ын эрх баригчид та бүгдийн улсын төсвийг хэрхэн будлиантуулсныг талархан дэмжигч болж хувирах гээд байна. Би сөрөг хүчний үүргээ биелүүлж өөрийн зүгээс бэлдсэн дүгнэлтээ уншина аа” гэснээр зүүн энгэрийн дотоод халааснаасаа өөрийн бэлдсэн санал дүгнэлтээ гаргаж уншиж эхэллээ. Чуулган шууд дамжуулалттай байсан нь эрх баригчдыг багагүй сандаргав. Харин чуулган үзсэн иргэд, олон түмэн бол түүний танилцуулсан 2019 оны улсын төсвийн гүйцэтгэлийн талаарх санал дүгнэлтээс эрх баригчид улсын төсвийн мөнгөөр сонгуульд зориулж хэрхэн тоглож, гараа угаасныг ойлгож авав бололтой. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдоржийн илтгэлээс наад зах нь гэхэд Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 11.7 их наяд төгрөгт хүрч урьд онуудаас огцом нэмэгдсэн. Төсвийн орлого нэмэгдэх тутам төсвийн зарлагаа нэмдэг байдал сүүлийн жилүүдэд хэт хавтгайрч байгааг бодит тоон дүнгээр ойлгов. Улмаар Засгийн газар Төсвийн ерөнхийлөн захирагчдаас төсвийн саналд ирүүлсэн 5.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 2248 төсөл, арга хэмжээг хассан хэрнээ тэдний саналд тусгаагүй 262.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 266 төсөл, арга хэмжээг нэмж, УИХ-д өргөн барьсныг мэдэв. Мөн Засгийн газрын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар зээл тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд бий болсон хөрөнгийг санхүүгийн тайланд бүрэн тусгаагүй, дампуурсан банк, хадгаламж зээлийн хоршооноос авах болон дамжуулан зээл, Засгийн газрын тусгай сангуудын хугацаа хэтэрсэн авлагын үлдэгдэлтэй, зарим байгууллагууд гадаад зээлийн өглөгийг санхүүгийн тайландаа өглөгөөр бүртгээгүй зэрэг зөрчлүүд байсан нь “хязгаарлалттай дүгнэлт” өгөх үндэслэл болсон байна гэдгийг мэдэгдлээ.

Түүний төсвийн талаарх санал дүгнэлтийг ерөнхийлөн тоймлоход ийм. Чуулган дээр бол Б.Пүрэвдорж гишүүн “Та нарын төсвөөс шамшигдуулсныг зөв гээд сөрөг хүчний төлөөлөл би сууж байх юм уу, жишээ нь, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн ажлын өрөөгөө 380 сая төгрөгөөр тохижуулан тансаглаж суусан төсвийн дампуурлыг би хамгаалаад сууж байх уу. Та нар алга ташуулаад сууж байхыг хүсч байгаа бол чадахгүй” хэмээн шууд хэлсэн нь чуулган дээр улаан хэрүүл болж Б.Пүрэвдорж гишүүнийг дахиад л “барьж идэх” дөхлөө. Улмаар түүнийг чуулганы танхимаас дахин хэд хоног хөөх шалтгаан болох шахлаа.

Яаж ч бодсон Б.Пүрэвдорж гишүүн юу гэж эрх баригчдын бэлдэж өгсөн төсвийн гүйцэтгэлийн дүгнэлтийг уншиж зогсох юм бэ. Ямар утсан хүүхэлдэй, өөрийн толгойгүй амьтан байгаа биш дээ.

Чуулганд оролцсон гишүүд Б.Пүрэвдоржийг индрээс буухтай зэрэгцэн түүн рүү бөөлж, цамнаж өглөө. Даргадаа сүрхийгээ харуулах гэсэн коммунистууд яадаг байлаа, ямар зан араншин гаргадаг байсныг түрүү үеийнхэн гадарлана. Яг л тэр уралдаан, цамнааныг Б.Пүрэвдоржийн эсрэг МАН-ынхан, зарим коммунистууд үзүүлэв. Хуучин цагийн МАН-ын өвгөн коммунистууд гэж ямар айхавтар хүмүүс байлаа. Хурал дээр зүүрмэглээд сууж байдаг. Намынх нь эрх ашиг хийгээд өөрсдийнх нь үзэл бодлын эсрэг өчүүхэн төдий зүйл, үг өгүүлбэр танхимд илэрвэл сэрхийтэл босч ирээд, нүдээ гялалзуулан эсрэг үг хэлсэн хүний өөдөөс хорвоогийн хамгийн хоржоонтой хатуу, зэвүүн үгээр дайрч, дахин сэхэхгүй болтол нь намнадагсан. Яг тэд нарын араас шил даран, шинээр замнан гарч ирж буй архаг коммунистууд өнөөдрийн УИХ-д төрөн гарч ирж байгааг Б.Пүрэвдорж руу дайрах дайралтаас сая Монголын ард түмэн харлаа, бэргэлээ. Энэ чигээрээ бол хууччуулаасаа давж гарах хортой, зуумхай коммунистууд Их хуралд бий болж байгаа бололтой.

Архангайн Засаг дарга байгаад буусныхаа дараа шорон гяндангаар ээрэгдэж ээрэгдэж гэнэт Их хурлын гишүүн болоод орж ирсэн, Н.Энхбаярыг “хаан” байхад туслахаар нь ажиллаж байсан Ё.Баатарбилэг гэж залуу эхлээд Б.Пүрэвдорж руу дайрлаа, “Ёс зүйн хорооноос асуух ёстой юм уу, хаашаа юм. Энэ хурлын дэг чинь юу болж байна. Төсвийн байнгын хороон дээр олонхиороо шийдээд баталсан дүгнэлтийг Дэд хорооны дарга нь өөрчлөөд, өөрийнхөө дүгнэлтийг хэлж байгаа чинь болж байгаа юм уу. Ийм жишиг тогтоож байгаа юм уу. Ер нь энэ Төсвийн зарлагын дэд хороонд чинь ямар гишүүд байдаг юм. Тэд нар энэ даргынхаа дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна уу. Бид энэ Б.Пүрэвдоржийн санал хүсэлтийг хэлэлцэх нь зөв үү. Дэгийн хууль чинь хаачив…” хэмээн бууж гарлаа. Б.Пүрэвдорж гишүүн шууд л “Баатарбилэг гишүүнийг арай эрүүл гэж бодож явсан юм. Тэгсэн үгүй бололтой. Та нар дэргэдээ сөрөг хүчинтэй, дээрээ ард түмэнтэй гэдгээ үргэлж санаж яв. Дараачийн гишүүд дахиад иймэрхүү асуулт асуух юм бол би хариулахгүй” хэмээн хэлсэн нь эрх баригчдын уур хилэнг улам хүргэлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг тэндээс шазав татасхийн үгээ зуулттай хэлж эхэллээ. Сонгуулийн өмнөхөн хүүхэд нь Нийгмийн хамгааллын сайд эцгийнхээ нэрээр гадаадад хүмүүс гаргана гэж их хэмжээний мөнгө залилаад, тэр нь олон нийтэд илрээд амь наана там цаана гүйж явсан сайд асан гишүүн маань одоо тайвширчихаж. Сүрхий өнгө орчихож. “Б.Пүрэвдорж хариулахгүй гэсэн болохоор түүнээс асуухгүй. Тамгын газрынхнаас асууя. Төсвийн бодлогын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлт дээр Б.Пүрэвдорж гарын үсгээ зурж, би уншина аа гэчихээд, чуулган дээр өөрийнхөө дүгнэлтийг уншчихаж байгаа нь болж байгаа юм уу. Ингээд цаашид явах юм уу. Байнгын хороон дээр цөөнх болсон гишүүний үгийг дүгнэлт дээрээ оруулаад уншчихдаг. Гэтэл нөхөр Пүрэвдорж байнгын хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурчихаад унших болохоороо өөрийнхөө дүгнэлтийг уншина гээд хармаанаасаа нэг юм гэв гэнэтхэн гаргаж ирээд уншдаг ийм хууль хаана ч байхгүй. Өнгөрсөн долоо хоногт Пүрэвдорж ёс зүйн алдаа гаргалаа гээд чуулганд суух эрхээ долоо хоногоор хязгаарлуулсан, тэгсэн дахиад бүр ч тодорхой Дэгийн тухай хууль зөрчиж байгаа юм биш үү. Үүн дээр одоо ямар хариуцлага тооцох ёстой вэ. Цаашдаа цөөнх нь би өөрийнхөө дүгнэлтийг л уншина гээд явдаг тийм практик руу орох юм уу” гэхчлэн хариуцлага тооцохыг нэхэж эхэллээ. Их хурлын дарга Г.Занданшатар бас дуугүй байж чадсангүй “Б.Пүрэвдорж гишүүн анхаарна уу, Дэгийн хууль зөрчсөн гэж үзэн Ёс зүйн хороонд таныг шилжүүлнэ шүү” хэмээн заналхийлэв.

Төв аймгаас “мянгантаа” сонгогдоод байгаа Н.Энхболд гишүүн бүр ч заналтай хүн юм. “Заавал Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг сонсоно. Тэрнээс Пүрэвдоржийн энэ хувийн сэтгэгдэлд надад хэлж ярих юм байхгүй. Их хурлын дарга та хуулиа баримталж дэд хорооны санал дүгнэлтийг албан ёсоор танилцуул. Пүрэвдоржийн үгийг тойруулж бид нар санал хэлэх ёсгүй. Дэд хорооны санал дүгнэлтийг тойруулж санал хүсэлтээ хэлмээр байна. Ажлаа явуулахад хэцүү байна. Дуртай хүн нь индэр дээр гараад санал сэтгэгдлээ илэрхийлдэг. Байнгын хороо гэж хуралдахын хэрэг юу байна” гэхчилэн зүхэж гарлаа. Б.Пүрэвдорж гишүүн “Та нар засгаа магтсан, зарлагаа нэмсэн, ард түмний халааснаас авч үрэн таран хийж буй тэр сайхан төсвөө хэлэлц, надад өөр хэлэх юм байхгүй” гэлээ. Н.Энхболд гишүүн “Их хурлын түүхэнд хэзээ ч ийм юм болж байгаагүй шүү…” ч гэх шиг… Н.Алтанхуяг гишүүн тэссэнгүй цаг аваад “Ард түмнээс авч байгаа татвараа жаахан хайрлаач. Энэ Цагдаагийн барилга, Тагнуулын барилга гэж хүчний байгууллагуудын барилга гэж ямар аварга юмнууд босч байна. Тэр дотор орох ширээ савнаас эхлээд ямар их хөрөнгө төсвөөс орох уу. Ийм үрэлгэн битгий байгаач л гэж сая хэллээ. Та нар чинь ямар эмзэг байна аа” хэмээн толгой сэгсрэв.

Сүүлдээ өнөө Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны найман гишүүний нэг гэж өөрийгөө танилцуулсан Х.Булгантуяа гэж гишүүн ах нарынхаа араас орж ирж “Пүрэвдорж гишүүн ёс зүйтэй байгаач, мэргэжлийн байгаач” хэмээн ярилаа. Илүү л харагдаж байна лээ дээ. Залуу гишүүнд зохихгүй үе гэж бас байх юм аа. Пүрэвдорж гишүүний зүгээс “Та ч уншсан, би ч уншсан ауидитын дүгнэлтийг би сая танилцууллаа шүү дээ…” хэмээн тайлбарлах. Чуулган энэ хэвээр цааш үргэлжилбэл Б.Пүрэвдорж гишүүнийг эрх баригч намынхан эр эмгүй, хөгшин залуугүй “барьж идэх” нь тодорхой болов. Энд тэндээс эрх баригч гишүүд “Дэгийн хууль зөрчсөн Пүрэвдоржид ямар хариуцлага тооцох ёстой юм бэ” хэмээн шаардсаар байлаа.

Энэ Их хуралд бараг хамгийн залуу гишүүний нэг нь Х.Булгантуяа байх. Энэ эмэгтэй санал хураалт явагдаж байхад л “Горимын санал” байна гэж цаг авч таслаад “Танхим дотор задгай ярьж үймүүлээд байх юм…” гэхчлэн Пүрэвдорж гишүүн рүү хандах нь бас л нэг уламжлалаа хадгалж ирсэн хурган коммунист Их хуралд нэгээр нэмэгдсэнийг нотлов. Х.Булгантуяа залуу хүн, шинэ гишүүн. Эл доль болсон ах нараа дагаж далдганах хэрэггүй. Төрийн түшээ хүнд байх нэг эрхэм чанар бол юмыг өнгөрөөж сурах байдаг юм. Тэртэй тэргүй сөрөг хүчний нэг гишүүнээ “барьж идэхээр” улайрч байгаа ах нар чинь ард түмэнд муухай харагдаж байхад залуу түшээ та давхиж орж ирж үг нэмэрлэх чинь харьцангуй төсвийн мэргэжилтэн гэж хэлж болох таныг далдгануур харагдуулж байна лээ. Ялангуяа тэр Б.Пүрэвдоржийг чуулганаас дахин хөөлгөхөөр улайрч байгаа чинь.

Ямар ч байсан чуулган завсарлалаа. Үнэний талд үг хэлсэн, сөрсөн гишүүдийг чуулганы танхимаас хөөдөг жишиг Б.Пүрэвдорж гишүүн дээр л лав тогтлоо. Мань гишүүн цаашид хичнээн удаа хөөгдөхийг нь бүгдээрээ хараад л сууж байя даа…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тангаргаасаа няцлаа

УИХ-ын гишүүний тангаргийг сануулъя. “Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргийг чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэжээ. Л.Энх-Амгалан гишүүн энэ тангаргийг өргөсөн. Гэтэл тэрбээр ард түмнийхээ ашиг сонирхлын эсрэг дуугарч эхэллээ. Ард түмнээ хөрөнгө чинээгээр нь ил тод ялгаварлан гадуурхаж эхэллээ. УИХ-ын чуулган дээр Л.Энх-Амгалан гишүүн “…Одоо байгаа 17 их наяд төгрөгийн хадгаламжийг 10 мянга орчим хүн эзэмшиж байна. Хадгаламжийн хүү өндөр байгаагаас болж зээлийн хүү өндөр байдаг. Хадгаламжийн хүү өндөр байгаа нь их хадгаламжтай хүмүүсээс болж байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголд зээлтэй 2.7 сая хүний эрх ашгийг бодох уу, хадгаламжтай 10 мянган хүний эрх ашгийг бодох уу гэдэг асуудал” гэсэн.

Монголд хөдөлмөрлөж байгаа хэсэг нь л их бага хэмжээгээр хуримтлалтай болж байгааг Л.Энх-Амгалан гишүүн та ямар зорилгоор үгүйсгэж, хэнд таалагдах гэж, өргөсөн тангаргаасаа няцсан үг хэлэх болов. Яагаад хуримтлалтай болсон хэсгээ заналхийлж эхлэв. Таны өргөсөн Тангаргийн үгс дотор “ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэнэ” гэсэн үг байгаа. Хадгаламж эзэмшигч иргэд тань ард түмэн биш юм уу. Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байгаа хэсгийнхээ хөрөнгийг нь хураая гэдэг чинь иргэдийнхээ ашиг сонирхлын эсрэг байгаа биш юм уу. Тангаргаасаа няцсан хэрэг бус уу.

Хадгаламж гэдэг бол нэг төрлийн хөрөнгө оруулалт. Дотоодын хөрөнгө оруулалт. Улсын ашиг сонирхлыг эрхэмлэнэ гэсэн үг тангарагт чинь бий. Дотоодын хөрөнгө оруулалт бол улсын ашиг сонирхол биш үү. Улсынхаа хөрөнгө оруулагч хэсэгтэй тангараг өргөсөн гишүүн та ухаалаг харьцах ёстой. Зээлийн хүүг багасгая гэсэн нэрийн дор хадгаламж эзэмшигч иргэддээ дайн зарлавал эргээд энэ эдийн засагт чинь ямар аймаар цохилт ирэхийг сайн бод. Хүү өндөр байхыг банкууд ч дэмждэггүй юм. Зээлийн хүү өндөр байвал зээлийн эрсдэл нэмэгддэг гэж. Банкууд болон иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан тохиролцож хадгаламж, зээлийн хүүг тодруулдаг. Л.Энх-Амгалан нарын төрийн төлөөллүүд бизнесийн энэ харилцаанд хөндлөнгөөс, хүчээр, муйхар аргаар оролцож, хүүг бууруулж болохгүй гэж эдийн засагчид ярьж байгаа шүү.

Зээлийн хүүг хүчээр барина гэдэг нь мөнгөн хөрөнгөд төрөөс үнэ тогтооно гэсэн үг. Тойруу замаар хадгаламжийн мөнгөнд үнэ тогтооход хүргэнэ. Зээлийн эх үүсвэр буюу түүхий эд нь хадгаламж. Хадгаламжийн мөнгө бол таны хувийн өмч. Хувийн өмчид төр үнэ тогтоох болж байна. Зөвхөн чинээлэг хэсэг бус нэг сая орчим хүүхэд, тэтгэврийн насныхан хадгаламжтай байгааг мартаж болохгүй. Тэгэхээр төрөөс эдгээр хадгаламжтай иргэдийнхээ хөрөнгөнд халдах нь. Бодит байдлаас бага хүүтэй хадгаламжинд хүмүүс мөнгөө хийхгүй. Хадгаламж буурвал зээл олгох мөнгө багасна. Ингээд үнэ тогтоовол зээлийн олдоц улам хумигдана. Барьцаа баталгаа муутай бичил, жижиг бизнес эрхлэгчид, өрхүүдэд олгох зээл буурна. Тун товчлоход ийм л юм болно.

Япон, Америк шиг өндөр хөгжилтэй, инфляцийн түвшин нь нам дор орнуудтай өөрсдийгөө жишиж тэнэглэхээ Л.Энх-Амгалан гишүүн та боль. Манайхтай ойролцоо түвшний орнууд хүүгээ хүчээр тогтоолоо гээд гайхалтай хөгжөөгүйг санах хэрэгтэй. Зээлийн олдоц нь муудсан 75 улс орны судалгааг Дэлхийн банкнаас гаргасан байна лээ. Тэдгээр улсуудад юу болсон гэхээр банкны салбарт хуримтлагдсан хадгаламжийн үлэмж хэсэг банкнаас гадагшилсан. Татаж авсан мөнгөөрөө валют худалдаж авснаар төгрөгийн ханш нь эрс суларсан байдаг. Мөн нэг хэсэг нь орон сууц, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан. Ингээд үнийн хөөсрөл явагдаж сүйд болсныг бид олон орны жишээнээс мэднэ. Нөгөө талаас нь харвал банкнаас татсан хадгаламжийн мөнгөө өөр хоорондоо өндөр хүүтэй зээлдүүлж эхлэх эрсдэлтэй. Ингэснээр сүүдрийн эдийн засаг томорч, иргэдийн хадгаламж болон банкуудаас авч буй татварын орлого буурах аюултай.

Эдийн засаг талаас нь энэ мэт ганц нэг өгүүлбэр хэлэх нь зөв байх. Одоо хамгийн гол хууль эрх зүйн талаасаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хийх нь. Тухайлбал, Үндсэн хуулийн 14-ийн 2 хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтыг зөрчжээ. Хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж буй үйлдэл бус уу. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дугаар хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно…” гэжээ. Тэгвэл хадгаламж нь хүний хувийн мөнгөн хөрөнгө. Түүнд халдах гэж буй үйлдэл бус юм уу.

Эцэст нь хэлэхэд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн зүгээс Үндсэн хуульд байгаа тодорхой заалт буюу хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхах, мөн … Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно… гэхчлэн заалтуудыг зөрчсөн үйлдэл хийх нь. Энэ талаар Үндсэн хуулийн Цэцэд хандах иргэд олноор гарч ирэх биз. Л.Энх-Амгалан гишүүн ид бяртай дээрээ явж байгаа байж болно. Тэгэхдээ өргөсөн тангаргаасаа няцтал, Үндсэн хуулиа зөрчтөл бяраа харуулж болохгүй. Ийм дээрээ хүрвэл та хэн ч биш. Их хурлын гишүүн бол иргэдийн элч төлөөлөгч. Хадгаламж бол иргэн хүний хувийн өмч. Хувийн өмчөөрөө оролдох гээд байгаа хэнтэй ч хөдөлмөрч хүмүүс ясаа цайтал үзэлцдэг нь хаа газрын ёс. Та үүнийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ямартай ч энэ удаагийн хэлсэн үгээрээ иргэдээ ялгаварлан гадуурхаж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Тангаргаасаа няцлаа. Одоо хууль зөрчих эсэхийг нь харж сууя даа.