Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хариуцлага хамгийн ихээр нэхэгдэх энэ цаг үед сайд болохоор улайрахын учир юу вэ DNN.mn

Дэлхий өөрөө цөвүүн байна. Тахалтай, дайнтай, их гүрнүүд хоорондоо зөрчилтэй, жижиг улс орнууд яах ёстойгоо мэдэхгүй болтлоо балмагдах үе ч байна. Бид тэдний л нэг. Ийм цаг үед энэ улс орныг удирдан чиглүүлж авч явна гэдэг хүнд ачаа. Маш өндөр үүрэг хариуцлага, хувь улстөрчдөөс асар их мэдлэг боловсрол, туршлага, ёс суртахуун шаардана. Ийм хүнд үед хүмүүс зөнгөөрөө хариуцлагаас зугтаадаг. Даах ачаагаа хамгийн их мэддэг. Даахгүй гэдгээ хэлэхээс ичдэггүй, хэлдэг. Ёс зүйтэй улс төртэй газар бол “Би наад ачааг чинь даах сэтгэл зүй, мэдлэг боловсрол, ур чадвар алга. Чаддаг хүмүүс нь улс орныг удирд даа” гэж хэлээд зайгаа тавьж өгдөг. Ингээд жинхэнэ шедеврүүд нь гуйлгаж, урьж залагдан ирж улс орныг удирддаг билээ. Монголд өнөөдөр тийм юм байна уу. Өөрийнхөө хэр хэмжээг мэддэгүүд нь ялгарах, шалгарах, шалгаруулж сорих түүхэн үе ирж, үүнийг цаг үе өөрөө шаардаж эхэллээ шүү дээ.

Өнөөдөр шинэ Засгийн газрын бүтэц яригдаж, ямар хүмүүс сайдаар ажиллах нь нийгмийн анхаарлын төвд байна. Чухам яагаад Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж байгаа, яагаад сайдуудаа солих шаардлагатай болсны гол шалтгаан маш тодорхой гэж харагдаж байх шиг. Нэгдүгээрт, манай улсын байршилтай холбоотой геополитикийн асуудал. Бид өнөөдөр хийх бүх зүйлээ бусдаас асуух, бие даагаад шийдэх ямар ч боломжгүй байгаа нь маргашгүй үнэн. Мөнхийн биш байгаасай. Ийм цаг үед С.Баяр шиг уранаар Оросыг найраад, газрын тосоор Хятадад тал засаад, сиймхийгээр нь Оюу толгой төслийг хөдөлгөж, гуравдагч орны хөрөнгө оруулалт, эрх ашгийг Монголд бий болгож чадсан Олон улсын хэмжээний стратеги хэрэгтэй байна. Ковиддоо бүрэн дарлуулчихсан дэлхий ертөнцөд цаг алдаж болохгүй байна. Ковидыг дагасан инфляцийн учрыг одоохон олохгүй бол юунд ч хүргэж мэдэхээр байна. Орос-Украины дайн, Хятад-Тайванийн асуудлаар Монголд ямар их шахалт үзүүлж байгааг, үүнийг дагасан бусад улс орны дарамт, тулгалт ч их байгааг мэдэх хүмүүс нь мэднэ. Масс бол нарийн ширийнийг мэдэх боломжгүй.

Ийм л урьд хожид байгаагүй хүнд нөхцөл байдлын голд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна. Түүнд сайн баг хэрэгтэй байна. Ажил хийдэг, сэтгэлтэй, басчиг нөлөөтэй, туршлагатай кабинет. Түүний хийх ажил, хөгжлийн бодлого, гарц шийдвэр тодорхой. Тэр нь Шинэ сэргэлтийн бодлого. Энэ бодлогод тусгагдсан том төсөл хөтөлбөрүүдийг хурдан шуурхай хөдөлгөх. Ерөөсөө Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаа гол агуулга энэ болов уу. Ингээд Засгийн газар хөдөлгөөнд орж эхэллээ…

Үүнийг дагаад өнөөдөр чухам юу болж байна вэ. Чадлаа мэдэхгүй, өөр рүүгээ өнгийж хараагүй нөхдүүд сайдын суудалд санаархан улайрч байна. Улс орон ийм хүнд цаг үед ухаалаг хүмүүс бол хаана байхаа, юу хийж чадах, чадахгүйгээ хамгийн сайн мэдэж байдаг. Тэгвэл сайд л болж байвал боллоо гэж үзсэн нөхдүүд үүнийг мэдэж байна уу. Хариуцлага, бүр хуулийн хариуцлага нэхэгдэх, хожмын хойтдоо ч хариуцлага салахгүй дагаж явах хүнд цаг үед Засгийн газрын гишүүн болохоор улайрч байгаа нь тэдний хувьд мунхаглал санагдах юм. Гэтэл үүнийгээ тоохгүй, бүр бодох ч үгүй бололтой. Сайдын суудалд хүрч байвал бусад нь хамаагүй гэх нь ямар ид шид оршсоных вэ. Мэдээж тэр бол тодорхой. Албан тушаалын унац хаялга, авлига, хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх арга зам, сайд байх хугацаандаа ар гэр, авгай хүүхэд, ах дүүс, аж ахуйгаа өөд нь татаж аваад Монголоос цаг нь болохоор зайлах алс хэтийн адын бодол зорилго нь юм.

УИХ-д улиг болтлоо сууж байгаа, үхэн хатан Төрийн ордонтой зууралдаж байгаа тэдэнд өөр юу бодогдох юм бэ. Төрийн ордонд илжиртлээ суусан энэ олон жилийн хугацаанд, өнөөдөр сүртэй яриад байгаа хөгжил цэцэглэлтээ тэгээд авчирчих нь яагаав. Та нар Монголын ард түмний төлөө юу ч хийгээгүй шүү дээ. Монгол Улсыг тонон дээрэмдэхээс өөр юу ч хийгээгүй нь үнэн биз дээ.

Энэ бүгдэд МАН-ын шинэ үеийн төлөөллийг наамааргүй байна. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, тахалтай, дайнтай, гадны дарамт шахалттай, инфляцитай ийм хүнд цаг үеийг туулахад нэгдмэл байдал хамгийн чухал. С.Баяр 45 суудал авчихсан намын дарга хэрнээ сөрөг хүчнээ Засагт оруулж хамтран өнөөдөр монголчуудыг тэжээж байгаа Оюу толгойг хөдөлгөж, гадны хөрөнгө оруулалтыг татаж чадсан өчигдрийн түүх байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, дэлхийн анхаарлыг татах хэмжээний улс төрийг хийж чадсан. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ түүнээс ч хүнд нөхцөлд байна. Тийм болохоор С.Баяр шиг хамтарч засаглахад яагаад болохгүй гэж. АН-аас хүмүүсийг сайдаар тавих нь зөв шүү дээ. Сайдын суудлыг хувьдаа “чулуу” болгохоос өөр юу ч бодохгүй яваа намынх нь нөхдүүд бүгдээрээ сайд болохгүй нь тодорхой. Тийм болохоор тэдгээр нөхдүүд Л.Оюун-Эрдэнэд өс санана. Тийм л жижигхэн, арчаагүй шааруудаар Их хурлыг дүүргэчихсэн юм чинь. Тэдгээр хонзон санагчид хор найруулахдаа АН-ын 10 гишүүнтэй хамтарч Ерөнхий сайдын асуудлыг чуулганаар оруулахаас сийхгүй. УИХ-ын 19 гишүүний санал байхад хүчинтэй байдаг хуультай. Гэтэл Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэхэд ямар ч гацаа, тээг, үл ойлголцол байхгүйгээр ажлыг урагшлуулах нь чухал. Энэ бол Монголын хувь заяаны асуудал. Үүний төлөө “Үхэхээс бусдыг үзэж, үхээрээс бусадтай нөгц” гэсэн Монголын зэвүүн үгийг санах хэрэгтэй.

Энэ бүгдийн эцэст нэг зүйлийг давтан хэлэхэд, яагаад бүгдээрээ сайд болно гэж дайрч байгаа нь л хамгийн хачин үзэгдэл. Маргаашийн “үхэл”-ээс айхгүй МАН-ынхны мунхаг үйлдэл юм даа. Ард түмэн та нараас ажил хийхийг шаардана, ард түмэн та нараас шударга ёсыг нэхнэ. Гэтэл та нарын ганц зорилго сайдын нэрийг хувьдаа ашиглах байдаг. Ийм л улстөрчид гэх хүмүүсийг сонгосон учраас энэ улс орон чинь өөдлөхгүй байгаа юм шүү дээ, монголчууд аа. Ард түмнээ ямар хохь нь гэж хэлэлтэй биш дээ…

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сайд болохын тулд эхнэрээ худалдахаас сийхгүй болчихсон хэдэн гишүүн… DNN.mn

– Сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа…


Энэ хэдэн гишүүн гадуур, дотуур янз бүрийн муу “юм” мөн ч их хийж байна даа. Монголын ард түмнийг удирдан чиглүүлж байгаа хүмүүс гээд байгаа шүү. Нэгэнтээ Ц.Нямдоржийн хэлсэн “Монгол Улс хөгжихгүй ш тээ” гэсэн товч, тодорхой ганц үг янгинатал бодогдох.

Улиг болтлоо УИХ-ын гишүүн, сайд хийж байгаа эдгээр хүмүүс урьд нь тэгээд улс орноо хөгжүүлчихгүй яасан юм бэ. Дахиад сайд хийж ямар гавьяа байгуулах гэсэн юм бол. Өнөөдөр хуралдах намын Удирдах зөвлөлөө ёстой нэг шантаажлах шиг болж байгаа байх даа. УИХ-д хоёроос дээш сонгогдсон гишүүдээс сайд болгоно гэж ямар нь тунхаглан зарласан юм бэ. Харин ч эсрэгээрээ УИХ-д анх удаа сонгогдсон, нэр цэвэр, нээнтэггүй, шинэ уураг тархинуудыг Хууль тогтоох хийгээд Гүйцэтгэх засаглалд давхар дээлтэй хүчийг нь сорих чухал цаг үе биш үү. Өнгөрсөн 25 жилийн Монголын улс төрийн амьдрал гэдэг бол тэр чигээрээ бузар булайгийн үүр уурхай, хуулийг уландаа гишгэгсдийн сонгодог төлөөллүүд юм. Хамгийн харамсалтай нь Монгол Улс хэзээ ч хөгжихгүй гэдэгт гүн бат итгэлтэй болчихсон хүмүүсийн цуглуулга бол өнөөдөр УИХ-д хоёроос дээш сонгогдсон нөхдүүд билээ. Шинээр сонгогдсон гишүүнд “Хөгжихгүй ш тээ, угаасаа хөгжихгүй” гэж хэлсэн Ц.Нямдорж бол Монголын улс төрд сүүлийн 30 жил оршин тогтнож байгаа ганц хүн. Монголд юу болохоор байсан ч болохгүй байгааг, яагаад урагш ахиж дэвжихгүй, уул уурхай дотроо тамын тогооны үлгэрээр амьдарч байгааг тэр л гадарлана.

УИХ-д хоёроос дээш сонгогдсон нөхдүүд бол гишүүний нэрээр бизнесээ тэлж, үр хүүхэд, ач зээгээ Монголын “юм”-аар хөл дээр нь босгож аваад барууны орнуудад амьдруулахыг хүссэн бэртэгчингүүд. Шулуухан хэлэхэд, олж авсан жаахан хөрөнгө мөнгө, улс төрийн туршлага, нийгэм дэх байр сууриа ганхуулахгүйхэн шиг, дээр нь сайдын нэр зүүгээд явах санаатай нөхдүүд билээ. Ийм л хэдэн хүн өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайд болцгоох гэнэ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар та биднийг хүүхэд байхад л Сангийн яамны Төрийн бичгийн дарга байсан. Оюутан болох үед УИХ-ын гишүүн байсан. Эхнэр авах үед Сангийн яамны сайд байсан. Одоо бидний үеийнхэн 40 нас гараад явж байх энэ цаг дор УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга хийгээд явж байна. Энэ улс орны банк, санхүү, мөнгө хөрөнгөний бүх л эрх мэдэл, шийдвэрийг бүтэн 25 жил та мэдэж захирсан. Өнөөдөр Монгол Улс хөгжсөн нь хаана байна. Арван настай байхад минь ч сайд байсан, авгай авах үед минь ч сайд байгаа Ч.Хүрэлбаатар өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд болно гэнэ үү. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар та хууль тогтоох засаглалд хэд дэх жилдээ сууж байна. Эдийн засгийн байнгын хороог хэдэнтээ удирдав. Энэ улс орны төлөө, энэ олон жилд тэгээд юу хийж гийгүүлэв ээ. Өнөөдөр тэгсэн ХХААХҮ-ийн сайд болно ч гэх шиг. Түүний өрөөсөн дугуй Х.Болорчулуун та гурвантаа гишүүн болсон, одоо сайд болно гэв үү. Монгол Улсын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт тэг зогсолт хийсэн өдрүүд үргэлжилж байна. Таны сонгогдсон Дорнод аймгийнхан баларч байна, Монголын хөдөө баларч байна. Та өөрөө УИХ-ын ХХАА-н байнгын хорооны дарга, юу хийж гийгүүлэв. Сайд болоод юу хийж чадах юм бэ. Эрчим хүчний төсөл тендерт Ц.Даваасүрэнтэй дөрөө харшуулж явдаг та яагаад гэнэт ХХААХҮ-ийн сайд болно гэж зүтгээд эхлэв. Хумсын чинээ ахиц дэвшлийг хөдөө аж ахуйн салбарт хийж чадахгүй “гурил” байж. Одоо наад бэртэгчин санаагаа боль, энэ яамны сайд болоод ингэнэ дээ гэсэн “ад”-ын бодлоос өөр танд юу ч байхгүй. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Шадар сайд болно гэв үү, өмнө нь ЗГХЭГ-ын дарга хийж байхдаа тэгээд юу хийж гийгүүлсэн хүн бэ. Одоо Монголыг хөгжүүлэх яг ямар мэргэн санаа орж ирээ вэ. Ингэж ард түмнээ доромжлохоо боль. За тэгээд Б.Чойжилсүрэн, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, Д.Тогтохсүрэн… өөр хэн хэн ч гэнэ вэ. Б.Чойжилсүрэн гишүүн ээ, таны мөнгө улс төрд угаагдаад одоо болсон. Их ч арвижсан. Ц.Мөнх-Оргил гишүүн ээ, таны УИХ доторх нөлөөлөл, хор найруулга одоо хангалттай. Сү та нар хүчтэй байж болно. Энэ удаа савраа тат. Г.Тэмүүлэн минь дээ, УИХ-д дахин сонгогдохоо бодоход сайдын суудал хүндэднэ. Аавыгаа санаа сэтгэл тайван амьдруулахыг бод. Д.Тогтохсүрэн гишүүн ээ, танд Өвөрхангай чигийн замын тендерүүд, нүүрсний уурхай, уурын зуухнууд хангалттай амьралд чинь, дахиад нэг сонгогдоход чинь хүрэлцэнэ. Тийм болохоор бүлгийн даргын ажлаа л бүтэн хий. Энэ мэтчилэн сайдын суудалд санаархан, муу бүгдийг сэтгэж яваа бүгдэд дор бүрд нь хэлмээр байна. Нэгмөсөн л Монгол Улсыг сүйрүүлэх гээгүй юм бол өмнө нь сайд байсан, гишүүн удаа дараа болсон нөхдүүд Засгийн Газрын шинэ бүтцээс хол очиж хуцацгаа. Одоо та нар Монгол Улсад гавьяа байгуулдаг, хөгжлийн замд хөтөлдөг гэж юу байсан юм. Сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа…

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Боловсролыг төмсөөр үнэлдэг сайдуудтай учраас Монгол ийм байгаа юм даа DNN.mn

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах тухай тогтоол баталсан. Уг тогтоолд ургац хураалтад ажиллах хүн хүчний асуудлыг хэрхэн зохицуулах тухай заалт багтсан юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан энэ талаар хэлэхдээ “Их, дээд сургуулиудын оюутнуудыг ургац хураалтад оролцуулж, оролцсон хэмжээгээр сургалтынх нь кердит цагт тооцохоор Боловсрол, шинжлэх ухааны сайд хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ургац хураалтад 10-15 мянган оюутныг ажиллуулахаар төлөвлөж байна” гэлээ.

За энэ бол албан мэдээ. Засгийн газрын хуралдаан дээр яригдсан асуудал. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан боловсролыг төмсөөр үнэлэхээ илэрхийлжээ. Төмс ногоо 15 хоног хураах ажлыг их дээд сургуулийн магистрын хэмжээнд аваачиж байгаа солиорол. Ирээдүйд эх орноо авч явах ирээдүйн сэхээтний давхаргаараа төмс түүлгэж, тариа хураалгаж, түүгээр нь хичээлийг нь үнэлэх дүгнэх шийдвэр гаргаж байгаа төр засаг дэлхийд Монголоос өөр байна уу. Монголын газар тариалан мөлжлөгийн системээсээ салаагүй өнөөдрийг хүрсний шинж. Соц нийгэмд ийм л мөлжлөгийн, субботникийн аргааар тариа ногоо хурааж байлаа. Гэтэл өнөөдөр чинь технологийн эрин зуун гээд байгаа биз дээ. Яагаад 40 жилийн өмнөх шиг төмс түүлгэх гээд байгаа юм бэ. “Газар тариаланг дэмжих сан”-гийн хөрөнгийг Гацууртын Чинбатад өгчихдөг 15 жилийн замналаа одоо дуусгаач, МАН-ынхаан. Төмс хураадаг техник авчрах тухай сайд З.Мэндсайхан ярих ёстойгоос элэнцэгийн чинь оюутнуудыг кредит үнэлгээгээр төмс хураалгах вэ. Америкт гэхэд газар тариалангийн салбарт хүний хүчин зүйл 3-4-хөн хувьтай, бүгдийг техник, технологиор хийж байна. Европт бараг 100 хувь техник технологийн хүчээр хийж байна. Хажуу хөрш Хятадад чацаргана хураадаг машин гэхэд төгс бүтээгдсэн байна. Чацарганыг хураагаад, хөлдөөгөөд, хадгалаад явчихдаг техник ажиллаж байна. Гэтэл Монголд хуучин нийгмийн аргаараа оюутнуудыг мянга мянгаар нь ачиж аваачин, тариан талбайд хашиж, тариа ногоогоо хураалгана гэнэ. Дэлхий ингэж хөгжсөн байхад, дэргэдэх хөрш чинь ийм гайхамшгийг газар тариаландаа нэвтрүүлчихсэн байхад Монгол Улс хагас зууны тэртээх арга барилаараа оюутнуудын хүчээр тариа будаагаа хураана, хөлсөнд нь хичээлийн дүнг нь сайн тавина гэх шиг юм ярьж суугаа нь үнэхээр гутармаар. Улс орноо, ирээдүй үеэ доромжилж байна. Учир нь энэ бүх техник, технологийг оруулж ирэх хөрөнгө мөнгө нь хэдхэн хүний гараар ороод дуусдаг, тэдгээр нөхөд нь Хавай, Хайнань, Сентоза арлын нар шарлагууд, орд харшид жаргаж, ядарсан ард түмэн нь мөлхөж, улс орныг ирээдүйд авч явах мянга мянган оюутан залуус үйлийг нь үүрч, номын санд сууж, интернэтээр дэлхийн хөгжилтэй танилцаж байх цаг хугацаагаа тариан талбайд гараа эвэрштэл, нуруугаа тасартал төмс үүрч, түүгээрээ дүнгээ үнэлүүлж байгаа нь гутамшиг. Ийм доромжлол, гутамшиг дунд хэдүй болтол амьдарцгаах юм бэ…

Оюутнуудын ихэнх нь охидууд. Хуучин нийгэмд намрын ажилд явсан оюутан охидын цөөнгүй нь трактор, комбайны жолооч нөхөртэй болж, тэднээс хүүхэдтэй болоод ирдэг шиг тийм л юм руу буцаад байгаа юм уу. Яагаад ухраад байгаа юм бэ, яагаад ургац хураалтад оюутнуудыг дайчлах гээд байгаа юм бэ. Маш товчхоноор хэлэхэд, хагас зууны тэртээх субботникийн нийгмээсээ салаач. Техник, технологи оруулж ирэх мөнгийг нь МАН-ын том жижиг дарга нар, луйварчид нь хувааж иддэг системээсээ салаач ээ, эрх баригчид аа. Зэрлэг зуун л Монголд амь бөхтэй оршиж байна. Шороо ухаж байгаа, шоронгийн ялтан шиг дүр зурагтай оюутан залуусыг зөвхөн Монголд л харна шүү.

“Газар тариаланг дэмжих сан” нь тонон дээрэмдүүл-чихсэн, оюутнуудыг дарамталж хөдөлмөр хийлгэхээс өөр аргагүй болсон юм бол ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы толгойд ядаж төлбөрөөс нь тэдэн хувь чөлөөлье гэсэн санаа төрдөггүй юм уу, наад захын ийм санаа толгойд нь ордог сайд энэ Засгийн газарт байдаггүй хэрэг үү. Бүр болохгүй, соц нийгмийн хөдөлмөрийн мөлжлөгийг ашиглахаас өөр аргагүй байдалд орсон юм бол хийх юмгүй шахуу хэдэн бор цэргээ дайчилж болдоггүй юм уу, ХААИС-ийн энэ чиглэлийн ангийнхныг зөвхөн практик сургалт нэрээр ашиглаж болохгүй юу. Үнэн хэрэгтээ Монголын газар тариаланд Монголын боловсролын салбар, тэр дундаа сургалтын кредит үнэлгээ ямар ч хамаагүй шүү дээ. Түй ч хамаагүй.

Төмс ногоо хураагаад л дипломтой болчихдог болсон юм бол насаараа төмс ногоо тарьж хураасан бүх хүнд Их, дээд сургуульд суралцаж төгссөн үнэмлэх дипломыг өгье. Ийм нөхцөлийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. Шууд утгаараа ингэж ойлгосон. Хотоос баруун тийш Лүн хүртэлх засмал замаас хойших, Оросын хил хүртэл тариа ногооны ажил эрхэлж ирсэн бүх хүнд дээд боловсролын диплом олгоё.

Энэ улс орныг чинь ирээдүйд боловсролтой, сэхээтэн хэсэг нь чирч хөтөлж явна. Дэлхийн жишиг өөрөө тийм. Өнөөдөр сэхээтэн хэсэг, улс орныхоо өмнө үүрэг хариуцлага хүлээх ёстой 40-өөс дээш насныхан нь бэртэгчингүүд, аймхайчууд болчихсон. Энэ улс оронд юу болохгүй байгаа, яаж шийдвэл зөв талаар мэдэж байгаа сэхээтнүүд Монголд цөөнгүй бий. Гэвч тэдний хэн нь ч улс орны хувь заяаны төлөө хөдлөхгүй, үнэнийг хэлэхгүй.

Хэлэх юм бол шүүмжлэл болно, надад гай болно, үр хүүхдэд минь дарамт болно гэж үздэг учраас эхнэртэйгээ ярихаас цаашгүй, өрөөний мухарт бүгэж, гудамжинд томоотой алхаж, нам засаг минь намайгаа, үр хүүхдийг минь бодож яваарай гэсэн бэртэгчингүүд. Үүний үр дүн нь өнөөдрийн улс орны байгаа царай.

Үүнийг ойлгож мэдэрсэн цөөхөн хэсэг бий. Тэд өнөөдрийн бэртэгчин сэхээтнүүдээс огт өөр, боловсрол мэдлэгтэй шинэ үеийг бэлдэн гаргаж, улс орны хувь заяаг тэдэнд даатгахыг хүсч байна. Тийм болохоор Монголын боловсролын салбарт онцгой анхаарч, бяр нь хүрэхгүй ч боловсролын системээ өөрчилье, боловсролтой ирээдүйг бий болгоё хэмээн ярьсаар, хэлсээр, бичсээр, зарим үед тэмцсээр байгаа.

Тийм учраас ХХААХҮ-ийн сайдын ургац хураалтад оролцох 15 мянган оюутнуудыг төмс хэр сайн хурааснаар кредит үнэлгээг нь тооцно гэсэн мунхаг саналд боож үхэх гэж байна. Тариа ногоогоор боловсролоо сольсон, үнэлсэн тийм практик, түүх, Олон улсад байна уу. Ургац сайн жил улс орнууд бүх ургацаа хурааж авч дийлэхгүйгээс 30-40 хувийн алдагдалд орох, хурааж дийлэхгүй балрах тохиолдлууд бий. Энэ мэдээж улс оронд хохиролтой. Тийм болохоор ургацын жилдээ онцгой анхаардаг, улс орны стратегийн асуудал гэж үздэг, эхэнд хэлсэн техник, технолгийн дэвшилд хөрөнгө мөнгө хаяж, энэ салбараа хөгжүүлж байна. Хөдөө аж ахуй, Газар тариалангийн салбар, түүнд хэрэгжиж буй технологи гүйцэгдэхгүй хурдтайгаар хөгжиж байна. Харин Монголд эсрэгээрээ XX зууны дунд үе рүүгээ буцаж байна. Наад захын тод жишээ нь энэ, их, дээд сургуулийн оюутнуудаа төмсний талбайд хөөж оруулдаг, сайн хураасанд сайн дүн тавина гэсэн салбарын сайдуутай, түүнийгээ Засгийн газар нь дэмжээд л… ийм хөгийн шийдвэр Монголоос өөр газар байхгүй. Монголыг удирдаж байгаа хүмүүс ингэж л өчүүхэн сэтгэж, өөдөөс ирж яваа цаг үеэ олж харахгүй, авлигад идэгдсэн учраас өнөөдөр юу ч үйлдвэрлэдэггүй, технократууд нь гудамжинд, бөхчин, дуучингууд нь төрийн толгойд суусан, түүхжсэн, шашинжсан, урлагжсан, спортжсон… энэ хэдийгээ тахин шүтсэн, байдгаа барсан улс орон болох зам дээрээ гарчихаад байна.

Юу ч үйлдвэрлэдэггүй дэлхийн ганц улс Монгол болчихоод байна. Боловсролыг төмсөөр сольсон улстөрчидтэй, удирдлагуудтай, сайдуудтай энэ улс орон цаашдаа хаана хүрч муугаа үзэхийг мэдэх аргагүй боллоо… Долоон бурхан одонд улс орноо даатгаж яваа 76 тэнэгт энэ талаар дуулгаад ч хэрэггүй биз…

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ дүү минь, улс орныг удирдахдаа малчдаар заалгах хэмжээнд доошоо ормооргүй байна DNN.mn

Монголд ганц мөнгө олж байгаа салбар болох уул уурхай сэргэх шинжиндээ орсон. Хайгуулын лицензүүд олноор олгогдож, говиор хайгуул олборлолтын гадны хөрөнгө оруулалттай компаниуд хөдөлгөөнд орж, гадагшаа Монгол шинэ сэргэг удирдлагатай болсон шүү, муу муухайгаа арчиж цэвэрлэж байгаа шүү гэсэн мессэжүүд түгж, ер нь эрдэс баялгийн салбарт эргэлтийн шинж мэдрэгдэж эхэлсэнд цөөнгүй хүн баяртай байгаа. Тэгсэн ойрноос уул уурхайг зүхсэн, хааж боосон, бүр тоног төхөөрөмж, компанийнх нь хөрөнгөд халдаж тоносон үйл явц говийн аймгуудад газар авч, тэр бүгдийн төлөөлөл болсон малчид нийслэлд ирлээ. Төв талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж, газар нутгаа ухуулахгүй гэж орилов. Тэдний энэ бүх хандлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч, “Эргэж харъя, иргэдээс нь асуудаг болъё, ер нь анхаарах асуудал…” хэмээн хүлцсэн нь буруу байна. Эргэж харах асуудал биш, иргэдээс уул уурхайг асууж шийднэ гэсэн үг бол Монголын эдийн засгийг 17 хувийн өсөлттэй, дэлхийд гайхуулж байх үеийг сөнөөсөн үг юм. Монголыг самрах үед хүчтэй яригддаг, хуульчлагддаг, Монгол төрийн мунхаглалын онцгой шинж тэмдэгт үг билээ. Яг ийм үгэн дээр чинь попууд, улс төрийн карьераа өсгөх гэсэн жижигчүүл, хувийн имижээ бүрдүүлэх гэсэн дунд гарын улстөрчид тоглож, ордон руу орох замаа засдгийг та ч мэднэ, би ч мэднэ, олон хүн мэдэхээр болсон доо, уг нь…

Тэгэхээр ийм байна, Л.Оюун-Эрдэнэ дүү минь, улс орныг удирдахдаа малчдаар заалгах хэмжээнд доошоо битгий ор. Тэднийг тэнэг мангар гэж байгаа юм биш. Малчны хүүхэд би ийм хандлага гаргавал өвөг дээдэс рүүгээ нулимсан хэрэг болно. Зүгээр л цаг үеэ хаа хаанаа мэдэр гэж хатуу бичиж байна. Малчдын мэдээллээс хол, уул усандаа хайртай уламжлал сэтгэхүй дээр увайгүйчүүд тоглож, турхирдаг юм. Энэ бол нууц биш технологи. Бас малчдын талаар үнэнийг энд бичих ёстой. Малчид маань өөрсдийнх нь 50, 55 насны тэтгэврийг юугаар тавьдаг гэж ойлгодог бол. Уул уурхайгаас олсон мөнгө, ашиг, орлогоороо өгдөг наад захын эдийн засгийн эргэлтийг мэдэх үү. Ноосны урамшууллаас эхлээд ноолуурынх нь мөнгийг хүртэл хэдэн чулуу зарж олдог, олсноо малчдад зориулдаг гэдгийг. Цаашилбал малчид үйлчлүүлдэг эмнэлэг, сургууль, цагдаа… гээд бүгдийнх нь цалинг, нийгмийн бүх халамж, үйлчилгээг зөвхөн уул уурхайгаас олдог орлогоосоо олгодгийг малчид маань мэдэх үү. Өнөөдөр хөдөөнийхөн гэрээсээ гарч 40-хөн км давхиад засмал дээр гардаг, өдрийн дотор нийслэл ордог болсныг уул уурхайн баялгаа зарсан хөрөнгөөр бий болгосныг мэдэх үү. Айл өрх ч гэсэн ганц зарж орлого олдог юмаа л өөд нь татдаг биз дээ, яг түүн шиг Монгол Улсад өнөөдөр зарж мөнгө олдог уул уурхай, эрдэс баялгийн салбараа л өөд нь татах хэрэгтэй шүү дээ. Хар үгээр бол хэдэн чулуу зарж, буталж, хилээр зарж байж л монголчууд орлого олж, Африкаас арай дор орчихгүй амьдарцгааж байна.

Ийм энгийн үнэнийг, амархан ойлгогдох логикийг ойлгохгүй, уул уурхайг зүхсэн малчдаар Монгол Улс дүүрээд буй нь сайны цондон ерөөсөө биш. Ийм муу ёрын байдалтай 10 гаруй жилийг үдсэн шүү дээ. Ашиг тус нь юу гэвэл өнөөдөр улс орны эдийн засаг уруугаа явж байгаа байдал. Эсвэл малчид маань энэ улс орон хөдөө аж ахуй, мах сүү, ноос ноолуураас их мөнгө олдог, хэдэн тэрбум долларын ашиг олдог, түүгээрээ өөрсдийнх нь тэтгэвэр, тэтгэмжийг тавьж, эмнэлэг, сургууль гээд нийгмийн бүх үйлчилгээг үзүүлдэг гэж боддог юм уу. Хэрэв тэгж бодсоор яваа бол том эндүүрэл. Монгол хөдөө аж ахуйн орон, түүгээрээ л хүнд бэрхийг давна гэдэг бол өнгөрсөн түүх. Гэхдээ бүр эргэж давтагдах боломжгүй эрин зууны түүх. Тодорхой жишээ авъя. Малчдын том орлого болох ноолуурт жилд дээд тал нь 350 сая доллар л эргэлддэг. Энэ нь ноолуурын үнэ 100 мянгаас дээш байх үед шүү. Тэгвэл Монголын бүх ноолуурыг цуглуулж зараад мөнгөөр нь ганц ширхэг цахилгаан станц барьж хүрэхгүй. Монгол Улс 80 сая малтай. Монголын бүх малыг зах зээлийнх нь дээд үнээр зараад ганц том нефтийн үйлдвэр барьж хүчрэхгүй. Учир нь орчин үед нэг тэрбум доллараар нэг том нефтийн үйлдвэр барьж хүрэхгүй байна. Зах зээлийн өнөөдрийн бодит үнэн ийм л байна, малчин түмэн минь. Уламжлалт мал аж ахуйн бодит үнэ цэнэ өнөөдөр ийм байна. Ийм байгаа болохоор л малчин түмнийхээ төлөө сая саяар, тэрбум тэрбумаар доллар олох уул уурхайн бүтээгдэхүүнээ Олон улсад зарж хөрөнгө чинээтэй болох гэж зүтгэж байна. Баяжиж чадахгүй, байрнаасаа хөдөлсөн төдий 30 жилийн өнгөрсөн замналын нэг том шалтгаан бол сая Л.Оюун-Эрдэнийн хэлдэг “За эргэж харъя, малчдаасаа асууя…” гэсэн царцанги үг. Энэ үг бол хамгийн муухай үг. Өнгөрсөн 30 жилд улс орон удирдсан нөхдүүдийн хөшүүн үедээ хэлдэг, аргацаадаг үг. Сонсохоос дургүй хүрдэг энэ үгийг Оюук дүү, одоо бүү хэл. Яг ийм үгийг хэлсээр өнгөрсөн 30 гаруй жилд Монголд бүх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт царцаж, уул уурхайн давлагаа зогсож, хөгжил цэцэглэлт өөд тэмүүлсэн хүсэл бүхэн унтарч, ажил хөдөлмөр хийдэг хүнгүй болж, хамгийн аймаар нь цаг хугацаа ихээр алдаж, баларч байна.

Яахав, Л.Оюун-Эрдэнийн “Эргэж харна, малчдаасаа санал авна” гэдэг үг тактикийн шинжтэй байж болно. Гэхдээ ингэж яах юм бэ, одоо бол уул уурхай дээр хором ч алдаж болохгүй. Шууд л малчдад хандаж “Төр засгийн зүгээс таны үр хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, сайн сайхан амьдралын төлөө хэнээс ч асуухгүйгээр уул уурхайг хөдөлгөнө, хөгжүүлнэ. Та бүхэн үр хүүхэд, ач зээ нарынхаа төлөө дуугүй байцгаа” гэж хэл. Ингэж хэлэхдээ нийгмийн өмнө гарч, ил цагаан хэл, зарла, тунхагла. Ард түмэн таныг дэмжинэ. Саалиа хаяад ирсэн говийн хэдэн малчнаа төв талбайгаас хөөж явуул. Ийм л харизмтай байхгүй бол Оюун-Эрдэнэ дүү минь, та малчдаар улс орноо удирдах арга барилыг заалгах гээд байна шүү. Тийм бол таны наана чинь байгаагийн хэрэг юу байна. Нэгэн цагт үймсэн Америк тив индианчуудаас улс орноо удирдахыг асуусан уу. Австрали тив хоньчдоороо удирдахуйн ухаанаа заалгасан уу.

Харин Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монголын хөдөөг хөгжүүлэхэд тусгайлсан бодлого гарга. Монголын малчин түмнийг бусдаас илүү хүндэл. Ахуй соёлыг нь сайжруулахад улсаас анхаар. Өнөөдөр Монголын малчид дэлхийтэй хөл нийлүүлэн алхах бүрэн боломжтой болсон. Бүгд гар утас, интернэттэй, гэрээс нь 30 км-ийн зайд халуун ус, саун, массаж, тэр байтугай хотоос дутуугүй ресторан, орчин үеийн амралт сувиллын газрууд нэгэнт бий болжээ. Энэтхэгт IT-гийн мэргэжлээр мастер хамгаалсан залуу мал хариулж, малын бэлчээр дээрээс англиар дэлхийтэй харьцаад сууж байна. Улаанбаатар, аймгийн төв рүүгээ давхихад засмалаас хол малчин байхгүй болсон. Засмал зам Монголын хөдөөг хэрэн хэсүүчилсэн. Алтай Таван богдод хүртэл засмал зам хүрчихээд байна. Монголын түүхэнд урьд хожид хэзээ ч байгаагүй дэд бүтэц, хөгжлийн загвар оролдлогууд хийгдэж байна. Онцлог нь энэ бүхэн дан ганц уул уурхайгаас олсон орлогоор дам дамандаа хийгдэж байгаа гэдгийг Монголын малчид ойлгох цаг болсон. Ойлгуулах ажил үлдсэн…

Дэлхийгээ дагасан Монголын хөдөө ийм зүгтээ явж байгаа болохоор Л.Оюун-Эрдэнэ дүү минь, орон нутгийн ИТХ-ын өөрөө удирдах ёсыг одоо хийгдэх ҮХНӨ-өөрөө зохист харьцаанд нь оруул. Босоо удирдлагатай байсан цаг үе бүхэндээ тархай бутархай монголчууд, хүн шиг амьдарч, улс шиг харагдаж байсныг сана. Малчдыг араас нь турхираад сууж байдаг бүлэглэл гэгч нь 2016 онтой дууссан гэж ойлгож байгаа. 2020 оны дахин ялалтын чинь дараа бүр оргүй арилсан гэж ойлгож яваа шүү. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд, малынхаа зах дээр өнөөдөр ч хааяа сууж байдаг, малчны хүүхэд энэхүү нийтлэлийг бичиж хүргэлээ шүү…

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Торгуульд хүү бодох хууль санаачилсан аймгийн Засаг дарга асан энэ хэдэн гишүүнийг ард түмэн дахин сонгох уу DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин, Г.Ганболд нарын зүгээс Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлээд хэд хонож байна. Эдгээр гишүүд бол энэ Их хурал дахь аймгийн Засаг дарга нарын фракци юм. Нийлж фракцийн зохион байгуулалтад ороод ийм юм хийгээд яваа хүмүүс. Тэдний гишүүн болоод анхны, бие даан санаачилж буй ганц хуулийн төсөл нь энэ байх. Хуулийн гол үзэл санаа нь “Торгуулиа хугацаандаа төлөөгүй иргэн 50 хувь нэмж төлнө” гэсэн заалт. Шууд утгаараа бол торгуульд чинь хүү тооцно гэсэн үг. Ядарсан ард түмнээ яасан шулж ханадаггүй төр засаг вэ. Иргэн бүхэн өртэй, зээлтэй, лизингтэй, ХХОАТ-аас эхлээд тоолж баршгүй их татвар шимтгэлийн дарамтаас босохгүй байхад, дээр нь нэмээд торгууль тутамдаа хүү төлөх хуулийг санаачилж байгаа эдгээр нэр бүхий гишүүдийг хэн гэж ойлгох ёстой вэ. Манжийн дарлалын үед монголчууд өр, хүүндээ сөхөрсөн, МАН-ын засаглалын үед дахин нэг өр, хүүндээ сөхөрч, гуйлгачингууд болох нь. Сонгосон ард түмэн бүгдээр юу бодоцгоож байдаг юм бол…

Иргэдийн торгуульд 50 хувь нэмэх хуулийн нэмэлтийг санаачлагчид сонгосон иргэд маань энэ хуулийн пянг даахгүй гэдгийг мэддэггүй болов уу. Таны сонгогч машиныхаа нэг гэрэл нь шатсаны торгуулийг төлж амжаагүй байхад өндөр хүү төлөх нь байна шүү дээ. Жишээ нь, энэхүү хуулийн төслийг санаачлагчдын нэг гишүүн Г.Ганболд та Америкт эхнэртэйгээ улирал тутам зугаалж явахаар ард түмнийхээ дунд очиж амьдрал судалбал яасан юм бэ. Тэгвэл арай ч ийм харгис хуулийн санаа толгойд чинь орж ирэхгүй байх. Манжийн үеийн хүүндээ дарлуулсан монголчуудын түүхийг уран зохиолоос уншдаг байсан бид МАН-ын засгийн үед бодитоор нь 130 жилийн дараа дахин амсдаг мөн ч азгүй ард түмэн юм аа.

Аймгийн Засаг дарга байгаад УИХ-д орж ирсэн энэ хэдэн нөхөр үнэндээ балмагдаж байна аа. Нэг аймгийн төсөвт эзэн байсан эдгээр “хошуу ноёд” улсын төсөв гэсэн далай шиг юм руу ороод ирэхээрээ балмагдаж, аймагт байдаг шигээ авахын донгоор хандсан нь энэхүү хуулийн төсөл юм. Авах биш ээ, ард түмэндээ өгөх, дараа нь авах ухаанд суралцаж чадвал Их хуралд дахин сонгогдож магадгүй. Тийм ухаалаг байх ёстой цаг үе ирж явна шүү, аймгийн Засаг дарга нар аа.

Зөрчлийн тухай хуулиар 96.3 хувь нь иргэн, 3.3 хувь нь хуулийн этгээдүүдэд хариуцлага ногдуулдаг юм билээ. Нийт зөрчлийн 95 хувь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл байдаг. Тэгэхээрээ Монголд машинтай, машин барьдаг иргэн бүр торгуулийн хүү төлөх махны машинд орж байгаа юм байна. Энэ бол төрийн дээрмийн тогтолцоо. Монгол Улсад 2020 оны байдлаар 170 орчим тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна. Үүний тал хувь нь хугацаандаа төлөгдөөгүй бололтой юм. Тэгэнгүүт төлөөгүй торгууль бүгдээс хүү авах, хүүгээ төлөхгүй бол төрийн үйлчилгээ авахгүй болгох хуулийн дарамтыг эдгээр гишүүд санаачилж ард түмэндээ, сонгогчиддоо тулгалаа. 2016 оноос хойш дангаараа Монголыг засаглаж буй МАН-ын байгаа царай, дарга нарынх нь хандлага энэ. Сонгогчид нь бүгд ядарсан хүмүүс. Тэднийг төлөөлсөн гишүүд нь бүгд цатгалан муур шиг нөхдүүд. Энэ хоёр харьцаа энэ улс орны өнгө төрх юм. Ганцхан үг бодогдох “Монгол хөгжихгүй нь дээ” гэсэн.

Аймаг, аймагтаа ноён царайлж, намын нэрээр дээшээ авирсан энэ хэдэн гишүүн иймэрхүү харгис хэрцгий хуулийн төсөл цааш цаашид санаачлан өргөн бариад байвал сонгогчдынх нь зүгээс тойрог бүр дээрээ тэдний үнэн төрхийг илчилсэн ажлыг зохион байгуулах ёстой. Та нарын сонгосон энэхүү нөхөр Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин, Г.Ганболд нар нь ямар учиртай сонгогчдоо дарамталсан хууль санаачлаад байгаа учрыг нь, сонгосон мянга мянган иргэд нь эднээс асуух цаг болжээ.

Урьд бол аймгийн дарга байсан нөхөд УИХ-д орж ирэхээрээ ядаж ганц цагийн хуралд тэвчээртэй суучихдагсан. Чуулганд оролцох, үг сонсох, бичиг цаастай танилцах тал дээрээ одоо энэ Хасуур, Дамбий, Амараа.. өөр хэн хэн ч билээ дээ, Их хурал дахь хэдэн охидуудаас хамаагүй дээр байх ёстой. Тэгсэн торгуулиас хүү хусах хууль санаачилсан энэ хэд бол хотын хэдээсээ дор, амьдрал мэдэхгүй юмнууд байжээ.

Тэгэхээр өнөөдрийн энэ хэдэн жулдрай гишүүдэд аминчлан захия. Та хэд хууль санаачлах огтхон ч хэрэггүй юм байна, толгой чинь хүрэхгүй юм байна. Мөрөөрөө байцгаа. Үүний оронд та хэд нийлж хэдэн гайгүй тендер дээр ажиллаж, амьдралаа сайжруулаад 2024 онд бууцгаах нь энэ улс орон, ард түмэнд өлзийтэй юм байна. УИХ-ын гишүүн юм чинь заавал нэг хууль санаачлах ёстой гэж шаналах хэрэггүй. Санаачилсан хууль чинь самрах юм байна гэдгийг сонгогчид мэдэж авлаа. Амьдрал мэдэхгүй, онол мэдэхгүй, шинжлэх ухаан байхгүй, амьдралдаа ганц судалгаан дээр сууж үзээгүй, орон нутгийн коммунист байсан та нарт УИХ арай томдох бололтой. Та хэдийн дунд сүүлд хувийн сургууль арайхийн дүүргэсэн нөхөр хүртэл байгаа шүү.

Хувийн өмчийг хурааж байгаа МАН, одоо хууль баталж хулгайлах технологидоо шилжиж, идэвхийлж байгаа нь та нараас харагдлаа. Зарчим чинь буруу байна. Төр хичнээн их өмчтэй байна тэрээр хэрээрээ хүчирхийлэгч болдог. Оросын жишээг хар. Өмч хувьд байхаараа л өмч байдаг. Төрд очихоороо хүчирхийллийн хэрэгсэл болдог. Хууль ард түмний амьдралд эерэгээр тусвал хууль байдаг. Эсрэгээрээ тусвал дэглэм болдог. Аймагтаа коммунист байсан та муу хэд ямар дэглэмийн эзэд үү. Дэглэм тогтоо гэж ард түмэн та хэдийг сонгосон юм уу. Хэмжээндээ байгаарай. Эсвэл та хэд үнэхээр учраа мэдэхгүй, ордонд манарсан хэвээрээ байгаа юм уу. Намаа мөнгөжүүлэх, түүнийгээ хуулиар хулгайлах санаагаа хөдөөний энэ хэдийнхээ гар хөлөөр хийлгэж байна уу. Яаж ч бодсон торгуулиа төлөх гэж аргаа барж явдаг ард түмэн түүн дээр нь хүү нэмж тооцох хууль санаачилсан гишүүдийг дахин сонгохгүй дээ…

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

НАМИЛЗАХ-ын залуучууд Найрамдалд найрлаж, НАМИЛЗАХ-гүй залуучууд Солонгост хар ажил хийхээр алалцаж байна DNN.mn

МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо (НАМЗХ)-ны залуус найрлан цэнгэж, ижилсэн гангарч байгаа бичлэг энэ өдрүүдэд нийгмийн дургүйцлийг хүргэж байна. Ард иргэдийн амьдрал уруудаж байхад эрх баригч намын дэргэдэх НАМЗХ-ны залуус НАМИЛЗАЖ байгаа нь үнэндээ монголчуудаар тохуурхаж байгаа хэрэг юм. НАМЗХ-ны залуусыг ард түмэн “НАМИЛЗАХ-ын залуус” гэж нэрлэжээ. НАМИЛЗАХ-ын залуус ч мөн, “Намаа залгих залуус” ч мөн байж магад. Аль нь ч байсан дээрх гарчиг бол Монголын нийгмийн өнөөдрийн дүр зураг юм. Намилзахын залуусын амьдрал гэгээтэй байгаа байх. Харин намилзахгүй залуус амьдрахын төлөө алалцаж байна. Бусдын чинь амьдрал тэр чигээрээ баргар байгааг хэлье. Хар багаасаа нам дагасан, намын улаан хамгаалагч болсон, ирээдүйд дарга болохоос өөр хүсэл зорилгогүй эдгээр залуусын Найрамдал зуслан дахь цэнгэл нь Монголд өнөөдөр касстын систем хэдийнэ бүрэлдэн тогтсоны тод жишээ. Нам дагасан залуусын энэ байдал хоёр талтай ч муу тал нь дэндүү их давамгайлна. Залуус хүнийхээ хувьд хэн нэгэнд долигьнож байж дээшээ явдаг гэсэн үзэл бодлын суурь төлөвшилтэй болж байна. Дарга даамал хүн бүрт очиж наалддаг, тийм хүмүүсийг л хүн гэж үздэг, бусад хүмүүст нохой мэт ханддаг ийм нэг бүлэг залуус ирээдүйд Монголыг удирдана. Монголыг удирдахдаа тэд ард түмэндээ, эх орондоо яг л ийм үзлээр хандана. Тэднийг нэг талаас буруутгах арга бас алга. Учир нь тэдний үлгэр дуурайл болсон намынх нь том дарга ах эгч нар нь яг л ийм зан араншингаараа өнөөдрийн өндөрлөгт хүрсэн болохоор тэр юм. Сайн дагаж далдагнавал том дарга болно гэсэн үлгэрлэлийг дээд үеийнхээсээ авсан хүүхдүүд МАН-д олноор бэлтгэгдэж байна. Үүнийг бүр албан ёсжуулж саяхан МАН-ын генсекийн зүгээс “НАМЗХ бол “Мэргэжлийн улстөрч бэлддэг байгууллага юм” гэж тунхаглан зарласан юм. Бас л том байгаа биз. Томрох нь тодорхой, том дарга болох нь бүр ч тодорхой гэсэн үзлээр хүмүүжүүлэх нь. Өмнө нь ингэж хүмүүжсэнүүд нь улс орноо хэрхэн тонон дээрэмдсэний үр дүнд өнөөдрийн Монголын байж байгаа царайг хар. Өнөөдөр Монголд өөдтэйхөн явъя гэж байгаа залуу хүн бүр энэхүү НАМЗХ буюу НАМИЛЗДАГ-ийн гишүүн болохоос өөр зам байхгүй. Хуучин нийгэмд МХЗЭ гэж залуу коммунистууд бэлддэг газар байлаа. Улс төрийн товчооны гишүүд сүргээрээ сууж байгаад МХЗЭ-ийн хурал цуглаануудыг хөөргөн дэвэргэдэг байв. Хятадад бол улаан хамгаалагчид гэсэн нэртэй байсан л даа. Саяны НАМИЛЗАХ-ын залуусын цуглааныг харж байхад намынх нь том дарга нар бүгд очсон харагдана. Ерөнхий сайдаас эхлээд, УИХ-ын гишүүд…

“Хэмнэж амьдарцгаа” хэмээн ард түмэндээ тулгалт хийж байгаа дарга нь хүртэл оччихсон бут авч байна. Бүгдээрээ тусгай хувцас хийлгэж өмссөн харагдана. Ийм тансаглал иргэдэд лав байхгүй. Найрамдалд найр хөгжөөн болсон эдгээр НАМЗХ-ны гишүүн залуусын ихэнх нь МАН-ын том дарга нарын хүүхдүүд, ач зээ, үеэл, нагац, холдлоо гэхэд тэдний эрх ашиг, түрийвч нэгтнүүдийн хүүхдүүд байгааг нийгмийн сүлжээн дэх зургуудаас харж болно. Амьдрахын төлөө аргаа барж яваа ардын хүүхдүүд лав тэдний дунд байхгүй.

Намилзахын залуус наад зах нь Хятадын коммунист намын тэтгэлгээр урд хөршийн аль нэг их сургуульд намынхаа шугамаар сурчихна. Эргэж ирээд дарга болно. Энэ нь ардын мянга мянган хүүхдүүдэд боломжгүй зүйл. Ардын хүүхдүүдэд дарга аав ээж, ах эгч, эмээ өвөө байхгүй. Ардын хүүхдүүдийн боломжийн дээд хязгаар бол үсрээд дотоодын нэг их сургуульд сурах. Чадаагүй нь барилгын туслах ажилтан хийнэ. Арай дөнгүүрүүд нь Номин, Оргил… гээд худалдааны төвүүдэд заалны зохион байгуулагч хийнэ.

Нэгэнт ийм кастын систем Монголд тогтчихсон нь энэхүү НАМЗХ буюу НАМИЛЗАХ-ын залуучуудын байгууллагаас тод харагдаж байгаа биз. Эдгээр залуусын мөрөөдөл болсон гол дүр нь өнөөдрийн НАМЗХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал юм. Н.Учрал нь “Монголчууд НӨАТ-аараа амьдарч байгаа” гэж нийгэмд хэлээд зогсож байна. Энэ нь тэгээд амьдрал мэддэг, ард түмнээ ямар амьдарч байгааг мэддэг улстөрчийн үг мөн үү. Ийм л улстөрчдийг үлгэр дуурайллаа болгосон залуус энэ улсыг ирээдүйд удирдах нь.

Сая болсон НАМИЛЗАХ-ын цуглаан дээр нэгэн гишүүн бээр “Миний сонгогдсон дүүргийн Цагдаагийн газарт 100 ажлын байр эзэнгүй байна. Тэнд яагаад та нар ажиллахгүй байна” гэж хэлжээ. Тэдэнд цагдаагаар ажиллах нь их доошоо орсон хэрэг гэдгийг мань гишүүн тэрхэн зуурт мартсан бололтой. Гэтэл цагдаад ажиллах нь ардын хүүхдүүдийн хувьд насных нь мөрөөдөл, орж чадвал амьдралынх нь баталгаа шүү дээ.

Үнэндээ нам дагасан эдгээр залуус хэдүй их онгирч, сагсуурч, ажил голж, тансаглацгаана яг урвуу хамааралтайгаар ардын хүүхдүүд ажилгүй, орлогогүй, амьдрах аргагүй болж, тоо нь үржиж олширч байгаа нь өнөөдрийн Монголын эмгэнэл юм. Үүний баталгаа нь өнөөдөр Солонгос руу хар ажил хийх залуусын бүртгэл зарлангуут Монголын хэдэн мянган залуус хэрхэн алалцаж байгаагаас харж болно. Ардын хүүхдүүдэд байхгүй бүхэн НАМИЛЗАХ-ын залууст илүүдэж байдагт л энэ улсын эмгэнэл оршиж байна.

НАМЗХ-ы залуусын НАМИЛЗАХ нь ихэсвэл ямар эмгэнэлт хувь тавиланд хүрдгийг өнөөдрийн залуус нь мэдэж байх ёстой. “Хадгаламж” банкнаас эхлээд Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал хүртэл. Нэг хэсэг нь шоронд ордог, нөгөө хэсэг нь шороонд булагддаг. Энэ дундаас өөрсдийгөө зальжин авч гарч чадсанууд нь өнөөдөр Монголыг удирдаж байгаа юм. Тэд өөрсдийн явж ирсэн зам, хэрэглэж ирсэн технологи, хэрэгжүүлж гүйцэтгэдэг байгууллагаараа халаагаа бэлдэх нь тодорхой. НАМИЛЗДАГ-уудаас ирээдүйд ялтан ч төрнө, дарга ч төрнө, эрсдэл дүүрэн. Тэр дундаас дарга болохоосоо илүүтэй ялтан болох нь олон ч байж магадгүй. Гэрт нь дүүрэн МАН-ын дарга байсан, одоо ч байгаа аав ээж, эх эгч, өвөө эмээ нар дүүрэн айлын хүүхдүүд. Тэднээс ганцхан зүйлийг хүсье, та нар ардын хүүхдийн боломжийг 30 жил хулгайлж ирлээ, үүнийгээ цаашид битгий үргэлжлүүлээч ээ гэж. Төрийн байгууллагуудыг, төрийн өмчит компаниудын том жижиг дарга нарыг хар. Тэнд хэний хүүхдүүд дарга хийж, давхар стандарт тогтоож, ард түмнийг залхааж, төрийг сул дорой байлгаж, сорж мөлжиж байна вэ.

Энэ улс орныг там болгосон чинь одоо хангалттай шүү, МАН-ынхаан. Та нарын халааг авах залуус, том дарга нарын хүүхдүүд Найрамдалд намилзуулан найрлаж байгаа бол НАМИЛЗАХ боломжгүй ардын хүүхдүүд харь улсад ажил хийхээр алалцаж байна. Энэ улс оронд чинь хуулийн дагуу юм юу ч алга, том нь жижгийгээ барьж иддэг, дээрэлхдэг байгалийн хуулиар л амьдарч байна. Үүний тод жишээ наад НАМИЛЗАХ-ууд чинь шүү…


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гаалийнхан цагдаа шиг ажиллах л дутаж гэнэ… || DNN.mn

Иргэдийн ачааг зад татан онгичиж байгаа гаалийн байцаагчид, түүнийг нь эсэргүүцэн лайв хийсэн бүсгүйн эсрэг олон кг хар тамхи, алт мөнгөн эдлэл илрүүлсэн гэх сошиалын бичлэгүүд, энэ бүгдийн дараахь Монголын Гаалийнхны хэвлэлийн бага хурал зэрэг нь яг л цагдаагийн технологийг санагдуулж байна. Цагдаа, АТГ-ын зүгээс захиалгатай баривчлах хүмүүсээ урьдчилан сошиалд элдэвлэн, үнэн худал нь тодорхойгүй мэдээллийг хаа нэгтэйгээс сэвдэг. Ийм оршил хийснийхээ дараа баривчилдгийг хүмүүс мэднэ. Эсвэл өөрсөдтэйгөө холбоотой бусармаг мэдээллүүдийг дарахын тулд, эсвэл тэдний зүгээс хэн нэгэн иргэний эрхийг зөрчсөн үйлдэл нь илрэхээр тэр иргэнийхээ жолооны торгуулиуд, энэ тэнд идэж ууж явсан элдэв бичлэгүүдийг ил гарган нийгэмд цацаж дарамталдаг болсныг одоо хэн ч мэдэхээр болжээ. Хүчний байгууллагууд, цагдаагийнхны зүгээс гардаг иймэрхүү олон муухай технологиуд нь одоо Монголын Гаалийн байгууллагад нэвтэрч байгаа юм байна. Гаалийнхны энэ өөдгүй байдал нь ойрын өдрүүдэд шуугиан болсон бичлэгүүдээс тодорхой харагдлаа.

Шулуухан хэлэхэд, Гаалийнхан одоо больчихооч. Та нар дуугүй ажлаа хийж болохгүй байна уу. Та нар ядаж хүчнийхний бузар муухай технологиор дутаач. Ард түмэндээ ялагдаж сураач. Ковидын хөл хорионы үеэр Зайсан хавьд нэгэн улаан өмдтэй залуу цагдаа нарын эсрэг хүний эрх ярьсны төлөө өнөө залууг өчин унагаж, дарамталж байгаа цагдаа нарын бичлэг цацагдаж олны дургүйцлийг төрүүлсэн. Цагдаа нарынхаа энэ буруу үйлдлийг олны анхаарлаас гаргахын тулд тэр улаан өмдөт залуугийн талаар цагдаагийнхан ямар хөгийн юмнууд гаргаж ирж сэвж байсныг санаж байна уу. Тэр нь зүгээр л жирийн нэг иргэн байсан шүү дээ. Сая өмгөөлөгчийн охиныг дарамталсан цагдаагийн үйлдлийг баллуурдахын тулд өнөө охины амьдралаар яаж тоглов, цагдаа нар. Кофены газар үеийнхээ охинтой муудаж, ус асгасан бичлэгийг халуун кофе болгон сэвж, түүнийг нь хийрхүү монголчууд хэрхэн дэвэргэж, өөрсдөө охин хүүхэдгүй юм шиг аяглаж, хөөрхий охиныг бузарлан гутаав. Б.Ариунзаяа охин руу араатан шиг дайрч, цагдаагийн үйлдлийг мартан тэнэгтэж байгаа хөөрхий бидний монголчуудын үйлдлийг өнөө цагдаа нар нь хөх инээдээ барьж ядан харж суусныг та нар маань харсан ч болоосой. Харсан бол магадгүй өөрсдийнхөө тэнэгийг нэг удаа ч болтугай ойлгох байсан биз.
Яг үүн шиг зэвүүн үйлдлийг Монголын Гаалийн байгууллагынхан сая хийлээ. Хийхээр барах уу, гаалийн салбартаа нутагшуулаад авч. Уг нь эрүүл ухаантай монгол хүмүүс бол ойлгохоор үйлдэл. Тэрхүү гестапын офицер шиг хувцастай гаалийн байцаагчид хэвлэлийнхны өмнө суугаад хэгжүүнээр “Энэ гуравдугаар сарын 3-ны өдөр иргэн Ө нь Туркээс 3,6 кг алт мөнгөн эдлэл нууж оруулж ирснийг илрүүллээ. Ийм луйварчдыг илрүүлэхийн тулд рентгений аппаратаар шалгасан. Дараа нь тэр бүсгүйн ачааг давхар гараараа шалгасан юм. Гаалийн байгууллага бол гадаад, дотоодын тусгай албадтай хамтран ажилладаг…” гэхчлэн өөр юу юу ч гэнэ вэ, тэдний ийнхүү том том ярихыг хараад “Ийм хүнд цаг үед эх орондоо алт оруулж ирсэн тэр иргэнд баярлах ёстой биш үү” гэж эрүүл ухаантай бүхэн бодохоор байлаа.
Тэр эмэгтэйн лайвыг хараад, орчин үеийн гааль чинь техник, технологижоогүй юм уу, энэ чинь эрт галавын хэддүгээр зууны үйлдэл вэ, үүнийг нийтэд үзүүлэхийг зорьжээ гэж ойлгосон. Гэтэл Гаалийнхан тэгж хүлээж авсангүй, бидний мууг үзэх гэлээ, биднийг гутаалаа… хэмээн үзэн ядаж, улмаар цагдаа нарын технологийг хэрэглэлээ. Хаанаас нь мэдэгдэхгүй хаягнаас, гэнэт сошиалд “Ийм ийм хар тамхинууд гаалиар орж ирсэн, ийм их алт мөнгөнүүд хэдэн зуугаар хил нэвтэрлээ, энэ бүх хууль бус үйлдлийн эсрэг Гаалийнхан ингэж махаа зулгаан ажилласныг энэхүү эргүү хүүхэн ойлгохгүй, ачаагаа бултуулсан байна” гэхчлэн сүржигнэв. Яг л нөгөө өмгөөлөгчийн охин Б.Ариунзаяаг цагдаа нар сошиалаар буланд шахсан шиг өнөө лайв хийсэн бүсгүйг одоо буланд аваачиж байна. Танил үйлдэл, бага хурал зарлаж огт өөр дүрээр “Гаалийн газраас алт мөнгө, хар тамхи илэрлээ гэж албан ёсоор мэдээлээгүй” гэж мэдэгдэв. Цагдаагийнхан ч бас л ингэдэг, бид албан ёсны мээдэлэл өгөөгүй гэж. Хар тамхи байсныг илрүүлэх гэж сая иргэдийн ачааг онгичсон юм биш үү гэсэн хэвлэлийнхны асуултад аль эрт, жилийн өмнөх Африкийн илгээмж нэг кг хар тамхийг ярих жишээтэй. Энэ мэтээр Үндэсний аюулгүй байдлыг бид сахин хамгаалдаг гэж дахин дахин ярих Гаалийн хоёр байцаагчийн хэвлэлийн бага хурлыг хараад эд нар мөн тэнгэрт гарчээ гэж бодогдлоо.
Гаалийн байцаагчид, удирдлагуудтай холбоотой амьдрал дээрх бодит үнэнийг хэлье. Ковидын хөл хорионы хоёр жилд хоосон, орлогогүй байсных нь илрэл сая илэрсэн хэрэг шүү дээ. Иргэдийн ачаа бүрийг зад татан шиншилж байгаа чинь. Ингэтлээ өлөн байж болохгүй, ард түмнээр алдаагаа хэлүүлж, хүлээж авч сур. Гаалийнхан та нар арай дэндсэн. Гаалийнхан гэж нийгмийн хамгийн баян давхарга хүртэл бий болсон нь нууц биш. Гаалийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хүн нь хүртэл ард түмний өмнө авлигаа хүлээн зөвшөөрсөн шүү дээ. ирээд ярьсан баримт нь “Өдрийн сонин”-ы хуудаснаа дурайж байгааг та нар яаж үгүйсгэх юм. Тэтгэвэртээ суусан цэргийн хурандаа нэгэн саяхан ярихдаа “Миний дүү Замын-Үүдийн Гаальд байцаагч байгаад саяхан тэтгэвэртээ гарсан. Тэгсэн хамт гаалийн байцаагч байсан нөхдүүд нь манай энэ ёстой арчаагүй, хоёрхон байр, хоёр муу машинтай л Гаалиас тэтгэвэрт гарсан даа гэж шоолсон. Тэгэхээр Гаальд байцаагч байна гэдэг чинь цадиггүй их хөрөнгөтэй болдог юм шиг байна лээ” гэж хээ шаагүй ярихыг сонссон. Хоёр байр, хоёр машин Монголын жирийн иргэнд насны мөрөөдөл биш үү, гэтэл яахаараа Гаалийн байцаагчдад юу ч биш байдаг юм. Энэ бол Монголын нийгмийн тусгай давхарга, төрийн бүтцийн даварсан хэсэг хэдийнэ бий болж төлөвшсөний тодорхой жишээ.
Өнөөдөр Гааль дээр ачаа бүрийг зад татан дарамталж байгаа Монголын гаалийн шударга байцаагчдаас асууя. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хойд хилээр машины ард ачиж оруулж ирсэн сая сая долларыг тэгээд илрүүлчихгүй яасан юм бэ, тийм шударга юм бол. Оюу толгойн зэсийн баяжмалтай хамт хилээр түүртэлгүй гарсаар удаж байгаа тэр их алтыг илрүүлэн зогсоогооч. Өнөөдрийг хүртэл гадагшаа урсан байгаа Эрдэнэтийн зэсээс алтыг нь Гааль дээр илрүүлээч. Чадахгүй шүү дээ, чадаж ч байгаагүй. Илрүүлдэг хэрэг зөрчлүүд чинь юу байдаг вэ гэхээр гаалийн байцаагчид нэгнээ мурьсан, авлигаа голсон, хэлсэндээ хүрээгүй нэгнээ матдагаас өөрөөр илрүүлдэг юм та нарт байхгүй. Шударгаар мэдүүлгээ бөглөөд орж ирж байгаа ачаа барааны бичиг баримтыг яах гэж байгаа нь мэдэгдэхгүй цааш нь тавьчихдаг чинь ердийн үзэгдэл. Барилгын жаахан материал оруулж ирсэн хоёр залуугийн нэг нь Гаалийн мэдүүлгийн цонхон дээр байцаагчийг царайчлаад, нөгөө залуу нь хажууд нь байх банкны АТМ дээр мөнгө шилжүүлээд, өнөөх байцаагч нь утсандаа ирсэн мессэж рүү хяламхийн суудаг нь бас л ердийн үзэгдэл. Ухаандаа АТМ-ээс шилжүүлж байгаа мөнгийг утасныхаа дэлгэцэн дээр харж чамлаж байгаа байдал. Тэгэнгүүт өмнө нь царайчилж зогсоо залуу нөгөө муу найз руугаа сэмхэн дохино, тэр нь дахиад нэг саяыг нэмэж хийнэ. Шилжүүлж байгаа мөнгө нь хэдэн сая ч болдог юм, цаанаа тавьсан бичиг баримт руу сая нэг байцаагчийн гар явангуут хоёр залуугийн магнай тэнийх жишээтэй. Ийм авлигын үүр уурхай, шившгийн хөндий болсон Монголын Гаалийг одоо эвдэн хаяж, дээрээс нь доош нь хүртэл өөрчлөн шинэчилж, реформ хийхгүй бол Монголын ГЕГазар хичнээн жил ядарсан ард түмнээ шулж мөлжих юм бэ. Та нар чинь хүн юм байгаа биз дээ. Гаалийн байцаагч та нарт амьдрахын төлөө яваа монголчуудаа өчүүхэн ч гэсэн өрөвдөх сэтгэл байна уу, ер нь байсан уу.
Өнөөдөр Гаалийн байцаагчидтай холбоотой сошиал дахь шуугианы бодит үнэн, бодит нүүр царай ердөө л энэ. Үнэнхүү шударгаар ажиллаж байгаа Гаалийн байцаагчид байгаа бол үүнийг уншаад өршөөнө биз. Гэхдээ ийм шударгууд нь тун цөөхөн гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо бүр эцэстээ өөрсдийгөө хамгаалахын тулд Цагдаагийн технологид шилжсэн байна. Гаалийнхан та нар цагдаагаас дутаа…
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсаа тоносон дээрэмчдийн эсрэг тэмцдэггүй оюутнууд ус цацсан нэгнээ сургуулиас нь хөөлгөхийн тулд 15000-уулаа тэмцэж байна… || DNN.mn

МУИС-ийн оюутан Б.Ариунзаяа өнгөрсөн долоо хоногт нийгмийн гол дүр байлаа. Түүний талаар амтай болгон дуугарав. Улсаа тонон дээрэмдсэн гишүүд, улс орны валютын нөөцийн шавхагдал… энэ тэр бол анхаарах сэдэв биш бололтой. Энд өмөөрөл байхгүй, зүгээр л монголчуудын, Монголын залуу үеийн хандлага, эрдэмтэн багш нарын эмгэнэлтэй дүр зураг, нийгмийг буруу тийш нь залж чадаж байгаа хүчний байгууллагын нүүр царай, энэ хэвээрээ бол үнэн шударга нийгмийн тухай яриад ч хэрэггүй юм.

Нийгмийн хамгийн мэдрэмжтэй масс бол аль ч улс оронд оюутнууд байдаг юм. Нийгмийн шинжтэй хувьсал өөрчлөлт бүрийн түрүүнд оюутнууд явдаг болохоор тэдэн рүү их анхаардаг. Энэ бол дэлхийн практик. Монгол Улсын эрх ашиг зөрчигдсөн өчнөөн буруу үйл явдал болж байна. Тэгвэл тэр бүгдэд ёстой ямар ч цочоогүй Монголын 100 мянга гаруй оюутан бий. Тэгсэн сая нэгнийхээ мууг үзэх үйлдэл дээр ямар айхавтар нэгдэж, хэдэн арван мянгаараа гарын үсэг зурна вэ. Бүр тэмцэж босох шинжтэй байна шүү.

Монголын оюутнууд ийм өчүүхэн байгаагүй юм. 1989 оны жагсаал цуглаан, ерэн оны ардчилсан хувьсгал Монголын оюутнуудын нуруун дээр хийгдсэнийг түүх гэрчилнэ. Сүүлд М.Энхсайханы Засгийн газрын үеийн сургалтын төлбөр, байрын үнийн дийлдэшгүй хөөрөгдлийн эсрэг Монголын оюутнууд бас их цочиж боссон. Тэр бол 1997 оны намар байлаа. Тэрхүү оюутны жагсаал тэмцлийн түүчээнд өнөөдөр Төрийн ордонд, Засгийн газар, Гадаадын элчин, томоохон компаниудын гол хүмүүс болчихсон байгаа нөхдүүд голлох үүрэгтэй оюутнууд байсныг санах хүн цөөн болжээ. Өнөөдрийн Ерөнхий сайд, Их хурлын гишүүдээс цөөнгүй нь “Би нээрэн 1997 онд оюутны жагсаалыг зохион байгуулж байсан юм шүү” гэж хэлнэ. Үүнийг дурдсаны учир нь тэрнээс хойших 25 жилд Монголын оюутнуудын нийгмийн хариуцлага, мэдрэмж, идэвхтэй байх шинж чанар алга болсон. Зөвхөн амин хувийн эрх ашигтай, хэн нэгнээ доош нь хийх бүлэглэл дээр нэгдвэл нэгддэг, эс бөгөөс сошиал орчинд нэгнээ зүхэхээс өөр юмгүй масс болсон нь өнөөдрийн Б.Ариунзаяа дээр тод харагдлаа.

МУИС-ийн хуулийн төгсөх ангийн оюутан Б.Ариунзаяа кофе шопт сууж байхдаа үеийнхнээсээ доромжилсон хандлага авсны хариуг нь бид харлаа, жигшлээ. Тийм үйлдэл хийхэд бэлэн хэдэн мянган охид хөвгүүд энэ олон их дээд сургууль дээр хөшилдөж байна. Б.Ариунзаяаг зүхэж суугаа арван хүн тутмын наймынх нь эрх дураараа охид нь цагаа тулбал Б.Ариунзаяагаас ч дор үйлдэл хийхэд бэлэн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Зүхэж коммент бичихийнхээ өмнө миний охиныг кофе шопт хэн нэгэн бүлэг охид харц, хандлагаар өдөж, улмаар өмнө маань сөхөрч суу гэвэл охин маань тэсч, тэвчиж чадах болов уу гэж бодох ёстой. Миний хувьд лав их зантай, эрх шар охиноо өөрийг нь доромжилсон хэнийг ч өршөөхгүй гэдгийг гадарлаж байна. Та нар ч эргэлзэх хэрэггүйд ээ, үүлэн сүүдэр тусчих вий гэтэл эрхлүүлдэг охин үр чинь энэ дэлхий дээр бүгд миний өмнө сөгдөх ёстой гэсэн шүү юм бодож яваа шүү. Яагаад гэвэл яг тэгж өсгөж байгаа учраас. Гэхдээ доромжлол хандлагыг тэсээд гарах тэвчээр хатуужил суулгаж чадсан бол танд талархъя. Өнгөрөөх зүйлийг өнгөрөөж, тэвчих газраа тэвчиж чадна гэдэг бол хүний маш том чанар. Бүр гайхамшигтай чанар ч байж магадгүй.

Гэхдээ хариуг нь барьдаг хүн болгож өсгөсөн байлаа ч бид шаналах хэрэггүй. Яагаад гэвэл бидний үр хүүхэд, ач зээ нар нэн шинэ үеийнхэн. Бүтэн жарандаа дайн байлдаан, өлсгөлөн гуйранчлал, үгүйрэл хоосрол, өлсөх цангах, өвдөж зовох, доромжлол дээрэнгүйлэл үзээгүй ард түмний хойч үе, үр сад учраас тэд тийм байх эрхтэй. Дийлэнх нь тийм л үрс өнөөдөр энэ хотод мянга мянгаараа хөшилдөж байна шүү дээ. “Энэ ямар увайгүй охин бэ” гээд зүхэж суугаа эцэг эхчүүд ээ, та нарын “Миний хүүхэд арай ч ингэхгүй ээ” гэж өөрийгөө тайтгаруулах чинь зөв. Гэхдээ энэ нь зөвхөн та өөрийгөө хуурсан тайтгарал гэдгийг ойлго. Тэрнээс өнөөдрийн амьдралын бодит үнэн бол хэний маань ч хүүхэд ууж байгаа кофегоо доромжлолын өөдөөс юу ч бодохгүй цацна. Энэ үнэнтэй ил биш ч гэсэн дотроо эвлэр. Дээр нь нэмж хэлэхэд, ямар ч хэрэг тарьсан эрх охиноо та хэнээс ч, юунаас ч өмөөрөх нь 200 дахин үнэн. Ийм л учраас хүний үр хүүхдийн талаар битгий дуугар. Хэн чинь хүүхдээ хүмүүжүүлж чадаж байгаа юм. Хүмүүжил төлөвшлийг цаг хугацаа харуулахаас биш өөр юу ч батлахгүй. Хаана юу хийж явааг нь мэдэхгүй өдөр олон шүү дээ…

Энд үр хүүхдээ хамгаалах нэг л асуудал бий. Эрх дураараа өссөн шинэ үеийнхнийг ашиглах амархан цаг үе ирчихэж. Үр хүүхдийг чинь ашиглаж байгаа тэр хэсэг бүлгийнхний эсрэг харин тэмц, эцэг эхчүүд ээ. Нэгхэн өдрийн өмнө нь та бид эмэгтэй хүүхдийг захирч зандарч, утсыг нь цохиж байгаа цагдаагийн дэслэгчийг харааж, зүхэж байгаагүй бил үү. Тэгсэн яагаад маргааш нь өмөөрч байсан өнөө охиноо хэдэн мянгаараа зүхэж сууна вэ. Монголчууд бид ийм өчүүхэн болчихсон байна. Кофе асгаж байгаа тэр бичлэг надад лав олдохгүй. Танд лав кафены эзэн өгөхгүй. Хохирогч охин тийм бичлэг хийж нийтийн сүлжээнд тавиагүй гэдгээ мэдэгдсэн. Тэгээд тэр бичлэгийг хэн гэгч нь гэрлийн хурдаар олж, хүчтэйгээр нийгмийн сүлжээнд цацаж, оюутнууд хэдэн мянгаараа, гэнэн тэнэг монголчууд хэдэн зуун мянгаараа “Ариунзаяа, аавтайгаа хамт пүү, паа” болов. Бүр аавтай нь хамт шүү.

Энэ бүгдийн учрыг одоо хэлээд өгье. Түүний аав өмгөөлөгч Г.Батбаяр бол тухайн үеийн ЭЦГ-ын дарга, удирдлагуудын зүгээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, С нэртэй охиныг сайдынхаа эсрэг өдөөн турхирч байгаа утасны нууц бичлэгийг Монголын нийгэмд анх цацсан хүн юм. Санах хүмүүс нь санаж байгаа биз. Ингэж Монголын хүчний байгууллагын тодорхой, нэр нөлөө бүхий удирдлагуудын хорхойтой араанд зуугдсан өмгөөлөгч Г.Батбаярын охин юм аа, наад Ариунзаяа чинь. Шаардлагатай гэвэл Г.Батбаярын задалсан тэрхүү цагдаагийн хурандаа нарын ярианы нууц бичлэгийг сошиалд гаргаж тавьж болно. Өнөөдөр тэрхүү хурандаа нарын зарим нь Монголын онцгой үүрэгтэй агентлагийн даргын албыг хүртэл хашиж яваа. Хөөрхий муу Г.Батбаяр тухайн үедээ хэт амбицтай, ичих эмээх багатай явсан үе нь учраас өмгөөлөх эрхээ тэгсхийгээд хасуулсан даа. Түүний өмгөөллийн эрхийг хассан тухайд цөөнгүй хүмүүс шударга үнэний төлөө түүнийг Өмгөөлөгчдийн холбооноос хассан гэж бодож яваа. Үнэндээ хүчний байгууллагын урт, далд, хар гарын үйлчлэл хэрэгжсэн явдал юм. Ийм нарийн схемийг, бүр системийг Монголын улс төрийн дор хаяж 20 жилийн түүхийг мэдэх, хэн нь хэн бэ гэдгийг багцаалах хэдхэн сэтгүүлч, тэгээд хууль хүчнийхэн л гадарлана. Ингэж л хүчний байгууллагынхантай нүүр тулсан, хорхойтой араанд нь зуугдсан аав, охин хоёрын хувь заяа нийгэмд нүд үзүүрлэгдэн байна даа.

Жаахан хэрсүү байцгаа монголчууд аа. Энэ үгийг мөн ч олон удаа бичиж байна. Өнөөдөр таны гар утаснаасаа харж байгаа хувь хүнтэй холбоотой мэдээлэл бүхэн зорилтот, зорилготой, нийгмийн сэтгэл зүйгээр тоглосон, өчүүхэн муу эрх ашгууд байдаг юм. Тэдний эрх ашгийн золиос, гол дүр нь болоход та ч, таны үр хүүхэд ч бэлэн байгаа тийм цөвүүн цаг үе. Та бидний төсөөлөхөд ч бэрх технологиуд гар утсаар чинь дамжин ирж байна, ирэхээр бэлтгэгдэж байна. Шулуухан хэлэхэд, тэр бүх муу технологийн учрыг олно гэвэл танд бэрх. Түүнээс сэргийлэх, өөрийгөө авч гарах арга бол бий. Юунд ч дагаж далдганах хэрэггүй. Явж явж өөрийгөө, өөрийнхөө үр хүүхдийн эсрэг үйлдэл болно. Бүр эцэстээ өөрийн гэсэн үнэт зүйлгүй ч болж мэднэ.

Эцэст нь хэлэхэд, аливаа улс орны, нийгмийн оюун санааны оргил нь Их дээд сургууль, эрдэмтэн багш нар, судлаачид, судалгааны хүрээлэнгүүд байдаг. МУИС-ийн багш, академич, хуулийн салбарын хүндэт хүн С.Нарангэрэл гуай Б.Ариунзаяагийн талаар ярихдаа “Энэ хүүхдийг сургуулиас хасах асуудалд Үндсэн хууль ямар ч хамаагүй” гэж ард түмний нүдэн дээр хэллээ. Хэлэх үг олдсонгүй. Хуульчдаас асууя, “Үндсэн хуульд хамаарахгүй иргэн гэж байдаг юм уу” гэж. Энэ асуултад “Нарангэрэл багшийн зөв, Үндсэн хуульд хамаатахгүй иргэн хүн Монголд байна. Тэдний нэг нь Ариунзаяа” гэж байгаа хүн бий бол тэднийг “Монголоос зайл” гэж хэлье. Шүүхээр эцэслэн тогтоогдоогүй, хэрэг бүртгэл ч гүйцэд хийгдээгүй, хүчний хэдэн хурандаагийн өс хонзонгийн золиос тэр оюутан охинд өнөөдөр хамгийн ойр, өмгөөлж хамгаалах хүмүүс бол найз нөхөд, сургуулийнх нь багш нар байсан байх. Гэвч түүний дотны хэдэн найз нь байдаг групптээ “Гутарч гундахгүй яваа шүү” гэдгээ илэрхийлэн хэдэн секундын бичлэг хийж оруулсан нь задрав. Найзууд нь нийгэмд цацаж хорлов. Бүтэн таван жил хууль эрх зүйн хичээл заасан багш нар нь түүнийг сургуулиас хөөж нийгэмд шившиглэв. Тэр охинд одоо хэн үлдэв, хурандаа нарын овоо хараанд муугаа үзэж яваа аав нь, төрүүлсэн эх хоёр нь л үлдсэн, монголчууд аа.

Гашуун үнэнийг хэлье, ийм хувь тавилан хэнийг, хэзээ ч хүлээж байхыг хэн ч мэдэхгүй. Б.Ариунзаяаг зүхэн шившиглэхэд хувь нэмрээ оруулж байгаа охин үртэй хүн бүрийг бурхан ивээг…

Б.Нямаа

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Уйгаржин гэж байхаар англи хэлийг албан ёсны хоёрдугаар хэл болгомоор байна

Дэлхий ертөнц урьд хожид байгаагүй технологи, дэвшлийн зуунд явж байна. Түүний нэг илрэл нь хүн төрөлхтөн нэг хэлтэй, нэг бичиг үсэгтэй болж буй үйл явц юм. Англи хэлээр долоон тэрбум хүний талаас илүү хувь нь ярьж бичиж байна. Нийгмийн мэдээллийг авч хэрэглэж байна. Дэлхийн хэмжээний бүх арга хэмжээ англи хэл дээр явагдаж байна. Аль ч хурал чуулган орчуулагчгүйгээр явагдах нь улам ердийн үзэгдэл болж байна.Ийм цаг үед англи хэлгүй хүн бол хэлгүй, дүлий, магадгүй сохор хүн шиг болох нь. “Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэсэн алдарт афоризм өнөөдөр эсрэгээрээ “Англи хэлгүйгээр ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэсэн хэлц үг болж хувирлаа.

Гэтэл ийм эрин зуунд элэнцгийнх нь уйгаржин монгол бичигт монголчууд шилжих вэ. Өнөөдөр наад зах нь Үндэсний олон нийтийн телевизийг харахад Өмнөд Монголын “Одон” телевизийг үзэж байгаа юм шиг санагдах болов. Манай нэвтрүүлэгчид арай галигаар нь ярихгүй байх шиг байна. Хэрэвзээ нэвтрүүлэгч Д.Ичинхорлоо “Яршиг түвэгтэй замын уралдаан болжийна” хэмээн Өмнөд Монголын нэвтрүүлэгчид шиг яриад эхэлбэл яах вэ. Манайд бол бартаат замын уралдаан гэж ярьдаг л даа. Аялал жуулчлалын яамыг “Зугаа цэнгэлийн яам” гэж албан мэдээндээ хэлдэг болбол хэрхэн хүлээж авахаар байна. Ингэж бичих, ингэж ярихыг Монголын төр засаг ард иргэддээ хуульчлан тулгаж байна. Уйгаржин монгол бичигт шилжих нь ингэж бичиж, ингэж ярихыг хэлнэ. Ийм бичиг соёл, хэл яриа руу бид тэгээд шинээр орох болж байна. Монголын гурван сая иргэн хүлээн авах уу. Чингис хааныг “Чингис хаган” гэж албан ёсоор бичиж чадах уу. Тэгвэл тэгж ярь, тэгж бич гэсэн хууль 2025 оноос эхлэн хэрэгжинэ. Өнөөдөр элсэлтийн шалгалтад орох 12 дугаар ангийн сурагчдын хамгийн чухал шалгалт нь уйгаржин бичгийн шалгалт гэнэ. Энэ шалгалтандаа унавал сургуульд орохгүй гэнэ. Цар тахлын хоёр жилийн хугацаанд уйгаржнаа үзэж судалсан хүүхэд байгаа юм уу.

Харин эсрэгээрээ хүүхдүүд чинь алхам тутамдаа англи хэлээр хүн төрөлхтний хөгжил дэвшил, үйл явдалтай танилцаж хөл нийлүүлэн алхаж байна. Тэд уйгаржин бичгээр Оксфордын номын сангаас Шинжлэх ухааны ямар сэтгүүлийг унших болж байна. Кембриж, Йелийн аль салбарт нь уйгаржин монгол бичгээр бичсэн ном бүтээл, шинжлэх ухааны бүтээлүүд байна вэ. Анагаахын шинжлэх ухааны үсрэнгүй ололтуудыг монгол залуус уйгаржин бичгээр судлах уу. Бодит үнэн ийм байсаар атал яагаад ингэж байгаа юм. Хөгжил дэвшлийн тухайд алхам тутамдаа ярьж байгаа хэрнээ яагаад хойшоо ухарсан үйл хэрэг өрнүүлж байгаа юм бэ. Монголчуудыг харанхуй бүдүүлэг байлгах, ингэснээрээ баялагийг нь сорох гэсэн гадны бодлого хэрэгжээд байна уу гэсэн хардлага зарим судлаачдын дунд байна. Түвд тангад бичигтэйгээ явж ирсэн Түвд орон өнөөдөр ямар байна… Уйгаржин бичигтэйгээ өнөөдөрт ирсэн Өмнөд Монголоос төрсөн тивийн хэмжээний ганц эрдэмтэн байна уу. Өмнөд Монголын хүүхэд залуус дэлхийн хэмжээний аль сургуульд нь сурч боловсорч байна. Үсрээд л Японд хоёр жилийн курст сурч байгаа шүү дээ.

Тийм учраас “Өмнөд монголчууд хоцрогдлын туйл боллоо. Хятадын засгийн ордны бодлого бол Өмнөд Монголоос дэлхийн хэмжээний боловсролтой иргэдийг төрүүлэхийн тулд англи хэлийг албан ёсны болголоо” гэж Хятадын удирдагч албан ёсоор мэдэгдсэн. Угтаа уйгаржин бичигтэй өмнөд монголчууд малаасаа илүү гарахгүй нь гэсэн үзэл баримтлал шүү дээ. Хятад орон буруу яваад байгаа юм уу, хөгжихгүй байгаа юм уу. Цар тахлын үед дэлхийн 200 гаруй улсаас ганц урд хөрш гадаад худалдаа нь ашигтай гарлаа. Дэлхий тэр чигээрээ Хятад руу доллараа зөөж байна гэсэн үг. Тэгэхээр тэднийг тэнэг үйлдэл хийлээ, үндэстний цөөнхийн эрх ашигт халдлаа гэж үзэх арга алга, өнөөдөр энэ дэлхий дээр хамгийн ухаалаг байгаа энэ ард түмэнд. Олон улсын Хүний эрхийн байгууллагууд Өмнөд Монголд уйгаржин бичгийг хязгаарлалаа гэж сүйд болсон уу. Олон улсын байгууллагуудаас онцгойлон анхаарсан уу. Бүгд л тэд хөгжих ёстой, тэгэхийн тулд хөгжилд нь тушаа болж байгаа уйгаржин бичиг нь албан ёсны байх шаардлагагүй гэж үзсэн хэрэг.

Өмнөд Монголд уйгаржин бичгийн үе ийнхүү дуусч байхад бид уйгаржин бичгийг албан ёсны хоёрдугаар бичиг болгон зарлаж, англи, кириллээр бичсэн хаягуудыг авч хаяж, оронд нь хэн ч уншаад ойлгохгүй, үеэ өнгөрөөсөн уйгаржин бичгээр хаягийг сольж байгаа нь жинхэнэ мунхрал, хэт төөрөгдөл, бага буурай үндэстний өвчин гэж үзэхээс өөр арга алга. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон чуулга уулзалт дээр манай улсын уйгаржин бичгээр гаргадаг ганц сонины эрхлэгч нөхөр “Уйгаржин бичгийг эсэргүүцдэг “Өдрийн сонин”-ыг хаах хэрэгтэй” хэмээн уриалсан. Энийг юу гэж ойлгох вэ. Өмнөд Монголд хэрэглэхээ больж, хоцрогдлын эх үүсвэр боллоо гэж үзэж буй уйгаржин бичгийн талаар үнэнийг ны төлөө Ардчиллын түүчээ болсон чөлөөт хэвлэлийг хаая гэж байгаа нь хийрхэл хэрээс хэтэрсний шинж. Бод л доо, хоёр хөршийн дунд орших бөглүү Монгол Улс уйгаржин бичигтэй бүр балрах байх гэсэн наад захын бодол төрөхгүй байна уу. Урдаас нь харь гаригийн юм шиг хэл, бичиг үсгээр харьцаад байхаар тэдний хөх инээд хүрнэ биз дээ. Нэрийн хуудсаа англиар биш, уйгаржин бичгээр өгөхөөр тэд хэнээр орчуулуулж ойлгох болж байна. Орост уйгаржин бичиг мэдэх нэг ч хүн байхгүйтэй адил барууны нэг ч улсад бас байхгүй шүү дээ. Улс орон бүхэн өөрийн бичиг соёл, хэл ус, мөнгөн тэмдэгттэй. Яг түүнтэйгээ зэрэгцүүлэн албан ёсны хоёрдугаар хэлээ бүгд англи болгочихоод байна. Африкийн Зимбаве улс хүртэл тийм болчихоод байна. Азийн хамгийн буурай Балба улсад гудамжны гуйлгачин нь хүртэл англиар гуйлга гуйж байна. Тэд үүнийг ойлгочихоод байхад бид ойлгохгүй явж байгаа нь юу гэсэн үг вэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол Харвардыг төгссөн, англи хэлний ач холбогдлыг мэднэ. Магадгүй Харвардад сурч байж, англи хэлийг эх сурвалжаа болгож чадсаны хүчинд “Алсын хараа-2050” гэсэн Монгол Улсын ирээдүйн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах төсөөлөлтэй болсон байх. Тэрнээс тэрээр өдөр шөнөгүй уйгаржин монгол бичиг үзэж, уйгаржнаар эртний судар номыг эргүүлсээр байгаад ирээдүйн 50 жилд энэ улс иймэрхүү хөгжлийн загвараар явах ёстой юм байна гэсэн төсөөлөлтэй болоогүй байлгүй дээ.

Уйгаржин бичиг бол улс орон, ард түмний үндэсний дархлаа, үнэт зүйл, дэлхийд ялгарах онцлог гарцаагүй мөн. Энэ үнэ цэнийг эрдэмтэн мэргэд, судлаачид, оюутан сурагчид… гэхчлэн нийгмийн тодорхой хэсэг нь авч явдгаараа л явна. Төр засаг нь дэмждэгээрээ л дэмжих ёстой. Ард түмэн нийтээрээ уйгаржин бичигтээ гүн хүндэтгэлтэй хандаж, түүнд суралцаж судлах нь нээлттэй. Харин Монгол Улсын албан ёсны хоёрдугаар хэл болгож, албан бичиг баримтын бүрдэлт хийлгэж, төрийн албан хаагчдаас шалгалт авч, дунд сургуулийн төгсөлтийн шалгалтын гол хэсэг болгох нь жинхэнэ хийрхэл, жижиг үндэстний хөгжилдөө тушаа болсон үйлдэл, хатуухан хэлэхэд бусдын тоглоом болж буй хэрэг юм. Магадгүй ийм байлгах сонирхол, гадны гар хөл үйлчилж байж магадгүй тухай түрүүнд дурдсан.

Эцэст нь хэлэхэд, наад уйгаржин бичгийн асуудлаа нийгмийн тодорхой хүрээнд байлга. Тэрнээс үхсэн элэнцгийн чинь төрийн албаны шалгалтад уйгаржин бичиг байх, төрийн албан хаагчдаас шалгалт авах вэ. Үүнийгээ зогсоо. Харин эсрэгээрээ төрийн албан хаагчдаас англи хэлний шалгалт ав. Дунд сургуулийн төгсөлтийн хамгийн том оноотой шалгалт нь англи хэл байх ёстой. Төрийн албан ёсны бүх хурал зөвлөгөөн, чуулга уулзалтын илтгэлүүдийн хоёрдугаар хувилбар нь заавал англи хэл дээр байхаар хуульчил. Дүрэм журам гарга. Хурал чуулган дээрх бүх илтгэл, хэлэх үг, тайлан, албан мэдэгдэл бүхэн заавал англи хэл дээр албан ёсны байх ёстой.

Монголчууд ердөө 70-хан жилийн өмнө дэлхийн соёл боловсролоос таслагдсан улс үндэстэн байсныг сана. Түүнээс хэрхэн гарч, хил даван сурахаар одож, дэлхийн шинжлэх ухааны ололтуудтай танилцаж, сонгодгуудыг орчуулан уншиж, сонгодог урлаг үзэж эхэлсэн нь юуны үр дүн байв. Орос хэлний ач тус шүү дээ. Монголчууд нийтээрээ орос хэлийг үзэж судалж, орос хэлтэй болохын төлөө эрмэлзэж, орос хэл сурцгаасны хүчинд дэлхийтэй танилцсан юм. Тэрнээс уйгаржин бичигтэй байснаараа улам л харанхуй бүдүүлэг рүү явж байсныг түүх гэрчилнэ. 1911 оны хүн амын тооллогоор 600 мянга хүрэхгүй монголчууд үлдэж, эрчүүдийнх нь 80 хувь нь лам болж, түвд тангад, уйгаржин бичгээс өөр бичиг үсэггүй байсан нь монгол үндэстэн мөхөхийн ирмэг дээр очсон гашуун үнэн байлаа. Гэтэл өнөөдөр мөхөж байсан үеийнхээ бичиг үсэг рүүгээ эргэж очъё хэмээн хуйларч, бүр хуульчилж, нийгмийн хэмжээний арга хэмжээ болгож байгаа нь гутамшиг, бас хөгжлийн ухралт. Тэр уйгаржин бичгийн хүчээр хэн мэдлэг боловсролтой болж чадах юм. Тийм болохоор уйгаржин бичиг гэж солиорч байхаар англи хэлийг албан ёсны хоёрдугаар хэл болгох нь техник технологийн дэвшлийн зуунд үр дүнд хүрнэ, монголчуудаа…

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын нийгэм Бар жилд бараан байх уу, бүгээн байх уу…

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдрал ямар ч байсан онц ноцтой зүйлгүйгээр үхэр жилийг гаталж, бар жилтэй золголоо. Цар тахал бол дэлхий нийтийн гамшиг зовлон учраас онцолсонгүй. Сар шинийн энэ өдрүүдэд монгол хүн бүр, айл өрх, аж ахуйн нэгж бүхэн дор бүрдээ ирэх бар жилдээ хэрхэн ажиллаж хөдөлмөрлөх, амьдрал ахуйгаа өөд нь татах, аж ахуйгаа авч явах, эрүүл саруул байж ирэх жилийн Цагаан сартай золгох тухай бодож байна.

Том зургаараа Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдрал хэрхэн өрнөхөөс хүн нэг бүрийн, аж ахуйн нэгж бүрийн ирэх цаг хугацаа шалтгаална. Монголын төр Цагаан сарын босгон дээр тэтгэврийн доод хэмжээг нэмэв. Ажил хөдөлмөр эрхэлж байсан хүн бүрийн тэтгэврийн доод хязгаар 500 мянган төгрөг болсон нь нийгмийн нэлээд том хэсгийн амыг таглалаа. Мөн Цар тахлын түр хуулийг сунгалаа. Энэ нь бас их том массыг барина… гэх мэтчилэн олон хүчин зүйлээс шалтгаалж ирэх бар жилд нийгмийн зүгээс хүчтэйгээр төр засагтай заргалдан тэмцэх нь бага байх болов уу. Мэдээж сошиал орчинд үймээн шуугиан жижиг сажиг байх хэдий ч хүчгүй, нийгмийн сэтгэл зүйг хөдөлгөж чадахгүй, эрх баригчид яаж ч дураараа загнаж байсан нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөхөөр байна. Энэ юу хэлээд байна гэхээр ард түмний зүгээс цочоогүй, эрх баригчдыг түгших хэмжээний тэмцэл хөдөлгөөн болохгүй гэсэн үг. Дээр нь 2016 оноос хойш зургаа дахь жилдээ төрийн бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн ганц намын эрхшээл дор, ямар ч сөрөг хүчингүй улс төр үргэлжилнэ. Ардчиллын үнэт зүйлс юунд хүрэхийг, ардчилсан нийгэм хаана очиж дуусахыг таашгүй.

Сар шинийн энэ өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна. Өвлийн олимпийг далимдуулж. Энэ айлчлалын бүрэлдэхүүнд Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, хотын дарга… нар голлох үүрэгтэй багтсан нь нэгийг хэлж байгаа юм. Монголбанкны ерөнхийлөгч бүрэлдэхүүнд нь багтсан төрийн өндөрлөгүүдийн айлчлалаар бол цаадах улс оронтойгоо ямар нэгэн том санхүүгийн хэлцэл хийдэг. Ерөнхий сайдын айлчлалаар ямар ч байсан БНХАУ-тай своп хэлэлцээрээ үргэлжлүүлэх болов уу. Цар тахлын хүнд цаг үед Монголын эдийн засагт Хятадын энэхүү своп хэлэлцээр их үр дүнтэй байна биз. Бас Сангийн сайд яваа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урд хөршөөс мөнгөтэй ирнэ гэсэн үг. Улсын төсөв дөрвөн их наядын алдагдалтай батлагдсан. Түүхэнд байгаагүй том алдагдалтай төсөв. Энэ алдагдлын ачааны хүндийг Сангийн сайд үүрнэ. Гадны зээл тусламж, төсөл хөтөлбөрүүд мэдээж урд хөршөөс эхлэх бололтой. Монгол Улсын зүгээс гадагш нь зарж валют олж байгаа нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, цайр… бүгдээрээ Хятадын хил, гаалиар цаг алдалгүй саадгүй нэвтэрч байж гэмээнэ наад зах нь жилд гаргах 40 сая нүүрсний төлөвлөгөө биелнэ. Ер нь бол Монголын эдийн засгийн гол үзүүлэлтүүд, экспортын талаар яриа хэлэлцээрүүд хийгдэнэ байх гэж найдаж байна. Ирэх бар жилд өмнөх хоёр жил шигээ хил гааль гацаатай, эдийн засгийн цусны эргэлтийг муу байлгахгүйн төлөө Ерөнхий сайдын баг ажиллаж яваа гэж ард түмэн чинь харж сууна даа. Тяньжин гэсэн ганц боомт дээр Монгол Улсын бүх ачааг гацаах бус ойролцоо байдаг дөрвөн том боомтыг ашиглах, хамтран ажиллах асуудлыг ч Ерөнхий сайд урд хөрштэй ярьж шийдэх байлгүй дээ, наад зах нь.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар айлчлалд яваа нь урд хөршөөс нийслэлд хөрөнгө оруулалтыг ямар нэг хэмжээгээр татна гэсэн үг. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот бие даан бонд гаргах, концесс зарлах, хотоос бүрдүүлсэн 420 тэрбум төгрөгийг бие даан зарцуулах, хотын захирагч нь Засгийн газрын гишүүний хэмжээний статустай ажиллах гэх мэт урьд өмнө байгаагүй эдийн засгийн реформын шинжтэй эрх зүйн чадамжууд бүрдсэн. Гадны улс орнуудын зүгээс Засгийн газартай бус Нийслэлтэй шууд харилцах эрмэлзэлтэй болж эхэлсэн. Улаанбаатар хотын “Үндсэн хууль” хэрэгжиж эхэлснээс хойш хотын даргын анхны албан ёсны айлчлал урд хөршөөс эхэлж байна. Монгол Улсын нийт хүн амын тал

нь амьдардаг нийслэлийг “бага” Засгийн газар гэж нэрлэж болно. Хотын дарга Д.Сумъяабазарын зүгээс Хятад улсад зорьсноо бага ч болтугай бүтээж чадвал

Монгол Улсын амьдралд ирэх жил мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ байх.

Бар жилд Монголын амьдрал ямар байхыг төсөөлөхөд энэхүү Ерөнхий сайдын айлчлал чухал үүрэгтэй, эндээс ирэх жилийн эдийн засаг, нийгмийн амьдралын өнгө нэлээд харагдана. Сүүлийн үед ирэх онд ингэнэ, тэгнэ гэж хэлэхэд их хэцүү болсон. Яагаад гэвэл цар тахлын эцэс төгсгөлгүй үргэлжлэл дэлхийн улс орнуудын байдлыг, ер нь дэлхийн улс төр, эдийн засгийн байдлыг цаг минутаар өөрчилж байна. Ямар ч том судалгааны байгууллагууд, том судлаачид аль ч салбарт, юуг ч урьдчилан төсөөлж, зөв таамаглаж чадахгүй байгаа. Үүнийгээ ч тэд ил тод хэлж байна.

Монголчуудын хувьд цаг агаар хамгийн чухал. Зуд турхан, зуншлага ногооны асуудал Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралд хамгийн их нөлөөлдөг. Монголчуудын дийлэнх нь

итгэдэг зурхай зурлагаараа бол ирэх бар жил зуншлага гайгүй, үр тариа сайн ургана. Хавар хатуу, салхи ихтэй байна л гэж байгаа бололтой. Монголчуудын бусад үндэстнээс ялгарах онцлог нь байгаль цаг уураас хараат амьдрал. Тэгэхээр их бүтээн байгуулалтын цаг хугацаа байдаг 5-10 дугаар сарын хооронд цаг агаар сайхан л байх бололтой. Наад зах нь Дарханы замаа саадгүй явуулчих байлгүй дээ. Хөдөө аж ахуйн орны хувьд зуншлага сайхан байх нь хамгийн том олз… гэх мэтээр байгалийнхаа араншинг багцаалж байх нь зөв юм аа.

Шинэ оны өмнө халдвар эрс буурч, нас баралт зарим өдөр тэг болж байсан Монгол Улс шинэ жилийн дараагаас зад явж, өнөөдөр өдөрт халдвар 600-гаас буухгүй боллоо. Ковидын нөхцөл байдал ирэх өдрүүдэд улс орны амьдралд ямар эрсдэл авчрахыг таах аргагүй. Бидний үргэлж дагаж яваа вирусээс өөрсдийгөө цаг ямагт сэргийлж явах нь Монголын ирээдүйн сайн сайхан болох нь.

Улсын төрийн хувьд энэ хавраас хэтрэхгүй Үндсэн хуулийн нэмэлт хийгдэж Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох нь тодорхой. Сайд дарга нарын энэ сэлгээ, давхар дээлийн асуудал нэг талдаа бараг гарсан. Одоо зүгээр чуулган дээр кноп дарах л үлдсэн байх. Үүнийг улс төрийн амьдралд хүчтэй нөлөөлнө гэж улс төр судлаачид үзэхгүй байх шиг байна. Эсвэл нийгэмд улиг болтол нь яриулж бичүүлж байгаад хүн тоохооргүй үйл явц болгон хувиргаж байгаа технологи юм уу. Ямар ч байсан улс төрийн амьдралд үүнээс өөр сүртэй том үйл явц бар жилд гарахгүй байх.

Бар жилд монголчуудын амьдрал бараан, эсвэл бүгээн байх тухайд салбар нэг бүрээр таамаглал дэвшүүлж болох хэдүй ч энэ нь их зүйл болно. Толгойноос нь эхэллээ.

Эцэст нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн, цар тахлын хүнд үед бидний ажил амьдралын хэмнэлийг онцгой өөрчилж буй технологийн дэвшил цааш хэрхэн үргэлжлэх, монголчуудын ажил, амьдрал хэрхэн өөрчлөгдөх талаар дуугарах ёстой. Энэ байдлаараа бол цаашид олон аж ахуйн нэгж, компани, төрийн байгууллагууд оффисгүйгээр үйл ажиллагаа явуулж мэдэх нь. Ажилчид нь гэрээсээ, эсвэл кофе шоф, бүр машин дотроосоо, уулын орой дээрээс ч ажлаа хийж мэдэхээр байна. Энэхүү технологийн дэвшлийн сайн талыг хүмүүс дийлэнхдээ олж харж байгаа. Гэхдээс сөрөг талууд ирэх бар жилд гарч мэдэхээр байгааг энд бичье.

Сүүлийн үед УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын “Өдрийн сонин”-д бичиж байгаа нийтлэлүүдээс харахад дижитал технологи цар тахлын энэ цаг үед Монголын нийгмийн амьдралд нөлөөллөө улам тэлэх нь тодорхой байгаа юм байна. Тэрбээр “Дижитал технологи бүхэлдээ дэлхийн хүмүүс- бидний аж амьдралыг сайн тал руу өөрчилж, амьдралын утга учрыг хөглөж, баялаг, сонирхолтой болгосоор байна. Харин 2022 он буюу бар жилд бидэнд сул талаа илүү амсуулж, мэдрүүлнэ гэж шинжээчид бичих боллоо. Гажуудуулсан дата дээр тулгуурласан алгоризмын хор урхагтай дүгнэлтийн улмаас хэдэн зуун сая хүний амьдрал, ажил хэрэгт нөлөөлж, онлайн ертөнцөд үймэрч, хакерууд бидний мэдээллийг хулгайлах явдал ердийн зүйл болж мэдэхээр байна” гэж. Цааш нь “Энэхүү хил хязгааргүй нөмрөх аюул урьд өмнө байгаагүй нөхцөл байдлыг Монголд бий болгож мэднэ” гэсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхааралдаа байлгаж, ард түмэндээ сэрэмжлүүлж байх ёстой бас нэг том үүрэг хариуцлагын асуудал болох нь.

Хүмүүс ажил дээр ч, гэр орондоо ч дижитал орон зайд өнгөрөөх цаг нэмэгдэж, аль ч улс орны эдийн засагт түгээлтийн программ, технологи дээр суурилсан үйл явц улам хүчээ авч байгааг та бид харж байна. Дунд нь, дотор нь оролцоод явж байна. Үүнийг дэлхийн улс орнууд онцгой анхаарч байгаа. Тэгэхээр энэ ч гэсэн бар жилд монголчууд бидний амьдралд онцгой нөлөөлөх нь. Энэ бүгдийн эцэст эхлээд бид юу хийх ёстой вэ гэвэл юуны өмнө эдийн засгийн аюулгүй байдалд тулгамдаад байгаа асуудлуудаа зөв эрэмбэлж, авах арга хэмжээ, бодлогоо зөв тодорхойлох нь бар жилийн хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг, цар тахлын үеийн болон дараах үеийн нийгмийн амьдралд хамгийн хэрэгтэй эхлэл болох нь.

Бар жилийг бараан бус харин бүгээн, бүтэмжтэй өнгөрүүлэхийн тулд юуны өмнө эдийн засгаа төвхнүүлэх, алдагдсан боломжуудаа эргүүлж олж авах, авлигыг арилгах гэсэн тодорхой зүйлүүд дээр төвлөрөхийг цаг үе Монголын төрөөс шаардаж байна. Дэлхийн эдийн засаг хямралаас бага багаар гарч байгаа хэдүй ч нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан нь эмх замбараагүй байдлыг үргэлжлүүлсээр байна. Үүнээс үүдэлтэй үнийн өсөлт Бар жилд ч үргэлжлэх төлөвтэй байгааг шинжээчид бичсээр… Үүнийг бид бар жилдээ даван туулах л болно.

Монголын нийгмийн амьдралд голлох нөлөө үзүүлнэ хэмээн бодож байгаа салбар, үзүүлэлтүүдийг тоймлон хүргэлээ. Үүнээс сэдэл санаа авч, энэ бүх үйл явц дунд ажил амьдралаа хэрхэн, зөв зохицуулах нь монголчууд та биднээс шалтгаална. Цааш нь бодож тунгаацгаана биз ээ..