Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Эзэнгүй ноорхой Улаанбаатарын эзэн бүр нь хөдөөнийх… DNN.mn

Улс түмнээрээ Улаанбаатарт амьдардаг, Улаанбаатраас хамааралтай байдаг нь хоттой холбоотой шуугиан бүрээс харагддаг. Хүн бүр хот хөдөөгүй шуугьдаг биз дээ. Энэ зун үер усанд урсах шахсан, зарим газартаа урссан Улаанбаатарынхан бүгд л нэгэн дуугаар хотын захирагч Д.Сумъяабазарыг зүхэв. Одоо залгуулаад их түгжрэл эхэллээ. Бас зүхэх ажилдаа орцгоолоо.

Түгжрэлтэй холбоотой ярьж байгаа хүмүүсийн ганц сэдэв нь “Түгжрэл бууруулна гэж улсын төсвөөс өгсөн 420 тэрбум төгрөг чинь хаачив аа” гэж. Бодит байдал дээрээ Засгийн газраас нийслэлийг “420 тэрбум төгрөгийн татвараа олоод, түүнийгээ хот мэдэж захиран зарцуул” гэсэн шийдвэр. Гэвч 420 тэрбум төгрөг нь нийслэлд татвараар цуглаагүй, тэгсгээд Засгийн газраас 420 тэрбумын эрхийг нь “Улсын төсөв хүндэрсэн учраас…” гээд буцаагаад татчихсан. Үүнийг Нийслэлийн Засаг дарга нь ч иргэддээ хэлэхээс жийрхдэг, Засгийн газар, УИХ-ын зүгээс ч ийм юм болсон талаар тайлбар өгөх сонирхолгүй. Ердөө л ийм л зүйл болсон нь бодит үнэн. Нийслэлийн нэг сая гаруй иргэд, тэр дотроо учир мэдэх сэхээтнүүд, юмны наад цаадхыг гадарлах, улс төрд ойр байдаг хүмүүс юу болсныг гадарладаг ч Сумъяабазарт муу байдаг юм уу… “Өнөө 420 тэрбумаа яачиваа…” гээд л хар масстай хамтран нийгмийн сүлжээгээр нэхээд, зүхээд өнөөдрийг хүрлээ. Ер нь нийслэл хотын эргэн тойронд энэ мэт маш олон асуудал байгааг, тэр бүгдийн үнэнийг ард түмэн мэдэхгүй явж ирлээ. Мэдүүлэхийг хүсэхгүй далд хүчин зүйлсийн хайчин галд нийслэлийн удирдлагууд баларч байгаа. Энэ сэдвийг ингэсгээд орхиё.

Харин одоо хүн бүр гадарлах хэрнээ дуугардаггүй сэдвийг энд бичье. Сая баахан аймаг, сумдын тэгш ойнууд боллоо. Ирэх жил энүүнээс олон ой болох сурагтай. Тэдгээрийг тэмдэглэхэд улсын төсвийг хуваариладаг УИХ-ын гишүүд гол дүр нь байцгаана. Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд ч аймаг сумдын ойн арга хэмжээнүүдийн гол дүрүүд байна. Тэд бүгдээр тэгш ойтой тэдгээр аймаг сумдад төсөв хуваарилаж, наадмын талбай, 500 метр хүрэхгүй асбальтан зам, хашаа хайс… юу юунд ч улсын төсвийн мөнгийг тарж бутаргахыг таашгүй. Хөдөөд хуваарилан тараах лоббиг хүчтэй хийцгээнэ. Үр дүнд нь Улаанбаатар хот төсөвгүй сүйрнэ. Өнөөх гишүүд аймаг сумдын тэгш ойн индэрт торгон дээлтэй, эхнэр хүүхдүүдтэйгээ ханхалзана… Ердөө энэ.

Сая харав уу, тэднийг тэгж явах хойгуур нь тэдний ажиллаж амьдардаг, бизнес нь хийгддэг, амь амьдрал нь болсон Улаанбаатар хот урсаж, өнөө муу С.Амарсайхан, Д.Сумъяабазар хоёр хараалган зүхүүлэн шавар шалбаагт унасныг. Мань хоёрын зүгээс “Төсөв нь хангалттай бол… өнгөрсөн 30 жилд жаахан ухаалаг, шударга энэ хотыг удирдсан бол…” гэхээс өөр хэлэх үггүй хөлсөө шувтран хүрз шуудайтай ноцолдов. Өнөөдөр ч махаа зулгаацгааж байна.

Эзэнгүй ноорхой нийслэлд С.Амарсайхан, Д.Сумъяабазар хоёроос өөр хүнгүй юм шиг, энэ хотын эзэн бүр нь хөдөөнийх болоод явчихдагт л зовлон нь байна. Үүнтэй маргах хүн байна уу. Хүн амынх нь талаас илүү хувь нь амьдарч, энэ улс орны эдийн засгийн 70 хувь нь эргэлдэж байгаа Улаанбаатарын төсвийн ихэнхийг нь өнөө хотын хөдөөнийнхөн орон нутаг руугаа зөөж байна. Хорин өрхтэй багийн төв дээр 200 хүүхдийн сургууль барьж, жилдээ ганц удаа хаалгаа нээдэг сумын клубыг нь хэдэн тэрбумаар Соёлын төвийн барилга болгон өргөтгөж байна. Тэдгээрийг нь тэгээд бас УИХ-ын гишүүдийн түрийвч болсон жижиг барилга засварын компаниуд бариад байгаа шүү. Яг үнэндээ жилдээ хоёр үзэгдэж, сонгогчидтой уулзалтаа хийдэг Соёлын төвийн барилгад зориулж Нийслэлийн төсвийг тэр чигээр нь хулгайлаад байхаар Нийслэл чинь асуудлаа яаж шийдэх юм бэ. Цаагуураа өөрийнх нь бизнес болчихсон байдаг орон нутаг дахь улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг бүгдийг нь Улаанбаатарын төсөвт шингээх цаг одоо болжээ. Өнөөдөр нэхээд, сүйд болоод байгаа 420 тэрбумыг нийслэлээс Засгийн газар буцааж авсан нь ийм л учиртай.

Ингээд үр дүнд нь хот эзэнгүй юм шиг, эзэн гэж байгаанууд нь бүгд хөдөөнийхөн болчихсон, тэгсэн хэрнээ амьдардаг хотоосоо чанар шаардан попорч сууцгаана. Шулуухан хэлэхэд хөдөөгийн ард түмэнд саймширч, саналыг нь худалдан авдаг нөхдийн золиос Улаанбаатар хот боллоо. Худлаа гэвэл энэ зун та нар тэгш ой нь болсон аймаг, сумдын наадмыг харсан. Хотынхон тэр чигээрээ байгаа биз дээ. Өнөө төсөв бүрдүүлдэг, хуваариладаг, мэддэг хүн бүр тэдгээр тэгш ойнуудад “Би энэ сумын, энэ аймгийн хүүхэд шүү дээ” гээд торгон дээлтэй очоод сууцгаачихсаныг. Тэдний тэр сум аймагтаа аваачиж бэлэглэж байгаа бүгд нь Улаанбаатарыг хөгжүүлэх ёстой мөнгөнүүд байгааг. Үүнд хамгийн үүрэг рольтой нь Нутгийн зөвлөлүүд. Аав ээж, эмээ өвөө, удам судартаа хайргүй хүмүүс гэж хаана ч байхгүй. Гэхдээ учиртай хандмаар байна. Учир нь юу гэвэл “Нутгийн зөвлөл” нэрээр Монголын эдийн засгийн гол төвөө самран доройтуулж, мөнгө хөрөнгийг нь цөлмөдөг.

Өнөөдөр та бүгдээрээ хөдөөнөөс нийслэл Улаанбаатартаа эргэн ирцгээлээ. Баруун талд Эмээлтийн шалган даваад л түгжрэл зовлон. Зүүн тал Баянзүрхийн товчоогоор орж ирээд л “Яагаад тэгш сондгой гээд гэр рүү минь явуулахаа байчихав аа…” гээд фэйстээ, твитертээ бичээд, машиныхаа цонхоор хараал урсгаад эхэллээ. Үүнд тэгээд хэн буруутай юм бэ. Амьдарч, амьжиргаагаа залгуулж, бизнесээ тэлж, сайн сайхан амьдарч байгаа Улаанбаатартаа эзний сэтгэлээр хандаж чадахгүй байгаа та бидний буруу. Яг ийм сэтгэхүйтэй байгаа та бидний сонгосон УИХ-ын гишүүд, төр засгийг удирдаж байгаа хүмүүс, тэдэнд үйлчилдэг “Нутгийн зөвлөл” хэмээх мафийнхны буруу.

Өнөөдөр өгөрч гандах зам дээрээ дүнсийж байгаа аймгийн наадмын талбайг хэдэн тэрбумаар Хэнтий, Говь-Алтай, Архангайд барих ямар шаардлагатай байсан юм бэ. Тэр их мөнгөөр түгжрэлийн асуудлаа шийдэхэд нэмэрлэх нь зөв байгаагүй юм уу.

Удахгүй утаа эхэлнэ. Бүр урьдын урьдынхаас аймшигтай ихээр утаан дунд улаанбаатарчууд энэ өвлийг авах нь тодорхой болсон. Яагаад гэвэл өнөөх сайжруулсан түлшний үйлдвэр чинь Хятадын хогоор барьсан, тэрийгээ монголчлон байж өнгөрсөн өвлийг давсан, өнөөдөр нэг мөр зогссон. Энэ үнэнтэй эвлэрцгээ. Тэгш ойгоо хийсэн тэдгээр аймаг сумдад 300-400 дуучин хуурчин аваачиж цэнгэн хөгжилдсөн төсвөө хагас коксжсон нүүрсэндээ зарцуулсан нь зөв байгаагүй юм уу.

Яг үнэндээ, энэ зун 100 жилээ хийсэн дөрвөн аймаг, 40 гаруй сумдын ойд үрсэн мөнгөөр та нар эзэн нь байгаа Улаанбаатарт хагас коксын үйлдвэр байгуулчих байсан шүү. Эсвэл нийслэлчүүдийн түгжрэлийн төв цэг болсон Сүхбаатарт дүүрэгт түгжрэлийг эрс бууруулах гүүрэн болон нүхэн гарц, дугуйн зам, гэрлэн дохионы ухаалаг зохион байгуулалтыг хийчих байсан шүү гэдгийг онцгойлон хэлэх байна.

Одоо амьдарч байгаа Улаанбаатараа хар!!! Эзэн нь байх ёстой та нарын хөдөөнийх байгаа сэтгэхүйн чинь төлөөс, бас гай. Өөр буруутныг хайх хэрэггүй. Та нийслэл хотдоо эзэн шиг нь бай, эзэн шиг нь ханд. Та бол хөдөөнийх биш хотын хүн, Улаанбаатарын иргэн шүү.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шувуу”-нд шүүрүүлэхгүй өнгөрөх иргэн коммунист нийгэмд ч байгаагүй шүү DNN.mn

МАН-ын залуу улстөрч, УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн нь шуугиан болж байна. Зарчмаараа явж ирсэн Зээлийн сан гэж харагддаг. Дотоодын их дээд сургуульд суралцагч гурван хүн тутмын нэг нь энэ сангаас зээл авсан. Харин гадаадад суралцагч 3000 орчим хүний асуудлыг МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж буй О.Батнайрамдал “Шүгэл” үлээгч, шударгын дүрээр гаргаж ирлээ. 1993 оноос эхтэй энэхүү БЗС-гийн үзэл баримтлал нь барууны өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуульд монгол хүүхдүүдийг сургах, дэлхийн ТОП сургуулиудад ирээдүйн боловсон хүчнүүдийг бэлтгэхэд зориулагдсан юм. Энэ үүргээ ч биелүүлж ирсэн. Ерэн оны эхээр англи хэлний орчуулагч олох гэж бөөн юм болдог байсан нь одоо түүх, инээдэм шахам болж. Энэхүү эмгэнэлт түүхийг дуусгавар болгох эхний зорилго нь Монгол Улсын Засгийн Газраас гадаадад залуусаа сургах байлаа. Нарийн мэргэжлээр, академик боловсрол олгох, тэд эргээд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үүрэг хүлээх. Үр дүн нь гарч байгаад итгэдэг хүн цөөнгүй. Гэтэл 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших оршлоо хийх гэсэн МАН-ын залуу улстөрч нэгэн энэ “Сан”-г шороотой хутгасан мэдээлэл хийж байгаа нь харамсалтай. Муу дээр муу нэмэр, муухай дээр улцан нэмэр гэгчээр Нүүрсний хулгайд зүхүүлж буй төрийн нэр хүндийг улам доош нь хийв. Нэр хүндгүй төр засагтай монголчууд цаашид яаж явах гэсэн юм бэ. Айл өрх хүртэл Аав гэсэн толгойтой байж, тэр хүнийхээ нэр нүүр, ноён нуруу, бодол ухаанаар замнадаг биз дээ. Гэтэл Монгол Улс гэдэг нэгэн айлыг авч яваа төрийн ажлыг улс төр хийх гэсэн бацаан доош нь хийдэг болсныг бодох цаг болжээ.

О.Батнайрамдалын мэдээллээр бол БЗС-гийн зээлээр гадаадад суралцсан бүх иргэн гэмт хэрэг хийчихсэн мэт гөлөлзөх болох нь. Түүний “Шүгэл”-ээр бол “Боловсролын салбарын зургаан сайд нийт 80.2 тэрбум төгрөгийн зээлийг дуусгавар болгож, гэрээг хаасан байна. Өнгөрсөн хугацаанд БЗС-гаас 363 тэрбумыг 2,368 гадаадад суралцагчид олгосон. Бакалаврын түвшинд 167 тэрбумыг 421 хүүхдэд олгосон ч зуун хувь эргэн төлөгдөөгүй. Магистр, докторын түвшинд 196 тэрбумыг 1,947 суралцагчид олгосон ч 99 хувь эргэн төлөгдөөгүй. Нийт зээлдэгчдийн 90 хувь нь өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн үр хүүхдүүд, дээрх хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд байна” гэв.

Үүний хариуд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “БЗС-гаас эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд зээлээр суралцдаг гэх ташаа мэдээлэл гарч байна. БЗС-гийн талаар иргэн О.Батнайрамдал мэдээлэл хийсэн. Иргэнийхээ хувьд мэдээлэл хийсэн болов уу гэж бодож байна. Тэрбээр өнөөдөр МАН-ын нарийн бичгийн даргын хариуцлагатай албан тушаал хашиж байгаа. Гэтэл Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагааг бүдгэрүүлэх, ард иргэдийн дунд төөрөгдөл үүсгэх маягаар ташаа мэдээлэл түгээж байна. Түүний хэлсэн дээрх гурван мэдээллийн хүрээнд залруулга хэлье. Өнөөдөр БЗС-гийн үйл ажиллагааг явуулахад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа таван хууль бий. Тодруулбал, Иргэний хууль, Дээд боловсролын санхүүжилт, нийгмийн баталгааны тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын 2021 оны 347 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоол” гэсэн. Эдгээр хууль, тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Үүний хүрээнд гэрээний үүргээ гүйцэтгэсэн хүүхдүүдийн зээлийг чөлөөлсөн. Албан ёсны тоогоор, өнгөрсөн хугацаанд БЗС-гаас 220.8 тэрбумыг 2,288 суралцагчид олгосон. Бакалаврын түвшинд 101.4 тэрбумыг 421 суралцагч. магистр, докторын түвшинд 119.4 тэрбумыг 1,867 суралцагч авсан. Өнөөдрийн байдлаар 325 хүүхдийн гэрээ албан ёсоор хэрэгжиж байгаа. Энэ хүүхдүүд Монголдоо буцаж ирээд ажиллаж байна. Бакалаврын 10 оюутан зээлээ төлсөн, найман хүүхэд суралцаж байна. Одоогоор

найман оюутан чөлөө авсан. Хамгийн гол нь үнэн, зөв мэдээлэлд суурилж “Шүгэл” үлээж болно. Түүнээс биш Засгийн газрын ил тод, нээлттэй болгосон мэдээллийг гуйвуулж болохгүй. Хэн нэгний нэр төрд халдах гэсэн болчимгүй үйлдлээр нялх

Сэнгүмийн өвчнөөр өвчилж болохгүй” хэмээн намынхаа нарийн бичгийн дарга О.Батнайрамдалд хариу барив.

Гучин жилийн өмнө баруунд сурах нь Монголын залуусын хувьд мөрөөдөл байлаа. Одоо бол хэнийх нь ч хүүхэд дэлхийн ТОП-100 их дээд сургуульд суралцах нь нээлттэй, боломжтой боллоо. Үүний эхний шанг энэхүү улс төрийн зорилготой мушгигдаж байгаа Боловсролын зээлийн сан тавьсан. Үүгээрээ үнэ цэнэтэй сан. Хоёрдугаарт гэвэл тэр үед БЗС-гийн зээлд англи хэлний суурьтай, анхан шатны мэдлэгтэй хүүхдүүд л хамрагдах боломжтой байсан. Тэдгээр нь мэдээж хот суурины, дарга цэрэг, бизнесээ эхлүүлсэн хүмүүсийн хүүхдүүд байлаа. Ерэн оны нийгмийн гарааны нөхцөл шилжилтийн үеийн аль ч улс оронд ийм л ялгавартай байсан шүү дээ. Одоо үүнд гоншигнох хэрэггүй. Алслагдсан сумын сургуулийн мань мэтэд боломжгүй байсан нь бусдын буруу огтхон ч биш. Тэгсгээд л боломжууд нээгдэж, өнөөдөр хэнд ч нээлттэй болчихоод байна, гадаадад сурч боловсрох нь. Ер нь ч тэгээд монголчууд бидний явж ирсэн зам тодорхой. Коммунист гэгдэх ерэн оноос өмнөх нийгэмд ч алба хашдаг,

дарга, сэхээтэн ангийн хүүхдүүд л Орост, Европын орнуудад суралцах боломж түлхүү байсан. Тэдэндээ бусад нь атаархангуй, далдуур зүхсэн маягтай. Нийгмийн сэтгэл зүйн энэхүү уламжлалт атаархал дээр улстөрчид өнөөдөр тоглолт хийх

хэрэггүй. Нийгмийн ялгарал Монголд ийм л замналтай. Өнөөдөр ч гэсэн хожих нь хожоод, хоцрох нь хоцорч, хохь болоод цаашаа явцгаана. Тэглээ Монгол Улс өнөөдөр устаж, алга болчихоогүй л байна. Соц нийгмээ ер нь эргэн санагалзаад байдаг юм уу, хаашаа юм.

Өнөөдөр БЗС-гийн зээлээр гадаадад суралцсан хүмүүсийг нүд үзүүрлэж эхэлснээр эцэстээ эдгээр хүмүүс нийгэмд ялгаварлагдахыг хэн байг гэх юм. Нийгмийн сүлжээ гэдэг чинь юуг ч хийж чадахаар, буланд шахаж мэдэхээр шинэ технологи болчихоод байна шүү дээ. Эцэстээ явсаар “Баруунд суралцах нь гэмт үзэгдэл” мэт болж туйлширвал яана. Монголчууд чадах хүмүүс. Энэ давлагаанаас болж баруунд суралцах эрмэлзэлгүй шинэ үе гарч ирвэл яах вэ. Наад зах нь ингэж болгоомжлох хэрэгтэй. Хоёр хөршөөс бидний энэхүү хандлагыг яаж ч залж чадна.

БЗС-гийн асуудал нь төр засгаас хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагаа, тэр дундаа “Шүгэл” ажиллагааны хүрээнд юм шиг байна. Зөв л эхлэх хэрэгтэй. Анзаарахад өнөөдөр Монголын төр засгийн ийн албанд ямар болзол хангасан хүмүүс ажиллах ёстой болчихоод

байгаа юм бэ. За ямартай ч барууны их дээд сургуульд суралцсан нөхөд эргэлзээтэй болох нь. Төрийн албанд ажиллахаар анкетаа өгөхдөө “Америкт төгссөн, БЗС-гийн зээлээр сурсан” гэвэл юун ажилд орох, “аавынд” очих болох нь. Тэгэхээр “Шүгэл” ажиллагаанд нь өртөөд “Шувуу” ажиллагаанд нь шүүрүүлчихгүй байх ямар боломж байна вэ.

Миний ойлгож байгаагаар төрд ажиллахын тулд эхлээд ипотекийн зээлд хамрагдах дөхчихсөн, элдэв шалдав жагсаал цуглаан, хөдөлгөөнийг дэмжиж сэтгэгдэл, үзэл бодлоо фэйстээ бичээгүй /наад зах нь шүү/, ер нь нийгмийн сүлжээнд идэвхтэй биш, өөрөө хийгээд үр хүүхдээ баруунд сургаагүй, бизнес аж ахуй эрхлэх тухай ойлголт байхгүй, ийм оролдлогыг ойр хавийн хүмүүс нь ч хийж байгаагүй, 700 мянгаас дээш цалин авч үзээгүй, ЖДҮ-ээс хол, ер нь зээлээс хол, хамаатан саднуудаас нь төрд том алба хашиж байгаагүй… гэхчлэн үргэлжлэх нь. Энэ бүгдийг хуульчлах нь. Ямар шидийн болзолыг хуульчилж, ямар хүмүүсийг төрд, төрийн өндөр албанд ажиллуулна гээд байгаа юм бэ. Энэ болзол, тулгалт, ажил амьдралын тохиргоонд чинь эцэстээ хэдэн малчнаас өөр тэнцэх хүн олдох юм уу. Тэд л төрийн өндөр албаны шалгуурт ганц тэнцэх бус уу.

Нэгэнт малчин биш бол тэгсгээд хуульд нийцүүлж, ажил амьдралаа өөрчилж байж төрд алба хаших болзол хангах болох нь. Тэгэхгүй бол “Шувуу” ажиллагаанд нь шүүрүүлэх юм байна. Ер нь тэгээд үзэн яддаг коммунист нийгмийн үед ч өнөөдрийн “Шувуу” ажиллагаанд шүүрүүлэхгүй өнгөрөх иргэн байгаагүй юм байна. Тэр нийгэмд чинь сэхээтнүүд нь бүгдээрээ нэг муу зуслангийн байшинтай, болж өгвөл нэг муу москвичтай, хүүхдээ гадаадад сургадаг, тэдгээр нь тарваганы арьс хилээр сэм авч гардаг, эргүүлээд хэдэн жинсэн өмд оруулж ирээд зах дээр сэм зарчихдаг… энэ тэр гээд амьдралын бүх л арга механизмтай байсан юм. Түүгээрээ л “Шувуунд” шүүрүүлнэ. Өнөөдөр та бүхэн эргэн тойрныхноо сайн хар даа, “Шувуунд” шүүрүүлэхгүй өнгөрөх иргэд ер нь байна уу. Бүгд л шүүрүүлэх болзолыг хангасан байгаа биз дээ…

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Матаачид манддаг цаг ирдэг л юм байна DNN.mn

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль санал авах хэлэлцүүлэг дээрээ явж байна. Энэ хавар батлагдах нь нэн тодорхой боллоо. “Шүгэл үлээгч” гэж яг хэнийг хэлэх вэ гэсэн тодорхойлолт дээр бол судлаачдын зүгээс “Үйл явдалд оролцсон гэрч байна” гэсэн томъёолол хэлсэн. Энэ нь авлига өөрийгөө барьж өгнө гэсэн утгаар биш. Жишээ нь Г.Доржзовод шиг “60 тэрбумын схем”-ийг хийхэд мэргэжлийн туслалцаа үзүүлсэн гэдэг шиг. Авлига авч өгөлцсөн тухайд бол Г.Доржзоводыг оролцуулахгүй, өөр шугамаар явсан зүйл шүү дээ. Гэхдээ Г.Доржзовод бол бодит гэрч. Яагаад гэвэл түүнд схемийг компьютер дээр зурж, самбар дээр танилцуулж байгаа бичлэг бий. Үүнийгээ л Г.Доржзовод нийгэмд зарласан. Түүнийг нь судлаачид жинхэнэ утгаараа “Шүгэл үлээсэн” гэж үздэг юм байна. Нийгмийн сайн сайхан, шударга ёсны төлөө тэднийг зарласан, өөрийгөө эрсдэлд оруулсан гэж.

Нөгөө талаасаа бодит гэрч биш, үйл явдалд оролцоогүй, дунд нь зогсож байгаагүй, тэгсэн хэрнээ хэн нэгний өгсөн баримтаар, яриагаар, баталгаагаар, сурагаар шуугиан тарьж, олны анхаарлыг татаж шүгэл үлээхийг хууль эрх зүйн чадамжгүй, жинхэнэ “Шүгэл үлээгч” гэж үзэхэд эргэлзээтэй гэж тодорхойлох бололтой. Ингэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид хэрхэн эрх зүйн чадамжтай “Шүгэл үлээгч” болох тухайд сайн бодох асуудал. Хуулийн талаарх ерөнхий ойлголт ийм байна.

Ер нь Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл санаа, философи, мөн чанар нь яг юу юм бэ. Тогтож бодох ёстой чухал сэдэв. Эцсийн үр дүн, муу үр дагавар нь юу юм. Цаг хугацааны уртад тус хууль гуйвах уу. Хуулиа дагасан биш, хуулиа давсан дүрэм журам гарч завхрах вий. Туйлшрал, хэнээрхэл, хэлмэгдүүлэлт, өшөө авалт… үгүй ээ ер нь юунд ч хүргэж мэдэх талаар судлаачид бичих, сэрэмжүүлэх боллоо.

Зарим судлаачдын үзэж байгаагаар бол “Шүгэл үлээгч” гэдэг хуучин нийгмийн матаасчид гэж тодорхойлж байна. Соц нийгмийн үед хоёр хүн тутмын нэг нь мэдээлэгч байсан гэх систем рүү орж байна гэж үзэх хуульчид, түүхчид байна. Бүр матсаных нь төлөө төлбөр төлдөг, урамшуулдаг схемийг энэ хуулиараа бий болгоно гэж байна. Шүгэл үлээгчийн хуулийн зүйл заалт нь тун чиг амаргүй. Матаасаар шууд 90 хоног шоронд суулгах боломжтой. Эхлээд 30 хоног баривчилна. Үргэлжлүүлээд 30 хоногоор хоёр удаа сунгаж болно. Шоронд 90 хонох байтугай 14 хоноод л ихэнх хүн нугардаг. Сэтгэл санааны хохирол амсаж “Энэ төмөр хаалганы цаана гарч, наранд алхаж л байвал бусад нь дүүрч” хэмээн ханддаг. Үүний төлөө юу гэж хэлж, яаж ч гүтгэж, зохиож, хэнийг ч золиослодог нь үнэндээ хүн төрлөхтний түүх юм. Тэр бүү хэл Монголын 1937 оны түүх юм. Ийнхүү 90 хоногийн дараа махны машин санасандаа хүрдэг. Их хэлмэгдүүлэлтийн он жилүүд… 1937 оны есдүгээр сарын 10-ны шөнө 110 хүний нэрс Дотоод явдлын яаманд ирж, шөнө дундаас баривчилгаа эхэлсэн байдаг. Баривчилсан бүгдэд хатууг үзүүлсэн. Их удалгүй, 10 ч хонолгүй баривчлагдсан иргэдийн зүгээс тэр тэрийг би эсэргүү бүлэгт, Японы тагнуулаар элсүүлсэн хэмээн мэдүүлж эхэлжээ. Энэ бол үнэндээ матаас байв. Шоронгоос ч, гудамжнаас ч… ерөөсөө л бие биенээ матаж эхэлсэн. Матаас нь хоромхон зуурт гүтгэлэг болж хувирсан. Эхний өргөн баривчилгаа болох 110 хүний дийлэнх нь тус бүрдээ таван хүнийг матаж, гүтгэж баривчлуулсан. Баригдсан хүмүүс тус бүрдээ дахиад тав, арваар нь хүмүүс матсан, гүтгэсэн. Тэдгээр баригдсан бүгд нь бас матсан. Ингээд матаас нь геометрийн прогрессоор өсч, жил хагасын дотор 22 мянган монгол иргэн биесээ матаж, хэлмэгдүүлж, буудан хороогдсон юм. Тэр үед Монголын хүн ам нэг саяд ч хүрээгүй байсан гэж бодохоор аймшигтай их тоо. Ийм л өчигдрийн түүх бидэнд байна. Матаас гэдэг эцэстээ ямар аймаар завхрал авчирдгийн бодит баримт олон. Сүүлдээ эхнэрийг нь булааж суухын тулд аймгийн Дотоод хамгаалахын хэлтсийн дарга нөхөр, нөхрийг нь матаж шоронд суулгаад

байна

санасандаа хүрч байсныг хэнтийчүүд мэднэ. 1940 оны хүн амын тооллогоор Хэнтийн Дадал сумын буриад зон олон хэлмэгдэл, матаасын золиосонд бүрэн сөхөрч, тэр суманд эрэгтэй хүйстнийг тоолоход найман настай эрэгтэй хүүхдээс 80 настай өвгөнийг оруулаад таван эр хүйстэн амьд үлдсэн, бусад бүх эрэгтэйчүүд дууссан байлаа.

Монголын түүхэнд матаас гэдэг юмыг албан ёсжуулбал, төрийн механизм болговол, бүр хуульчилбал ямар аймшигт хүрдгийн жишээ энэ. Соц нийгэм ч ялгаагүй, хамт байнга явдаг байсан, хамгийн сайн найз нь цаг үргэлж түүний алхсан гишгэсэн бүрийг мэдээлж, матаж байсныг ерэн оны дараа аймгийнхаа прокурорын газрын архиваас олж үзээд ямар их гуртарснаа цэргийн дэд хурандаа Цагаач гэж хүн ноднин надад ярьж билээ. Хурандаа цол авч, анги салбар захирах хэмжээнд хүртлээ төрдөө зүтгэсэн ч, яагаад ч юм болохгүй шүүх, цагдаагаар явсаар эцэстээ дэд хурандаа цолтой буусан тэр буурал бол матаасчдын золиос юм. Матах гэдэг нь монголчуудыг ийм л болгодог, монголчууд өөрсдийгөө ийм юманд хүргэдэг, өчүүхэн амьтад болдог гэдгээ үргэлж санаж явах ёстой. Бид бахархах түүхтэй боловч бас болгоомжлох зан чанартай ард түмэн гэдгээ санаж явцгаа. 1937 оны их хэлмэгдүүлэлтээр нам засгийн удирдагчдаас Х.Чойбалсан, Бумцэнд хоёр л амьд, шоронгүй үлдсэн. Бусад нь бүгд муугаа үзсэн, бусдынхаа мууг үзсэн. Тэдгээр хэдэн зуун төр засгийн удирдагчид, цэргийн томчууд дотроос бараг ганцаархнаа шахуу хэнийг ч маталгүй, мах цусаараа яргалалыг туулж, хамгийн сүүлд буудуулсан хүн бол Ерөнхий сайд Агданбуугийн Амар байв. Үүнийг Монголын бараг бүх түүхчид хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл өнөөдөр А.Амар шиг нь хэд байх юм. Байгаа юм уу. Их эргэлзээтэй. Энэ бүх матаас, хэлмэгдүүлэлтийн

эцэст монголчуудын оюун санаанд юу үлдсэн гэхээр хэн нэгнийг далдуур матаж, мууг нь үзэж, гүтгэж байгаа хүнд яс махнаасаа дургүй болсон явдал юм. Энэ нь магадгүй бүр монголчуудын өв уламжлал, соёл болсон. Өнөөдөр удам судар нь тодорхой, гэр бүлийн сайн хүмүүжилтэй залуус дотор “Байхгүй нэгнийхээ талаар энд ярихгүй шүү” гээд нөхдийнхөө дэргэдээс босоод явдаг залуус байна. Хэн нэг найз нь, хэн нэгний талаар сөрөг юм ярих гэвэл “Би сонсмооргүй байна” гээд шулуухан холдох бүсгүй байна. Энэ бол монголчуудын уламжлалт ёс суртахуун, зан заншил, өв соёлын үргэлжлэл юм.

Тэгвэл өнөөдрийн монголчуудын ийм л өв уламжлал, соёл, мөн чанар, ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйлийн эсрэг наад Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл санаа чинь сөрөн зогсож байна. Энэ хууль дан ганц төр засгийн үйл ажиллагаан дээр тогтож хэрэгжинэ, үүнээс халихгүй, давж гишгэхгүй гэх баталгаа хаана ч байхгүй. Бид түүхэндээ матах, гүтгэх, түүгээр хоол олж идэх, ашиг хонжоо хайхыг чадварлаг хийж ирсэн практиктай. Хөрс суурь нь сэргэхэд бэлэн байна. Бодит үнэн ийм болохоор хууль санаачлагчдаас асуумаар байгаа юм. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хийхдээ хэр судалсан бэ. Хожмын үр дагаврыг тултал тооцсон уу, олж харж чадсан уу, түүнээс сэрэмжлэх үзэл баримтлалыг нь наад хуульдаа хийсэн үү. Ер нь ямар эрдэмтэн судлаач, хуульчид наад хуулийн төсөл дээр чинь ажилласан юм бэ. Эргэж харах их зүйл энэ хуульд чинь байгаа юм биш үү. Энэ бүгдийг судалж, тооцохгүйгээр наад хууль чинь эцэстээ матаачдыг мандан бадраадаг, тэжээдэг хууль болчих вий. “Матаачид манддаг цаг ирдэг л юм байна” гэж зарим судлаачдын бичээд байгаа нь тийм ч оргүй сонсогдохгүй байгаа шүү…

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ҮХНӨ-өө унагах гэж тавдугаар ШИНЭ Үндсэн хуулийг өргөн барив уу DNN.mn

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт (ҮХНӨ) хийх, Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга хоёр бол тэнгэр газар шиг өөр ойлголтууд гэдгийг давтан хэлье. Бухимдалтай байгаа ард түмний зарим нь үүнийг нэг зүйл шиг ойлгох нь бий.

Ер нь Монгол Улсад байгаа энэ их авлига, албан тушаалын гэмт хэргүүд, ард түмний боломжийг хулгайлсан үйлдлүүд, эх орноо тонон дээрэмдсэн хэрэг явдал бүрийн цаад шалтгаан нь системийн хямрал, тогтолцооны өөрчлөлт гэж хаа хаанаа ойлгоцгоох боллоо. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шийднэ гэж яриад тодорхой хугацаа өнгөрлөө. Сүүлийн мэдээллээр бол эрх баригчдын зүгээс ҮХНӨ-ийг хийх юм байна, сонгуулийн хуулиа өөрчилж, гишүүдийн тоог нэмэх нь гэсэн ойлголт өгөх болсон. Үүгээр ч зогсохгүй шинэ хуулиараа сонгууль хэзээ болох вэ гэсэн таамаглал руу орсон. Эдгээр нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 35 хувь дотор багтаж байгаа болохоор Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга буюу Шинэ Үндсэн хууль батлах процесс явагдахгүй нь гэсэн ойлголтод хүргэсэн.

Тэгсэн ойрын өдрүүдэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ахалсан, Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан Ажлын хэсгийн зүгээс “Тавдугаар ШИНЭ Үндсэн хуулийн төсөл” гэсэн цоо шинэ зүйлийг өргөн барив. Улмаар Монгол дахь гадаадын Элчин сайдын яамдад хүртэл тараасан байна. Ард түмнээр хэлэлцүүлнэ гэнэ. Ард түмэн дэмжвэл батлагдах виз нь тэр болох юм ярьж эхэллээ. Ингээд нэг шөнийн дотор ҮХНӨ маань “Тавдугаар ШИНЭ Үндсэн хуулийн төсөл” болж хувирлаа. Өнөөдөр хэрэгжиж байгаа Үндсэн хуулийн гол амин сүнс болсон нэг л заалт бий. Үндсэн хуулийн 3.1 дүгээрт … Засаг төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна… гэсэн маш товч, тодорхой заалт. Энэ үг, өгүүлбэрээр огтхон ч оролдож болохгүй гэж судлаачид нэгэн дуугаар хэлдэг.

Тэгвэл Н.Энхбаярын эх барьсан “Тавдугаар шинэ Үндсэн хуулийн төсөл”-ийн 3.1 дүгээр заалт бол … Засаг төрийн бүх эрх мэдлийн анхдагч эх сурвалж нь ард түмэн мөн… гээд цааш нь баахан ойлгомжгүй үг хэлхэж оруулсан байх жишээтэй. Ингэж өөрчилж, сунжруулж, олон үгтэй өгүүлбэр болгосон нь өөрөө ээдрээтэй, салаа утгатай, цаг хугацааны уртад яаж ч мушгин гуйвуулах, ашиглаж болох аюултай заалт болгосон зэрэг нь уншиж судалсан хэнбугай ч энэ Үндсэн хуулийн төслийг дэмжихгүй, цааш явуулахгүй байх өндөр магадлалтай. Хамгийн хорлонтой нь давхар ҮХНӨ-ийн талаар ам ангайлгахгүй болгож мэдэх нь. Ингэж хорлох олон заалт энэхүү Н.Энхбаярын шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгагджээ. Жишээлбэл, хуульд “75, 165 гишүүнтэй хоёр танхимтай парламент байгуулна. Их хурлын гишүүдийн 15-ыг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр томилно. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хийж байсан хүмүүс ард түмнээс сонгогдохгүй шууд томилогдож гишүүн болно” гэх шиг.

Мөн “Гурван үеэрээ Монголд амьдарсан иргэд өөр улсын давхар иргэншилтэй байхыг зөвшөөрнө” гэнэ. Үүгээр ч зогсохгүй “Хууль тогтоох засаглал, Гүйцэтгэх засаглал, Шүүх засаглал гурвын дээр тэднийг шууд ХЯНАХ эрх мэдэл бүхий Ерөнхийлөгч даргалсан МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭЭД ЗӨВЛӨЛ гэж 25 хүнтэй газар байгуулна” гэжээ. Шууд л 1937 оны “Онц Бүрэн Эрхт Комисс” гэдэг шиг сонсогдож байгаа биз. Энэ ДЭЭД ЗӨВЛӨЛ нь гэмт хэрэгтнийг уучлахаас өгсүүлээд Шүүх шиг эрх мэдлийг давхар хэрэгжүүлнэ гэжээ. 1937 оны Онцгой бүрэн эрхт комисс чинь Шүүхийн тогтоолгүй даргынхаа гарын үсгээр хүмүүсийг цаазалж байсан юм шүү дээ. Ийм аймшигт түүхийг сануулсан Үндсэн хуулийн төслийг Н.Энхбаяр тэргүүнтэй хэсэг хүн бичсэнээ ном болгон хэвлүүлж, нийгэмд танилцууллаа. Ард түмнээс асууна гэж бас хуурсан юм ярилаа. Яаж асуух вэ гэдгийг нь энд хэлье. Өнөөдөр Үндэсний статистикийн хороогоор дамжуулж 1570 хүнээс түүврийн аргаар асууна гэнэ. Асуулт нь товчхондоо “1992 оны Үндсэн хуулиас үүдсэн нийгэм, эдийн засгийн асуудлыг шинэ Үндсэн хууль батлах замаар шийдэхийг та зөвшөөрөх үү?” гэжээ. Асуултаас хариулт нь шууд харагдаж байна. Үүнийг монголчууд нийтээрээ Цагаан сарын дайрлагад өртсөн өдрүүдэд хийх нь.

Монгол Улсын хувь заяаг даатгасан Үндсэн хуулиар хэн дуртай нь ингэж оролдож болохгүй. Нэр дэвшигч бүхэн нэг мөрийн хөтөлбөр хэвлүүлж тараадаг шиг цаас бол Монгол Улсын Үндсэн хууль биш. Шийдвэр гаргах түвшний ямарч оролцоо байхгүй ИЗНН, МУНН, МҮАН, ШИНЭН гэсэн байгууллагуудын төлөөлөл боловсруулсан гэх энэхүү “Тавдугаар ШИНЭ Үндсэн хуулийн төсөл”-д ард түмний ямарч оролцоо, санал асуулга байхгүй. Энэ бүгдийн эцэст юу харагдаж байна вэ!!! Ерөөсөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт буюу ҮХНӨ хийгдэхгүй юм байна. “Тавдугаар ШИНЭ Үндсэн хуулийн төсөл” гэдэг нь ч батлагдахгүй юм байна. Бүх зүйл бахь байдгаараа байх далд хүчин, аймшигтай хорлолт, хэдэн дахин давж бодсон найруулга явж байж магадгүй нь. Маш товчхондоо ҮХНӨ-өө унагах гэж “Тавдугаар ШИНЭ Үндсэн хуулийн төсөл”-ийг өргөн барив уу. Энэ бол эмгэнэл. Гучин жил энэ улс орон тонон дээрэмдүүлж, ард түмэн нь ядуурсны эцэст нийгмийн нэгэн том реформ хийгдэх нь гэж ҮХНӨ-ийг харж байлаа. Нийгмийг шинэ шатанд гаргах улс төрийн аварга шийдвэр царцаж, өнөөх л төр засгаа, эрх баригчдаа зүхсэн ард түмэн цаашид амьдрах нь. Эрх баригчид нь энэ улс орноо тонон дээрэмдэж, ард түмний боломжийг хулгайлсаар явах нь. Монголд юу ч өөрчлөгдөж, юу ч шинэчлэгдэж, хөгжиж дэвжихгүй гэж үү. Юу боллоо гэж Н.Энхбаярын боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төслийг эрх баригчид батлах билээ. Эрх баригчдын энэ хандлагыг Н.Энхбаяр мэдэхгүй

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Дарга нар гадаад явахаараа аймаар том юм ярьдгаа боль, ирээд хэдэн малчнаа дийлэхгүй байж… DNN.mn

Манай том дарга нар, шийдвэр гаргах түвшний хүмүүс гадаадад очихоороо том том юм ярьж, уул уурхай, уран, газрын ховор элемент, хагас дамжуулагч… гээд гадныхны сонирхож байгаа бүхнээр хамтран ажиллах гэрээ хэлэлцэж, гарын үсэг зурж, өнөө маргаашгүй Монголд том төсөл эхлүүлэх аятай аягалдгаа одоо боль оо. Дагаж яваа хэвлэлүүд нь ийм ч төсөл, тийм ч үйлдвэр, тэдэн тэрбумын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ хэмээн нийгэмд уралдан мэдээлэх. Нээрэн ч тэгэх гэж байгаа юм бодож итгэх. Ирээд юу хийхийг нь харахаар “Байхгүй ээ, өнөө станцын чинь ажлыг яг эхлүүлэх гэтэл гурван малчин очоод эсэргүүцээд хэвтчихлээ, тэр үйлдвэрийн шавыг тавих гэтэл тэдэн малчин ирээд машин хаагаад хэвтчихлээ…” гээд зогсоцгоож байх. Уулын мухарт байгаа хэдэн малчнаа дийлэхгүй байж уул уурхайн том төслүүдийг гадныхантай ярихаа больчихооч. Ярьсан бүхэн чинь худлаа болдог болохоор эцэстээ үнэмших хүн дэлхийд олдохоо болилоо. Бүүр нэг тохуутайяа ярих Канадын компанийн захирлын дүр төрх нүдэнд харагдаж байна. Тэрбээр өнгөрсөн хавар Соал Монголиа-д оролцох үеэрээ “Та нар орон нутагтайгаа ойлголцож чаддаггүй шүү дээ, хэдэн хүмүүс ирээд машин доогуур ороод хэвтчихдэг, яаж ч болдоггүй…” хэмээн инээгээд, танай цэрэг цагдаа ч тэднийг дийлдэггүй, ийм байж энд том төсөл ярих хэрэг байгаа юм уу хэмээн УИХ-ын гишүүнтэй ярилцаж зогсохыг сонсож билээ. Эмгэнэлтэй нь Их хурлын гишүүн тэрбээр хэлэх үггүй байгаа харагдсан. Монголын төр ийм л байгаа шүү дээ. Орон нутгаа дийлж, захирч, хүчрэхээ байсан төр засагтай болоод удаж байна. Энэ талаар яагаад ярихгүй байгаа юм. Бодит кейсүүд олон. Монголын эрчим хүчний салбарт хэрэгжих өндөр магадлалтай байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байна. ТЭЗҮ, хөрөнгө мөнгө, ажиллах хүч… тэнд дутуу юм юу ч алга. Хамгийн ихээр хэрэглэгдэх цементийн үйлдвэр нь хүртэл тэнд баригдчихсан, хэрэглэгчээ хүлээгээд дүнгэнэж байна. Гэтэл хэдэн малчин очоод хөндлөн хэвтчихсэн. Их хурлын дарга нь эхлээд очлоо, барсангүй. Ерөнхий сайд нь очиж уулзалт хийж, шагнал урамшил хүртэл өглөө барсангүй. Тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүд нь үг цухуйлгахаас айцгаан тойрч давхицгаах. Эцэст нь яав, эмэгтэй хүн аваачиж аймгийн Засаг даргаар нь тавилаа шүү дээ. Эрдэнэбүрэнгийн станцыг л малчдаас айлгүй хөдөлгөх үүрэгтэй 30 настай охин тэнд үзэж тарж байна. Бод доо, Монголын төрийг удирдаж байгаа эрчүүд, дарга нар Ховдын хэдэн малчныг барсангүй. Эцэстээ эмэгтэй хүн өмнөө бариад зогсож байна. Могойд барьдаг мод гэдэг шиг. Ийм байж элэнцгээ хийгээд том том уул уурхайн төсөл, уран, газрын ховор элемент, метан, занарын гэрээ хэлэлцээр, төсөл хөтөлбөр, мөнгөн дүнг гадаадынхантай яриад явдаг юм бэ. Ирээд энэ хэдэн малчнаа дийлж тэр төслөө хөдөлгөж чадахгүйг чинь монголчууд бүгд харж байхад.

Уран бол улс орны хөгжил. Үүнд төр засаг бүх анхаарлаа төвлөрүүлэхэд Монгол Улс эрчим хүчний диваажин болох нь батлагаатай. Үүний төлөө хэн явж, хэн эсэргүүцэж байна вэ. Хэдэн малчнаасаа айгаад хэн ч зүрхэлж дуугарахаа больчихсон 20 жилийн нүүрийг үзэж байна. Дорноговь-Улаанбадрах… гэнгүүт улсынхаа Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүд нь, сайд дарга нарынх нь зүрх үхэж байна. Бодит үнэнийг хэлье, “Гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн компани Дорноговь аймагт ураны хайгуул эхлүүлснийг эсэргүүцэн зэвсэгт тэмцэл өрнөж, орон нутгийн иргэд нь газар орны байрлалаа

ашиглан тэмцдэг, төр засаг нь ч орж чадахаа байсан тусгай бүс, иргэний дайны талбар боллоо” гэсэн утгатай мэдээлэл гадна талд явдаг болсныг монголчууд мэддэггүй. Уул уурхайн эерэг, сөрөг мэдээллийн хамгийн том терминал дотор улаан тэмдгээр анхааруулагдсан газар Монголын Дорноговь болчихсон байна шүү дээ. Тийм

тэмдэглэгээтэй уул уурхайн бусад орд газрууд дэлхийд хаана гэхээр Африкийн отог омгийн дайнтай бүсүүд байдаг юм. Монголын хэсэгхэн газарт улаан тэмдэг байдаг нь Дорноговь дахь ураны ордын хэсэг. Ийм эмгэнэлт дүр зургийг юу ч мэдэхгүй малчид бий болгож байна. Монголын малчид нь Таван толгой, Оюу толгойгоос орж ирдэг мөнгөөр тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө, хүнсний талон, ноосны урамшуулал, ямааны мөнгө… өөр юу юугаа ч авч байгаа билээ. Ийм эрүүл бус үзэгдэлтэй Монголын төр засаг яагаад хуулийн хүрээнд тэмцэхгүй байгаа юм. Яагаад хэдэн малчид машиных нь өмнө очоод хэвтчихээр хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт зогсчихоод байгаа юм.

Бодит үнэн гэвэл малчдыг цаанаас нь өдөөн дэвэргэдэг хүч нь аймаг, сум, багийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид гэх хүмүүс. Тэд уг нь орон нутаг дахь Монгол төр юм. Гэтэл төр нь дотроосоо өтсөний том жишээ энэхүү малчдын турхиралт. Малчид орилж орилж хоолой нь сөөгөөд гэртээ харьцгаадаг. Үр дүнд нь төсөл хөдөлгөх гэсэн компанийн эзэд орон нутгийн удирдлагууд дээр очно. Ингээд авцаа өгцөө, авлига хахууль… яригдана. Улаанбаатар хотод таван орон сууцтай, 10 жил сумын Засаг дарга хийж байгаа хүнийг Монголын төр яаж ч чадахгүй байна. Тэр зуны наадмын өмнө ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ажлын хэсгийг ахалж очоод, хүчнийхнээр баривчлуулж авчирсан сумын Засаг даргыг УИХ-ын гишүүд босох шахан эсэргүүцэж суллуулсныг тодорхой хүрээнд мэднэ. Яахаараа сумынхаа малчдыг хамгийн ихээр тухирдаг, босгодог, нэг муу сумын Засаг даргыг дийлэхгүй буцаад ажилд нь тавьдаг юм. Ямар эрх ашгаар холбогдсон гэхээрээ сумын Засаг даргын төлөө Монголын парламент доргидог юм.

Ийм арчаагүй, өчүүхэн, жалгын мухарт байгаа хэдэн малчнаасаа дор Монголын дарга нар та бүхэн ОУ-ын хурал чуулганд оролцож, улс орны төр засгийн удирдлагуудтай уул уурхай, эрдэс баялаг, томоохон ордуудын гэрээ хэлэлцэл ярилцаж байхаасаа ичээч ээ. Гадныхантай ярьсан бүхэн чинь хэдэн малчдаас болж бүтэхгүй болохоор чинь Монголд итгэх хөрөнгө оруулагчид өдөр өдрөөр алсарч, бид өөрсдөө худалч, хулхи нэр зүүн төгсөж байна. Монгол Улс доройтож байна. Гадаадад очихоороо галзуурдгаа боль, дарга нар аа. Өөрсдийнхөө мууг маш сайн мэдэж байгаа хэрнээ Олон улсад ингэж солиорохыг чинь харахаар “Галзуурчээ” гэхээс өөр үг олдохгүй байна шүү дээ, үнэндээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай дарга нар оросуудаас айсаар байгаад солиорчих вий дээ DNN.mn

Оросын халдан түрэмгийллийн эсрэг дэлхий нийт дуу хоолойгоо нэгтгэсээр байна. Их 20-ийн уулзалт дээр В.Путинтэй уулзах улс орны удирдагчид олдохгүйд хүрэв. Үүнийг мэдэрсэн Путин Их-20-д оролцохоос татгалзав. Иймдээ хүртлээ дэлхийгээс тусгаарлагдаж, улс орнууд дөлөн зугтаж байгаа ОХУ руу Монголын Засгийн газар тэр чигээрээ шахуу, байнга очиж байгаа нь ямар учиртай юм бэ. Оросын зүгээс Украинд дайн өдөөж байгаа нь хүн төрөлхтний хувьд зэвсэгт мөргөлдөөн гэхээсээ илүүтэй ёс суртахууны дайн гэж харж байна. Үүнийг оюун санааны удирдагч болсон эрхмүүд, дэлхийд нөлөө бүхий бүх хүмүүс хэлж ярьж байна. Оростой ойр байгаа, тэдэнтэй харьцаж байгаа бүгдийг жигшин зэвүүцэх хандлага энэ дэлхий дээр өдөр хоног, цаг минутаар нэмэгдэж байна.

Удирдагчтай нь уулзахаас ч цэрвэх болсон ОХУ руу Монголын өнөөдрийн эрх баригчид өдөр шөнөгүй гүйлдэх болсон нь сүүлийн 30 жилд байгаагүй үйл явц. Манай дарга нар очоод оросуудтай ярьж буй сэдэв нь үнэхээр гунигтай. Монголоос эмэгтэй сансрын нисгэгч төрүүлнэ гэнэ үү. Манайх “Сансрын нисгэгч эмэгтэй” бэлдээд яах юм бэ. Өдөр хоногоор эдийн засаг нь, иргэдийнх нь амьдрал доройтож байгаа Монгол Улсыг тэр эмэгтэй аврах юм уу. Тэр эмэгтэй сансрын нисгэгчийг үзэхээр хэдэн арван сая жуулчин Монголд ирэх юм уу. Элон Маск тэр нисгэгч эмэгтэйг компанидаа урьж ажиллуулах юм уу…Ямар үр дүнтэйг хэлээд өгөх хүн байна уу. Энэ мэдээг хараад үнэндээ оросууд биднийг яасан муухай дооёолж байна вэ гэж бодогдох. Орост очих дуртай, цаадуул чинь шийдээд өгье гэж байгаа юм бол эрчим хүчний хараат байдлаас гарах Эгийн голын төслөө шийдүүлээч дээ. Ядаж эрчим хүчний үнэ тарифаа буулга гэсэн санал тавиач. Эрхүү мужийн эрчим хүчний хэрэглээний өчүүхэн хувьд ч манайх хүрэхгүй шүү дээ. Шийдье гэвэл оросуудад ганц минутын асуудал. Яагаад үүнийг ярихгүй, өөрсдийгөө доромжлуулаад яваа юм бэ. Ингэж доромжуулсан 70 жилийн түүх устаж үгүй болоод 30 гаруй жил болж байна гэж монголчууд ойлгож байгаа. Эсвэл үгүй юм уу…

Дэлхийд хань олдохгүй яваа оросуудад ийм цаг үеийг ашиглаад эрх баригчид та бүхэн “Бензин шатахууныхаа үнийг буулгаад өг” гэж хэлээч. Монгол Улс нь Оросоос нефтийн 98 хувийн хараат байдалд байсаар байна. Орос руу нэг тэрбум орчим долларыг жил бүр өгч байна. Улсын төсөв 20 их наяд гэж үзвэл түүний нэг их наядаас илүүг оросуудад өгч байна. Энэ тоог хагаслах хугаслах боломж эрэлхийлээч, Орост очиж үдийн цай уух болсон Монголын эрх баригчид аа.

Найман сарын өмнө оросууд Украинд халдан түрэмгийлсэн өдрөөс эхлэн Монгол Улс дайнтай холбоотой асуудал дээр түдгэлзэх саналтай явж ирсэн. НҮБ-ын чуулган дээрх Монголын түдгэлзэх санал өнөөдөр ч хэвээрээ. Үүнийг дэлхий нийт харж байгаа. Дэлхий өнөөдрийг хүртэл Монголыг ойлгож ирсэн. Хөрш зэргэлдээ, хөгжил буурай Монгол Улс нь нефть, эрчим хүчээрээ Оросын хараат, тийм болохоор түдгэлзэх санал өгөхгүй гээд яах ч билээ гэж. Энэ хэвээрээ нэг жилийн дараа бол харин дэлхий Монголыг ойлгохгүй. Ойлгохыг хүсэх ч үгүй. Яагаад гэвэл Монгол Улс нь энэ хугацаанд Оросын хараатаас гарах стратегийн хийгээд эдийн засгийн бие даасан бодлогоо хэрэгжүүлсэн байх ёстой гэж үзнэ. Оросын хараат байдлаас гарсан байх хугацаа гэж үзнэ. Дэлхийн жишиг өөрөө тэгж яваа. Европын холбоог хийн хоолойгоор тасалснаар өвлийн аман дээр хэцүүднэ гэж оросууд тооцсон. Хийн нийлүүлэлтээ тасалсан. Гэтэл өнгөрсөн зургадугаар сард хийн нөөцийн дүүргэлтээ тал хүрэхгүй байна хэмээн зарлаж байсан Герман улс сая 10 дугаар сард хийн нөөцийн дүүргэлт 84 хувьтай боллоо, Герман өвлийг асуудалгүй давна хэмээн зарлав. Улмаар өнгөрсөн долоо хоногт Германы канцлер Олаф Шольц “Араб, Африкийн улс орнуудтай амжилттай гэрээ хийж, хийн нөөцөө 100 хувь бүрдүүллээ, Оросоос авч байснаас илүү хямд хийг германчууд хэрэглэж эхэллээ. Орос бол эрчим хүчний найдвартай түнш байхаа больсон. Тийм болохоор улс орнууд Оросгүйгээр эрчим хүчийг авах, хийн нөөцөө бүрдүүлэх бүрэн боломжтой боллоо” хэмээн албан ёсоор мэдэгдэв.

ОХУ-аас хамааралтай байсан улс орнууд асуудлаа ийнхүү хоёрхон сарын дотор шийдэж эхэлээ. Гэтэл Монгол Улс өнгөрсөн найман сарын хугацаанд нефтийн бүтээгдэхүүн өөр газраас авах ямар ч ажил хийсэнгүй. Юу ч хийсэнгүй, ямар ч оролдлого ард түмэнд

ажиглагдсангүй. Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар ярихаас өөрөөр бодитой юу ч хийгдсэнгүй. Энэ бүхэн одоо ямар учиртай юм бэ. Оросоос өөр газраас бензин шатахуун оруулж ирэх ажлыг өнгөрсөн найман сарын хугацаанд хийх ёстой байсан юм. Гэвч тэгсэнгүй. Үнэнийг

хэлье, та нар оросуудын ямар барьцаанд байгаа болоод үүнийг хийхгүй байна вэ!!! Монгол Улсын Засгийн газар юугаараа ОХУ-д барьцаалагдсан байна вэ. Эрх баригчид, Их хурлын гишүүд юугаараа оросуудад барьцаалагдсан болоод ийм үхээнц, сул дорой, бусдын хараат, Орос гэж ярихаар намсхийдэг өвчтэй болчихсон байна вэ. Өнгөрсөн хугацаанд явагдсан сонгуулиудын санхүүжилт Оросоос хийгдсэн үү. Эсвэл Монголыг удирдаж байгаа хүмүүсийн томоохон гэмт үйлдлүүдийг оросууд мэдэж байна уу. Юу болчихоод Монголын эрх баригчид Орос руу өдөр шөнөгүй гүйлдээд, долоогоод байна вэ. Яагаад тэднээс үхтлээ айгаад байна. Энэ бүгд бодох ёстой асуудал, хөндөх сэдэв болчихоод байна.

Өнгөрсөн 30 жилд Монгол Улс ганцхан ОХУ-д л эдийн засгийн хоригтой явж ирлээ. Оросын талын татвар 40-70 хувийн босготой, ямар ч худалдаа наймааг тэдэнтэй хийж чадахгүй ардчиллын гэх 32 жилийн нүүрийг үзэж байна. Гэтэл алс холын Европ тивд Сү.Батболдын Засгийн газрын үед байгуулсан татваргүй 200 нэр төрлийн бараа нийлүүлэх гэрээ хүчин төгөлдөр хэвээр байх жишээтэй. Ийм хөрш гэж байдаг юм уу. Ядаж Сибирьт чинь эсгий гутлаа нийлүүлье гэхээр 60 хувийн босго тавьчихдаг. 60 хувийн татвар төлж оросуудад аваачиж зараад ямар ашиг олох юм бэ. Хэн ч хийхгүй худалдаа. Үүнийг л наад зах нь ОХУ-аас Монголд үзүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээ гэж үзэж байгаа юм. Бодит байдал ийм болохоор л оросуудтай Эмэгтэй сансрын нисгэгч биш Эсгий гутал нийлүүлэх гэрээ хийгээч, эрх баригчид аа гэж хэлээд байгаа юм. Монголын бүх бараанд татвараа тэглээд өг гэсэн хэлэлцээр хий. Ингэж байж бид оросуудтай найрсаг байна. Хөршүүд шиг байна.

Дайн эхэлснээр урьд урьдынхаас илүүтэй ихээр Орост айлчилж, далдганаж гүйх болсон нь, Монголын эрх баригчид тэдэнд ямар нээнтэгтэй юм гэсэн хар сэрийг төрүүлсээр байна. Энэ нээнтэг нь даамжирсаар, эцэстээ оросуудаас их айснаасаа болж солиорчих вий дээ, манай эрх баригчид гэх айдсыг төрүүлэх боллоо шүү. Ингэх магадлал харагдаж байна. Дайнтай байгаа Орост 1000 малчин аваачна, Артек зусланд нь монгол хүүхдүүдийг амраана, монгол эмэгтэйг сансрын нисгэгч болгоно ч гэх шиг. Солиоролд ч хязгаар байдгийг солиороход бэлэн болсон Монголын дарга нар одоо ойлгох цаг болжээ. Артек зуслан гэснээс Америкт хүүхдээ ганц сар байлгаж дэлхийг таниул, мянган малчин Орост аваачсанаас махны дэлхийн зах зээлийг хангадаг Австрали тивд долоо хоног аялуулж нүдийг нь нээлгэ, эмэгтэй сансрын нисгэгч оросоор бэлдүүлнэ гэж солиорч байхаар эсгий гутал, нэхий дээлээ Сибирийн тосгодод нийлүүлэх гэрээ байгуул. Оросуудаас айсаар одоо солиороход хүрч, ийм инээдтэй хүүхдийн яриа шиг юм хэлэлцэх болсныг чинь залруулахыг хичээлээ. “Айснаасаа айх” гэдэг ойлголт нь оросуудыг “Орос ах нар” гэж дуудах болтлоо уланд очсон соц нийгмийн үеэс эхтэй юм шүү гэдгийг эрх баригчдад бас сануулчихъя…

Б.Нямаа

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хошин шогчид оо, та нар улстөрчдийн утсан хүүхэлдэй болж, үзэгчдээ алдсанаа ойлгоно уу DNN.mn

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн зүгээс нийгмийн сүлжээнд “Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч” алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдгоо урлаг гээд ойлгосон гамшигууд. Хүн доромжилсны төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдгөө одоо болимоор юм. Компаниуд зар сурталчилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогчдоор нүүр царай хийж оодруулдгаа болих хэрэгтэй” гэж бичсэн нь нийгмийн анхаарлыг татлаа. Ингэж бичүүлсэн хэд нь ихэд уурслаа. Үнэндээ хошин урлагийнхан гэгдэх нөхдүүд бодитой тийм шүү. Өмнө нь “Өдрийн сонин” энэ талаар бичиж байлаа. Сонины хуудаснаа “Засаатай эмээ нар буюу Монголын хошин урлаг” гэсэн нийтлэл анх бичигдсэнээр нийгэмд цочроо өгсөн. Энэ бол урлаг биш, харин доромжлол юм гэсэн шүүмжийг нийгэмд эхлүүлсэн. Манай архиваас энэ сэдвээр бичигдсэн цөөнгүй нийтлэлийг уншиж болно. Цаг үе нь хошин үзэгдэлд автамхай хэвээр байсан юм. Цаг үеэсээ түрүүлсэн нийтлэлүүд. Сая П.Сайнзориг “Монголчуудыг гарал үүсэл, үзэл бодол, үг хэллэг, арьс өнгөөр нь хүртэл ялгаварлан гадуурхан доромжилж ирсэн хошин шогийнхны энэ үйлдэл нийгэмд байдаг, энгийн, хэвийн зүйл мэт ойлголтыг олон нийт, хүүхэд залууст цаашид өгч болохгүй” гэсэн нь маргаангүй үнэн. Ингэтлээ хүчээ авсан соёлын гамшигийг шинэ залуу үе мэдэрч, эхнээсээ цочиж, төрийн зүгээс байр сууриа илэрхийллээ хэмээн хүлээн авч байна.

Агуулгадаа бус хэлбэртээ анхаарч хийрхсэн Монголын хошин шогийнхны энэ үйлдэл хэт газар авч, бүр төрийн толгой руу авирсан юм. Улстөрчдийн, улс төрийн намуудын гар хөлийн үзүүр болж, тэдний захиалгаар нийгмийн сэтгэл зүйн инженерчлэлд хувь нэмрээ оруулцгаах болсныг тэдгээрийн олон үйлдлээс бид харж байна. П.Сайнзоригийн үгийг эсэргүүцэн үсэрч гарч ирсэн нэр бүхий хошин шогч нөхдүүд гэхэд Монголын төрийн тэргүүний соёлын зөвлөх, дөрөв дэх засаглал болсон Олон нийтийн хамгийн том мэдээллийн хэрэгслийн Удирдах зөвлөлийн гишүүн, төрийн бүтцэд байдаг Соёл урлагийн байгууллагын дарга байх жишээтэй. Даварсаар даварсаар Дагвын орон дээр гэж энэ.

Тэдний хошин урлаг нэрээр хийдэг доромжлолын бодит кейсүүдийг тоймлоё. Тэд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийг хамгийн их зөрчиж ирсэн хүмүүс. Үндсэн хуульд …нийгмийн гарал, үндэс угсаа, хэл соёл, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадруухаж үл болно… гэсэн тодорхой заалттай. Гэвч тэд хошин үзэгдэл бүртээ монголчуудыг яс үндсээр нь ялгаварлан гадуурхаж, хагалган бутаргах үйлдэл үзүүлсэн. Жишээ нь, буриад зоныг мөнхөд хутга түрийлсэн, хэзээд ч хүн хөнөөхөд бэлэн хүний дүрээр тоглолт, кино, баярын контентууддаа харлуулж ирэв. Казахуудыг хэлтгий хэлтэй, завхай зайдан дүрээр гаргадаг. Мөн малчдыг,уурхайнуудад алт гар аргаар олборлогч нинжа гэгдэх хүмүүсийг, гадаадад хүнд хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ… тэр чигээр нь нийгмийн доод давхарга, бүр нийгмийн илүүдэл хэсгийнхэн гэж шууд ойлгогдохоор хошин шог үзэгдэлдээ байнга үзүүлж ирсэн нь нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдгийг нийгэм судлаачид хэлэх цаг болсон.

Тэдний мөнхийн “бай”, гутаах талбар нь шашныхан, ардчилсан нийгмийн үндэс суурь болсон олон ургальч үзлийн эзэд байсаар байна. Тэднийг цаг үргэлж үзэл бодол, үйл хэрэг, гаднах дүр төрхөөр нь элэглэн гутааж ирэв. Хошин шогийнхон монголчуудын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөх хэмжээнд нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж байна. Үзэл суртлыг хийх өндөр хэмжээнд тэд хүрлээ. Тэдгээр хошин шогчдын захын нэг төлөөлөгч бүсгүй дор хаяж 100 мянган дагагчтай байх жишээний. Монголчуудыг дооёолон, бусдаар бах тав хангаж бий болгосон контентуудынхаа хүчээр ядарсан ард түмэнд маш хүчтэй нөлөөлөгчид болж чадсан байна. Одоо бүр аймшигтай үйлдлийг нь хэлье. Ийм хэмжээний дагагчтай болсон тэднийг улс төрийн намууд, улстөрчид, бүлэглэлүүд ашиглах боллоо. Тэдний маазралаар дамжуулан нийгмийг яаж л бол яаж угааж чадаж байна. Тэднийг өчүүхэн мөнгө, одон тэмдгээр хуурч, хэрд нь таарсан албан тушаалд суулгаж байгаад тэднээр дамжуулан Монголыг захирах гэж оролдож байна. Энэ бүх ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдлээ хошин шогийнхон хэвийн зүйл гэж ойлгочихсон нь дээд гутамшиг.

Өнгө мөнгөний хорвоо гэдэг нь Монголд ганцхан тэдний орчинд байна. Тэд өнөөдөр эрх баригчдын төлөө бүгдийг уландаа гишгэн зүтгэж байна. Харин маргааш огт өөр нэгний төлөө нүүрээ ширлэхэд бэлэн. Ирэх сонгуулиар унах нь тодорхой У.Хүрэлсүхийг гишгэчээд зогсож байх нь тодорхой. Ялах нь тодорхой улс төрийн намыг тэдэн шиг сайн мэддэг хүмүүс үгүй болжээ. Тийм болохоор ялж байгаа улстөрч бүрийн өлмийд очиж сөгддөг, хүчээ өгдөг. Тэд ердийн нэг пиарын гар хөл биш хэн нэгнийг гутаасан үйлдэл хийдэг. Үүнийгээ бид ажлаа хийж байна гэсэн ойлголттой. Одоо болсон доо, хошин шогчид оо! Ийм болсныг чинь хууль эрх зүйн гал тогоог гардан хариуцаж байгаа залуу хүн мэдээд, мэдрээд, тэвчилгүй нийгэмд хэллээ. Түүнийх нь төлөө юундаа үхчих гээд байгаа юм.

Улс орон бүрт хошин урлаг, комедиа байдаг. Тэд бүгдээр нийгмээ инээдээр ойлгуулах, инээдээр ухааруулах, элэглэж буруу ёсыг хазаарлах агуулгатай, хэлбэр багатай байдаг. Тэд хэзээ ч эр нь эм болж, хөгшин нь залуу болж жүжиглэдэггүй. Тэд хэзээ ч хууль сахиулагчдыг хүүхэлдэй төдийхнөөр илэрхийлдэггүй. Гадна ертөнцөд хошин урлагийнхны хамгийн том хүндэтгэл нь үзэгчид, тэднийг хүлээн авч байгаа нийгэм нь билээ. Тэд үзэгчгүйгээр хэн ч биш гэдгээ маш сайн ойлгодог. Соёлт нийгэмд бол үзэгчид нь тэдний фенүүд байдаг ч юм биш. Харин хошин урлагийг дэмжигсэд байдаг. Энэ соёл Монголын нийгэмд өнөөдөр тодорхой хэмжээнд сууж эхэлсний нэгэн тод жишээ саяны шүүмжлэл. Монголчууд тэр аяараа ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн үзэл бодлыг дэмжиж байгааг харав уу. Ийм өндөр түвшний үзэгчидтэй болж эхэлснээ одоо хошин шогчид ойлгох цаг болжээ. Хошин урлагийн хамгийн их мэдрэмжтэй гэгдэх улс орон бол Англи. Дэлхийд алдартай хошин урлагтай, жүжигчидтэй. Тэдгээр жүжигчдээс хэн нь ч улс төрийн аль нэг хүчний нөлөөнд орж байгаагүй. Хаа газрын улс төрд сайн муу бүхэн бий. Тийм болохоор Англид ч урлагийн оддыг ашиглахыг оролдоно. Хэн нэг жүжигчин, аль нэг улстөрчийн сурталчилгаанд явбал тэр улстөрчийг дэмждэггүй хэдэн зуун үзэгчээ өөрөөсөө алдана гэдгээ мэдэж байдаг. Улс орон бүрийн урлагийнхны хандлага тийм билээ. Үүнийг л манай хошин урлагийн гэх нөхөд огтоос ойлгохгүй яваа. ХЗДХЯ-ны үүдэнд жагссан нэр бүхий жүжигчид та бүхэн улстөрчид дагасныхаа шанд, улс төрийн намын тоглоом болсныхоо шанд хэдэн мянган үзэгчээ алдсанаа одоо ойлго, эргэж замналаа харцгаа. Эцэст нь хэлэхэд, ийм ёс зүйгүй хэсэг бүлэг хүмүүсийг нийгэмд бий болгож, тэжээн тэтгэж, мөнгө өгч өөрсдийгөө доромжлуулан олон жил явсан алдаагаа ард түмэн бас ухаар.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Эрх баригч дүү нар эмээ өвөө нарт эрдүү бөгөөд бярдуу байх юм аа DNN.mn

МАН-ын залуучууд засгийн эрх барьж байна. Энэ улс орныг бүхэлд нь захирч байна. Хүн бүхэн тэдэнд бөхөлзөж байгаа биз. Ийм байхад намынхаа эмээ өвөө нарт яасан ч эрдүү, бярдуу байх юм бэ. Наад Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Д.Хаянхярваа, Х.Бадамсүрэн… бүгдээрээ ажил амьдрал туулсан, ач зээгээ үзсэн, төр засгийн ачааны хүндээс үүрэлцсэн хүмүүс шүү дээ. Ийм хүмүүс МАН-д олон бий.

Сая ажлын танилцуулга дээрээ ХНХ-ын сайд Д.Сарангэрэл яамныхаа мэргэжилтэн, газар хэлтсийн дарга нарын бэлдсэн илтгэлийг уншлаа. Түүн дотор нь “Улны айл өрх” гэсэн үг явж байж. Тэр яамныхан иргэдийг тэгж нэрлэдэг юм байна. Хаалганы цаана төрийнхөн ард түмнээ ямар дорд үздэгийн тод жишээ. Далд хэлдэг ярьдаг, доромжилдог тэр үг хэллэгийг нь Д.Сарангэрэл сайд ил болгосон нь тэр. Харин тэр үгэн дээр нь МАН-ын дүү нар ямар айхавтар тоглолт хийв ээ. Ард түмэн ч үнэндээ тэр үгийг анзаарах сэхээгүй, амьдрахын төлөө зүтгэж явна. Харин тэдэн рүү, масс руу гар утсаар нь дамжуулан хүчээр хүргэдэг технологио МАН-ын эрх баригч дүү нар ганган хэрэгжүүллээ. Ач зээгээ үзсэн, ажил амьдрал туулсан Д.Сарангэрэл авхайд эрэлхүү, бяралхуу л хандлаа. Хэзээ байтлаа хэлсэн ганц үгийнх нь төлөө сайдыг ХЭГ-ын дарга үсэрч гарч ирээд 24 цагийн дотор огцруулсан мэдэгдэл хийж байлаа. Монголын төр засгийн түүхэнд гайхамшигтай хурдан огцруулалт боллоо. Эмээ гэж хэлсэнд Д.Сарангэрэл сайд эмзэглэж байгаа бол уучлаарай. Гэхдээ эмээ болчихсон бүсгүй таныг намын залуус чинь дээрэлхэж байна гэж би харж байна. Эр бяраа гаргалаа гэж үзэж байна. Д.Сарангэрэлийн оронд П.Анужин сайд байсан бол ингэж эрдүү, бярдуу хандах уу. Их аятайхан хандах байх. Ядаж эр хүний нүдээр ширтэж, эргэж мэдэгдлээ хянах байх. Ер нь бол МАН-ын эрх баригч дүү нар эмээ нарыг хүн гэж үзэхээ байгаад хоёр дахь сонгууль дээрээ явж байна. Өмнөх УИХ-д гишүүн байсан М.Билэгт, Ц.Гарамжав, Б.Ундармаа, А.Ундраа, Н.Оюундарь… бүх эмээ нараа тэд жийсэн. Бүр сонгуульд нэр дэвшүүлэх саналыг нь ч асуулгүйгээр эрдүү бярдуу хандсан. Сүүлчийн үлдэгдэл эмээ болох Д.Сарангэрэлд осолдохгүй НАМЭХ-ны Ерөнхийлөгчийнх нь хувьд ХНХ-ын сайдаар томилсон ч, нэр зүүж 10 хонуулаад хусдаг байна шүү. Тэгэхээр өнөөдрийн Их хурлын гишүүн энэ хэдэн эмэгтэйд хандаж хэлэхэд их улс төрд хэдэн жил оршин тогтноё гэвэл эмээ болохгүй байхыг хичээгээрэй гэж хэлэх ёстой юм уу, хаашаа юм. Эмээ л болчих юм бол эрдүү бярдуу зангаа намын залуус чинь харинчиг нэг үзүүлэх нь. Тэдэнд хэрэггүй хүмүүс боллоо гэсэн үг. Ганц Их хурлын гишүүний тухайд ч биш юм. Сая Орос 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонг хэрхэн дээрэлхэж байгааг харав уу. Тэр бүсгүйн 55 нас хүрсэн нь, МАН-ын дүү нарын чадалд хүрэхгүй нь түүний буруу юм уу. Цагтаа эдгээр эмэгтэйчүүд нь та нар шигийг байтугай Их хурлын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарын хүндлэлийг хүлээж явсан юм.

МАН-ын өвөө нарт тэдний хандлага бас буруу байна. Цаст уулын цагаан арслан цагаа болохоор талын шоргоолжинд бариулна гэдэг үг Ц.Нямдорж, Д.Хаянхярваа, Х.Бадамсүрэн… гээд өнөөдөр төрд зүтгэж байх бүх ахмадуудад, өвөө нарт таарах үг болж. Улс төрд үхэхээс бусдыг үзсэн Ц.Нямдоржийг МАН-ын дүү нар ийм хүнд цаг үед халуун тогоо бариулан ашиглалаа. Тэгээд “Одоо чиний хэрэггүй” гэсэн шиг хөөж явуулав. Монголын улс төр, нийгэм эдийн засгийн амьдралын сүүлийн 30 жилийн түүхэн гэрч, оролцогч, хамгийн том дата бааз болсон Ц.Нямдорж яагаад та нарын дунд байж болдоггүй юм. Эрдүү бярдуу, эрэлхүү дээрэлхүү байхад чинь саад болоод байна уу. Эмээ өвөө нараа хамгаалаад байна уу. Яг үнэндээ Ц.Нямдорж шиг хууль мэддэг, хууль хүчнийхнийг хазаарладаг улстөрч өнөөдөртөө байхгүй шүү.

Д.Хаянхярвааг хүнийх нь хувьд ямар төвөгтэй байдалд МАН-ын дүү нар оруулав. Миеэгийн хүн гэдгээр нь хөөсөн байх. Гэхдээ зүгээр л “Та одоо яв” гэхэд Хаян эрхбиш ойлгох, мэдрээд явчих байсан байлгүй дээ. Ингээд явуулчих хүнийг гүйцэтгэх ажиллагааны “бай” болгож, үр хүүхдээр нь оролдож, цахилгаан гавтай сар жилээр нь шаналган зовоож, бах таваа хангах шаардлага юу байсан юм бэ. Д.Хаянхярваад дэндүү эрдүү бөгөөд бярдуу хандлаа. Намынх нь нэгэн залуу том дарга өглөө утасдаж “Та орой гэхэд нэг нөхрийн гадаадад сурах сургуулийнх нь урьдчилгаа болох 10 мянган доллар бэлэн болгоотох” гэдэг. Өнөө болдоггүй бор өвгөн Д.Хаянхярваа нь юун ч гэнэн юм, улс төрд өчнөөн удсаны хэрэггүй, хуурай дүү рүүгээ залгаад гялс аваад ир гэжээ. Үүнийг нь анаж байсан гүйцэтгэх ажилтнууд авчирч, өгч байгаа үйлдэл дээр нь камертай орчих жишээтэй. Тэр бичлэг, зургаа гэрлийн хурдаар нийгэмд цацчихаж байгаа юм. Ингээд хөөрхий өвөө “Хүүхдүүдийг минь зүгээр орхичих, би авлига авсан гэж хүлээе” л болсон. Иймэрхүү юм нүдэн дээр л болох юм байна шүү дээ. Тэр болгоныг ярьж хөөрч, бичиж нийтлэхээс залхаж байна шүү дээ. Ингээд л УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан, намдаа басчиг нөлөөтэй өвгөнийг намынхаа 30 дугаар Их хурлын өмнө, Миеэгийн фракцийг босгох нь гэдэг хардлагаар будаа болгож, ажил ч үгүй болгон, намынхаа бусад өвөө нарт сургамж болголоо. МАН-ын хамгийн том санхүүжүүлэгчдийн нэг болох Х.Бадамсүрэнг бас буланд шахлаа. Түүнийг Эрдэнэтээс хөөж гаргангуутаа хамгийн хүнд нөхцөлтэй яамны Төрийн нарийн бичгийн даргаар шахаж, настай хүнийг дооёолдог нь өөдгүй хэрэг. 60-тай хүн байтугай 50-тай хэд нь сөхрөх шахдаг хүнд ажил бол Төрийн нарийнууд шүү дээ. Энэ мэтээр өвөө нараа МАН-ын залуус зүгээр суулгахгүй байна. Эрдүү бярдуу хандаж, төр рүү хошуу дүрэх гэсэн бүгдийг алах нь. Шууд гэрийн мухар руу нь цөлж байна. Ийм нас тэдэнд ирэхгүй юм шиг харгис байна.

Ямар ч цаг үед Монголын төрд ахмад, дунд, залуу гурван үеийн хэлхээ явж ирсэн. Хэзээ ч Монголын төрөөс яваагүй, явбал төр засаг дэнжигнэх тийм алтан хэлхээс. 1937 оны их хэлмэгдүүлэлтээс эхлээд 1940-1950 он хүртэлх Оросын шахалт, дарамт дор Монголын төрд Г.Бумцэнд гэж өвгөн партизан УБХ-ын Тэргүүлэгчдийн даргын албанд хадаастай юм шиг сууж төрийн тамгыг сахисан. 1960 оноос Ж.Самбуу гэж өвгөн АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Өнөөдөр тэгвэл хэн гэгч өвгөн Монголын төрд овойгоод сууж байна вэ. Өнөөдөр Тэргүүн шадар сайдын албыг бий болгож УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гуайг томилж яагаад болохгүй гэж. Г.Бумцэнд, Ж.Самбуу гуай нар бол тухайн үеийн залуухан удирдагч нартаа юу хийхийг нь биш, харин юу хийж болохгүйг нь хэлж, сануулаад сууж байдаг байсан юм билээ.

Ийм Монгол төрийн мэргэн өвөө нар өнөөдөр байхгүй байгаа учраас эрх баригч МАН-ын дүү нар заримдаа айл гэр болон тоглочих гээд байх шиг харагдах юм. Амьдрал үзсэн, ажлын ард гарч сурсан, сайн мууг их сонссон, тэвчээр хатуужлын туйлууд МАН-д уг нь олон бий дээ. Тэд өнөөдрийн улс төрд оролцоотой байсан бол валютынхаа нөөцийг шавхтал долларын хяналтаа алдах байсан уу, Хятадын хил гааль хаагдах байсан уу, Таван толгойн орд арай эрт эрүүл эдийн засаг болох байсан уу… гээд харамсах зүйлс байна. Өвөө нар мөнгө босгож чадахгүй байж болно. Харин үнэн үгийг бол та нарт яг л хэлнэ. Үнэн үг хэлж байгаа хүн шиг үнэ цэнэтэй хүн амьдралд байдаггүй юм даа. Эцэст нь эрх баригч МАН-ын дүү нартаа хэлэхэд, та нарын зүгээс болж бүтэж байгаа юм шиг ганц л зүйл байна. Тэр бол та нарын пиар л юм даа, пиарыг л айхавтар хийх юм даа…

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд ер нь “чөмөг”-тэй болсон юм байна DNN.mn

Сүүлийн гурван жил монголчууд хямрал ярилаа, эдийн засаг хүндэрч байгааг амтай бүхэн ярьж байна. Өнөөдөр юмны үнэ нэмэгдэж, төгрөгийн ханш суларч, ер нь бол ард түмэн жинхэнэ утгаараа мөлхөж эхэллээ гэх. Тэгээд Монголын хаана нь хүн турж үхээд байна. Юу ч хийхээс буцахгүй болсон хүмүүс хаагуур сүрэглэн байна вэ. Ийм дүр зургийг Монголын хаана ч олж харахгүй байна. Монгол айл өрх, хүн бүр хэр хэмжээндээ, байр байрандаа иддэгээ идэж, уудгаа ууж, өмсдөгөө өмсөж, дэлгүүр битүү, хоолны газрууд сул ширээгүй, гудамжинд машин нь хахаастай, хамгийн үнэтэй машин болох ланд 300-гийн захиалга дийлдэхгүй их… амьдрал үргэлжилж байна. Үүнийг л “Монголчууд ер нь чөмөг суусан юм байна” гэсэн өөдрөг дүгнэлтээр зарим эдийн засагчид харах болжээ.

Бензиний үнэ урьд байгаагүйгээр нэмэгдлээ. Суурь үнэ гэж үздэг. Бүх үнэд шууд нөлөөлдөг бүтээгдэхүүн. Үнэхээр бензиний үнэ ард түмний амьдралд хүндээр тусч байгаа бол элэнцгийнх нь машин унах вэ. Тэгвэл өнөөдөр Монголын хүн амын тал хувь нь оршин суугаа Улаанбаатарын хамгийн том зовлон түгжрэл. Машины түгжрэл. Бензин дийлдэхгүй болсон юм бол нийслэлд машины урсгал зогсох ёстой. Ердөө энгийн логик.

Ам.доллар урьд хожид байгаагүйгээр нэмэгдэж байна. Бүр өдөр хоногоор нэмэгдэж, улсын валютын нөөц дөрвөн тэрбумаас шууд доошилж хоёр тэрбум болж дундраад байна. Энэ байдал ард түмний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ. Хүн хэрэглээгээрээ амьдралын чанар нь тодорхойлогддог. Доллар хэрэглэдэг иргэн Монголын гурван сая иргэн дотор 10 хувь нь байж чадаж байна уу. Доллар амьдралдаа барьж үзээгүй 200 мянган малчин өрх цаана чинь байна. Доллар амьдралдаа ганц хоёрхон удаа барьж үзсэн гэр хорооллын 150 мянган иргэн амьдарч байна. Доллар амьдралд шууд сөргөөр нөлөөлж байгаа гэх хүн тааралдахгүй байгаа нь их сонин. Нөгөө талдаа ам.долларын өсөлт Монголын хүн амын багагүй хэсэгт шууд эерэгээр нөлөөлж байна. Юу гэхээр гадаадад ах дүүс, үр хүүхэд, хань ижил нь ажил хөдөлмөр эрхэлдэг цөөнгүй айл өрх байна. Тэд Монголын валютын урсгалын багагүй хувийг гаднаас бүрдүүлээд удаж байна. Яг үнэндээ өнөөдөр Монголд орон сууц, машин авч байгаа иргэдийн багагүй хувь нь гаднаас ирүүлж байгаа валютаар худалдан авч байгаа.

Хилээр юу ч оруулж гаргахгүй байна. Жаахан эрдэс баялгийн мөнгө нь өрөнд явчихаж байгаа. Үүний үр нөлөө хотын багагүй хэсэгт лав эерэг байна гээд хэлчихвэл “Чи битгий хуц аа, эргүү минь” гэж захын хүн давшлах нь тодорхой. Тэгвэл амьдралын бас нэг үнэнийг хэлье. Нийслэлчүүдийн хамгийн том хэрэглээ, төсвийнхний цалин орлогын ихэнхийг нь залгидаг махны үнэ шалдаа буулаа. Нийслэлийн том жижиг бүх захуудаар мах шиг их юм алга. Эмээлтийн хавьд хэдэн мянган мал зарагдахаа хүлээгээд чихцэлдэж байна. Нийслэлийн нэгэн дунд сургуулийн багш цалингаа аваад 70 хувийг нь юунд өгдөг гэж бодож байна, маханд шүү дээ. Мах үнэтэй үед бол бүр 90 хувийг нь ч өгдөг. Тэгвэл тэр мах чинь үнэгүйтэй адил байна. Хямдхан махтай монголчууд өлсөх үү. Жинхэнэ хямрал гэдэг бол өлсөх-өвдөхийн туйлыг хэлдэг олон улсын нэр томьёо байна. Өнөөдөр НҮБ-ын чуулганы үндсэн санал шүүмжлэл, хэлэлцэж байгаа асуудлын эрэмбэ дараалал нэгдүгээрт хүнсний хомсдол, хоёрдугаарт өвчин тахал, гуравдугаарт хүлэмжийн хий… Мэдээж дайн хамгийн том асуудал байгаа. Ийм үед монголчууд хүнсний дутагдалд ортлоо хол байна. Магадгүй муугаар бодоход дэлхийн хамгийн сүүлийн турж үхэх үндэстэн монгол байх.

Мэдээж зовлон маш их байна. Эм тарианы хомсдолоос эхлээд, зайлшгүй хэрэгцээт зүйлсийн хил гаалийн асуудал, ложистик тээвэр, төрийн хүнд суртал, авлигажсан тогтолцоо, иргэдийн өрийн дарамт, одоо утаа униар эхэлнэ, энэ бүгдээс үүдэлтэй иргэдийн бухимдал, стресс нерв, архидалт… дуусшгүй. Гэвч өнөөдөр гудамжинд 100 мянгаараа гараад үхтэлээ тэмцэх нэг ч иргэн байхгүй байгаад л дээрх ярьсан бүгдийн үнэн батлагдаж байна. Үнэхээр ард түмэн ядарч туйлдаж байгаа бол тэмцэх, шууд гудамжинд гарч тэмцэх. Тэмцэхгүй, өөр өөрсдийн хэмжээнд амьдралыг болгоод байгаад л учир нь байгаа юм. Монголын том хөрөнгөтнүүд томоороо л байгаа. Гадаадад аялаад, тансаг байгаагаа нийгмийн сүлжээнд гайхуулаад, найр цэнгэлд умбаад, дэлхийн “од”-ыг авчирч эх орондоо хүүхэн бэлэглэж хүртэл тансаглуулаад… явж байгаа биз дээ. Энэ бүхэн Монголд л байгаа мөнгө шүү дээ. Гадна тивээс алтан карт уншуулаад байгаа монгол нэг ч байхгүй.

Жинхэнэ хямрал өнөөдөр хаана өрнөж байна гэвэл өлсгөлөнд нэрвэгдсэн Африкийн 256 сая иргэн, Ази дахь 515 сая иргэнтэй улс орнуудад юм. Өлсгөлөн манай тивд их байгаа биз. 39 сая хүн өлсгөлөнгөөс болж шууд үхэл рүү явж байгаа латин Америкийг алгасаад шүү. Эдгээр 20 гаруй улсад эдийн засгийн хямралыг хэрхэн давж туулах тухай яриад ч хэрэггүй, зүгээр л хэд хоног яаж амьд явах тухай асуудал дээдийн заяа болчихоод байна. Дэлхийн 7,6 тэрбум хүний хоёр тэрбум нь өлсгөлөн, хагас өлсгөлөнд байгаа НҮБ-ын Хүн ам зүйн судалгааг яг одоо гүүгэлдээд харж болно. Дэлхийн 9 хүн тутмын нэг нь өлсгөлөн гуйранчлалд нэрвэгдсэн ийм л аймшигтай цаг үед монголчууд эдийн засгийн хямрал ярьж байна. Гэхдээ бидний хямрал бол өлсөж, өвдөж үхэх тухай биш юм. Зүгээр л орлогоо нэмэх, илүү сайхан боломж хомсодсон тухай стресс.

Мэдээж бид долларын хямралыг давна. Яагаад гэвэл доллар болох бүхэн бидний хөл дор байна, хэн ч түүнийг бидний оролцоогүйгээр ухаж авахгүй. Ганцхан сайн хуультай, сайн засаглалтай улс орон болох тухай эхний асуудал. Дээр нь ийм цаг үед монголчууд бидэнд өөртөө итгэх итгэл хамгийн чухал байна. Өөртөө итгэдэг хүн цөөхөн байна. Өөртөө итгэхгүй хүн бусдад итгэнэ гэж ч юу байх вэ. Сүүлийн гурван жил Монгол Улс дэлхийгээс үндсэндээ таслагдлаа. Тэгсэн ч Монгол өнөөдөр сөнөчихөөгүй байгаа биз дээ. Харинчиг өөрсдийнхөө багцааг мэдэж авлаа. Бид дэлхийгээс таслагдсан нь үнэн хэдий ч гадаад тивд урьд хожид байгаагүй олон сайн найз нөхөдтэй болсон байна. “Монгол Улс ямар байна, юу болоод байна” гээд дэлхийн дарга /НҮБ-ын дарга/ нь хүртэл ирж байна. Хоёр том хөршийнх нь Гадаад харилцааны сайд нар шил шилээ даран Монголд ирэхтэй зэрэгцээд “Монголд яагаад хөршүүд нь ойр ойрхон ирээд байна” гэх шиг Япон, Солонгосын Гадаад хэргийн сайдууд ирэх жишээтэй. Бусад гуравдагч орны төлөөллүүд ирж буцсаар байна. Тэд хийх ажлаа олж ядсандаа Монголд ирээгүй. Албан хэлээр бол Монголд янз бүрийн түншлэл, харилцан ашигтай хэлэлцээр, ойлголцол, санамж бичгүүд, найрсаг харилцаагаар ирж байна. Харин энгийн үгээр бол хэн ч найз нөхдийнхөөрөө л бууж морддог, хонож өнжөөд явдаг биз дээ. Гучин жилийн өмнөх БНМАУ өнөөдөр биш. Бид гурав дахь орнуудын эрх ашгийг их бага хэмжээгээр өөртөө шингээсэн, тэдний сонирхлыг татдаг, хэн ч харсан улс шиг улс болж чадсан байна. Энэ бол ардчиллын ач тус, дэлхийд эзлэх байр суурь. Эдийн засгийн утгаараа бол “Юу ч үгүй гуйлгачин”-ыг хэн тоодог юм. Тийм биз дээ. Бид дотроо шүүмжилдэг шиг “Юу ч үгүй хоосон, өрөндөө баригдсан улс” биш гэдгийг баталж байгаа юм. Өнөөдөр Африкийн Заир, Зимбабвед НҮБ-ын мандаттай энхийн сахиулагчид, Олон улсын Хүмүүнлэгийн тусламжийнхнаас өөр хэн очиж байгаа юм, хэн тийшээ тоож зүглэж байгаа юм, дэлхийн улс орнуудын удирдагчид, төр засгийн удирдлагуудаас хэн нь тэнд харагдав. Хэн ч очоогүй. Энэ мэт өнөөдрийн дэлхий ертөнцийн бодит үнэнийг олж харцгаа, монголчууд аа. Бидний монголчууд өнөөдрийн хямралыг давж гарна, туулж чадна. Бид л өөрсдийгөө голоод, өөрсдөдөө итгэлгүй байгаагаас биш бидэнд ямар ч хямралыг даван гарах “чөмөг” суусан байна.

Б.Нямаа

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монполимет”, “МАК”-ийн зах зээлийг урд хөршид өгсөн нь Монголын автономит төрийг 100 жилийн өмнө өөрсдөө устгасантай ижил үйлдэл шүү DNN.mn

Засгийн газрын уржигдрын хуралдаанаас цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан импортын цементийн татварыг 2022 он дуустал тэглэж байгааг мэдэгдэв. Импортын бүтээгдэхүүнд найр тавьж, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчийнхээ үйл ажиллагаа явуулах эрхэд халдаж байна гэж үзэгсэд цөөнгүй байна. Гэхдээ их даруухнаар. Байр сууриа илэрхийлэгч талууд бүгдээрээ ноомой, хүлцэнгүй, яг үнэнийг хэлчихвэл өөртөө гай тарьчих болов уу гэсэн айдастай. Өнөөдрийн цагийн өнгө, цөвүүн байдал юм даа. Цаанаа үнэн байдал яг ямар байгааг хэлье.

Яахаараа уржигдар орой Монгол Улсын Засгийн Газар “Цементийн импортын татварыг тэглэх” асуудал хэлэлцэж байхад, зэрэгцээд урд хөршөөс цемент ачигдаж байдаг юм. Монголын төр ийм шийдвэр гаргана, бид ашгаа эхлүүлж байя гээд Монголын Засгийн Газрын бүх шийдвэрийг урьдчилан мэдэж байдаг гэсэн үг үү. Захиалсан юм шиг. Урд хөршид 200 мянга байгаа цементийг энд оруулж ирээд 600 мянгад ченжүүддээ өгөхөд хангалттай ашиг. Гэхдээ 600 мянгад өгч тэнэглэхгүй байх аа, ордон, яам, төрийн бүтцэд шигдсэн луйварчид бодлогоор улам өсгөөд 800 мянгад хүргэх зам руугаа явж байгаа байх.

Цементийн импортын татварыг тэглэснээр 600 мянган төгрөгт хүрээд байгаа үнийн өсөлт 400 мянгад бууна гэсэн худлаа ярианд итгээд яахав. Монголд нэгэнт л үнэ нь өсчихсөн бол хэзээ ч бууж байсан түүхгүй. Ийм худал, зорилтот мэдээллийн цаана бүх луйвар явагддаг. “Монполимет”, “МАК”-ийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Харин төрийн өмчийн Хөтөл юуны учир жинхэнэ хэрэгцээт улирлаар засварт ордог юм. Зөвхөн Хөтөлийн цемент тасалдсанаас дотоодын өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангаж чадахгүйд хүрлээ гэж Сангийн сайд Б.Жавхлан нь албан ёсоор мэдэгдлээ шүү дээ. Зөвхөн энэ хэдэн үг, мэдээллийн логикийг та бүхэн хар даа. Үнэхээр дайн, тахал, геополитик, хил гааль, хоёр хөршийн хамааралтай, Монголоос огт шалтгаалахгүйгээр цемент тасалдав уу. Хомсдол бий болж, үнийн хөөрөгдөл явагдав уу. Ченжийн систем ноёлоод эхлэв үү.

Үндэсний үйлдвэрүүдээ татан буулгаж байгаа төр засаг дахь ноёрхогчдын үйлдэл нь 100 жилийн өмнө Монголын автономит засаглалыг татан буулгасан түүхийг сануулаад, бүр зүйрлэмээр болоод байх юм. Тухайн үеийн Богдын засагт байсан ноёд түшмэд хэсэг бүлэг хүмүүс хэлэлцэхдээ, “Энэ муу Их шавийнхан зөвхөн баяжаад ханахгүй нь. Эднийг ингэж хагартал баяжуулж байснаас төвөг зүгээр автономит засгаа татан буулгаад Да Жунтанд дагаар орчихъё” гэсэн үнэхээр арчаагүй хор найруулга. Ингээд хэдэн эрх мэдэлтэн Богд хаант Монгол Улсын автономит засаглалыг татан буулгаж, улмаар хятадуудад дагаар орсон шившигт түүхийн бичил хувилбар явагдах шиг санагдлаа. Бод доо, болоод байгаа, бүр бүх хүчин чадлаараа ажиллаж дотоодын зах зээлд нийлүүлж байгаа үндэсний хоёр том үйлдвэрлэгч “Монполимет”, “МАК” хоёрынхаа зах зээлийг булааж Хятад улсын үйлдвэрлэгчдэд найр тавьж өгч байгаа нь ямар учиртай юм бэ. Энийг ингэж их түүхээр нь зүйрлэн сануулахаас өөр арга алга байна. Жижиг сэдэв ерөөсөө биш.

Тахалтай, дайнтай энэ он жилүүдэд хоёр хөрш хилээ хаахад Монгол Улс ямар байдалд орж байгааг харж байна. Юу ч дотооддоо үйлдвэрлэдэггүй ард түмэн балрах юм байна. Бензин, эрчим хүч хойноос шууд хараат. Тэдний зүгээс энэ хоёр стратегийн нийлүүлэлтийг сануулахад эндээ сэхүүн монголчууд ивануудын өмнө гөлөг болох жишээтэй. Яах юм, гэрэл цахилгаангүй, бензин шатахуунгүй XXI зууны Монгол болчихвол хүннү сүннүгийн үеэсээ юуны ялгарах юм. Урд хөрш хилээ хааж, нээгээд биднээр наадаж байна. Хаах тоолонд хашгирч, нээх тоолонд нь нэг их баярласан ард түмэн. Ийм л хөөрхөн нөхдүүд дээ гээд цонхны цаанаас инээлдээд сууж байна. Их хөршүүдийн ийм л тохуурхал дунд бидний монголчууд яаж ийж байгаад тус бүрдээ нэг сая тоннын хүчин чадалтай хоёр том цементийн үйлдвэртэй болсон. Энэ бол Монголдоо том дэвшил. Өөр юу байгаа юм. Энэ хоёр цементийнхээ үйлдвэрийн хүчинд хэдэн арван барилга байшин, орон сууц ашиглалтад орж, зам талбай тавигдаж байна. Хөгжиж байгаа юм шиг харагдаж байна. Тэгж яривал наад цементээр барьсан барилга орон сууцуудыг гадаадад ажиллаж байгаа монголчуудын явуулсан мөнгөөр худалдан авч байгаа юм. Их эрүүл мөнгөний систем үйлчилж байгаа эдийн засгийн урсгал. Салбарлаад бизнесийн олон том жижиг харьцаа цементийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд эргэлдэж байгаа. Хэнээс ч юу ч гуйхгүйгээр болоод, зөв юм руугаа явж байгаа цементийн үйлдвэрлэлээ ийнхүү төр засгаас нь устгах шийдвэр гаргасан нь хүнд үед Монголын автономитыг устгасан 100 жилийн өмнөх түүхтэй жишин зүйрлэхээс өөр арга алга. Том түүхтэй жишлээ гэж битгий үзээрэй. Түүх давтагдвал хошин шог болдог, эсвэл гуниг харуусал болдог гэсэн үг бий.

“Монполимет”-ын зүгээс үйлдвэрлэсэн цементээ хотод, зах зээлд хүргэж чадахгүй байна. Вагон, төмөр зам олдохгүй байна гэх. Энэ асуудлыг их томоор харж, шогшрох хэрэг байх ч үгүй. “Монполимет”-ынхны зүгээс Монголын төмөр замын ачаааны вагоны 70 хувийг хяналтандаа аваад бараг 20 жил болж байгаа “Болд төмөр ерөө”-гийн босстой л хэл амаа ололцох асуудал шүү дээ. Цаад бодит үнэн ийм энгийн, бас хөгийн. Гэтэл ард түмэн даяараа, төр засаг тэр чигээрээ, Их хурлын гишүүд, дарга нар нийтээрээ том том, хүнд хүнд юм яриад л… Дэргэд чинь сууж байгаа Б.Дэлгэрсайхан бүх учрыг мэднэ, та нарыг дотроо шоолоод, инээгээд л сууж байгаа шүү дээ.

Ингэж дотоодын том хоёр үйлдвэрийнхээ зах зээлийг урд хөршид найр тавьж, улмаар устгаж, хөршөөс буцаад хараат болгон ашиг хийх нь хэнд ашигтай вэ. Гадныхны гар хөл болсон манай зарим нэг ашиг харагчдын, гадны мөнгийг угаадаг төр дэх луйварчдад л ашигтай.

Импортын татварыг ингэж л тэглэхгүй бол Дарханы зам энэ намар ашиглалтад орохгүй нь гээд мэдэгдэж байгаа Сангийн сайд юу ч мэдэхгүй, юуны ч учрыг ойлгохгүй байна гэдэгт хэзээ ч итгэхгүй. Тэгж яривал өнөөдөр Монголын цементийн зах зээлийг булаан авч байгаа урд хөршийн хэдэн компаниас болж Дарханы зам чинь дампуурсныг бүгд мэднэ. Тэдэнтэй төр засаг дахь хэн хэн сүлбэлдэж, үйлдсэнийг түмэн олон мэднэ. Бүгд логиктой. Энэ бүх эх захгүй мэт, учир тойм нь олдохгүй мэт /уг нь хамгийн тодорхой учир шалтгаантай луйврын схем/ хэрэг явдлын гол эздийг АТГ-аас шалгаж байна л гэх. Гэтэл УИХ дахь хамгийн нөлөөтэй байнгын хорооны дарга болчихсоныг нь ард түмэн мэдээгүй явж байх жишээтэй. Хөөе нөхөд өө, УИХ дахь Гадаад бодлого, Аюулгүй байдлын байнгын хорооны дарга гэдэг чинь төрийн гурван өндөрлөгөөс дутуугүй халдашгүй дархан эрхтэй байдаг юм шүү дээ. Их гарын “эд”-ийн ийм том албан тушаалд хэдхэн хоногийн өмнө сэм очиж дархлагдсаныг мэдэрсэн сэтгүүлч ч алга.

Ийм л нөхдүүд тарвалзаж буй байшингаас, орчноос энэ хэрийн эх орноо самарсан, өнөөдрийн өчүүхэн хүндрэлийг далимдуулан, төр засгийн хэмжээнд луйврын замаа засч байгаа учир шалтгааныг цагаан ард түмэн минь даанч нэг ойлгохгүй юм даа.

Цементийн асуудал Монголд хүндэрсээн. Дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрсэн. Тийм болохоор Дарханы зам бас хүндэрсэн. Яг нэг сарын дараа Дарханы замын нэг урсгалыг ашиглалтад өгөх байтал цемент байдаггүй шүү. Урд хөршөөс хямд цемент оруулж ирэхээс өөр арга алга… Өнөөдрийн тайлбар ийм энгийн. Яг л ийм процесс 100 жилийн өмнөх Монголын түүхэнд байсан нь монголчуудын ёс суртахуун өнөөдрийг хүртэл огт өөрчлөгдөөгүйн тод жишээ. Технологийн дэвшил тэнгэрт гартал өөр болсон. Харин монгол хүний ёс суртахуун сайжраагүй юм байна. 1919 онд Цэцэн хан аймгийн сурвалжит ноён, түүхт хүн Доржпалам Богдын төрд ямар нөлөөтэй байж автономитыг устгалцаад Бээжинд очиж бүглээ. Түүх уншдагууд нь мэднэ. Түүний үйлдэл өнөөдрийн том даргатай ердөөсөө ялгарах юмгүй. Өнөөдрийн нөхөр үнэнд гүйцэгдвэл Сентоза арал, цаашлаад Хавай, Хайнань руу дүрвэх байх. Энэ бүгдийн эцсийн үр дүн нь Монгол Улс, Монголын ард түмэн л аймшигтай хохирдог. Хөршүүдийн эрхшээлд үеийн үед явах замыг засч байгаа л шившигт үйлдэл юм даа…