Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Малчны Цагаан сар биш Монголын Цагаан сар юм шүү DNN.mn

Соц нийгэмд Цагаан сарыг “Малчдын Цагаан сар” хэмээн томьёолон нэрлэж, малчдын хүрээнд тэмдэглэх үйл явц өрнөж байлаа. Төв суурингийн айл өрхөд бол хамаагүй баяр шүү хэмээн төрөөс тулгаж. Хөдөө ахуйдаа байгаа бүгдийг магтан дуулж, тэр орчинд байгаа ёс заншлаар золголт хийж, амар мэндээ мэдэж, бэлэг сэлтээ өгч, настан буурлууддаа золгож, яриа хөөрөө дэлгэж, ууц өвчүүгээ тавьж, хөөрөг сэлтээ зөрүүлэн… хуучны бүгдийг сэргээн Цагаан сарладаг байв. Энэхүү Малчны Цагаан сарын утга нь 1990 он гарч шинэ нийгэмд шилжсэнээр үндэсний ухамсартай холилдон сүлэлдэж, бүр хуучин руугаа хэтийдэн, орчин үед нэн тохирохгүй, бүр орчин цагийн шинэ үеийн залуусын үзэл бодол, хандлага, амьдралын хэв маяг, хэмнэлтэй зөрчилдөх хэмжээнд өнөөдөр хүрсэнийг одоо анхаарах цаг болжээ.

Сүүлийн үед Цагаан сараар шинэ үеийнхэнд хийх юм олдохоо байлаа. Ёстой хийцгүйрдэг утгагүй өдрүүд боллоо. Аав ээж рүүгээ дагаж эмээ өвөөдөө золгоно. Ээж аавдаа золгохоо нэг юм гүйцэлдүүлээд байх шиг байна. Дуртай дургүй бууз баншнаас нь бэлдэлцэж байна уу, үгүй юу. Яг сар шинийн өдрүүдээр аав ээж, эмээ өвөөгийнхөө хэлбэрдсэн хөөрөг зөрүүлэлт, улиг болсон мэндчилгээ, ширээ дүүрэн мах гурилыг харан хий эргэлдэцгээнэ. Залуус бие бие рүүгээ “Хийх юм олдохгүй юм аа” хэмээн чаталж, дээш харан хэвтэцгээнэ. Шулуухан хэлэхэд Цагаан сарыг шинэ үе бүгд шүүмжилж байна.

Залууст хамгийн төвөгтэй мэндчилгээ бол ахмадуудын зүгээс “За чи хүнтэй суусан уу, хэдэн хүүхэдтэй вэ, хаана ажиллаж байна. Суусан хүн чинь хаанахын хэн бэ…” ёстой нэг залхааж өгнө. Хүнтэй суугаагүй бол “Яагаад…” хэмээн шалгааж, сургамж хайрлана. “Бидний үед бол…” гэж ирээд мэдэхгүй нийгмийн үзэл суртал яншина. Энэ бүхэн бол шинэ үеийнхний хувьд Цагаан сарын залхаан цээрлүүлэлт. Тийм болохоор шинэ үеийнхэнтэй мэнд усаа мэдэхдээ шинэ түвшинд аваачих хэрэгтэй. Дотоод сэтгэл рүү нь битгий өнгий. Тэдний хувьд эмзэг сэдэв. Ихэнх нь салсан сарнисан, ойлголцлын шатанд яваа, эсвэл хүүхдээ аваад хоёр тийш болсон… гэхчлэн. “Айл их хэсч, агт морь их хурдалж, алт мөнгө их хураав уу…”, “Он цагт тарган сайхан оров уу” гэхчлэн өнөөдрийн залуус ойлгоход нэн бэрх мэндчилгээнүүдээ, тэднээс хол аваач.

Тавгийн идээ будаа, бууз баншны тухайд тэр чигээрээ хоолны дэглэм алдалт. Тэр их махыг, тэр их гурилыг яаж идэх юм бэ. Гурван өдөр халуун гэрт байсан мах шүүсийг яаж хүртэх ёстой юм. Утаатай тагтан дээрээ хонуулах уу. Тэр их хэвийн боовыг идэх нь тэр чигээрээ цээж хорсгоно. Болсон, болоогүй баахан салат, жимс. Шөнө нь яаж хадгалж хонуулдаг юм. Маргааш нь ирэх зочиндоо гаргаад л тавина. Монголчууд нэрлэх үү. Их бага хэмжээгээр идэх л болдог. Сар шинийн дараа эмнэлгээр дүүрэн хоолны хордлого, гэдэс дотрын хямрал, даралт, нойр булчирхайн үрэвсэл… Баяр бүрийн дараа үндэстнээрээ эрүүл мэндийн салбартаа огцом ачаалал өгдөг, Эрээн хот хэмээх залгаа улсынхаа эдийн засаг руу хамаг мөнгөө хийдэг улс үндэстэн цаагуур чинь өөр байна уу…

Бэлэг сэлт авч өгөлцөх асуудал тэр чигээрээ хоцрогдсон зан үйл. Бие биедээ өгч байгаа бэлэг сэлт чинь өгч байгаа хүндээ нэмэр болж байгаа юу ч байхгүй. Зүгээр л мөнгө өг. Өгөх гээд байгаа юм бол шүү. Энэ мэт наад захын өөрчлөлтүүдийг хийхийн тулд эхлээд ахмадуудынхаа, аав ээжийнхээ оюун санаанд салхи оруулж сэхээрүүл. Цаг өөр болсон гэдгийг ойлгуул. Айлаас айл, хамаатнаас хамаатнуудын хооронд дамжсан бэлэг нэртэй оймс, бандааш, түлхүүрийн оосоруудыг одоо боль. Ийм гурван зүйл дээр эхлээд шинэчлэл хийх цаг Монголын Цагаан сарын баярт болсон.

Шашны зан үйл, засал ном, зүг мөр, сүсэг биширэл бол тусдаа зүйл. Цэвэр оюун санааны үйл учраас заагаад байх зүйл биш юм. Шашин бол монголчуудын хувьд эртнээсээ сэтгэл засал байсан. Цагаан сараар муу юм бодож арц хүж уугиулдаг, зам мөрөө гаргадаг монгол хүн гэж байхгүй.

Дээл хувцас бол иргэдийн эрхийн асуудал. Цаг үетэйгээ хөл нийлүүл гэж тулгах боломжгүй ч орчин

үеийн залуусын сонголтыг хүндэтгэн үзэж байгаарай гэж эцэг эхчүүд, эмээ өвөө нарт хэлье. Өмсөхгүй л байна биз дээ. Гэхдээ үндэсний хувцаслалт бол цаг үеэ дагасан. Улам гоё, загварлаг, дэгжин хээнцэр, ер нь монголчуудын өнгөлөг харагдуулах болсныг хэлье.

Эцэст нь хэлэхэд дээрх гурван өөрчлөлт шинэчлэлтийг нэг хоёр бичээд өнгөрөх нь санах сэрэх төдий зүйл. Харин Монголын сэхээтнүүд, юм үзэж нүд тайлсан эрхмүүд, эрдэмтэн судлаачид Цагаан сарын реформ ярих, нийгэмд үзэл суртал хийх цаг болжээ.Гол үзэл санаа нь Цагаан сарыг маш хөнгөхөн, суурин иргэншилдээ тохирсон, наад зах нь орон сууцанд тааруулсан байх. Үүн дээр бодооч, уламжлалаа хадгалсан, гэхдээ цаг үеэ мэдэрсэн Цагаан сарын шинэ хэв маягийг нийгмийн сэтгэл зүйд суулгаж өгөөч.

Гэхдээ их өргөн агуулгаар шүү. Жишээ нь Цагаан сараар хүмүүс хоорондын мэнд ус, яриа хөөрөөнд ярих, ярихгүй сэдвийг хүртэл зааж өгмөөр байна. Нөхрөөсөө салсан эмэгтэй, хүүхдээ дагуулаад золгох гээд ороход нөхрийг нь, хүүхдийнх нь аавыг, хэнтэй суух гэж байгааг нь асуугаад, шалгаагаад, сургамжлаад суудаг ахмадууд баймааргүй байна.

Ширээ дүүрэн мах, гурил өрчихөөд, зогсоо зайгүй идэхийг шаардаж, халаасан айргаар нойр булчирхайг нь өвтгөх шаардлага байна уу.

Архи дарсыг шууд хал, ширээн дээрээс авч хаямаар байна. Таван настай хүүхдээ дагуулчихаад архидаад яваа дүр зураг их. Орон сууцны хорооллуудад бага харагдаж байгаад хууртах хэрэггүй. Гэр хороолол, хөдөө орон нутагт алгын чинээ үрээ дагуулаад айл хэсч архидаж яваа дүр зураг хэвээр байна.

Үндэсний баяраар Үндэсний гэсэн зүйлээ бэлгэнд өгье гэсэн улигт үгийг энд давтаад яах вэ. Зүгээр л үзэл бодол, хандлага, сэтгэлгээний өөрчлөлтөөр Цагаан сарыг нүсэр биш, хөнгөхөн, эдийн засаг хийгээд эрүүл мэндийн хэт ачаалалгүй хийхийг хүсч байна. Үүнийг хүн бүр дотроо боддог ч уриалан дуудаж, түүчээлэн өөрчилж чадах тодорхой масс, сэхээтний хэсэг Монголд үгүйлэгдэж байгаа юм. Социалист нийгмийн Малчны цагаан сарын агуулга хэлбэрээр дүүрэн үргэлжилж байгааг халах цаг болсон. Нийт монголчуудын уламжлалт сар шинийн баяр гэсэн том утга агуулгадаа нийцүүлэн, орчин цаг үедээ тохируулан, бүх нийтээр сэтгэл хангалуун тэмдэглэдэг баяр баймаар байна

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Жуулчдад хонь бэлэглэх нь найран дээр “Халзан цагаан хонь аваарай” гэдгээс огт өөр үр дагавартай даа… DNN.mn

“Нэг жуулчинд нэг хонь” аян юм уу, акц юм уу, аялал жуулчлалыг өндөр түвшинд авч ирэх хөтөлбөр юм уу… за ямар ч байсан нэг ийм зүйлийг нийгэмд явуулаад эхэллээ. Жуулчин бүрд нэг хонь бэлэглэх, зүслэх нь маниусын найран дээр “Халзан цагаан хонь аваарай” гэдэгтэй агаар нэг зүйл биш байх. Мал, амьтны талаарх гаднынхны ойлголт огт өөр. Хүний эрхтэй адил түвшинд амьтны эрхийг дээдэлдэг соёлт нийгмийн иргэд. Манайхан бол мал амьтан дээр таваарлаг хандана. Зарна, борлуулна, алж иднэ, шөл ууна. Өөр ер нь ямар ойлголттой гэж…

Ийм л хоёр өөр ойлголт, хандлага, соёлын асар том зөрүү дээр манай УИХ-ын суудал мөрөөдөгч нэгэн залуу “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг ярьж эхэллээ. БОАЖЯ-ны бодлого болгох бололтой.

Хожмын үр дагаврыг нь шулуухан харж бичмээр байна. Гаднын жуулчин гэдэг бол ядуу хүмүүс биш. Нийгмийн тодорхой түвшинд хүрсэн, мэдлэг боловсрол, хүмүүжил, ёс зүй, хандлага… бүх талаар тогтсон давхаргынхан аялж жуулчилдаг. Тэдгээр жуулчин бүрд нэг хонь бэлэглэх юм байна. Зүсэлж өгөх юм байна. Энэ нь гаднынханд, тэр дотроо барууныханд амьдралд нь тохиолдсон нэгэн баярт, содон үйл явдал болно. Зураг хөргийг нь авна, удмын бичгийг нь нэхнэ. Ер нь Монголын жирийн малчдын хувьд бол “Юун сүртэй юм бэ” гэж дуу алдахаар үйл явц өрнөнө дөө. Бэлгэнд авсан хониндоо насан туршдаа анхаарал халамж тавих тухай бодно. Бодох ч үгүй, ерөөсөө тийм үүргийг хувьдаа хүлээцгээнэ. Өдөр бүр зүсэлсэн хонио харъя гэж интернэтээр холбогдох боломжтой цаг үе, нийгэм, технологийн эрин зуун шүү дээ.

Хариуд нь Монголын малчид ямар байр сууринаас хандах бол. Орой бүр биш юм аа гэхэд долоо хоногт нэг удаа бэлгэнд авсан хониных нь бэлчээрт явааг, хотолж байгааг үзүүлж чадах уу. Тийм соёл хөдөөд байгаа бил үү. БОАЖ-ын яамнаас зохион байгуулаад эргэх холбоог бий болгоё гэж мөрөөдье. Ингэлээ гэхэд бөөн “гай” л болно. Яагаад гээч, өвлийн тачигнасан хүйтэнд, хөр цасан дунд бээвийж зогсоо хонийг харсан гаднын жуулчид ямар сэтгэгдэл төрөх вэ. Санаанд нь багтамгүй дүр зураг, шууд эмзэглэнэ. Шууд л амьтны эрх ярина даа. Үүнийг нь Монголын эрс тэс цаг агаарын дүр зураг, ингэж байгаад нар ногоотой залгадаг юм… гэхчлэн ярьж, сурталдаж түр зууртаа анагааж болно. Аягүй бол Монголын нөхцөлд малаа тэжээдэг юм гээд соёлтой барууныхнаас өвс тэжээлийн зардал ч авч болно. Энэ цааш явах зүйл мөн үү. Ер нь бэлэглэсэн хонь бүхэн өвөл, хаварт зуун хувь амь насны эрсдэлтэй. Тал нь үхэж эндэж л таарна. Үүнийг нь жуулчдад мэдэгдвэл яаж хүлээж авах вэ. Тэд өөрсдийн өмч, хайртай амьтан нь гэж бодож байгаа шүү дээ.

Мэдээж жуулчдыг хулхидах байх. Шууд л харьцалгүй хаяна байх. Үүнийг гаднынхан хаях уу. Нэхэл дагуул болно. Энэ хэрээр гаднын жуулчдын итгэл алдарна. Айна түгшинэ, өрөвдөнө. Бүр нэг өөрсдөө амьтан тамлаад хаячихсан юм шиг болцгооно. Монголын нэр хүнд ямар түвшин рүү явна гээч. Зүгээр л амьтан тамлагч орон гэж нэрлэгдэнэ. Гэхдээ үхэл хагацлаас наана их юм болно шүү…

Цас зуданд бээвийсэн, өвс тэжээлгүй, хашаа хороо нь гэж хачин юмнууд байхыг гаднынхан хараад шууд л амьтны эрх ярьж, ОУ-ын байгууллагуудад хандана. Америкт амьдардаг монголчуудын нэг яриа их бодитой. Эхнэр нь төрөх болж, нэг зарын сайт дээр “Хонь авна” гэсэн зар тавьжээ. Хүмүүс шуугиад л ороод ирсэн. Тэр дотроос нэгэн эмэгтэйг сонгож хонийг нь авахаар очиход нөгөөх нь бөөн баяр хөөр болж “Монголчуудыг малчин хүмүүс гэж мэднэ. Мал амьтны орон гэж сонссон. Та нар бол гайхалтай. Миний хонь хөгширч байна. Би бас

ядарч байна. Хоёр зүйлийг та нар сайн анхаараарай, Миний хонь чихрэнд дуртай шүү, би чихэр өгөөд сургачихсан юм. Орой бүр шүдийг нь угаадгийг бас анхаараарай…” гэсэн гэдэг.

Манай нөхөр бол эхнэртээ шинэ шөл уулгах тухай л бодож очсон хэрэг. Ерөөсөө монголчуудын малын талаарх үндсэн зорилго бол хоол. Махыг нь идэх. Шөлний юм гаргах. Өвлийн идэш шүү дээ. Харин гаднынхны малын талаарх ойлголт бол гэр бүлийнх нь нэг гишүүн. Үр хүүхэд шигээ хайрлана, халамжилна.

Тэгэхээр америк эмэгтэй шиг хүмүүст хонь бэлэглэх гэж байгаагаа Их хурлын суудал мөрөөдсөн тэр залуу бодож үзсэн үү. Эцсийн үр дагаврыг нь бодитой тооцож харсан уу.

Тэгэхээр ирээдүйд ирэх хоёр том зовлон, хойшид юунд хүрэхийг хэлж мэдэхгүй үр дагаврыг энэхүү “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр дагуулж байна. Нэгдүгээрт малчдад зовлон болно. Үхүүлэх эрхгүй, зарж үрж болохгүй, идэш уушиндаа хэрэглэх нь бүр хориотой тийм хэсэг хоньтой, малтай болох нь. Хоёр дахь нь амьтны эрх ярьсан гаднынхны тэмцэл, тийм мэдээллийг анаад отоод сууж байдаг гаднын том ТББ-ууд шууд өлгөж авна. Үр дагавар нь “Азийн цээжин дэх Монгол гэдэг улс нь улаан ярагчид, амьтныг утгаар нь тамлагчид байна. Олон улсын хоригт оруулъя” гэж. Монгол Улсад, монголчуудад бөөн төвөг чирэгдэл учруулна даа. Ер нь монголчууд дэлхийд харгисаараа дуудуудлах, овоглуулах эхлэлийг энэхүү “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр эхлүүлж байна. Хэдэн жилийн өмнө Өвөрмонголд ийм явдал өрнөж, эцэстээ ийм хүнд байдалд орж гялс арга хэмжээ авч зогсоосныг та бүхэн мэдэх үү. Диктатуртай, хагас хаалттай нийгэм учраас олон улсад намжаасан гэж судлаачид үздэг.

Тэгэхээр Их хурлын гишүүн болохыг мөрөөдсөн нөхрийн бодож олсон санаа Монгол Улсыг, монголчуудыг хорлосон үйл явдал болох нь. Ийм ажил хийх чинь буруу. Монголчуудын малд хандах хандлага нэг өөр. Хонь бэлгэнд авах гаднынхны малд хандах философи, үзэл санаа огт өөрийг тунгаана уу. Бид бол малаа зуданд нэг үхүүлнэ, зун нь алж иднэ. Ер нь бол ямар нэг байдлаар л хорооно. Гаднынханд бол энэ тухай ойлголт огт байхгүй. Жуулчинд “За шөл уугаарай” гэж өгч байгаа биш биз дээ. Эсвэл шөлний юм өгөх гээд байгааг нь би буруу ойлгоод байна уу…

Б.Нямаа

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Чингэлтэйгээс сонгогдсон гурван гишүүний хоёр нь хулгайн хэрэгт холбогдлоо, бид ер нь ямар хүмүүс сонгоод байна вэ DNN.mn

Ингэж бодогдож, эргэлзэж байна уу, чингэлтэйчүүд ээ. Та бүгдийн УИХ-д сонгосон гишүүдийн нэг нь Нүүрсний хулгайд, нөгөө нь автобусны хулгайд холбогдчихлоо. Та бүгдийн төр дэх төлөөллийн 65 хувь нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт татагдлаа шүү дээ. Энд зөвхөн Чингэлтэй дүүргийн олон мянган сонгогчдын төлөөллөөр жишээ авч байна. Бусад тойргуудыг бас хар. Ардчиллын 33 жилийн түүхэнд Ардчилсан хүчнээс нэг ч хүн сонгож үзээгүй, тувт МАН-ын гишүүдийг сонгосон Говь-Алтай аймгаас сонгогдсон хоёр гишүүн нь хоёулаа авлига, албан тушаалын хэргээр сонгуулийн дараа дээлээ нөмрөхөд бэлэн боллоо. Угтаа МАН-д улаанаар зүтгэсэн алдарт Говь-Алтайчууд маань УИХ-д зуун хувь гэмт хэрэгт холбогдогчдыг сонгосон байх жишээтэй. Өнөөдөр тэгээд Говь-Алтай аймгийнхаа хөгжил цэцэглэлт, байгаа царайг харцгаа. Бүгд л ажил амьдралаараа туйлдлаа. Хөгжлийн индексээрээ 21 аймагтаа мөнхөд сүүл мушгиж ирэв. Харин тус аймгийн Баян-Уул суманд нь Дагвадорж гэж хүн хоёр сайхан хүү төрүүлсэн нь сайн хэрэг. Тэр хоёр хүү аавынхаа, өвөг дээдсийнхээ нутаг усыг бодон бодон, шүтэн дээдлэн байж, 30 жил хийсэн бизнесээ эрсдэл оруулан Говь-Алтай аймгийг засмал замтай холболоо. Үүнд сонгосон МАН-ын гишүүдийнх нь гавьяа түй ч байхгүй. Ер нь бол 21 аймагтаа хамгийн сүүлд засмалтай болж байгаа нь тэр. Тэдгээр улстөрчдөөс илүү Говь-Алтайчуудын өмнө гавьяа байгуулсан хүмүүс бол МАКС гурппийн эзэд гэдгийг монголчууд мэднэ. Эмгэнэлтэй нь ирэх сонгуулиар МАН-ыг дахиад сонгоно гэдэгт говьалтайчуудад эргэлзэхгүй байна. Тэд тэгж л сохорсон, МАН-ынханд тархиа угаалгаж ертөнцийн мухарт шидэгдсэн ард түмэн юм.

Харин Монголын нийслэлд байгаа чингэлтэйчүүд, хотын бусад дүүргийнхэн, мөн мэдээлэлд харьцангуй ойр байгаа аймаг, хотынхон тэгж мулгуурмааргүй байна. Хүнээ таньж сонголтоо хийх цаг болжээ. Ерөөсөө бидний улс төрийн сонголт их тэнэг. Заавал хоёр туйл руу явдаг. Жишээ нь, 2020 оны УИХ-ын сонгуулиар Чингэлтэй дүүргийн сонгогчдын дийлэнх хэсэг нь АН-аас нэр дэвшсэн Г.Баярсайхан нарын хүмүүсийг дайсан мэт үзсэн. Тийм хэмжээнд МАН-аас нэр дэвшсэн, өнөөдөр гэмт хэрэгт холбогдоод байгаа гишүүд тархийг нь угаасан. Үр дүн нь өнөөдөр хар. Бүгдээрээ албан тушаалын гэмт хэрэгт холбогдогчид болчихсон, төрд төлөөлөлгүй дүүрэг болчихсон, ганц эмэгтэй гишүүн М.Оюунчимэгтэйгээ яахаа мэдэхгүй сууцгааж байна.

Үнэндээ 2020 оны УИХ-ын сонгуулиар Чингэлтэй дүүргийн сонгогчид МАН-аас нэр дэвшсэн Т.Аюурсайхан, Ж.Сүхбаатар нарыг бурхан мэт үзэж, өндөр хувьтай сонгосон шүү. Одоо тэгээд “бурхад” нь ямар хүмүүс байцгаасан байна вэ. Тавлаж байгаа юм биш, сонголт чинь харанхуй байна гэдгийг л хэлж байна. Ж.Сүхбаатар гишүүнийг нийслэлчүүд ямар ихийг хийж бүтээнэ гэж итгэж найдлаа. Түгжрэлийг бууруулах сайдаар хүртэл томилсон. Тэгсэн тэр хамгийн гомдмоор нь “Эд муусайнуудад ийм л нийтийн унаанууд таарна” хэмээн үзэж, хулхи ногоон автобусууд шахсан нь илэрч Монголын шившиг боллоо. Яг мөн чанараараа мань эр чингэлтэйчүүдээ ингэж л дорд үзсэн, халаасан дотроо салаавчтай, хуурамч нөхөр явж байжээ.

Аюурсайханыг шударгын туйл гэж чингэлтэйчүүд үзэж байлаа. Тэгсэн Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнээс хэд дахин давсан тоон дүнтэй, эх орноо тонон дээрэмдсэн Нүүрсний хулгайн загалмайлсан эцэг шахам нэрлэгдэж байна. Ийм итгэлгүй, хуурамч дүр эсгэсэн попыг чингэлтэйчүүд сонгосон байж. Чингэлтэй дүүргийн мянга мянган сонгогчийн улс төрийн сонголт ийм харанхуй, эмгэнэлтэй байлаа.

Үүнд тэгээд хэн буруутай юм бэ. Сонгогчид та бид л буруутай. Тэд сонгуульд ялахын тулд Ардчилсан хүчнийхнийг харлуулан гутаадаг. Бүр доромжилдог. Тэгвэл АН ер нь монголчуудад ямар гэм хийсэн улс төрийн хүчин юм бэ. Монголын ард түмнээс Нүүрснийхэн шиг хулгай хийсэн үү. Ямар утаа, түгжрэл бий болгов. Түүхэндээ 33 жилийн хугацаанд хоёр удаа л хальт мөлт төрийн эрх барьж үзсэн. Тэр он жилүүддээ иргэдээ хувийн өмчтэй болгосон нам шүү дээ. Орон сууц хувьчлахаас эхлээд алдарт их хувьчлалыг хийсэн. Энэ бол эдийн засгийн жинхэнэ реформ байсан. Их хувьчлалын үр дүнд л Монголын үндэсний хөрөнгөтнүүд анх удаа бий болох эхлэл тавигдсан. 30 жилийн түүхээ эргээд сайн тунгаагаад үзээрэй. Хоёр дахь удаагаа Засаг барих үедээ бонд босгож 21 аймгаа засмал замтай холбож, хахаж түгжирч үхэх шахсан нийслэлийн зам уулзваруудыг шинээр тавьж өргөтгөн, томоохон хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар бол өр огт биш. Тэр бол хөгжлийн зээл байсан гэдгийг МАН-ын тулхтай эдийн засагчид бүгд хүлээн зөвшөөрдөг. Зээл авч байж л бизнесийг тэлдэг, хөгждөг, айл өрх, аж ахуй нэгж хүртэл зээлээр л хөл дээрээ босдог биз дээ.

Гэтэл энэхүү хөгжлийн зээл болох Чингис бондын хөрөнгийг нийгмийн сэтгэл зүйд автоматаар шууд Өр болгон сурталчилсан. Өр гэдэг өөр, Зээл гэдэг огт өөр эдийн засгийн ойлголтууд болохыг иргэн бүхэн мэднэ. Тийм хэдий ч МАН-ын тэр их улстөржсөн үзэл суртал, ухуулгаас болж өнөөдөр зээл-өр хоёроо ялгахааргүй хийрхэлд автсан байна. Зээлийг өр болгож, түүний ялыг АН-д тохож, үүнийгээ суртал ухуулгын зэвсэг болгон ирэх сонгуульд дахиад орох гэж байна. Дахин сонгуульд ялахаар МАН улайрч эхэллээ.

Шулуухан хэлэхэд МАН-ын ийм л хар муу технологийн үрээр энэ их утаа, түгжрэл, нийгмийн стресс бий болсон. Үүнийг ухаарах сэхээрэх боломжийг иргэдэд огтхон ч өгөхгүй байна, өнөөдрийн эрх баригчид. Ийм байж болох уу…

Энэ бүгдийн эцэст нэг л үнэнийг хэлье. Одоо чингэлтэйчүүд ээ, нийслэлчүүд ээ, нийт монголчууд аа та бид сонголтоо зөв хиймээр байна. Хийрхмээргүй байна. Хий хоосон амлалтад хууртмааргүй байна. Улс төрд хагас үнэн гэж байхгүй. МАН-ын гайгүй гэж байгаа улстөрчид бүхэн хагас үнэн. Харин бусдад нь үнэн юм алга. Хуурамч, худалч, дүр эсгэсэн нөхөд болохыг та бид өнөөдөр бэлээхэн харж байна.

Харин АН-ын нэр дэвшигчдийн ялгаа нь тэдэн дотор бүтэн үнэн улстөрчид бий. Худалчууд байгааг бас нуухгүй. Гэхдээ АН-ын дотоод ардчилал гайхамшигтай, нийгэмд ил байдаг нь хуурамчуудаа илчлээд, бүтэн үнэн улстөрчдөө ил тавьчихдагт байгаа юм. Алган дээрээ тавьсан юм шиг харж байдаг АН-ын нэр дэвшигчдийг энэ удаагийн сонгуулиар ард түмэн анзаараад сайн хараарай. Тэдний алдаа оноо бүхэн ард түмний нүдэн дээр ил байдаг болохоор зөв сонголт хийхэд амар, бас шударга байна. Та бүгдийн сонголт зөв, мэргэн байхад хамгийн их нөлөөлөх нь энэхүү ил цагаан ардчилал юм шүү

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Оюу толгойн авч байгаа монгол толгой нарыг харахаар “ээ хөөрхийдөө” гэсэн бодол төрөх юм DNN.mn

Оюу толгой руу байсхийгээд л дайрах юм. Уурхай дээр нь очиж жагсаад л, Монголын баялгийг дээрэмдэж тонож байгаагаар нь дуудаад л… Энэ нь нэг хэсэг хүний ажлын хэмнэл болчихлоо, бүр монголын нийгмийн нэг хэсгийнхний хүлээж байдаг сэдэв болчихлоо. Сонгууль ойртох тусам Оюу толгой руу дайралт чиглэдэг. Өвлийн эхэн, хаврын эхэн сард Өмнийн говь, Оюу толгойн уурхайг чиглэн очиж жагсаж тэмцдэг ТББ, хэсэг бүлэг хүмүүс бий болоод удлаа. Тэдний энэ үйлдлийг “Өдрийн сонин” л лав дэмждэггүй. Оюу толгой бол Монгол дахь гурав дахь хөршийн байр суурь, тусгаар тогтнолын баталгаа, эдийн засгийн том урсгал, гадаадын хөрөнгө оруулалтын гайхамшигтай жишээ гэж үздэг учраас тэр. Тэгж л эх орны төлөө тэмцэх гээд байгаа юм бол Оросын мэдэлд байсан, тэдэнд хамаг ашиг орлогоо өгч, үе үеийн луйварчид ханаж цадахгүй цусалж ирсэн Эрдэнэт үйлдвэр дээр очиж жагсаж цуглаж, бузар булайг нь уудалдаггүй юм бэ. Тийм тэмцэл жагсаал ер нь болж байсан уу.

Шулуухан хэлье, Эрдэнэт үйлдвэр нь эртнээсээ өөрсдийгөө хамгаалах дархлаагаа, нөгөө талаас реклам сурталчилгаагаа Монголын нийгэмд гайхамшигтай хийж ирсэн газар. Наад зах нь 30 гаруй жилийн өмнө зохиогдсон “Эрдэнэтийн овоо өнгөтөй байна аа…” гэсэн дууг нь үе үеийнхэн бүгд мэддэг, дагаж дуулсаар өнөөдрийг хүрсэн байх юм. Үйл ажиллагаагаа, нийгмийн хариуцлагаа нийгэмд, ард түмэнд ойлгуулах сурталчлах ажилд тус үйлдвэр нь Монголын өдөр тумын сонин хэвлэл, мэдээллийн сувгуудыг гайхалтай ашигладаг, хамтарч ажилладаг. Энэ дэд бүтэц нь Эрдэнэт үйлдвэр халдашгүй дархан байх боломжийг бүрдүүлдэг. Тэгвэл яагаад Оюу толгойн үйлдвэр тийм биш байгаа юм. Ийм эмзэг, мөнхөд нийгмийн дайралтад өртөж, овоо хараанд нь байна. Анзаарч хар л даа. Оюу толгойн уурхайг эхэлсэн цагаас нь өнөөдрийг хүртэл дэмжиж яваа бидний бодлоор бол өнгөрсөн хугацаанд Оюу толгой нь монголчуудын хайрыг татсан уурхай, гадаадын хөрөнгө оруулагч болчих байлаа. Гэтэл тэгсэнгүй. Харинчиг зүхүүлэх нь улам их боллоо. Үүний шалтгааныг хэвлэл мэдээллийнхэн үзэхдээ, ерөөсөө Оюу толгойд ажиллаж байгаа монгол хүмүүсийн бэртэгчин зангийн үр дагавар гэж дүгнэж байна.

Оюу толгойн ТУЗ гэж бий. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандиас эхлээд Канадад Элчин сайд байсан Батсүх, за тэгээд цөөнгүй хүний нэрс тодорхой дурдагдана. Багабандийг сайн хэлдэг монгол бий бил үү. Алтан бүсийг нь хараад л зүхээд унадаг биз дээ. Мэдэх хүмүүс нь мэдэж байгаа. Сүүлд нэг монгол охин ТУЗ-д нь орсон. Тэр охин лав монголоор зөв бичдэг гэдэгт итгэхгүй байна. Энэ охины жишгээр бол баруунд өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс л тус компанийн ТУЗ-д орох ёстой юм шиг байна. Хэвлэл мэдээллийнхэн бол тэгж бодохгүй байна. Харинчиг Монголын амьдралаа онцгой сайн мэддэг, энэ нийгмээс гарч ирсэн боловсрол мэдлэгтэй монгол хүмүүсийг Оюу толгойн ТУЗ-д оруулдаг болмоор байна. Аав ээж нь гадаадад Элчин сайд байсан, тэнд төрсөн, тэнд сургууль соёлоо дүүргэсэн, монголын тухай аав ээжийнхээ амнаас сонссон төдий мэдлэгтэй, англи хэлтэй, ази царайтай, монгол нэр овогтой “гадаад хүмүүс”-ийг Монгол дахь

гадаадын ганц том хөрөнгө оруулалт болох Оюу толгойн компанийн ТУЗ-ийн гишүүнээр сонгомооргүй байна. Тэд Монголын талаар юу ч мэдэхгүй, харин Монголын нэрийн өмнөөс жилдээ доод тал нь 300 сая төгрөгийн цалин аваад сууж байна. Эндээс харахад Оюу толгой компанид ажиллаж байгаа, удирдлагын багт болон шийдвэрт нөлөөлөх түвшний бүх монгол

төрхтнүүд муу ажиллаж байна. Тэд Монгол Улсын төлөө өчүүхэн ч сэтгэлгүй байна. Тэдний туйлын хүсэл бол Оюу толгой компаниас авч байгаа 15-20 сая төгрөгийн цалингаа л бүтэн авч байх. Тэгэхийн тулд тэднийг хуурч ажиллах зарчимтай. Монголын тухай ойлгуулахдаа “Бүх асуудал ОКЕЙ байна. Болж байна, бүтэж байна” гэсэн ойлголтыг гадныханд өгдөг. Ер нь бол монголчуудтай ийм л түвшний харилцаатай байхад болно. Реклам сурталчилгаа, компанийн үйл ажиллагааг монголчуудад ойлгуулах шаардлага байхгүй гэсэн хандлагатай явж ирцгээлээ. Ийм эх оронч бус, бэртэгчин, амин хувиа бодсон байдалтайгаар Оюу толгойд ажиллаж, иймэрхүү монгол толгойнуудыг

Оюу толгойнхон ашиглаж байгаагийн үр дагавар нь энэ бүх эсэргүүцэл, жагсаал цуглаан юм. Сая та бүхэн тэр Оюу толгой компаниас гаргасан мэдэгдлийн утга агуулга, үзэл санааг харсан байх. Мөн ч өчүүхэн утгатай, үг үсэг найруулга харагдаж байгаа биз. Тэрхүү мэдэгдлийг мэдээж Оюу толгойн зүгээс авч ажиллуулж байгаа монгол толгой нар л бэлдсэн байх.

Мэдэгдэлд ингэж бичсэн байгаа юм “…олон жилийн дунджаар оны төгсгөлд осол, гэмтэл өсдөг тул ажилтнуудынхаа эрүүл мэнд аюулгүй ажиллагааг хангах зорилгоор уурхайн цогцолборт байрладаггүй ажилтнууд болон зочдын… гээд монголоор хэлэх юм бол уурхайд орох хөдөлгөөнийг хаасан юм шиг байна.

Ажилтнууд гэдэг бол уурхайн дарга нар юм. Ажиллагсад гэвэл огт өөр ойлголт. Шууд утгаараа бид захирлуудаа буюу дарга нараа хамгаалж байна гэсэн утга. Хандлага бол жижигдэхгүйгээр мэдрэгддэг зүйл. Ийм хандлагыг Оюу толгой компанид өндөр цалин авч, боломжийн албан хаагч хийж байгаа монгол хүмүүс л зохион байгуулж байна. Ийм монголчууд Оюу толгойн уурхайг Монголын нийгэмд зөвөөр ойлгуулах ажлыг завхруулдаг. Мэдээж тус компаниас мэдээлэл сурталчилгаанд зориулсан төсөв мөнгийг гаргаж байгаа. Түүнийг нь яаж зарцуулж байна гэхээр хэдэн сэтгүүлч цуглуулж мэдээлэл хийгээд, хоолны мөнгө тараачихдаг. Бусдыг нь өөрсдөө угаачихдаг. Угтаа бол редакциудад нь албан ёсны гэрээтэйгээр сурталчилгааны мөнгөө өгөөд явбал Монголын нийгмийн сэтгэл зүйд Оюу толгой аль хэдүйн зөвөөр ойлгогдчих байлаа.

Оюу толгой хамгийн том эдийн засаг, ийм л уурхайнуудыг олноор байгуулж, ийм л хөрөнгө оруулагчдыг хэдэн зуугаар нь Монголд оруулж ирмээр байна гэсэн үзэл санаа төлөвшчих байлаа. Монголын ард түмэн нийтээрээ алга ташаад сууцгааж байх байлаа. Гэвч тийм реклам сурталчилгааны эрүүл бүтцийг тус компанийн хэвлэл мэдээллийн алба хийж чадсангүй. Өнгөрсөн хугацаанд үсрээд л шинэ жилийн баярын хоолны рекламны дундуур цухасхан, наадмын бөх, морины уралдааны дундуур хальтхан “Оюу толгой” гэсэн бичиг үзэгдэх төдий сурталчилгаатайгаар явж ирлээ. Үүнд Монголын ард түмэн буруугүй. Харин Оюу толгойн авч ажиллуулж байгаа монгол толгой нар, Оюу толгой компанийн хэвлэл мэдээллийн албаны хүмүүсийн амин хувиа бодсон сэтгэхүй л буруутай. Шулуухан хэлэхэд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай шударгаар, зарчмын дагуу хамтарч ажиллахад хагас жилийн дараа Оюу толгой бол Монголын эдийн засгийн аврал юм гэдгийг монголчууд ойлгох болно. Монголчуудын хамгийн сайн найз нөхөр нь Оюу толгой компани болно.

Б.Нямаа

Categories
мэдээ цаг-үе

Солонгосын олон удаагийн виз олгох журамд өөрчлөлт оржээ DNN.mn

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өчигдөр “Монгол Солонгос сэтгүүлчдийн клуб”-ын оны хаалтын арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү БНСУ-ын Хууль зүйн яамнаас Монгол Улсын иргэдэд олон удаагийн виз олгох журамд өөрчлөлт орж байгаа талаар танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар БНСУ-д айлчлахдаа визний асуудлыг хэлэлцсэн. Харин БНСУ-ын зүгээс виз олгох нөхцөлийг уян хатан байлгах чиглэлд анхаарна гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал, олон удаагийн визний олгох хүрээг нэмэгдүүлэх чиглэлд боловсролын зэрэгтэй холбоотой нөхцөлийг хөнгөвчлөх визний өөрчлөлтөд БНСУ-д коллежоос дээш хөтөлбөрийг дүүргэсэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн болгож өөрчилжээ. Зөвхөн бакалавр байсан бол коллежоос дээш хөтөлбөрийг дүүргэсэн болгож өөрчилсөн байна.

Мөн визний хүчинтэй хугацааг сунгах чиглэлд богино хугацааны аялал, оршин суух хугацаа 90 хоног, хүчинтэй хугацаа гурван жил болгож сунгажээ. Энэхүү өөрчлөлт нь энэ сарын 20-ны өдрөөс эхэлж албан ёсоор хэрэгжиж эхлээд байгаа аж.

БНСУ-ын хувьд визний нөхцөлийг уян хатан болгож байгаа хэдий ч визний зөрчилтэй хатуу тэмцэхээ илэрхийлж байна.

Б.НЯМДОРЖ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Жирийн хулгайчаа зарлаад жил, жинхэнэ хулгайчаа зарлана гээд сар боллоо DNN.mn

Таван толгойн нүүрсний хулгайг ярьж байна л даа. Жилийн өмнө юу болж байв. Төв талбай дээр сүйд хийх нь гэмээр нүүрсний хулгайчидтай тэмцсэн. Төрийн ордонд хүртэл “УИХ-ын гишүүн тэр тэр бол “Нүүрсний хулгайчид”-ын эхний хэсэг юм” хэмээн зарлаж, нэрлэгдсэн гишүүд нь тэр дороо үсэрч гарч ирэн “Бид бол биш, харин тэр тэр улстөрчид, УИХ-ын гишүүд нүүрсний хулгайчид шүү” хэмээн зарлаж, хөл толгойгүй юм улс төрийн орчинд өрнөсөн билээ. Үүнд эгдүүцэн дургүйцсэн иргэд, олон нийт талбай дээр жагсаж, суулт хийж, гарын үсэг цуглуулан, дунд шатны дарга захирлуудыг АТГ, Цагдаагаас тэр өдрүүдэд баривчлан хорьж, тэдгээр нөхдийг ард түмэн зүхсээр өнөөдөрт хүрлээ.

Яг үнэндээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг гэсэн ганц нэртэй л байна. Тэр нь өөрийгөө шоронд хорлогдож байгаагаа Шүүх хурлын танхимаас мэдэгдсэн төдий үйл явцтай. “Нүүрсний сонсгол” нь ч хийгдсэнгүй. Нүүрсний сонсгол явуулах үүрэгтэй Ажлын хэсгийн дарга нь өөрөө нүүрсний тээвэрлэлтэд нэр орооцолдсон. Аргаа барсан Л.Оюун-Эрдэнэ Ажлын хэсгийг дахин байгуулав. Тэгээд ч явсангүй. Өнөөдөр ямартай ч ХЗДХ-ийн сайдаар шинээр томилогдсон Б.Энхбаяр “Нүүрсний сонсгол” хийх Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна.

Хөгжлийн банкны сонсголыг басчиг хийсэн нөхөр. Нүүрсний сонсголыг явуулах туршлага, эрх зүйн мэдлэг, гаргалгаа түүнд байх учиртай. Тэрбээр Ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон даруйдаа “Жинхэнэ хулгайч нарыг одоо л зарлана” гэсэн утгатай мэдэгдлийг хийлээ. Хийгээд сар боллоо…

Одоо тэгээд үнэнээсээ зарлаач ээ, Б.Энхбаяр сайд аа. Жирийн хулгайч нар чинь шорон гянданд хоригдож, басчиг дунд шатны хулгайч нар гар хуруугаа татах маягтай байна. Нөгөө сүртэй зарласан том хулгайч нар чинь сураггүй шүү. Ийм үед Б.Энхбаяр жинхэнэ хулгайч нарыг зарлана гэдгээ мэдэгдлээ. Ард түмэн хүлээж эхэллээ. Ард түмний хүлээлт бол аюултай шүү.

Ер нь бол “Нүүрсний сонсгол”-д гэрчээр дуудагдсан нөхдөөр жинхэнэ хулгайч нарын нэрийг “гэрэл цохиулах” төлөвлөгөөгөө гаргасан нь энэ бололтой. Түүнийг нь мэдэх том хулгайч нар нь мэдээж сөрсөн базаагаа хийж эхэлсэн нь нууц биш. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт одоо юу дутна гэх вэ. Хуулийн эрх мэдэл түүнд л байна. Өөрөө нүүрсний хулгайд холбогдоогүй бол жинхэнэ хулгайч нарыг зарлах л ёстой. Тэгээсэй билээ гэж л Ерөнхий сайд Б.Оюун-Эрдэнэ түүнд ХЗДХ-ийн яамыг атгуулсан байх. Одоо “Нүүрсний сонсгол” хийх өдөр хүртэл 10 гаруйхан хоног үлдлээ. Б.Энхбаярын зүгээс “Хулгайтай холбоотой мэдээллийг ард түмнээс авна. Эх сурвалжийг нууцална” л гээд сууж байна. Гэтэл удахгүй шинэ жил. Баярын хөлд замхаруулж, хүчгүйдүүлээд шинэ он гарах байх. Залгуулаад Цагаан сар. Бас л том долгион нийгэмд үүснэ. Ингэж замхаруулаад сонгуульд зориулсан “Нүүрсний сонсгол” хийж, намаасаа нэгэнт жийгдсэн, карьер нь дууссан, нийгэмд нэр муутай УИХ-ын гишүүн ганц хоёр нөхрийг золиосонд гаргаж, жинхэнэ хулгайчдыг илрүүлсэн нэр зүүгээд пиарын сонсгол болгочих бий дээ…

Ер нь харж байхад Тавантолгойн нүүрсний орд нь эрх баригч МАН-д үнэхээр дүүрэн ашгаа өгч иржээ. Нүүрсний хулгайд оролцоогүй гишүүн, сайд, дарга нар энэ намд байхгүй бололтой. Өнгөрсөн хугацаанд ялалт байгуулсан бүх сонгуулийг МАН-ынхан Таван толгойгоор хийсэн юм шиг байна. МАН-ынхны шуналын нүд өдөр шөнөгүй энэ орд дээр тусч, жинхэнэ баялгийн хараал хүрчээ. Одоо харж байхад “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлууд нь МАН-ын том дарга, гишүүдийнхээ нэхсэнийг хангалттай өгчихөөд үлдсэн дээр нь өөрсдөө найрлаад эхэлсэн бололтой. Ингээд Б.Ганхуяг нарын нөхөд баригдсан. Удахгүй гаргаад авчихна, магадланд хүртэл тэвч… тушаалтай нөхөд суллагдах өдрөө хүлээгээд хэвтэж байтал чангалаад эхэлж. Ингээд ирэхээр өнөө

Б.Ганхуяг нарын Таван толгойн захирал, дарга болох нэр бүхий хоригдож байгаа нөхөд өгч байсан МАН-аа ноолоод эхлэв бололтой. МАН-ын томчуудаа айлгаад эхлэв. Хамтдаа “үхэцгээнэ” шүү, хамт л шоронд сууна шүү хэмээн Б.Ганхуяг шууд заналхийлээд эхэлсэнийг

 

нийгэм харлаа. “Би нүүрсний хулгайч юм бол МАН-ын бүх том дарга, УИХ-ын бүх гишүүнд надтай адилхан хулгайч нар” хэмээн ил цагаан Шүүх хурал дээр ярихыг бид харлаа. Ийм нөхцөлд “Нүүрсний сонсгол” хийгдтэл их юм туулах, ер нь бол үзэх бололтой.

Нүүрсний хулгай ийм өндөр автал, нийгэмд бузар булайгийн жишээ болтол юу туулав. Нийгэмд “гэрэл цохиулах” хүчин зүйл нь юу байв. Идэж уух маань арай дэндлээ, одоо Таван толгойг улсад нь өгчихвөл энэ улс орныг тэжээчих юм биш үү гэж харсан ч байж магадгүй. Ингэж хүртэл бодох юм байна шүү дээ.

Яг өнөөдөр бол ч Таван толгойг мөнгөний гэхээсээ илүү пиарын их ашиг орлого болгочихлоо доо. “МАН хулгайчидтай, авлигачидтай тэмцэж байна. Илрүүлж чадаж байна. Ингэж тэмцсэн эрх баригчид урьд өмнө байгаагүй…” гэсэн пиарын зам дээр гаргачихлаа. Энэ

нь сая бичсэн “Нүүрсний сонсгол” нь шинэ жил, цагаан сар хоёрыг нэг юм гатлаад, сонгуулийн аман дээр аваачиж бүр ч гоё пиар болгон төгсгөх байх гэсэн бодол. Ард түмэн мэдээж “Авлигачдыг алж өглөө дөө, МАН” гэсэн сайшаалтайгаар санал өгөх өдөртэй золгоно.

Гэхдээ байна шүү дээ, хулгай алга болсон гэж бодохгүй байгаа шүү. Өнөөдөр Таван толгойгоос хулгай хийсээр байгаа гэдэгт нэг их эргэлзэхгүй байна. БЭТ-тэй ч нүүрснээс хулгайлна. БЭТ-гүй ч нүүрснээс хулгайлна. Ийм л муу ёрын дон хулгайчдад шүглэсэн. Цаад Таван толгой орд нь арвин их ч юм даа. Дуусашгүй их баялаг юм. Хусаад л, хулгайлаад… дараагийн ээлж нь орчихсон ч яваа юм уу, хэн үгүйсгэх юм бэ. Хэн ч хулгайгүй болсон гэж Таван толгойн хэмээх тэрхүү аварга бассейнийг хэлэхгүй. Батлах боломж ч үгүй мэт…

Эцэст нь хэлэхэд жирийн хулгайч нарыг ч нэг юм шоронд хорьж болоод байна. Нийгмийн сэтгэл зүйд таашаагдаад. Жинхэнэ хулгайч нараа одоо нэрлэх нь хамгийн чухал байна шүү дээ. Саяхан чуулган дээр МАН-ын даргын бахирсан “Магадлангаар гарах тухай ойлголт байхгүй шүү” гэдэг үг, үүнийгээ хуульчлахыг зорьсон нь угтаа жинхэнэ хулгайч нарыг илрүүлэх эрх зүйн гаргалгаа нь байсан. Өнөөдөр гишүүд, сайд, том дарга нарын хэргийг үүрэн, нууцлан, магадлангаар гарахыг хүлээн шоронд суугаа жирийн хулгайч нар, дунд шатны дарга нарыг шоронд нэг мөр суулгаж, далд эзэд, жинхэнэ хулгайч нарыг илрүүлэх гэсэн хуулийн арга. Жирийн хулгайч нараар нь жинхэнэ хулгайч нарыг нь нэрлүүлээд, “Нүүрсний сонсгол”-оор нэрсийг нь нийгэмд зарлуулж, ард түмний санааг амраах цаг хэзээ юм бол гэж бодож сууна даа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

D.Parliament.mn буюу бүгдээрээ УИХ-ын гишүүн болох боломж бүрдлээ DNN.mn

Монголд D.Parliament.mn вебсайт болон D-Parliament апп өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийгээд удаагүй байна. Энэхүү цахим систем төр дэх иргэдийн оролцоог үнэмлэхүй өндөр түвшинд авчирлаа. Ер нь бол иргэд бодит утгаараа төрийн эрхийг барилцах боломж бүрдэв. Одоо ганцхан иргэн бүр идэвхтэйгээр ашиглах л чухал байна. Ямар учиртай цахим систем бэ гэвэл УИХ-аас шинээр батлагдах хуулийн төслүүдийг бүрэн эхээр нь эдгээр сайтад нийтэлж байгаа юм. Хууль санаачлах эрхтэй Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, бусад субъектууд нь санаачлан боловсруулсан хуулийн төслүүдээ тэр чигээр нь энэхүү цахим системд байршуулж, үүнд нь иргэн бүр нээлттэй саналаа өгнө. Дэмжих, эсэргүүцэх, саналаа бичих гурван үйлдэлтэй. Хууль, дүрэм журмын дагуу хуулийн төслийн зүйл, заалт бүгдэд иргэдийн өгсөн санал хүсэлтэд тухайн хуулийг боловсруулж байгаа Ажлын хэсгийнхэн заавал хариулт өгөх үүрэгтэй. Тэр бүү хэл иргэдийн тодорхой саналууд протоколын байдлаар УИХ-ын архивт хадгалагдана. Тухайн хуулийн төсөл дээр иргэдийн үнэмлэхүй олонх нэгдмэл байр суурьтай санал өгсөн бол түүнд нь зориулсан тухайлсан Ажлын хэсэг байгуулах, хэлэлцэх юм байна. Жишээ нь, 25 мянган иргэн хуулийн нэг заалт дээр санал нэгдсэн бол УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ гэх мэт.

Ерөөсөө энэ нь л Монголын ард түмнийг УИХ-ын гишүүдтэй нэг статустай болгож байгаа үйл явц юм. Онцгой дэвшил хөгжил билээ. Ардчилсан нийгэмд жинхэнэ утгаараа ард иргэд төр засгаа барьж эхэллээ гэсэн үг. Энэ боломжоо л ард түмэн ашиглах цаг иржээ. Тухайлбал НӨАТ-ыг таван хувь болгоё гэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард иргэдийн зүгээс энэхүү d.parliament.mn цахим сайтад санал болгож, үүнийгээ хэдэн мянгаараа дэмжин давалгаалж болно. Ингэж чадвал тухайн хуулийг хэлэлцэхээс өөр замгүй болно. Эсвэл НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь биш, таван хувь болгоё гэж ч иргэд санаачилж болно. Иргэдийн энэ мэт ашигтай санал үр дүнд хүрэх боломжийг энэхүү d.parliament.mn сайт нийгэмд олгож байна.

Ард иргэд засгийн эрхийг барих боломж улам их нээгдлээ гэдгийг л уншигчдадаа хүргэж байгаа хэрэг шүү дээ. Өнөөдөр иргэдийн амьдралд хэрэгтэй, нэн даруй засч сайжруулах шаардлагатай олон хууль бий. Ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь руу шилжүүлэх Шадар сайд С.Амарсайханы санаачилсан хууль бол ард түмний хүсэн хүлээж байгаа хууль. Дээрх цахим системд иргэд хэдэн мянгаараа ипотекийн зээлийг зургаан хувьд шилжүүлье гэсэн санал өгөхөд хуульд өөрчлөлт орох боломжтой. Энэ мэтээр банк санхүү, татварын хөнгөлөлт дээр иргэд хуулиа онцгойлон судалж, санал нэгтэйгээр өөрчлөлт хийе гэцгээвэл цаана чинь d.parliament.mn гэсэн хууль тогтоох засаглалд оролцох боломж бий болсон шүү.

Тухайлбал СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль… гэх мэтчилэн ард иргэдийн амьдралд өдөр тутамд хэрэглэгдэж байгаа, гэхдээ үр дүн нь сөргөөр туссан олон арван хууль бий. Эдгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, засч сайжруулах цаг болсныг нийгэм даяараа шуугиж өнөөдөрт ирлээ. Тэгээд өөрчлөхөд яагаад байгаа юм бэ. Амьдралд нийцэхгүй байна гэдгийг бид алхам тутамдаа харж, шүүмжилж байгаа учир эдгээр хуулиудад нэмэлт өөрчлөлт орох нь гарцаагүй юм. Тэр цаг нь ирэхээр d.parliament.mn сайтад хуулиудын нэмэл

өөрчлөлт, тэдгээрийн төслүүд тавигдаж, ард иргэдээс санал авах нь тодорхой. Энэ хугацаа ирсэн учраас Монголын иргэн бүр хамгийн түрүүнд

гар утсандаа энэхүү сайтыг татаж, энэхүү аппликейшнийг суулгаж өдөр бүхэн ухаж төнхөж, харж байх зайлшгүй шаардлагатай боллоо. Ард иргэд маань шүүмжлээд байгаа төр засгаа хянах, улмаар эрх мэдлээс нь хуваалцах боломжийг өнөөдөртөө энэхүү цахим систем бий болгож байгаа юм. Та бүхэн энэ боломжийг ашиглаж, иргэнийхээ эрхийг эдэлнэ үү.

Ер нь бол ардчилсан нийгмийн үндсэн хоёр зүйл бол хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө хоёр юм. Энэ хоёр том агуулгаар монголчууд бид нийгмээ харж, эрх зүйт төрөө барих ёстой. Бид хэр эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байна вэ гэдэгт л парламентын засаглалын сайн, муу мөн чанар оршино. Жижиг дэлгүүрийн эзэн бол татварын дарамт болон элдэв хяналт шалгалтын дарамтыг өдөр бүр мэдэрч байдаг. Тэгвэл тэр дэлгүүрийн эзэн татварын хууль болон төрийн хяналтын тогтолцооны хуулиудыг сайн судалж, улмаар d.parliament.mn сайттай “найзалж явахад” өөрийнхөө эрхийг эдэлж чадна гэсэн үг.

УИХ-д “Хуулийн лобби”-г тодорхой бүлэглэл, том компани группүүд, бүр гадны хөрөнгө оруулагчид хийж чадаж байна гэсэн шүүмжлэл нийгэмд их байдаг. Аль ч улс оронд “Хуулийн лобби” гэдэг нэршил асар хүчтэй нэр томьёо юм. Үүнийг хийж чадна гэдэг бол үндсэндээ тэр улс орон, ард түмнийг захирч байна гэсэн үг. Хуулийн дор л хүн төрөлхтөн амьдардаг. Монголчууд үүнийг өөрөөс нь маш хол, их дээгүүр хийгддэг үйл явц гэж ойлгож ирсэн. Тэгвэл тийм биш болжээ, монголчууд аа. Тэрхүү хуулийн лобби гэдэг зүйлийг ард иргэд та бид өдөр тутам хийх боломжтой боллоо. Тэр нь энэхүү d.parliament.mn сайт гэдгийг дахин давтан хэлье.

Басчиг өнөөдрийн Монголын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас ард түмэндээ төрийн жолоог хамтдаа атгалцах боломжийг олгож байна гэж ойлгож байна. Одоо ганцхан та бидний идэвх, технологийн дэвшлийг ашиглах чадвар, ардчилсан нийгэмд амьдарч буй иргэн гэдгээ ойлгох ухамсар, утасныхаа цаанаас уур хилэнгээ гаргах биш, утсаа ашиглаж улс орноо удирдалцах ухаан шаардсан цаг үедээ ирлээ. Монгол Улсын иргэн та D.Parliament.mn вебсайт болон D-Par­liament апп-ийг өдөр бүр ашигла, энэ нь таны төрийн эрх мэдлээс барилцаж буй хэлбэр юм.

Б.Нямаа

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Парламент хоорондын Хамтарсан комисс гэх хаалттай мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна, ард түмэн минь DNN.mn

Өнөөдөр монголын нийгмийн сэтгэл зүй завгүй үймэж байна. “Нүүрсний хэрэг”, Коксжсон нүүрс, Ногоон автобус, Сайдын огцролт… бөөн шуугиан. Энэ бүгдэд анхааралгүй яах вэ. Анхаарах, шүүмжлэх, бүр зүхэх ёстой. Засгийн газрын тэргүүний зүгээс Шударга ёсны дайнд мордсон нь үнэн бол ард түмнийхээ дэмжлэгтэйгээр шударга ёсыг тогтоох л ёстой. Бид дэмжинэ.

Гэхдээ нэг айхавтар үйл явдал үлдэж хоцроод байна. УИХ-ын чуулган эхэлж байгаа энэ өдрүүдэд энэ асуудлыг эрх баригчдын анхааралд, улмаар энэ их шуугианд уусгаж алдалгүйгээр ард түмний анхааралд оруулмаар байна. Монгол-Оросын Парламент хоорондын Хамтарсан комисс гэж яг юу байгуулагдав. Энэ яг юу байна вэ. Байнгын ажиллагаатай байна гэж мэдэгдлээ. Хоёр улсдаа ээлжлэн хуралдаж байна гэх юм. Манай УИХ-ын дарга аль эрт зургаадугаар сард ОХУ-д айлчлахдаа ийм хамтарсан Комисс байгуулах шахалтад орж, хүлээн зөвшөөрсөн хэмээн судлаачид бичих боллоо. Ингээд энэ сарын 25-нд хойд хөршийн шахалтаар Монголд Комиссын анхдугаар хуралдааныг хийж байгаа бололтой. Аймшигт 1937 оны их аллага яг ийм намрын өдрүүдэд ЗХУ-аас нэгэн дарга ирснээр эхэлж байсан юм. Тэр орос дарга Монголд ирэнгүүтээ “Онцгой бүрэн эрхэт Комисс” байгуулсан. Хойд хөршийн шахалтаар энд “Комисс” байгуулагдахаар монголчууд хэзээ ч сайнаа үзэж байгаагүйг түүхчид судлаачид бичиж, сануулдаг.

Сая комиссоо хуралдуулах гэж ирсэн ОХУ-ын Төрийн холбооны думын дарга Володин гэх нөхрийн Монголд хийсэн мэдэгдлүүд ноцтой. Тэрээр “Түүхээ сайн санаж яваарай. Мартвал та нарт муу шүү…” гэж хэлэх юм даа. Орос хэл гадарладаг хүмүүст бол яг л ингэж ойлгогдохоор илэрхийлсэн. Улмаар энэхүү Парламент хоорондын хамтарсан комисс нь “Хоёр орны хуулийг харилцан уялдуулж хийнэ” гэж мэдэгдлээ. Монгол Улс бол Парламентийн засаглалтай, Үндсэн хуулиараа засгийн бүх эрх мэдэл парламентийн мэдэлд байдаг. Тэгэхээр монголын парламент батлах хуулиа оросуудаас асууж, тэдний хуультай уялдуулан баталж, хэрэгжүүлэхээр болов уу. Ер нь бол Оросуудад таалагдахгүй хууль батлахгүй гэсэн үг үү. Ингээд бичвэл ноцтой маш олон асуудал энэхүү Хамтарсан комиссын мэдэгдэлд байна.

Ийм ноцтой асуудлыг манай төрийн өндөрлөгүүд яагаад хүлцэнгүй хүлээн авч байгаа юм шиг харагдаад байна. Итгэж ядсандаа “байгаа юм шиг” гэсэн үгээр хэлж байна. Шулуухандаа бол яагаад ОХУ-ын думын даргын тулгаж байгаа саналыг хүлээн авч, хамтарсан хурал хийж, протоколдож байна вэ. Энэ Үндэсний аюулгүй байдал биш үү.

Хатуу хэлэхэд Орос-Монголын Парламентын Хамтарсан комисс нь манай улсын Дээд танхим нь болж байна уу. Манай УИХ нь доод танхим нь юм уу. Дээд хурал нь “Хамтарсан комисс” юм бол манай улсын ҮАБЗ энэ комиссын дор нь ажиллах хэрэг үү. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав маань тус “Хамтарсан комисс”-ын дарамтанд байх уу. Нөхцөл байдлыг дүгнэхэд Монголын байгаа юм байна. Энэ бол сүржигнэл биш, энэ бол эмгэнэл. Энэ бол эх орон аюулд тулгарсан үйл явц. Үүнийгээ ард түмнээсээ нуух нь онц ноцтой хэрэг.

Хэрэвзээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав барьцаанд орсон бол Монгол Улсын язгуур эрх ашиг хохирох болж байна. Тэгэхээр юуны өмнө УИХ-ын намрын чуулган албан ёсоор эхэлж байгаа энэ өдөр эрх баригчдаас, Их хурлын гишүүдээс энэ бүгдэд тайлбар авмаар байна. Төрийн гурван өндөрлөгийн зүгээс мөн тайлбар хийхийг шаардаж байна. УИХ-ын гишүүд ээ!!! Энэ бүх ноцтой асуудал үнэнд гүйцэгдэж, эх орны хувь заяаны асуудал сөхөгдөх цагт төв талбай дээрээ гарч ирээд жагсах ард түмний тоо хагас саяар тогтохгүйд хүрэх байх шүү. Хойдуулын үнэн нүүр царайг ард түмэн өдрөөс өдөрт ойлгон мэдрэх боллоо. Үүнийг та бүхэн наад зах нь нийгмийн сүлжээнээс харж, мэдэрч байгаа байх. 300 мянган иргэн гудамжинд гараад жагсахад хүчрэгдэхгүй. Тэднийг буудан зогсоох гадны ямар ч дарангуйлагч өнөөгийн дэлхий ертөнцөд байхгүй. Эцэстээ бүх хариуцлагыг та бүхэн хүлээнэ. Хүлээх ч ёстой.

Бас ард түмэндээ хэлэх сануулах зүйл байна. Наад ногоон автобус чинь мэдээж чухал. Гэхдээ энэ асуудлаас илүү эх орны хувь заяаны асуудал цаана чинь яригдаж байна. Эрх ашгийн эрэмбэ ард түмэнд байх ёстой. Эх орон нэгдүгээрт.

Эцэст нь нэг л зүйлийг хэлье. Тэр парламент хоорондын Хамтын комисс, харилцан айлчлал, хуулиа харилцан ашигтай батлах… гэдгээс өмнө хоёрхон асуудлыг шийдээдэх. Монголын мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ руу гаргахад гаалийн хөнгөлөлт үзүүлчих. Ердөө хэдхэн бараан дээр оросууд эдийн засгийн хоригоо цуцалчих. Дараа нь төмөр замаа өргөтгөх ажлыг эхлүүлчих. Эхний удаад энэ хоёр асуудал дээр эргэлт хийчихвэл та нарт итгэе. Тэрнээс 80 жилийн өмнөх хар өдрүүд, “Онц бүрэн эрхэт комисс”-ыг өнөөдөр дахин үнэртүүлэх чинь монголчуудыг улам болгоомжлол, сэрэмжинд оруулж байна. Дахиад хэлье, парламент хоорондын Хамтарсан комисс гэх хаалттай мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна, ард түмэн минь…

Б.Нямаа

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН найман жил Засгийн эрх барихдаа “сахал” Д.Эрдэнэбилэгийн олж ирсэнийг хураахаас өөр ажил хийсэнгүй DNN.mn

МАН 2016 оноос хойш Монголыг удирдаж байна. Ерэн оноос хойш гэвэл бараг 28 жил нь Засгийн эрхийг барилаа. Эргээд харахад их, бага хувьчлалаар эхэлсэн эдийн засгийн эрх чөлөөний суурь үндэс Ардчилсан хүчнийхэн чүүтэй чаатай засаглах жилүүдэд тавигдсан байх юм. Иргэд малаа, орон сууцаа хувьчилж аван банкинд тавих барьцаатай болсон ерэн хэдэн оны үеэс. Ингэж эхэлсэн эдийн засгийн эрх чөлөөгөөр монголчууд өнгөрсөн 30 жилд ихийг хийж бүтээх, амжуулах, хөгжлийн дунд шатанд хүрчих байлаа. Гэвч өнөөдөр байж байгаа царайгаа харцгаа. МАН гэдэг ганц тахин шүтэгч намтай, тэднийгээ сонгуулиар 90 хувьтай төрд суулгасан, хариуд нь бүгд ядуу. Одоо бүр дундаж түвшний өрх гэр байтугай дундаж түвшний аж ахуйн нэгжгүй болох зам дээрээ гарлаа. МҮХАҮТ-ын судалгаагаар бүртгэлтэй байсан 40 мянган аж ахуйн нэгжийн тоо одоо 32 мянга болтлоо буурчээ. 2020 оноос хойш 8 мянган компани хаалгаа барьсан гэсэн үг. Тэднийгээ дагаж хэдэн мянган хүн, хэдэн мянган айл өрх улных болсон нь тодорхой. Амьдрал ахуй нь дээрдэж байгаа айл өрх Монголд ганц ч алга. Бүгд л Солонгос, Япон, Австрали… руу дүрвэж байна. Монгол Улсын гурван сая иргэний 1.2 сая нь хүүхэд багачууд, 500 мянга нь тэтгэврийнхэн… Хөдөлмөрлөх насны нэг сая гаруй иргэний 300 мянга нь гадагшаа хараар ажиллаж байна. Яг өнөөдөр 500 мянган хүн л Монголд хөдөлмөрлөж байгаагийн 300 мянга нь төрийн албан хаагчид. Тэгвэл энэ улсад чинь хэн хөдөлмөрлөж байгаа юм бэ. Хэн авч яваа юм бэ. Төрийн худалдан авалт 7.5 их наядад хүрлээ гэж ЗГХЭГ-ын дарга нь мэдэгдсэн. Хувийн хэвшил хаана нь ажиллаад байгаа юм.

Мань мэт шиг үргэлж тоо баримт, статистик сонирхож, нийтлэлдээ ашиглахыг зорьж суудаг сэтгүүлчдийн хувьд Монгол Улсын энэ мэт тоон үзүүлэлт, статистик мэдээллийг хараад зүрх үхэх юм байна шүү дээ. Заримдаа ч энэ бүх тоон үзүүлэлт худлаа байгаасай гэж хүртэл бодох юм.

Эрх баригч МАН сүүлийн найман жилд энэ улс орны төлөө чухам юу хийв. Нүүрс яах вэ, газраас ухаж гаргаад, хүрздэж ачаад, Хятадад аваачаад зарчихаж байгаа зүйл. Орж ирэх мөнгөөр нь амиа зогоож байгаа улс орон. Шударгаар зарж, борлуулж чадахгүй ихэнхийг нь хулгайлаад, тэр хулгайчдыг нь олж тогтоох гэж Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр “махаа зулгааж” сууна. Үр дүн нь муугүй хэдүй ч хамгийн аюултай нь төр-ард түмэн хоёрыг дайсан болгочихлоо. Өнөөдөр Монголын нийгэмд төр шиг гутамшигтай, ой гутмаар газар байхгүй болсон. Энэ бол эмгэнэл. Ээж минь өглөө цайны дээжээ өргөхдөө хамгийн түрүүнд “Төрийн минь сүлд өршөөж, хүүхдүүдийг минь…” гэж эрэмбэлэн залбирдагсан. Гайхамшигтай уламжлал, хүндэтгэл, соёл биш үү. Одоо тэгж залбирч байгаа аав ээж байна уу. Маргааш нь тодорхойгүй, маргаашдаа итгэлгүй ард түмэн болчихлоо…

Бүтэн найман жил төр барьж байгаа МАН, шулуухан хэлэхэд “сахал” хэмээх Эрдэнэбилэгийн олж цуглуулсан, хурааж хуримтлуулсан хөрөнгөтэй ноцолдохоос өөр ажлыг хийсэнгүй. “Эрдэнэтийн 49 хувийг эргүүлж авах” том акцтай энэ төр хэдэн жил ноцолдов. Монголын төр, Монгол Улсын иргэнээсээ хөрөнгийг нь булааж авах ажил шүү. Оросуудаас гэвэл их өөр хэрэг байлаа. Бодит үнэн цаг хугацааны шалгуураар нотлогддог нь үнэн юм байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Оросын мэдэлд хэвээрээ байсан бол өнөөдөр хаалгаа барих нь тодорхой байна. Яагаад гэвэл олж байгаа ашгийнхаа тодорхой хувийг ОХУ-д өгч дайныг санхүүжүүлж байна гэсэн шалтгаанаар олон улсын шахалт үзүүлж, гурав дахь хөршүүдийн дарамтан дор Эрдэнэт үйлдвэрээ хааж, эрх чөлөөт нийгэм, Ардчиллаа сонгохоос өөр аргагүйд хүрнэ. Азаар тэр нэг сахалтай нөхөр сайн муу арга хэрэглэж байгаад Монголын мэдэлд 100 хувь оруулчихаж. Үүнд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат…гэхчлэн АН-ын цөөнгүй улстөрч гайхамшигтай үүрэг гүйцэтгэжээ. Тэднийг Сүхбаатарын одонгоор шагнамаар байна.

“Сахал” Эрдэнэбилэгийн хөрөнгө ч дуусашгүй золиг бололтой. Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохой… гээд алгасъя, түүний оролцоотой ипотекийн зээл нь энэ улсын барилгын салбарыг авч явжээ. Ипотекийн зээлийг зогсоолоо, барилгын салбар унаж эхлэв. Д.Эрдэнэбилэгээс бүгдийг нь хурааж авч ард түмэндээ өгнө л гэх юм. Монголд бол ард түмний өмч гэдэг нь авлигачдын мөнгөний эх үүсвэр байдгийг цэцэрлэгийн хүүхэд ч мэдэхээр болчихоод байна шүү дээ. Ард түмэнд наалдах юм юу байгаа юм бэ. Юу ч байдаггүй учраас л ерэн оноос хойш төрийн мэдлийн бүх өмчийг хувьчилж, ард иргэддээ өгсөн биз дээ. Үүний хүчинд л Монгол улс ардчилсан нийгэм, ардчилсан улс гэж дэлхийд харагдаж байна. Ардчиллын тухай ойлголт маш тодорхой шүү дээ. Эдийн засгийн эрх чөлөө, үзэл бодлын эрх чөлөө хоёрыг хэлдэг.

Энэ хоёр эрх чөлөөг л эрхэмлэн дээдэлдэг улс төрийн хүчин, улстөрчид тухайн ард түмний итгэл найдвэр, дэлхий дэх нэр хүнд байдаг юм байна. Ингэж харвал муу муухайгаараа дуудуулдаг Ардчилсан хүчний удирдагчид болох өнөө муу Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Э.Бат-Үүл, бизнесмэн “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг… гээд энд нэр нь дурдагдаагүй олон хүн Монголын эдийн засгийг сэргээж, Монголд “юм” олж ирэх бодлого хэрэгжүүлж байжээ. Дубайн гэрээгүй бол өнөөдрийн Оюу толгой юу болж хувирах байсныг боддог, тунгаадаг хүмүүс эрх биш энэ улсад бий байх. Тэгвэл АНУ-д орогнож байгаа Ч.Сайханбилэг энэхүү Дубайн гэрээг байгуулсан ялд унах гээд эх орондоо ирж чадахгүй байна шүү дээ. Ийм ардчилсан улс байдаг юм уу.

Энэ мэтчилэн эргэж харах, эрүүл ухаанаар тунгааж эргэцүүлэх, зөв дүгнэлт хийх цаг эрх баригч МАН-ын тухайд болжээ. МАН-ын зүгээс Засгийн эрхэнд найм дахь жилдээ суух гэж байна. Яг үнэндээ “сахал” Д.Эрдэнэбилэгийн олж ирсэн, өөд нь татсан, эмхэлж цэгцэлсэн хөрөнгийг хураахаас өөр ямар ажлыг хийснийг сайн мэдэхгүй байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Халзан бүргэдэйн орд” байна… Түүний 100 хувийн өмч шүү дээ…

Б.Нямаа

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатар хотын төв утаатай, захын дүүргүүд нь утаагүй өвөлжих болох нь уу DNN.mn

Хамгийн чухал нь ирэх өвөл улаанбаатарчууд утаагүй, утаа багатай орчинд баймаар байна. Хоолой аргаж, сэрвэгнэж, ханиалгадаггүй хүн энэ хотод алга боллоо. Цаашлаад уушги, улаан хоолой, амьсгалын замын үрэвсэлгүй иргэнгүй болов. Энэ бол эмгэнэл, энэ бол сүйрэл, энэ бол үндэсний аюулгүй байдал.

Нэгэнт ингэтлээ арчаагаа алдсан монголчууд бидний хувьд утаагүй амьдрах нь хамгийн чухал. Тэр шуугиан болгоод байгаа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээлсэн “Хагас коксжсон нүүрс Хятадаас оруулж ирэхийг буруу, зөв” гэж маргах нь үнэндээ утгагүй болчихлоо. 177 тэрбум төгрөгийг үрэх нь, урд хөршид өгөх нь, дундаас нь хусах нь, албан тушаал, авлигын гэмт хэргийн шинжтэй байна… хэмээн сошиалаар бүгд л муулж, шүүмжилж байна. Нийслэлчүүдийг туршилтын туулай болгох нь гэсэн суртал хүчээ авлаа. Тэгвэл тэгээд цаг алдалгүй утаагүй амьдрах ямар арга та нарт байгаа юм бэ. Тухайлбал энэ өвөл. Хэл л дээ. Үүнд хэн буруутай юм бэ. Өнөөдрийн төр засаг буруутай гэж хэлэх хүн байгаа бол тэднийг та нар л сонгосон шүү дээ. Тэдний хэн нь ч тооноор давхиж орж ирээд шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч болчихоогүй. Бодит үнэн эцэстээ үүн дээр л тулж очно. Тэгэхээр үнэнтэй үнэнээрээ нүүр тулах цаг болжээ.

Үнэхээр тэр хагас кокс нүүрс нь энэ өвөл утааг хоёр

дахин бууруулах нь үнэн юм бол Б.Чойжилсүрэнгийн шийдвэрийг дэмжье. Өөр ямар ч арга байхгүй. Төр засгийн зүгээс нийгмийн сүлжээнд санал шүүмжлэлээ илэрхийлж байгаа хэдэн хүний пост, комментоор ажлаа явуулмааргүй байна. Шийдвэр гаргасан бол түүндээ тууштай байцгаа. Та нарыг ард түмний нэрийн өмнөөс бодлого боловсруулж, шийдвэр гаргаж, улс орноо удирдаад яв гэж итгэл үзүүлэн сонгосон. Хуулиараа эрх үүрэг олгосон. Түүнийгээ хэрэгжүүл.

Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн утааг 50 хувь бууруулсан гэх сайжруулсан түлшний хольц болох мидлингийг мөн л урд хөршөөс авч байсан. Тэгээд нийслэлийн баруун, зүүн хоёр талд үйлдвэрлэн иргэдэд утаагүй түлш нэрээр тарааж байсан. Тэгвэл мидлингийн дараагийн технологи нь кокс, хагас кокс юм. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд дараагийн технологи болох хагас коксийг нь оруулж ирье гэсэн байна. Иргэдийн зүгээс “Хятадаас хагас кокс худалдаж авахгүй эх орондоо үйлдвэрлэе, манайд хангалттай бий, бид үйлдвэрлэж чадна…” гэхчлэн саналыг их гаргаж байна. Эрчим хүчний яамны зүгээс бол үйлдвэр энэ өвөлдөө яагаад ч амжихгүй учраас ирэх өвлийг ингэж давъя, урд хөршөөс авч, утаа багатай давцгаая гэжээ. Ердөө ийм л энгийн ойлголт, энгийн үнэнийг төр засгаас бидэнд тулгалаа.

Мидлинг бол яаж ч сайжруулаад утааг 40 хувь бууруулдаг. Өөр хөгжүүлэлт байхгүй. Хагас кокс бол хамаагүй сайн үзүүлэлттэй. Бараг утаагүй шахам болгодог. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гол нь хэвлэлээр тайлбарлахдаа иргэдийн дургүй хүрэхээр мэдээлсэнд учир нь байгаа юм. Туршилт ч гэх шиг. Хятадууд хэдэн жилийн өмнө бол яг манайх шиг мидлингтэй түлш түлж байсан. Одоо хагас кокс болгочихсон. Утаа алга болсон. Тэр л технологийг ингэж урагшгүй тайлбарласнаар нийгэмд стресс нэмлээ. Буруу ойлголт болоод явчихлаа. Тэгэхээр эрх баригчид аливаа шийдвэрээ нийгэмд танилцуулахдаа, болгоомжтой, хянуур, маш ойлгомжтой, зөвөөр тайлбарлаж байхгүй бол ганцхан буруу үгийн алдаанаас болж гаргасан олон сайн, ухаалга шийдвэр чинь нийгмийн сүлжээн дэх хэдэн хүний шүүмжлэлээс болж “будаа болж” байгаад дүгнэлт хийх цаг болсон шүү. ХХААХҮийн сайд Х.Болорчулуун гэхэд үхрийг цахим ээмэгжүүлэх маш сайн төслийг яаж буруу мэдээлээд будаа боллоо. ХААн салбараа сэргээх, мах импортлох хамгийн суурь шийдвэрээ тэгээд л сөнөөсөн. Түүн шиг л алдааг энэ Засгийн газрын сайдууд их хийх юм даа.

Ер нь бол өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд 540 орчим мянган тонн шахмал түлш түлж байгаа. Нэг тонн шахмал түлш үйлдвэрлэхэд мидлингээ үнэгүй авч байгаа хэр нь 450,000 төгрөгийн өртөгтэй. Харин ард иргэдэд 150,000 төгрөгөөр борлуулдаг. Үнийн зөрүү, алдагдлыг өнөөг хүртэл “Эрдэнэс Таван толгой” ХХК үүрдэг. Өнгөрсөн жил утаа их байна, тэвчихэд хэцүү байна гэх шүүмжлэл ихээхэн гарсан. Иймд мидлинг буюу түүхий эдээ хагас коксоор сольж үзэхээр туршиж үзсэний эцэст ийнхүү хагас коксийн асуудал хөндөгдсөн юм билээ.

Хятад, Солонгос, Япон гээд олон улсын туршлагыг судалж үүнээс Хятад улсад байгаа технологийг хэрэглэх шийдвэрийг гаргасан. Ингээд хагас коксжсон 80 тонн түлш импортолж, баруун болон зүүн үйлдвэрт шахмал түлш үйлдвэрлэн 97 удаагийн галлагаа хийж үзсэн байна. Үр дүнг лабораторид шинжлүүлэхэд тоосонцор одоо байгаа мидлингийн түлш бол 157 мкг м.куб байсан бол 43 болжээ. Дэгдэмхий 19.5аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Ойролцоогоор 45 орчим хувь буурсан үзүүлэлттэй. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоог гаргасан. Туршилтын үр дүн нь энэ.

Хэрэв нийслэлээс 177 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тн хагас коксжих нүүрсийг ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендерийг зарлаж, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл түлнэ. Үүнийгээ Б.Чойжилсүрэн сайд мэдээлэхдээ “Туршиж үзнэ” гэж хэлсэн. Энэ үг нь мушгигдаж, алуулах шахаж байгаа. Гэхдээ утааг бүрэн алга болгоно гэж хэлээгүй. Тэдэн хувиар багасгая гэж байгаа нь сая дурдсан үзүүлэлтүүд. 177 тэрбум төгрөгийн 30 орчим тэрбум нь асаагч, бусад нь хагас кокст зарцуулагдах юм билээ. Хагас кокс импортлоод ирвэл нэг тонн шахмал түлшний үнэ 1.5 сая төгрөг болно. Нэг тонныг нь 150,000 юм уу 200,000 төгрөгөөр зарах болно. Үүнээс илүү үнээр борлуулж чадахгүй. Үүнийг хамгийн төгс төгөлдөр шийдэл гэж хэлэхгүй нь тодорхой. Гэхдээ үүнээс өөр гарц энэ өвлийн аман дээр яагаад ч байхгүйтэй монголчууд, нийслэлийнхэн эвлэрэх цаг болжээ.

Ер нь бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн айхгүй хэлж байгаа энэ туршилт гэдэг үгний хэрэгжилт нийслэлийн захын дүүргүүдэд хэрэгжинэ. Тэнд үр дүн хэрэгжилт харагдана. Мэдээж утаа буурах нь тодорхой байх. Тэгэхээр эсрэгээрээ Улаанбаатар хотын төвдөө утааны эсрэг арга хэмжээ явагдахгүй нь. Шулуухан хэлэхэд Улаанбаатар хотын төв утаатай, захын хорооллууд нь утаагүй өвөлжих болох нь уу. Ийм л дүр зураг харагдаж байгаа.

Бусад улс оронд шинжлэх ухааны үндэстэй туршилтаар батлагдсан утаа бууруулах энэ төслийг одоо ийм тулсан цагт буруутгаад яах вэ. Улс төржүүлээд харахад МАН-ын 2024 оны сонгуулийн хөзөр байсан ч яахав. Ид хүйтэн, утааны дөрвөн сар дотор утаа буурч, цаашид зөв замаа олж чадвал олон зуун мянган хүний эрүүл мэндэд ач тустай. Олон мянган өндөр настан, нялх балчир хүүхэд, амьсгалын замын үрэвсэлт өвчинтэй олон зуун иргэдийн эрүүл мэнд, амь нас 177 тэрбум төгрөгөөс үнэтэй. Бодит байдал ийм болохоор Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Та шинжлэх ухааны судалгаагаар баталгаажсан туршилтыг хийх гэж байгаа бол зориглоод хийчих ээ. Бид дэмжье.

Б.Нямаа