Categories
мэдээ нийгэм

“​Намрын ногоон өдрүүд” эхэллээ

Жил бүр зохиогддог “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн худалдаа 13 дах жилдээ энэ сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспод үргэлжлэх юм. “Намрын ногоон өдрүүд” нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамгийн том үзэсгэлэн худалдаа юм. Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцож байгаа байгаа юм. Энэ жилийн хувьд, “Эрүүл хүнс” үзэсгэлэнд дотоодын хүнс үйлдвэрлэгч 180 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 250 гаруй хоршоо, иргэн, аж ахуйн нэгж оролцож байна.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэлэхдээ “2018 он манай салбар олон шийдвэрүүд гаргасан жил болж байна. Бид нар мал амьтны тухай хуулиа УИХ-аар батлуулж чадлаа. Малынхаа эрүүл мэндэд төр анхаардаг боллоо. Энэ жилийн тариалалт нэмэгдсэн. Энэ жил 497.2 га талбайд тариалалт хийсэн. Ургац хураалт ид явагдаж байна. Ургац хураалтын урьдчилсан хураалтаар 450 мянган тонн үр тариа хурааж авна. Мөн 425 мянган тонн улаан буудай, 151 мянган тонн төмс, 95 мянган хүнсний ногоо, 30 мянган тонн тосны ургамал, 87 мянган тонн малын тэжээл хурааж авах юм. Энэ зорилтоо бид биелүүлж чадвал иргэдийнхээ бүтэн жилийн улаан буудай, төмсийг 100 хувь дотооддоо хангаж мөн гадагшаа экспортлох боломжтой. Экологийн цэвэр хүнсээр иргэдээ хүртээмжтэй хангах зорилттой ажиллаж байна. Хөдөө аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн хүнсээ экспортлох зорилттой ажиллаж байна. Экспорт нэмэгдэхийн хэрээр ажлын байр, аж ахуй нэгжийн орлого нэмэгдэнэ. Энэ жил 18 сая төл авсан. Нийтдээ 84,6 сая мал идээшилж байна. 15 сая толгой мах бэлтгэж гадаадын болон дотоодын зах зээлд гаргахаар зорьж байна. Дотоодын өндөгний хэрэглээгээ 100 хангах зорилт тавьж байна. Одоогоор дотоодын өндөгний 70 хувийг хангаж байна. Цаашдаа 100 хувь хангах зорилт тавьсан. Намрын ногоон өдрүүдэд хүрэлцэн ирсэн иргэд, аж ахуй нэгжүүд зохион байгуулж байгаа хамтрагчид тэр дундаа тариаланчид, ногоочиддоо баярласнаа илэрхийлэе” гэв.

Маргааш буюу есдүгээр сарын 20-нд “Хэрэглэгч танаа” болон “Алтан намар” амтат талх, есдүгээр сарын 21-нд “Ногоон хүнс-Эрүүл амьдрал”, есдүгээр сарын 22-нд “Мах, сүүний анхдугаар аян”, есдүгээр сарын 23-нд “Хүүхдэд зориулав” зэрэг өдөрлөг болох аж.




Categories
мэдээ нийгэм

Үндэсний номын баяр болж байна

“Үндэсний номын баяр 2018” энэ жил 24 дэх удаагаа “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө…” уриан дор төв талбайд эхэллээ. Есдүгээр сарын 14, 15-ны өдөр үргэлжлэх номын үзэсгэлэн худалдааны үеэр номын дэлгүүрүүд болон зохиолчид номоо хямдралтай үнээр худалдаалахаас гадна зохиолчид уншигчидтайгаа уулзаж ярилцан, гарын үсэгтэй номыг нь худалдан авах боломж гардаг.

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч яруу найрагчдын ном бүтээлүүд хямдралтай худалдаалагдаж байна. О.Дашбалбар агсны “Гол ус намуухан урсана”, “Миний захидлууд”, Болор цомын эзэн Н.Гантулгын “Бөхөн шарын тэмдэглэл”, “Сэтгэлгээний шилэн хананд”, “Голын цаана”, мөн сэтгүүлч агсан Ж.Гангаагын “Цагаан Гэгээ”, сэтгүүлч яруу найрагч Д.Гансаруулын “Цоохор майлзын цэцэг”, “Сарны тосгон” гэх мэт шилдэг бүтээлүүд хямдралтай үнээр өнөөдөр маргааш төв талбайгаас худалдан авах боломжтой. Эдгээр номууд нь 20-90 хувь хямдарч байгаа аж.

Энэ удаагийн номын баяр Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн ойг угтан Ардын уран зохиолчдод хүндэтгэл үзүүлж, тэдний уран бүтээлийг сурталчлахын зэрэгцээ Төрийн 3 удаагийн шагналт, Ардын уран зохиолч, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110, Төрийн шагналт, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюуны 100 жил, Төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ш.Нацагдоржийн 100 жил, хүүхдийн нэрт зохиолч, яруу найрагч Д.Содномдоржийн 90, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Б.Нямаагийн 90 жилийн тэгш ой нь тохиож буй зохиолчдын намтар, ном бүтээлийн үзэсгэлэнг номын сангуудтай хамтран уншигчдад хүргэнэ.
Номын баярын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Цэнджав, Ардын уран зохиолч Т.Галсан, Ш.Дулмаа, Д.Цоодол нарын зохиолч, яруу найрагчид оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны зөвлөх, СГЗ Ц.Хулан нээлтийн ажиллагаанд оролцож үг хэлэв. Тэрбээр “Он цаг алсалж огторгуйн орчил улам цааш эргэхийн хэрээр ном оюун билэг хүн төрөлхтөнд хичнээн хэрэгтэйг мэдэрсээр байгаа цаг үед бид амьдарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зохион байгуулж буй энэ номын баяр бол Монгол Улсын, Монгол үндэсний баяр болдог. Номд мөргөе хэмээдэг бидний дотоод чинадын залбирал үеийн үед хадгалагдаж, үүнтэй зэрэгцэн эх хэл, соёлоо хадгалах замд хөтлөн дагуулаасай гэж хүсье” гэв.

Энэ үеэр Ардын уран зохиолч Б.Бааст, Т.Галсан, Ш.Дулмаа, Д.Цоодол нарт номын баярыг зохион байгуулагчид хүндэтгэл үзүүлэв.

Image may contain: 1 person


Мөн Монголын зохиолчдын эвлэлээс өөрийн архивт хадгалагдаж байсан 1940-өөд оноос эхлэн 1990-ээд он хүртэлх хугацаанд хэвлэгдсэн хуучин номнуудыг 500, 1000, 2000, 6000 төгрөгөөр үнэлэн худалдаж байв. Тэнд ном сонирхогч оюутан залуус, ахмадууд хуучны ном олноор нь ялган, худалдан авч байлаа. МЗЭ архивынхаа хуучин номнуудыг 500, 1000, 2000, 6000 төгрөгөөр худалдаж байна.

Номын баярт зориулж “Интер ном” их дэлгүүр 20-50 хувь, “Аз хур”, “Мир” номын их дэлгүүр өөрийн хэвлэсэн номнууддаа баасан, бямба гарагт 20 хувийн хямдрал зарлаж, хямдралтай номнуудаа Сүхбаатарын талбайд худалдаж байна. “Интер ном” их дэлгүүр номнуудаа хоёр өдөр 20-50 хувь хямдрууллаа.

“Аз хур” их дэлгүүр өнөөдрөөс энэ сарын 18-ныг хүртэл Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон Зүүнхараа, Баруунхараад хуваарийн дагуу номнуудаа 72 хувийн хямралтай үнээр худалдаалж, орон нутгийн оюунлаг уншигчдадаа бэлэг барьж буй юм.


Image may contain: one or more people

Categories
мэдээ нийгэм

​Багш нарын цалин нэмэгдэхэд инфляци өснө гэв

Үндэсний статистикийн хорооноос оны эхний найман сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг өнөөдөр танилцууллаа.

Сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.5 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 612.6 мянган төгрөг байна.

Энэ үеэр Хүн ам нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалаас зарим зүйлийг тодрууллаа.

Багш нар цалингаа голоод ажил хаяж байна? Багш нартай адилхан цалин авч байгаа хүмүүс хэр байна вэ? Тэдгээрээс бага цалин авч байгаа иргэд бий юу?

Үндэсний статискийн хороо 2014 оноос нийгмийн даатгал төлсөн хүмүүсийн нэрлэж олгогдсон цалингаас дундаж цалинг тооцож цалингийн хэмжээг судалгаагаар гаргадаг. Энэ нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал. Бид улирал бүрт дундаж цалингийн талаар танилцуулдаг. Иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлж байж эрүүл мэнд, боловсрол гэх мэт төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг авна. Гэнэтийн осол, тэтгэвэрт гарах гэдэг ч юм уу энэ бүх даатгал хамаардаг. Харин хувь хүмүүс хоорондоо ямар нэгэн гэрээгүйгээр нийгмийн даатгал төлөхгүй бага хэмжээний цалин бие биетэйгээ тохиролцож ажилчихаад нийгмээс халамж авах бодолтой байдаг. Японд 21 нас хүрсэн л бол ажилтай ажилгүй бүх иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлдэг. Тэгж байж улс орон хөгжинө. Иргэддээ НДШ төлж байж ажил хөдөлмөрөө эрхлээч ээ гэж хэлмээр байна. Одоогоор бид боловсролын салбар дахь цалинг судалж байгаа. Багш нар цалингийн тооцоог нарийвчилж гаргана. Аливаа улс оронд нэрлэсэн цалин нэмэгдэхэд дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Энэ бол эдийн засгийн тогтолцоо. Цалингийн нэмэгдлийн хувьд нэрлэсэн цалинг нэмэхгүй бусад хөнгөлөлт, нэмэлтийг нэмэгдүүлж өгөх арга зам байдаг. Манай нийт хүн амын 35.4 буюу гурван хүн тутмын нэг нь багш нарын цалинтай ижил цалин авч байна. Түүнээс ч бага цалин авч байгаа хүмүүс байгаа. Хүн амын 21,4 хувь нь багш нарын цалингаас бага авч байгаа бол мөн 7,4 хувь нь 240 мянган төгрөгөөс бага цалин авч байна. Тухайн улсын онцлог хөгжлийн түвшин эдийн засгаас шалтгаалж цалин хөлсний байдал яригддаг. Нэг цагийн хөлс л гэхэд улс орныхоо хөгжилтэй уялдаж явагдах ёстой.

Таван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг үндэсний судалгаа эхлэх гэж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Үндэсний хэмжээнд Монгол Улсын эх хүүхдийн эрүүл мэндийн салбарт нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа энэ сарын 23-ны өдрөөс нийслэлд эхэлнэ. Ирэх сарын 3-ны өдрөөс орон нутгуудын айл өрхүүдэд явагдана. Энэхүү үндэсний хэмжээн дэх нийгмийн үзүүлэлтийн судалгаа 1500 өрхийг хамруулна. Судалгааны үр дүнгээр эх хүүхдийн эрүүл мэнд хамгаалагддаг. Монгол хүүхэд ямар хөгжилтэй байгаа нь мөн харагддаг. Өмнөх 2013 судалгаагаар монгол хүүхдүүдийн 10 хувь нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа бий. Судалгааны гол онцлох зүйл нь хүүхдийн жин, өндрийг хэмжинэ. Эрүүл мэнд хөгжлийн асуултууд асууна. Мөн бид тухайн айлын ундны усных нь чанарыг судалж, эх үүсвэр хэрэглэж байгаа сав бетон бүр дээр тест хийнэ. Айл өрхүүдийг статистикийн энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож авч байгаа юм. Энэ судалгаагаар Монгол Улсын нийт өрхөөс 14500 өрхийг сонгож авч хамруулах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд 20 боть ном гаргана

Олон улсын Монгол судлалын холбоо санаачлан Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран дэлхийн улс орнуудад байгаа Монголын соёлын өвүүдийг нэгтгэж бүртгэх, бүтээл хийх зорилгоор “Дэлхийд тархсан монгол өв” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийн танилцуулаг, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Дэлхийн улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын соёлын өвүүдийг танилцуулсан 20 боть номыг энэхүү төслийн хүрээнд хэвлүүлэх аж. Одоогийн байдлаар дэлхийн 34 улсад монголын соёлын өв, Монгол Улстай холбоотой дурсгалууд хадгалагдаж байгаа аж. Тухайлбал, ОХУ-д хадгалагдаж байгаа үзмэрүүдээр гурав, Тайваны хааны ордны музейд байгаа цуглуулгаар хоёр боть гэх мэтээр 20 боть ном хэвлүүлэх юм байна.

Төслийн хүрээнд

  1. Монголын түүх, соёл, өв уламжлалтай холбоотой өв санг нэгтгэн системтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй судалж
  2. Нэгдсэн санг бүрдүүлж, мэдээллийн цахим санг байгуулах
  3. Монголын түүх, соёлтой шууд болон дам хамааралтай дурсгалуудын судалгааг нэгтгэн хэвлэн нийтлүүлж гаргах
  4. Монголын болон гадаадын эрдэмтэн судлаачид.сонирхогчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулалтад оруулах
  5. Монголын дэлхийн улс оронд хадгалагдаж буй соёлын өвийг дотоод болон гадаадад сурталчлах зорилготой аж.

Энэ үеэр түүх археологийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун ярихдаа “Олон улсын Монгол судлалын холбоо санаачлан Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран дэлхийн улс орнуудад байгаа Монголын соёлын өвүүдийг нэгтгэж бүртгэх, бүтээл хийх зорилгоор “Дэлхийд тархсан монгол өв” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бидний олж мэдсэнээр 34 улсад Монголын соёлын өв монголчуудын ул мөртэй холбоотой дурсгалууд байгаа юм. Бид монголын түүхэнд хэрэгжих хамгийн том төслүүдийн нэг гэж үзэж байгаа. Өнөөдөр хэлэлцүүлгийн шатыг зохион байгуулж байна. Монголын соёлын өвийн тухай 20 боть гарна. Тухайн улсаас нэг Монгол судлаач оролцох бол манай талаас хоёр эрдэмтэн оролцоно. Бид гадаад улсуудын номын сан архив музейгээс монголын соёлын өвийн бүрэн бүртгэл хийж байна. Манай судалгаа албан ёсны зөвшөөрөлтэй. Бид 34 улсын 20 гаруй улстай нь албан ёсны харилцаа тогтоож гэрээ хийсэн. Энэ бол том алхам. Узбекстан улс яг ийм төсөл хэрэгжүүлж өөрийн улсын өв соёлыг баталгаажуулжээ. Манай улс ингэж өв соёлоо баталгаажуулж авахгүй бол бусад улс орнууд өөрсдийн болгох эрсдэлтэй” гэв.

Монголчуудын тухай гэрэл зураг гадаадад 50 мянга орчим байдаг байна. 20 боть номоо гаргахдаа гэрэл зураг, гар бичмэл, бичгийн эх сурвалж, эд өлгийн зүйл гэх зэргээр төрөлжүүлэн хэвлэх аж. 2020 онд англи, монгол хэл дээр хэвлэгдэх энэхүү 20 боть номыг улсын төсвөөс санхүүжүүлэхээс гадна аж ахуйн нэгжүүд дэмжихээ илэрхийлжээ. Олон улсын монгол судлалын холбооноос санаачлан дэлхийн улс орнууд өөр өөрийн өв соёлтой холбоо бүхий өв санг судлах хамтын ажиллалааг өрнүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулах бүтээл туурвил гаргах ажлыг зохион байгуулж байна.

Каталог нь

  • “Орос дахь Монголын өв “Солонгос, Иран дахь Монголын өв”
  • “Унгар, Австри дахь Монголын өв”
  • “Хятад дахь Монголын өв”
  • “БНХАУ-ын Тайван дахь Монголын өв”
  • “Польш дахь Монголын өв”
  • “Япон дахь Монголын өв”
  • “Франц болон баруун Европ дахь Монголын өв”
  • “Турк болон Төв Азийн орнууд дахь Монголын өв”
  • “Умард Евроцдахь Монголын өв”
  • “Америк дахь Монголын өв”
  • “Герман дахь Монголын өв”
  • “Энэтхэгийн салбар тир дэх Монголын өв” гэсэн бүсчлэлээр хэвлэгдэх аж.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дуучин Хүрэлээ “Сурагч насны дурсамж” цомгийн нээлтээ хийлээ

Өнөөдөр дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээ “Сурагч насны дурсамж” цомгийн нээлт өнөөдөр Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Тус цомгийг 20-р зууны шилдэг дуунуудаас сэдэвлэн сонгож, зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр шинэчилэн, өвөрмөц хөгжмийн найруулга, өнгө аястай, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн, 21-р зууны хүүхэд багачуудад хүргэхээр бүтээсэн аж. Тэрбээр хэлэхдээ “Бидний бага байхдаа дуулдаг байсан тэрхүү гайхамшигтай төгсөгчдийн дууг албан ёсоор зөвшөөрөлтэйгээр дуулж өнөөдөр цомгийн нээлтээ хийж байна. Энэхүү цомогт маань арав гаруй дуу орсон. Цоморлогийн өдөрлөгт соёл урлагийн тоглолтууд циркийн үзүүлбэрүүд багтаж байгаа. Би багадаа энэ л дуунуудыг сонсож хүмүүжсэн. Мартагдах шахсан дуунуудаа сэргээе хэмээн бодож дуулсан. Одоогоор хэд хэдэн дуугаа дүрсжүүлсэн. Шинэ цомогт орсон таван дуугаар дүрсжүүлэн кино концерт хийсэн. Шинэ цомгийн нээлтэй давхцан кино концерт нээлтээ хийж байгаа. Өнөөдрөөс эхлэн цомог худалдаанд гарсан. Ирэх хавраас цомгийн баяр тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Батболд: Ямар ч байсан сургууль цэцэрлэгийн дээвэр дээр үүрэн холбооны антенн байрлуулахгүй

Өнгөрөгч дөрөв дүгээр сард Нийслэлийн Засаг дарга С.Батболд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар цэцэрлэг, сургуулийн дээвэр дээр байрлуулсан үүрэн холбооны антенуудыг үе шаттай буулгах талаар үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга С.Батболд Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци болон үүрэн холбооны байгууллагуудын төлөөлөгчдийн хүсэлтийн дагуу уулзсан юм. Үүрэн операторуудын зүгээс сургууль цэцэрлэгийн дээвэр дээр буй антенныг нүүлгэн шилжүүлэхийн эсрэг байгаа аж.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Бидэнд эцэг эхчүүдийн зүгээс гомдол ирсэн. Гар утасны долгион хүүхдийн тархинд сөрөг нөлөөлдөг тухай мэдээлэл их байна. Сургууль цэцэрлэгийн дээвэр дээр үүрэн телефоны операторуудын хэдэн арван антенн байна. Тэрний доор хичээл хийж, унтаж байгаа хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлэх вэ?. Тэдгээр сургууль цэцэрлэгийн дээвэр дээр хэний зөвшөөрлөөр антенн сууриулах болсон талаар холбогдох эзэн байхгүй. Хоёр хүн хоорондоо ярилцаад шийдвэрлээд байсан бололтой. Та бүхний санал хүсэлтийг сонсъё гэсэн юм.

ХХЗХ-ны Радио давтамжийн зохицуулалт хяналтын газрын дарга З.Амгалан хэлэхдээ “Сургууль, эмнэлгийн дээр байрлуулсан антенуудын соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүй түвшин Монголын болон олон улсын стандартад зөвшөөрөгдсөн хэмжээнээс 78-3,500 дахин бага байна” гэв.

Харин Жи Мобайл” компанийн тэргүүн дэд захирал С.Баярсайхан ярихдаа “Бид санаатайгаар сургууль, цэцэрлэгийн барилгын дээвэр дээр төхөөрөмжөө байрлуулаагүй. Нийслэлийн гэр хороололд байгаа хамгийн өндөрлөг цэг нь сургууль, цэцэрлэг байсан тул байрлуулсан. Магадгүй гэр хороолол хөгжөөд өндөр өндөр байшин баригдвал нүүчихнэ. Хортой хоргүйн хувьд анх телевиз гарч байхад л дэлхий даяар хортой гэсэн яриа гарч байсан. Харин одоо телевиз улам боловсронгуй болж байна. Гар утсыг хортой л гээд байна. Тэгвэл улс даяар гар утаснаасаа татгалзчихъя л даа. Антенныг хортой гэсэн мессэж хүмүүст хүрээд байна. Үүн дээр тоглолт хийгээд байгаа хүмүүс ч байна. Антенны утсыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хойшлуулж өгөхийг хүсье гэв.

Мөн Юнител болон Скайтел компанийн удирдлагуудын зүгээс ч өөрсдийн санаа бодлыг илэрхийлсэн юм. Тэрбээр шинжлэх ухааны үндсэн дээр тулгуурлан шийдвэр гаргахыг хүсэхийн сацуу сургууль цэцэрлэгийн дээвэр дээр байрлаж буй антенны нүүлгэлтийг ирэх сарын 1 хэмээн заасныг хойшлуулж өгөхийг хүссэн юм.

Үүрэн телефоны удирдлагуудын саналыг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Дэлхий нийтээр маргаж байгаа энэ сэдэв дээр та бүхэн хүүхдүүдэд ямар ч хоргүй гэж хэлэх эрх байхгүй. Би жирийн эцэг хүний хувьд хүүхдүүдээ гар утаснаас хол байлгахыг хичээдэг. Миний бодлого, байр суурь бол ямар ч байсан сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр үүрэн холбооны антенн байрлуулахгүй. Та бүхэн хэдэн метр утсаа сунгаад өөр өндөрлөг газар байрлуулах боломжтой. Харин ажлын хэсэг байгуулж өгье. Хүсэлтээ гаргаад гэр хороололд цамхгаа барьж болно гэсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Цогзолмаа: Багш нарыг ажил хаяхгүй гэдэгт итгэж байна

Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан БСШУСЯ- наас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ хичээлийн жилд “Сурагч бүрийн сурлагын чанарт ахиц гаргах” зорилт тавьж буйг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэвлэлийн бага хурлын үеэр онцлов. Хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 01-ний бямба гарагт үдээс хойш хийх юм. Харин ирэх даваа гаригт албан ёсоор хичээл эхлэх аж. Есдүгээр сарын нэгэнд орон нутагт гурван сургууль, нийслэлд есөн цэцэрлэг нээгдэх юм байна.

Энэ үеэр БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Сургалтын төлбөр нэмэгдэж байгааг эсэргүүцэн оюутнууд жагссан. Яамны зүгээс энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?

МУИС-ийн төлбөрийн асуудлыг сайд шууд шийдэхгүй, тухайн сургуулийн ТУЗ шийдвэр гаргадаг, яамны зүгээс зөвхөн зөвлөмж өгдөг. Бид сурлагын чанарт анхаарахыг зөвлөсөн. Оюутнуудтай ёс зүйгүй харьцсан багшид хариуцлага тооцох үүрэг өгсний дагуу арга хэмжээ авч байгааг мэдэгдсэн.

-Зарим сургуулиудын захирлыг хууль бусаар халж сольсон гэх асуудлуудад тайлбар өгөхгүй юу?

-Би энэ ажилаа хүлээж аваад ямарч хүнийг ажлаас нь чөлөөлөөгүй. Мэдээж ямар нэгэн асуудал байгаа болоод солигдож байгаа. Ж.Батбаатар гэдэг мундаг захирал байж байгаад ажлаа өгчихсөн юм шиг асуудалд хандаж байна. Төлбөр төлж мэдээлэл цацдаг, өөрийгөө хамгаалдаг асуудал хэрээс хэтэрч байна. АШУҮИС-ийн барилга барьж байгаа Япон улсын багийнхан надтай ирж уулзсан. Барилгын ажлыг хоёр сарын дотор шуурхайлан явуулах шийдвэр гаргасан. Орчин үеийн технологи бүхий эмнэлэгт ажиллах эмч, сувилагчдыг бэлтгэх ажлыг би Батбаатар захиралд хоёр жилийн өмнө даалгасан. Одоо хүртэл хэрэгжүүлээгүй байгаа. Олон эмчийг сургасан ч, тэр эмнэлэгт ажиллахгүй гэдэг байр суурийг бүгд илэрхийлж байна. Сайн судлаад үзвэл өөрийнхөө танил талын хүмүүсээ сургачихсан байсан. Хөрөнгө оруулалтын асуудалд олон зөрчил илэрсэн. Ийм хүнд хариуцлага тооцохгүй гээд яах юм бэ.

Таныг огцрохыг шаардан яамны гадаа хүмүүс жагсаж байна, энэ талаар тайлбар өгөхгүй юу?

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо дотроо хэд хэдэн хуваагдсан. Тэдний хүсэлтээр Засгийн газар цалин нэмэх асуудлыг хүлээн авсан. Ирэх сарын 1-нээс багш нарын цалин нэмэгдэлтэй орно. Ганц багш бус соёл урлаг, бие тамир спортынхны цалин нэмэгдэж байгаа. Багш нар үе шаттайгаар гурван жил цалингаа нэмэгдүүлэхээр тусгагдсан байгаа.

Энэ хичээлийн шинэ жилд 76.4 мянган хүүхэд сургуульд анхлан орохоос нийслэлд 35.4 мянга, хөдөө орон нутагт 41 мянга хүүхэд элсэн орно. Харин 10 дугаар ангид 39.4 мянган хүүхэд дэвшин суралцахаас 9 дүгээр анги төгсөгчдийн 87.7 хувь үргэлжлүүлэн суралцаж байгаа аж. 2018-2019 оны хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд нийт 30 мянган багш ажиллахаас 27.3 мянга нь төрийн өмчийн сургуулиудад, 2.7 мянга нь хувийн өмчийн сургуульд багшилна. Мэргэжлийн багшийн хангалт улсын хэмжээнд 95.7 хувьтай байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа: Ослын шалтгаан үер уснаас болсон гэсэн дүгнэлттэй байгаа

УБТЗ-ын Удирдах газрын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных осолдсон төмөр замын сэргээн босголтын ажилтай холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостны хэлэхдээ “Би нутагтаа төмөр замд ажиллаж байсан сэргээн босголтын туршлагатай. Бид хоорондоо зөвлөлдөж байгаад намайг ослын газар руу явуулсан. Ослын шалтгаан гэвэл маш хүчтэй усны урсгал 15 минутын турш замын хэсгийг угаасан. Урьдчилан сэргийлэх ямар ч боломжгүй. Ослын дараа зүтгүүрийн бригад, галт тэрэгний үйлчлэгч нар мэргэжлийн үүднээс маш сайн ажилласан. Ийм осол зөвхөн Монголд гардаггүй. Бусад улсад ч тохиолддог болохоор хэн нэгнийг буруутгахад эрт байна. Сэргээн засах бүхий л ажлыг УБТЗ-ынхан хийсэн. Бид ослын газарт нэмэлт үзлэг хийнэ. Ус зайлуулах дахин төлөвлөлт хийнэ” гэв.

Хэвлэлийн хурлын дараа УБТЗ-ын Удирдах газрын дарга Д.Жигжиднямаа сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

– Таныг ажлаа өгөх хүсэлт гаргасан, гаргаагүй хэмээх мэдээллүүд ослын дараа тарж эхэлсэн. Үнэхээр та ажлаа өгөх хүсэлт гаргасан юм уу?

– Өнгөрсөн долоо хоногт хүнд өдрүүд үргэлжиллээ. 747 дугаар км дээр гарсан ослын дараа штабын ажлыг өөрийн биеэр удирдаж, хэрэгцээтэй бараа материалаар хангах гээд олон асуудлууд дээртөвлөрч ажиллалаа. Нөхцөл байдлыг орхиод явах сэтгэл надад байгаагүй. Би тийм хүсэлт гаргаагүй. Ослын шалтгаан үер уснаас болсон гэсэн дүгнэлттэй байгаа. Хүний хүчин зүйлээс шалтгаалсан зүйл байхгүй гэсэн дүгнэлттэй. Хэн нэгэн хүний болон өөрийнхөө хариуцлагын асуудлыг ярих болоогүй гэж бодож байна.

– Төмөр замд дэр модны асуудал байнга яригддаг. Осол гарахад дэр модны нөлөө байсан байж болох уу?

– Манай суурь бүтцийн байдал сайнгүй байгаа. Замын ихэнх хувь нь хуучны модон дэртэй, шороон чигжээстэй. 2018 онд хийхээр төлөвлөсөн их засвар хийгдэж дуусаагүй. Одоогоор 404 км замын засварын ажил дутуу байна. Осол гарсан замд хамгийн сүүлд 1997 онд их засвар хийгдсэн. Дэр модны аж ахуйн хувьд байдал нэлээн хүнд байгаа. Гол замаа төмөр бетон дэртэй, хайрган чигжээст рүү шилжүүлж амжаагүй. Тэгэхээр эрсдэл байж болохыг үгүйсгэхгүй.

– Замаас гарч унасан зүтгүүр, вагонуудыг дахин ашиглах боломжтой юу?

– Зорчигчдын болон тээшийн вагонууд цаашаа ашиглагдах боломжгүй болсон. Хоёр загал 009 гэсэн зүтгүүрийн хувьд өнөөдөр сүүлийн секц нь дугуйн дээрээ босч байгаа.. Зүтгүүрийг цаашид ашиглах боломжтой эсэх нь мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр тодорхой болно. Ашиглаж болохгүй гэсэн тохиолдолд сэлбэгийн асуудал яригдана.

– Хөдөлгөөн саатсантай холбоотойгоор гарсан хохирлыг тооцоолсон уу?

Хөдөлгөөн 30 гаруй цаг саатсан учраас хохирол гарах нь тодорхой. Ачаагаа цаг хугацаанд нь хүргэх боломжгүй болох нөхцөл үүссэн. Зорчигч тээврийн хувьд осол гарсан хэсгээс бусад хэсэгт тээвэр хэвийн үргэлжилж хаасан замд зорчигчдыг автобусаар тээвэрлэсэн. Эцсийн байдлаар тооцоолол гараагүй байна. Төмөр зам жил бүрийн хавар үер усны аюулаас сэрэмжлүүлсэн тушаал гаргадаг. Энэ оны гуравдугаар сард мөн тушаал гарч холбогдох ажилтнуудад замын суурь бүтцийн шалгалтыг тогтмол хийх үүргийг өгсөн. Өдрийн цагаар төмөр замын тор засагч нар тороо засахаас гадна замын нөхцөл байдлыг шалгаад явдаг. Дээрээс нь бороотой, үер болох эрсдэлтэй үед хариуцаж буй ажилтнууд нь тодорхой хэсэг хэсэг газруудын байдалтай танилцаад явдаг. Үүнийгээ хийж байсан. 747-р км-ийн хэсэг бол гуравдугаар сард гарсан тушаал дээр онцгой анхаарах талаар заасан байсан. Үер 20 минут хүрэхгүй хугацаанд орж ирсэн байгаа юм. Богино хугацаанд тиймэрхүү хэмжээний их устай бороо орохыг тааж мэдэх боломжгүй шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Филип Ийверт: ​Хүүхдэд хөрөнгө оруулалт хийж байна гэдэг ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Монгол дах суурин төлөөлөгч Филип Ийвэрттай ярилцлаа.

Дэлхийн зөн байгууллага хэдэн онд монголд орж ирсэн бэ? Танай байгууллагын үйл ажиллагаа юунд чиглэдэг вэ?

-Манай байгууллага 20 жилийн өмнө Монгол Улсад орж ирсэн. Анх өвөлжилт хүнд зудтай байсан учраас малчдад туслах зорилгоор орж ирж байлаа. Бидний ажлын үндсэн зорилго бол хүүхэд. Хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа дөрвөн голчилсон чиглэлээр үйд ажиллагаа явуулж байна. Үүнд хүүхэд хамгаалал, өрхийн амжиргааг дэмжих боловсрол, эрүүл мэнд багтаж байгаа юм. Эрүүл мэндийн салбараас сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа багасгаад хүүхэд хамгаалал талруу илүү анхаарал хандуулж ажиллаж байна. Дэлхийн зөн ирэх гурван жилд 600 гаруй хүүхдэд хүрч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна.

Хорин жилийн хугацаанд ямар төслүүд хэрэгжүүлж байв. Тэдгээр төслийн хэрэгжилт өдгөө ямар шатандаа явж байна?

-Энэ хугацаанд бид маш олон төслүүд хэрэгжүүлсэн. Мэдээж цаг хугацааны үеэсээ шалтгаалж байна л даа. Тухайн үед 90-ээд оны эхээр жижигхэн амин хүчил авах хоол хүнс хязгаарлагдмал байлаа. Тэр үед бид нар төсөл хэрэгжүүлдэг байсан. Энэ нь хүүхдүүдийн үдийн хоолон дээр цацаж өгдөг амин хүчил. Хүүхдүүд маань жингийн алдагдлаасаа гарах, витамины дутагдлаас ангижрах гэх мэт амжилттай хэрэгжиж байсан. Төслийн амжилттай хэрэгжүүлснийг харах бас нэгэн зүйл бидний хэрэгжүүлсэн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх мөн засгийн газар хэрэгжүүлээд явах нь бас нэг том амжилт юм. Манах байгууллагаас аннх хүүхдийн тусламжын утас 108-ийг санаачлан хэрэгжүүлсэн. Энэхүү төсөл дээр Mobicom компанитай хамтарсан. Маш олон хүүхдүүдийн дуудлагыг хүлээн авч байна.

Дэлхийн зөн Монгол орон нутагруу түлхүү чиглэж ажилладаг. Танай байгууллага хэдэн аймагт хүрч ажиллаж байна?

-Бид орон нутагруу түлхүү ажиллахыг эрмэлздэг. Одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэг 16 аймагт үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүүхдүүдэд туслах үйл ажиллагаа явуулдаг гэлээ. Ямар бүлгийн хүүхдүүдийг сонгон авч төсөл хөтөлбөрт хамруулдаг вэ?

-Хүүхдүүдээ сонгох тал дээр өөрсдөө очоод сонгодоггүй. Тодорхой хэд хэдэн шалгуурууд байдаг. Зорилтот бүлгийн айл өрхүүд мөн орон нутгийн иргэдээр өөрсдөөр нь сонгуулах гэх мэт судалгаа мэдээлэл харж байж хүүхдүүдээ сонгон авдаг.

Хүүхдэд чиглэсэн ямар төсөл хэрэгжиж байна? Дүүргүүдэд дэлхийн зөн ямар хэмжээнд ажиллаж байна вэ? Танайхаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамрагдаж чадахгүй хүмүүс байна л даа? Хэрхэн хамрагдахаа мэдэхгүй байна.

-Дэлхийн зөн гэдэг бол тодорхой хэмжээний нөөцтэй хүчин чадалтай байгууллага. Бид нар бүгдийг нь ганцаараа хийж чадахгүй. Хамтарсан хамтын ажиллагаа гэдэг бол маш чухал. Тухайн орон нутагт хийж болж байна гэсэн загварыг үзүүлээд магадгүй төрийн байгууллагууд үргэлжлүүлээд хэрэгжүүлэх боломжтой. Олон улсынэнэ мөнгө тэтгэмж тодорхой хэмжээний хязгаартай байдаг. Монголын хэмжээнд маш олон нөөц бололцоо байна гэж харж байгаа. Манай байгууллагатай хамтарч ажиллах хувь хүн төрийн төрийн бус байгууллагатай хамтарч ажиллахад бид бэлэн байдаг.

Манай улсаас ямар байгууллагуудтай хамтарч ажиллаж байна?

-Mobicom корпораци хамтран ажилладаг. Бидний хамтын ажиллагаа 2014 оноос эхэлсэн. Урьд нь хэлж байсан нөөц бололцоо хязгаартай байдаг. Тийм ч учраас бид нарын үр дүнд хүрч ажиллах гээд байгаа ажил хэд дахин нэмэгдэнэ. Манай хоёр байгууллага ариун цэврийн байгууламж төсөл дээр хамтарч ажиллаж байгаа. Сумдын сургууль дээр очин боломжгүй байгаа хүүхдүүдтэй ариун цэврийн байгууламж барьж өгдөг. Зөвхөн ариун цэврийн байгууламж барьж зүйл биш юм. Хүүхдүүдийг гараа угаахааснь эхлүүлээд эрүүл мэндийн зүйлийг хэлж өгч байна. Тухайн орон нутгийн иргэдтэй мөн хамтарч ажиллаж байна гэсэн үг. Одоогийн байдлаар 45000 хүүхэд ариун цэврийн байгууламжид үйлчлүүлж байгаа гэх мэдээлэл бий. Бид хамтын үйл ажиллагаанд итгэдэг. Энэ үйл ажиллагааны хувьд орон нутгийн гүйцэтгэх үүрэг бий. Хамтарсан төсөл учраас бүгд оролцоотой ажиллаж байгаа. Орон нутгийн иргэдтэй тулж ажилладаг цөөхөн байгууллагын нэг бол манайх.

Дэлхийн зөн байгууллага нийгмийн хариуцлагаа хэр ухаарч хандаж байна?

-Аж ахуй нэгж байгууллагаас эхлээд хүн бүрийн өмнө нийгмийн хариуцлага гэж бий. Монголчууд нийгмийн хариуцлага гэдэг зүйл рүүгээ алхаж хамтран орох хэрэгтэй байна. Монголын нийгэмд хандив өгөх соёл тогтож эхэлж байна. Энэ нь бидний хувьд итгэлтэй байдал ёс зүйтэй байдлыг хэлээд байгаа юм. Энэ тал дээр бусад орны хувьд хөгжчихсөн байдаг. Хандив өргөж байгаа хувь хүн байгууллагын татварыг хандивийн хэмжээнд нь тааруулж хөнгөвчлөх хэрэгтэй. Хандив өгч байгаа хувь хүн байгууллага мөнгөө ямар байгууллагад итгэж өгөх, тэрхүү хандив нь хаашаа орж байгааг мэдэх хэрэгтэй. Монголчууд нийгмийн хариуцлагын эерэг талыг харсан байна. Ажилчдаа нийгмийн хариуцлагад татан оруулж байгааг харахад таатай байна. Манай байгууллагын хувьд таны мөнгө хаашаа орж, юунд зарцуулагдажбайгааг шилэн дансаар харуулж болно.

Ер нь жилд хэдэн төгрөгийн төсөл хэрэгжиж байна?

– Энэ бүхэн төслийн хэмжээнээсээ хамаарч байгаа юм. Өнгөрсөн 20 жилд дөрвөн салбарт 100 гаруй сая доллар зарцуулсан байна.

Хүүхдийг ярихад эцэг эхийг зайлшгүй ярих хэрэгтэй болдог. Тэгэхээр эцэг эхчүүдэд зориулсан сургалт байдаг уу?

-Хүүхдийн сайн сайхныг гэр бүлээс нь салгаж ойлгох боломжгүй. Тухайн орон нутагт хүүхдүүд хөгжөөд ирэхээр хүмүүс хамтдаа үр ашгийг нь хүртэж байна гэсэн судалгаа байдаг. Хүүхдэд хөрөнгө оруулалт хийж байна гэдэг бид нар ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Насанд хүрсэн хүмүүст хүрч ажиллаж байж хүүхдэд нөлөөлнө. Хамтарсан багийг бүтээх маш олон ажлууд хийгдэж байна. Хамтарсан баг гэдэг нь хорооны ажилтан багшцагдаагийн төлөөлөл энэ хүмүүсийг 108 дугаар дээр дуудлага ирэхэд энэ хүмүүс яаж хариу үзүүлэх вэ гэдэг ч юм уу чадавхжуулж байна. Багш нарыг мөн чадавхжуулж байна. Хүүхдүүдтэйгээ яаж харьцах вэ, мөн эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх вэ гэх мэт энэ тал дээр бид нар насанд хүрэгчидтэй хамтарч ажиллаж байгаа.

Төгсөлтийн аргачлал хөтөлбөрт хүмүүс хамрагдаад амьдрал нь дээшилсэн жишээ олон бий. Энэхүү төсөл хэр удаан хугацаанд үргэлжэх вэ?

-Төгсөлтийн аргачлал төсөл хоёроос гурван жилийн хугацаатай урт хугацааны төсөл. Төслийн дараагаар гурваас зургаан сарын хугацаанд бид өрхүүддээ хяналт хийдэг.

Энэхүү төсөлд одоогоор хэдэн өрх хамрагдаад байна?

-Анх төсөлд маань 250 өрх хамрагдаж төгссөн. Цаашдаа 3000 гаруй өрхөд хэрэгжинэ. Энэ төсөл хүчирхэг төсөл. Ядуурлаас хүнийг гаргана гэдэг хүч сорьсон хэцүү бэрх зүйл. Энэ төслийн хувьд өрхийн орлого төрөлжүүлэхээс гадна бүхий л зүйлсүүдийг багтааж байна. Сэтгэл зүй гэдэг хамгийн чухал байдаг. Олон талаас нь харж цогц болгосон төсөл байгаа юм. Хүний амьдралд ямар нэгэн байдлаар нийгмийн шок гэж зүйл байдаг. Нийгмийн шок гэдэг нь таны гэр шатах, гэнэт ажилгүй болох, хэн нэгэн хүндээр өвдөх ийм асуудлуудыг даван туулах чадварыг бид олгож байгаа юм. Орон нутагт амьдарч байгаа хүүхдүүд өсөж дэвжээсэй гэдгийг харж байгаа.

Хүүхдийн хүчирхийллийг эсрэг ажил хийж байгаа хэр явагдаж байна?

Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох таван жилийн хугацаатай компанит ажил эхлүүлэн явж байна. Хүүхэд хамгааллын механизмыг сайжруулахыг зорьж байгаа. Энэ бүх ажлууд дээр хамтдаа хийе гэж хэлмээр байна. Хүүхдийн хүчирхийлэл таслан зогсоох таван жилийн компанит ажлынхаа хүрээнд бид нар суурь судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн тавиас доошгүй хувь нь хүчирхийлэлд өртсөн байна. Сэтгэл зүй бие мах бодь гэх мэт. Засгийн газартай хүүхэд хамгаалах хуулийг төгөлдөржүүлэх тал дээр ажиллаж байна. Хамгийн гол асуудал нь хүмүүсийг мэдлэгтэй болгох энэ талаар мэдлэгийг дээшлүүлэх юм. Хүүхдээ та яагаад алгадаж болохгүй вэ. Нийтийн мэдлэгийг дээшлүүлэх асуудал дээр чиглэж байна. Манайх хүүхэд бүрт гэсэн бэв сайтийг нээн ажиллуулж байгаа. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч ажиллах нь бидний хувьд чухал байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Усанд автсан туяаны аппаратыг засахад 400 мян.ам доллар шаардлагатай

Гурван жилийн өмнө хөнгөлөлттэй зээлээр хорт хавдрыг эмчлэхэд зориулагдсан аппаратыг авсан ч огт ашиглаагүй байжээ. Хавдар судлалын үндэсний төвийн барилгын өргөтгөлийн ажил гурван жил гацсан. Барилгын ажлыг дуусгаад байсан ч зоорь нь үерт автаж, үнэтэй туяаны аппарат эвдэрсэн байна. Туяаны зориулалттай учир зоорийн давхарт байрлуулах ёстой гэсэн хэмээн холбогдох албаны хүмүүс хэлж байв. Тэгвэл энэ аппарат нь 3 сая ам.долларын үнэтэй ажээ. Туяа аппаратыг засахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж өгөх хүсэлтийг тус эмнэлэг Засгийн газарт хандан тавьсан ч өчигдөр болсон Улсын онцгой комиссын хуралдааны үеэр Ерөнхий сайд хариулт өгөөгүй юм. Аппарат ажиллагаагүй болсны хариуцлагыг хүлээлгэх ёстой гэж үзсэн юм.

Туяа аппаратыг засахад 400 мянган ам.доллар шаардлагатай аж: Заслаа гэхэд ажиллах уу гэдэг бас эргэлзээтэй байгаа юм байна. Засгийн газраас хөрөнгө шийдэж өгөөд туяа аппаратыг засахад дор хаяж 2-3 сар шаардлагатай аж.