УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.
-2020 оны төсвийн хувьд аймаг, орон нутагт их, бага хэмжээтэй хуваарилагдсан талаар ярьж байна. Таны хувьд 2020 оны төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь орон нутагт улсын төсвөөс хийх хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөхдөө аймаг бүрийг ижилтгэх, тэгшитгэх байдлаар биш, улсын хэмжээнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх байдлаар, хэрэгцээ шаардлагыг нь үндэслэж төлөвлөх ёстой гэж үздэг. Иймд аймаг бүрт хийгдэх хөрөнгө оруулалтын төсөв адил хэмжээтэй байх албагүй. Би Хөвсгөлийн 37 дугаар тойргоос сонгогдсон. Манай аймгийн хувьд нийт 71 тэрбумын 55 төсөл хэрэгжихээс 2020 онд санхүүжих 28 тэрбум орчим төгрөг төсөвт тавигдсан. 2020 онд зайлшгүй шийдэгдэх, шинээр эхлүүлэх, эсвэл өмнө эхэлсэн хөрөнгө оруулалтыг дуусгах шаардлагатай төслүүд тавигдсан. Гэхдээ бүрэн хангалттай юу гэвэл мэдээж тийм биш. Тойрогтоо шаардлагатай хөрөнгө оруулалтын саналаа би Сангийн яам, холбогдох яамдад өнгөрсөн зун хүргүүлсэн. Эдгээр санал маань төсвийн төсөлд тусгагдсан. Нэмж төсөвт зайлшгүй тусгах шаардлагатай хэдэн зүйл байгааг төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй саналаа гаргаж хэлэлцүүлнэ. Мэдээж, аль ч Засгийн газар өөрийн дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажилладаг. Төсвөө ч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр төлөвлөдөг. 2020 оны төсөвт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлснөөр 2020 оноос тэтгэвэрээ авч эхлэх, тэтгэвэрийн зөрүүг арилгах, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эрх баригч намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт заасан асуудлыг хэрэгжүүлэхээр тусгасан.
Хөрөнгө оруулалтын тухайд аймаг, сумдад ч төрийн үйлчилгээ хүрэх ёстой учраас зайлшгүй шаардлагатай сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилгын хөрөнгө оруулалт сонгуультай, сонгуульгүй тавигддаг шүү дээ.
-Манай улс саарал жагсаалтад орсон нь олон сөрөг үр дагавартайг хэлж байна. Энэ тухайд?
FATF болон APGийн гишүүн орнууд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл багатай, итгэлтэй улс гэж тооцогддог. Хэрвээ саарал жагсаалтад орвол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй улс гэж бусад улс орон, олон улсын байгууллага биднийг харна гэсэн үг. Саарал жагсаалтад орсноор манай банкуудын гадаад дахь төлбөр тооцооны харилцаанд хүндрэл үүсэх, иргэд байгууллагын гадаад гүйлгээ хугацаа алдах, улмаар энэ байдал хүндэрвэл, гадаад хөрөнгө оруулалт, зээлжих зэрэглэл зэрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй. 2013 онд саарал жагсаалтад ороход гадаад дахь манай зарим элчин сайдын яамдын гүйлгээг 14 хоногоор саатуулан шалгах, Монголоос шууд гүйлгээ хийдэг байсан улс орон руу бусад улсаар дамжин гүйлгээ хийдэг болох зэрэг хүндрэлүүд гарч байсан. Энэ удаад эдийн засагт мэдрэгдэх хүч, үүдэн гарах сөрөг үр дагавар нь 2013 оныхоос илүү их байх болов уу. Гэхдээ бодитоор үүсэх үр дагавараас илүү олон нийтийн санаа бодлыг хэт түгшээх, хэвийн бус байдал руу оруулах гэсэн мэдэгдэл, мэдээлэл газар авах нь байдлыг бүр дордуулна. Иймд энэ асуудалд бодитой, үндэслэлтэй хандах хэрэгтэй.
-Саарал жагсаалтаас гарах боломж гарцыг хэрхэн харж байна вэ?
-Ямар нөхцөлөөр саарал жагсаалтад орсноос шалтгаална л даа. Өмнө 2013 онд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульдаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтыг хийгээгүй гэдэг үндэслэлээр саарал жагсаалтад орсон учраас холбогдох хуулиудаа батлаад, саарал жагсаалтаас гарч байсан. Ер нь бол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд үнэлгээ хийхдээ хууль тогтоомжид тусгагдсан байдал, түүний хэрэгжилт гэсэн хоёр чиглэлээр хийдэг. Энэ удаад дөрвөн шаардлага тавигдсан байна лээ. Гарц нь Терроризмтой тэмцэх тухай хуулийг шинэчлэн батлах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх тэмцэх асуудлыг хуулиар зохицуулах, мөнгө угаах гэмт хэргийг шалгах, эцэслэн шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс олсон хөрөнгө орлогыг хураах зохицуулалтыг боловсронгуй болгох, зохих журмын дагуу хураах асуудалд ахиц гаргах зэрэг арга хэмжээнүүдийг авах шаардлагатай.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт хаашаа эргэж байна вэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдах уу?
-Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Их Хурал хүлээн авсан. Одоо цаг хугацааны хувьд ч тэр ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй болчихлоо. Гэхдээ энэ асуудал гацаад зогсчихгүй. Сүүлийн гурван парламент дамжин 10 гаруй жил ярьж байж дөнгөж энэ шатанд өнөөдөр хүрч байгаа шүү дээ. Иймд нэгэнт энд хүрсэн асуудлыг ямар ч байсан энэ удаагийн Улсын Их Хурал, гишүүд ард түмнээсээ мандатаа аваад, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаагийн хувьд үүрэг, хариуцлагаа хүлээгээд батлах ёстой. Төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт 33 санал нийт гишүүний дөрөвний гурвын дэмжлэг авч, 57 санал дэмжигдээгүй. Дэмжигдсэн саналуудаа тусгаад, шаардлагатай бол журмын хуулийн дагуу найруулгын санал гаргах боломжтой байгаа, тэдгээрийг нь хийгээд батална. Харин энэ шатанд Ардчилсан намын бүлгийн гишүүдийн яриад байгаа зарчмын болон агуулгын шинжтэй саналуудыг нэмж тусгах боломж хуулиараа боломжгүй.
-Та УИХ-ын гишүүдтэй хамтран хэд хэдэн хуулийн төслүүд сүүлд өргөн барьсан байсан. Тухайлбал, мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах хуулийн төслийг өргөн барьсан. Ямар зохицуулалт тусгаж байгаа вэ?
Би УИХын гишүүн Х.Болорчулуун нарын хамтаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан өргөн мэдүүлсэн. Одоогийн хуулиар 24 бог найман бодоос дээш мал хулгайлбал олон тооны мал хулгайлсан гэж ял нь хүндэрнэ. Түүнээс бага тооны буюу 23 бог, эсхүл долоон бод мал хулгайлсан хэргийн хувьд хорихын ялын доод хэмжээ нь зургаан сар байгаа. Ингэснээр “олон тооны мал”д тооцох хэмжээний мал хулгайлаагүй тохиолдолд хохирогчид учирсан эдийн засгийн бодит хохирлыг үл тооцон хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байгаа тул үүнийг зохистой хэмжээнд тогтоох, улмаар мал хулгайлсан этгээдэд хүлээлгэх ял, шийтгэлийг чангатгах шаардлагатай байгаа юм. Мөн уг гэмт хэргийн хувьд диспозици нь нэмж хулгайлсан малын тооноос үл хамааран бусадтай бүлэглэж, тоног, хэрэгсэл, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж, цөм сүргийн мал, гойд ашиг шимт мал хулгайлсан бол ялын хэмжээг нэмэгдүүлж байгаа. Мөн богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцдог байсныг таван богоор тооцохоор тусгасан. Мал хулгайлж ял шийтгүүлсэн хүмүүс нийтэд тустай ажил хийлгэх ял аваад 10 хоног аймаг, сумын төвд гудамж цэвэрлэж байгаад буцаж ирээд байгаа талаар малчид ихээр шүүмжилдэг. Олон нийтийн хэлэлцүүлэг хийх явцад ч ийм саналууд гарсан. Тиймээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулахгүй байх зохицуулалт оруулсан. Үндэсний статистикийн газрын мэдээллээс үзэхэд мал хулгайлах гэмт хэрэг 2017 онд 901, 2018 онд 1096 тус тус бүртгэгдсэн байна. Харин 2019 оны эхний наймдугаар сарын байдлын 1114 мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг ийнхүү өсч байгаа нь ядуурал, ажилгүйдэл зэрэг нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой боловч нөгөө талаар мал хулгайлах гэмт хэрэг оногдуулж байгаа ялын бодлого нь үр нөлөө багатайгаас гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байна гэж үзсэн тул уг хуулийн төслийг санаачилсан.