Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчинд барилга-инженер, кибер аюулгүй байдлыг хангах шаардлага, нөхцөл бүрдсэн

Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяртай ярилцлаа.


-Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон үндэслэл, хэрэгцээ, шаардлагын талаар та мэдээлэл өгнө үү?

-Зэвсэгт хүчний тухай хуулиар Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг гэсэн хоёр төрлийн цэргээс бүрддэг. Өргөн барьсан хуулийн төсөлд Зэвсэгт хүчний бүтцэд шинэ төрлийн цэрэг болох Барилга-инженерийн цэргийг байгуулах, түүнээс гадна кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх нэгжийг бий болгох, эрх зүйн зохицуулалтыг тусгаад байна. Сүүлийн жилүүдэд төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц зэрэг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг Зэвсэгт хүчний анги, байгууллага, цэргийн алба хаагчид гүйцэтгэсэн. Тухайлбал, Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүнд даацын авто замын төсөл болон “Халх гол” сумын шинэчлэлийн ажлуудыг хэрэгжүүлж дуусгалаа. Мөн Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц угсрах, доод бүтэц барих ажлыг хийж байна. Дээр дурдсан ажлын үзүүлэлт, үр дүнгээр улс орны стратегийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг мэргэжлийн чадварлаг бие бүрэлдэхүүнтэй, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник, тоног, төхөөрөмжөөр хангагдсан, зохион байгуулалттай хүч хэрэгслээр хийж гүйцэтгэх нь өндөр үр дүнтэй болохыг төр, засгийн удирдлага анхааран үзэж, Зэвсэгт хүчний бүтцэд ийм чиглэлийн төрлийн цэрэг байгуулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Төрлийн цэрэг гэж хуулиар тогтоосон чиг үүргийг бие дааж, эсхүл бусад төрлийн цэрэгтэй хамтран гүйцэтгэх зориулалт бүхий Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн хэсэг хэмээн хуульчлан тодорхойлсон байдаг. Эдгээр байдлыг бодолцон барилга-инженерийн цэргийг байгуулах эрх зүйн зохицуулалтыг нь хийх юм. Энэхүү хууль гарснаар Зэвсэгт хүчнийг чадваржуулах, цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, залуучууд цэргийн алба хаах хугацаандаа эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах, тодорхой мөнгөн хуримтлалтай болох зэрэг ач холбогдолтой. Дэлхийн улс, гүрнүүдийн Зэвсэгт хүчинд ч барилгын, барилга-инженерийн, төмөр замын, зам-гүүрийн гэх мэт тайван цагт улс орныхоо бүтээн байгуулалтад оролцдог төрлийн цэрэгтэй байх нийтлэг жишиг байдаг. Барилга-инженерийн цэргийн үндэс суурийг тавих ажил 2010 оноос эхэлж, Засгийн газрын шийдвэрээр Зэвсэгт хүчний бүтцэд барилга-инженерийн ангиудыг байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлээд байна. ЗХЖШ-ын бүтцэд Бүтээн байгуулалтын ажил хариуцсан газар байгуулж ажиллаад эхэлсэн. Үүний боломж чадавхыг нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох үүднээс төрлийн цэрэг болгож байгаа юм.

-Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэрэг бүтээн байгуулалтад оролцохоос гадна ямар чиг үүрэгтэй байх талаар тодруулбал?

-Барилга-инженерийн цэрэг нь зөвхөн улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох үүрэгтэй гэж ойлговол өрөөсгөл ойлголт болно. Энэхүү төрлийн цэргийн хүлээх үүргийн талаар дэлгэрэнгүй ярья. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах үндсэн үүрэгтэй. Энэ үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх бэлтгэлийг тайван цагт хангадаг. Энэ хүрээнд болзошгүй түрэмгийллийг няцаахад улс орныг бэлтгэх гэсэн томоохон арга хэмжээг Зэвсэгт хүчин хэрэгжүүлдэг. Ялангуяа өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд тайван цагт нутаг дэвсгэрээ бэлтгэх, оперативын төхөөрөмжлөлийн ажлыг хийж гүйцэтгэх үүрэг Барилга-инженерийн цэргийн үндсэн үүрэг байх юм. Үүнээс гадна улсын онц чухал объект, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарын барилга, инженерийн байгууламжийг барих, сэргээн засварлах, дайны болон гамшгийн дараахь сэргээн босгох ажилд оролцох, хүмүүнлэгийн тусламж, энхийг дэмжих ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох зэрэг өргөн цар хүрээтэй үүргийг хүлээх юм.

-Хуульд орсон бас нэг асуудал нь кибер аюулгүй байдлыг хангах, түүнийг хэрэгжүүлэх нэгжийг Монгол Улсын Зэвсэгт хүчинд байгуулах талаар та дээр дурдсан. Энэхүү асуудлыг хуульд тусгах ямар хэрэгцээ, шаардлага байгаа вэ?

-Нэгдүгээрт, Дэлхийн кибер орон зайн аюулгүй байдал үндсэндээ алдагдаж, улс орнуудын аюулгүй байдалд шууд утгаараа заналхийлж байна. Дэлхий дахинд үйлдэгдсэн кибер халдлагын улмаас жилд дунджаар хоёр их наяд ам долларын эдийн засгийн хохирол учирч байна. Халдлагыг нягтлан шинжилж үзвэл 80 орчим хувь нь гэмт хэргийн, эдийн засгийн сэдэлтэй байхад үлдсэн 20 орчим хувь нь улс төрийн зорилготой үйлдэгдэж байна. Дэлхийн улс орнууд олон хэмжээст ертөнцийн тав дахь орон зай болсон кибер орон зайг хамгаалах хүчнийг Зэвсэгт хүчиндээ байгуулж, асар их төсөв, хөрөнгө зарцуулж байна. Би зөвхөн ойрын хоёр жишээг дурдъя. 2019 онд АНУ 15 тэрбум, БНХАУ 7.3 тэрбум ам.долларын хөрөнгийг кибер цэрэгтээ зарцуулаад байна. Манай улс шиг жижиг орнууд кибер цэргийг байгуулах, бүрдүүлэх чиглэлд том гүрнүүдээс дутахгүй анхаарч байна. Жишээлбэл, Эстони улс 1.3 сая хүн амтай жижиг улс хэдий ч НАТО-гийн кибер аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий бие даасан кибер командлалтай, 300 орчим кибер цэрэгтэй улс болоод байгаа нь томоохон Зэвсэгт хүчинтэй улсуудыг ч энэ чиглэлээр ардаа орхиод байна.

Афганистан, Бангладеш, Танзани зэрэг орнууд хүртэл кибер цэрэгтэй 67 улсын жагсаалтад багтжээ. Иймд орчин үеийн техник технологийн хөгжилд суурилсан “шинэ” дэлхий ертөнцөд аюулгүй оршин тогтнох үндэс суурийг бэхжүүлэх, кибер орон зайн аюулгүй байдлыг хангах хэрэгцээ, шаардлага өдөр тутам, маш хурдацтайгаар тавигдаж байна.

Хоёрдугаарт, Манай улс мэдээлэл, харилцаа холбооны хэрэглээгээрээ өндөр боловч кибер орон зайгаа хамгаалах тал дээр олон арван жилээр хоцорч байна. Монгол Улсад бүртгэгдэж байгаа кибер халдлагыг нэгтгэсэн гадны байгууллагын статистик дүн мэдээг харахад дэлхийн дунджаас даруй найм дахин их байна. Бид өөрсдөө энэ тоог нэгтгэж гаргах чадамжгүй. Товчоор хэлэхэд манай улсад кибер орон зайг хамгаалах төрийн тогтолцоо үгүйлэгдэж байна. Тэр тусмаа батлан хамгаалах салбарт. Улс орны кибер орон зайн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт ард иргэд, хувь хүн, төрийн болон хууль, хүчний байгууллагууд шат шатандаа өөр өөрсдийн үндсэн чиг үүргийн хүрээнд оролцох боломжоор хангагдсан байхаар энэ тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай юм. Монгол Улсын кибер орон зайг батлан хамгаалах төрийн тогтолцоог “Кибер аюулгүй байдлын тухай” анхдагч хуулийг баталж мөрдөх, “Зэвсэгт хүчний тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар бүрдүүлэх боломжтой. Ийм учраас Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар кибер аюулгүй байдлыг хангах нэгжийг Зэвсэгт хүчний бүтцэд байгуулах, улс орон, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний кибер орон зайн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, кибер батлан хамгаалах тогтолцооны цаашдын хөгжлийг хангах чухал ач холбогдолтой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мэргэн: Үндсэн хуулиа зөрчиж болохгүй учраас тавдугаар сард Засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчлөх үүрэгтэй

Хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх тавдугаар сарын 25-нд хэрэгжиж эхэлнэ. хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Засгийн газартай холбоотой зүйл, заалт хэрэгжиж эхлэхээр одоогийн Засгийн газар огцрох уу?

-Яг зайлшгүй огцрох тухай асуудал яригдахгүй. Харин бүрэлдэхүүнээ өөрчлөх шаардлага гарна. Миний уншиж судалснаар давхацсан тоогоор Үндсэн хуулийн 28 зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орсон. Эдгээрээс нам байгуулахтай холбоотой хэсгийг 2028 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс, бусдыг нь 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө гэж Үндсэн хуульд өөрт нь зааж өгсөн. Үүнд Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотой заалт хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүх гишүүнийг Улсын Их Хурлын гишүүдээс сонгон томилж болдог байсныг Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн л “давхар дээл”-тэй байж болохоор зохицуулсан. Тэгэхээр одоогийн Засгийн газар уг зохицуулалтад нийцүүлж бүрэлдэхүүнээ өөрчлөхөөс өөр арга байхгүй. Үгүй бол Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Өмнөх Ерөнхий сайдууд өөрийн хүссэнээр бүтэц, бүрэлдэхүүнээ бүрдүүлж чаддаггүй буюу саналаа л оруулж, эцсийн шийдвэрийг Улсын Их Хурал гаргадаг байсан бол одоогийн Ерөнхий сайдад яаж ч бүрдүүлэх, өөрчлөх эрх нь нээлттэй болсон. Нөгөөтэйгүүр Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар огцордог байсан бол одоо зөвхөн Ерөнхий сайд л огцрохгүй байхад Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа нь хэвийн үргэлжилнэ. Тэгэхээр У.Хүрэлсүхийн хувьд бүх гишүүдээ ч “дан дээл”-тэй болгох боломжтой. Ямар ч л байсан Үндсэн хуульд нийцүүлэн бүрэлдэхүүнээ өөрчлөх үүрэгтэй. Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гээд бэлхнээ заагаад өгчихсөн шүү дээ.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө байгуулагдсан гэдэг утгаараа Засгийн газар тавдугаар сарын 25-наас хойш эрх зүйн чадамжтай байх боломж бий юү?

-Аливаа хууль өөрч-лөгдөхөд өмнөх хуулиар зохицуулагдаж байсан харилцаа өөрчлөгдөх үү, тийм бол хэрхэн, яаж, хэзээнээс гэх мэт асуудлыг дагаж мөрдөх журмын тухай хууль баталж зохицуулдаг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль батлагдсан. Үндсэн хуульд өөрт нь хэзээнээс хэрэгжих хугацааг нь тодорхой заагаад өгчихсөн учраас энэ оны тавдугаар сарын 25 хүртэл л одоогийн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжтой.

-Зарим улстөрчид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар зохицуулсан. УИХ-аас баталсан хуваарийн дагуу органик хуулиудыг шинэчлэн батлах хүртэл хугацаанд ҮХНӨ-ийн заалтыг дагаж мөрдөхгүй гэж тайлбарласан байсан…

-Үгүй. Тийм зүйл байхгүй. Би дахин дахин хэлээд байгаачлан Үндсэн хуульд өөрт нь аль аль заалтыг хэзээнээс дагаж мөрдөхийг хар дээр цагаанаар хэн ч уншсан ойлгогдохоор хоёрдмол утгагүй, тодорхой заагаад өгчихсөн байна шүү дээ. Үүнийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн заалттай хольж хутгаж болохгүй. Тэгээд ч өөр утгатай зохицуулалт. Хэрвээ дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн зохицуулалтыг тэдгээр улстөрчдийн хэлээд байгаа шиг ойлгох юм бол суурь Үндсэн хуультайгаа зөрчилдөөд эхэлнэ ээ дээ. Тодруулбал, Үндсэн хуульд тавдугаар сарын 25-наас хэрэгжинэ ээ гээд заачихсан байхад дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд холбогдох хуулиудыг баталсны дараа хэрэгжиж эхэлнэ гэж давхцуулан зааж өгнө гэж байхгүй. Энгийнээр бодоод үзье. УИХ холбодогдох хуулиудыг батлахгүй удаашруулаад байвал тэр хугацаагаар Үндсэн хуулийн хэрэгжилт гацах уу, Засгийн газрын бүх гишүүд давхар дээлтэй байсаар байх уу. Тийм зүйл байхгүй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө” гэсэн заалт нь Үндсэн хуулиас бусад хуульд хамааралтай. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар шууд зохицуулаагүй харилцааг холбогдох хууль батлагдах хүртэл хуучин хуулиар зохицуулна гэсэн утгатай. Харин Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэхийг Үндсэн хуульд шууд заагаад өгчихсөн учраас тогтоосон хугацаанаас эхлээд хэрэгжих ёстой.

-Үндсэн хуулийн яг ямар журам гарах ёстой вэ. Засгийн газар, Ерөнхийлөгч гэх субъектүүдийн цаашдын мөр нь тодорхойгүй харагдаад байна…

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг маш ойлгомжтой байдлаар боловсрууалгүй, яарч сандран баталснаас болж л Үндсэн хуулийн хэрэгжилттэй холбоотой өнөөдрийн бүх маргаан өрнөөд байна. 1992 оны Үндсэн хуулийг дагалдан баталсан БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулиар холбогдох асуудлуудыг хэрхэн зохицуулахыг хэн ч уншсан ойлгогдохоор тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал, 1992 оны зургадугаар сард сонгууль явуулж, УИХ-ыг, түүнээс Засгийн газрыг байгуулна. Тэр хүртэл одоогийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа үргэлжилнэ. 1993 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулна. Тэр хүртэл одоогийн Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Шинэ Үндсэн хууль батлагдахаас өмнө хэрэгжиж байсан хуулиуд Үндсэн хуульд нийцэж байвал үргэлжлүүлэн мөрдөнө, нийцэхгүй байвал шууд хүчингүй болсонд тооцно гэх мэтээр тодорхой заагаад өгчихсөн учраас маргаан гарах шаардлага байгаагүй. Харин 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн хувьд 2000 оны долдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжинэ гэж заагаад өгчихсөн байсан. Нэгдүгээрт, одоогийн нэмэлт, өөрчлөлтийг бодоход цөөхөн өөрчлөлт орсон, хоёрдугаарт дагаж мөрдөх хугацаа нь угаасаа УИХ-ын сонгуулийн дараа буюу шинэ Засгийн газрыг бүрдүүлэх үетэй давхцаж байсан учраас маргаан гараагүй. Үүнтэй адил Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг сонгуулийн дараа байхаар заагаад өгчихсөн бол өнөөдрийн маргаан гарахгүй байх боломжтой байлаа. Энэ бүгдийг тооцоололгүй өөрсдийгөө ч буланд шахсан шийдвэрийг хууль тогтоогчид маань гаргачихаад байна. Гэхдээ тэглээ гээд Үндсэн хуулиа зөрчиж болохгүй учраас холбогдох хугацааг баримталж, тавдугаар сард Засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчлөх л үүрэгтэй. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны Үндсэн зарчим шүү дээ. Тэр тусмаа, хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн Ерөнхий сайдад энэ зарчим бүр хамаатай.

-Ерөнхийлөгч сонгуулийг хойшлуулах санал гаргасан. Хойшлуулах нөхцөл байдал манайд бий болчихсон уу?

-Хойшлуулах нөхцөл байдал бий болсон эсэхийг УИХ тогтооно. Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт улсын нийт нутаг дэвсгэр, эсвэл зарим хэсгийг хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол тухайн нөхцөл арилтал сонгуулийг хойшлуулж болох тухай заасан байдаг. Эндээс юуг онцгой нөхцөл гэж үзэх юм бэ гэсэн асуулт гарна. Хэрвээ ердийн хуулийг Үндсэн хуулийн тайлбар гэж үзэх юм бол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Үндсэн хуулийн 22 дугаар зүйлд заасан онцгой нөхцөл гэдэгт Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөлийг ойлгоно гэсэн утгатай зохицуулалт бий. Тодруулбал, тус хуулийн 9.4 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно” гэж заасан. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт онц байдал зарлах болон дайны байдал зарлах талаар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, онц байдал зарлах хэмжээний онцгой нөхцөлд юуг хамаарах талаар заагаад тэр нь бүрдвэл онц байдал зарлана шүү гэсэн утгатай. Ингээд хууль хооронд тайлбар хийгээд үзвэл онц байдал зарласан тохиолдолд л сонгуулийг хойшлуулж болохоор байгаа юм. Харин онц байдал зарлах эсэхийг УИХ шийдвэрлэдэг. Хэрвээ чуулганы хуралдаангүй үед онц байдал зарлах зайлшгүй шаардлага гарвал Ерөнхийлөгч зарлаад, түүнээс хойш долоо хоногийн дотор УИХ хуралдаж, Ерөнхийлөгчийн саналыг батлах, эсвэл хүчингүй болгох эсэхийг шийддэг хуультай. Товчхондоо, сонгуулийг хойшлуулах эсэхийг УИХ л шийдвэрлэнэ гэх үү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.БЯМБАСҮРЭН: Нэг өрөөнд нэг хүн, нэг гэр бүлийг байлгах бодлого барьж тусгаарлалтад авч эхэлсэн

Эрүүл мэндийн дэд сайд, Улсын онцгой комиссын Шуурхай штабын орлогч Л.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Улсын онцгой комиссын шуурхай штабын үндсэн чиг үүргийн талаарх мэдээллийг өгөөч?

Монгол Улсад коронавируст халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэгтэй Улсын онцгой комиссын шуурхай штаб байгуулагдсан. Өмнө нь манай улсад ноцтой нөхцөл байдал үүсч байсан боловч энэ удаагийнх шиг шуурхай штаб байгуулагдаж байгаагүй. Улсын онцгой комиссын шуурхай штаб нь коронавируст халдвар тархахаас сэргийлэх бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний талаар УОК-т танилцуулж, гарсан нөхцөл байдалд нэн даруй арга хэмжээ авч, шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтийг хянаж ажиллаж байна.

-Нийгмийн сүлжээнд зарим иргэд онц нөхцөл байдал зарласан энэ өдрүүдэд гадаадаас монгол иргэдийг оруулах нь зөв эсэх дээр асуудал үүсгэж байна. Шуурхай штаб иргэдээ зөөвөрлөн авчрах ажлыг удирдан зохион байгуулж байгаа. Та штабын орлогчийн хувиар байр сууриа илэрхийлээч?

-Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу эх орондоо хаана ямар ч нөхцөлд байсан ирэх бүрэн эрхтэй. Монгол Улсын Засгийн газраас гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор авч ирж байна. Үүнд нэн тэргүүнд хүнд өвчтэй, гадаад улс оронд эмчилгээ хийлгэсэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн болон бага насны хүүхэдтэй иргэдээ авахыг зорьсон. УОКын баталсан журмын дагуу коронавируст халдвар бүртгэгдсэн улс орноос ирсэн, эмнэл зүйн шинж тэмдэггүй хүмүүсийг 21 хоног тусгаарлан ажиглалтад байлгана.Үүний тулд холбогдох газруудаас авсан мэдээлэл, судалгааг үндэслэн шуурхай штаб урьдчилсан хуваарийг хийнэ. Тусгай үүргийн онгоцонд эмч, улсын байцаагч нар явж, 20 асуулттай эрүүл мэндийн хуудсыг зорчигчдоор бөглүүлж, тухайн асуулгад ямар зовиур илэрч байна, явсан газрын маршрутыг нарийн асууж, тэмдэглэн мэдээллээ нэгтгэнэ.

-Орон нутагт “COVID 19”-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор ямар зохион байгуулалттай ажлууд хийгдэж байна вэ?

-Нээлттэй байсан хилийн боомтууд өнгөрсөн сарын 28-нд хаагдсан. Боомтоор орж ирсэн иргэдийг мөн адил УОК-оос гарсан шийдвэрийн дагуу тусгаарлан ажиглалтад авсан. Сэжигтэй тохиолдлуудыг тухайн орон нутгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлан, шинжилгээний сорьцыг нь ХӨСҮТд ирүүлж, хот, хөдөөгүй нэг зарчмаар ажиллаж байна. Дархан-Уул, Дорнод, Ховд, Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн вирусологийн лабораторид коронавирусийг илрүүлэх шинжилгээ хийх бэлтгэлийг хангалаа.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд ажиглалтад байгаа 2334 иргэн байгаагаас 14 тохиолдол бүртгэгдэн хоёр өвчтөн эдгэрч, үргэлжлүүлэн тусгаарлан ажиглалтад, бусад 12 иргэн ХӨСҮТд эмчилгээ хийлгэж байна.

-Тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдэд өгч буй зөвлөмж мэдээллийн тухайд?

-Иргэдийн хувьд эрүүл мэндийн хуудсаа л хамгийн түрүүнд үнэн зөв бөглөх хэрэгтэй. Хаанаас ирж, хаагуур явсан, өөрт нь ямар зовиур илэрч байгаагаа мэдээлэх хуудсанд үнэн зөв бөглөсөн тохиолдолд ямар ч хүндрэл бэрхшээл гарахгүй. Мөн тусгаарлалтад байгаа иргэдэд манай эмч нар тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Тусгаарлах байрны журамд хавьтлыг хамгийн бага байхаар зохицуулалт хийсэн. Тухайлбал, хоол үйлдвэрлэлийн хэсгийг ногоон бүсээр нэрлэж, түүнээс бусад хэсгийг улаан гэж нэрлэж байгаа. Ногоон бүсээс нэг ч хүн улаан бүсэд нэвтэрч болохгүй. Улаан бүсэд зөвхөн эмч ажиллана. Тэд маань иргэдэд хоол зөөвөрлөх, иргэдийн халуун хэмжилт, биеийн байдалд хяналт тавин ажиллаж байна. Мөн тусгаарлалтад байгаа иргэд аяга тавгаа өөрсдөө угаан, өрөөн доторх цэвэрлэгээ ариутгалаа тогтмол өөрсдөө хийх зэрэг нь хавьтлын тоог багасгах зорилготой юм.

-Өнгөрсөн долоо хоногт хоёр удаагийн нислэгээр иргэдээ авсан. Зохион байгуулалтад өөрчлөлт орсон уу?

-Коронавируст халдвар дөрөвдүгээр сарын 5ны байдлаар дэлхийн 209 оронд тархаж дэлхий даяар нөхцөл байдал цаг минутаар хүндэрч байна. Эхний удаад хийгдсэн чартер нислэгүүдээр авсан иргэдээ онгоц, онгоцоор нь сувиллын газар, эмнэлгүүдэд тараан байршуулахдаа орны тоогоор нь тусгаарладаг байсан бол энэ удаагаас эхлэн УОКт энэ талаар санал тавьж шийдвэрлүүлэн, өвчний нууц үеийн хугацаа, өвчлөлийн явцтай уялдуулан нэг өрөөнд нэг хүн, нэг гэр бүлийг байлгах бодлого барьж тусгаарлалтад байлгаж байна.

-УОК-оос урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, эмнэлгийн ажилчдын эрүүл мэнд, ажиллах аюулгүй байдлыг хангахад ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн хөрөнгөөр эхний ээлжинд хэрэглэгдэх нэг удаагийн хамгаалах хэрэгслүүд, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ авсан. Гэвч онцгой нөхцөлд ажиллах эмнэлэг, тусгаарлах байрны тоо нэмэгдэхийн хэрээр нэг удаагийн хамгаалах хэрэгсэл дутагдалтай байсаар байна.ДЭМБ аас гаргасан тооцооллоор шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтаа гаргаж шат дараатай хангах ажлыг эхлээд байна.Мөн манай иргэд, байгууллагууд нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, дархлаа дэмжих бүтээгдэхүүн, гар ариутгагч, мөнгөн тусламжийг илгээж байгаа нь бидэнд маш их ажиллах урам, сэтгэлийн дэм өгч байна. Иргэдийнхээ сайхан сэтгэлд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлмээр байна.

-Эрүүл мэндийн салбар эдгээр өдрүүдэд ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

Энэ өвчний талаар ДЭМБ 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр зарласнаас хойш эрүүл мэндийн байгууллага, тэр дундаа ХӨСҮТийн алба хаагч нар цаг наргүй өндөржүүлсэн бэлэн байдалд гэртээ ч хэд хоногоор харихгүйгээр ажиллаж байна. Мөн тусгаарлан ажиглах байранд резидент эмч нар тусгаарлагдан ажиглалтад байгаа хүмүүст эмнэлгийн шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж бид урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажилласан. Өвчнөөс сэргийлэхийн тулд ЭМЯ сургалт судалгааны ажлууд хийн иргэдэд энэ төрлийн мэдээ, мэдээлэл олгох контент хөгжүүлэлтийн ажлуудыг хийж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээн ажиллаж байна. ДЭМБаас нэгдүгээр сард эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад энэ өвчин зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн. Аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хөл хорио тогтоох, хөдөлгөөнийг хязгаарлах нь хамгийн эхний авах арга хэмжээ байдаг. Засгийн газар цаг алдалгүй шуурхай агра хэмжээ авч ажилласнаар ахуйн халдвар Монгол Улсад өнөөг хүртэл бүртгэгдээгүй нь манай улсын Засгийн газар маш сайн ажиллаж байгаагийн үр дүн юм.

Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Одоогийн Засгийн газар огцрохгүй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатартай ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Засгийн газартай холбоотой зүйл, заалт хэрэгжиж эхлэхээр одоогийн Засгийн газар огцрох уу. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө байгуулагдсан гэдэг утгаараа Засгийн газар тавдугаар сарын 25-наас хойш эрх зүйн чадамжтай байх боломж бий юү?

-Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт (ҮХНӨ)-ийг УИХ таван сар гаруй хугацаанд хэлэлцэж 2019 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр баталсан. Үндсэн хуульд үндсэндээ 30 орчим хувийн өөрчлөлт орсон. ҮХНӨ-ийн хамгийн том өөрчлөлт нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институцитэй холбоотой харилцааг зохицуулах өөрчлөлтүүдээс гадна засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагатай холбоотой шүүх эрх мэдлийн бүлэгтэй холбоотой томоохон өөрчлөлтүүд орсон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд, дөрвөн сайд нь УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн байх боломжийг хуулиар нээж өгсөн. Бусад Засгийн газрын гишүүдийн хувьд Их хурлын гишүүний үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэхийг хуулиар хориглосон. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хууль батлагдсаны дараа Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Энэ хууль таван зүйлтэй. Нэгдүгээр зүйлд Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор тухайн төрлийн харилцааг зохицуулсан шинэ хууль гарах хүртэл тухайн төрлийн харилцааг зохицуулж байсан хуучин хууль тогтоомжоор тухайн харилцааг зохицуулна гэсэн зохицуулалтыг оруулж өгсөн. Тиймээс одоогийн Засгийн газар огцрохгүй гэсэн үг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдаатайгаар органик хуулиар дагаж өөрчлөх процессийн ажлууд УИХ, Засгийн газрын түвшинд хийгдээд явж байна. Эхний ээлжинд 11 том хуулийн өөрчлөлт хийгдэнэ. Тухайлбал, УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Их хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний эрх зүйн байдлын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг хуулиудыг нэн яаралтай өөрчлөх шаардлагатай байгаа. Өнөөдрийн (өчигдрийн)Засгийн газрын хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-ын даргад өргөн мэдүүлж байх шиг байна.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг ч мөн адил. Дээр дурдсан хуулиудын хуулийн төсөл боловсруулах ажил үндсэндээ цэгцэрч дуусах шатандаа орсон. Энэ хаврын чуулганаар эдгээр хуулийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж батална.

-Эдгээр хууль батлагдах хүртэл ҮХНӨ-ийн заалтыг дагаж мөрдөхгүй гэсэн үг үү?

-Дээр дурдсан хуулиуд батлагдаад өөртөө үйчлэлээ заасан өдрөөс хойш тухайн харилцаанууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу өөрчлөгдөнө. Энэ бол өмнө нь манай Үндсэн хуулийн эрх зүйд байсан, тогтсон ойлголт. 1992 оны үндсэн хууль нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан. Үндсэн хуульдаа 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан. Үндсэн хуулиар Уи х 76 гишүүнтэй байна, дөрвөн жил тутам сонгогдоно. Төрийн тэргүүн нь Ерөнхийлөгч байна. Нэг удаа улирч сонгогдох эрхтэй. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж нь аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороонд хуваагдана гэх мэт үндсэн хуулийн суурь харилцаануудыг зохицуулсан. Дагаж мөрдөх журмын хуулиар яг адилхан. Дээрх зохицуулсан харилцаануудыг үндсэн хууль батлагдсантай холбоотойгоор тухайн харилцааг зохицуулсан хууль батлагдах хүртэл өмнөх хуулиуд хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн зохицуулалтыг өөртөө тээж дагаж мөрдөх журмын хууль батлагдаж байсан. Жишээлбэл, 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хэрнээ анхны Ерөнхийлөгчийг 1993 оны зургадугаар сард тангараг өргүүлж байсан. Өөрөөр хэлбэл зарим хуульчдын ярьж байгаа шиг үндсэн хууль батлагдаад л Үндсэн хуульд дурдсан шиг харилцааг зохицуулдаг ойлголт байхгүй. 1993 онд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль батлагдсан. Тэр болтол Улаанбаатар хот дөрвөн районтойгоор 1993 он хүртэл явсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль нь 1992 оны хоёрдугаар сарын 12-нд үйлчилсэн ч засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой хууль нь 1993 онд батлагдаж тухайн оноосоо эхэлж өөрчлөлт орж байсан. үндсэн хуультай холбоотой зохицуулалт бараг найман жил орчим үргэлжилсэн. 1999 онд Гэр бүлийн тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль батлагдсан. Тэр болтол энэ хоёр хуулийг 1973,1974 онд батлагдсан БНМАУ-ын гэр бүлийн тухай хууль, хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж байсан. Органик хуулиуд нь батлагдаагүй байхад шууд засгийн газар огцроод төрийг тогтворгүй байлгах нь хэнд ашигтай юм. ингэж үндсэн хуулийг гажуудуулж, буруугаар ойлгох нь зохистой зүйл биш.

-Ерөнхийлөгч 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргасан. Сонгууль хойшлуулахыг та дэмжиж байна уу?

-Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ талаар олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Бид намын дүрэмтэй, нэгдмэл удирдлагатай учраас сонгууль хойшлуулах тал дээр нэмж хэлэх зүйл алга. ОхУ-ын ард нийтийн санал асуулга хойшилсон тухай мэдээлэл гарсан. Солонгосын үндэсний ассамблейн сонгууль энэ сарын 15-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. Сөрөг хүчин сонгуулиа хойшлуулъя гэх байр суурь илэрхийлсэн ч эрх барьж байгаа хүчин сонгуулийг цагт нь явуулахаар шийдсэн байна. итали, Испани улс шиг хүнд нөхцөл байдал үүссэн тохиолдолд сонгууль хойшилно. Дайны болон онц байдал зарлагдаагүй тохиолдолд сонгууль хойшлогдохгүй гэж Ерөнхий сайд хэлсэн гэж ойлгож байгаа. хэрэв сонгууль хойшилбол бүтэн жилээр хойшлогдоно.

-Хуульч Б.Гүнбилэг Хууль зүйн сайд Ц. Нямдорж болон таныг МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй хэмээн намынхаа Хяналтын ерөнхий хороонд хандсан байсан. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Би тэр мэдээллийг харсан. Сонгууль дөхчихсөн, нэр дэвших хүсэлтэй хүмүүс олонд танигдах, анхаарлын төвд орохын тулд хүний нэр төрийг гутаан доромжлох кампанит ажлын нэг гэж харж байгаа. Таван гишүүн жагсаал хийхэд тухайн үеийн Уих-ын дарга М.энхболдын өрөө рүү биднийг хутга шөвөгтэй орсон гээд сенсаци тарьж байсан. Дараа нь М.Энхболд дарга тийм зүйл болоогүй хэмээн мэдээллийг няцаасан. Ямар хүн гэдэг нь өөрийнх нь хийж байгаа үйлдлүүдээр харагддаг. Нам дээр миний тухай гомдол ирсэн зүйл байхгүй байна лээ. Сонгууль дөхөх тусам иймэрхүү хүмүүс их болно. зарим нь эздэдээ гоё харагдах гээд тэгж байгаа байх.

Би албан ёсоор хэлье. ЖДү-ийн зээлтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллага хоёр жил гаруй шалгалт хийсэн. Надтай холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл байхгүй. Анхны тавилт нь таван гишүүн жагсаал хийж явахад АТГ-ын тухайн үеийн удирдлагуудаар ажиллаж байсан хүмүүсийн зохиомол тавилттай жүжгээр бидний нэр төрийг гутаах гэж явж байгаа хэлбэр. ЖДү-ийн зээлээс миний гэр бүл, хамаарал бүхий этгээд зуун төгрөг ч аваагүй. Би шүүх, хууль хяналтын байгууллагыг шүүмжилж, шударга бусын хонгилыг нураая гэж хамгийн тогтвортой дуугарч яваа хүний нэг. хэрвээ ЖДү-ээс зээл авсан бол надад дургүй хууль хяналтын байгууллагынхан аль хэдийнэ хонгил руугаа чирээд оруулчих байсан байлгүй.

-Коронавирус цар тахлын энэ үед улс орнууд эдийн засагтаа анхаараад эхэлсэн. Манай улсын хувьд эдийн засагтаа ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

-эдийн засгийг аврах ЖДү төдийгүй бүх ААН байгууллагуудын бизнесийг дэмжих чиглэлээр засгийн газар илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулах байх гэж бодож байна. Саяхан Ерөнхий сайд долоон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж хэлсэн. үүнээс гадна Уих-ын дарга Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, ярилцсан. Арил-жааны банкуудтай хамтарч бизнес эрхлэгчдийн зээлийг хойшлуулах, цаашид нэмж яаж зээл нэмэгдүүлэх талаар Монголбанкны удирдлагуудтай ярилцахад миний бие даргын зөвлөлийн гишүүний хувьд оролцсон. Арилжааны банкуудаас хоёр хүсэлт тавьж байгаа. зарим банкууд нь муудсан зээлтэй хүмүүст дахиж зээл авахад нь баталгааг төрөөс гаргаж өгөөч ээ гэж байгаа юм. Хоёр дахь нь арилжааны банкуудыг дахин хөрөнгөжүүлээч ээ гэх хүсэлтүүд тавьсан. 2019 онд Уи х арилжааны банкуудыг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль баталсан. Энэ хуулиар хоёр үндсэн арга бий.

Арилжааны банкуудын хувьцааг төр барьцаалах замаар дахин хөрөнгөжүүлэх нэг арга бий. хоёрдугаарт, арилжааны банкуудын активыг барьцаалах замаар дахин хөрөнгөжүүлэх боломж бий. Монголбанкны ерөнхийлөгч 10 хувийн хүүтэй актив барьцаалсан зээл олгоход татгалзах зүйлгүй гэдгээ арилжааны банкны удирдлагуудад илэрхийлсэн. зээлийн хүүг тэг болгох эх үүсвэр манайд одоохондоо байхгүй.

үүнийг далимдуулж хямралын үед олон түмний санаа бодлыг төөрөгдүүлж хий хоосон улс төр хийхээ болих хэрэгтэй. Одоо бидний хувьд нэн яаралтай алт хөтөлбөр, зэс төмрийн хүдэр, нүүрсний экспортоо нэмэгдүүлэх түүнийг түшиглэсэн бусад бизнесээ дэмжих ХАА, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох ажлууд хамгийн чухал асуудал. Улс төр бол дараа, дараачийн асуудал.

Categories
мэдээ цаг-үе

Д.Мөнх-Эрдэнэ: Үндсэн хуулиас илүү үйлчлэх хүчин чадалтай органик хуулийн заалт гэж байх ёсгүй

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга асан, хуульч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх тавдугаар сарын 25-наас эхэлж хэрэгжиж эхэлнэ. Уг нэмэлт, өөрчлөлтийн Засгийн газартай холбоотой зүйл, заалт хэрэгжиж эхлэхээр одоогийн Засгийн газар хэрхэх вэ?

-ҮХНӨ-ийн дагуу Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд ҮХНӨ-д заасны дагуу Засгийн газрын гишүүдийг шинээр томилж, давхар дээлтэй гишүүдийн дээлийг тайлна гэсэн үг. Үндсэн хуульд заасанчлан Засгийн газар гэдэг нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болохыг энэ дашрамд хэлэх нь зөв гэж бодож байна.

-Зарим улстөрчид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлээр энэ асуудлыг зохицуулсан. УИХ-аас баталсан хуваарийн дагуу органик хуулиудыг шинэчлэн батлах хүртэл хугацаанд ҮХНӨ-ийн заалтыг дагаж мөрдөхгүй гэж тайлбарласан байсан…

-Эрх зүйн актын эрэмбэ дараа, тогтсон дэг жаяг, онол ном гэж бий. Товчхондоо улс орны дээд хууль болох Үндсэн хуулийн заалтаас илүү үйлчлэх хүчин чадалтай органик хуулийн заалт гэж байх ёсгүй. Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуульд аливаа хууль, зарлиг, төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа бүрэн нийцсэн байна гэж хатуу хуульчлан тогтоож Мэдэхтүн, Сахихтун хэмээн төгсгөсөн байдаг. Үүнийг санах хэрэгтэй. Нөгөө талаас, УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан ҮХНӨ-ийн зургадугаар зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө гэж заасан. Дагаж мөрдөхгүй юм бол юунд ийнхүү хугацаа заав. Тэгэхээр ойлгомжтой байгаа биз дээ. Ер нь Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудал нь органик хуулиар бус, Үндсэн хуулиар тухайлан зохицуулагддаг онцлогтой шүү. Үүн дээр маргах нь тусгүй.

-Засгийн газрыг эмхлэн байгуулах харилцааг органик хуулиар бус, Үндсэн хуулиар зохицуулдаг гэлээ. Засгийн газрын тухай хуульд энэ тухай юу гэж заасан бэ?

-Бараг бүх улсад парламент, Засгийн газар, шүүх гэсэн төрийн гурван салаа эрх мэдлийн суурь зохицуулалтыг Үндсэн хуулиар бий болгодог тул тэгж хэлэхээс аргагүй. Харин манай Засгийн газрын тухай хуулийн хувьд 1993 онд батлагдсан, маш ойлгомжтой, тодорхой, сайн бичигдсэн хууль шүү дээ. Манай хуучны мундаг хуульчид болох гавьяат хуульч Б.Чимид, Б.Цэрэндорж, Ш.Солонго гэх мэт хүмүүс бичиж, гол ажлыг нь нугалсан гэдэг. УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газрын бүтэц (яамд) бүрэлдэхүүн (Засгийн газрын гишүүн), сайд нарын чиг үүрэгт өөрчлөлт оруулахад энэ хуульд бага сага нэмэлт, өөрчлөлт ордог юм. Сүүлд Ц.Нямдорж сайд өөрчлөх гэж нэг үзээд үнэхээр сайн бичигдсэн хууль байна гэж хэвлэлд нэг яриа өгсөн байх шиг байсан. Үнэхээр ч тийм юм. Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Засгийн газрыг эмхлэн байгуулах үндэслэл, журам гэж Үндсэн хуулиас эш татсан хоёр хэсэг заалт, 23 дугаар зүйлд сайдыг томилох, чөлөөлөх саналыг УИХ-д өргөн мэдүүлэхтэй холбоотой нэг заалт бий. Энгийнээр хэлбэл, гурван өгүүлбэр. Энэ гурван заалтыг ҮХНӨ-тэй нийцүүлэх гэвэл тэр өгүүлбэрүүдийн Үндсэн хуулиас эш татсан заалтын дугаар, ганц хоёр нэр үгийг солих хэрэгтэй болно. Цаг хугацаа аваад байх хэцүү ажил ч бас биш дээ. Дээр нь нэмээд ҮХНӨ-өөр сайд нар УИХ-ын өмнө тангараг өргөдөг болж байгаа. Энэ тангаргийн үгийг тодорхой болгож хуульд заах нэг ажил бий. За бусдыг нь Үндсэн хуульд тодорхой заасан тул нийцүүлээд байх зүйл бараг байхгүй дээ.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө байгуулагдсан гэдэг утгаараа Засгийн газар тавдугаар сарын 25-наас хойш эрх зүйн чадамжтай байх боломж бий юү?

-Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно гэж заасан. Тэгэхээр энэ хугацаанд хуульд нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэр хуулийн хүчинтэй. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх ёстой нь хэн бүхэнд ойлгомжтой. Үндсэн хууль тогтоогчид, ахмадууд маань ч энэ асуудалд онцгой анхаарч, ямар нэг завсар зай гарахааргүй хуульчилж өгчээ. Нөгөө талаас, ҮХНӨ хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан Засгийн газрын тухайд уг хуулийн зохицуулалт хэрхэх талаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд тодорхой заагаагүй. Уул нь үнэхээр ҮХНӨ-ийн Засгийн газартай холбоотой хэсгийг УИХ-ын сонгуулийн дараа хэрэгжүүлнэ гэж бодсон бол 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт болох БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөх шилжих тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан шиг тодорхой зааж болох байсан.

-Тухайлбал?

-1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуульд УИХ-ын сонгуулийн үр дүнд шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл хуучин Засгийн газар Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Тэгэхээр үүний нэгэн адил дээр дурдсан ҮХНӨ-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тун тодорхой заах ёстой байсан. Түүнээс бус ҮХНӨ-ийг улс орон даяар дагаж мөрдөх хугацаа эхлэх гэж байхад органик хуулиудад өөрчлөлт оруулах хүртэл дагаж мөрдөхгүй, давхар дээлээ тайлахгүй гээд сууж таарахгүй. Тэгээд бас улс орны хамгийн дээд хууль болох Үндсэн хуулийн заалтаас илүү хүчин чадалтай органик хуулийн заалт байж болно гээд Үндсэн хуулийг сахин биелүүлэхээр тангараг өргөсөн УИХ-ын гишүүд, улстөрчид нь батлаад, яриад суух нь буруу даа. Хоёрдугаарт, 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлд шинэ Үндсэн хууль батлагдахаас өмнө үйлчилж байсан хуулиудыг гагцхүү Үндсэн хуульд харшлахгүй тохиолдолд цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөх бөгөөд Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Үндсэн хуульд харшилсан бүх хууль, эрх зүйн акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болно гэж хуульчилсан байдаг. Үндсэн хуулийн зарчим нь тийм юм.

Монгол Улс, манай ард түмэн Үндсэн хуулиа дээдлэн сахиж, эрх зүйт төрийг төлөвшүүлэх гэж явна, төр засаг ч иргэддээ хуулиа мөрд гэж хэлдэг, шаарддаг, шаардлагатай бол албадлагын арга хэмжээ авдаг. Гэтэл дээгүүрээ дарга нар нь Үндсэн хуулиа зөрчдөг байж таарахгүй.

-Одоогийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгч болох уу. Эсвэл огцрох уу?

-Би дээр эхэнд хариулсан даа. Ер нь монголчууд бид Үндсэн хуульдаа 1992 оноос хойш 27, 28 жилийн дараа зарчмын том өөрчлөлт оруулж чадсан. Энэ ажил олон ч УИХ, Засгийн газрыг дамжиж яригдсан. Харин өнгөрсөн онд эрх баригч нам, Ерөнхийлөгч, сөрөг хүчин, эрдэмтэн, судлаачид, ахмад буурлууд, ард иргэд маань идэвхтэй оролцсоны дүнд энэ ажлын ард гарч чадлаа. Хуульд заасны дагуу хоёр хүрэхгүй сарын дараа улс орон даяар дагаж мөрдөж эхэлнэ. Гэтэл УИХ, Засгийн газар нь органик хууль болох Засгийн газрын тухай хуулийн хоёр, гурван заалтын үг, үсгийг бэлэн байгаа Үндсэн хуульд нийцүүлэн өөрчилж чадаагүй, амжаагүй гээд ҮХНӨ-ийн гол амин сүнс болсон заалтуудыг хэрэгжүүлэхгүй сууж байж болохгүй. Үндсэн хууль бол дээд хууль. Тогтоосон хугацаанаас эхлэн элдэв саадгүй заавал дагаж мөрдөх ёстой. Зөрчөөд эхэлбэл эрх зүйт төрийн тухай ярих ч хэрэггүй.

УИХ-ын гишүүд давхар дээлнээсээ салахгүй л болов уу даа.

-Тэдний хүсэл зоригийн асуудал биш. Эрх зүйт төр, Үндсэн хуулиа дээдлэн сахин биелүүлэх зарчмын асуудал юм. Төрт ёсны олон мянган жилийн уламжлал, түүхтэй Монголын төр ҮХНӨ-ийн хэрэгжилтийг ямар нэг маргаангүйгээр зохион байгуулж чадна гэж бодож байна. ҮХНӨ-ийн дагуу Ерөнхий сайд мэргэжлийн, нэр цэвэр, чадвартай хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлж сонгуульд оролцоход бараг нэмэх оноо ирнэ дээ.

Дахиад хэлэхэд Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа бүрэн нийцсэн байна” гэж хуульчилсны дагуу ҮХНӨ-ийн хэрэгжилтийг төрт ёсны уламжлал, дэг жаягаар дагаж мөрдөх хугацаанаас нь эхлэн зохион байгуулах ёстой болж байна.

-Хэрэв давхар дээлтэй байна гэвэл ямар сайд давхар дээлтэй байх нь зохистой вэ?

-Хэнийг танхимдаа авч ажиллуулах нь Ерөнхий сайдын онцгой бүрэн эрх. Тогтсон уламжлалаас харахад үндсэн чиг үүргийн яамдыг удирддаг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Гадаад хэргийн сайд болон Засгийн газрын ажлын албыг удирддаг ЗГХЭГ-ын дарга зэрэг албан тушаалд УИХ-ын гишүүдээс томилох нь бий.

-Дэд сайд нар сонгууль болтол сайдын үүргийг гүйцэтгэж болох уу?

-Боломжгүй. Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газар нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд юм. Дэд сайд гэж Үндсэн хуулийн субьект Засгийн газрын гишүүн биш. Тийм ч учраас сайдын түр эзгүйд сайдын чиг үүргийг дэд сайд бус, харин Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу аль нэг Засгийн газрын гишүүн хариуцаж ажилладаг журамтай. Товчхондоо дэд сайд нь харьяа байгууллагын үйл ажиллагааг сайдаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу түүний өмнө хариуцаж ажилладаг албан тушаалтан даа.

-Ерөнхийлөгч сонгуулийг хойшлуулах санал гаргасан. Хойшлуулах нөхцөл байдал бий болчихсон уу?

-Хөнөөлт тахлын эсрэг засаг төр боломжоороо сайн ажиллаж байна. Иргэний хувьд энэ ажлыг хариуцан ажиллаж байгаа бүх хүмүүст, тэр дундаа эмч, цагдаа, онцгой байдлын алба болон бусад байгууллагын ажилтнууддаа гүн талархал илэрхийлье. Чухам сонгууль хойшлуулахын тухайд хэлэх зүйл алга. Үнэхээр иргэд, олон нийтийн аюулгүй байдалд ноцтой эрсдэлтэй, аюултай гэж мэргэжлийн албад үзэж байгаа бол сайн нягталж үзээд эрх бүхий хүмүүс нь шийднэ биз дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баяр: Миний гэх хэрэгт нууц юм байхгүй

Ерөнхий сайд асан Санжийн Баяртай ярилцлаа.


-Улсын Ерөнхий прокурорт хандаж та нээлттэй захидал бичлээ. “Ил захидал” илгээх таны гэнэтийн шийдвэрийг юу гэж ойлгох вэ. Та аргаа барж, эцэстээ тулж байна уу, эсвэл тэмцлээ дөнгөж эхэлж байгаа нь энэ үү?

-Заавал энэ хоёр туйлын нэг нь байх ёстой юу. Амьд хүн байна даа, аргаа бүр бартал ч зай байх байлгүй. Тэмцлээ эхлэв үү гэж асууж байна уу. Би захиандаа хатуу хөтүү үг оруулж, хараал ерөөл тавиагүй. Бодит үнэнийг л товч, тодорхой дуулгах гэж оролдсон. Прокурортой тэмцэх биш, хуулийн дагуу хийх ёстой ажлынх нь талаар сануулж, санал бодлоо илэрхийлж хандсан.

-Ингэж хандсаны үр дүн гарна гэж та бодож байна уу?

-Бодох юу байх вэ, үр дүн гарсан. Миний асуудалд огт хамаагүй, хөндлөнгийн хүнд би хандаагүй. Тэр асуудалд хяналт тавих эрх, үүрэг бүхий Улсын Ерөнхий прокурорт хандсан.

Ор үндэсгүй худлаа юм бичиж, удирдаж байгаа тэр байгууллагыг нь гүтгэсэн бол тэр маань няцаагдаж би шившиг болох байв. Ор үндэстэй юм бичсэн учраас үр дүн нь гарсан. Захиа илгээснээс хойш хэд хоноод прокурорын байгууллагын удирдлага намайг хүлээж авч уулзсан. Санаа бодлыг маань асуусан, би хэлье гэснээ хэлсэн. Одоохондоо ийм л байна. Алсдаа яахыг нь харж л сууя.

-Таныг эрүүгийн гэмт хэрэг хийсэн гэж ялласан прокурорын тогтоолоо өөрчилсөн, заримыг хэрэгсэхгүй болгож, заримыг нь үлдээсэн гэсэн. Яг юу нь хэрэгсэхгүй болж, юу нь үлдсэн юм бэ?

-Товчхон хэлэхэд, намайг цагдан хорихдоо “гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор нэгдсэн гэмт бүлэг байгуулсан, элссэн… галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн зүйлээр хангасан” гэсэн агуулгатай зүйл ангиар ял тулгасан.

-Тийм, та энэ тухай захиандаа бичсэн байсан ч ойлгогдохгүй юм бас байна. Энэ ямар учиртай зүйл анги юм бэ. Яагаад Оюу толгойн гэрээ, Америкт байгаа долоон хаус гэж байснаа гэнэт галт зэвсэг болоод явчихав?

-Инээдтэй ч, гунигтай ч гэмээр. Энэ зүйл анги бол кинонд гардаг “мафи” гэж байдаг даа, тэрний тухай учраас галт зэвсэг энэ тэр гэж дагалдаад ордог биз.

Арван хоёр жилийн ялтай онц ноцтой гэмт хэрэг. Ийм хүнд ял тулгасан хэрнээ энэ талаараа надаас юу ч асуугаагүй. Тэр “мафийг” хэн байгуулсан, хэн хэн элссэн, ямар ашиг олж, түүнийгээ яаж хуваарилж байсан гэх мэт юм асуумаар даа. Тийм юм огт байгаагүй. Намайг цагдан хорьж 461-д суулгах, сүрийг бадрааж олон нийтийг цочроох үүднээс л ийм ял оноосон бололтой. Гэхдээ энэ ялаа одоо тулгахаа больсон.

-Одоо тэгээд таныг яг юунд буруутгаж байгаа вэ?

-Оюу толгойн гэрээтэй холбон “мафи” байгуулсан гэж тулгасан, гол ял нь бүтэхгүй болмогц “наалтуур” хэрэг гаргаж ирж байгаа санаатай. Тэр “наалтуурынх” нь утга нь, намайг Ерөнхий сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Оюу толгой компанид их хэмжээний бензин шатахуун “шахсан”, тэндээсээ хууль бус орлого олсон, тэр мөнгөө угааж Америкт олон байр сав авсан гэх гэмт хэрэгт буруутгаж байгаа. Арай л гэмээр… Яагаад гэвэл, энэ нь хавтаст хэрэгт маань бэлхнээ байгаа олон баримтаар бүрэн няцаагдаж байгаа ял. Ухаандаа би бүр Оюу толгойн гэрээ сураггүй байх үеэс, Ерөнхий сайд болохоосоо хэдэн жилийн өмнө авлига аваад, Америкт байр савтай болоод, мөнгө угаагаад эхэлсэн гэх агуулгатай ял. Би захиандаа энэ талаар тодорхой бичсэн дээ уг нь.

-Та захиандаа миний гэх асуудал эхнээсээ л эрх зүйн гэхээсээ, улс төрийн өнгө аястай асуудал байсан гээд хэд хэдэн жишээ дурдсан. Мөн “Хэрэг явдлын гол зорилго нь үнэнд хүрэх биш, харин ч үнэнээс төөрүүлэх санаархал байсан юм биш биз гэх бодол төрсөөр удлаа” гэж бичсэн байсан. Энэ санаагаа арай дэлгэрүүлээд тайлбарлаад өгөөч. Таныхаар бол үнэн нь яг юу юм?

-Би сая хэлсэн. Намайг бүр эхнээсээ л ямар нэгэн аргаар Оюу толгойн гэрээтэй хамт буруутгах гэж оролдсоор ирсэн. Нэг арга нь мухардахаар өөр аргаар Оюу толгойтой заавал холбож яллах гээд л. Намайг гэхээсээ Оюу толгойн төслийг яаж ийж байгаад харлуулах гээд. Оюу толгойн төсөл гэдэг маань юу билээ. Дотоод, гадаадын олон субьектийн улс төр, эдийн засгийн эрх ашгийг хөндсөн, одоо ч хөндсөөр байгаа мега-төсөл юм. Оюу толгойн төсөл зөв буруу гээд улстөржсөн хэрүүл маргаан бид олон жил хийв. Асуудлыг сайн мэдэхгүйн улмаас маргасан, мэдэн будилж хэрүүл өдсөн юм бий. Гэхдээ энэ бол дотоодод өрнөсөн үйл явц. Гадаад талаас нь харвал Оюу толгойн төсөл манай улсын геополитик болон геоэкономик байдлыг бүхэлд нь өөрчилсөн. Монгол Улс “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” арай биш болсон. Гуравдахь хөршийн бодлого бодитоор хэрэгжиж улсынхаа аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар хангах нэг чухал хөшүүрэг нэмэгдсэн. Үнэн яг юу юм гэж чи асуулаа. Уянгын халилгүй хэлэх үнэн бол энэ л юм. Тэгээд бод л доо.

-Та ил захидалдаа “хэргийг шалгах хугацаанд АТГ, прокурорын байгууллагад хандаж нийтдээ 14 удаагийн хүсэлт, гомдол гаргасан” гэсэн байсан. Тэгж олон удаа хандаад байх ямар учир шалтгаан байсан юм бэ?

-Учир шалтгаан байсан учраас л хандсан. Ихэнх нь мөрдөн шалгах ажиллагааны явцтай холбоотой. Тэр бүхнийг ярина гэвэл урт удаан юм болно. Ганц жишээ хэлье. Манай Засгийн газрын 2009 онд үзэглэсэн Оюу толгойн гэрээг “Хууль тогтоомж зөрчсөн, улсад хохирол учруулсан” гэж шинжээчдийн нэг баг дүгнэсэн юм билээ. Хавтаст хэрэгт байсан тэр дүгнэлт нь яагаад ч юм гадуур тарж, зарим улстөрч үүн дээр нь яаран дөрөөлж “тоглолт” хийх гэж оролдон, оргүй юман дээр “халтирч” шараа болж байсныг санаж байгаа биз дээ. Учир нь, нэр бүхий таван хүнээс бүрдсэн “шинжээчдийн” гэх энэ баг ийм дүгнэлт хийхдээ илэрхий олон алдаа гаргаж, эрх мэдлээ арай дэндүү хэтрүүлсэн байсан.

-Яаж хэтрүүлсэн гэж?

-Жишээ нь, Засгийн газрын байгуулсан гэрээ мэт баримтын талаар албан ёсны дүгнэлт гаргахдаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг ягштал баримтлах ёстой. Гэтэл тэр “шинжээчид” хуулиа баримтлах биш, хүчин төгөлдөр хуулийн заалтыг үгүйсгэн буруутгах, бүр цаашлаад хуулийн тодорхой зүйл, заалтад үг үсэг нэмэх хасах байдлаар “дураараа аашилсан” байдаг. Эсвэл Оюу толгойн гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр болоогүй байсан зүйл, заалтыг эш үндэс болгон Засгийн газрыг буруутгаж ч байх шиг. Харамсалтай нь иймэрхүү бүдүүлэг алдаа цөөнгүй гаргасан байсан.

-Тэгээд яасан бэ?

-Дээрх олон алдааг нь тэмдэглэн заагаад АТГ болон прокурорын байгууллагад санал хүсэлтээ бид хүргүүлсэн. Тэр хүсэлтэндээ Оюу толгойн гэрээний талаар аль нэгэн хүн, хүчин, байгууллагын явцуу эрх ашиг тусгаагүй дүгнэлт шинээр гаргуулах шаардлагатайг дурдсан. Аль эсвэл хуулинд заасны дагуу дээрх “шинжээч” нараас гаргасан дүгнэлтийнх нь талаар албан ёсны тайлбар, тодруулга авах санал тавьсан.

-Таны саналыг прокурор тэгээд хүлээн аваагүй юм уу?

-Зөвхөн тэр саналыг ч биш, өөр бусад олон санал, хүсэлт, гомдлыг маань хүлээж аваагүй учраас би дээд шатны удирдлага нь болох Ерөнхий прокурорт хандсан санаатай. Дашрамд хэлэхэд, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахдаа нийт дөрвөн баг шинжээч томилоод Оюу толгойн гэрээний талаар дүгнэлт гаргуулсан юм билээ. Би хэргийн материалтай танилцаж байхдаа энэ талаар мэдсэн. Дээрх “шинжээчдийг” эс тооцвол бусад гурван баг шинжээчид нь Оюу толгойн гэрээний талаар “хууль зөрчсөн, улсад хохирол учруулсан” гэх ямар нэгэн сөрөг дүгнэлт гаргаагүй байсан. Гэтэл тэр гурван дүгнэлтийг нь ор тас орхиод, буруутгасан ганцыг нь эш үндэс болгоод, яллаад байлаа. Энэ нь яллагдагч болсон мань мэтэд ч, улсад ч хохиролтой.

-Таны тухайд бол ойлгомжтой, харин улс яаж хохирно гэж?

-“Шинжээчдийн” буруу ташаа дүгнэлтийг эш үндэс болговол прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэр ч буруу ташаа гарна. Тэгвэл Оюу толгойн гэрээг үзэглэсэн Засгийн газрын тэргүүн миний бие болон энэ гэрээний төслийг боловсруулж, гарын үсэг зурсан Засгийн газрын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт ч гэлээ хилс хэргээр яллагдан хохирно. Цаашилбал, үүнтэй харьцуулшгүй илүү том хохирол гарч мэдэх юм. Учир нь дээрх “шинжээчдийн” дүгнэлтийг эш үндэс болгосон шүүхийн шийдвэр гарвал хөрөнгө оруулагч тал их хэмжээний татвар цаашдаа дутуу төлөөд явах эрх зүйн буруу үндэс бий болно. Яагаад гэвэл, шүүхийн шийдвэр бол эрх зүйн болон аж ахуйн аливаа хэрэг, маргааныг эцэслэсэн эрх зүйн баримт юм. (Энэ талаар Сангийн сайд асан С.Баярцогтын эмхэтгэн гаргасан товхимолд дэлгэрэнгүй дурдсан байгаа). Оюу толгой төслөөс Монголын талын хүртэх үр ашиг үлэмж буурч болзошгүй учраас АТГ болон прокурорын байгууллага, ҮАБЗ-д энэ талаар бид сануулсан. Тэд үүнийг анхааралдаа авсан биз гэж найдаж байна.

-Сонин цаг үе юм. Монгол Улсын хэд хэдэн Ерөнхий сайд нарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад, мөрдөнд суулгаад, одоо хэргийг нь шүүхэд шилжүүлж байна. Ийм цаг үе манай түүхэнд байсан уу. 1930-аад онд олон Ерөнхий сайд, том дарга, сайд нарын толгойг залгисан хэлмэгдүүлэлтийг санагдуулж байна гэж зарим хүн ярьж байна. Таны бодол юу вэ?

-Арай ч ийм хүнд ноцтой харьцуулалт, дүгнэлт хиймгүй байна. Ямар ч байсан яг одоо нэгд, асуудал дөнгөж одоо л Шүүхийн шатанд очиж байгаа учраас шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна. Хоёрт, цаг үе, орчин нөхцөл нь огт өөр болсон. Бид Коминтерний үеийн хаалттай Монголд биш, чөлөөт ардчилсан, нээлттэй Монголд аж төрж байна. Гуравт, 1930-аад онд хэлмэгдсэн нь манайх ч, хэлмэгдүүлсэн тал нь гадных байв. Одоо гадны ил тийм хүч алга байх шиг.

-Ерөнхий сайд асан М.Энхсайхан өөрт нь үүсгэсэн эрүүгийн хэрэгтэй холбоотой бүх зүйлээ нээлттэй байлгана гэж хэлсэн. Өөрийг нь мөрдөн шалгасан байцаагч, хяналт тавьсан прокурор, шүүсэн шүүгч гээд бүх хүмүүсийг нэртэй устай нь ил гаргаж, нийтлэлээ олны хүртээл болгоно гэсэн. Та ч гэсэн тэгнэ биз дээ. Энэ нь таны хамгаалалт болох юм биш үү?

-Миний гэх “хэрэгт” нууц юм байхгүй. Бүх зүйл ил тодорхой. Энэ асуудлын явц, үр дүн, шүүхийн шийдвэр гээд тэртэй тэргүй л олны хүртээл болох биз. Яагаад гэвэл, миний, бидний гэх энэ “хэрэг” хэд хэдэн онцлогтой. Нэгд, энэ нь“Оюу толгой” гэх энэ зууны том төсөл, сэдэвтэй холбоотой. Тийм учраас олны анхаарлын төвд олон жил байсаар ирсэн, цаашдаа ч тийм байна. Хоёрт, хэрэг хуучирдаггүй гэдэг. Энэ бол улсын Ерөнхий сайд байсан хүнийг яллаж байгаа хэрэг учраас олны анхаарал хандаастай л байна. Жишээ нь, би гэм буруутай хэрнээ ямар нэгэн аргаар ял завшсан байх, эсвэл гэм буруугүй хэрнээ хилс хэргээр ял авсан байх аль ч тохиолдолд энэ нь алсын үр дагавартай юм болно. Хэргийг шийдсэн, хэргээ шийдүүлсэн гэх хоёр талд хоёуланд нь. Тэгээд ч би хэдэн жил гүтгүүлэн доромжлуулж, эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагч, одоо шүүгдэгч болж байгаагийнхаа хувьд ёроолд нь тултал сайн шалгуулж аваад энэ асуудлаа дуусгана гэсэн бодолтой яваа. Ийм байна. Одоо энэ асуудлаар өөр юм яримааргүй байна. Байдлыг харзная.

-За тэгвэл сэдвээ өөрчилье. Сонгууль ойртоод улс төрийн нам, эвслүүд цалинг гурав, таван сая болгох, зээлийн хүүг нэг хувь болгох, орон сууцтай болгоно гэсэн амлалт хэлсэн. Улс төрийн хүчнүүдийн өгч байгаа амлалтууд нь эдийн засгийг савлуулах, сонгуулийн саналыг худалдаж авах арга гэж үзэж байгаа хэсэг байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Сонгууль, сонгуулийн амлалтын тухай би телевизийн мэдээ, түйтэрийн жиргээний хэмжээнд л мэдээлэлтэй байгаа. Тэгэхдээ ерөнхий нэг сэтгэгдэл үлдсэн. Том жижиг гэлтгүй бүх л нам корона-вирусгүй орчинд амьдарч байгаа юм шиг, энэ цар тахал нь бидний болон дэлхийн өнөөдөр, маргаашд урьд өмнө байгаагүй сөрөг нөлөө үзүүлэхгүй юм шиг загнажээ гэж санасан. Гэхдээ нөгөө талаас нь бодвол, сонгууль дөхөж байхад зөвхөн Ко-вирусийн “кризис менежмэнт” л яриад байх нь хаашаа юм. Сонгууль л юм хойно нэг юм амлахаас өөр аргагүй байгаа биз. Тэр нь хэр бодитой, эдийн засгийн үндэстэй вэ гэдэг л байна. Үндэсний аудитын газар хянаж байгаа биз.

-Тантай санал нэг байна. Коронавирусээс шалтгаалж дэлхийн болон манай улсын эдийн засаг хүнд байдалд орж, даруй арга хэмжээ авах шаардлагатай талаар улстөрчид, эдийн засагчид яриад, маргаад эхэллээ. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд нэн тэргүүнд төрөөс тодорхой ямар арга хэмжээ авах ёстой вэ. Та тодорхой санал хэлээч…

-Иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг онцлох уу, улсынхаа эдийн засгийн аюулгүй байдал, ирээдүйг онцлох уу гэж нийгмийн сүлжээнд маргаад байх шиг. Миний бодлоор бол “алийг нь вэ” гэх сонголт байхгүй. Аль алиныг нь адил харж хандах ёстой. Дэлхийн улс орнуудыг харж байхад “Цар тахлын сан” байгуулаад ДНБ-нийхээ 25 хувь хүртэлх мөнгө тэндээ хуримтлуулаад эхлэв. Манай нөхцөлд энэ нь дор хаяж 5-6 их наяд төгрөг гэсэн үг. Энэ их мөнгийг хаанаас гаргах, олох юм. Зардлаа байдгаар нь танах, хаанаас ч хамаагүй мөнгө босгох хэрэгтэй болж байна. Гэхдээ миний энэ үг бол ерөнхий л яриа. Яг яах ёстой гэдгийг би тодорхой хэлж мэдэхгүй. Тодорхой санал хэлэхийн тулд тодорхой мэдээлэлтэй байх ёстой. Надад тэр нь алга. Ерөнхий юм яриад яах юм. Шийдвэр гаргагчдад ерөнхий зөвлөгөө шиг хэрэггүй юм байдаггүй.

-Манай төр засаг корона-вирусийн эсрэг авч байгаа арга хэмжээг та хангалттай гэж үзэж байна уу?

-ҮАБЗ, Засгийн газар, Улсын онцгой комисс, ЭМЯ, ОБЕГ, ЦЕГ гээд олон байгууллага, олон хүн хоёр сар гаруй хар чадлаараа л зүтгэж байна. Тэрний үр дүн ч гарч байна. Галт уулын яг бэлд нь байгаа айл гэхэд бид одоохондоо харьцангуй гайгүй л явна. Аливааг харьцуулж байж дүгнэдэг. ДЭМБ хүртэл манай төр засгийг онцлоод, дэлхийгээр нэг магтаад байсан. Гэтэл хашир туршлагатай, бэл бэнчинтэй гэх АНУ, Европын зарим орон эхнээсээ цаг алдаж, одоо тун ч хэцүүхэн байх шиг. Саяхнаас л сандарцгааж “Дэлхийн II дайнаас хойш үзээгүй том гамшиг нүүрлэв” гэх том мэдэгдэл хийгээд л, хөл хатуу хорих, хилээ таг хаах арга хэмжээ авлаа. Хөрш зэргэлдээ ОХУ-д л гэхэд сарын дараа болох ёстой байсан бүх нийтийн санал асуулгаа хойшлуулж, эдийн засгаа, иргэдийнхээ орлогыг хамгаалах онцгой арга хэмжээ аваад эхэллээ.

-Коронавирусээс болж сонгууль хойшлох болов уу. Энэ үеийн улс төрийн сонгуулийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Сонгууль хойшлох эсэхийг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Цар тахлын өрнөл тархалт, хүн амд учирч болзошгүй эрсдэлээс л бүх юм хамаарна. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу хийгдэх ёстой. Эмч мэргэжилтнүүд саналаа хэлж, төр засаг онц байдал тогтоох эсэх шийдвэрээ гаргаж байж л сонгууль хойшилно. Сонгууль хойшлох нь хүсээд байх юм биш. Үндсэн хууль болон бусад олон хуулийн зохицуулалт гацна гэсэн үг. Гэхдээ цар тахлын аюул одоогийн Итали, Испанийн хэмжээнд хүрвэл “тахлын үед найрлах” гэдэг шиг юун сонгууль монгууль манатай болно. Нөгөөтэйгүүр, хүссэн ч, эс хүссэн ч аль ч сонгууль талцал дагуулдаг. Цар тахлын аюул бүр нөмрөөд ирвэл тийм талцал шиг хэрэггүй юм байхгүй. Бид нийтээрээ, нэгдсэн хүчээрээ л тэр аюулыг давж чадна.

-Та олон сонгуульд оролцож, халуун тогоонд нь ажиллаж явсан хүн. Сонгууль хойшиллоо гэхэд улс төрийн аль хүчинд ашигтай байх вэ. Танд нэг багцаа байгаа байх…

-Мэдэхгүй. Хийх ёстой ажлаа хийсэн гэж сонгогчид үзвэл эрх баригчдад ашигтай л буух байх. Ажлаа хийж чадаагүй гэж үзвэл ашиггүй. Сонгууль хойшилсон нөхцөлд бүх юм өөр болно. Төр засаг сайн муу ажилласан гэж дүгнэхдээ сүүлийн дөрвөн жил гэхээсээ, сүүлийн дөрвөн сарыг л онцгойлон үзэх биз. Сөрөг хүчнийг ч мөн адил. Зөв зүйтэй чигт зүтгэв үү, эсвэл цар тахал далимдуулж улстөржив үү гэдгээр нь л дүгнэх байх. Нийгмийн хандлага, сэтгэлгээ нь эгзэгтэй ийм үед үлэмж хувирамтгай байдгийг хүний, өөрийн жишээн дээрээс харж болно. Тэгээд ч Монголын сонгогчид нэг сонин онцлогтой. Олон сонгуулиар энэ нь ажиглагдсан. Урсгал мэдээллээс дэндүү хол, улс төр сонирхоогүй мэт явж байснаа, яг сонгуулиа өгөхдөө торгон мэдрэмжтэй, хоорондоо тохирчихсон мэт нэгдмэл нэгэн хандлага гаргадаг тийм онцлогтой. Тиймээс наана нь хий хоосон “Вангаадаад” нэмэргүй юм билээ.

-Эцэст нь ганцхан асуулт асууя. Та долдугаар сарын 1-ний тухай ном бичиж байгаа. Энэ ном хэзээ гарах бол. Аль нэг хэсгээс сонирхуулж болох уу?

-Номоо бол бичээд ерөнхийдөө дууссан. Гэхдээ түүхэн баримтат ном учраас албан ёсны тоо, баримт, оролцогч, гэрч нарын үнэн бодит сэтгэгдэл дурсамж дээр тулгуурласан байх ёстой. Гэтэл эдгээр баримтын зарим нь нууцын зэрэгтэй. Нууцаас нь гаргах талаар ярьсан, хөөцөлдсөн ч бүтэмж муутай л байна. Тэрнийг нь хасаад гаргана гэхээр “Бүрэн зураглал” биш болно. Учраа олохгүй л сууж байна. Би энэ номыг бичихдээ өөрийгөө зөвтгөж, өрөөлийг буруутгах зорилго огт тавиагүй. Тэр өдөр яг юу болсон, хэн хэн юу хийсэн, төр засаг, улс төрийн нам хөдөлгөөн, хууль хүчнийхэн, сэтгүүлч сурвалжлагч нар, үймээнд оролцсон иргэд гээд тэр олон хүн чухам яасан гэдгийг баримтаар тусган харуулах гэсэн юм. Ингэсний үр дүнд “7 сарын 1” шиг ийм юм дахин гаргахгүй байх, гай болж дахин гарлаа гэхэд хаа хаанаа ойлголт мэдээлэлтэй, сургамж авсан байдалтай байлгахаар бодсон санаатай.

-Танаас өөр хэдэн асуулт асууя гэж бодож ирсэн боловч та олон сэдвийг хольж хутгаад хэрэггүй гэсэн. Тэр хэдэн сэдвээр тантай дараа ярилцана шүү…

-Чи надаас “стратегийн бодлого” гэж юу вэ, манайд тэр нь бий юү, гадаад орнуудад ямар байдаг вэ гэж сонирхсон. Мөн Оюу толгой, Таван толгой, ураны төсөл зэрэг асуудал шийдэх гэж байх үеийн гадаад, дотоод улс төрийн нөхцөл байдлын онцлог, энэ үед миний бодож байсан бодол, олсон ололт, гаргасан алдаа юу байв гээд сонирхолтой асуудлууд хөндсөн. Энэ бол тус тусдаа том сэдвүүд. Дараа жич ярилцаж болно.

Categories
мэдээ цаг-үе

Д.Цогтбаатар: Энэ 30 жилд итгэлцлийг бэхжүүлж, харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлсэн

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Юуны өмнө Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн тэмдэглэлт ойн баярын мэндийг хүргэе. Он цагийн тооллын хувьд 30 жил нь богино хугацаа мэт боловч Монгол, Солонгосын харилцааны хувьд нэн чухал ач холбогдолтой, онцлог үйл явдлаар дүүрэн он жилүүд байлаа. Энэ хугацаанд бид харилцаагаа “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарт амжилттай өргөжүүлэн хөгжүүлж ирлээ. Хоёр улсын найрсаг харилцааг бэлгэдэн 2020 оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарлаж, 30-н арга хэмжээг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, Сөүл хотноо “Монголын соёлын өдрүүд”, кино өдөрлөг, Улаанбаатар хотноо эрдэм шинжилгээний хамтарсан симпозиум, 30 жилийн ойд зориулсан номын нээлт, гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт зэрэг олон нийтэд чиглэсэн урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах юм. Улс төрийн яриа хэлэлцээг бэхжүүлэх хүрээнд энэ онд дээд, өндөр түвшинд зарим айлчлалыг хэрэгжүүлэхээр бид ярилцаж байна. Гучин жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хороог Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ахалж, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр нар дэд даргаар ажиллаж байна.

-Монгол Улсын гадаад бодлогод БНСУ ямар байр суурь эзэлдэг вэ. Та хоёр улсын харилцааны өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байна, хэтийн төлөвийн талаар ямар бодолтой байна вэ?

-1990-ээд оноос буюу Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого явуулж ирсэн үеэс манай гадаад бодлогод Гуравдагч хөршийн тухай ойлголт гарч ирсэн. Хөрш ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцааг хөгжүүлж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагааг явуулахын сацуу өрнө, дорнын өндөр хөгжилтэй улсуудтай бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай “гуравдагч хөрш”-ийн бодлого юм.

БНСУ нь чухамхүү энэхүү бодлогын хүрээнд АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, Туркийн хамт манай “гуравдагч хөрш” улс болж, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 30-н жилийн турш хэлбэрэлтгүй урагшилж, эдүгээ “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрээд байна. Манай хоёр улс хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй. Эдгээр үнэт зүйлс нь хоёр улсын бат бэх харилцааны үндэс суурь нь болдог. “Гараа сайн бол бариа сайн” гэж ярьдаг. Хамтын ажиллагааны эхлэл, гараа сайн байсан учир харилцаа хурдацтай хөгжиж, сайн үр дүн гарсаар байна. Манай талаас Ерөнхийлөгч П.Очирбат төрийн тэргүүний хувиар 1991 онд БНСУ-д анх айлчилж байсан бол БНСУ-ын ерөнхийлөгч Ким Дэ Жүн 1999 онд хариу айлчлал хийж байв. Түүнээс хойш Ерөнхийлөгч, Парламентын дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нарын түвшинд нийтдээ 30 гаруй айлчлал харилцан хэрэгжүүлжээ. Өнгөрсөн хугацаанд улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, харилцааны эрх зүйн үндсийг сайн бүрдүүлсэн гэж үзэж байна. Хоёр улсын харилцааг зохицуулж буй 50 гаруй Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр байна. Манай холбогдох яам, байгууллагуудын түвшинд өргөн хүрээтэй яриа хэлэлцээний механизм бүрдлээ. Найрамдал, олон нийтийн байгууллагууд маань ч “Ардын дипломат”-ын үүргээ сайн гүйцэтгэж ирсэн. Монгол, БНСУ-ын харилцааг өнөөгийн түвшинд хүргэж хөгжүүлэхэд гар бие оролцож, хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст, нэн ялангуяа төр, нийгмийн зүтгэлтнүүд, дипломатууд, эрдэмтэн судлаачид, иргэддээ энэ завшааныг ашиглан гүн талархал илэрхийлье. БНСУ нь манай гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орон. Хоёр улсын худалдааны нийт бараа эргэлт 2019 оны гүйцэтгэлээр 300 орчим сая ам.доллар болж, БНСУ-аас оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 550 сая ам.долларт хүрээд байна. Манай улсын хамгийн олон иргэд буюу 48 мянга орчим иргэн тус улсад оршин сууж, жилдээ 200 гаруй мянган иргэн харилцан зорчиж байна. Улс хоорондын харилцаа, түүний дотор иргэдийн урсгал хөдөлгөөн өндөр байгаа нь манай хоёр улсын харилцааны цар хүрээг илтгэн харуулж буй томоохон жишээ юм. Гуравдагч хөрш БНСУ-тай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын чухал зорилтын нэг гэдгийг өмнө нь хэлсэн. Мөн олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд Ази, Номхон далайн бүс нутагт, нэн ялангуяа Зүүн Азийн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд түлхүү оролцохыг бид зорьдог. Бидний оршиж буй Зүүн хойд Азийн бүс нутаг хөгжлийн боломж ихтэй хэдий ч одоогоор энэхүү боломжоо ашиглах нөхцөл, орчин бүрдээгүй, бүс нутгийн хамтын ажиллагааны механизмгүй байна. Ирээдүйдээ Монгол, БНСУ хоёр улс бүс нутгийн тавцанд хамтран ажиллах, эл бүс нутгийг хамарсан уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний томоохон бүтээн байгуулалт, төслүүдэд харилцан уялдаатай оролцож хамтдаа хожих сайхан ирээдүй бидэнд байна. Ерөнхийлөгч Мун Жэ Иний дэвшүүлсэн “Шинэ Умардын бодлого” зэрэг бүс нутгийн хөгжлийн санаачилгуудыг ч бид энэ бодлогын хүрээнд дэмжиж байгаа. Монгол Улс байгалийн баялаг ихтэй, энэ нөөцөөрөө дэлхийд эхний 10-т багтдаг, БНСУ нь шинэ дэвшилтэт техник технологи, ноу-хау, нэн ялангуяа мэдээллийн технологийн салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх эгнээнд багтаж буй улс. Иймд хоёр улсын давуу тал, нөөц бололцоог хослуулан харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж их байна. Боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гээд хамтран ажиллах талбар ч олон байна.

-Сүүлийн жилүүдэд хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүд харилцан айлчиллаа. Эдгээр айлчлалын гол үр дүн юу байв. Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны өнөөгийн түвшинг шат ахиулан “Стратегийн түншлэл”ийн түвшинд хүргэх талаар ярилцсан. Энэ хүрээнд цаашид ямар салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Тийм ээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын харилцан айлчлалын давтамж нэмэгдлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад улсад хийсэн анхны айлчлалаа БНСУ-аас эхлүүлж, 2018 оны нэгдүгээр сард албан ёсны айлчлал хийсэн. Улмаар нэг жил хүрээгүй хугацаанд буюу 2019 оны гуравдугаар сард БНСУ-ын ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад хариу айлчлал хийлээ. Айлчлалын үеэр болсон яриа хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, хоёр улсын Ерөнхий сайд нарын хооронд ч харилцан итгэлцэл, “ах дүүгийн” найрсаг харилцаа тогтсон. Эдгээр нь хоёр улсын харилцаанд, ялангуяа иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Айлчлалын үеэр нэлээд хэдэн чухал асуудлыг ярьж тохирсон. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улсад нэн шаардлагатай Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон. Ялангуяа “Солонго 1, 2 орон сууцны хороолол”, “Баянголын амд түрээсийн орон сууцны хороолол” барих асуудлыг нааштай шийдвэрлэхээр болсон нь айлчлалын бодит үр дүн юм. Мөн хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх саналыг БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин манай талд тавьсан. БНСУ-ын ерөнхийлөгч Но Мү Хений 2006 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны түншлэл”-ийн харилцааг хөгжүүлэхээр тунхагласан бол 2011 онд БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мён Баг-ийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирсон билээ. Бид одоо “Стратегийн түншлэл” ямар чиглэл, агуулгатай байх талаар анхааралтай судалж байгаа, энэ асуудлаар ахмад дипломатчид, эрдэмтэн судлаачидтай санал солилцон ажиллаж байна. Манай төсөөллөөр “Стратегийн түншлэл” нь а/ улс төр, аюулгүй байдал; б/ худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа; в/ боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэг, аялал жуулчлал; г/ иргэд консулын харилцаа; д/ олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван тулгуур баганаас бүрдэнэ гэж үзэж байна. Эдгээр чиглэл бүртээ ямар зорилт дэвшүүлэх вэ гэдгээ Солонгосын талтайгаа харилцан ярилцаж байна. Энэхүү өндөр түвшний түншлэлийг тунхаглах өдөр тун ойрхон гэж харж байна.

-Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал болон Солонгосын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын зах зээл, бүтээн байгуулалтын төслүүдэд татан оролцуулах боломжийн талаар дурдана уу?

-Хоёр улсын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа маш чухал. Хоёр улсын гадаад худалдааны эргэлт дипломат харилцаа тогтоосны эхний жилүүдэд 270,000 ам.доллар байсан бол 2019 онд 294,8 сая ам.доллар болж нэмэгдсэн нь мянга гаруй дахин өссөн гэсэн үг. Энэ бол чамлахааргүй үзүүлэлт. Гэхдээ энэ чиглэлд бидэнд хийх ажил их байна. Эдүгээ БНСУ нь манай гадаад худалдааны 6 дахь түнш орон болж, Солонгосын Самсунг зэрэг нэр хүндтэй компаниуд манай бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд оролцож ирсэнд баяртай байдаг. Тус улс 1990 оноос хойш манайд шууд хөрөнгө оруулалт хийж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Солонгосын аж ахуйн нэгж, компаниудын хийсэн хөрөнгө оруулалт 560 гаруй сая ам.долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээр 10 дугаарт жагсаж байна. Одоогоор тус улсын хөрөнгө оруулалттай 2532 компани Монголд аялал жуулчлал, аж үйлдвэр, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байна. БНСУ нь Азийн 4 дэх том эдийн засаг, дэвшилтэт техник технологи, ноу-хау-тай улс. Монгол Улс БНСУ-тай худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын Хамтарсан хороог 2015 онд байгуулж, уг механизмыг үр ашигтай ашиглаж ирлээ. Цаашид худалдааг хөнгөвчлөх, хорио цээрийн стандартыг тохирох, тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх нь худалдааг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бий болгох юм. Иймд хэтдээ БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахад чиглэсэн бэлтгэл ажлыг эртнээс хангаж ажиллах нь зүйтэй. Энэ хүрээнд Солонгосын талтай хамтарсан судалгааг 2018 онд хийж гүйцэтгэсэн. Судалгааны урьдчилсан дүнгээр манай экспортын хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх боломжтой гэсэн эерэг дүгнэлт гарсан. Энэ дашрамд хэлэхэд, Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орж, энэ оны долдугаар сарын 1-нээс тус хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлнэ. Уг хэлэлцээрт нэгдсэнээр БНСУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн боломж нээгдэнэ гэж харж байна. Бидэнд ашиглаагүй нөөц бололцоо их бий. Цаашид аж үйлдвэр, дэд бүтэц, зам тээвэр, барилга, хот байгуулалт, далайн тээвэр, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарт БНСУ-ын хөрөнгө оруулалт, байгальд ээлтэй, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой юм.


1990 оны 3/26 БНМАУ, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох тухай протоколд гарын үсэг зурж байгаа нь

-БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламж манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан гэдэг. Солонгос улсын хөнгөлөлттэй зээл тусламж аль салбарыг түлхүү хамарч байна вэ?

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж тодорхой хувь нэмэр оруулж ирсэн. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үеэс БНСУ-ын Засгийн газар манай улсыг дэмжиж, туслалцаа үзүүлж ирсэнд Монгол Улсын төр, засаг, ард түмэн талархалтай байдаг. БНСУ-ын Засгийн газар 1991 онд Монгол Улсыг Хөгжлийн албан ёсны тусламж олгох орнуудын жагсаалтад оруулж, 1991-2018 онд нийт 240 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. Хөнгөлөлттэй зээлийг 1993 оноос эхлэн манайд олгож эхэлсэн. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд БНСУ-ын Засгийн газраас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгохоор болж, уг зээлийн Ерөнхий хэлэлцээрийг 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр байгуулсан. Тус хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, “Солонго 1, 2 орон сууцны хороолол”, “Баянголын амд түрээсийн орон сууцны хороолол” барьж байгуулах болон Байгаль орчны үндэсний төв лабораторийн чадавхыг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон нь манай улсад тулгараад буй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болох юм. Мөн БНСУ-ын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Үндэсний оношилгоо, эмчилгээний төв барих, 10 аймгийн төвийн дулааны станц барих болон Хууль эрх зүйн багц төслүүдийг хэрэгжүүлж байна. БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн агентлаг болох Экспорт-Импорт банкны төлөөлөгчийн газар өнгөрсөн онд Улаанбаатар хотноо нээгдсэнээр дээрх төслүүдийг улам үр ашигтай, шуурхай хэрэгжүүлэх боломжтой болж байна. Цаашид ч Монгол Улсын суурь дэд бүтцийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Солонгосын урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл чухал ач холбогдолтой. Иймд зээл, тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, нийгэмд чиглэсэн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын Засгийн газартай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах бодолтой байна.

-Солонгост ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн тоо 50 орчим мянгад хүрч, харилцан зорчих иргэдийн тоо ч жилээс жилд нэмэгдэж байна. Иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар ГХЯ-ны зүгээс ямар алхмууд хийж байгаа вэ?

-Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал нөхцөлүүдийн нэг нь иргэд харилцан чөлөөтэй зорчих явдал юм. Харилцаа өргөжин хөгжихийн хэрээр иргэдийн зорчих урсгал нэмэгдэж, өнгөрсөн онд хоёр улсын хооронд харилцан зорчсон иргэдийн тоо 200 мянгыг анх удаа давлаа. Үүнээс манай улсын 103 гаруй мянган иргэн БНСУ-д, Солонгосын 97 мянган иргэн манай улсад тус тус зорчжээ. Мөн манай улсын хамгийн олон иргэн буюу 48 мянга орчим иргэн БНСУ-д оршин сууж байна. Цаашид ч иргэдийн урсгал жилээс жилд улам нэмэгдэх төлөвтэй байна. Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний зорчих нөхцөлийг улам таатай болгох нь Монгол Улсын Засгийн газрын чухал зорилтын нэг юм. Энэ хүрээнд манай ГХЯ гадаад улсад зорчиж буй иргэддээ нэн шаардлагатай мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг түгээж, БНСУ-ын ЭСЯ-тай хамтран “Хариуцлагатай аялцгаая” аяныг зохион байгуулж байна. Мөн виз мэдүүлэхэд иргэдэд тулгарч буй хүндрэлийг багасгах, виз авах хугацааг богиносгох зэрэг асуудлыг Солонгосын талд бүхий л түвшинд тавьж ажиллаж байна. Энэ дагуу тодорхой үр дүн ч гарч байна. БНСУ-ын Хууль зүйн яамнаас визийн журамдаа өөрчлөлт оруулж, тус улсад зорчих олон удаагийн виз олгох хүрээг өргөтгөн, гэрээт ажилтны гэр бүлд богино хугацааны визийг хөнгөвчилсөн нөхцөлөөр олгох зэрэг зохицуулалтыг 2019 оны есдүгээр сараас мөрдөж эхэллээ. Иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих зорилгоор замын зураглал гаргах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн ажиллах болно.

-Солонгос хэл, соёлыг сонирхох, тус улсад суралцах хүсэлтэй монгол оюутнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Хоёр улсын соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааны тухайд?

-Монгол, Солонгосын харилцааны түүх эрт дээр үеэс улбаатай, хоёр улсын ард түмэн өнө эртний түүхэн харилцаатай явж ирсэн. Хэл, соёл, зан заншлын хувьд ч ижил төстэй зүйл ихтэй үндэстнүүд. БНСУ-д суралцах монгол оюутнуудын тоо жилээс жилд нэмэгдэж, эдүгээ манай 8900 гаруй оюутан залуус тус улсад их дээд сургууль, хэлний бэлтгэлд суралцаж байна. Монгол Улсаас хилийн чанадад сурч буй оюутны тоогоор БНСУ нь гуравдугаарт орж байгаа гэсэн үг юм. Боловсролын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол-Солонгосын багш нарын солилцооны хөтөлбөр” 2012 оноос амжилттай хэрэгжиж, манай Ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй багш уг хөтөлбөрт хамрагдаад байна. Соёл урлагийн чиглэлээр хоёр улс амжилттай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Монгол наадам, Mонголын соёлын өдрүүдийг БНСУ-ын томоохон хот, дүүрэгтэй хамтран жил бүр зохион байгуулдаг сайхан уламжлал тогтоод байна. БНСУ нь үндэсний соёл урлагаа сурталчлах, үндэсний брэнд имижийг бүрдүүлэх, “K-Pop”-ыг дэлхий нийтэд сурталчлан таниуалахад ихээхэн амжилт олж буй улс юм. Монголын хүүхэд залуучуудын дунд ч Солонгосын “K-Pop” дуучид хамтлагийг шүтэн бишрэгчид олон байдаг. БНСУ-ын ерөнхий сайд Ли Наг Ён 2019 онд Монгол Улсад айлчлах үеэр Солонгосын “K-Pop”-ын адил бид Монголдоо “М-Pop”-ыг хөгжүүлэх, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан. Энэ нь манай хоёр улсын хамтын ажиллагааны шинэ чиглэл ч болох боломжтой гэж бодож байна. БНСУ нь 4 дэх аж үйлдвэрийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, инноваци, нано-технологи, мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж буй арга туршлагаараа дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг. Иймд цаашид Солонгосын шинжлэх ухаан, технологийн парк, инновацийг хөгжүүлсэн туршлагаас суралцах, мэдээллийн технологи, компьютерийн программчлал, инженерийн чиглэлээр оюутан залуусаа түлхүү сургах чиглэлээр хамтран ажиллах нь ирээдүйн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд тус дөхөм болох юм.

-Сүүлийн үед Солонгосын жуулчид Монгол Улсад аялал жуулчлалаар ирэхийг ихэд сонирхож байна. Манай улс Солонгосын аялал жуулчлалыг татах, улс орноо сурталчлах талаар хийж буй ажлын талаар сонирхъё.

-БНСУ-тай дипломат харилцаа тогтоосон цаг үеэс хойш иргэд хоорондын солилцоо аажмаар тогтмол нэмэгдэж, сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөх болсон. 1990-ээд оны эхэн үед гэхэд БНСУ-д зорчихын тулд Бээжингээс Токиогоор, эсвэл Хонконгоор дамжин хоёр хоног зарцуулан хүрдэг байжээ. Харин 1994 оноос МИАТ, 1996 оноос Кореан Эйр компани Улаанбаатар-Сөүлийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр агаарын замыг нээсэн анхны хараацайнууд болсон юм. Энэ нь хоёр улсын агаарын харилцаанд төдийгүй, аялал жуулчлалын хөгжил, иргэд харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чухал түлхэц болсон билээ. Эдүгээ Эйр Пусан, Асеана зэрэг авиа компаниуд энэ эгнээнд нэгдэн ороод байна. Монгол Улсад аялал жуулчлалаар ирсэн Солонгос иргэдийн тоо 1999 онд 5,000 орчим байсан бол эдүгээ энэ тоо 20 дахин өсч, 2019 онд 97 мянгад хүрлээ. Монгол Улс өнгөрсөн онд нийт 577 мянга орчим жуулчин хүлээн авснаас 20 орчим хувь нь Солонгос иргэд байна. БНСУ-аас манай улсыг зорьж ирэх жуулчид байгалийн буюу эко аялал жуулчлал, түүх, энтертейнмент, соёл урлагийн чиглэлээр төрөлжсөн аялалд хамрагдах боломжтой. Бид аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсыг гадаад улс орнуудад сурталчлан таниулах чиглэлээр олон улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд тогтмол оролцож, зорилтот зах зээлийн орнуудад “Монгол Улсын сурталчилгааны төвүүд”-ийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Танд нэг жишээ хэлье. БНСУ-д төдийгүй олон улсын үзэгчдийн сэтгэлд хүрсэн солонгосын олон ангит киноны зарим зураг авалтыг 2019 оны намар манай улсад хийсэн. Тэгэхээр энтертейнмент, соёл урлагийн чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар манай улсыг гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх бүрэн боломж бидэнд байна. Цаашид манай улсад зорчих, аялал жуулчлал хийх солонгос иргэдийн тоо улам өснө гэдэгт итгэлтэй байна.

-Хоёр улс олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж ирсэн. ЗХА-ийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, үүрэг ролийг хэрхэн үнэлж байна вэ. Хоёр улс бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна вэ?

-Зүүн хойд Азийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулах нь манай улсын гадаад бодлогын чухал хэсэг. Учир нь тус бүс нутагт өрнөж буй улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явц нь Монгол Улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжилд шууд болон шууд бус замаар нөлөөлж байдаг. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах явдал нэн чухал юм. Монгол Улс бүс нутгийн улс орнуудын нэгэн адил Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх ёстой гэсэн байр суурийг тууштай баримталж ирсэн. Энэ хүрээнд Монгол Улс “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг 2013 онд дэвшүүлж, өнгөрсөн хугацаанд бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны олон улсын бага хурал, хотын дарга нарын уулзалт, эмэгтэй Парламентчдын чуулга уулзалт, Залуучуудын уулзалт зэргийг амжилттай зохион байгуулсан. Эдгээр арга хэмжээнд ЗХА-ийн бүх орон, түүний дотор БНСУ манай санаачилгыг дэмжиж оролцдог. Бүс нутгийн хэмжээнд Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, Зүүн Азийн Төмөр замын хамтын нийгэмлэг байгуулах зэрэг санал санаачилгын талаар БНСУ-тай санал солилцож ирсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээ”-ний хүрээнд бүс нутгийн улс орнуудыг хамруулсан байгууллага байгуулах санаачилга дэвшүүлснийг та бүхэн сайн мэдэж байгаа. Уг санаачилгыг ажил хэрэг болгоход бүс нутгийн улс орнуудын дэмжлэг, нэгдмэл байр суурь чухал. Энэ чиглэлээр бүс нутгийн орнууд, түүний дотор БНСУ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно. Монгол Улс, БНСУ-ын түншлэлийн харилцаа хоёр улсын хөгжилд төдийгүй бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хангахад ч үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Энэ сонгууль Монголын ард түмэн баялгийнхаа эзэн байх эсэхийг шийднэ

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн үед коронавирусийн аюулын улмаас дэлхий дахинд, Монголд ч цаг үеийн байдал ярвигтай болж байна. УИХ-ыг яаралтай хуралдуулж, онцгой нөхцөл байдалтай холбогдуулан төсвийн тодотгол хийх хэрэгтэй гэж шаардаж эхэллээ…

-ШИНЭ намын Зөвлөлөөс татвар, түрээс, зээлийн хүүгийн бодлогоор аж ахуйн нэгжүүдээ дэмжих шаардлагатай, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, төсвийн алдагдлыг эргэн харж, онцгой нөхцөл байдлын үед улсын төсөв тасалдахгүй байх гарцыг олж хэрэгжүүлэх ёстой гэсэн шаардлага тавиад байгаа.

Төсвийн алдагдал 600 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Коронавирусээс шалтгаалж эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байна. Ганц манайд ч биш, дэлхий нийтэд, хүчирхэг эдийн засагтай бүх улс орны эдийн засаг хүндэрч, гадаад худалдаа хумигдаж байна. Манай улсын хувьд сүүлийн хоёр сард гадаад худалдаа 20 хувиар буурсан байна. Дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн байдал хэцүүдлээ. Сая Засгийн газар ШИНЭ намын шаардлагыг хүлээн авч иргэдийн хэрэглээний зээлийн хүүг түр хойшлуулах шийдвэр гаргалаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар эрвийх дэрвийхээрээ сайн ажиллаж байгааг энд онцлох хэрэгтэй.

Дараа дараагийн арга хэмжээнүүдийг ч цаг алдалгүй авах ёстой. Онцгой байдлын цаг үед парламент, Засгийн газар нь оновчтой, үлгэр жишээч арга хэмжээ авч ажиллаж байгаа улс орнууд олон байна. Манай Засгийн газар ч тэдний нэгд тооцогдож, жишээ болж байгааг олон улсын мэдээллийн агентлагуудаас харж болно шүү дээ. Долоо хэмжиж, нэг огтлоод Монголынхоо хөрсөнд тохирсон шийдвэрүүдийг цаг алдалгүй авах хэрэгтэй. Парламент нь парламентынхаа ажлыг, Засгийн газар нь гүйцэтгэх засаглалынхаа ажлыг хийж дэм дэмэндээ монголчууд хүнд бэрх үеийг давж гарах хэрэгтэй. Одоо улстөржих цаг огт биш. Ямар сайндаа ЗГХЭГ-ын дарга “Коронавирусийн хажуугаар улс төрийн вирус ажил хийлгэхгүй байна” гэх вэ дээ. Улстөржилт, талцал хуваагдал Монгол орныг олон жилийн турш хангалттай хорлож ирсэн.

-Таныг гадаадаас ирж тусгаарлагдсан гэдэг мэдээлэл гарч байна…

-Сошиал сүлжээнд тайлбар хийсэн. УИХ-ын гишүүд гадаадад томилолтоор ажилладаг, манай улстай дипломат харилцаатай улс орнуудын парламент хоорондын харилцааг өргөжүүлэх ажилд хүчин зүтгэх албан ёсны үүрэгтэй. УИХ-ын нэг гишүүн нэлээдгүй улсын парламентын бүлэгт багтаж ажилладгийг хүмүүс мэдэх байх. Миний хувьд Их Британи руу албан ажлаар яваад Германаар дамжиж ирсэн. Баталгаатай байх үүднээс Берлинд 14 хоног өөрийгөө тусгаарлаж байгаад эх орондоо ирж, дүрэм журмыг ягштал баримталж дахин 14 хоног тусгаарлагдаж байна. Энэ байдлыг мушгин гуйвуулж, сошиалд зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байна. Зориуд улс төр хийж, дайрч доромжилдог хүмүүст аятай далим болж л дээ. Болд хазгай гишгэх нь үү, халтирах нь уу гээд сахиад сууж байдаг бүхэл бүтэн бүлэг хүмүүст хандаж, хайран цагаа бүү үр, өөрийнхөө төлөө, цаашлаад улсынхаа хөгжлийн төлөө л санаагаа чилээ гэж хэлмээр байна. Сонгууль ойртоод намайг харлуулах зорилготой бүхэл бүтэн төлөвлөгөө, кампанит ажил зохиогоод сууж байгаа хүмүүс байна. Гүжир гүтгэлгийн тэр төлөвлөгөөг нь хуулийн байгууллагад шалгуулна гэдгээ ч энэ дашрамд хэлчихье.

-Их Британид яагаад анхаарал хандуулах болов?

-Миний хувьд Их Британитай холбоотой хоёр сэдвээр судалгаа бэлдэж байгаа. Нэг нь “Их Британи бол Монголын шинэ бас хуучны гурав дахь хөрш” болох тухай. Түүх сануулъя, Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулсан Холбоотон гурван гүрний удирдагчдын Ялтын уулзалтад оролцсон их гүрнүүдийн нэг. Өрнөдийн орнуудаас Монголд хамгийн анх суурин Элчин сайдын яамаа нээсэн.Европын холбоонд нэр сүр нь олон жил дарагдсан ч одоо дахин сэргэн мандах замдаа орсон, дэлхийн нөлөө бүхий 54 орныг нэгтгэсэн Улс үндэстний холбооны (2,4 тэрбум хүн, 30 сая кв.км газар нутагтай орнууд) байнгын тэргүүн улс. Тиймээс манай улсын эдийн засгийн, цаашдын хөгжилд асар их нөлөө үзүүлнэ гэж тооцоолж Их Британийг Монгол Улсын гурав дахь хөршийн тоонд оруулах хуулийн төсөл боловсруулж байна. Чуулганы завсарлагаар улстөрчид, эдийн засагчид, нийгмийн зүтгэлтнүүдтэй нь уулзалт төлөвлөсөн. Нөгөө сэдэв нь Брекситийн дараахь үеийн олон улсын тулгамдсан асуудал. Вирус гараагүй бол дэлхийн анхаарлыг татах гол сэдэв Брексит байсан.

-Шинэ нам улс төрийн намуудтай хамтарч эвсэл байгууллаа. Энэ эвсэл сонгуульд хэр зэрэг жин дарах бол?

-ШИНЭ нам, одоо сонгуульд нэг хүчин болж оролцох гэж байгаа ШИНЭ эвсэл Монголын улс төрийн түүхэнд байхгүй онцлогуудыг агуулсан улс төрийн нам, эвсэл юм. Нэгдүгээрт, анхнаасаа ШИНЭ нам ард түмний захиалгын хөрсөн дээр бий болсон, МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэлд нэгдсэн 100 гаруй төрийн бус байгууллагууд, мэргэжлийн төр, засагтай болохын төлөөх салбар салбарын мэргэжлийн холбоодуудыг нэгтгэж чадсан. Монголчууд аливаа үйл хэргийн төлөө нэгдэж, нэгэн цул болоод ирэхээрээ улс орноо өөд нь татдаг, хүчирхэгжүүлдэг, цаашлаад дэлхийн түүхэнд байхгүй түүхийг бүтээдэг гэдгээ харуулсан үндэстэн. Хоёрдугаарт, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, шударга иргэдээ шат шатны сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн улс төрийн нам, эвсэл одоогоор ШИНЭ-ээс өөр байна уу, алга байна. Таны яг хажуу хаалганд чинь амьдардаг, тантай нэг хороо, нэг суманд оршин суудаг Бат, Дулмаа нар Их хурлын сонгуульд оролцоно, тэдгээр иргэд өөр өөрийн амьдардаг аймаг, сумандаа, дүүрэг, хороондоо таныг төлөөлж ажиллана гэдгийг манай намаас анх байгуулагдахдаа л онцолж ирсэн. Бусад намуудаас нэр дэвшихийн тулд дор хаяж хэдэн зуун сая төгрөг хэрэгтэй болох нь. Харин манай намд зөвхөн таныг төрд төлөөлөх шударга иргэн л хэрэгтэй. Тэр хүн халаасандаа хэдэн төгрөгтэй нь сонин бус, Монголоо хөгжүүлэхийн төлөө бүхнээ зориулна гэсэн зүрх сэтгэлтэй байх нь л манай эвсэлд сонин. Улс төрийн 11 нам, 109 төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн олон мянган иргэд нийлээд “ШИНЭ” эвсэл байгуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газарт хүргүүллээ.

-Мөрийн хөтөлбөрөөсөө онцлог санааг нь дурдвал?

-Намын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын баг “Шинэ эргэлтийн 21 бодлого” боловсруулсан. Эдийн засаг, санхүүгийн салбарт томоохон реформ хийж, стратегийн баялгуудаас ард түмний хүртэх хувь, орлогыг тодорхой, бодит болгох шийдэл багтсан. Баян Монгол корпораци, баялгийн хувь, стратегийн ордуудаа хувь, хувьцаа хэлбэрээр ард түмэндээ хүртээх зэрэг миний олон жилийн тэмцэл, зүтгэл бүрэн утгаараа бодит үр дүн болох цаг ирлээ. Энэ сонгууль Монголын ард түмэн баялгийнхаа эзэн байх эсэхийг шийднэ гэсэн үг. Түүнчлэн шударга ёс, хариуцлагын эргэлт хийж, авлигач албан тушаалтнуудын улсад хохирол учруулсан хавтаст хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаагаар хариуцлагаас мулталсан хууль тогтоомжуудыг хүчингүй болгоно. Монголын нийгмийн шударга бус байдлын суурь нөхцөлүүдийг манай намын дэргэдэх эрдэмтэн, судлаачид судалж үзээд шүүх засаглал, хуулийн байгууллагууд дахь завхрал, авлигын эсрэг ажиллахын тулд хуулиудын давхардал, зөрчил, хийдлийг арилгах хэрэгтэй гэж үзсэн. Тодруулбал, хууль хоорондын 115 давхардал, 167 зөрчил, түүнээс ч олон хийдэл байгааг нарийвчлан тооцож гаргажээ. Энэ бүхнээ манай эвсэл мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн. Одоо бидний амьдарч байгаа нийгэм болохгүй байна, цэгцлэх, цэвэрлэх, хөгжүүлэх, цаашлаад шинэ цаг үед Монгол гэдэг нэрийг дуурсгаж, хойч үедээ шинэ нийгэм үлдээе гэж бодсон бүх хүмүүс бидэнтэй хамт зүтгэнэ гэдэгт итгэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: Бидний үндсэн бодлого бол банк санхүүгийн монополь тогтолцоог задалж, иргэдээ зээлийн хүүгийн мөлжлөгөөс чөлөөлнө

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.


-Улс төрийн 11 нам, төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн иргэд хамтран “Шинэ эвсэл” байгуулж мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Яагаад эвсэл байгуулах шаардлагатай гэж үзсэн бэ?

-Улс төрийн намууд үзэл санаа, үнэт зүйл, зарчим бодлогоо нэгтгэж эвсэл байгуулан хүчээ нэгтгэж улс төрийн сонгуульд орох хууль эрх зүйн боломж байгаа. Энэ хүрээнд Монголын 10 гаруй улс төрийн нам, 100 гаруй төрийн бус байгууллага мэргэжлийн холбоодтой хамтарч Шинэ нам шинэ эвслээ байгуулж, шинэ эргэлтийн 21 бодлогоо албан ёсоор зарлалаа.

-Шинэ Эвслийн мөрийн хөтөлбөрийн онцлог юу вэ?

-Мөрийн хөтөлбөр гурван үндсэн хэсгээс бүрдэж байна. Нэгдүгээрт, шударга ёс хариуцлагын хувьсгалыг Монголдоо хийнэ гэж томьёолж байгаа. Өнгөрсөн 30 жил авлига, оффшор, дээрэм тонуул, мөлжлөг боолчлолын 30 жил байсан гэж үзэж байгаа. Иймээс хууль хяналтын салбарт их цэвэрлэгээ хийнэ гэж мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгаж өгсөн. Авлига албан тушаалтны гэмт хэргүүдийг өршөөсөн бүх хуулийг бид хүчингүй болгоно.

Авлига албан тушаалын гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан хүмүүс тэдний хамаарал бүхий этгээдүүдийг Монголын төрд дахин ажиллахыг хуулиар хориглох болно. Хоёрдугаарт, улс төрийн шинэчлэл хийх нь эвслийн гол зорилго юм. Худал амлалт өгдөг, амлалтаа биелүүлдэггүй намуудад хариуцлага тооцно гэж мөрийн хөтөлбөртөө маш тодорхой оруулсан.

Гуравдугаарт, орон нутгийн сонгуулиудад улс төрийн намын оролцоог мөрийн хөтөлбөртөө орууллаа. Иргэдийн хурлыг намын хурал биш, иргэдийн хурал болгох нь зүйтэй гэж бид үзэж байна. Намчирхал талцлыг зогсоож байж Монгол хөгжинө. Тиймээс иргэдийн хурлын сонгуульд улс төрийн намуудын оролцоог хязгаарлаж Иргэдийн хурлын сонгуульд иргэд өөрсдөө оролцож иргэдийн хурлаа иргэд нь удирддаг байх нь зүйтэй гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан. Улс төрийн намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгоно гэж тодорхой тусгасан. Бидний реформ шинэчлэлийн үндсэн бодлого бол банк санхүүгийн монополь тогтолцоог задалж ард иргэдээ санхүү зээлийн хүүгийн мөлжлөг, татварын боолчлолоос чөлөөлнө гэж зааж өгсөн. Өнгөрсөн 30 жилийн турш хуримтлуулсан 30 тэрбум ам.долларын өрийг гурван сая ард түмнээр бус 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх, өргүй Монгол хөтөлбөрийг шинэ эвслээс зарлаж байна. Монголд 30 гэр бүл болон гадаадын хэдэн компаниуд эзэн болж суусан. Энэ бодлогыг бид өөрчилнө. Стратегийн ордуудыг иргэддээ өмчлүүлж Монголд баялгийн хувьсгал, баялгийн шударга хуваарилалтыг хийнэ гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Эцэст нь дотоодын зах зээлээ хамгаалах экспортыг дэмжсэн хөгжлийн хүрд аж үйлдвэрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Шинэ нам мөрийн хөтөлбөртөө тусгалаа.

Өнөөдөр Монголын 350 гаруй мянган залуучууд гадаад улс орнуудад хар ажил хийж байна. Энэ залуучуудаа Монголд нь ирж ажиллах боломжоор хангахын тулд аж үйлдвэрийн хувьсгал хийж 200 мянган ажлын байрыг ойрын хугацаанд Монгол Улсад бий болгох ёстой гэж үзэж байна. “Ажлын байр – Хөгжлийн хүрд” хөтөлбөрөө Шинэ эвслээс зарлаж байна. Шинэ эвслийн 21 бодлого Монголыг аврах 21 бодлого гэж харж байгаа. 21 дүгээр зууны Монголыг тодорхойлох хөгжлийн шинэ замыг бий болгох 21 сайн бодлого юм.

-Коронавирусээс шалтгаалж манай улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Коронавирус дэлхий даяар дэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн улс орнууд эдийн засгаа хамгаалах аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогуудыг гаргаж байна. Шинэ эвсэл, Шинэ намаас УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, эдийн засгаа хямралаас аврах, дэлхийн эдийн засагт тулгамдаж буй хүндрэлүүдийг даван туулах хөтөлбөр бодлогыг яаралтай гаргахыг Засгийн газраас шаардаж байгаа. Ирэх сарын 5-нд УИХ-ын ээлжит чуулган хуралдана. Энэ чуулганаар шинэ эвсэл, шинэ намаас аж ахуйн нэгжүүдийн зээл татварын дарамтаас чөлөөлөх, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд Засгийн газраас дэмжлэг үзүүлэх, түрээслэгчид болон зээлдэгчдэд учирч буй хүндрэлийг даван туулах бодлогуудыг УИХ-аар шийдвэрлүүлэх болно.

-Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж УИХ-ын ээлжит сонгууль хойшлогдох уу?

-УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх асуудал УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байгаа. УИХ-ын шийдвэрлэх асуудал. Гэхдээ энэ талаар хэлэлцэх ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Д.Баярхүү: Сонгогчид зөв сонголтоо хийхэд л Электорат хөдөлгөөний үндсэн зорилго оршино

“Электорат” хөдөлгөөний гишүүн, судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.


-УИХ-ын 2020 оны сонгуульд зөв хандлагатай, шинэ үеийн улстөрчдийг тодруулах зорилго бүхий “Электорат” хөдөлгөөн байгуулагдсан. “Электорат” хөдөлгөөнийн хувьд зөв хүнээ олж нийгмийг эрүүлжүүлэх тухай ярьж байгаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье…

-“Электорат” хөдөлгөөн анхнаасаа “Зөв хүнээ дэмжье” гэсэн уриатай эхэлсэн. Зөв хүнд төр бариулах нь улс төр эрүүлжих гол нөхцөл хэмээн үзсэн 60 гаруй хүн энэ хөдөлгөөний анхдугаар чуулганыг хийж байснаас хойш бүтэн жил өнгөрөөд байна. Нэр хаягнаасаа эхлээд монголчуудад эрхбиш танигдаж эхлээд байгаа болов уу. Гадаад нэртэй байна гээд эргэлзэх тээнэгэлзэх явдал байж таарахгүй. Сонгогчид руугаа хандсан ТББ байна гээд ойлгочихож болно. Аль нэг нам, улстөрч рүү биш, Монголын сонгогч олон түмэн рүү ханджээ гэсэн үг шүү дээ. Энэ нийгэм эрүүлжихгүй бол үнэхээр болохгүй болчихоод байна. Гучин жил шилжилт хийж, 30 жил ямагт нуман тулгуурт байж, ард иргэд нь ямагт хийрхэж туйлширч байгаагаас нийгмээрээ залхчихсан байна. “Электорат” жинхэнэ ёсоороо төлөвшчихвөл Монголын улс төрийн амьдрал цэгцрэх, хүн ардын хий хүлээлт, нийгэмд ямагт амь бөхтэй байдаг уур хилэн, үзэн ядалт цэгцрэх, гол нь популизмыг газар авахуулахгүй байхад нэн тустай. Энэ бүхний үндсийн үндэс нь сонгогчдын маань зөв мэргэн оновчтой сонголт шүү дээ. Сонгогчид зөв сонголтоо хийхэд л энэ хөдөлгөөний үндсэн үүрэг зорилго оршино. Бид анх байгуулагдаж байхдаа л аль нэг нам, улс төрийн хүчний нэр хаяг заагаагүй, ердөө зөв хүнийг олж сонгоё, сонгоход чинь тус нэмэр болъё л гэсэн. Тэр байр суурь хэвээрээ байна.

-Сүүлийн үед улс төрд залуу хүчин байх ёстой гэсэн хандлага бий болчихжээ. Түүнчлэн залуучуудыг сонгоё, шинэ хүч хэрэгтэй гэж байна…

-Одоо төр барьж байгаа болон сөрөг хүчин болж байгаа улс төрийн намуудад олон түмний итгэл сэтгэл алдарчихсан учраас МАН, АН биш бол хэн ч яахав гэсэн сэтгэхүй нийгэмд гүн суусан, тархсан байдалтай байна. Олон түмэн ерөөсөө манай өнөөгийн энэ улс төрд итгэхгүй талдаа болжээ. Төрд гарч ирсэн хэн ч байсан хулгайч болдог гэсэн үзэл бодол нийгэмд түгээмэл байна. 1990 оны УБХ-аас эхлээд 2016 оны УИХ-ыг хүртэл монголчууд найман удаа парламентаа сонгожээ. Хэн хэнийг сонгож ирсэн нь тодорхой. Тэд ээлжлэн, эсвэл хамтран 30 жил төр барилаа. Одоо байж байгаа нь ямар байна. Атаа жөтөө, эрх чөлөө, мөнгө хосолсон өмнөх олон сонгуулиудад нь ард түмэн, төрийн машин өөрөө чирэгдэн сөхөрч, гадаад дахь түншүүд маань бүрэн залхжээ. Энэ бүхнийг харьцуулж үзээд, хэрэг дээрээ гутраад МАН, АН биш бол залуу, шинэ ямар ч хүн намыг дэмжье гэсэн үзэл нийгэмд давамгайлж байгаа бус уу. Энэ утгаар залуучуудыг сонгоё гэсэн уриа цуурай яваад байгаа хэрэг. Би ч гэсэн 2020 оныг залуучуудын, сонгуулийн хувьсгалын жил болгоё гэсэн ухуулга бишгүйдээ хийлээ. Нийтлэлээ ч түүнд зориуллаа. Нийгэмд бугшаад тэсрэх дөхсөн ноцтой асуудал болчихсон, нэг сонгуулиас нөгөө сонгууль хүртэл нийгмээрээ талцдаг, улс төрд байгаагаа үзэн яддаг явдлыг 2020 оны сонгууль засаасай гэсэндээ би үзэг үгээ хурцалсан юм. Энд би хатуухан хэлж байгаа ч мэдээллийн сайтуудын сэтгэгдлээс тийм үзэн ядалтыг олж мэдрээд хэлж байна. Сэтгэгдлийн ихэнх нь үзэн ядах, унтраах, гутаах зэрэг сөрөг агуулгатай. Нийгэм маань цагтай мина, тэсрэх бөмбөг шиг болчихсон, үндэсний аюулгүй байдлыг цаагуураа сулруулчихсан байна. Гуравхан сая хүн арддаа гучин хэдэн улс төрийн нам бүртгээд авчихсан, “үндэсний” гэсэн нэр хаягтай элдэв хөдөлгөөн, ТББ хурын дараах мөөгний хүрээ аятай тэлж байгаа чинь саарал ордонд одоо засаглаж байгаа намуудыг, улстөрчдийг үзэн ядаж, байж суух газраа олохгүй яваагийн илрэл шүү дээ. Дөрвөн жилд нэг удаа олддог, хэрэг дээрээ сонгогч төрийн эрх барилцаж байгаа тэр торгон мөч сонгуульдаа идэвхтэй тулхтай оролцож, зөв мэргэн, оновчтой сонголтоо хийгээсэй, саналаа бүү худалдаарай гэж уриалмаар байна.

-Улс төрд дан залуу боловсон хүчнээс гадна туршлагатай, улс төрд удаан зүтгэж байгаа хүмүүс ч байх нь зүйтэй юү?

-Энд дан залуу боловсон хүчнээр төр бариулах тухай яриагүй шүү дээ. Мэдээж хослуулна. Залуу гэдэг нь нас заагаад насны ангилал хийгээд байгаа хэрэг биш. Цаад агуулгаар нь ойлгох хэрэгтэй. Улс төрд удаан зүтгээд хийсэн, бүтээсэн, хэрэг тарьсан, сүйтгэсэн бүх түүх нь нүдэн дээр ил гараад ирсэн нөхдийг яах болж байна. УИХ-д 30, 28, 24, 20, 16 жил сонгогдчихсон, олны танил болчихсон, хэрэг дээрээ шахаад шахаад гаргадаг хийдгээ гаргаад дуусчихсан нөхдийг улс төрөөс явуулж, оронд нь цоо шинэ идэр залуу, эрч хүчтэй, нэр цэвэр, гавьяа байгуулаагүй ч гай тариагүй нөхдийг зөрүүлж сонгооч ээ гэсэн уриалга л иргэдийн дунд яваад байгаа хэрэг шүү дээ.

-2020 оны сонгуульд ямар хүмүүс гарч ирэх бол…

-Шинэ залуу улс төрийн хүчнүүд, бидний үздэгээр зөв хүмүүс л олноороо сонгогдоосой, саналаа битгий худалдаасай, популизмд бүү автаасай л гэж уриалах байна. Тэр дундаа 18-35 насны залуус сонгуульдаа идэвхтэй оролцоосой, төлөөллөө ил тод шударгаар гаргаад ирээсэй гэж ерөөхөөс өөрөөр яалтай билээ.

-2020 оны сонгуулийг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Сонгууль гэдэг чинь үндсэндээ сонгогчдын давлагаа шүү дээ. Сэтгэл хөөрөл, олноороо дарвих явдал их нөлөөлдөг. Заримдаа хавтгайдаа шуурах үе ч бишгүй тохиодог. Ардчилсан хүчнүүд олон салсан, ард иргэд өмч хувьчлалд хямарсан гээд 1992 онд МАХН руу хуйларч давлагаалсан. 1996 онд ардчилсан хүчний МҮАН-МСДН-ын эвслийн төлөө давлагаалсан. 2000 онд мөн МАХН руу хуйларсан, 2016 онд мөн МАН руу тэгсэн гээд жишээ их бий. Гэхдээ сонгогчдын 90 хувь, 80 ба 70 хувь, ядаж 60 хувийн санал авсан ганц ч тохиолдол байхгүй. Сонгуулийн хуулийн цоорхой гэх үү, 50 гаранхан хувийн саналаар УИХ-ын суудлын 90-ээс дээш хувийг авч байсан даа. Гучин жил улс маань бужигналаа. Амьдрал сайнгүй байна. Ирээдүйдээ итгэх нь сайнгүй байна. Ядуурал, ажилгүйдэл, мөнгөгүйтэл хавтгай байна. Тийм учраас нэг солиод үзье, юмыг яаж мэдэхэв гээд 2020 онд дахин давлагаалахыг үгүйсгэх аргагүй. Давлагаалбал шинэ залуу улстөрчид, эрх барьж байгаагүй улс төрийн намууд руу хуйларч болно шүү дээ. Ер нь тэгэхийн төлөө иргэд хэл амаа хурцлаад билүүдээд, намууд нь эвсээд, хуучнууд нь нэр нүүрээ шинэчлэх гээд байгаа юм биш үү. Тэгэхдээ нэр дэвших хүсэлтэй бүх нам, нөхдөд би байнга сануулж хэлдэг нэг ухуулга бий. “Та нар 76-хан суудалд өрсөлдөнө шүү” гэж.

Хэт олуулаа салж салбарлаж өрсөлдвөл санал хуваагаад дуусна. Тэгээд олон түмний сонгох дургүй ганц улс төрийн хүчнийг ялуулчихна. Дараа нь юу болдог билээ гэж одоо ч сануулж анхааруулахад илүүдэхгүй. 2020 оны сонгуулийн онцлог гэвэл дэлхий дахиныг балмагдуулсан аюулт цар тахал өвчинтэй тэмцэж байгаа цаг үед тохиох нь байна. Тэр нь мэдээж сонгуулийн явц ба дүнд нөлөөлж таарах байх. Сонгуулийн кампаниа онлайнаар явуулна, хэвлэмэл сурталчилгаа хийнэ, халз уулзалт, цуглаан хийхгүй, хөл хөдөлгөөнийг хязгаарлана, ийм нөхцөлд яах вэ, яавал сонгогдох вэ гэдэгтээ өрсөлдөх нам, бие даагчид анхаарах хэрэгтэй болох биз ээ.

-Монголын социал-демократ нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Зүй ёс нам хамтран “ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ” эвслийг байгуулж, эвслийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү эвслийг Зөв хүнээ дэмжих уриатай “Электорат” хөдөлгөөн дэмжихээ илэрхийлсэн. Энэ тухайд?

-Зөв хүнийг дэмжих тухай манай хөдөлгөөний уриа, хөдөлгөөний нэрийг авсан энэ гурван намыг энэ сонгуульд дэмжих эсэх дээр манайхан удтал ярилцаж шийдвэрээ гаргасан. Манай улс чинь парламентын засаглалтай, парламентад олонх болсон нам, хүчнүүд Засгийн эрх барих, эвсэж барих эсэхээ шийддэг. Далан зургаан нам бусчууд цуглачихвал төр будилна. Тэр утгаар шийдвэр гаргасан гэж үзэж болно. Гэхдээ бид зөв хүнийг л дэмжинэ гэсэн учраас бусад намууд дахь, эрх барьж байгаа болон УИХ-д суудалтай байгаа намуудын нэр дэвшигч зөв хүмүүсийг дэмжинэ. “Намууд дахь зөв хүмүүс” гэдэгт МСДН-ХҮН-ЗЁН гурван намыг бид харсан, хамтран ажиллахаар ярилцаж байна. Хамтран ажиллана гэснээс бус шууд дэмжээд ялуулчихна гэсэн үг биш шүү дээ.

Намуудын эвслийн ажилд бид хутгалдан орохгүй. Нэр төрөөрөө баталгаа–дэмжлэг болно. Миний хувьд тэгж дэмжчихээр зарим нэг залуусыг товлоод байгаа. Тэр нь Электорат хөдөлгөөний үндсэн байр суурь бодлоготой харшлахгүй болов уу. Эцэст нь тэмдэглэхэд, хөл хөөрцөг болж болж УИХ-аа сонгодог, дараа нь заавал сэтгэл дундуур үлддэг, тэгээд дөрвөн жил хонзогнодог, ийм нэг тамын тойргийг л 2020 оны сонгууль халаасай билээ.