Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяртай ярилцлаа.
-Ерөнхийлөгч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ерөнхийлөгч гаргасан уриалга болон хэлсэн үгэндээ хэд хэдэн үндэслэл, тайлбар гаргасан байна лээ. Санал нэгтэй байгаа. Тодруулж хэлэхэд, эхлээд та бидний хувьд, хамгийн гол асуудал юу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Ард иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй, коронавирусээс болж эдийн засаг хүндэрч иргэдийн ахуй амьдрал хямарсныг хэвийн болгох уу. Эсхүл сонгууль нэртэй луйврын ажиллагаа дахин зохион байгуулж, нөгөө хэдийг өндөр сэнтийд нь буцаан залах уу. Энэ хоёрыг жигнээд үзвэл нэн түрүүнд иргэдийн эрүүл мэндийн асуудалд анхаарах ёстой нь ойлгомжтой. Энэ асуудлыг ямар нэгэн байдлаар харьцангуй эрсдэлгүй болгочихоод сонгууль явуулбал сонгуулийн дүн харьцангуй шударга гарна. Засгийн газар саяхан сургуулиудын хэвийн үйл ажиллагааг сэргээхийг есдүгээр сарын 1-н хүртэл хойшлууллаа. Эндээс харахад коронавирусийн эрсдэл одоо ч байна, нэг хэсэг хугацаанд ч үргэлжлэх нь гэж ойлгогдож байгаа. Дээр нь гадаадад гацсан манай улсын олон мянган иргэд эх орондоо ирэх гээд хүлээж байна. Тэгэхээр бусад улс орны нэгэн адил манай өнөөгийн төр засаг гадаадад гацчихсан, эрүүл мэнд, амь нас нь эрсдэлд орсон иргэдээ даруйхан эх орондоо буцаж ирэхэд нь туслах ёстой. Онгоц дутуу байна уу, ажиллах хүмүүс байхгүй байна уу, мэдэхгүй, ямар ч байсан энэ тал дээр их удаан байна. Тэдний дунд коронавирусийн халдвартай хүн байгаа бол эмчлэх хэрэгтэй. Тэгэхээр эрсдэл байна, үргэлжилнэ гэсэн үг. Аль ч улсын Үндсэн хуульд тухайн улсын иргэн эх орондоо орох, гарах нь хэзээ ч чөлөөтэй байна гэж тогтоосон байдаг. Тэднийгээ хурдхан ирүүлэх хэрэгтэй. Энэ бол монгол хүн болж төрсөн, Монгол Улсын иргэн байгаагийн хамгийн чухал эрх. Энэ эрхийг нь төр засаг хангах үүрэгтэй. Нөгөө талаар Засгийн газар коронавирусээс болж хямарсан эдийн засгийг сэргээх чиглэлээр зарим арга хэмжээ авахаар төлөвлөсөн байгаа. Хугацааны хувьд аравдугаар сарын 1 хүртэл хэрэгжихээр заасан. Энэ арга хэмжээнүүд хэрэгжиж эхлээгүй байна. Иргэдийн амь нас эрсдэлтэй байгаа, эдийн засгийн хямрал улам гүнзгийрч байгаа нөхцөлд намууд албан тушаалын төлөө дээр доороо оролцох, ард түмнийг хооронд нь талцуулах нь наад зах нь ёс зүйн хувьд муухай. Хамгийн гол нь улс төр, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдал сулрах бодитой аюул занал учирч байгааг тооцож УИХ-ын сонгуулийг хойшлуулан энэ жилдээ багтаан орон нутгийн сонгуультай хамтруулан зохион байгуулбал зөв болно. Олон сонгууль явуулах нь бас л зардалтай. Сонгуулиудыг хамтатгаж хэмнэсэн зардлыг коронавирусийн аюулыг саармагжуулах, ард иргэдийнхээ ахуй амьдралыг хэвийн болгоход нэмэрлэх хэрэгтэй. Бүх дэлхийд коронавирусийн тархалтыг дайн болж байгаатай адилхан үйл явдал болж байна гэж дүгнэж байна шүү дээ. Ерөнхий сайд ч өөрөө монголчууд үхэх үү, сэхэх үү гэдэгт тулж ирсэн гэж хэлсэн. Тэгвэл дайн болж байхад үхэх үү, сэхэх үү гэсэн аюултай тулгараад байхад юун сонгууль явуулах вэ.
-Ерөнхийлөгчийн уриалгад төрийн удирдлагыг төвлөрүүлэх асуудал дурдагдсан. Төрийн удирдлагыг төвлөрүүлнэ гэхээр хэрхэх вэ?
-Ерөнхийлөгчөөс өөрөөс нь яг юу бодож ингэж хэлснийг нь асуух хэрэгтэй. Харин миний хувьд төрийн удирдлагыг төвлөрүүлнэ гэдгийг өнөөгийн Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хувьд ойлгож байна. Миний бодоход, бодоход ч гэж дээ, би туршлагаасаа хуваалцахад нэг хүн дээр эрх мэдэл төвлөрөх ямар ч боломжгүй. Тийм юм болно гэж болгоомжлох хэрэггүй.
Энэ сэжиглэл, болгоомжлол юу харуулж байна гэхээр манай нийгэмд, ялангуяа дээрээ төр засгийн байгууллага, албан тушаалтнуудын хүрээнд нэг нэгнийгээ хуурч мэхэлсээр нэг нэгэндээ үл итгэх байдал их газар авчээ. Харин коронавирусийн тархалт, учруулж байгаа аюул занал эв нэгдэлтэй байх, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавих, хямралаас богино хугацаанд гарахын тулд шуурхай арга хэмжээ авахын зэрэгцээ коронавирустэй вирусгүй амьдарч байгаа нийгмийн гүн гүнзгий хямралын улс төр, нийгэм, эдийн засгийн учир шалтгааныг хамтын хүчээр олж тогтоох, засах шаардлагатай гэдгийг хэлж байна. Дэлхийн олон улс орон бий болсон хүнд нөхцөл байдалд тэгж хандаж байна. Энэ бүхнийг харах нүд, сонсох чих, бодох ухаан байх хэрэгтэй. Коронавирусийн эрсдэл, үүнээс үүдэн бий болсон улс төр, нийгэм, эдийн засгийн хямралыг давахын тулд улсын хэмжээнд улс төрийн намууд, иргэний төлөөллийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчдийг тэнцвэртэй оролцуулсан “Улс үндэстнээ аврах хороо” байгуулж хамгийн эхлээд коронавирусийн аюулыг багасган арилгах чиглэлийн шат дараалсан арга хэмжээ авах төлөвлөгөөг хэлэлцэн баталж хэрэгжүүлэх, дараа нь сүүлийн олон арван жил Монгол Улс хямарч, хямрал улам гүнзгийрч байгаагийн учир шалтгааныг олж тогтоох, улмаар тэр шалтгаануудыг арилгах бодлогын томоохон дүгнэлтүүдийг гаргах, хэрэгжүүлэх ажлыг хийх шаардлагатай байна. Одоо хариуцлагатай хүмүүс нэг нам, нэг Засгийн газар, нэг Их хурлын хэмжээнд явцуу хүрээнд сэтгэхээ болих хэрэгтэй. Үгүйдээ гэхэд улс үндэстэн, бүс нутгийн хэмжээнд сэтгэж, мэргэдийн хэлсэн “Хямралыг боломж болгох” гэсэн үгийг ажил хэрэг болгох шаардлагатай.
-Та хэлж байсан, намайг Ерөнхий сайд байхад Сангийн сайд Ч.Улаан байсан. Тухайн үед Сангийн сайдаас хүүхдийн мөнгө олгож болох уу гэхэд, яагаад ч болохгүй гэх хариулт өгсөн. Гэтэл одоо хүүхдийн мөнгө олголоо гээд улс орон сүйрээд байгаа юм алга. Ямар ч үед Сангийн сайд бүх зүйл дээр болохгүй гэдэг. Сангийн сайдын үгэнд итгэж болохгүй гэж байсан. Тэгэхээр одоо Сангийн сайд төсөвт тодотгол хийхгүй гээд байгаад нь итгэж болохгүй юм байна?
-Ер нь Сайнгийн сайд бол тухайн намын гишүүдээ сонгуульд ялахад нь туслах зорилготой төсвийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж хэрэгжүүлдэг, олон улсын банк, санхүүгийн байгууллагын тулгасан бодлогыг үг дуугүй даган биелүүлдэг албан тушаалтан байх нь буруу. Харамсалтай нь одоо яг ийм байна. Таны тавьсан асуулттай холбоотой түүхийг эргэн санахад ийм юм болсон. 2004 оны УИХ-ын сонгуулиар хүүхдийн мөнгийн тухай асуудал яригдсан. Би тэр үед Сангийн сайд байсан Ч.Улаанаас хүүхдийн мөнгийг өгч эхэлбэл төсөв даах уу гэж асуусан. Тэгэхэд Ч.Улаан даахгүй, манай улсын эдийн засгийг гүнзгий хямралд оруулна гэж хариулсан. Валютын сан, Дэлхийн банкны байр суурь ч мөн адил ийм байгаа гэж нэмж хэлсэн. Би Сангийн сайддаа итгээд хүүхдийн мөнгийг олгох нь улс орныхоо эдийн засгийг хямраах хариуцлагагүй ажил болно гэж үзээд гэр бүлийг дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бодсон. Хүмүүс сонгуулиар “хүүхдийн мөнгө” гэсэн санаачилгыг сонирхож санал өгсөн. Тэгээд бид АН-ынхан хүүхдийн мөнгө гэсэн санаачилга гаргасан учир, нөгөө талаар аль ч нам УИХ-д олонхын суудал аваагүй тул хамтарсан Засгийн газар байгуулахад Сангийн сайдын ажлыг АН-ынхан хийж “хүүхдийн мөнгө”-ний асуудлыг хариуцах ёстой гэж бодсон. Гэтэл Ч.Улаан сайд надтай уулзаж Сангийн сайдын албан тушаалд өөрөө цаашид үргэлжлүүлэн ажиллах сонирхолтойгоо хэлсэн. Би түүнд манай улсын төсөв “хүүхдийн мөнгө” өгөх асуудлыг даахгүй гэж надад өөрийнх нь хэлсэн үгийг сануулж, АН-ынхан энэ санаачилгаа хэрэгжүүлж чадах чадахгүйгээ өөрсдөө хариуцах нь зөв болно гэж хэлсэн. Гэтэл Ч.Улаан надад “хүүхдийн мөнгө” олгох асуудлыг шийдвэрлэж болно гэсэн. Би гайхаад яагаад саяхан болтол болохгүй, төсөв даахгүй гээд байсан биз дээ гэж асуухад олигтой тайлбар хэлээгүй. Тэгээд би тэр үед Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хүрэлбаатарыг дуудаад Улаан сайдын хэлснийг хэлж “хүүхдийн мөнгө” олгох боломж байгаа юм уу гэхэд “боломж байгаа” гэж хэлсэн. Би түүнээс яагаад энэ тухай надад өмнө нь хэлээгүй юм бэ гэхэд сайдынхаа урдуур орж хэлэхэд эвгүй байсан гэсэн тайлбар өгсөн. Ингээд бодоход Сангийн сайдын үг бол эцсийн үнэн биш гэж ойлгох хэрэгтэй. Сангийн сайд ч бүх юм мэддэг хүн биш. УИХ ажлаа хийх хэрэгтэй. Нөгөө талаар манай гаж тогтолцооны онцлог яаж илэрдэг гэхээр Сангийн сайд ядуурлыг арилгахад чиглэсэн санхүү, эдийн засгийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхээсээ илүү намынхандаа давуу тал олгож, УИХ-ын гишүүнээр сонгогдоход нь туслах явцуу сонирхолд хөтлөгдөж ажилладгаар. Жишээ нь, төсвийн хөрөнгө оруулалтын бодлого хямралаас гарахад чиглэгдсэн биш, харин намынх нь гишүүн тухайн тойрогт олон байшингийн шав тавих, хөрөнгө оруулалтаар барих байшингийн тендерт өөрсдийнх нь холбоотой компаниудыг шалгаруулан оруулахад нөлөөлөх, цаагуураа тэдэнтэйгээ янз янзын тохироо хийх боломж бололцоог хангахад чиглэгдсэн байна. Үүнийгээ ичих ч үгүй сонгуулийн төсөв гэж хаа хаанаа яриад сурчихаж. Сонгуулийн төсөв гэж байж болохгүй. Төсвийг цөөн тооны албан тушаалтан өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн зарцуулж болохгүй. Ийм байдлаар УИХ ч баталж болохгүй. Харин Монгол Улсын нийт ард иргэдийн амьдралыг сайн сайхан болгоход чиглэгдсэн төсөв байх ёстой. Сангийн сайд намынхаа явцуу эрх ашгийг хамгаалж сонгуулийн төсвөө задлахгүйн тулд төсвийн тодотгол хийхгүй гээд байна. Гэтэл Төсвийн тухай хуулинд төсвийн орлого буурч, зарлага нэмэгдэж нийт алдагдал ДНБ-ний гурван хувиас илүүгээр нэмэгдэхэд төсвийн тодотгол заавал хийнэ гэж маш тодорхой бичсэн байгаа. Тэгэхээр Засгийн газар коронавирустэй холбоотойгоор 5,1 их наяд төгрөг зарцуулахаар зарласан. Засгийн газрын зарласан арга хэмжээнүүд нүдээ олсон эсэхийг дараа ярья. Ямартаа ч Монгол Улсын ДНБ 40 их наяд төгрөг гэж бодоход 5,1 их наяд нь түүний 12-13 хувьтай тэнцэнэ. ДНБ-ний гурван хувиас илүү гарч байна гэсэн үг. Дээр нь бий болсон хүндрэлээс болоод төсвийн орлого бараг нэг их наяд төгрөгөөр тасарч байна. Бодит байдал ийм байхад өнгөрсөн жилийн 12 сараас өмнө коронавирусийн сураг бараг гараагүй байхад хэлэлцэж баталсан төсвийг өөрчлөхөөс өөр ямар ч арга байхгүй. Хуулийн шаардлага ч тийм байгаа. Хөрөнгө оруулалтын зардлыг ч төлөвлөхдөө коронавирусийн эсрэг арга хэмжээ авна гэж төсөвлөөгүй. Тэгвэл одоо ийм арга хэмжээ авах шаардлагатай болсон байна. Коронавирус манай улсад төсвийг ард иргэдийнхээ бодитой хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохиож хэлэлцэн баталдаг, хэрэгжүүлдэг байх дээр ихээхэн учир дутагдалтай байна гэдгийг харууллаа. Сонгуулийн төсөв байж болохгүй юм байна гэдгийг ойлгууллаа. Тийм учир одоо тэвчиж болох бүх зардлаа хэмнээд, хөрөнгө оруулалтын буруу бодлогын дагуу төлөвлөсөн зардлаа тэвчээд иргэдийн амь нас, ахуй амьдралтай холбоотой зардал руу чиглүүлэх шаардлагатай байна. Хуучнаараа байж болохгүй, зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй нь ойлгомжтой. Энэ бүх дадсан дассан урсгалыг дагаж хөвөх биш, харин сөрж санхүү, эдийн засгийн бодлогоо ойрын хугацаанд хямралаас гарах, алсдаа ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах, хээл хахуулийг устгахад чиглүүлэх ёстой. Ингэж сөрж зогсоход улс төрийн эр зориг, ухамсар, бодлого хэрэгтэй. Энэ дашрамд Ерөнхий сайд, Сангийн сайд нарт хандан ийм эр зориг, ухамсар гаргаж, намынхаа явцуу эрх ашгийг хойш нь тавиач гэж уриалж байна.
-“Та бидний Эвсэл” мөрийн хөтөлбөртөө иргэдийн цалинг таван сая болгож, үнэгүй орон сууцанд оруулна гэсэн. Ийм эдийн засгийн боломж манай улсад бий юү. Ямар судалгаа, үндэслэл дээр ингэж тогтоосон бэ?
-Ерөнхийд нь яривал зах зээлийн эдийн засгийн онол гэж бий. Уг нь дотроо олон урсгал, олон үзэл бодол уралдсан онол юм шүү дээ. Гэтэл түүнийг хамгийн бүдүүлгээр ойлгох явдал манайд газар авчээ. Тухайн орны эдийн засгийг онол гэхээс илүү зорилт хөгжүүлдэг. Зорилт тавиад түүндээ хүрэхийн тулд ажилладаг болохоос биш өнөөгийн байдалтайгаа эвлэрээд эдийн засгийн онолыг өөрсдөө юу ч хийх хүсэлгүй байгаа, эсхүл чадахгүй байгаагаа тайлбарлан зөвтгөхийн тулд ашиглаад сууж болохгүй гэж хэлсэн байх юм. Тэгэхээр таван сая төгрөг өгч болохгүй, чадахгүй гээд сууж байхын оронд ийм зорилт дэвшүүлээд түүндээ хүрэхийн тулд зүтгэе. Нөгөө талаар таван сая бол зүгээр өгөх гэж байгаа мөнгө биш. Харин хүн хөдөлмөрлөөд авч байгаа цалин. Хүний хөдөлмөрийн хөлс, үнэлгээ. Цалин нэмэх асуудал яахын аргагүй улс орны хөгжилтэй ч, хүний ахуй амьдралтай ч шууд холбоотой асуудал. Тэгэхээр цалин нэмүүлэх зорилт дэвшүүлнэ гэдэг чинь капитал үржүүлье, үйлдвэрлэл хөгжүүлье, бүтээмж нэмэгдүүлье, баялаг бүтээе, хүний хөдөлмөрийн хөлсийг үнэлье гээд ар араасаа олон сайн үр дагавартай зорилт юм. Ингэж томоор нь харах хэрэгтэй. Дундаж цалинг үе шаттайгаар таван сая төгрөгт хүргэх эх үүсвэр хаанаас гаргах вэ гэж асуугаад байгаа. Нэгд, олон улсын судалгааны аргачлалаар улс орнуудад, ялангуяа манайх шиг хээл хахууль ихтэй оронд хээл хахууль ДНБ-ний 5-10 орчим хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн байна. Монгол Улсын ДНБ 40 их наяд төгрөг гэж бодвол хээл хахууль ойролцоогоор гурван их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ их хэмжээний мөнгийг цалин өсгөх, эсхүл хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, улмаар цалин нэмэгдүүлэх эх үүсвэр болгож болно. Хоёрт, МАН ба АН-ынхан төрийн албанд дор хаяхад 30,0 орчим мянган хүнийг шургалуулж тэд сонгуулийн “шархаа нөхнө” гээд их хэмжээний хээл хахууль аваад сууж байдгийг та бид мэднэ. Хээл хахуультай үнэхээр бодитой тэмцэхэд тэд төрийн албанд шударга ажиллахын тулд биш, харин сонгуульд зарсан зардлаа нөхөхийн тулд шургалан орсон байгаа учир төрийн албанаас өөрсдөө гарна. Ингэснээр 600,0 гаруй тэрбум төгрөг хэмнэгдэж энэ эх үүсвэрээр эхний шатанд багш, эмч нарын цалинг нэмж болно. Багш эмч нарын нийт тоо 80,0 мянга гээд бодоё. Тэдний сарын дундаж цалин 800,0 орчим мянган төгрөг. Тэдний цалин дээр хээл хахуулиас ангид болсон цомхон, чадвартай төрийн албаны цалингийн зардлаас хэмнэгдсэн 600,0 гаруй тэрбум төгрөгийг нэмвэл хүн бүрийн цалин дээр 625,0 мянган төгрөг нэмэгдэх бололцоотой байна. Ингэснээр эхний шатанд багш, эмч нарын цалин 1 сая 400,0 гаруй мянган төгрөг болох бололцоотой байна.
Гуравт, өнөөгийн хөрөнгө оруулалтын бодлогыг үндсээр нь өөрчлөн засах буюу энд тэнд хөшөө, усан оргилуур барих, шав тавих зэргээр эргээд орлого биш, харин зардал нэмж байгаа төслүүдийн хөрөнгө оруулалтыг зогсоож тийнхүү хэмнэгдсэн мөнгийг ажлын байр нэмэгдүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, цалин нэмэгдүүлэх чиглэл зорилготой шинэ техник технологийг нэвтрүүлсэн үйлдвэрийн газрууд барьж байгуулахад чиглүүлэх хэрэгтэй. Тодруулбал, аж үйлдвэржүүлэлтийн хувьсгал хийх хэрэгтэй. Одоо улсын төсвөөр 2,0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байна. Үр ашиг муутай, үйлдвэржүүлэлтийг дэмжээгүй хөрөнгө оруулалтын зардал. Энэ бол ажлын байр нэмэгдүүлэх, цалин нэмэгдүүлэх бас нэгэн томоохон эх үүсвэр. Дөрөвт, бас нэг жишээ. “Эрдэнэт”-ийн үйлдвэрийн инженер дунджаар 2,3 сая төгрөгийн цалинтай. Тэгвэл Чилийн “Каделько” гэдэг төрийн өмчийн компанийн инженерийн цалин 10,0 орчим сая төгрөг. Энэ хоёр үйлдвэр хоёулаа зэс боловсруулдаг. Монгол зэс, Чили зэсийн үнэ адилхан. Харин инженерүүдийн авч байгаа цалин тэмээ ямаа шиг, тэнгэр газар шиг ялгаатай. Энэ жишээнээс харахад цалин нэмэх эх үүсвэр байна, бас шинэ эх үүсвэр бий болгож болно гэдэг нь ойлгомжтой болж байгаа байх. Монгол хүнээ, хүнийхээ хөдөлмөрийг сайн үнэлдэг болох зорилт дэвшүүлэх хэрэгтэй. Тавд, өөр нэг жишээ. Оюу толгойн орд. Манай талд илэрхий ашиггүй гэрээ. Тэгвэл энэ муу гэрээг засъя. Тэгэж чадвал нийт хүн амын орлогыг нэмэгдүүлэх их хэмжээний эх үүсвэр бий болно. Тэнд 30,0-40,0 сая тонн зэс байгаа. Өнөөдөр зэсийн үнэ нэг тонн нь 5,0 мянган ам.доллар. Нийт зэсийн үнэ 175,0 тэрбум ам.доллар болно. Алт 2000 тонн. Нэг унц алтын үнэ 1600 ам.доллар. Нийт алтын үнэ 96,0 тэрбум ам.доллар болно. Мөнгө 6000 тонн. Нэг унцийнх нь үнэ 15,0 ам.доллар. Нийт мөнгөний үнэ 3,0 орчим тэрбум ам.доллар. Зөвхөн энэ гурван эрдэсийн үнэ нийлээд 300,0 орчим тэрбум ам.доллар болно. Энэ их мөнгө хөрөнгөний зөвхөн арван хувийг нь ажлын байр бий болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх үйлдвэр байгуулах, залуучуудын боловсролыг чанаржуулж нарийн мэргэжил эзэмшүүлэх зэрэгт зарцуулъя гэж бодъё. З0,0 тэрбум ам.доллар. Монгол Улс их өөр болно. Сайхан болно. Ганцхан ордын тухай ярилаа шдээ. Өөр стратегийн олон орд байгаа. Тэдгээрийг яах ёстой вэ? Ард түмний дундын өмч болгох түүхэн шийдвэр гаргах хэрэгтэй. Харамсалтай нь УИХ өнгөрсөн намар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхдээ энэ чухал асуудлыг санаатайгаар шийдээгүй орхисон. Яагаад? Олигархууд зөвшөөрөөгүй. Ингэж Ерөнхийлөгч хэлсэн шдээ. Тэгэхээр МАН бол одлигархиудын нам байна гэж ойлгогдож байгаа. Энэ мэтээр цалин нэмэгдүүлэх өөр олон эх үүсвэр гаргах талаар бодож болно. Энд зөвхөн хамгийн наад захын 5-ынх нь тухай ярилаа. Ингээд бодоход цалин 5 сая төгрөгт хүргэнэ гэдэг нь бүтэмжгүй зүйл гэж шүүмжлэхийн оронд харин яагаад одоо болтол цалин 5 сая төгрөг болоогүй байгаа юм бэ? гэж эрх баригчдыг шахаж шаардах ёстой байхгүй юу. Орон сууцны хувьд мөн адил шийдэл нь амархан. Гэхдээ энд засаж хэлэхэд “үнэгүй” орон сууц биш шүү. Харин Монголбанкнаас арилжааны банкуудаар дамжуулж ипотекийн зээл олгохдоо 5 хувийн өндөр хүү тавьж, дээр нь банкууд ашгийн гурван хувийн хүү нэмж олгож байгаа ипотекийн зээлийн хүүг бууруулахын тулд эхлээд Монгол банкны хүүг бууруулах, бүр тэглэх ч боломжтой гэж үзэж байгаа. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ тэглэчихлээ шдээ. Хоёрт, орон сууцны ипотекийн зээлийг заавал банкуудаар дамжуулж дахин хүү нэмэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Ингэснээр ипотекийн зээлийн хүүг их хэмжээгээр бууруулж, бараг тэглэж болж байгаа юм. Гуравт, урьдчилгааны 30 хувийн төлбөр хийх хэрэггүй. Харин айл өрх орон сууцандаа ороод орон сууцны өртөгийг сар бүр бага багаар, тухайлбал сард 150,0 мянгаас 250,0 мянган төгрөгийн хооронд төлбөрөө тогтмол төлж 25-40 жилийн хугацаанд байраа хувьдаа авах боломжтой. Ингээд бодоход үнэгүй биш, гэхдээ айл өрхөд хүндрэлгүй аргаар шийдээд орон сууцтай болгож болох нь байна шүү дээ. Яагаад хийхгүй байна? Нөгөө л хүнээ, айл өрхөө гэсэн зорилт байхгүй, буруу бодлогыг сөрж зогсох алсын хараа, бодлого, зориг зүрх байхгүй байгаагийн хар гай.
-Монголбанкны хүүг бууруулахын зэрэгцээ мөнгө их хэвлэнэ гэж ойлгосон. Ингэснээр инфляцийг хөөрөгдөх юм биш үү?
-Үгүй. Эдийн засгийн онол их хөгжжээ. Зах зээлийн эдийн засгийн онол гэж ойлгосон буруу ойлголтуудаасаа салах цаг болжээ. Хямралын үеийн эдийн засгийг сэргээх, хэвийн байдалд оруулахын тулд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхдээ татварын бодлоготой уялдуулж инфляцийг хөөрөгдүүлэхгүй байх боломжтой гэдгийг тогтоосон байна. Ер нь өөрийн мөнгөн тэмдэгттэй байна гэдэг их чухал. Нэгэнт өөрийн мөнгөн тэмдэгттэй бол тухайн улсад өөрт нь тэр мөнгөө хэвлэх эрх, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байна гэсэн үг. Жишээ нь, Европын Холбоонд орсон Швед мэтийн зарим улс орон өөрийн мөнгөн тэмдэгттэйгээ үлдэнэ гэж шийдсэн байдаг. Энэ бол эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалах, мөнгөний бодлогоор дамжуулан банк санхүүгийн салбар бол зөвхөн мөнгө хүүлэх зорилготой биш, харин нийт ард түмнийхээ орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зээлийн хүүгийн дарамтанд оруулахгүй байх, хөрөнгө оруулалтыг өсгөх, үйлдвэржүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн хөлсийн үнэлгээг нэмэгдүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй салбар хэмээн үзэж зөв бодлогоор залвал нийгэм, эдийн засгийн олон асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой. Хямралын үед мөнгөний бодлогыг өөрчлөх, мөнгөний нийлүүлэлтийг татварын бодлоготой уялдуулан нэмэгдүүлж инфляциа зохих түвшинд барих, бодлогын хүүг бууруулах, ингэснээр арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэх зэрэг арга хэмжээг авч байж хямралаас гарна.
-Та сонгуульд нэр дэвших үү?
-Намайг 2009 оноос хойш МАН-ынхан маань янз бүрийн аргаар сонгуульд оролцуулахгүй байгаа. 11 жил сонгуульд оролцуулаагүй. Янз бүрийн шалтгаанаар. Нэг болохоор “боловсролгүй” гэнэ, эсхүл “хүмүүжилгүй” гэнэ. Одоо болохоор эхлээд өөрсдөө хэлмэгдүүлчихээд “авлига, албан тушаалын хэрэгтэй” гэсэн үндэслэлээр сонгуульд оруулж болохгүй гэсэн хууль гаргасан. Гэтэл бусад гэмт хэрэгтэй хүмүүс сонгуульд орж болох юм гэнэ. Миний хувьд “авлига”-ын хэргээр ял аваагүй. “Албан тушаалын хэрэг”-ээр ч ял аваагүй. Хуучин Эрүүгийн хуулийн 150.3-аар надад ял хүчээр тулгаж өгсөн. Тэр юун тухай заалт гэхээр ямар нэгэн өмчийг итгэмжлэн хариуцаж байсан хүн тэр өмчийг үрэгдүүлсэн бол хариуцлага хүлээнэ гэсэн утгатай заалт. Би хэний ч ямар ч өмчийг итгэмжлэн хариуцаж байгаагүй. Гэтэл надад энэ заалтаар тулган ял өгсөн. Би тухайн үед шүүх хурал дээр прокурор Сагсайд хандаж энэ тухай хэлэхэд Сагсай Эрүүгийн хуулийн энэ заалтыг үндэслэж албан тушаалтанд ял өгч байгаа гэж хэлсэн. Би наад заалтаа сайн уншаач, наана чинь өмч итгэмжилж авсан хүн тэр өмчийг үрэгдүүлсэн тухай байна шүү дээ, надад ямар хамаатай юм бэ гэхэд урдаас бид нар албан тушаалтнуудад энэ заалтаар ял өгүүлж байгаа, өөр яах юм өөр заалт байхгүй гэж тайлбарлаж байсан. Энэ бүх утгагүй юм шүүх хурлын тэмдэглэлд байгаа. Тэгэхээр нэгд, Эрүүгийн хуулийн надад хамаагүй заалтаар ял хүчээр тулгаж өгсөн, хоёрт, Эрүүгийн хуулийг адилтган хэрэглэж болохгүй гэсэн зарчим зөрчигдсөн. Гуравт, … гээд энэ мэтээр яривал их юм бий. Хамгийн гол нь ардчилсан гэж ярьдаг улс оронд хүнийг бүх насаар нь сонгох, сонгогдох эрхийг нь хаан боож болохгүй гэсэн хатуу зарчим үйлчилдэг. Сонгох эрх, сонгогдох эрх хоорондоо амин холбоотой. Энэ хоёр чинь нэг юмны, тодруулбал хүний эрх, эрх чөлөө гэдгийн хоёр тал байхгүй юу. Тэгэхээр миний сонгогдох эрхийг хасснаар сонгогчдын сонгох эрхийг хааж байна гэсэн үг. Тэгэхээр МАН-ынхан маань, ялангуяа удирдлага нь миний болон нийт сонгогчдын сонгох, сонгогдох эрх, чөлөөг эдлүүлэхгүй 11 жил болж байна. Харин ганц найдаж харж байгаа зүйл бол Үндсэн хуулийн Цэцээс бүр 2008 онд хүний сонгох, сонгогдох эрхийг бүх насаар нь хааж болохгүй гэсэн утгатай шийдвэрийг гаргасан юм байна лээ. Тэгэхээр ҮХЦ утга санаа нэг асуудлаар хоёр өөр эсрэг тэсрэг утгатай шийдвэр гаргахгүй байлгүй гэж бодож байгаа. Уг нь ҮХЦ олигтойхон байвал улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн гүн гүнзгий хямралаас харьцангуй хурдан гарах боломж бололцоо байгаа юм шүү дээ. Тэд хамгийн түрүүнд намайг сонгож магадгүй гээд ард түмний сонголтоос айгаад байгаа юм. Бас тэдэнд өөр айх юм байна гэсэн үг. Харин энэ тухай дараа ярьж болно.