Categories
мэдээ цаг-үе

С.Оюунтуяа: Орон нутгийн сонгууль бол миний зайлшгүй оролцох сонгууль гэж харах ёстой

“Сонгогчдын боловсрол төв” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Оюунтуяатай ярилцлаа.


-Танай байгууллага сонгогчдын боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Манайд сонгогчдын боловсрол хэтэрхий сул. Ер нь сонгогчдын боловсрол гэж юуг хэлэх вэ?

-Манай байгууллага үйл ажиллагаагаа явуулаад 20 гаруй жил болж байна. Бидний зүгээс сонгогчдын боловсролыг сайжруулах, сонгуульд сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх, сонгох, сонгогдох эрхийг хангах, хамгаалахад хувь нэмрээ оруулах зорилготой ажилладаг. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэгдүгээр хэсэгт Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Сонгогчдын боловсрол гэдэг өргөн хүрээтэй ойлголт. Өргөн хүрээндээ илүү ардчиллын, иргэний боловсролын Үндсэн хуульд заасан төрийн удирдах хэрэгт оролцох иргэдийн оролцооны эрхийн асуудал. Явцуу утгаараа сонгуульд оролцох, сонгуульд саналаа өгөх сонгогдох эрхийн тухай ойлголт. Бидний зүгээс сонгууль болгоноор сонгогчийн боловсролыг сайжруулах чиглэлээр богино болон урт хугацааны арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Яагаад бид энэ орон зайд сүүлийн 20 гаруй жил ажиллаж байна гэхээр сонгогчийн боловсролын асуудлыг төрөөс огт анхаардаггүй, албан ёсны боловсролын хөтөлбөр стандарт байдаггүй.

Хуулиар үүрэг хүлээсэн СЕХ сонгуулийг зохион байгуулах чиг үүргээ л хэрэгжүүлээд байхаас саналаа өгдөг хоёр сая сонгогчийн асуудлыг орхичихсонтой холбоотой. Нийгэмд тулгамдаж буй асуудлын эхлэл нь сонгогчдын боловсролтой холбоотой гэдгийг өдийг хүртэл ярьсаар ирлээ. Орон нутгийн сонгууль дахь оролцоо Их хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулиас даруй 15 функтээр бага. Ийм чухал сонгуульд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа залуучуудын оролцоог нэмэгдүүлэх олон төрлийн кампанит ажлыг манай төвөөс хийж хэрэгжүүлж ажиллаж байна.

-Иргэдийн сонгуулийн тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх ажлыг хэн хийх ёстой юм бэ. Хуульд энэ тухай мэдлэг олгоход зориулагдсан төсөв байдаг юм уу. Бусад улс оронд сонгогчдынхоо боловсролд хэрхэн анхаарч ажилладаг юм бол?

-Сонгуулийн байгууллагын үндсэн хийх ёстой ажил сонгогчдын боловсролыг дээшлүүлэх. Энэ асуудлыг Боловсролын яам нь хариуцдаг ч улс орнууд байна. Улс төрийн намын үндсэн нэг чиг үүрэг нь сонгогчдын боловсролыг дээшлүүлэх шүү дээ. Өнөөдөр манайд төр нь ч, улс төрийн нам, мэргэжлийн сонгуулийн байгууллага нь ч сонгогчдын боловсролд огт анхаарахгүй, ямар ч алхам хийхгүй байсаар өдийг хүрлээ. Непал улс гэхэд сонгуулийн төв байгууллага нь сонгогчдын боловсролын л ажил хийдэг. Аль нутаг дэвсгэрт тухайн сонгуулиар сонгогчдын оролцоо бага байна. Тийш нь чиглэсэн тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Түүнчлэн сонгууль дахь оролцоог насны бүлгээр авч үздэг. Залуучуудын оролцоо бага байвал тэдэн рүү хандсан хөтөлбөр хэрэгжүүлээд явдаг жишигтэй. Манай улсад сонгуулийн өмнөх хоёр сар л энэ талаар дуугардаг. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх нь төрийн хийдэг үндсэн ажил болохоос сонгуулийн өмнөх хоёр сар хийдэг ажил биш. Тиймээс өнөөдөр бид албан ёсны сонгогчийн боловсролын хөтөлбөртэй болоё. Сонгогчдоо бэлдье. Тасралтгүй сонгогчдын боловсролын стандарт хөтөлбөрүүд гарч байж нөхцөл байдлыг сайжруулна. Энэ бүхнийг ТББ-ын нуруун дээр тавьчихаад яваад байхаар ямар сайн үр дүн гарах вэ дээ.

-Залуучуудын идэвхгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна?

-Залуучуудад сонгуулийн үүрэг, ач холбогдол, ашиг тусын талаар ойлгуулах мэдлэг мэдээлэл огт өгдөггүй хэрнээ та нар оролцсонгүй гэж шүүмжилдэг. Залуучуудын гол бэрхшээл нь мэдээлэл тэдэнд хүрдэггүй юм байна. Сонгуулиар янз бүрийн кампанит ажил хийдэг ч залуучуудад чиглэсэн тэдэнд хүрэх арга хэлбэр сувгаа олдоггүй юм байна. Энэ бүхэн юуг илэрхийлж байна гэхээр сонгогчдын боловсролд хийгдэж байгаа мэдээлэл цар хүрээ, далайц багатай байгаагийн илрэл. Арга хэлбэрийн хувьд оновчтой биш, зорилтот бүлэгдээ хүрдэггүй. Сонгуулийг хүнд хэцүү ажил гэж хардаг. Сонгуулийн ач холбогдлын талаар хангалттай мэдлэггүй. Сонгууль бол ээж, аав, эмээ, өвөөгийн ажил гэж хардаг. Залуучуудын хувьд боловсролын хүртээмж, чанарын асуудлыг хамгийн их тулгамдаж байгаа асуудал гэж үзэг судалгаа байна. Энэ нөхцөл байдлыг сайжруулах боломжийг сонгууль хангаж өгөх ёстой гэдгийг хэлж өгөхгүй болохоор тэднийг буруутгаад байх аргагүй юм.

-Иргэд Ерөнхийлөгч болон УИХ-ын сонгуульд л ач холбогдол өгөөд байдаг. Яг бидэнд тулгамдаж буй асуудлыг хэлж ярих хүн бол төлөөлөгчид. Орон нутгийн сонгуульд сонгогчид илүү хариуцлагатай хандах ёстой болов уу?

-Бид Орон нутгийн сонгуулийн ач холбогдолыг ойлгохгүй явсаар ирсэн. Тиймээс бүх зүйлийг Ерөнхийлөгч, УИХ шийдэж өгнө гэж ярьдаг, ойлгодог. Орон нутгийн хурлын байгууллагын хийх ажлыг тэднээс нэхдэг. Энэ бүхнийг орон нутгийн хурлын байгууллага хийх ёстой. Орон нутгийн хурлын байгууллага Үндсэн хуульд заасан зүйлдээ хүрч ажиллаж чадахгүй байна л даа. Хурлын өөрийнх нь санаачилгын асуудал ч бас бий. Өнөөдөр Орон нутгийн хурлын байгууллага шагнал тодорхойлдог байгууллага шиг болчихлоо ш дээ. Тэгэхээр сонгогчид бүгдийг УИХ шийдэж өгнө гээд хараад байдгийг буруутгах аргагүй. Орон нутгийн сонгуулийг “мода”-нд оруулах хэрэгтэй байна. Танд тулгамдаж байгаа асуудлыг хэн шийддэг юм гэхээр тэндээс л оролцоогоо эхэл. Энэ бүхэн Орон нутгийн сонгуулиар л олгогдож байна. Орон нутгийн сонгууль гэдэг тухайн хүний амьдрах орчны таатай болгох боломжийг бий болгодог сонгууль. Орон нутгийн сонгууль бол миний зайлшгүй оролцох сонгууль гэж хармаар байна.

-Сонгуулийн тогтолцоогоо байнга өөрчлөх нь сонгогчдын боловсролд нөлөөлдөг үү?

-Нөлөөлөлгүй яахав. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийг харахад томсгосон мажоритар систем хэрэглэсэн. Сонгуулийн насны 74 орчим хувь нь саналаа өгсөн. Гэтэл парламентад байгаа 76 гишүүн саналын 40 гаруй хувийг авсан. Саналаа өгчихсөн мөртлөө гээгдчихсэн хувь нь өндөр байна. Бид сонгуулийн тогтолцоогоо эргэж харах л хэрэгтэй. Сонгуулийн хууль тогтоомж сонгууль бүрт өөрчлөгддөг. Хууль нь богино настай, байнга өөрчлөгдөөд байхаар сонгогчид л хохирч үлдээд байдаг.

-Орон нутгийн сонгуулийн ирц хэр байдаг вэ?

-Сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгууль багахан өсөлттэй ажиглагдсан. Манай улс бусад улс оронтой харьцуулахад харьцангуй сонгогчдын оролцоо өндөр гэж явдаг. Сонгогчийн насныхан 73,74 хувьтай оролцдог. Гэхдээ 20 гаруй хувийн санал гээгддэг. Орон нутгийн сонгуульд энэ оролцоо бүр буурсаар 60 хувьд хүрдэг сул талтай.

-Энэ удаагийн сонгуулийн ирцэнд босго тавихгүй. Тиймээс бүр илүү анхаарлаа хандуулж саналаа өгөх шаардлагатай болов уу?

-Төр засгаа шүүмжлээд л байдаг. Шүүмжлээд суухаасаа өмнө саналаа өгөх ёстой л доо. Хариуцлагагүй төр засаг саналаа өгөөгүй хүмүүсийн ачаар бий болдог. Бид зайлшгүй сонгуульдаа оролцож саналаа өгдөг болчихвол олон тулгамдсан асуудлыг шийдэх эхлэлийг тавих болно. Ирцийн босгогүй сонгуулийг манай улс анх удаа хийх гэж байна. Сонгууль зохион байгуулах ажил маш нүсэр, нарийн түвэгтэй. Ирц босгогүй боллоо гээд сонгогчид санаа амар сууж огт болохгүй. Нэгэнт саналаа өгөөгүй бол хүссэн үр дүнгээ хүлээхэд хэцүү. Бусдын сонголтыг дагаж дөрвөн жил амьдарна гэсэн үг. Тиймээс илүү хариуцлагатай нийгмийн төлөө сонголтоо заавал хийгээрэй, саналаа заавал өгөөрэй гэж уриалмаар байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Х.Тэмүүжин: Эрүүгийн хуульд гүтгэх заалт оруулснаар эрх мэдэлтнүүд иргэний эрх чөлөөг нухчин дарах хэрэгсэл болгож ашигладаг


Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Эрүүгийн хуулиар эргэн ирсэн заалт бол гүтгэх. Хүний нэр төрийг Эрүүгийн хуулиар хамгаалах ёстой юу. Эсвэл өөр хуулиар үүнийг зохицуулж болох уу. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Сүүлийн 30, 40 жилд Ардчилсан улс орнуудад гүтгэх гэдэг үзэгдлийг Эрүүгийн хуульд гэмт хэрэг болгож бичихээс татгалзах процесс явагдаж байна. Учир нь гэмт хэрэг болгочихоор үүнийг нь төр засаг эсхүл эрх барьж байгаа улс төрийн хүчин, албан тушаалтнууд өөртөө давуу байдал болгож ашиглаад хүний үзэл бодлоо илэрхийлэх, асуудлыг шүүмжлэн хэлэлцэх, бусдад мэдээлэл түгээх гэх мэт хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой иргэний бүлэг эрхийг боомилох, үгүйсгэхэд ашиглаад байна гэдэг шүүмж яриа их гарсан. Ер нь гүтгэх гэдэг энэ төрлийн үйлдлээр тодорхой бүлэг гэмт хэргийг задлан нарийвчлан авч үзэхгүй халхавчлан Эрүүгийн хуульд ерөнхийлөн бичихээр нөгөө талдаа олон ургальч үзэл, төр засагт тавих иргэний хяналт, олон нийтийн эрүүл үндэслэлтэй хэлэлцүүлэг зэрэг ардчиллын үндсэн зарчимд өөрт нь сөрөг гэж үзээд улс орнууд ээлж дараатайгаар татгалзаад байгаа юм. Гүтгэх, доромжлох гэх хоёр төрлийн гэмт хэрэг социализмаас манайд уламжлан ирсэн. Ард иргэдийн хувьд гүтгэх, доромжлох үйлдлийг гэмт хэрэг гэж үзүүлж байсны учир шалтгаан нь нам засгийг муулж болохгүй, удирдагчийн бодлогоос өөр зүйл ярьж болохгүй, дарга нараа өргөмжилж, бахдаж байх ёстой. Тийм учраас зөвшөөрөгдсөн үнэнийг ярих учиртай, хамаагүй цуурах, зөвшөөрөгдөөгүй изм ярих нь гүтгэлэг гэсэн үзэл суртлын маягтай, хаалттай тогтолцоогоо хамгаалах арга байсан.

Тэр нь инерциэрээ бидний дунд одоо ч яваа, хуучны эрдэмтдийн толгойд Эрүүгийн хуульд л байх ёстой гэсэн хандлага хатуу байгаа. 2000-аад оны дундаас Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, сэтгүүл зүй болон үзэл бодлоо илэрхийлэх иргэний эрхийн асуудлаар судалгаа хийдэг судлаачид судалгааны үр дүндээ тодорхой зөвлөмжүүдийг бичдэг, хэлдэг болсон. Эрүүгийн хуулиас гүтгэх заалтаа аваач ээ. Иргэний журмаар асуудлыг шийдэж болно оо. Доромжлох гэдэг чинь бүр утга муутай, бусад улс оронд энэ төрлийн гэмт хэрэг огт алга аа. Хуульчдын гол жишээ болгон ярьдаг онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулж гүтгэх гэдэг чинь шүүхэд худал мэдээлэх гэдэг өөр гэмт хэргээр зүйлчилдэг юм байна. Шүүхэд худал мэдээлэх гэдэг гэмт хэрэг чинь ганц шүүхэд мэдүүлэг, тайлбар гаргах биш, хууль сануулан асуух хууль сахиулагчийн ажлаас эхэлдэг юм байна. Тэгснээс хэн нэгэн, тэр дундаа эрх мэдэлтэн, албан тушаалтан гомдол гаргаад иргэнээ цээрлүүлдэг зүйл огт байдаггүй гэх саналууд байсан. Ингээд 2015 онд Эрүүгийн хуулиас гүтгэх гэдэг заалтыг хассан. Эрүүгийн хуулиас гүтгэх заалтыг хасахад тухайн үед УИХ-ын зарим гишүүд биднийг байнга шүүмжилж гүтгэж доромжилж байдаг тэр асуудлыг хуулийн хариуцлагатай болгох ёстой гэх зэрэг хэл ам хийсээр байгаад Зөрчлийн хуульд оруулсан.

Төрийн зүгээс хариуцлага тооцдог байх л юм бол улстөрчид, төрийн албан тушаалтнууд өөрийг нь шүүмжилсэн, хардсан иргэдийг яаж цээрлүүлж, залхааж болдгийг та бүхэн сүүлийн жилүүдэд бүр сайн мэддэг болсон байх. Сая тэгээд буцаагаад гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд гэмт хэрэг болгоод биччихлээ. Одоо шорон руу ачиж эхлэх биз дээ.

-Худал мэдээлэл тараасан гэдгийг ямар байдлаар хуульд тусгах нь зүйтэй юм бол?

-Худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд шинээр тавигдан гарч ирж байгаа гэмт хэрэг. Өнөөгийн цахим эринд хүн бүр өөрийн хувийн хэрэгслээр дамжуулан нийтийн сүлжээнд холбогдож ямар ч сэтгүүл зүй, мэргэжлийн ёс зүйн хэмжүүргүйгээр, нотлох баримт, эх сурвалж гэх зэрэг шүүлтүүргүйгээр дуртай мэдээллээ дамжуулж, хүлээн авч, хувийн сэтгэгдлээ бичиж, солилцдог боллоо. Энэ шинэ нөхцөл байдалтай холбоотойгоор, маш олон үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүдээс улбаалаад зарим талаар олон нийтийг худал хуурмаг мэдээллээр удирдаж залаад, өөрсдөд нь хохиролтой шийдвэр гаргуулаад байна. Үүнээс болж нийгэм хуваагдан талцаж, өөр хоорондоо зөрчилдөн, хүчирхийлэл үзэн ядалтад хүрч байна гэж үзэх, ярих хэсэг бий болсон. Болгоомжлуулштай энэ үзлийг ардчилсан гэж хэлэхээс илүүтэй хагас дектатур бүхий хаалттай улсууд хамгийн түрүүнд өлгөн авч “худал мэдээлэл тараах” гэдэг шинэ гэмт хэргийг удирдагчийнхаа нэр алдрыг хамгаалах зорилготой хавсруулан Эрүүгийн хуульдаа бичсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд ардчилсан улс орнууд Эрүүгийн хуульдаа энэ гэмт хэргийг хэн нэгний нэр алдрыг хамгаалах зорилготой биш, харин нийтийг хамарсан хүчирхийлэл, үзэн ядалтаас хүмүүсийг хамгаалах зорилготойгоор хуульчлах нь нэмэгдэж байгаа. Тэд гол нь худал мэдээлэл тараах гэдэг энэ үйлдэлд хэн нэгний нэр төрд халдаж, гүтгэх тухай үйлдлийг оруулахгүй байна. Энэ гэмт хэргийг хуульчлахдаа олон нийтийг талцуулж, хиймэл бухимдлыг хөөргөх, үндэс угсаа, шашин, хүйс, бэлгийн чиг хандлага гэх мэтчилэн ямар нэгэн зүйлээр үзэн ядуулж бусдыг хүчирхийлэлд турхирах зорилготойгоор санаатай, зохион байгуулалттай, тодорхой хөрөнгө санхүү гаргаж худал мэдээлэл тараасан бол, эсвэл тараасан худал мэдээлэл нь ийм үр дагаварт хүргэсэн бол үүнийг “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг гэж үзэж байна. Гэтэл манайд 2017 онд Эрүүгийн хуульд нэмсэн 13.14 дүгээр зүйл “Худал мэдээлэл тараах” гэсэн гарчигтай болохоос хуучин гүтгэх гэдэг гэмт хэргээ өөр гарчигны дор буцаагаад биччихсэн. Ингээд гүтгэх заалт буцаад Эрүүгийн хууль руу өөр нэрээр ороод ирсэн. Яг худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэг хуульчлагдаагүй.

-“Гүтгэх” заалтаар шийтгүүлсэн иргэдийн дийлэнх нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна л даа. Гүтгэх заалтыг Эрүүгийн хуулиар бус өөр хуулиар зохицуулах боломж бий биз дээ?

-Бий бий. Иргэний маргаан байдлаар шийдвэрлэж болно. Сэтгүүлч гэснээс сэтгүүлчдийн нэр барьсан зарим нэг байгууллага, нэр бүхий тодорхой хэвлэлийн эзэд гүтгэлгийг Эрүүгийн хуульд оруулахыг дэмжиж байна гэж хэлж, бичихийг нэг бус удаа харсан. Улстөрчид, эрх дархтанууд өөрсдийг нь сөрдөг, шүүмжилдэг хүмүүсийн амыг хааж боох атгаг санаагаар ийм хууль санаачлахыг хараад аргагүй дээ, эднээс ийм л юм гарна гэж бодсон. Харин өөрийнх нь хэвлэлийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчээ гэмт хэрэгтэн болгох хуулийг дэмжээд, нөгөө сэтгүүлчийнхээ ялтай ажлаар орлого олж, олсон мөнгөөр нь үр хүүхдээ тэжээж байгаа хүмүүсийг хараад ямар зэрлэг, хүн чанаргүй амьдрах аргатай хүмүүс вэ дээ гэж бодсон шүү. Энэ асуудал дээр сэтгүүлчдийн дуу хоолой их сул байсан. Хараад байхад сэтгүүлчдийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сэтгүүлчид биш, хэвлэлийн эзэд нь эзэгнэчихсэн байгаагийн шинж байх даа. Ер нь Эрүүгийн хуульд гэмт хэрэг бичигддэг. Нөгөө талаас гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, мөрдөн шалгахын тулд төрд маш их хэмжээний хүч, тусгай техник хэрэгсэл, арга барил, нөөц байдаг. Гүтгэж байна гэдэг гэмт хэргийг илрүүлэхийн тулд редакцийг юм уу сэтгүүлчийг тагнаж чагнахаас эхлээд цагдан хорих хүртэл хүч нөлөөгөө үзүүлж болно. Зөрчлийн хуульд байсан бол энэ хүч нөлөө хязгаарлагдана. Иргэний журмаар маргааныг шийддэг болчихвол бүр ч ажиллахгүй. Ялгаа нь ердөө л энэ.

-Гүтгэх заалт иргэний маргаанаар шийдэгдэх нь зөв гэж ойлгож болох уу?

-Тийм. Энэ чинь иргэний маргаан байдлаар шийдэгдээд гэм хор учруулсан бол хохирлоо барагдуулаад явж байх ёстой асуудал болохоос Эрүүгийн хуульд оруулж хэвлэлийн эрх чөлөө боомилоод хэн нэг албан тушаалтан өөрийг нь шүүмжилсэн, эсхүл та авлига аваад байгаа юм биш үү гэж асуулт тавьсан хүнийг хууль шүүхийн байгууллагаар залхаан цээрлүүлдэг хэрэгсэл нь байж болохгүй. Эрүүгийн хуульд биччихээр иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, хардах, үндэслэлтэй асуух боломжийг үгүйсгэдэг, шүүмжлэгчийг шүгэл үлээгчийг цээрлүүлэх эрх дархтануудын зэвсэг болчихоод байна гэх дүгнэлт ганц Монголд биш бусад улс орнуудад гараад байна.

-Хардаж бүү хэл баримтаа гаргаж ирээд ч нэмэргүй болчихсон юм биш үү?

-Баримтаа гаргаж ирээд нэг тоо алдахад л шийтгүүлж байна ш дээ. Сүүлд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа Хөвсгөл аймагт гарсан тохиолдлыг хараад цочирдсон. Шүүх хуулийг илт буруу хэрэглэн шийтгэл оногдуулчихсан байна лээ. Хэн нэгэн албан тушаалтны нэр огт хэлэлгүйгээр шүүмжилсэн шүүмжлэлийг төрийн байгууллагын нэр хүндийг гутаасан юм шиг эзнийг нь олж байгаад хариуцлага хүлээлгэсэн байгаа юм. Эрүүгийн хуульд гүтгэх заалтыг бичихээр иргэний эрхийг хамгаалахаас илүүтэйгүүр иргэний эрх чөлөөг нухчин дардаг хэрэгсэл болдог гэдэг тод жишээ.

-Шүүхийн тухай хуулийн төслийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Сүүлийн жилүүдэд Шүүхтэй холбоотой маргаан их гарч байна. Аливаа нэг хэрэг маргаан шударга бусын хонгилоор орж, хүмүүсийг хэлмэгдүүлж байна гэх яриа хаа ч таарах болж. Шүүх бие даасан, шүүгч бүр өөрийн гэсэн толгойтой байж, улс төрөөс хараат бус ажиллахад ямар зохицуулалтыг тусгах ёстой юм бэ?

-Шүүх гэдэг өөрөө байхын тулд байж байгаа зүйл огт биш. Шүүх бол иргэний шударгаар шүүлгэх эрхийг хангах, маргааныг үр ашигтай, ухаалаг шийдэх, шударга ёс, хүний эрх, хууль ёсыг хамгаалахад зориулагдаж байгуулсан институци. Байгуулагдсан зорилгодоо энэ шүүх үйлчилж байгаа эсэх, энэ зорилго руу үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа эсэх асуултад бид Монголын шүүхийг тийм байна гэж бүрэн итгэлтэй хэлж чадахгүй, эргэлзэж байна. Хамгийн түрүүнд, таны хэлсэнчлэн шударга бусын хонгил гэдэг үг гарч ирээд хэн нэгэн улстөрчийн захиа даалгавраар өрсөлдөгчийг нь намнаж байна, шүүх том улстөрчийн суганд ороод тэдний өширхлөө тайлдаг хэрэгсэл болж хувирлаа гэдэг шүүмж явж байна. Хоёрдугаарт, улс төрийн нөлөө хамгаалалтад орчихсон шүүгч нар нь хараат бус, бие даасан байдал гэдэг нэрийн дор хувийнхаа ажлыг амжуулаад нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль дээдлэх гэдэг үнэт зүйлүүд хог дээр хаячихсан, “айл гэр болж тоглож байна” гэдэг шиг шүүгч болж тоглоод, зөвхөн өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлээд авлига аваад, хэрэг цавчаад сууж байна гэдэг шүүмж ч өрнөж байна. Гуравдугаарт, шүүхийн бие даасан, хараат бус байдал алга болчихлоо. Хариуцлагагүй авлигажсан шүүгч нарт хариуцлага тооцох, хонгилын шүүгч нарыг зайлуулах нэрийн дор ҮАБЗ-д эрх мэдэл өгөөд, Монголын хамгийн их хийрхдэг гурван улстөрчийн гарт шүүхийг атгуулчихсан. Нөгөө гурав нь шинэ айдас хүйдсээр өнөөх шударга бусын хонгилоо цутгаад, гагнаад авлаа. Дуртай үедээ, дуртай хүнээ нааш цааш хөдөлгөдөг, ажил үүргийг нь тонгочуулдаг, өөрсдийнх нь болон ойр тойрных нь хүмүүсийн холбогдсон асуудлаар айлгаж, барьцаалдаг, түүгээр нь шантаажилж өөрсдийн хүссэн шийдвэрээ шүүхээр гаргуулдаг боллоо. Шүүгчид мэргэжилдээ үнэнч, хууль бариад шударгаар асуудал шийдэх гэхээсээ илүү бүгд айдаст автчихаад “ҮАБЗ-ийн уур амьсгал ямар байна, аянга цахилгаантай бол яанаа ийнээ” гэсэн хүмүүс болоод хувирчихлаа. Ингэхлээр шүүгчид хэргээ бие даан шийдэж чадахаа болиод, энэ хэрэгт дээд хүмүүс ямар бодолтой байгаа бол гэж дээш харсан, хуулиар биш, дээд даргын бодлоор хэргээ шийдэх гэсэн хэн нэгний гар хөл төдий хүмүүс болж хувирдаг. Үнэндээ бид алдаа гаргасан шүүгчдийг улстөргүйгээр бодит үндэслэлтэйгээр, хуулийн дагуу хариуцлага тооцдог болж чадахгүй бол бие даасан хараат бус, хариуцлагатай ажилладаг шүүхтэй болж чадахгүй. Тиймээс л өнгөрсөн жил монголчууд бид арга ядаад Үндсэн хуульдаа шүүгчийн сахилгын хороо гэдэг институтыг шинээр бичиж байхав дээ. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг үндэслээд Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газар болон Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төсөл өргөн баригдсан байна лээ. Аль, аль хуульд нь авах ч, хаях ч, нухацтай бодох ч юм байна лээ.

-Тухайлбал?

-Засгийн газрын өргөн барьсан хуульд хэд хэдэн ноцтой, аюултай заалтууд харагдсан. Шүүгчдийн зөвлөл гэдэг байгууллага бий болгох гэж байх шиг байна лээ. Шүүгчдийн зөвлөл нь шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёс гэж бас тодотгосон харагдсан. Энэ өөрөө хууль зүйн тогтолцоонд битгий хэл, энэ салбарын шинжлэх ухаанд, бусад улсын туршлагад байхгүй ойлголт болно. Шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёс гэхээр дараа нь гүйцэтгэх эрх мэдлийн өөрөө удирдах ёс, хууль тогтоох эрх мэдлийн өөрөө удирдах ёс гэж бас үүсэх үү. Нөгөө Үндсэн хуулийн нэмэлт өөрлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуульд орчихдог “Төрийн нийтийн өмч” гэдэг хэрүүлтэй үг шиг. Төрийн нийтийн өмч гэж байгаа бол дараа нь “төрийн хувийн өмч” гэж гарч ирэх үү. Хууль зүйн шинжлэх ухаанд байхгүй, бусад улсад хэрэглэсэн туршлагагүй шинэ дугуй зохиож хуульд хэрэглэж болохгүй гэж хэлээд байсан. Зөрсөн, үр дүн нь шаардлагагүй бөөн хэрүүл. Түүн шиг “өөрөө удирдах ёс” гэдэг энэ ойлголт иргэний нийгэмийн ойлголт болохоос, улс төрийн нийгэм, тэр дундаа эрх мэдэл хуваарилалтын институт дотор төрийн чиг үүрэг хэрэгжүүлэгчдэд, тэр эрх мэдлийн агуулгатай давхцуулан хэрэглэдэг ойлголт ердөө биш. Наад захын суурь зарчим мэдэхгүй эсхүл дураараа зохимжгүй, газар нэр томьёо хэрэглэх гэж оролдох нь алдаанд хүргэж завхрал үүсгэнэ.

Уул нь олон улсын жишиг, дэвшилтэт үзэл санаа ямар хандлагатай байна гэхээр шүүгч нарыг эвлэлдэн нэгдэхээс болгоомжилж байна. Шүүгч хүн бүрийн бие даасан байдлын тухай ярьдаг болохоос шүүгч нар эвлэлдэн нэгдэж нэг баг, нэгдмэл сонирхолтой болох тухай ерөөсөө ярьж болохгүй гэж үзэж байна. Шүүхийн хараат бус байдал, бие даасан байдал гэдэг шүүгч бүрийн хараат бус, бие даасан байдлын тухай яриа болохоос шүүх гэдэг нэртэй хэсэг хүмүүсийн бүлгийн сонирхлыг хамгаалж, хараат бус болгох тухай яриа огт биш. Явцуу, гажууудсан шүүгч нарын бүлгийн сонирхол үүсгэхгүйн тулд улс орнууд хоёрхон нөхцөлд шүүгч нарыг эвлэлдэн нэгдэхийг зөвшөөрч байна. Нэгдүгээрт, шүүгчийн ёс зүй хариуцлагыг сайжруулах зорилготой мэдлэг, мэдээлэл солилцох, суралцахад нэгдэж болно. Хоёрдугаарт, хууль зүйн шинжлэх ухаан, эрх зүйг хөгжүүлэх, мэргэжлийн боловсролыг дэмжих зорилготойгоор эвлэлдэн нэгдэж болох тухай ярьж байна. Үүнээс өөр зорилготойгоор шүүгч нар эвлэлдэн нэгдэхийг аль болох хязгаарлаж хориглож байна. Гэтэл Засгийн газрын өргөн барьсан төсөлд энэ бол шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёс гэж өргөмжлөөд дэвшилтэт хандлагаас тэс эсрэг зүйл хийж байх. Бас нэг зүйл нь Үндсэн хуульд шүүгчид хариуцлага тооцох, шүүгчийн албан тушаалыг хөндөх эрхийг Үндсэн хуулиар байгуулсан сахилгын хороонд байхаар Үндсэн хуульд нэмэлт оруулсаар атал Шүүхийн Ерөнхий Зөвлөлд Үндсэн хуулиар олгогдоогүй эрх эдлүүлж, мэргэжлийн хороо гэгчээр дамжуулан шүүгчийн халдашгүй байдалд халдах эрх олгохоор заасан байна лээ.

-ШЕЗ-ийн гишүүдийг хэрхэн сонгох нь зүйтэй вэ?

-ШЕЗ-ийн гишүүдийг томилохын тулд шүүгчид хуралдаад өөрсдийн төлөөллийг оруулах тухай ярьж байгаа. Гэхдээ шүүгчид хуралдахдаа анхан шатны, давж заалдах шатны, хяналтын шатны шүүгчид нь тус тусдаа хэн нэгнээр төлөөлүүлэлгүй өөрсдөө хуралдаад өөрсдийн төлөөллийг сонгох нь илүү зохимжтой. Тэгэхгүй бол холимог хуурга шиг бүгд холилдоод зарим нэг нь бусдаар төлөөлүүлээд дээд шүүх, давахын шүүхийн шүүгчид нь дарга шүүхийн зан гаргаад өөрсдийн сонирхлын хүнээ бүх шүүгчдийн нэрээр тавьчихаж болохгүй. Шүүхийн дотоод эрх мэдлийн хуваарилалт их чухал. Монгол Улс шүүхийн дотоод эрх мэдлийн хуваарилалтаа буруу хийгээд алдчихсан учраас шүүхийн бүх эрх мэдэл дээд шүүхдээ овоорчихсон. Энэ бол 1992 оны Үндсэн хуулийн хамгийн том алдаа. Шүүхийн дотоод эрх мэдэл хуваарилалт шүүхийн тухай хуулиараа баталгаажихад их хэцүү. Өргөн барьсан хуулийн төслүүдэд яг эсрэгээрээ харагдана лээ. Дээд шүүх, ерөнхий шүүгч гэдэг хоёр цэг рүү шүүхийн дотоод бүх эрх мэдлийг буцаагаад овоолж эхэлж байна лээ. Тэгэхээр шүүгчид бие дааж хараат бусаар мэргэжлийн ур чадвартайгаар хэрэг маргаанаа шийдвэрлэх тухай биш, дарга шүүгч юу гэж бодож байна түүний дагуу шийддэг тогтолцоо улам бүр албажина, бүр хууль ёсны тогтолцоо болж үлдэнэ гэсэн үг. Дээд шүүхэд овоолоод байгаа эрх мэдлээ эргээд харах хэрэгтэй. Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид захиргааны болон улс төрийн эрх мэдлийг нэмэх замаар бүх шүүхийн даргатай болж авна, ингэж ерөөсөө болохгүй. Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага гэсэн Үндсэн хуулийн алдаатай заалтаасаа халиад Дээд шүүхийн Ерөнхий шүүгч бол бүх шүүгчдийн дарга гэдэг юмруу орж байна. Шүүх бол захиргааны байгууллага биш. Захиргааны байгууллага, гүйцэтгэх эрх мэдэл шиг дээд байгууллагатай байж огт болохгүй. Харамсалтай нь Монгол Улс Үндсэн хуульдаа ийм утгагүй заалттай. Соц маягийн сэтгэлгээнээсээ давж шүүхээ харж чадаагүйн зовлон. Шүүхийн үндсэн тогтолцоог хуулийн засаглал бүхий ардчилсан улсуудын загвараар бус социалист засаг захиргааны нэгжээрээ биччихсэн. Үүнээсээ болоод шүүхийн дотоод эрх мэдлийн хуваарилалт, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүдийн чиг үүрэг, эрх мэдлийн хил хязгаарын талаар ухаалаг үндэслэл Үндсэн хуулийн Цэц дээр ярилцах боломжгүй болсон. Тиймээс шүүхийн тухай хуулийн дотоод зохион байгуулалтыг хийхдээ бид шүүгчдэд, тэр дундаа дарга шүүгч нарт зориулж хийж огт болохгүй. Дээд шүүхийн шүүгчид зориулаад эрх мэдэл овоолбол хонгил хонгил хэвээрээ л үлдэнэ. Шүүгчдээс авсан судалгаанаас харахад гаднаас нөлөөлж буй нөлөөллөөс илүү дотоодоосоо, шүүгчдээс, тэр дундаа дээд шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчээс нөлөөлөх нөлөө илүү гэсэн байналээ. Тиймээс гадны улс төрийн зүй бус нөлөө хэнээр дамжиж орж ирж байгаа гэдэг тодорхой. Тэр сувгийг таслах тухайд Шүүхийн хуулийг харж хийхгүй бол хүсэн хүлээж, шаардаад байгаа нийгмийн захиалга бодит ажил хэрэг болохгүй. ШЕЗ-ийн гишүүдийг нээлттэйгээр сонгох нь илүү зөв байх.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан шүүхийн тухай хуулийн төслийн талаарх байр суурийг тань сонирхмоор байна. Ерөнхийлөгчийн институцийн зүгээс тодорхой хэрэг, маргаанд зүй бусаар нөлөөлөх бодит эрсдэл байгаа гэдэг…

-Засгийн газар, Ерөнхийлөгчийн өргөн барьсан шүүхийн тухай хуулийн төсөлд эрх мэдлээ булаацалдсан, зохимжгүй байдлаар хуваарилах гэж оролдсон зүйлс харагдаж байна лээ. Шүүхээс Ерөнхийлөгч зууралдаад байгаа юм шиг хандлага тухайн хуулийн төсөл дээр харагдаж байгаа нь үнэн. Сургамж авбал авахаар болсон шиг л санагдаад байгаа. Насаараа ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байхгүй гэдгийг мэдэж байгаа. Албан тушаалаасаа буусныхаа дараа бүтээсэн машиндаа өөрсдөө хэрчүүлээд явж байгаа түүх дуусаагүй байна. Мангасын дүрд тоглохоосоо илүүтэй яавал шүүхийн тогтолцоо жирийн монгол хүн, энэ улсын иргэнд үйлчилж, бид ч гудманд гарахад хэн нэгний захиалгаар махны машинд оруулаад байхааргүй, хуулиараа, шударга ажилладаг байх вэ гэдгээ бодох ёстой. Ерөнхийлөгчийн төсөл дээр нэг авууштай санаа бол Сахилгын хороотой холбоотой заалт. Сахилгын хорооны шийдвэрийг дээд шүүхээс хамааралгүй болгох гэж л өнгөрсөн жил Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2012 онд шүүгчдэд хариуцлага тооцдог хариуцлагын хороог хуульчдын холбоонд өгсөн чинь шүүгчид лоббидсоор байгаад тухайн үеийн ерөнхийлөгч, гишүүдээр дамжуулаад ШЕЗ-ийн дэргэд ёс зүйн хороо байгуулаад авсан. Тэгээд зогсохгүй Үндсэн хуулийн Цэцэд захиалга өгөөд ёс зүйн хорооноос шүүгчтэй холбоотой гаргасан хариуцлага тооцох шийдвэрийг дээд шүүх хянадаг болгож авсан. Дээд шүүх хянадаг болсноор асуудалд орсон шүүгч болгоныг дээд шүүхийн ерөнхий шүүгч гартаа атгаж, өөртөө үйлчлүүлдэг болж хувирсан. Ингээд бүх шүүгч дээд шүүхийн ерөнхий шүүгчид мөргөдөг болсон доо. Ерөнхийлөгчийн төсөлд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаагаар Сахилгын хорооны эрх мэдлийн асуудлыг авч үзсэн бол Засгийн газрын өргөн барьсан төсөлд яг эсрэгээрээ хуучин байгаа муу жишгийг хууль болгож оруулж ирсэн байна лээ. Дээд шүүхэд шүүгч нарын асуудал шийдэгдэнэ гэдэг дахиад шүүгч нарын дарга Дээд шүүхийн Ерөнхий шүүгч байна гэсэн үг. Өмнө нь болж байсан алдаа завхралаасаа сургамж авдаг байвал сайнсан.


Categories
мэдээ цаг-үе

Крэйг Кастанья: Залуучууд баталгаатай эх сурвалжийг хэвлэмэл мэдээлэл гэж үзсэн байна

БНОУХ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Крэйг Кастаньятай ярилцлаа.


-Танай байгууллагаас залуучуудын санал бодлын судалгааг явуулж, дүнг нь гаргажээ. Энэ судалгааг авах гол шалтгаан юу байв. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ) болон Хараат бус судалгааны хүрээлэнтэй хамтран хийсэн үндэсний хэмжээний олон нийтийн санал бодлын судалгааны үр дүнг хуваалцаж байна. Судалгааг энэ оны тавдугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 15-ны хооронд хийсэн. Энэхүү судалгаанд Монгол Улсын 18-40 насны 2,494 залуучууд оролцлоо. Яагаад залуучуудын санал бодлын судалгааг хийх болсон гэхээр бидний хэрэгжүүлж байгаа хөтөлбөртэй холбоотой юм. Энэ хөтөлбөр маань АНУ-ын ардчиллын төлөөх үндэсний сангийн санхүүжилтээр монгол залуучуудыг ардчиллын хамгаалагч болж ажиллахад нь туслалцаа үзүүлэх хөтөлбөр гэж ойлгож болно. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нэн тэргүүнд үнэн бодит тоон үзүүлэлтүүд дата хэрэгтэй болсон. Жишээ нь, залуучууд янз бүрийн институтын талаар ямар ойлголттой байна, ардчиллын үнэт зүйлсийг юу гэж ойлгож байна зэрэг асуудлыг мэдэхийн тулд судалгааг хийсэн. Бидний ойлголтоор энэ судалгаа нь Монголын залуучуудыг оролцуулсан улс орон даяар хийсэн эхний судалгаа байх. Түүнчлэн ардчиллын талаарх залуучуудын үзэл бодлыг танадах зорилготой.

-Нийт хэдэн чиглэлээр судалгаагаа явуулсан бэ?

-Судалгаанд оролцогчдын хувьд 18-40 насны монгол залуучууд оролцсон гэж дээр дурдсан. Яагаад 40 хүртэлх насных гэхээр өргөн хүрээнд залуу гэдэг ойлголтыг харсан юм. Судалгаанд хамрагдсан хүнээс аль болох 30 минутад багтааж судалгааны асуултуудаа ярилцлага хэлбэрээр авах ёстой байсан. Найман сэдэв бүхий асуултыг асууж, хариулт авсан. Судалгааны дүнгээс харахад нэн тэргүүнд монгол залуучууд ардчиллыг маш их дэмжиж байгаа нь илт харагдаж байлаа. Монгол Улсад хамгийн тохирох засаглал бол ардчилал гэдэг дээр санал нэгдсэн дүр зураг энэ судалгаанаас гарсан. Хоёрдугаарт, оролцсон залуучуудын дийлэнх нь буюу 94 хувь нь улс төрд бүх хүн амын оролцуулах ёстой нь чухал шүү гэдгийг илтгэсэн байна. Залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ч улс төрд оролцуулах нь чухал гэж 94 хувь нь дэмжсэн байгааг онцлох нь зүйтэй болов уу.

-Судалгаанд оролцсон залуучууд ямар асуудал дээр сонирхол татахуйц хариултуудыг өгсөн бол?

-Бидний сонирхолтой гэж үзэхээр нэг ололт юу байсан гэхээр судалгаанд оролцсон залуучуудын ихэнх нь буюу 50-иас дээш хувь нь улс орныг зөв чиглэл рүү явж байна гэж дүгнэжээ. Тэгсэн атлаа залуучуудыг ямар ирээдүй хүлээж байна гэдэг асуултад илүү сөрөг үзүүлэлтээр дүгнэсэн байгаа нь сонирхол татахуйц байна. Ихэнх нь улс орон зөв чиглэлд явж байгаа ч гэсэн тодорхой хэмжээгээр санаа зовниж байгаа зовнил түгээмэл байгааг харуулж байна л даа. Ардчилал Монгол Улсад нэн тохирох хамгийн сайн засаглалын хувилбар мөн үү гэдэгт дийлэнх нь буюу 76 хувь нь тийм гэж хариулсан байна. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Гэвч 56 хувь нь сайжруулах хэрэгтэй ардчилал буюу бүрэн дүүрэн ардчилсан засаглалын нийгэмтэй биш юм аа гэх ойлголтыг өгсөн байна. Та айдас хүйдэсгүйгээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг үү гэдэг асуултад 50 хувь нь тодорхой хэмжээгээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс санаа зовдог гэж байгаа юм. Энэ хариулт бидний хувьд сонин дүр зураг харагдсан. Миний хувьд ойролцоогоор 75 хувь нь ч юм уу ямар нэгэн зүйлээс санаа зоволгүйгээр санаагаа илэрхийлдэг гэж хэлэх байх гэж харж байлаа. Гэвч тал хувь нь санал бодлоо их эмээж айдаг, тодорхой хэмжээнд эмээж айдаг гэх хоёр хариултыг хэлсэн байгаа юм.

-Залуучууд тулгамдаж буй асуудлаар юуг нэрлэсэн байна вэ?

-Нас, хүйс, бүс нутаг хамааралгүйгээр тулгамдаж буй асуудлын нэгдүгээрт ажилгүйдэл гэж хариулсан. Нийслэл, хөдөө орон нутаг, түүнчлэн нас харгалзахгүй хариулсан. Дараа нь авлига, ядуурал, боловсролын асуудлыг тулгамдаж буй асуудал мөн гэж үзсэн байна.

-Судалгаанд төрийн дээд эрх барих байгууллагууддаа сэтгэл ханамжтай байдаг эсэх талаар асуултууд харагдлаа. Улс төрийн үйл ажиллагаанд ямар хариултууд ихэвчлэн өгсөн байх юм?

-Залуучуудын 60 хувь нь улс төрийн намуудын талаар сөрөг, маш сөрөг үзэл бодолтой байна. УИХ-ын хувьд тэдний 56 хувь нь сөрөг үзүүлэлттэй гэсэн хариулт өгсөн байна. Энэ нь нэлээд доогуур үнэлэлт гэсэн үг. Шүүхийн байгууллагууд дээр залуучуудын санал бодол сөрөг, итгэдэггүй гэсэн хариулт өгчээ. Харин Засгийн газар болон Ерөнхийлөгчийн тамгын газарт итгэх итгэл нь эерэг хариултыг авсан байгаа юм. Илүү эерэг үзүүлэлттэй явж байгаа байгууллагууд гэхээр орон нутгийн засаг захиргааныхан байна. Энэ бүгдээс дүгнэлт хийхэд залуучуудын хувьд үндэсний хэмжээн дэх Засгийн газарт арай сөрөг үзэл бодолтой байсан бол орон нутгийн түвшинд арай илүү эерэг болоод явчихаж байгаа юм.

Иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл дээр илүү нааштай эерэг хандлага ажиглагдаж байгаа юм. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхдээ эерэг дүр зурагтай. Шинээр ажлын байр нэмэгдүүлэхэд нэлээд сөрөг үзүүлэлттэй явж байна. Хамгийн муу үзүүлэлт гэвэл авлигын эсрэг тэмцэж байгаа байдал нь маш хангалтгүй гэсэн хариулт өгсөн байна.

-Хятад, ОХУ-ны талаарх үзэл бодлыг нь асуусан байна. Залуучуудын хувьд хоёр хөршийнхөө талаар ямархуу байр суурь илэрхийж байна вэ?

-Энэ датаг харахад Оросын хувьд илүү эерэг хандлагатай байна. Гэхдээ хоёр орныг хооронд нь харьцуулж үзвэл Орос эерэг үнэлгээ авч байгаа хэдий ч Хятад улсын хувьд нийт оролцогчдын талаас илүү хувь нь тодорхой хэмжээгээр эерэг хандлагатай байгаа нь харагдаж байгаа юм.

-Залуучууд бодит мэдээллийг яг хаанаас авч байна вэ. Бодит эх сурвалжаас нь мэдээлэл авч чадаж байгаа эсэхэд ямар хариулт өгсөн байгаа бол?

-Энэ хөтөлбөрийн нэг зорилго маань Монгол Улсад нээлттэй болон эрх чөлөөтэй мэдээллийн орчныг хамгаалах юм. Тиймээс хэвлэл мэдээлэлтэй холбоотой хэд хэдэн асуултыг судалгаандаа оруулсан. Яг хаанаас мэдээллээ авч байна гэдэг асуултад залуучуудын ихэнх нь телевиз гэж хариулсан. Эхний гурван үзүүлэлтэд телевиз, онлайн эх сурвалжуудыг дурдсан байна. Залуучуудын хувьд түгээмэл эх сурвалж нь эдгээр зүйлс байна. Гэхдээ залуучуудын 21 хувь хэвлэмэл мэдээллээс мэдээлэл авч байна гэж хариулсан. Бусадтай харьцуулахад бага боловч тоо нь өндөр гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хуурамч мэдээ мэдээлэлтэй 91 хувь нь фэйсбүүк дээр таарч байгааг илэрхийлсэн байна. Харин хэвлэмэл мэдээллийн эх сурвалжуудаас нэгхэн хувь нь хуурамч мэдээлэл гэж байгаа юм. Залуучууд онлайн мэдээллээс илүү баттай эх сурвалжаа сонин сэтгүүл хэвлэмэл мэдээлэл гэж байгаа юм. Судалгаанд оролцсон залуучуудын ихэнх нь онлайн эх сурвалжаас мэдээллээ авдаг хэдий ч тэр нь хуурамч мэдээлэл ихтэй гэжээ.

Хэвлэмэл мэдээллийн эх сурвалжуудын цаана мэргэжлийн редакц багийнхан ажиллаж, чадвартай хүмүүс ажиллаж хяналт тавьж мэдээллээ хүргэдэг. Фэйсбүүк болон нийгмийн сүлжээнд хэн дуртай нь хэлэх боломжтой. Хэвлэмэл мэдээ сошиал мэдээг харьцуулахад хэцүү.

Залуучууд хуурамч мэдээлэл гэхээсээ илүү улс төрийн нөлөө хэвлэл мэдээлэлд эрсдэлтэй орчныг бий болгож байна гэж хэлж байгаа нь сонирхолтой үзүүлэлт байгаа юм. Хуурамч мэдээ мэдээллийн эрсдэлүүд нэлээд өндөр байгаа хэдий ч улс төрийн нөлөө гэдэг хуурамч мэдээллээс илүү том эрсдэл юм шүү нэг том үзүүлэлт байгаа юм. Улс төрийн нөлөө хэвлэмэл болон бусад хэвлэл мэдээллийн нэгжүүд рүү хамарч байна гэж үзжээ. Энэ судалгаанаас мэдээллийн орчинг эрх чөлөөтэй нээлттэй гэдэгт санал нэгдэж байна. Гэхдээ нээлттэй болон эрх чөлөөтэй орчныг хамгаалах ёстой шүү гэдэгт санал нэгдэж байна. Мэдээллийн орчин нээлттэй эрх чөлөөтэй гэж үзэж байгаа боловч тулгамдаад байгаа асуудал нь улс төрийн нөлөө, хуурамч мэдээ мэдээлэл. Энэ судалгааг бүрэн дүүрэн авч үзэхэд монголын залуучууд асуултад хариулж байгаа байдал нь тухайн сэдвүүдийнхээ хүрээнд нэлээд ахисан шатны ойлголттой ялангуяа ардчилал хэвлэл мэдээллийн талаарх ойлголт нь илүү сайшаалтай санагдаж байна аа.

Categories
мэдээ цаг-үе

Д.Баярхүү: Дэлхийн бодлого тодорхойлдог улс гүрнүүдийн сайдууд өөрсдөө ирж байгаа нь манай улсын нэр хүнд, жин нөлөөг шууд өргөж байгаа хэрэг

Олон улсын бодлогын судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.


-Манай улсад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрөгч есдүгээр сард албан ёсны айлчлал хийгээд буцсан. Тун удахгүй АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Mонголд айлчлах гэж байна. Мөн Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээ мэдэгдлээ. Ингэснээр сар хүрэхгүй хугацаанд гурван том айлчлал хийгдэх гэж байгаа нь Монгол Улс дэлхийн анхаарлын төвд байна гэж ойлгох уу?

-Манай гадаад бодлого, харилцаа нэгдмэл байдлаа хангаж, залгамж чанараа хадгалж байгааг илтгэх айлчлалуудыг дээр дурдлаа. Манай улс олон улсын тавцанд өөрийн байр сууриа эзэлсээр, дэлхийн улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрөгдсөөр өнөө хүрсэн. Манай улсын нийгэм-улс төр, эдийн засгийн салбаруудыг бүхэлд нь авч үзвэл гадаад харилцаа, гадаад хамтын ажиллагаа ямагт прогрессоор явж ирсэн гэдгээ би хаа ч, хэнд ч нотлон ярьдаг бичдэг. Сар хүрэхгүй хугацаанд гэлээ. Миний мэдэхийн, зарим үйл явдалд нь оролцож байснаа эргэж санахад 1996 оны зуны адаг, намарт таван гүрний Гадаад хэргийн сайд нар дараалан айлчилж байсан. Тухайлбал, Европын Холбоо, Дани, Герман, Британи, ОХУ-ын Гадаад хэргийн сайдууд. Түүнтэй адил нэг сарын дотор манай улсын гадаад харилцаа үнэхээр идэвхжиж байна. Олон улсын ба бүс нутгийн үйл явц, харилцаа өрнөхийн хэрээр Монголын гадаад харилцаа огцом тэлж өргөжиж байна. Айлчлалууд ингэж жагсаж байгаа нь ч онцлогтой. 2020 онд манай улс шинээр УИХ-аа сонгож, Засгийн газраа эмхлэн байгуулсан. Шинэ УИХ, Засгийн газрын гадаад бодлого хэрхэн өрнөхийг хөрш, түншүүд маань сонирхох нь лав. Тэр сонирхлыг угтуулсан манай Засгийн газрын идэвхтэй гадаад бодлого л явж байна шүү дээ. Эхлээд Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд манай улсад айлчиллаа. Залгуулаад Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчиллаа. Залгаад АНУ-ын ТНБД, Японы Гадаад хэргийн сайд манайх руу зорилоо. Дэс дараалал нь ч цаг үеэ олж тохиолоо. “Гадаад бодлогын үзэл баримтлал”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу манай улс гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн улсуудтай хамтран ажиллахаа эдгээр айлчлалуудаар нотлон харуулж байна.

-Хоёр гол баримт бичгийн заалтуудыг тодруулна уу?

-Гадаад бодлогын үзэл баримтлалаараа бид гадаад бодлого ба харилцаагаа нэг ёсондоо хуульчлан тунхагласан. Мөрдөж ажилласан 15 жилийн туршлагадаа тулгуурлан дахин боловсруулалт хийж 2011 онд шинэчлэн батласан. Түүний II бүлэг болох “Улс төрийн гадаад харилцааны бодлого” гэсэн хэсгийн 14 дүгээр заалт болох “Монгол Улс улс төрийн гадаад харилцааны бодлого хэрэгжүүлэхдээ дараах чиглэлийг баримтална” гэсэн нь улс бүр дээр нэр зааж хэрхэн харилцахаа томьёолсон бэлэн жор гэхээр туссан байгаа. Тухайлбал, 14.1-т ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах; 14.2-т АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх гээд заачихсан байна. Өнгөрсөн зун Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг ээлжит бус чуулганаар баталсан. Түүний “Тогтвортой, нэгдмэл гадаад бодлого” гэсэн бүлэгт ийм заалт орсон байна. “4.5.4-т Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, худалдаа, соёл, хүмүүнлэг зэрэг бүх салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлнэ. 4.5.5-т Америкийн Нэгдсэн Улс, Япон, Европын Холбоо, Энэтхэг, Бүгд Найрамдах Солонгос Улс, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцааг өргөжүүлэн, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бусад улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана” гэжээ.

-Ахмад дипломатч, судлаачийн хувьд айлчлалуудын ач холбогдол, цар хүрээг хэрхэн дүгнэж байна вэ. Монголын гадаад харилцаанд хэрхэн нөлөөлөх бол?

-Ач холбогдлыг би эхэнд нь хэлчихлээ. Тэргүүлэх чиглэлийн дөрвөн улс гүрэнтэй тэргүүлэх ач холбогдол өгч харилцана гэдгээ нөгөө талдаа нотоллоо. Дэлхийн бодлого, дэлхийн эдийн засгийг тодорхойлдог, үүнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гурван чухал гүрний хоёрынх нь Гадаад хэргийн сайдыг айлчлуулж, манай Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өөрөө биечлэн нэгэнд нь айлчилж, мөн дэлхийн эдийн засгийн хүчирхэг нэг гүрэн, бүс нутгийн нөлөө бүхэн гүрэн Японы Гадаад хэргийн сайд шинэ Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан манай улсыг зорино гэдэг айлчлалуудын улс төрийн ач холбогдол нь бусад ач холбогдлоосоо хавьгүй давна гээд ойлгочихож болно. Дэлхийн бодлого тодорхойлдог улс гүрнүүдийн Гадаад хэргийн сайдууд ийнхүү Монголд ач холбогдол өгөөд өөрсдөө морилон ирж байгаа нь манай улсын олон улсын нэр хүнд, жин нөлөө, ач холбогдлыг шууд өргөж өгч байгаа хэрэг шүү дээ. Манай Гадаад харилцааны шинэ сайд өөрөө гадаад харилцааны торгон мэдрэмжтэйгээ ч мэргэжлийн талаасаа айлчлалчуудын үеэр харуулах болов уу гэж найдаж байна.

-Айлчлалуудын аяны богцоос бид юуг хүлээх вэ?

-Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд гарч буй ахицыг бататгах, хоёр талын томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэхэд анхаарч ажиллах, худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор цаашид идэвхтэй хамтран ажиллах, энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой өсгөх, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо гээд албан мэдээнд нь дурдсан байсан. Мөн хамтын ажиллагааны тухай чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Монгол-Оросын “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцов гэсэн мэдээллүүд байна лээ. Улс төрийн ач холбогдлын тухайд өмнөх мөрүүдэд хэлчихлээ. АНУ, Японы сайд нарын айлчлалын тухайд манай улстай тогтоосон харилцаандаа улс төрийн өндөр ач холбогдол өгч байгаагаа нотолсон айлчлал болно гэчихлээ. AHУ-ын Төрийн Департментын Зүүн Ази, Номхон Далайн хэрэг эрхлэх хорооны дэд нарийн бичгийн дарга Дэвид Стилуэл “Майк Помпео анх удаа Монголд айлчлах гэж байна. Ардчилал, хүний эрхийг хамгаалахад гаргаж буй Монголын хичээл зүтгэлийг АНУ өндрөөр үнэлж, дэмждэг”, “Монголын ардчилал бол бүс нутгийнхаа үлгэр жишээ юм” гэсэн байна лээ. Америк-Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлсээр байгаа тухай ноён Стилуэл ярьжээ. Эндээс үзвэл манай улсыг АНУ дэмжиж байна. Хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байна. Энэ чинь л гол ач холбогдол нь. Манай Гадаад бодлогын үзэл баримтлалд “Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилго нь тус улсын аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчин бүрдүүлэх, дипломат болон консулын харилцаа хөгжүүлэх, нөлөө бүхий улсуудтай харилцааныхаа түвшинг дээшлүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахад оршино” гэсэн заалт байгаа. Хөгжил дэвшлийн таатай гадаад орчин бүрдүүлэх гэдэгт эдгээр айлчлалууд үйлчлэх учиртай. Үйлчилж ч байна.

-Цар тахлын үед Монголд хийгдэж буй айлчлалуудыг олон улсад хэрхэн ярьж, дүгнэж байгаа бол?

-Цар тахал айлчлалуудад садаа болоогүй. Дэлхий нийтээрээ түүнтэй тэмцэж байна. Цар тахалтай чадварлаг тэмцэж, хохиролгүй яваа манай улсыг онцолдог боловч энэ удаагийн айлчлалууд олон улсын харилцааны хурцдал, бүс нутгийн эгэл бус харилцаа, их гүрнүүдийн хоорондын зөрчил маргааны үед тохиож байгаагаараа онцлогтой. Нэг үгээр бол шинэ “Хүйтэн дайн”-ы уур амьсгал дунд айлчлал хэрэгжиж байна. Манай улсын стратегийн чухал байршил, ардчилал, шинэчлэлийн зам тууштай сонгосон, төр засгаа сонгуулиар байгуулдаг ардчиллын үлгэр жишээ, даян дэлхийд энхийг сахиулахад монгол цэргийн оруулж буй хувь нэмэр гээд олон хүчин зүйлээр айлчлалууд нөхцөлдөж байна. Гадаад бодлогын үзэл баримтлалын заалтууд дунд Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайна. Тухайлбал, ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох, цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах, олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, НҮБ-ын болон олон улсын бусад энхийг дэмжих, сахиулах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцох; уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг багасгах, байгаль орчныг доройтлоос хамгаалах, гоц халдварт өвчний тархалтаас сэргийлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг дэмжин оролцох гэсэн заалтуудыг манай улс тууштай дэмжээд хэрэгжүүлж ирснийг үнэлээд манай улсыг зорьж ирж байна гээд хэлчихэд буруутахгүй болов уу.

-Манай улсын хувьд гуравдагч хөрштэйгөө илүү ойр харьцах боломжууд айлчлалаар нээгдэх үү?

-Гуравдагч хөрш хоёр гүрэнтэй харилцаа энэ оноос улам идэвхжих болов уу гэж үзэхээр байна. Гадаад бодлогын үзэл баримтлалын 14.3-т “Азийн бусад улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, Зүүн Ази, Зүүнхойд Ази, Төв Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж оролцох” гээд заачихсан байгааг эргээд нэг үзээрэй. Энэ айлчлалууд чинь дээрх заалтын хэрэгжилтэд шууд хамаатай. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Тогтвортой, нэгдмэл гадаад бодлого” хэсэгт ч ийм заалтууд бий. Үүнд 4.5. Монгол Улс уламжлалт гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн гадаад таатай орчныг улам бэхжүүлнэ. 4.5.2. Эдийн засгийн гадаад харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, гадаад худалдаанд тулгарч байгаа хүндрэлүүдийг багасгах, хөнгөвчлөх бодлогыг үргэлжлүүлнэ. 4.5.3. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалж, дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбар, мега төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авахад дэмжлэг үзүүлнэ гэсэн заалтад эдгээр айлчлал үйлчилж таарна. Тэгж ч ойлгож хүлээн авах хэрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Монгол бичиг шигээ босоод ирнэ гэж болгоомжлоод байгаа юм болов уу

-ТҮҮХЭНД ОРНО ГЭЖ ХӨӨРЧ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГАА УЛСТӨРЧ Л ХАМГИЙН ИХ АЮУЛ ТАРЬДАГ-

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгийг олон нийт нэлээд таатай хүлээж авах шиг боллоо. Тэрээр эхлээд орлого, экспортын орлого, маш их орлого олох л чухал байна гэж дурдсан байсан. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Олзуурхам үг. Монголд шийдэх асуудал олон байгаа. Шийдэх асуудлаа эрэмбэлье. Эдийн засгаа хэд дахин нэмэгдүүлье. Иргэдийнхээ орлого, улс орныхоо эдийн засгийг томруулъя гэж хэлж. Зүгээр нэг өсөлт биш, тийрэлтэт өсөлт хэрэгтэй байна гэж хэлсэн байна лээ. Манай улс 10 тэрбум ам.долларын эдийн засагтай. Үүнийг 30 тэрбум руу аваачъя, цаашлаад 50, 100 тэрбумд хүргэе гэх санааг тийрэлтэт гэдгээр хэлсэн болов уу гэж бодож байна.

-Монгол Улс эдийн засгаа тийрэлтэт өсөлт рүү аваачихад ямар алхмууд хийх шаардлагатай вэ?

-Монголд хоёр хүнд байдал бий болсон. Нэгдүгээрт, хувийн хэвшлийнхэн болон улс төрийн шийдвэр гаргадаг түвшинд ч ажил хийвэл, эрсдэлтэй алхам хийвэл шоронд явдаг юм байна гэдэг ойлголт бий болчихлоо. Үүнийг засахад хамгийн хүндрэлтэй. Монголыг харж байгаа хөрөнгө оруулагчид ч энэ бүгдийг харж байгаа. Нэг үгээр хэлбэл, хийдэг гараа барьж аваад шоронгийн гаваар гавалчихаад юм хий гээд шаардахаар тэндээс юм гарахгүй л дээ. Ер нь бодлогыг сууриар нь өөрчлөх хэрэгтэй. Энэ чиглэл рүү шийдвэр гаргагчид анхаарах шаардлагатай.

Дээрх ойлголт хувийн хэвшлийнхэн, бүтээлч иргэдийн итгэлийг бас унагаж байна. Эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааг, харилцааг тасдаад харахаар заримдаа буруу үйлдэл ч юм шиг харагддаг. Бүтнээр харах юм бол зөв байдаг. Зээл авангуут нь тасдчих юм бол тэр зээлээ бизнес болгож хувиргаад эргэж төлтөл нь хараагүй бол зарим талаараа үйл ажиллагаа буруу болно. Ер нь эдийн засгийг эрүүжүүлж хардаг энэ явдлаас холдох хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь дотооддоо ч, гадааддаа ч итгэлийг эргүүлж авчрах хэрэгтэй.

-Энэ жил төсвийг маш их хэмжээний алдагдалтай баталлаа. Төсөв алдагдалтай баталж байгаагийн цаана хэн хохирох вэ?

-Нэлээд олон жилийн өмнө Төсвийн тухай хууль, төсвийн сахилга батын тухай хууль баталсан.

ДНБ-ий тодорхой хувиас Монголын өр илүү гарч болохгүй. Төсвийн алдагдал ч тодорхой хувиас хэтэрч болохгүй гэсэн хуультай. Одоо бараг хуулийн босгогүй болсон байх. Энэ сахилга, тэр хуулиа эргүүлж хэрэгжүүлэх нь зөв.

Миний бодлоор төсвийг алдагдалгүй батлахын төлөө л явах ёстой. Төсвийг алдагдалтай оруулж ирвэл хариуцлага тооцдог хуулийг гаргаж, мөрдүүлж байж цаашаа явна. 2005 онд намайг Ерөнхий сайд байхад Монгол Улсын төсөв анх удаа ашигтай гарч байсан. 2005 оны төсөв яагаад ашигтай гарсан гэхээр тэр үед авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлсэн, нөгөө талаас татварыг их зөв болгож шийдсэн. Гол татваруудаа бүгдийг нь 10 хувь болгочихсон. Нэг л шатлалтай.

Тэр үед би хуучин дүрэм журмыг устгах хэрэгтэй гэж үзсэн. УИХ руу оруулаад хүчингүй болгох гэхээр удсан учир тэр дүрэм журмыг урж үзүүлж байсан. Иймэрхүү алхмууд өнөөдөр хэрэгтэй л байх. Төсөв алдагдалгүй гарч болдог гэдгийг Монгол Улс үзчихсэн.

-Төрөөс хувийн компаниудаа хэр дэмжиж ирсэн юм бэ?

-Ер нь эдийн засгаа өсгөж тэлэхэд хоёр нууц байдаг. Нэгдүгээрт, Монголд хамгийн их татвар төлдөг зуун аж ахуйн ч юмуу тэдний бизнесийг дор хаяж хоёр дахин том болгох. Хувийн аж ахуйн нэгжээ л томруул. Тэгэхгүй бол хэн нэг дарга гарч ирээд эдийн засгаа томруулна гэж хэлээд явахгүй. Хувийн ААН-ээ томруулбал Монголын эдийн засаг түүнийгээ дагаад томорно.

Хоёрт нь, Монгол үнэхээр баялагтай юм бол тэр боломжуудыг иргэддээ, үндэсний баялаг бүтээгчиддээ өгөх хэрэгтэй. Уул уурхайн лицензийг гадагш юу нь мэдэгдэхгүй юмнуудад өгдөг биш хувийн хэвшилдээ өгөөд, хөрөнгө олж ирэх ажлыг үндэсний аж ахуй хариуцаад явбал их зөв. Засгийн газар өрөнд орох биш. Бүрэн хариуцлагаа хувийн ААН хариуцдаг болно. Үүний тулд Засгаас гаднаас орж ирж байгаа бондын мөнгийг хувийнхан хэрэгжүүлэх төсөлд тодорхой хэсгийг гаргаж өгөх хэрэгтэй. Ингэхээр хувийн хэвшил гаднаас үлдсэн мөнгөө хурдан босгодог. Иймэрхүү маягаар хувийн хэвшлээ томруулж байж л эдийн засаг тэлнэ.

-Хоёр дах нууц нь?

-Хоёр дахийг нь түрүүн хэлсэн. Гэхдээ бүр том нууцыг нь хэлье. Манайд эдийн засаг томрохгүй удаж байгаагийн гол шалтгаан бол хувийн хэвшил тухайн эзэн, эзэмшигч гэр бүлээс хараат байгаад л оршино. Гэр бүлийн компаниудаасаа салж чадахгүй. Тиймээс ААН-үүдийг болж өгвөл олон нийтийн хувьцаат компани болох руу шахах хэрэгтэй. Хувьцаагаа ард иргэддээ зар. Бид үнэхээр ард түмнийхээ амьдралыг дээшлүүлье гэж байгаа бол бүгдээрээ баяжих тэр боломжийг нээх ёстой. Нэг том компанийн цаана 100 мянган хувьцаа эзэмшигч байх юм бол тэр хүн төрөөс айдаг, шоронгоос айдаг биш 100 мянган хувьцаа эзэмшигчдийнхээ төлөө явна. Тэд тухайн компанийг хамгаална. Тэр хувьцаа нь хоорондоо зарагддаг ил тод, олон нийтийн болоод ирэхээр хариуцлага нь нэмэгддэг. Манайд том компаниудын үйл ажиллагаа ил тод биш явсаар ирлээ шүү дээ.

-Хувьцаа, хөрөнгийн бирж гэхээр иргэдийн чихнээс хол сонсогдоод байдаг тал бий…

-Хол сонсогддог тэр зүйлийг л амьдралд нь ойртуулах хэрэгтэй. Таван толгойгоос эхлээд хувьцаа гаргах гээд оролдоод байгаа юм. 10 гаруй жилийн өмнө би Таван толгойн тодорхой хувийг хувьцаа болгож амилуулъя гэж “Өдрийн сонин”-д нийтлэл бичиж байсан. Хүмүүс өөрийнхөө мөнгөөр хувьцаа худалдаж аваагүй учраас сонирхдоггүй, мэдэрдэггүй.

Түүнчлэн манайд Хөрөнгийн бирж жинхэнэ утгаараа огт ажиллаж чадахгүй байна. Үзүүлэнгийн түвшинд л явж байна. Лондонгийн хөрөнгийн бирж, Сингапурын хөрөнгийн биржээс яг яаж ажилладаг хууль дүрэм журам удирдлага менежмэнт системийг Монголд хуулж авчирч тавих хэрэгтэй. Нэг хэсэгтээ гадны захирлууд урьж ажиллуулж болно. Ингэж л энэ ажил бизнес, баялаг амь орно. Энэ чиглэл рүү онцгой анхаармаар байгаа юм. Дээр нь бас нэг хүндрэл үүсч байна.

-Ямар хүндрэл?

-Гучин жил хувийн хэвшлийг үүсгэж, нуруундаа үүрч ирсэн хүмүүс бүгд хөгширч тамирдаж байна. Захаасаа жагсаалаас гарч байна. Их гээд 10 жилээс илүү гүрийж урьдынх шигээ зүтгэж чадахгүй. Нэгдүгээр үе нь босгодог. Хоёр дахь нь нураадаг гэж ярьдаг. Энэ бас том асуудал шүү.

-Зээлжих зэрэглэл манайх ямар байсаар ирэв ээ. Энэ үгийг хэрэглэхээ бараг больж байх шиг. Одоо хар, саарал жагсаалтаасаа хэрхэн гарах вэ л гэж ярьдаг болж….

-Аливаа шударга ёс гэдэг эдийн засгийн агуулгатай. Шударга ёсны эдийн засгийн агуулгын тухай хүмүүс огт ярихгүй байна. Яагаад эдийн засгийн хувьд шударга ёс буруу явж байна гэхээр хэдэн жилийн өмнө 500 мянган төгрөг 300 ам.доллартай тэнцэж байсан бол одоо 160 ам.доллартай тэнцэж байна. Хэрвээ шударга ёсны агуулга нь эдийн засагт байсан бол манай эдийн засаг энэ хугацаанд хоёр дахин томрох ёстой байсан. Нэг үгээр хэлбэл, 20 тэрбумын эдийн засагтай болчихсон байх ёстой. Гэтэл 10 тэрбум дээрээ байсаар. 100 хувь манай эдийн засгийн шударга ёс хангагдахгүй байгаа юм.

Зээлжих зэрэглэл бол аливаа улсад хамгийн чухал, тухайн улсын нэр хүндийн асуудал. Тухайн улсын улс төрийн бодлого, эдийн засгийн бодлого нь зөв явж байгаа эсэхийг эндээс хардаг. Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг үе B+, BB болж байсан удаатай. B+ доошоо унах юм бол Засгийн газар, хариуцсан албан тушаалтан хариуцлагаа хүлээдэг хэлбэр лүү ормоор байгаа юм. Шударга ёс гэдэг улс төрийн агуулгатай. Улс төрийн агуулга нь огт хэрэгжихгүй байна. Манайд шоронгийн хэмжээнд хэдэн хүнийг муу хэлж, тархи угааж хорих байдлаар л шударга ёс гээд байдаг. Гэтэл улс төрийн агуулгаараа шударга ёс алга. Эдийн засгийн агуулгаараа бүр ч алга.

-Яаж улс төр, эдийн засгийн шударга ёсыг тогтоох вэ?

-Энэ асуудлыг манай шийдвэр гаргагчид 76 гишүүний олонх нь ойлгоосой гэж боддог. УИХ дотор эдийн засаг ярьдаг гарын таван хуруунд багтах гишүүд байна. Наад зах нь энэ тоо шийдвэр гаргах түвшинд 40-д хүрчих юм бол манай олон бодлого зөв болно. Манай улс төрийн бодлого, шийдвэр гаргаж байгаа байдал яг л илбэдүүлчихсэн юм шиг байна даа. Иргэд нь эрхгүй, тэдэндээ эрх өгдөггүй, эрхийг нь эдлүүлдэггүй, хуваалцдаггүй улс төр, эдийн засаг аль аль нь шударга биш.

-Манай улс Хятадаас эдийн засгийн 90 хувийн хамааралтай болжээ. Бидэнд бусад улс оронтой эдийн засгийн харилцаанд орж, идэвхүүжүүлэх боломж хэр байдаг юм бэ?

-Монгол Улс 1990 оноос дотроо ардчилалтай, гадагшаа хэлхээ холбоотой болсон боловч яг хоёр хөршийнхөө зүгээс эдийн засаг, улс төрийн хоригт 30 жил амьдарсаар явна. Тэр хориг нь Оросын зүгээс татвараар, Хятадын зүгээс эдийн засаг дагасан улс төрийн бодлогоор илэрдэг. Үүнийг давахад маш хүнд. Даван туулахад хоёр юмыг ойлгох хэрэгтэй.

Нэгдүгээрт, бид яавал бие дааж болох уу. Хоёрдугаарт, яавал олон улсын зах зээлтэй бүх талаараа холбогдож болох уу гэж. Жишээ хэлэхэд, технологийн боломж сүүлийн үеийн нээлтүүд Монголд асар их боломж өгч байгаа. Сонгуулийн өмнө би “Их Монгол” гэж нийтлэл бичсэн. Нийтлэл дотроо энэ санааг оруулсан юм. Хоёр хөршөөс хараат энэ асуудлыг шийдэхийн тулд технологийн боломжийг бид ашиглая. Технологийн хувьд дэлхийд гаръя гэх санааг гаргасан.

Авууштай нь технологи цахим чиглэлд энэ асуудлыг хариуцсан агентлаг нэлээд санаачилгатай ажиллаж байх шиг. Үүнээс илүү Засгийн газрын түвшинд, олон улсын түвшинд санаачилгатай ажиллаж болно. Дижитал-8 гээд санаачилга бий. Үүн рүү Монгол нэгдэж ороод тэдний хийж байгааг хийвэл зөвхөн энэ салбарын өсөлтөөр манай эдийн засаг дахин тэлнэ.

-ОХУ манайхыг татвараар далайлгадаг, татварын өндөр босго тавьсаар өдийг хүрлээ. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх ёстой юм бэ?

-Нэг талаас их зөв асуулт. Нөгөө талаас шийдэл нь нэлээд хүнд байдаг. Хоёр талаасаа шийдье гэхээр ОХУ-аас Ази Европын эдийн засгийн холбоондоо татварын асуудлаа ярьдаг гэх хариу өгдөг. Оросын засгийн газар дангаараа шийддэггүй гэж хэлдэг. Дангаараа энэ том гүрэн хүсвэл юуг ч шийдэж чадна. Монголчуудын сонгож авсан зам бидэнд таалагдахгүй байна гэж хэлж байгаа нь тэр. Хоёр талаас эв гаваа олохгүй л яваад байна. Ямар ч асуудлыг бид Оростой яриад шийдчих боломжтой.

-Ярилцлагаа Ардчилсан нам руу шилжүүлье. Та бол ардчиллын эцэг. Хоёр удаагийн УИХ-ын сонгуульд АН ялагдал хүлээлээ. Одоо бүр АН орох байр ч үгүй болж. АН-ын нэр хүнд шалан дээр уначихжээ. Энэ уналтыг яаж харж, хүлээж авав?

-Ардчилсан намын үйл ажиллагаа, хуучин эзэлж байсан жин хэмжээндээ эргэж сэргэх боломжтой гэж бодож байгаа. Мэдээж энэ чиглэлд хийх ажил их бий. Өрсөлдөөн дунд хөгжил явдаг гэдэг утгаараа нэг өрсөлдөгч нь хэтэрхий сульдах нь эргээд улс төр, эдийн засаг, улс оронд ч хүндрэлтэй байдал бий болдог гэдгийг хүмүүс ойлгож байна.

-Та анзаарч л байгаа байх. Өнөөдөр орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс АН-ын логог тавихаасаа эмээж байна. Ардчилсан үзэл санаа их бүдгэрч байна. Та хэдийг ардчилсан үзэл санааг бүдгэрүүлчихлээ гэж харах хэсэг байна…

-Ардчилсан үзэл санаа алга болно гэж байхгүй. Тийм түрэлтэд автах нь байдаг. Социализмын үед социализм буруу гэдгийг хэлдэг байсан хүн маш цөөхөн байсан. Ардчиллын үед ардчилал их зөв юм аа гэдгийг ярьдаг хүн цөөхөн болжээ. Тэгэхээр яг энэ ардчилсан үзэл санааг ойлгодог, дэмждэг байдал тэнцвэржихгүйгээр Монголд цаашаа ардчиллын тухай ярихад үнэхээр бэрх болж байна.

Миний бодлоор үзэл санаа Монголд ерөөсөө хуваагдаагүй байна л даа. Хэвлэл мэдээллийг аваад үзэхэд хэвлэл мэдээллийн зах зээл 90 хувь нь эрх мэдэлтэй байгаа хүмүүсээс эсвэл тодорхой мөнгө санхүүг нь өгдөг хэсгээс хараат байна. Мөнгөнөөс биш үзэл санаанаас хараат байж үзэл санааныхаа төлөө хуваагдаж явдаг.

Ардчилал, эрх чөлөө гэх имижээ Монгол Улс алдаж байгаагийн үндсэн шалтгаан гэвэл энэ гол хоёр эрэгтэй байх ёстой бол нэг эрэг нь бүрэлдэхгүй гол урсах биш намаг шалбааг адил болсонд. Тэгэхээр эргүүлж хоёр эргийг бий болгоход бизнес, улс төрийн салбар гээд бүхий л салбар үзлийн баганадаа суурилахгүй бол болохгүй болжээ. Үзэл санаа хуваагдахгүй бол улс орон нэгдмэл хүчээр хөгжлийнхөө төлөө өрсөлдөж зүтгэж чадахгүй. Үүнээс үүдээд улс орны тусгаар тогтнол, бие даасан байдал, сонгосон зам, олон намын тогтолцоо, ардчилал утга учраа бүрэн алдаж байгаа юм.

-Ардчиллаа сайжруулахын тулд юу хийх ёстой юм?

-Ардчиллын хамгаалалтыг иргэд л хийдэг. Манай улс төрд байгаа хамгийн том дутагдал бол иргэддээ ардчиллаа хамгаалах боломжийг нь олгохгүй байна. Иргэддээ улс төрийн эрхийг нь олгоогүй. Иргэддээ улс төрийн эрхээ хэрэгжүүлэх хууль гаргаж өгөөгүй. Иргэд хоорондоо ярьж байгаад хэдэн мянгаараа гарын үсэг зураад тодорхой асуудлыг Их хурлаар хэлэлцүүлж болдог. Их хурлын гишүүнээрээ дамжуулж тавьдаг энэ эрхийг хуулиар нээж өгөх ёстой. 1990 онд авчирсан ардчиллынхаа боломжийг улс төрийн хувьд иргэддээ өгөөгүй.

Олон улсын гэрээгээр ч Монголын хүлээсэн үүрэг. Иргэний улс төрийн эрхийн олон улсын гэрээнд Монгол Улс элсэж орсон. Энэ хуулийг бид ерөөсөө гаргаагүй. 20 мянган хүн гарын үсэг зураад зөв асуудал дэмжээд гараад ирвэл энэ дээр их хурлын хоёр гишүүн нэмэгдэж гарын үсэг зурж нэгдээд тэр асуудлыг шууд хэлэлцэж болно. Тэр хоёр гишүүн хууль санаачлах эрхээрээ Их Хурал руу ороод хэлэлцүүлчихнэ.

Би энэ талаар сүүлийн 10 жил ярьж байна. Энэ талаарх хууль санаачилж оруулж, зүтгүүлсэн. Байнгын хороон дээр дэмжлэг аваад Их Хурал дээр дэмжлэг аваагүй. Хуулийн төсөл нь бэлэн байгаа. Иймэрхүү маягаар ардчиллын хамгаалалтыг иргэддээ өгөх хэрэгтэй. Иргэний мэдэх эрхийн хуулийг Их хурлаар батлуулахыг шаардах ёстой.

-Таны яриад байгаа мэдэх эрхийн хууль чихэр шиг сонсогдоод байгаа юм даа.

-Өглөө босоод, орой унтах хүртэл дарга нарын хийсэн ажил, уулзалт цаг минуттайгаа маргааш нь зарлагддаг хуультай бол энэ хууль шиг сайн хэрэгждэг хууль ховор болно. Иргэд шаардана, хянана. Ямар ажил, ямар хугацаанд амжуулсныг мэддэг болно. Эрх баригчдаас юу хийж байгааг нь та цаг минуттай нь мэдэхгүй бол тэд таны төлөө юу ч хийхгүй. Байж, байж байгаад тэнгэрийн дүлий хагарна гэдэг шиг л сүрхий юм түхийж гарч ирээд, та нарт нэг номер үзүүлчихээд л алга болчихно. Иймээс Төрийн ордонд тамхины өрөөнөөс гадна, иргэд олонд тэдний мэдэх эрхийн хууль хэрэгтэй байгаа юм.

-Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс тэр тусмаа АН-ын лидерүүд толгой дараалан шоронгийн хаалга татаж байна. Амтай болгон одоо таныг араас нь явна гэх юм…

-Миний хамгийн их шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бол ард түмнээс итгэл аваад тодорхой түвшинд ажиллаж байсан хүмүүс яг ямар хэрэг үйлдсэн гэдгийг нийтээрээ мэдэх ёстой. Гэтэл тэд муу хүмүүс байсан тухай, хэрэг үйлдсэн гэх тархи угаалтаас өөр ажил алга. Энэ тархи угаалтад бүх талаараа автсаны үр дүн. Нөгөө талд нь зэрэгцүүлж ярих байсан тэр бүх зүйл яригдаагүй.

Хуулийн байгууллагынханд нэг алтан зарчим байдаг. Хэргийг хоёр цаасан дээр бүрдүүлж явдаг. Нэг цаасан дээр нь энэ хүн энэ хэргийг үйлдээгүй байх, нөгөө цаасан дээр нь энэ хүн энэ хэргийг хийсэн гэж бичдэг. Цагаатгах талаа хаядаг. Гэтэл манайд бүх түвшинд ганц л цаас нь яваад байгаа. Нөгөө цаас нь харагддаггүй. Тэр цаасаа энэ хүмүүс тэртэй тэргүй өөрсдөө гаргаж ирнэ.

Тэр хүмүүсийн шүүх хурал дээр хэлсэн үгийг нь харахад нэлээд зүйлс ойлгогдож байгаа. Ер нь улс төртэй холбоотой, олон нийт тодорхой итгэл өгч байсан хүмүүсийг шүүхдээ нээлттэй шүүх нь зүйд нийцнэ. Цагаатгах, яллах тал нь ижил байх ёстой. Нүдээ боосон шүүхийн бурхны хос дэнсэнд хэн ч бай гэм буруу нь, эсвэл гэм буруугүй нь адил жинтэй жигнэгдэх ёстой. Тиймгүй учраас цагаатгах тал нь хожим илүү тодорч хэлмэгдүүлэлт байсан нь тогтоно. Түүхийн уртад тэд цагаадана гэж хардаг.

-Тэгвэл тэр хүмүүс сэтгэл санаа, эрүүл мэнд, магадгүй амь насаараа хэлмэгдээд өнгөрөх нь зөв болж байна уу. Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр гээд хэн ч өмгөөлж, бүр намын нөхөд нь огт дуугарахгүй байгаад гайхал төрөх юм. Та юу гэж бодож байна?

-За даа, цаг хугацаа илүү оновчтой хариулт өгөх байх. Би нийтлэг утгаар нь хариулъя. Миний харсан мэдсэн нэг юм бол улс төрийн бодлогыг шоронгоор залруулдаггүй юм билээ. Улс төрд хатаагдсан хүнийг ч шорон хүмүүжүүлдэггүй юм билээ. Мөн манайд хоёр зүйлийг маш их хольж байна. Юу нь улс төрийн шийдвэр, юу нь эрүүгийн гэмт хэрэг гэдгийг ялгахгүй байна. Энэ бол маш тодорхой хилтэй заагтай зүйл. Улс төрийн шийдвэрийг шүүх шүүдэггүй, түүх цаг хугацаа шүүдэг. Үнэхээр буруу байсан бол залгамжилж байгаа хүмүүс зөв болгоод аваад явдаг. Зөв болгож авч явдаг болохоос энэ буруу гэж ялтан болгодоггүй.

Миний өмнө ажиллаж байсан Ерөнхийлөгч хоригдож байсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа тэр хүнд уучлал үзүүлж байлаа. Нөгөөтэйгүүр улс төрийн албан тушаалтанд ёс зүй, улс төрийн хариуцлага тооцдог орон зай манайд хов хоосноороо байгаа. Бидний өвөг дээдэс улс гэрээ засаж, хууль шударга ёсыг тогтоож явахдаа, хайран гэж үзсэн нэгэндээ есөн ялаас хэлтрүүлэх хүртэл өршөөл уучлалыг хэрэглэдэг байсан. Үүнийг одоо ч тэгш хэрэглэх эрх манай хууль цаазанд бий. Зөвхөн шоронгоор асуудал шийдэх гэж үздэг. Эндээс нэг хэсэг хүн бах таваа хангадаг. Эргээд тэдний ээлж болдог. Энэ бол ерөөсөө шийдэл биш гэдгийг би бүрэн ойлгосон.

Монгол Улсыг хорлоё гэвэл Монголын төлөө сэтгэл зүрхтэй хүмүүсийн итгэлийг унтраах явдал. Монголыг өөд татахын төлөө зоригтой шийдвэр гаргаж чаддаг, эр зориг заавал байх ёстой. Хэрвээ эр зориггүй төр бий болчихвол төвөгтэй асуудлаа шийдэж чадахгүй улс болж хувирна. Ийм төртэй улсыг утгагүй улс гэдэг.

-Таныг одоогийн эрх баригчид өршөөх болов уу?

-Харин шорондоо хийхгүй удаад байгааг би ч гайхаж байна. Наадуул чинь намайг хайрласандаа биш, олны аяыг л хараад байгаа юм. Бас өөрсдөд дээр нь юу ирэхийг ч тооцож байгаа. Хорьж дарах гэж оролдвол монгол бичиг шигээ босоод ирнэ гэж болгоомжлоод байгаа юм болов уу. Бүү мэд. Монголын эсрэг хийсэн буруу юм надад байхгүй.

-Бүх зүйлийн бурууг ардчилал руу чихдэг. Яагаад юм бол?

-Энэ бол өнөөгийн зовлон бэршээлд олдож байгаа хамгийн хялбархан хариулт. Улстөрчид ийм хялбархан хариултын хойноос явбал цагийн салхи даахгүй гундана. Алив нэг улстөрч намирч байгаа дарцаг бүхнийг хөөж давхих гэвэл тэгээд л дуусна. Улс төрийг өөртөө, хүмүүжил, итгэл үнэмшилдээ тулгуурлаж хийх ёстой. Гэтэл дарцаг бүхний хойноос хөөцөлдөж давхиад. Ялангуяа шийдвэр гаргаж байгаа улстөрчид, нам, засаг төр тийм үйлдэл гаргаж болмооргүй байгаа юм.

-ҮАБЗ гэж ямар учраас гурван хүн Монголыг мэддэг болчихов оо. Энэ танаас эхтэй юү?

-ҮАБЗ-ийн хамгийн гол чиг үүрэг нь Аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд байдаг. ҮАБЗ-ийн тухай хуулийг тусад нь нэг авч үзэх шаардлагатай болсон. Болохгүй байгаа бол хуулиа өөрчлөх л зөв байх.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрыг таныг унагасан гэдэг. Эндээс АН-ын хагарал эхэлсэн гэж ойлгодог?

-Унасан хүн юунаас болж унаснаа өөрөө сайн мэддэг юм.

-Таны үед Эрдэнэт үйлдвэрийг Монголын талд авсан. Ард түмэн Эрдэнэт үйлдвэртэй таныг шууд холбох юм аа. Монголын талд буцааж авахад луйвар болчихсон юм уу. Яагаад Эрдэнэтийн захирал байсан Даваацэрэн шоронд орчихов оо. Хэний ч мэдэхгүй Отгонбаатар гэж хүн гарч ирээд таны бизнесийг зохицуулдаг болоод явчихсан. Отгонбаатар гэж хүн байна уу?

-Миний бизнес гэж байхгүй. Отгонбаатартай хамтарч хийдэг бизнес гэж надад байхгүй. Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар шүүх гээд байна уу, шагнах гээд байна уу гэдгийг ойлгохгүй байгаа. Хүнд, гадаадад, харьд байсан хөрөнгөний тал хувь нь Монгол руу ороод ирчихсэн. Энэ дээр хуулийн асуудал байгаа бол ил тод ярих хэрэгтэй.

-Та Ерөнхийлөгч байхдаа Шүүх, прокурор, АТГ, цагдаа гээд хууль шүүхийн байгууллагуудыг нөлөөндөө авсан, хонгилын эзэн нь таныг гээд л ярих юм…

-Энэ үг хэллэг бол тэднийг нөлөөндөө байлгах хүсэлтэй хүмүүсийн мөрөөдөл. Түүнийгээ хийх гэж үзээд улам мухардалд орж байна. Одоо би өөрт чинь МАНАН мафийн толгойлогч шиг харагдаж байна уу? Наадуул чинь өөрсдөд нь хэрэгтэй бол ээжийгээ ч “манан, хонгил” гэж нэрлэж чадна. Нөгөө талаас ийм нэршил өгдөг нь хууль хяналтын байгууллага, шударга шүүлтээс зугтаж явсан хүмүүсийн олны анхаарал сарниулах гэсэн арга. Хулгайч л “хулгайчийг барь” гэж орилдог юм.

-Шүүх улс төрөөс хараат уу?

-Үүнийг өөрчилье гэсэн хандлага нийгэмд нэлээд байна. Шүүхийг улс төрөөс хараат бус болгохын тулд тийм улс орнуудад ямар эрх зүй байдгийг Монгол нээлттэй улс учраас амархан харчихаж болно. Шүүхийн багц хуулиа дахиад өөрчилж байгаа сурагтай. Тийм бол тэнд хэлэх санаа оноо байх л юм. Нэг талаас шүүхийг хараат болгосон гэж шүүмжлүүлж байгаа хүн. Нөгөө талаас хараат бус байх ёстой гэх үзэл бодлыг дэмжиж байгаа хүн. Яахаар шүүх хараат болдог юм, яахаар хараат бус болдог юм. Монголын нөхцөлд энэ асуудлыг яаж шийдэх хэрэгтэй вэ гэдгийг зовлонг нь үзэж байгаагийн хувьд мэднэ. Нэг юм нэмж хэлэхэд шийдвэр гаргагч бүр тухайн гаргаж байгаа шийдлээ зөв, Монголд хэрэгтэй л гэж боддог. Гэтэл сайн юм бодож хийсэн олон юм дараа нь муу болж хувирдаг. Тэгж алдсан хүн нь алдсан, оносон сумныхаа тусгалыг засаж чаддаг юм. Юунаас болсныг нь ч мэддэг.

-Яавал зөв шийдвэр гаргах вэ?

-Монголоо бодоод Монголынхоо эрх ашгийг бодоод шийдэхээр зөв болоод байх шиг санагддаг. Өрсөлдөгчөө бодоод, тодорхой намирч байгаа дарцаг, нэр төр бодоод шийдвэр гаргах гэж явбал тэр аюул болдог. Түүхэнд орно гэж хөөрч шийдвэр гаргаж байгаа улстөрч л хамгийн их аюул тарьдаг. Ер нь түүхэнд орно, их том зүйл хийнэ гэж бодож хийрхсэн улстөрч шиг аюултай юм байдаггүй.

-Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэзээ сүүлд уулзсан бэ. Та хоёр холбоотой байдаг уу?

-Ерөнхийлөгчийн тангараг өргөөд бид хоёр хоёр тийшээ явсан. Түүнээс хойш уулзаагүй. Гэхдээ аль ч хэвлэлд яриагүй нэг зүйлийг хэлэхэд би сууж байсан ширээн дээрээ түүнд захиа бичиж үлдээсэн. Энэ бол Монголын төрд уламжлал болж тогтоосой гэж боддог. Зарим оронд ийм уламжлал бий.

-Та яагаад Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг болчихсон юм бэ?

-Би хэн нэгэн хүний эсрэг хүн биш. Би Монголын төлөө хүн.

-Одоогийн Ерөнхийлөгчийн бодлогыг та хэрхэн харж байна?

-Эхний бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчид хоёр дахь бүрэн эрхийг өгөх үү, үгүй юү гэдгээр ард түмэн дүнгээ тавьдаг. Би бол тайлангаа тавиад л явсан. Найман жил ажилласныхаа дараа гурван сарын турш тайлан тавьсан. Өөрийнхөө үйл ажиллагаа явуулсан чиглэлүүдээрээ тайлан тавьсан. Олон ч хүн оролцсон. Үр дүн нь гарчихсан 101 ажил гээд. Тэгэхээр улс төрд явж байгаа хүмүүс ажлаа тайлагнах нь чухал. Энэ жишгийг цаашдаа уламжлал болгох ёстой гэж боддог.

-Ерөнхийлөгчид бичсэн тэр захианыхаа утгыг хэлээч?

-Хэлэхгүй.

-Тэр үед ордноос гарч явахдаа юу гэж бодож байв?

-Зэвсэгт хүчнийхэндээ “баяртай” гэж хэлнэ дээ гэж бодож явсан. Баяртай гэж ч хэлсэн.

-Та улс төрд хэдэн жил байгаад явсан бэ?

-Би 27-той байхдаа Төрийн ордонд сонгогдож ажилд орсон. Яг 27 жил болоод тэндээс гарсан.

-Тэр өдрийн сэтгэгдлээ хуваалцвал?

-Ордноос гархын өмнө би сэтгүүлчидтэй уулзаж бодлоо хэлсэн. Гол нь эрүүгийн эрх зүй бүрэн шинэчлэгдсэний үр дүнд хорих газар байсан есөн мянга гаруй хүний ял хөнгөрч таван мянга орчим нь тухайн өдрөө буюу удахгүй суллагдаж байгааг хэлсэн. Монголын түүхэнд бараг болоогүй том өршөөл. Одоо ч надад олон хүн талархлаа илэрхийлдэг юм. Төрд амаргүй ачаа үүрч явсан хүнийг яаж тэндээс явуулахыг бодмоор л юм билээ. Төрийн ёслолын журамд өөрчлөлт орсон санагдана. Ерөнхий сайдын ажлаа өгөөд цуурхай шилтэй өвгөн бензтэй, нийтийн хөдөлгөөн рүү нэг үдээс хойш орж явчихсан хүний хувьд хэлэхэд (инээв).

-Тантай хамт явсан хүмүүс Ерөнхийлөгчийн албаа өгсний дараа яаж хандаж байх юм. Ойрхон байсан хүмүүс урвахад хэцүү байна биз?

-Азаар тийм нь цөөн юм. Намайг сайхан хүмүүстэй нөхөрлүүлж, уулзуулсан энэ цаг үедээ би баярлаж явдаг. Яахав, бүргэд адил дүүлж явахад сүүдэр бараадаж байсан ганц нэг юм эргэж хазах нь байх л юм. Дараагийн хүний арыг долоогоод ч үнэлэгдэхээ байчих юм даа.

-Та өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж байсан. Энэ байр суурь хэвээрээ юү?

-Би маш тодорхой нөхцөл хэлсэн. Ардчилал эрх чөлөө бол Монголын тусгаар тогтнол, бие даасан байдалтай шууд холбогддог. Үнэхээр энэ бүхэнд бодитой аюул учирсан, аюул учирч байгаа бол би тангараг өргөсөн цэрэг хүний хувьд аюулын эсрэг шаардлагатай бол өөрийн хувь нэмрээ оруулж тэмцэхээс буцахгүй.

-Гурван улсын Ерөнхийлөгч гурван талын уулзалт хийдэг болсон. Энэ бол гадаад бодлогын том ололт гэж үздэг. Одоогийн Ерөнхийлөгч ч хэрэгжүүлээд явж байгаа. Зарим хүмүүс хоёр талаараа шийддэг зүйлийг заавал гурван талаараа уулзаж шийддэг болголоо хэмээн шүүмжилж байх юм. Та үүнийг юу гэж бодож байна?

-Энэ бол том эндүүрэл. Намайг харлуулах сэдэвтэй байхын тулд “тараг үлээж” байгаа нь тэр. Эхнээсээ бид нэг зарчим тохирсон. Хоёр талаар ярьж шийдэх асуудлыг гурван талын уулзалт дээр оруулдаггүй. Тэгж бид горим журмаа тогтоосон юм. Дэлхийд Монгол Улс Орос, Хятад гэдэг хоёр гүрнээр битүү хүрээлэгдсэн ганцхан улс. Тийм учраас дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой маш олон асуудал гурван талаар ярьж байж шийддэг. Энэ нь манай газарзүйн өвөрмөц байршлаас үүдээд гарч ирдэг. Тэгэхээр гурван талын ашиг сонирхол орсон зайлшгүй асуудлаа л гурван талын уулзалтын үеэр ярьдаг. Харин гурван улаан нүүрээ хараад суухад “Орос юу гэж байна”, нөгөөдөх нь “Хятад ямар саналтай байна” гээд бултаад байж чаддаггүй юм. Наад хоёр чинь надаас өмнө ч гэсэн олон жил манайхнаар тэгж нохой хөөлгөдөг байсан юм билээ.

-Гурван талын уулзалтын давуу тал нь юу юм бэ?

-Давуу талыг нь би хэллээ. Хамгийн амархан нь гурван талын уулзалтыг больчихож болно. Гэтэл үүний цаана асар том амжилт байсан нь больсны маргаашнаас мэдэгдэнэ. Гадаад бодлогын түвшинд хүрсэн нэг том ололт. Бусад орон ийм систем бий болгох гэж мөрөөдөж явснаа хүртэл ярьдаг. Надтай Казахстан улсын ерөнхийлөгч Назарбаев уулзаад хэлж байсан. Би олон жил ажиллахдаа энэ хоёр улсын төрийн тэргүүнтэй зэрэг суугаад ажлаа ярьдаг систем бий болгох гээд чадаагүй юм. Та нар яаж хийж чадав аа гэж асууж байсан. Энэ боломжийг хэр зэрэг үр дүнтэй ашиглахаас зөв буруу нь шалтгаална.

-ШХАБ-д орох утгагүй болж хувирч байна уу?

-Манай явж ирсэн уламжлалт хариулт бол бид нар ажиглагч гишүүн. Ажиглагчийн статус Монголын хувьд хангалттай гэж хэлдэг. Ардчилал эрх чөлөө сүүлийн 30 жил Монголын гоёл болж ирсэн. Хэрвээ ШХАБ-д орох юм бол ардчилал эрх чөлөө гэдэг гоёлоо ШХАБ гэдэг хувцсаар солилоо л гэсэн үг.

-Таны “Улаан бал”-д орсныг их олон хүн сонирхох шиг боллоо. “Яаж баяжсанаа тайлбарлаж чадаагүй” гэж хөтлөгч нь нэг сайтад саяхан ярьсан байсан?

-Лодой нохойтож байгаа юм. Гайгүй сэтгүүлч байх гэвэл дээр үеийн ногоон малгайт шиг болж болохгүй. Олон хүн хэрэггүй гэж над руу ярьж байсан. Янз бүрээр дараа нь яриаг ашигладаг юм гээд. Би тэднээс зөрөөд тэр ярилцлагад орсон. Араас шороо цацаж, хошуугаа худалдмааргүй юм. Миний хар цагааныг хууль ялгана. Надад хийсэн хулгай байхгүй гэж л би хэлсэн. Түүнээс илүү яаж хэлэх юм.

-Зургийн цуглуулга энэ тэр гээд тулгаж асуугаад байсан. Та тодорхой хариулж болоогүй юм уу?

-Зөвхөн зурагтай, цуглуулгатай холбоотой асуудлаар бүтэн цаг гаруй ярьсан надтай хийсэн нэвтрүүлэг бий. Би бүхнийг хангалттай тайлбарласан. “Яаж баяжив” гэж гарчиглаж байгаад над руу дайрдаг сэдэв бүрээр би бичиж тайлбар өгсөн. Миний нүүр ном, жиргээ, baabar.mn дээр бий. Надад нуух юм байхгүй. Хулгай бол миний амьдрал биш. Хулгай хийхгүй амьдрах гэж л бид эрх чөлөөг сонгоо биз дээ. Би эрх чөлөөнд хайртай. Тиймээс би хулгай хийдэггүй.

-Гурван тал, ШХАБ гээд ярихаар зарим хүн Монгол Улсад гадаад бодлого байна уу гэж асуудаг. Таны бодол?

-Монгол Улс байсан цагт гадаад бодлого байж л таарна. Тэр тусмаа өвөрмөц. Манай дарга нарын бодол савласан ч гэсэн Монгол Улс газар зүйн байршлаасаа гартлаа савлах аргагүй юм. Тиймээс хөршөөсөө бид эрх чөлөөгөөрөө, нээлттэй байдлаараа ялгарч явах ёстой. Энэ ялгарлын мөн чанарыг улсын бодлого гээд байгаа юм. Монгол Улсын оршин тогтнох арга ч гээд байгаа юм. Хөрш хоёртойгоо ч ширээний ард сууж чаддаг, бусдын сууж байгаа ширээний ард ч орон зайгаа эзлээд сууж чаддаг л байх хэрэгтэй.

-ШХАБ-д элс гэж Орос, Хятад хоёр тийм ихээр шахаад байдаг юм уу?

-Хэнтэй яаж ярихаа наад хоёр чинь мэднэ. Эрх ашгаа мэддэг, түүн дээр хатуу зогсдог бол ямар ч шахалт цуурай төдий л юм. Эх орондоо хайртай хүнийг дайсан нь хүртэл хүндэлдэг гэж үг бий. Сайн гэрийн эзэгтэй хоёр эрд очдоггүй, сайн төрийн зүтгэлтэн хоёр улсад үйлчилдэггүй гэж ч үг байдаг юм. Монголынхоо төлөө хүнийг эд шахаад яав л гэж.

-Өмнөд Монголд болж буй эх хэлний төлөөх тэмцэлд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээс хамгийн их акц үзүүлсэн нь Та байлаа. Хятад улсаас манай улсад суугаа Элчин сайд манай сонинд өгсөн ярилцлагадаа “Таныг Өмнөд Монгол бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдэг байсан. Албан тушаалаасаа буугаад хоёр нүүртэн болж байна” гэж хэлсэн. Та ийм байр суурь илэрхийлж байсан удаатай юм уу?

-Би тодорхой хариулт өгсөн. Өмнөд Монгол бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэх байр суурь илэрхийлэх шаардлага Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшинд ажиллаж байхад надад лав үүсээгүй. Хятадууд Тайвань бол манай салшгүй нэг хэсэг гэдэг. Монгол Улс албан ёсны бодлогодоо Тайванийг Хятадын салшгүй хэсэг гэж үздэг. Түүнээс биш Өмнөд Монголтой холбоотой асуудал босч ирж байгаагүй. Энэ утгаараа Элчин сайд худлаа хэлсэн. Үүндээ уучлал гуйх ёстой.

-Манай улс 2025 оноос хос бичиг хэрэглэнэ гэж байгаа. Эрдэм шинжилгээний ганц өгүүллэг монгол бичиг дээр байдаггүй биз дээ. Энэ ухралт биш үү?

-Нэг үеэ бодвол манай залуучууд монгол бичгээ сурах нь нэмэгдэж байна. Монголд албан ёсны бодлого бий. Төрсний гэрчилгээ, их дээд сургууль төгссөн диплом, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас гадаад улс орнуудтай харьцах захидал бичгээ монгол бичгээр бичдэг. Монголд албан ёсоор монгол бичгээ хэрэглэх явдал аажмаар урагшилж байна. Энэ ажил үргэлжилж явах ёстой гэж боддог.

-Өмнөд Монголыг кирилл бичигт шилжүүлэх нь зөв гэж боддог уу?

-Наадах чинь бидний асуудал биш. Бид дуртайдаа ч кирилл бичиг аваагүй. монгол хүн Монгол бичигээ хэрэглэдэг байх бол бидний асуудал. Өмнөд Монголд амьдарч байгаа хүүхдүүдийн эрх зөрчигдөөд байгаа юм. Улс төрийн бодлогод хүүхдүүд буруугүй. Хичээл нь ямар хэлээр орно хүүхдүүд тэр хэлээр л сурна. Өмнөд Монголд байгаа багш эцэг эхчүүд яагаад тэмцэл өрнүүлээд байна гэхээр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа хүүхдүүд нь Монголоо алдчих вий гэж эмзэглэсэн учраас эсэргүүцээд байгаа юм. Бид хятад хэлний тухай яриагүй.

Монгол үндэстэн хэв шинжийн хувьд бусад үндэстнээс ялгардаг соёл ахуйн ялгарлыг алга болгох бодлогыг эсэргүүцэж байгаа юм. Монгол бичигтэй холбоотой бодлого л өөрчлөгдсөн юм шиг хэрнээ тэнд монгол үндэстнийг уусган алга болгох өргөн хүрээний бодлого улам эрчтэй явагдаж байгаа. Тэр үгээ хэлж байсан хүүхдүүдийн эцэг эхийг үгээр хэлэхийн аргагүй дарамталж байгаа. Ажлаас нь халж, найдваргүй хүмүүсийн жагсаалт руу оруулж, хэдэн мянгаар нь барьж хорьж байгаа юм. Эдийн засгийн хувьд элдвээр хааж боож байна. Өмнөд монголчуудын тэмцэл зогсоогүй. Аргагүй байдлын улмаас цурманд орно гэдэг шиг доогуураа, дотооддоо шатсаар байгаа юм.

-Зарим хүмүүс таны ярьж байгааг Хятадын дотоод асуудал гэж буруутгадаг.

-Хятадууд үүнийгээ дотоод хэрэг гэж үзэхгүй байгааг Хятадын комминуст намын элит гишүүдийн захидлаас ч харж болно. Дээд шатны нөлөөтэй гишүүд Хятадын комминуст намынхаа удирдлагад захиа бичсэн байна лээ. Тэр захидалдаа монголчуудын хувьд ийм бодлого явуулж болохгүй. Цөөнх үндэстэн хэл соёлоо хөгжүүлэх эрхтэй гэж бид Үндсэн хуульдаа заасан. Үндсэн хууль зөрчсөн бодлого явж байна. Өмнөд Монголыг хоёр дахь Шинжаан болгож болохгүй. Тэднийг шоронд хийж болохгүй. Монголчуудаас уучлалт гуй гэж Хятадын комминуст намын нөлөө бүхий гишүүд шаардаж байна, захиа бичгээр ч байр сууриа илэрхийлж байна.

Монгол Улс эрх чөлөөтэй орон. Бид энэ асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулах ёстой. Монгол хүн л юм бол монгол хүний, монгол үндэстний илэрхийлэл болсон эхийн сүүтэйгээ хөхөж бойжсон соёл уламжлал, хэл бичиг, өвөрмөц ахуй амьдралаа гээж болохгүй. Тэр тусмаа бусад үндэстний түрэмгий түрэлтийн дор. Тэмцэлгүй үндэстэн мөхдөг. Галгүй гэр хөрдөг. Нэг хүний дуу хоолой ч ганцдахгүй. Хэдий Хятад том ч монгол хүн энэ тэмцэлд жижигдэхгүй. Ямар ч үндэстэн үүнийг ойлгоно. Элбэгдорж жижиг ч, монгол хүний төлөө тэмцэлд бол Хятад надад томдохгүй.

-Таны орчуулж тавьсан нийтлэлийг харсан. Энэ тухайд асуумаар байна…

-Хоёр юм хөрвүүлж олонд хүргэсэн. Хятад хүн ингэж бичсэн нь анхаарал татсан. Монгол хэзээ ч Хятадын нэг хэсэг байгаагүй. Харин Евразийг эзэлсэн Монголын тэр том эзэнт гүрний нэг хэсэг нь л Хятад байсан гэж бичсэн байна лээ. Цагаан хэрэм бол Хятадын хойд талын хил. Тэрнээс цааш байгаа нь нүүдэлчдийн газар нутаг. Хэл бичиг, соёл нь ч тэднийх. Бид хятадууд түүнийг хориглох эрхгүй.

Өмнөд монголчууд өөрийнхөө газар дээр өөрийнхөө хэл соёл ахуйгаар амьдарч байгаа улсууд. Соёлоор нь аймаглан устгах бодлого явуулах эрх Хятадад байхгүй гэж хятад хүн хэлж байна. Хятад хүн санаа зовоод явж байхад монгол хүн яагаад үг хэлээ хэлж болохгүй гэж. Монгол хүн монгол хэлээрээ ярьж, монгол бичгээрээ бичиж, морио унаж байвал мөнх тэнгэр шигээ монголчууд бид мөнхөд оршино гэж би боддог. Үүний төлөө зүрхээ сааж, үгээ хэлж байгаа монгол хүн бүрийг би хайрладаг, дэмждэг.

-Таны Си Жиньпинд илгээсэн захидлыг Хятадын элчин сайд цааш нь илгээхгүй гэсэн байна лээ. Одоо хэрхэх вэ?

-Танай сониноор нэг юм түүнд хэлчихье. Миний захидлыг цааш нь хүргэхгүй бол би захидлаа Си Жиньпинтэй өөрөө очиж уулзаж дуудаж өгөх болж байна. Харин миний саналыг даргадаа дамжуулахаа мартав.

Categories
мэдээ нийгэм

С.Чулуун: Дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд сонгодог урлаг, үндэсний урлагаараа өрсөлдөх чадамжийг бий болгоно

Соёлын сайд С.Чулуунтай ярилцлаа.


-Соёлын яам шинээр байгуулагдаад удаагүй байна. Яамны зүгээс соёлын салбарт ямар бодлого барьж ажиллах чигтэй байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Шинээр байгуулагдсан УИХ-аас Засгийн газрыг байгуулахдаа Соёлын яамыг шинээр байгууллаа. Ерөнхий сайд өмнөх Засгийн газрын үед Соёлын яамыг байгуулах бүхий л ажлыг хангасан байсан. Соёлын яам үндсэндээ 24 жилийн дараа бие дааж байгуулагдлаа. Монгол Улсын оршин тогтнох үндэсний дархлаа, өв соёл, соён гэгээрэл урлаг уран бүтээлийг төрийн бодлогын түвшинд бодлого болгон тодорхойлж хэрэгжүүлэх, ард түмэндээ үйлчлэх зорилго бүхий төрийн төв байгууллага.

Манай яамны үндсэн бодлого бол эрх зүйн орчнуудыг баримтлах, эрх зүйн орчныг бий болгох шинээр хууль журам дүрмүүдийг цэгцлэх ажил хийгдэж байна. Намрын чуулганаар гурван хууль хэлэлцэгдэнэ. Соёлын талаар төрөөс баримтлах бодлогоо шинэчлэхээр ажиллаж байна. Соёл урлагийн байгууллагуудын томоохон бүтээн байгуулалт болох Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, үндэсний урлагийн их театр, Үндэсний номын сангийн ажлыг өрнүүлж байна. Энэ жилдээ багтаж 11 давхар Үндэсний номын сангийн барилга ашиглалтад орно. Одоогийн улсын номын сангийн чадамжаас гурав дахин том, олон улсын стандартад нийцсэн номын сан байгуулагдах юм. Ирэх жил Монголын хаад язгууртнуудын музей байгуулагдана. Энэ музей 100 жил Монгол Улсын түүхэнд хийгдээгүй томоохон соёл урлагийн бүтээн байгуулалтын нэг илэрхийлэл. Чингис хааны музей байгуулагдсанаар олон асуудлыг шийдвэрлэнэ.

Нэгдүгээрт, аялал жуулчлалын том төв болно. Хоёрдугаарт, шаардлага хангасан нөхцөлд байдаггүй олон соёлын өвийг стандарт нөхцөлд хадгалах боломж бий болж байгаа. Гуравдугаарт, монголчуудын өв соёл, үүх түүхээрээ бахархаж үндэсний үзлийг төлөвшүүлэх том төв болно. Дөрөвдүгээрт, Чингис хааны музей олон улсын стандартад нийцсэн үзэсгэлэн, үйл ажиллагаа явуулах боломжтой газар болно. Түүнчлэн Байгалийн түүхийн музейн зураг төсөл нь хийгдээд дууссан. Ирэх жилийн хавраас үйл ажиллагаа нь эхэлнэ. Монгол Улс байгаль, түүхийн гайхамшигтай өвт газар. Энэ бүхнийг үзүүлэх боломж Байгалийн түүхийн музейг байгуулснаар бүрдэнэ. Хүмүүсийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх нэг том газар болохоос гадна соён гэгээрлийн төв болох боломжтой. Үндэсний урлагийн их театрын газрын асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар шийдэж, 10 га газрыг чөлөөлж өгсөн.

Зураг төсөл нь хийгдээд дуусчихсан. Зарим тоног төхөөрөмж олон улсын дэмжлэг туслалцаа нь шийдвэрлэгдсэн. Барилгын ажил ирэх хавраас эхлэх төлөвлөгөөтэй. Дөрвөн их бүтээн байгуулалт дуусахаас гадна Төв аймагт археологи угсаатны зүй үндэсний музей лаборатори байгуулагдана. Хөвсгөл нуур дээр Хөвсгөл нуур музей байгуулагдана. Аялал жуулчлалын томоохон төвүүдийг дагасан өв соёлт газруудад энэ ажлууд хийгдэнэ. Мөн урлаг уран бүтээлийн хувьд бид дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд сонгодог урлаг, үндэсний урлагаараа өрсөлдөх чадамжийг бий болгоно. Соёл, урлагийн байгууллагуудын боловсон хүчний чадамжийг дээшлүүлэх ажлууд дээр голлож анхаарна. Түүнчлэн хүүхэд багачуудад зориулсан хүүхэлдэйн театр барих, циркээ засах, хүүхдийн үндэсний номын сан байгуулах зэрэг ажил шат дараатайгаар хэрэгжих юм.

-Цар тахлын үед аялал жуулчлалын салбар хүндхэн байна. Бусад улс орнууд цар тахлын аюул намжаад ирэхээр өөр өөрийн улс руугаа аялагчдыг татах арга хэмжээ авч эхэлж байна. Бидний хувьд өв, соёл түүхээ дэлхийд таниулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?

-Бид зөвхөн аялал жуулчлалын нүдээр өв соёлоо харахгүй байна. Монгол Улс оршин тогтнох дархлаа болгож харж байгаа юм. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл инновацийг бий болгож болно. Эдийн засгийг солонгоруулахад манай яам оролцох ёстой. Соёл урлаг гэдэг заавал бүтээгдэхүүн, үр дүн гэхээсээ илүү оюун санааны соён гэгээрлийн гол цэнэг нь байдаг. Дэлхийд болон бүс нутаг дээр бид өв соёлоо хэрхэн таниулах вэ гэхээр эхлээд өөрийн хадгалалт, хамгаалалтыг бий болгох хэрэгтэй. Өв соёлынхоо бүрэн бүртгэлжүүлэлтийг хийж цахимжуулах хэрэгтэй. Жишээ нь, Өмнөговь аймгийн Ханбогд суманд очоод гар утсандаа татсан аппликэйшнээсээ хайлт хийхэд тэр нутагт байгаа бүх дурсгал таны гар утсан дээр гарч ирэх юм. Монгол Улсын бүх дурсгалуудыг системд оруулна. Бид цахим соёлын өв гэдэг хөтөлбөрийг эхлүүлсэн. Emongolia хөтөлбөрийн хүрээнд цахим соёлын өв хэрэгжинэ. Түүнчлэн соёл урлагийн бүх байгууллагуудыг цахимжуулна. Гэртээ байхдаа цахимаар урлагийн тоглолт үзэх, тасалбар захиалах системийг бий болгож өгнө. Музей, уран зургийн галерей бусад зүйлсийг виртуал музейгээр олон улсын түвшинд хэрэглэгдэж байгаа системийг ашиглана. Мэдээж бид олон улсын томоохон нөлөө бүхий газруудад түүх соёлын дурсгалаараа үзэсгэлэн гаргах хэрэгтэй. Ингэснээр Монгол Улсаа сурталчилж байна. Нөгөө талаас дэлхийд өв соёлоо таниулахаас гадна үүнийг дагаад хөрөнгө санхүү босгох бусад сэргээн засварлалт, боловсон хүчнээ бэлтгэх бололцоо бий болж байгаа. Бид дэлхийд урлаг уран бүтээлчдээ, өв соёлын үнэт зүйлээ гаргах хэрэгтэй. Монгол нутагтаа энэ бүх дата бааз сан хөмрөг үндсэн сууриа системтэй тавьж өгөх нь зүйтэй. Өмнө нь би хүрээлэнгийн захирал байхдаа соёлын өвийн бүртгэл, дата баазын тухай 70,80 хувьтай хийчихсэн ажил бий. Үүнийг цааш нь үргэлжлүүлэн явуулна гэж бодож байна.

-Та түүхч хүн. Ер нь Чингисийн үеийн биет соёлоос манайд байдаг юм уу?

-Чингис хааны музей баригдахад олон хүн энэ асуудал дээр эргэлзэж байгаа юм. Монгол Улс бол Чингис хааны өлгий нутаг. Чингис хааны унасан газар, угаасан ус Монгол нутагт байна. Бурхан халдун уул гэх өв соёл бидэнд байна. Эзэнт гүрний үеийн хаад язгууртны үеийн булш илрээгүй. Би битгий илрээсэй гэж боддог хүн. Энэ цаг үед илэрч алдагдах вий дээ гэж бодож байна. Эцэг өвгөд маань нээх цагийг нь хүлээлгэж байгаа. Судлаачид язгууртнуудын булш хаана байгааг бараг барагцаална. Янз бүрийн судалгаа явуулаад хадгалж хамгаалж чадахгүй болж магадгүй. Дээрээс нь хууль бус археологийн малтлага судалгаа хийж хулгайчдын гарт алдах аюултай. Эзэнт гүрэн Юань улс, Монголын Чингис хааны үе болон түүний дараах удам хойчийнх нь дурсгал хангалттай бий. Бид дурсгалуудаасаа дөнгөж 30-хан хувийг нь тавина. Чингис болон Монголын эзэнт гүрний үеийн 5000 орчим дурсгал бодитой биетээр тавигдана. Одоо фонд зориулалтын бус газар асар олон Монголын архелогичдын хагас зуун жил малтаж судалсан судалгаанууд ч бий. Бидний олж цуглуулсан, сэргээн засварласан дурсгалууд ч байна. Тэр бүх зүйл маань ард түмний нүдэн дээр тавигдах нь зүйтэй. Чингис хаан Монголын төдийгүй дэлхийн хаан. Дэлхийн улс орнуудын номын санд хадгалагдаж байгаа албан ёсны зөвшөөрөлтэй зүйлсийг ч Монголд тавих хэрэгтэй. Энэ бол нийт музейн үзмэрийн 16 хувьд багтаж байна. Монгол Улсын газар нутаг анхны төрт улсаасаа хойш бидний өвөг дээдэс бидэнд үлдээхдээ ямар замаар, ямар хаад язгууртнуудын үйл хэргээр өнөөдөр Монголд ирснийг харуулж байгаа юм. Түүнчлэн орчин үеийн техник технологийн контентуудыг хэрэглэнэ. Музейд хүүхдэд зориулсан 250 хүний суудалтай кино театр баригдана. Энэ музейд хүүхэд залуучууд, эцэг эхчүүд, ахмад настнууд бүгд чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар болно. Тийм ч учраас би есдүгээр сарын 1-нд бүх музейг хүүхдүүдэд үнэгүй болгосон. Өв соёлдоо чөлөөтэй орж гардаг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг,танин мэддэг газар байх ёстой. Үүнийг эсэргүүцээд байгаа хүмүүсийг гайхаад байгаа юм. Музей гэдэг хадгалдаг газар биш. Танин мэдүүлдэг, сургадаг, хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөдөг газар байх ёстой. Хүүхдийнхээ тархинд бид хөрөнгө оруулалт хийх ёстой. Ингэж байж хожим өнөөгийн гэмтсэн сэтгэлгээтэй хүмүүсээс тэс өөр хүмүүс болно.

-Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс Хүннү гүрний нийслэл Луут хотыг нээн илрүүлсэн. Соёлын өвд Луут хот хамаарна биз дээ.Энэ хот бидний дэлхийд гайхуулах өв соёл болох уу?

-Монгол олон эзэнт гүрэнг байгуулсан улс. Хүннү, Сяньби, Жужан зэрэг дандаа эзэнт гүрэн. Хүн төрөлхтөнд нөлөө үзүүлж, газар нутаг, үлдээсэн түүхэн ач холбогдол зэргээрээ Монголын эзэнт гүрэн дотор Хүннү, Монголын эзэнт гүрэн хоёр хамгийн хүчтэй. Хүннүг монголчуудын дээдэс гэж үзэж байгаа. 2000 жилийн тэртээ хүннүчүүд энэ газар нутаг дээр төрт улсаа эмхэлж, тэр төрт улс тасралтгүй явсаар эзэн Чингис хааны үед хүрсэн. Чингис хаан Хүннүгийн үеэс төрт улсаа авч яваа гэдгээ хэлсэн байдаг. Хүннүг зөвхөн нүүдэллэдэг ард түмэн байсан гэж үзэхээсээ илүү төрт улсынхаа хэв шинжийг бүрэн хадгалсан байсан гэдгийг илэрхийлж байгаа нь нийслэл хотууд байгаа юм. Хүннүгийн хотууд шинээр олдож байгаа юу гэвэл үгүй. Өмнө нь олон хот олдсон. Хэрлэн голын савд өвөл, хавар,намар, зуны хотууд илрээд малтаад судлаад явчихсан. Луут хот Орхон Хануйн хөндийн цогцолборт байна. Энд хүннүгийн олон дурсгал байна. Язгууртнуудаас эхлээд жирийн иргэдийн булш, тахилгын газар, одоо хот нь олдож байгаа юм. Энэ хотын онцлог эхний туршиц судалгаагаар хотоос олдсон барилгын материал дээр Тэнгэрийн хүү Шаньюй гэсэн үг байгаа юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон чиглэлд сав нутгийг түшиглэсэн Төв Азийн нүүдэлчдийн голомт цогцолборуудыг байгуулна гэж байгаа. Үүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Бид асар олон зүйлийг судалдаг. Судлаад харин дараагийн ажлаа хийдэггүй. Тэгэхээр энэ бүх зүйлээ амьд харилцаанд оруулах ёстой. Саяхан бид түүхэн дурсгалт газруудтай танилцлаа. Судлаачдын үр дүн ч гарлаа. Харин хэрхэн инноваци бүтээгдэхүүн аялал жуулчлалын цогцолбор байгуулах вэ гэдэг манай яамны нэг л чиглэл. Урлаг, соёл, түүх гэдэг салшгүй уялдаатай.

Хэрвээ монгол хүн энэ бүхнийг бүрэн ойлгож, танин мэдэж эхлэх юм бол оюун санааны хувьд бүрэн дархлаатай болно. Оюун санааны хувьд дархлаатай хүн хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй. Үндэстний оршин тогтнох цөм нь Соёлын яамтай бодлого болж явна.

-Соёлын яам соён гэгээрэл, урлаг, уран бүтээл, соёлын өвийн асуудал гэсэн үндсэн гурван чиглэлд анхаарч ажиллана гэсэн. Соён гэгээрлийн нэгээхэн хэсэг нь үндэсний контент болов уу. Үнэн зөв үндэсний контент хиймээр байна гэж байна.Сүүлийн үеийн контентууд дээр шүүмжлэл их анзаарагддаг. Манай сүүлийн үеийн контентуудыг та хэрхэн үнэлж дүгнэж сууна вэ?

-Хэвлэл мэдээллийн яам нь манай яам гэж боддог. Та бүхний үндсэн зорилго бол хэвлэл мэдээллийн гол контентууд өв соёл өөрсдийн онцлог амьдралын хэв маяг өөрсдийн урлаг соёлоо сурталчилах. Үндэсний контентуудыг их системтэйгээр явуулмаар байгаа юм. Солонгос, Хятад шиг яагаад нэгдсэн системтэй явахгүй байна гэхээр нэгдсэн бодлого байхгүй. Одоо контентууд дээр тусгай бие даасан мэргэжилтэн гаргаад нүүдлийн соёл иргэншил дээр ямар контентууд явуулах юм, ардын урлаг өв соёл дээр ямар контент явуулах юм гэдгээ системтэй болгох ёстой. Тэр контентуудаа Монголдоо цацах, бүс нутагт цацах, дэлхийд цацах гээд өөр өөр байна. Япон, Солонгос, Польш улсууд дэлхийд чиглэсэн үндэсний контентуудыг маш сайн явуулдаг. Узбекүүд пловоо ЮНЕСКО-д бүртгүүлээд тэр нь дэлхийд брэнд болж харагдаж байгаа биз дээ.

-Манайх үүнтэй адил дэлхийд брэндтэй болох хэрэгтэй юм биш үү?

-Манайх дэлхийн брэндтэй болох ёстой. Түүнийгээ бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлээд орхидог үхмэл байдлаасаа салах ёстой. Бүртгүүлснийхээ дараа жинхэнэ ажил хийх ёстой юм. Бурхан халдун, Орхоны хөндий, Алтай хадны зургийг ЮНЕСКО-д бүртгүүлчихээд одоо л захиргаагаа байгуулж байна гэхээр харамсалтай. Хадгалах, хамгаалах, танин мэдэх, түгээн дэлгэрүүлэх, үр дүнг нь хүртэх гээд бүхэл бүтэн системээр нь явах ёстой. Судлах бол нэг асуудал. Хамгийн гол нь түгээн дэлгэрүүлж хүмүүст хүргэх шаардлагатай.

-Манай улс 2025 оноос монгол бичигийг хос бичиг болгож хэрэглэж эхэлнэ. Өмнөд Монголд болж байгаа эх хэлний төлөөх тэмцлийн талаарх байр суурийг тань сонирхмоор байна?

-Монгол бичиг үндэстний нэгдлийн толь. Монгол бичгийн талаар манай яаманд хариуцсан тусгай мэргэжилтэн ажиллаж байна.Бид үндэсний хэлний зөвлөлтэй хамтарч ажиллана. Монголчууд бичиг үсгээ сэргээх, монгол бичиг рүүгээ орох, хос бичигтэн болох зам руу явна. Монгол бичгийг хэрэглээ болгох шаардлага үүссэн. Хэрэглээ болгож чадахгүй байгаа учраас бид их хол хөндий байгаа юм.

-“Монголын нууц товчоо”-ны эх хувь хаана байдаг вэ?

-“Монголын нууц товчоо”-ны эх хувь нь Тайваньд байдаг. Монголын нууц товчооны 280 зүйлийн 200 гаруй зүйлийг нь багтаасан алдарт “Алтан тов”ч Монгол Улсад байгаа. “Алтан товч” илэрч олдсоноор “Монголын нууц товчоо” монголоор байсан нь тодорхой болсон. Түүнчлэн “Монголын нууц товчоо”-ны 780 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнд зориулж томоохон арга хэмжээнүүд хийхээр төлөвлөсөн. “Монголын нууц товчоо” дэлхийн 30 гаруй хэл дээр хэвлэгдлээ. Ер нь Монголын нууц товчоо бол Монголын дэлхий дахинд түгээсэн библь гэсэн үг.

Categories
мэдээ цаг-үе

О.Мөнхсайхан: Ерөнхийлөгчийн институцийн зүгээс тодорхой хэрэг, маргаанд зүй бусаар нөлөөлөх бодит эрсдэл байгааг хуулиар хаах хэрэгтэй

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.


-Ойрд ямар сэдвээр судалгаа хийж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Миний хувьд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хичээлээ заахын зэрэгцээ судалгаа хийж, түүнийхээ үр дүнгээр хууль зүйн салбарын асуудал шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахыг хичээдэг. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 40 гаран хууль шинэчлэгдэж батлагдана. Эдгээр шинэ хуулиас өөрийн судалдаг чиглэлийн хуулиа хэрхэн гарах хэрэгтэй талаар судалж байна. Жишээлбэл, МУИС-ийн хуульд “Шүүхийн эрх зүй” гэж хичээл зааж энэ чиглэлээр 4 ном дангаар болон хамтран хэвлүүлсэн судлаачийн хувьд шүүхийн тухай хуулийн шинэчлэлд анхаарч байна. ХЗДХЯ-аас Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулж эхний хувилбараа 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр вэб сайтдаа тавьсан тул энэ төслийг бүтэн сар орчим судлаад дэлгэрэнгүй саналаа хүргүүлснээс заримыг нь Ажлын хэсэг төсөлдөө тусгасанд талархаж байгаа. Энэ саналаа 200-аад хуудастай цахим ном болгон Нээлттэй нийгэм форумын вэбсайтад хэвлүүлсэн. Засгийн газраас Шүүхийн тухай хуулийн төслийг эцэслээд 2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд УИХ-д өргөн барьсан. Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийн болон Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга хариуцлагын тухай хуулийн гэх хоёр төслийг 2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд өргөн барьсан. Ерөнхийлөгчийн зүгээс энэ төслөө нийтэд хангалттай хугацаанд танилцуулж санал аваагүйгээс өргөн барихаас нь өмнө саналаа хүргүүлэх боломж олдоогүй. Иймээс, зуны амралтын дараа судалгаа хийж Засгийн газраас болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслүүдийн заалтуудаас аль нь сайн, аль нь засаж залруулах, хасах, өөрчлөх хэрэгтэй вэ гэдийг санал болгож, үндэслэлээ бичиж дуусаад байна. Энэхүү хоёрдахь удаагийн дэлгэрэнгүй санал маань Стратеги академийн сэтгүүлд 90 хуудас болж хэвлэгдсэн. Шүүхийн тухай хуулийн төслийн талаарх саналаа боловсруулахдаа уг төсөл Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцсэн эсэх, манайд шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагатай холбоотой асуудлыг зохистой шийдсэн эсэх, олон улсын сайн туршлагыг Монголын онцлогт тохируулан харгалзсан эсэхийг судалсан.

-Таны саналаа өгсөн Шүүхийн тухай хуулийн төслийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Сүүлийн жилүүдэд Шүүхтэй холбоотой маргаан их гарч байна. Аливаа нэг хэрэг маргаан шударга бусын хонгилоор орж, хүмүүсийг хэлмэгдүүлж байна гэх болсон. Шүүх бие даасан, шүүгч бүр өөрийн гэсэн толгойтой байж, улс төрөөс хараат бус ажиллахад ямар зохицуулалтыг тусгах ёстой юм бэ?

-Ихээхэн мөнгөн дүнтэй эсвэл улс төрийн том ашиг сонирхлыг хөндсөн маргааныг шийдэхэд зөвхөн хууль, нотлох баримтаар биш, харин улс төрийн болон бусад зүй бус нөлөө орох эрсдэл байгааг “шударга бусын хонгил” гэж улс төрийн хэллэгээр хэлж байгаа гэж ойлгодог.

Энэ утгаар үнэхээр ийм эрсдэл байгаа. Зарим тодорхой хэргийг шийдэж байгаа байдал, тэр шийдвэр гаргаж байгаа цаг момент зэргээс ийм эрсдэл байна гэж хардах хүмүүс байна. Үүнээс гадна олон улсын судалгаанаас иймэрхүү дүр зураг ч харагддаг. Жишээлбэл, Дэлхийн өрсөлдөх чадварын индексийн хүрээнд 140 гаруй улс дахь шүүхийн хараат бус байдлыг үнэлж жил бүр эрэмбэлдэг. Манай Улсын хувьд 2011 онд 2.6 үнэлгээ авч 122-т жагсаж байсан ч уг үнэлгээ баг багаар нэмэгдэж 2016 онд гэхэд 3.2 үнэлгээ авч 100-д жагссан. Гэвч, 2017 ондоо 3 үнэлгээ авч 110-т, 2018 онд 2.8 үнэлгээ авч 113-т, 2019 онд 2.6 үнэлгээ авч 120-т жагсаж буурч байна. Шүүхийн хараат бус байдлын энэ судалгааг бизнес эрхэлж байгаа хүмүүсээс авч дүгнэдэг. Тэгэхээр бизнес эрхлэгчид өөрсөдтэй нь холбоотой маргаан шударгаар шийдэгдэж байгаа дээр тун хангалтгүй байна.

2012 оны Шүүхийн багц хуулиар шүүхийг дагнаж байгуулсан, ШЕЗ-ийг Дээд шүүхээс тусад нь байгуулж, түүний бүрэлдэхүүнийг орон тооны болгосон, шүүхийн эдийн засгийн баталгааны заалтыг хуульчилсан зэрэг ахицтай зүйлс хийгдсэн. Гэхдээ тэр үеийн шинэчлэл амлаж байсан улс төрийн амлалтдаа хүрч чадаагүй. Нэгд, Шүүхийн тухай багц хуулийг батлах явцад Ерөнхийлөгч дээр хэт төвлөрсөн эрх мэдлийг задлах бус, харин ч ШЕЗ-ийн дарга, гишүүнийг батлах бүрэн эрхийг өгөх зэргээр илүү төвлөрүүлчихсэн. Хоёрт, 2014, 2015 онд шүүхийг шинэчлэн зохион байгуулахтай холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг чөлөөлчихөөд буцаан томилохдоо 13 шүүгчийг томилолгүй үлдээчихсэн, маш олон шүүгчийг өөрсдөөс нь санал авахгүй өөр тийшээ шилжүүлэн томилсон нь шүүгчийн хараат бус байдлын ноцтой зөрчил болсон ч өнөөг хүртэл бүрэн шийдвэрлэгдэж чадаагүй байна. Гуравт, Шүүхийн тухай багц хуулийн амин сүнс болсон заалтууд нэг нэгээрээ Цэц дээр болон УИХ дээр хүчингүй болсон. Цэцийн шийдвэрийн зарим нь Үндсэн хуулийг эргэлзээтэй байдлаар тайлбарласнаас гарсан, харин УИХ бол бодлогын хувьд ухралт хийсэн. Жишээлбэл, шүүхийн үйл ажиллагааны төсвийг болон шүүгчийн цалин хөлсийн хэмжээг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглосон заалтыг 2015 онд УИХ хүчингүй болгосон. Дөрөвт, зарим талаар шүүхийн шинэтгэлийн амин сүнсийг ойлгож хэрэгжүүлэх эсэхэд эргэлзээтэй хүмүүсийг томилсон. Жишээлбэл, гэмт хэрэг мөрдөн шалгах явцад хяналт тавьдаг УЕП-оор нэгэн улстөрчийг томилсон, дараа нь цагдааг томилж, прокурорыг цагдаажуулсан. Цэцийн гишүүнээр хууль зүйн дээд боловсролгүй хүнийг нэр дэвшүүлж томилуулсан. Энэ мэтээс болж 2012 оны шүүхийн шинэчлэл хүлээгдэж байсан үр дүнгээ өгөөгүй.

-Шударга бусын хонгил гэх зүйл юунаас болж үүсчихэв?

-1992 оны Үндсэн хуулийн 33.4-д Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно гэж заасан байсан. Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид багшийн “Төр ба эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал” номонд бичсэнээр энэ заалт нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн хүрээнд түүнийг нарийвчлан журамласан тодорхой бүрэн эрхийг л хуульд заах үзэл баримтлалтай. Гэтэл өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн 33.4 энэ үзэл баримтлалаараа хэрэгжээгүй. Ерөнхийлөгчийн хууль санаачлах, хориг тавих, ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчдийг томилох, Дээд шүүхийн санал болгосноор Ерөнхий шүүгчийг нь томилох зэрэг үндсэн бүрэн эрхийг Үндсэн хуулиар ерөнхийлөгчид олгосон. Үүнээс гадуур Үндсэн хуульд үндсэн бүрэн эрх болгож болгож зааж өгөөгүй маш олон үндсэн гэж хэлж болохоор бүрэн эрхийг хуулиар нэмээд өгч ирсэн. Тухайлбал, 1993 онд шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх, Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн нь өнөөдөр хүртэл хэрэгжиж байгаа. Ийм бүрэн эрхийг Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар огт олгогдоогүй. 2002 оноос хойш сахилгын зөрчил гаргасан шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэгтэй Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог болсон. Энэ мөн Үндсэн хуульд заагаагүй хэрнээ өнөөдрийг хүртэл дараагийн хуульд нь суугаад хэрэгжээд явж байгаа. 2006 онд АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн нь мөн л Үндсэн хуульд буй хүрээнээс хальсан явдал. 2012 онд ШЕЗ-ийн дарга, гишүүдийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог болсон. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч шүүгчдийг томилоод зогсохгүй тэдгээрийг хуульчдаас шилж олох чиг үүрэгтэй ШЕЗ-ийг томилдог болсон нь шүүгчийн томилгоонд түүний зүгээс хэт нөлөөтэй болсон. 2019 онд ҮАБЗ-өөс зөвлөмж гарвал ямар ч үндэслэл дурдахгүйгээр шүүгчийг хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах бүрэн эрхийг өгөөд байгаа. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг ч ямар ч үндэслэл дурдахгүйгээр ҮАБЗ-ийн зөвлөмжөөр дуусгавар болгодог болсон. ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч тэргүүлдэг, Ажлын албыг нь томилж удирддаг. Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхэд хамаарахгүй маш олон ийм бүрэн эрхийг хэтрүүлж өгснөөс болж Ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл төвлөрч төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл алдагдахад хүрсэн. Жишээлбэл, авлигын гэмт хэргийг шалгах үүрэгтэй АТГ-ын удирдлагыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлдэг, тэр гэмт хэргийг шалгаж байгаа процесс хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч томилж байна. Дээрээс нь тэр маргааныг шийддэг шүүгч, ерөнхий шүүгчдийг томилох, хариуцлага тооцоход Ерөнхийлөгч маш нөлөөтэй. Энэ нөхцөлд олон нийтийн хардаж хэлээд байгаа шиг тодорхой хэрэг, маргаанд Ерөнхийлөгчийн институцийн зүгээс зүй бусаар нөлөөлөх бодитой эрсдэл бий. Эрх мэдэл ингэж хэт төвлөрсөн байгаа нь шударга бусын хонгил гэх эрсдэлийг үүсгэж, Үндсэн хууль зөрчдөг. Парламентын засаглалтай улсад Ерөнхийлөгчид ийм олон бүрэн эрх өгдөггүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн шүүхтэй холбоотой бүрэн эрхэд нэлээд өөрчлөлт орсон гэж ойлгодог.

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 1992 оны Үндсэн хуульд заасан 33.4 дэх заалтын уг үзэл баримтлалыг тодотгож “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан. 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн УИХ-ын хоёрдугаар тогтоолд Ерөнхийлөгчид Үндсэн хуульд заагаагүй бүрэн эрхийг өгч болохгүй гэж илүү бататгаад орчихсон. Энэ бол хонгилыг нураах гол түлхүүрүүдийн нэг.

-Одоо өргөн барьсан шүүхийн тухай хуулийн төслүүдэд Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэрхэн тусгагдсан бэ?

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн хувьд Үндсэн хуулийн 33.4-т заасан Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн хүрээнээс хальсан бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн заалт маш олон байна. Жишээлбэл, Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилно гэж заажээ. Засгийн газрын төсөлд ингэж олгоогүй, харин тухайн шүүх бүрийн шүүгчид нь дотроосоо ерөнхий шүүгчээ сонгоно гэж орсон нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон олон улсын сайн туршлагад нийцсэн заалт. Манай улсад ерөнхий шүүгчид хуулиар маш их эрх мэдэл өгсөн нь өөрөө шударга бусын хонгил гэж хэлээд байгаа эрсдэлийг үүсгэх өөр нэг шалтгаан нь. 2012 оны Шүүхийн тухай хууль төдийгүй одоо өргөн барьсан төслүүдээр ч тэр ерөнхий шүүгч хүссэн хуралдаанаа даргалах боломжтой зохицуулалт байна. Дээд шүүхийн ерөнхий шүүгч танхимын бүрэлдэхүүнийг баталдаг, шүүх бүрэлдэхүүнийг томилоход нөлөөтэй. Дээд шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн шүүгч маргааны харьяалал шийдвэрлэх, давж заалдах шатны ерөнхий шүүгч танхим харгалзахгүйгээр шүүн таслах ажиллагаанд оролцох гэх мэт заалтууд хэвээр байна. Шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх ийм давуу эрхийг Ерөнхий шүүгч эдэлж болохгүй. Ерөнхий шүүгчийн давуу эрхүүдийг бүгдийг нь хасах ёстой. Үндсэн хууль шүүгчийн хараат бус байдлын үзэл баримтлалаар ерөнхий шүүгч гэдэг бол шүүн таслах ажил дээр бусад шүүгчтэй яг адилхан эрх мэдэлтэй байх ёстой. Ийм хэт эрх мэдэлтэй ерөнхий шүүгчийг бүгдийг нь дахиад Ерөнхийлөгч томилдог болох юм бол энэ томилгоогоороо дамжуулан шүүхийн тодорхой шийдвэрт нөлөөлөх эрсдэл арилахгүй. Үүний оронд тухайн шүүхийн шүүгчид дотроосоо ерөнхий шүүгчээс сонгодог байх ёстой. Ингэхээр шүүгчдэд нэг субьектээс нөлөөлөх боломж нь багасчихаж байгаа юм.

-Үндсэн хуулийн 33.4-т заасныг зөрчиж Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн хүрээнээс хальсан бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн өөр заалт байна уу?

-Ерөнхийлөгчийн төсөлд шүүгчийг чөлөөлөх, огцруулах эрхийг Ерөнхийлөгчид олгосон байна. Үндсэн хуулиар энэ бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгөөгүй. Засгийн газрын төсөлд ямар нэгэн албан тушаалтан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд оролцохгүй байхаар сайн зохицуулалт Засгийн газрын төсөлд тусгасан байна.

Тодруулбал, ШЕЗ болон Сахилгын хорооны орон тооны гишүүнээр сонгогдсоноор шүүгчийн бүрэн эрх нь түдгэлзсэнд тооцогдох бөгөөд дараагийн гишүүн сонгогдсоноор бүрэн эрх нь сэргэнэ гэжээ. Мөн, Засгийн газрын төсөлд “ШЕЗ шүүгчийг сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үндэслэлээр түдгэлзүүлэх,” уул “үндэслэл арилсан бол бүрэн эрхийг сэргээнэ” гэсэн байна. Үүнтэй адилхан өөрийнх нь буруутай холбоогүй үндэслэлээр, тухайлбал чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, шилжсэн, томилогдсон, сонгогдсон бол шүүгчийг чөлөөлөх асуудлыг ШЕЗ шийдэхээр хуульчлах нь шүүгчийн хараат бус байдалд илүү нийцнэ. Учир нь, ШЕЗ шүүгчдээсээ сонгогдсон тав, бусад нээлттэйгээр нэр дэвшүүлж томилогдсон тав, даргаа дотроосоо сонгосон тал талын төлөөлөлтэй төдийгүй ШЕЗ-ийн шийдвэр нь захиргааны шүүхийн хяналтад байдаг. Түүнчлэн, Засгийн газар, Ерөнхийлөгчийн төслийн аль алинд нь Үндсэн хуулийн 33.4-ийг ноцтой зөрчиж байгаа нийтлэг нэг зүйл байна. Энэ нь ШЕЗ-ийн нэг гишүүнийг, Шүүхийн сахилгын хорооны гурван гишүүнийг Ерөнхийлөгч санал болгохоор Ерөнхийлөгчийн төсөлд биччихсэн. Засгийн газрын төсөлд ШЕЗ-ийн гишүүний нэг, шүүхийн сахилгын хорооны нэг гишүүнийг тус тус Ерөнхийлөгч томилохоор биччихсэн. Энэ бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгч болохгүй. Ингэж хэлэхээр зарим нэг шүүмжлэл гарч буй нь үндэслэлгүй.

-Тухайлбал ямар шүүмжлэл гарч байна вэ?

-Нэгд, Ерөнхийлөгчийн оролцоог бүрмөсөн алга болгох гээд байна гэж байгаа юм. Гэтэл Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн хүрээнд гурван үндсэн бүрэн эрх эдлэхийг Үндсэн хуульд маш тодорхой заасан, түүнийгээ л хэрэгжүүлнэ. Тодруулбал, Дээд шүүхийн санал болгосноор түүний ерөнхий шүүгчийг, УИХ-тай зөвшилцөж Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг тус тус томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэх нь хэвээрээ байгаа. Мөн, шүүхийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгч ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчийг томилж оролцож байгаа нь ч өөрчлөгдөөгүй. Тэгэхээр Ерөнхийлөгчийн оролцоог огт байхгүй болгож байна гэх нь утгагүй. Хоёрт, ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг томилох, санал болгох бүрэн эрхийг Ерөнхийлөгч эдлэх ёстой, энэ нь Үндсэн хуулийн шүүгчийг томилох 51 дүгээр зүйлд заасан бүрэн эрх дотроос урган гарч байгаа юм гэж хэлээд байгаа юм. Ийм зүйл бол огт байхгүй. Үндсэн хуулийн 51-т ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчийг Ерөнхийлөгч томилно гэж заасан бөгөөд ШЕЗ-ийг Ерөнхийлөгч томилно гэх зүйл Үндсэн хуулийн аль ч заалтад байхгүй. Энэ бол Ерөнхийлөгчийн асуудал биш. Хуульчдаас шүүгчийг шилж олох ШЕЗ-ийг Ерөнхийлөгч өөрөө байгуулалцаад, түүнээс санал болгосон хүнийг Ерөнхийлөгч өөрөө шүүгчээр томилно гэдэг бол уг томилгоог Ерөнхийлөгчөөс хэт хамааралтай болгоно. Ийм байх байсан бол Үндсэн хуулиар ШЕЗ-ийг тусгайлан байгуулахгүй байсан төдийгүй энэ нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй илт зөрчилдөнө.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх бэ?

-ШЕЗ болон Сахилгын хорооны бүрдүүлэхэд Ерөнхийлөгч ерөөс оролцож болохгүй гэх үзэл баримтлалтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан. Үндсэн бүрэн эрхээс нь гадуур эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгч болохгүй гэж Үндсэн хуулийн 33.4-т тодруулан шинээр заасан гэж түрүүн тайлбарласан. Үүнээс гадна 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 49.5-т ШЕЗ-ийн таван гишүүнийг шүүгч дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилох бөгөөд тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар нэг удаа ажиллана, даргаа дотроосоо сонгоно гэж заасан. Шүүгч нь давамгайлаад ирэхээр явцуу ашиг сонирхлыг илүү баримтлаад хариуцлагыг нь сулруулах эрсдэлтэй. Шүүгчийг нь цөөлчих юм бол шүүгчийн хараат бус байдал руу халдах магадлалтай. Тиймээс шүүгч болон шүүгч бус гишүүнийг тэнцүү байхаар Үндсэн хуульд заасан нь хараат бус байдал болон хариуцлагын тэнцвэрийг олж байгаа юм. Даргаа дотроосоо сонгож байгаа нь ШЕЗ-ийн бие даасан байдлыг хангахад тустай. ШЕЗ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах зорилготой учраас өөрөө бас харьцангуй бие даасан байх зарчимтай.

-УИХ-д өргөн баригдсан төслүүдэд ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэхээр тусгасан байна вэ?

-ШЕЗ-ийн шүүгч болон шүүгч биш гишүүдийг бүрдүүлэх талаарх төслийн заалтууд Үндсэн хуульд нийцсэн эсэхийг тус тусад нь ярья. ШЕЗ-ийн шүүгч гишүүнийг сонгоход баримтлах гурван шаардлага Үндсэн хуулийн 49.5-д агуулагддаг. Нэгд, ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг Монгол Улсын шүүхийн нийт шүүгчдийг багтаасан бүрэлдэхүүнээс шүүгч гишүүнийг сонгох агуулгатай бөгөөд ингэхдээ шүүгчид биечлэн, цахимаар, шуудангаар гэх мэт аргаар саналаа өгөх боломжтой. Ийм агуулга Ерөнхийлөгчийн төсөлд туссан ч Засгийн газрын төслөөр Дээд шүүхийн шүүгчид дээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн олонхыг багтаасан Шүүгчдийн зөвлөл ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг сонгохоор заасан нь шүүгчдийг ялгаварлан гадуурхаад зогсохгүй Үндсэн хуулийн 49.5-ийг зөрчдөг.

Монгол Улсын бүх шүүгч ШЕЗ-ийн гишүүнийг сонгоход оролцох ёстой. Хоёрт, Үндсэн хуулийн 49.5-д зааснаар шүүгчид ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг УИХ зэрэг аливаа этгээдэд санал болгох бус, харин дотроосоо шууд сонгох ёстой. Энэ шаардлагыг Засгийн газар төсөл хангаж байна. Гэтэл, Ерөнхийлөгчийн төслөөр шүүгчид өөрсдөө ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг шууд сонгохгүй, харин УИХ-д санал болгож томилуулна гээд оруулчихсан. Гуравт, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх тухай УИХ-ын 2020 оны 2 дугаар тогтоолд гурван шатны шүүх тус бүрийн шүүгчдийн тэнцвэртэй төлөөллийг ШЕЗ-д хувь тэнцүүлэн оруулахаар заасан. Энэ нь аль шатны шүүхэд хэр олон шүүгч ажиллаж байгаатай хувь тэнцүүлж хуваарилна гэдэг санаа. Шүүгч таван гишүүний олонх анхан шатны шүүгчдээс сонгогдох ёстой. Засгийн газрын төсөлд ийм шаардлага тавиагүй. Харин, Ерөнхийлөгчийн төслөөр анхан шатны шүүхийн шүүгч гурав, хяналтын шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүгч тус бүр нэгийг ШЕЗ-д оруулахаар заасан нь зүйтэй. ШЕЗ-ийн шүүгч гишүүдийг бүрдүүлэхдээ Үндсэн хуульдаа энэ мэтээр нийцүүлж оруулах ёстой.

-Төслүүдэд ШЕЗ-ийн шүүгч биш гишүүдийг хэрхэн сонгон шалгаруулж томилохоор байгаа бол?

ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг бүрдүүлэх талаар төслүүдийн заалтыг авч үзье. Засгийн газрын төсөлд ШЕЗ-ийн арван гишүүний шүүгч биш, таван гишүүнийг хууль зүйн байнгын хороо гурав, Ерөнхийлөгч болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тус бүр нэг хүнийг нээлттэй сонгон шалгаруулж томилно гээд орчихсон. Ерөнхийлөгчийн төсөлд шүүгч биш, таван гишүүний нэгийг Ерөнхийлөгч, нэгийг нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гурвыг нь хуульчдын холбоо санал болгож УИХ томилгооны сонсгол хийж томилно гээд заачихсан. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг хэрхэн сонгох талаар Үндсэн хуулийн үзэл баримтлалд гурван шаардлага бийд төслүүдийг нийцүүлэх хэрэгтэй. Нэгд, ШЕЗ-ийн гишүүнийг Ерөнхийлөгч санал болгох, томилох зэргээр оролцохыг Үндсэн хууль 33.4 хориглодог. Төслүүдийн аль алинд нь Ерөнхийлөгч оролцохоор болчихсон байгаагаас татгалзах хэрэгтэй. Хоёрт, Үндсэн хуулийн 49.5-д ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг “нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно” гэж заасны үзэл баримтлалыг УИХ-ын 2020 оны 2 дугаар тогтоолд “ШЕЗ-ийн бие даасан, хараат бус, тогтвортой байдлыг хангах зорилгоор түүний бүрэлдэхүүний …бусад таван гишүүнийг бусад институциэс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох”-оор заасан. Өөрөөр хэлбэл, шаардлага хангасан хэн ч чөлөөтэй нэрээ дэвшүүлэх, улмаар тэдгээр нэр дэвшигчээс шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг сонгон шалгаруулж гаргаж ирэх, энэхүү сонгон шалгаруулалтад шүүхээс бусад институцийн тэнцвэртэй оролцоог хангана гэсэн агуулгатай. Үндсэн хуулийн энэ гурван шаардлагыг хамгийн сайн хангах, олон улсын сайн туршлагад нийцсэн, Ерөнхийлөгчийн оролцоогүйгээр олон янзын бодлогын хувилбарууд байж болно.

-Ерөнхийлөгчийн оролцоогүй ямар хувилбарууд байж болох уу. Хэрхэн сонгон шалгаруулах вэ?

-Сонгон шалгаруулалтыг хэн хийх вэ гэдэг дээр хоёр хувилбар яригдаж байгаагаас нэгийг нь сонгоосой. Тал талын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулж шүүгч биш таван гишүүнийг сонгон шалгаруулах үүргийг хариуцуулах нь эхний хувилбар. Ажлын хэсэг нь ШЕЗ-ийн гишүүнд тавих шаардлагыг хамгийн сайн нэр дэвшигчийг гаргаж ирнэ гэсэн үг. Нэг талаас төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог субьектүүдийн төлөөллийг, нөгөө талаас мэргэжлийн болон иргэний нийгмийн төлөөллийг тэнцвэртэй хангаж энэ ажлын хэсгийг шууд байгуулах хэрэгтэй. Жишээлбэл, ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг дараах есөн субьектээс бүрдүүлж болно. Юуны өмнө, УИХ дахь олонх, цөөнхөөс нэг нэг хүн ажлын хэсэгт оруулбал ардчилсан сонгуулийн үр дүнг хүндэтгэж, олонх цөөнхийн тэнцүү оролцоог хангана. ХЗДХЯ нэг төлөөлөл оруулах нь хууль зүйн салбарын бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд шүүхийн асуудлыг тусгах, шүүхийн төсөв зэргийг шийдвэрлүүлэх, ШЕЗ болон ХЗДХЯ-ны бодлогын уялдааг хангахад тустай. Хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага бөгөөд хууль зүйн өндөр мэргэжилтэй хүмүүсээс бүрддэг учраас уг комиссын саналаар нэг хүнийг ажлын хэсэгт оруулж болно. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог ийм дөрвөн институци ажлын хэсэгт оролцож болж байна.

Төрийн институтын зэрэгцээ иргэний болон мэргэжлийн институцийн төлөөлөл Ажлын хэсэгт орж ирэх нь маш чухал. Жишээлбэл, хуулиар байгуулагдсан хоёр мэргэжлийн холбоо байдаг. Өмгөөлөгчдийн холбоо болон Хуульчдын холбооноос нэг, нэг гишүүнийг ажлын хэсэгт оруулж болох юм. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус, хариуцлагатай байдал хангагдахгүй бол ямар сайн үндэслэл гаргаад нэмэргүй өөр зүйлээр хэрэг шийдэгдэх учраас хуульч болон өмгөөлөгчийн ажил утгагүй. Иймээс, эдгээр мэргэжлийн холбоод энэ зарчмыг хангахын төлөө ажиллах үүрэгтэй. Түүнчлэн, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулиудын төлөөллийн нэгдсэн хуралдаанаас нэг субьект оруулж болно. Хууль зүйн сургуулиуд нь хууль зүйн дээд боловсролыг олгохдоо хүний эрх, хараат бус шүүх, хууль дээдлэх ёс гэх мэт үнэт зүйлийг эзэмшүүлэхийн төлөө ажилладаг. Мөн, Монголын Хүний эрхийн форумаас нэг гишүүн оруулж болно. Энэ форум нь хүний эрхийн чиглэлээр тууштай ажилладаг ТББ-уудыг эгнээндээ нэгтгэсэн үндэсний сүлжээ бөгөөд НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлд гурван ч удаа Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх иргэний нийгмийн тайланг хүргүүлсэн, олон улс болон бүс нутагт нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн бүтэц юм. Вэбсайт, телевиз, сонин, сэтгүүлийн тал талын төлөөллийг хангаж сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүйн стандартыг тогтоож мөрдүүлдэг нэр хүндтэй байгууллага болох Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс нэг хүнийн ажлын хэсэгт оруулж болох юм. Хэвлэл мэдээллийн зөвлөлийг оруулбал 9, оруулахгүй бол найман гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдана гэсэн үг. Ажлын хэсэг нь хэн нь шаардлага хамгийн сайн хангасан бэ гэдгийг судалж тухайн албан тушаалд тус бүрт нэг нэр дэвшигчийг санал болгох хэрэгтэй. Энэ шийдвэрээ дийлэнх олонх буюу 2/3-р шийддэг болбол ямар нэгэн субьект, УИХ дахь олонх, цөөнх, сайдын нөлөө хэт давамгайлж нөлөөлөх боломжгүй болно.

-ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг сонгон шалгаруулалт хийж тодруулсны дараа хэн томилох нь зүйтэй вэ?

-Ажлын хэсэг байгуулаад эсхүл таван өөр субъект тус тусдаа сонгон шалгаруулалт хийгээд ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнд нэр дэвшигчийг тодруулаад ирэхээр тэдгээрийг УИХ томилдог болох хэрэгтэй. Яагаад гэхээр ШЕЗ хуульчдаас шүүгчдийг шилж олж Ерөнхийлөгчид санал болгох бөгөөд шүүгчид нь иргэд бидний амьдралын хамгийн чухал зүйлс маргаан орохоор хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэнэ. Ийм эрх мэдлийг хэрэгжүүлэх шүүгчдийг шилж олох учраас ШЕЗ-ийн гишүүдийн ядаж тал нь ард түмнийг төлөөлдөг парламентаас хүлээн зөвшөөрөгдвөл өөрөө ардчилсан ёсны легитим шинжээр хангана. Шүүхийн ерөнхий зөвлөл бүхий Франц, Испани, Итали зэрэг улсад шүүгч гишүүдийг шүүгч нар нь сонгох, шүүгч биш гишүүдийг нь парламент ихэнхдээ томилдог. Парламент томилно гэдэг нь үзэмжээрээ шийднэ гэсэн үг биш. ШТХ-иар УИХ-ын үзэмжийг хязгаарласан гурван механизмыг олон улсын сайн туршлагад үндэслэн суулгаж өгөх хэрэгтэй. Нэгд, сонгон шалгаруулалтыг дээр дурдсан тал талын төлөөлөл бүхий ажлын хэсэг хийж эсхүл таван өөр мэргэжлийн болон иргэний нийгмийн институцээс тус тусдаа хийж, үүнийхээ үндсэн дээр УИХ-д санал болгоно. УИХ өөрөө үзэмжээрээ хэнийг санал болгохыг шийдэхгүй. Хоёрт, УИХ-ын дур зоргыг хязгаарлах, олон нийтийн хяналт, оролцоо, ил тод байдлыг хангах үүднээс шалгарсан нэр дэвшигч бүр дээр УИХ томилгооны сонсгол хийсний үндсэн дээр томилдог байх хэрэгтэй. Энэ сонсголд сонирхсон иргэн, мэргэжлийн болон төрийн бус байгууллага, судлаач, хуульчид оролцож саналаа хэлэх, асуулт асуух боломжоор хангагдах нь чухал. Гуравт, санал болгосон хүнийг томилох эсэхийг УИХ дийлэнх олонхиор шийдвэрлэх хэрэгтэй. Ингэснээр УИХ дахь олонх нам, эвсэл давуу байдлаараа эрдэж бус, харин цөөнхтэйгөө зөвшилцөж шийднэ, олонх төдийгүй цөөнхөд хүлээн зөвшөөрөгдсөн хүн л томилогдоно гэсэн үг. ШЕЗ-ийн шүүгч биш гишүүнийг томилох эсэхийг парламент дийлэнх олонхоор шийдвэрлэдэг нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг, сайн туршлага юм. Парламентын засаглалтай улсад ШЕЗ гэх мэтийн томилгооны асуудлыг тэнцвэртэй шийдэхийн тулд ерөнхийлөгчид бүрэн эрх нэмж өгөх замаар бус, харин парламент дахь олонх болон цөөнхийн зөвшилжцүүлдэг ийм механизмыг илүү их хэрэглэдэг.

Энд санал болгож буй байдлаар ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг сонгон шалгаруулж томилохоор хуульчилбал аль нэг субъектээс зүй бусаар давамгайлж оролцох эрсдэлийг хааж, шүүгчийг шилж олох, томилоход гол институцийг бүгдгийг нь тэнцвэртэй оролцуулж, ШЕЗ бие даан, хараат бусаар хариуцлагатай ажиллах нөхцөл бүрдэнэ. ШЕЗ-ийн талыг шүүгчид сонгож буй тул шүүгчдийн оролцоог хангаж, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж ШЕЗ-д орж ирэх зүй бус нөлөөллийг сааруулчихна. ШЕЗ-ийн шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулж томилоход мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагууд төдийгүй УИХ дахь олонх, цөөнх, бодлогын яам, хүний эрхийн үндэсний байгууллагын оролцоог хангана. Ийм тал талын оролцоотой бүрдсэн ШЕЗ хуульчдаас шилж олж санал болгосон хуульчийг шүүгчээр томилох шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах учраас Ерөнхийлөгчийн оролцоог маш сайн хангана.

-Шүүгчдийн сахилга хариуцлага сул байна гэх шүүмжлэл байдаг. Шүүхийн сахилгын хороог хэрхэн бүрдүүлэх ёстой вэ?

– Шүүгчийн сахилга, хариуцлагын тогтолцоо удаа дараа өөрчлөгдсөн бөгөөд ҮАБЗ, ШЕЗ гэх мэт янз бүрийн субъектээс хөндлөнгөөс оролцох байдлаар хуульчилж ирсэн нь уг тогтолцоог тогтворгүй, үр нөлөөгүй болгож байгаа учраас үүнийг шийдвэрлэх үүднээс Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуульд шинээр тусгасан. Шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий шүүхийн сахилгын хороо ажиллана гэж Үндсэн хуулийн 49.6-д заасан. Уг хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно гэж орхисон боловч үүний үзэл баримтлалыг УИХ-ын 2020 оны 2 дугаартай тогтоолд Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг шүүн таслах ажиллагаанд хуульчид, нэр хүндтэй иргэд, хууль зүйн өндөр мэргэжилтэй эрдэмтдээс нээлттэй нэр дэвшүүлэх замаар холбогдох институцээс тэнцвэртэй бүрдүүлэх зарчмыг хуульчлахаар тодотгож бичсэн.

Засгийн газрын төсөлд Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнтэй байна. Дөрөв нь шүүгчдийн зөвлөлөөс сонгоно, гурвыг Хууль зүйн байнгын хорооноос, нэгийг Ерөнхийлөгчөөс, нэгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тус бүр сонгон шалгаруулж томилно гээд заачихсан. Ерөнхийлөгчийн төсөлд Ерөнхийлөгч, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хуульчдын холбоо болон шүүгчдийн нэгдсэн зөвлөлөөс тус бүр гурван хүнийг санал болгож УИХ сонсгол хийж томилно гээд орчихсон. Энэ 2 төсөл дээр дахиад л Ерөнхийлөгч Сахилгын хорооны гишүүнийг томилох, санал болгохоор орж ирж байгаа нь Үндсэн хуулийн 33.4-ийг зөрчсөн байна. Монгол Улс 530 хүрэхгүй шүүгчтэй, сахилгын хэргийн ачаалал тийм их биш учраас уг хорооны гишүүдийн тоо одоогийнх шигээ ес байхад болно. Шүүхийн сахилгын хорооны 9 гишүүний 4 буюу цөөнх нь шүүгч гишүүн байх нь шүүгч шүүгчээ өмөөрдөг байдлыг хязгаарлаж, сахилгын зөрчил гаргасан шүүгчид хариуцлага тооцоход итгэл найдвар төрүүлнэ. Нөгөө талаар, шүүгч биш гишүүд олонх учраас шүүгчийн хараат бус байдал руу халдах эрсдэл үүснэ. Энэ эрсдэлийг хаах үүднээс Шүүхийн сахилгын хорооны сахилгын зөрчлийн агуулгыг шийдсэн магадлал нь хууль зөрчиж байна гэж үзвэл Дээд шүүхэд гомдол гаргаж шийдүүлж байх ёстой. Засгийн газрын төсөл яг ийм агуулгатай. Сахилгын хорооны шийдвэрийг Дээд шүүх дээр гомдол гаргаж шийдүүлэх учраас Дээд шүүхийн шүүгч сахилгын хороонд орохыг хориглох заалтыг Засгийн газрын төсөлд шинээр тусгах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн төсөл Дээд шүүхэд гомдол гаргах эрхгүй байхаар заасан нь Үндсэн хууль дахь шүүгчийн хараат бус байдалтай зөрчилдөнө. Шүүхийн сахилгын хорооны сахилга оногдуулдаг бүтцийг бий болгоход шүүгч нар нь цөөнх байна, түүний гарсан шийдвэрийн талаарх гомдлыг Дээд шүүхэд гаргаж шийдүүлнэ гээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд бичсэн.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш таван гишүүнийг бүрдүүлэхдээ ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг бүрдүүлэхтэй адил зарчмаар шийдвэрлэх хэрэгтэй. Тодруулбал, эдгээр гишүүдийг тал талын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг сонгон шалгаруулдаг байж болно эсхүл уг сонгон шалгаруулалтыг Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо, Хууль зүйн сургуулийн төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаан, Монгол Улсын хүний эрхийн форум эсхүл Хүний эрхийн үндэсний комисс хийж болно. Энэ хоёрын аль нэг хувилбараар шалгарсан хүнийг УИХ томилгооны сонсгол хийж дийлэнх олонхын саналаар томилдог байхаар хуульчлах хэрэгтэй. Шүүхийн сахилгын хорооны 9 гишүүний дөрөв нь нийт шүүгчдээсээ сонгогдсон шүүгч гишүүн байх тул шүүгчийн ажлын онцлогийг ойлгож, шүүгчийн хараат бус байдал руу халдах эрсдэлийг бууруулна. Бусад таван гишүүн нь өөр өөр институцийн тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшигч сонгон шалгаруулалтаар гарч ирэх тул шүүгчийн сахилга, хариуцлагыг хангахад тустай.

-Манай улсад шүүгчдэд сахилга хариуцлага тооцдог механизм хэрхэн явж ирсэн байдаг вэ?

-2014-2018 оны хооронд нийт 71 шүүгчид сахилгын арга хэмжээг Шүүхийн ёс зүй хороо авсан байдаг. Эдгээрийн ихэнх нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж ердөө 15 нь сахилгын шийтгэл хүлээсэнд янз бүрийн шалтгаан бий. Уг хорооны шийдвэрийн чанарын асуудал байсныг үгүйсгэхгүй. Нөгөө талаар хуулийн буруу зохицуулалтаас болж сахилгын зөрчил гаргасан шүүгчид хариуцлага хүлээлгэж чадахгүй байдал үүсдэг. Жишээлбэл, шүүгчийн сахилга, хариуцлагын тогтолцоог үр нөлөөгүй болгож буй нэг шалтгаан бол хэт богино хөөн хэлэлцэх хугацаа. Засгийн газрын төсөлд шүүгчийн сахилгын зөрчил гарснаас хойш 12 сар өнгөрвөл ямар ч хариуцлага тооцохгүй гэдэг заалт орсон. Нэг жил бол дороо өнгөрчихдөг учраас сахилгын ноцтой зөрчил гаргасан шүүгчид шийтгэл оногдуулж чадахгүй болно. Манай улсад 28 жил шүүгчийн маш ноцтой сахилгын зөрчлийг шийдэж чадахгүй байсан гол цоорхойнуудын нэг нь хэт богино хөөн хэлэлцэх хугацаа. Шүүгчийн үйл ажиллагаа ямагт олон нийтийн итгэлийг дааж байх ёстой гэдэг үүднээс олон улсад манай улс шиг хөөн хэлэлцэх хугацааг нэг жил гэж заадаггүй. АНУ, Канад, ОХУ зэрэг улсад хөөн хэлэлцэх хугацааг огт үйлчилж болохгүй гэж үздэг. Европын улсуудад хөөн хэлэлцэх хугацаа тавивал таван жилээс дээш хугацаагаар тавьдаг. Жишээлбэл, Италид 10 жил, ХБНГУ-д огцруулах зөрчилд ийм хугацаа үйлчилдэггүй.

Түүнчлэн Засгийн газрын төсөлд албан томилолт, баяр ёслол болон албан ёсны арга хэмжээтэй холбогдуулан бусдаас шүүгчид өгсөн нэг сарын цалингаас дээш үнэтэй бэлэг дурсгалын зүйлийг төрийн өмчид тооцох бөгөөд худалдан авах санал өөрөө гаргаагүй бол шүүгч тэдгээрийг өөрийн ажиллаж байгаа шүүхэд баримттайгаар хүлээлгэж өгнө гэж байгаа юм. Нэг сарын цалин хүртэлх хэмжээний бэлэг сэлтийг шүүгч өөрөө авч болно гэж байгаа нь шүүгчийг авилга, ашиг сонирхлын зөрчилд автах эсхүл тэгж ойгогдох байдал үүсгэх ухралт болно. Мөн шүүгчийн хариуцлагыг дордуулсан заалт шүүгчийн сахилын зөрчилд хүлээлгэх шийтгэлийг хэт хөнгөвчилсөн заалт хоёр төсөлд орчихсон. Шүүгч сахилгын зөрчил гаргавал хаалттай эсвэл нээлттэй сануулна, сургалтад суулгана, зэрэг дэвийг бууруулна, эсвэл огцруулна гэж байгаа юм. Огцруулахаас бусад нь ерөнхийдөө хөнгөн шийтгэл. Ер нь шүүгчид зэрэг, дэв байх нь зүйтэй эсэх эргэлзээтэйгээр гадна зэрэг дэв бууруулсан ч үндсэн цалин нь хэвээр үлдэх тул энэ нь хөнгөн шийтгэл юм. Гэтэл дунд зэргийг хүнд шийтгэл төсөлд тусгагдаагүй байна. 1993, 2012 оны хуулиудад орж хэрэгжиж ирсэн цалин бууруулах гэсэн дунд зэргийг шийтгэлийг хасаж буй үндэслэл нь ойлгогдохгүй байна. Төрийн албан хаагчдад 20 хүртэлх хувиар цалин бууруулах шийтгэл байдаг. Гэтэл энэ бүгдээс илүү өндөр хариуцлагатай алба хашдаг шүүгчдэд яагаад энэ шийтгэлийг хасаж байгаа юм. Шүүгчид хүлээлгэх сахилгын шийтгэл хөнгөн, дунд, хүнд гээд олон төрөлтэй байвал тухайн сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд нь тохирсон шийтгэл ногдуулах боломж бүрдэж шударга ёс хангагддаг.

-Шүүхийн мэргэжлийн хороо яг ямар үүрэгтэй байгууллага юм бэ. Энэ хороо байх ёстой юу?

-Хоёр төсөлд бичсэнээр Шүүхийн мэргэжлийн хороо хоёр чиг үүрэгтэй байхаар байна. Нэгд, шүүгчид нэр дэвшигчээс шалгалт аваад шалгалтад тэнцэхгүй бол хасна, тэнцсэнийг нь ШЕЗ-д хүргүүлнэ. Хоёрт, Шүүхийн мэргэшлийн хороо шүүгч мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарвал түүнд үндэслээд шүүгчийг чөлөөлөхөөр заажээ. Энэ хороог татан буулгах хэрэгтэй.

Үндсэн хуулийн 49.4-т ШЕЗ гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох үүрэгтэй гэж заасан. Гэтэл ШЕЗ-ийн шилж олох ажлыг Шүүхийн мэргэжлийн хороо гээд байгууллага руу шилжүүлж ирсэн нь маш их шүүмжлэл дагуулдаг. 2012 оны хуультай адилхан Мэргэшлийн хороо шүүгчид нэр дэвшигчээс шалгалт авч тэнцсэнийг нь оноогоор нь эрэмбэлэн ШЕЗ-д хүргүүлэхээр Ерөнхийлөгчийн төсөлд заажээ. ШЕЗ онооны эрэмбийг заавал бариад хамгийн өндрийг нь Ерөнхийлөгчид санал болгохоор зохицуулбал ШЕЗ-ийн шүүгчийг шилж олох бүрэн эрх үгүйсгэгдчих гээд байдаг. Эсхүл ШЕЗ уг эрэмбийг өөрчлөхөөр хамгийн муу оноо авсан хүнийг Ерөнхийлөгчид санал болголоо гэж шүүмжлэгддэг. Засгийн газрын төслөөр Шүүхийн мэргэжлийн хороо шалгалт авчхаад тэнцсэн бүх нэр дэвшигчийг ШЕЗ-д хүргүүлэх боловч оноогоор эрэмбэлэхгүй гэж буй нь ШЕЗ сонголт хийх боломж олгож буй ч шалгалтаар тааруу оноо авсан хүнийг шүүгчээр томилуулахаар санал болгох боломж нь хэвээр үлдэнэ. Засгийн газрын төслөөр Шүүхийн мэргэжлийн хороог ШЕЗ байгуулахгүй, харин түүний 9 гишүүний зургааг Шүүгчдийн зөвлөл сонгохоор байна. Тэгэхээр Шүүгчдийн зөвлөл гэх бүтэц ШЕЗ гэх Үндсэн хуулийн байгууллагын хуульчдаас шүүгчийг шилж олох чиг үүргийг хуваалцах болчхоод байгаа юм. ШЕЗ өөрөө шалгалтаа аваад хүнийх нь хувьд судлаад хамгийн сайн үнэлгээ авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид санал болгохоор хуульчилж ШЕЗ-д Үндсэн хуулиар ногдуулсан ажлыг нь өгөх хэрэгтэй.

-Шүүхийн мэргэшлийн хорооны үлдэж буй нөгөө чиг үүргийг хаана хариуцуулах уу?

-Засгийн газрын болон Ерөнхийлөгчийн төслөөр шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн дүгнэлт гаргах чиг үүргийг Шүүхийн мэргэшлийн хороонд өгөхөөр заажээ. Тодруулбал, энэ талаар дүгнэлт гаргуулахаар давж заалдах болон хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргаж, Мэргэшлийн хороонд хүргүүлэхээр Засгийн газрын төсөлд бичжээ. Мэргэшлийн хороо шүүгчийг албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргасан бол ШЕЗ-д хүргүүлж, улмаар ШЕЗ шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох саналыг Ерөнхийлөгчид гаргана гэжээ. Шүүхийн мэргэшлийн хорооны дүгнэлтийн дагуу шүүгчийг чөлөөлөх эдгээр зохицуулалтыг бүхэлд нь хасах хэрэгтэй. Нэгд, энэ нь доод шатны шүүхийн шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулна. Давж заалдах болон хяналтын шатны шүүх хэрэг маргааныг гомдлоор хянан шийдвэрлээд зогсохгүй ийм дүгнэлт гаргуулах хүсэлтийг Шүүхийн мэргэшлийн хороонд хандах бөгөөд уг хорооны гуравны хоёр нь мөн л давж заалдах болон хяналтын шатны шүүгчид байхаар төсөлд заасан. Хоёрт, хяналтын эсхүл давж заалдах шатны шүүхийн шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн асуудал орхигдохоор байна. Гуравт, маргааныг шийдвэрлэх шударга процесс Мэргэшлийн хороондбайхгүй, төсөлд алга. Нотлох баримт гаргаж өгөх, маргаанаа шийдвэрлэх хуралдаанд биелэн оролцох гэх мэт эрхийг шүүгч эдлэхгүй. Дөрөвт, тулгамдсан асуудал бий ч ийм замаар шийддэг олон улсын сайн туршлага олдохгүй байна. Үүний оронд бусад улсад ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшинг илт хангахгүйг харуулсан тодорхой үйл ажиллагааг сахилгын зөрчилд тооцохоор тодорхой жагсааж хуульчлаад бусад сахилгын зөрчилтэй адил журмаар шийдвэрлүүлж байна. Тавд, ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшинг илт хангаагүй байх нь шүүгчийн сахилгын зөрчил учраас уг зөрчлийг Мэргэшлийн хороонд харьяалуулбал Үндсэн хуулийн 49.6-д заасан Шүүгчийн сахилгын хорооны чиг үүргээс хувааж Мэргэшлийн хороонд шилжүүлсэн зөрчил болно. Эндээс үзэхэд Шүүхийн мэргэжлийн хорооны шалгалт авах чиг үүргийг ШЕЗ-д шилжүүлэх, дүгнэлт гаргах чиг үүргийг нь хасаж сахилгын зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах ажлыг нь Шүүхийн сахилгын хороонд бүрэн хариуцуулах нь Үндсэн хуульд илүү нийцнэ.

-Улсын дээд шүүхийг улстөрөөс хараат бус байлгах талаар төсөлд хэрхэн тусгагдсан бол?

-Өргөн барьсан төслүүдэд Дээд шүүхтэй холбоотой ноцтой зүйлс байна. Улсын дээд шүүхэд одоогийн хуулиар шүүгч, прокурор, өмгөөлөгч, хууль зүйн сургуулийн багшаар ажилладаг туршлагатай хуульчдыг оруулдаг. Энэ бол олон улсын жишигт нийцсэн зүйл. Дээд шүүх хуулийг тайлбарлаж хөгжүүлдэг учраас өөр, өөр мэргэжлийн ажил хийж байсан хүмүүс орж байж хуулийг зөв тайлбарладаг. Гэтэл Засгийн газрын төслөөр зөвхөн шүүгчээр ажиллаж байсан хүмүүс л Дээд шүүх рүү орох чиглэлийг илүү барьсан байна байна. Өмгөөлөгч эсхүлпрокуророор зөвхөн дагнан арваас доошгүй жил ажилласан хүмүүс улсын дээд шүүхэд ажиллах эрхтэй болно гэж байгаа юм. Жишээлбэл, өмгөөлөгчөөр тав, прокуророор тав жил ажилласан хүн Дээд шүүхэд ажиллах боломжгүй болох нь. Мөн их сургуулийн хуулийн багш орохыг хориглочхож байгаа юм. Үүнийг хааж байгаа нь Дээд шүүхийн хууль тайлбарлах, хяналтын журмаар маргаан хянан шийдвэрлэх чадавхад муугаар нөлөөлнө. Мөн, Дээд шүүх Ерөнхий шүүгч болон 24-өөс доошгүй шүүгчээс бүрдэнэ гэх заалт одоогийн хуульд заасан нь төслүүдэд хэвээрээ орчихсон. 24-өөс доошгүй гэхээр дээшээ хэд ч байж болно. Энэ заалтыг урвуулан ашиглаж шүүгчдийн тоог нэмэх замаар Дээд шүүхэд нөлөөлөх эрсдэл байна. Ийм заалтыг олон улсын сайн туршлага хориглодог. Хуульдаа Дээд шүүхийн бүрэлдэхүүний тоог тодорхой заах ёстой. Одоогийн тоогоо барьж Ерөнхий шүүгч болон 24 шүүгчээс бүрдэхээр хуульчлах хэрэгтэй. Үүний зэрэгцээ Дээд шүүх бүх зүйл рүү орж шийддэгийг нь хязгаарлаад зөвхөн хуулийн хэрэглээний хамгийн ноцтой асуудлуудыг шийдэхээр хуульчилбал бүрэлдэхүүний энэ тоо хангалттай. Ерөнхийлөгчийн төсөлд буй нэг сайн заалт бол Дээд шүүх дээр тухайн маргааныг шийдэхэд цөөнх болсон шүүгч тусгай саналаа хэвлүүлэх эрхийг олгож буй явдал. Энэ заалт шүүгчдийн хараат бус байгаа эсэхийг нь харах, хариуцлагыг нь дээшлүүлэх, шүүхийн ил тод байдлыг нэмэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сайжруулах тул дэмжинэ. Эцэст нь, Дээд шүүхэд хэтэрхий их эрх мэдэл төвлөрүүлэх заалтууд орчихсон байна. Дээд шүүх хэрэг, маргааныг хяналтын журмаар шийднэ, хууль хэрэглэх талаар тайлбар гарна, Цэцийн гишүүнд гурван хүнийг нэр дэвшүүлнэ гээд олон бүрэн эрхтэй. Төслөөр шүүгчийн мэдлэг, чадварыг үнэлүүлэх Мэргэжлийн хороонд дүгнэлт гаргуулахаар хүсэлт явуулах бүрэн эрх нэмээд өгөхөөр заажээ. Үүнийг хасах талаар түрүүн ярьсан. Мөн, Дээд шүүх шүүгчдэд сургалт явуулна гэж байгаа юм. Шүүгчийн сургалт дээр 29 улсыг судлаад үзэхээр шүүхийн захиргааны эрх мэдлийг аль субъектэд өгч байна, түүнд шүүгчийн сургалтаа хариуцуулдаг. ШЕЗ-тэй улс орнууд дийлэнх нь ШЕЗ-дөө сургалтаа өгдөг бөгөөд Дээд шүүхдээ шууд өгдөггүй. Үүнээс гадна Дээд шүүх зөвлөмж гаргана, шийдвэр бичих аргачлал, журам батална. Энэ бүх эрх мэдэл нийлэхээр Дээд шүүхийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүгчид зүй бусаар нөлөөлөх, улмаар шүүхийн дотоод хараат бус байдал алдагдах эрсдэл үүсгэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Ганболд: Махны экспортыг тэлж, үнийг нь нэмэх шаардлагатай

УИХ-ын гишүүн Г.Ганболдтой ярилцлаа.


-Та УИХ-д анх удаа сонгогдлоо. Ээлжит бус чуулганаар хэлэлцэгдсэн асуудлуудад ямар байр суурьтай байв?

-УИХ-ын гишүүний тангараг өргөөд хоёр сар гаруй болж байна. Энэ хугацаанд УИХ-ын анхдугаар чуулган, ээлжит бус чуулганд оролцлоо. Парламентын түүхэнд хамгийн богино хугацаанд Засгийн газар бүрэлдсэн. Засгийн газар танхимаа бүрдүүлснээс 60 хоногийн дотор хуулийн дагуу ирэх дөрвөн жилд хэрэгжих Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулах ёстой. Энэ жилээс Монгол Улс хөгжлийн бодлогоо өөрөөр тодорхойлдог болсон. Өмнө нь бид үндсэн чиглэлээ нэг жилээр тодорхойлдог байсан. Алсын хараа 20:50 2050 он хүртэл Монгол Улсын урт хугацааны стратеги баталлаа. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу үндсэн чиглэлээ таван жилээр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө дөрвөн жилээр тодорхойллоо. Төсвийн тодотголд нийгмийн зүгээс шүүмжлэлүүд гарсан. Гэхдээ Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд тэлж байгаа. Тэлж байгаа эдийн засгийг шууд агшааж болохгүй. Тиймээс алдагдалтай төсөв баталсан. Төсвийн цоорхойг гадаадаас өндөр хүүтэй бонд авч нөхнө гэж батлаагүй. Дотоодын эх үүсвэрүүдээ гаргая, Засгийн газрын бонд гаргая гэх байдлаар төсвийн алдагдлаа нөхнө. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын бодлого тэлж хөрөнгө оруулалтууд асар их нэмэгдээд ирэхээр үүнийг дагаад олон ААН-үүд бий болж байна. Хөрөнгө оруулалтыг хумивал тэр олон ААН-ийн үйл ажиллагаа доголдоно. Нөгөө талаас ажлын байр хумигдана. Тиймээс үндсэндээ төсвийн тодотголоор 530 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хассан. Энэ нь төсвийн тодотгол хийх болтол тендер нь зарлагдаагүй, ажил нь удаашралтай байсан зэргийг харгалзаж таналт хийгдлээ. Гадаад дотоод томилолтын зардлуудыг тодорхой хэмжээгээр танасан, төсвийн байгууллагуудын техник тоног төхөөрөмж, машин техник худалдаж авах төсвийг ч таналаа. Төсвийн тодотгол дээр миний зүгээс дэмжсэн байр суурийг илэрхийлсэн.

-Та орон нутгаас сонгогдсон гишүүн. Ээлжит чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ хуульд ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ажлын хэсэгт нь орж ажилласан. Ажлын хэсэгт орон нутаг болоод нийслэлийг удирдаж байсан хүмүүс голлож ажиллалаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн гол үзэл санаа нь нэлээд өөрчлөгдөж байна.

Хоёр өөр зарчмын ойлголтууд явж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхий сайд, Засгийн газрын эрх мэдэл өндөр болчихсон. Түүнтэй адил Засаг даргыг аймгийн иргэдийн хурлаас хамааралгүй болгох, эсхүл шууд босоо удирдлагатай томилдог хэлбэр лүү явуулъя гэх саналтай гишүүд байна. Сумын Засаг даргыг сонгохдоо багийн дарга нар нь, сумын дарга нар аймгийн даргыг сонгоход санал өгдөг. Сүүлийн үед аймгийн Засаг дарга сумын дарга нараа захирах, арга хэмжээ авах, хариуцлага тооцох, сумын дарга нь мөн адил багийн дарга нараа захирах, арга хэмжээ авах нь бага болчихоод байна. Зарим гишүүдийн зүгээс босоо томилгоотой байсан нь зөв шүү гэх байр суурийг илэрхийлж байгаа. Үүнээс гадна зарчмын олон өөрчлөлт орж байгаа. Хүмүүс зөвхөн хурлын дарга сонгох, Засаг дарга сонгох, багийн дарга сонгохыг нь хараад байна. Жишээлбэл, хамгийн гол өөрчлөлт нь чиг үүргийн хуваарилалт. Яам, аймгийн засаг дарга, сумын Засаг дарга, багийн дарга нарын ажиллах, эрхлэх чиг үүрэг нь давхацчихсан. Зарим нь дунд нь хийдчихсэн. Чиг үүргийн давхардлыг арилгасан, аймаг, сум, багийн дарга нар юу хариуцаж ажиллахыг илүү тодорхой болгож байгаа юм. Тэр утгаараа аймаг сумдад тодорхой хэмжээний чиг үүргээ дагаад санхүүгийн эрх мэдэл очно. Орон нутагт санхүүгийн, томилгооны гэсэн хоёр төрлийн эрх мэдэл байдаг.

-Нэр бүхий гишүүдийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих хуулийн төсөл өргөн барьсан. Энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

-Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг гадаад харилцааны яаманд хоёр, гуравхан хүн хариуцаад ажилладаг. Үүнийг агентлаг болгож, гадны хөрөнгө оруулалтыг татаж оруулах, оруулсан хөрөнгийг хамгаалах ажил дутагдаад байна. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг шууд утгаар нь ойлгоод байдаг талтай. Татварт яг хэдийг өгч байгааг хэл гээд байгаа болохоос дам нөлөөллийг нь ердөө хардаггүй. Оюу толгойд мянга гаруй аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Манайхан хэт гадаадын хөрөнгө оруулалтыг үгүйсгэсэн байдлаар явж болохгүй.

-МАН мөрийн хөтөлбөртөө зээлийн хүүг бууруулах талаар тусгасан. Зээлийн хүү зах зээлийн жамаараа буурдаг. Энэ тухайд?

-Зээлийн хүүг бууруулах стратеги баталсан. Зээлийн хүүг бууруулах дөрвөн жилийн хөтөлбөрийг ямар үе шаттай явуулах вэ гэдгийг УИХ дээр стратеги батлах үед олон гишүүд ярьсан. Гадаадын хөрөнгө оруулалттай банкийг оруулж ирэх ёстой юм байна. Ингэж байж зээлийн хүүг бууруулахгүй бол манай дотоодын банкууд хэт цөөн монополь байна. Гадны улсад нэг банкны хувьцааны 15 хувиас дээш нь нэг хүний өмчлөл байж болдоггүй. Дөрвөн жилийн хугацаанд стратеги дээр ажиллаж, түүнийгээ ажил хэрэг болгож зээлийн хүүг бууруулах ёстой гэдэгт санал нэг байгаа. Ер нь дэлхийн улс орнуудын жишиг хандлага ямар байна гэхээр гадаадын банкийг оруулж ирж улс орны хөгжил урагшилдаг. Манай улс шиг өндөр зээлийн хүүтэй, жижигхэн зах зээл дээр бизнес хөгжих тэлэх боломж хомс биз дээ.

-Та Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Хөдөө орон нутагт тулгамдаж буй асуудлыг голоос нь мэдэх байх. Танай аймагт ямар асуудлууд тулгамдаж байна?

-Өвөрхангай аймагт тулгамдаж байгаа асуудал их байна. Манай аймаг уул уурхай, үйлдвэргүй, мал аж ахуйн аймаг. Эдийн засгийн 60 гаруй хувь нь мал аж ахуйгаас хамааралтай. Мал аж ахуйгаас хамааралтай байна гэдэг байгаль цаг уураас шууд хамааралтай болчихдог. Байгаль цаг уур, түүхий эдийн үнэ ямар байх зэргээс иргэдийн амьдрал шалтгаалдаг. Энэ жил өвөлжилт хүндрэх нь тодорхой болчихлоо. Бэлчээрийн даац асар их хэтэрсэн. Өвөрхангай аймаг 1990 оноос өмнө сая 600 мянган малтай байсан бол одоо 7.2 сая толгой мал зусаж байна. Бэлчээрийн даац дөрөв дахин хэтэрсэн. Тиймээс махны экспортыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулах шаардлага байсаар ирлээ. Энэ чиглэлээр ХХААХҮЯ, УОК байнга шахаж байгаа. Бид өөрсдөдөө чөдөр тушаа болоод явж байдаг улсууд. Квот тогтоочихоод түүнийгээ хэдхэн аж ахуйн нэгжид өгдөг. Гадагш нь мах экспортолдог хэдхэн зөвшөөрөлтэй компаниудтай. Тэдний үгээр яамны гаргасан тоогоор л экспорт явж байна. Квотоо нэмэгдүүлэх шаардлагатай. Мал яагаад их байна гэхээр мал үнэгүйдчихээд байгаа юм. Нэг өрх 500 малтай амьдрахад хэцүү. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд гэрийн жилийн хэрэглээгээ аваад явна гэхээр дийлэхгүй. Тиймээс л мянган толгой мал хүргээд байгаа юм. Ингэж байж хэрэглээндээ хүрээд байна. Хэрвээ мал үнэтэй байвал малчид малаа өсгөх гээд байхгүй.

-Махны үнийг нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байна уу?

-Тийм. Махны үнийг нэмэгдүүлнэ гэхээр төв суурингийнхан дургүйцдэг. Франц улс гэхэд мах нь нэг үнээр л явдаг. Мах ховордсон үед нь улс татаас өгөөд тэнцвэржүүлээд явж байдаг. Дэлхийн улс орнууд гадаадад экспортолж байгаа махаа дэлхийн жишигт аваачдаг. Манайх цаашдаа махны үнийг нэмэгдүүлэх ёстой. Манай улс 1990 оноос өмнө 25 сая малтай байхдаа найман саяыг нь экспортолж байсан. 75 сая малтай болчихоод дөрвөн сая мах экспортолж байна. Бэлчээрийн даацыг зохистой хэмжээнд хүргэж, жилд 10 саяас дээш мах экспортлох хэрэгтэй.

-Ээлжит бус чуулганаар ирэх оны төсөв хэлэлцэгдэнэ. Тойрог руугаа хэдий хэмжээний төсөв тусгахаар зорьж байна?

-Ирэх оноос цар тахал тодорхой хэмжээнд хумигдаж, экспортын бараа бүтээгдэхүүн тогтмол хэвийн гараад байвал ирэх оныг өөдрөгөөр төсөөлж байгаа. Эдийн засагчид, бизнесийнхний яриад байгаа шиг эдийн засагтаа ковидтой холбоотой дорвитой арга хэмжээ авч чадаагүй гэдэгтэй санал нийлэхгүй байна. Манайх тийм байдалд тулчихаагүй. Манай улс дэлхийн бусад улсыг бодвол тийм том эдийн засагтай улс биш. Эдийн засаг маань уул уурхайн хэдэн бүтээгдэхүүн дээрээ тулгуурладаг. Эдгээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой, өсч байгаа. Ийм нөхцөлд бид өөдрөг байх ёстой. Дэлхийн томоохон улсуудын эдийн засаг айхавтар унаж байна. Ирэх онд улс орны хөрөнгө оруулалт өнгөрсөн жилүүдээс буухгүй байх гэж төсөөлж байгаа.

Өвөрхангай аймагт дулааны станцыг барих хөрөнгө нь шийдэгдчихсэн. Ахмадуудын түрээсийн байрыг шийдэх шаардлагатай. Сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг инженерийн шугам сүлжээнд холбохгүй бол модон жорлонтойгоо байсаар байх уу. Хар хорин хотыг аялал жуулчлалын жишиг хот болгоно гэж мөрийн хөтөлбөрт оруулсан. Монгол Улс аялал жуулчлалын ганц ч болтугай жишиг хоттой болох ёстой. Энэ бүхнээ хэрэгжүүлэхээр зорино.

-Өвөрхангай аймгийн Баянтээгийн уурхайн захирал О.Сумъяасүрэн Өвөрхангай аймгийн Засаг дарга болгох гэж байгаа гэж дуулдсан. Энэ үнэн үү?

-Орон нутгийн сонгууль удахгүй болно. Сонгуульд ялсан нам хэнийг Засаг дарга болгохоо шийднэ. МАН-д намын залгамж чанар, намд олон жил ажиллаж ирсэн туршлагатай боловсон хүчин олон байгаа. Өвөрхангай аймгийг удирдаж ирсэн шилдэг тэргүүний бэлтгэгдсэн боловсон хүчин ч олон бий. Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж дараагийн хүнийг сонгоно.

Categories
мэдээ цаг-үе

Б.Анхбаяр: Манай улс ШХАБ-т элсэх нь цаг хугацааны асуудал

-ӨМНӨД МОНГОЛД БОЛЖ БУЙ ҮЙЛ ЯВДАЛ ИЖИЛ НЭГ ҮНДЭСТНИЙ ХУВЬД ӨМӨӨРМӨӨР БАЙВЧ УЛС ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ ТОГЛООМЫН ДҮРМИЙГ ДАГАХААС ӨӨР АРГАГҮЙ-

Хятад судлаач Б.Анхбаяртай ярилцлаа.


-БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчиллаа. Хятад судлаачийн хувьд айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч хоёрдугаар сард БНХАУ-д айлчилсан. Түүний хариу айлчлал Монголд ирнэ гэдэг нь тодорхой байсан. Хоёр улсын харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлд хүрснээс хойш хоёр улсын өндөр дээд төрийн албан тушаалтнууд харилцан айлчлах нь явж ирсэн жишиг.

Олон улсын нөхцөл байдлаар харахаар Ван И-гийн айлчлал их онцлогтой. Хятадын хувьд олон улсын нөхцөл байдал түүнтэй уялдаж геополитик дэлхийн их гүрний өрсөлдөөн явуулж байгаа АНУ-тай харилцаа таарамжгүй байгаагаас шалтгаалан геополитикийн чиглэлтэйгээр айлчлал хийж байгаагийн нэг хэсэг нь. Ван И өмнө нь Хятадыг төлөөлж Европын орнуудаар айлчилсан.АСЕМ-ын уулзалт, Европын орнуудад интернэт хурлуудыг хийсэн байдаг. Энэ хүрээнд Европоор өнгөрсөн наймдугаар сард айлчиллаа. АСЕМ-ын орнуудтай есдүгээр сарын 9-нд интернэт хурал хийсэн. Есдүгээр сарын 10-нд ШХАБ-ын хуралд яваад Казахстан, Киргиз, Монгол гээд айлчиллаа. Ерөнхийдөө БНХАУ-ын хувьд их гүрнүүдтэй харилцах бодлого, хөрш орнуудын бодлого зэрэг явагдаж байгаа. Түүнийхээ хүрээнд манай улсад айлчилсан. Манай улсын гадаад харилцааны чухал нэг хэсэг нь БНХАУ-тай харилцах харилцаа.

Бидний хувьд БНХАУ-тай ойлголцож харилцах нь улс төр, эдийн засаг гадаад бодлогын чухал ач холбогдолтой. Ялангуяа “Ковид-19”-ийн хүнд нөхцөл байдлын үед манай улсын эдийн засагт чухал нөлөөтэй айлчлал байсан. Хоёр талаасаа харилцан бие биедээ шаардлагатай айлчлал гэж харж байгаа.

-Энэ удаагийн айлчлалаар хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотолсон. Энэ тухайд?

-Хоёр улс бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчим Монгол, Хятадын харилцаанд хэзээд л байсан зүйл. Ер нь Бусад улсын дотоод хэрэгт оролцохгүй гэдэг бол Хятадын гадаад бодлогын таван зарчмын нэг. БНХАУ аливаа нэг улстай дипломат харилцаа тогтоохдоо харилцан нэгнийхээ дотоод хэрэгт үл оролцоно гэж тохиролцдог. Яагаад гэхээр БНХАУ дотооддоо маш олон асуудалтай байдаг учраас бусад орнуудаар өөрийн бодлого байр суурийг хүлээн зөвшөөрүүлэх гэж тийм шаардлага тавьдаг. БНХАУ-ын дотоод асуудалд Тайвань, Хонконг, Шинжаан Уйгур, Хятадтай газар нутгийн маргаантай өмнөд Хятадын тэнгис, Японтой газар нутгийн маргаан зэргийг дурдаж болно. БНХАУ-ын дотоод асуудалд Өмнөд Монгол ч орж байгаа, тиймээс манай улсын хувьд Өмнөд Монголын асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй. БНХАУ бол манай улсын хамгийн том худалдааны түнш. Өмнөд хөрш дэлхийн ихэнх орнуудын эдийн засгийн гол судсыг атгаж байгаа өнөө үед асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй болж байна. Бид БНХАУ-ын олон улсад эзэлж байгаа байр суурь, эдийн засаг болон улс төрийн нөлөөллийг тооцохгүй өнгөрч болохгүй.

-Энэ айлчлал манай улсад ямар ашигтай байв?

-Төр засгийн хувьд мэдээж үр дүнтэй. Ван И-гийн айлчлалын өмнө нүүрсний гарц нэлээд нэмэгдсэн байсан, одоо ч бүр илүү нэмэгдэх боломж үүслээ. Хоёр талын худалдааг 10 тэрбум долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Манай улсын экспортын 90 гаруй хувь нь Хятадаас хамааралтай. Цар тахлын үед энэ айлчлал манай улсад маш чухал байсан, өмнөд хөршийн 700 сая юанийн тусламж бол манай улсын эдийн засагт “амь тариа” болсон зүйл байлаа.

-АНУ, Хятадын харилцаа хурцадсан хэвээр байна. Энэ байдал манай улсад ямар нөлөөлөл үзүүлэх бол?

-АНУ, Хятадын хооронд их гүрний өрсөлдөөн болж байна. Барууны орнууд БНХАУ-ыг “Шинжаанд хүний эрх зөрчиж хорих лагер барьж хүмүүсийн тархийг угааж байна, Төвөдийг дарангуйлж байна, Өмнөд Монголын хэл соёлыг нь устгах гэж байна” гэх мэтээр шүүмжилж байгаа. Өмнөд хөршийн өнцгөөс тайлбарлавал эдгээр нь бүгд БНХАУ-ын дотоод хэрэг. Тиймээс АНУ, БНХАУ-ын харилцаа хүйтэрсэнтэй шууд холбоотойгоор БНХАУ-тай холбоотой асуудлууд хүчтэй яригдаж олон улсын ярианы гол сэдэв “халуун цэг” болж байна. Өмнөд Монголд болж байгаа үйл явдал ч мөн адил үүнтэй холбоотойгоор хүчтэй дэгдсэн. Энэ нь мэдээж манай улсын гадаад бодлогод сорилт учруулж байна. Цаашид хоёр их гүрний харилцаа хүйтэрсэнтэй холбоотойгоор манай улсад үзүүлэх улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын сорилт улам нэмэгдэнэ гэж үзэж байгаа.

-Өмнөд Монголд болж буй хэл соёлын төлөөх тэмцлийг хэрхэн дүгнэж байна вэ?

-БНХАУ бол олон улсын тоглоомын дүрмийг өөрчлөхүйц том манлайлагч улс болохын төлөө АНУ-тай өрсөлдөж байна. Манай улсын хувьд олон улсын харилцааны урсгалыг дагаж явдаг оролцогч улс, хүчин чадал байр суурийн эрс ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэдийгээр Өмнөд Монголд болж буй үйл явдал ижил нэг үндэстний хувьд өмөөрмөөр байвч улс хоорондын харилцааны тоглоомын дүрмийг дагахаас өөр аргагүй. Манай иргэдийн хувьд үүнийг том гүрний дээрэнгүй бодлого гэж харж болох ч энэ бүхэн БНХАУ-ын дотоод хэрэг. Хятадын Элчин сайд танай сонинд өгсөн ярилцлагадаа Өмнөд Монголын сургалтын шинэчлэл үе шаттайгаар хэрэгжиж ирсэн гэж хэлсэн байна лээ. БНХАУ 56 үндэстэнтэй. Үүний 55 нь бага үндэстэн, хятад хэлийг бусад бага үндэстэнд тулган сургах БНХАУ-ын энэхүү бодлого нь тус улсын дотоодод сорилт үүсгэх л байх, гэхдээ энэ бол түрүүн хэлсэнчлэн өмнөд хөршийн дотоод хэрэг. Манай улсын хувьд монгол хэлээ, монгол бичгээ хадгалан хамгаалах талаар өөрсдөө дотооддоо арга хэмжээ авах хэрэгтэй болов уу. Миний харж байгаагаар энэ удаагийн Ван И-гийн айлчлал болон Өмнөд Монголд үүссэн асуудлаас авууштай хоёр зүйл байна гэж харж байна. Нэгдүгээрт, ардчилсан улсын хувьд иргэд нь үзэл бодлоо илэрхийлж чөлөөтэй жагсаж байна.

Төрийн түвшинд БНХАУ-тай харилцах харилцааг бодолцож хатуу дуугарч болохгүй ч иргэд нь дуу хоолойгоо эрх чөлөөтэй илэрхийлж чадаж байна, энэ бол бидний давуу тал. Магадгүй Барууны орнууд манай улсыг БНХАУ-ын эсрэг илүү хүчтэй дуугараасай гэсэн хүлээлттэй байсан байх, гэхдээ бид сэтгэл хөөрлөөр биш илүү прагматик байх хэрэгтэй. Хоёрдугаарт, бид дотооддоо монгол бичгээ сайн сурах ёстой гэх сигналь дохиог өглөө. Монгол бичгийн голомт БНХАУ-ын бүрэлдхүүнд байдаг Өмнөд Монголд байна. Бид монгол үндэстний гал голомт тусгаар улсынхаа хувьд монгол бичгийг өөрийн улсдаа нутагшуулах хамгаалах бодлогыг хийх ёстойг мэдрүүлсэн үйл явдал боллоо гэж харж байна.

-БНХАУ ШХАБ-т манай улсыг элсүүлэх сонирхол их байдаг болов уу?

-Хятад манай улсыг ШХАБ-тай их ойрхон байлгах сонирхолтой байдаг. Өнгөрсөн 2019 онд БНХАУ, ОХУ, манай улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Си Жиньпин гурван зүйл хэлсэн байдаг. Түүний нэг нь ШХАБ-д манай улсыг түлхүү оролцох хэрэгтэйг дипломат хэллэгээр хүссэн боловч үүнийг нөгөө талаар манай улсад өгсөн шахалт гэж харж болох юм. Хоёр хөрш хоёулаа манай улсыг ШХАБ-д элсүүлэхийг хүсдэг. 2014 оноос хойш болсон үйл явдлыг харахаар Украины хямрал болоод Орос Керемийг өөртөө нэгтгээд Хятад, Оросын харилцаа улам гүнзгийрсэн. Түүнээс хойш 2014 онд хоёр хөршийн төрийн тэргүүн 10 хоногийн зайтай манай улсад айлчилсан, удалгүй гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт ШХАБ-ын хүрээнд болдог болсон. Ерөнхийдөө хоёр хөрш манай улсыг ШХАБ-ын эгнээнд нэгтэхийг хүсдэг нь олон удаагийн айлчлалуудаар харагдсан. Сүүлийн жилүүдэд хоёр хөршийн манай улстай холбоотой уулзалт ярилцлагууд дандаа ШХАБ-ын хүрээнд өрнөж байгаа нь анхаарал татаж байна.

Бид дотооддоо нэг их ярихгүй байгаа боловч манай гадаад айлчлалууд ШХАБ-д элсээч гэх шахалт гэхүү “хүсэлттэй” байнга тулгарч байгаа. 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-д элсэх талаар судалж үзье гэж хойшлуулсан. Гурван улсын төрийн тэргүүнүүд жил бүр уулзаад байхаар ШХАБ-т элсүүлэх шахалтын давтамж улам нэмэгдчихэж байгаа юм. Ирэх арваннэгдүгээр сард ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч оролцох байх, энэ үеэр хоёр хөрш мөн л ШХАБ-д элсэх талаар хөндөх болов уу.

Шахалтууд байнга ирэхээр бид дандаа судалж үзье гэх хариултыг цаашид өгөх боломжтой юу гэдэг асуудал байна. Ер нь ШХАБ-д элсэх асуудал олон улсын нөхцөл байдалтай, их гүрнүүдийн харилцаатай салшгүй холбоотой. ОХУ, БНХАУ бол бидний мөнхийн хөрш. АНУ бол манай гуравдагч хөршийн хамгийн том төлөөлөл. Тэдний харилцаа таагүй байвал манай улсын гадаад бодлогод томоохон сорилтыг авчирна. Харамсалтай нь сүүлийн үеийн олон улсын одоогийн нөхцөл байдал, АНУ, БНХАУ-ын харилцаа, ОХУ АНУ-ын харилцааг харахад сайнгүй дүр зураг харагдаж байна. Ялангуяа АНУ, Хятадын харилцаа мэдэгдэхүйц муудаж байна. Урд өмнө нь хоёр их гүрний зөрчил худалдааны дайн гэх нэрийн дор харьцангуй далд явагдаж байсан бол 2020 онд “Ковид-19” гарснаас хойш талуудын зөрчил ил болж олон талаар өргөн фронтоор маргалдан тэмцэлдэж байна. Өнгөрсөн долдугаар сард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хятадын ард түмнийг Хятадын комминуст намаас салган авч хүчтэй шүүмжилж, Хятадын комминуст намыг дарангуйлагч хэмээн нэрлэв. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын БНХАУ-ын эрх барьж буй нам руу шууд чиглэсэн энэхүү мэдэгдлийг их гүрнүүдийн үзэл суртал тогтолцооны хуваагдлын эхлэл хэмээн зарим судлаачид тайлбарлаж байгаа. Хэрэв энэ нь бодит байдал болбол манай гуравдагч хөршийн бодлогод шууд нөлөөлөх бөгөөд БНХАУ, ОХУ биднийг ШХАБ-руу элсэхийг улам хүчтэй шахах болно.

-Манай улсын зүгээс ШХАБ-д элсэх асуудлыг судалъя гэх байр суурийг илэрхийлсээр ирсэн. Цаашид хэрхэх бол?

-Хоёр хөрш маань ямар тогтолцоотой улс билээ. Хоёр хөрш хамтраад манай улсыг хайрцаглаад ирэхээрээ ямар байдал үүсдэг гэдгийг түүхэн гашуун сургамж сануулдаг. Бид одоогоор ШХАБ-д элсэх шийдвэрийг гаргахад судлах шаардлагатай байна гээд ухраагаад байгаа. Бидний хувьд хэдий хэмжээнд ухрааж болохоор байна, тэр хүртэл ухраах байх.

Манай улсын хувьд ШХАБ-ыг илүү эдийн засгийн шинжтэй, манай гуравдагч хөрш оролцсон, цэргийн эвслийн шинжтэй биш байгаасай гэж хүсдэг. Бид ШХАБ-д элсэх нь цаг хугацааны асуудал байж магадгүй. Гэхдээ хэзээ элсэн орох вэ гэдэг нь бидний гадаад бодлогодоо гаргах ухаалаг шийдвэр байх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

ШШГЕГ-ын анхны генерал Ж.Содномынх

Энэ удаагийн “Танайд өнжье” булангаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын анхны генерал Ж.Содномынхоос бэлтгэлээ.

Өдгөө нас сүүдэр 87 хүрч байгаа ч ухаан санаа саруул, нуруу тэнэгэр, насандаа баймгүй цовоо харагдах энэ хүн бол тэртээ 1953 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын босгыг хянагчийн албаар давж, дарга болтлоо дэвшиж, ШШГЕГ-ын анхны генерал цолыг энгэртээ гялалзуулсан эрхэм юм.

Тэрээр ШШГЕГ-ын дарга, Цагдаагийн ерөнхий газрын нэгдүгээр орлогч даргын албыг хавсарч хашиж байгаад 1989 оны тавдугаар сард тэтгэвэртээ суужээ. Биднийг очиход Ж.Содном гуай гэргийтэйгээ сонинынхон ирэв үү хэмээн угтаж, ширээний ард урилаа.

Тэрбээр “Өдрийн сонины өнөөдрийн дугаарыг уншиж сууна. Би сүүлийн хэдэн жил ганцхан танай сониныг л захиалж уншиж байна. Нэг бүрчлэн уншдаг юм” хэмээн инээмсэглэлээ.

Ж.Содном гуай эхнэртэйгээ нэг гэрт орсноос хойш өдгөө 66 дахь жилтэйгээ золгож байгаа аж. Түүний гэргийг Э.Ичинхорлоо гэдэг. Гэр бүлийн хоёр хар багаасаа айл саахалт явж, хамтдаа хонь хариулж явснаар ижил дасал болжээ. Э.Ичинхорлоо гуай залуу насаа дурсахдаа “Бид хоёр бие биенээ хар багаасаа мэднэ. Өвгөнийг хойшоо Москвад сурах гээд явсан хойгуур их санадаг байлаа. Ижий минь уйлаад л хүү минь аавынхаа зургийг харж өмөлзөөд л би гэдэг хүн өдөр хоногийг тоолж хүлээдэг байлаа” хэмээв.

Хошууч генерал Ж.Содномын 50 насны ойгоор Ю.Цэдэнбал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардуулж байгаа нь. 1983 он

Тэрбээр оёж шидэх үйлд уран бөгөөд амьдралынхаа туршид оёдолчноор ажилласан дөрөвдүгээр зэрэгтэй оёдолчин хүн. Ж.Содном гуай эхнэрээ “Үйлэнд уран бүсгүй байлаа шүү дээ. Аливааг нямбай, уран сайхан оёчихдог үйлчин явлаа” хэмээн бахархалтайгаар хөөрч суулаа. Хорвоог хамтдаа туулж буй тэдэнд нандин зүйл бишгүй олон. Түүний нэг нь гэрлэснээсээ хойш өнөөг хүртэл нандигнан хадгалж буй оёдлын машин юм. Э.Ичинхорлоо гуай “Хань минь надад энэ оёдлын машиныг гэрлээд удаагүй байхдаа тэмээн дээр үүрч дүүрч авч ирэн бэлэглэж байлаа” хэмээв.

Бидний яриа хөөрөө түүний бага нас ШШГЕГ-тай хэрхэн холбогдсон талаар өрнөсөн юм.

Тэртээ 1981 онд Ж.Содном ШШГЕГ-ын анхны генерал цолыг хүртэж, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал даргаар энгэрээ “цоолуулж” байсан нь түүний амьдралын нандин дурсамжуудын нэг аж. Гэрийнх нь хойморт түүний энгэрээрээ дүүрэн медальтай зургийг залсан байх агаад одоо тэдгээр тэмдэг, шагнал нь өөрт нь байдаггүй талаараа ч дурсаж байлаа. Тэрбээр төрсөн нутгийнхаа музейд гавьяа шагналын одон медалиудаа бүгдийг нь дурсгал болгон өгчээ. Учир нь гэрийн мухарт хадгалагдаж байснаас төрийн музейн үзмэр байсан нь дээр гэж бодсон аж.

Гэрийн эзэн 1950 онд 17 настай Дэлгэрцогт сумын бүрэн дунд сургуулийн долдугаар ангийг төгсчээ. Төгсөөд Улаанбаатар хотод Анагаах ухааны дунд сургуульд хуваарилагдаж очоод хэдхэн хоног суугаад нутгаа санаад байсан учир жинчдийн ачаатай тэмээтэй хамт гэртээ ирж малчин болжээ. Тэрээр энэ талаараа “Би чинь Дундговь аймгийн хоёрдугаар багийн иргэн, малчин хүн шүү дээ. Ажил амьдралын гараа маань малчны үйлсээр эхэлж, насны босгонд малаа малласаар хот руу орж ирсэн” хэмээв. Ж.Содном гуай үргэлжлүүлэн “Ижий, аав хоёр маань цэргийн алба хаагаад ир, бид хоёр хүлээхийг бодъё гэж хэлсэн юм. Ингээд би гэдэг хүн 1953 онд 20 насандаа цэргийн алба хашихаар аймгийн төв рүү явж байлаа. Цэргийн крантинаас 10-аад цэргийг авч үлдэн нэг, нэгээр дуудан уулзсан юм. Тэр үед хэлтсийн дарга хошууч н.Цэрэн-Очир гэж хүн цэргийн крантинд сууж байлаа. Яваад ортол элдэв бусын түүх, гарал үүсэл, улс төр, сонин хэвлэл, орон нутгийн амьдрал, гэр бүл гээд л бүгдийг л асуусан. Би ч “Цэрэгт яваагүй, 20 ч хүрээгүй байна. Гэрлэх болоогүй” гээд л их том дуугарч байлаа. Тэгсэн:

-“Чи энд цэргийн алба хаах уу, зөвшөөрөх үү” гэж асуудаг юм байна.

-“Зөвшөөрөлгүй яахав. Аав, ижий хоёр минь өндөр настай, ямар сайн юм бэ. Надаар юу хийлгэх юм” гээд л асуулаа.

Урдаас “Пийшин галлуулна гэж байна”.

-Би хээр гадаа хонож, аян жинд явж их юм үзсэн хүн. Дотор байгаа пийшинг ч өлхөн галлачихна гэлээ.

-“Чи хөлдөөчихгүй биз” гэж байна.

-Дотор байгаа пийшинг хөлдөөхөөс цаадахыг би хийж явсан гээд хэлээд тавьчихлаа.

Ж.Содном, гэргий Э.Ичинхорлоогийн хамт

Яг цэрэг ачих үед нэр дуудаад “Хэлтэстээ оч” гээд үлдээчихдэг юм байна. Ингээд л пийшин галлахаар үлдлээ гэж бодтол хорих ангид хянагчаар томиллоо. Ийнхүү Дотоод яамны хаалгыг анх удаа шүүхийн шийдвэрээр хянагчийн ажлыг гардаж авч байлаа. Хянагчаар таван сар гаруйхан хугацаанд ажиллаад хэлтсийн нарийн бичгийн бичээчээр томилогдож, тэр жилдээ хэсгийн төлөөлөгч болтлоо дэвшсэн юм. Ингээд 21-хэн настай малчин, юу ч мэдэхгүй хүү хэсгийн төлөөлөгч болж байлаа. Энэ бүхэн миний амьдралыг ШШГЕГ-тай салшгүй холбож өгсөн дөө” хэмээн хуучиллаа.

Тэрээр “Намайг Дундговь аймгийн хорих ангид хянагчаар очиход голдуу ахмад настай хүмүүс хоригдож байсан. Тухайн үеийн нийгэм их хүнд байлаа. Ард түмэн ноогдол үүргэндээ дарагдчихсан, үүрэгт албаа дийлэхгүй, төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйн улмаас шоронд орчихсон. “Яаж байгаад шоронд орчихов доо гэхээр, яахав дээ хүү минь хэдэн мал толгой цустаад ийм боллоо” гэнэ. Тэр үед хөдөө аж ахуйд маш их дарамт өгч байсан даа. Энэ жил 100 хонь тоолуулсан бол ирэх жил 125 хонь тоолуул гэдэг. Үүгээр ч зогсохгүй арьс шир, хялгас, хөөвөр, мах, ноос гээд бүх зүйлийг хэмжээтэй ногдуулна. Тэр төлөвлөгөөнд нь хүрч чадахгүй бол шоронд явуулдаг. Хоригдсон хүмүүсийн ихэнх нь монгол гуталтай, хөлөө чирсэн өвөгчүүл байгааг хараад их л өрөвддөг байсан юм, хөөрхий” хэмээв. Тэрбээр тусгай хэлтэст бичээч нарийн бичгийн даргаар ажиллаад удаагүй байхдаа. Аюулаас хамгаалах яамны хэсгийн төлөөлөгчөөр сум руу томилогджээ. Аюулаас хамгаалахын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёрын ажил тэр үед их өөр байсан талаар дурссан юм. Тухайн үед төлөөлөгч төр засгийн бодлого шийдвэр орон нутагт яаж хэрэгжиж байна. Ямар нөлөө гарч байна, хэн юу ярьж байна, хэн эсэргүүцэж байна, хэн төр засгийн бодлогыг дэмжиж байна гэсэн чиглэлээр ажилладаг байжээ.

Ж.Содном гуай ЗХУ-ын Москва хотын Дотоод яамны Шинжээчийн дунд сургуулийг шинжээчээр төгсөж, 1966 онд эх орондоо буцаж ирсэн аж.

Тэрээр “Тухайн үед шинжээч хийгээд төв газар сууна даа, одоо ч хэсгийн төлөөлөгч хийхгүй дээ гээд их л бардам ирсэн. Гэтэл “Хаа явуулахаа бид мэддэг юм аа” гээд яамнаас намайг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргаар томилчихдог юм байна. Ингээд 1972 оныг дуустал зургаан жил Дорноговь аймгийн Цагдаагийн даргын албыг хашсан. Тэр үед би өөрийгөө сайн ажилласан гэж боддог. Тухайн үед Дорноговь аймаг хамгийн их анхаарал татсан аймаг байлаа. Учир нь төмөр замтай. Үүнээс болоод хулгай дээрэм их гарна. Өнөөдөр хулгайд алдагдсан зүйл маргааш нь зах дээр зарагдаж байдаг. Хүн ам ч олонтой байв. Тухайн үед Дорноговь аймагт гарч байсан бүхий л хэргийг илрүүлж байлаа. Тэр дундаа онц ноцтой хэргүүдийг ч илрүүлж явлаа. Улсынхаа цагдаагийн байгууллагын шилдгээр ч шалгарч байсан удаатай. Ингээд Дорноговиос 1973 оны нэгдүгээр сард Увс аймгийн Аюулаас хамгаалахын хэлтсийн даргаар томилогдон очиж байлаа. Увсад гурван жил ажиллаад 1976 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар томилогдож ирсэн. Одоогийн ШШГЕГ тухайн үед засан хүмүүжүүлэх байгууллага гэдэг нэртэй байсан. Засан хүмүүжүүлэх газар их том газар байлаа. Ер нь Засан хүмүүжүүлэх байгууллага улсад их зүйл хийсэн шүү. Үүнийг ил гаргаж хэлэхэд хэцүү байдаг байх. Улсын хамгийн анхны Засан хүмүүжүүлэх байрыг барьсан. Анхны барилга, анхны тариалан, анхны сангийн аж ахуйнууд, анхны гар үйлдвэрүүдийн эхлэлийг Засан хүмүүжүүлэх газар тавьсан. 1944 онд улсын хэмжээгээр маш хүнд зуд болсон. Тэр үед ЗХУ-д дайн гарчихсан Монголд туслах боломжгүй. Тэр үед Засан хүмүүжүүлэх газар тариа тарьж Хараагийн хөвөөнд модон тээрэмж хийж бор гурил үйлдвэрлэж ард түмэндээ 3-4 хилээр өгч байсан. Тэр оны Цагаан сараар ардууд бор гурилаар хэвийн боовоо хийж байсан. Хайрцаг ёотонгоос 30, 30 ширхэгээр нэг айлд тоолж өгч байсан. Хэдэн ёотонгоо бор гурил дээрээ тавиад Цагаан сараа тэмдэглэж байсан үе. Ингээд бодохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар олон зүйлийг үндсийг тавьсан. Эх орны дайны үед Зөвлөлтөд манайх их бэлэг өгсөн шүү дээ. Тэгэхэд маш их цагаан нэхий дээл, хүрэм хийж өгсөн. Тэрний бүх арьсыг элдэж өгч байсан газар чинь Засан хүмүүжүүлэх газар. Нэг арьсыг 4-7 хоног элддэг. Гэтэл Засан хүмүүжүүлэх газрын нэг хүн хоногт 10 гаруй арьс элдэж өгч байсан. Тэр арьсаар нь улсын үйлдвэр зөвлөлтийн армид цагаан дээл, хүрэм хийж өгч байсан. Анхны замыг засангийнхан л барьж байлаа. Барилгыг ч мөн адил. Анх нэгдүгээр 10 жилийг анх удаа барьсан. Энэ бол Монголын анхны барилга. Тэр барилгын үүдэнд “Маршал Х.Чойбалсан, Д.Сүхбаатар, В.И.Ленин, В.Сталины толгойн баримлыг хийж тавьсан уран барималч дүү Чоймбал гэдэг хүн хоригдол лам байсан юм шүү. Чоймбол нэгдүгээр сургууль болон баримлуудыг хийж одон аваад шоронгоос гарч байлаа. Сүхбаатарын хөшөөний загварыг хийсэн хүн дээ” хэмээн залуу насаа дурсан санав.

Тэрээр Ю.Цэдэнбал даргаас хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардан авч байсан талаараа ч дурсан ярьсан юм. Гэрийн эзэн ургийн бичиг хөтөлдөг юм байна. Үүнээс цаашаа хүүхдүүд хөтлөөд явна биз дээ ч гэж хэлээд авсан юм. Ирэх жил чинь ШШГЕГ, ЦЕГ-ын 100 жилийн ой тохионо доо. Хэр баргийн хүн 100 жилийн ойг үзэхгүй шүү дээ. Ээ дээ, энэ хоёр ойг их хүлээж байна даа хэмээн инээмсэглэв.

Ж.Содном Дорноговь аймагт. 1970 он

Р.ХИШИГЖАРГАЛ