Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Д.Ангар: 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Төв банкны үнэт цаасны хүүг буулгах ёстой

Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.


-Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө боловсруулж баталлаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад инфляци өсөхгүй байх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргий-лэхийг Ерөнхий сайд хэлж байсан.Энэ талаарх таны байр суурь ямар байна вэ?

-Монголбанкаар дамжуулж эдийн засаг руу 10 их наяд төгрөг оруулахыг 110 хувь дэмжиж байгаа. Өнөөдрийн хувьд эдийн засаг маш хүнд нөхцөл байдалтай байгаа. Хуучин эдийн засаг сэхээний байдалтай байна гэж ярьдаг байсан бол өнөөдөр бүр үхлүүт байдалтай байна. Үхлүүт байдалд орсны нэг том шалтгаан нь сүүлийн гурван жил Монголбанкнаас хэт хатуу мөнгөний бодлого явуулж, эдийн засагт байсан бүх мөнгийг Төв банкны үнэт цаасаар өөр лүүгээ татсан. Төв банкны үнэт цаас дээр найман их наяд төгрөг байгаа. Мөнгө гэдэг зүйл чинь эдийн засаг дотроо эргэлдэж байж эдийн засаг тэжээгдэнэ.

Гэтэл Монголбанк Төв банкны үнэт цаас буюу иргэн, ААН-ийн гар дээр байсан мөнгийг банкны системээр дамжуулаад өөр лүүгээ татаад авчихаар эдийн засаг бэлэн мөнгөгүй болчихож байгаа юм. Эдийн засаг дээрээ эргэлдэж байх ёстой найман их наяд төгрөгийг төр нь өөр лүүгээ татаад авчихаар эдийн засагт нь газар тариалангийн талбайгаар жишиж яривал бороо орохгүй гурван жил болсон гэсэн үг. Үр дүнд нь эдийн засаг “борцлогдсон”. Ажилгүйдэл нэмэгдэж, компаниуд дампуурсан. Эдийн засаг дахь цусны эргэлт буюу мөнгөний эргэлтийг нь хав дарснаар эдийн засаг “хатангиршсан”. Сангийн сайд Б.Жавхлан 10 их наядын хөтөлбөр зарлах болсон шалтгаанаа хэлэхдээ эдийн засаг хүнд байна. Энэ чигээрээ байвал ойрын хугацаанд эрүүл мэндээ ч санхүүжүүлж чадахгүй байдалд хүрэхээр байна гэсэн.

Улс орны нэн тэргүүнд санхүүжүүлэх ёстой салбарууд байдаг. Үүний эхэнд байх эрүүл мэндийн салбараа санхүүжүүлж чадахгүй байдалд орсон байна гэдэг улс орны эдийн засаг маш хүнд байдалд орсон гэсэн үг. Ямартаа ч Монгол төр сүүлийн гурван жил буруу бодлого явуулснаа хүлээн зөвшөөрлөө, олоод харчихлаа. Үнэндээ огт олж харахгүй байсан юм. Төв банкны үнэт цаас гаргаад эдийн засгаасаа мөнгийг нь татаад байсан. Түүнийгээ инфляциа онилж байна, нам дор байлгах бодлогоо хэрэгжүүлж байна гээд байдаг. Инфляциа барьсан нь зөв. Гэтэл нөгөө талд нь эдийн засагт эргэлт байхгүй болчихоор ААН-үүд нь дампуураад эхэлсэн. Төрийн бодлого гэдэг нэг муйхар зорилго тавьчихаад дөргүй бух шиг зүтгээд байж болохгүй. Нийт эдийн засаг, ААН, иргэдээ харах ёстой. Зөвхөн инфляциа онилоод эдийн засаг дээр байсан бүх мөнгийг өөр лүүгээ татчихаар инфляци буух нь мэдээж ойлгомжтой. Хүмүүс мөнгөгүй юм чинь юугаа худалдаж авах вэ. ААН-үүд мөнгөгүй болохоор яаж үйл ажиллагаагаа явуулах вэ. ААН-үүд дампуураад ажилгүйдэл бий болоод эхлэхээр хожуу ч гэсэн Монголын төр алдаагаа олж харлаа. Одоо эдийн засгаасаа мөнгө татах биш,эдийн засаг руугаа мөнгө оруулъя гэсэн шинэ бодлогоо зарлалаа. Зөв. Ингэхээс өөр аргагүй.

-Мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэхээр эдийн засаг сэргэх үү?

-Мөнгөний эргэлтийг нэмэгдүүлж байж л эдийн засаг бүр сэргэдэггүй юм аа гэхэд ядаж бага зэрэг засал авна. Төр өөрөө эхлээд эдийн засгийг мөнгөгүй болгосон. Эдийн засгаасаа маш их мөнгө татсан. ААН, иргэдээ хүнд байдалд оруулсан. Энэ алдаагаа засах шийдэл гаргаж байгаа нь зөв. Мөнгөгүй эдийн засаг бол өдөр ирэх тусам нэг компани дампуураад, ажлын байр алга болж байдаг. Ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр ядуурал нэмэгдэнэ. Монголын төрийн мөнгөний бодлого ажилгүйдлийг бий болгоод, цаашаа ядуурлыг бий болгодог байж болохгүй биз дээ.

-Энэ цогц төлөвлөгөөгөөр Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл өгөхөөр туссан байна лээ.Ямар ААН-үүд энэ зээлийг авах эрх үүсэх юм бол?

-Хөтөлбөрийг нь дэлгэрэнгүй хараагүй байна. Ямартаа ч Ерөнхий сайд, Сангийн сайдын хэлсэн үгнээс харахад ААН-үүдэд гурван хувийн хүүтэй зээл өгнө гэж ойлгосон. Энэ зөв. Гэхдээ нэг асуудал байна. Энэ процессыг ил тод, хүртээмжтэй болгох ёстой. Тэгэхгүй бол бидэнд ЖДҮХС гээд гашуун туршлага бий. Эзнээ олсон зээл олгогдоогүй, УИХ-ын гишүүд хуваагаад авчихсан. Энэ хөтөлбөр ч гэсэн ил тод байдал хүртээмжийг нь бий болгохгүй бол өмнөх алдаагаа давтах эрсдэлтэй. Гурван хувийн хүүтэй мөнгө Монголд байтугай дэлхийн хэмжээнд бага хүүтэй мөнгөнд орно. Мэдээж ААН-үүд энэ зээлийг авахыг зорихоос өөр аргагүй. Эхнээсээ ямар компанид, ямар шалгуураар зээл өгснөө ил тод болгох хэрэгтэй. Сүрхий нэртэй хөтөлбөр зарладаг, түүнийг нь хэдхэн улстөрчдийн компани хуваагаад авчихвал нийтдээ ашиггүй.

-Ерөнхий сайд Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьж байгаа гэсэн. 10 их наядын зургаан их наяд төгрөгийг мөнгөний нийлүүлэлт хийх байдлаар бүрдүүлнэ гэж салбарын сайд хэлсэн. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэхээр мөнгө хэвлэж тараах болж байна уу?

-Мэдээж мөнгө хэвлэнэ. Засгийн газарт мөнгө байхгүй. ААН-үүдэд мөнгө өгөх байтугай, төсөв нь дөрөв, таван тэрбумын алдагдалтай болчихсон. Засгийн газар өөрөө хүнд байдалд байна. Удахгүй төрийн албан хаагчийн цалингаа авч чадахгүй хэмжээнд хүрэх эрсдэлтэй. Засгийн газарт 10 их наяд төгрөг байхгүй. Мөнгөний бодлогоор санхүүжүүлнэ гэдэг цаад утгаараа мөнгө хэвлэх л зүйл. Эхлээд мөнгө хэвлэхгүйгээр Төвбанк үнэт цаасныхаа хүүг буулгах хэрэгтэй. Найман их наяд төгрөгийнхөө ядаж 50 хувийг нь зах зээл рүү нийлүүлэх ёстой. Үр дүнг нь харж байгаад мөнгө хэвлэх тухай ярьж болно. Арилжааны банкуудаас найман их наяд төгрөгөө Төв банк бүхэл бүтэн зургаан хувийн хүү төлж авч байна. Тэгээд буцаагаад эдийн засаг руу мөнгө гаргана гэдэг ойлгомжгүй асуудал. Дээрх бодлогыг хэрэгжүүлэхийн өмнө Монголбанк Төв банкны үнэт цаасны хүүг буулгах ёстой. Болж өгвөл тэглэх хэрэгтэй. Тэгэхгүй бол эдийн засаг руугаа мөнгө орууллаа ч тэр мөнгө нь аж ахуйн нэгжүүд дээрээ очихгүй буцаад л ТБҮЦ-руу очно. Үүнийг хүүгийн арбитраж гэдэг юм. Бүр ямар ч эрсдэлгүй арбитраж үүсч үр дүнд нь хэдхэн хүн л завшаад өнгөрөх юм. Үнэт цаасны хүүгээ бууруулсан нь ковидын үед улс орнуудын бүгдийнх нь хийсэн алхам. Зарим нь үнэт цаасны хүүгээ тэглэсэн бол зарим нь 80-90 хувь бууруулсан.Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр төр нь эдийн засгаасаа мөнгө авахгүй. Мөнгө нь зах зээлийн зарчмаараа эргэлд гэх боломжийг өгч байгаа юм. Манайх баруун гараараа мөнгө тараагаад, зүүн гараараа татна гэж байж болохгүй биз дээ.

-Ямар ч эрсдэлгүй арбитраж үүсч үр дүнд нь хэдхэн хүн л завшаад өнгөрнө гэж байна. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч?

-Хүүгийн арбитраж гэж зүйл бий. Тодорхой жишээгээр тайлбарлая. Хөтөлбөрийн хүрээнд компаниуд гурван хувийн хүүтэй зээл авна. Тэр компанид хоёр сонголт үүснэ. Эрсдэл хүлээж бизнесээ эхлүүлэх үү, эсвэл ямар ч эрсдэлгүйгээр тэр мөнгөө аль нэг банкинд 3.5-5.5 хувийн хүүтэйгээр хадгалуулах уу гэж. Банкууд тэр мөнгийг ямар ч асуудалгүй авна. Учир нь банкуудад ямар ч эрсдэл байхгүй. Тэд цааш нь дамжуулаад Монголбанкинд зургаан хувийн хүүтэйгээр өгчихнө. Монголбанк эдийн засагт байгаа ямар ч мөнгийг зургаан хувийн хүүтэйгээр авна. Ингээд эцсийн үр дүнд нь улс хохироод дуусна. Дунд нь цөөхөн хэдэн хүн хэдэн зуун тэрбумаар нь арбитражийн ашиг хийнэ.

-Бүх санхүүжилтээ ямар нэгэн сангаар дамжуулахгүй зөвхөн арилжааны банкуудаар дамжуулахаа Засгийн газар илэрхийлсэн. Тэгсэн ч хүүгийн арбитраж гэх зүйл яригдах уу?

-Банкаар дамжсан ч бай, үгүй ч бай ямар нэг байдлаар хүүгийн арбитраж үүснэ. Яагаад гэхээр төр өөрөө баруун гараараа гурван хувийн хүүтэй мөнгө авчихаад зүүн гараараа зургаан хувийн хүүтэй мөнгө зээлээд байхаар энэ хооронд сэргэлэн хүн төрийн баруун гараас нь аваад зүүн гарт өгчихнө биз дээ. Төр өөрөө гурван хувийн алдагдал хүлээж байгаа юм. Арай ч ийм зүйлийг санаатай зохион байгуулалттай хийгээгүй байх гэж найдаж байна. Хүүгийн арбитраж 2012 оны Засгийн газар, Монголбанкны хамгийн том алдаа. Тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал бага хүүтэй ипотек, ААН-үүд рүү үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд баахан мөнгө хэвлээд өгчихсөн. Ингээд мөнгөө буцааж Төв банк 12-15 хувийн татаад байхаар тэр мөнгө угаагдчихаж байгаа юм. Үр дүнд нь цөөн хэдэн банк, цөөн хэдэн хүмүүс хожоод улс хохироод байна. 2012 оны Төв банкны бодлогын алдааг битгий давтаач ээ гэж хэлмээр байгаа юм. Давтахгүй ганцхан нөхцөл нь Төв банк үнэт цаасны хүүгээ буулгах юм.

-Монголбанкны дахин санхүүжүүлэх зээлд хоёр их наяд төгрөгийг зарцуулахаар хөтөлбөрт туссан байна лээ. Дахин санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зөв үү?

-Харин ч дахин санжүүжилт рүү илүү мөнгө тусгах ёстой. Дахин санхүүжилт рүү төр заавал мөнгө гаргах албагүй. Төв банк үнэт цаасны хүүг бууруулахад банкууд өөрсдөө эх үүсвэрээрээ энэ зах зээл рүү ороод явчихна. Эдийн засгийг ийм хүнд байдалд оруулсан гол зүйл чинь ердөө Төв банкны үнэт цаас. Үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын дунд эдийн засаг эргэлдэж байж нэг нь бараатай, нөгөө нь мөнгөтэй байна. Энэ хоёрын дунд гуравдагч хүн гарч ирээд хооронд нь дамжих ёстой бүх мөнгийг татаад явчихаар борлуулалт, худалдан авалт байхгүй болно. Өнөөдрийн байдал ердөө энэ. Эдийн засагт эргэлдэж байх ёстой мөнгийг Төв банк инфляци гэдэг нэрийдлээр аваад байгаа юм. Зүйрлэвэл төр баруун гараараа зодож байснаа зүүн гараараа аргадах гээд байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ж.Золжаргал: Оюу толгойн төсөлд Монголын талыг төлөөлөх мэргэжлийн удирдлагатай болгож, үйл ажиллагаанд нь оролцож, хянадаг болгоё

ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, инженер Ж.Золжаргалтай ярилцлаа.


-“Оюу толгой” төслийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор “Рио Тинто” компанитай хийх хэлцэлд зориулсан санхүүгийн загварыг Хөдөлмөрийн үндэсний нам боловсруулж Засгийн газарт танилцуулахаа мэдэгдсэн. Энэхүү санхүүгийн загвар танилцуулах шаардлага юунаас үүсэв?

-2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-аас Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол гарсан. Энэ тогтоолын утга нь манайд өгөх үр өгөөжийг бууруулахгүйн тулд 34 хувийн ногдол ашиг авах хэмжээг бүтээгдэхүүн хуваах гэрээ болгоё, эсвэл нөөцийн төлбөрөө таван хувь дээрээ нэмье, шижлүүлье ийм боломжийг судлаад УИХ-д танилцуул гэсэн үүргийг тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт үүрэг өгсөн. Одоогоор энэ ажил хийгдээд УИХ-д танилцуулагдсан зүйл байхгүй. Ямар шатандаа яваа нь тодорхой бус. 2019 оны төгсгөлд ийм тогтоол гараад 2020 онд сонгууль болоод юун Оюу толгой манатай. Засгийн газар олон зүйл дээр сайнтай, муутай ажилласан байх. Гэхдээ энэ тал дээр хангалтгүй ажилласан. Зөвхөн энэ Засгийн газар ч биш, 2009 оноос хойш өдийг хүртэл бүх Засгийн газар муу ажилласан. Хувь хүн гуравны нэгийг эзэмшдэг компанийнхаа тайлан баланс зардал шийдвэр гаргалтад огт оролцохгүй байна гэдэг утгагүй биз дээ. Тэгвэл Оюу толгойн гуравны нэгийг эзэмшиж байгаа байхад манай бүх Засгийн газар хангалтгүй ажилласан. Рио Тинто хөрөнгө оруулагчийн зүгээс бизнес яриад байдаг. Ийм шалтгаанаар ТЭЗҮ-д өөрчлөлт орж байна, газрын гүний геологийн нөхцөл ингэж өөрчлөгдөж байна, хөрөнгө оруулалт нэмэгдэх нь гээд тоо яриад байдаг. Гэтэл бид өөдөөс нь улс төр ярьдаг. Ингэхээр хоорондоо ойлголцохгүй. Тиймээс тэдэнтэй адилхан хэлээр ярьж, тэдний ярьж байгаа зүйл үнэн худлыг нь шалгаж чаддаг хүмүүс Оюу толгой компанийн удирдлагад байх ёстой. Тэдний дор шалгаж чаддаг томоохон мэргэжлийн баг ажиллах ёстой. Энэ ажлаа манайх огт хийгээгүй. Зөвхөн улс төр ярьсаар байгаад л таарсан. Үүний үр дүнд арга барил, хандлага нь буруу байна л даа.

-Засгийн газраас ямар нэгэн тоо баримт танилцуулаагүй биз дээ. Тэгэхээр бидний зүгээс өөрсдийн тоон судалгаагаа гаргаж ирэх ёстой юм байна, тийм үү?

-Тийм. УИХ-аас гарсан тогтоолын дагуу ажиллаад 34 хувийг шилжүүлбэл ийм байх нь, бүтээгдэхүүн хуваах гэрээ болговол ийм байна гэж тоо гаргаж ирж танилцуулах ёстой байсан. Тэр ажил нь хийгдээгүй байхад саяхан хүмүүсийг цочирдуулсан Монгол Улс хэзээ ч ногдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өрөнд орох юм байна гэх мэдээллийг томоохон албан тушаалтнууд хийлээ. Энэ тоо хаанаас гараад ирсэн гэхээр хөрөнгө оруулагч тал ТЭЗҮ-гээ шинэчлээд манай УУХҮЯ-ны зөвлөлд хүргүүлсэн. Тэнд үндэслээд тооцохоор ашиг авахгүй 22 тэрбум ам.долларын өрөнд орох юм байна. Байрны зээлтэй хүн боддогтой ойролцоо гээд ойлгочихож болно. Анхны авсан зээл 34 хувиа түүн дээр нэмэх нь авсан одоогийн байдлаар төлөөгүй хуримтлагдсан хүүний нийлбэр тооцсон 22 тэрбум ам.долларын өртэй болчихож байгаа юм. Энэ бол цаад талаас ирсэн ТЭЗҮ дээр үндэслэж гарсан тоо. Өөрсдийнх нь тоо хаана байгаа юм. Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэг нь үнэн юм уу, бодитой юм уу. Энэ тооцооллын монгол талын загвар нь хаана байна гээд Засгийн газраас асуухаар хэлдэг хүн байхгүй. Хэрвээ бид Рио Тинтотой хэлэлцээр хийнэ гэж байгаа бол өөрсдөө суурь зүйлтэй байх хэрэгтэй. Ийм зүйл алга. Үүнийг нь гаргаж ирье гээд “open oil” компанийн нээлттэй загварыг ашиглаад хурдан тооцоо хийсэн. 2016 оны мэдээлэлд үндэслээд тооцохоор 34 хувиас бидний авч болох үр өгөөжийг нөөцийн төлбөр рүү шилжүүлбэл одоо байгаа таван хувь дээр 1.5 хувийг нэмэхэд тэр дүн нь тэнцүү байна гэсэн тоо гарч байгаа юм. Гэхдээ түүнийг сольё гэсэн үг биш. Ийм бага хэмжээгээр нэмэхэд солих хэрэгтэй юү, үгүй юү гэдэг тусдаа асуудал.

-“Оюу толгой” төслийн суурь судалгаа хангалтгүй явагдсан юм байна гэж ойлгоод байна л даа?

-Тийм. Оюу толгой бол асар том мега төсөл. Дэлхийн хамгийн том орд төслүүдтэй эн тэнцэнэ. Ийм том төслийг дэлхийн хэмжээнд супер компаниуд хийгээд 60-70 хувь нь амжилтгүй болсон байдаг. Ямар тохиолдолд амжилтгүй гэж дийлэнхдээ үздэг вэ гэхээр хөрөнгө оруулалт нь 30 хувиас илүү нэмэгдчихвэл, хүлээгдэж байсан ашиг үнэ цэнэ нь сөрөг болдог. Эсхүл хэрэгжүүлэх хугацаа нь сунаад 30 хувиас урт болвол амжилтгүй болдог. Оюу толгойн хөрөнгө оруулалт анх дөрвөн тэрбум ам.доллар орчим ярьдаг байсан бол одоо сүүлийн ТЭЗҮ-ээр 16 тэрбум ам.доллар болох магадлалтай гэж байна. Энэ утгаараа амжилтгүй төсөл. Яагаад ийм том төслүүд амжилтгүй болдог вэ гэхээр олон шалтгаан бий. Улстөржилт үүнд орчихсон явж байдаг. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь нэгдүгээрт, суурь судалгаа техникийн хувьд хангалттай сайн хийгдээгүй. Бүх зүйлийг урьдчилж харах боломжгүй л дээ. Газрын гүнд геологийн нөхцөл яаж ч өөрчлөгдөж болно. Нэг чулуулгийн хатуулаг нь өөрчлөгдөхөөр түүнд шаардлагатай бэхэлгээнээс эхлээд хэрэглэх арга технологи нь өөр болно. Үнэ нь ч өснө. Хоёрдугаарт, эзний оролцоо хангалтгүй бол мега төслүүд амжилтгүй болдог. Ийм шийдвэр гаргахад эзэн оролцохгүй, хүний хүнд хамаг зүйлээ даатгаад орхичихсон бол том төслүүд амжилтгүй болох эрсдэл өндөр байдаг.

-Өнөөдөр төслийн хөрөнгө оруулалт дөрөв дахин нэмэгдэх шалтгаан юу байсан юм бэ?

-Барууны тоглоом дунд бид орчихсон явж байгаа. Дөрөв дахин хөрөнгө оруулалт нэмэгдэх хүртэл асуудал яригдаж байна гэхээр энэ төслийг удирдаж байсан хүмүүстэй хариуцлага ярих ёстой. Төслийн хөрөнгө оруулалт дөрөв дахин нэмэгдчихлээ. Рио Тинто давуу байдлаа ашиглаад удирдлагын багийг одоо хүртэл авч явж эхэлсэн. Манай талд тэнд нь оролцох гэрээний боломжууд байгаа. Түүнийг ашиглаагүй явж ирсэн. Рио Тинто (TH)-ийн давуу оролцоотой томилсон удирдлагын баг гол буруутан. Дээрээс нь Монголын талын хянах ажлаа хийгээгүй Засгийн Газар жинхэнэ том буруутан. Жишээ дурдахад, зөвхөн баяжуулах үйлдвэрт 15.6 сая хүн-цаг зарцуулсан байна. Инженерийн хөлс нэг цагт 50-250 ам.доллар байдаг гэвэл 1-2 тэрбум ам.доллар болно. “Тийм инженер тийм зураг төсөл, угсралтын ажил дээр тэдэн цаг зарцуулсан нь үндэслэлтэй” гэдгийг Засгийн газраас улс төрийн шалгуураар томилогдсон ТУЗ хянах чадамжгүй, мэдлэггүй, хүчгүй, бүр зөнд нь хаячихсан явж ирсэн. Тиймээс зардал хэтрэлтэд 2009-2021 Засгийн газрууд бүгд буруутай. Ганцхан баяжуулах үйлдвэрийн инженерийн хүн-цаг ийм байна. Цаана нь тоног төхөөрөмж, барилга угсралт, материал бий. Ил уурхай, далд уурхай, дэд бүтэц бий. Тэр бүгдийг манай хэдэн улстөрчид хяналаа юу. Улстөрчдийг зайлуулж дотоод гадаадын экспертүүд нийлсэн мэргэжлийн удирдлагатай болгохгүй бол Оюу толгой хэзээ ч өөдлөхгүй. Нэг бол Рио гар гээд, эсвэл Рио ёстой Монголыг аврагч гээд байх хэрэг байхгүй. Рио бол зүгээр л ашиг хийх гэж ирсэн этгээд, Монголын эрх ашиг тэдэнд хамаагүй. Тэд дайсан ч биш, нөхөр ч биш, наймааны хамтрагч. Монголын Засгийн газар, түүний томилсон компанийн удирдлага өөрсдөө ажлаа хийхгүй, мэдэхгүй бол тэд ашиглах нь мэдээж. Оюу толгойн төсөлд Монголын талыг төлөөлөх мэргэжлийн удирдлагатай болгож, үйл ажиллагаанд оролцож, хянадаг болгоё. Урьдчилсан тооцооллоор 34 хувиас хүртэх үр өгөөжөө нөөцийн төлбөр рүү шилжүүлэх юм бол 1.5 хувьтай тэнцэх нь. 1.5 хувиар Монголын талын 34 хувийг өг гэж байна гэж хүмүүс яриад байгаа юм. Тийм зүйл байхгүй. Хөрөнгө оруулагч талаас танайх ашиг авахгүй нь гэх ТЭЗҮ үзүүлчихсэн. Өрөнд орно, 34 хувь үнэ цэнэгүй шүү гэх мессэж өгөөд байна. Үнэ цэнэгүй гэвэл бид болиод оронд нь нөөцийн төлбөр өг гэвэл хүлээн зөвшөөрөх үү гэдгийг бодох хэрэгтэй. Ашигт малтмалын хууль дээр АМНАТ-ыг 5-10 хувь нэмэх боломжтой. Оюу толгой мөнхийн таван хувийн ш дээ. Эндээс АМНАТ ямар чухал гэдэг нь харагдаж байгаа биз дээ.

-34 хувийг хөрөнгө оруулагч талд өгөх, эсвэл манайх өөртөө үлдээх тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үүнийг солих уу, үгүй юү гэдэг тооцоог Засгийн газарт хийх үүрэг өгсөн. Сууриар нь харахаар дэлхий 22 сая тонн хэрэглэдэг. Хятад 12 сая тонн, талаас илүүг нь хэрэглэдэг. Гурван саяг нь гадаадаас аваад 9 саяыг нь өөрсдөө үйлдвэрлэдэг. 9 сая зэс үйлдвэрлэхийн тулд ойролцоогоор 36 сая тонн баяжмал хэрэгтэй. 36 сая тонн баяжмалын 12 саяыг нь гадаадаас аваад бусдыг нь өөрсдөө олборлодог. Үүний 10-20 хувийг Монгол Улс нийлүүлэх боломжтой. Хятад Австралиас зэс авахгүй болчихсон. Тэгэхээр зэсийн хэрэглээ улам үнэ цэнэтэй болно. Тиймээс Оюу толгойн үнэ цэнэ, ач холбогдол нь буурахгүй. Хөрөнгө оруулалт нь өндөр болчихсон учраас та нар алдагдал хүлээгээд байна гээд байна. Ер нь өр гээд байгаа зүйл нь үндэслэлтэй юм уу. Хөрөнгө оруулалт нь дөрөв дахин өсөх нь үндэслэлтэй эсэхийг батлах хэрэгтэй. Тэгэхээр мэргэжлийн инженерийн зөвлөх компаниуд, дотоодын экспертүүдийг ажиллуулна. Санхүүгийн зөвлөх чиглэлийн хүмүүс ажиллана. Чадлынхаа хэрээр хөрөнгө оруулалтыг бууруулаад түүнийгээ зөвшөөрүүлж чаддаг юм бол манай талын олох ашиг нэмэгдэнэ. Тэр нь боломжийн хэмжээнд нэмэхээр байвал бид 34 хувиа өгөх шаардлагагүй. Ирээдүйд гарах хөрөнгө оруулалт яаж нэмэгдэх вэ гэдэг дээр бид оролцоотой ажиллах ёстой. Хувь нийлүүлэгчдийн гэрээний 7.2 дээр менежмэнтийн багийг Монголын тал санал оруулаад өөрчилж болно. Хоёрдугаарт, Дубайн гэрээний 2.4 дээр жил бүр Монголын тал аудит оруулж болно. Шаардлагатай үед нэмэлт аудит оруулж болно. 7.3 дээр Эрдэнэс Оюу толгой компани мэргэжлийн үйлчилгээ үзүүлж болно гэж байгаа. Энэ нь өөрсдөөс нь мөнгийг нь аваад олон улсын инженерийн фирмээр үйлчилгээ үзүүлж болно. 34 хувиа хямдхан өгчихвөл бидэнд бас эрсдэлтэй. Нэгдүгээрт, дэлхийн зэсийн хэрэглээ нэмэгдэж байна. Талыг нь хятад улс хэрэглэж байна. Үнэ цэнэ нь улам өснө. Хөрөнгө оруулалт нь өндөр болчихсон учраас 34 хувиасаа хэзээ ч ашиг авахгүй гэж байгаа тохиолдолд өгчихөж болно. Гэхдээ тэгж үнэхээр нэмэгдэж байна уу гэдэг үндэслэлийг бид маш өндөр түвшинд батлах хэрэгтэй. Батлаад бууруулж чадвал 34 хувиа авч үлдэх нь ашигтай. Энэ ажлыг Засгийн газар нь манлайлаад мэргэжлийн хүмүүсийг томилоод хийлгэх ёстой. Цаанаас нь ТЭЗҮ яриад бид наанаас нь улс төр яриад байхаар амжилтад хүрэхгүй.

-Монголд ашигтай болгох ямар хувилбарууд байна?

-Үндэслэл гаргаж ирээд, улстөрчид зайгаа аваад мэргэжлийн хүмүүсийг оруулах хэрэгтэй. Хууль шүүхийн хөшүүрэг байж болно. Татварын маргаантай хоёр асуудал байгаа. Үүнийг хөрөнгө оруулагч талаас хүлээн зөвшөөрөхгүй Арбитарт хандчихсан. Бидний хувьд ялагдчих вий гэж айх хэрэггүй. Тултал нь явах хэрэгтэй. Ялах юм бол их хэмжээний татвар авна. Нөгөө талын хулхи нь бууна. Хөрөнгө оруулагчдыг үргээх гэж байна гэж бодох хэрэггүй юм. Татвар гэрээ цуцлахад ямар ч хамаагүй. Татвараа төлөөгүй бол Монголын хуулиар торгуулиа төлнө. Татвараа төлчихсөн байхад нэхэмжлэх гаргасан бол түүнтэй холбоотой зардлыг бид төлнө. Гэрээнд өөрчлөлт орохгүй. Өнгөрсөн жил өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг авлига албан тушаалын хэргээр хорилоо. Ерөнхийдөө олон нийтэд эдгээр хүмүүс Рио тинтогоос авлига авсан гэсэн мессэж өгөөд байдаг. Тэр компани хэдэн төгрөгийн авлига өгсөн гэх зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар холбоотой учраас яаж ийгээд холбогдох зүйлийг нь олоод суулга гэх даалгавар юм шиг харагддаг. Дан байдлаар авлига албан тушаалын хэрэг гаргаж ирээд суулгачихсан. Тэрнээс Рио Тинтогоос хэдэн төгрөгийн авлига авсан гэх зүйл нэг ч байхгүй. Аль нэг тохиолдолд Рио Тинто авлигатай холбогдсон нь батлагдчихвал өөрөөр ярьж болно. Бидэнд хүслийн нэлээд жагсаалт бий. 34 хувийг 10 хувь хүртэл АМНАТ болгох, удирдлагын баг үйл ажиллагаанд нэвт орох, анх өөрийнхөө зээлээр авсан 6.5 хувийг бууруулах, хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх хэмжээний орлогын албан татвараас чөлөөлнө гэсэн заалтыг алга болгох. Энэ бүхэн тоон дээр суурилж хэлэлцээр хийх ёстой учраас ХҮН анхны санхүүгийн загварыг гаргасан гэж ойлгож болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Гончигдорж: Цар тахлыг давж гарчихаад 2023 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиа чөлөөтэй явуулах завшаан бидэнд тохионо

Академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Та өмнөх ярилцлагадаа, Хэрэв УИХ Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2021 онд явуулахаар тов тогтоосон тогтоол гаргавал тэр тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргана гэж байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай тогтоол батлагдчихлаа. Та Цэцэд мэдээлэл гаргачихсан уу?

-Тэглээ. Нэгдүгээр сарын 29-нд үндсэн хуулийн Цэцэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр батлагдсан Уих-ын 2021 оны 07 дугаар тогтоол нь Монгол Улсын үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн Ерөнхийлөгчөөр… иргэнийг зургаан жилийн хугацаагаар… сонгоно” гэснийг зөрчиж байна гэж үзэж мэдээлэл гаргасан.

-Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2023 онд болох ёстой гэж та үзэж байгаагаа илэрхийлж, үндэслэлүүдээ тайлбарлаж байсан. Үндсэн хуулийн Цэцэд гаргасан мэдээлэлдээ хуулийн талаас нь илүү тодотгосон болов уу?

-Нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр…” иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж бүрэн эрхийн хугацааг заасан бол гучиннэгдүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгож болно” гэж Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдсон өөр өөр зүйлд байсан заалтуудыг нэгтгэн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт хэлбэрээр “дөрвөн” гэснийг “зургаан” гэж бүрэн эрхийн хугацааг өөрчлөн, өмнө нь дурдсан гучиннэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийн оронд “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа” сонгогдож болохоор өөрчилсөн юм. Нөгөө талаас “Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай” үндсэн хуультай нэгэн адил хүчинтэй хуульдаа үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар нэг шилжилтийн журам тогтоогоогүй учраас 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа, тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа зургаан жил болсон гэдгийг мэдээлэлдээ бичсэн. Уи х 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталж, 30-ны өдрөөс эхэлж мөрдсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульдаа дээр дурдсан үндэслэлийг хуульчлан баталгаажуулсан юм. энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад “ээлжит сонгууль” гэж Монгол Улсын үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар зургаан жил тутам явагдах сонгуулийг хэлнэ гэж хуульчилсан. Сонгууль товлон зарлах тухай 8 дугаар зүйлдээ 8.1 дэх хэсэгт Уи х ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно; 8.2 дах хэсэгт ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна гэж тус тус заасан. Гэтэл Уи х 2021 оны 07 дугаар тогтоолдоо “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгийг үндэслэн…” гээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэхээр товлон зарласугай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр байхаар тогтоосугай” гэсэн нь үндсэн хууль зөрчсөн байна гэж мэдээлэлдээ тодруулсан.

-Тэгэхээр энэ тогтоол Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг ч зөрччихсөн байна гэж ойлголоо.

-Тийм. Би бас тэгж үзэж байгаа.

-ҮХЦ таны мэдээллийг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргасан ч УИХ чуулган завсарласан учраас Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхгүй удахаар хугацаа нь тулчих юм биш үү?

-үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа Үндсэн хууль зөрчсөн гэсэн магадлал гаргавал Уих-ын тогтоолыг түдгэлзүүлнэ. ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ажиллагаа явагдахгүй. харин Уих-аар Цэцийн шийдвэрийг хүлээн авбал тогтоол хүчингүй болно. хүлээж авахгүй бол Цэц их суудлаараа эцсийн шийдвэр гаргаж тогтоол хүчингүй болно. Би ингэж итгэж байна. үндсэн хууль зөрчсөн энэ Тогтоол түдгэлзэж, улмаар хүчингүй болсноор аль хэдийнэ үнэртэж эхэлсэн, үүсч болзошгүй улс төрийн хямрал, магадгүй үндсэн хуулийн шинжтэй хямралаас сэргийлэгдэж, нөгөө талаас сонгуулийн зардалд төсөвлөгдсөн 26 тэрбум төгрөг улсын төсвөөс чөлөөлөгдөж цар тахлын улмаас бий болсон бэрхшээлийг давах, иргэдээ вакцинжуулахад зарцуулагдах боломжтой. үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2023 оны зургадугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр болно гэж үзэж байгаа. Цар тахлыг давж гарчихаад 2023 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиа чөлөөтэй явуулах завшаан бидэнд тохионо.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр: Өнөөдрийн тогтолцоогоор засгийн бүх эрх гагцхүү эрх баригч намын мэдэлд байнга байна гэсэн буруу зарчим үйлчилж байна

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ярилцлаа.


-У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлага хүлээж огцорч байгаагаа мэдэгдэж, цаашид ийм жишиг тогтоох үйл явц эхэллээ гэж тайлбарлаад өнгөрсөн. Шинэ Засгийн газар байгуулагдаад үйл ажиллагаа нь эхлээд явж байна. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Засгийн газар огцроход шинэ нөхцөл байдал бий болсон юм шиг хүмүүст ойлгогддог байх. Миний хувьд энэ удаагийн Засгийн газрын огцролт хариуцлага хүлээж байгаа нэртэй ч үнэн хэрэгтээ хариуцлагаас зугтаж байгаа огцролт гэж харж байгаа. Нэгдүгээрт, У.Хүрэлсүх “Би цэргийн хүн, тиймээс ковидын цар тахал гэсэн дайн эхэлчихлээ. Зүйрлэвэл бид дайны үед амьдарч байна. Дайны үед Засгийн газраа толгойлоод ажиллана гэх зэрэг сүржин мэдэгдэл хийсэн. Энэ дайны үед янз янзын л сорилт учирна шүү дээ. Харамсалтай нь хариуцлага хүлээж байгаа шалтгаар дайны фронтод ажиллаж байгаа хүмүүсээ хаяад явчихлаа. Нөгөө талаар У.Хүрэлсүхийн Засгийн газар бүр өмнө нь огцрох олон үндэслэл байсан гэж боддог. Яагаад гэхээр 22-ын товчоон дээр хүнд өвчтэй эмэгтэй хүн албан тушаалтнуудын хүнд суртал, хариуцлагагүй ажиллагаанаас болж нас барлаа. Монголд хүний эрх, эрх чөлөөний асуудал хүнд байдалтай болчихжээ. Энэ мэт хариуцлагагүй үйл явдал болж байхад УИХ нь Засгийн газартаа хариуцлага тооцох ёстой байсан. Тэгтэл УИХ парламентын засаглал гэсэн нэртэй нэг намын дарангуйллын засаглал тогтчихсон учраас намынхаа даргатайгаа хариуцлага тооцож чаддаггүй айдаг. Парламентын засаглалын үед УИХ биеэ дааж ажиллах чадваргүй болдог, Засгийн газрынхаа дагуул байгууллага болж хувирдаг учраас хариуцлага тооцох ажил хийгдэхгүй орхигддог байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой байлгах чиглэлд түлхүү анхаарсан гэдэг. Гэтэл энэ нь бодит байдал дээр биеллээ олж байгаа эсэх нь эргэлзээ төрүүлж байна гэж харж байна уу?

-Энэ бүхэн худал гэдэг нь мэдэгдлээ. Энэ юуг харуулж байна гэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд гаж тогтолцоог засч чадаагүй байна. Энэ бүхнийг засахын тулд эхлээд хууль тогтоох ажиллагаандаа баримтлах зарчмаа өөрчлөх шаардлагатай.

Соёлын асуудал юм даа. Монголчууд ерөөлд дуртай. Тийм учир бид хуулиа боловсруулж батлахдаа ерөөл хэлж байгаа юм шиг боловсруулж баталдаг. Ерөөл шиг хууль гаргаад сайн хүн хүрч ирээд хийчихнэ гэж боддог. Сайн хүн гэхээсээ илүү зөв хууль улсыг удирддаг. Харин бусад улсад хуульдаа ерөөл айлдаж байгаа байдлаар ханддаггүй. Тэд муу хүн гарч ирээд хуулийн цоорхойг ашиглаад муу зүйл хийчих вий гэж бодож бүх зүйлийг нь хааж өгдөг юм байна. Манайх үүниий яг эсрэг. Сайн хүн гарч ирж байж л энэ хууль хэрэгжинэ гэдэг байдлаар хуулиа хийчихдэг. Манайд их эрх мэдэл их аюулыг дагуулдгийг сайн ойлгодоггүй. Эрх мэдэлтэй болж байгаа нь ч, эрх мэдэл өгч байгаа нь ч ойлгодоггүй. Эрх мэдлийн цаана асар их мөнгө, олон хүний хувь заяа оршиж байдаг. Тиймээс бид хуулиа хийхдээ энэ бүхнийг анхаарах ёстой. Ерөөл шиг бодож боловсруулаад баталсан Үндсэн хуулиа өөрчлөн шинэчлэх ёстой. Гол зарчим улс орны маань эзэн бол ард түмэн мөн гэсэнд оршино. Энэ зарчим “Засгийн бүх эрх мэдэл гагцхүү ард түмний мэдэлд байнга байна” гэсэн ойлголт дээр суурилна. Бүх эрх мэдлийг нэг хүн, нэг байгууллагад өгч болохгүй, тэгвээс дарангуйлал үүснэ, харин энэ их эрх мэдлийг засаглалын гурван эрх мэдэл болгон хувааж тэнцвэржүүлж хэрэгжүүлэх ёстой гэсэн онол бий. Энэ онолоор л явах ёстой.

-Засаглалын гурван эрх мэдэл болгон хувааж тэнцвэржүүлж хэрэгжүүлэх ёстой гэж байна. Яг яаж явна гэсэн үг вэ?

-Хууль тогтоох, хууль хэрэгжүүлэх, шүүх гэсэн засаглалын гурван эрх мэдэл нэг нэгийгээ хянаж байж, тэнцвэртэй хэрэгжиж байж шударга ёс тогтоно, нийгэм эв нэгдэлтэй болно, төр засаг хариуцлагатай болно. Онолоороо энэ гурвыг тус тусад нь байлгах ёстой гэдэг. Гэтэл өнөөдөр манайд Парламентын засаглал нэртэйгээр хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийг УИХ-д олонх суудалтай намын мэдэлд өгчихсөн байгаа. Тухайлбал, гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрыг, Засгийн газрын тэргүүнийг ард түмэн сонгодоггүй. Ингэхээр Засгийн газар ард түмнээс хамааралгүй, харин намаас хамааралтай болж байна. Шүүхийг парламент томилдог болж байна. Тэгэхээр шүүх мөн адил ард түмнээс хамааралгүй болчихоод байна. Үнэн хэрэгтээ парламентад олонх болсон намаас хамааралтай болж байна. Ингээд Засгийн бүх эрх мэдэл гагцхүү ард түмний мэдэлд байнга байна гэсэн зөв зарчим зөрчигдөж, манай өнөөдрийн тогтолцоогоор Засгийн бүх эрх гагцхүү эрх баригч намын мэдэлд байнга байна гэсэн буруу зарчим үйлчилж байна. Тэгвэл ардчиллын өлгий улс, ардчиллын үлгэр жишээ улс гэдэг Америкт ард түмэн шүүхээ сонгож байна. Түүнчлэн Ерөнхийлөгчөө сонгоод Ерөнхийлөгч нь Засгийн газраа бүрдүүлэн тэргүүлж байна. Тэнд Засгийн газарт парламентын нэг ч гишүүн байж болдоггүй. Тэгэхээр бид парламенттайгаа адил шүүхээ, Ерөнхийлөгчөө буюу Засгийн газраа ард түмнээрээ сонгох хэрэгтэй. Ингэж байж ард түмэн улсын эзэн болно.

-Та дээр хүний эрх, эрх чөлөөний асуудал хүнд болсон байна гэж дурдсан. Цар тахлын үед хүний эрх яригдахгүй байна гэж харж байгаа юм уу?

-Хүний эрхийн хороо тоглоомын байгууллага болчихлоо. Дуу хоолойгоо хүргэж байгаа юм алга. Яагаад гэхээр парламент хүний эрхийн Үндэсний хорооны гишүүдийг томилдог. МАН томилж байна гэсэн үг. Тэд МАН шүүмжилж болохгүй гэсэн ойлголттойгоор ажилладаг. Ингээд эрх баригчид хүний эрхийг зөрчихөд тэд амаа үдүүлсэн юм шиг дув дуугүй, чив чимээгүй сууна. Уг нь аливаа улс орны хамгийн чухал асуудал бол хүний эрх, эрх чөлөөний асуудал юм шүү дээ. Тийм учир хүний эрх, эрх чөлөөг найдвартай хамгаалж, иргэд эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдэлнэ гэвэл Хүний эрхийн үндэсний хорооны гишүүдийг ард түмнээс сонгох ёстой. Сүүлийн жилүүдэд монголчуудыг хооронд нь талцуулж, баян хоосноор нь хувааж байгаа асуудал бол яахын аргагүй байгалийн баялгийн асуудал. Байгалийн баялгаа дундын хамтын өмч болгоогүй цагт энэ их хурц байдал, хэрүүл маргаан, нийгмийн ялгарал хуваагдал арилахгүй. Тийм учир нэгд, байгалийн баялгийг нийт ард түмний дундын хамтын өмч болгоё, хоёрт, шүүхийг, гуравт, хоёр танхимтай парламентыг, дөрөвт, Ерөнхийлөгчөөр төлөөлөн Засгийн газрыг, тавд, хүний эрх, эрх чөлөөг хянаж, хамгаалж байдаг байгууллага болох хүний эрхийн Үндэсний хорооны гишүүдийг ч ард түмнээр сонгуулъя. Ингэж “Засгийн бүх эрх мэдэл гагцхүү ард түмний мэдэлд байнга байна” гэсэн суурь зарчмыг хэрэгжүүлье гэж хэлэх байна. Би хүн муулалгүй буруу тогтолцоог шүүмжилж, зөв тогтолцоогоор сольё гэж хэлж байгаагаа товч тайлбарлалаа. Ойлгоход, хэрэгжүүлэхэд хэцүү биш. Ингэж чадвал нэг нам биш, нэг хэсэг хүн биш, нийт монголчууд хожно. Энэ таван асуудлыг нэн даруй шийдье, ард түмний саналыг асууя гэхээр эрх баригчид хөдлөхгүй байна. Энэ гаж тогтолцоог засаагүй цагт нэг нам улсыг аврахгүй. Нэг хүн ч аварч чадахгүй. Улс орныг зөв тогтолцоо л аварна. Тэр цагт хэн ч ажилласан улс орон зөв замаараа урагшилна.

-МАХН парламентад нэг суудалтай. С.Ганбаатар гишүүн Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх асуудлаар олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргахыг Ерөнхий сайдаас шаардаж өлсгөлөн зарласан. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Ганбаатар маань энэ асуудлаар олон жил тэмцэж байгаа. Тэгж тэмцсэнийх нь төлөө өчнөөн харлуулсан. Ер нь Оюу толгойн гэрээний асуудал эрх баригчдад улайссан чулуу шиг байдаг. Хэн ч зориглож барьж авдаггүй. 2019 онд Оюу толгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг ярья гэж байтал Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Х.Баттулга нар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн нэрийдлээр Оюу толгойн гэрээний ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхээс зайлж зугтсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийг ард түмнээс нь улам холдуулж, төр засгийн тогтолцооноос аливаа хариуцлага тооцдог механизмыг авч хаяад нэг нам, сонгуульд ялсан нэг намын дарангуйллын тогтолцоо болгож хувиргасан. Тэгээд залгаад 2020 оны сонгууль гээд улайраад явчихсан. Сүүлийн үед Оюу толгойн асуудал нэлээд яригдаж байна. Оюу толгойн эзэн болсон “Рио Тинто” компани Монголын Засгийн газрыг хууль бус татвар тавилаа, тэрийг нь төлөхгүй гэх зэргээр маргалдаж, яг ковидын цар тахлын хүнд үед Монголын талыг олон улсын арбитрын шүүхэд өгч нэхэмжлэл гаргасан. Үүний хариу болгож манай Засгийн газар тайлбар, нэхэмжлэл гаргах ёстой байтал тэгсэнгүй. Ингээд Оюу толгой Монголын улс төр, улс төрчдөөр тоглодог тоглоом болчихлоо. Энэ ордыг эзэмшиж байгаа “Рио Тинто” компани Монголын улс төрийг шууд болон шууд бус аргаар удирддаг болчихлоо гэж харж байна. Одоо шинэ Засгийн газар Оюу толгойн гэрээг Монголд ашигтай гэрээ болгон өөрчлөх тухай шийдвэр гаргаж ажлаа эхэлбэл сайн гэж бодож байна. Хэрэв энэ Засгийн газар зарим гишүүдийнх нь ярьж байгаа шиг Оюу толгойн гэрээг сайжруулан засч, Дубайн гэрээг хүчингүй болгож чадвал ядарсан ард түмнийхээ итгэлийг нэг хэсэг авч харьцангуй тогтвортой ажиллаж магадгүй. Хэрэв хэлсэндээ хүрч чадахгүй бол тогтвор муутай Засгийн газар болно. Энэ асуудлыг Энхбаяр, Ганбаатар хэлж, шахаж шаардаж байна гэж эмзэглэлгүй Оюу толгойн асуудлыг үнэхээр нухацтай авч хэлэлцээд, заавал МАН дангаараа бус бусад улс төрийн хүчнийг оролцуулж байгаад, хамгийн гол нь яаж шийдэхээ ард түмнээсээ асууж байгаад шийдэж болно шүү дээ. Эрх баригчид энэ гэрээг өөрчлөх юм бол Монгол Улс их хэмжээний торгуульд орчихно гээд байгаа. ЗГХЭГ-ын дарга болсон Нямдорж “Би Оюу толгойн гэрээг цээжээрээ хамгаална, энэ гэрээг оролдох нь аюултай асуудал” гэх зэрэг хариуцлагагүй юм ярьж, хүмүүсийг санаатайгаар төөрөгдүүлэн айлгасаар ирсэн. Тэгвэл монголчууд бид энэ асуудлыг олон улсын шүүхэд хүргэлгүйгээр, Монгол Улсыг торгуулахгүйгээр шийдэх арга бий гэдгийг мэдэж байгаа шүү дээ.

-Ямар арга?

-Их Британийн Засгийн газрын хэрэглэсэн арга. Их Британи Улс Европын холбоонд байх эсэхээ ард түмнээсээ асуусан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хэн ч маргалдаж чаддаггүй, маргалдаж болдоггүй эрхийн тухай ойлголт байдаг. Тухайн улсын ард түмний бүрэн эрхийн асуудал. Тус улсын ард түмэн бүрэн эрхийнхээ дагуу шийдсэн асуудлыг олон улсын шүүх, НҮБ, Лондон, Шведийн Стокгольмын шүүх, ер нь аль ч шүүх, байгууллага буруу гэж хэлж, дүгнэж чадахгүй. Ард түмэн өөрийнхөө улс орны нутаг дэвсгэр дээр ямар ч асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдэх бүрэн эрхтэй. Тиймээс Оюу толгойн гэрээг өөрчлөх эсэхийг Монголын ард түмнээс асуух хэрэгтэй. Оюу толгойн гэрээг заавал ганцхан Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Х.Баттулга нар шийдэж чадна гэж бодоод, цаадуул нь шийдэх гээд байгаа юм шиг жүжиглээд, бид ч тэгэхийг нь хүлээгээд цаг хугацаа алдаад байх хэрэггүй. Энэ асуудлыг ард түмнээсээ л асуучих хэрэгтэй. Харин өнөөгийн эрх баригчид ийм санал гаргахгүй цаг хожоод байгаа юм. Санаатай, санаагүй нь мэдэхгүй юм. Би тэдэнтэй уулзаж байхдаа хэлж байсан. Оюу толгойн гэрээгээ өөрсдөө засч чадахгүй, шүүх дээр дуудагдахаас айгаад байгаа бол ард түмний санал асуулга явуулчих. Монголын ард түмнийг ямар ч шүүх дуудаж чадахгүй. Ард түмний санал асуулгыг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаад явуулчих. Энэ ажлыг хийгээч ээ. Өөрсдөө ард түмнээс сонгогдчихоод одоо хамгийн чухал асуудлаар ард түмнээс асуухаасаа айгаад байж болохгүй шүү дээ. Хийж мэдэхгүй байгаа бол бусад улс төрийн хүчнийг уриач ээ. Бидэнд үүнийг ажил хэрэг болгоод өгөх мэдлэг, туршлага байна.

-Оюу толгойн гэрээг өөрчлөх эсэхийг ард түмнээсээ асуух ёстой гэж үзэж байгаа юм байна гэж ойлголоо.

-Би Оюу толгойн гэрээнээс болж өчигдрийн хамтран зүтгэгчид, өнөөдрийн өрсөлдөгчдөөсөө салсан. Тухайн үед Оюу толгойн гэрээн дээр Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, одоогийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нартай санал зөрсөн. Гэхдээ тэд намайг хилс хэргээр шоронд хийнэ гэж бодоогүй. Олон улсад том том гэрээ байгуулах, алдах, онох талаар ихээхэн мэдээлэл, туршлага хуримтлагдсан байна. Мөн сүүлийн үед эрдэмтдийн хийсэн судалгааны дүгнэлтүүдийг бас харах хэрэгтэй. Хамгийн гол нь энэ их баялаг Монголын нутаг дэвсгэр дээр байгаа гэдгийг тооцох ёстой. Бид харь улсын нутагт байгаа баялгийн хойноос хөөцөлдөөд байгаа юм биш шүү дээ. “Оюу толгой” гэдэг орд байгааг монголчууд өмнө нь огт мэддэггүй байсан юм биш. Мэдэж байсан учир Оюу толгой гэж нэрлэсэн. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг. Бидэнд ч бас санаа авахаар туршлага бий. Эргээд санахад, “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хотын талаар Цэдэнбал дарга, Бреженев гуай нар нэг чухал зарчим тохирсон байдаг. Тухайн үед Монголд мэргэжлийн боловсон хүчин байхгүй, мөнгө байхгүй, хууль эрх зүйн мэдлэг чадвар байхгүй, технологи байхгүй байжээ. Тэгэхээр Монгол Улс ЗХУ-тай тохирохдоо Зөвлөлтийн нөхдүүд технологио өгнө, мөнгөө оруулна, төмөр зам, цахилгаан станц, бүхэл бүтэн хот, үйлдвэрийн газрууд, сургууль, цэцэрлэг, орон сууц барина. Үйлдвэр тогтвортой ажиллахад хэрэгтэй бүх ажлыг хийнэ, тийм учир эхлээд 25 жилийн хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөж, ашигтай ажиллахын тулд үйлдвэрийн 51 хувь нь ЗХУ-ын мэдэлд байна гэж тогтжээ. Харин 25 жилийн дараа монголчууд хүсвэл “Эрдэнэт-ийн 51 хувийг шилжүүлэн авч, гэрээг өөрчилж болно гэж тохирсон байна. 2003 онд би Ерөнхий сайд байхдаа багтайгаа хамт их өрийн асуудлыг шийдэхдээ тухайн үед байгуулсан гэрээний энэ зарчимд тулгуурлан “Эрдэнэт”-ийн 51 хувийг Монголын талд авч гэрээг өөрчилсөн. Ингэж 2003 онд 11.7 тэрбум ам,доллартай тэнцэх их өрийг тэглэж шийдэхдээ “Эрдэнэт”-ийн асуудлыг хамтад нь шийдэж байсан. Хэдий том ч “Рио Тинто” нэг л компани шүү дээ. Тэгвэл бүхэл бүтэн ОХУ-тай том асуудлыг ингэж шийдэж чадаж, бас ингэж шийдэж болж байсан байна шүү дээ. Би Ерөнхийлөгч байхдаа Оросын нөхдүүдтэй хамтран ажилласан ийм сайхан жишээ байна. Нэг бол анхнаасаа Монголын тал 51-ээс дээш хувь авна. Харин 49 хувийг авч байгаа гадаадын хөрөнгө оруулагч бүх зардлыг даана гэж тохиръё гэсэн санал тавьсан. Гадныхан энэ болзол хүндхэн байна гэсэн. Тэгэхэд нь ЗХУ-ын жишээгээр эхлээд хөрөнгө оруулж байгаа тал нь 51-ээс дээш хувийг авч байгаад тодорхой хугацааны дараа Монголын талд 51-ээс дээш хувийг буцааж өгнө гэж тохиръё гэсэн. Та нар оросуудаас илүү биш гэхэд оросуудтай адилхан бай л даа гэж ятгаж байлаа. Гуравдагч хөрш орны төлөөлөгчид Оросоос илүү сайхан сэтгэл гаргах болов уу гэж бодсон чинь тэгж чадахгүй юм шиг байна. Оросууд шиг бай л даа гэсэн. Монголын талын 51 хувь дээр ямар нэг өр ирэхгүйгээр шийдье, яагаад гэвэл энэ бол Монголын баялаг. Ер нь ийм байр суурь баримталж ойлгуулж, ятгаж байгаад бараг хүлээн зөвшөөрүүлж чадсан. Гэтэл 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намайг хуйвалдаж унагаагаад 2009 онд Оюу толгойн гэрээг байгуулах ажил гэрлийн хурдаар шийдэгдсэн. Ингээд энэ их баялаг гадныхны гарт очсон. Харин монголчууд баялгаа өгсөн биш өрөнд орсон. Ийм утгагүй гэрээ болсон. Оюу толгойн гэрээ байгуулагдаж байхдаа анх 2020-иод он гараад ногдол ашиг өгөх байснаа, янз бүрийн шалтгаар хойшилсоор одоо 2050 он гарч байж ногдол ашиг өгч магадгүй гэж хэлж байгаа. Ямар ч бизнесийн гэрээ 50 жилийн дараа ногдол ашгаа өгдөг байж таарахгүй. Тэгэхээр энэ бол муу гэрээ гэж дүгнэхээс өөр арга байхгүй. Өнөөдөр Ганбаатар, Энхбаяр нар гэнэт сэрчихээд тэмцээд байгаа юм биш. Бид энэ ордын асуудлыг Монголдоо ашигтай байхаар шийдүүлэх ёстой гэсэн зарчмыг анхнаасаа баримталж байсныхаа дагуу байр суурин дээрээ хэвээрээ байгаа юм.

Хэрэв өнөөгийн эрх баригчид энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол энэ тэмцэл цаашид ч үргэлжилнэ. Бид биш гэхэд шударга өөр залуус гараад л ирнэ. УИХ, Засгийн газар нь шийдэж чадахгүй байгаа бол Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг шийдвэрлэх санаачилгыг гартаа авч болно шүү дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Тэмүүжин: МАН-д Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө Ерөнхийлөгчийн хууль руу маш тодорхой нарийвчлаад биччих зориг зүрх алга

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Өнгөрсөн өдрүүдэд улс төр нэлээд өрнөлтэй байлаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлага хүлээж огцорч байгаагаа мэдэгдэж, цаашид ийм жишиг тогтоох үйл явц эхэллээ гэж тайлбарлаад байгаа. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

-У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлага хүлээж огцорсон гэх дүр зураг харагдахгүй байна.Шинэ байгуулагдаж буй Засгийн газар нь өмнөх Засгийн газрын хүлээж буй хариуцлага дээр сургамж авч бүрдэж байгаа шинж лав алга. У.Хүрэлсүхийн Засгийн газар сайн Засгийн газар байгаагүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайдынхаа хувьд маш муу Ерөнхий сайд байсан гэж би хувьдаа хэлнэ. гүйцэтгэх эрх мэдлийг толгойлж буй хүнийхээ хувьд У.Хүрэлсүх Засгийн өмнө нийгэмд босч ирсэн асуудлуудыг шийдэхээс илүүтэй байнга түүнээс зугтагч, нуугдагч байсан. Харин өөрийнхөө босгосон, зохиосон асуудал дээр сүржин мэдэгдлээр хуурмаглаж, шийдэлгүй улс төрийн пиараар аргацааж хугацаагаа өнгөрөөлөө. Түүний улстөрчийнхөө хувьд хийсэн том ажил нь мангас зохиож,зохиосон мангасаа дарсан баатар болж жаал жүжиглэх шив дээ. М.Энхболдыг ноолж ямартаа ч мангасаа дарсан баатар эрийн замналаар гурван жил давхилаа. Харин сүүлийн нэг жил ковидыг аймшиг болгон харуулж, түүнтэй байлдаж буй баатар эрийн дүрд жаал орсон байх. Өөрийнх нь хэлснээр шүү. гардан тулаанд орлоо гээд байсан хүн маань дайнаа дуусгалгүй дайны талбараасаа зугтчихав уу яав. Тэр хүний хий сүржигнэдэг нь ч дүүрч. Ер нь үе үеийн Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайдуудаас хамгийн муу нь байсан гэж яагаад хэлж байна гэхээр өмнөх бараг бүх Ерөнхий сайд ажил хийхийн тулд өөрт нь саад болоод, эрх мэдлийг нь булаацалдаад байгаа Ерөнхийлөгчтэй шөргөөцөлддөг байв. Учир нь ажил хийлгэдэггүй, өмнүүр нь орж эрх мэдлийг нь булааж авдаг, давхар Засгийн газар, давхар төсөв үүсгэдэг,нийгэмд босч байгаа асуудлыг шийдэх гэхээр асуудлыг өрдөж өдөөгөөд хажуу хавиргаас нь түгжилдээд зовлонтой байдаг тэр эрх мэдэлтэнтэй муудалцдаг байсан. У.Хүрэлсүхийн хувьд өмнөх Ерөнхий сайдуудаас ялгаатай нь Ерөнхийлөгчтэй зөрчилдөх биш хамтарч түншлэх гэж оролдсон. Хамтын ажиллагаа байж болно. гэхдээ хамгийн эмгэнэлтэй нь Засгийн газрын бүрэн эрхийг, гүйцэтгэх эрх мэдлүүдийг зарим чиг үүргийг Ерөнхийлөгчид найр тавин бэлэглэж, мөнгө, томилгоо, зарим том төслүүд дээр хамжигч, хамтрагч маягтай явсан нь.

Өмнө нь ямар ч Ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдлийг сайн дураараа бусдад шилжүүлж байгаагүй юм. Хамтарсан гурван жилд хөшигний ард юу болсон нь ирэх жилүүдэд ил болох биз. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэгийн хоёр жил хүрэхгүй хамтралын үр дүн ил болсоор л байгаа. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрынх юу сонсогдох юм бүү мэд. Харин сонирхолтой нь сая У.Хүрэлсүх засгаас буухдаа хамтрагч руугаа дайрна лээ. Дадсан зангаараа мангастай байлдаж баатар болох гэсэн юм уу, эсвэл үнэхээр гурван жил хуримтлагдсан шударга бусын хаалт задарсан юм уу, бүү мэд. УИХ-ын индэр дээрээс үг хэлээд орхино лээ. Би хувьдаа У.Хүрэлсүхийг хариуцлага үүрч огцорсон гэхээсээ илүү мангас үйлдвэрлэж мангастайгаа тулалдах ажлаа эхлүүллээ л гэж ойлгосон. Үнэнийг хэлэхэд Засгийн газар огцорсон нь хариуцлага үүрэх гэхээсээ хариуцлагаас зугтаасан л хэрэг.

-Шинэ Засгийн газар байгуулагдаад удаагүй байна. Л.Оюун-Эрдэнэ сайд танхимаа бүрдүүлчихлээ. Шинэ Ерөнхий сайд, шинэ кабинетын дүр төрхийг та хэрхэн харж байна?

-Би Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг давтаж байна уу гэж харж байна. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа Хэрэг эрхлэхийнх нь дарга байсан хүн Ерөнхий сайд болж гарч байсан. Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газрын гал тогоог барьж байсан, одоо энэ Засгийн газрын толгой болж байна. Хоёр л зам бий. Нэг бол өмнөх Засгийн газрынхаа гал тогоог барьж байсан арга барилаар дахиад хэн нэгний гал тогоо болно. Эсхүл өөрийгөө чөлөөлж эрс өөр, шийдэмгий алхам хийх зориг гаргана. Салаа замын алинаар явахыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ дахиад л үе үеийн Ерөнхий сайдуудын зовлон учирна. Ерөнхийлөгчийн суганд хавчуулагдах уу, эсхүл Ерөнхийлөгчтэй нүүр тулж хийх ёстой ажлаа гүйцэлдүүлэх үү. Тэр хүний л сонголт. У.Хүрэлсүх эхний замыг сонгосон Ерөнхий сайд байсан.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой байлгах чиглэлд түлхүү анхаарсан гэдэг. Гэтэл энэ нь бодит байдал дээр хэрэгжихгүй байна уу гэх хэсэг байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын тогтвортой байдлыг хангах чиглэл рүү өөрчлөлт ороогүй. Ерөнхий сайдад сайдуудаа мэдэх эрхийг л шилжүүлж өгсөн. Ерөнхий сайд Засгийн газар тогтвортой байх тухай ярих бол 1992 оноос хойших түүхийг эргээд харах ёстой. Үе үеийн Засгийн газар байнга огцрохдоо 50 хувь нь нэг хүнээс хамааралтай байсан. Тэр нь Ерөнхийлөгч. Хэн гэдэг хүн байхаас үл шалтгаалаад шүү дээ. Засгийн газрыг дандаа Ерөнхийлөгчийн хатгаас, оролцоотойгоор огцруулдаг.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр үүнийг засъя гэж бодсон бол Ерөнхийлөгчийг хэн байх, хаанаас сонгогдох вэ гэдгийг шийдэх ёстой байсан. Монгол Улсад Засгийн газартай өрсөлддөг, мөнгө төсөв булаацалддаг, бодлогын хоёрдмол утга гаргадаг, гадаад бодлого дээр Монгол Улсыг олон цонхтой болгодог, ийм институцийг байлгах эсэх бол гол шийдэл байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд АН-аас тавьж байсан нэг гол шаардлагыг санаж байгаа бол тэр нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох тухай. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгохгүйгээр гүйцэтгэх эрх мэдлийг нэг эзэнтэй, тогтвортой байлгана гэдэг худлаа. Тэгээд дээр нь шалтгаан бус шалтаг олоод үсэрчихдэг Ерөнхий сайдтай байхад Засгийн газар тогтвортой байна гэж бүр ч байхгүй. Ажлаа хийж чадахгүй, хариуцаж авсан бүх ажил нь дампуураад байхад, засаг муу ажилласан гэж үнэнийг хэлчих зүрхгүй, гоёчилсон хувийн пиар хийгээд дараагийн мангастай байлдмаар байна гээд үсрээд зугтчихдаг Ерөнхий сайдууд байх юм бол Засаг тогтвортой байгаад ч утгагүй. Ажил хийхгүй засаг удах хэрэггүй шүү дээ.

-Саяхан Шүүхийн тухай хууль батлагдлаа. Гишүүд болон хуульчид нэлээд ам сайтай байгаа. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга зорилгодоо хүрч чадсан уу. Шүүхийг улс төрөөс, шүүгчийг шүүгчээс нь хараат бус байлгах зорилт биелсэн үү?

-Шүүгчийг хараат бус байлгах, бие даасан байдлаар ажиллуулахад хоёр зүйлээс шүүгчийг чөлөөлөх хэрэгтэй байсан. Нэгдүгээрт, улс төрийн нөлөөллөөс, хоёрдугаарт шүүхэд ажиллаж байгаа “дарга” шүүгч, дээд шатны шүүхээс нь. Шүүхийн Дотоод хараат бус байдал буюу шүүгчийг шүүгчээс чөлөөлөхтэй холбоотой алхмууд урагшаа явсан байх аа. Гэхдээ нэг нүх үлдсэн харагдана лээ. Шүүгчид хариуцлага тооцох сахилгын хорооны шийдвэр эцэслэхдээ Дээд шүүхийн оролцоотой байна гэдэг бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Шүүгчийн сахилгын хороо гэх институцийг шүүхээс хөндлөнгийн бие даасан байдлаар байгуулж байгаа зорилгыг үгүй хийж байна. Шүүгчийг шүүгчид нь найдаж орхихоор өөр өөрсдийгөө хамгаалаад хэн нэгний барьцаа руу бүх шүүгчээ аваачиж өгчихөөд байгаа учраас шүүхээс гадуур бие даасан тербунал хэлбэрийн Сахилгын хороо байгуулах тухай санаачилга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гарсан. Тэрийг буцаагаад дээд шүүхэд аваачаад өгнө гэдэг өмнөх практикаас өөрчлөгдөхгүй л гэсэн үг. Тэгэхээр тэнд нэг нүх байна. Тэр нүхээр нь заан багтах юм уу, хулгана багтах юм уу,бүү мэд. Хуульд зүүний сүвэгчийн нүхний хэмжээний нүх үлдэхэд авлигачид тэрүүгээр заан багтаагаад аваад гарчихдаг гэх үг байдаг. Тэгэхээр хуулийг буруу хэрэглэхдээ ичихээ байчихсан,тэр дундаа дээд шүүхийн маш их амбицтай, шүүгч гэхээсээ улстөрч болчихсон, шүүгчийн ажлаа хийхээс илүүтэй улс төрийн найруулга дотор гүйгээд байгаа хүмүүст ийм хэмжээний зүүний сүвэгчийн нүх үлдээнэ гэдэг бол тэрүүгээр нь шүүгчийн хараат бус байдлыг бүтнээр нь гаргаад явчихвий гэх болгоомжлол бий.

-Энэ хуульд ШЕЗ-ийг бүрдүүлж байгаа арга барил нь зөв үү?

-Шүүгчийг хуульчдаас шилж сонгох чиг үүрэгтэй ШЕЗ-ийн асуудлыг УИХ дээр авчирсан байна лээ. Монгол Улс парламентын засаглалтай,хариуцлагатай ардчиллын замаар урагшилна гэж бодож байгаа бол зарим талаар зөв байх. Гэхдээ нэг нөхцөлтэй. Парламентад нэг улс төрийн нам хэт давамгайлдаг, бүх эрх мэдлийг авдаг байдлыг болиулахгүйгээр шийдвэл аюултай.Үүнийг зогсоохгүйгээр УИХ-д эрх мэдэл татах нь нэг нам, нэг намын даргад эрх мэдэл төвлөрүүлж байгаа мэт харагдахыг үгүйсгэхгүй. Нэг намын засаглалд очихгүй гэвэл нэг арга зам бий. Энэ бол пропорциональ сонгуулийн тогтолцоо. Санал гээгддэггүй. Шийдвэр гаргах олонхтой, нөгөө талд нь хүчтэй цөөнх ажилах боломжтой, Засгийн газар хяналттай байх их чухал.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй юү, үгүй юү?

-Энэ асуудал 2017 онд Ерөнхийлөгч болсон хүний тухай яриа ерөөсөө биш.2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших, оролцох хүмүүсийн тухай яриа. Тиймээс одоо байгаа Ерөнхийлөгч болон өмнө Ерөнхийлөгч байсан хүмүүст зориулсан сонгуулийн тухай ярихаа болиод энэ удаагийн сонгуульд нэр дэвших гэж байгаа хүмүүст адил тэгш тавигдах Үндсэн хуулийн шаардлагын тухай ярих учиртай байх. 2019 онд баталсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг сонгох шаардлагатай холбоотой хэд хэдэн өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, 50 нас хүрсэн байх, хоёрдугаарт, нэг хүн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, гуравдугаарт, бүрэн эрхийн хугацаа зургаан жилээс ихгүй байхаар өөрчилсөн. Шинээр орсон гурван нөхцөлийн хоёр нь үйлчилнэ, нэг нь үйлчлэхгүй гэдэг зарчим хуульд байхгүй.1992 оны Үндсэн хуульд жишээ нь нэг хүн хамгийн ихдээ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг найман жилээс дээш хэрэгжүүлж болохгүй гэсэн зарчим байсан. Ерөнхийлөгчийг дөрвөн жилээр сонгоно, нэг удаа улираан сонгож болно гэж бичсэн. Тэр хугацааг сая бууруулаад зургаан жил болгосон байхад нэг хүн тэнд “Би 10 жил бүрэн эрх хэрэгжүүлмээр байна” гээд 1992 оны Үндсэн хуулиас давсан мандатын бүрэн эрх яриад сууж болохгүй. Зөвхөн нэг удаа, зургаан жилээр, тавин нас хүрсэн байх гэдэг шаардлага бүх нэр дэвшигчид ижил тавигдана. Энэ шаардлагаар Үндсэн хуулиа тайлбарлаж хэрэгжүүлэхгүй юм бол Үндсэн хуульд “зөвхөн нэг удаа зургаан жил” гэж бичиж, нэмэлт, өөрчлөлт оруулсны утга учир байхгүй.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үл тоодог, үйлчлэлийг нь саармагжуулж хүчгүйдүүлдэг жишгийг У.Хүрэлсүх бий болгосон. Маш муу манлайлал, муу жишиг үлдээсэн. Учир юу гэхээр,2020 оны тавдугаар сард Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үйлчилж эхлэхэд У.Хүрэлсүх Засгийн газар кабенитаа Үндсэн хуульд нийцүүлж өөрчлөх байтал хууль нь гараагүй бол Үндсэн хууль үйлчлэхгүй гэдэг юм ярьж Үндсэн хууль нэг мөр үйлчлэх зарчмыг гажуудуулсан. Эндээс хууль нь тодорхой биш бол Үндсэн хуулийг нулимаад Үндсэн хуулиас гадуур өөр зарчим, хэм хэмжээгээр байж болох юм байна гэдэг жишиг тогтсон. Энэ жишгээ үргэлжлүүлж байгаа мэт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хууль тогтоогчид их бүрхэг зүйл бичсэн байна лээ.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ямар бүрхэг зүйл байна?

-Хууль тогтоогчид Үндсэн хуулийн заалтаа ч бичих зориггүй байна лээ. Үндсэн хуульд заасан зарчмаар Ерөнхийлөгч сонгоно гээд биччихсэн байна лээ. Зарим нэг гишүүд энэ зүйлийг Цэцэд хандаж тодорхой болгоно гэх зүйл ярьж байх. МАН-д Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө Ерөнхийлөгчийн хууль руу маш тодорхой нарийвчлаад биччих зориг зүрх байхгүй байна гэсэн үг. Зугтаж бултах аргаараа хуулийн бүрхэг байдлыг Цэцээр тайлбар гаргуулж, Цэцийн шийдвэрийн ард нуугдах л санаатай юм болов уу даа.

-Та АН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн байсан. Яагаад нэрээ дэвшүүлэх болов?

-Улс төрийн үйл явцаас хойшоо суух хүсэл алга. Тэр дундаа буруу эргүүлэгт АН эргэлдэж байгаа бол түүнийг зөв болгохоос ухраад байх эрх алга. Итгэж үнэмшдэг үзэл санаа, хэрэгжүүлэхийг хүсдэг бодлого зарчмынхаа төлөө ачаа үүрч, хариуцлага хуваалцахаас татгалзахгүй л гэж хэлж байгаа юм.

-Намын даргын сунгаа хэзээ болох вэ?

-Сунгаа болох, эсхүл шинэ дүрмээрээ өөр хэлбэрээр намын дарга сонгох гэдэг аль аль нь одоохондоо тодорхойгүй байна.

-АН-ын дотоод зөрчил яг юу болоод байна вэ?

-АН дотооддоо маргаантай байна. Дотооддоо асуудлаа шийдэх гээд үйл явц өрнөж байгаа. Энэ үйл явцыг олон нийт ч, эрх барьж байгаа нам ч соргогоор ажиглаж байгаа АН-ын дотор үл ойлголцох байдал, хоёрдмол байр сууриуд олон байна. Аль дүрмээрээ энэ нам ажиллаж байна гэдэг нь бас тодорхойгүй байна. Энэ намыг төлөөлөх хүн нь хэн гэдэг нь ч тодорхойгүй байна. Тэгснээс нам байдгаараа л байгаа. АН үнэт зүйл зарчим дээрээ нэгдсэн хүмүүсийн итгэл үнэмшил болохоос биш,тамга цаас тойрч суусан хүмүүсийн нэгдэл биш. АН хоёр удаа УИХ-ын сонгуулиар том ялагдал хүлээсэн. 2012-2016 оны хамгийн том хэрүүл нь ямар зарчим, үнэт зүйлтэйгээ ойлгохоо байтлаа хэрэлдсэн. Сүүлдээ намын дарга нар нь баруун, зүүн хамаа байхгүй гэж хүртэл ярьсан.Энийг С.Эрдэнэ засах гэж оролдсон. Гэвч бид ялагдсан. 2020 оны ялагдлын дараа С.Эрдэнэ хариуцлагаа хүлээгээд Туваанд тамгаа өгөөд явсан. Ц.Туваан тамга аваад нам дотор ялагдалтай холбоотой дүн шинжилгээ хийх гэж оролдсон. Бидний гол алдаа нэг даргад чирэгдээд намаараа чиргүүл төдий болчихож. Энэ үнэхээр буруу байна. АН олон лидер зэрэгцэж суугаад хамтаараа шийдвэр гаргаж, олноороо чирдэг, эгнээгээрээ урагшилдаг нам болохоос нэг хүн урдаа гаргачихаад бусад нь чирэгдээд явдаг нам биш байна аа. Тийм учраас хамтын удирдлагатай, эгнээгээрээ урагшилдаг нам болох ёстой гэх Ц.Тувааны эхлүүлсэн дүрмийн шинэчлэлт зөв шинэчлэлт. АН бол нэг эзний араас чирэгддэг хамжлагууд биш, олон лидер зэрэгцэж зогсож байгаад үзэл санааныхаа төлөө урагшаа алхдаг тийм л нам байсан. Тийм болох ёстой гэдэг дүрмийн шинэчлэлтийг Ц.Туваан эхлүүлсэн. Би үүнийг дэмжиж байгаа. Гэхдээ Туваан алдаа гаргасан. Санаатай, санаагүй олон үйл явц улс төрийн хувьд АН-ыг одоогийн Ерөнхийлөгчид хадган дээр тавиад бэлэглэж байгаа юм шиг харагдаж эхэлсэн. Үнэхээр дүрмийнхээ хувьд нам хамтын, багийн удирдлагатай байх ёстой гэдэг зөв зам дээр зогсож байгаа боловч явж байгаа үйл хэргүүд нь Х.Баттулга гэдэг хүнд АН-ыг бэлэглэж байгаа мэт дүр зураг харагдаад эхэлсэн. Намын гишүүд дэмжигчдийн дунд нэг хүний гараас нөгөө хүний гарт нам орчихож байгаа юм биш үү. 2020 оны сонгуулиар МАН-д тусалж АН-ыг ялагдахад хамгийн их хувь нэмэр оруулсан хүмүүс болох Ж.Батзандан, Лу.Болд нар Ерөнхийлөгчтэй хавсраад нам авах гэж байгаа юм биш үү. Шонхор таураас Бодь таур хооронд нүүлгэх гэж Ц.Туваан тамга авлаа гэж үү. Төрийн толгой дээр байсан урвагчид намын толгой дээр буцаад ирчихэв үү гэх дургүйцэл намд үүсчихэж. Энэ дургуйцэл С.Эрдэнэд ч бас төрөө биз. 30 жил зүтгэсэн, бүтээлцсэн намыг, энэ олон хүний хөлс хүчээр боссон ардчиллын тугыг нь сүүлийн жилүүдэд ардчилалд хамгийн их хор хүргэж буй хүнд өгөхийг зүгээр хараад суумгүй санагдаа биз. Ерөнхийлөгч болоод дөрвөн жил болоход ардчилал, иргэний эрх чөлөө, улс орны дэвшилд эерэг, нэмэх нэг ч санаачилга, алхам авчирсангүй. Харин ардчиллын эсрэг МАН-тай, У.Хүрэлсүхтэй хамтарч ажилласан түүх л үлдлээ.Үндсэндээ гурван жил Х.Баттулга,У.Хүрэлсүх хоёр нэг хүн шиг байлаа. Харамсалтай нь У.Хүрэлсүх багаа хуулаад өөр хүн болох гээд түрүүлээд зугтаачихлаа. Сүүлийн гурван жилд шинэ МАНАН тогтсон. Маш их хэмжээний эрх мэдэл, мөнгө, хууль бус хулгай энэ хоёрын хамтарч нөмөрсөн хөнжил дотор байгаа. Энэ хөнжлөө нэг нь сэвээд зугтаах гэж оролдож байна. Гэхдээ тэр хөнжил дотор Х.Баттулга ганцаараа үлдэхгүй шүү дээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах гэж С.Эрдэнэ яаж тэмцлээ. Одоогийн Ерөнхийлөгч АН-ын бүлгээс гурван хүнийг яаж сугалж авч У.Хүрэлсүхэд өглөө. Энэ бүхэн хуучраагүй түүх. С.Эрдэнэ үүнийг харсан. Дахиад Х.Баттулгад АН-ыг өгнө гэдэг У.Хүрэлсүхэд аваачиж өгч байгаа хэлбэр. Тэдний тоглоом дуусаагүй. Ж.Батзандан, Л.Болдоор Хүрэлсүх яаж тоглолоо. Одоо бүтэн намаар тоглох гэж байна. Тэр хоёр шагналаа аваад явдаг юм байгаа биз. АН тэдний шагналын төлбөрт явж болохгүй. Үүнийг ойлгоод С.Эрдэнэ тэсэлгүй, босч байгаа биз. Би Ц.Тувааныг ч, Эрдэнийг ч буруутгахгүй байна. Тэд цаасны булан, тамганы бариул төдийхнөөр хэрүүл хийж намаа задалж, эрх баригчдын өгөөш болох хүмүүс биш. Одоо бид АН-ыг өөрсдийнхөө 30 жил итгэж явсан үнэт зүйлтэй нь хамт хаяа хатавч бараадуулах биш гэрээ засаад тулгаа тэгшлээд үзэл санааныхаа галыг, улс орныхоо хөгжлийн галтай хамт өрдөөд явах цаг болсон.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Мөнхцэцэг: Засгийн газар солигдсон ч Монгол Улсын хөгжлийн бодлого, МАН-ын амлалт өөрчлөгдөхгүй

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Ерөнхийлөгч Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудад хориг тавьсан. МАН-ын бүлэг хоригуудыг хүлээж авсангүй. Авлигын тухай хуулиас асуухад АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгосноор томилдог болох нь ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй юү?

-Хуульд Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ-ын томилгооны сонсгол хийж томилно гэж өөрчилж байгаа. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газрын даргыг томилох эрх хуучнаар буюу УИХ-д хадгалагдаж, гагцхүү санал болгох субьект нь Ерөнхийлөгч байсныг Ерөнхий сайд болгон өөрчилсөн. Мөн дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга нь томилдог болох өөрчлөлт оруулсан. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, Төрийн албаны тухай хуультай уялдаж гарч байгаа өөрчлөлт юм. УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа. Гэтэл Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаагаар томилохоор заасан байсан. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар хуульд өөрчлөлт оруулсан юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалтай хэрхэн уялдаж байна гэхээр өнгөрсөн 30 жилд засаглалын нэг субьектэд эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн явдлыг халж харилцан тэнцвэртэй байх зарчмыг органик хуулиуддаа суулгаж өгөх явдал юм. Сая баталсан Шүүхийн тухай хууль бол үүний тод жишээ. Өнгөрсөн жилүүдэд Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгогдсон эрх мэдлийн хүрээнээс хальсан, шүүх засаглалд нөлөөлөх маш олон эрх мэдлийг Ерөнхийлөгчид олгож ирсэн байдаг. Жишээ нь, 1993 онд шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх, Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн. Сахилгын зөрчил гаргасан шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэгтэй Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдийг Ерөнхийлөгч томилдог болсон. 2006 онд Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн нь мөн л эрх мэдлийн хэтийдэл болсон. Иймд Авлигатай тэмцэх газрын даргын нэрийг Ерөнхий сайд дэвшүүлэх нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүй, нөгөө талаас авлигатай тэмцэх бол Үндсэн хуулиар Засгийн газарт олгосон үндсэн бүрэн эрх болох гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээний нэг юм. Үндсэн хуулийн 38.2.7-д Засгийн газрын бүрэн эрхэд “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх” гэж заасан байдаг.

-Өнгөрсөн 30 жилд засаглалын нэг субьектэд эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн явдлыг халж харилцан тэнцвэртэй байх зарчмын тод жишээ Шүүхийн тухай хууль гэж байна. Энэ хууль батлагдсанаар шүүх болон шүүгчид улс төрөөс хараат бусаар ажиллах нөхцөл боломж нь хангалттай бүрдсэн үү?

-Шүүхийн тухай хуулийн үндсэн зорилго нь шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал байсан. Энэ зорилгоо биелүүлж чадахуйц хууль баталсан гэж бодож байгаа. Эрх зүйт төрийн үндсэн зорилго нь шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал учраас Шүүхийн шинэчлэлийн үндсэн зорилго үүнд чиглэж байна. Тэгвэл энэ зорилгыг хангахад шүүхийн томилгоо чухал нөлөөтэй байдаг. Тийм учраас Шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн томилгоонууд дахь тодорхой субьектийн нөлөөлөл, улс төрийн болон бусад ашиг сонирхлыг арилгах, шүүхийг мерит зарчмаар томилон бүрдүүлж хараат бус, хариуцлагатай шүүх тогтолцоог бий болгохоор өөрчлөлтүүд хийсэн. Ингэхдээ шүүх тогтолцооны гол институт болох Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог улс төрөөс хараат бус, мэргэжлийн байх зарчмаар сонгон бүрдүүлэхээр зааж өгсөн. Мөн шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чухал чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийг олон улсын жишгээр мэдлэг, чадвар, хандлага, ёс зүй, туршлагад үндэслэн сонгон шалгаруулалтаар бүрдүүлэх болно. Мөн шүүгч хараат бус ажиллах баталгааг зааж өгсөн. Шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгч хэн нэгний нөлөөнд авталгүй бие даан шийдвэр гаргадаг байхын тулд хууль зүйн болон эдийн засгийн баталгааг төрөөс хангаж өгсөн байх учиртай. Шүүхийн тухай хуулийн 43-51 дүгээр зүйлд шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглох, шүүгчийн эдийн засгийн баталгааг хангах, шүүгчийн халдашгүй байдлыг хангах зохицуулалтыг оруулж өгч байна. Иймэрхүү Шүүхийн тухай хууль нь тогтолцооны том өөрчлөлт хийсэн хууль болсон. Одоо хараат бус шүүхийг бий болгож, хуулийг шударгаар хэрэгжүүлэх эсэх нь Монголын шүүгчдээс өөрсдөөс нь хамаарна. Ерөнхийлөгч энэ хуулийн тодорхой заалтуудад хэсэгчлэн хориг тавьсныг МАН-ын бүлэг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Тухайлсан хориг тавьсан заалтуудыг хүлээн авахгүй байх эрх зүйн үндэслэлүүд бий.

-Тухайлбал?

-Ерөнхийлөгчийн хоригт Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ-аар томилох, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүн нь эрх зүйч байж болохгүй хэмээсэн нь хуульд нийцэхгүй байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 49.5-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэж заасан. Энэ нь ШЕЗ-ийн гишүүдийн тав нь шүүгч, тав нь шүүгч биш байх утгыг илэрхийлж байгаа юм. Яг энэ агуулгаар Шүүхийн тухай хуульд дээрх хориг тавьсан заалтууд орсон. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тал нь шүүгчид дотроосоо буюу нийт шүүгчдийн хуралдаанаас нууц санал хураалтаар томилогдоно. Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн дөрвийг мөн өөрсдөө нууц санал хураалтаар сонгоно. Энд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар оролцохгүй. Шүүх эрх мэдэлд хөндлөнгийн нөлөөлөл орохвий гэсэн болгоомжлолоор томилгооны талыг шүүгчдэд өөрсдөд нь олгосон. Энэ бол шүүгчдийг шүүх эрх мэдлийнхээ дархлаа байгаасай гэсэн үүрэг хариуцлагыг өндөрсгөж өгсөн хэрэг. Харин ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилохоор Шүүхийн тухай хуульд зааж өгсөн нь олон улсын жишиг юм. Шүүхийн ерөнхий зөвлөл бүхий Франц, Испани, Итали зэрэг улсад уг зөвлөл дэх шүүгч гишүүдийг шүүгч нар нь сонгох, шүүгч биш гишүүдийг нь парламент ихэнхдээ дийлэнх олонхоор томилдог. “Ардчилсан зарчмаар зохион байгуулагдсан тогтолцоонд шүүхийн зөвлөл нь парламентаар дамжин илэрхийлэгддэг ард түмний хүсэл зоригийн төлөөлөлтэй холбогдсон байх хэрэгтэй” гэж Европын зөвлөлийн Венецийн комисс үздэгийг дэлхийн улс орнууд шүүхийн практиктаа хэрэглэж ирсэн. Ер нь парламентын засаглалтай улсад ШЕЗ гэх мэтийн томилгооны асуудлыг тэнцвэртэй шийдэхийн тулд Ерөнхийлөгчид бүрэн эрх нэмж өгөх замаар бус, харин парламент дахь олонх болон цөөнхийн зөвшилцүүлдэг механизмыг илүү их хэрэглэдэг. Гэтэл өнөөг хүртэл манай шүүх практикт хэрэглэж ирсэн жишиг үүнээс өөр байгаа юм.

-Өнөөгийн практикт яаж явж ирсэн юм бэ?

-ШЕЗ одоогоор таван гишүүнтэй бөгөөд эдгээр таван гишүүнийг бүгдийг нь, мөн даргыг нь Ерөнхийлөгч томилдог. Эдгээр таван гишүүний гурвыг шат шатны шүүхийн шүүгчид, нэгийг Хуульчдын холбоо, нэгийг хууль зүйн асуудал эрхэлсэн сайд Ерөнхийлөгчид санал болгодог ч энэ процесс нь маш хаалттай, олон нийтийн болон хуульчдын оролцоо, хяналтгүй явагдаж ирсэн. Ингээд Ерөнхийлөгч өөрийн томилсон ШЕЗ-ийн дарга, гишүүний санал болгосон хүнийг шүүгчээр томилдог одоогийн тогтолцоо нь түүний зүгээс шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэл үүсгэж ирсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Монголын бүх шүүгчийг, ерөнхий шүүгчдийг ШЕЗ-ийн гишүүдийг, Шүүхийн ёс зүйн хорооны бүх гишүүнийг 100 хувь ганцаараа томилж байгаа. Энэ хэт төвлөрсөн эрх мэдэл нь өөрөө хонгилыг үүсгэлээ гэдэг шүүмжлэлийг бий болгосон. Үүнийг засч залруулах нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон түүний дагуу сая батлагдсан Шүүхийн тухай хуулийн нэг гол зорилт байсан юм.

-Сүүлийн үед улс төр нэлээд бужигнаж байна. Цар тахлыг дотооддоо алдсаны улмаас манай улс хөл хорио тогтоогоод багагүй хугацаа өнгөрч байна. Хариуцлагатай хүндхэн цаг үед Засаг огцорч байгаад шүүмжлэлтэй хандах хүмүүс нэлээд байна. Үүнд та ямар байр суурьтай байна?

-Засгийн газар тогтвортой байх ёстой гэдэг зарчмын үүднээс би Засгийн газрыг огцорч байгаад шүүмжлэлтэй хандаж байсан. Харин засаг тогтвортой байхаас илүү хүмүүнлэг зарчим, ёс зүйн хариуцлагыг чухалд тавьж ард түмнийхээ өмнө алдаа гаргасандаа уучлалт гуйн Ерөнхий сайдын огцорч буйг хүндэтгэн үзэж байгаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх шударга ёсны төлөөх тэмцлийг эхлүүлж, нийгмийн бүх шатанд сахилга, хариуцлагыг чухалчилж, намаас нэр дэвшигчдэд ёс зүйн өндөр шалгуур тавьж ирсэн. Цар тахлын хүнд нөхцөлд эрүүл мэндийн салбарт хариуцлага алдаж, ард түмний итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг явдал болсон нь ёс зүйн хариуцлага хүлээж огцроход хүргэсэн гэж үзэж байна.

-Тэгвэл дараагийн Ерөнхий сайдаар МАН ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн. Засаг хэрхэн бүрдэх бол?

-МАН-ын Бага хурлын IX хуралдаан цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн. Одоо танхимаа хэрхэн бүрдүүлэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Үндсэн хуулийн дагуу шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх асуудалд УИХ дахь МАН-ын бүлэг ч тэр, өөр хэн нэгэн, УИХ-ын гишүүн ч оролцох эрхгүй. Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал буюу “Алсын хараа-2050”-ийг боловсруулсан багийг ахлан ажилласан хүний хувьд хөгжлийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлж чадахуйц салбар салбарын шилдэг мэргэжилтэн, манлайлагч нараар танхимаа бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Шинэ Засгийн газрын бодлого яаж явах бол. Өмнөх Засгийн газрынхаа хийж хэрэгжүүлж ирсэн бодлогыг үгүйсгэдэг гэх зүйлс яригддаг шүү дээ?

-Энэ их чухал асуудал. Төрийн бодлого тогтвортой явагдах ёстой. Өнгөрсөн жилүүдийн Монголын төрийн тогтолцооны гол алдаа бол төрийн бодлого тогтворгүй, залгамж чанаргүй явж ирсэн явдал юм. Дэлхийн улс орнуудын жишээг харахад хөгжлийн бодлого нь тогтвортой бөгөөд тодорхой байдаг. Улс төрийн аль нам гарч ирснээс үл хамаарч тэр бодлого нь хэрэгжээд явж байдаг. Тиймээс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг Засгийн газраас өргөн барьж өнгөрсөн хавар УИХ-аар батлуулсан. “Алсын хараа-2050” гэдэг бол Монгол Улсын хөгжлийн үндсэн хууль гэж хэлж болно. Үүнийг ямар ч нам, улс төрийн хүчин, ямар ч дарга, сайд байсан мөрдөж, хэрэгжүүлдэг байх нь улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна. МАН 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Алсын хараа-2050”-д үндэслэн ирэх дөрвөн жилд хийх ажлаа “Хөгжлийн гэрээ” нэртэй мөрийн хөтөлбөр болгон ард түмэндээ танилцуулж дэмжлэг авсан. Иймд Ерөнхий сайд солигдож шинэ Засгийн газар бүрдсэн ч Монгол Улсын хөгжлийн бодлого, МАН-ын ард түмэндээ амласан амлалт өөрчлөгдөхгүй, бодлого тогтвортой явна. Бага хурал дээр Л.Оюун-Эрдэнэ сайд “Ерөнхий сайд болбол хийх ажил, бодлого, үнэт зүйлсээ танилцуулахдаа нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараахь улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг “Алсын хараа 2050” хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна. Хүний эрх, жендерийн тэгш эрхийг хангаж ажиллана” гэж хэлсэн. Энэ үгнээс нь шинэ Засгийн газар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шударга ёсны засаглалыг бий болгох, төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг өндөрсгөх, цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгаа сэргээх, дундаж давхаргаа дэмжсэн эрүүл мэнд, боловсролын шинэчлэлүүдийг хийхэд анхаарч ажиллах юм байна гэж ойлгосон. Засгийн газар солигдсон ч Монгол Улсын хөгжлийн бодлого, МАН-ын амлалт өөрчлөгдөхгүй.

-Энэ цаг үед эрүүл мэндээс гадна боловсролын асуудал хөндөгдөж байна. Хөл хорионы улмаас сургууль, цэцэрлэг хичээллэхгүйгээс шалтгаалж хичээл хоцрогдолт ихээхэн үүсч байна. Үүнд хэрхэн анхаарах шаардлагатай вэ?

-“Ковид-19” цар тахлын улмаас Монгол Улсын хэмжээнд оюутан сурагчид теле болон цахимаар хичээл үзэх шаардлагатай болсон. Гэтэл техник технологи, интернэтийн хэрэглээний дутагдлын улмаас бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй байж чадахгүй байна. Гэртээ компьютергүй өрх, компьютертэй ч интернэтгүй өрхийн хүүхдүүд цахим хичээлд оролцох боломж хязгаарлагдмал байгаа. Түүнчлэн гэртээ телевизортой байсан ч кабельгүй, кабельтай ч ухрааж үзэх үйлчилгээгүй өрхийн хүүхдүүд зайны сургалт, хичээлээс хоцрох эрсдэлд оржээ. Мөн уламжлалт мал ахуйн соёл, жендерийн тогтсон үүрэг, амьдралын хэв маяг, амьжиргаа зэрэг нийгмийн хүчин зүйлс хөдөө орон нутгийн хүүхдүүд теле болон цахим хичээл үзэх ижил боломжийг хангаж чадахгүй байна. Энэ нөхцөл байдал их, дээд сургуулиудад ч илэрч байгаа. Цар тахлын хямрал нүүрлэж байгаа ч оюутан, сурагчдын сурч боловсрох эрхийг хангах, сургалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах нь Монгол төрийн үүрэг. Бид энэхүү хямралаас бүрэн гарч, эргэн сэргэхийн тулд эрүүл мэнд, боловсрол болон нийгмийн хамгааллын тогтолцоогоо бэхжүүлэх хэрэгтэй. Боловс-рол, эрүүл мэндийн үйлчилгээ нь хүний суурь эрхүүд тул эдгээр салбарууд төрийн нийтийн өмчлөлд байж, хямралын үед үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх чадавхыг төрөөс дэмжин бэхжүүлж байх ёстой. Цахим сургалтын дэд бүтцийг бий болгох, чадавхыг нэмэгдүүлэх, холболтыг чанартай найдвартай болгох зэргээр боловсролын цахим шилжилтийг хийх төсвийг боловсролын салбарт хангалттай хуваарилах бодлогыг цаашид барих ёстой гэдгийг цар тахал бидэнд харууллаа. Мөн сургалтын үйл ажиллагааг зайн сургалтаар зохион байгуулахдаа алслагдсан сум, орон нутаг болон нийгмийн эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдийн гар утас, телевиз, интернетийн хүртээмжтэй байдал зэргийг харгалзан үзэхгүйгээр тэгш хамруулах сургах зорилт биелэгдэхгүй. Тиймээс эрх тэгш, тэгш хамруулсан чанартай боловсролыг хүн бүрт олгохын төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагын гишүүд, дэмжигчидтэй хамтран хүүхэд залуус, насанд хүрэгчдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд анхаарал хандуулж ажиллах болно.

-Шинэ Засгийн газар энэ ажилд хэр анхаарлаа хандуулах бол?

-Анхаарахаас өөр аргагүй, нэн тэргүүнд анхаарах ёстой салбар. Л.Оюун-Эрдэнэ сайдын онцолсон нийгэм дэх тэгш бус байдлыг багасгах бодлогын нэгэн том чиглэл бол боловсрол. Монголын боловсролын салбарт тэгш, хүртээмжтэй байх зарчим алдагдсан, хот хөдөөгийн сургуулиуд болон улсын ба хувийн хэвшлийн сургуулиудын хоорондын сурлагын чанарын ялгаа ихэсч, эцэг эхийн орлого, сурлагын амжилтын хооронд шууд хамааралтай болсон нь үнэхээр сэтгэл зовоох асуудал болоод байгаа. Хэрэв бид боловсрол дахь энэ тэгш бус байдлыг өнөөдөр арилгахгүй бол цаашид нийгмийн тэгш бус байдал улам бүр гүнзгийрэх болно. Тиймээс Шинэ засгийн газар, шинэ Ерөнхий сайд, Боловсрол, шинжлэх ухааны шинэ сайдтай бид боловсролын шинэчлэл, боловсролын тэгш хүртээмжийг бий болгох талаар хамтран зүтгэх болно. УИХ дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны шинэ гишүүд бид УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш боловсролын шинэчлэлийн асуудлаар цуврал хэлэлцүүлэг, уулзалтууд хийж эрдэмтэн багш нар, эцэг эхчүүд, хилийн чанадад байгаа монголчуудтай хамтран ажиллаж байна. УИХ-аар удахгүй хэлэлцэгдэх Боловсролын тухай багц хуулиар үндэсний боловсролын тогтолцоогоо шинэчлэх том алхам биеллээ олно гэдэгт итгэж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Л.Болд: Оффшорын мөнгөний тоог Ерөнхийлөгчийн тогтоолыг УИХ-аар хэлэлцэх үеэр тодорхой мэдээлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалахын бодлогын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Л.Болдтой ярилцлаа.


-Монгол Улс ковид цар тахлыг дотооддоо алдаад нэлээд хугацаа өнгөрлөө. Хөл хорио ч тогтоогоод явж байна. Таны хувьд цар тахалтай тэмцэж буй нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Цар тахалтай тэмцэж буй нөхцөл байдлыг хүн бүр мэдэж байгаа. Нийтийн дунд алдах хүртэл зөв ажиллаж байсныг ажлын үр дүн нь нотолно. Гэвч УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг зохион байгуулсны дараа эрх баригчид илт тайвширч, назгайран хариуцлага алдаж цалгардсаны горыг өнөөдөр бид улс орноороо амсаж байна. Одоо хамгийн гол нь хүн амаа өргөн хүрээтэй вакцинжуулах ажлыг яаралтай хийж, нийтийн дархлааг бий болгоход бүх анхаарлаа чиглүүлэх цаг юм. Ард иргэдээ хааж боогоод, хөл хориог чангалах, сулруулах замаар хэдий хэр удаан явах вэ. Хөл хориогоор аргацаах нь үр дүн муутай гэдгийг гадны туршлага ч харуулж байна. Дашрамд хэлэхэд, вакцин авах зардал мөнгийг яаралтай шийдвэрлэх, гадаадад байгаа иргэдээ яаралтай татах талаар Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхэд эрх баригчид хойрго хандаж байгаа нь буруу юм.

-Коронавирусийн халдварын хорио цээрээс болж үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж, ард түмний амьдрал туйлын хүнд байдалд орж байна. Ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж та үзэж байна?

-Цар тахлын хамгийн том хохирогч нь ард иргэд, аж ахуй, бизнес эрхлэгчид болж байна гэдэг нь туйлаас үнэн. Үүнд, дэлхий дахинд нэг л төрлийн арга хэмжээ авч байгаа. Эдгээр иргэд, аж ахуйн нэгжийн өдөр тутам бодитойгоор санхүүгийн алдагдал хүлээж байгаа байдлыг бага ч болов хөнгөлөх гэж дэлхийн улс орнуудын төр засгаас хичээж байна. Санхүүгийн алдагдлыг нь санхүүгийн дэмжлэг туслалцаагаар нөхөх зохицуулалт энэ тахлын үед баримталж байгааг ойлгох хэрэгтэй. Иймээс иргэдэд бэлэн мөнгөний дэмжлэг, аж ахуйн нэгжүүдэд ажлын байрыг нь тогтвортой хангах үүднээс цалингийн санг нөхөн олгох арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэж байна.

-Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Сангийн сайд төсөвт мөнгө байхгүй гээд байгаа шүү дээ. Оффшор бүсээс мөнгө оруулж ирэх ажил сүүлийн хоёр жил нэлээд идэвхтэй явсан гэж Ерөнхийлөгч ярилцлагадаа дурдсан. Хэдий хэмжээний мөнгө орж ирсэн гэж ойлгох вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилга гаргаж, Улсын Их хурлын тогтоолын төслийг нь өргөн барихдаа Засгийн газартай урьдчилж зөвшилцөж хийсэн алхам юм. Тэр үед улсын төсөвт тусгагдаагүй байсан, төсвөөс гадуур орж ирсэн эх үүсвэрээр санхүүжүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэж зөвшилцсөн. Оффшор бүсээс орж ирсэн мөнгө энэ тохиролцоонд хамаарна гэж бодож байна. Мөнгөний тоо дүнг Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр тодорхой мэдээлэгдэх байх. Хоёр долоо хоногийн хугацаа алдсан ч тогтоолыг хэлэлцэж эхэлсэн нь сайшаалтай. Тогтоол дэмжигдвэл хоёр талын асар их ач холбогдолтой. Нэгдүгээрт, бэлэн мөнгөний хомсдолд орсон ард иргэддээ хэцүү цаг үед бодитой дэмжлэг үзүүлнэ, хоёрт үүд хаалгаа барихдаа тулсан дотоодын үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчиддээ бага ч гэсэн амь тариа хийх юм. Гол нь төр засгаас зөв чиглэлд авах шат дараалсан олон арга замын эхлэл болно.

-Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болох эсэх талаар хуульчид яриад эхэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй болчихсон хэрэг үү. Хуульдаа Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжтой юм уу, үгүй юм уу?

-Монгол Улсын Үндсэн хуульд хэн нэгнийг 2021 оны сонгуульд нэр дэвших боломжийг хязгаарласан ямар ч заалт байхгүй. Ийм заалтыг Үндсэн хуулиас хайгаад олохгүй. Хуульчид ч энийг сайн мэдэж байгаа. Ер нь сонгуулийг урьдчилж, хуулийн аргаар хүний эрхийг зөрчих замаар шийдэх гэж оролдохыг болих хэрэгтэй. Үндсэн хуулийн дагуу шийдвэрийг ард түмэн л гаргадаг байх ёстой. Миний хувьд 1992 онд Үндсэн хуулийг анх батлахад оролцож байсан. 1999 оны дордуулсан долоон өөрчлөлтийг батлахад ч гишүүн байсан. Өнгөрсөн онд дээрдүүлсэн гээд байгаа эдгээр өөрчлөлтийг батлахад ч ажлын хэсэгт нь орж ажилласан. Аль ч үед хуулийг дээдлэх, хүний эрхийг хангах нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь философи гэдэг үзэл бодол дээрээ бат зогсдог хүний хувьд ийм хариу хэлэх байна.

-Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдлаа. Энэ хууль гарснаар иргэдийн хүсч хүлээдэг шударга шүүх, шүүгч бий болох болов уу. Энэ хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэлээд хумигдсан талаар ч ярих юм. Хуулийн талаар таны байр суурийг сонсъё?

-Бид бүгд нийгмийн амьдралын зангилаа болсон энэ чухал багц хуулийн үзэл суртлыг кампаничилсан аргаар нэг намын бүлгийн дарамт шахалтаар шийдвэрлэсний гэрч боллоо. Өмнөх Их хурлын үед яг энэ кампаничилсан маягаар эрүү, эрүүгийн процессын багц хуулийг батлахад эцсийн цаад үр дүн нь хулгайн замаар гувчуулсан хэрэг хөөн хэлэлцэх хугацааг хүчингүй болгох нууц зорилго байсан нь ил болсон. Нийгмээрээ харсан. Яг энэ жишгээр дахиад л нэг намын илт нөлөөтэйгөөр яах аргагүй ялсан намын хуулийн шинэ хонгил үүсчихлээ. Хаана хүрч зогсохыг та бид бас л харах болно. Харамсалтай нь ингэж далд хонгил үүсгэж баталсан хууль, тогтоомжуудын эцсийн хохирогч нь ард түмэн л болдог. Хууль нь шинэчлэгдсэн ч шүүгчид нь хэвээрээ байгаа. Уг нь шүүгчдийн томилгооны эрх мэдлийг УИХ болон Ерөнхийлөгч хуваах нь засаглалын хяналт, тэнцвэрийг хангах тал дээр илүү үр дүнтэй гэдгийг олон хуульчид, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл сануулж, хэлж байсан. Хоёр жилийн өмнө яг энэ өдрүүдэд Монголын ард түмэн Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан хийж, МАНАН бүлэглэлийн хонгилыг нурааж, шүүх засаглалд хийх шинэчлэлийг эхлүүлсэн. Харамсалтай нь энэ хүрээд шударга ёсны хувьсгал замхарлаа. Мөн нийгэм эргээд нэг намын хязгааргүй ноёрхолд 30 жилийн дараа эргээд орлоо. Миний хувьд 1990 онд оюутнуудынхаа хамт чухам үүнийг л эсэргүүцэж тэмцсэн. Хоёр жилийн өмнө нам дамжсан дарангуйллыг эсэргүүцэж жагссан. Энэ зорилгын төлөө тэмцлээ цаашид ч үргэлжлүүлэх болно.

-Хоёр жилийн өмнөх жагсаал, тэмцэл гэснээс яг энэ нөхцөл байдлын дараа бий болсон ШИНЭ нам одоо үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байгаа вэ?

-Сонгуулийн булхай луйвар ШИНЭ нам руу онцгойлон чиглэсний хүчинд манай нам УИХ-д суудалгүй болсон. Хэрвээ манай нам парламентад сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байсан бол одоогийн Их хуралд гишүүдийн тооноос үл хамааран хүчтэй нөлөөлөх байсныг хүмүүс гадарлах байх. Гэлээ гэхдээ ШИНЭ нам энэ хугацаанд зүгээр суусангүй, орон нутгийн сонгуульд оролцож тодорхой тооны төлөөлөлтэй боллоо, Төв Зөвлөлийн хурлаа цахимаар хийлээ. Удахгүй намын Их хурлаа мөн хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

-Таныг Герман улс руу Элчин сайдаар явах гэж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-ХБНГУ-д томилогдох Элчин сайдад тус улсад боловсрол эзэмшсэн хэд хэдэн хүний нэр дэвшиж байгаа гэдгийг мэдэж байгаа. Одоогоор албан ёсоор санал болгосон зүйл байхгүй. Гадаад харилцаа, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсны хувьд мэргэшсэн чиглэлээрээ Ерөнхийлөгчид зөвлөх санал тавьсныг би хүлээн зөвшөөрөөд одоо Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалахын бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Оюу толгой” төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүлсэн. Энэ тухайд?

-Миний хувьд ашигт малтмал газрын тосны агентлагийн даргаар дөрвөн жил ажиллахдаа олж авсан итгэл үнэмшлээрээ 2008 оноос гурван УИХ дамжин баялгийн хувьсгалыг хийх үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Энэ чиглэлээр хэд хэдэн хууль гаргахад санаачилж оролцсон. Үр дүнг нь ард түмэн бодитойгоор мэдэрч хүртсэн болов уу. Хамгийн сүүлд Оюу толгой ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах талаар УИХ-аас чухал тогтоол гаргахад оролцсон. Хоёр жилийн өмнө “Манан”-гийн эсрэг баялгаа алдсан ард түмэнтэйгээ хамт бүр идэр есийн хүйтэнд гудамжинд гарч тэмцсэн. Хэрэв ялагдсан бол өнөөдөр бид бүгд “Манан”-гийн хонгилд дүүжлүүлэх байсан биз. Монголын маань ирээдүй ч тун бүрхэг болох байсан. Чухамдаа Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний талд сонголт хийсэн учраас өнөөдөр бид Эрдэнэт, Таван толгой, Салхит, Асгат, Багануур, Бэрх, Бор-Өндөр гээд 100 гаруй томоохон ордоо төрдөө эргүүлж аваад байна. Үүний төлөө тэмцсэн хүн бүрийг харлуулах аян дайн дэгдээд байгаагийн цаад шалтгаан нь ердөө энэ. Оюу толгойн хувьд ч өнөөдөр шийдвэрлэх цаг үе ирж байна. УИХ-ын тогтоол одоо бодит ажил болох ёстой. Баялгийн төлөө шударга ёсны хувьсгалыг удирдсан Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийг ахалж байгаа учир Монголын ард түмэн итгэж найдаж байгаа. Гэхдээ дэлхийн хэмжээний энэ том орд дээр эх орныхоо эрх ашгийг хамгаалахад чухамдаа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын үүрэг оролцоо асар их байх болно. Миний хувьд Х.Баттулга Ерөнхийлөгчтэй хоёр ч Засгийн газрын танхимд хамтран ажиллахдаа түүнийг нугаршгүй эх оронч, үндэстний үзэлтэн гэдгийг бүрэн ойлгосон.

-Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуульд хориг тавина гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Миний хувьд хориг тавих нь зүйтэй гэж үзэж байгаа. Шударга гишүүд олон байгаа гэж найдаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дашийн БЯМБАСҮРЭН: Оюу толгойн гэрээ бол Монголын төрийн эрх мэдэлтнүүдийн шуналын бүх төрлийн нян цугларсан бохирын сав мөн

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар хэрэгжиж эхлэх эхний жил ирлээ. Таны бодлоор Үндсэн хуулийн өөрчлөлт үндсэн зорилгодоо хүрч чадсан уу?

-Монгол Улс шинэ нийгмийн байгууллагыг зорьсноос хойш гуч гаруй жил өнгөрч, эерэг сөрөг бүх үзэгдлүүдийг нэгтгэн, улс орныхоо амьдрал, хөгжлийн ирээдүйн замыг засахын тулд Үндсэн хуулийн өөрчлөлт хийхийг зорьсон. Ингэхдээ, өнгөрсөн онд баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийн ихэнх гол зарчмууд нь 2016 оноос өмнө байсан УИХ тэр үед байсан улс төрийн хүрээнд шийдэж хайрцаглагдсан суурин дээр олигархи бүлэглэлүүдийн сонирхол, тэдний өөрийнх нь лобби оролцоотойгоор шийдэгдсэн тул бид хүсэн хүлээсэн үр дүндээ хүрч чадсангүй. Үүнээс харахад Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхний жил үүлтэй, бүрхэг эхэлж байна.

Гэхдээ яахав, амьдралд тулгамдсан зарим тодорхой асуудлууд, жишээлбэл, Дархан, Эрдэнэт хотыг хотын статустай болгох эсвэл шүүхийн, хариуцлагын зарим асуудал, байгалийн баялгийн асуудлыг шийдэх шаардлагатай байсан учраас алаг цоог ч болов Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээж авсан хэрэг. Сүүлийн хориод жил Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд олигархи бүлэглэлүүдийн сонирхол давамгайлах болоод төр өөрөө хоцрогдол, хямралын гол үүсгүүр боллоо.Бид өмнөх УИХ-ын гишүүдийг харахад, тэдний дөрөвний гурав нь гэмт хэрэгт холбогдсон, хөрөнгө мөнгө шамшигдуулсан нь ил болсон.Нийгэмдээ шударга ёс тогтоох төр өөрөө луйвар, хулгайн гэмт хэргийн уурхай болчихсон. Ийм үндсэн дээр л бид Үндсэн хуульд өөрчлөлт хийхийг зорьж байсан. Гэтэл одоо 2020 оны сонгуулиар МАН хоёр дахь удаагаа үнэмлэхүй олонхоор гарч ирлээ. Ерөнхийдөө дангаар ноёрхох улс төрийн хүчин хэрвээ олигархиудын гарт орвол улс эх оронд гамшиг болох нь тодорхой.

Сүүлийн үед ажиглаж байхад, УИХ-д олон хүн шинээр орж ирсэн. Шинэ үзэл санаа, шинэ ололт орж ирэв үү гэтэл бас биш байна. Цэвэр бизнесийн эрх ашиг, эдийн засгийн ашиг сонирхол руу улам хөтлөгдөх хандлага байгаа нь харамсалтай. Энэ бол эмгэнэл. МАН зүүний нам гэсэн нийгмийн чиг баримжаатай бодлого явуулна гэж тунхагладаг.

Гэтэл эдийн засгийн бодлого нь олигархиудын бодлого болоод хувирчихлаа. Ялангуяа татварын бодлого. МАН-ын үзэл баримтлал нь явуулж байгаа бодлогоосоо эрс зөрүүтэй болж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байгаа цагт МАН-ын эдийн засгийн бодлого огтхон ч өөрчлөгдөхгүй.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бол Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын хүн биш. Ч.Хүрэлбаатар бол зөвхөн гадныханд л үйлчилдэг хүн.

МАН ерөнхий тогтолцооныхоо хувьд регресс буюу ухралт руу нэгэнт орчихлоо. УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хуулиудыг харахад төрийн хяналтын тогтолцоо бүрэн алдагдсан байна.

-УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хууль, Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж байгааг та хэлж байна уу?

-Гурван тулгууртай төр гэдэг бол масоны төр. Монголын жинхэнэ төрийн тогтолцоо бол таван тулгуурт төр юм л даа. Төрийн хяналтын тогтолцоогүйгээр улс орон зөв хөгжихгүй. Гэтэл УИХ-аар хэлэлцэж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Шүүхийн тухай, Төсвийн тухай хуулийн хэлэлцүүлгийг харахад их хурал өөрөө өөрийгөө ч сонсохгүй, өөрийнхөө дотор байгаа эрүүл саруул дуу хоолойг хүлээж авахгүй, олонхоороо түрдэг, МАН-ынхаа төв штабын сонирхлыг тулган баталдаг болжээ. Сонгууль өөрөө мөнгөтэй хүн намаар дамжиж жүжиг тоглох, өөрийгөө бурхан царайлж буян бүтээх хүний дүрд тоглох процесс болоод хувирчихлаа. МАН-ынхан 2016-2020 оны хооронд төр барьж байхад мэдээж алдаа их гарсан. Гэхдээ ардын намынхан Ухнаагийн Хүрэлсүх гэдэг ерөнхий сайдаа түшээд намаа, төрөө цэвэрлэе гэсэн чиглэлээр том алхмууд хийсэн. Энэ үед нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сонгогдоод шударга ёсны төлөө төрийн дээд удирдлагаа нэгтгэж, нэг санаагаар ажилласны үр дүнд 60 тэрбумын хэрэг ч гэдэг юмуу олон асуудлыг зоригтой шийдэж ирсэн. Гэхдээ МАН үндсэндээ ард түмэнд үйлчлэхээсээ илүүтэй олигархи баячуудад үйлчилдэг дотоод үзэл хэвээр үлдсэн нь сүүлийн үед хийж буй тэдний алхам, баталж буй хуулиудын үзэл баримтлалаас нь шууд харагдах боллоо.

-Хязгааргүй эрх мэдэл дунд хэзээ ч хяналтаа алдаж болзошгүй одоогийн нөхцөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд та ямар анхааруулга өгөх вэ. Инээсэн бүхэн найз биш гэдэг. Энэ нийгэмд шударга шүүмж хамгаас үнэтэй болоод байна.

-Ер нь У.Хүрэлсүх бид хоёр санаа бодлоо солилцдог. Хамгийн гол нь Ерөнхий сайд үүргээ умартаж болохгүй. Ерөнхий сайд их хурал дээр үг хэлснийхээ дараа “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж хэлдэг биз дээ. Манай улсад олон ч Ерөнхий сайд хэрэгт холбогдож, ард түмнийхээ итгэлийг алдаж байна. Надаас хойш олон Ерөнхий сайд томилогдсоноос 8-9 нь гэмт хэрэгт холбогдоод зарим нь хоригдож байгаа. Өнгөрсөн сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болсон нь намын нэр хүнд гэхээсээ илүү нэг хүний далбаан доорх ялалт байв. Энэ үед шинэчлэлийн салхийг хагалж ирсэн Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд барьсан бодлого нь 2016 оноос хойш ард түмэнд огт таалагдаагүй. Түүнээс МАН сайндаа ч ялалт байгуулаагүй, тухайн үеийн АН арчаагүйгээсээ ялагдсан юм.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы индэр дээрээс өөрийгөө шүдгүй арслантай зүйрлэж байсан нь саяхан. Харин өнөөдөр Ерөнхий сайдад эрх мэдэл төвлөрөх боллоо.

-Шүдгүй арслан, шүдтэй арслангийн хоорондох ялгаа бол аливаа асуудлыг шийдэх тухай асуудал юм. Одоогийн Үндсэн Хууль бусад хуулиудын нөхцөлд бол Ерөнхийлөгч ч ялгаагүй, Ерөнхий сайд ч ялгаагүй шүдгүй арслангууд. Жинхэнэ бүхнийг мэдээд, бүхнийг шийддэг дураараа аашилдаг улсууд чинь УИХ болчихоод байна. Энэ бол миний ойлголтоор төрд гарсан “чүчель”-үүд юм л даа. Тэд бол эцэс сүүлд нь өөрийгөө ч, нийгмээ ч сүйрэлд хүргэх үр дагавар руу явж байгаагаа мэдэхгүй байна.Ерөнхий сайдын эрх мэдлийн хувьд Засгийн газрын гишүүдээ өөрөө шилж сонгох, өөрөө томилох эрхийг нь өгсөн.Ерөнхий сайд зөв хүнээ сонгоно гэдэг маш чухал түүнд ирсэн сорилт. Зөв хүн бэлдэх тогтолцоо Монгол Улсад гэхдээ байхгүй болсон. Шулуухан хэлэхэд, эрх мэдэл нь нэмэгдэх тусам У.Хүрэлсүх ч бай өөр хэн нэгэн ч бай албан тушаалдаа мөнх биш шүү дээ.

Хүрэлсүх сайдыг яаж ийж байгаад унагах сонирхол нам дотроо их бий болно. Магадгүй одоо ч гарч ирсэн байж магадгүй. Иймээс эрх мэдлийг хэтрүүлж өгч хорлох ажиллагаа ч явж байж болно гэж харж байна.

-“Авлигагүй нийгмийн төлөөх” АТГ-ын удирдлагыг Ерөнхий сайд томилохоор хуулинд өөрчлөлт орууллаа. Монгол Улс хараат бусаар цаашид авлигатай тэмцэж чадах уу?

-АТГ хууль сахиулах тогтолцооны маш чухал хэсэг. Энэ тогтолцоо үндсэндээ Ерөнхий сайдын мэдэлд шилжихээр юу болох вэ. Монгол Улсын сүүлийн хэдэн жилийн дүр зургийг харахад “Авлигын төв штаб” маань Засгийн газар, УИХ-д байдаг нь ил цагаан боллоо. Авлигачдын цөм нь тэнд л орогнож байна. Гэтэл дээрх “Авлигын төв штаб”-д АТГ харьяалагддаг болохоор хэрхэн хяналтаа тавих вэ дээ. Энэ гажуудлын тогтолцоо нь цаашид одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дагуулаад тонгорно гэсэн зальт арга ч юм уу даа.

-Та Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бол Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын хүн биш. Ч.Хүрэлбаатар бол зөвхөн гадныханд үйлчилдэг л хүн гэлээ. Нийгэмд түүнийг зээлийг зээлээр дарж байна гэсэн шүүмж өрнөдөг. Энэ үнэн юм уу?

-9,7 их наяд төгрөгийн өр дарлаа гэдэг. Өр дараагүй шүү дээ. Зээлийг зээлээр дарсан. Монголын өр 2016 оны эцэст 16 их наяд төгрөг байсан. Одоо гуч гаруй тэрбум ам.доллар болчихлоо.Энэ нь Монгол Улс ирээдүйгээ харийн ч юмуу, дотоодын ч юмуу мөнгө хүүлэгчдийн барьцаанд тавьж байгаа хэрэг. Энэ бол түүхэн талаасаа гэмт хэрэг шүү, Ч.Хүрэлбаатар аа! Зээл авч болно. Зээл аваад ашгаар нь зээлээ дараад ард түмэндээ тустай үйлс хийж болно. Энэ бол эрүүл зээл.

Одоогийн Сангийн сайдын баримталж байгаа бодлого бол Монголд маш хортой бодлого юм.“Хотгор шанага”-ын уурхайг гадныханд худалдсан хүн, авлигын хэрэгт ингэж холбогдсон гээд баримтууд нь дэлгэгдсээр байхад МАН-ынхан Сангийн сайдыг дэмжээд томилсон. Тэгэхээр УИХ-д олигархи бүлэглэл ямар хүчтэй байгааг харж байгаа биз дээ.

-Монгол Улсын төсөв сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хэдэн арав дахин өссөн. Гэтэл ард түмний амьдрал 10 дахин ч өссөнгүй. Монголчууд бид хэдэн бүлэглэлд өртэй юм шиг амьдарсаар өнөөдрийг хүрлээ.

-30 жилээ болиод 20 жилийг ярья. 2001 онд төсөв 380 тэрбум төгрөг байлаа шүү дээ. Одоо 12 их наяд гэхээр 40 дахин өссөн байгаа биз. Энэ төсвийг яаж санхүүжүүлж ирэв гэхээр сүүлийн 20 жилд мөнгөний нийлүүлэлт 80 дахин өслөө. Эдийн засаг 10 дахин өссөн. Төр ямар бодлого явуулж байгаа нь эндээс харагдаж байгаа биз. Эдийн засгийн өсөлт ард түмэнд очиж наалддаггүйн учир нь уул уурхайгаас олж байгаа ашиг орлого чинь цөөхөн хүний халаасыг зузаатгаж байна. Ерөнхийлөгч сонгуульд орохдоо 30 хүний дарамтаас Монголыг чөлөөлнө гэж амласан. Ерөнхий сайд ч гэсэн 30 гэр бүлтэй тэмцэнэ гэж ярьдаг. Энэ 30 гэр бүл чинь Монголыг цөлмөсөн хэвээрээ байна.

-УИХ өөрөө өөрийгөө хянаж чадахаа больсон талаар та хөндсөн. УИХ маш чухал шийдвэрүүдийг хэлэлцэж байгаагийн нэг гол асуудал нь Шүүхийн тухай хууль. Шүүхийн асуудал 1990 оноос хойш хөлөө олохгүй догонцож явсаар ирлээ. Та УИХ-аар хэлэлцэж байгаа шүүхийн тухай хуулийн талаар дээр ярьсангүй өнгөрлөө.

-Шүүх засаглалын тухай хууль бол амьдралын хөшүүрэг. Одоогийн Их Хурлын баримталж байгаа Шүүхийн тухай хуулийн бодлого нь Монголын Шүүх засаглалыг бүрэн нураагаад төрийн байгууллагаас илүү олон нийтийн шинж чанартай болгож байна. Үнэхээр шүүх засаглал гэдэг монгол төрийн тулгуур багана юм бол төрийнхөө салаа мөчрийн нэгэн адил төрийн нэгдмэл бодлого сахилга бат, зохион байгуулалтын хүрээнд л байгуулагдах ёстой.

Гэтэл Шүүхийн зөвлөл байгуулах, хариуцлага сахилгын хороо байгуулахаас эхлээд олон нийтийн байгууллагаар явна гэдэг нь ОНБ-аас өөрцгүй боллоо гэсэн үг.Энэ бол ард түмэнд биш, харин авлигачдад хэрэгтэй. Өнгөрсөн жил л гэхэд Монголын нийгмийг цочроосон Оюу толгой, Эрдэнэт, ЖДҮ гээд олон асуудлууд бүгд шүүхээр шийдэгдээгүй. Ингэж явсаар хөөн хэлэлцэх хугацаа дууслаа гэдэг үндэслэлээр цагааддаг болчихлоо.

-Ерөнхийлөгчийн саналыг УИХ хүлээж аваагүй гэснээс Ерөнхийлөгчийн оруулсан санал бүр ээлж дараагаар унаж байна л даа. Яг энэ үед Ерөнхийлөгчийн хувьд “нэг сая төгрөгийг өрх бүрд олгоё. 200 мянган төгрөгийг бэлнээр өгч, 800 мянган төгрөгийг ваучер хэлбэрээр олгоё” гэж байгаа. Энэ санал дэмжигдэх санал уу. Эсвэл бүтэхгүй санал юм уу?

-Гурван сая хүнтэй Монгол орны хувьд асар их баялагтай. Төр засаг нь толгойгүй байх, олон толгойтой могой шиг байх санаархал бол гадна дотны олигархиуд, коллаборацистууд бий. Энэ чиглэлээр Монголын төрийг сулруулах оролдлого АН, МАН дотор ч байна. Энэ чиглэлээр Ерөнхийлөгчийн үүрэг ролийг үгүйсгэх оролдлого гарч байгаа гэж дүгнэхээр байгаа.

Сүүлийн үед Ерөнхийлөгч ямар ч асуудал оруулсан УИХ хүлээж авахгүй болчихжээ.Энэ нь эцэстээ Ерөнхийлөгчийн саналыг унагах, эсвэл дэмжих гэхээсээ илүүтэйгээр ард түмний хүсэл зориг, шаардлагыг унагаж байна гэж зарим асуудал дээр харагдаж байна. Хэрвээ Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг өнцгөөр харж саналыг нь унагаж байгаа бол төрийн тэргүүнийхээ байр суурийг биш, ард түмнийхээ хүсэл зориг, санаа бодлыг үл тоомсорлож байгаа хэрэг. Жишээ нь, Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг УИХ дэмжээд баталсан бол МАН ард түмэнд шударга харагдах байсан шүү дээ.

-Засаглалын тогтолцооны тэнцвэр алдагдаж байна гэж зарим эрдэмтэн, судлаачид ярих боллоо. Жишээ нь, энэ ширээ дөрвөн хөлтэй байж тэнцвэртэй байх атал хоёр хөлтэй болж байгаатай зүйрлэж болох уу. Засаглалын тэнцвэр алдагдахад Монгол Улсын нийгэм эдийн засаг ирээдүйд Киргизийнх шиг улс төрийн хямрал руу орох болов уу?

-Монгол Улсын засаглалын тэнцвэр алдагдаж байгаа нь улс төрийн намууд биеэ худалдаж байгаатай л шууд холбоотой. Сүүлийн хэдэн сонгуулийг харахад улс төрийн намууд эрх мэдлээ худалддаг лангуу болоод хувирчихсан шүү дээ. Түүгээр дамжиж төрд шургалсан хувийн явцуу ашиг сонирхолтой хүмүүс төрийг өрөөсгөл, тахир дутуу байдалд хүргэлээ. Үүний хувь заяа ямар болох вэ гэдгийг таах гэж нэг их зовох хэрэггүй. Чиний хэлснээр, хоёр хөлтэй ширээ тогтож чадах уу, үгүй юү гэдгээр л бодох хэрэгтэй. Цаашдаа үргэлжилсэн замбараагүй байдал, нийгмийн сөргөлдөөнд хүрэх юм бол хөгжил дэвшлийн асуудал байхгүй болно. Өөрөө өөртэйгөө ноцолдсоор байгаад хүчээ барна. Бусдын идэш болно. Энэ бол бодитой ирээдүй.

-Та өмнө өгч байсан нэгэн ярилцлагадаа Оюу толгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн улсаа худалдсан шунал гэж хэлсэн байсан. Эх орныхоо байгалийн баялгийг ашиглуулаад өөрсдөө өртэй үлдэж байна гэж өөрийг тань хэлсэн Оюу толгойн гэрээний асуудлаар та ойрын үед хэвлэлд ярьсангүй.

-Оюу толгойн гэрээний анхны төслийг анх би 2005 оны нэгдүгээр сарын 5-нд олж аваад тэр үеийн Ерөнхий сайд, ҮАБЗ, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хандаж ийм ноцтой гэрээ хийж болохгүй ээ гэсэн. Монголд шударга ёс байна уу, төрөөс ард түмэндээ байнга зарлан тунхаглаж байгаа баялгийн шударга хуваарилалт байна уу гэдэг асуудал Оюу толгойн гэрээ хэрхэн шийдэгдэх дээр очиж үнэнд гүйцэгдэнэ. Монголчууд байгалийн баялгийнхаа эзэн сууж, монгол хүн энэхүү гэрээнийхээ төслийг хийгээч ээ гэж олон ч удаа сануулж байлаа. Түүнээс хойш би Оюу толгойн гэрээтэй холбоотой бүх асуудлыг өнөөдрийг хүртэл анхааралтай ажиглаж яваа хүн.Чоно борооноор гэгчээр 2009 онд батлагдсан Оюу толгойн гэрээг С.Батболд Ерөнхий сайд байх үедээ УИХ-аар оруулж баталсан. Харин гэрээг анх оруулж байсан Ерөнхий сайд С.Баяр тус гэрээг “Би толгойгоороо хариуцна. Нийт ашгийн 76 хувь нь Монголд ирнэ” гэж хэлж амлаж байсан бол гардан батлуулсан Ерөнхий сайд С.Батболд нийт ашгийн 59 хувь Монголд ирж бид хөгжиж цэцэглэнэ гэж ярьж байлаа. Оюу толгойн гэрээг шударга, шударга бус, сайн, муу гэж нийгэмд талцал үүсгэсэн нь анхнаасаа Риотинтогийн захиалгат тархи угаалт байсан юм. Оюу толгойн гэрээг “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулахад л бүх зүйл тодорхой харагддаг. Эрдэнэт үйлдвэр нь Оюу толгойтой ижил флотацын технологитой. Гагцхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглаж байгаа хүдрийн агуулга нь Оюу толгойнхоос 3-4 дахин бага.

Гэтэл Эрдэнэт үйлдвэр нь жилдээ төсөвт 1 их наяд төгрөг төвлөрүүлдэг байтал Оюу толгой нь алдагдалтай ажиллаж байгааг хэрхэн ойлгох вэ. “Би Оюу толгойн гэрээ хийсэн, сайхан гэрээ болсон” гэж ном бичиж, өөрсдөдөө алтан хөшөө босгодог улстөрчид хүртэл Монголд байна. Шулуухан хэлэхэд, Оюу толгойн гэрээ гэдэг бол Монголын төрийн эрх мэдэлтнүүдийн шуналын бүх төрлийн нян цугларсан бохирын сав мөн. Ямар төрлийн шуналын нян байж болох тэр бүхэн тэнд цуглачихсан. Оюу толгой дөнгөж ажиллаж эхэлж байхад монгол төрийн гурван сайд ороод 2 тэрбум 130 сая ам.долларын зөрчилтэй байна гээд илрүүлсэн атал үүний ул мөрөөр ямар ч ажил хийгдээгүй. Эрх мэдэлтнүүд “Рио Тинто”-д байгалийн баялгийнхаа бүх нөөцийг эзэмшүүлэн тэр нь гадны банкны барьцаанд “Дубайн төлөвлөгөө” гэгчээр тавигдаж, ард нь Монголын ард түмэн бид өртэй үлдэж байна. Энэ асуудлыг Оюу толгойнхон нь ч биш харин тухайн үеийн Монголын төр, Засгийн газар, УИХ нь хүлээж аваагүй байдаг.

Оюу толгойн гэрээ бол эрх мэдэлтнүүд хуйвалдаж, улсаа худалдаж, нийгэм, үндэсний эрх ашгаасаа урвасан үйлдэл. Хээл хахуульд гүн гүнзгий живсэн нь Монгол Улс Оюу толгойн гэрээг батлуулах үндсэн эх сурвалж нь болсон.Энэ талаар олон баримтууд дурдаж болно, одоо ч олон баримтууд гарч ирсээр байна.

Тухайлбал, Английн Шүүхээр шийдвэрлэж байгаа ноцтой баримтууд нь Нью-Йоркийн Шүүхийн цахим санд тавигдсан байна лээ. Цахим сан руу нь хэн ч орж мэдээлэл авч, уншиж болохоор байна. Английн Дээд Шүүхийн шүүгч Марк Пеллингийн гаргасан шийдвэрүүд болон холбогдох баримтууд гарсан байгаа.Би Оюу толгойн асуудлыг эхнээс нь анхааралтай ажиглаж байгаа хүний хувьд хэл устай хүүхдүүдтэйгээ хамт орж мэдээллийг нь нягтлан олон удаа уншиж танилцсаны эцэст гайхаад сууж байна. Үнэхээр төрсөн нутаг, газар шороо, ард түмнээ Оюу толгойн гэрээг гардан гүйцэтгэсэн улстөрчид мөнгөөр арилжсан нь харагдана, харуусал ч төрнө. Өнөөдөр хүн бүхэн хүсвэл гадаад ертөнцтэй холбогдож, хүссэн мэдээллээ авч чаддаг болсон цаг үе шүү дээ. Одоо ч гадаад хэлгүй хүн ховор болсон байна.

Иймээс эх оронч сэтгэлтэй хүн Нью-Йоркийн Шүүхийн цахим сан руу ороод үзвэл миний хэлсэн “Оюу толгойн гэрээ бол Монголын төрийн эрх мэдэлтнүүдийн шуналын бүх төрлийн нян цугларсан бохирын сав мөн” гэдэг өгүүлбэрийг сайн ойлгох болно.

-Оюу толгойн гэрээ ашиг өгөх биш өрөнд оруулж, хөгжилд ард түмнээ хүргэх биш мухардал руу хөтөлчихлөө. Бидэнд энэ мухардлаас гарах ямар гаргалгаа байна вэ?

-Ер нь Монгол орон өөрийн үндэсний эрх ашгийг хамгаалсан эрх зүйн харилцаанд орох чадварын талаас нь авч үзвэл, гэрээг шууд өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ ТУЗ-д манай улсын Ерөнхийлөгч байсан хүн хүртэл очоод орчихсон тохиолдолд өнөөдрийг хүртэл бэхэжсэн энэ ноцтой асуудлыг шийдэхэд туйлын ярвигтай.Гэхдээ боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй улсууд асуудлыг тал талаас нь нарийн судалж олон улсын хараат бус арбитрийн дүгнэлт өгөх байгууллагуудыг түшиглэж ажиллавал гэрээг сайжруулж боломж бийг мартаж болохгүй. Харин одоогийн УИХнь Засгийн газарт үүрэг өгсөн шиг наян хэдэн зүйлийн өөрчлөлт оруулъя гээд тунхаг гаргачихаад үр дүнгүй асуудлыг аргацааж гацаасан энэ байдлаараа яваад байвал Риогийнхон, Оюу толгойнхон жилийн нэг өөрчлөлт ярьсаар манай улсыг цөлмөөд гарна. Асуудлыг үндэсний эрх ашгийн үүднээс харвал түргэн шийдэх боломж бий. Жишээ нь, зовлон тоочиж суухын оронд Оюу толгойгоос гаргасан баяжмалаар Монголдоо зэс үйлдвэрлэх боломжтой. Зөвхөн зэс биш, алт мөнгө, молибден болон бусад ховор элементийн тухай асуудал энд сөхөгдөнө. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ одоо нэг тонн нь 8120 ам.долларт хүрлээ. Гэтэл Оюу толгой болон Эрдэнэт үйлдвэр дээр хийсэн тооцоогоор Монголд 1 тонн зэс хайлуулахад гарах өөрийн өртөг нь 3300-3350 ам.доллар байна. Үүнээс харахад, хэдий хэмжээний ашиг гарах нь тодорхой. Гэтэл Оюу толгойн гэрээгээр ашгаа гадагш нь зөөгөөд гаргачихдаг, өртөг, зардлыг нь монголчууд мэддэггүй учраас Монголын тал алдагдалтай үлдэж байна даа. Одоо гол түлхүүр бол Ерөнхийлөгчийн гарт байна гэж би харж байна. ҮАБЗ-ийн гишүүдийн байр суурийг нэгтгэн, асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөд, Монголдоо цаашид гэрээ хэлцэл байгуулах хяналттай, үр ашигтай тал дээр шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ бол ард түмний хүлээлт юм шүү.

-Өөрөөр хэлбэл, та Оюу толгойн гэрээний асуудал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гарц олох ёстой гэж хэлж байна уу?

-Энэ бол миний хүлээлт биш Монголын ард түмний хүлээлт юм. Оюу толгойтой холбоотой материал нэр бүхий улстөрчидтэй холбогдож дэлхий нийтийг шуугиулж байхад Монгол Улсын төрийн тэргүүн энэ асуудал дээр дуугарах нь улс эх орныхоо нийтлэг эрх ашгийн өмнөөс Ерөнхийлөгчийн хийх ёстой ажил бас ард түмнээс түүнд өгсөн үүрэг юм.

-Оюу толгойн гэрээг байгуулахгүй бол өдөр тутам ам.доллар алдаж байна гэж улстөрчид ярьж байсныг санаж байна. Гэтэл энэ гэрээ ийнхүү олон улсад сөхөгдөж, эцэст нь Монголын ард түмэн хохирч байгаад хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-Монгол төр энэ асуудал дээр цэг тавих ёстой. Рио тинто буюу үндэстэн дамнасан корпораци болох энэ араатнуудын явсан газар бүр цусан мөртэй байдаг. Зарим улс оронд үлдээсэн мөрийг харахад дотоод тэмцэл талцлыг бий болгож, улсыг нь цөлмөсөн түүхийн мөр арилаагүй. Баялгаа хүнд өгөөд өөрөө өртэй үлддэг мухардал руу Монгол Улс нэгэнт орчихлоо. Тухайн үед төрийн эрх мэдлийг барьж байсан эрх мэдэлтнүүд шуналаасаа болж улс орноо ийм нөхцөлд орууллаа.Өмнө нь төрийн тэргүүн байсан хүн хүртэл хэдэн мянган ам.долларын цалин аваад сууж байх жишээний. Дараагийн шинэ залгамжлагчид нь ийм замаар явж мөнгө олохсон гэдэг хүсэлтэй болчихсон. Энэ бол Монголын түүхэнд гашуун сургамж болон үлдэнэ.

-Улс төрийн ашиг сонирхлоор нэгдсэн бүлэглэл ард нь байгаа Оюу толгойн гэрээний асуудал утас мэт хөвөрсөөр хэзээ төгсгөх нь таашгүй. Илт хохиролтой энэ гэрээг шийдвэрлэж чадах эх орноо гэсэн чин сэтгэл, чадвар чадамж өнөөгийн эрх барьж буй нам, улстөрчдөд байна уу?

-Төр өөрөө ийм асуудлыг зөв шийдэх механизм тогтолцоогоо бий болгох шаардлагатай. Гэрээ хэлцэл хийхэд субьект, зөвлөгөө өгөх, хяналт тавих, өндөр мэргэжлийн бүтэцтэй байх хэрэгтэй. Энэ механизм Монголд байхгүй. Нэг хавтас сугавчилсан захиалгатай нөхөр очоод гэрээ хийгээд ирдэг, тэнд ямар яриа өрнөж, үйл явц хэрхэн өрнөснийг ард түмэн мэддэггүй.Гагцхүү саяхан шүүхээр нотлогдсон баримтууд ид гарч ирснээр ард иргэд энэ асуудалд анхаарах шинжтэй болж байгаа ч Монголын төр, эрх баригчид энэ асуудал дээр огт хөдлөхгүй байна. Энэ ноцтой асуудлыг хөдөлгөх хүч, хүсэл сонирхол өнөөдрийн эрх баригчдад огт алга.

-Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн цаг хугацааны нугалаанд шударга ёс байсан уу, одоо шударга ёс байна уу, ирээдүйд байх уу?

-Шударга ёс гэдэг бол хүн төрөлхтний амьдралын үндсэн зарчим. Шударга ёс алдагдсан аль ч түүхэн үе, аль ч нийгэмд сайхан амьдрал ирэхгүй. Шударга ёсны асуудал төрийн чанарыг үнэлэхэд, төрийн үйл ажиллагааг үнэлэхэд гол шалгуур болдог.

Монголын өнөөгийн нийгмийн нэг эмгэнэл нь шударга ёс алдагдаж, эрх мэдэлтнүүдэд хууль үйлчлэхгүй, эрх мэдэлтнүүд өөрсдийгөө хамгаалах хуулийг батлан гаргадаг болсонд оршино. Шударга ёс гэдэг бол хуулийн чанарын агуулгыг батлах шалгуур юм шүү дээ. Шударга ёсыг бий болгохын төлөө Үндсэн хууль болон бусад хуулиа гаргах ёстой ч одоогийн хулгайчид өөрсдийгөө хамгаалах гэж хууль баталж байна.

-Төрийн дээр ард түмэн байна уу, нам байна уу?

-Төрийн дээр нам, намын дээр луйварчид олигархиуд байна. Тэр намууд олигархиудын гарт байгаа цагт Монгол Улс маань өөдлөхгүй дээ. Үзэл баримтлалгүй намууд гэдэг бол нийгмийн дээрэмчид хулгайчид гэсэн үг.

-Нээлттэй ярилцсан Танд баярлалаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Гончигдорж: Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулийн дагуу 2023 онд болох ёстой

УИХ-ын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Өнөөдөр анхны Үндсэн хууль батлагдсан өдөр тохиож байна. Анхны Үндсэн хуулиа баталж байхад та Бага хурлын дарга байсан шүү дээ.

-Үндсэн хуулийн өдрөө тохиолдуулаад 29 жилийн өмнө Үндсэн хуулиа баталчихаад баяр бахдалаар дүүрэн байсан Депутатууд, Бага хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнууддаа онцгойлон баяр хүргэе. Нийт монголчууддаа баяр хүргэе.

-Энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөг-чөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох болсон. Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжтой эсэх талаар хуульчид яриад эхэллээ. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Нэмэлт, өөрчлөлтөөс өмнө Үндсэн хуулийн гучдугаар зүйлд Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай сонгогдоно гэж бүрэн эрхийн хугацааг нь заагаад гучин нэгдүгээр зүйлд 7 дахь хэсэг болгон Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно гэж заасан. Гэтэл нэмэлт, өөрчлөлтөөр ялгаатай зүйлчлэлийн хоёр харилцааг нэг дор болгон гучдугаар зүйлийн хоёрдугаар хэсэгт өөрчлөлт оруулан “Зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэж заагаад 31.7 дахь хэсгийг хүчингүй болгосон. Иймд Үндсэн хуулийн зүйлчлэлээр ялгабал 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, Ерөнхийлөгчөөр иргэн зөвхөн нэг удаа л сонгогдож болохоор болсон.

Тиймээс Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2023 онд дуусах ба ээлжит сонгууль 2023 оны зургадугаар сард болох ёстойг Үндсэн хууль хэлж байна. Тэгэхээр 2021 оны сонгуульд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй гэх яриа, мэтгэлцээн Үндсэн хуулийн бус.

-Тэгэхээр энэ оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хуулиараа нэр дэвших эрхтэй гэсэн үг үү. Тэгвэл яагаад хуульчид нэр дэвших эрхгүй хэмээн үзэж байгаа талаараа хэлээд, яриад эхлэв ээ?

-Одоогийн Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон учраас 2021 онд сонгууль болно гэж үзээд зөвхөн ганц удаа сонгогдоно гэснээр нь энэ сонгуульд нэр дэвшиж болохгүй гэж яриад байх шиг.

Ийм байх ёстой юм бол нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульдаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт оруулсан өөрчлөлтийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө гэж оруулах ёстой байсан. Эсвэл бүр 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө гэж оруулж болох байлаа. Хэлэлцүүлгийн явцад эхнийхийг нь оруулж чадахгүй байсан. Харин хоёр дахийг нь хуульдаа хийж магадгүй байлаа. Гэхдээ тэгээгүй. Шилжих журмын тухай хуулиар өөрөөр зохицуулсан заалт байхгүй учраас 30.2 дагаж мөрдсөн өдрөөс хүчинтэй болж Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болсон. 1992 оны яг энэ өдөр шинэ Үндсэн хуулиа батлаад БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай Үндсэн хуулийн хавсралт хуульд Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч сонгож тангараг өргөх хүртэл мөнхүү хугацаанд Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг БНМАУ-ын анхны Ерөнхийлөгч хэрэгжүүлнэ гээд, Монгол Улсын Ерөн-хийлөгчийн сонгуулийг 1993 оны зургадугаар сард багтаан явуулна гэж заасан байдаг. Тиймээс 1993 онд сонгогдсон П.Очирбат Ерөнхийлөгч 1997 онд нэг удаа улиран сонгогдохоор нэр дэвшиж байсан. Тэр үед 1993 онд улиран сонгогдсон мэтээр ярьж, 1997 онд дэвшиж болохгүй гэсэн ярианд Хавсралт хууль тов тодорхой хариулж байлаа. Харин нэмэлт, өөрчлөлтөд шилжих журмын тухай хууль маш нарийн шилжилтүүдийг зохицуулаагүй, бас Үндсэн хуультай зөрчилдсөн заалттай учир Үндсэн хууль олон удаа зөрчигдсөөр ирсэн юм. Өөр нэг сонин гаргалгааг хэлэх үү.

-Тэг л дээ.

-2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно, энэ сонгуульд одоогийн Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн 30.2-ын дагуу нэр дэвшиж болохгүй гээд байна аа даа. 30.2-ыг сонгуулийн харилцаа гэж үзээд. Тэгвэл зургаан жилээр зөвхөн ганц удаа сонгогдоно гэсэн сонгуулийн харилцаа ( бүрэн эрхийг тогтоогоогүй гэж үзье) нь дөрвөн жилээр сонгогдсон Ерөнхийлөгчид хамааралгүй болж таарна биз дээ. Тэгэхээр Ерөнхийлөгч байсан, байгаа таван хүний хэн нь ч нэр дэвшиж болох нь ээ. Зөвхөн энэ удаа ч биш, цаашдаа ч мөн адил. Харин зургаан жилээр сонгогдох Ерөнхийлөгчид болохгүй нь. Тийм байгаа биз.

-Математикч хүний гаргалгаа юу?

-Би хууль, эрх зүйг тэр чигээрээ гаргалгааны ухаан гэж боддог. Үндсэн хууль бол аксиом, бусад нь түүнээс үндэслэсэн гаргалгаанууд. Харин аксиом учраас Үндсэн хууль, түүнтэй адил хүчинтэй түүнийг дагаж мөрдөх журмын хууль нь дотоод зөрчилтэй байж огт болохгүй.

-Намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулах тухай яриад эхэллээ. Тан шиг 2023 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох ёстой гэсэн яриа огт алга.

-Уг нь 62 гишүүнтэй МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Одоо мөн 60 гаруй гишүүнтэй байгаа МАН-ын УИХ дахь бүлэг санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг Үндсэн хуулийн 30.2-ыг үндэслэн 2023 оны зургадугаар сар хүртэл хойшлуулах тухай тогтоол баталчихвал болчихно. Тэгээсэй ч гэж хүсч байна. Хууль байсан ч болно. Энэ чинь л гаргалгаа шүү дээ. Заавал Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэж шийдүүлэх хэрэггүй л юм. Одоо Цэцэд маргаан үүсгэж болох ганц шийдвэр нь 2021 оны төсвийн тухай хуулийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал гэсэн хэсэг л байх шиг байна. Хэрэв УИХ дээр хэлсэн тогтоол, хууль гаргалгүй 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тов тогтоох тухай тогтоол гаргавал энэ тогтоол Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан Цэцэд очиж асуудал шийдэгдэх биз.

-Цэцэд гэснээс та Цэцэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж мэдээлэл гаргаад Цэц маргаан үүсгээгүй гэсэн байх аа?

-Тийм. Уг нь одоо Үндсэн хуулийн түвшинд гараад байгаа маргаануудыг арилгаж засах боломж гаргахсан гээд Үндсэн хуулийн Цэцэд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зургадугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг байхаар заасан нь Үндсэн хуулийн жаран есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт УИХ ээлжит сонгууль явуулахыг өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно гэснийг зөрчсөн байна гэсэн мэдээлэл гаргасан юм. Үндсэн хуулийн зөрчлийн шинж агуулаагүй байна гэж үзээд ҮХЦ маргаан үүсгэхээс татгалзсан. Үнэндээ бол Үндсэн хуулиа биш ердийн хууль хэрэглэн тэр хуулийг (Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль) зөрчөөгүй тул зөрчилгүй гэж үзсэн юм. Зургаан сарын дотор дагаж мөрдөхөөр болгох нь зургаан сарын дотор батлахаасаа ч илүү ноцтой зүйл болох нь илэрхий л зүйл. Илүү ноцтой зөрчил л дөө, хэн ч бодсон. ҮХЦ-д гаргасан гомдолдоо би жич тэмдэглэх гэж байгаад “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг даган мөрдөж эхэллээ гэсэн албан ёсны мэдэгдлүүдээс эхлээд түүнийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх тухай УИХ-аас гаргаж байгаа тайлбар, үйлдэл, эс үйлдлүүд нь илэрхий Үндсэн хуулийн зөрчлүүдийг үүсгэж байгаа бөгөөд цаашид ч улам гүнзгийрэхээр байна. Үүний үндсэн хоёр шалтгаан нь Үндсэн хууль ба нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн нэгдүгээр зүйл хоёрын хоорондох зөрчил, энэхүү журмын тухай хуулийн шилжилтийн харилцааг дутуу зохицуулсан эдгээр болно” гэж дурдаж байсан юм. Уг нь Цэц Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт эцэслэн гаргасан бол батлагдсан нэмэлт, өөрчлөлт хэвээр бөгөөд дагаж мөрдөх хугацаа хүчингүй болж шинэ УИХ дагаж мөрдөх хугацааг эхэлж тогтоогоод дараа нь Засгийн газраа байгуулах ажилдаа нэмэлт, өөрчлөлтийн дагуу орж болох байсан. Түүнчлэн шилжилтийн журмын хуулийг нарийвчлан чамбай өөрчлөн хийж болох байсан.

Categories
мэдээ нийгэм

Б.Баасандорж: Шүүхийн хууль батлагдсанаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх улам бүр баталгаажина

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржтой ярилцлаа.


-УИХ-аар хэлэлцэж буй Шүүхийн тухай хуулийн төсөл олны анхаарлыг ихээхэн татаж байна. Хууль санаачлагч буюу Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд энэ хуулийн төслийг боловсруулах болсон хэрэгцээ шаардлага нь юу байсан талаар ярилцлагаа эхэлье?

-УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хэлэлцэн баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан зарим хууль тогтоомжийг нийцүүлэх үүднээс УИХ-аас 2020 оны “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд тусгасан чухал хуулиудын нэг бол яах аргагүй Шүүхийн тухай хуулийн төсөл байсан. Тиймээс ХЗДХЯ-наас дээрх хэрэгцээ, шаардлагад үндэслэн УИХ-аас 2012 онд баталсан “Шүүхийн багц хууль” буюу одоо хэрэгжиж байгаа Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан харилцааг Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хангах, мөн хуулийн хэрэглээ болон хуулийг тогтвортой, хэрэгжилтийг нэг мөр байлгах үүднээс төрөлжүүлэн нэгтгэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, Шүүхийн тухай хуулийн төслийг хоёр парламент дамжин, нухацтай хэлэлцэж байгаа гэж ойлгож болно.

-Тэгэхээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд туссан шүүх эрх мэдэлтэй холбоотой зохицуулалт Шүүхийн тухай хуулийн төсөлд хэрхэн тусгалаа олсон бэ. Иргэний шударга шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах баталгааг яаж хангаж өгч байгаа вэ?

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр шүүх эрх мэдлийг боловсронгуй болгохтой холбоотой гурван чухал зохицуулалт туссан байдаг.

Нэгдүгээрт, хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, томилох журам, тавих шаардлагыг тодорхой болгон тусгаж өгсөн. Ингэхдээ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг шүүгчид дотроосоо буюу хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн чуулганаасаа сонгохоор, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтыг үндэслэн томилохоор процессыг төсөлд тодорхой тусгасан. Түүнчлэн ШЕЗ-ийн гишүүнд тавих шаардлагыг өндөрсгөж, тодорхой болгож өгсөн. Тухайлбал, ШЕЗ-ийн шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй ажилласан, сахилгын шийтгэлгүй байх, бусад гишүүн нь эрх зүйч мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэргэшилтэй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх гэсэн шаардлагыг тусгаж өгсөн. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу туссан дараагийн нэг чухал зохицуулалт бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог бие даан ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай зохицуулалт юм. Хуулийн төсөлд Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнтэй байхаар, эдгээрийн дөрвийг шүүгчид дотроосоо буюу хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн чуулганаасаа сонгохоор, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ-аас томилохоор процессыг тодорхой тусгасан. Шүүхийн сахилгын хорооны гишүүнд тавих шаардлагыг дээр дурдсан ШЕЗ-ийн гишүүдэд тавих шаардлагатай адил байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүдийг сонгон шалгаруулах процесс саяхан болж өнгөрсөн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг сонгон шалгаруулах процесстой адил явагдана гэж ойлгож болно. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүнийн бүрэн эрх, хориглох зүйл, хүлээх хариуцлагыг төсөлд маш тодорхой тусгаж өгсөн. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд туссан гурав дахь чухал зохицуулалт бол шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалт юм. Үүнийг хуулийн төсөлд тусгахдаа анхан болон давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болохоор тусгалаа. Ингэхдээ иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, шүүхийн үйлчилгээг иргэнд хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн байхыг харгалзан үзэх ёстой гэдэг байдлаар төсөлд тусгаад байгаа юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн дээрх гурван зохицуулалтыг Шүүхийн тухай хуулийн төсөлд тодорхой болгон тусгаснаар мэргэшсэн, ёс зүйтэй, хариуцлагатай шүүх эрх мэдлийн тогтолцоог төгөлдөршүүлж, энэ нь иргэдийн шударга шүүхээр хамгаалуулах эрхийг улам бүр баталгаажуулна гэж үзэж болно.

-Шүүхийн үйл ажиллагаа гэхээр л хаалттай, ил тод, нээлттэй байж чаддаггүй гэж шүүмжилдэг. Энэ талын зохицуулалтууд хэр туссан бэ?

-Маш чухал асуулт байна. Хуулийн төсөлд шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгохтой холбоотой шинэлэг зохицуулалтууд нэлээд туссан. Тухайлбал, хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны, хувь хүн, хуулийн этгээдийн нууцад хамаарахаас бусад шүүх хуралдааныг цахимаар болон телевизээр дамжуулж болох юм. Мөн шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаар нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлж байхаар, олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр ойлгомжтой байдлаар бичгээр болон биечлэн тайлбарладаг болно. Түүнчлэн Улсын дээд шүүхийн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтэлдэг байх, шүүхийн шийдвэр бичих аргачлалд тавих шаардлага зэргийг хуулийн төсөлд тусгаж өгснөөрөө шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байхад дэвшилттэй чухал алхам болсон гэж ойлгож болно.

-Олон нийтийн шүүмжлэл дагуулдаг асуудлуудын нэг бол шүүгчдийн мэдлэг чадвар сул байгаа талаарх шүүмжлэл байдаг. Ялангуяа анхан шатны шүүхийн шүүгчид ийм шүүмжлэлд нэлээл өртдөг тал бий.

-Хэдийгээр шүүгчээр хуульд заасан шалгуур, шаардлагыг хангасан хүнийг томилдог ч шинээр томилогдож байгаа шүүгчийг мэргэшүүлэх асуудалд анхаарах нь зүйтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шүүгчээр шинээр томилогдсон шүүгчийг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд мэргэшүүлэн дадлагажуулах зорилгоор гурван сар хүртэлх хугацаагаар мэргэшүүлэх сургалтад заавал хамруулахаар, харин давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчээр томилогдсон шүүгчийг өөрийнх нь хүсэлтээр мэргэшүүлэх сургалтад хамруулахаар хуулийн төсөлд тусгасан.

-Хуулийн төсөлд бүх шатны шүүгчдээс бүрдсэн Нийт шүүгчдийн хуралдааны талаар тодорхой мэдээлэл өгөөч. Энэхүү хуралдааныг Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд Шүүгчдийн зөвлөл, УИХ-аар хэлэлцэж байгаа төсөлд Нийт шүүгчийн чуулган гэж нэрлэхээр санал гарсан гэх зэргээр нэр томьёоны хувьд бас янз бүрээр нэрлээд байх шиг байсан?

-Ер нь Монгол Улсын бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн, дөрвөн жил тутам зохион байгуулагдах, шаардлагатай тохиолдолд ээлжит бусаар хуралдаж байх хуралдаан л даа. Нэршлийн хувьд оновчтой болгох үүднээс тухайлбал, хуралдаан гэдгийг шүүн таслах ажиллагаанд “шүүх хуралдаан” гэсэн ойлголтоор илэрхийлдэг, түүнчлэн төсөлд УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан, мөн шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн зэргээр нэр томьёоны хувьд давхардуулахгүй байх, оновчтой нэрлэхийн тулд УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд Нийт шүүгчийн чуулган хэмээн нэрлэх нь зүйтэй гэж үзсэн байгаа. Энэхүү чуулганаараа шүүгчид маань ярилцлагын эхэнд дурдсан Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүнийг сонгох, огцруулах, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хуул тогтоомжийг боловсронгуй болгох саналаа хэлэлцэж УДШ-д уламжлах, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргаан хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмаа батлах, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг сонсох зэрэг шүүхийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэж байх юм. Түүнчлэн мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед нийт шүүгч нар маань 21 аймаг, 330 гаруй сумаас ч шүүгчдийн чуулгандаа цахимаар оролцох эрх зүйн орчныг нь бий болгосон байгаа.

-Таны дээр дурдсанчлан нийт шүүгчийн чуулгантай холбогдуулан миний анхаарал татсан асуух зүйл байна. Юу гэхээр шүүгч нарын Хуульчдын холбооны гишүүнчлэлийн асуудал буюу уг холбооноос гарах уу гэдэг нь сонирхол татаж байна?

-Хуульчдын холбоо буюу хуульчдын дунд олон жил яригдаж байгаа асуудлыг та хөндлөө. Шүүхийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулийн төслөөс таны асуултын хариуг харж болно. Өөрөөр хэлбэл, уг төсөлд хуульч нь шүүгчээр томилогдсоноор Хуульчдын холбооны гишүүнчлэлээс түдгэлзэж болох агуулга бүхий зохицуулалтыг тусгасан бөгөөд үүгээрээ тухайн шүүгчид өөрт нь энэхүү холбооны гишүүнчлэлд байх эсэхээ шийдэх сонголтыг олгож байгаа хэрэг л дээ.

-Улсын дээд шүүхийн шүүгчдийн тооны асуудал дээр нэлээд маргаан үүсч байсан. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Ажлын хэсэг, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан дээр олон талаас нь нэлээд нухацтай яригдсан асуудлуудын нэг. УДШ-ийн шүүгчдийн тоог Ерөнхий шүүгч, 24-өөс доошгүй шүүгчээс бүрдэх, эсхүл Ерөнхий шүүгч, 24-өөс дээшгүй шүүгчээс бүрдэх зэргээр УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд яригдаж, уг тоог хатуу заах нь оновчтой гэж үзэн Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, 24 шүүгчээс бүрдэнэ гэсэн санал дэмжигдсэн. Ингэснээр Улсын дээд шүүх мэргэшсэн, дагнасан байдлаар гурван танхимаараа ажиллах нөхцөл улам бүр баталгаажих юм.

-Хуулийн төсөлд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн шинээр байгуулахаар тусгасан байсан. Энэ байгууллага нь ямар статус, ямар чиг үүрэгтэй байх вэ?

-Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн нь УДШ-ийн дэргэд ажиллах юм. Уг хүрээлэн нь шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан сургалт зохион байгуулах, шүүн таслах ажиллагааг сургалт, судалгаа, мэдээллээр хангах, Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад шаардагдах судалгаа хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал бэлтгэх, шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх, олон нийтэд мэдээлэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ мөн шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхгүйгээр, шийдвэрлэсэн хэргийн кейс дээр үндэслэсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах орон тооны бус хороотой байх юм. Тус хүрээлэнд судлаач шүүгчээр ажиллах боломжийг нээн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг судлаачаар ажиллах боломжийг олгосон зохицуулалтыг бий болгосон төдийгүй энэ хугацаанд шүүгчийн цалин хөлсийг хэвээр олгож, мөн шүүгчээр ажилласанд тооцохоор тусгасан.

-Шүүгчид хариуцлага тооцохтой холбоотой ямар зохицуулалтууд тусгасан бэ. Учир нь нийгэмд шүүгч нарын мэргэжлийн ур чадвар, ёс зүйн алдаануудтай холбоотой шүүмжлэлүүд үеийн үед яригдсаар ирсэн шүү дээ.

-Шүүхийн тухай хуулийн төслийн амин сүнс гэж хэлж болохоор зохицуулалтын нэг бол таны асуусан шүүгчийн сахилгын зөрчилд хариуцлага хүлээлгэх, ингэснээр шүүгч өндөр ёс зүйтэй байх асуудал юм. Өөрөөр хэлбэл, шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг хуулийн төсөлд дэлгэрэнгүй тодорхой тусгаж өгч байгаагаараа онцлогтой. Энэ нь ч өөрөө Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4-т заасан шүүгчийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр огцруулах агуулга бүхий зохицуулалтад нийцэж байгаа. Нөгөөтэйгүүр хориглох, хязгаарлах зохицуулалтыг тодорхой тусгаж өгснөөрөө шүүгчээ хамгаалах агуулга гэж бас ойлгох хэрэгтэй. Түүнчлэн сахилгын шийтгэлийн төрлийг тодорхойлж, үүнтэй холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг уртасгасан. Тухайлбал, огцруулах шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш хоё жил, зөрчил гаргаснаас хойш таван жил өнгөрсөн бол, огцруулахаас бусад сахилгын шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол тус тус сахилгын шийтгэл оногдуулахгүй байхаар зохицуулж өгөөд байна. Мөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоохоор тусгасан.

-Та шүүгчийн мэдлэг ур чадвар болон ёс зүй өндөртэй байх, хариуцлагатай байх талаар төсөлд тусгасан зохицуулалтын талаар ярилаа. Тэгвэл шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хэрхэн сайжруулах юм?

-Бид өнөөдөр шүүгч мэргэшсэн, хараат бус, өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байх талаар их ярьдаг. Үүнтэй холбоотой олон ч зохицуулалт хуулийн төсөлд тусгалаа олсон талаар би дээр ярилаа. Ер нь шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал үүний дотор ялангуяа эдийн засгийн баталгааг давхар сайжруулж байж баланс барих учиртай. Өнөөдөр шүүхийн хөрөнгө оруулалтын төсөв сүүлийн долоон жилд зогсонги байдалтай байгаа талаар сонссон байх. Мөн шүүгчид өнөөдөр УИХ-аас тогтоосны дагуу 2.7-3.3 сая төгрөгний цалин авдаг. Үүн дээр хуульд заасан шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн хоёр хувийн нэмэгдэл авдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар шүүгч Төрийн албаны тухай хуульд заасан төрийн тусгай албан хаагчийн авдаг төрийн алба хаасан хугацааны, ажилласан хугацааны, зэрэг дэвийн, албан ажлын онцгой нөхцөлийн, докторын гэх мэт бусад нэмэгдлүүдийг авдаггүй. Тиймээс төсөлд Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн эдгээр нэмэгдлүүдийг шүүгчид олгож байхаар тусгасан. Мөн шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулсан хууль тогтоомж гаргахыг хориглосон, шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд өмнөх жилийнхээс бууруулахгүй байх зохицуулалтыг ч оруулсан. Түүнчлэн шүүхийн төсвийг боловсруулж батлуулахад баримтлах зарчмыг тодорхой болгон хуулийн төсөлд тусгалаа. Тухайлбал, УДШ өөрийн, ШЕЗ бусад шүүхийн төсвийг төлөвлөн УИХ-ын ХЗБХ-нд хянуулж, ХБЗХ-оор хянагдсан төсвийг улсын төсөвт нэгтгүүлэхээр Сангийн яаманд хүргүүлэх, Сангийн яам уг төсвийг бууруулахгүйгээр улсын төсвийн төсөлд тусгаж, холбогдох дүгнэлтийн хамт УИХ-д өргөн мэдүүлж, УИХ шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд ингэснээрээ Сангийн яам шүүхийн төсвийг дур мэдэн танахгүй байх эрх зүйн орчин бүрдэж байгаа гэж ойлгож болно.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг зохицуулалт одоо ч маргаан дагуулсаар байгаа. Энэ талаарх хуулийн зохицуулалт хэвээр байгаа юу?

-Үгүй. Хуулийн төсөлд Үндэсний аюулгүй зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг шүүгчийн хараат бус байх зарчим, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг гажуудуулсан зохицуулалт гэж үзсэн учраас хассан. Түүнчлэн уг асуудалтай холбогдуулан Олон улсын байгууллагуудаас зөвлөмж ирсээр байгааг дурдах нь зөв байх. Дашрамд хэлэхэд, Ерөнхийлөгч санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн хуулийн төслөө татсан хэдий ч зарчмын хувьд дийлэнх агуулга Засгийн газрын өргөн мэдүүлж, хэлэлцүүлж буй хуулийн төсөлд тусгалаа олсон гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Ер нь хууль санаачлагч хэн байхаас үл хамааран шүүх эрх мэдлийн эрх зүйн орчинг сайжруулж, ингэснээрээ иргэний шударга шүүхээр эрхээ хамгаалуулах баталгааг улам бүр хангах нэг л зорилгын төлөө гэдгийг ойлгоосой гэж хүсч байна.

-Шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, шүүгч хөндлөнгийн нөлөөнд автсан, автаж болзошгүй гэсэн хардлага байдаг. Хуулийн төсөлд энэ талаар зохицуулсан зохицуулалт байгаа юу?

-Байлгүй яахав. Бид шүүгчийг хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлж байж тэр хэрээр түүний хараат бус шударгаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Хуулийн төсөлд энэ талаар дэвшилттэй томоохон алхам бүхий зохицуулалт орсон. Тухайлбал, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Ерөнхий прокурор зэрэг албан тушаалтан нь шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж, тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд өгч байх, түүнчлэн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, УДШ-ийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор ийм шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол ШЕЗ нэн даруй хуралдаж ҮХЦ-д хүсэлт гаргуулах саналыг УДШ-ээр уламжлуулан хүргүүлж, шийдвэрлүүлэхээр тусгаад байна.