Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудаа морин уралдаанаа өөрчилж, хүссэн үедээ уралддаг болъё DNN.mn

Уяачид сар шинийн баяртай залгуулаад “Дүнжингарав-2024” хаврын морин уралдаан зохион байгуулах талаар зар түгээгээд эхлэв. Үүнийг эх оронч тэмцэгчид, жирийн иргэд жигтэйхэн их эсэргүүцэж байгаа харагдлаа. Тэд “Өвөл, хаврын үед морин уралдаан явуулахыг 2019 оноос хойш хориглодог болсон. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг Засгийн газрын тогтоолоор тас хориглосон байгаа. Тиймээс “Дүнжингарав-2024” уралдааныг цуцлах ёстой” гэж мэдэгдсэн. Манай “Өдрийн сонин”-ы хувьд анхнаасаа насанд хүрээгүй хүүхдээр морь унуулдаг явдлыг эсэргүүцэж ирсэн. Томчууд хүүхдүүдээр морь унуулж зугаацан сэтгэлийн ташаал авч байгааг олонтаа хөндөж, шүүмжилж тавьдаг. Бид хурдан морины уралдааныг эсэргүүцээгүй. Гагцхүү унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалж бичдэг. Өнөө цагт хурдан морины эзэн, унаач хүүхэд хоёрын харилцааг харахаар яг л феодалын нийгмийг санагдуулам. Ингэж хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж, морь уралдуулдаг ярга манайхаас өөр хаана ч байхгүй.

Хурдан морины уралдаан бол дэлхийд хамгийн их мөнгө эргэлддэг спорт болж хөгжсөн. Энэ уралдаан хамгийн олон хүнийг татаж чаддаг, дандаа чинээлэг баячууд оролцдогоороо онцлог. Дэлхийн морин уралдааны шагналын нийт сан бараг дөрвөн тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Морин уралдааны бүтэн жилийн нийт бооцооны дүн 100 гаруй тэрбум ам.доллар байдаг гэсэн. Мэргэжлийн бэлтгэгдсэн, хурдны морь унах тусгай эрх бүхий унаачтай. Тэр нь мэдээж насанд хүрсэн хүн байна. Судалгаанаас харахад мэргэжлийн унаачийн жилийн цалин 120 гаруй сая төгрөгтэй тэнцдэг юм билээ. Ерөнхийдөө морин спорт дэлхий дахинд хүчээ авсан. Ази тивийн хувьд Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Хонгконг зэрэг орнууд арай хол тасраад байгаа. Морин уралдаан хөгжсөн улсын эдийн засагт морин спортын үр өгөөж асар их жин дардаг. Тухайлбал, АНУ-д энэ салбар 1.4 сая гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Улсынх нь эдийн засагт тусч буй шууд нөлөө нь 40 гаруй тэрбум ам.долларт хүрчээ. Ингээд харахаар хурдан морины уралдаан нь улсдаа өндөр ашиг өгдөг спорт болж хөгжсөн байгаа биз. Харин Монголд эсрэгээрээ, хамгийн хөгийн спорт болчихсон. Төр нь юм болгонд оролцдог зангаараа бас л морин спортод эрх мэдлээ тамгалчихсан. Дээрээс нь мориноос насанд хүрээгүй хүүхэд унагаж хөнөөдөг. 1996 оноос хойш өнөөг хүртэл 50 гаруй хүүхэд хурдан мориноос унаж нас барсан харамсалтай тоо яригддаг. Дэлхийн топ спортыг Монголд төр засаг нь хориглоод, ялтай шийтгэлтэй болгочихсон. Манайхан дэлхийн топ спортыг ийм л юм болгоод удлаа. Яагаад дэлхийд үр өгөөжөө өгөөд хөгжөөд байгаа зүйлс манайд яг энэ морин спорт шиг уруудаж доройтож улны зүйлс болдог юм бол гэж гайхаш тасрахаар. Уг нь үүнээс гарах зам бий шүү дээ. Үнэндээ төрд гарсан хөрөнгө мөнгөтэй улсууд өөрсдийнхөө хүсэл сонирхлыг тэргүүнд тавьж, унаач хүүхдүүдийн амийг юман чинээ бодохгүй байгаа болохоор хурдан морины уралдааныг спортын түвшинд хөгжүүлэхгүй байгаа юм. Тэд “Өнө эртнээс улбаатай хурдан морины уралдаан бол Монголын том өв соёл. Тийм болохоор энэ уламжлалаа үгүй хийж болохгүй” гэсэн халхавч дор төрийн наадамд хурдан морио цоллуулж, өөрийнхөө нэрийг мандуулах туйлын хүсэлтэй.

Одоо хэдүүлээ морин уралдаанаа өөрчлөх хэрэгтэй байна. Хамгийн эхлээд морь малаа эрлийзжүүлж бие хааг нь том болгоё. Сэрвээний өндөр үзэж, эрлийз морь байна гээд хасч хориглох биш, уралдуулдаг байя. Ингэсний дараа амьтны нялх үрсийг биш 16-гаас дээш насны хүнээр морь унуулдаг болгомоор байна. Дэлхийн морин спортын унаачид нь нас биед хүрсэн хэрнээ туранхай, жижигхэн биетэй, авсаархан улсууд харагддаг. Яваандаа унаачгүй морь уралддаг болж ч мэднэ. Арабууд хурдан тэмээгээ тохой хэртэй хэмжээтэй роботоор унуулдаг болчихсон байна шүү дээ. Бас манайхан хурдан морио уралдуулахдаа бараа нь үл харагдах газраас тавьдаг. Тэр олон морьд ухаан жолоогүй тоос манаргасаар 30-аад км газрыг бахардаж унатлаа туулна. Ихэнх нь замынхаа талдаа ч оролгүй тамир нь суучихдаг. Унаач хүүхэд нь морьтойгоо усан хулгана шиг болоод хөлс, шороотойгоо холилдоод шогшоод ирж байгааг харах тийм сайхан байдаг юм уу. Тэгэхээр хурдан морины уралдааныхаа зайгаа багасгая. Ер нь их насны морь уралдах зай 15 км байхад л хангалттай юм биш үү. Ингээд бичингүүт “Монгол морины тэсвэр байхгүй болно” гэцгээх байх. Өнөө цагт монгол морины тэсвэртэй байх ямар ч хэрэггүй болчихсон. Магадгүй 13 дугаар зуун байсан бол өөр л дөө. Монголчууд дэлхийд

ноёрхож байхдаа хүлэг морьдынхоо шандсаар л ялалтад хүрч байсан. Харин өнөө үед монгол адуу стратегийн амьтан биш шүү. Ийм болоод

300 жилийг үдсэн байна. Моторт хөлөг, буу шийдэм гараагүй байхад морь бол яалт ч үгүй стратегийн унаа байсан нь үнэн. Үүнийг манай төр зориуд мэдэхгүй байна гэж байх уу. Эсвэл мэдээгүй царайлж худлаа жүжиглэдэг юм уу. Ингэж тэнэглэж байдгаа болиод олон юмнаас татгалзмаар байна. Үүний нэг нь адууг стратегийн хамгаалал гэж боддог явдал. Төрийн тэргүүнээсээ өгсүүлээд жирийн хөдөлгөөний удирдагч нь хүртэл “Адуу бол стратегийн амьтан” гэж ирээд л шүтэх юм. Стратегийн унаа гэдэг чинь явж, явж дайны унаа, бас дайснаасаа зугтах хөсөг гэсэн үг байлгүй дээ. Одоо адуу унаад дайнд явна гэж бодоход ч ичмээр биз дээ. Бас нэг зүйл хурдан морьдынхоо давхих зайг хоёр дахин багасгаад 15-18 км болгох нь зөв. Тэгээд морь унаачаа 16-аас дээш насны иргэн болгож томруулаад тойруулгын зарчмаар уралддаг болбол аль морь нь яаж давхиж байгааг ард түмэн үзмээр л байна шүү дээ. Өөрийнхөө дэмжиж байгаа адуундаа бооцоо тавьдаг болж, дэлхийн жишигт аваачвал морин спорт жинхэнэ утгаараа хөгжиж чадна. Төр засаг зүгээр л хууль дүрмээ гаргаад өгчих л дөө.

Хөдөө очоод захын малчин айлд ороход “Төдөн хувийн цус орсон тэдэн хувьтай адуу” гээд л ярих юм билээ. Энэ нь эрлийз болж байгаа адуугаа л ярьж байгаа хэрэг юм. “Сая улсад уралдаад түрүүлдэг тэр үрээ 50 хувьтай. Сумын наадамд айрагддаг хонгор даага 75-тай” гэх маягаар хуучилцгаадгийг сонсож л байсан байх. Үнэхээр эрлийз адууны хувьд хэмжээг яаж тогтоодгийг нь бид мэдэхгүй. Хар ухаанаар бодоход монгол гүү, цэвэр англи, араб азарга хоёрын дундаас гарсан төлийг 50 хувийн цустай гэж тооцоод байх шиг. Хэрэв цэвэр англи гүү, 50 хувьтай азарга хоёрын дундаас гарсан унагыг 75 хувьтай гэж үздэг бололтой юм. Үүнийг биологийн ухаандаа яаж ч тогтоодгийг бид үнэндээ мэдэхгүй. Манай уяачдын л гаргаж ирсэн томьёо юм шиг байгаа. Монголд эрлийзгүй адуу гэж байдаггүй байгаа биз. Гэтэл манайхан сэрвээний өндөр хэмжинэ гэж нэг хачин юм бас зохиочихсон. Энэ дүрэм мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн адуунд үйлчилдэггүй. Хэмжээндээ багтахгүй байсан ч гэсэн уралддаг. Тэгэхээр нуруу сээр хэмжихээ болих хэрэгтэй. Зүгээр сайхан том биетэй эрлийз адуугаа насанд хүрсэн хүнээр унуулсан нь шулуухан. Дээр нь унаач хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигддөг гол харлам мэдээ өчнөөн дуулддаг. Хүүхдээр олон жил морь унуулахын тулд өсөлтийг нь зогсооход нөлөөлөгч тариа хийдэг л гэнэ. Хүүхдэд хоол өгөхгүй, өлсгөлөн байлгаж байгаад мордуулж байна ч гэх шиг. Энэ бүхнээс зайлсхийх шийдэл нь дээр хэлсэнчлэн 16-аас дээш насны хүнээр морь унуулж, морио чөлөөтэй уралдуулдаг болох. Яагаад гэвэл хөдөө нутагт залуучуудыг тогтоон барьж байгаа зүйл нь хурдан морь болчихсон нь худлаа биш. Тэд морио уяж, хурдлуулж баясч байна шүү дээ. Тэгвэл энэ хэдийгээ зугаатай байлгая л даа.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Уламбаяр: Даяаршил, дижиталчлалын өнөө үед олон улсын харилцааны хоёр туйлт систем рүү эргэж орох боломжгүй DNN.mn

Хүмүүнлэгийн их сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Сүүлийн үед олон улсын шинжээчид хоёр туйлт дэлхий ертөнцийн талаар их ярих боллоо. Сан Францискод болсон АНУ, Хятадын төрийн тэргүүн нарын уулзалтын дараагаас ийм нөхцөл бүрдлээ гэх юм?

-Хятадын зарим судлаачид “Хятад төвтэй, АНУ төвтэй олон улсын харилцааны хоёр туйл бүрэлдэж байна” гэж бичиж буй нь ажиглагддаг. БНХАУ-ын Бээжингийн Ардын их сургуулийн Олон улс судлалын сургуулийн орлогч захирал доктор профессор Жинь Цанрун энэ талаар ихээхэн бичиж, ярьдаг хүний нэг л дээ.

Тэрбээр “Ойрын ирээдүйд гол зөрчил Хятад, Америкийн дунд өрнөнө. Удахгүй БНХАУ АНУ-ыг гүйцнэ. Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Хятадын эргэн тойронд буй Монгол болон Төв Азийн орнууд Хятадыг л түшиглэнэ. Тэдний гол түшиг нь Хятад юм” хэмээн мэдэгддэг. Оросын Украинд бүрэн хэмжээний цэрэг дайны ажиллагаа эхлэхээс өмнө Хятадын судлаачид ОХУ-ыг их гүрнүүдийн хоорондын харилцааг тэнцвэржүүлэгч гэсэн байр сууринаас бичих хандах төлөв ажиглагдаж байсан.

Зарим судлаачид нь ОХУ-ын эдийн засаг бол Хятадын эдийн засгийн аравны нэг хувь буюу Гуанжоугийн ДНБ-ээс ч доoгуур хэмээн чамласан өнгө аястай бичсэн нь бий.

Гэхдээ Хятадын эдийн засгийн удаашрал, ажиллах хүчний хомсдол, хөрөнгийн гадагшлах урсгал, эдийн засаг дахь төрийн оролцоо, улс төрийн системийн өөрчлөлтгүй байдал нь Хятадыг 2030 он, тэр ч байтугай 2050 гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлэх тухай санал дүгнэлтүүдыг эргэж харахад хүргэж байгаа тухай Өрнөдөд бичиж эхэлсэн байна билээ.

-Хэрэв дэлхий ертөнц хоёр туйлтай болбол хүн төрөлхтөнд учрах хор уршиг нь ямар байх вэ. Улс төр, нийгэм эдийн засгийн амьдралд гарах өөрчлөлтүүдийн талаар та яаж харж байна?

-Даяаршил, дижиталчлалын өнөө үед олон улсын харилцааны хоёр туйлт систем рүү эргэж орох боломжгүй болов уу. Орос, Украины дайнтай холбоотой НҮБ-ын Ерөнхий Ассамблейн бараг зургаан удаагийн тогтоолын төслийн санал хураалтад ОХУ-ын талд зогсч буй орнууд нь Белрарусь, Хойд Солонгос, Сири, Иран, Никарагуа зэрэг 5-6 улс л орж байна. БНХАУ санал хураалтад тогтмол түдгэлзсэн байр суурь илэрхийлж ирсэн. Харин хэрхэн яаж АНУ, Британи, Европын холбоо, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Япон, БНСУ, Турк зэрэг нөлөө бүхий гүрнүүд, НҮБ-ын тэгш оролцоотой олон туйлт дэлхийн шинэ дэг журмыг цогцлоох вэ гэдэг асуудал л байгаа юм.

-Олон туйлт дэлхийн шинэ дэг журам төлөвшиж байгаа гэсэн үг үү. Магадгүй дэлхий ертөнцөд хоёр туйлт нөхцөл байдал үүсвэл энэ хоёр том гүрний дунд оршиж байгаа Монгол Улсын хувь заяа хэрхэх вэ?

-ОХУ, БНХАУ олон улсын харилцааны олон туйлт төв төлөвших хандлагын чухлыг тэмдэглэж байгаа. Гэвч хоёр хөршид эрх мэдэл нэг хүний гарт улам бүр төвлөрч, авторитар дэглэм эрчээ авна. Олон нийтийн мэдээлийн хэрэгсэлд тавих хяналт чангарч, хүний эрх, эрх чөлөө боймлогдож, тэдгээр нь иргэдийн эрх чөлөөг эрхэмлэх үзэл бодолтой улам бүр зөрчилдөж, эдийн засаг дахь төрийн эрх мэдэл үлэмж нэмэгдэж байгаа нь алсдаа асуудал үүсгэх магадлалтай. Тиймээс Монгол Улс хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцах гадаад бодлогын тэргүүлэх чиг шугамаа тууштай баримталж, хоёр хөрш, “гуравдагч хөрш”-ийн бодлогын дунд тэнцвэрийн хүчийг олж, эрх ашгийн тэнцвэр барих явдал чухал болсон. Бид парламентын ардчилал, зах зээлийн харилцааг улам бүр төгөлдөршүүлэх, хариуцлагатай, сайн засаглалыг цогцлоох, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын баталгаажуулалтыг хангах үйл явцыг тасралтгүй хийж байх ёстой юм.

-1990 оны хүртэл дэлхий ертөнц хоёр туйлтай явж ирсэн гэдэг шүү дээ. Социалист орнууд болон барууны капиталист орнууд гээд. Үнэхээр дэлхий дахин хоёр туйлтай болчихвол тэр цаг дахин нүүрлэнэ гэж харж болох уу?

-Дэлхийн II дайн дууссаны дараа ЗХУ, АНУ тэргүүлсэн социализм, капитализм гэсэн хоёр туйлт олон улсын харилцааны дэг журам тогтсон. Үүнийг хүйтэн дайны үе хэмээн нэрлэж байсныг бид бүгд мэднэ. ЗХУ болон социализм системийнхээ хувьд задран унаснаар социализм, капитализмтай хийсэн түүхэн уралдаанд ялагдал хүлээж, хүйтэн дайн төгсгөл болсон. 1990-ээд он бол олон улсын харилцааны нэг туйлт дэг журам буюу АНУ-ын оройлол онцгойрч байсан үе юм. Социализм нуран унаснаас хойш 1990-ээд онд АНУ дэлхий дээр жолоодогчийн үүрэг гүйцэтгэх тухай үзэл санаа бодлогын шинж чанартай болж байгаад лалын ертөнц, ОХУ ихээхэн эгдүүцэн дургүйцэж буй тухай судлаачид, улс төрийн тоймчид онцлон тэмдэглэж байв. Үүнээс гадна энэ үйл явцыг Хятадын судлаачид аль нэг их гүрэн ганцаараа жанжлах гэсэн эрмэлзлэл ч гэж хурцаар шүүмжилж байсан юм. Хүйтэн дайнд ялалт байгуулсандаа эрэмшсэн АНУ, түүний холбоотнууд дэлхий дахинд хүний эрх, эрх чөлөө, ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцааг түгээн дэлгэрүүлэх, сэргээн баталгаажуулах тухай бүх чиглэлд зааж сургаж байв. 2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдлын дараа АНУ-ын тэргүүлэх оройлолтой олон улсын харилцааны нэг туйлт дэг журам төгсгөл болох үе шат эхэлж, 2008-2009 оны дэлхийн санхүү-эдийн засгийн хямралаар цаашид үргэлжилсэн тухай судлаачид тэмдэглэж эхэлсэн байдаг. Даяаршил, дижиталчлалын үйл явц гүнгийрч, харилцан хамаарал тодорхойлогч хүчин зүйл болж, хамгийн хүчирхэг батлан хамгаалах чадавхтай, хамгийн хүчирхэг эдийн засагтай улс гүрэн ч өөрийн аюулгүй байдал, хөгжил дэвшлийг дангаараа хангаж, хөтлөн авч явах бололцоогүй болсон. АНУ, ОХУ,БНХАУ-д энэхүү дүгнэлт юуны өмнө хамаарч байгааг тэмдэглэх ёстой болов уу.

-Орос Украины дайн болох хүртэл дэлхий ертөнц түүхэндээ сүүлийн 30 жил дайн дажингүй амар тайван байлаа гэж хэлж болохоор. Хэрэв БНХАУ Тайваньтай дайтвал Орос, Украины дайнаас илүү том хямрал үүсэх эрсдэлтэй юу?

-БНХАУ Тайванийг цэргийн хүчээр нэгтгэхгүй болов уу. Энэ нь Хятадын хувьд ч том эрсдэлтэй. Зөвхөн Тайванийн ардчилсан статусыг хамгаалах тухай биш. Хятад, АНУ-ын хооронд цэргийн томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөн гарах магадлал байгааг үгүйсгэж үл болно. Нөгөө талд тэрбум 400 сая хүн амтай Хятад улсад тогтвортой байдал маш чухал. Зарим судлаачид тэмдэглэхдээ Тайванийг нэгтгэх тухайд яарах шаардлага байхгүй. “Нэг улс, хоёр систем”-ийн хүрээнд ирээдүйд Хятадад нэгдэнэ. Энэ нь зөвхөн цаг хугацааны асуудал гэж үздэг. Энд нэг зүйлийг тэмдэглэхэд БНХАУ хүйтэн дайны үеийн нэг тал хэзээ ч байгаагүй боловч “Шинэ хүйтэн дайн”-ы үеийн нэг тал болох магадлал байгааг үгүйсгэж болохгүй.

-Дэлхийн геополитик болон гео-эдийн засгийн хямралыг Америк, Хятад хоёроос өөр шийдвэрлэж чадах хүчин байна уу?

-Олон улсын харилцаанд голлох нөлөө бүхий гүрнүүд, дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ-ын хамтын хүчин чармайлтаар дэлхий дахинд илүү аюулгүй зохистой шинэ дэг журмыг төлөвшүүлэх шаардлагатай. Түүнчлэн олон туйлт дэлхийн шинэ дэг журмыг төлөвшүүлэх гэдэг нь Өрнөдийн оролцоог үгүйсгэж Орос, Хятад хоёр өөрсдийн нөлөөний хүрээг тогтоох тухай асуудал огтоос биш юм. НҮБ, олон улсын эрхзүйн зарчим, хэм хэмжээг зөрчиж, цөмийн зэвсэгт дулдуйдан хүчээр түрээ барих, бусдын аюулгүй байдлыг бусниулах замаар өөрийн аюулгүй байдлыг хангах, баталгаажуулах оролдлого хийж, чингэснээрээ дэлхийд олон туйлт дэг журам цогцлоох ямар ч боломж байхгүй.

-Ирэх намар болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар БНН-аас нэр дэвшигч Доналд Трамп гарч ирвэл дэлхийн өнөөгийн нөхцөл байдал орвонгоороо эргэнэ гэлцэх юм. Та үүнийг хэрхэн ажиглаж байна вэ?

-АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг улс төрийн голлох хоёр нам доторх сунгаа албан ёсоор эхлээд удаагүй байна. БНН-аас Доналд Трамп нэр дэвших нь бараг тодорхой болох болов уу. Саяхан Айова, Нью Хэмпшир муж улсын намын сунгаанд тэрбээр ялалт байгуулсан байна. Ерөнхийлөгч Жо Байдены 2020 оны сонгуулиар ялалт байгуулсан муж улсууд дахь байр суурь нь хэвээр хадгалагдаж байгаа юм байна. Харин Израиль, Хамасын дайн түүний хувьд том сорилт болж байх шиг. Д.Трамп Жо Байденийг хэлэлтгүй тэрбээр өөрөө ч өндөр настай. Өнгөрсөн долоо хоногт The New York Magazine цахим сэтгүүлд “Д.Трамд үнэхээр дарангуйлагч болох уу?” гэсэн өгүүлэл нийтлэгдсэн байна лээ. Бүр дөрвөн жилийн өмнө, 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулын өмнөхөн The Po­litico.com цахим сэтгүүлд “Трамп авторитар хүн, сая сая америкчууд ингэж харж байна” нэртэй нийтлэл хэвлэгдэж байсныг санаж байна. 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны The Washington Post” сонинд “Трампын дарангуйлал улам бүр зайлшгүй болж байна. Бид жүжиглэхээ болих хэрэгтэй” нэртэй нийтлэлүүд хэвлэгдэж байсан. Д.Трамп “Хэрэв би сонгогдвол Орос, Украины дайныг нэг өдрийн дотор л дуусгана” хэмээн хэдэнтээ мэдэгдсэн. Энэ нь агуулгын хувьд Донецк, Луганск, Запорожье, Херсон гэсэн Украины зүүн дөрвөн мужийг ОХУ-д нэгтгэхийг олон улсын эрхзүйн хувьд хүлээн зөвшөөрөх тухай асуудал. Үүнийг Украин, Өрнөдийн гүрнүүд, түүгээр зогсохгүй НҮБ үл зөвшөөрнө. Доналд Трамп сонгогдвол дэлхийн өнөөгийн нөхцөл байдал орвонгоороо эргэдэггүй юмаа гэхэд ямар ч байсан том өөрчлөлт гарах болов уу. Холбоотнуудын харилцаа ч энд хамаарна. Жо Байдены хувьд сүүлийн нэг жил хагасын хугацаанд АНУ-д инфляци тууштай буурсан, эдийн засагт бодитой өсөлт мэдэгдэхүйц ажиглагдаж эхэлсэн, ажлын байр олноор нэмэгдэж байгаа юм байна. 2023 оны эцсийн дүнгээр шингэрүүлсэн хийн экспортоор дэлхийд нэгдүгээрт, газрын тосны олборолтоор бүр Саудын Арабыг гүйцэж түрүүлж буй зэрэг сонирхолтой эерэг дүр зураг гарч ирж байна. Гэхдээ хэн ялахыг ярих цаг дэндүү эрт байна л даа.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

И.Энхболд: Геополитикийн нөхцөл байдлаас үүдэн дэлхий нийт манай улсыг урд өмнөхөөс илүү анхаарах боллоо DNN.mn

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач И.Энхболдтой ярилцлаа.


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сая Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулганд оролцоод ирлээ. Манай улсын хувьд Ерөнхий сайдын түвшинд 20 жилийн дараа оролцож байгаа гэдгээрээ нэлээд ач холбогдол өглөө. Энэ удаагийн Давосын чуулган бидэнд ямар үр өгөөжтэй болов?

Энэ удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулган “Итгэлцлийг дахин төрүүлэх” хэмээх уриан дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Өнөөгийн геополитикийн хурцадмал нөхцөл байдалд зөвхөн урилгаар оролцдог. Тэгвэл бид энэ удаа урилга хүлээн авч оролцож байгаагаараа чухал ач холбогдолтой гэж үзэж байна. зөвхөн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах бус эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарыг онцгойлон авч үзэв. Ерөнхий сайдын хувьд олон уулзалт хийж, олон асуудлын шийдлийг богцондоо авч ирсэн гэж найдаж байна.

-Энэ жилийн Давосын чуулганы онцлог юу байв?

-Чуулганыг олон улсын хэмжээнд дөрвөн гол асуудал дээр төвлөрлөө гэж үзэж байна. Нэгдүгээрт, удирдагчид “хамт татах” буюу хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг онцолсон. Тухайлбал, мягмар гаригийн өглөө Дэлхийн эдийн засгийн форумын тэргүүн Борге Бренде геополитик, гео эдийн засгийн нөхцөл байдал ээдрээтэй байгааг дахин санууллаа.

Лхагва гаригт НҮБ-ын ЕНБД Антонио Гутерриш дэлхийн засаглалын тогтолцоонд шинэчлэл хийхийг уриалсны дагуу уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаан зэрэг дэлхийн геополитикийн хуваагдлыг бид зөвшөөрөх ёсгүй гэж анхааруулав. Өөрөөр хэлбэл, дэлхийн удирдагчид геополитикийн асуудлыг шийдэх боломжтой гэдгийг уриалж, анхааруулж, энх тайванд хүрэх арга замыг хайж байна. Түүнчлэн хиймэл оюун ухаан, квант компьютер, цаг агаарын өөрчлөлт, эрчим хүч, соёл болон бусад олон тулгамдаж буй салбарын талаар хуралдлаа. Хоёрдугаарт, Энэ үеэр дэлхийн удирдагч нарын нэг онцлох сэдэв бол бодлогын хүү, инфляци байлаа. Европын төв банкны ерөнхийлөгч дэлхийн эдийн засгийг хэвийн бус байдал руу шилжиж байгааг анхааруулсан бол Дэлхийн эдийн засгийн форумын зүгээс тогтвортой, тэнцвэртэй үйлдвэрлэл дэх өсөлтийн шинэ загварыг танилцуулсан. Дэлхий дахин баялгийг тэгш хуваарилахын зэрэгцээ хиймэл оюун ухаан, дижитал технологийг дэлхий нийтээр тэгш хэрэглэх тал дээр анхаарал хандуулж байна. Ирээдүйн дэлхийн эдийн засагт шинэ ажлын байр, ажиллах хүчний шинэ ур чадвар зайлшгүй шаардлагатай тул одоогоос бэлтгэх нь чухал болоод байгаа талаар ярилцлаа. Гуравдугаарт, хиймэл оюун ухаан нэг талаар боломж олгож байгаа ч нөгөө талаар хяналтаас гарах, эсвэл муу хүмүүсийн гарт орох аюул тулгарч болзошгүй.

Хүн төрөлхтөн юу хүсч байгааг өөрсдөө мэднэ. “OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман чуулганы үеэр хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтөн цаашид илүү өндөр технологийг эзэмших шинэ эрин үеийн босгон дээр ирээд байна. Харин бид өөрсдөдөө анхаарал хандуулсан хэвээр байна” гэжээ.

Дөрөвдүгээрт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний шинэ системийг бий болгох дэлхий нийтийн яаравчлан шийдэх ёстой асуудал юм. Ихэнх оролцогсдын хэлж байгаагаар “бидэнд технологи байгаа ч үүнийгээ ашиглаж чадахгүй байна, шуурхай зохион байгуулалтад орж, хурдан хэрэгжүүлэх ёстой” хэмээжээ.

-Ерөнхий сайдын хувьд чуулганы үеэр нэлээд олон орны төр, засгийн тэргүүнүүдтэй уулзаж байгаа харагдсан. Ер нь 50 гаруй уулзалт товлогдсон тухай мэдээлж байна. Манай улс тэдний сонирхлыг юугаараа татаж чадав?

-Өмнө нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах талаар ихэнхдээ ярилцдаг байсан бол энэ удаа аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг зэрэг олон салбарыг хамарсан илүү өргөн хүрээний айлчлал боллоо гэж харж байна. Геополитикийн нөхцөл байдлаас үүдэн дэлхий нийтийн анхаарал манай улс дээр урьд өмнөхөөс илүү анхаарал хандуулах боллоо. Энэ бол бидний алтан боломж байх болно. Бид энэ боломжийг ойрын жилүүдэд хамгийн дээд зэргээр ашиглах ёстой. Энэ удаагийн Давосын чуулган бидэнд боломж олгоод зогсохгүй олон үүд хаалга нээж өгсөн гэдэгт итгэж байна. 2024 онд олон улсын чуулга, уулзалтууд олон болох төлөв ажиглагдаж байна. Манай улсын зүгээс боломж бүрийг бүү алдаасай гэж хүсч байна.

-Дайнаас үүдэлтэй дэлхийн эдийн засаг ямар байх бол?

-Сан Францискод болсон АНУ, Хятадын төрийн тэргүүн нарын уулзалтын дараа дэлхий хоёр туйлтай болох нөхцөл бүрдсэн. Дэлхийн геополитик болон гео эзийн засгийн хямралыг энэ хоёр их гүрнээс өөр шийдвэрлэж чадах хүчин үгүй боллоо. Энэ онд болох АНУ-ын сонгуулиар Д.Трамп сонгогдвол дэлхийн өнөөгийн нөхцөл байдал орвонгоороо өөрчлөгдөх дүр зураг ажиглагдаж байна. Нөгөө талаар Хятад улс батлан хамгаалах зардлаа нэмж байна, Өвөр Монголоос цэрэг татах ажиллагааг эхэлсэн сурагтай. Тайваньтай дайн хийхээр бэлтгээд байна уу гэх хардлага төрсөн. Хэрэв Тайваньтай дайн хийвэл Украины хямралаас илүү хямрал үүснэ. Миний бодлоор Украиныг бодвол Тайвань бол аварга загас юм. Өндөр технологи дээр суурилсан дэлхийн эдийн засаг энэ арлаас ихээхэн хамааралтай болсон. Дээр нь саяхан болж өнгөрсөн Тайванийн ерөнхийлөгчийн сонгуулиар тайваньчууд ардчилалд итгэж байгааг харууллаа. Энэ жил 60 гаруй улс ерөнхийлөгчийн болон парламентын сонгуультай. Цаашид ардчилсан дэглэм ноёлох уу авторитар дэглэм ноёлох уу гэдгийг эдгээр сонгуулиас ажиглаж болно.

-Манай улсад хэрхэн нөлөөлөх бол?

-Ер нь дэлхийн эдийн засаг хямрах тусам алт, зэс, төмөр болон бусад ашигт малтмалын үнэ өсдөг. Энэ утгаараа манай эдийн засагт эерэг нөлөөтэй байж болох ч хөрөнгө оруулалт, мөнгөний шилжилт хөдөлгөөн багасдаг тул сөрөг талтай байж болно. Гэхдээ манай улсад эерэг тал илүү давамгайлна гэдэгт итгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Дорждагва: Уншдаг хүн аливааг тунгаан бодож, эргэцүүлж шийдвэр гаргахдаа бусдаас давуу байдаг DNN.mn

Профессор Т.Дорждагватай ярилцлаа


-Монголчууд нэг л их яарч тэвдэж бухимдсан стресстэй хүмүүс байх боллоо. Энэ нь юутай холбоотой гэж харж байна вэ?

-Үнэндээ бол өмнөх нийгмийн үед ч яарч тэвдэх үзэгдэл байсан. Тухайн үед хариуцлага өндөр байсан гэх үү дээ. Ажлаас хожимдвол нам, эвлэлийн хурлаар зэм дуулна. Ажлын хамт олны дунд нэр хүнд сэвтэнэ. Тэр үед өөрийн унаатай хүн цөөхөн байж. Олонх нь нийтийн тээврээр зорчиж ажлаа амжуулдаг, автобус хүрэлцээ муутай байсан. Одоо бол нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байна. Хүмүүс мэдээллээс хоцорч, боломжийг алдвал хожигдож амьдрах болсон байна. Тийм учраас цагийг үр бүтээлтэй, зөв ашиглах ёстойг ойлгож байгаа байх аа. Харин бухимдлын хувьд өөр шалтгаан байгаа болов уу. Манай нийгэмд шударга бус байдал ихэд газар авах боллоо. Энэ бол үнэхээр үндэсний эмгэнэл юм даа. Ялангуяа эрх мэдэлтэй хүмүүс шударга бусаар амьдарч, түмэн олныгоо нулимаж байхад бухимдалгүй яах вэ. Өнөөдөр манай хүн амын дотор төдийгүй, бараг албан ёсны хэлэнд “хулгайч” гэдэг үг хэвийн хэрэглэгддэг нэр томьёо болоход хүрлээ шүү дээ. Өнөөдөр мэдээллийн хэрэгсэл хүрэлцээтэй, хүртээмжтэй болж, сүүлийн үеийн дуулиант асуудлууд болох “Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтийн хуваарилалт”, “Хөгжлийн банкны асуудал”, “Таван толгойн нүүрсний хулгай” гээд олон бусармаг үйлдлийн тухай ард иргэд тодорхой мэдээлэл авч бодит байдалд үнэхээр харамсан бухимдаж байна. Бид ирэх сонгуульд маш хариуцлагатай хандах шаардлага нэгэнт бий болсон шүү.

-Мэдээж механик хүчин зүйлсээс гадна хүний дотоод мөн чанар нөлөөлнө биз?

-Манай өвөг дээдэс их ухаалаг, хүмүүнлэг хүмүүс байсныг түүхэн баримт, ном судраас бид уншиж суралцаж ирлээ. Үеийн үед уламжлагдсан эдгээр эерэг чанар бидний удмын санд хадгалагдаж, аливаа бусармаг зүйлд хөндлөн хандах боломжийг бидэнд үлдээсэн нь бахархууштай зүйл юм даа. Бидний ахмад үе, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид маань бидэнд үнэтэй сургаалаа хайрлан үнэнч шударга байж, бусдад тустай, амьдралын идэвхтэй зарчмыг баримталж явахыг хэвшүүлж байсан нь хойч үеийнхэн бидний үнэт баялаг.

-Ард түмэн мэдлэггүй, уншдаггүй, сошиалаар шуурдаг боллоо. Аливаа мэдээллийг тунгаан ялгаж, салгах ухаан үнэхээр дутаж байна. Яавал ард түмнийг соён гэгээрүүлэх вэ?

-Түмэн олон маань сүүлийн үед бага уншиж, тулгарсан асуудалд сошиалаар шуурч байгаа нь үнэн юм болов уу. Одоо сурч яах юм бэ, эрдмийн зэрэг хамгаалаад яах юм бэ гэж ярих хүмүүстэй хааяа тааралдаж байлаа. Энэ бол уг нь түр зуурын асуудал л даа. Угтаа бид уншигч ард түмэн байх ёстой юмсан. Өрнөдийн улс орнуудын иргэд үнэнхүү уншигч ард түмэн байдгийг тэдэнтэй ажил хэргийн холбоотой хийгээд тэдгээр улс оронд суралцаж байсан хүмүүс андахгүй. Манай хойд хөршийнхөн гэхэд л ажилдаа явахдаа цахилгаан галт тэргэнд бүгд л ном шагайсан харагддагсан. Ном уншсан, юм дуулж сонссон хүн аливааг тунгаан бодож, эргэцүүлж шийдвэр гаргахдаа бусдаас давуу байдаг нь үнэн. Энэ дашрамд нэг юм хэлмээр бодогдож байна. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг шалгаруулах, томилоход бид жаахан алдсан болов уу гэж санагдах нь бий. Ялангуяа жижиг гэлтгүй аль ч байгууллагын удирдлагыг сонгон ажиллуулах практикаа эргэж нэг харууштай юм шиг байна. Шударга бусаар амьдрах, хамсрах хортой нөлөөлөл тэднээс сүрхий улбаатай гэж зарим хүн шүүмжлэхийг сонсож байлаа. Шударга ёсыг тогтоохгүйгээр бид урагшлахгүй. Удирдлага бол угтаа хамт олноо соён гэгээрүүлэгч байвал зохилтой юм даа.

-Томоохон дэлгүүр, худалдааны төвүүд хямдрал зарлах сургаар л урт очер дараалал үүсгэх юм байна шүү дээ. Би ч хоцорчих вий гэсэн хандлагаар дайрдаг. Жишээлбэл, өнгөрсөн жил И-Мартын нээлтийн үеэр халуун саван дээр очерлолоо. Сая “S-Out­les” дэлгүүрийн агуулах чөлөөлөх үеэр үнэхээр “алаан” болсон доо. Тэр үймээнийг зохицуулах гэж цагдаа нар очоод гурван удаа хий буудсан ч тоогоогүй байна. Монголчуудын энэ байдал аминчхан үзлийн тод илрэл үү?

-Амьдралын боломж, санхүүгийн хүрэлцээ тааруу бол хямдралыг бараадах нь аргагүй. Энэ бол иргэдийн буруу гэхээсээ ажлыг зохион байгуулж байгаа худалдааны байгууллагын ажлын арга барилтай холбоотой асуудал болов уу. Худалдааны байгууллагууд хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглох хэрэггүй юм л даа. Чөлөөт өрсөлдөөнд бас соёл байх хэрэгтэй. Худалдааны байгууллагын соёл нь иргэдийн хэрэгцээг бүрэн хангахад чиглэгдэх болохоос өрсөлдөгч байгууллагаасаа түрүүлж бараагаа борлуулах нь нэгдүгээр асуудал биш. Нөгөө талаас нийтийн үйлчилгээний газарт иргэд зохисгүй байдал гаргахгүй байх нь тэдний иргэний үүрэг мөн байлгүй яах вэ.

-Монголчууд бие биеэ даган дуурайх зан их байна. Тухайлбал, найз нөхөд, нутаг усных нь хэн нэгэн жийп авангуут түүнээс давж гарах гээд өр тавиад ч хамаагүй машин авч унадаг үзэгдэл хавтгай болсон. “Хүний дор орохгүй гэсэн” энэ хандлага хэзээнээс улбаатай вэ. Тухайн хүндээ эд материал болон сэтгэл санаа, зан байдлын хувьд ямар хортой вэ?

-Бусдыг дуурайх гэдэг бол амьд амьтны төрөлх шинж юм. Тэглээ гээд өөрийн хэрэгцээ, бололцоо, шаардлагыг үл харгалзан дуурайх явдал бол ухаангүй хэрэг байх шүү. Үүнээсээ болоод ямар нэгэн хохиролд орохыг үгүйсгэхгүй. Энэ тал дээр хүн өөрийнхөө хандлагыг өөрчилж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалж болох болов уу. Судлаачид хүний стресс үүсгэгч гол хүчин зүйл нь хувь хүний өөрийнх нь хандлага гэж үзэх нь бий. Мөн аливаа зүйлийн эерэг талыг харахыг хичээх, оюун бодлынхоо эзэн нь байж өөрөө өөрийгөө удирдах хэрэгтэй гэсэн байдаг. “Хүний дор орохгүй гэсэн” хандлага бусдын түрэмгийллийн нөхцөлд дайсны дор орохгүй юм шүү гэсэн амин хэрэгцээнээс улбаатай байж мэднэ, нөгөө талаар хүний зэрэгтэй, хүн шиг явах гэсэн эерэг эрмэлзэлтэй ч холбоотой байж болно. Харин бусадтай хүндэтгэлтэй харилцаж, бие биенээ дэмжиж хамтран ажиллах нь иргэншлийн үндсэн агуулга болой.

-Монголчууд суурин иргэншилд шилжээд ердөө зуун жил болох гэж байна. Тэгэхээр бид хэзээ нийгэмшиж, бие биеэ хүндэтгэлтэй ханддаг болох бол?

-Суурин иргэншилд шилжсэн улс орнуудын хөгжлийг зэрвэс харж байхад асуудлууд бас л харагдаж байдаг, тэр ч байтугай шинэ асуудлууд үргэлж үүсэн гарч байна гэж эрдэмтэд нь ярьж байхыг цөөнгүй удаа сонсож байлаа. Иргэншил гэдэг нь бүдүүн бааргаар зүйрлэвэл үндсэндээ үй олноороо хамтран учраа ойлголцон амьдрах гэсэн санаа билээ. Иргэншил бол цагийн аясаар улам бүр төгөлдөржиж байх нь түүний хөгжлийн зүй тогтол юм. Харин бие биеэ хүндлэх бол соёлын тухай асуудал юм. Монгол хэлэнд “Соёл” хэмээх үг албан ёсоор Ардын хувьсгалын дараах жилүүдээс аажмаар хэрэглэгдэж эхэлсэн байдаг. Тэгэхдээ агуулгын хувьд ташаа ойлголтоор нэг хэсэг явчихсан нь эдүгээ ч төвөг учруулах нь бий. Тухайлбал, бид юм л бол “Соёл урлаг” гэж хэлж, яриад болохгүй юм. Угтаа “Соёл”, “Урлаг” хоёр нь өөр өөр утга тээх тусгаар ойлголтууд юм л даа. Товчхондоо бол “Соёл” нь хүний хүн байх чанарын үзүүлэлт. Харин “Урлаг” бол хүний уран сайхны үйл ажиллагааны үр дүнд бүтээгдсэн бүтээгдэхүүн, түүнийг хүн нь зорж, зурж, урлан барьж, дуу авиа, үг, хөдөлгөөнөөр үзүүлж харуулахаар бүтээсэн зүйл юм. Хүн бол ертөнцөд хосгүй эрхэм оршихуй тул нэгнээ дээдэлж, хайрлан хүндлэх нь бид бүхний эрхэм дээд зорилго юм.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Бат-Отгон: Эх нутгаасаа гараад ер, зуун жил ууланд бүгсэн 400 гаруй цэвэр халх монголчууд маань одоо Хятадын Ганьсу мужид амьдарч байна DNN.mn

Монгол суу ухааны академийн ерөнхийлөгч З.Бат-Отгонтой ярилцлаа.


-Нэвтрүүлгээс харахад Жаняа дахь монголчууд маань хэл яриа, аялга, хувцас хунар гээд яг халхаараа байгаа нь хэн хүнд дотно санагдсан байх. Өөр онцлог танд ажиглагдав уу?

-Царай зүс, цус ген, хэл аялга, монгол соёл, зан заншил нь огт хувираагүй нь үнэхээр сэтгэлд өег санагдсан. Энэ олон арван жил яг тэр язгуурын уугуул шинжээ хадгалж чаджээ. Тэр бүү хэл манай ар монголчуудаас ялгаатай нь найман настай балчираас наян настай буурал хүртлээ бүгд уртын дуугаа дуулдаг. Уртын дуу мэдэхгүй нэг ч хүн алга. Нэг уртын дууг 30-40 бадаг дуулж байна. Урын санд нь нийт 200 гаруй уртын дуу байдаг гэж байна. Монголоос гарч явахдаа л эцэг дээдэс нь дуулж, мэдэж байсан нь тийнхүү өвлөгдөж ирсэн байна. Ууц шүүс хөндөж, ёс гүйцэтгэж байгаа нь манайхаас өөр юм билээ.

-Яг хуучин ёс заншлаараа өвлөгдөж иржээ…

-Эндээс авч явсан яг тэр ёс заншлаараа байна гэсэн үг. Манайх найр хурим болохоор нийтээрээ зохиолын дуу дуулдаг даа. Тэгвэл тэд зохиолын дуу гэж мэдэхгүй. Уртын дуугаа бага балчираас настан буурлууд нь хүртэл дуулж байна. Бид өөрийн гэсэн тусгаар улстай. Өөрийнхөө тааваар эрх чөлөөтэй. Гэтэл түүх соёлоо авч явж чадаад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Социализмын үед бүгд оросжсон. Ардчиллаас хойш бүгд баруунжаад, европжоод ер нь монгол хүн гэхэд санаа зовмоор болжээ гэж бодогдсон шүү. Гунигтай санагдсан.

-Монголдоо ирж амьдаръя гэсэн туйлын хүсэл эрмэлзэлтэй л байдаг байх даа. Энд төрөл төрөгсөдтэйгөө холбоотой байдаг гэнэ үү?

-Монголоос 1910-аад оны эхээр гарсан хүмүүс нь одоо амьд сэрүүн байсан бол 110 гаруй насыг зооглож байх нь. 1920-иод онд гарсан нь 100 гаруй жил, 1930-аад онд гарсан нь 90-ээд жил болж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо байгаа настанууд нь тэндээ төрж өссөн, Хятадын иргэншилтэй болсон байж таарна. Настанууд нь эцэг дээдсийнхээ нутгийг нэг үзчихээд үхэх юмсан гэж байна лээ. Харин хөдөө байдаг залуучууд нь “Санаагаар болдог сон бол Монголдоо ирж очоод амьдрах юмсан” гэж байсан. Би бас нэг малчин айлд зочилсон. Гэрийн эзэн нь 60 арай хүрээгүй насны хүн байсан. Тэрбээр “1989 онд хоёр улсын хил онгойход зарим боломжтой хүмүүс нь Монголд очиж ахан дүүсээ олж уулзсан. Монголоос хүртэл төрөл төрөгсөд нь тэднийг хайгаад очсон. Нааш цааш жаахан ирж очицгоосон” гэж байв. Тэдний садангийн нэг айл хүүхдээ аваад Говь-Алтайд эцэг эхийнхээ нутагт ирж л дээ. Гэтэл хүү нь эцэг дээдсийнхээ нутгийг үзчихээд дэвхэрч цовхрон уйлаад, бухимдан хэлж байсан гэнэ лээ. Ийм сайхан нутгийг хаяад явчихдаа яадаг байна аа гэж. Тэгэхээр тэд өнөөдөр янз янзын шалтгаанаар хэлж чадахгүй байгаа болохоос дотор нь ийм л бачуурал байгаа. Гаргасан нь тэр залуу боловч тэр настанууд бүгд л эх нутгаа санасан хүсэл тэмүүлэлтэй байгаа. Яагаад гэвэл тэнгэрт хальсан өвөг дээдсийнх нь туйлын хүсэл мөрөөдөл байсан нь ойлгомжтой шүү дээ. Мэдээж монгол хүн л юм чинь салаад явсан сүрэгтээ буцаад нийлчих юмсан гэсэн хүсэл хэнд нь ч байгаа. Ер нь уншиж судалж байхад нэг зүйлийг тод тогтоож авсан. Гаднын янз бүрийн улс орны хүмүүс гадагшаа яваад өөр оронд очиж амьдардаг. Тэд буцаж нутагтаа ирэх нь ч байна. Дийлэнх нь ирдэггүй гэж байгаа. Харин монгол хүн бол хэдэн жил өнгөрөх нь хамаагүй заавал эх орондоо ирдэг гэдэг. Одоо дэлхийн өнцөг булан бүрд монгол хүн амьдарч байна. Гэвч тэд нас нь ахихын цагт заавал Монголдоо ирдэг. Тэгэхээр монгол хүн эх орноосоо амин уяатай байдаг. Энэ утгаар нь бодсон ч нутгаасаа гарсан тэр хүмүүс сүрэгтэйгээ нийлье гэж бодно. Тэгээд ч тэд бол зургаан сая өвөрмонголчууд биш. 180 мянган дээд монголчууд биш. Тэд бол 420 гаруйхан халх монголчууд. Бүр цөөхүүлээ. Нийгмийн учир шалтгааны улмаас хэлж чадахгүй байгаа болохоос бүгд л Монголдоо ирэх хүсэлтэй байгаа. Настан буурлуудынх нь ярьж байгаагаар аав ээж, өвөө эмээ нь нутгаа их санаж байна гэж үргэлж ярьдаг байж. “Аж Богддоо хүрэх юмсан. Үнэхээр сайхан газар сан. Гурван хонь хургалаад таван ямаа ишиглүүлчихвэл сүүгээ саагаад цагаан идээгээ хийгээд өвөлжчихдөг байсан. Хонь, ямаа таана, хөмүүл иднэ. Хавтгайн ноос нь бөөн бөөнөөрөө унадаг байсан” гэж буурал ээжийнхээ нутгаа санан дурсаж ярьдаг байсныг хуучилж байна. Энэ мэтчилэн хөгшчүүл хоорондоо Аж Богддоо хүрэх юмсан, Монголын ахан дүүстэйгээ уулзах юмсан гэсэн маш их хүсэл эрмэлзэлтэй улс байсан байгаа биз. Ямартай ч 1989 онд хоёр улсын хил нээлттэй болох хүртэл наашаа цаашаа явж, бие биеэ мэдэлцэж, уулзах асуудал огт байгаагүй гэсэн. Харин хил онгойхтой зэрэгцээд зарим хүмүүс Монголдоо ирсэн. Зарим нь энд ирээд буцахад нь ахан дүүстэйгээ уулзахаар эндээс хүмүүс хамт очиж байсан. Заримынх нь ах дүүсийн сураг гарахгүй, олдохгүй байна гээд янз бүр л юм билээ. Бодвол төрөл садан нь хорвоогийн жамыг үзүүлсэн л байдаг байх. Зарим нь тухайн цаг үедээ хэлмэгдүүлэлтэд өртөж нас барсан байхыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр тэр түүхэн цаг хугацаанд болсон явдлуудыг бид таашгүй. Хөөрхий тэд эцэг дээдсээсээ сонсож дуулсан зүйлсээ л ярьж байгаа юм.

-Тэнд анх хэдэн монгол дүрвэж очсон тоо байдаг юм бол. Одоо 420 гаруй халх монголчууд байна гэхээр цус холилдсон болов уу?

-Огт холилдоогүй. Бүх хэл яриа, зан заншил нь цэвэр халхаараа байна. Миний ажигласнаар цус ойртолт энэ тэр нь гайгүй. Хятадын бодлогоор өвөрмонголчууд цус холилдсоныг бүгд мэддэг. Харин эд нар тэгээгүй. Яагаад гэвэл бөглүү, буйдхан уулан дотор ороод суучихсан учир хүний анхааралд өртдөггүй байж. 1980-аад оны сүүлч хүртэл Хятадын баруун хойдын бөглүү нутагт ууланд бүгээд суучихсан ард түмэн гэх үү дээ. Тийм болохоор маш сайн хамгаалагдсан санагдсан. Тэд өвөрмонголчуудтай ч холилдоогүй. Манайх бол баруун аймагт ойрадууд, төвөөрөө халхчууд, дорнодоор буриадууд гээд олон үндэстэн ястан угсаатнууд холилдоод сууж байгаа. Монгол гэдэг нэг л үндэстэн байгаа. Ястан угсаатнуудын бүх ёс заншил холилдсон байдаг. Тэр хэрээр хоорондоо ялгагдахааргүй болчихсон. Ганьсу дахь халх монголчууд өөр ямар ч угсаатантай холилдоогүй учраас анх Монголоос авч гарсан ёс заншил нь яг хэвээрээ байгаа юм билээ.

-Шашин шүтлэгийг нь та анзаарав уу?

-Буддизм талдаа. Эд нарын өвөг эцгийг Монголоос гарч явах үед манайх буддизмд живчихсэн байсан үе. Тэр чанараараа буддизм хүчтэй юм байна гэж харсан шүү.

-Ууланд буйдхан амьдарч байсан хүмүүс үр хүүхдүүддээ эрдэм мэдлэг хэрхэн олгож байсан бол. Монгол бичиг үсгээ мэдэж байна уу. Сүүлийн үеийн залуучууд нь мэдээж орчин цагтайгаа хөл нийлүүлээд мэдлэг боловсрол олж авсан байх. Ажил амьдрал нь ямархуу явдаг бол?

-Тухайн оршин байгаа газрынхаа боловсролын системээр дамжаад манайхтай л адилхан сурч боловсорч ирсэн юм билээ. Хаа газрын жам ёс дэлхийгээр хавтгай болсон учраас сурах нь ойлгомжтой. Хамгийн гол нь гэр бүлийн хүрээнд хүүхдүүддээ олгож байгаа түүх, соёлын мэдлэг маш өндөр. Дээд сургууль төгсөөд төрийн байгууллагад, хувийн секторт ажиллаж байгаа залуучууд зөндөө юм билээ. Жаняа хотын төрийн байгууллагад ажиллаж байгаа залуучуудынхаа талаар дурдаж л байсан. Тэдэнтэй нь уулзаад ярилцлага авах гэхээр хамаагүй дуугарч болдоггүй. Социализмын үеийн үзэл суртал шиг ажил албанаасаа бас халагдчихгүйн тулд ард нь дэмжээд л гүйгээд байх юм билээ.

-Тэдний дунд ороод туулсан зовлон бэрхшээлийг нь сонсож байхад танд ямар сэтгэгдэл төрж байв?

-Туулж ирсэн түүхийг нь яриулж байхад сэтгэл өмрөөд өр өвдөөд байх юм билээ. Үнэхээр хэцүү (урт амьсгаа авав). Бид төрсөн ах дүүсээ сайн мэддэг, тэгээд тэдэнд маань ямар нэг сайн, муу зүйл тохиолдоход сэтгэлийнхээ гүнд баярлах, шаналах гээд янз бүрийн илрэлүүдийг мэдэрдэг. Гэтэл монгол хүн болсныхоо хувьд, бидний яс махны тасархай болох 420 гаруйхан халх монголчууд Ганьсу муж дахь Алаг уул, Алтан тэвш гэдэг газар өнө удаан жил сууж ирсэн байна. Зовлон жаргалыг нь сонсоод, үзээд өрөвдөхийн ихээр өрөвдсөн, өмрөхийн ихээр өмөрсөн. Миний эрх мэдэл хүрдэг бол Монголдоо бүгдийг нь аваад ирмээр л санагдсан. Зовсон ч жаргасан ч нэг дороо хамт байвал л болох юм шиг санагдсан.

-Анх таныг тэдэнтэй уулзахад элэг нэгтнээ хараад хэрхэн хүлээж авав. Өвөг дээдэс нь юу гэж захидаг байсан тухай ярих юм уу?

-Үнэхээр их хүлээлт, үнэхээр их хүндэтгэл мэдэрсэн дээ. Би Монгол суу ухааныг түгээх явцдаа өвөрмонгол, дээд монгол, шиньжан монгол, буриад монгол гээд туургатан монголчуудаар бишгүй нэг очиж мэдсэн, сурсан бүхнээ түгээж, хариуд нь тэдний хайр хүндэтгэлийг бишгүй нэг хүртсэн хүн. Гэвч Жаняагийн халх монголчуудын хайр хүндэтгэл, сэтгэл хүлээлт маш их байсан. Намайг очиход бараг л Монгол Улс тэдэн дээр яваад очиж байгаа юм шиг хүлээж авсан. Уулзахад ч яахав сайхан. Инээгээд л, баярлаад л. Харин салахад нэн хэцүү байсан. Яг ээжийгээ дагаж байгаа балчир хүүхэд шиг хөгшин залуугүй уйлна, дагана, салж ядна. Дахиад хэдхэн хором ч хамаагүй хамт байх юмсан гэсэн нүдээр, сэтгэлээр горьдон харна. …Үнэхээр хэцүү юм билээ.

-Та дахиад Жаняа дахь халх монголчуудтайгаа очиж уулзах уу?

-Ер нь очих төлөвлөгөө байгаа. Эд нараас гадна 4000 гаруй сүби монголчууд гэж бас бий. Тэд бас таван жилийн өмнөөс урьсан. Зорьж очиж уулзана, бас сурвалжилна даа.

-Хаагуур нутаглаж байгаа вэ?

-Бас Ганьсу мужид байгаа. Гэхдээ эд нараас тусдаа өөр газарт байдаг юм. Ер нь Хятад улсад нийт өөртөө засах 31 орон болон муж байдаг. Тэдний наймд нь монголчууд суурьшсан байна. Саяхан болтол бид тэднээс Өвөрмонголыг л мэддэг байлаа. Энэ бол зөвхөн нэг л муж нь. Тэнд зургаан сая өвөрмонгол сууж байгаа. Тэдний хоёр сая нь монгол хэл бичиг, соёлгүй болчихсон. Цаахна Хөхнуур муж гэж бий. Тэнд 160-180 гаруй мянган монголчууд сууж байна. Шиньжан уйгарт 130-140 мянган ойрад монголчууд сууж байна. Гансу мужид сүби монгол гэж байгаа. Цаашилбал, юнань монгол, сичуань монгол, унань монгол, хэбэй монгол гэж байгаа. Хятадын зүүн хойд орноор, Хойд Солонгосын наагуур хил орчим алтан ургийн монголчууд бас байна. Наана нь дагавар монголчууд байна. Хятадад гэхээр найман мужид 10-аад сая монголчууд сууж байна. Орост бид халимаг, тува, буриад гэж л мэднэ. Гэтэл тэнд долоон газарт монголчууд сууж байна.

-Та тэнд байгаа монголчуудтай яаж холбоо тогтоож байна вэ?

-Би “Монгол суу ухаан”-ыг түгээж яваад энэ бүхнийг мэдсэн. Монгол хүн байгаа газар болгон монгол суу ухааныг “Миний юм, манай юм” гэж хүлээж авч сурч, судалдаг. Тэр хэмжээгээрээ эргээд бидэнд баярлаж, талархсанаа илэрхийлдэг. Өглөг өглөгийн дотроос эрдэм номын өглөг шиг их дээд буян байхгүй гэж манай өвөг дээдсийн үг байдаг даа. Би туургатан монголчуудад түүх соёл өгөөгүй. Тэдний түүх соёлыг судалж мэдсэн. Харин тэдний тархи оюун ухаанд нь туйлын үнэний эрдэм мэдлэг болох монгол суу ухааныг өгсөн. Тэр туйлын үнэн л хүнийг, хүний амьдралын алдаа болоод зовлонг засдаг юм байна, сайн сайхан болгодог юм байна. Үүнийг хүртсэн гадаа байгаа монголчууд баярлаж талархсан, буян санасан, ач бодсон сэтгэлээ илэрхийлж надтай харьцдаг. Энэ олон монголчуудыг мэдэж авсан нь ийм учиртай. Ингээд тэд чинь намайг урина, очиж танилцана. Улмаар ахан дүүс бололцоод явж байгаа, сүүлийн арав гаруй жил. Ер нь олон газрын монголчууд надад хэлсэн. Монгол суу ухаан үнэхээр бидний тархи оюуныг хооллож байна гэдэг. Жишээлбэл, Хятад улс 2020 онд хос хэлний тогтоол шийдвэр гараад өвөрмонгол хүүхдүүдэд монгол хэл бичиг заахгүй болсон доо. Түүнээс хойш цар тахлын хорио цээрийн улмаас миний бие өвөрмонголчуудтай уулзаж чадаагүй байсан. Сая өнгөрсөн зун очиход тэд “Монгол суу ухаан байгаагүй бол хос хэлний дараасыг бид дийлж гарахгүй байсан” гэж хэлсэн. Тэгэхээр монгол суу ухааныг монголчууд ойшоох ойшоохгүй янз бүр л байдаг. Туургатанд байгаа монголчуудад тэр чинь босоо голч нь болж байгаа юм. Тэднийг яаж нурж унахгүй, яаж итгэлээ алдахгүй, яаж улам чангаар монголоороо босоо орших вэ гэдэг голч тэнхлэг нь болж байгаа гэсэн үг. Суу ухаан бол туургатанд амин сүнс нь болчихсон. Хаяанд байгаа Орос, Хятадад нутаглаж байгаа захын монголтойгоо уулзахад суу ухаан л ярина. Үүнийг би бардам хэлнэ.

-Та “Монгол суу ухаан”-ы талаар товч сонирхуулахгүй юу?

-Суу ухаан бол туйлын үнэний мэдлэг. Шинжлэх ухаан гэдэг бол харьцангуй үнэний мэдлэг. Хүн төрөлхтөнд тулгараад байгаа энэ их тулгамдсан асуудлууд, зовлон бэрхшээл, сорилтууд угтаа худал хуурмагийн л гай юм шүү дээ. Харьцангуй үнэн гэдэг өнөөдөр үнэн юм шиг санагдах боловч маргааш хувираад худлаа болчихдог зүйл. Хагас үнэн, хагас худлаа гэсэн үг. Тиймээс харьцангуй үнэн болох шинжлэх ухааны мэдлэгээр босгосон, бүтээсэн бүхэнд худал, үнэн хослон зэрэгцэн оршиж байдаг. Үнэн нь бидэнд өнөөдөр тус болж байгаа юм шиг санагдах ч худал нь маргааш бидэнд гай болдог. Тиймээс эцэстээ юу ч шийдвэрлэгдэхгүй. Бидний соёл иргэншил төвшрөхгүй байгаагийн гол шалтгаан энэ. Өөрөөр хэлбэл, харьцангуй үнэн хүн төрөлхтнийг гэгээрүүлэхгүй байгаа, мунхаг харанхуйгаар нь үлдээсэн. Гэтэл монгол суу ухаанд сургаснаар хүн үнэнийг таньж гэмээнэ л гэгээрнэ. Гэгээрч гэмээнэ бүх юм зөв, үнэн, шударга, сайн сайхан болно. Тэгэхээр бүх сайн сайхны үндэс гагцхүү үнэн юм, үнэнийг таних, үнэнийг хэрэгжүүлэх явдал юм. Үнэн хүнийг зөв бүхэнд дагуулдаг. Үнэн хүнд итгэл өгдөг. Үнэн амьдралын олон зовлонт асуудлыг шийдвэрлэж чаддаг. Тиймээс энэ суу ухаан чинь гадаа байгаа монголчуудын өдөр тутмын амьдралын зовлон жаргал, гуниг гутрал, мэдэх мэдэхгүй, чадах чадахгүй олон асуудлыг шийдэж өгөөд байна. Тэд “Миний амьдрал сайжирч, өөдлөн дэвжиж, зовлонгоос ангижирч байна” гээд суу ухаанд гүн талархалтай ханддаг.

-Гадаа байгаа монголчуудтайгаа уулзаад явж байхад та тэднээс Монголоо гэсэн ямар шинжийг олж хардаг вэ?

-Би монгол суу ухааныг түгээх явцдаа газар газрын монголчууддаа очлоо. Тэдний үүх түүх, зовлон жаргал, сэтгэл санаа, аль болох дотогшоо нь нэвтэрч орох гэж хичээж байна. Ингээд ярихад надад нэг л зүйл тод ажиглагддаг. Хятад улсад байгаа монголчууд бол монгол зан заншил, уламжлалдаа маш сайн анхаардаг. Манайх тэдний хажууд огт мэдэхгүй шахам. Оросод байгаа монголчууд энэ ёс заншлаа бүр гээчихсэн. Харин сүүлийн хэдэн жил сэргээх гэж хичээх болсон байна. Ялангуяа буриад, халимагууд хэл усаа сурах гээд дээл хувцсаа өмсөөд чармайж байгаа тал ажиглагддаг. Урд байгаа монголчууд маань монгол уламжлал соёл, зан заншилдаа амиа тавих шахдаг. Үүнийг хамгаалах, авч явах тал дээр маш их хичээдэг дүр зураг тод харагдаад байгаа. Тэгэхээр ар монголчууд бид тэдэнтэй харьцуулахад муу ч сайн ч өөрийн гэсэн төр улстай, эрх дураараа байгаа мөртөө хүний улс, хүний төрийн дарамтад байгаа монголчуудаасаа түүх соёлоо долоон дор анхаарч байна. Бүр дотроосоо түүх соёлоо харийнханд худалддаг бурангуй явдал ч цөөнгүй сонсогдох боллоо. Монголын түүх соёлыг судалдаг хүмүүс дэлхийд байгаа элэг нэгтнүүдээрээ явж үзмээр санагдсан. Тэдний монголоороо орших гэж нэг өдөр, нэг жил, нэг үе ч гэсэн яаж тэмүүлж байна. Түүх соёлоо авч үлдэх гэж, үр хүүхдүүддээ уламжлуулж залгуулах гэж яаж хичээж байгааг очоод, амьдрал дунд нь ороод нэг мэдэрчих юм бол монгол түүх соёлоо оролддог, харийнханд худалдаад зараад, бэлэглээд байж чадахгүй болов уу гэх сэтгэгдэл төрсөн. Үнэхээр энэ монгол түүх соёл аль улсын, ямар төрийн дор байх нь хамаагүй хаа нэг газарт тэр түүх соёлоо алдаагүй үед л дархлаатай оршдог юм билээ. Түүх соёл гэдэг бол монгол хүнийг монголоор нь байлгах дархлаа. Энэ дархлаа байхгүй бол бид Монгол гэдэг өөрийн улсдаа суугаад ч монгол биш болно. Хүн монгол гэдэг дархлаатай байх юм бол эх орон, газар шороо, нутаг орон минь, улс минь, хойч үе минь гэж тэмүүлдэг юм байна. Харамсалтай нь ар монголчуудтай юу ч ярих вэ дээ. Улстөрийнхөн бүгдээрээ нүглийн савнууд. Эрдэмтэн судлаачид нь хоолны савнууд. Нийт ард түмэн нь шуналын савнууд. Бүх юманд надад ямар ашиг ирэх юм бэ гэж ханддаг болсон. Угаасаа ард түмнийг ядуу байлгаад, бас тархийг нь хоосон болгочихоор хүссэнээрээ удирдаж болж байна шүү дээ. Тэгэхээр харанхуй хүмүүс нь эрдэм номтой хүмүүсийн оронд төр удирдаад, худал хуурмаг нь үнэн болж нийгмийн ёс тогтоогоод байхаар юу болох вэ. Ийм л цагийг цөвүүн цаг гэдэг байх. Ямар ч байсан бид гадаа байгаа монголчуудаасаа үлгэр жишээ авах цаг ирчихжээ. Тэд маань хүний төрийн дарангуйлал дор хэдэн арав, зуун жил суугаа мөртлөө яг монголоороо байгаа юм.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Хүрэлбаатар: “Японы тагнуул”, “Сэхээтний төөрөгдөл” гэсэн шошго зүүж, хэлмэгдүүлдэг байсан тогтолцоо авлига гэдэг халхавчаар буцаад ирж байна DNN.mn

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга байсан Б.Шинэбаатар, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж шүүхээс 2-4 жилийн хорих ял оноосон билээ. ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож буй Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Та Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гэв үү. Ямар учраас давж заалдаж байгаа юм бэ?

-Хөгжлийн банкны захирлаар 2013-2016 онд ажиллаж байсан Н.Мөнхбатад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сард хянан хэлэлцсэн.

Энэ хурлаар прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдсэн гурван хэргийг хэлэлцээд дөрвөн жилийн хорих ял оноосон. Шүүхийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн хангалттай үндэслэлүүд байгаа учраас хэргийн оролцогчид, тэдний өмгөөлөгчид Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаад байна.

-Түүнийг ямар гурван хэрэгт холбогдуулан шалгасан билээ?

-“Арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршиж байсан Хөгжлийн банкны мөнгөн хөрөнгийг эргүүлэн татсан. “Мон Лаа” ХХК-ийн хэрэгжүүлж байсан Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн төслийн санхүүжилтэд зориулж, ТЭЗҮ-ийг эцсийн байдлаар авах гэсэн нөхцөлийг хангагдаагүй байхад зээл олгож, “Мон Лаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Энхсайханд давуу байдал олгосон. “Худалдаа хөгжлийн банкны төв байрнаас Хөгжлийн банканд 3240 мкв талбай бүхий ажлын байр, автомашины зогсоол зэргийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авсан” гэж прокуророос буруутгасан юм. Эндээс “Хадгаламжийн мөнгөн хөрөнгийг эргүүлэн татсан” гэх үйлдлийг нь албан тушаалаа урвуулсан гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин нөгөө хоёр хэрэгт нь Н.Мөнхбатыг дөрвөн жилийн хорих ялаар шийтгэхээр тогтоол гаргаад байна.

-Шүүхийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн хангалттай үндэслэл байгаа гэж та дээр хэллээ. Үүнийгээ дэлгэрүүлэхгүй юу?

-Шүүх бол хуульд захирагдаж, хараат бусаар шийдвэр гаргах ёстой. Гэтэл тэгж чадсангүй. Улс төрийн нөлөөллөөр асуудалд хандаж, олон нийтийн хүсэл таашаалд нийцүүлэх гэж хууль ёсыг зөрчлөө гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байгаа. 1937 онд “Японы тагнуул”, 1960-аад онд “Сэхээтний төөрөгдөл” гэсэн шошго зүүж, сонин хэвлэлээр олон нийтийн тархийг угааж байгаад гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлдэг байсан тогтолцоо өнөөдрийн ардчилсан Монгол Улсад “Авлига” гэдэг халхавчаар буцаад ирж байна. Жинхэнэ хулгайч авлигачдаа намнах биш, ажлаа хийсэн гэмгүй хүмүүсээр “туг тахьж” эхэллээ гэсэн айдас төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцүүдийг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруугаар тайлбарлаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, илтэд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг зөрчиж шийдвэр гаргасан. Иймд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн Үндсэн хуулийн заалтыг сахин хэрэгжүүлж чадсангүй.

-“Мон-Лаа” компани зээлээ бүрэн төлсөн гээд байгаагүй бил үү?

-“Мон Лаа” компанид зээл олгосон гэж өнөөдрийг хүртэл буруутгадаг. Гэвч зээл өнөөдөр бүрэн төлөгдсөн, Хөгжлийн банканд бодитоор учирсан хохирол байдаггүй. Иргэний хуулийн дагуу Зээл өгсөн, авсан асуудлыг өнөөдөр нийгэмд аюултай гэмт үйлдэл болгож хувирган, авсан зээлийн дүнг гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол гэж тооцож хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Ийм үйл ажиллагаа Хөгжлийн банкаас хальж, арилжааны банкууд руу халдварлах юм бол зээл авсан, өгсөн хүмүүс, эрсдэлтэй зээлийн ангилалд орсон бүх зээл гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол болно. Бүх зээлдэгч, зээл олгох шийдвэр гаргасан албан тушаалтнууд гэмт хэрэгтэн болж хувирах юм.

-Тэгвэл Худалдаа хөгжлийн банкаас ажлын байр, автомашины зогсоол зэргийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авсан асуудалд ямар тайлбар өгөх вэ?

-Худалдаа хөгжлийн банкаас байр худалдан авах үйл ажиллагаа Иргэний хуулийн дагуу явагдсан. Тэр худалдан авсан байр өнөөдөр үрэгдэж, үгүй болоогүй. Банкны стандарт шаардлага хангасан уг байранд есөн жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Уг байрны үнэ цэнэ өнөөдөр огт алдагдаагүй. Тухайн байршил дахь оффисын байрны метр квадратын үнэ өссөн нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгаануудаас харагддаг юм. Олон улсын санхүүгийн байгууллагад Хөгжлийн банк 27.5 тэрбум төгрөгийн үнэ өртөгтэй гэж тайлан мэдээндээ тусгасаар ирсэн. Энэ нь банканд бодитой хохирол учруулаагүй байна гэж үзэх хуулийн үндэслэл болдог.

-Шүүх яг ямар хууль зөрчив?

-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбатыг ажиллаж байсан 2013-2016 онд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байлаа. Н.Мөнхбатыг буруутгаж байгаа “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацааны зарчмыг шүүх зөрчлөө. Жишээлбэл, иргэн Доржийн үйлдсэн гэмт үйлдэл 2002 оны хуулиар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байсан гэж бодъё. Тэгэхэд 2015-2022 онд ялыг нь удаа дараа өөрчлөх, нэмж хүндрүүлэх замаар, хүнд гэмт хэргийн ангилал руу оруулж байгаад 10 жилийн өмнөх Доржийн үйлдэлд заавал хорих ял өгдөг байх жишгийг шүүхийн практикт тогтоож эхэллээ гэсэн үг. Энэ бол ноцтой асуудал юм. Арван жилийн өмнө болоод өнгөрсөн Доржийн гэм буруутай үйлдэлд ял оногдуулдаггүй байсан бол түүнийг заавал шийтгэж, хорихын тулд уг заалтыг хууль тогтоох байгууллагад олонх болсон нам өнөөдөр хүссэнээрээ хүндрүүлж өөрчлөөд, заавал ял оногдуулдаг маш буруу жишиг тогтоохыг эрмэлзэж байна.

-Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргийг эргэж сэргээгээд яллаж байна гэсэн үг үү?

-Улсын дээд шүүх Хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар тайлбар гаргасан. Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг агуулгаар нь зөрчсөн байна гэсэн иргэдийн гомдолд үүссэн маргааныг Цэц их суудлын хуралдаанаар хянан хэлэлцэх процесс өнөөдөр явагдаж байгаа. Цэцийн эцсийн шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй байна. Ийм тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг түдгэлзүүлэх нь хуулийн үндэслэлтэй байна гэж үзээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 онд Н.Мөнхбат нарт холбогдох энэ хэргийг түдгэлзүүлсэн байсан юм.

Өнөөдөр Үндсэн хуулийн Цэц дээр 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн

хууль, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбоотой заалтуудын алийг нь сонгож хэрэглэх нь зүйтэй вэ, аль нь Үндсэн хууль зөрчсөн байна вэ гэсэн маргаан үүссэн байгаа. Энэ маргаанд эцсийн цэг тавигдаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүн таслах ажиллагаа явуулж болохгүй юм байна гээд хэргийг түдгэлзүүлэх тухай шүүгч захирамжаа гарган, Цэцийн эцсийн шийдвэрийг хүлээж байсан юм. Гэтэл Хөгжлийн банкны 80 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан 2023 оны тавдугаар сард явагдаж байгаатай зэрэгцүүлэн хэрэгт шинээр орж ирсэн шүүгч гэнэт хууль бусаар энэ хэргийг сэргээсэн байсан.

-Та бүхэнд мэдэгдэлгүйгээр хэргийг сэргээчихэж байгаа юм уу?

-Уг нь хэргийг сэргээхийн тулд шүүхийн хэлэлцүүлэг хийж, улсын яллагч, хэргийн оролцогчид, тэдний өмгөөлөгчдийн санал, байр суурийг сонсох ёстой байсан юм. Гэтэл тэдэнд огт мэдэгдэлгүйгээр, шүүхийн хэлэлцүүлэг хийгээгүй, улсын яллагч, хэргийн оролцогч, тэдний өмгөөлөгчдийн хүсэлт, байр суурийг сонсоогүй. Шүүгч өөрөө шууд захирамж гаргаад түдгэлзээтэй байсан хэргийг сэргээсэн нь биднийг гайхаж цочирдоход хүргэсэн. Тэр ч бүү хэл шууд л шүүгдэгчдийн гэм буруугийн шүүх хуралдаан хийх товыг нь зарлаад бидэнд мэдэгдэж байлаа.

Хөгжлийн банкны 80 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан, шүүн таслах ажиллагаа давхацсан. Энэ хэргийн нэг оролцогч нь Н.Мөнхбат болон бусад хүмүүс шүүх хуралдаанд давхардаж оролцох нөхцөл боломжгүй байна гэх үндэслэлээр уг хурлын тов тухайн үедээ хойшлогдож байсан юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4-т, ”Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ…” гэсэн заалт хүчин төгөлдөр байхад үүнийг шүүгч илтэд зөрчсөн. Түдгэлзээтэй байсан хэргийг сэргээж, улмаар шүүн таслах ажиллагаа явуулж, эрх зүйн байдлыг дордуулсан хуулиар ял оногдуулсан шийдвэр гаргасан учраас шүүхийн уг тогтоолыг ч хууль бус гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй юм. Тиймээс Сүхбаатар дүүргийн Анхан шатны шүүхийн хууль зөрчиж гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн шийдвэрийг Давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянан үзэж, дээрх алдаануудыг засч залруулан, Н.Мөнхбатад холбогдох хэргийг хараат бусаар, гагцхүү хуульд захирагдаж, шударгаар шийдвэрлэн Шүүх эрх мэдлээ бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна.

-Н.Мөнхбат гэдэг залуу сүүлийн арван жил шүүх, цагдаагаар явж байна. Түүний улс төрийн карьер нь ч дууслаа. Энэ нь ч дүүрчээ гэхэд гэр бүл нь яажшуухан амьдардаг юм бол?

-Иргэн хүн 10 жилийн турш хууль хяналтын байгууллагын хяналт доор амьдрах нь амар хялбар зүйл биш л дээ. Үүнийг биеэрээ туулж яваа, тэр хүн. Түүнтэй өдөр тутамд харилцаж, хэргийн бодит байдлыг оюун ухаанаар тунгаан бодож, сэтгэл зүрхээрээ мэдэрсэн өмгөөлөгч л ойлгодог юм билээ. Бодит бус, худал ташаа, хэтрүүлэгтэй мэдээлэл их явах тусам нийгмийн сэтгэл зүй түүнд хайрцаглагддаг юм байна. Худлыг үнэн, үнэнийг худал гэж хардаг юм байна. Өөрөөр хэлбэл, үнэнийг олж харахыг хүсэхээ больдог бололтой юм. Энэ хугацаанд Н.Мөнхбат гэмт хэрэг үйлдээгүй, хууль бус ямар нэг зүйл хийгээгүй гэдэг байр сууриа АТГ, прокурор, шүүхэд байнга илэрхийлсээр ирсэн. Бас хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байв. Биеийн болон сэтгэл санааны асар их дарамт туулж яваа, энэ залуу. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсныхаа төлөө 30 гаруй настайдаа хэрэгт холбогдож шалгагдаж байсан бол өнөөдөр 40 насны босгыг хэдүйнээ давжээ. Хууль бус зүйл хийгээгүй гэдэг байр суурь дээрээ өнөөдөр ч, ирээдүйд ч бат зогсоно гэдгээ тэр илэрхийлдэг.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ардын нам 11 ялж “дархан аварга”-аараа дуудуулах сонгууль болох гэж байна DNN.mn

Монгол Улс ардчиллын замд орсноос хойш УИХ-ын ээлжит сонгуулийг найман удаа явуулав. Үүний тавд нь МАН ялалт байгуулсан байна. Бас Ерөнхийлөгчийн сонгууль найман удаа болсноос мөн л тавд нь МАН гарсан. Тэгэхээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН төрийн эрх барих сонгуульд 10 давсан гэсэн үг. Өнөө жилийн УИХ-ын ээлжит сонгуульд дахиад л ялна. Ингээд Ардын нам 11 ялж “дархан аварга”-аараа дуудуулах сонгууль болох нь ээ. Яагаад гэвэл тэд өөрсдөдөө зориулаад бүх тохируулгаа хийчихсэн. Сонгуулийн тухай хуулийн эхний хуудсыг эргүүлэхэд л маш тодорхой харагдана. Энэ хуульд орсон нэмэлт, өөрчлөлт тэр чигээрээ 2024 оны сонгуульд МАН-ыг ялуулах тактик. Гэвч сөрөг хүчин, жижиг намууд, жирийн иргэд гээд үүнийг мэдэж, эсэргүүцэж байгаа ч хүн алга. Ер нь тэгээд тэд мэдсэн байлаа гэхэд яах ч юм билээ. Эрх барьж байгаа улс төрийн хүчин нь МАН юм чинь өөрсдийнхөө зохиолоор хуулиа бичнэ. Төрийн хууль яаж гарна сонгууль тэрүүгээр нь хэрэгжиж МАН-ын хүсэл биелнэ. Эхлээд Үндсэн хуулийг өөрчилж, парламентын гишүүдийн тоог 126 болгосон. Энэ нь муугаар нүдлэгдсэн 62 гишүүнээ олон дотор хольж бүдэгрүүлж байгаа хэрэг юм. Цааш нь холимог тогтолцоогоор сонгуулиа явуулахаар хуульчилсан. Ингэдэг нь намыхаа нэрэнд найдаж байгаа учраас ингэж хийв. Тэгвэл оны өмнө гэв гэнэтхэн сонгуулийг томсгосон тойргоор явуулна гэж шийдлээ. Томсгосон тойрог МАН-д үнэхээр ашигтай хувилбар.

Сонгуулийн тойргийг бүсчилснээр Монгол Улс 13 том тойрогт хуваагдаж байгаа. Нийт 78 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөнө. Энгийнээр тайлбарлавал, 2024 оны сонгууль жагсаалт болон томсгосон тойрог гэсэн холимог тогтолцоогоор явагдана. Жагсаалтаар 48, тойргоос 78 гээд нийт 126 хүнийг сонгож гаргаж ирнэ гэсэн үг. Сонгогчид нэр дэвшигчдээс гадна жагсаалтад орж ирсэн намыг дугуйлна. Жишээлбэл, төвийн бүс буюу тавдугаар тойрогт Дархан, Сэлэнгэ, Төв аймаг багтаж байна. Энд арван квот өгсөн. Энэ арван мандат дээр намууд тус бүр арван хүнээ нэр дэвшүүлнэ. Одоогоор МАН, АН, ХҮН, ИЗНН гээд дөрвөн нам л сонгуульд өрсөлдөх нь тодорхой байх шиг байна.Тэгвэл дээр дурдсан төвийн бүсийн тойрогт гэхэд эдгээр дөрвөн намаас 40 нэрс саналын хуудсанд бичигдэх болох нь. Энэ бол дөрвөн намын хүрээнд яригдаж байгаа л тоо. Хойшид сонгууль дөхөөд ирэхээр өрсөлдөх намуудын тоо хэд ч болж тодрох юм бүү мэд. Тэр хэрээр нэг намаас арван нэр нэмэгдэж орж ирж таарна. Уг нь УДШ-д 36 нам бүртгэлтэй байдаг. Тэднээс хэд нь хаана, хаана хүнээ дэвшүүлэх нь хараахан ил болоогүй. Ямартай ч саналын хуудсан дээр хамгийн багадаа 40, 50 нэрс зурайна. Дээр нь намууд жагсаж орж ирнэ. Яагаад энэ бүхнийг задалж хэлээд байна вэ гэхээр саналын хуудастай нэг бүрчлэн уншиж танилцаад дугуйлна гэдэг бол монголчуудын хувьд үнэхээр төвөгтэй. Нэгдүгээрт, цаг хугацаа орно. Хоёрдугаарт, иргэд сонгогчид саналыг хуудсыг дугуйлахдаа төөрч, будилах нь энүүхэнд. Үүнийг дагаад сонгууль хугацаандаа явагдах эсэх нь эргэлзээтэй болно.

Сонгууль өгөхдөө хамгийн түрүүнд анхаарах зүйл гэвэл нэр дэвшигчид болон намуудын өмнөх жижигхэн дугуй дүрсийг илүү гаргаж эсвэл дутуу будаж болохгүй. Тэгэх юм бол тэр саналын хуудас хүчингүйд тооцогдоно. Дээрээс нь хадаг шиг урт саналын хуудсанд бичигдсэн нэрсийг сонгогчид маш тэвчээртэй унших ёстой. Өмнө жижиг тойрогт гуравхан нэр дэвшигчийг дугуйлаад гардаг байсан бол одоо хамгийн багадаа арван нэр дугуйлна. Монголчуудын яаруу, тэвдүү стресстэй өнөөгийн нийгэмд тэр саналын хуудсыг тухтай гэгч нь уншаад тунгаан бодоод зогсож байх хүн байх уу. Юун бодох нь битгий хэл гүйцэд унших ч хүн олдохгүй.За тэгээд будилж, будилж сонгуулиа өгөөд гарч ирсэн хүмүүс нь дараагийнхаа хүмүүсийн идэвхид нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Юу гэж вэ гэхээр “Ёстой бүтэхгүй толгой эргүүлсэн юм байна. Санал өгч байснаас өгөөгүй нь дээр” гэх яриа хаана ч болж таарна. Үүнийг сонссон хүмүүс “Надгүйгээр сонгууль болдгоороо болох биз. Болсоор л ирсэн юм чинь” гээд хойш суух хүн олон.

Гэхдээ нийгэм тэр аяараа сонгуульд ингэж хандана гэвэл бас үгүй юм аа. Саналын хуудсыг анхааралтай унших хүн бол бий. Төрийн албан хаагчид бүгд хичээнгүйлэн суугаад уншина. Мэдээж тэд МАН-д саналаа өгнө. Даалгавар авсан цэргүүд шиг л саналаа яарайтал улаанаар дугуйлаад гарна. Бас энэ намаас тэтгэвэртээ гарсан эрдэмтэн, профессорууд, сэхээтнүүд байгаа. Тэд нэр дэвшигчдийг нямбай тоолно. Хэнийг сонгох вэ гэдгээ ч мэднэ. Харин ард түмэн бол саналын хуудсыг гүйцэд уншиж чадахгүй.Эхнээс нь хэдийг дугуйлаад шидчихэж мэднэ. Тэгээд тэр саналын хуудас хүчингүй болно. Яагаад гэвэл ард түмэн тэвчээргүй. Юм гүйцэд уншихаа байсан. Энэ бүхэн нийгмийн сүлжээнээс ил харагдаж байгаа биз дээ. Зөвхөн гарчиг уншаад л шуураад байдаг. Аливаа мэдээллийг гүйцэд уншаад тунгаан бодож, дүгнэлт хийх тийм ухаан байхгүй. Сүүлийн үед сошиал хэт дэлгэрээд хүмүүсийг ийм залхуу болгочихсон. Тэгэхээр МАН-ынхан, энэ намын угшилтай улсууд л хүчинтэй саналын хуудас бөглөнө. Ингээд үзэхээр Сонгуулийн хууль бол анхнаасаа нарийн чимхлүүр үйлдлийг бодож хийсэн ажиллагаа. Цаад зорилго нь бол сонгуулийг хэрхэн яаж явуулах вэ. Яавал хүмүүсийн саналыг бүтэлгүй болгож, хүчингүйд тооцуулах вэ. Яавал ард түмнийг сонгууль өгүүлэхгүй байх вэ. Яавал хүмүүс санал өгөхөөс залхаж, нэрсийг тогтож уншихгүй байх вэ гэдгийг энэ хуульдаа маш нарийн тунгааж бодож хийжээ. Үүний баталгаа нь сонгууль товлосон өдөр нь хэлээд өгнө.

УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль 2024 оны зургадугаар сарын 28-ны баасан гаригт болохоор товлогджээ. Ковидоос хойш монголчуудын аж байдал, амьдралын хэв маяг их өөрчлөгдсөн. Долоо хоногийг хачин идэвх тэй эхлүүлсэн хүмүүс дөрөв дэх өдрөөс нь эрч хүч нь сулардаг.Даваа, мягмар, лхагва гаригт ажил хөөцөлдөж жаахан бужигналдаж байгаад пүрэв, баасан болонгуут ажлаа хаяад явдаг. Залуучууд нь баасан гаригийн шоу гээд наргиж цэнгэх нь тогтсон уламжлал маягтай болчихсон. Тэгэхээр баасан гаригт сонгууль өгөх хүн бараг байхгүй. Тэгээд ч зургадугаар сар гэдэг ямар үе билээ дээ. Монголчуудын хувьд сургууль нь тараад зуны амралт эхлэх гэж байгаа сурагчид шиг хөөрүү дэврүү болчихсон үе байдаг даа. Айраг, сүү цагаан идээ гарчихсан, зүлэг ногоо ургаад хүн бүхэн хөдөө рүү тэмүүлдэг. Дээрээс нь наадам хаяанд ирчихсэн, морь малын гийнгоо хадаж байна. Ядаж байхад хот суурин газрынхан нэгнийгээ даган дуурайж хөдөө гарч давхицгаах нь их. “Тэднийх Хөвсгөлд очоод сельфи хийчихсэн байна” гээд эхнэр нь загнангуут л гараад давхидаг үе шүү дээ.Ийм байхад сонгууль бодитой болж чадах юм уу.

Ер нь энэ томсгосон тойргоор сонгууль явуулахаар шинэ нэр дэвшигчдэд тун халтай.Улс төрийн хүрээнийхэн, нам эвслүүд, эрдэмтэн судлаачид гээд бүгд энэ тухай ярьцгааж байна. Саналын хуудсан дээрх нэрсийг гүйцэд уншлаа гэхэд нийгэмд танигдсан хүн хэн байх вэ. Өнөөх сайн, муугаараа хэлүүлээд улс төрийн тогоонд чанагдаад ирсэн МАН-ын хэдэн гишүүд л харагдана. Мэдээж хамгийн түрүүнд таньдаг нэрээ л зурна. Бусдыг нь хэн ч танихгүй. Гадаадын хэвлэл, мэдээллээр сонгууль явуулахыг хориглоё гэж “Өдрийн сонин” өнгөрсөн жилээс авахуулаад мөн ч их бичсэн дээ. Энэ талаар төрийн өндөрлөгүүд, шийдвэр гаргах түвшиний улсуудад зөндөө л хаягласан. Даанч тоосонгүй. Гадаад хэвлэл мэдээлэл гэдэг бол нийгмийн сүлжээ буюу твиттер, фэйсбүүкийг хэлсэн юм. Одоо тэгвэл хар зах шиг бужигнадаг гадаадын хэвлэл мэдээллээрээ л сонгуулиа явуулах байх даа.Ний нуугүй хэлэхэд манай сонгуульд оросууд л их ач холбогдол өгөөд байх шиг байдаг. Тэд хэн сонгуульд ялах нь уу гээд их анхаарч, сонирхдог. Тэгэхээр энэ жилийн сонгуулийг оросын троллууд явуулна гэсэн үг. Тэд МАН-аас бусдыг нь байхгүй болтол нь муулна.МАН-ын эсрэг нэр дэвшсэн хүн болгоныг газрын хөрстэй тэгшилж, чацга баастай нь холиод л дуусна гэсэн үг.

Сонгуулийн хуулийг өөрчлөөд ялсан тохиолдол байхгүй гэсэн яриа байгаа харагдсан. Энэ бол манай улсын түүхэнд явагдсан арав гаруйхан сонгуулийн үр дүнгээр илэрхийлж буй явдал шүү дээ. Харин дэлхий нийтэд тийм биш. Тоглоомын дүрмээ зохиосон нь ялдаг жамтай. Эд нар сонгуулийн тогтолцоогоо зүгээр ч нэг Ардилсан нам шиг сэтгэлийн хөөрлөөр сольчихоогүй.Бүх юм судалгаатай, тооцоололтой явсан болоод сольсон байх. Сүүлийн үед МАН хөдөөг хөгжүүлэх аян өрнүүлж байгаагаа сүрхий зарлах болсон. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлмэгц 23 мянган хүн хотоос хөдөө рүү нүүсэн гээд байна лээ. Царцааны нүүдэл биш гэх баталгаа хаана байна вэ. Хотынхон хөдөө очоод амьдрах тийм амар гэж бодож байна уу. Дошин дээрээ хөдөөнийхөн чинь хэр баргийн хүн халдаахгүй гээд жалга довны үзэл гаргана.Сонгуулийн тухай дахин хэлэхэд хөдөөнийхөн энэ улсын хувь заяаг эргүүлчих гээд байдаг улс шүү дээ. Тэд сум, багийн дарга нарынхаа хэлсэн үгнээс гажихгүй. Тэр сум, багийн дарга нар нь цугаараа Ардын намынхан байна. Даргын хэлсэн үг тэдэнд хууль. Бас таван цаас атгуулчихвал дэмжээд л гүйгээд байна. Аяга, шанага, календарь төдийхөнд нь саналаа өгчихдөг улс шүү дээ. “Мөнгийг нь авчихаад муухай юм даа” гээд жудагтай зан гаргасан болж дэмжиж байгаа ажиглагддаг.Ингээд харахаар энэ жил МАН-ыг ялуулах сонгууль болох нь дээ. Бусад намууд ийм үед санаа оноо нийлсэн тактикаа боловсруулж үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм биш үү.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Бат-Отгон: Эх нутгаасаа гараад ер, зуун жил ууланд бүгсэн 400 гаруй цэвэр халх монголчууд маань одоо Хятадын Ганьсу мужид амьдарч байна DNN.mn

Монгол суу ухааны академийн ерөнхийлөгч З.Бат-Отгонтой ярилцлаа.


– БНХАУ-ын Ганьсу мужийн Жаняа хотод суурьшсан халх монголчуудтайгаа та очиж уулзаад сайхан нэвтрүүлэг бэлтгэжээ. Та тийшээ хэзээ зорьж очсон бэ?

– Би Хятад улсын Ганьсу мужийн Жаняа хот руу 2023 оны долдугаар сард зорьж хүрсэн. Тэнд манай Монголоос дүрвэж очсон 420 гаруй халх монгол амьдарч байна.

– Эдгээр халх монголчуудын хамгийн ахмад нь хэд орчим насны улс байна. Тэд хэзээ, ямар шалтгаанаар нутгаасаа гарсан тухайгаа танд ярьж хуучлав уу?

– Миний уулзсан хүмүүсийн хамгийн ахмад нь 80 орчим насны буурлууд байлаа. Хууччуулын ярьж байгаагаар Жаняад гурван хэсэг халх монголчууд дүрвэж очсон юм билээ. Эхлээд 1910-аад оны эхээр нэг хэсэг хүн Монголоос дүрвэж гарсан байна. Дараа нь 1920-оод оны эхээр бас хэсэг халх дүрвэж очжээ. Сүүлийнх нь 1932 оны эсэргүү бослого, 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр нутгаа орхин цагаачилж очсон юм билээ.

Одоо тэнд амьдарч байгаа халх монголчууд 5-6 үе болж байгаа гэсэн. Анх нутгаасаа гарч очсон улсууд нь мэдээж одоо амьд сэрүүн байхгүй. Бүгдээрээ хорвоогийн жамыг үзүүлсэн. Тэдний үр хойч нь ийнхүү энх тунх аж төрж байна. Монголоос 1910-аад оны эхээр гарсан хүмүүс нь Даашинхүүгийн пүүсийн дарамт шахалтаас зугтаасан гэж үр хүүхдүүд нь ярьж байна лээ. Би түүхч хүн биш ч Даашинхүү гэдэг бол тухайн цагтаа Монголын ард түмнийг өрийн дарамтад оруулж байсан хятад пүүс гэж уншиж, сонсож байсан. Манжийн үед овоорсон тэр их өрийн бичгийг монголчууд шатааж байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг даа.

Манжийн төр оршин тогтнож байхдаа Монголын ард түмнийг алба гувчуураар дарамталж, шулж байсан үе шүү дээ. Тэр цаг хугацаанд Жаняад байгаа халх монголчууд нутгаа орхин гарсан гэхээр өрийн дарамтаас болсон байх магадлалтай.

Үүний дараа 1920-иод онд Монголоос дүрвэсэн шалтгаан нь юу юм бол гэж асуухад настнууд нарийн зүйл хэлээгүй. Ер нь үймээн дүрвээнээс болж эх орноосоо гарсан гэж эцэг эх нь ярьсан тухай цухуйлгасан. Жаняад уулзсан халх монголчуудын маань эцэг дээдэс 1923 оны хавьцаа Монголоос гарсан гэхээр 1921 онд Ардын хувьсгал ялаад цагаан, улаан оросууд ороод ирсэн үе таарч байгаа юм. Бас Хятадын гоминдан ч ороод ирсэн байсан үе.

Түүхийн хуудас эргүүлээд харахаар энэ үед манж, хятад, цагаан, улаан орос гээд нэлээд ороо бусгаа нийгмийн амьдрал ажиглагддаг. Яг тэр үеийн эмх замбараагүй байдлаас болж дүрвэсэн бололтой. Харин 1930-аад онд нутгаасаа зугтсан хүмүүс бол ойлгомжтой. Эсэргүү хувьсгал, бас хар, шар феодалуудыг устгах гээд жинхэнэ коммунист дарангуйллын үзэл суртал хүчтэй дэлгэрч байсан үе. Хар. шар феодалууд бол ихэвчлэн алтан ургийн гаралтай байснаас гадна бас тухайн цагтаа жаахан хөрөнгө чинээтэй хүмүүс байсан байдаг. Тэгэхээр хөрөнгө бэлтэй эсвэл эрдэм номтой, удам судартай, чадвар чадалтай хүмүүсийг бөөнөөр нь хоморголон устгаж байсан харгис цаг үед Жаняад байгаа халх монголчуудын өвөг дээдэс амьдарч байжээ.

Тэгэхээр тэнд голдуу тайж гаралтай эсхүл лам гэгээнтэн хүмүүс дүрвэж очсон юм билээ. Аргагүй л хөрөнгөтэй мөнгөтэй, удам судартай, мэдлэгтэй, оюунтай, ухаантайг нь хавчиж байсан хуучин цагийн толь тэнд харагдаж байгаа юм. Жаняад суурьшсан монголчууд ийм гурван маягаар Монголоос гарч очжээ. 1900-гаад оны эхэн үе бол Монголын түүхэн эгзэгтэй үе. Олон зуун жил дарлагдсан Манжийн эрхшээлээс мултарч, тусгаар тогтнолоо олж авах гэж хичээх явцад цагаан, улаан Орос, бас Хятадын гамин гээд гаднынхан ороод ирчихсэн нэлээн ороо бусгаа байсан үе. Тэр үед аюулгүй байдлыг хайж гарцгаасан улсууд юм болов уу гэж бодсон.

– Тухайн цаг үед ямар замыг туулж тэнд очиж суурьшсан талаарх тэдний эцэг өвгөдөөсөө сонссон үүх түүх их сонин байгаа даа?

– Тэгэлгүй яах вэ. Зугтахдаа гэр нь бариатайгаа, мал нь тэр чигтээ үлдэж байсан гэсэн. Гэр орноо, мал сүргээ, хамаг босгосон амьдралаа, нутаг усаа орхиод эргэж харан харан, уйлан гашуудан, салж ядан явж байсан гэдэг.

Нэгэн настны ярьсан түүх санаанд бууж байна. Айлын хоёр охин байж. Эгч нь 18 настай. Дүү нь 16 орчим насных. Эгч нь дүрвэж, дүү нь нутагтаа үлдэх болж. Эгч нь хүмүүс дагаад дүрвэхээр дүү нь хормойноос нь зууралдаад явуулахгүй байсан гэнэ. Тэгэхэд хуруундаа байсан ганц бөгжөө тайлаад дүүдээ өгчээ. Тэр нь алт мөнгөөр хийсэн үнэ цэнтэй ч эд биш. Хүүхэд юм болохоор хуруунд нь бэлзэг зүүнгүүт хууртсан юм уу, яасан юм үлдэж байсан тухай ярьж байлаа.

Тэр үед төрсөн ах дүүс, эгч дүүс, аав ээж, үр хүүхэд гээд хайртай бүхнээсээ салж хагацаж байжээ. Бүр гэр орон, мал хуй, хэрэгтэй зүйлсээ ачаалж ч амжилгүй хөдөлсөн хүмүүс байдаг юм билээ. Учир нь До яамныхан хажуугийн сум, багт нь ирчихсэн түйвээж байгаа сураг дуулаад л амьд гарахын тулд өмссөн хувцастайгаа зам зуурт идэх жаахан юм аваад шууд хөдөлж байсан гэдэг. Ачиж бэлтгэж байх цаг байгаагүй гэсэн үг. Тэгээд л гэрээ, нутгаа, мал сүргээ нулимстай нүдээр эргэн харан харан, хоргодон хоргодон, салж ядан явсан гэсэн.

Зарим нь шөнө дөлөөр унтаж байхад нь л орж ирээд бариад явдагт эсвэл буудаж хөнөөдөг байж. Ийм цөвүүн цагт амьд гарахын тулд л зугтсан байж таарна. Ингэж ярихдаа хөөрхий минь хүн л юм чинь сэтгэл зүрх нь өвдөлгүй яах вэ. Нүд дүүрэн нулимстай, хоолой нь зангиран ярих тэдний туулсан зовлон гуниг харууслыг сонсоход үнэхээр хүнд байсан.

Шөнө дөлөөр нутаг орноо орхин амь гарахын тулд хүний нутагт өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй ирсэн хүмүүс байхад арай яаруу сандруугүй хөдөлсөн нь гэр бүлээрээ малаа туугаад очиж байж. Энэ мэтчилэн айл хотлоороо, ганц нэгээрээ гэр бүлээсээ хагацсан гээд хүн болгон янз бүрийн учир шалтгаантай дүрвэсэн байгаа юм.

Тухайлбал нэгэн өрхийн тэргүүн том гэгээнтэн байлаа гэхэд эхнэр нь хүүхдүүдтэйгээ нутагтаа үлдчихэж. Яагаад гэвэл аавыг нь барьж аваад буудчих учраас бушуухан хил давуулж зугтаалгасан байх жишээтэй. Хэн л амьд гарах шаардлагатай байна, тэр бүхэн нутгаа орхиод гараад явчихжээ. Харин намайг ч арай бариад явчихгүй байх гэсэн нь үлдсэн байна. Айл гэр, сум орон, хошуу захиргаа ч хуваагдсан байгаа юм.

– Монголдоо аль аймгаар нутаглаж байсан гэж ярьж байна вэ?

– Говь-Алтай, Баянхонгор аймгаас гаралтай халх монголчууд юм билээ. Өндөр настан П.Янжмаа гуай ярихдаа “Миний аав Дайчин вангийн хошууны тайж хүн байсан. Ээж минь Жамбий хошуунаас гаралтай” гэв. Мөн одоогийн Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянцагаан сумын нутаг болох Жонон вангийн хошуунаас зугтаж очсон улс ч байна.

Д.Бодьцэцэг гэдэг эмэгтэйн өвөг эцэг нь Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумаар нутаглаж байж. Аавынх нь хамгийн том ах Жонон вангийн хошууны Ламын гэгээн гэсэн. Ээж нь энэ хошууны Галсан ноёны хойчис гэж ярьсан. Түүний эмээ нь Галсан ноёны хүүхэд юм билээ. Тэрбээр “Миний аав 1932 юм уу, 1933 онд нутгаасаа гарч ирсэн юм билээ. Тэр үед аав маань ах, дүү наймуулаа байж. Мөн тэр үед миний эмээ ээжтэйгээ, эгч дүүтэйгээ гараад ирсэн байна. Ээж маань энэ нутагт ирээд мэндэлсэн” гэж хуучилсан.

– Нутгаасаа дүрвэсэн монголчууд маань шууд Жаняад ирээд суурьшчихсан хэрэг үү?

– Дээр дурдсан өндөр настан П.Янжмаа гуайн яриагаар бол 1930-аад онд тэдний ээж долоон настай байсан бөгөөд тэр үед тэдний хошууныхан ламтайгаа. ноёнтойгоо, ардтайгаа цугаараа дүрвээд Маазан гэдэг газар очиж. Тэнд хэсэг байж байтал 20-иод жилийн өмнө Өвөрмонголын Альшаа аймгаар дүрвэж гарсан түүний авга ах Цог гэдэг хүн ирээд “Алаг уул, Алтан тэвш гээд хүн амьтангүй, аюулгүй газар байна. Тэнд очиж амьдар. Энд удаан байвал тун тусгүй” гэж хэлж. Тэгээд тэнд шинээр дүрвэж очсон хүмүүс бүгдээрээ цааш нүүж одоо амьдарч байгаа нутагтаа очиж суусан юм билээ.

Тэгэхээр 1910-аад онд Монголоос түрүүлж дүрвэсэн хүмүүс Жаняа хотын дэргэдэх Алаг уул, Алтан тэвш гэдэг газрыг мал маллахад тохиромжтой, бас аюулгүй болохыг нь мэдсэн байж. Тэгээд сүүлд дүрвэж очсон хүмүүстээ хэлээд тэднийг тэнд суурьшуулсан болж таараад байгаа юм.

– Тэднийг нутгаасаа зугтсаны дараа араас нь нэхэж ирж, авч явах гэж оролддог байсан гэнэ үү?

-Улаан хувьсгал их ширүүн явсан. Биднийг маазанд ирсний дараа араас ирж буцаж оч гэж ухуулдаг байсан. Бүр Маазанд ирээд 10 жил өнгөрчхөөд байхад ч араас ирээд буцаад оч гэдэг байсан. Тэгээд очихгүй болохоор сүүлдээ нэлээн ширүүсээд, жаахан жуухан үлдсэн юмыг маань, мал сүргийг маань хураадаг байсан. Ингээд аргагүйн эрхэд л одоо амьдарч байгаа энэ Алаг ууландаа ирж суусан даа гэж ярьж байсан.

Харин Алаг ууланд ирснээс хойш араас ирэхээ байж, нэг юм сураг тасарсан гэж ярьцгааж байсан. Маазан гэдэг газар бол Ганьсугийн хойд талын үзүүр нутаг юм билээ. Тэнд дүрвэж очсон монголчууд төвлөрч байсан юм билээ.

– Одоо нутаглаж байгаа газар нь үнэхээр сайхан юм уу?

– Алаг уул, Алтан тэвш гээд ууланд мал ахуй идээшихэд тохиромжтой сайхан нутаг гэж сонгон ирсэн гэж ярьж байсан. Хамгийн сонирхолтой нь тэр хүмүүсийг 1990-ээд оны эхэн үе хүртэл хэн ч мэддэггүй байж. Хятад, Өмнөд Монголд хүртэл хэн ч мэдэхгүй. Ар Монголд бүр ч сураггүй байсан нь их сонин шүү.

– Энэ бүх цаг хугацаанд, тэр том улсын нутаг дэвсгэрт дүрвэж очсон 400 гаруй халх монголчууд саяхныг хүртэл хэнд ч мэдэгдэхгүй амьдарч байсан гэхээр үнэхээр сонин юм шүү. Тэд яаж ил болсон юм бэ?

– Хамгийн анх тэднийг олж мэдсэн хүн бол БНХАУ-ын Ганьсу мужийн төв, Ланжоу хот дахь Хятадын баруун хойдын үндэсний их сургуулийн Монгол судлалын сургуулийн багш, захирал агсан Ц.Чойдандар профессор. Тэрбээр насаараа энэ сургуульд монгол хэл, соёл заасан багш.

Нэг удаа Жаняа хотод машинтай явж байтал ууланд бөмбөгөр цагаан гэрүүд харагдсан гэж байгаа юм. “Энд юун монгол гэр бариатай байдаг билээ” гээд гайхаад очсон гэсэн. Яваад очтол монголоор барах уу халх айлууд байсан гэдэг. Одоогийн ар монголчуудын барьдаг шиг дөрөв, таван ханатай гэрүүдээ бариад суучихсан, мал ахуйгаа хариулаад өчнөөн арван жилээр төвхнөсөн байсныг олж мэдэж. 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үе юм шиг байна лээ. Ц.Чойдандар багш энэ халх монголчуудыг 20, 30 жил сурвалжилж судлаад, тэдний тухай босоо үсэг дээр ном бичээд гаргасан байгаа.

– Энэ номд их зүйл өгүүлсэн байх даа?

– Жаняа дахь халх монголчуудын тухай бүрэн судалсан ном. Би одоохондоо уншиж танилцаагүй байна. Анх 2018 онд Ц.Чойдандар профессороос энэ халхчуудын тухай сонссон. Тэр хүн Ганьсу мужид байгаа халх монголчуудын дунд манай академийн түгээдэг Монгол суу ухааныг хүргэх ажлыг өөрийнхөө санаачилгаар их эрчимтэй хийсэн хүн.

Зөвхөн Жаняа дахь халх монголчууд төдийгүй Г аньсу мужийн Баруун хойдын үндэсний их сургууль болон салбар сургууль, эрдэмтэн судлаачид, оюутнууд. магистрант, докторантууд болон тэр мужид суугаа монголчуудын дунд Монгол суу ухааныг түгээх ажлыг маш идэвхтэй хийсэн хүн л дээ. Бид энэ хүрээнд уулзаж танилцаж байв. Би тэнд очиж лекц уншиж, хичээл орж явсаар харилцаа маань өргөжсөн.

Тэгж явахдаа Ц.Чойдандар профессороос энэ хүмүүсийн тухай сонсож байлаа. Тэр халх монголчууд ч намайг зочлон ирэхийг хэд хэдэн удаа урьсан байсан. Тэдэнтэй очиж золгож. уулзъя гэж байтал Ковид гарчихав. Түүнээс хойш гурван жил Хятадад тогтоосон цар тахлын хорио 2023 оны эхээр тавигдлаа шүү дээ. Тав, зургаан сарын үед хорио цээр бүрэн цуцлагдсан. Үүний дараа долдугаар сард миний бие Жаняа хотод амьдарч байгаа халх монголчуудаа зорьж очсон.

–  Тэднийг 1990 оны эхэн үе хүртэл хэн ч мэддэггүй байсан гэлээ. Хэрхэн аж төрж ирсэн юм бол?

-Монголоосоо дүрвэж очингуутаа уулан дотор ороод суучихжээ. Алаг уул гэдэг чинь нэлээд өндөр уул. Манай Богд уултай төстэй олон амтай. Хятадууд тариалан эрхэлдэг болохоор уул руу огт ордоггүй юм байна. Ууланд ямар тариа будаа тарих биш. Тал газар тариалангаа эрхлээд явчихдаг улс. Харин манай монголчууд эндээс малтайгаа очсон болохоор ууланд амьдрахад таатай байж. Малын хамаг бэлчээр ууланд байгаа учраас тэндээ бүгчихсэн юм билээ. Тийм болохоор тэднийг хэн ч олж хардаггүй, мэддэггүй байж. Хятад улс хөгжиж дэвшээд ирэнгүүт энд тэндгүй зам харгуй тавигдаж, машин тэрэг хөлхөлдөөд, хөл хөдөлгөөн ихсээд ирэхтэй зэрэгцээд тэднийг олж мэдсэн байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд хэрхэн амьдарч ирсэн талаар нарийн ширийн зүйлээ илэн далангүй ярихыг хүсээгүй. Хүний улсын, хүний төрийн дарамт шахалт дор олон арван жил амьдарсан элэг нэгтнүүд маань шүү дээ. Одоо хүртэл оршин суугаа улсынх нь хяналт чанга хатуу байдаг. Амьдралаа бидэнд илэн далангүй дэлгэлээ гэхэд эргээд янз бүрийн асуудалд орчих эрсдэлтэй. Тийм учраас аюулгүй байдлаа бодоод хамаагүй ярьж болдоггүй байх. Миний мэдэрсэн зүйл гэвэл энэ.

Одоо ар, өмнөд Монгол гэлтгүй хүний чанар их дордчихсон. Аливаад зөв өнцгөөр хандахаас илүү буруутгах, мууг нь үзэх тийм хандлага дэлхий даяар хавтгай болчихсон. Түүнээс сэрэмжилдэг бололтой. Сэтгэлийг нь уудалбал дотоод оршихуйд нь маш том ертөнц байгаа нь ойлгомжтой. Хэрэв хүний чанар гэгээн сайн байгаад өшөө нарийн ширийнийг яривал ярих бололтой юм билээ. Тэр бүгдийгээ гаргаж өгөхгүй байна лээ.

Би өөрийнхөө хэмжээнд уудалсан. Ц.Чойдандар гуай тэдэнтэй ахан дүүс, ээж аав шиг нь болоод ээнэгшээд дасацгаасан учраас бие биедээ итгэдэг байв. Хэрэв энэ хүн өнөөдөр амьд сэрүүн байсан бол илүү олон мэдээлэл авч болохоор байжээ гэж бодсон. Ц.Чойдандар багш Өмнөд Монголын Альшаа аймгийн хүн байсан. Тэрбээр өнгөрсөн жилийн хоёрдугаар сард насан эцэслэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Пүрэвбаяр: Цахилгаан эрчим хүчээ хэмнэх биш элбэг, хүртээмжтэй байлгаснаар үйлдвэрлэл хөгжинө DNN.mn

“Эрчим хүчний хөгжлийн төлөө Монголын нийгэмлэг”-ийн захирал, судлаач Д.Пүрэвбаяртай ярилцлаа.


-Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгож зарласан. Тэгэхээр бүсчилсэн хөгжилд сүүлийн үеийн эрчим хүчний чиг хандлага ямар байна вэ?

-Улаанбаатар хотын түгжрэл, утаа, бохирдлын асуудлыг бүгд мэдэж, харж байгаа. Үүнд хөдөөнөөс нийслэл рүү чиглэсэн хүн амын шилжилт, хөдөлгөөн ихээхэн нөлөөтэй гэж үзэж байгаа. Энэ нь хөгжиж буй улс орнуудад, ялангуяа Зүүн-Өмнөд Азийн орнуудад сүүлийн хоёр арванд гарч буй нийтлэг үзэгдэл, асуудал бөгөөд дэлхий нийтийн, олон улсын байгууллагуудын анхааралд байх боллоо. Хүн амын суурьшилт сийрэг, нүүдлийн соёлтой, том газар нутагтай, далайд гарцгүй манай орны хувьд энэхүү шилжилт, хөдөлгөөнийг зогсоох шийдэл нь орон нутгаа бүсчлэн хөгжүүлэх арга зам юм. Дараагийн 100 жилийг манай төр засгаас хөдөөгөө хөгжүүлэх бодлого зорилтод чиглүүлж, хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд тухайн орон нутгийн онцлогтой нь уялдуулж, нүүдэлчин соёл уламжлалаа хадгалахад нь анхаарал хандуулах ёстой гэж үздэг.

Сүүлийн үеийн дэлхий нийтийн эрчим хүчний техник технологийн хөгжил, чиг хандлага нь манай орны газар зүй, цагуурын нөхцөл, эрчим хүчний салбарын онцлогт ихээхэн нийцэх байдалтай байгааг нь ажиглагдаж байгаа. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, цөм, устөрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх технолгийн судалгаануудад томоохон ахиц дэвшил гарч байна. Эдгээр эрчим хүчний анхдагч нөөцөөр манай орон машид баялаг тул бид улс орныхоо хэмжээнд эрчим хүчний эх үүсвэрийг тэнцвэртэй, солонгоруулж ашиглах боломж бүрдэж байна. Ялангуяа, дэлхийн тэргүүлэгч орон АНУ, түүнийг араас яваа (runner up) БНХАУ, Япон зэрэг орны эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлагад гарч буй чиг хандлага, хөгжлийн загварыг судлаж  үзэхэд Эрчим хүчний системээ ногооруулах,  нэгтгэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бусад эх үүсвэрүүдтэй хослуулан ашиглахад бүхий л нөөц бололцоо, санхүүгийн болон бусад нөөцөө зарцуулж, Засаг төрөөс нь ихээхэн дэмжлэг үзүүлэх боллоо. Үүнийг АНУ-ын жишээн дээр тайлбарлая. Газар зүйн байршил, цаг уурын давуу талаа ашигладаг АНУ-ын Техас муж бол нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг маш их ашигладаг бие даасан эрчим хүчний системтэй билээ. Гэтэл 2021 онд цас их хэмжээгээр орсноор салхин сэнсүүдэд нь асуудал, гэмтэл үүсч эрчим хүчний нь хангамж тасалдсан байдаг. Энэ асуудлын үндсийг судалж үзээд цахилгаан эрчим хүчний хангамжаа найдваржуулах, эх үүсвэрээ солонгоруулан нөхөн ажиллуулах үүднээс АНУ бараг 100 гаруй жил тусдаа оршин тогтносон эрчим хүчний дөрвөн системээ нэгтгэх  судалгаа тооцоог гаргаж, хэрэгжүүлэлтийн шатандаа ороод байгаа. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа ЭХС-ийн шинэчлэл  ба инфляцийг бууруулах хууль гэсэн маш өндөр зардалтай хоёр том хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний дөрвөн тусдаа системийг нэгтгэж сэргээгдэх эрчим хүчний бие биеэ нөхөж ажиллах бололцоог бүрдүүлэх томоохон цахилгаан дамжуулах шугамуудыг барьж байгуулж байна. Эрчим хүчний анхдагч нөөцийн хувьд болон газар зүйн бүтцийнхээ хувьд Америк, Монгол маш төстэй. АНУ-ын баруун хойд мужууд нь өндөр уулс болон гадаргын усны ихээхэн нөөцтэй бол өмнөд мужууддаа СЭХ-ний нөөцтэй. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байданы одоогийн хэрэгжүүлж буй эрчим хүчний бодлого нь манай улсын хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д суусан Монгол Улсын баруун болон хойд хэсэгт Эрдэнэбүрэнгийн болон Эгийн голын УЦС-ыг байгуулж говийн СЭХ-ний эх үүсвэрүүдтэй хослуулан үр ашигтай ажиллуулах хэвтээ тэнхлэгийн  УБ-Улиастайн 500кВын ЦДАШ болон босоо тэнхлэгийн 220кВ-ын шугамууд, ДЦС-уудаас бүрдсэн Эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлэх замаар улс орныхоо өнцөг булан бүрийг хамарсан хүртээмжтэй, үр ашигтай, бие даасан систем байгуулах хөгжлийн бодлоготой яг таг нийцэж  байгаа юм.

-Манай улсын хөгжлийн баримт бичигт энэ талаар хэрхэн тусгасан талаар тодруулж өгнө үү?

-Бид “Алсын хараа-2050”-ийг боловсруулж байх явцад есдүгээр бүлэг нь Бүсчилсэн хөгжлийн бүлэг байсан. Гол санаа нь хөтөлбөр хэрэгжих 2050 он хүртэл хугацаанд дэд бүтцийн хэвтээ болон босоо тэнхлэгүүдийг байгуулж улс орны хөгжлийг дэмжиж суурь бүтцийг бүрдүүлэх тухай байсан. Эрчим хүчний хувьд эрчим хүчний нэгдсэн систем байгуулснаар одоогийн системийг нэгтгэн хүчжүүлж, аль бүсэд эдийн засгийн аливаа үйл ажиллагааг саадгүй явуулах, хүн ам суурьшин амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болох байсан. Түүнчлэн, нүүрсний, ураны, цөмийн, сэргээгдэх  анхдагч эх үүсвэрүүдээ солонгоруулан, хамтруулан, нөхөн ажиллуулах замаар хангамжийн найдвартай, үр ашигтай системийг бүрдүүлж эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилт дэвшүүлсэн. Улмаар, анхдагч эрчим хүчний болон эцсийн бүтээгдэхүүн болох цахилгааныг экспортлогч орон болох том зорилт дэвшүүлэн батлуулсан. “Алсын хараа 2050” батлагдахад энэ томоохон зорилтын хэрэгжилтийг нарийвчлан оруулсан энэхүү бүлэг хасагдсан.

Дэд бүтэц гэж томсгон яриад байгаа нь зөвхөн цахилгаан эрчим хүч биш бусад дэд бүтэц нь ЦДАШ-ын трасстай  давхцаад байгаатай холбоотой. Улаанбаатар-Завханы Улиастайн хоорондох 500кВ-ын өндөр хүчдлийн шугам нь Монголын ЭХНС-ын гол магистрал бөгөөд. Шинэ нийслэлийг дайрч өнгөрөхөөр байгаа. Шинэ нийслэл хүртэл төмөр зам тавигдах ба тэр нь цахилгаанжсан өндөр хурдны галт тэрэг аялах зориулалттай гэж ойлгож байгаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас 2024 онд 15 мянган цахилгаан автомашин оруулж ирж ашиглая гэж шийдлээ. Тэгэхээр яг тэр зам дагуу цахилгаан хангамжийн систем байх ёстой. Энэ бүхнийг тооцож үзвэл УБ-Улиастай хооронд гарцаагүй дэд бүтцийн коридор бий болно. Ингэж ч төлөвлөсөн бөгөөд одоо энэ нь Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн гол чиглэл болно гэж хүлээж байгаа.

-Энэ хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтууд юу, юу байх вэ. Сүүлийн жилүүдэд манай улсад эрчим хүчний асуудал хурцаар тавигдаж байна. Оргил ачааллын улиралд эрчим хүч хязгаарлах хэмжээнд хүрсэн шүү дээ?

-Ерөөсөө гарц нь тодорхой байгаа. Монгол Улс өөрийн гэсэн эрчим хүчний нэгдсэн систем барих ёстой гэдгийг 2001 онд анх баталж байсан. Дараа нь 2007 онд дахин баталсан. Тийм системийг бүрдүүлж байж бид гадны хараат байдлаас гарна. Нэмээд үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлнэ гээд батлагдаад явж байсан. Сүүлд төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын баримт бичигт энэ нэгдсэн сүлжээ хөтөлбөрөө хүчингүй болгочихсон. Буцаагаад “Алсын хараа- 2050”-д суулгаж өгсөн. Одоо Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дээр бүр нарийсгаад хаана, хаана яг юу барих талаар оруулна. Эрчим хүчний систем гэдэг бол зүгээр нэг станц барих ажил биш. Олон улсын жишигт эрчим хүч бол монопол салбар байхаа больчихсон. Төр юу хийх вэ гэхээр яг төмөр замтай адилхан. Одоо урагшаа хувийн хэвшлийнхнийг төмөр замаар нүүрсээ гаргах бололцоог бүрдүүлсан. Тэрэнтэй адилхан дамжуулах чадвар сайтай эрчим хүчний томоохон шугамуудыг барих ёстой. Гол шугам нь Улаанбаатар-Хархорум, Завханы Улиастайг холбосон 500 кВын шинэ шугам юм. Цахилгаан эрчим хүчний либералчлалын онолын үүднээс авч үзвэл төр Нэгдсэн системээ барьж, хувийн хэвшил нь станцуудаа барих ёстой. Нар, салхи, усан цахилгаан станцын алиныг ч барьж болно. Тухайлбал, ОХУаас 50-100 орчим МВт ЦЭХ авахыг Дорнодын ДЦС-ын 80 МВт-аар хааж болох боловч тийм хэмжээний чадлыг дамжуулах бололцоо байхгүй байна.

Уул нь 110кВ-ын шугам байгаа боловч техникийн стандарт норм алдагдсанаас ийм нөхцөл байдал байна. Тэгэхээр 220 кВ-ын шугамаа яаралтай барих хэрэгтэй. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орчихлоо гэхэд Улаанбаатар-Улиастайн 500кВ болон бусад 220кВ-ын шугамуудаа барихгүй бол мөн ижил асуудал үүснэ. Өөөрөөр хэлбэл бид эрчим хүчний хангамжаа шийдвэрлэх гол шийдэл нь төр өөрөө Эрчим хүчний нэгдсэн систем буюу хэвтээ босоо тэнхлэгийн шугамуудаа барьж ашиглалтад оруулах ёстой. Энэ нь цахилгаан хангамжийг хүчитгэн, найдваржуулснаар хөдөөгийн хөгжлийг тэтгэх болно. Одоо бид 330 сумаа цахилгаанаар хангачихсан боловч зөвхөн тэр нь гэрэлтүүлэг, зурагт үзэх хүрээнд байгаа. Үйлдвэр, үйлчилгээ барья гэхээр хүчин чадал хүрдэггүй.

-Тэгэхээр цахилгаан станцгүйдээ биш шугамын дамжуулах чадвар нь хүрдэггүй байх нь ээ. Бүсчилсэн хөгжлийнхөө бодлогоор энэ хүрээнд юу хийх вэ?

-Сая хэлж байгаа бүсчилсэн хөгжлийнхөө бодлогоор байгаа хэвтээ, босоо тэнхлэгийн шугам сүлжээгээ байгуулснаар Монголын эрчим хүчний системийн дамжуулах чадвар сайжирч, хүчирхэгжинэ. Үйлдвэр үйлчилгээ хөгжүүлэх, уул уурхай ашиглах бололцоог нь бүрдүүлэх дэд бүтцийн хангамжийг  нийцлийн судалгаагаар тооцоолон бодлогод суулгаж өгч байгаа юм.

-Систем нь гаднын импортгүй ер нь яаж ажиллах ёстой юм бэ?

-Эрчим хүчний нэгдсэн систем гэхээр эх үүсвэр, шугам сүлжээ, хэрэглэгчид нийцсэн байдлаар оролцож байж бие даан, найдвартай ажиллана гэж ойлгох хэрэгтэй. Системийн суурь ачааллыг одоогийн станцууд, Тавантолгой, Тавдугаар цахилгаан станцууд хангаж, УЦС-ууд маневрлах чадварыг хангаж, орчин үеийн системийн автоматикууд хяналт удирдлагыг зохицуулж, томоохон үйлдвэрийн газрууд ачаалалд оролцож, тоолуурын найдвартай, зөв систем тэдгээрийн чадлын урсгалыг бүртгэж, мэдлэг чадвартай шуурхай ажиллагааны болон бусад инженерүүд оролцсоноор жинхэнэ утгаараа систем болж ажиллана. Нар салхи бол суурь ачаалалд байнга оролцдоггүй шүү. Бид нэгдсэн системээ бүрдүүлэхийн тулд Тавантолгой ДЦС, Эгийн голын УЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Тэлмэний ДЦС-ыг барьж ашиглалтад оруулах хэрэгтэй.

-Эрчим хүчний салбарын хөгжил ярихаар үнэ чөлөөлөх асуудал байнга хөндөгддөг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Харин ч үнийг нь бууруулах ёстой. Дэлхий дээр эрчим хүчээ либералчлаагүй үлдсэн хоёр улс үлдсэний нэг нь манайх байх. Нөгөө нь Хойд Солонгос байж таарна. Африкийн болон бусад буурай орнуудад хувийн систем ажиллаж байгаа. Төр яаралтай ложистикийн системийг буюу ЭХНС-ийг бүрдүүлж өгснөөр өрсөлдөөнийг үүсгэх боломж бүрдэх ба хөрөнгө оруулагчид үнээрээ өрсөлдөөд орж ирэх боломжтой. Түүнийг онцгойлж төрөөс дэмжих шаардлага байхгүй. Ард түмэн аль болох хямд цахилгаан хэрэглэх ёстой.

Тэгэхээр төр эрчим хүчний нэгдсэн системээ байгуулаад хуулиар либералчилж өрсөлдөөнийг үүсгэх юм бол үнэ унана. Дээрээс нь энэ салбарт хөрөнгө оруулалт орохгүй байна гэдэг. Уг нь гэрээ хийгддэг боловч тэр нь бусад бүтээн байгуулалтаа чөдөрлөчихдөг. Жишээлбэл, Багануурт 700 МВтыг,  “ТЭЦ-5” 350 МВт-ыг барина гэхээр 1000 МВт болчихож байгаа биз. Тэгэнгүүт “1000 мвт станц баригдах юм байна. Бусад станцуудад зөвшөөрөл өгөхгүй шүү” гээд шийдвэр гарчихдаг. Гэтэл нөгөө хоёр нь баригдахгүй байхаар юу ямар ч бүтээн байгуулалт нэмэгдэхгүй. Ийм байдлаар чөтгөрийн тойрогт оруулаад байдаг. Иймд энэ салбарт онцгой гэрээ байгуулах хэрэггүй. Эрдэнэбүрэнгийн УЦС дээр сайн гэрээ байгуулаад Оюу толгой руу эрчим хүч нийлүүлж болно шүү дээ. Үүн дээр Засаг оролцоод байх хэрэггүй. Олон улсын жишиг ингэж л явж байгаа. Одоо дэлхий нийтээр сүлжээний ухаалаг байдлыг тоолуурын тоогоор хэмждэг болсон. Манайд ийм ухаалаг тоолуурын систем Багануур зүүн өмнөд бүс, Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээнд Дэлхийн банкны төслөөр хэрэгжиж байгаа. Гэтэл ашгийг нь гаргаж чадахааргүй харагддаг. Учир нь “Та залгуураа салгаарай” гэж хэлэх биш. Харин “Та угаалгын машинаа тэдэн цагт ажиллуулах юм бол цахилгааны үнэ ингэж хямдарна. Эрчим хүч, эдийн засгаа ингэж хэмнэнэ” гээд гар утасны операторууд шиг санал болгох ёстой. Өнөөдөр 21 дүгээр зуун гарчихаад байхад тогоо тасал, гэрлээ унтраа гээд байж болохгүй. Энэ болгоны шийдлийг бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгаж байгаа. 40, 50 жилийн дараа гэхэд эрчим хүчний салбар либералчлагдан жам ёсныхоо горимд орж, түгээх сүлжээнүүд ухаалаг сүлжээнүүд нь болж, Монгол Улс экспортлогч орон болно. Дотоодын сүлжээндээ үнэ хямд эрчим хүчээр хангана гэдэгт итгэлтэй байгаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Зэгиймаа: Монгол шиг цөөхөн хүн амтай улсын хувьд иргэдийн мэдлэг боловсрол оршин тогтнож, хөгжин дэвших цорын ганц арга зам DNN.mn

МУЭИС-ийн захирал, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор Ч.Зэгиймаатай ярилцлаа.


-Боловсролын багц хууль энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Тэгвэл багц хууль доторх Дээд боловсролын хууль нь Монгол Улсын хөгжлийн эсрэг болсон хэмээн эрдэмтэн судлаачид үзэж байна. Харин та ямар байр суурьтай байна вэ. Дээд боловсролыг дэмжсэн хууль болж чадсан уу?

-Энэ оноос эхлэн мөрдөх хуулиудын дотор Дээд боловсролын тухай хууль бий. Тус хууль нь нийгмийн хөгжилд их чухал үүрэгтэй гэж ойлгож байна. Үнэхээр дээд боловсрол бол хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх арга зам, гарцыг тодорхойлдог чухал салбар юм. Аливаа улсын хөгжлийн түвшин дээд боловсролын хөгжлөөр хэмжигдэж, тэр нь нийгмийг чиглүүлэгч, хөдөлгөгч гол хүч болсон. Ялангуяа их сургуулиуд нь шинэ мэдлэгийг бий болгож, түүнийг дамжуулан, шинжлэх ухааны эргэлтэд оруулах замаар хүний амьдралын чанарыг дээшлүүлж, улс орны хөгжлийн болон аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болж байна. Иймээс л энэ хууль бол их чухал болох нь ойлгомжтой юм.

-Энэ нь хуульд хэрхэн тусгагдсан хэрхэн тусгагдсан гэж та үзэж байна вэ??

-Ер нь аливаа хуулийг хийхдээ эхлээд урьд өмнө байсан хууль тогтоомжийг сайн судалж, юуг, яаж өөрчлөх шаардлагатайг тогтоох ёстой. Дараа нь дэлхийн хөгжлийн чиг хандлагыг сайтар судлах, өөрийн орны онцлог, өвөрмөц байдлыг харгалзан шинжлэх ухаанчаар гаргах шаардлагатай. Харамсалтай нь энэ хууль эдгээр нөхцөлийг төдийлэн харгалзаагүй гэж үзэж болохоор байна.

-Урьд байсан хуулиас дордуулсан байна гэж зарим судлаачид үзэж байгаа юм билээ?

-Сүүлийн жилүүдэд гаргаж байгаа хууль, тогтоол, шийдвэрүүд нь залгамж холбоогүй, урьд өмнө боловсруулагдсан зүйлээс сайн ололттой талыг олж харахгүйгээр огцом өөрчлөхдөө ихээхэн алдаа мадаг гаргаж байгааг энэхүү хуулиас ч харж болно. Тухайлбал, дээд боловсролын байгууллагыг их сургууль, дээд сургууль, коллеж гэж ангилаад их сургуулиа “Эрдэм шинжилгээ-сургалтын байгууллага” гэж тодорхойлж байсан. Гэтэл энэ хуульд коллежоор эхэлж, их сургуулийг сургалтын байгууллага гэж тодорхойлсон нь их сургуулийн шинжлэх ухааны статусыг бууруулсан том ухралт гэж үзэж болно.

Өнөөдөр их сургуулийн үүрэг асар өндөр болж байгаа. Ялангуяа судалгааны их сургууль, түүний олон төрөл ангилал бий болж, улс орон төдийгүй дэлхий нийтийг хамарсан глобал асуудлыг шийдвэрлэх ганц институт нь судалгааны их сургуулиуд болж байна. Иймээс олон улсын байгууллагууд, хөгжингүй улс орнууд дэлхийн ганц зах зээлд дээр өрсөлдөх дэлхийн түвшний их сургуулиудыг бүхий л талаар нь дэмжин ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, их сургуулиуд маш олон төрөл хэлбэртэй болж байна. Монгол Улс ч гэсэн дэлхийн жишгээр зөвхөн магистр, докторын сургалтыг дагнан эрхлэх сургуулийг байгуулсан нь дээд боловсролын салбарын ололт болох талтай. Ингэж төрөлжүүлсэн нь эрдэмтэн судлаачдыг бэлтгэхэд төвлөрөн ажиллах, туршлага хуримтлуулах боломжийг нээж байгаа юм. Цаашид ч дээд боловсролын байгууллагуудыг олон төрөл болгож, түүний онцлогт нийцсэн уян хатан бодлого явуулах нь улс орны хөгжилд тустай.

-Тэгвэл энэхүү Судалгааны их сургуулийн тухай хэрхэн хуульчилсан юм бол?

-Уг нь УИХ-д “ Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай”, “Дээд боловсролын тухай” гэсэн хуулиуд тус тусдаа өргөн баригдсан. Гэтэл тэнд нэг салгаад, нэг нийлүүлээд бөөн юм болж байгаад нэгтгэсэн. Миний хувьд нэг байна уу, тусдаа байна уу үнэндээ сонин биш. Хамгийн гол нь үзэл баримтлалыг тусгах нь чухал байсан. Гэтэл “ Дээд боловсролын хуульд судалгааны их сургуулийн тухай орсон хоёр гуравхан заалт нь ойлгоход бэрх. Тухайлбал “ Судалгааны их сургуулийг Засгийн газраас өргөн мэдүүлснээр УИХ хуулиар батална” гэж заасан байна. Үүнийг хэн ойлгох юм. Ийм хариуцлагагүй зүйл энэ хуульд их орсон байх жишээтэй.

-Дээд боловсролын байгууллагыг хэтэрхий олон байгаа, чанар муутай, цөөрүүлэх хэрэгтэй гэж их ярьцгаах юм байна шүү дээ?

-Аливаа улсын суралцах насны иргэдийн 15 хүртэлх хувь нь суралцаж байвал “элит”, 50 хүртэлх хувь нь суралцаж байвал массын, 50 дээш хувь нь суралцвал “бүх нийтийн” гэж дээд боловсролыг тодорхойлж байна. Дэлхийн чиг хандлага бүх нийтийнх болох тал руу явж байна. Нийгэм асар хурдацтай өөрчлөгдөж, шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжил нь хүнийг байнга суралцах, олон төрлийн мэргэжил мэдлэгтэй байж, насан туршдаа суралцахыг шаардаж байгаа. Ийм цаг үед Монгол шиг цөөхөн хүн амтай улсын хувьд иргэдийн мэдлэг боловсрол нь л энэ улсын оршин тогтнож, хөгжин дэвших цорын ганц арга зам гэдгийг бид мартах учиргүй юм.

Тоог цөөрүүлэх бол зорилго биш ээ. Үүнийг зах зээл өөрөө зохицуулаад л ирсэн. 1990-ээд оны эхээр 200 хүрч байсан сургуулиудын тоо өнөөдөр 61 болтлоо буурсан нь үүний нэг жишээ. Энэ 61 сургуулийн тал гаруй хувь нь мэргэжилтэн бэлтгэдэг коллежууд. Эдгээр зорилго, чиг үүрэг нь өөр өөр байгууллагуудын онцлогт тохирсон бодлогыг явуулах нь чухал болохоос бүгдийг нь зэрэгцүүлээд нэгэн шалгуураар эрэмбэлэн чансаа тогтоох гэж болохгүй л байхгүй юу. Суралцагчдын дийлэнх нь төрийн сургуулиудад байгаа. Ер нь боловсролд чөлөөтэй өрсөлдөх тэгш боломжийг олгож байж л чанарын өөрчлөлт гарна. Дээд боловсролын салбар төрийн болон хувийн хэвшлийн сургуулийг ялгаварлан гадуурхах хандлага маш хүчтэй байгааг нэн яаралтай засан залруулах хэрэгтэй.

-Тэгвэл дээд боловсролыг яаж чанартай болгох бэ?

-Юуны өмнө, дээд боловсролын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ салбараас Монгол Улсын хөгжил шалтгаална гэж бид олонтоо давтаж байгаа нь учиртай юм шүү. Метро барих, авлигыг арилгах, ядуурлыг бууруулах, хөрөнгө оруулалт татна гээд л олон асуудал яригдаж байна. Үүнийг хэн зөв оновчтой тодорхойлох вэ. Мэдээж мэдлэг боловсролтой мэргэжилтний баг л хэрэгтэй. Ийм чадвартай мэргэжилтнийг л бэлтгэхийн тулд дээд боловсролыг сэргээх, бэлтгэгдсэн боловсон хүчнийг санал сонсох төдийхнөөр биш, бүрэн дүүрэн ашиглах тал дээр онцгой анхаарах цаг хэдийнээ болсон шүү.

Дээд боловсролын байгууллагыг хөгжүүлье л гэвэл эрдмийн эрх чөлөөг нь л хангах ёстой. Өөрөөр хэлбэл, засаг төр, яам зэрэг байгууллагууд үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцох, саад төвөг болохыг хатуу хориглох шаардлагатай.

Харамсалтай нь Дээд боловсролын хуулийг гаргахдаа хамт батлах ёстой байсан дүрэм журам гараагүйгээс тодорхойгүй байдал үүсч, захиргааны актуудыг дураараа хүчингүй болгож, сургалтын үйл ажиллагааг тасалдуулж, Монголын боловсролын нэр хүндийг гадаадад унагаах үйлдлийг Дээд боловсролын бодлого, зохицуулалтын газраас хийж байгаа нь ихээхэн хорлонтой байна. Үндсэн хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль зэрэг хууль тогтоомжид нийцүүлж ажиллахгүй байгааг ЗГХЭГ, Хууль зүйн яам анхааралтай авах биз ээ.

-Гадаадад нэр хүнд унах талаар та хэллээ. Яагаад?

-Монгол Улс НҮБ-ын гишүүн орон. Олон улсын элсэн орсон Конвецийг даган мөрдөх үүрэгтэй. Мөн Үндсэн хуультай ардчилсан, хүмүүнлэг нийгмийг байгуулж, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэж байгаа улс. Дэлхийн хэмжээнд өрсөлдөх амбиц бас байна. Бид боловсролыг экспортын талаар огт ярихгүй, ойлгохгүй байгаа нь том хоцрогдол юм. Өндөр хөгжсөн улсуудын эдийн засагт боловсролын экспорт ихээхэн том байр суурийг эзэлдэг. Гадаадын иргэдийг татан суралцуулахын төлөө дэлхийд том өрсөлдөөн болж байна. Бид зөвхөн материаллаг зүйлийг л харж, нүүрсний экспортыг л чухалчилсаар. Гэтэл дээд боловсролын экспортод анхаарвал асар их хөрөнгийг бүтээж чадна, босгож чадна. Дэлхийд ч Монголын боловсролын өрсөлдөх чадвар дээшилнэ. Улмаар Монгол Улсын өрсөлдөх чадвар дагаад л өсөх юм.

Дэлхийд өрсөлдөх, үндэсний боловсрол гадаадад тоогдохын тулд бид орчин үеийн салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх, ялангуяа их сургуулийн шинжлэх ухааныг дэмжих шаардлагатай. Монголын шинжлэх ухаан, их сургуулийг хөгжилд саадтай дэлхийд байхгүй гажиг бүтцийг засан залруулахгүй бол шинжлэх ухаан ч хөгжихгүй, их сургууль ч хөгжихгүй нь ээ. Шаталсан сургалт, шинжлэх ухаанаа ч ялгахгүй сонин яамтай болчихоод байна шүү.

Өнөөдөр Монголын ямар сургууль ямар замаар, хэрхэн яаж дэлхийд өрсөлдөх вэ. Бодлого байна уу. Үгүй гэж би хэлнэ. Урт хугацааны хөгжлийн бодлогод том том зорилго бичсэн ч хэрэгжүүлэх арга зам нь тодорхой биш, хуулбарласан, тунхагласан шинжтэй, түүнийгээ ч ойлгохгүй янзтай л байна шүү дээ, бид.

Өөр хоорондоо л , төр, хувийнхаар л дов жалга дээрээ “өрсөлдөхөөс” өөрцгүй л байна. Бие биетэйгээ “байлдаж”, бусдыг дуурайх гэсээр хөгжлөөс хоцорч уруудан доройтож байна. Одоо зогсох хэрэгтэй. Монгол “тархи”- ийг эрхэмлэн хүндэтгэж, ямар нэгэн “ лугаа” хөгжих биш, өөрийн замаар хөгжмөөр байна.